Categories
мэдээ нийгэм

Ази, Номхон далайн бүсийн “Аспак-2025” чуулга уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулна

НЗДТГ-ын санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр тэргүүтэй албаныхан JCI Монгол байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзав. Уулзалтаар JCI  олон улсын байгууллагын Ази, Номхон далайн бүсийн “Аспак-2025” чуулга уулзалтын зохион байгуулалтаар талаар хэлэлцлээ.

Тус чуулга уулзалтыг НЗДТГ болон JCI Монгол байгууллага хамтран 2017 онд Улаанбаатар хотод зохион байгуулж байсан бөгөөд 51 улсын 3600 орчим төлөөлөл оролцож байсан юм. Тэгвэл чуулга уулзалтыг энэ онд дахин Улаанбаатар хотод зохион байгуулах бөгөөд 60 орчим улсын 4000 орчим төлөөлөл оролцох урьдчилсан судалгаа гарчээ.

НЗДТГ-ын санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Дэлхийн залуучуудын чуулга уулзалт Улаанбаатар хотод болсноор олон улсад Монгол Улсаа, нийслэл хотоо сурталчлах боломжтой. Үүнийг дагаад аялал жуулчлал, эдийн засагт олон эерэг өөрчлөлтүүд гарна. Залуучуудад урам зориг олгох, манлайлах, нийгмийн хариуцлага, идэвхийг нэмэгдүүлэхэд JCI байгууллагатай хамтран ажиллаж, бүх талаар дэмжинэ” гэдгийг онцоллоо. Ази, Номхон далайн бүсийн “Аспак-2025” чуулга уулзалтыг Улаанбаатар хотод ирэх 6 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд зохион байгуулна.

Дашрамд, “Аспак” уулзалтыг 1951 оноос хойш тогтмол зохион байгуулж ирсэн бөгөөд тухайн жилийн ажлаа дүгнэн, ирэх жилийн төлөвлөгөөгөө хэлэлцэн гаргадаг юм. Нийт дөрвөн бүс нутгийн хамгийн томд тооцогддог чуулган учраас JCI байгууллагын дэлхийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, зөвлөхүүд, сенаторууд оролцдог. Харин Монгол дахь салбар буюу JCI Монгол байгууллага нь 1992 онд үүсэн байгуулагдсан бөгөөд 2015 оноос хойш нийслэл хоттой хамтран ажиллаж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Өнгөрсөн онд 3.5 тэрбум ширхэг янжуур тамхи импортолжээ

Тамхины хяналтын тухай хуулийн талаар УИХ-ын гишүүн О.Номинчимэг мэдээлэл өглөө.

Тэрээр “Евразийн эдийн засгийн хэлэлцээртэй холбоотойгоор тамхины татварын 30 хувийг хөнгөлөхийг эсэргүүцэж байна. Монгол Улсад тамхины хэрэглээ нэмэгдэж байгаа. 2024 онд 3.5 тэрбум ширхэг янжуур тамхи импортолсон байна. Үүнийг Монгол Улсын нийт хүн амд хувааж үзэхэд нэг иргэнд 1000 ширхэг тамхи оногдож байна. Одоогоор нийт тамхин бүтээгдэхүүний импортын 35 хувь нь Евразийн түр хэлэлцээрт орж байгаа таван улмаас орж ирдэг. Евразийн эдийн засгийн хэлэлцээрийг харахад талхнаас хямд тамхи гэж харагдаж байна. Үүнээс үүдээд жилийн жилд тамхинаас үүдэлтэй эдийн засаг, эрүүл мэндийн асуудал үүсэж байна. Жилд дунджаар 4300 хүн тамхины улмаас нас барж байна гэсэн тооцоо, судалгаа гарсан. Түүнчлэн тамхины татвараас улсын төсөвт жилд 68 тэрбум төгрөг орж ирдэг. Энэ мөнгийг авч чадахгүйд хүрнэ” гэв.

Categories
мэдээ нийгэм

Хоёрдугаар эмнэлэг элэг шилжүүлэн суулгах анхны мэс заслаа амжилттай хийжээ

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв элэг шилжүүлэн суулгах анхны мэс заслаа амжилттай хийжээ. Тус төв нь 2022 оноос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эхлүүлэхээр бэлтгэж ажлаа эхэлсэн байна. Мэс заслыг Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эмч нар Солонгосын “Самсунг медикал” төвийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн профессор Ким Жонгман, түүний баг, УНТЭ болон ХСҮТ-ийн элэг шилжүүлэн суулгах төвийн эмч нарын зөвлөмжтэйгээр хийжээ.

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн үйлчлүүлэгчийн биеийн байдал сайжирч эмнэлгээс гарч дараагийн хяналтанд шилжсэн байна.  Мэс заслаар донорын элгийг дурангийн мэс заслын аргаар авч шилжүүлэн суулгасан нь Монгол Улсад гурав дахь тохиолдол болсноороо эрхтэнээ бэлэглэж буй эмчлүүлэгчид зовуурь бага, эдгэрэлт хурдан, хөнөөл багатай байна гэдгийг албаныхан хэлжээ.

Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хийж эхэлснээр Монгол Улсад тулгамдаж буй элэг шилжүүлэн суулгах мэс заслын хүлээлт багасаж, гадаад орон руу зорчих урсгал буурч, эх орондоо чанартай тусламж үйлчилгээг авах олон давуу талууд бүрдэж байна. Цаашид Улсын хоёрдугаар төв эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах мэс заслаас гадна бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийхээр бэлтгэж ажлаа хангаж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Ромын пап Францисыг оршуулах ёслол бямба гаригт болно

Ромын католик сүм хийдийн кардиналууд өчигдөр хуралдаж, пап Францисын оршуулах ёслолыг энэ бямба гарагт Гэгээн Петрийн талбайд гадаа үйлдэхээр тогтжээ. Харин ард иргэд, сүсэгтнүүдийг Ромын Папд хүндэтгэлээ илэрхийлэх боломжийг олгох үүднээс лхагва гарагт шарилыг нь Гэгээн Петрийн сүмд байрлуулж юм байна.

88 настай Пап лам Францис тархинд нь цус харвасны улмаас зүрхний дутагдалд орж нас нөгчсөн болохыг Ватиканы албаныхан үүний өмнө мэдээлсэн. Он гарснаас хойш хоёр уушгиндаа хатгалгаа туссаны улмаас эмчлүүлж эмнэлгээс гараад удаагүй байсан Ромын пап хамгийн сүүлд өнгөрсөн амралтын өдөр Улаан өндөгний баярыг тохиолдуулж Гэгээн Петрийн талбайд сүсэгтэн олонтой мэндчилж байсан юм. Францис ламтан мөн тогтсон заншлаас гажиж, Гэгээн Петрийн сүмд бус, Гэгээн Мариагийн сүмд өөрийг нь оршуулахыг гэрээсэлжээ. Өмнөх бүх Ромын папуудаас анх удаа Европын бус орны гаралтай Францис ламтны дурсгалыг хүндэтгэж төрөлх Аргентин улсад нь болон хөрш Бразил улсад 7 хоногийн гашуудал зарласан байна.Мөн дэлхийн католик шашинтнуудын тэргүүнийг оршуулах ёслолд оролцож, Пап Францистай салах ёс гүйцэтгэх бодолтой байгаагаа дэлхийн олон орны удирдагчид илэрхийлж байгаа юм байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп тухайлбал гэргийн хамтаар Ром хотноо энэ ёслолд оролцохоо мэдэгдсэнээр албандаа орсноосоо хойш анх удаа хилийн дээс алхах гэж байгааг хэвлэлүүд дурьдаж байна. Францын Ерөнхийлөгч Э.Макрон, Бразилийн ерөнхийлөгч Лула да Сильва, Пап ламтны төрөлх Аргентин улсын ерөнхийлөгч Хавьер Милей нар мөн оршуулгад оролцохоо мэдэгджээ. Украины ерөнхийлөгч Зеленский очихоор төлөвлөж байгаа талаар дотоодын хэвлэлүүд нь мэдээлжээ.

Дэлхийн 1,4 тэрбум католик шашинтнуудын тэргүүн, дараагийн Пап ламыг сонгох сонгуулийн тухайд, түүнийг таалал төгссөнөөс 15-20 хоногийн дараа эхэлдэг жаягтай. Энэ үүднээсээ тавдугаар сарын 6-наас хойш болох юм байна. Маш чанд хатуу дэг ёсны дагуу, нууц байдалд явагддаг энэ сонгуульд дэлхийн өнцөг булан бүрийн 135 кардинал оролцох эрхтэй байна.

Categories
мэдээ улс-төр

ТБХ:Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.04.23/ хуралдаан 10 цаг 25 минутад эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байгаагүй тул Засгийн газраас 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлын хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

Байнгын хороо 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар уг хэлэлцээрийн төслийг хэлэлцэж, гишүүд асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгээс гаргасан горимын санал дэмжигдэж, төслийн хэлэлцэх эсэхийн санал хураалтыг хойшлуусан. Иймд энэ өдрийн хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувь нь дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн  хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байж, өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулах зорилгоор Монгол Улсын Их Хурал 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг эцэслэн баталсан. Гаалийн албан татвараас чөлөөлөх, мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт, улаанбуудайн гурил, улаанбуудайн жагсаалтыг Засгийн газрын 180 дугаар тогтоолоор мөн баталсан. Энэ хүрээнд улаанбуудайн дээд болон I зэргийн гурил, есөн нэр төрлийн мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийг гаалийн албан татвараас чөлөөлсөн. Хуулийн хэрэгжилтийн хүрээнд гурилын импортын гаалийн албан татварыг чөлөөлсөнтэй холбоотойгоор хилийн боомтуудаар орж ирж байгаа гурилын хэмжээ эрс нэмэгдэж, жилийн эцсийн байдлаар 64.2 мянган тонн улаан буудайн гурил буюу Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомтоор 35.9 мянган тонн, Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор 14.1 мянган тонн, Увс аймгийн Боршоо боомтоор 10.3 мянган тонн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт, Завхан аймгийн Арц, суварга боомтоор 3.9 мянган тонн улаан буудайн гурилыг ОХУ-аас импортолсон байна. Мөн 2025 он гарсаар эхний 4 дүгээр сарын байдлаар нийт 17.1 мянган тонн улаан буудайн дээд болон I гурил импортлоод байгааг онцлон тэмдэглэв.

Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтыг эрсдэл багатай даван туулахад шаардлагатай мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт 2024 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 65.2 мянган тонн буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэг дахин их тэжээл импортолсон байна. Энэхүү нөхцөл байдал нь стратегийн хүнс болох улаанбуудайн болон гурилын үйлдвэрлэл нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч талуудын үйл ажиллагааг тогтворгүй болгож, тэдгээрт хийсэн хөрөнгө оруулалтын үр өгөөж үнэгүйдэх зэрэг эдийн засаг, нийгмийн олон сөрөг нөлөөг дагуулж болзошгүй байна. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байдлыг хангах, мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилгоор мал амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөхөөр баталсан хууль нэгэнт зорилгодоо хүрсэн гэж  төсөл санаачлагчид үзжээ. Иймд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг боловсруулсан гэж байлаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Ж.Ганбаатар, Б.Баярбаатар, Д.Батлут, Р.Батболд, Д.Батбаяр, Г.Ганбаатар, П.Ганзориг нар асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ цаашдаа төрийн  дэмжлэггүй л бол үйлдвэрлэл нь доголддог байдал руу дотоодын гурилын аж ахуйн нэгжүүд шилжих вий гэсэн болгоомжлол буйг анхааруулсан. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар иргэдэд сонголт үлдээхгүй, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих үүднээс дотоодын үйлдвэрийн үнэтэй гурил хэрэглэх тулгалтыг өгч буй шалтгааныг лавлахын зэрэгцээ хуулийг хүчингүй болгосноор лабораторийн тулгамдсан асуудал, холбогдох хууль эрх зүйн орчны бодлогын зохицуулалтаа хийгээд цэгцэрсэн гэж үзэж буйг тодруулж байлаа. Мөн гишүүд 2024 онд дээрх хууль хэрэгжсэнээс хойших бодит байдлын өөрчлөлт болон уг хуулийн төслийг баталснаар гурилын үнэ нэмэгдэхгүй байх баталгаа бий эсэхийг илүүтэй сонирхож байлаа.

Салбарын сайд Ж.Энхбаяр хариултдаа, өмнө алтан тариан I гурил нэг килограмм нь 1630 байсан бол өнөөдөр 1500 төгрөг, улаанбаатар I гурил 2100 төгрөг байсан бол 2050, өег гурил 1740 байсан бол 1640 төгрөг гээд гол аж ахуйн нэгжүүдийн гурилын дундаж үнэ 2024 оны 5 дугаар сард 1802 байснаа 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 1838 төгрөг буюу I гурил 9.1 хувиар буурсан үр дүнтэй байнсыг дурдав. Мөн тэрбээр өнгөрсөн жилийн намрын ургац болон импортын гурил нэмэгдсэнтэй холбоотойгоор гурилын үнэ бууж болох нийлүүлэлтийн түвшинд хүрч, тогтвортой байдал хангагдсан тул энэ жилийн намрын ургац хураалт хүртэл улаанбуудай болон гурилын нийлүүлэлтэд доголдол үүсэхгүй. Гэхдээ дээрх үзүүлэлт үйлдвэрийн үнэ бөгөөд  бүсээс хамаарч гурилын тээвэрлэлттэй холбоотойгоор үнэ өөр байгаа төдийгүй, хүсний сүлжээ дэлгүүрүүдээр борлуулагдах үнэ 30-40 хувийн нэмэгдэлтэй байгаа гэж хариулав.

Түүнчлэн тэрбээр “Ковид-19” цар тахлаас үүдсэн нөхцөл байдал, сургамжтай холбоотойгоор “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд иргэдийн хэрэглэж буй хүнсний 365 нэр төрлийн бүтээгдэхүүнээс Монгол Улс 19 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэхээр шийдвэрлэсэн.

Атрын III аян, Хүнсний хувьсгал зэрэг үндэсний хөтөлбөрийн үр дүнд улаанбуудайн үйлдвэрлэлийг дотооддоо 100 хувь хийж, эх орны гурилаар иргэдээ хангадаг болсон. Улаанбуудай 5-10 жилийн дараа ч тээрэмдэхэд гурил  болдог тул стратегийн бүтээгдэхүүнд тооцдог. Иймд дэлхийн улс орнууд аюулгүй байдлаа бодож улаанбуудайгаа нөөцөлдөг. Гэхдээ хуулийн төсөл батлагдсанаар улаанбуудайг хямдхан болгоно гэж хэлж чадахгүйг тэмдэглээд энэ асуудал хүнсний хангамж, үндэсний аюулгүй байдал, нийгэм улс төрийн томоохон ач холбогдолтой бөгөөд зөвхөн эдийн засгийн ашгийн талаас харах нь өрөөсгөл гэв.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Төр хүнс, хөдөө аж ахуйгаа дэмжиж буй гол шалтгаан гэвэл энэ нь хүн амын амьжиргааны гол салбар юм. Мөн  Монгол Улсын байгаль, цаг уурын нөхцөл байдалтай холбоотойгоор  газрын хөрсний бүтэц, агууламж өөр. Тиймээс дэлхийн хөдөө аж ахуй өндөр хөгжсөн улс оронтой харьцуулахад манай бүтээгдэхүүний нэгжээс авдаг хэмжээ бага. Иймд өрсөлдөх боломж хязгаарлагдмал тул төрийн бодлогоор дэмждэг юм хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Ингээд мэдүүлсэн  Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Хуралдаан Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Байнгын хороо 2025 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаараа Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайлантай танилцсантай холбогдуулан тус зөвлөлийн хараат бус, бие даасан, байнгын ажиллагааг хангахад чиглэсэн эрх зүйн орчин болон бүтцийг боловсронгуй болгох асуудлыг судлан, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар болсныг Байнгын хорооны дарга танилцуулгадаа дурдав. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн ахалж, Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, Ж.Батжаргал, Ж.Баясгалан, Д.Батбаяр, Д.Батлут, П.Ганзориг, Б.Мөнхсоёл, Д.Пүрэвдаваа нарын бүрэлдэхүүнтэй байгуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 хувь нь дэмжлээ.

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.

Байнгын хорооны тогтоолын төсөлд Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулах, нэр дэвшигчийн сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдиннямыг сонгох, нэр дэвшигчээс асуух асуулт, саналыг 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд хүлээн авахаар тусгасан байв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар санал хэлсний дараа Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 56.2 хувь нь дэмжив хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Хомын талд тахь унагалжээ

2025 оны дөрөвдүгээр сарын 22-ны Эх дэлхийн өдрөөр, Хомын Талын Байгалийн Цогцолборт Газрын нутаг дэвсгэр, Сээрийн нуруунд нутагшуулж буй тахийн сүрэгт энэ жилийн анхны унага мэндэллээ.

Шинэхэн унага нь “Сарны гэрэл” нэртэй азарганы сүрэгт хамаарах Moonrider нэртэй гүүнээс гарсан эр унага юм. Энэ нь Moonrider-ийн Хомын Талд гаргасан тав дахь унага болж байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 730 болжээ

Улаанбурхан өвчний халдвар  өдөр бүр нэмэгдэж байгаа. Өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 730 бүртгэгдснээс 164 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Харин гэрээр эмчилгээ хийлгэж байгаа нь 26  бөгөөд хавьтал нь нийт 11539 тохиолдол бүртгэгдсэн.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.

Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе. Тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75 103 100 утсанд хандана уу.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

 Ноолуур худалдан авах нэмэлт эх үүсвэрийг бүрдүүлж вексель гаргана

Малчдын орлогыг тогтвортой байлгах, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор 2025 онд улсын хэмжээнд бэлтгэх ноолуур худалдан авахад шаардагдах санхүүгийн нэмэлт эх үүсвэрийг бүрдүүлж вексель гаргана.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 2025 оны ноолуур бэлтгэлийн эргэлтийн хөрөнгийн зээлд зориулан 230 тэрбум төгрөгийг 30 гаруй компани авч 1525 тонн ноолуур бэлтгээд байна. Дотоодын боловсруулах үйлдвэрүүд энэ жил 3500 тонн самнасан ноолуур эскпортлож, 2,5 сая ширхэг бэлэн бүтээгдэхүүн борлуулан, салбарын нийт орлогыг 1,8 их наяд хүргэж борлуулалтын орлогыг 600-700 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Үйлдвэрлэлийн жигд үйл ажиллагааг хангах, малчдын мөнгөн орлогыг бууруулахгүй байх зорилтын хүрээнд 5600 тонн түүхий ноолуур бэлтгэх шаардлагатай ба энэ асуудлыг шийдвэрлэх санхүүжилтийн бүтээгдэхүүн болох векселийг гаргах боломжтой бөгөөд тулгарсан асуудлыг даван туулахад томоохон түлхэц болно. Ингэснээр үйлдвэрлэлээ тасралтгүй явуулж дэлхийн ноолуурын зах зээлд өрсөлдөх боломжоо алдахгүй, малчдын орлогыг бууруулахгүй байх боломжтой гэж үзэж Монголбанканд вексель гаргахыг зөвлөлөө.

Уул уурхайн бус экспортын гол бүтээгдэхүүн ноос, ноолуурын боловсруулалтын түвшинг үе шаттай ахиулж дотооддоо бүрэн боловсруулснаар нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын орлого нэмэгдүүлнэ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

ЗГ: Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 23-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явцын талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан тус бүтээн байгуулалтын ажлыг 2025 оны тавдугаар сарын 14-нд багтаан эхлүүлж, төлөвлөгөө гарган ажиллахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох албаны хүмүүст даалгаж, төмөр замын барилгын бүсэд техник, тоног төхөөрөмж, барилгын болон өдөр тутмын бараа материалыг улсын хилээр нэвтрүүлэх зохицуулалт хийж, БНХАУ-ын талтай уялдаа холбоог хангаж, бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх нь чухал гэдгийг анхаарууллаа.

Улсын Их Хурлаар баталсан “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т бодлогын үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасны нэгдүгээрт “Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барина гэж тусгасан. Тус төслийг хэрэгжүүлснээр манай улсын нийт экспорт болон, зорчигч, ачаа тээврийн нэвтрэх хүчин чадал нэмэгдэж, тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэх, зорчигчид ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэнэ.

Монгол Улс, БНХАУ хоорондын худалдаа, эдийн засаг, бүс нутгийн хамтын ажиллагаа, эрдэс баялаг, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа идэвхжиж, улмаар Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтыг төмөр замаар холбох нөхцөл бүрдэх  бөгөөд хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал 2030 оноос 80 сая тонноор нэмэгдэх стратегийн ач холбогдолтой юм.

 Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо

Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, вакцин, хүний нөөцийг бүрдүүлэх, бэлэн байдлаа хангах, дархлаажуулалтын бодлого боловсруулан хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн товлолын дархлаажуулалтын хамралтын байдалд эрүүл мэндийн байгууллагатай хамтран хяналт тавьж, нөхөн дархлаажуулалтыг дэмжих, анги, танхимын эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулахыг Боловсролын сайд П.Наранбаяр, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан нарт тус тус үүрэг болголоо.

Улаанбурхан өвчний тандалт, дархлаажуулалт, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авахад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэн, бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад дэмжлэг үзүүлэх, үндэсний товлолын дархлаажуулалтын хамралтыг нэмэгдүүлж, ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Categories
мэдээ нийгэм

Б.Дэлгэрсайхан: Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлтийг ирэх сарын 14-нд хийхээр төлөвлөж байна

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдрийн засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан: БНХАУ болон Монгол Улс хооронд хийгдэх хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажлын талаарх асуудлыг засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Бэлтгэл ажлын хүрээнд зам тээврийн яаманд өгөгдсөн үүргийн дагуу Ц.Туваан сайдын хэлсний дагуу 3 гэрээг цогцоор нь, Эрдэс аялаг уул уурхайн яам гэрээгээ батлах, гэрээ хийх ажлаа үргэлжлүүлж байна.

Зам тээврийн яамны хувьд хил дамнасан гүүрэн байгууламжийн ажлын гэрээг бэлэн болгоод, Эрдэс баялаг уул уурхайн яаманд өгсөн байгаа. 3 гэрээг ирэх сарын эхээр зурна.

Энэ гэрээ зурагдсанаар ирэх сарын 14нд урд хөрштэй ярьсны дагуу China energy болон Байшин төмөр зам группийн хамтарсан ажлын хэсэг гарна. Монгол талаас зам тээврийн яам болон тавантолгойн ажлын хэсэг ажиллаж байна.  Хамтарсан төмөр замыг барих барилгын ажлын нээлтийг ирэх сарын 14нд хийхээр төлөвлөж байна.