Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Энхтуяа:Сонины ТҮЦ битгий ач, Нямбаатар аа!

Өнгөрсөн долоо хоногоос нийтийн эзэмшлийн гудамж талбайг чөлөөлөхөөр явган хүний зам дээр байршуулсан ТҮЦ-нүүдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн. Ингэхдээ Улаанбаатарт сонин, сэтгүүл борлуулдаг есөн ТҮЦ-ний зургааг нь ачаад явсан аж. Үүнд өдөр бүр сонин авч уншдаг уншигчид болон сонин эрхлэн гаргадаг редакциуд, сонины ТҮЦ-ний худалдагч нар гомдолтой байгаа нь маргаангүй. Сонины худалдагчдын төлөөлөл болсон 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын дэргэдэх ТҮЦ-ний худалдагч Н.Энхтуяатай ярилцлаа. Түүний хувьд яг энд 19 дэх жилдээ сонин зарж байгаа учраас эндхийнхэн “Сонингийн” Н.Энхтуяа гэдэг аж. Тэрээр ТҮЦ-ээ ачуулсан ч аргагүйн эрхэнд дэлгүүрийн лангуун дээр сониноо тавиад сууж байна хэмээн ярьсан юм.


-Та энд олон жил сонин зарсан учраас эндхийнхэн андахгүй биз. Харамсалтай нь сонины ТҮЦ-ийг ачаад явжээ?

-Би яг эндээ сонин зараад 19 жил болж байна. 25-ын зам гурав сунахад би байж л байсан. Дэлгэдэг төмөр ТҮЦ-тэй болохоор хөлөөр нь нааш цааш болгоод тавьчихдаг байлаа. Нэг газраа дасна гэдэг чинь сайхан байдаг юм. Тэр дундаа хүмүүст номын буян тараана гэдэг чинь их сайхан. Хоёр суга таягтай сониноо зарж эхэлсэн, хоёр хөл дээрээ явдаг болтлоо л зарж байна. Гэсэн ч өнгөрсөн шөнө (2025.4.11) ТҮЦ-ийг маань аччихлаа. Энэ чинь миний хоёр дахь гэр юм шүү дээ. Хэвлэл мэдээлэл ямар ч нийгэмд, ямар ч цаг үед байнга байх ёстой гэж боддог. Дайн байлдаантай байхад сэтгүүлч, сурвалжлагч нар явж л байдаг. Яагаад гэвэл үүнийг олон түмэн мэдэх ёстой, түүнийг түгээх ёстой учраас тэр. Манай улсад одоо цөөн хэдэн сонин л гарч байгаа шүү дээ. Миний хувьд энэ хэдийгээ устгачихгүй юмсан, иргэд маань хаана юу болж байгааг мэдээд авчихаасай гээд эндээ 19 жил тууштай сууж байна. Шөнө ирээд ТҮЦ-ийг маань ачаад явахад нь хэдэн сониноо үүрээд үлдэхэд дэлгүүрийн маань хэд тосож аваад, одоо лангууных нь булан тохой, цонхны тавиур дээр сониноо тавиад сууж байна даа.

-Өмнө нь ачна гэж мэдэгдсэн юм уу?

-Хоёр хоног мэдэгдсэн. Ноднин ачна гэхээр нь хэвлэл мэдээлэл байх ёстой гэсэн чинь хорооныхон намайг буцаагаад ТҮЦ-ээ тавь гэсэн. Сониныг хөгшчүүл маш их авдаг, захиалдаг хүмүүс ч их бий. Би гэхэд одоо арван хэдэн захиалгатай байна. Энэ хэдэн хөгшчүүлдээ чадахаасаа эхлээд чадахгүй хүртлээ үйлчилгээ үзүүлж ирлээ. Энэ чинь нэг ёсондоо харилцаа гэсэн үг. Хэдий би тэтгэвэртээ гарсан ч амьд харилцаатай байхыг хүсч байна. Би гэртээ суухыг хүсэхгүй байна. Яагаад гэвэл би сониндоо хайртай. Миний зардаг юм гэвэл сонин, сэтгүүл, хүүхдийн хэдэн ном, нийтийн тээврийн карт цэнэглэдэг юм.

-Өдөр тутмын сонин бол архив, түүхэн үйл явдлын гэрч, баримт болдог. Гэтэл сонин зардаг хэдхэн ТҮЦ-ийг ачна гэдэг бол иргэдийг битгий унш, мэд гэсэн үг шүү дээ?

-Тэгэлгүй яах вэ. Сонин зарахыг нь хязгаарлаж байна гэдэг бол битгий унш, битгий мэд, харанхуй бүдүүлэг бол гэж байгаатай ялгаагүй. Цахим орчинд маш их мэдээ мэдээлэл гардаг ч хэзээ хойно хайхад алга болоод, устчихдаг. Харин тэр өдөр, тэдний дугаар дээр ийм ярилцлага гарч байж, ийм шийдвэр тогтоол гарч байсан гэдгийг баримт болгон хадгалдаг зүйл бол сонин хэвлэл. Улс үндэстний тусгаар тогтнолын баталгаа, соён гэгээрэл гээд гол зүйл нь сонин хэвлэл гэж би боддог. Хэвлэлийнхээ амыг барина гэдэг бол улс мөхөж байгаатай адил юм шүү дээ.

Худлаа мэдээлэл явууллаа гэж дарга нар өөрсдөө ярих дуртай болчихоод байна. Гэсэн ч тэр худлаа мэдээлэл хаагуур явж байна гэхээр фэйсбүүкээр л явж байгаа. Баттай, баримттай зүйлүүд л сонинд нийтлэгддэг. Хуучин ямар олон сонин хэвлэл, сэтгүүл байсан гэж санана. Энэ бүхнийг туулаад, үүрээд, зараад, ажилгүй хүнд ажлын зарын сонинг нь өгөх гээд явж байсан болохоор би сониндоо хайртай байдаг юм.

-Сонин авдаг хүмүүс тань руу холбогдож байна уу?

-ТҮЦ-ийг маань ачаад явсан чинь өнөөдөржингөө л утас дуугарч, хүмүүс ярилаа. Тэр хүмүүст “Арын дэлгүүртээ сониноо үүрээд ороод ирлээ. Хүний лангууны үзүүр дээр зогсож байна” л гэж хэлсэн. Шөнө ирээд ачиж явсан хүмүүс нь “Х.Нямбаатар даргын шийдвэр. Дарга нэг ч ТҮЦ үлдээж болохгүй гэсэн” гэж хэлээд ачсан. Манай хорооныхон бол таныг үлдээчихмээр л байна гэсэн. Дарга нь ийм шийдвэр гаргачихаар яаж ч чаддаггүй юм шиг байна лээ.

-Өмнө нь төр засаг хэмнэлтийн хууль нэрээр сонин хэвлэлийн амыг барьсан. Одоо заруулахаа болино гэвэл юу болох бол?

-Хүн бүхэн интернэт ороод, мэдээлэл авч чадахгүй. Сониныг чинь уншдаг, хардаг хүн байгаа учраас өдийг хүртэл яваад ирсэн юм. Би энэ олон жил сонин зарахдаа хориотой бараа, муудсан хүнс зараагүй. Би хүмүүст оюуны хөрөнгө оруулалт хийж, соёлын бараа зардаг. Хороо, дүүрэг нь ч мэднэ. Одоо би ТҮЦ-ээ тавиулахыг л хүсч байна. Хүний лангуун дээр хэзээ гэж, хэдэн сар тэсэх вий дээ. Хамгийн гол нь улирлын захиалга дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлчихдэг. Долдугаар сар хүртэл зөндөө олон хүний захиалга авсан учраас энд ингээд зогсохоос өөр ямар ч арга алга. Улаанбаатарын хэмжээнд хааж, хөөж янз бүр болсоор есхөн ТҮЦ үлдсэний зургааг нь аччихлаа. Үлдсэн гурван ТҮЦ-ний нэгнийх нь худалдагч хөөрхий хөгжлийн бэрхшээлтэй хүн байдаг юм, нөгөө нь 38 жил тэндээ зогсож байгаа юм. Ер нь энэ ажлыг хийж байгаа хүмүүс ашиг харахаасаа илүү хэвлэл мэдээлэлд хайртай, энэ ажилдаа дуртай болохоор л үлддэг юм. Орчин нь хүртэл эрүүл мэндэд хэрэгтэй байдаг. Бид чинь сонин уншдаг хэдэн хөгшчүүл, сонинд хайртай хүмүүсийнхээ төлөө л гээд зогсож байдаг юм шүү дээ. Би онцгойлон хэлмээр байна. Х.Нямбаатар аа, сонины ТҮЦ битгий ачаад бай. Эргүүлээд тавьж өгөөч ээ. Энэ чинь хүний мэдэх, унших эрхийг шууд хааж байна гэсэн үг. Х.Нямбаатар бидэнд ажлын байр гаргаж өгөх юм гэсэн. Ямар ажлын байр, хэзээ, хаана гаргаж өгөх юм бүү мэд. Эсвэл автобусны буудал дээрээ жижиг шилэн ТҮЦ барьчих л даа. Дуртайяа ороод зогсоно. Харин өндөр түрээсний юманд байж чадахгүй. Сонин зараад хэдэн төгрөг олдог билээ. Ер нь мэдээ мэдээллийг хүнд түгээхгүй, харанхуй бүдүүлэг болгоод үнэн юмаа нуучихвал, хулгай хийхэд амархан байх юм байлгүй л гэж ойлгоод байна.

Ийнхүү биднийг ярилцаж байх зуур хэд хэдэн хүн сонин өрсөн дэлгүүрийн лангуун дээр ирж, зарим нь сонин авч, автобусны картаа цэнэглүүлж байлаа. Тэдгээр хүмүүс “Яагаад таны ТҮЦ-ийг ачаад явчихав, юу болов” гэсээр халаглаж байв. Тэрээр нүдэндээ нулимс цийлгэнүүлсээр, учирлаж байсан юм.

Г.БАЛГАРМАА

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр үзэлцдэг бол У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр үгүй юм байна

Монголын улс төрийн тогтолцоо, эрх мэдлийн хуваарилалт нь тодорхой бус байдаг. Институциүд нь бараг ижилхэн эрхтэй, үүрэгтэй. Ерөнхийлөгч, Их хурлын дарга, Ерөнхий сайд гурав нь тойроод хэн хэнийхээ ажлыг хийгээд байх боломжтой. Зарчим нь 90-ээд онд Үндсэн хуулийг анх хийхдээ хэн нэгнийг илүү эрх мэдэлтэй үлдээгээгүй гэдэг. Хэрэв хэн нэгнийг эрх мэдлийн босс болговол тогтолцооны хямрал руу гулгах байсныг Б.Чимид гуай амьд ахуйдаа хэлж тайлбарлаад үлдээсэн нь бий. Чухам үүнээс болоод өнгөрсөн он жилүүдэд Ерөнхийлөгч, Их хурлын дарга, Ерөнхий сайд гэсэн төрийн өндөр албан тушаалтнууд, ялангуяа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр нь хоорондоо үзэлцсээр ирсэн. Ер нь л энэ хоёр албан тушаалтан эвтэй найртай байсан түүх Монголын улс төрд үгүй. Ерөнхийлөгч Н.Баганбанди-Ерөнхий сайд Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгч Н.Энхбаяр-Ерөнхий сайд Ц.Элбэгдорж, С.Баяр, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж-Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ерөнхийлөгч Х.Баттулга-Ерөнхий сайд У.Хүрэлсүх гээд эвээсээ эвдрэлцэл нь их. Тус бүрдээ хоорондоо үзэлцэж байсан түүхтэй. Тэр нь Н.Багабанди-Н.Энхбаяр, Н.Энхбаяр-Ц.Элбэгдорж, Ц.Элбэгдорж-Н.Алтанхуяг, Х.Баттулга-Ц.Элбэгдорж гээд одоо ч үргэлжилсээр байгаа. Тэдний эв түнжингүй байдал тогтолцооны хямрал гэж хэлэхэд хэцүү ч тухайн үеийнхээ улс төрийг их бага хэмжээгээр хямраасан л байдаг.

Өнөөдөр Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын албыг хашиж буй У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёрыг ч эв түнжин муутай байгаа гэх бор шувуу их удаан яригдсан. Тэр цуурхал бололтой. Тэд нэг байгаа юм байна гэж үзэх зарим нэг үндэслэл сүүлийн үед ажиглагдав.

Тухайлбал, хэдхэн хоногийн зайтай болсон хоёр томилгооноос тод томруун харагдлаа.

Д.Дашдавааг АТГ-ын даргаар улируулах саналыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гаргав.

Тэрбээр “Тэргүүн комиссор З.Дашдаваа АТГ-ын даргаар ажиллах хугацаанд авлигатай холбоотой асуудлууд, олон нийтийн анхаарлын төвд орж, олон улсад мөнгө угаалт, хууль бус хөрөнгийг буцаан татах зэрэг ажлууд нь үр дүнд хүрч, ФАТФ-ын саарал жагсаалтаас гарахад чухал нөлөө үзүүлснийг үндэслэн Ерөнхий сайдын хувьд улираан томилуулах нь зүйтэй хэмээн үзэж УИХ-д танилцуулж байна гэсэн. УИХ томилов. АТГ-ын даргыг өмнө нь Ерөнхийлөгч санал болгож УИХ томилдог байсан. Тэр ёсоор Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа 2019 онд томилж байлаа. 2020 онд хууль өөрчлөгдсөнөөр Ерөнхий сайд санал болгодог болсон. Гэлээ ч энэ томилгоо Ерөнхийлөгчийн албан бус саналгүйгээр явах боломжгүй.

Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг бас улируулав. Саналыг хуу-лиараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаргасан. ЕТГ-ын дарга Г.Занданшатар “Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томилох асуудлыг УИХ-тай зөвшилцөхөөр танилцуулсан. Прокурорын үйл ажиллагааны тайланг жил болгон УИХ хэлэлцдэг. Прокурорын тухай хуулийн 2 дугаар зүйлд заасан төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах заалтын хэрэгжилт нэмэгдсэн. Төрийн нэрийн өмнөөс 50 гаруй нэхэмжлэл гаргадаг байсан бол 1736 нэхэмжлэл гаргасан. 16.8 их наядын хохирол барагдуулахаар шүүхэд танилцуулж, жилд 40-50 авлигын хэрэг шилждэг байсан бол 309 авлигын хэрэг шилжүүлж, 14.8 их наяд төгрөгийн хохирлыг барагдуулсан байна. Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг Ерөнхийлөгч сайн ажилласан гэж дүгнэсэн гэв. Мөн л энэ томилгоонд Ерөнхий сайдын албан бус санал заавал нөлөөлнө. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр албан бусаар зөвлөлдөж санаа нийлж байж энэ санал гарах магадлал өндөр.

Хэрвээ Б.Жаргалсайханыг Ерөнхий прокуророор улируулах дээр Л.Оюун-Эрдэнэ өөр байр суурьтай байсан бол намын даргын хувьд тээг тавих боломжтой юм. Намын бүлгийн хурал нь АТГ-ын дарга, Ерөнхий прокурор хоёрыг саадгүй улируулсан нь эдгээр томилгоон дээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, нэмээд нам гурвын байр суурь нэгтэй байсныг харуулж байгаа юм.

Тэрчлэн Үндсэн хуульд 2019, 2023 оны өөрчлөлтүүд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын зааг ялгааг тодорхой түвшинд гаргаж өгсөн. Гэхдээ энэ нь 1992 оны хэн ч босс биш байх зарчмыг бүрэн өөрчлөөгүй. Гэлээ ч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр үзэлцдэг байлаа ч У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр 20 гаруй жилийн өмнөөс улс төрд хамтдаа явж ирсэн үе өөр ч нам нэгтэй Хэнтийн хоёр улстөрч. Үүнээс илүүтэйгээр тэд ах дүүсийн харилцаатай. Ерөнхийдөө барагтай асуудлаар хөлөө жийлцэхгүй байх томоохон шалтгаантай, холбоотой улс.

Л.Оюун-Эрдэнэ саяхны ярилцлагадаа У.Хүрэлсүхийн талаар Ерөнхийлөгчийн тухай гэхээсээ ахынхаа талаар ярьсан нь үүний нотолгоо. Тэрбээр “Сүүлийн 30 жилд Монголын төрд үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдээс хувь хүмүүсийнхээ дунд бидэн шиг ойр байж ирсэн хүмүүс гэвэл үнэндээ байхгүй байх. Мэдээж хуулиар хүлээсэн чиг үүрэг тусдаа байх нь ардчилсан улсын эрх мэдлийн салангид байдал. Үүнд хүндэтгэлтэй хандах л асуудал. Бидний хэн хэн нь албан тушаал бол цаг хугацаатай, харин анд нөхөрлөл амьдралын туршид үргэлжлэх мөн чанартайг мэднэ. Хожмын өдөр нэг нь нөгөөгөө орчлонгийн их хүрдэнд гаргаж өгдөг хүмүүний заяаг бүгд л туулна. Ер нь бид гурвын хэн нь ч нэгнийхээ дурсамжийн номд нөгөөгийнхөө тухай бичих улсууд шүү дээ. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тухай бичих хүн яах аргагүй би. Түүний талаар олон зүйлийг ярина. Цаг нь болохоор бичих ч зүйл их бий гэсэн.

Харин У.Хүрэлсүх нь Л.Оюун-Эрдэнийнхээ талаар нэг их яриад байдаггүй. Гэлээ ч анх улс төрд хөтөлж оруулсан. Ерөнхий сайдаас буухдаа орондоо томилуулсан. У.Хүрэлсүхтэй ойр дөт улстөрчид одоог хүртэл Л.Оюун-Эрдэнийн танхимд байна. Эдгээр л ямар ч үг хэлснээс илүү ойлгогдохуйц үйлдэл юм. Тэгэхлээр өмнө нь, цаашдаа Ерөнхийлөгч Ерөнхий сайд нар үзэлцдэг байсан, байх ёстой ч У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр бол үгүй юм байна.

Ө.БиЛЭг

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Н.Дашзэвэг: Монголд мөнгө хүүлэлтийн эдийн засаг л явагдаж байна

Монгол Улсын гавьяат эдийн засагч, доктор, профессор Н.Дашзэвэгтэй ярилцлаа.


-Монголд түүхий эдийн үнэ унах, нүүрсний эрэлт буурах, инфляци тооцоолсноос илүү нэмэгдсэнээр мөнгөний хатуу бодлого баримталж эхлэх эрсдэлүүд байна гэж Азийн хөгжлийн банк (АХБ) тайлангаа танилцуулахдаа мэдээлсэн. Улсын эдийн засаг одоо ч сайнгүй, эгэл иргэдийн амьдрал хүндхэн байна. Хүндрэлээс гарах ямар гарц байгаа талаар ярилцъя?

-Манай эдийн засгийн бодлого буруу, байхгүй бодлогоор яваад байгаа юм. ЭЗХЯ эдийн засгийнхаа хөгжлийн зорилгыг ерөөсөө томьёолж чадахгүй байна. Хөгжил гэж юу вэ гэхээр гол нь ард түмний амьжиргааны түвшин өсөх. Энүүгээрээ л улс орнуудын хөгжлийн түвшин ялгарч байна. Манай улсад хүний хөгжлийн индекс гэж үзүүлэлт бий. Энэ индекс дотор нэг хүнд ногдох ДНБ өөрөө энэ зүйлийг илэрхийлэх гээд байгаа ч арай чадахгүй. Манай сая орчим хүн буюу хүн амын 28 орчим хувь нь ядуу амьдарч байна гэсэн мэдээлэл бий. Ард түмний амьжиргааны түвшинг дээшлүүлье гэвэл юуны өмнө амь жиргааны баталгаажих түвшин, улаан шугамаас доор байгаа хүмүүсийн амьдралыг л дээш татаж гаргах хэрэгтэй. Засгийн газар энэ асуудлаа зорилт болгож тавьж байгаа боловч яг ажил болгохгүй байна.

-Гүйцэтгэх засаглал мөрийн хөтөлбөртөө 2025 онд ядуурлыг 25 хувь, 2026 онд 22 хувьд, 2027 онд 18 хувьд, 2028 онд 14 хувьд хүргэнэ гэж тусгасан. Ядуурлыг бууруулж чадах болов уу?

-МАН ядуурлын түвшинг хоёр дахин бууруулна гэж зарласан. Түрүүчийн дөрвөн жил энэ талаар юу ч хийгээгүй, ядуурал огт буураагүй. Ядахдаа ядуурлынхаа эсрэг үндэсний зөвлөлөө, Стратеги төлөвлөгөөгөө хийчих ёстой байсан, тэр байхгүй байна. Өнөөдөр Тогтвортой хөгжлийн зөвлөл гэдгийн нэг хэсэг нь ядууралгүй хөгжиж магадгүй боловч энэ зөвлөл ерөөсөө хуралдахгүй өчнөөн сар, жил боллоо. Манай улс юуны өмнө ядууралтай тэмцэх, амьжиргааны түвшинг дээшлүүлэх тал дээр дорвитой ажиллахгүй бол Монголд амьдрах хүнгүй, цалин хөлс, тэтгэвэр их доо гуур болчихоод байна. Тэтгэврийнхэн бараг тэр чигээ рээ тэтгэврийн зээлтэй. Залуучууд тэр чигээрээ цалингийн зээлтэй.

-Монгол Улсын нийт зээлийн 50-иас илүү хувь нь хэрэглээний зээл болсон. Өр, орлогын харьцаа ч тэр хэрээр алдагдсан байна. Ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Энэ нь маш муу үр дүнд хүргэж байна. УИХ-ын гишүүд, Засгийн газар 280 орчим мянган хүн гаднаас авъя, ажиллах хүч дутагдаад байна гэдэг асуудал тавьж, бүр ажиллах хүчний квот тогтоодог хуулийг квотгүй болгохоор оруулж ирээд, ард түмэн эсэргүүцээд болилоо.

Саяхан сайд нь 500-гаад мянган ажилтан дутагдалтай байна гэж хэлээд байна. Тэгэхээр манай улсад ажиллах хүчин дутагдаад, хэрэглэгчдийн зах зээл, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн хэрэглэх хүний тоо багасаад байна шүү дээ. Цаашилбал, үндэсний, дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хүний тоо багасч байна. Манайд 1.3 сая орчим хүн л хөдөлмөрлөдөг гэдэг. Тэгэхээр Засгийн газар яаралтай ард түмний амьжиргааг дээшлүүлэх асуудал дээр л анхаарч ажиллахгүй бол Монгол Улс ирээдүйгүй болчихоод байна.

-Гадагшаа тэмүүлж, харийн орон руу боолын хөдөлмөр эрхлэхээр явж байгаа залуусыг бас буруутгах аргагүй юм л даа. Тийм ээ?

-Тийм. Хамаг залуус гадагшаа гарчихаж байна. Өнөөдөр цалин өсгөх асуудал маш чухал байна. Манай нийт цалингийн хэмжээ маш бага, 400, 500хан ам.доллар. Солонгос Улс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ нэмсээр байгаад сая 1.5 сая орчим ам.доллар болгочихлоо. Монголчууд 1.5 сая ам.доллар авахын тулд Солонгос руу улайраад байна. Монголчуудын дундаж цалинг 1.5 сая ам.долларт яаралтай хүргэх эдийн засгийн бодлого, арга хэмжээ л авахгүй бол бид ажиллах хүчгүй болж, эдийн засаг, үндэсний аюулгүй байдал алдагдаад байна. Сүүлийн жилүүдэд хүн амын өсөлт ч их бага болчихлоо. Ядууралтай байхад олон хүүхэд гаргах нь ядуурлыг улам л нэмээд байна шүү дээ. Тэгэхээр манайд эдийн засгийн, ядууралтай тэмцэх бодлого байхгүй л байгаа гэсэн үг. Цалин тэтгэвэр, дундаж цалинг нэмэх дээр л бүх анхаарлаа тавих хэрэгтэй байна.

-Бизнес эрхлэгчид үйл ажиллагаа явуулахад татвар маш их дарамт болж байгааг ярьж байна. УИХ татварын багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ. Юуг анхаарах зайлшгүй шаардлагатай вэ?

-Татварын багц хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл дээр зөв санаанууд байна лээ. Жишээлбэл, нийгмийн даатгалын хувьд ажил олгогчдоос авч байгаа 13 хувийг болиулчихъя. Тэртэй тэргүй 12.5 хувийг ажилчдаас аваад байгаа юм. Ажил олгогчоос авч байгаа 13 хувь НДШ, ЭМД, тэтгэвэрт ч нөлөөлж чадахгүй байгаа учраас хий дэмий татвар болж хувираад байгаа юм. Тэрний оронд ажилчны цалин дээр нэмэгдээд очвол энэ нь иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх чухал арга хэмжээ болно. Цаашдаа татварын ялгаатай байдлыг нэмэх хэрэгтэй болов уу. Сүүлийн үед уул уурхай, янз янзын худалдаа үйлчилгээ, барилгад ч юм уу их ашиг яваад байна. Хэрвээ бид ядууралтай тэмцэх гэж байгаа бол орлогын татвар ялгавартай байх хэрэгтэй. Бусад оронд 40, 50 хувийн татвар авдаг бол манайд 15, сайндаа 25 нэмээд гээд яваад байна. ХХОАТ нэлээд ялгаатай баймаар харагдаж байна.

-ХХОАТ-ын 10 хувийг нэг хувь болгоё гэж гишүүд ярьж байна. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Нэг хувь болгочихоор төсвийн орлого яах вэ гэдэг асуудал гарна. Тиймээс ялгавартай л хандах нь зүйтэй болов уу. Харин импортын татварын хувьд ярихад, Монгол Улс импортын татвараа ер нь авч чаддаггүй юм. Ерөнхийдөө 5 хувь гардаг. Сүүлийн жилүүдэд, Эрдэнэбат сайдыг байх үед жаахан ялгавартай болгосон. Дотоодод үйлдвэрлэж буй бүтээгдэхүүндээ 15, 20 хувь ч гэдэг юм уу жаахан нэмсэн нь сайн хэрэг. Гэвч гааль дээр энэ татвараа авч чадахгүй байна. Гадаадын бараанаас импортын татвараа яаж авч байна вэ гэвэл дэлгүүрийн лангуу, яг зарж байгаа жижиглэнгийн цэг дээрээс л авахаас өөр замгүй болчихож байгаа юм. Гаальтай машин гээд ярьдаг. Урд талын хил задгай хэвээрээ л байна. Маш их бүтээгдэхүүн ямар ч татваргүй орж ирж байна. Ялангуяа гутал, хувцас арай дэндүү их, татваргүй орж ирж байна. Гутлын үйлдвэр хөгжих гэхээр саад болдог. Тэгэхээр нэгд, гаалийн татварын асуудлыг шийдэх хэрэгтэй. Хоёрт, Засгийн газар, УИХ гаалийн татварын хуулийг их замбараагүй хэрэглэж байна. Жишээлбэл, сонгуулийн өмнөхөн гурил, үр тариа, тэжээлийн гаалийн татварыг тэглэчихсэн. Санаа нь зөв боловч арга механизм нь их буруу байгаа юм.

-Яаж зохицуулах боломжтой вэ?

-Гурил, үр тариа үйлдвэрлэгчидтэйгээ зэрэгцэж суугаад, аль алиных нь ашиг, өртгийг тооцоод, үр тариан дээрээ илүү их гаалийн татвартай байх уу, эсвэл гурил дээрээ илүү гаалийн татвартай байх уу гээд нэлээд нарийн зохицуулалтын ажил хиймээр байгаа юм. Тэгэхгүйгээр гаалийн татвар тэг, одоо буцаагаад тавьчихъя гээд байгаа нь их болхидуу харагдаад байна.

-Өнөөдөр иргэд, ААН-үүдэд тулгамдаж буй асуудлын нэг нь зээлийн хүү. Та энэ талаар олон жил ярьсан, үр дүн гарч байна уу?

-Би ИЗНН-ын дарга, Батбаатар гишүүний орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байна. Бид дөнгөж сая энэ талаар ярилцаад гарч ирлээ. Бид зээлийн хүүний дээд хязгаар тогтоох хуулийн төсөл боловсруулах гэж байна. ИЗНН сонгуульд орохдоо мөнгө хүүлэлттэй тэмцэнэ, мөнгө хүүлэлтийн эсрэг хууль гаргана гэж мөрийн хөтөлбөртөө оруулсан. Мөнгө хүүлэлт гэдэг бол зээлийн өндөр хүүг л хэлж байгаа юм. Дэлхийд Европын 20, 30 орон, Америкийн бүх муж, дээр нь Япон зэрэг орнууд зээлийн хүүгийн дээд хязгаарыг зуу гаруй жил төрөөс тогтоогоод байна. Гэтэл Монголд энэ процесс байхгүй.

-Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтооё гэсэн санал дэвшүүлж байв уу?

-Тэгэлгүй яах вэ. Гэвч Монголбанк, Сангийн яам нь эсэргүүцээд, зах зээлийн зарчмаараа явна. Зах зээл өөрөө бууруулна гэдэг. Миний бодлоор зах зээл өөрөө бууруулах ямар ч боломжгүй. Яагаад вэ гэхээр, арилжааны банкууд өөрсдөө ядуу гуйлгачингууд. Хүний хадгаламжийг аваад, 5 хувийн марж нэмээд, 12 хувийн хадгаламж аваад, 7 юм уу 5 хувиа нэмээд, дунджаар 20 орчим хувийн зээл олгож, дундаас нь ашиг олоод амьдраад байна. Ийм нөхцөлд зээлийн хүү буурах ямар ч боломжгүй. Зах зээлийн зарчмаар явна гэвэл манайд арилжааны банк байхгүй гэсэн үг. Европын орнуудад ихэнхэд нь хадгаламжийн хүү -0.5, -1 гэх мэт байгаа юм. Олон банк ийм болчихсон.

-Монголбанкнаас зээлийн хүүг бууруулах хөтөлбөр хэрэгжүүлсэн санагдаж байна. Үр дүн гарсан гэж та боддог уу?

-Тийм ээ, хөтөлбөр хэрэгжүүлсэн. Дундаж хүү тухайн үед 18 хувьтай байсан. 8, 9 гээд нэг оронтой тоонд оруулна гэсэн, одоо 18 хувь хэвээрээ л байна. Тэгэхлээр Монгол банк бодлогын хүү, инфля цийн хүүгээр улс орныг удирдах ямар ч боломжгүй нь харагдаад байгаа юм. Монголбанк 2007 оноос эхлээд бодлогын хүүг ажиллуулсан. Батсүх ерөнхийлөгч байхад би “Инфляцийг онилох нь тодорхой нөхцөлд хэрэгждэг болохоос дурын төв банк инфляциа онилоод бууруулах боломж байхгүй” гэж хэлж байсан юм. Тэр үг өнөөдөр хэрэгжиж байна л даа. Монголбанк бол бодлогынхоо хүүгээр инфляцийг зохицуулна. Инфляцийг зохицуулна гэдэг цаанаа хүүг л зохицуулаад байгаа байхгүй юу. Бүх оронд инфляциа л буулгачихвал тойроод бүх үнэ нь дагаад бууна. Манайд тийм юм байхгүй.

-Арилжааны банкууд бодлогын хүү, инфляцийг ерөөсөө тоодоггүй гэж зарим эдийн засагчид ярьдаг. Тийм үү?

-Тийм. Зүгээр л хадгаламжийн төлөө алалцаад, манайх 13 хувь, манайх 14 хувь гээд байна. Капитал банк 16 хувь, М банк 20 хувь гэж байна. 20 хувиар хадгаламж авчихаад байхад яаж зээлийн хүү буурах юм бэ. 5-ыг нэмээд, 25, магад 30-аар зээл олгоно. Бодлогын хүү 12, 13-тай байлаа гэхэд хадгаламжаа 16 хувиар авчихсан байгаа нь Монголбанкны бодлогын хүүг тоохгүй байгааг харуулж байна. Бүх оронд төв банкны бодлогын хүү нь дээшээ, доошоо явж, зээлийн хүүг дээш, доош дагуулдаг байхгүй юу. Эдийн засаг муудаад, хямрал ихсээд ирвэл бодлогын хүү, зээлийн хүү багасаад, хөрөнгө оруулалт нэмэгдээд, эдийн засгийн тэнцвэр лүүгээ орчихно. Инфляци нэмэгдээд ирвэл бодлогын хүүгээ дээшлүүлээд, бодлогын хүүгээ дагаад зээлийн хүү дээшлээд, хөрөнгө оруулалт зогсоод, ерөнхийдөө тэнцвэртээ ороод ирдэг механизм дэлхийн бүх оронд бий.

-Тэгвэл манайд?

-Энэ үйлчлэхгүй байгаа юм. Монголбанк сүүлийн 20, 30 жил арилжааны банкууд өрсөлдөөд, зээлийн хүүг бууруулна, аяндаа буурчихна гэж ярьж байна. Мөн инфляцийг нэг оронтой тоонд буюу 6-8 хувийн хэлбэлзэлтэй байлгана гэж яриад байна. Ингэх боломжгүй л дээ. Ерөөсөө л ард түмнээ хуурч байна. Монголбанкны үндсэн үүрэг бол бодлогын хүү. Монгол Улсын бүх зээлийн хүү ямар байх вэ гэдгийг Монголбанк тодорхойлох ёстой. Өөрөөр хэлбэл, мөнгөний өртөг гэсэн үг. Мөнгөний өртөг гэдэг зах зээлээсээ хамаараад, ихсээд багасаад явах ёстой. Тэрийг бүх орны төв банк нь зохицуулж явдаг. Гэтэл манай УИХ мөнгөний бодлогыг батлахдаа зээлийн хүүг огт ярьдаггүй, инфляци л яриад байдаг.

-Таны бодлоор зээлийн хүүг бууруулах ямар гарц байна вэ?

-Дэлхийн бүх оронд зээлийн хүүгийн дээд хязгаар буюу таазыг тогтоочихож байгаа юм. Ямар загвар, механизмаар тогтоож байна вэ гэвэл бодлогын хүү дээр 4 хувь л нэмнэ. Өнөөдөр Монголбанкны бодлогын хүү 10 байвал дөрвийг нэмээд, 14 хувь. Энэ 14 хувиас дээшээ өсгөвөл энэ мөнгө хүүлэлт. АНУ-ын зарим мужид эрүүгийн хэрэг үүсгэж байна. Герман, Япон энэ аргыг аль XIX зуунд хэрэглэсэн, XX зуунд Европын орнууд бүгд зээлийн дээд хязгаар тогтоосон. Хэдэн жилийн өмнө УИХ-ын гишүүн С.Эрдэнэ зээлийн хүүний дээд хязгаар тогтоох хуулийн төсөл санаачлаад, эдийн засагч Ангар бид ажлын хэсэгт орж ажиллаад, маш сайхан боловсруулсан. Эдийн засгийн байнгын хороон дээр Монголбанк, СЗХ, Сангийн яам гурав эсэргүүцсэн. “Зах зээлийн зарчмаар явна, аяндаа буурна. Ингэж дундуур нь орж зохицуулах хэрэггүй” гэсэн. Олон гишүүн, тухайлбал, Элдэв-Очир гишүүн их уурлаад, бараг л би амьд байсан цагтаа наад хуулийг чинь гаргуулахгүй гэж загнаж байсан. Учрал гишүүн тухайн үед их уурласан. Дараа нь мэдэхэд, өөрөө ББСБ-тай л байсан юм билээ.

-Санхүүгийн зохицуулах хороо ББСБ-ын зээлийн хүү сард 4.5 хувь байна гэж тогтоосон. Энэ хувийг та өндөр гэж бодож байна уу?

-Тийм ээ. Юу гэсэн үг вэ, 12-оор үржүүлбэл 48, бараг л 50, 60 хувь болчихож байгаа биз дээ. Бусад оронд үүнийг шууд мөлжлөг гэж үзэж, хариуцлага тооцно. Ялангуяа ББСБ-ууд өөрийнхөө мөнгийг зээлүүлж байна. Жишээ нь, 14 хувиар мөнгөө зээлүүлнэ гэдэг бол маш өндөр ашиг. Дэлхийн жишгээр 10, 15 хувийн ашгийг хангалттай гэж үздэг. Тэгэхээр ББСБ 15 хувиар мөнгөө зээлүүлэхэд хангалттай. 4.5 хувь гэдэг арай дэндүү байна. Манай СЗХ дэлхийн дэвшилтэт жишгээр ерөөсөө ойлгохгүй байна. Хятад улс зээлийн хүү, хадгаламжийн хүүгийн дээд хязгаарыг аль алийг нь хянаад яваад байгаа юм. Орос хатуу зохицуулалтгүй ч дараад байдаг. Зээл болон хадгаламжийн дундаж хүүнээс дээш давбал тухайн банкинд хариуцлага тооцож, зээл өгөхгүй, валютыг нь сольж өгөхгүй ч байдаг юм уу ийм байдлаар хянадаг. Манайд бас ингэхгүй бол арилжааны банкууд шуналтаад, зээлийн хүүг 14 болгочихвол арилжааны банкууд нийлж хуйвалдаад, хадгаламжийн хүүг 5 болгочихвол яах вэ. Тэгэхээр та нар 5 хувийнхаа маржийг л ав. Зээлийн хүү 5 байгаа бол 5-ыг хасаад л хадгаламжийн хүүгээ тогтоо гэдэг юмыг хамт авч явахгүй бол болохгүй байгаа юм.

-Монголд өнөөдөр зээлийн өндөр хүүнээс хэн илүү их хожиж байна вэ?

-Монголын бүх хадгаламжийн 90 хувь нь цөөхөн хэдхэн хүн дээр байдаг гэдэг, нэгдүгээрт, тэд л хожоод байна. Хоёрдугаарт, хадгаламжийн мөнгийг цааш нь зуучилж зээлүүлж байгаа арилжааны 15 банк хожоод байна. Жижиг гэлтгүй ямар ч арилжааны банк хэдэн тэрбумын ашиг олж байна. Гүйлгээ болгоноос эхлээд янз янзын шимтгэл авч байна. Ялангуяа зээлийн хүү дээр маш их ашиг олж байна. Манай Монгол Улсад зээлийн эрэлт, хэрэгцээ маш их байгаа учраас 500 банк бус гарч ирээд, дахиад 2, 3 их наядын зээл эргэлдэж байна. Монгол оронд ерөөсөө мөнгө хүүлэлтийн л эдийн засаг явагдаж байна.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Д.Эрдэнэтуяа

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж байхад…” хэмээн өгүүллээ

“Өдрийн сонин”-ы даваа  гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Монголын хүнд үйлдвэрийн эрдэс холбооны гүйцэтгэх захирал М.Буянбадрах “Нийгмийн даатгалын шимтгэл хувийн хэвшилд хамгийн том саад болж байна” хэмээн ярилцлаа.

Танайд өнжье: Хунгийн чуулган мэт намуухан оршихуйтай эрдэмтнийх

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж байхад…” хэмээн өгүүллээ

  • Сонины худалдагчдын төлөөлөл болсон 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын дэргэдэх ТҮЦ-ний худалдагч Н.Энхтуяа:Сонины ТҮЦ битгий ач, Нямбаатар аа!

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр үзэлцдэг бол У.Хүрэлсүх,
УИХ-ын хаврын ээлжит Л.Оюун-Эрдэнэ хоёр үгүй юм байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Хөгжлийн тулгуур чөлөөт
эдийн засаг та хаачив аа?! 

АРЫН НҮҮР: Монгол өвөө


 

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы  мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Бөх шүтэх балайрал чинь хэрээс хэтэрлээ

Сүүлийн үед бөхийн том барилдаан их болж байна. Бөхийн шагнал өндөр болж байна. Саяхан “Дорнын Хүчтэн” дэвжээний нэрэмжит Улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаан болж, түрүү бөхөд 15 сая төгрөг өглөө. Ерөөсөө л түрүү бөхдөө 20-30 сая төгрөг өгдөг болж байна. Энэ нь хоёр талтай байна. Нэг талаараа монгол үндэсний бөх, монгол уламжлал, монгол төрийн наадам, монгол соёл, монголоороо бахархах гэдэг утгаараа монгол бөх байх ёстой. Монгол хүн монголоороо үлдэхийн үндэс нь монгол бөх бол үүндээ хөрөнгө мөнгө зарах нь зөв. Гэхдээ хөгжил цэцэглэлтийнхээ ид гараан дээр байгаа улс оронд үндэсний уламжлал гэдэг ойлголт хэрэггүй. Үндсэндээ Монгол орны хөгжил дэвшлийг бөх гэдэг ойлголт доош нь татахаас дээш нь татахгүйг бид бүхэн мэдэж байна. Сүүлийн үед бүгдээрээ л бөх болох тухай бодож байна. Бөх хүн хэзээ ч баялаг бүтээдэггүй. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Монгол Улсыг аж үйлдвэртэй болгож, энэ хэдэн үйлдвэр камбинатыг бий болгосон Паавангийн Дамдин гуай “Х.Баянмөнх бол Монголын аугаа суут их аварга мөн. Дэлхийн дэвжээнд Монголын нэрийг мандуулж явсан байх. Гэхдээ Х.Баянмөнх бол Монгол Улсын хөгжилд ямар ч нэмэр болоогүй хүн” гэж хэлж байсан. Тэрэн шиг монгол бөх Монгол Улсын хөгжилд огт нэмэр болоогүй. Өнөөдөр монголчууд байгаа бүхнээ бөхдөө барьж байна. Үүнийгээ боль. Саяхан Баянхонгор аймагт “НАЙЗУУД АЛТАН ЦОМ” өсвөрийн бөхчүүдийн халз барилдаан боллоо. Тэр барилдаанд Монгол Улсын Дархан аварга Агваансамдангийн Сүхбат очсон. Тэгэхэд тэр нутгийн бүх хүн бөх болох тухай сэтгэгдэлтэй үлдэж байна. Тэнд инженер, химич, физикч болъё гэсэн сурагч байхгүй. Бөх болох юм бол аугаа юм байна, гоё юм байна, жиптэй болж, сайхан амьдрах юм байна гэсэн бодолтой болсон байна. Энэ бол Монгол Улсын мөхөл болоод байна. Бөх Монгол Улсыг хөгжүүлдэггүй, инженерүүд хөгжүүлдэг юм. Физик, хими, математикийн шинжлэх ухааны эрдэмтдээ дэмжье. Бөхөө бүх нийтээрээ дэмжиж, бөхдөө хамаг байдгаа өгдгөө больё. Хэрээс хэтэрлээ.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Дашпагам: Халдварт өвчний дэгдэлтэд вакцинд хамрагдаагүй хүмүүс өртөх эрсдэлтэй

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагамтай товлолт вакцины талаар ярилцлаа.


-Манай улсад товлолт вакциныг хэдэн оноос хойш хийж эхэлсэн юм бол. хэдэн төрлийн вакцин хийдэг талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Үндэсний товлолт вакциныг товлосон насанд нь хийнэ гэж Дархлаажуулалтын тухай хуульд заасан байгаа. Манай улсад 1962 оноос үндэсний товлолт дархлаажуулалтад орсон вакциныг нэвтрүүлж эхэлсэн түүхтэй. Хамгийн эхэнд халдварт саа өвчний вакциныг нэвтрүүлж байсан. Түүнээс өмнө урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг зохион байгуулж байсан ч товлолт дархлаажуулалтыг анх энэ үед нэвтрүүлсэн. Үүнээс хойш хэд хэдэн вакциныг нэвтрүүлж, одоогийн байдлаар 13 халдварт өвчнөөс сэргийлэх есөн төрлийн вакциныг 0-15 хүртэлх насны хүүхдүүдэд үндэсний товлолоор хийдэг. Тухайлбал, сахуу, хөхүүл ханиад, татран өвчний эсрэг вакциныг 1965 онд, Улаанбурханы эсрэг вакциныг 1974 онд эхний тун, 1987 онд хоёр дахь тунгаар дархлаажуулах ажлыг зохион байгуулсан. Түүнээс хойш улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоосон улс орны нэг болсон. Өөрөөр хэлбэл, вакцинжуулалтын үр дүнд зарим халдварт өвчнийг устгахаас гадна хяналтад авч, хэрэгжүүлсэн гэсэн үг.

Үндэсний товлолт вакциныг Монгол Улсад Засгийн газрын тогтоолоор баталдаг. Хамгийн сүүлд 2023 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн 472 дугаар тогтоолоор Монгол Улсад мөрдөгдөх үндэсний хэмжээний товлолыг батлуулаад, мөрдөн ажиллаж байна.

-Манай улсад товлолт вакцин хийж эхлэхээс өмнө халдварт өвчний тархалт ямар байв?

-Мэдээж өвчлөлийн тохиолдол өндөр байсан. Харин вакцин нэвтрүүлснээс хойш халдварт өвчний тохиолдлын тоо, дэгдэлт бүртгэгдэх давтамж буурсан статистик байдаг. Жишээ нь, Монгол Улс халдварт саа өвчний вакциныг нэвтрүүлснээс хойш 2000 онд энэ өвчнийг устгасан тухайгаа зарлаж, саа өвчнийг устгасан гэдэг батламжийг авч байсан. Үүнээс хойш уг өвчин одоогоор бүртгэгдээгүй байна.

-Зарим насанд хүрсэн хүн бага байхдаа товлолт вакцин хийлгэж байгаагүй гэж ярьдаг. гарт нь вакцины сорви байхгүй болохоор тэгж ярьдаг байх. энэ нь ямар учиртай юм бол?

-Бүх вакцин сорви тогтдоггүй. Ганцхан сүрьеэгийн халдвараас сэргийлэх вакцин л сорвитой үлддэг. Уг вакциныг хийлгэсний дараа тодорхой хугацааны дараа сорвижилт үүсдэг. Вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийн хувьд вакцин хийлгэхгүй байх заалттай буюу бага жинтэй төрсөн, тухайн үедээ нярайн эмч нь вакциныг хойшлуулах зөвлөмж өгснийг үгүйсгэхгүй. Бүх вакцинжуулалтыг сорвиор үнэлэх боломжгүй. Харин вакцинжуулсан талаарх мэдээллийг сэргийлэх тарилгын карт, эсвэл эх хүүхдийн ягаан дэвтэр дээр нь бичиж тэмдэглэж үлдээдэг учраас үүн дээр үндэслээд нягталж үзэх хэрэгтэй.

-Зарим эцэг, эх хүүхдэдээ вакцин хийлгүүлэхгүй гэдэг. Гэтэл вакцин бол өвчнөөс хамгаалах гол зүйл шүү дээ. Ер нь товлолт вакцины хамрагдалт ямар байна вэ?

-Тухайн вакциныг товлолт насанд нь хийхийг зөвлөмж болгодог. Тухайлбал, улаанбурханы эсрэг вакциныг есөн сартайд нь эхний тунгаар, хоёр настайд нь хоёр дахь тунгаар дархлаажуулна гэсэн үндэсний товлол байдаг. Тэгэхээр хүүхдийг төрснөөс хойш есөн сартайд нь, хоёр настайд нь товлолт вакцинд хамрагдсан уу гэдгийг тухайн онд төрсөн хүүхдийн тоонд нь харьцуулж боддог. Жишээ нь, 2024 онд улаанбурханы эсрэг вакцинд хамрагдвал зохих хүүхдүүдийн дунд нэгдүгээр тунд хамрагдалт 95.3 хувьтай байхад, хоёрдугаар тунгийн хамрагдалт 95.1 хувьтай гарсан. Таван хувь нь ямар нэгэн шалтгаанаар хамрагдаагүй үлдсэн байдаг. Магадгүй яг товлолт хугацаанд томуу болон ямар нэгэн цочмог халдвараар өвдсөн байвал вакцины хамрагдалтыг хойшлуулах шалтгаан болдог. Үүнээс гадна эцэг эхчүүд дархлаажуулалтын хугацаанд мартах талтай. Хэрэв хоцорсон тохиолдолд Дархлаажуулалтын тухай хуульд зааснаар вакцин нөхөж хийлгэх бүрэн боломжтой. Хоцорсон бол санасан даруйдаа, эсвэл эрүүл мэндийн байгууллагаас мэдээлэл өгөнгүүт эцэг, эхчүүд маань сум, өрхийн эрүүл мэндийн төв дээрээ очоод нөхөн дархлаажуулалт хийлгэх хэрэгтэй. Энэ тохиолдолд ямар нэгэн төлбөргүй, харьяалал харгалзахгүй хийдэг. Ер нь хоёр хүртэлх насны хүүхдийн хамрагдалт төдийлөн буураагүй байгаа.

Халдварт өвчний вакцин өөрийг нь хамгаалаад зогсохгүй нийгмийн хэмжээнд халдварт өвчин тархах эрсдлээс сэргийлдэг. Цаг хугацаандаа хамрагдахгүй хэд хэдэн шалтгаанаас гадна зарим эцэг, эх вакцин хийлгэхгүй байгаа нь худал, нотолгоонд тулгуурлаагүй мэдээлэлд автдаг байхыг үгүйсгэхгүй. Хэрэв тэгвэл таны хүүхэд л халдварт өвчинд өртөнө. Халдварт өвчин дэгдэлт хэлбэрээр бүртгэгдэхэд вакциндаа хамрагдаагүй, хамрагдсан ч бүрэн тундаа хамрагдаагүй хүмүүс өвчлөх эрсдэлтэй байдаг. Тиймээс эцэг эхчүүд маань эмч, эмнэлгийн мэргэжилтний өгч байгаа мэдээлэлд үндэслэж, вакцинжуулалтад хүүхдээ хамруулах эсэхээ шийдэх хэрэгтэй.

-Улаанбурхан өвчний тохиолдол сүүлийн үед нэмэгдэж байна. Товлолт вакциндаа ямар нэгэн шалтгаанаар хамрагдаагүй хүүхдүүд уг халдвараар өвчилж байна уу?

-Ер нь вакцинаар сэргийлэгддэг халдварт өвчний дархлаажуулалт буурахын хэрээр дэгдэлт нэмэгддэг. Цар тахлын дараахь жилүүдэд зөвхөн Монгол Улс биш, бүх улс орны цар тахлын хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй холбоотойгоор вакцины хамрагдалт буурсан статистик үзүүлэлт гарсан. Дэлхий дахинд улаанбурханы өвчлөл, дэгдэлт 2022 оноос эрчимтэй нэмэгдэж эхэлсэн. Энэ нь нөгөө талаар бусад улс оронд тархах эрсдлийг бий болгодог. Тухайлбал, халдварт саа, улаанбурхан зэрэг өвчин нь вакцин гэдэг сэргийлэлтийг хэрэглэхээс өмнө маш өндөр хэмжээний давталттай бүртгэгддэг байсныг вакцин хийж, эрс бууруулсан байдаг. Ер нь хүүхдийг бага насанд нь вакцинд хамруулах нь эрсдэлтэй халдварт өвчнүүдээс сэргийлж байна гэсэн үг. Жишээ нь, халдварт саа өвчин нь хөгжлийн бэрхшээлтэй болоход хүргэх эрсдэлтэй. Тийм учраас эцэг эхчүүд маань хүүхдээ товлолт вакцинд цаг хугацаанд нь заавал хамруулах хэрэгтэй.

Г.БАЛГАРМАА

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Таван “МӨНХ”-тэй айлын хотонд төлийн дуу цангинаж байна

“Хайлан сэмжрэх цасаа дагаад

Хаврын өнгө нь цоохор билээ

Хашир малчдын алдрыг өргөөд

Хангинах төл нь дуучин билээ” хэмээх П.Адарсүрэн гуайн сайхан дуу бий. Үнэхээр ч хяр, бэлийн цас хайлан судгаа даган урсаж, хангай дэлхий хаврын аашинд өнгөө тохируулан цоохорджээ. Малчны хотонд төлийн дуу цангинаж, урин цагийн элчээр хүний сэтгэл баясаж байгаа энэ үеэр бид Төв аймгийн Батсүмбэр сумын хоёрдугаар багийн малчин Б.Мөнх-Эрдэнийн хотонд очиж, нялх төлийн сурвалжилга бэлтгэлээ. Биднийг очиход гэрийн эзэн хониндоо явсан, эхнэр нь хүүхдүүдтэйгээ байв. Б.Мөнх-Эрдэнэ өдгөө 30 дөнгөж гарч яваа залуу ч таван сайхан хүүтэй юм. Таван хүүгийнх нь ууган нь одоо дөрөвдүгээр ангид сурдаг бол бага нь бор хоолонд хараахан орж амжаагүй “том” залуу ажээ. Эднийх арван жилийн өмнө Ховдоос малаа туугаад энэ нутагт шилжин ирсэн байна. Анх 100 гаруй богтой, 6-7 адуутай ирсэн гэдгээ Б.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Хонгорзул ярьж суулаа.

Тэрээр “Хаваржилт гайгүй байна. Өнгөрсөн жилийн өвөл цас их дарсан. Энэ их цас хэзээ хайлж дулаарна даа гэж бодож байтал гуравдугаар сарын сүүлчээс ханзарч эхэлж билээ. Ингээд нөгөө их цас нэг л өглөө юу ч үгүй хайлж, өнжсөн өвс намраараа шахуу гарч ирсэн нь хаврын малд их тамир болсон шүү. Энэ сарын эхээр манай анхны төл гурван ихэр хурга байсан. Залгаад хоёр ихэр төл хэд, хэд авлаа. Одоо мал төллөлт дундаа орж байна” гэв. Ойр зуур хаваржилтын талаар ийнхүү ярьж суутал орон дээр түрүүнээс хойш унтаж байсан “том” залуу сэрж, уйлагналаа. Айлын эзэгтэй бага залуугийнхаа уйлахыг тоосон шинжгүй ирсэн зочдод цай, хоол бэлтгэн, гал тогооныхоо ажилдаа анхаарч байв. Уйлсан тэр залуугийн дээр дахиад дөрвөн хүү өсгөсөн болохоор ч тэр үү тав дахь залууг тоож байгаа шинж харагдсангүй. Мөнөөх залуу ч ах нарынхаа дууг сонсоод саатав. Бид цай амсчихаад хотонд үлдсэн төл малын цангинасан дууг сонсохоор гарлаа. Эднийх хаваржаагаа хашаалж, хашаан дотроо худаг гаргасан байна. Хангай газрын айл гэсэндээ малын хашаа хороог бүгдийг нь дүнзэн урт модоор жимбийтэл засч барьсан нь ажилсаг залуу өрх гэдгийг нь илтгэнэ. Хашаанд нь мотоцикл, портер, ойр зуур уначих жижиг тэрэг харагдав. Залуу өрх гэхэд дутах зүйлгүй л амьдарч байгаа нь хэдэн малаа өсгөж хөдөлмөрлөснийх нь үр шим гэлтэй. Биднийг хашаа, хороогоор алхахтай зэрэгцэн дөрвөн хүү нь даган гарч, хоёр том нь хойд уулын модтой энгэрт хонио хариулан яваа аавынхаа зүг мордлоо. Харин хоёр бага хүү бидэнтэй хамт ишиг, хурга хөөцөлдөн тоглож байв. Эдний хаваржаанаас баруун зүгт Баянбуурал амралтын газар харагдана. Наагуур нь төмөр зам явж, Хараа голын хөндий уужуу харагдах аж. Бид “Танай зуслан хаана вэ” гэж гэрийн эзэгтэйгээс асуухад “Голын наана харагдаж байгаа тэр ганц байшин чинь манай зуслан. Тэр хажууханд нь байгаа торлочихсон газар бол манай төмсний талбай. Удахгүй төмсөө тарина даа” гэв.

Д.МӨНХ-ЭРДЭНЭ: ХАВАР ШУУРАХ НЬ БАГА БАЙВАЛ ГАРСАН ХЭДЭН ТӨЛ АЯСААРАА МАЛ БОЛЧИХДОГ ДОО

Хараа гол зах хэсгээрээ урсаж, голын мөсөө хоёр талаас нь долооно. Усны шувууд төрөл төрлөөрөө, хос хосоороо ганганана. Хун, галуу, нугас, ангир тэргүүтэй усны шувууд хараа голын тохой хэсгээр багтаж ядан нисэлдэнэ. Уулын хормойг ороон гарч ирсэн галт тэрэгний хүнгэнэсэн дуунд үргэсэн шувуудын ганганаатай зэрэгцэн нялх төлийн майлалдах чимээ хаврын их найрал хөгжим гэлтэй сонсогдоно. Хавар цаг ч хүний сэтгэлийг яах аргагүй хөдөлгөж, догдлуулдаг бололтой. Тэр дундаа малчны хотонд өнжих шиг жаргал байхгүй гэлтэй. Ирсэн бидэнд хэдий сайхан байгаа ч хавар цаг малчдаас чамгүй хөлс хүч, хөдөлмөр зүтгэлийг шаарддаг онцлогтой улирал билээ. Анхны төл гурван ихэр хургыг өхөөрдөн харж, хачин ааштай хар халзан ишигтэй тоглон байтал гэрийн эзэн уяан дээр ирлээ. Бидэнтэй уулзахаасаа өмнө тэрээр энгэрээсээ дөнгөж саяхан төрсөн бололтой нялх ишиг гарган ирж, “он жавууд”-тай нь хамт үлдээчихээд, хүрэмтэй дээлээ дайлан тоосоо гөвлөө. Түрүүн явсан хоёр залуу аав дээрээ очиж, хонио харж хоцорсон нь тодорхой. Хэдий хүүхдүүд нь жаахан ч эхнээсээ ийнхүү тусад орж байгаа нь сайхан. Удахгүй энэ таван залуу аав, ээжийгээ юунд ч хөдөлгөхгүй жаргаана биз ээ.

Гэрийн эзэнтэй мэндлээд, хаваржилт ямар байгаа хөөрөлдлөө.

-Мал төллөлт ид дундаа байх шиг байна, тийм үү?

-Хаваржилт давгүй сайхан шүү. Ойрын хэд хоног дулаахан, салхи шуурга багатай, их л аятайхан байна. Гэхдээ хаврын тэнгэр “хааш яаш” гэдэг дээ. Нэг өглөө босоод ирэхэд цас дарчихсан байдаг. Манай нутагт хавар цаг шуурчихгүй бол болдог доо. Нэг шуураад эхэлчихвэл ч цаг хүндэрч, мал, малчингүй л тамиргүй болтлоо ядардаг. Ойрын үеийн цаг агаарын мэдээ сонсож байхад шуурахгүй л гэж байсан. Битгий шуураасай л гэж залбирах юм.

-Мал төллөлт хэдийд шувтрахаар байна?

-Болоогүй байна. Өнгөрсөн долоо хоногоос эхэлж төллөсөн. Талдаа ч ороогүй байна даа.

-Танайх энэ жил хэчнээн төл авах вэ. Мал ер нь жилбэтэй төрж байна уу?

-Цас эрт хайлж, намраараа шахуу байсан өвс гарч ирсэн нь хэдэн малд маань сайн юм боллоо. Тэр утгаараа энэ жилийн мал их жилбэтэй сайхан төрж байна. Шуурахгүй яг энэ хэвээрээ шинэ ногоотой залгачихвал ч хэдэн жил тохиогоогүй сайхан хавар болох шинжтэй байна шүү. Манайх 700 орчим богтой. Үүнээс өнгөрсөн намар, өвөл эр хонинуудаа бүгдийг нь борлуулчихсан. Дандаа эм хонио авч үлдсэн. Энэ хавар 400 богоос төл авах учиртай. Одоогийн байдлаар 200 гаруй төл авчихаад байна. Дахиад 100 гаруй төл авчихвал ч хаврын ажил дуусах дөхөж л байна даа.

-Хаваржилт гайгүй болж байна гэлээ. Энэ утгаараа төл малын хорогдолт бага байна уу?

-Өмнөх жилүүдийг бодоход өнчин ишиг ч дутаагаагүй л байна. Гэхдээ цагийн байдал ямар байхаас хамаарна. Хавар шуурах нь бага байвал гарсан хэдэн төл аясаараа мал болчихдог доо. Манай энд төл малын хорогдолт нөлөөлдөг нэг аюул бий. Тэр нь шувуу. Яг энэ мал төллөх үеэр хониныхоо дэргэдээс алхам ч холдож болдоггүй. Гэрийнхээ гадаа дөхүүлчихээд, цай уух зуур хэд хэдэн хурга, ишиг шүүрчихдэг. Өчигдөр би хониныхоо толгойг гэрээдээ зүглүүлчихээд хойд арыг давж, саахалтынхаасаа нэг юм авчихаад ирэх хооронд л хоёр хурга шүүрчихсэн. Болдог бол энд байгаа том шувуудыг бүгдийг нь буудчих юмсан гэж бодогддог.

-Чоно, нохой гайгүй байна уу?

-Чоно гайгүй ээ, бас аргатай л байна. Энэ муу шувуу л хэцүү байна даа.

ЗЭЭЛ АВЧ ХУДАГ ГАРГУУЛСАН. ДАХИАД ЗЭЭЛ АВААД ЗУСЛАН ДЭЭРЭЭ БАЙШИН БАРИХ САНААТАЙ БАЙНА

Биднийг ийн ярилцаж байтал гэрийн эзэгтэй хоол ид гэж гэртээ урилаа. Цагаан сарын бууз, ууцны мах чанажээ. Хүүхдүүд нь хотод сургууль, цэцэрлэгт явдаг байна. Ингэхдээ аав нь бүтэн сайнд хүргэж өгөөд тав дахь өдөр очиж авдаг гэнэ. “Иддэг ам цөөрчихөөр хоол, хүнс ч хорогдох нь бага болчихдог. Тиймээс цагаан сарынхаа бууз, ууцны махыг, одоо болтол бараагүй байна” гэлээ. Эдний ууган хүүг М.Мөнхзул, удаахийг нь М.Мөнхсайхан, дундахыг нь М.Мөнх-Ирээдүй, М.Мөнхбаяр гэдэг бол багыг нь М.Мөнхтулга гэнэ. Таван Мөнхтэй айл гэхээр нутгийнхан нь андахгүй мэддэг гэж байлаа. Гэрийн эзнээс “Танайх хашаандаа худагтай юм уу. Худаг гаргахад өртөг ямар байдаг вэ” хэмээхэд “Өнгөрсөн намар худаг гаргуулсан. Ус нь их сайхан шүү. Ойр хавьд байгаа айлууд манайхаас усаа зөөдөг. Өнгөрсөн намар хоршоонд нэгдээд 17 сая төгрөгийн зээл авсан. Түүгээрээ худаг гаргуулж, үлдсэнээр нь хаваржаагаа томсгож, тохижуулан зассан. Улмаар өвөл хэдэн мал нядлаад зарсан орлогоороо зээлийнхээ ихэнхийг дарсан. Одоо хаврын ноолуураараа бүтэн төлөөд дуусгачихна. Тэгээд дахиад 40 сая төгрөгийн зээл авч, зусландаа шинэ байшин барина даа. Манайд зун хүмүүс их ирнэ. Бас олон хүүхэдтэй учраас гэрт багтаж шингэдэггүй. Тиймээс дөрвөн өрөөтэй саруулхан байшин барьчих санаатай байна. Мөнгө байхад ч хангай газар байшин барих шиг амархан ажил алга” гэлээ. Эдний хоршоонд есөн айл нэгдсэн байна. Энэ айлууд тус бүрдээ 20-40 сая төгрөгийн зээл авчээ. Зарим нь ч хүүхдүүдийнхээ сургалтын төлбөр, автомашин зэрэгт зарцуулсан бол зарим нь худаг гаргуулах, байшин барих, ногооны талбай, хаваржаа, өвөлжөөгөө тохижуулан янзлахад зарцуулжээ. Зээл хөөцөлдөх амархан гэдгийг Д.Мөнх-Эрдэнэ хэллээ. Зарим нь гар утаснаасаа зээлийн материалаа бүрдүүлээд авчихдаг болсон гэж байв.

ТҮРҮҮ ЖИЛ НООЛУУР 165 МЯНГАН ТӨГРӨГ БАЙСАН. ЭНЭ ЖИЛ 150 МЯНГАН ТӨГРӨГ ГЭЖ ДУУЛДСАН

“…Мал төллөөд дуусахаар ямаагаа самнана даа” гэсээр гэрийн эзэн яриагаа үргэлжлүүллээ. Тэрээр “Өнгөрсөн жил ноолуурын үнэ 165 мянган төгрөг гэж байсан. Манайх ч түрүү жил цаг хүндэрч олон богоо үхүүлсэн болохоор хавар ноолуур гарах ямаа цөөхөн байсан. Харин энэ жил 200 орчим ямаа самнана. Саяхан сумын төв ороод ирсэн хүнээс ноолуурын үнэ асуутал 150 мянган төгрөг гэж дуулдсан. Мал төллөөд дуусахаар ямаагаа самнана. Энэ долоо хоногтоо төл малын ажил шувтарчих байх. Тэгэхээр ирэх долоо хоногийн эхээр ямаагаа самнана. Эртхэн самнаад тушаахгүй бол хоног хоногоор ноолуурын үнэ уначихдаг” гэв. Нэг ямаанаас дунджаар 300-400 орчим грамм ноолуур гарна гэж бодохоор 60-80 кг ноолуур авахаар байна. Үүнийг 180 мянган төгрөгөөр тооцвол 9-12 сая төгрөгийн орлоготой болохоор байна. Д.Мөнх-Эрдэнийнх шиг залуу малчин өрхөд энэхүү орлого асар дэмтэй гэдэг нь тодорхой.

Э.МӨНХТҮВШИН

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Цагдаагийн ахмад С.Сайнбилэг: Насанд хүрсэн хүмүүс цахим орчинд зөв байх хэрэгтэй

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад С.Сайнбилэгтэй үе тэнгийн дээрэлхэлт, тэр дундаа цахим гадуурхалтын талаар ярилцлаа.


-Манай улсад цахим дээрэлхэлтийн өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ. Жил ирэх тусам хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар тодруулахгүй юу?

-Өнөө үед цахим хэрэглэдэггүй хүүхэд гэж байхаа больсон. Цахим орчныг дэлхий нийтээрээ өргөн хэрэглэж байна. Энэ нь хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, мэдээлэл авах сувгийг нээлттэй, өргөн болгож байгаа зэргээр олон давуу талтай хэдий ч сөрөг тал ч бий. Үүний нэг нь цахим орчныг ашиглан хүүхдийг урхидах, хуурч мэхлэх, цаашлаад дарамтад оруулах, бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийн хохирогч болгох зэрэг гэмт хэрэг, зөрчлүүд гарсаар байна. Үе тэнгийн дээрэлхэлтийн нэг хэлбэр бол цахим гадуурхалт, дээрэлхэлт. Тиймээс манай улсад энэ асуудал ямар түвшинд байгааг тогтоох зорилгоор цагдаагийн байгууллагаас энэ оны нэгдүгээр улиралд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд цахимаар санал асуулга явуулсан юм. Цахим санал асуулгад улсын хэмжээнд нийслэлийн болон орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн 100 мянга орчим сурагч сайн дурын үндсэн дээр хамрагдсан. Судалгааны үр дүнгээс товчхон танилцуулбал, судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 55 хувь нь фэйсбүүк ашигладаг гэсэн ба тэдний дунд фэйсбүүк хамгийн хэрэглээ өндөртэй цахим суваг байсан. Үүний дараа хүүхдүүдийн дунд Insta­gram, Youtube, TikTok зэрэг платформын хэрэглээ өндөр байсан юм. Нөгөөтэйгүүр цахим гадуурхалт бол хүн болгон өртдөг зүйл биш. Нэг хүүхэд рүү чиглэсэн байдлаар үйлдэгддэг.

Ерөнхийдөө тухайн хүүхдийн хөгжлийн түвшин, амьдралын бололцоо, бие эрхтэнийх нь онцлог байдлыг ашиглан худал, ташаа мэдээлэл тавих байдлаар гадуурхаж эхэлдэг. Судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 8-9 орчим хувь нь цахим орчны ялгаварлан гадуурхалтад өртөж байсан гэсэн үр дүн гарсан. Цахим гадуурхалт гэдэг үе тэнгийн дээрэлхэлтийн нэг хэлбэр. Тиймээс үе тэнгийн дээрэлхэлт ямар түвшинд байгааг авч үзэхэд судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 16 орчим хувь нь үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн байна.

-Үе тэнгийн дээрэлхэлтийн ямар хэлбэр нь хамгийн өндөр хувийг эзэлж байна вэ?

-Хамгийн өндөр хувийг эзэлж байгаа хэлбэр нь бие махбодын дээрэлхэлт. Араас нь цахимаар хэн нэгэнд нэр хоч өгөх асуудал өндөр хувьтай байна. Үүний дараа цахим гадуурхалт. Хуурамч хаяг үүсгээд бусдад нэр хоч өгч, хэл амаар доромжлох нь уулзаад хэлэхээс илүү хялбар байдаг тул цахимыг түлхүү ашиглах магадлалтай байна. Өөрөөр хэлбэл, хүүхэд хүүхэд рүүгээ чиглэсэн ялгаварлан гадуурхалтыг цахим орчин ашиглан явуулж байна гэсэн үг. Хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага, алба хаагчид тухайн хүүхдийн гэр бүлийн орчинд хамт байдаг хүн биш учраас тэдний цахим хэрэглээнд хяналт тавих боломж хомс. Хүүхэдтэйгээ хамгийн ойр байгаа хүмүүс бол эцэг эхчүүд өөрсдөө. Эцэг эхчүүд хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавих хуулиар хүлээсэн үүрэгтэй. Тиймээс хүүхэд тань цахим орчинд ямар мэдээлэл тавьж байна, ямар хүмүүстэй нөхөрлөж байна, ямар нэгэн байдлаар цахим орчинд бусдыг ялгаварлан гадуурхсан үйлдэл гаргаж байна уу, эсвэл өөрөө цахим орчны ялгаварлан гадуурхалтад өртөөд байна уу гэдгийг шалгаж, хяналт тавьж байх ёстой.

Нөгөө талаар, хүүхдүүд насанд хүрсэн хүний үйлдлийг л даган дуурайж, үлгэр жишээ авах хандлагатай байдаг. Гэтэл өнөөдөр насанд хүрсэн хүмүүсийн цахим хэрэглээ, цахим орчинд тавьж байгаа мэдээлэл нь ямар байгаа билээ дээ. Тэдний нэг хэсэг нь цахим орчинд хараалын үг хэрэглэдэг, бусдыг гүтгэн доромжилдог, хоорондоо маргалддаг зэргээр бүхий л агуулгын хүрээнд мэдээлэл тавьж байна. Энэ нь хэдийгээр насанд хүрсэн хоёр хүний маргаан мэт харагдаж байвч цаана нь тэр мэдээллийг мянга мянган хүүхэд харж байдаг. Өнөөдөр 14-өөс дээш насны хүүхдүүд бүгдээрээ фэйсбүүк платформыг ашиглаж байна. Тэд бүгдээрээ цахим дахь зүй бус хэллэгтэй, бусдыг доромжилж, ялгаварлан гадуурхсан мэдээллийг харж л байгаа. Улмаар “Томчууд ийм мэдээлэл тавьж болж байхад бид яагаад болдоггүй юм” гэсэн байдлаар ханддаг. Тиймээс насанд хүрсэн хүмүүс цахим орчинд зөв байх хэрэгтэй. Таны тавьсан мэдээлэл, зураг, бичлэг, текст ямар нэгэн байдлаар бусдыг доромжилсон өнгө, агуулгатай бол энэ нь буцаад бусдын хүүхдэд, өөрийн тань хүүхдэд ямар нөлөө үзүүлэх вэ гэдэгт анхаарах цаг болсон.

-Цахим гадуурхалт, дээрэлхэлтийн ямар нэгэн шинэ хэлбэр гарсан уу?

-Цахим орчны гадуурхалт нэр хоч өгөх, хэн нэгний талаар худал ташаа мэдээлэл бусдад түгээх, олуулаа нийлээд нэг хүүхдийг доромжлох, дээрэлхэх, хүүхдийн эвгүй байрлалтай зураг, бичлэгийг нь нийтлэх, эсвэл тоглоом шоглоомоор ярьсан үг, өгүүлбэрийг нь мушгих байдлаар бичлэг хийж цахимд тавих гэсэн ийм л хэлбэрүүдтэй. Үүнээс өөр байдлаар цахим ялгаварлан гадуурхалт байхгүй.

-Хохирогч цагдаагийн байгууллагад хандах нь хэр байдаг вэ?

-Цахим гадуурхалтад өртсөн хүүхэд өөрөө цагдаагийн байгууллагад хандах тохиолдол маш бага байдаг. Тухайн хүүхэд рүү чиглэсэн цахим гадуурхалт үргэлжлэхийн хэрээр хүүхдийн сэтгэл зүйд маш том дарамт үүсгэдэг. Улмаар сургууль, цэцэрлэгтээ очих дургүй болдог. Сүүлдээ сэтгэл зүйн асуудалтай болоод ирэхээрээ эцсийн шатанд эцэг эхдээ хэлдэг. Харин зарим хүүхдүүд эхэн үед нь эцэг эхдээ хэлдэг. Дийлэнх хүүхдүүд больчих байлгүй дээ гэж бодоод, эсвэл өөрөө аргалах гээд эцэг эхдээ хэлэлгүй нуудаг. Ингэж явсаар тухайн асуудал улам даамжирсаар хүндэрсэн хойно нь эцэг эхдээ мэдэгддэг. Харин үүний дараа эцэг эх нь цагдаагийн байгууллагад хандах тохиолдол байдаг.

-Цахимаар дээрэлхэж, гадуурхсан тохиолдолд ямар хариуцлага тооцох вэ?

-Өмнө нь манай улсын хууль тогтоомжид үе тэнгийн дээрэлхэлтийг тодорхойлсон тодорхойлолт ч байгаагүй. Харин өнгөрсөн онд энэ асуудлыг хуульчилсан байдаг. Тухайлбал, үе тэнгийн дээрэлхэлт гэдэгт юуг ойлгох вэ гэдгийг Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан. Үе тэнгийн дээрэлхэлтийн хэлбэр, хор уршгаас нь хамаараад тухайн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байвал эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Харин зөрчлийн шинжтэй үйлдэл байвал Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авна. Хэрэв зөрчлийн шинжийг хангахгүй бол үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн хүүхдийг эцэг эхийнх нь хамт сургалтад хамруулах талаар Хүүхэд хамгааллын тухай хуульд заалт орсон.

-Цахимаар буюу дэлгэцийн цаанаас гэдэг утгаараа хүүхдүүд хэлсэн үг нь нөгөө хүнийхээ сэтгэлд хэрхэн тусахыг төдийлөн ойшоодоггүй тал бий?

-Тийм ээ. Ер нь хүүхдүүд хувийн таарамжгүй харилцаагаа эерэг аргаар шийдвэрлэхгүй, маргааны асуудлаа өөртөө ашигтай байдлаар шийдвэрлэхийн тулд худал мэдээлэл тараах, эсвэл нөгөө хүүхэд өөрт нь таалагдахгүй байдал болон үзэл бодол, хүсэл сонирхлын зөрчилдөөнтэй байдлын улмаас гадуурхалт үүсч эхэлдэг. Таны бусдыг доромжилж, гомдоосон үйлдэл тухайн хүнийхээ сэтгэл зүйд ямар нэгэн байдлаар сөрөг нөлөө үзүүлж байдаг. Тиймээс хүүхдүүд бусдыг хэмлэх, доромжлох, гутаах, гүтгэх, харлуулах, шархлуулах үг, үйлдэл хийхээсээ өмнө өөрт нь хэн нэгэн яг тийм үг, үйлдэл үзүүлсэн бол ямар сэтгэгдэл төрөх талаар бодолцож, бусдын өмнөөс өөрийгөө тавьж үздэг байх хэрэгтэй байна.

Ө.АНХЗАЯА

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл эдийн-засаг

Б.Ганбаяр: Татвар, НДШ-ийн дарамтаас болж дотоодын том компаниуд Монголоос гарах гэж байна

Санхүүгийн шинжээч, хөрөнгө оруулагч Б.Ганбаяртай ярилцлаа.


-Монголд бизнес эрхлэх хэцүү байна уу. Та яагаад аж ахуй эрхлэхээ больсон юм бэ?

-Би сүүний жижиг цех ажиллуулж, арваад хүнийг ажлын байраар хангаж байгаад, өнгөрсөн оны есдүгээр сарын эхээр зарсан.

-Ямар шалтгааны улмаас зарах болсон талаараа ний нуугүй ярихгүй юу?

-Аж ахуй эрхэлж буй хүнд хамгийн том дарамт нэгдүгээрт, Нэмэгдсэн өртгийн албан татвар байдаг. Хоёрт, Нийгмийн даатгалын шимтгэл. НДШ одоо ид яригдаж байна. Өмнө нь бизнес эрхлэгчид энэ тухай хоорондоо л ярихаас ил ярьдаггүй байсан. Нийгмийн даатгалыг хүмүүс ажилчин л төлдөг гэж боддог ч аж ахуйн нэгж ажилтантайгаа бараг тэнцүү хувиар нэмж төлж байна. Цалинг нь нэмье гэхээр яг тэр нэмснээсээ давсан хувиар шимтгэл төлөх ёстой болдог. Компаниас өгч байгаа хувь нь ямар шаардлагатай, ямар хэрэгтэй, ямар ач холбогдолтой вэ гэдэг нь тодорхойгүй, төлөөд л яваад байдаг.

Энэ нь эргээд ажилчдынхаа цалинг нэмэх, ажилтнаа тогтоон барих, илүү хөгжүүлэх боломжийг хаачихдаг. Сүүлдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулаад яваад байхаар нийгмийн даатгалын төлөлт нь худлаа гараад, эргээд ажилтандаа сөрөг нөлөөтэй байсан. Бодитоор нь төлөөд нэг хэсэг явж үзсэн. НДШ-ийн асуудлаас болж нэг хэсэг өрөнд орсон. Арай гэж өрөө дараад, “За больё” гээд цехээ зарсан.

-Цахилгааны үнэ тарифыг нэмсэн. Аж ахуй эрхлэхэд төр засгийн энэ шийдвэр хэрхэн нөлөөлсөн бэ?

-Хүмүүс цахилгааны үнэ тарифыг 20, 30-хан хувь нэмэгдсэн гэж бодож байгаа ч сайн тооцоолоод харвал зарим хэсэг дээрээ 450 орчим хувиар буюу 4.5 дахин нэмэгдсэн байгаа юм. Ялангуяа эрчим хүч, дулаан зарцуулалт дээр аж ахуйн нэгжээр тооцдог. Аж ахуйн нэгжийн төлдөг үнэ айл өрхийн тарифаас хамаагүй өндөр шүү дээ. Бизнес тасралтгүй, тогтвортой явж байтал цахилгааны өдөр, шөнийн тариф хэд дахин нэмэгдээд эхлэнгүүт гарч буй бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнийг өсгөхөөс өөр аргагүйд хүрсэн. Ингэхээр хэрэглэгчид яаж худалдаж авах билээ. Худалдан авагчгүй болно. Тэгээд орлогогүй болох нь тодорхой. Хүмүүс нэг юмыг бас анзаарахгүй байгаа юм.

-Тэр нь юу вэ?

-Цахилгааны үнэ нэмэгдсэн. Цэвэр, бохир усны, дулааны үнэ нэмэгдээгүй байна. Ялангуяа сүүний үйлд вэрлэл зэрэг хүнсний аж ахуй эрхэлдэг хүмүүсийн нэг мэддэггүй асуудал нь технологийн буюу халуун уурны тариф мөн адил нэмэгдэж байгаа юм. Эдгээрийн үнэ нэмэгдэхээр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ордог гол процессын тариф нэмэгдэнгүүт бүтээгдэхүүний суурь үнэ дор хаяж 20 хувь нэмэгдэх болчихож байгаа юм. Та бод доо. Өнөөдөр сүү НӨАТ-гүй тулдаа л 4000-5000 төгрөгийн хооронд хэлбэлзээд яваад байна. Хэрвээ НӨАТ-тай байсан бол шууд 20 хувь нэмэгдэнэ. Технологийн уурын нэмэгдэл ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Энэ нэмэгдвэл үйлдвэрлэгчид сүүний үнийг шууд 20 хувь нэмэхээс өөр аргагүй болно. Сүү хэрэглэж сураагүй, сүүний хэрэглээ багатай байгаа энэ үед үнэ нь нэмэгдчихвэл юу болох вэ. Талхны үнэ ойлгомжтой, шууд нэмэгдэнэ. Бас л технологийн уур хэрэглэдэг. Хүнсний салбарт байнга хэрэглэгддэг. Хүмүүс анзаардаггүй, мэддэггүй болохоос нарийн тех нологийн уур зайлшгүй хэрэглэх болдог.

-Та эрсдэлээ урьдчилж хараад бизнесээ зарахад хүрчээ дээ?

-Тийм ээ, би урьдчилж харсан.

-Бизнесээ орхиогүй гүрийгээд яваа хүмүүст ямар нэг эрсдэл учрахаар байна уу?

-Засгийн газраас өргөн бариад байгаа татварын багц хуулийн нэмэлт өөрчлөлт. НӨАТ, ААНОАТ, ХХОАТ, Татварын ерөнхий хууль. Энэ хуулиудын төслийг харахад манай татварын орчин сайжрах байдал ерөөсөө харагдахгүй байгаа юм. ААН-үүд дээр ч дарамт улам нэмэгдэж ирж байна. Хэлэлцүүлэг явуулаад байгаа хуулийн өөрчлөлтийн төслийг сайн уншаад харвал, хувь хүний орлогын албан татварыг суурь тооцоо дээр жишээлбэл, 120 сая төгрөгийн босго байгаа. Энэ босгод юу юуг хамруулж ойлгох юм бэ гэдэг нь өөр болоод явчихсан байна.

-Өмнө нь ямар байсан бэ?

-Зарим орлогуудыг тооцдоггүй байсан. Гэтэл бүгдийг нь тооцдог болгоод оруулаад ирж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, өөрийн эзэмшсэн мэргэжлээр хар яриагаар “халтуур”, зөвлөн туслах үйлчилгээ ганц, хоёр удаа үзүүлдэг. Тэр орлогыг суурь 120-ын босгод оруулж тооцохоор болж байгаа юм. Шатлалаараа тооцвол бараг 30 гаруй хувийн татвар төлнө. Одоо бид 20 хувийн татвар төлж байгаа. Уг нь бид татварыг хөнгөлье, чөлөөлье, хамрах хүрээ, татварын суурь баазаа томруулах бодлого барих байтал эсрэгээр нь суурь баазаа хумиад, дээр нь татварын шатлалуудаа нэмээд явчихаар хувь нь нэмэгдэнэ. Ингэхээр яаж өндөр цалинтай ажилчид тогтвор суурьшилтай ажиллах юм бэ.

-Монголд уул уурхайн салбарт ажиллаж буй хүмүүс л гайгүй цалин авч байна. Хэрвээ татварын шатлалууд нэмэгдвэл тэдний татварын хувь хэмжээ өснө гэсэн үг үү?

-Манай уул уурхайн салбарт ажилладаг, гайгүйхэн шиг том, дунд компанийн дундаас дээш түвшний менежерийн цалин бараг хоёрдугаар шатлалтай татвартаа ороод эхэлнэ. Бараг 30 хувийн татвар төлнө гэсэн үг байхгүй юу. Хувь хүний албан татвар шүү. Энийгээ дагаад Нийгмийн даатгалын тухай хуулиараа шимтгэл нь бас өндөр болоод явчихна. Ингээд эхлэхээр аж ахуйн нэгжүүдэд гайгүй сайн мэргэжилтэй, дадлага туршлагатай хүмүүсээ ажиллуулъя, өндөр цалин хангамж олгоё гэхээр одоо мөрдөгдөж байгаа болон шинээр өргөн барьсан татварын хуулиуд энэ чигээрээ батлагдвал Монголд ажиллах хүч бүр олдохоо байна. Бизнес эрхлэх ямар ч боломжгүй болж эхэлнэ.

-Өөр анхаарал татаж буй ямар асуудал байна вэ?

-Давхар татварын асуудлыг ерөөсөө хэн ч ярихгүй байна. Нэг татвар төлсөн дүнгээс дахиад татвар аваад байгаа нь хэр зөв юм бэ. Энэ өргөн барьсан хуулийн төсөл дээр ч байхгүй байна. Ийм төрлийн татвараас авчихсан бол дараа нь нэмж авахгүй шүү гэдэг заалт ерөөсөө байхгүй хэрнээ давхардуулж авна гэсэн утгатай зүйл яваад байгаа юм. Ингээд байхаар яаж бизнес хөгжиж тэлэх вэ. Ямар ч боломжгүй болж байна. Миний ойрын хүрээнийхний мэдээлснээр, Монголын дөрвөн том компани Монгол Улсаас гарах гэж байна. Өөрөөр хэлбэл, гадагшаа гараад, Монгол Улсад бүртгэлгүй болох гэж байна гэсэн үг. Гадаадын улсад бүртгэлтэй болж, тэндээ татвараа төлье гэж байна.

-Татварын дарамт их байхад өөр яалтай ч билээ…

-Томчууд ингээд гараад эхлэх нь. Тэгвэл жижгүүд нь гардаггүй юм аа гэхэд үйл ажиллагаа явуулахаа больж байна. Жижгүүд гараад эхэлбэл улсад ажил хийдэг хүнгүй болох гээд байна шүү дээ. Татварын бодлого уг сууриараа, үндсээрээ буруу яваад байна. Үүнийг зөв тийш нь залж залруулахгүй бол маш олон асуудал үүснэ. Бид өнөөдөр зөвхөн хуулийг нь л яриад байна. Гэтэл тэр хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн заалтыг яаж хэрэглэх юм бэ гэдгийг огт ярихгүй байна. Тэр журмууд нь яг зөв гарч байгаа юм уу, тооцоолол нь зөв юм уу, тэр тооцооллыг бодсон томьёо нь зөв юм уу гэдэг дээр хэн ч нэг ч үг үсэг ярихгүй байгаа нь дараагийн том асуудал. Хуулиа батална, дагаж мөрдөх журмын тухай хуулиараа журмаа баталдаг. Тэр журам нь өөрөө асуудалтай байвал яах юм бэ. Ингээд бие биетэйгээ уялдаа, хамааралтай маш олон салбар нэгийг нь буруу хийчихэд л нөгөөхдөө дам дам нөлөөлөөд явчихаж байгаа юм. Өнөөдөр ХХОАТ гээд, санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа өөрийнхөө дур сонирхлоор юм хийж буй хүмүүсээс тухайлбал, хувьцаа, бонд зарж ашгаас нь авдаг татварыг нэг хувь гээд хөнгөлж чөлөөлнө гэсэн гоё заалт байна.

-Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа юу?

-Хэрэгжиж байгаа. Өнгөцхөн харахад гоё байна. Гэтэл энэ заалтыг хэрэгжүүлэхээр дагаж мөрдөх батлагдсан журам нь юу вэ. Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам хоёрын баталсан журам нь өөрөө алдаатай. Энэ журмаас болоод зүгээр байсан хүмүүс нь өрөнд орно. Дээрээс нь манай бизнесийн орчны хамгийн том санхүүгийн салбарыг тэр чигт нь унагачихаж байна. Хууль нь зөв хууль гарсан. Гэтэл тэр хуулийг дагаж мөрдөж буй журмыг буруу гаргасан. Одоо ингээд Монгол Улсад гадны том хөрөнгө оруулагчид орж ирэхээ болиод, эсрэгээр Монголоос хөрөнгө нь гадагшаа гардаг болчихоод байна. Энэ нь хамгийн наад зах нь журмаас л болж байгаа юм. Нэг хувийн хөнгөлөлтийг яаж тооцох юм бэ, яаж тооцож авах вэ гэдэг журмаас болоод гадны хөрөнгө оруулалт Монголд орж ирэхээ больсон. Эсрэгээрээ Монголын хөрөнгө оруулалт бүгд санхүүгийн салбараас гараад, гадагшаа явж байна.

-Дотоодынх гадагшилж байгааг илтгэх нотолгоо бий юү?

-Энэ бол их энгийн статистик судалгаатай тоо л доо. Өнөөдөр дөрөвдүгээр сарын эхний долоо хоног өнгөрч байна. Гэтэл сүүлийн яг нэг жилийн хугацаанд явагдсан санхүүгийн салбар дахь нийт үйл ажиллагаа, арилжааны тоо энэ журам батлагдангуут эрс буурсан байна. Бид тэнэг хүмүүс биш шүү дээ. Буруу тооцоолол байна гээд хэлээд байхад тэр чигээр нь баталчихсан. Энэ хэрээр санхүүжилт гараад явчихаж байгаа юм. Санхүүгийн салбарын энэ байдал бусад салбартаа ч нөлөөлөөд эхэлж байна. Мөнгө нь Монголдоо байхгүй, гадагшаа гараад явчихсан. Энэ бүхний эцэст Монголд мөнгө байхгүй, ажиллах хүч байхгүй болно. Дээр нь том компаниуд нь Монгол Улсад бус, татварын таатай улсуудад бүртгүүлээд явж байна. Энэ бол бүр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороон дээр яригдсан асуудал юм. Би ямар нэгэн байдлаар таагаагүй, тэдгээр компаниудын нэрийг хэлж болохгүй. Энэ бүхэн манай хууль цогцоороо, системээрээ буруу яваад байгаагийн л илрэл.

-Энэ байдлыг хамгийн түрүүнд мэдэрч байгаа салбар гэвэл?

-Санхүүгийн сал барын хан. Дараа нь жижиг, дунд үйлдвэрлэлийнхэн. Жижиг, дунд дотроо хүнсний салбарынхан илүүтэй мэдэрч байна. Дараа нь хувцас, оёдлын салбарынхан бүр их мэдэрч байна. Худалдан авагчгүй болж эхлэхээр ажлаа яах вэ, борлуулалтаа яах вэ, өр зээлээ яах вэ гээд дагаад санхүүгийн салбартаа буцаад ирнэ. Зээлийг хэнээс авах вэ, банк болон банк бусаас авч байгаа. Зээлээ төлж чадахгүй болвол чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдээд эхэлнэ. Үүнийг дагаад банкны өр, зээлийн харьцаа алдагдана. Ингээд улсын эдийн засаг унах нөхцөл бүрдэнэ. Эндээс манайд яригдаж байгаа асуудлууд бүгд орвонгоороо буруу яваад байна. Тиймээс татварын зөв бодлого барих хэрэгтэй. Одоо бидний ярих дуртай, АНУ-ын шинэ ерөнхийлөгч Дональд Трамп хамгийн түрүүнд гаргасан татварын бодлогоороо дотоодод байгаа татварыг бүгдийг нь тэглэчихлээ. Харин гадаадаас бараа оруулж ирж байгаа бол нэмнэ гээд, хамгийн бага нь 10, тэгээд 40, 50 гээд явчихаж байна. Тэрэнтэй адилхан биш юм аа гэхэд бид тэр хүмүүсийн зөв юмыг дуурайх хэрэгтэй байна шүү дээ.

-Тухайлбал?

-Татварыг ямар нөхцөлд тэглээд байна вэ, ямар татварыг нэмэх ёстой вэ гээд. Гэтэл манайх дотооддоо үйлдвэрлэж байгаа хүмүүсээсээ өндөр татвар авна гээд, импортоор орж ирж байгааг татвараас чөлөөлнө, тэглэнэ гэж яриад байгаа нь өөрөө манай бодлого яг эсрэгээрээ, буруу яваад байгааг харуулж байгаа юм. Гэтэл манайхаас өөр ийм бодлого барьж байгаа орон алга. Хорвоо дээр бараг ганцхан буруу системтэй, буруу бодлоготой нь манайх болчихоод, дотоодын үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч нар нь ямар ч боломжгүй, эхнээсээ гарч эхэллээ. Энэ маш том асуудал болж байна.

-Ийм байдлаас яаж ангижрах вэ, ямар гарц байна гэж та хэлэх вэ?

-Хамгийн түрүүнд хуулиа концепци, системтэй нь томоор нь харахгүй бол Монголын эдийн засаг унаж байна. Макро түвшинд өнөөдөр том зургаараа унаад эхлэхэд эргээд маш богино хугацаанд жижиг түвшиндээ хурдан мэдрэгдэнэ. Яагаад вэ гэвэл, манай эдийн засаг тийм том биш. Олон салбартай ч биш. Уул уурхайгаар дагнасан ганцхан эдийн засагтай. Тэрнээсээ олсон жаахан юмаа бусад салбартаа тарааж шингээдэг л эдийн засаг. Гэтэл ингээд татварын бодлого эсрэгээр явчихвал уул уурхайд ажиллаж байгаа тэр өндөр цалинтай хүмүүсийнхээ цалинг яах юм бэ. Татвар хоёр, гурав дахин нэмэгдээд явчихаар тэр хүмүүс яах вэ. Бодлогууд энэ мэт буруу яваад, харьцуулсан судалгаанууд ерөөсөө хийгдэхгүй байна. Нөгөө талд гишүүд хууль боловсруулахдаа яг тухайн салбарт нь байдаг, ажиллаж амьдардаг хүмүүсээс ерөөсөө санал авахгүйгээр хууль тогтоомжийн тухай хуулиар төрийн байгууллагаас судалгаа, санал авна г эдэг. Гэтэл төрийн байгууллагын ажилтан төрийн албан хаагч. Тэр тухайн салбарт ажилладаг хувийн хэвшлийн хүн биш. Тухайн хуулийг шууд өөр дээрээ авч хэрэгжүүлдэг субьект биш байхад очиж саналыг нь авдаг нь буруу байгаа юм. Ерөөсөө манай бүх хууль хорино, хаана, бооно, түгжинэ, торгоно, шийтгэнэ гэсэн агуулгатай байдаг. Ийм байхад бизнес яаж хөгжих юм бэ.

Д.Эрдэнэтуяа

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Ч.Найдандорж: Авьяастай уран бүтээлчдийг архинд, нэр алдарт донтох, биеэ тоох, магтаалд живж ухамсаргүй болох өвчнүүд отож байдаг

УДЭТ-ын зөвлөх найруулагч, МУУГЗ Ч. Найдандоржтой ярилцлаа.


-Таныхаар театрын урлагийн хамгийн чухал мөн чанар юу вэ?

-Театр бол хүн төрөлхтний бий болгосон мөнхөд амьдаараа байх урлаг. Үзэгчид уран бүтээлчидтэй амьд харьцаа үүсгэдэг цорын ганц урлаг бол театрын урлаг. Драмын жүжигчид ам барина гэж байхгүй. Драмын урлаг бол үзэгчдийн нүдийг баясгаж, сонорыг мялааж, оюуныг хөглөж, сэтгэлийг төгөлдөржүүлдэг бурханлаг урлаг. Чухамдаа мөн чанар нь үүнд л оршиж, онцлог нь тодорхойлогдоно.

-Таныг тэтгэвэрт гарч байгаа гэж урлагийн хүрээнд ярилцах боллоо. Авьяас тэтгэвэрт гардаггүй гэж ярьдаг. Та энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

-Янз янз л байх. Н.Сувд гуайг, Г.Мягмарнаран гуайг, П.Цэрэндагва ахыг авч ирээд дүр өгөхөд би тэдэнд итгэнэ. Бэлэн байна. Хэдий тэд нас өндөр болсон ч ажиллах чадвар нь өндөр байна. Адаглаад л театрт байхдаа залуучуудад нөлөөлөх нөлөөлөл нь хаачих вэ дээ. Тэд бол домог. Харамсалтай нь тэр домгууд өнөөдөр Засгийн газрын хэмнэлтийн бодлого гэдэг зүйлээс болж төрийн байгууллагад байнгын ажиллах эрхгүй болчихлоо. Тэд театртаа ирээд бидэнтэй хамт байж, налайгаад сууж байхад л тайз дүүрдэг, уран бүтээлчдийн өрөө дүүрдэг. Хуучин цагт Г.Гомбосүрэн гуай 80 нас дөхөж байхдаа бидэнтэй цуг ажиллаад, уран бүтээлээ хийгээд явж байлаа. Тухайн үед бид Г.Гомбосүрэн гуайн сууж байгаа өрөөнийх нь үүдний хажуугаар өнгөрөхдөө өлмий дээрээ сэмээрхэн явдаг байлаа шүү дээ. Энэ нь айдас хүйдэс биш, цаанаа том соёл, ёс зүй, өв уламжлалыг агуулсан үйлдэл.

-УДЭТ шинэ удирдлагатай болж үе солигдож байгаа нь гаднаасаа тод харагдаж байна. Харин дотроо юу болж байгаа вэ. Шинэ удирдлагын бодлоготой танилцсан уу?

-Бид бүгдээрээ танилцсан. Ороо бусгаа цаг дуусаагүй байна.

Д.Цэрэнсамбуу гуай олон жил театрын захирлаар ажилласан. Ингэхдээ энэ театрыг унагалгүй, зохих түвшинд, гавьяаныхаа амралтад суут лаа авч явлаа. Театр сонгуулийн тоглоом болж болохгүй. Учир нь Монголын ард түмний оюуны хөтөч, нийгмийн оюун сэтгэхүйг чиглүүлэх чухал үүрэгтэй байгууллага. Гурван сая гаруй монголчуудаас хамгийн авьяастай нь, өөрөөр хэлбэл, монгол чуудын эрдэнэс болсон авьяастнууд энд л бий. Энэ байгууллагыг удирдаж авч явах хүн цүнх баригч байж болохгүй. Бид үүнээс их айж байсан. Гэтэл ашгүй энэ театрын захирлаар жүжигчнээс найруулагч, най руулагчаас ерөнхий най руулагч болж явсан, энэ бүхий л замыг туулж ирсэн Н.Наранбаатар гэдэг залууг Төр засаг томиллоо. Бид ч дотроо бэлдэж байсан. Д.Цэрэнсамбууг 60 нас шүргэх үеэс эхлээд би “Самбуу удахгүй сууна шүү. Би ар талынхаа хүнийг бэлдчихсэн шүү, Н.Наранбаатарыг. Чи ар талынхаа хүнийг бэлдэж байгаа юу” гэсэн яриа бидний хооронд бишгүй өрнөж байсан. Дуурийн театр боловсон хүч ний бодлогогүйгээсээ болж ямар их зовлонг туулж байв. Хүүхдийн театр ямар их эмгэнэлтэй байдалд хүрэв. Драмын театр ч энэ хүнд байдлыг үзээгүй биш, үзсэн. Бидэнд ийм туршлага бий. Өөрийнхөө үед ажиллаж амьдраад тэтгэвэртээ суугаад л театраа мартаж болохгүй. Хойч үеэ бэлдэх хэрэгтэй. Энэ бол маш эмзэг асуудал. Гэхдээ дарга болох дуртай хүмүүс маш олон. Манай жүжигчдээс, гадна дотноос, мэргэжлийн, мэргэжлийн бус есөн шидийн хүмүүс дарга болох дуртай. Бид түүнээс их айж байсан. Б.Баатар найруулагч, Б. Мөнхдорж багш, Д.Цэрэнсамбуу захирал бид дөрөв санал нэгтэйгээр “Н.Наранбаатарыг залуу байгаа дээр нь, ид хийж бүтээж яваа дээр нь итгэл өгье. Хажууд нь та бид байна. Болохгүй бол зад загнана. Зөв зүйлийг нь дэмжье. Асар Басар нохой шиг Баатар хоёулаа хажууд нь байя” хэмээн театрын ерөнхий найруулагч болгох тухай ярьж, бид энэ хүүхдийг бэлдсэн. Одоо түүнийхээ үр шимийг бид үзэх ёстой. Би энэ театртай нэр холбогдоод 40 гаруй жил болж байна. Хэдэн жилийн өмнө театрын дарга Д.Цэрэнсамбуу, уран сайхны удирдаач Н.Сувд гуай байхад театрын удирдлагын албан тушаалд горилсон хүмүүс янз бүрийн үйл ажиллагаа явуулж байсан. Би тэдэнд “Өнөөгийн театрын удирдлага гологдож байж болно. Тэгвэл яах ёстой юм. Төлөвлөгөөгөө бичээд ир. Түүнтэй чинь танилцаад хэрэв та нарын зөв, та нар театрыг хөгжүүлэхийн тулд шинэлэг зүйл хийх төлөвлөгөөтэй байвал бид гараа өргөөд бууж өгөөд зайгаа тавьж өгье” гэхэд нэг нь ч, юу ч бичиж ирээгүй. Хүссэн болгонд нь тамга бариулж болохгүй.

-Жүжгийн зохиолыг театр сонгодог юм уу, найруулагч нь сонгодог юм уу. Сүүлийн үеийн жүжгийн зохиолуудын чанарын тухайд та юу хэлэх вэ?

Янз бүр. Дэлхийн том зохиолуудыг шүүрч аваад би том бүтээл хийдэг том найруулагч болъё гэвэл учир дутагдалтай. Хүн төрөлхтний бүтээсэн утга зохиолын сан гэдэг бол далай шүү дээ. Энэ их өв сангаас хэзээ, юуг сонгох вэ гэдэг бол сонголт. Том зохиолчдын зохиолоор бүтээл хийдэг том найруулагч болж харагдах нэг өөр. Үзэгчдийн оюуны хэрэгцээ, нийгмийн захиалгыг олж харж, сонгож урлагийн бүтээл болгож, хүн очиж үзэхгүй л бол болохгүй болтол нь хийх гэдэг өөр асуудал. Манай театрын хувьд аль жүжигчин хэзээ, ямар дүрээр, яаж задалж, яаж хөгжүүлэх вэ гэдгийг бас бодно. Шулуухан хэлэхэд, УДЭТ жүжигчдийг төрүүлдэг цорын ганц гал голомт. Энд орж ирсэн жүжигчин өөрийгөө олдог, арга барил, туршлага хурдан суудаг, мэргэжилдээ ахидаг. Харин тэднийг телевиз, кино, шоу, продакшнууд мөлждөг. Оросын алдарт жүжигчин Ульянов “Би театраас авч кинонд өгдөг” гэж хэлж байсан юм. Энэ бол үнэн. Театр бол дуртай хүн нь орж ирээд дур зоргоороо дургиж, дунд чөмгөөрөө жиргэдэг газар биш. Уран бүтээлийн эрх чөлөө бүтээл дээрээ харагддаг. Хэрэв жүжигчин эрх чөлөөг их хүсвэл авьяас нь хөгжихгүй. Үүнийг бид “зэвэрнэ” гэж ярьдаг юм. Өөрийн араншин, сул дорой байдлаасаа болж сайхан авьяастнууд их амархан, эрт зэвэрсэн олон тохиолдол бий. Авьяастай уран бүтээлчдийг архинд донтох, нэр алдарт донтох, биеэ тоох, ханах, магтаалд живж ухамсаргүй болох өвчнүүд отож байдаг юм. Жүжигчин дүр дээрээ ажиллах ёстой. Дээр нь өөртэйгөө ажиллах ёстой. Өөрөө өөртэйгөө ажиллана гэдэг байнгын бэлэн бай далд бэлтгэлтэй байна гэсэн үг. Тэд өөрт дутагдаж байгаа элементүүдийг олж харж, дутуугаа нөхөж, өөрийгөө хөгжүүлж байх ёстой. Харамсалтай нь би дэнд өөртэйгөө ажиллах ажиллагаа их үгүйлэгдэж байна. Өөртэйгөө ажилладаг жүжигчид бий. Тэд аль хэдий нэ түмний танил болсон. Өөртэйгөө хэдий чинээ ажил лана, төдий чинээ авьяас нь задарч ямар ч дүрд тоглоход бэлэн болдог.

-Та нийт хэдэн жүжиг найруулсан бэ. Найруулсан жүжгүүдээсээ хамгийн хайр тай, сэтгэлд хоногшсон бүтээлээ нэрлээч?

-Хэдэн жүжиг найруулснаа тоолж үзээгүй. Бүх жүжиг минь миний сэтгэлд үлдсэн. Би бүх жүжгээ аугаа гэж боддог. Найруулагч болгон “Би муу жүжиг хийгээгүй” гэж боддог. Би ч тэдэнтэй адилхан.

-УДЭТ жилд дунджаар хэдэн жүжиг тавьдаг вэ?

-Янз бүр. Гиннесийн номд орохоор олон жүжиг найруулсан хүн бол Б.Мөнхдорж багш. Багш драмын театрт 20 жил ажиллахдаа 40 гаруй жүжиг найруулсан. Үүнийг гүйцэх найруулагч байдаг эсэхийг би мэдэхгүй. Би бол үүний талд нь ч хүрэхгүй. Гэхдээ Мөнхдорж багшийн найруулсан жүжгүүдийн ихэнх нь амжилттай болсон. Зарим найруулагч гурван жүжиг амжилттай хийвэл сайн найруулагчид тооцогдоно шүү дээ. Нэг дүрийг гайхамшигтай бүтээгээд тэр нь ард түмний сэтгэлд үлдчихсэн сайхан жүжигчид бий. Гэхдээ юм болгоныг гайхалтай хийдэг хүнийг би үзээгүй.

-Монголын театрын хөгжлийг дэлхийн театрын чиг хандлагатай харьцуулахад ямар түвшинд явж байна вэ. Танай салбарт тулгамдаж байгаа асуудал гэвэл юуг нэрлэх вэ?

-Орос сургагч нар Мон голын театрын үндэс суурийг маш зөв тавьсан. Үүний дараа бид үндэсний боловсон хүчнийг бэлддэг болсон. Тухайн үед жүжигчдийг Д.Маамхүү, Б.Мөнхдорж, С.Сугар, Л.Лхасүрэн нарын маш сайн багш нар бэлдэж байлаа. Тэд нэг хэсэг МУБИС-ийн Кино драмын анги болон СУИС-д боловсон хүчнийг бэлдэх хүртэл голлогч боловсон хүчнийг бэлддэг байсан. Тэр үеийнхэн өнөө дөр Монголын хошин урлагийг, УДЭТ, орон нутгийн театруудыг нуруун дээрээ үүрч явна. Харин орчин үед жүжигчний мэргэжлийг оюутан байх хугацаандаа эзэмшиж гардаг мэргэжил гэдгийг Их, дээд сургуулиуд ойлгохгүй байх шиг. Тэд мэдлэг аваад гардаг мэргэжил болгочихоод байна. Энэ хоёр ялгаатай. Жүжигчний мэргэжлийн уран чадварын хичээлийн цагийн гуравны нэгийг нь хасчихсан. Намайг оюутан байх үетэй харьцуулах юм бол шүү дээ. Дээр нь элсэгчдийн тоо нь ихэссэн, анги танхимын хүрэлцээ багассан, багшийн тоо цөөрсөн зэрэг олон хүчин зүйл ирээдүйн театрын урлагийн хөгжлийг нэлээн доош буулгах болов уу гэсэн болгоомжлол, хардлага надад байна. Үнэнээ л хэлье. Энэ бол буруу. Оюутан сурах хугацаандаа тухайн сэдвийг эзэмших боломжгүй, ойлгоод л өнгөрөх хэмжээний болчихсон нь харамсалтай. Тухайн мэргэжлийг магадлан итгэмжлэхдээ хоёроос доош гүй тайзтай, нэг анги, танхимыг нэг курсийн оюутнууд бүтнээр нь эзэмших тухай тусгах хэрэгтэй. Ингэхгүй л бол ирээдүйд сайн жүжигчин хэ зээ ч гарахгүй гэдгийг зоригтойгоор хэлье.

-Театрын урлаг хүнд хэцүү, цалин бага, ажил ачаалал ихтэй болохоор үнэн сэтгэлтэй нь л тэсэж үлддэг гэж ярьдаг. Та юу хэлэх вэ?

-Би 1987 он хүртэл энэ театрт жүжигчнээр ажиллаж байсан. Тэр үед надад Г.Доржсамбуу найруулагч “ Найдандорж оо, чи урлагийн төлөө амьдралаа зориулаад, өөрийнхөө чөмгийг дундартал ажиллаж чадах уу. Чи бага цалин авч болно. Гэхдээ бурхан тэнгэр чамайг харж байгаа. Чи хэзээ ч гуйлгачин болохгүй. Хэрэв чамд асар их мөнгийг сонгох уу, жүжигчний мэргэжлийг сонгох уу гэсэн сонголт ирвэл чи жүжигчний мэргэжлээ сонгож үзээрэй дээ. Тэр үедээ чи асар их зүйл алдаж байгаа юм шиг боловч асар их зүйлийг олж авч байгаа гэдгийг амьдрал чамд үзүүлнэ” гэж хэлж байсан юм. Би түүнд нь итгэдэг юм.

-Та нэгэн ярилцлагынхаа үеэр өөрийн бүтээлийнхээ нээлтийг үздэггүй хэмээсэн байсан. Яагаад вэ?

-Найруулагчийн мэргэжил их адармаатай. Хүнээр дамжуулж, хүний тухай, хүнтэй ярьдаг мэргэжил. Хүнээр дамжуулж гэдэг нь жүжигчдээр дамжуулж гэсэн үг шүү дээ. Жүжигчин нэг дүрийг өдөр болгон өөр өөр тоглодог. Зарим өдөр нулимс гартал, гайхширал төртөл хийнэ. Зарим өдөр халтирах тохиолдол бий. Жүжигчид яг л миний тархи, сэтгэл зүрхэнд байгаа тэр хөг, нотоор тоглох нь маш ховор байдаг. Тэгэхээр би тэвчээр алдана, жүжигчдэдээ дараа нь янз бүрийн юм ярина шүү дээ. Тоглолт дундуур тэднийгээ тэгж үймүүлээд яах вэ дээ. “Зогс! Ингэж явахгүй дахиад эхнээс нь эхэл” гээд орилоод унавал яана. Арай ч тэгэхгүй байх л даа. Гэхдээ нээлт үзэх их тамтай байдаг. Тэгж өөрийгөө тамлаад яах вэ дээ.

-Та кино найруулж үзээгүй гэсэн. Ер нь танд кино найруулах хүсэл байна уу?

-Байхгүй. Кино найруулахын тулд би мэргэжилтэй байх ёстой. Дэлгэцийн логик, тайзны логик гэдэг өөр. Би тайзан дээр жүжгийг төсөөлөн харж чадна. Зохиолыг уншаад дэлгэц дээр төсөөлөн харж одоохондоо чадахгүй. Цаашдаа ч чадахгүй. Хоёр туулай хөөснөөс нэг туулай хөөсөн нь дээр биз дээ. Аль алинд нь амжилт гаргасан найруулагчийг би дэлхийн кино болон театрын түүхэнд сайн мэдэхгүй. Кино найруулагч гэдэг мэргэжлийг би хүндэлдэг, айдаг, өөрийн сул талыг мэдэж байгаа учраас тийшээ гар дүрэхгүй байгаа юм.

-Залуу найруулагчдадаа хандаж захимаар санагддаг зүйл бий биз дээ?

-Залуу найруулагч хэрэг тэй байна. Н.Наранбаатарыг халлаа гэхэд түүний оронд хэнийг тавих юм. Би дарга болох дуртай хү мүүс, дипломтой хүнийг хэлээгүй шүү. Чадах, мэдэх, хийх хүн хэрэгтэй. Улсын театрыг тоглоом болгоод дур зоргоороо аашлаад, уламж лалыг уландаа гишгээд, сүйдлээд устгаад дуусгах хамгийн амархан. Энэ театр байгуулагдаад зуугаад жил болох гэж байна. Би болж өгвөл амьддаа тийм юм үзэхгүй юмсан гэж бодож байна. Тэгснээс эртхэн үхсэн нь дээр шүү дээ. Өөрөөр хэлбэл, энэ театрт байсан тэр бурхдын, алтан үеийнхний, тэдний дараа үеийнхний сүнс нь эндээ байдаг. Театраа гэсэн энерги нь байдаг юм. Л.Жамсранжав гуай “Намайг үхэхэд тайзан дээр битгий гаргаарай. Би амьддаа тоглож байсан тайзан дээрээ үхсэн хойноо гармааргүй байна” гэж захиж үлдээсэн. Бид хүслээр нь болгосон. Тийм сэтгэл, тийм энерги зуугаад жилийн түүхтэй театрт бий. Нямын Цэгмэд, Цагааны Цэгмэд, н.Ичинноров, Г.Гомбосүрэн, Ц.Гантөмөр, Л.Жамсранжав гуайн сэтгэлийн энерги шин гэсэн энэ газар бол онцгой бүс, онцгой байгууламж. Театр маань цусанд гараа дүрэх, ухамсаргүй, дэг жаяг гүй хүмүүсийн тоглоом битгий болчихоосой. Түүнийг л үзэхгүй юмсан гэж бодож явдаг юм.

-Найруулагч М.Батболд “Тэнд хаягтай болсон мөртлөө хувийнхаа театрт 2-3 жүжиг хийлээ. УДЭТ-т жүжиг хийж амжаагүй гарсан. “Орфей”-н инерц тэсрэлтээс тэсрэлтэд хүч аван урагшилж байгаа энэ үед УДЭТ-таа миний цаг ирэхэд эргэн очъё гэж шийдээд гарсан” гэсэн ярилцлага өгчээ. Та найруулагчийн энэ байр суурийг хэрхэн хүлээж авав. Ер нь театрт юу болоод байна вэ?

-Энэ театрт их юм болж байгаа. Яг өнөөдөр театр маш эмзэг үе дээрээ байгаа. Нэгэн шинэ үеийнхэн энэ театрт ажиллаж, энэ театрын хувь заяаг нуруундаа үүрч байна. Тийм учраас би эм зэг гэж байгаа юм. Тэд маань туршлагажих ёстой, шалгарлаараа явах ёстой. Гайгүй болчихоод театраа орхиод гараад явах нь уу, энэ театраа өнгөтэй өөдтэй авч явъя гээд үлдэх нь үү гэдэг бол таавар. Ямар ч байсан энэ театрт байгаа жүжигчдийг бид хөгжүүлэх ёстой. Үзэгчдэд чанартай уран бүтээл хүргэдэг, мэргэжлийн түвшний театр гэсэн статус дээрээ байхын тулд бид уран бүтээлийн сонголт, дүрийн хуваарилалтыг зөв хийх ёстой. Авьяастай хүмүүсийг цуглуулах ёстой. Хаяад яв даг ч байсан, үлддэг ч байсан, муудалцдаг ч байсан нэг баг болж энэ театрын уламжлал, шинэчлэлийг цуг бүтээх ёстой. Тийм болгох гүүр бол Н.Наранбаатар өөрөө. Н.Наранбаатарыг мон гол чууд бүгд мэднэ. Бид дотроо түүний алдааг нь ч мэднэ, оноог нь ч үнэлнэ. Бидэнд одоо өөр сонголт байхгүй. “Broadway” гаас най руулагч авч ирэх юм уу. Тэгвэл хоноцын сэтгэлээр л нэг жүжиг хийчихээд яваад өгнө.

Хувийн театр бол улсын театраас огт өөр бодлого баримталдаг. Тийм номтой. Өөр арга байхгүй. Монголд С.Мягмар гэж найруулагч бий. Зураач хүн л дээ. Гэхдээ тэр хүн “Blackbox” гэсэн театр байгуулчихсан, хүссэн жүжгээ тавьж байна. Хүн үзнэ үү, байна уу хамаагүй инээгээд явж байдаг аз жаргалтай найруулагч нэг л байна. Өөр тийм найруулагч Монголд байгаа эсэхийг би мэдэхгүй. М.Батболд араас нь гарч ирж байж магадгүй. Хувийн театр мөнгө олохын төлөө байдаг нь нууц биш. Гэхдээ М.Батболд мөнгө олоод бай гаа эсэхийг би мэдэхгүй. Олоосой л гэж залбирч байна. Хүмүүс шуурч очоод л үзэг. Драмын театрт нэг өрсөлдөгч байвал сайн шүү дээ. Би М.Батболдын ярилцлагыг уншсан. Хэрээс хэтэрсэн юм ярьсан байна лээ. Залуу учраас тэгсэн үү, эсвэл янз бүрийн хүмүүсийн хатгалгад орсон юм уу бүү мэд. Би тэр хүүхдийг муу хэлмээргүй байна. Тэр алдаатай, оноотой хүүхэд. Гэхдээ хүн хоол олж идэхдээ эхийнхээ мөөмийг сийчиж болохгүй. Тэгвэл цус л уухаас, сүү уухгүй. Би тэгж бодсон. М.Батболд өөрөө тэгж яриад, сэтгүүлч нь зөв бичсэн байгаа даа бурхан минь гэж итгэж ядсан. Энэ театрын нэр нүүрийг, энэ театрт ажиллаж байгаа хамт олныг дэвсэлж нэр алдарт хүрнэ гэвэл голионы баас. Ярилцлагадаа “… Миний цаг ирэхээр …” гэж ярьсан байна лээ. Тэрийг үзэхэд миний нас хүрэхгүй. Би баттай хэлье. Энэ бол жудаггүй асуудал. Би олон юм мэднэ. Гэхдээ би тэр хүүхдийг бодоод олон юм ярихаа больё. И.Нямгаваа, Б.Мөнхдорж хоёр бол нэгэн үеийн, нэг багшийн шавь явсан цагийг эзэлсэн хоёр найруулагч. Гэхдээ тэд нэгнийхээ тухай, нэгнийхээ театрын тухай, нэгнийхээ хамт олны тухай сонинд иймэрхүү ярилцлага өгсөн түүх Монголын театрын түүхэнд байхгүй. Одоо цаг өөр болж, хүний мөс чанар өөр болсон юм байна, жудаг байхгүй болж гэж би бодож байна. Тархи, сэтгэл рүүгээ сүү цутгах хэрэгтэй. М.Батболдыг театраас гарахад бид нүүр нүүрээ харж зовлон жаргалаа ярьж байгаад салсан. Тэгтэл тийм ярилцлага өгчихсөн байна лээ. Би итгэж ядсан. Эцэг нь гомдох вий дээ гэж бодсон. Мягмарнаран ах. Би шулуухан л хэлье.

УДЭТ-ын дараагийн найруулагч, ирээдүйд театрыг нуруун дээрээ үүрэх хүмүүнийг бид хүлээж байна, хүсэж байна. Монголын театрт хэрэгтэй. Би бол тэтгэвэртээ гарчихсан хүн. Гэхдээ сэтгэл хоргодоод байна. Миний сүнс хоргодно шүү дээ.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Ө.Анхзаяа