Categories
мэдээ улс-төр

Төв банкны тухай хуулийн төслийг хэлэлцэхээр боллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн олонхи хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв. Ийнхүү Төв банкны тухай хуулийн төсөл болон дагалдах хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.


Categories
мэдээ улс-төр

Байнгын хороо хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2017.11.30) хуралдаан 15 цаг 08 минутад 57.9 хувийн ирцтэй эхлэв. Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төсөл -ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой асуудлыг бие даан шийдвэрлэх тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллагын хувьд хурлын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувийг төрийн захиргааны ажлын туршлагатай, мэргэшсэн төрийн албан хаагчдаар бүрдүүлэх хууль, эрх зүйн боломжийг бий болгох нь зүйтэй байна. Ингэснээр нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах зарчмыг тухайн нутаг дэвсгэрт үр дүнтэй хэрэгжүүлж, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг нэмэгдүүлэхэд тодорхой ахиц гарна гэж Засгийн газар үзсэний үндсэн дээр эдгээр үндэслэл, шаардлагуудыг харгалзан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийгсанаачлан боловсруулжээ.

Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар хийсэн танилцуулгадаа чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед гишүүдийн олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарыг бэлтгэсний зэрэгцээ хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу төслийн холбогдох заалтыг гүйцээн боловсруулсан гэдгийг дурдлаа.

Ингээд төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу Байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж шийдвэрлэлээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбатын гаргасан саналын дагуу хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн “10.6 дахь хэсэг” гэснийг хасахаар тогтов. Ингэснээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлээр уг хуулийн 10 дугаар зүйлд “Энэ хуулийн 10.6-д зааснаас бусад тохиолдолд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Хурлын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувь нь төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан журмын дагуу төрийн захиргааны албан хаагчаар ажиллаж болно” гэсэн агуулгатай 10.5 дахь хэсгийг нэмэхээр болж байгаа юм.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлд “Төрийн албаны тухай хуулийн 15.1.8 дахь заалт нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10.5-д заасны дагуу төрийн захиргааны албан хаагчаар ажиллах аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид хамаарахгүй” гэсэн тайлбарыг нэмэх талаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгийн гаргасан саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжлээ.

Түүнчлэн хуулийн төслийн шинэ зохицуулалтын дагуу төрийн захиргааны албан хаагчаар ажиллах иргэдийн Хурлын төлөөлөгч нь тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орж ажиллахыг хориглох, мөн хуулийн хэрэгжих хугацааг Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэрэгжих хугацаанаас эхлэн дагаж мөрдөх талаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ж.Мөнхбат нараас гаргасан саналууд олонхийн дэмжлэг авлаа.

Ингээд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудын хамт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр тогтлоо.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин наймдугаар зүйлд заасны дагуу хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор болох аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тоог хүн амын нягтрал, байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан хуулиар харилцан адилгүй тогтоож иржээ. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 45 төлөөлөгчтэй байхаар заасан бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тоо Говь-Сүмбэр аймагт хамгийн бага буюу 17 байгаа бол бусад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хувьд Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, аймаг 41, Архангай, Баян-Өлгий, Хэнтий аймаг 39, Сэлэнгэ аймаг 37, Дорнод, Дундговь аймаг 35, Булган, Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Сүхбаатар аймаг 33, Дорноговь аймаг 31 төлөөлөгчтэй байдаг юм байна.

Харин сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хувьд хүн амын тоо нь 2000 хүртэл бол 15, 2000-5000 хүн амтай бол 21, 5000-9000 хүн амтай бол 27, 9000 ба түүнээс дээш хүн амтай бол 31 төлөөлөгчтэй байхаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10.3-т заажээ. Харин уг хуулийн 10.4-т 20000 хүртэл хүн амтай бол 17, 20000-80000 хүн амтай бол 25, 80000-180000 хүн амтай бол 35, 180000 ба түүнээс дээш хүн амтай бол 41 төлөөлөгч тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ажиллахаар хуульчилсан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Органик гэх хуурамч шошготой бүтээгдэхүүн борлуулахыг зогсоох журам батлагдана

Монгол Улс орцын 90 болон түүнээс дээш хувь нь органик найрлагатай хүнс, тэжээл, бордоог “органик”-т тооцохоор хуульчилсан. Тэгвэл Органик бүтээгдэхүүний тухай хуулийг дагалдах журмуудыг баталснаар хуурамч шошготой органик бүтээгдэхүүн борлуулах боломжийг хазаарлах юм байна.

ХХААХҮЯ-наас хоёр дахь жилдээ Азийн болон Монголын бүтээмжийн байгууллагатай хамтран “Органик хүнс хөдөө аж ахуйн Үндэсний II чуулган”-ыг МҮХАҮТ-д зохион байгууллаа.

Монгол Улс унаган төрхөө хадгалсан байгальтай, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд уламжлалт, арга технологи зонхилсон, цэвэр органик гэдгээрээ бусад орнуудаас ялгардаг. Өнгөрсөн онд баталсан Органик хүнсний тухай хууль олон улсын жишгийн дагуу органик хүнс үйлдвэрлэж, баталгаажуулан, тогтсон шошготойгоор гадаад, дотоодын зах зээлд гаргаснаар малчид, тариаланчдын орлого нэмэгдэх, хуурамч бүтээгдэхүүнийг хумих, хүнсний тэжээллэг чанар дээшлэх боломжийг бүрдүүлэх юм. Түүнчлэн энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн дээрх хуулийн хүрээнд хүн амын эрүүл мэнд сайжрах, хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн суурь бий болох, ногоон эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой хэмээн салбарынхан онцолж байв.

ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Гантогтох ярихдаа, “Органик хүнсний тухай хуулийн хүрээнд 6 журам нэг аргачлалыг боловсруулан батлуулах юм. Төслөө хийгээд бэлэн болсон бөгөөд батлуулах л үлдээд байна. Дотоодын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ шошго дээр “органик” гэсэн тодотголыг дур зоргоороо тавьдаг. Дээрх журмуудыг мөрдөж эхэлснээр лабораториудын чадавхыг сайжруулах, бүтээгдэхүүнд энэ органик гэдгийг батлах тэмдэг тавих юм. Үүнээс гадна хүнсний нэмэлт агуулаагүй “цэвэр” гэдгийг батлах гол баталгаа нь баталгаажилтын байгууллага. Тиймээс гадны зөвлөхүүд хүрэлцэн ирж бизнесийнхэнд “Органик хүнсний баталгаажуулалт” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад үйлдвэрлэгч, хэрэглэгч, төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, орон нутгийн хүнсний асуудал эрхэлсэн ажилтнуудаас бүрдсэн 100 орчим төлөөлөгч оролцож буй юм.” гэлээ.

Чуулганы төлөөлөгчид байгаль цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан дэлхий нийтэд га-аас авах ургацын хэмжээ багасаж, гадаргын болон гүний ус хомсдон, хөрсний үржил шим муудаж, цөлжилт өрнөж буй энэ үед Монгол Улс давуу талаа ашиглаж органик бүтээгдэхүүнээ экспортлоход анхаарах хэрэгтэй гэдэгт санал нэгдэлээ.

Categories
мэдээ спорт

“Холбооны цом”-ын тэмцээний шилдгүүд тодорлоо

Монголын Волейболын холбооны “Холбооны цом”-ын аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 14-28-ны хооронд Буянт ухаа спорт цогцолборт болж медалийн эздээ тодрууллаа.

Эмэгтэй багуудын медалийн эздээр

Хүрэл медалийг: Монгол Улсын Аж Үйлдвэрийн Гавьяат Ажилтан Х.Бадамсүрэн эзэнтэй ОУХМ Г.Баярсайхан дасгалжуулагчтай, СМ С.Отгонбямба ахлагчтай Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Уурхайчин баг

Мөнгөн медалийг: ЖанЖи Ху эзэнтэй, ОУХМ Б.Хэрлэн дасгалжуулагчтай, Ану
туслах дасгалжуулагчтай СМ Б.Энхзаяа ахлагчтай Энагурэ ХХК-ны Энагурэ-Монти баг

Алтан медалийг: А.Ганхуяг эзэнтэй СМ Б.Чинбат ахлах дасгалжуулагчтай,
СдМ Э.Мөнх-Эрдэнэ туслах дасгалжуулагчтай ОУХМ Г.Энхсайхан ахлагчтай Тэнүүн-Огоо ХХК-ны Тэнүүн-Огоо клуб

Шилдэг давуулагчаар
СМ Г.Энхнаран /Эрчим/

Шилдэг хаагчаар
Б.Цолмон /Эрдэнэт үйлдвэр Уурхайчин/

Шилдэг хамгаалагчаар
М.Санчирмаа /Энагурэ-Монти/

Шилдэг холбогчоор
СдМ Б.Хосбаяр /Энагурэ-Монти/

Шилдэг довтлогчоор
СМ Д.Эрдэнэбулган /Тэнүүн-Огоо/

Шилдэг тэгш тоглогчоор
ОУХМ Г.Энхсайхан /Тэнүүн-Огоо/

Шилдэг дасгалжуулагчаар
СМ Б.Чинбат /Тэнүүн-Огоо/

Эрэгтэй багуудын медалийн эздээр

Хүрэл медалийг: С. Анхбаяр эзэнтэй, Б.Даринчулуун ахлах дасгалжуулагчтай, ОУХМ Э.Сайнбилэг ахлагчтай ДЦС-4 ТөХК-ний ЭРЧИМ баг

Мөнгөн медалийг: А.Ганхуяг эзэнтэй СМ Ч.Баттөгс ахлах дасгалжуулагчтай,
СдМ Э.Мөнх-Эрдэнэ туслах дасгалжуулагчтай ОУХМ
Э.Сайханбаатар ахлагчтай Тэнүүн-Огоо ХХК-ны Тэнүүн-Огоо клуб

Алтан медалийг: МУАҮГА Ж.Түмэн-Аюуш эзэнтэй, ОУХМ Л.Баатархүрээ
ахлах дасгалжуулагчтай, ОУХМ Д.Солонго туслах дасгалжуулагчтай, СМ А.Даваажаргал ахлагчтай Хасумегаватт ХХК-ны Хасумегастарс баг хүртлээ.

Шилдэг давуулагчаар
СдМ Б.Анхбаяр /Хилчин Алтайн барс/

Шилдэг хаагчаар
СМ М.Мөнхсайхан /Тэнүүн-Огоо/

Шилдэг хамгаалагчаар
СМ Э.Ган-Эрдэнэ /Тэнүүн-Огоо/

Шилдэг холбогчоор
СМ М.Мөнхсайхан /Хасумегастарс/

Шилдэг довтлогчоор
СМ З.Цэнд-Аюуш /Эрчим/

Шилдэг тэгш тоглогчоор
СМ М.Цэрэнбаатар /Хасумегастарс/

Шилдэг дасгалжуулагчаар
ОУХМ Л.Баатархүрээ /Хасумегастарс/ нар тус тус шалгарлаа.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ соёл-урлаг

Ирэх онд Avengers-ийн шинэ анги нээлтээ хийнэ

Алдарт Avengers цувралын шинэ анги Infinte war 2018 оны тавдугаар сарын 4-нд нээлтээ хийхээр товлогдлоо. Марвэл комиксийн супэр баатруудын багийн адал явдлыг харуулдаг тус зөгнөлт киног Марвэл студи болон Валт диснэй, Мошин pictures хамтран бүтээсэн аж. Анх 2012 онд Avengers цуврал гарч байсан бол түүнээс хойш 2015 онд Age of ultron нээлтээ хийж байсан юм.

Уламжлал ёсоор төмөр хүнд Робэрт Довни Жр, Халкд Марк Буфало, Торд Крис Хэмсфорт, Локид Том Хидлстон тоглосон. Харин шинэ эсрэг дүр Таност марвэлийн гэрээт жүжигчин Жош Бролин тоглож байгаа юм. Кэвин Фэг тус киноны продьюсэрээр ажиллаж байгаа бол найруулагчаар Энтони Руссо, Жои Руссо нар ажиллаж байна.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ спорт

Голдэн Стэйт Варриорс нэмэлт цагт Лос анжэлос Лэйкэрсийг хожлоо

-ӨНӨӨДӨР NBA-ГИЙН ТАЛБАЙД НИЙТ 10 ТОГЛОЛТ БОЛЛОО-

Орландо Мэйжик Амвэй аренадаа Оклахома сити Тандэрийг хүлээн авч 121-108-ийн харьцаатай буулган авлаа. Ийнхүү Орландо Мэйжик ес дараалсан хожигдлын цуварлаа зогсоов. Талбайн эздээс довтлогч Аарон Гордон 40 оноо, 15 самбараас бөмбөг авалт, 4 бөмбөг таслалтаар багаа тэргүүлсэн бол Элфрид Пэйтон 19 оноогоор туслав. Харин зочин багаас Рассэл Вэстбрүк 37 оноо авсан ч баг нь хожигдлоо.

Лос Анжелос Лэйкэрсийн стаплэс цэнтрт Голдэн стэйт Варриорс зочлон ирж нэмэлт цагт 127-123-ийн харьцаатай хожив. Алтан мужийн дайчдаас жижиг довтлогч Кэвин Дурант 29 оноо, 7 самбараас бөмбөг авсан бол талбайн эздээс Брэндон Инграм 32 оноо, 5 самбараас бөмбөг авалт хийлээ.

Дэтройт Пистонс талбайдаа Финикс Сансыг хүлээн авч 131-107-ын харьцаатай буулган авлаа. Дэтройтоос долоон тоглогч 10-аас дээш оноо авч багаараа 57 хувьтай довтолсон. Багийн холбон тоглогч Рэжжи Жэксон 23 оноо, 5 оновчтой дамжуулалтаар багаа тэргүүлэв. Харин зочин багаас Дэвин Бүүкэр 8 довтолж 22 оноо авсан ч баг нь хожигдол амслаа.

Филдэлфа 76 баг 118-113-ийн харьцаатай Вашингтон Визардсчуудыг хожив. Филагаас холбон тоглогч Бэн Симмонс 31 оноо, 18 самбараас бөмбөг авалт хийсэн бол түүнд Жоэл Эмбийд, Дарио Сарич нар 24 оноогоор туслав. Харин эсрэг багаас хамгаалагч Брэдли Бийл 21 оноо авлаа.

Нью Иорк Никс 115-86 Миами Хит (Энэс Кантэр 22 оноо, 14 самбараас бөмбөг авалт)

Торонто Рэпторс 126-113 Шарлот Хорнэтс (Кайл Лаури 36 оноо, 6 оновчтой дамжуулалт)

Хьюстон Рокэтс 118-97 Индиана Пэйсэрс (Жэймс Хардэн 29 оноо, 8 самбар, 10 оновчтой дамжуулалт)

Минесато Тимбэрволвэс 120-102 Нью Орлианс Пэликанс (Андрью Виггинс 28 оноо, 8 самбараас бөмбөг авалт)

Брүүклин Нэтс 109-104 Даллас Мавэрикс (Дэмари Каррол 22 оноо, 8 самбараас бөмбөг авалт)

Сан Антониа Спүрс 104-95 Мемфис Гриззлис (Ламаркус Алдриж 41 оноо, 6 самбараас бөмбөг авалт)

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд тооллогын ажил явагдаж байна

Image result for татвар төлөгчийнТатварын ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/190 дүгээр тушаалаар баталсан удирдамжийн дагуу энэ оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Улсын хэмжээнд тооллогын ажил явагдаж байгаа юм. Энэ удаагийн тооллого нь нутаг дэвсгэрийн зарчмаар үйл ажиллагаа эрхэлж буй цэг бүрийг тоолж байгаагаараа онцлогтой. Уг тооллогын явцад цуглуулсан судалгаа, мэдээллийг ашиглан татвар төлөгчийн программ хангамжийг сайжруулах, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн байршил болон хуулийн хэрэгжилтийг тодорхойлох, татвар төлөгчийн бааз суурийг нэмэгдүүлэх зорилготой аж. Нийслэлийн хэмжээнд есөн дүүргийн 559 татварын улсын байцаагч уртасгасан цагаар ажиллаж байгаа юм.

Бизнесийн зориулалттай болон үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа барилга байгууламжийг Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн дагуу бүртгэдэг. Тооллогын явцад бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн объектыг фото зургаар нэгж бүрийг зурагжуулж, татварын албаны цахим мэдээллийн санд оруулах ажил давхар хийгдэж байгаа ажээ.

Аж ахуйн нэгжүүдийн хувьд шаардлагатай баримт бичиг ажлын байран дээр байдаггүй, бүрэн бүрдүүлээгүй асуудал их гарчээ. Мөн үл хөдлөх хөрөнгөө бүртгүүлээгүй, мэдээллээ шинэчлээгүй, худалдан авсан үл хөдлөх хөрөнгө нь өмнөх эзэмшигчийн татварын дутуу үлдэгдэлтэй, тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн зэрэг зөрчлүүд илэрчээ. Хэрэв шинээр үл хөдлөх хөрөнгө худалдан авах эсвэл бэлгэд авсан иргэд, аж ахуйн нэгжүүд 20 хоногийн дотор харьяа дүүргийнхээ татварын албанд мэдэгдэж, бүртгүүлэх ёстой байдаг гэнэ.

Төлбөрийн баримт олгоогүй, буруу дүнтэй, стандартын шаардлага хангаагүй төлбөрийн баримт хэвлэгч машинтай, нэгдсэн системд мэдээллээ илгээгээгүй зэрэг нийтлэг зөрчлүүд гарчээ.

Татвар төлөгчийн тооллогод хамрагдахын тулд дараах бичиг баримтыг ажлын байрандаа бэлэн байлгаж, татвар төлөгчийн тооллогод хамрагдах ажээ.

Үүнд:

Аж ахуйн нэгж, байгууллагын хувьд:

Аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээ
Удирдлагын иргэний үнэмлэх
Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ
Үл хөдлөх эд хөрөнгийн түрээслүүлэгч болон түрээслэгчийн гэрээ
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ
Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн гэрчилгээ
Үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн гэрчилгээ

Хувь хүний хувьд:

Иргэний үнэмлэх
Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ
Үл хөдлөх эд хөрөнгийн түрээслүүлэгч болон түрээслэгчийн гэрээ
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ
Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн гэрчилгээ
Үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн гэрчилгээ

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд 86 122 хүн томуугийн вакцинд хамрагджээ

Image result for томуугийн вакцинНийслэлийн Эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд улирлын томуугийн вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулж байгаа. XI сарын 29-ний байдлаар нийслэлийн хэмжээнд 86122 хүн томуугийн вакцинд хамрагджээ.

Categories
мэдээ нийгэм

Сонгинохайрхан дүүрэгт хүүхдийн шүдний үзлэгийн кабинет нээгдлээ

Сонгинохайрхан дүүргийн 8000 орчим хүүхдийг амны хөндийн үзлэг, эмчилгээнд хамруулах “Хүүхдийн инээмсэглэл” төслийн хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын есдүгээр сургуульд байгуулсан шүдний үзлэгийн кабинет өнөөдөр ашиглалтад орлоо.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын үүсэн байгуулсан “Нямбаатар сан” энэхүү төслийг 2020 он хүртэл гурван үе шаттайгаар хэрэгжүүлж буй юм. Тус төслийн эхний шатанд буюу энэ оны есдүгээр сард Нийслэлийн 65 дугаар сургуульд байгуулсан кабинет давхардсан тоогоор 1000 орчим хүүхдийн шүдний өвчлөлийг тодорхойлж эмчлэх ажлыг өрнүүлжээ.

Төслийн хоёр дахь шат буюу есдүгээр сургуульд өнөөдөр ашиглалтад орж буй кабинет Сонгинохайрхан дүүргийн 3-6 болон 26 дугаар хорооны бүх хүүхдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Энэ жил улсын хэмжээнд 46 мянга гаруй зам тээврийн осол бүртгэгджээ

Баталгаагүй сэлбэг, хэрэгслээс үүдэлтэй автомашины эвдрэл, зам тээврийн ослын тоог бууруулах зорилгоор өнөөдөр ЗТХЯ, “Автотээврийн үндэсний төв” (АТҮТ)-өөс “Авто машины сэлбэг, импорт, хэрэглээ” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт УУХҮЯ, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, МХЕГ, Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын газар, Замын цагдаагийн газар, Нийслэлийн тээврийн газар болон бусад холбогдох албаны төлөөлөл оролцлоо.

Дэлхий дахинд зам тээврийн ослын улмаас жилд 1.2 сая гаруй хүн амиа алдаж, 50 сая гаруй хүн бэртэж, гэмтэн хөгжлийн бэрхшээлтэй болж байна гэсэн судалгааг хэлэлцүүлэгт оролцогчид танилцуулав. Манай улсад зам тээврийн осол, зөрчлийн тоо жилд дунджаар 18.9 хувиар өсдөг байна. Тухайлбал, 2016 онд улсын хэмжээнд 46 мянга гаруй зам тээврийн осол бүртгэгджээ. Үүнд иргэд автомашиндаа чанарын шаардлага хангаагүй, баталгаагүй сэлбэг хэрэгсэл ашигладаг нь ихээхэн нөлөөлж байгаа аж. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1273 авто үйлчилгээ эрхлэгч иргэд, аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байна. Түүнчлэн зам дагуух жижиг дэлгүүр болон тос, масло зардаг цэгүүд, дугуй худалдааны нийт 506 цэг байгаа юм. Эдгээр байгууллагуудын дийлэнх нь гарал үүслийн гэрчилгээгүй сэлбэг хэрэгсэл, тос, тослох материал худалдах, засвар үйлчилгээндээ ашиглах зориулалтын байргүй зэрэг зөрчилтэй байна. Тиймээс өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцогчид авто машины сэлбэг хэрэгслийн импорт, борлуулалтыг дэмжих, орчин нөхцөл, чанарын баталгааг сайжруулах чиглэлээр төрийн болон ТББ-ууд хамтран ажиллах төлөвлөгөө гаргах болов.