Categories
мэдээ утга-зоxиол цаг-үе

“Утгын чимэг” тэргүүн өгүүллэг: Рэгдэндагва DNN.mn

“Утгын чимэг-2024” оны шилдэг богино өгүүллэг шалгаруулах наадам өчигдөр (2025.02.09) амжилттай болж өндөрлөлөө.

Энэ жил уг наадмыг Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн ухааны доктор, эрдэмтэн зохиолч Лодонгийн Түдэвийн мэндэлсний 90 жилийн ойд зориулан зохион байгуулсан.

“Утгын чимэг-2024” наадамд зохиолч, сэтгүүлч, соёлын гавьяат зүтгэлтэн Б.Сарантуяагийн “Рэгдэндагва” өгүүллэг шалгарлаа. Өгүүллэгийг хүргэж байна.

May be an image of 3 people and text

Рэгдэндагва

Алтан тэвшийн хөндийгөөс урсан ирэх хатан Туулын сэвшээ салхи аяс намуухан үлээж, бурхдын сүр хүчин бүрдсэн хийдийн хаалгаар урсан орж, арц хүжний анхилам үнэртэй сүлэлдэн байлаа. Гэтэл агаар мандлын хүчирхэг салхи хуйлран хийдийн хойморт залаастай догшин дүрт бурхдын өмнө залбирч буй өргөн магнайгаа чимсэн буурал үстэй ахимаг эрийн сонирхлыг гойд татах нэгэн бурхны гэгээн дүрийг нуусан хадаг самбай бүтээлгийг хуу татав. Гэнэтийн салхинд цохиулсан бурхнаас цочин хойш алхам ухарсан мөнөөх эрийн толигор магнай цалин мөнгөн сахал, цэнхэр нүдийг харваас харь нутгийн сүсэгтэн байлаа. Хийдийн тахилч лам сандран бүтээлгийг засахдаа

-Өршөөгөөрэй багшийн минь дуусгаж амжаагүй бүтээл гэгээн дүрээ танд л харуулчихлаа даа хэмээн сүжиглэнгүй хэлээд алдуурсан хадгаар дахин ороохоор завдахад нь,

-Хүлээгээрэй та. Энэ ямар учиртай зураг вэ хэмээн асуулаа.

-Шамбалын хааныг бүтээж байсан юмаа гэж хэлсэн тахилч лам өөд аядуухан хараад

– Би тухтайхан үзэж болох уу хэмээн гуйгаад машид удаан харж сууснаа,

-Юм гэдэг учиртай ажээ. Шамбалын орныг үзэхээр нутгаасаа гарсан би энд хийдэд оюун санаатай нь холбогдох учиртай байжээ хэмээн хэлээд,

-Үүнийг би өөрийнхөөрөө зурж болох уу гэж асуухад залуу лам гайхаж эргэлзсэн янзтай толгой дохин,

– Багш маань сансрын хүрдэнд шингэхдээ дараа нэг өдөр эзэн нь ирж гүйцээнэ гэсэн төлөг үлдээсэн юм аа гэж хэлэв.

Хурын усан татрах намрын эхэн сарын энэ өдрөөс яг гурван жилийн өмнө гандан зуугийн урдаа барих зурхайчдын нэг гэж олноо хүндлэгдсэн Жамбаа гавжийн сэтгэл ихэд чилэнгүй сууснаа, өмнөө тавьсан майга хөлтэй модон ширээнийхээ зээ бадаар чимсэн шургуулганаас шоголтой судар, хулсан үзэг, зурхайн модон самбартайгаа гарган ирээд, жижигхэн савтай нунтаг үнснээс чимх төдийг цацаж, хааш яйш хэдэн тоо нэмж хасан, ганц нэг зураас татаад судрын хуудас эргүүлэн харж бодолд автав.

“Ардын засгийн газрын ерөнхий сайд Цэрэндорж гүн учиртай үг зуулган зарлага хөвгүүнээ гүйлгэв. Өндөр гэгээний шав тавьж, шүншиг өргөн тамгалсан Сэлбэ голын хүн чулууны хонхор ч угаасаа өвгөдийн хөл амрах сайхан л нутаг юмсан. Гэтэл миний буулгасан зурхай дээр лам нарын тасга хаях Тасганы овооны Заан хошуугаа сэвтээчихгүй бол нэгэн жарандаа элбэг хүрэлцэх амуу буудай бий гэсэн төлөг буудаг нь ямар учиртай хэрэг билээ. Энэ тухай Балингийн хүүд хэлэх үү болих уу? Хамаг л ихэс дээдсээ шороонд булчихсан цөвүүн цаг дор хуучны хашир өвгөдийн сүүл мушгиж үлдсэн Цэрэндоржтон шинэ төрд ч нүүр алдалгүй өнөө үед төрийн сайдын сэнтий түшиж байна. Түүнд итгэх арга үгүй. Гэтэл үнсэн самбар дээр гүйх хулсан үзэгний үзүүр Цэрэндоржоос цэрвэх хэрэггүй гэж хэлээд байдаг нь юуных вэ хө” хэмээн бодол болж сууснаа шавиа дуудав.

-Цэрэндоржийн зарлага хүүд хэл дуулга. Түүнтэй уулзахыг алгуурлаж боломгүй төлөг буулаа хэмээгээд хоймор голлосон бурхдын зүг наманчлан залбирав.

-Шамбалын хаан Рэгдэндагва бурхны тиг гаргах гэж толгой өндийх завгүй, нүд улайн суусаар сайдтай уулзах товоо мартах шахжээ. За яахав. Маргааш нөгөөдрөөс тухтайхан сууна даа. Дараа нэг өдөр эзэн нь ирж мэлмийг нь нээж, гүйцэд дүүргэх ч юм бил үү хэмээн ганцаараа ярьснаа,

– Гүй хүү минь, гүйгээд ир хэмээн яаруулан гаргав.

Маргааш өдөр нь нар хэвийж байхад өвгөн гавжийн бор гэрийн гадаа хэдэн хүн ирээд хоорондоо ярилцаж буй бололтой чимээ гарч байснаа төдөлгүй үүд сөхөн нэгэн хүн орж ирсэн нь хичээнгүй сайд Цэрэндорж байлаа. Тэрбээр өвгөн ламтай мэнд мэдэн хөөрөглөөд,

-Халхын их хутагт өндөр гэгээнтэн хүй мандлаас хүн чулууны хонхорт нүүлгэж ирсэн нийслэл хүрээний алдар нэрийг цоо шинээр оноон өгөхөөр толгой гашилгаж явна. Алтан тэвшийн хөндий дайн самууны хөлд дарагдах учиргүй л юмсан хэмээн төлөгдсөн Өндөр Богд минь юунд санаагаа чилээснийг мэдэх хүн үлдсэнгүй. Үлдээсэн ч үгүй дээ хэмээн уртаар шүүрс алдаж монхор хамрынхаа угалз, махлаг дүүрэн царайгаа илбэж байлаа.

– Ээ гэгээн минь. Ядуу хувраг миний сурсан сонссон хоёр өчүүхэн бага гэдгийг та юу эс андах вэ. Сайн лам ховордсон үед сангас үнэд орно гэгч нь болох вий гэж хэлээд мушийн инээмсэглэн өвгөн зурхайчийн үгийг үл сонссон мэт,

– Улаан оросын санаанд нийцэх хэрнээ улс орныхоо хожим хойчийг билэгдсэн онц сайхан нэр хайн хэл хүргүүлсэн билээ танд хэмээн хөмсөг зангидан суух нь төрийн хүний сэтгэл чилээсэн байдал аргагүй харагдах ажээ.

-Улс хотын сайн сайхныг төсөөлөн билэгдэж, улаан оросын санаа сэтгэлийг баясгаж Шамбалын хаан Рэгдэндагва бурхны нэрийг өгвөл алсдаа өлзийтэй, өнөр их хот балгад болох ерөөлтэй гэж төлөгт буув хэмээн Жамбаа гавж хэлэв.

Цэрэндорж сайд ширээний өнцөг тогшин бодолд автан,

-Бавуу мааравын дончир оо хэмээн хэлээд нүдээ хагас анин зүүрмэглэх мэт хэсэг сууснаа түнтгэр хүрэн царайндаа инээмсэглэл тодруулан,

-Орос цэргийн комиссар Рыскуловийн толгойг эргүүлдэг хэрэг ээ хө хэмээн хэлээд яриа дууссаны дохио болгон дахин нэг тамхилах зуур,

-Хана гэдэг чихтэй тул хамар доорхоо мэдэж явах нь та бидэнд өлзийтэй хэмээн нухацтай сануулаад саарал даавуун дээлнийхээ хормойг сөхөн босоод гарч одов.

Энэ өдрөөс хойш долоохон хоногийн дараа нэгэн мянга есөн зуун хорин дөрвөн оны намрын тэр өдөр хотол олны амнаас ам дамжин яригдсан нэгэн нэрийн тухай Алтан тэвшийн хөндийгөөр учир мэдэх хүмүүс хэлэлцэн суулаа.

-Аливаа бүхэн билэг ерөөлтэй ажээ. Хамаг юм хоосорч мунхагийн харанхуй үүрлэхэд Рэгдэндагва хаан их цэргийнхээ хамт Шамбалын орноос гарч ирэн оюун санааны их тулаан хийж амар амгаланг авч ирэх ерөөлтэй Бавуу мааравын дончир буюу монголчилбол Улаанбаатар их балгад нэрээр нийслэл хүрээгээ нэрлэсэн нь хэний ухаанд багтав аа хэмээн хэлэлцэж байлаа.

-Шинэ засаг маань аргагүйн эрхэнд улаан Оросыг налахдаа Өндөр гэгээнийхээ соёмбо үсгийг төрийнхөө туг далбаанд алтан таван хошуугаар сондор нэмэн оруулжээ. Соёмбо нь гэрэлтэж яваа цагт монголын заяа өөдөө байх нь дамжиггүй хэмээхэд учир мэдэх зарим нэг нь,

-Монгол төрийн сүлдэнд морио унасан монгол хүн уургаа суналзуулан давхиж явааг үзвэл, амгалан цаг ирсний тэмдэг биз. Билэг ерөөл нь хаачих вэ хэмээн ярилцаж байлаа.

Харин тэр өдөр Цэрэндорж сайдын араас бодол болон суусан Жамбаа гавж гадаалж Богд хан уулын зүг хараа бэлчээн зогсохдоо “Хэтдээ төр шашин хоёр салж л таарах бий вий. Төр хурах, Шажин хурах гэсэн зэргэлдээ хоёр амны модон төгөл нэгэн агаараар амьсгалж нэгэн салхиар илбүүлэвч хоёр өөр ертөнцийн хил хязгаартай мэт ижилгүй харагдах нь юуных вэ? Түүх шастираа түймэрдэж, төрөл садангаа түйвээх цөвүүн цагийн айсуй зөн ойртож байх шиг хэмээн бодож Рэгдэндагва хааны хөргийг бүтээгээд улсын сан хөмрөгт тушаачихья гэж бодсон ч амжихгүй ч юм шиг совин татаад байх юм хэмээн бодож зогссон Жамбаа гавж төгсгөлөө төлөгтөө харсан мэт долоо хоногийн дараа л насан хутгийг олсон байлаа.

Тэр цагаас хойш гурван жилийн хойно хийдийн хойморт буй бурхдын дундаас хэрмэл салхины үзүүрээр нууцаа нээсэн зургийг өөрийнхөөрөө гүйцээн зурсан Оросын аялагч Николай Рерихын өмнө Богд хан уулын хормойд ногоон зүлгэн дээрх сүм хийд, монгол гэр, идээшин буй адуу малын дээгүүр тэнгэрийн орноос улаан хөлөгт, улаан баатрын дүрээр салхи татуулан энэ л газар орныг хамгаалахаар ирж яваа гурван мэлмийтэй, догшин дүртэй, зүүн гартаа дайсны зүрх, баруун гартаа жад атгасан, ээтэн гуталтай Рэгдэндагва хааны хөрөг тийш бахархалтайгаар харан зогсож байлаа.

– Их Улаанбаатар балгадын шүтээн энд миний гараар бүтэх учиртай байжээ. Энэ хүртэл явсан эрэл хайгуулынхаа эцэст Шамбалын орны Рэгдэндагва хаантай энд учирлаа. Энэ монголчууд үнэхээр билэг ерөөлтэй улс ажээ хэмээн хэлээд инээмсэглэж байв аа.

Categories
мэдээ утга-зоxиол

Франц хэлнээ хэвлэгдсэн “Тунгалаг тамир” романы дээжсийг номын сангуудад гардууллаа DNN.mn

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-ын хүрээнд төрийн ёсны уламжлал, түүх, соёлын дурсгал, утга зохиол, урлагийн бүтээлээр дамжуулан үндэсний бахархал төлөвшүүлж, эв нэгдлийг бэхжүүлэх, мөн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийн нэг болох утга зохиолыг хөгжүүлэх ажлууд идэвхтэй өрнөж байна. Энэ бодлогын хүрээнд Монголын утга зохиолын шилдэг бүтээлийг олон улсад түгээн дэлгэрүүлэх, үндэсний соёлыг сурталчлах зорилгоор тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байгаа билээ.

Эдгээр ажлын нэг хэсэг болж, ХХ зууны сор болсон бүтээлүүдийн нэг болох Төрийн хошой шагналт зохиолч Чадраабалын Лодойдамбын “Тунгалаг Тамир” романыг франц хэл рүү орчуулан олон нийтийн хүртээл болголоо. Энэхүү орчуулгыг Францын монгол судлаач, докторант Тифэн Канн хийсэн бөгөөд тэрээр одоо Бямбын Ринченгийн “Үүрийн туяа” романыг мөн франц хэл рүү хөрвүүлж эхлээд байна.
Шинэхэн хэвлэгдсэн “Тунгалаг Тамир” романы дээжийг өнөөдөр “Хөрөнгө оруулалт-Хамтын ажиллагаа” сэдэвт Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форумын үеэр хүндэт зочдод танилцуулж, номын сангуудад гардуулан өглөө.

Энэхүү үйл явдал нь Монголын утга зохиолыг дэлхийн уншигчдад ойртуулж, үндэсний соёлыг түгээн дэлгэрүүлэх чухал алхам боллоо.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал утга-зоxиол

“Болор цом”-ын эзэн А.Лхагва: Цэндийн Чимиддорж багшийгаа их бодлоо DNN.mn

Болор цом-42” яруу найргийн наадмын эгшиглэнт эхийн хишигт найрагч Аюурбунъяагийн Лхагватай ярилцлаа.


-Юуны өмнө “Болор цом”-ын эзэн болсонд тань баяр хүргэе. Дундговь нутгийнхаа тав дахь “Болор цом”-ыг өргөлөө. Тэгэхээр хоёулаа ярилцлагаа хоёр удаагийн “Болор цом”-ын эзэн Дундговь аймгийн Дэрэн сумын яруу найрагч, таны багш Цэндийн Чимиддоржийг дурсаж эхлүүлэх нь зүйтэй болов уу?

-Цэндийн Чимиддорж найрагч бол үнэхээр монгол түмний бахархал, баярхал юм.

Жинхэнэ монгол яруу найраг, монгол ахуй, Монголын өв соёл, зан заншил гэж юу байдгийг яруу найрагт тодоор харуулсан гайхамшигтай хүн. “Малчин” гэдэг шүлгээрээ Монголын яруу найрагт тодоос тод тамга дарсныг ард түмэн бүгдээрээ мэдэж байгаа. Ийм сайхан найрагч төрүүлсэн нутаг усныхан, улс орон ийм л найрагчтай даа гэж бахархаж, баярлаж явдаг. Монголын нүүдэлчдийн өв соёл, малчин уламжлал, нандин сайхан бүхнийг шүлэг найргаараа тамгалсан хүн. Дэрэн сумын Бумбатын хонхорт төрсөн хүн л дээ. Тэр хонхорт бас Барнангийн Доржпаламын ижий, аав нь төрсөн гэгээн өлгий юм. Б.Доржпалам, Ц.Чимиддорж гээд хүмүүс чинь малчны хотонд төрсөн хүүхэд ямаршуухан шүлэг, найраг бичдэгийг утгаар нь харуулсан даа.

-Та Монголын утга зохиол, яруу найрагч багшийнхаа талаар ч их бичсэн, агуу их Норовбанзад гуайг бас их бичсэн санагдана…

-Нутаг орноо бичнэ гэдэг Монголоо бичиж байна гэсэн үг шүү дээ. Хонхорынхоо хүмүүсийн тухай бичнэ гэдэг бол Монгол даяарыг бичиж байна гэсэн үг. Тэрийг зөвхөн хотгор, хонхор төдийгөөр бодож болохгүй. Тэр хонхор дотор чинь л эх орон минь бүхлээрээ багтдаг. Манай хонхорт дэлхийд гайхагдсан агуу их дуучин Намжилын Норовбанзад төрсөн. Тэр нутагт төрсөндөө, тэр нутагт онож ирсэндээ бахархаж баярламаар тийм гайхалтай.

-Өнөөдрийн Монголын утга зохиолын ноён оргилууд, дуу хуурын ноён оргилууд төрөн гарсан сайхан нутаг л даа.

“Ус нутгаа хүү нь алдаршуулна” гэж сайхан үг байдаг шүү дээ. Ус нутгаа хүү нь алдаршуулахаас гадна ус нутаг нь бас хүүгээ алдаршуулдаг юм байна аа. Дэрэн гэдэг сум бол дэлхийд онцгой юм гэдгийг Н.Норовбанзад гуай, миний багш Ц.Чимиддорж нар тамгалчихсан байна. Дундговь аймгийн хувьд бол дуу хуур, өв соёлын өлгий. Морьтон түмний гайхам сайхан зүйлийг өвлөж, хадгалж, хамгаалж авч үлдсэн хүмүүсийн нутаг. Тэр сайхан бүхнийг дэлхий дахинд гарч, харагдах, үзэгдэх, бахархагдах цаг үе нь ирсэн гэж бодож байна. Энэ сайхан цаг үед “Болор цом” наадамд түрүүлсэндээ баяртай байна. Манай аймгийн “Уяхан Замбатив” утга зохиолын нэгдэл нэг хэсэг хүч сулраад байснаа одооноос их эрч хүчтэй шүлэг найргаа туурвиж, яруу найргийн наадмуудад ч идэвхтэй оролцож, амжилт гаргаж эхлээд байна. Улс орноороо хүмүүс бахархдаг бол, яруу найрагчаараа улс орон нь бахархдаг ийм сайхан алтан үе ирээд байна. Сая “Болор цом” наадмын шилдэг 28 найрагчийн гурав нь Дундговь аймгаараа овоглож шүлгээ дуудлаа.

-“Болор цом” наадамд хэд дэх удаагаа орж байна вэ?

-Би арваад л удаа орсон байх аа. Учиргүй олон ч биш, цөөхөн ч биш. Ер нь жил жилд шүлгээ өгөөд явдаг. Цомд тоосоо өргөөд уралдаанд орно гэдэг чинь л гоё зүйл байхгүй юу. Яруу найргийн наадамд орохдоо түрүүлж, айрагдана гэж ерөөсөө боддоггүй. Зүгээр л сайхан уралдаад тоосоо өргөнө дөө л гэж боддог. Хөөдөөгийн Эрдэнэбатын түрүүлдэг жил нэг айрагдаж байлаа. Би ер нь яруу найргийн наадамд түрүүлж байгаагүй, дандаа аман хүрүү, айргийн тавд давхидаг. “Болор цом”-д л анх удаа түрүүллээ.

-Та хамгийн анх “Болор цом”-д оролцож байх үеийнхээ дурсамжийг хуваалцахгүй юу?

-Тэгвэл их эртний юм ярина. 1990-ээд оны эхээр шүү дээ. Тэр үед манай хамаг аваргууд байсан. Нэг онцлог гоё юм нь гэвэл бөхийн барилдаан шиг нэг нэгэнтэй нь нэр зоож гаргаад шүлгээ уншдаг байсан. Би Бямбажавын Цэнддоо гэж Завхан нутгийн, одоо Төрийн соёрхолт болсон яруу найрагчтай шүлгээ уншиж явсан сайхан түүх бий.

-“Болор цом” наадам дөхөөд ирэхээр, эсвэл наадам өндөрлөсний дараа уншигч, сонсогчид, утга зохиолынхон янз бүрээр дүгнэж ярилцдаг. Энэ талаар таны байр суурь ямар байна вэ?

-Манай “Болор цом” бол эх хэлээ эрхэмлэж, монгол хэл соёлоо дээдэлдэг хүн бүхний бахархалтай наадам шүү дээ. Сүүлийн үед л янз янзын хүмүүс янз янзын юм бичдэг болж. Тэр бол шал дэмий зүйл. Зүгээр л монгол хэлээ, монгол шүлгээ, монгол өв соёлоо дээдэлсэн болгон талархан хүлээж авах баяр бахархал гэж боддог. “Болор цом” жил бүр Улс тунхагласны баярын өдрөөр зохион байгуулагддаг уламжлалтай болсон. Яагаад гэхээр шүлэг, яруу найргаа бичиж наадмаа зохион байгуулах нь өөрөө тусгаар тогтнолоо тунхаглаж байгаа нэг хэлбэр юм. Би тэгж боддог.

-Энэ жилийн наадамд залуу яруу найрагчид их оролцлоо…

-Тэглээ. Залуучууд маань хүч түрэн орж ирж, “Болор цом” наадмаа хүндэтгэн сайхан шүлэг уншлаа. Нийт найрагчдын бараг 80, 90 хувь нь залуус байсан. Тэрнээс гадна үзэгчид ямар гоё байв аа. Суудал дүүрчихсэн, багтаагүй хүмүүс нь хоёр талаар эгнээд зогсчихсон. Ийм наадам гоё юм аа. Хэчнээн сайхан байв. Монголчууд шүлэг, яруу найрагтаа дуртай, сонсдог хэвээрээ байгаа юм байна.

-Аливаа нэг бүтээл төрөхөд сэдэл авсан зүйл заавал байдаг байх. Та сая “Морин хуурын хэл” хэмээх сайхан шүлгээ дуудаж, “Болор цом” өргөлөө. Энэ шүлгийг бүтээх сэдэл, урам зоригийг хаанаас авав?

-Ерөөсөө л хээр талд, монгол малчны хотонд өссөн хүмүүс бол газар тэнгэрийн хэл, амьтны хэлээр орчлон ертөнцийг мэдэрдэг ухаантай, сэтгэлтэй болдог байх. Тэр л орчинд өссөн учраас би “Морин хуурын хэл” шүлгээ бичсэн. Энэ шүлгээрээ түрүүллээ. Сайхан байна. Монголчууд бол газар тэнгэрийн хэлийг мэддэг гайхамшигтай ард түмэн шүү гэдгээр би баярлаж, бахархаж явдаг юм.

Н.Тулгаа

М.Дэлэг

 

Categories
мэдээ утга-зоxиол цаг-үе

Б.Магсаржав: Дуурь бичнэ, хөгжмийн томоохон зохиолууд руу орно DNN.mn

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Бадарчийн Магсаржавтай ярилцлаа.


-Хөгжмийн зохиолчид шүлэг, яруу найргийг ихэд мэдэрдэг хүмүүс юм шиг ээ. “Энэ дуу болох шүлэг байна, энэ аялгуутай мөр байна” гээд мэдрэгдэнэ биз?

-Хариулахад гоё байна аа. Зайлшгүй шүлэг мэдэрдэг байж байж тэр аялгуу бичигдэх ёстой. Хүчээр хийж болдоггүй. Зарим шүлэг аятай байдаг юм. Гэхдээ тэр их ховор. Аятай шүлэг гэдэг нь нэг, хоёр, гурав, дөрвөн мөр дотор ямар нэгэн хөгжмийн хэсгийг хөглөсөн хэсэг байдаг байхгүй юу. Тэр дөрвөн мөр дөрвүүлээ тийм байх албагүй. Жишээ нь, Бавуугийн Лхагвасүрэн гуайн “Зүүдэн бороо” шүлгийн,

…Харж л суух минь хэзээ л юм бол доо…гэдэг мөрийн “хэзээ л” гэдэг чинь аятай байхгүй юу.

“Насны намар” дээр ярихад,

…Насны намар гадаа ирэхэд гэдэг мөрийн “гадаа” гэдэг үг чинь аятай.

…Гадаа ирэхэд…(Дуулав.сурв) Тэгэхээр шүлэг дотор нэг л судас байдаг юм. Тэрийг нь хөгжмийн зохиолч нь зөв барьж чадах юм бол ард түмний хайртай дуу болчихож байгаа юм. Аятай шүлэг гэж хэлээд байгаа чинь тэр.

-Дууны дээр үеийн, хуучны хэдэн номнуудыг эргүүлж үзлээ л дээ. Тантай хамтарч дуу бүтээсэн яруу найрагч, зохиолчдын нэрсийг харахад Л.Дагвадорж л гэнэ, Бавуугийн Лхагвасүрэн л гэнэ, Дөнгөтийн Цоодол, Цэвэг-мидийн Гайтав, Дамбийн Дашдондов. Үүнээс харахад, дууг бүтээхэд, дуу бүтэхэд яруу найрагч, хөгжмийн зохиолч хоёрын нөхөрлөл явах ёстой юм байна?

-Зайлшгүй явах ёстой. Бие биетэйгээ дотоод сэтгэлээрээ ойлголцох ёстой. Сайн, муу юманд хамт явж хутгалдах ёстой. Би Лхагваа ахтайгаа (Бавуугийн Лхагвасүрэн гуайг хэлэв.сурв) Дэнжийн мянгын гэр хороололд, хашаанд амьдардаг байхад нь ус, түлээнд нь хамт явж хөглөж явсан түүх зөндөө бий. Ц.Гайтав гуайгийнхаа архинд ч гүйж байх шиг. Тэгж байж бие биенээ мэдэж, тэгж байж бие биенээ хөглөж, асаж, дүрэлзэж ингэж байж л дуу бичигддэг л дээ. Шаравын Сүрэнжав гуай намайг тэнээд явж байхад гэртээ аваачаад ус цасанд оруулж, хоёр хоног амрааж байх жишээтэй. Тэгж байж “Тэсийн голын унага”-ыг бичиж байх жишээний. Ингэж дотно найзалж, нөхөрлөж байж бичсэн тэр аялгуунууд л дотно юм даа. Монголын ард түмэнд тийм дотно бүтээлүүд хүрэх юм даа. Уран бүтээлчид сайн муу бүх юмаа хуваалцаж байж л бүтээлээ хийх хэрэгтэй.

-Таны сүүлийн үед хийсэн дуунуудаас “Айсуй” гэж дууг онцолмоор байна. Бөхийн өргөөнд болсон тоглолт дээр Б.Сарантуяа гавьяат дуулахыг анх удаа сонссон л доо.

-Бөхийн өргөөнд болсон “Айсуй” тоглолт юм.

-Өөр өгөгдөлтэй дуу байна лээ дээ?

-Яагаад тийм юм бэ гэвэл байна шүү дээ. 2020 оноос хойш миний сэтгэл зүй өөрчлөгдсөн. Би тэс өөр хүн болчихгүй юу. Миний амьдрал ч тийм болчихлоо. Тэрийгээ дагаж уран бүтээл минь ч өөрчлөгдсөн. Энэ дууны шүлгийг Ганаа минь (Гэргий, яруу найрагч Ж.Ганчимэгийг хэлэв.сурв) маш гоё бичсэн. Ардын сэдэвтэй, этник зохиол байхгүй юу. Би өөрөө өөрчлөгдсөн юм чинь Сарааг жаахан “эвдмээр” санагдаад. Энэ дуу их дээшээ гардаг. Сараа дээшээ гаргаж чадна. Сараа бяртай дуучин учраас гаргаж байгаа юм. Энэ дууг хэрийн аавын охин шүүрээд дуулдаг ч дуу биш. Нэлээд мэргэжил орно. Нэлээд үндэсний үзэл орно. Нэг болохоор буриад дуу ч юм шиг, нэг болохоор халимаг дуу ч юм шиг. Тийм сонин, Монголын бүхий л угсаатнуудын аялгуунууд орж гараад байгаа юм. Үүнийг чинь “Хамаг Монгол” гэж яриад байгаа юм.

-Танд зөнгөөрөө дууны ая орж ирнэ гэж байдаг уу. Дууны хөгжим нь эхэлж бүтээгдээд араас нь шүлгээ нэхсэн тохиолдол танд байна уу?

-Байдаггүй юм. Миний нэг онцлог байдаг юм. Надад мянга орчим дуу бий гэж бодъё л доо. Бүгдийнх нь шүлгийг цээжилчихдэг. Давуу тал юм уу, гажуу чанар юм уу. Би ойлгодоггүй юм, үүнийг. Бүгдийг нь цээжээр уншчихдаг. Хүн шүлэг өгвөл цээжилчихдэг. Тэгээд орхичихдог юм. Тэгж байтал өнөө цээжилсэн дөрвөн мөрт тархин дотор явж байгаад авьяастай холилдоод, шүлэг нь намайг хөглөөд тэгээд дуу гаргаж ирдэг. Тэгж хийсэн дуунууд амьтай. Тэгж л бичдэг. Түүнээс биш маргааш ирээд аваарай гээд төгөлдөр хуур дээр тавиад бичдэггүй. Хийсвэр болчих гээд байдаг.

-Та мэргэжлийн хөгжмийн зохиолчоор бэлтгэгдсэн, бүр зориудаар бэлтгэсэн хүн шүү дээ. Танаас мэргэжлийн томоохон бүтээл гарахыг магадгүй зарим хүмүүс хүлээж байгаа байх?

-Мэргэшсэн гэхээрээ дуу тал руугаа чиглэчихсэн. Дуунаас дуурь хүрэх зам гэж байдаг. Би бичнэ. Жаран насны босго даваад бичнэ гэсэн багш нартаа хэлсэн ам байдаг. Одоо 60 насны босгоо давж байна. Хүндэтгэлийн тоглолтын дараа зарлана. Дуурь бичнэ, хөгжмийн томоохон зохиолууд руу орно. Тийм нөхцөл надад бүрдэж байгаа байхгүй юу. Ард түмэн ч шахаж шаардаж байна. Тэгэхээр нөгөө жаран дээрээ бичих гээд байна шүү дээ (инээв.)

Энэ жарандаа дуугаараа танигдчихлаа. Дуугаа бичнэ. Гэвч хэлбэр нь өөрчлөгдөж, том юмаа бичиж, нөгөө гайхалтай юмыг хийх ёстой. Яагаад вэ гэвэл 1950 хэдэн онд Хятад, Монгол найрамдчихсан байх үед Дорно дахины хөгжмийн их сургуульд Билэгийн Дамдинсүрэн очиж сурч төгсөж ирээд алдартай симфониудаа бичсэн. Хорин хэдэн жилийн дараа тэр сургуульд би очоод төгсөж ирсэн. Тэр сургуулийг төгсөхдөө “Алдартай “Учиртай гурав”-ыг бичсэн хүний хийгээгүй юмыг хийе ээ” гээд тангараг өргөөд ирж байсан юм. Тэгж хийж эхлэх нас нь хэзээ вэ гэхээр, 60 наснаас эхлэх байхгүй юу.

-Таны амьдралын тодорхой хэсгийг алдагдсан, буруудсан, бүр хатуу хэлбэл буруу зам руу орсон ч гэж ярьдаг хүмүүс бий. Гэвч үүнтэй санал нийлэхгүй байна. Авьяастай хүн, тэр тусмаа төрмөл авьяастай хүн тэрбугай замыг туулж л байдаг. Шулуун, дардан замыг амьдарсан гэхгүй л байх?

-Сонирхолтой байхгүй юу. Тийм зам руу орж байж, өөр өнцгөөс өнгийж харна шүү дээ. Тэгсэн мөртлөө би хэзээ ч хөгжмөө хаяагүй. Хаягддаггүй юм. Ямар ч айлд хоносон аялгуу нь төрж л байдаг. Дуу зохиож өгөөд айлыг элэг бүтэн болгож өгч л байлаа. Буян хийгээд л яваад байсан. Тэр амьдралыг би өөрөө сонирхсон юм. Зөрж тийм амьдрал руу орсон. Бүр гэр орноо зарж үзсэн. Яадаг юм, зарчихаад хоосон болж үзье. Тэр нь сонирхолтой байхгүй юу. Хүн сольж үзье гээд сольж үзсэн. Өөр характертай хүнтэй амьдарч үзье, алдъя, хаягдъя, хаяж үзье гээд бүгдийг нь үзсэн. Тэр надад сонирхолтой байсан. Намайг хөглөсөн байхгүй юу. Зөв ажигласан байна. Дараа нь хожим нь ярих юмтай шүү дээ (инээв). Тэгсэн, тэгж байсан, үзчихсээн. Үзэх юмсан гэж хожим харамсаж байснаас үзчихсэн сууж байх нь хамгийн жаргалтай.

-Яруу найрагч Ж.Ганчимэг таныг ямар ч болзолгүйгээр хайрласан, өгөөд л, өгөөд л байсан?

-Тийм. “Би баян хүнтэй суучихлаа” гэхээр нь гайхсан ш дээ. Намайг их цочоосон. Надад ямар юм байхав. Хамгийн ядуугийн ядуу болчихсон байсан. Тэгээд бодлоо, би яагаад баян гэж, нээрэн бүтээлч хүн баян байх ёстой. Үнэхээр баян ч юм уу гэж бодсон. Тэгж бодсон нь ч оносон байна билээ. Тэгээд л намайг хайрлачихсан байхгүй юу. Тэр нь надад улам илүү их юм хийх хүсэл төрүүлсэн. Ганаа гохыг нь зөв дарсан. Баяжихын төлөө биш би хийх ёстой юмаа хийх л ёстой юм байна, тэгэхээр би баян юм байна гэж тэр өдрөөс хойш их омогшсон. Баян гэдгээ ч мэдэрсэн.

-Та хоёр 2020 оноос хойш хэчнээн тоглолт хийчихэв?

-Гурав дахь тоглолтоо хийх гэж байна. Хоёр дахь номоо гаргалаа. Богино мөртлөө хүнд жилүүд өнгөрчихлөө.

-Хийх ажлууд тань овоорчихсон байсан юм биш үү?

-Тийм байж дээ. Оньсыг нь мулталсан он жилүүд. Урд нь буглаж байсан юмнуудыг зад тавьсан жилүүд. Тэгэхээр хугацаа богиноддоггүй юм байна.

-Хэн миний төлөө үлдэх вэ, хэн миний дэргэд үлдэх вэ гэдэг сорилт, шалгуурын жилүүдийг түүнээс өмнө туулжээ. Тэгээд хэн таны дэргэд үлдсэн байв?

-Хүмүүсийг таних, мэдэх жилүүд байсан.

-Эргээд харсан чинь хэн таны дэргэд үлдсэн байж вэ?

-Хань л байсан. Ганаа л байсан. Бусад нь бүгд худлаа байсан. Боддог шүү дээ. Дуу яагаад амьдардаггүй вэ. Хуурамч бичдэг байхгүй юу. Яагаад вэ гэвэл аятай шүлгийг нь анзаараагүй байхгүй юу. Тэрэнтэй адилхан. Би Ганаагийнхаа судсыг зөв барьжээ. Ганаа ч миний судсыг зөв барьжээ. Тэгэхээр амьдрал цэцэглэж байна шүү дээ. Цаашид үргэлжлэх өндөр магадлалтай. Залуустаа хэлэхэд, гох гэх юмыг зөв л дараарай. Буруу дараад байх юм. Хийсвэр дараад байвал хохироод байдаг. Зөв л гохдож байх хэрэгтэй. Дууг хүчилж хийдэггүй юм. Сэтгэлийн урсгалаар орж ирдэг аялгуу. Төлөвлөгөө тавьдаггүй юм ш дээ. Өнөөдөр төдөн дууны нормтой гэж болохгүй (инээв). Төлөвлөгөөгөө давуулан биелүүлнэ гээд зүтгэх юм бол таван хийсвэр дуу гарчихаж байгаа юм, ард түмнийг мэхлээд. Тэрийгээ л больчих хэрэгтэй. Гарвал гараг, гарахгүй бол битгий албад.

-Та дуу зохиохгүй удаж байсан үе байдаг уу?

-Хорь хоног тэгж үзсэн. Харанхуй ертөнцөд байгаа юм шиг санагдсан. Өөрийгөө хүчээр тэгж үзсэн юм. Болдоггүй юм билээ. Хэцүү л дээ.

-Таныг нутгаа их санаж байна гэхийг сонслоо?

-Энэ жилийн намар нэг их налайж, өвлийн сар гарсан ч намраараа л байна. Намайг тайвшруулж байгаа, баярлуулж байгаа ч юм шиг. Манай нутагт намар гайхалтай. Хүн бүрд нутаг нь тэгж санагддаг байх. Дан ялангуяа намарт сэтгэл их гэгэлздэг. “Насны намар”-аа намар бичсэн ш дээ. Аравдугаар сарын сүүл, 11 дүгээр сарын эхээр. Сэтгэл гэгэлзсэн үедээ би ХИТ дуунуудаа бичсэн байдаг юм. Тэр үед минь сэтгэлийн утсыг хөндсөн яруу найрагчдадаа баярлаж явдаг юм. Яагаад ч юм тэр үед нь шүлгүүдээ өгч байж. Намар цаг налайсан, тайвшруулсан улирал. Маш их юмыг эргэцүүлэн боддог. Навчис унаж байна, шарлаад л өнгө нь хувирч байна. Би навч цэцэглэхээс унан унатал нь юу хийж вэ гэж боддог ухаарлын сар юм уу даа. Ажлаа дүгнэдэг сар юм уу гэж бодсон. Ийм үед тоглолтоо хийж байна. Эргэцүүлэл маягийн тоглолт юм уу даа. Төрийн хэмжээний концерт ямар хэмжээний сахилга бат, дэг жаяг, хариуцлагатай байдаг билээ, тэр дагуу л хийнэ. Хүн болгон чармайж байна. Өвлийн сар гарсан ч намрыг дурссан өвөл болж байна даа (инээв). Дуусдаггүй намар. Хүн болгон баяртай байна. Сайхан улирал, сайхан налайж байна даа.

Хүн 60 хүрэхээрээ нутгаа их санадаг юм байна. Огцом санаж байна. Залуу насаа бодож байна. Тоглож байсан чулуу, уул усаа эргэцүүлэн боддог юм байна. Аав ээж ч нүдэнд харагддаг юм байна. Тийм учраас Увс аймгийнхаа 100 жилд том бэлэгтэй очих гээд уран бүтээл рүүгээ л төвлөрч байна. Уран бүтээлээ л барьж очно доо.

-Урлагийн гавьяат зүтгэлтэн болж, цолны мялаалга тоглолтоо хийгээд ард түмэнтэйгээ дуугаар дахин учрахад ямар байсан бэ?

-Бороо орж байгаа юм шиг л байсан. Цаг үе нь ч тэгж таарсан. Ковидын дараахан, хүмүүс тоглолт, дуу хуураасаа холдсон, эмзэг үе ч байсан. Хүмүүсийн хүлээлт ч нөлөөлсөн байх. Үзэгчдийн алга ташилт бороо орж, шаагьж байгаа юм шиг л байсан. Тэрнээс хойш дахиад олон удаа бороо оруулахсан гэсэн хүсэл бадарч эхэлсэн дээ. Одоо хийх тоглолт нэлээд хүч авсан тоглолт. Бярдаж байна гэх үү дээ. Бяртай маягийн тоглолт хийхээр бэлтгэж байна.

-Тоглолтын бүрэлдэ-хүүн нь ч нүсэр бололтой юм?

-400 гаруй хүний бүрэлдэхүүнтэй байхаар байна. Зарим нэгийг нь багцалж байгаа. Найр ч юм шиг.

Арваннэгдүгээр сарын 29-ний баасан гаригт хүмүүс ажлаа цэгцлээд бүтэн нэг долоо хоногийн ажил дуусдаг өдөр. Тоглолтоо үзчихээд маргааш, нөгөөдөр сайхан амраад аялаад тааваараа байг ээ гэж бодсон. Сонирхол татсан, хуучныг бодогдуулсан, бахархууштай, үзүүштэй тоглолт болно гэдэгт сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байна даа. Танхим үзэгчдээр дүүрэх нь ойлгомжтой. Дүүрэх, дундуурыг ярихгүй. Их л халуухан концерт болно оо гэж урьж байна, ард түмнээ. Хайртай шүү, Маагаа нь. Шинэ Маагаа шижигнүүлж өгнө өө.

Д.ГАНСАРУУЛ

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл утга-зоxиол

Дэндэвийн Амгаа: “Маргалдаж байж ганц давснаас зүгээр сайхан тахимаа өгчихсөн нь дээр” гэж Д.Мягмар заан хэлдэг байсан DNN.mn

Холоос харахад жанжин асар

Хондлой зоо нь уулын цар

Хэзээ ч гүндүүгүй монгол эр

Хэрж зогссон орооны буур хэмээн Тангадын Галсан нэгэнтээ Монгол Улсын заан, Самбо, жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын гавьяат тамирчин, дасгалжуулагч Өрлүүд овгийн Дэндэвийн Амгаад зориулж шүлэглэсэн байдаг. Дэндэвийн Амгаа нь Булган аймгийн Дашинчилэн сумын уугуул бөгөөд 1980 оны Москвагийн олимпод жүдо бөхийн төрлөөр эх орноо төлөөлөн өрсөлдөж явсан юм. Улсын Цогт-Идэр, хичээнгүй нягт, үнэн хүчит, өрнөн дэлгэрэх, өсөн нэмэх, улам нэмэх, үлэмж бадрах, бат нягт заан Дэндэвийн Амгаатай ярилцсанаа хүргэе.


-Таны төрсөн нутаг Булган аймгийн Дашинчилэн сумын түүхт 100 жилийн ой саяхан тохиолоо. Та сайхан наадсан уу?

-Сайхаан, сайхан наадлаа. Энэ жил манай сумын түүхт 100 жилийн ой боллоо. Нар хур тэгширсэн, газрын гарц сайтай цагт наадам их сайхан болж, ард түмний сэтгэл их өндөр байна.

-Их ойн наадамдаа хэчнээн хурдан хүлгээ сойсон бэ. Та хэд дэх жилдээ морь уяж байна вэ?

-Хоёр насны морь уясан. Азарга найм, есөөр давхилаа. Сумаасаа уралдсан азарганууд дотроо эхний гуравт нь орсон. Хязаалан үрээ нь дундуур давхилаа. Миний хувьд багадаа хурдан морь унаж байсан. Сүүлдээ сургуульд сурах болон хот руу барилдах гэж яваад морь уялгүй хэсэг завсарласан. Би 2000 оноос хойш морь уяж байна. Нэлээд хэдэн бүсийн болон янз янзын том, жижиг наадмуудаас олон айраг түрүү авч байсан. Би аймгийн алдарт уяач цолтой.

-Та ажлынхаа гарааг тээврийн жолоочоор эхэлжээ. Бөхийн спортод хөл тавьсан түүхээсээ хуваалцахгүй юу?

-Хүний амьдрал дэндүү богинохон юм. Би одоо 70 гаруй настай болж байна. Амьдралынхаа чамгүй хугацааг буюу 60-аад жилийг хөдөлмөрлөж өнгөрүүлжээ гэж боддог. Би арваа төгсөөд анх тээврийн жолооч болсон. 18 насандаа цэрэгт явах ёстой байсан ч намайг нэгдэлд жолоочоор үлдээж байсан л даа. Хэрэв би 18 насандаа цэрэгт яваад “Алдар” нийгэмлэгт очсон бол нэгдэлд тэрэг барихын оронд арай эрт бөхийн бэлтгэлээ хийж эхлэх байсан байх. Би таван жил нэгдлийн жолооч хийсэн. Тиймдээ ч би үеийнхнээсээ арай хожуу бөхийн спортоор хичээллэж эхэлсэн. Ид юм сурдаг насаа тээврийн жолооч хийж өнгөрөөсөндөө жаахан харамсдаг. Энэ хугацаанд спортоо хөөсөн бол илүү амжилт гаргах байсан болов уу гэж бодогддог.

Намайг бөхийн спортод оруулсан хүн тухайн үед Соёлын яамны орлогчоор ажиллаж байсан П.Даваасамбуу гэж бөхөд их элэгтэй хүн байлаа. Намайг аймаг дээр барилдаж байхад дуудаж уулзаж байсан. “Чи хотод очиж бэлтгэл сургууль хийсэн нь дээр байх аа” гэж надад зөвлөсөн. Мөн “Үнэн” сонинд “Булган аймгийн Дашинчилэн суманд бөх болох сайн хүү байна”, Улсын шигшээ багт хот руу татъя гэдэг санаагаар П.Даваасамбуу гуай миний тухай бичсэн байдаг. Тэр үеийн “Үнэн” сонинд бичигдэнэ гэдэг ховор зүйл төдийгүй нэр хүндийн хэрэг байлаа. Манай сумын Намын дарга тэр үед н.Лувсанчоймбол гуай байсан. “Улсын шигшээ багийн тамирчнаар чамайг хот руу явуулах боллоо” гээд миний бичиг баримтыг бүрдүүлж өгснөөр би хотод ирж, энэ их бөхийн спортоор хичээллэх зам мөр маань нээгдсэн.

-Та Улсын баяр наадамд хоёрхон удаа зодоглоод начин цол хүртсэн бөх. Монгол улсын заан цолыг хүртэж байсан үеэ дурсвал?

-Би 1972, 1973 онд сумандаа хоёр түрүүлсэн юм. Дараа жил нь Улсын наадамд барилдаж, гурав давснаар том цолтой бөхчүүдтэй барилдаж болох юм гэсэн урам орсон л доо. Би 1975 онд улсын баяр наадамд 23 настайдаа улсын арслан У.Мижиддоржоор тав давж, начин цолны болзол хангасан. Миний хувьд хоёр жил улсад барилдаад улсын цолонд хүрсэн бөхчүүдийн нэг. 1981 онд Улсын аварга шалгаруулах барилдаан гэж болсон. Тэр барилдаанд би түрүүлж, улсын заан цол авсан. Тэр жил нь Ардын хувьсгалын 60 жилийн ой тохиож байв. Зун нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Х.Баянмөнх нарын олон бөхтэй бэлтгэлд гарсан юм. Бэлтгэл ч сайн хангагдсан. УАШТ-ээс заан цол хүртсэн болохоор улсын баяр наадмаар амжилтаа ахиулах, цолоо ядаж батлах зорилготой байлаа. Гэвч Ч.Гочоосүрэн намайг зургаагийн даваанд өвдөг шороодуулж, улсын заан цол хүртсэн. Би дараа жил нь улсын наадамд шөвгийн дөрөвт үлдэж, заан цолоо баталсан.

-Мөн тань шиг улсын баяр наадамд 10 удаа шөвгөрсөн бөх хэр олон бэ?

-Би самбо, жүдогийн улсын 10 удаагийн аварга, үндэсний бөхөөр 10 удаа улсад шөвгөрсөн заан. Манай бөх дотор улсад 10 удаа шөвгөрсөн заан Д.Долгорсүрэн, Ц.Мягмарсүрэн, З.Дүвчин, би гээд дөрөв, тавхан хүн бий. Үндэсний бөхөөр барилдсан баярын бичгүүдээ харахад 60-аад түрүүлсэн, үзүүрлэсэн 50 гаруй гэхээр 120-иод шахуу улсын болоод том, жижиг наадамд үзүүр, түрүүнд барилджээ.

Би Улсын шигшээ багт байхдаа ХААИС-д эчнээгээр суралцсан. Дараа нь МУБИС-ийг дасгалжуулагч багшаар төгссөн. Улсын шигшээ багт 1975 оноос 1990 он хүртэл 15 жил тасралтгүй хичээллэсэн. Дараа нь ХААИС-даа дасгалжуулагч багшаар арваад жил ажилласан юм. Энэ бүхнийг минь төр засгаас үнэлж, гавьяат тамирчин гэх эрхэм цолыг надад өгсөнд баярладаг.

-Таны нутгаас улсын цолтой бөх хэр олон төрсөн байдаг вэ?

-Манай нутгаас төрсөн улсын цолтой бөх цөөхөн бий. Б.Товуу заан, Д.Раднаабазар, Д.Галдандагва, С.Ганхуяг гэсэн гурван начин гээд бид тав байна. Аймгийн цолтой бөх гэвэл Очиржав, Чөөдөг, Лхагвасүрэн арслан гээд зөндөө бий.

-Та 1980 оны олимпод улсаа төлөөлөн жүдо бөхөөр оролцож байсан түүхтэй. Энэ жилийн “Парис-2024” зуны XXXIII олимпод жүдо бөхөөр Б.Баасанхүү мөнгөн медаль хүртлээ. Тамирчин хүн бүр олимпод эх орноо төлөөлөн оролцох их хүсэл өвөртөлж явдаг болов уу?

-Ядаж олимпод оролцож үзэх юмсан гэж мөрөөдөлгүй яахав. Олимпийн медаль гэдэг маш том зүйл. Олимп бол дэлхийн том тэмцээн юм. Би олон улсын том тэмцээнд оролцож, түрүүлдэг л байсан. Одоогоос 24 жилийн өмнө Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин УГТ З.Ойдов, Монгол Улсын Ардын багш, дасгалжуулагч З.Дүвчин, Зууны манлай бөх, дархан аварга Х.Баянмөнх, Ц.Сэрээтэр, Д.Цэнд-Аюуш заан, МУГТ Цэндийн Дамдин, миний бие гээд бүрэн бүрэлдэхүүнтэй баг олимпод явж байлаа. Олимп ойрхон, Москвад болсон болоод ч тэр үү бокс, чөлөөт, хөнгөн гээд бүх л төрөлд нэлээд олуулаа оролцсон.Тухайн үедээ би олимпод өөдтэй барилдаж чадаагүй.Тус олимпоос чөлөөт болон жүдо бөхийн тамирчид болох Ж.Даваажав, Ц.Дамдин нар мөнгө, Д.Оюунболд, Р.Даваадалай хоёр хүрэл медаль хүртэж байсан.

Энэ жилийн Парист болж буй олимпоос Б.Баасанхүү гэж тэр жаахан годгор охин мөнгөн медаль аваад монголчуудыг хэчнээн их огшоож, баярлуулав. Б.Баасанхүүг хараад миний нүдний нулимс гарч байлаа. Эрэмгий байна. Олимпийн аварга болох дөхлөө.

-Сүүлийн үед бөхийн жудаг гэж хүмүүс их ярих боллоо. Энэ жилийн баяр наадмаар дархан аварга төрлөө. Иргэд дархан аваргадаа их шүүмжлэлтэй хандах шиг болсон. Таны М.Мөнгөн арслантай барилдаж байсан үетэй адил төстэй ч юм шиг.

-Би улсын наадамд 1982 онд шөвгийн дөрөвт үлдээд байсан юм. Х.Баянмөнх аварга Долгорсүрэн зааныг амлаад, би М.Мөнгөн арслантай тунасан юм. Бид хоёр өмнө нь их л барилддаг, гэмгүй л байсан. Тэр үед удаан ч барилдлаа. Баруун золгоод шуудагдаад, засуул барилд гээд яг би барьцаа аваад хаях гэсэн чинь М.Мөнгөн барьцаа тавьчихсан юм. Тэгэхээр нь би хүн барьцаа тавьж байхад дайралтай биш гэж бодоод мөн барьцаа задалсан. Намайг засч байсан н.Пүрэвсүрэн гэж хүн байлаа. “Намайг тэр чигтээ яваад хаяна биз дээ. Яах гэж барьцаа тавьж байгаа юм, хүний барьц тавих ямар хамаа байна. Бид барьцаа тавь гэж хэлээгүй байхад” гээд намайг загнаж байсан. Ахиж бид барилдаад би унасан юм. Би дараа нь М.Мөнгөнд хэлсэн л дээ. “Засуул барьцаа тавь гээгүй байхад яагаад барьцаа тавьсан юм. Би чамайг хаячихаад явчихвал яах юм” гэхэд М.Мөнгөн “Би хаашдаа унах юм байна. Барьцаа тавиад үзье гэж бодсон. Намайг барьцаа тавихад Д.Амгаа арай ч хаячихгүй байлгүй гээд хүн чанарт чинь найдсан юм. Эр хүний замын хүзүү урт, найздаа баярладаг шүү” гэж хэлж байсан.

Энэ жилийн улсын баяр наадмын үзүүр, түрүүний барилдаан арай өөр л дөө. Н.Батсуурь аваргын хувьд Б.Орхонбаяр арсланг барьцаа тавихад л хавирч байгаа юм. Эцсийн эцэст хүнд юу үлдэхэв гэхээр хэн байсан бэ, ямар чанартай хүн байв гэдэг л үлдэнэ. Бусад нь юу ч үлдэхгүй. Манай дээхнэ үеийн бөхчүүд чинь их сайхан чанартай. Хоёулаа зэрэг уналаа гэхэд чи давсан, чи дэв гэж бие биендээ хэлдэг байлаа. Одоо бол хоёулаа дэвж давхиад л байна. Хүн амжилт, нэр алдрын төлөө явж болно. Гэхдээ хүн чанарыг түүний дараа тавьж болохгүй гэж санадаг. Дархан аварга гэдэг үндэсний бөхийн хамгийн том цол. Үүнийг авахын тулд тэр хүн хамаг л юмаа гаргаж байгаа юм. Зуун хувь буруутгах аргагүй юм. Гэхдээ л жудаг гэдэг юмыг бодох л ёстой.

Монгол бөхийн хөгжил сайхан явагдаж байна. Бөхчүүд бие биенээ хүндэлж, хоорондоо маргадаггүй, үнэнч шударгаар барилддаг байх ёстой. Даваа, унаан дээр маргадаггүй сайхан бөхчүүд зөндөө бий. Манай И.Доржсамбуу гарьд мундаг сайхан жудагтай бөх. “Маргалдаж байж ганц давснаас зүгээр сайхан тахимаа өгчихсөн нь дээр” гэж Д.Мягмар заан ч хэлдэг байсан. Зориудаар юмыг яаж мэдэхэв гэж маргаан үүсгээд байгаа болохоос биш. Ер нь хүн унасан, хаяснаа мэддэг юм шүү дээ.

-“Гарьд магнай” кинонд та дүр бүтээхээс гадна өөр кинонд ч тоглосон байдаг. Кинонд дүр бүтээх болсон түүхээсээ сонирхуулахгүй юу?

-Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бунтар агсан л “Чи энэ дүрд тогловол тохирох хүн” гээд намайг сонгосон. “Гарьд магнай” киноны Дэлэг зааны дүрд тоглосон. Туслах дүр л дээ. Мөн үзэгчид гайгүй мэдэх нь Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошууны бөх, олон түмэндээ “хулгар” хэмээн алдаршсан Нацагийн дүр юм. Түүнчлэн“Морин хуурын домог” киноны Хөхөө намжилын дүр байна. Тэр үед “Хөхөө Намжил”-д тоглох нэг хүн хэрэгтэй байна гээд л бөхчүүдийг жагсааж байгаад л энэ хүнийг тоглуулъя гэж намайг сонгож байсан. Би 20 гаруй настай ч байсан. Энэ гурван дүрээс хамгийн хэцүү нь “хулгар” Нацагийн дүр. Тус кинонд “хулгар” Нацаг нь гол дүр бөгөөд бяр чадал ихтэй бөх байсан.

-Ээж тань таныг бүх зүйлд сургасан гэдэг. Зодог, шуудгаа хүртэл өөрөө оёод өмсчихдөг байсан гэж сонссон?

-Жилдээ л нэг далбаа урагддаг тул би улсын наадмын бэлтгэлд гарахдаа нэг далбаа эсгээд гардаг байсан. Миний ээж яасан ч ухаантай хүн байсан юм бэ дээ гэж би одоо боддог. Ээж минь “Би хүүгээ миний отгон хүү гээд эрхлүүлээд байвал бололгүй яахав. Ээж нь дандаа цуг байх биш дээ. Сайн яваасай гэсэндээ жаахан чангахан хандаж ирсэн. Хайртай морио хазаартай нь усалж сурга гэдэг юм” гэж хэлж байсан. Намайг жаахан байхад өглөө эрт босгоно, үнээ ивэлгүүлж, саалгадаг байлаа. Ээжтэйгээ хоёулаа хөдөө байхад дээл оёулж, ширдэг ширүүлэх зэргээр юм бүхнийг хийлгэдэг. “Ажил хүнийг голно гэхээс хүн ажлыг голохгүй” гэж ээж минь их захидаг байсан.

“Мал ядрахаараа усаа, хүн ядрахаараа нутгаа” гэдэг шиг нутгаа бараадаж, гэхдээ зүгээр суусангүй. Нутагтаа ирээд “Үржил” станц гээд балгас болсон газрыг би өөд нь татаж, “Заан” цогцолбор гэж газар байгуулаад ажиллуулаад явж байна.

-Таны хүү А.Өнөболд сумод барилдаж байгаад зодог тайлсан. Таны ач, зээ нараас бөхийн спортоор хичээллэж байгаа хүн бий юу?

-Хүү маань сумодоо барилдаж байхдаа гэмтэл аваад барилдахаа больсон. Миний хүү 10 гаруй жил сумогоор барилдсан. Миний охин МУГЖ Д.Ширмэнтуяагийн нэг хүү мэргэжлийн сумод барилдахаар бэлтгэл хийж байгаа.

-Бөхийн спортоор хичээллэж буй залуустаа та юу гэж захих вэ?

-Дээхнэ үед самбо, жүдогоор барилддаг хүн үндэсний бөхөөрөө ч бэлтгэл хийдэг байлаа. Чөлөөт, жүдо хоёр л холилдож бэлтгэл хийж болдоггүй талтай. Чөлөөт нүцгэн, жүдо нь хувцастай барилддаг гээд барьцтай, барьцгүй барилдахад стиль нь өөр юм. Сургалт нь ч өөр болж ирнэ. Үндэсний бөх бусад барилдаануудын суурь нь болж өгдөг. Барилдах гэдэг залуу насных юм.

Тамирчин хүн нэг удаа бэлтгэл хийхэд доод тал нь хоёр килограмм хөлс гардаг. Тамирчдыг бэлтгэл хийхийн өмнө, хойно жинлэдэг. Олон жилийн хөлс хөдөлмөр хэдэн тонн болох бол доо гэж би боддог.

Бэлтгэлээ сайн хий. Бяр чадал гэдэг чинь хүний юмыг хэрэглэж байгаад өгсөн юм шиг гэнэт л алга болдог. Чадалтай байх үедээ хүнд бууж өгөлгүй, шударгаар цолоо авахын төлөө тууштай барилдаарай гэж захья.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл утга-зоxиол

МЗЭ-ийн шагналт Д.Хүдэрмөнх: Миний багш чинь алдарт “Хүрэн морь”-ны Чойжилжавын Лхамсүрэн юм DNN.mn

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Даваасүрэнгийн Хүдэрмөнхтэй ярилцлаа.


-Та утга зохиолд хэзээ хөл тавьсан бэ. Таны багш, мөн утга зохиолд дурлуулсан хүн гэвэл хэн байна?

-Байна аа байна, байлгүй яахав. Миний багш төрийн шагналт яруу найрагч Чойжилжавын Лхамсүрэн. Алдарт “Хүрэн морь”-ны Лхамсүрэн. Харин намайг утга зохиолд хөтөлж оруулсан хүн гэвэл Шаравын Сүрэнжав, Пүрэвжавын Пүрэвсүрэн хэмээх хоёр их найрагч. Ийм л хүмүүсийн ачаар би утга зохиолд хөл тавьж, оюуны их мастеруудын дунд орж ирж, өөрийн гэх өргөө гэрийнхээ буурийг тамгалж чадсан гэж боддог. Энэ хүмүүс намайг таньж, татаж авсан. 1974 онд Лхамсүрэн багш Дорнодод очлоо. Тэгэхэд би Дорнодын цахилгаан станцад нягтлан, аймгийн Утга зохиолын нэгдлийн дарга байлаа. Аймгийн намын хороон дээр Лхамсүрэн багш очоод энэ зохиолчдын нэгдлийн дарга гэж ямар хүүхэд байна, тэр хүүтэй уулзъя гэж хэлсэн байгаа юм. Ер нь бол Баянхонгорын нэг залуу байгаа гэдгийг улс амьтны амнаас мэдчихсэн байсан юм билээ. Ингээд манайд очсон. Манайд байж байгаад Матадын сумын нэгдлийн ойд уригдсан юм. Үндсэндээ Дорнодод нэг сар болсон. Энэ хугацаанд л тэр аварга зохиолчтой би ойртож танилцах, “юм”-ыг зөөж өгөх ийм боломж тохиож байгаа юм чинь. Ганц нэг юм ойртуулж өгнө үү гэхээс тэр том зохиолчтой чинь зиндаархаж ярьж хөөрнө гэж байхгүй байлаа даа. Жудаг журамтай, ахас ихсээсээ айж, хүндэтгэдэг байж дээ.

Багш маань манайд гурилтай шөл идээд л мөн хээ шаагүй хүн байсан. Би шүлгээ уншина. Тэр үед яах вэ бас залуу ч байж, амихандаа цагаан шүлэг бичихгүй юм, арай өөр юм бичих юм шүү гэж үздэг байсан. Янз бүрийн дүрслэлтэй юмнууд бичнэ. Лхамсүрэн багш “За наадах чинь болж байна, чамд юм байна шүү, хүүхээ” гэнэ. Би нягтлангийн ажил албатай ч юм бичихийн хүслэнд автсан хүн чинь аймгийнхаа сонинд их юм бичдэг, Дорнодын сониныг бараг эзлээд авчихсан байсан. Сонинд юм бичнэ гэдэг шүлэг найраг оролдож байгаа хүнд маш том сургууль болдог. Их цэгцэрч өгдгийг би өөрөөрөө мэдэрсэн хүн. Сонины хадаас мэдээ сайн хийгээд байхад шүлэг аяндаа сайжраад ирдэг, арга байхгүй холбоотой эд.

-Дорнодын утга зохиолын нэгдлийг та олон жил удирдсан, тэрхүү он жилүүдээ дурсахгүй юу. Цэндийн Дамдинсүрэн гуай, дараахан нь Далантайн Тарваа гуай, Санжмятавын Дашдэндэв гуай гээд луугарууд Дорнодоос төрсөн?

-Миний үе чинь 1972-1982 он хүртэлх юм. Үндсэндээ наян хоёр онд санхүүгийн сургуульд суралцахаар хүрээд ирсэн. Миний үеийнхэн, аймгийн утга зохиолын нэгдлийн нөхөд минь гэхээр Дандарын Эльбрус байна. Кино үйлдвэрт байсан, мөн “Дөл” сонинд байлаа. Манай нэгдлийн гишүүн. Чойбалсанд тоглоод байдаг Амар гэж жүжигчин, дуурийн дуучин байна. Бас их шүлэг бичнэ, түүндээ өөрөө хөгжим хийгээд дуулна. Сайханбаяр гээд сүүлд “Утга зохиол” сонинд гэрэл зурагчин байсан тэр хэд минь манай гишүүд. Сүхбаатарын Ш.Долгорлхям байна. “Хос мөр” гээд номтой, бас манайд байсан. Гэлэнхүү гээд аймгийн үйлдвэрчний хороонд эвлэлийн дарга байсан. Сүүл үеийнхнээс миний шавь, соёлын гавьяат нэртэй орчуулагч Ж.Нэргүй байна. Монголын үндэсний телевизийн спортын сэтгүүлч Д.Батжаргал байна. Яруу найрагч Д.Ган-Очир байна. Энэ хоёр бол миний шавь сурагчид. Энэ хэд маань өнөөдөр нас нь тавь руу дөхчихөөд л байна, тэгэхээр би бол яалт ч үгүй эртний хүн болох гээд байна.

-Хүдэрмөнх ах, Та Нямсүрэнгээ их сайхан ярьдаг даа. Нямсүрэнтэйгээ манаргаж явснаа яриач?

-Нямсүрэн далаад оны эхээр Дорнодод очсон юм. Төрсөн ах нь Данзангийн Батсүх Эрээнцав өртөөний дарга байсан. Дүүгээ татаад авсан байхгүй юу. Дорнодын төмөр замд нягтлан байхад Нямсүрэн гэж намхан шар залуу намайг эрж сураад, хүн амьтнаас асуугаад анх ирж байсан. Өөрийгөө Эрээнцав өртөөний хүн гэж танилцуулж байж билээ. Намайг аймгийн утга зохиолын нэгдлийн эрхлэгч гэдгийг мэдээд уулзах гэж ирсэн нь тэр юм билээ. Би бол мундаг найрагч гэж ч мэдэхгүй, мөнгө цаасны ажилтай Эрээнцаваас явж байгаа юм байна гэж бодоод жаахан дөлсхийж уулзсаныг яана. Ингэж анх танилцаж байсан. Тэр чинь далан хоёр байна уу, далан гурван он байна уу. Нямсүрэн минь ингэж над дээр анх ирж байсан бол сүүлдээ би чинь Эрээнцав руу, Нямсүрэн рүүгээ өөрөө явдаг болсон. Вагонд суугаад л очно. Нямсүрэн хэдийд ч хүлээж л сууна. Манайх аймгийн төвд шинэ байранд байхад мань хүн Эрээнцаваасаа хүрээд ирнэ. Нямсүрэнг маллана гэдэг амаргүй. Ажилдаа явчихаад ирье, чи байж байна шүү гэж захиж үлдээгээд ажлаасаа ирэхэд байхгүй байна. Хаана байгаа нь мэдэгдэхгүй. Зохиолч залуучуудтайгаа дарвиад алга болно. Тэр үед Ж.Нэргүй Ус сувгийн ерөнхий инженер байсан, тэр хэдээс баривчилж авна даа. Ингэж л бид хоёр Эрээнцав, Дорнодын хооронд хоёр биен рүүгээ хориод жил явсан юм. Олон сайхан шүлгээ тэнд бичиж, тэр нутгийг алдаршуулж, өөрөө ч тэр нутагтаа амь сэтгэлээ өгсөн юм. “Хаврын урсгал” ном нь гарахад хоёулаа ярилцаж байгаад Пүрэвжавын Пүрэвсүрэн найрагчаар редакторлуулж байлаа.

-Та түрүүн хэллээ, намайг утга зохиолд хөтөлсөн хүмүүс бол Шаравын Сүрэнжав, Пүрэвжавын Пүрэвсүрэн гэж…?

-Пүрэвсүрэн намайг Баянхонгорын 10 жилийн сургуульд 5 дугаар ангийн сурагч байхад 10 дугаар анги төгсөж байсан. Манай дугуйлангийн дарга хүүхдийн зохиолч Р.Ядмаа гэж хүн байсан. Олон роман тууж бичсэн, орос хэл заадаг лут хүн байлаа. Пүрэвсүрэн 10 дугаар ангийн сурагч байхдаа манай сургуулийн утга зохиолын бүлгэмийн дарга. Сурагч байхын бие биенээ мэддэг маань ийм учиртай. Би Пүрэвсүрэнгээ багшаа гэж хүндэтгэнэ. Пүүжээ багш минь намайг Сүрэнжав найрагчтай танилцуулсан. Үндсэндээ найздаа намайг аваачиж өгсөн байхгүй юу. Зохиолчдын амьдрал үзүүлнэ гээд малчид руу явуулдаг. Пүрэвсүрэн Чойбалсан сумын малчинтай ойр байж, малчныдаа очно. Уран бүтээлийн ажлаа хийдэг байсан. Хүний хувьд их сайхан хүн байсан. Ноён нуруутай нэг сайхан хүн аваад ирээч гэвэл яалт ч үгүй Пүүжээг л аваад очно. Эрүүлдээ, согтуудаа нэг л зангаараа ийм л бодь амгалан хүн. Пүрэвсүрэн, Сүрэнжав хоёр огт салахгүй, дандаа цуг явна, ерөнхийдөө халамцуухан явна, их зовлонтой. Хотод Пүүжээгийнхээрээ их очсон. Баянхонгороос Ванхүүгийн Батбаяр ирнэ. Би Дорнодоос ирнэ. Бид хоёр нэг нэг шөлний юм чирээд багшийндаа очно доо. Батбаяр бид хоёр чинь Зохиолчдын эвлэлд хамт элсэж байсан юм. Би чинь бүр сүүлд 1992 онд Зохиолчдын хорооныхоо босгыг алхсан хүн. Дүгэржавын Маам дарга байлаа.Бавуугийн Лхагвасүрэн орлогч байлуу даа. Эрх мэдлийн хүн байсан юмдаг. Цэндийн Чимиддоржийн багш Дундговийн Гүндсамбуугийн Төмөр гуай бид хамт элссэн юмдаг.

Тэгэхэд Сүрэнжав депутат байсан. Хурлын завсарлагаанаар ирж баяр хүргэж байсан. Сүрэнжавтай анх Дорнодод Халх голын ялалтын 40 жилийн ойгоор “Ерэн баатрын дууль”-аа уншиж байхад нь танилцаж байлаа. “Ерэн баатрын дууль”-ийг анх найрагчаас өөрөөс нь сонсчихоод энэ дууль шиг дууль бичнэ гэж бодож байлаа даа. 40 жилийн ойгоор Д.Урианхай, дипломатч Дамдины Бямбаа гуай энэ хэд очиж байсан юм. Сүрэнжав 40 жилийн ойн тухай радио нэвтрүүлэг хийсэн. Аймгаас намайг хамт хий гэж хэлсэн. 40 жилийн баяр эхлэхэд бидний бэлдсэн нэвтрүүлэг Улаанбаатараас Монголын радиогоор нэвтэрч байсан. Ингэж уран бүтээлийн нөхөд болсон. Дорнодын утга зохиолын нэгдлийн дарга байхад Сүрэнжав энд яруу найргийн зөвлөлийн даргын том албатай байсан, үндсэндээ төв аппаратын гол хүн. Пэрэнлэйн Лувсанцэрэн зохиолч томилолтоор очихдоо манайд очиж байсан. “Нар шингээгүй” өгүүллэг нь гарчихсан ид бичиж байсан үе нь. Сүрэнжав намайг захиж явуулсан юм билээ. Аймгийн намын хорооны товчоогоор оруулж утга зохиолын нэгдлийн эрхлэгчийг баталж байсан үе. Тэгэхээр намайгаа утга зохиолын луугаруудтай, Зохиолчдын хорооны эрх мэдлийн хүмүүстэй ойртуулж байсан юм билээ.

-Далантайн Тарваа, С.Дашдэндэв гээд Дорнодын луугаруудыг танаас асуумар байна?

-Тарваа гуайг бол би мэдэхээс цаашгүй дээ. Дорнодод очиход нь мэдээж уулзалгүй яахав. Гэхдээ манайхаар очихгүй шүү дээ. Нутагтаа очиж байгаа хүн чинь хамаатан саднаараа очно. Дашдэндэв гуай 1974 онд Зохиолчдын эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөнд очиж байсан. Удвал дарга өөрөө очиж байсан юм. Сонин сонин хүмүүс очиж байж билээ. “Энэ чинь өнөө “Их буу” Дамдин шүү дээ” гэж Бааст гуай надад зааж байсан. Анчин, бөх судлаач, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн мундаг хүн байжээ. Ж.Дамдин гуайн “Үймээний жил” янзтай тууж шүү дээ. Зохиолч уншигчдын уулзалт дээр их л сонирхолтой юм яриад л, хүмүүс алга ташаад л сүйд байсан. Хожим мэдэх нь ээ, “Үймээний жил”-ээ л яриад байсан юм билээ. Утга зохиолд миний ойр явсан хүмүүсийн нэг СГЗ академич Хорлоогийн Сампилдэндэв. Уран зохиол судлалын гол ноён нуруу болсон энэ хүн намайг утга зохиолын дээд боловсрол эзэмшихэд минь багшилж байсан гол хүн юм. Миний үеийн олон шавь нартай даа. Надад их хайртай байсан. Аллдарт Барын Цэдэв, Ардын уран зохиолч С.Дашдооров энэ хэдтэй миний тухай ярьж байсныг Нэргүй хэлдэг юм. “Зандраабайды гуайн өрөөнд ороход тэр хэд байсан чамайг асуугаад яриад байсан” гэж хэлж байсан. Монголын уран зохиолын дээжис 108 ботийн эхний 8 боть гарах нь, шүлэг авч байна гэх яриа дуулдтал Сампил багш утас цохиод “Чи таван шүлэг товч намтартайгаа өгөөдөх” гэж билээ. Эхний 8 ботийн 2, 3 боть дамжуулаад миний шүлгүүд намтартайгаа гарсан нь Сампилдэндэв багшийн гавьяа. Хаа байгаа Дорнодын намайгаа мартаагүй байсан нь сайхан санагддаг.

-Тийм ээ, МУЗ-ын дээжис ботиос таны шүлгүүдийг уншаад цээжилж явлаа. Тэгж л хөдөөх сургуулийн сурагч таныг биширч байлаа. Сүүлд “Салхин бийрээр таталсан сарны сүү” номыг тань халуун сэтгэлийн үгтэй гардаж аваад уншиж бахдаж байлаа. Саяхан “Дуун хээтэй анир” гэж сайхан бүтээл гарчээ. Балжирын Догмид аваргаас аваад олон хүн үгээ хэлсэн байна. Ингэхэд таны анхны ном юу билээ?

-Дорнодод 1974 онд “Нялх айраг” гэсэн нэртэйгээр сэтгэлгээний шүлгүүдээ гаргасан. Улсын хэвлэлээр бол хэзээ хойно, залуу зохиолчдын анхны номын уралдаанд шалгарч “Хонгор толгод” ном гарсан. Энэ ном гарахад “Цадиг хууч” романы Готовын Нямаа гуайн тус байсан. Өмнөтгөлийг нь Пүрэвсүрэн багш бичсэн. Ванхүүгийн Батбаярын анхны ном “Цээжний морьд” бас гарсан. 2014 онд “Салхин бийрээр таталсан сарны сүү” гэж номоороо МЗЭ-ийн шагнал хүртсэн. Тэр үед би Дорнодоос ирээд “Улаанбаатар таймс” сонинд Баянтунгалаг, Цэрэнжамц, зураач Байды энэ хэдтэйгээ ажиллаж байсан. “Дуун хээтэй анир” ном миний уран бүтээлийн бас том тайлан гэж хэлж болно. Балжирын Догмид маань өмнөтгөлд нь сайхан үг бичсэн. Догмид, Заяатын Ядмаа, шог зохиолч Ишдоржийн Цэрэнжамц бид хэд чинь санхүүгийн сургуулийнхан юм. Уран бүтээлийн дүү нар гэвэл их олон байна. Нэргүйгээс аваад бүгдээрээ толгой дээр цахиур хагалчихлаа. Бат-Орших, Дүгиймаагийн Батжаргал, манай Жамсрангийн Баяржаргал гээд олон сайхан дүү нар минь байна. Би чинь 1969-2009 он хүртэл 40 жил Дорнодод суусан. Тэндээс насны ханиа олсон, ном бүтээлээ гаргасан. Миний амьдрал бий болсон газар. Тэгэхээр намайг чинь Дорнодын Хүдэрмөнх гэхгүй яах юм бэ. Зарим нь сүүлд “Чи чинь Баянхонгорынх, бүр Бууцагаан сумынх юм уу” гэж гайхаж билээ. Уран зохиол яруу найргийн буянд олон сайхан нөхөдтэй явж ирлээ. Нэг л мэдэхэд нас минь 80 гараад явчихсан байх юм. Он жил яах ийхийн зуургүй л цахилаад өнгөрөх юм даа.

 

Хөөрөлдсөн Н.Гантулга

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл утга-зоxиол

Гочоогийн Чардаг: Яруу найрагчийн хувьд Мишигийн Цэдэндоржоор анх үнсүүлж, Лодойдамба гуайгаар мялаалгасан хүн дээ, би DNN.mn

Холын Алтай нутагтаа он он жилээр сууж бүтээлээ туурвиж буй МЗЭ-ийн шагналт, Ч.Лодойдамбын нэрэмжит шагналт яруу найрагч Гочоогийн Чардагтай ярилцсанаа хүргэе.


-Алтай бол гурван сайн зохиолч, 30 тааруу зохиолчтой гэх хуучны нэг хошин яриа бий. Сүүлд 30 сайн зохиолчтой, 300 тааруу зохиолчтой гэж яригдах болжээ. Чадраабалын Лодойдамба, Лодонгийн Түдэв, Мишигийн Цэдэндорж нар яалт ч үгүй чандмань гурван оргил нь. Араас нь Далхаагийн Норов, Санжийн Пүрэв, Сономын Лочин гээд үргэлжилнэ. Ийм л авьяастны өлгий нутгийн уран зохиолын халуун голомтыг та 30 жил түшиж иржээ?

-Говь-Алтай аймгийн Утга зохиолын нэгдлийн гал голомт 1950-иад оноос үүдэлтэй юм билээ. Эхлээд Залуу зохиолчдын дугуйлан байсан гэдэг. 1948 онд Зохиолчдын анхдугаар их хуралд тухайн үед орос хэлний багшаар ажиллаж байсан Түдэв гуай ирж оролцсон түүхтэй. Ингээд дугуйлан хичээллүүлэх хэрэгтэй юм байна гэж бодсон нь мэдээж. Түдэв гуайн дугуйланд Дэгээхүүгийн Сүрьяа гуай, Чимидийн Алагсай гуай, Мөнгөний Чимид багш гээд хожмын алдар цуутай хүмүүс оржээ. Удирдагчаар нь Баян-Уул сумын Алтангэрэл хэмээх монгол хэлний багш хүн анх ажиллаж байсан, гурван жил орчим ажилласан байдаг. Дараа нь Ч.Онгоодой гуай удирдсан. Онгоодой гуай бол саяхныг хүртэл сэрүүн тунгалаг байсан хүн. Түүний дараа Ховдын Цэцэг сумын Бямбажав гэж хүн мөн удирдаж байсан. За тэгээд “Зулай цагаан Алтай”-г бичдэг Зүмпэрэлийн Гүнсэн гуай авсан. Онгоодой гуай, Бямбажав гуай, Гүнсэн гуай гурав “Хүүгийн бодол” жүжиг хамтарч бичээд түүнээ Лодойдамба гуайд үзүүлж, зөвшөөрөл авч тавьж аймгийнхаа тайзнаа тавьж байсан түүх бий. 1992 онд би Гүнсэн гуайгаасаа Алтай зохиолчдынхоо “алтан тамга”-ыг хүлээж аваад 30 жил зүтгэсэн. Энэ их авьяастнуудын халуун голомтыг 30 жил манаж ирлээ. Ёстой хувь заяа юм даа.

-Хөдөөд утга зохиолынхоо галыг манана гэдэг нэрэн дээрээ сайхан ч нидэр дээрээ амаргүй алба. Ёстой л тэрэгний морь шиг зүтгэж таарна. Эхний том ажил юу байсан бол?

-Ерэн хоёр он гэдэг чинь хүнд бэрх цаг үе.

Картын бараатай, лангуун дээр давс, гоймонгоос өөр юмгүй ийм байхад агуу их Лодойдамба гуайнхаа шагналыг олгож байлаа. Лодойдамба шагналын энгэрийн тэмдгийг хийлгэхээр миний бие хотод ирж 14 хонолоо. Тэр үед чинь одоогийнх шиг Зоос гоёл, энэ олон чимэглэлийн дэлгүүр байсан биш. 120-д Равдан гэж дархан дээр очлоо. Гангаар нь суурийг нь хийгээд сингапур алт гэдгээр дугуйг нь хийгээд, толгойг нь мөнгөөр товойлгож гаргаад дээд талд нь гарын үсэгтэй, ард талд нь Ч.Лодойдамбын шагналт хэмээх бичээс бүхий тэмдэг хийлгэхээр боллоо. Нэг нь 120 мянгаар гарна гэдэг юм. Тэр үеийн 120 мянган төгрөг гэдэг бол бас л том мөнгө. Аймгийн дарга Лантуу гуай байсан, сүүлд Улаанбаатар хотыг удирдаж байсан хүн. Ямар сайндаа ардчиллыг Цахилгаанаар цахилгаандаж, Лантуугаар лантуудлаа гэсэн яриа гарч байхав, хоёулаа манай аймгийн хүн. Лантуу даргадаа хэллээ, нэг тэмдэг 120 мянга болж байна гэдгийг. “Ямар золиг вэ. Одоо яалтай билээ. Чи цөөхнийг л хийлгэж үзээрэй дээ” гээд зөвшөөрсөн. Ингээд би эхний 5 тэмдгийг хийлгэж ирээд 01 дугаарыг нь “Монголын сонгодог зохиолч Чадраабалын Лодойдамба” ном бичсэн зохиолч, судлаач, доктор Бажуудайн Ганбатад, 02-ыг нь Лодойдамба гуай “Тунгалаг Тамир” зууны шилдэг романы гол дүр Итгэлт баяны дүрийг бүтээсэн Ардын жүжигчин А.Очирбат гуай, 03-ыг нь Их зохиолчийн нөхөр Дэгээхүүгийн Сүрьяа гуайд олгож байлаа. Диплом буюу батламжийг энгэрийн тэмдгийнх нь хамт тус бүр таван мянган төгрөгтэй гардуулж байсан. Дараа жил нь буюу 1993 онд Мишигийн Цэдэндорж гуайнхаа алдарт “Морин хуур” шүлгээр нь нэрийдсэн яруу найргийн наадмыг “Болор цом”-ын хэмжээнд хийнэ гээд Монгол Улсын баатар Жанчивын талбайд хийж миний бие анхны түрүүг нь хүртэж байлаа. Ингэж би найрагчийн хувьд Мишигийн Цэдэндоржоор анх үнсүүлж, Лодойдамба гуайгаар мялаалгасан ийм л хүн.

-Алтайнхаа өнөө гурван оргилын хоёрынх нь авшиг иржээ. Түдэв гуайтайгаа бол мэдээж уулзаж байсан байх?

-Түдэв гуай чинь уулзахад бэрхтэй хүн. Би их сонин уулзсан юм. Тонхил суманд түүх газарзүй, орос хэлний багш байлаа. Уул нь тэнд орос хэлний Батчулуун гэж мундаг хүн байлаа, одоо Ховдын багшийн сургуулийн багш. Пушкины алтан медальтай энэ мундаг хүн байхад надаар орос хэл заалгаж байсан нь одоо бодоход их том сургууль болж дээ. Тэр үедээ бол Батчулуун багшаас сүрдэж, өөрөөсөө ичиж байсан. Ингэж Тонхил суманд орос хэл заагаад манаргаж байтал Түдэв гуай ирсэн. Намын үүрийн дарга Дамдинсүрэн гэж хүн байлаа. Тэр хүн “Манай багш ирсэн, би багштайгаа чамайг уулзуулна” гэлээ. Багш нь алдарт Тү жанжин. Хүн чулуу, хөшөө дурсгал судалж яваа юм гэнэ. Баян-Өлгийгөөс наашаа судалж явсан юм билээ. Аймгийн дарга тосоод оччихсон. Би хэдэн навсгар шүлгээ аваад очлоо. Уншсан ном зохиолоо ярь гэлээ, ярилаа. Болж байна гэж байна. Шүлэг уншина гэдгийг мэдэж байгаа, шууд л шүлэг сонсохгүй ээ гэж байна. Манай орчуулгын гол зохиолуудыг уншсан байна, Нацагдоржоо уншсан уу гэсэн уншсан гэлээ. Миний ямар зохиолуудаас уншсан бэ гэхээр нь “Уулын үер”, “Нүүдэл суудал”-ыг уншсанаа хэллээ. “Чи над руу хэдэн шүлэг явуул, би үзье. Болмоор юм байвал хүнд хэлээд гаргуулчихаж болох байх аа” гэлээ. Тэр чинь 1979 он байх шүү. Дараа нь би хэлснийх нь дагуу шүлэг явуулсан. “Утга зохиол” сонин дээр Санжийн Пүрэв баавайгийн өмнөтгөл үгтэйгээр гараад ирлээ.

-Түдэв гуай, Пүрэв баавайд хэлж дээ?

-Өөрийн шавь учир Пүрэв баавайд хэлсэн байх. Агуу их Лодонгийн Түдэвийн буянаар Пүрэв баавайгийн үгтэй “Утга зохиол” сонинд анх гарсан минь ийм учиртай. Намайг чинь Монголын ард түмэн, уншигч олонд минь танилцуулж өгсөн хүн чинь яалт ч үгүй Пүрэв баавай. 1982 онд “Азын цэнхэр уул”, “Уулын намар” Санжийн Пүрэвийн халуун сэтгэлийн үгтэйгээр “Цог” сэтгүүлийн “Оч” буланд бас гарлаа. “Оч”-д гарна гэдэг чинь ер нь зохиолч болсноо зарлан тунхаглаж байгаа явдал шүү дээ. Ингэж утга зохиолд албан ёсоор нэрээ гаргаж эхэлсэн түүхтэй юм даа. Зохиолчдын хорооны босгыг алхах ч амаргүй байсан шүү. Далантайн Тарваа гуайд шүлгээ үзүүлж байснаа мартдаггүй. Тэр хүн шүлгийг маань огтоос тоосонгүй, харин өөдөөс хаанаас ирснийг минь асуугаад “Төмөр замын эрүүлжүүлэхээс тэрийг аваад ир, танина биз дээ” гэж манай нэг алдартай зохиолчийн нэрийг хэлээд явуулж байж билээ. Тарваа гуайн үүрэг даалгаврыг биелүүлээд буцаад иртэл Зохиолчдын хорооны үүдэнд Цэдэндорж гуайтай таардаг юм. Нүдний шилтэй, хар цувтай Мишигийн Цэдэндорж яг л дүрээрээ байсан. Би сүрдээд сайн байна уу ч гэж хэлж чадаагүй өнгөрсөн. Бурханбуудай уул ханараад л явчих шиг санагдаж билээ. Дараа нь аймгийн зохиолчдынхоо тэргүүн байхдаа Цэдэндорж гуайнхаа төрсөн бууцанд дурсгалын самбарыг нь босгож байлаа. Говь-Алтайн Халиун сумын Уст чацрангийн голын яг хажууд, Бурханбуудай уулын Хавчигийн өтөг хэмээх газрын ханан хаданд дурсгалын самбарыг нь босгосон. Цэдэндорж гуайн “Морин хуур яруу найргийн их наадамд очсон бүхэн тэрхүү дурсгалын самбарт хүндэтгэл үзүүлж, их найрагчаа дурсан шүлэг найргаа дууддаг.

-Таны багш чинь алдарт Тоомойн Очирхүү гуай байх аа?

-“Хүмүүс ээ надад урам хайрла, хүсэл зориг бадраах халуун дулаан үг хайрла” гэж бичсэн энэ л сайхан хүний шавь болсон. Очирхүү багшийн аав Тоомой панз гэдэг чинь баруун Алтайг ёстой атгаж байсан гэдэг. Аль л ганган эмээл, үнэтэй морийг эдэлж хэрэглэж явсан хүн. Хүүгээ хотод сургуульд хүргэж ирээд айлд суулгахдаа “Миний хүүгээр ус авахуулж, мод хагалуулж, юм хийлгэж болохгүй. Миний хүү хичээлээ л хийх ёстой. Би хөлсөнд нь 2000 төгрөг өгье” гээд бор халзан зуут гаргаад тоолоод өгч байсан гэдэг. Аавынхаа энэ л сайхан сэтгэлийн хүчинд сурсан шиг сурсан байдаг. Ямар сайндаа Анагаахын сургуулийн ханан дээр “Очирхүү шиг онц сурцгаая” гэсэн бичиг байхав дээ. Жаахан байхад нь аав нь хүүгээ Тангад гэж айлын охинтой сүй тавиад, танай охиныг авна аа. Манай хүүтэй сууна гээд. За чи авгайгаа ав гээд хуримаа хийгээд авсан, суусан. Нэг хүүхэд гарсан. Авгайгаа авч байхад нь би сургуулийн хүүхэд харж байж билээ. Сургуулийн архив янзлаад Тонхилд байхдаа багшийнхаа сургуульд сурч байсан, онц авч байсан хичээлийнх нь дэвтрийг үзсэн. Ямар гоё бичигтэй байхав. Далан есөн онд Тонхил суманд ирээд байхад нь буудалд яваад очлоо. “Алив чи хоёр гурван юм уншаадах” гэж сонссоноо “Чи чинь шүлэг бичих дөгөө суучихсан юм байна шүү дээ” гэж нээх гоё хэлж билээ. Очирхүү гэж тэр гоё найрагчтай сургуулийн саадан дотор хамт явж байхдаа өөртөө ямар их урам бадрал, бахархал итгэл төрж байсан гэж бодно. Сумын төвийнхөн намайг харж байгаа болов уу гэж бодоод л. Тэгэхэд багшдаа номын хадаг барьж шавь орсон. Бид хоёр багш шавь гэхээсээ заримдаа анд нөхөд шиг явна. Улаанбаатарт залуу зохиолчдын анхны номын уралдаан гэж зохиогдлоо. “Тэнгэрийн сүү” шүлгийн ном явуултал тэнцчихжээ. Төмөр замын хэвлэх үйлдвэрт хэвлэж өгсөн. Өмнөтгөл үгийг нь Очирхүү багш бичсэн. “Бид нэг нутаг усны, нэг голын хүмүүс” гэж бичсэнийг уншаад нэг л гоё санагдаж байсан сан. Очирхүү багш Сутай хайрхны Усан зүйлийн голыг улам цэнгэгшүүлсэн тийм гоё хүн байлаа. Хулдын голыг харах бүрт би Очирхүү ахыгаа боддог. “Элс цас”-цын Шоовойн Шажинбат гуай бас манай Тонхилын хүн. “Холын цэнхэр Алтай нутагт минь Холбоо нуур ууланд байдаг” гэж бичсэн. Сайхан ч дуу болсон. Бүс хайрхан уулын шил дээр байдаг нуур юм.

“Сутай зүгийн нутаг минь

Нартай л дуулдах юм

Наран тогоруу шувууд нь

Тийшээ л нисэж байгаа даа

Сургийг нь сонсож явахад

Сэтгэл нялхраад байдаг

Сум нутгийн бүсгүй минь

Тэндээ л суугаа шүү дээ…” гээд таны мөн ч гоё дуу бий. “Хонгорзул”-ын Энхбат гавьяат гоёхон ч дуулсан?

-Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Баатарын Цэрэндондов бид хоёр найз юм. Дондов маань “Алтай” чуулгын хөгжмийн багш байлаа. “Ахтайгаа ер нь дуу хийсэнгүй. Сэтгэл цалгитал нэг дуу хиймээр байна” гэдэг юм. Тэгээд л би дууныхаа шүлгийг бичээд өгсөн. Сутай зүгийн нутгийн хайртай бүхэн дуулж яваг дээ гэж л хийсэн юм. “Сум нутгийн бүсгүй минь тэндээ суугаа шүү дээ” гэдэг мөр бадгаас болж би авгайдаа хүртэл загнуулсан хүн. Сургийг нь сонсож явахад сэтгэл нялхраад байдаг тэр хүүхэн рүүгээ чи явахгүй юу гээд л загнана(инээв). Сум нутгийн бүсгүй минь тэнд суугаа гэхээр уур нь хүрдэг гэсэн. Манайхан бас намайг их явуулнаа. Чардаг аа Сутай яваад ирлээ. Чиний Сутай зүгийн бүсгүй чинь тэндээ л байж байна лээ гээд л. Олон сайхан залуус, нутгийн бүсгүйгээ санаж яв гэсэн санаагаар бичсэн шүлэг юм. Манай Энхбат сайхан дуулсан. Миний дуунуудаас олонд түгсэн 20-иод дуу бий. УГЗ Ц.Жамьян хөгжмийг нь бичиж Завханы Батсүх дуулсан “Ижий хань” гэж дуу бий. Миний анхны ном “Тэнгэрийн сүү”. Ингэж би анх сүүгээр эхэлсэн хүн. Дараа нь “Сутай зүгийн нутаг”, “Цасны анир”, “Мөнгөн сарны шүлгүүд” гэж номууд гаргасан. Ингэхэд Тонхил сум маань сүлд дуу байхгүй юм байна. Тэгээд би саяхан нэг шүлэг бичээд Цэрэндондов руугаа явуулчихсан.

-Ямар шүлэг билээ?

-“Цаст Сутайгаас ниссэн цасан

Тонхил нуурын мандалд хун болж буудаг

Зүйлийн голын мөнгөн боргио

Зүйргүй хайртай ээжийн минь сүү байдаг

Дуулаад явахад дуун дотуур минь хөвөлзсөн

Уйлаад дурсахад нулимсан дунд минь бөмбөрсөн

Хайрлаад санахад сэтгэл дотор минь уянгалсан

Халуунаас халуухан эх нутаг минь дээ

Хулмын нуурнаас дэгдсэн манан

Хулдын голд арц болж ургадаг

Бүс хайрхан уулыг бүслэсэн цэцэгс

Бүүрэгт эмээлийн дэвсэнд хээ болж шаглагддаг

Наран мандахад уулс нь алтарч тоссон

Саран гийхэд ус нь мөнгөрч угтсан

Буман сүргийнхээ мөрөөр түүхээ бичиж үлдээсэн

Буян заяа цогцлоосон Тонхил нутаг минь ээ

Алтайн уулсын цэнхэр салхи

Аавын минь үг болж шивнэдэг

Төрсөн нутгийн минь ахан дүүс

Төрүүлсэн ээжийн минь сэтгэл гаргаж намайг ачилдаг” гэсэн ийм шүлэг юм. Би чинь хүний ганц хүү. Гочоо гэж миний аав. Даншгийн заан цолтой хүн байсан. Эрдэнэ бишрэлт гүний хошуу буюу Ховдын наадамд түрүүлсэн, Хадагт хар Рэнцэндорж зааны дараа гарч ирсэн Довчин гэж зааныг довон дээр нь унагаж байсан гэдэг. Дамбийжанцангийн 74-ний найр гэж баруун бүсийн том наадамд манай аав түрүүлсэн байдаг. Хүний ганц хүү учир би ээждээ их хайртай. Олон шүлгээ ээждээ зориулж бичсэн.

“Элбэрэлийн дээд ээждээ би

Их л ойрхон байхыг хүсдэг дээ

Болвол гараас нь хөтөлж

Босго хатуу орчлонг хамт туулахсан гэж боддог

Өөдөсхөн чинээ болж яваа таныгаа

Өргөж өхөөрдөж явахсан гэж санадаг

Энгэрийн товчийг чинь товчилж өгөхдөө би

Элбэг хайрын ундарга мөөмөнд чинь мөргөдөг

Суганы нь товчийг товчилж өгөхдөө би

Суун тусаж өвдөгнөөс чинь адис авдаг

Бүсийг нь бүсэлж өгөхдөө би

Бүсгүй хүүхэд шиг өргөж эрхлүүлдэг

Малгайг нь засаж өгөхдөө би

Магнайд нь духаа хүргэж залбирдаг

Ээжтэйгээ ярилцаж байхдаа би

Этүгэн газрын дусал дэргэд байгааг сонсож л байдаг

Ээждээ золгож очихдоо би

Эрхт тэнгэрийн наран хажууд байгааг мэдэрч дулаацдаг

Ээжийгээ дурсаж явахад минь

Элбэрэлийн ногоон дарь эх дэргэд явааг ухаардаг

Эрх хонгор ач зээгээ өхөөрдөж л суухад нь

Энх амгалангийн шаазан баримлын хоосон чанарыг би мэдэрдэг

Бууж мордож будаатай цай ууж суухдаа

Бурхантай цайлж байгаа гэж омогшдог

Элбэрэлийн дээд ээждээ би

Их л ойрхон байхыг хүсдэг дээ” гээд л ах нь ээждээ л зориулж бичдэг юм. Би ингэхэд “Зулай цагаан Алтай” дууны шүлгийг хамгийн түрүүнд сонссон азтай хүн.

З.Гүнсэн гуай “Зулай цагаан Алтай” дууны хөшөөгөө амьддаа босгуулсан хүн юм. Аймгийн намын хороонд Гүнсэн гуай бид хоёр хамт ажиллаж, нэг өрөөнд суудаг байлаа. Нэг өдөр мань хүн “Хөгжмийн Сангидорж ирчихээд байна. Би нэг дууны шүлэг өгөх гэсэн юм” гээд надад үзүүллээ. Үдээс хойш манай хүн баярлачихсан, өнөөх чинь сайхан дуу боллоо, Санги маань шууд л газар дээр нь ая хийчихлээ гэдэг юм. “Алтай” чуулгад “Ард Аюуш”-ийн Маньбазар гүнд тоглосон Дамдин гэж жүжигчин анх дуулсан. Аргил хоолойгоор сайхан ч дуулсан. Ингэж “Зулай цагаан Алтай” дуу төрж байлаа. Гүнсэн гуай анх “Сутай цагаан Алтай” гэж биччихээд, өөрөө Зулай цагаан гэж зассан юм. Шүлгийг нь хамгийн түрүүнд сонсож, дуу төрөхөд нь хамт байж, дууг нь анх сонсож, хөшөө нь босгоход шороог нь зөөгөөд гүйж явсан хүн би юм. Түүхийн гэрч болон үлджээ. Нээлтэд нь Сангидорж хөгжмийн зохиолч өөрөө ирж оролцсон. Цахилгаан гуай, Бямбаа гавьяат гээд олон сайхан хүн байсан.

-Тэр жил Лодойдамба гуайн 100 жилийн ойгоор очиход Урианхай ах, Чилаа ах, Бавуу ах бид хэдийг та шөнө дүл болтол хүлээгээд сууж байсан сан?

-Ах нь бүх л насаараа Алтайдаа сууж шүлэг найраг, ном бүтээлээ бичиж байна. Манайх чинь замын дэн буудал шиг олон хөлхсөн хөлтэй айл. Лханаагийн Мөнхтөр, манай Арлааны Эрдэнэ-Очир, Хөөдөөгийн Эрдэнэбаатар гээд манайхаар орж гараагүй хүн гэж ховор. Тэр жил Хөөдөө Эрдэнэбаатар, Маналсүрэнгийн Баттөмөр хоёр манайд ирээд өвөртөө унтаж л байлаа. Найрагчид минь ирж шүлэг найргаа уншиж, тэднийгээ дагаж хөөрч, хундага жингэнүүлж сайхан яриа хөөрөөг нь сонсож суух шиг жаргал үгүй. Би ийм л жаргалыг Алтайдаа насаараа эдэлж олон олон шавь нартаа хүндлэгдэж яваа азтай хүн.

 

Хөөрөлдсөн Н.Гантулга

Categories
мэдээ утга-зоxиол

Ховдын домогт дарга Доржийн Адуучийн алтан он жилүүд DNN.mn

 Эхлэл

Эрдэнэт хүмүүн гэгч энэ цэнхэр замбуулинд ирээд буцахдаа гишгэсэн газрынхаа мөр бүхэнд бахархалт үйлсээ үлдээж, зуун зуунаар дуурсагдах их алдрын эзэн болно гэдэг чухамхүү алтан хувь заяа. Нэр алдраа өргөж явах нэг хэрэг. Харин эрдэнэт биеэ хайрлалгүй ажил хөдөлмөрт шамдаж, оногдсон үүрэг үйлсийнхээ төлөө өдрийг өдөр, шөнийг шөнө гэлтгүй махран тэмцэнэ гэдэг хэр баргийн аавын хүүд заяах чадал биш ээ. Тийм ээ, ийн өгүүлж буйн учир Ховдын домогт дарга Доржийн Адуучийн алтан он жилүүдийг нэхэн дурслаа. Монгол ардын хувьсгалт цэргийн алдарт 6 дугаар морин дивизэд Дандар баатартай дайны талбарт мөр зэрэгцэн дарийн утаа үнэрлэж, домогт 6 дугаар морин бригадад Хэнтийн Өндөрхаанаас Алтайн цаад Үенчийн Улаан үзүүр хүртэл 2000 гаруй км газрыг мориор туулж, Монгол Хятадын хилийн комиссын Монголын талыг ахалж, эцэг дээдсийнхээ шүншиглэн ирсэн уул овоог авч үлдэж, Алтайн нурууны цуут Улаан даваанд зам засаж, Ховдын төвд цэнгэлдэх хүрээлэн байгуулан нутгийн олон “Адуучийн стадион” хэмээн нэрийдэж, аймгийн музейн хоёр давхар барилгыг 10-хан хоногт бариулан түмний гайхширлыг төрүүлж, ажил нь унаад байсан Ховдын Булгансум “Жаргалын зам” нэгдлийн даргаар очин Улсын тэргүүний сум болгож, Алтан гадас одонгоор шагнуулж, алдарт Ендэртийн замыг торгууд түмнээр зүтгүүлэн тавиулж, сумынхаа төв цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж бүхий цэнгэлдэх хүрээлэнг байгуулж, сургууль, эмнэлэг зэрэг барилгыг бариулж, Булган сумыг бараг л хотын статустай болгож сүр сүлдийг өргөж өгсөн. Энэ бүхэн түүний л гавьяа.

Тийм ээ, Ховдын цэнхэр хязгаарынхан Домогт “А” дарга хэмээн өнөө хэр нь бахархан дурсдагийн учир энэ. Хорьдугаар зууны Ховдыг бүтээлцэж, сэтгэл зүтгэл байхад юуг ч бүтээж болдгийг түүхэн он жилүүдээрээ бататган харуулсан түүхт их хүмүүний замналыг нэхэн дурсахад агуу бахархалтай ч алдар гавьяагаа үнэлүүлж чадаагүйд нь сэтгэл шимшрэн байлаа. Гэхдээ ардынхаа дунд, баатарлаг үйлст Ховдынхоо олонд, тэр тусмаа хөлс хүч, нэгэн цагийн амьдралынхаа гал цогийг бүрнээр нь өгсөн торгууд түмнийхээ дунд баатраараа мөнхөрсөн юм. Адууч хэмээх энэ их хүмүүн Алтайн нурууныхаа ноёлог өндөрлөгт Алтан сүлд шиг мөнхөрсөн Алтан соёмбот баатар билээ.

Сайн хүмүүний үр удам сайн сайхан явж, энэ цэнхэр замбуулинд эцгийнхээ алдар сууг мандуулдаг жамтай. Хайрт хүүхдүүдээс нь Ардын багш хэмээх өндөр цолтон тодорч, Гантогтох, Басхүү, Баатархүү гурван хүүхэд нь гавьяат болж буурал эцгийнхээ нэрийг Монголын төрийн ордонд дуурсгасан юм. Тэгээд ч зогсохгүй Адуучийн Басхүү хэмээх Ардын багш Монголын чөлөөт бөхийн амьд домог болсон эрхэм хүү нь ачит эцгийгээ сэрүүн тунгалагт нь хүн төрөлхтний олимпийн их наадмаас “Алтан шүгэл”-ийн эзэн болж, мөнхүү дэлхийн бөхийн спортын алдартнуудын “Алдрын танхим”-д өргөмжлөн залагдсан анхны монгол хүн болж ачит эцгийнхээ нэрийг Монголынхоо нэртэй хамт дэлхийд тамгалж өгсөн юм. Тийм ээ, ийм л хувь заяа ажлын төлөө, улс орныхоо ирээдүйн төлөө алд бие хайрлалгүй зүтгэсэн Адууч гуайд л оногдсон. Бурхнаас заяагдсан үүргээ нэр төртэй гүйцэтгэж эцсийн мөч хүртлээ эх орон, ард түмнийхээ сайн сайхны төлөө зүтгэсэн түүнийг бурхан гайхамшигт үр хүүхдээр бэлэг барьсан юм. Үр хүүхэд бурхны бэлэг гэдгийн мөн чанарыг тэр их хүмүүн монголчууд бидэнд харуулсан.

Тиймээс аавынхаа аваагүй Ардын цолыг хүү нь авч, аавынхаа аваагүй гавьяат цолыг гурван хүүхэд нь авч, нэг гэр бүлээс гурван гавьяат, мөн Баасанхүү нь “Олон улсын шилэгдмэл шүүгч” болж дэлхийн нэрт тамирчин, дасгалжуулагч, шүүгчид төрсөн. Ингэж өндөр Алтайн хүү Адуучийн нэр дэлхий дахинд мандсан юм. Хоёр жилийн өмнө миний эрхэм хүндэтгэлт ах Адуучийн Басхүү хайрт эцгийнхээ туулсан замнал түүхийг он жилүүдийнх нь алтан шастираар бүтээсэн “Ховдын домогт Адууч дарга” хэмээх ном бүтээж аавыгаа чухамхүү ямархан гавьяа байгуулсныг Монголын ард түмэнд зарласан.

Уг номыг уншаад надад нэг л бодол төрсөн. “Хүү нь эцгийнхээ тухай бичиж болно. Гэхдээ ачит эцгээ ингэж гайхамшигтайгаар дахин бүтээж, хүмүүний орчлонд дахин “төрүүлнэ” гэж байх уу” хэмээн дуу алдаж, уг номыг уншиж дууссаны дараа эрхэм ах руугаа холбогдон “Ачит эцгийнхээ хөшөөг та алдар замналынх нь алтан шастиртай Алтайн нурууны өндөрлөгт сүндэрлүүлэн босголоо. Үүн шиг том гавьяа байхгүй. Хорьдугаар зуунд эцгийнхээ дуслуулсан хөлсийг хориннэгдүгээр зуунд та халуунаар нь монголчуудын алган дээр тавилаа. Аавын тань хөлснөөс 20 дугаар зууны их түүхийн гашуун бүхэн амтагдаж байна” хэмээн хэлсэн.Ингээд Домогт Адууч даргын хайрт хүүгийнх нь хөшөө болгон сүндэрлүүлсэн эл номыг түшиж энэхүү хөрөг нийтлэлийг бичлээ. Амьдралын төлөө тэмцэж боссон бүхэнд Адууч даргын алтан он жилүүд нэгийг хэлнэ буй за.

I

Доржийн Адууч 1915 онд хуучнаар Ховдын хязгаарын Захчин Сэцэн гүний хошуу одоогийн Ховд аймгийн Алтай сумын Бор цонжийн Ёлхоны нуурын зоо гэдэг газар туулай жилийн намар айлын ууган хүү болон мэндэлжээ. Эх нь хүүгээ төрүүлэх гэж нэлээд зовжээ. Энэ үед элэнц өвөг Тамжаан “Миний морийг эмээллээд өг” гээд явжээ. Хоёр, гурав хоног гэрийн гаднаас “Бэр хөнгөрсөн үү” гэж хүүгээсээ асуужээ. Хөнгөрсөөн гэхүйд “Уурга барих нь гарав уу, уур нүдүүр барих нь гарав уу” гэж асуухад нь “Уурга барих нь гарлаа” гэж хүү нь хэлэхэд өвөө нь морин дэл дээрээс ач хүүдээ “Адууч” нэрийг хайрлажээ. Юмны учир гэдэг сонин. Адууч гуайд өвөө нь морин дээрээс нэр өгч адууны тэнгэртэй явахын хийморь сүлдийг өргөсөн байна.

Хүмүүн заяаг олсон Монгол Алтайн нурууны эхийн хэвлий шиг зөөлхөн Ёлхоны нуурын зоо бол онцгой содон газар. Алтайн нурууны мөнх цаст өндөрлөгүүдийн нэг Мөнххайрхан уулсын зүүн сугаас эх авч Алтайн уулс, алдарт Бодончийн хавцал дундуур шуугин баруун урагш 170 шахам км урсдаг Бодонч гол нь Бор цонжийн говь, Ёлхон, Хонин усны говьд очоод эх нутгийнхаа хөрс шороонд шингэн баян бүрдүүд үүсгэдэг. Ховд аймгийн Зэрэг сумын “Алтан тээл” хошуунд тамгын газар байгуулагдаж, түүний дэргэдэх танхим бол Ховдын анхны сургууль юм. Уг сургуульд сурч бичиг үсэгтэй болоод улмаар Алтай сумынхаа Бодонч хамтралын данс баригчаар ажилласан байна. Хамтрал тарсны дараа сумын захиргаанд бичээчээр ажиллажээ. Ингээд 1936 онд Алтай сумын Тэмээн замын ар гэдэг газраас цэрэгт морджээ. Дараа жил нь армийн хэмжээнд бичиг үсгийн шалгалт авахад тэнцэж Цэргийн ерөнхий сургуульд хурдавчилсан тусгай программаар суралцжээ. 1939 оны долдугаар сард төгсөлтийн шалгалтаа өгөөд гараад ирэхэд нь дайчилгааны машин хүлээж байсан гэнэ. Ийнхүү “ЗИС-5” машинаар өдөр шөнөгүй давхисаар Халх голын фронтын Хамар давааны байлдааны штабт иржээ. Маргааш нь жанжин Ж.Лхагвасүрэнгийн тушаалаар 6 дугаар морьт дивизийн улс төрийн хэлтэст “Ахлах улс төрийн удирдагч”-аар томилж, ахлах дэслэгч цол олгов. Ингээд алдарт 6 дугаар дивизийн дайчин нөхдийн хамтаар харийн түрэмгийлэгчдээс эх орноо хамгаалан Халх голын дайныг ялалтаар дуусгасан байдаг юм.

1942 онд байгуулагдсан МАХЦ-ийн 6 дугаар морин бригад 1944 оны дөрөвдүгээр сарын 8-нд Хэнтийн Өндөрхаанаас 2000 цэрэг, 200 шахам офицер байлдааны түгшүүрийн дохигоор хөдөлсөн байдаг. Энэхүү алс холын морин маршаар хөдлөх үед ууган охин Тунгалаг дөнгөж 2 настай, хань Ш.Дунхүү нь эр нөхрөө хаашаа ямар учиртайг явааг нь мэдэхгүй нулимстай үлдсэн байна. Маршийн 12 дахь хоногт тус бригад Баянзүрхийн гүүрнээс зүүн урагш “Хөлийн модчин” гэдэг газар ирэхэд Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжин, маршал Х.Чойбалсан тэргүүтэй төр засаг, армийн удирдлагууд маршийн үйл ажиллагаатай танилцахаар иржээ. Маршал Х.Чойбалсан “Хятадын олон үндэстэн ястан оршин суудаг Шинжааны мужид Оспанаар толгойлуулсан хасгийн хөдөлгөөн гарч тэд тусгай улс байгуулна гэж зэвсэгт тэмцэл явуулж байна. Хасгуудын тэмцлийг дарахаар Гоминданыхан хилийн цаана цэргийн ангиудыг татан авчирч байрлуулан, Булган гол зэрэг газраар дээрэм тонуул зэвсэгт халдлага үйлдэж, цэрэглэн довтлох аюул бий болсон. Иймд баруун хил хязгаарт цэргийн томоохон ангийг шилжүүлэн байрлуулах шийдвэр гарсан” гэдгийг хэлээд “Та бүхэн хаврын тарчиг хүнд цагт мориор 2000-аад км газар маршлах болж байна. Энэ марш Монголын армийн анхны том хол аялал болох тул цэргийн түүхэнд алтан үсгээр тэмдэглэнэ” гэж хэлсэн байдаг.

Морин марш явсаар Говь-Алтайн төвийг дамжин Хантайширын нуруу, Хасагт хайрхан руу орж ирэхэд зөөлөн хөрстэй зүүн зүгийн морьд хайрга чулуун дунд арга байхгүй улдаж эхэлсэн байдаг. Цэргүүд өглөөний хүнсэндээ хэрэглэх шар тосноосоо галд буцалган морины улдсан хөлд дусаан эмнэх төдийгүй доройтсон мориндоо шар тостой цайгаа өгч морио аминаасаа илүү хайрлаж байжээ. Замд эцэж сульдан явах чадалгүй болсон морио нутгийн ардуудад орхихдоо цэргүүд толгойг нь илэн уйлж байсан гэдэг.

Аагим халуун шатсан цагаар алдарт Шаргын говийг туулах үнэндээ тун амаргүй байсныг домогт морин бригадынхан шүд зуун ярьсан байдаг юм. Баруун хилийн тулгаралтыг дайн байлдааны байдалд хүргэлгүй дээд командлалын үүрэг даалгаврыг гарамгай биелүүлсэн 6 дугаар морин бригадын түүхэн гавьяаг Улсын Бага хурлын тэргүүлэгчдийн 1944 оны 77 дугаар зарлигт онцлон тэмдэглэсэн байдаг. Тонхил сумаас хөдөлж Монгол Алтайн нурууг Ноёны даваагаар даван Барлагийн хавцал уруудан нутгийнхаа барааг, уул усаа харан цэргийн албанд мордсоноос хойш олон жилийн дараа нутагтаа ирж буй Адууч гуай ижий ааваа санан өөрийн эрхгүй нулимс унагасан байдаг. Ингээд 1944 оны алдарт мичин жилийн их зуднаар Цонжид өвөлжиж буй аав ээждээ очжээ. 1936 онд цэргийн албанд мордохоор гэрээсээ гарсан тэрээр ийнхүү 8 жилийн дараа аав ээждээ очиж байгаа нь энэ. “Гэрийн гадаа очиж тэмээнээс буунгуут аав минь “За миний хөвүүн сайн явж ирэв үү” гээд тэврэн авч үнслээ. Би ээж рүүгээ дөхтөл ээж маань над руу нэг алхсанаа гайхан алмайраад таг дуугүй зогсчихов. Гэтэл аав “Чи чинь яадаг хөгшин бэ. Хүүгээ танихгүй байгаа юм уу, хүү минь ирчихээд байна” гэхэд энэ чинь юу билээ гэсэн шиг нэг айхтар харснаа сая л “Энэ чинь миний хөвүүн Адууч байна шүү дээ” гээд мэлмэрүүлэн урсгаж байж билээ” гэж ярьсан байдаг.

Үүнийг Басхүү ах надад бас нулимстай ярьдаг юм. “Арга ч үгүй юм даа. Найман жилийн өмнө нэг муу хөх алчуураар толгойгоо боочихсон малчин хүү гэрээсээ явсан бол одоо ахмад цолтой цэргийн дарга өмнө нь зогсож байхад тэр ээж ингэж балмагдан цочирдолгүй яахав дээ. Олон жилийн дараа хүүгээ гэнэт харж байгаа ээж, ялангуяа цэрэгт, дараа нь дайнд явсан хүү нь ирж байна шүү дээ” хэмээн хоолой цахиртуулан хэлдэг.

Батлан хамгаалахын сайд Санжийн Батаа Адууч гуайг Улаанбаатар авч явъя гээд баралгүй Ховдод цэргийн хэлтсийн даргаар үлдээсэн байдаг. Очсон газар бүртээ түүхэн мөр үлдээдэг, өнөө цагийн хэллэгээр бол түүхэн бүтээн байгуулалт босгодог тэр л зарчмаараа цэргийн хэлтсийн даргын ажлыг аваад 1953 оны зун Монгол Алтайн нурууны алдарт Улаан давааны замыг анх засуулах ажлыг удирдан хийжээ. 1954 оны наймдугаар сард Ховд аймгийн АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны хариуцлагатай нарийн бичгийн даргаар томилогдож 18 жил алба хаасан армиасаа чөлөөлөгдөв.

1962 оны 12 дугаар сарын 26-нд Бээжин хотноо БНМАУ, БНХАУ-ын хилийн Гэрээнд гарын үсэг зурснаар хоёр улсын хамтарсан комисс болон БНХАУ-тай хил залгадаг аймаг тус бүрт салбар комисс байгуулагдан Ховд аймгийн салбар комиссын даргаар Доржийн Адуучийг томилжээ. Салбар комиссын хамтарсан хуралдаанаар шинэ овоо босгож, хуучин овоог нураах тухай яригджээ. Үүнд Адууч дарга “Манайд нэг санал байна. Энэ нь Суварган овоо, Дүмбийн овоо, Алтан овоо гурав нь түүхийн дурсгалт овоо юм. Ийм учраас хилийн овоо босгохдоо эдгээр овоог нураахгүй байх нь зүйтэй байна” гэж удаа дараа учирлан хэлсний хувьд нураана гэсэн хатуу байр суурьтай байснаа сүүлдээ бууж өгч, Монголын талын санал, үндсэндээ Адууч даргын саналыг хүлээж авсан байна. Ийнхүү торгууд түмнийхээ дээдлэн сүсэглэн шүтэж ирсэн уул овоо, сүсэг бишрэлийг хүндэтгэн Хятадын талд асуудлыг тулган тавьж чармайн ажилласны ачаар өнөөдөр уг овоо тэр үед ямар байсан тэр л хэвээрээ үлджээ. Адууч даргын минь зүтгэл тэмцэл бодит үр дүнд хүрсэн нь бахтай гэж нутгийн хөгшид залбиран санадаг нь ийм учиртай.

Тэртээ 1961 онд Ардын хувьсгалын 40 жилийн ойг угтан аймгийн музейн 2 давхар барилгыг 10-хан хоногт бариулсан гарамгай бүтээн байгуулалтыг нь өнөөдөр хэн хүнгүй дурсдаг. Идэр 40 насны залуучуудыг дайчилж өргөн субботникоор энэхүү ажлыг явуулсан байдаг. Хөдөө сууринд 2 давхар барилгыг 10-хан хоногт барьж дуусгасан нь урьд хожид байгаагүй гарамгай хөдөлмөр байсан. 2014 онд МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга асан МУСГЗ Ж.Отгонцагаан уг музейн байшинг харчихаад “Хоёр давхар, бас ч үгүй нэлээд том энэ байшинг 10-хан хоногт барьсан гэж үү” гэснээ барилгын зүүн булангийн нүүрэн дээр товойлгон бичсэн “МАХН-ын 14 дүгээр их хурлыг угтаж субботникоор 10 хоногт барив, 1961 он” гэснийг уншчихаад “Аргагүй л гайхамшиг юм даа” хэмээн уулга алдан өгүүлсэн нь бий.

Ховд хотын 200 жилийн ой бол Адууч даргын хөлс хүчээ урсган, хүн ардтайгаа зүтгэсэн агуу бүтээн байгуулалтын ой байлаа. Ховдын хязгаарт цэнгэлдэх хүрээлэн босч, хиймэл нуур, гүйлтийн ба дугуйн уралдааны тойруу зам, 3000 шахам хүний суудалтай шаталсан гурван эгнээ сандал, асрын барилгуудыг өргөтгөж цэнгэлдэхийн ногоон байгууламжийг услах 530 гаруй метр тойруу шуудууг Буянт голоос татан шинээр мод суулгасан гээд ёстой Ховдчууд тэр аяараа хөдөлсөн гэдэг. Мөн хотынхоо төв замаа анх удаа асфальтан болгож зассан нь тухайн үедээ үнэхээр хөгжлийн эргэлт болжээ. “Адууч дарга тэр үед биднийг ёстой гал цогтой удирдаж мөн ч хатуу шаардлага тавьж ажиллуулдаг байсан. Ажилдаа ханддаг зан байдлаас нь болоод ч тэр үү, бүгд л Адууч даргаас эмээдэг байж билээ. Хааяа түр амарч байгаад Адууч даргынхаа барааг хараад л бид ч ухасхийгээд босно шүү дээ. Чухам яаж амжуулдаг байсан юм, тэр олон ажлуудын хойноос байнга л шогшиж явдаг сан. Нэг л мэдэхэд ирчихсэн бидний ажлыг шалгаад зогсож байна. Тэгээд “За нөхдүүд минь хуудуугүй л юм хийнэ шүү” гэж хэлнэ. Харин ажил сайн бол “во” гэж хэлээд эрхийгээ өргөчихөөд яваад өгнө. Хэлэх үг нь товчхон түс тас. За даа, ажлыг дутуу дулимаг хийвэл үнэн дургүй. Харин ч ёстой чангарна. Ажлын төлөө бол хэнийг ч,дарга, ажилтан дээд доод албан тушаалын гэж ялгадаггүй шулуухан л нүүрэн дээр нь хэлнэ. Ажиллаж байгаа хүмүүсийнхээ дунд л явна шүү дээ” гэж бахархан дурссан байдаг.

Ховдыг баатарлаг хот гэж ярьдаг, түүхэн талаасаа аргагүй үнэн. Баатарлаг гэдгийн бахдам үйлсийг бататгаж өгсөн баатар нь яах аргагүй Адууч гуай юм байна гэж эрхгүй бодогдном. Тэр жил Мянгадын хүү Ч.Өлзийбат ахтай хоёул Өндөр Хөхийг нь зорьж явахдаа “Адуучийн стадион” буюу аймгийн цэнгэлдэхээр орж, эрхэм түүхт хүмүүнийг дурсаж, Буянт голын ариун тунгалаг уснаас аршаалан хүртэхдээ Басхүү ахтайгаа холбогдон, ачит эцгийнх нь бахдам үйлсийг хэлж байлаа. Ер нь Ховдчууд цэнгэлдэхийнхээ талаар дурссаар л байдаг юм билээ. Худгаас ус уусан хүн тухайн худгийг анх гаргасан хүний гавьяаг хэзээд ч мартах учиргүй гэдэг шиг цэнгэлдэх хүрээлэнд баяр наадмаа жил бүр тэмдэглэн, сүрлэг сайхан моднуудынх нь дор цээж тэнүүн, амьдралын сайхныг амсдаг Ховдчууд домогт “А” даргын гавьяаг мартах учиргүй ээ. Монгол Улсын хүний гавьяат эмч, профессор Б.Морх “Нэгэн үе Ховдынхон наадмын талбайгаа “Адуучийн стадион” гэж нэрлээд заншчихсан байсан нь одоо мартагдахад хүрч байна” гэж бичсэн байдаг.

II

1963 оны 12 дугаар сард Д.Адуучийг Булган сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаа, “Жаргалын зам” нэгдлийн даргаар томилсон байна. Ингэж торгууд түмний өлгий эх орны минь хамгийн баруун хязгаар Булган сумтай хувь заяагаа холбох ажил амьдралынх нь алтан харгуй эхэлжээ. Адуучийг аймгийн захиргаа ажил үйлс нь сайн байсан газар томилоогүй. Харин ажил нь тасалдаж, сахилга хариуцлага унаж байсан үе. Ямар сайндаа 1964 оны “Үнэн” сонинд “Ховд аймгийн Булган сум сүүлийн хэдэн жилийн төлөвлөгөөт даалгаврыг тасалдуулсан бөгөөд ажилчин албан хаагчийн ажлын хариуцлага суларч, өгсөн үүргийг заасан хугацаанд биелүүлдэггүй…” гэх мэдээлэл гарсан байдаг. Ийм л хүнд цаг үед ажил сайжруулахаар Булган сумын нэгдлийн даргаар томилогджээ. “Төл болгоныг мал болго. Чулуу болгоныг хашаа болго” хэмээх алдарт үг нь тэр цаг мөчөөс хайрт хүүгийнх нь хэлснээр ажил хөдөлмөрийнх нь түүхэн замналын эхлэл болсон. Булган суманд хийсэн түүхэн ажлынх нь нэг яах аргагүй Ендэртийн зам.Цахиртын хясаанаас Ендэртийн рашаан хүртэлх 100 шахам км замыг хадан хясаа хажуугаар нь Булган гол урсаж буй тун бэрх газар орчинд тавихаар торгууд түмэн хүрз жоотуугаа бариад ханцуй шамлан орж, элгэн улаан хадыг өрөмдөн нүхэлж тэсэлгээ хийн, хад чулууг нураан энэ хүнд хүчир ажилд зүтгэв.

Ингэж Ендэртийн замыг тавьснаар Булган гол, Дээд Доод нарийны голоор айл нүүдэллэх, нэгдлийн үйлдвэрлэл явуулах, түүний бүтээгдэхүүнийг тээвэрлэх ажил их голд, хадан хясаанд боогддог байдал арилж, малчид уул тойрон нүүдэл хийхийг товчлон зусландаа буухаас аваад мөн ч олон тээг саад арилсан гэдэг. Энэ замыг тавьсан талаар аав минь “Сум нэгдлийн ажил үйлсэд олон талын үр өгөөж, буян хишгээ хайрласан Ендэртийн замыг засаж тавихад бие хайргүй махран зүтгэж нөр их хөлс хөдөлмөр гарган ажиллаж, хэлсэн үг чанга хатуу шаардлагыг минь биелүүлж байсан Булганчууд, торгууд түмнээ, тэр цаг үе, нутаг орноо аав нь мартдаггүй юм даа. Тэднийхээ гарамгай хөдөлмөрт нь үргэлж баярлан бахархаж байдаг, одоо ч миний зүрх сэтгэлд ямагт байдаг” гэж насан буурал болсон хойноо ч ярьж байсныг хүү болсон миний бие энэ олон жилийн дараа дурсан бичихэд өөрийн эрхгүй нулимс цийлгэнэх юм даа” гэж ах минь бичсэнийг номноос уншаад уйлж билээ. Булган сумын уугуул, тус сумын нутгийн зөвлөлийн даргын албыг олон жил хашсан доктор Б.Занданшарав гуайтай Басхүү ах 2005 онд уулзсан байдаг. Ярианых нь гол сэдэв мэдээж Адууч гуай байж таараа. Занданшарав гуай “Танай аав бол Булган суманд ажил хөдөлмөрийн бүтээмжийн арилшгүй ул мөрөө үлдээсэн хүн. Тэр хүний хийсэн бүтээсэн бий болгосон нь одоо ч байсаар байна. Цаашид ч байх болно. Булган сум торгууд түмнийхээ төлөө бүхий л юмаа зориулсан хүн гэдгийг би баттай хэлж чадна.

Булган сумын төвийг тохижуулах, нийгэм соёл, сургууль эмнэлэг, аж ахуйн олон байшин барилга бариулж, мод тарьж зүлэгжүүлэн ногоон цэцэрлэг, цэнгэлдэх стадион байгуулсан. Басхүү минь мод тарина гэдэг бол их буянлиг ажил үйлс юм шүү. Иймд аавын чинь энэ буянтай ажил үйлс Булган суманд мөнхрөн үлдсэн дээ, хөөрхий. Сум нэгдлийн мал сүрэг олон жил таван төл дээрээ өсөж, төлөвлөгөөг давуулан биелүүлж, 1967 онд улсдаа тэргүүлэн төр засгийн шагнал үүрд хадгалагдах туг авч, Булган сум Алтан гадас одонгоор шагнуулсан. Бас нэг гайхамшигт ажил бол Ендэртийн замын бүтээн байгуулалт. Энэ бүхэн танай аавын гавьяа юм. Адууч дарга бол баатар л хүн” гэж бахархал дүүрэн хэлсэн байдаг.

2008 онд хилийн цэргийн хурандаа Моломын Баатарсүрэнгээр ахлуулсан зохиолчид тухайлбал, Дамдинсүрэнгийн Урианхай, Арлааны Эрдэнэ-Очир найрагч бид домогт Байтагийн застав орж эх орныхоо баруун хилээр явахдаа Булган сумын төвд Баясгалангийн Бадам баатрын хөшөөнд очиж билээ. Булган сумын төв цэцэрлэг тэнгэр баганадсан ногоон ой ёстой нэг сүрлэг сайхан угтсан юм. Энэ бол Адууч даргын байгуулсан байгууламж. Хүүгийнх нь хэлснээр “Булган сумын ирээдүй, хойч үеийнхний төлөө үлдээсэн мөнхийн ногоон өв” юм. Үнэхээр Булган сумын хөгжил дэвшлийн их түүх Адууч гуайн гавьяагаар хэмжигдэнэ. Октябрийн хувьсгалын 50 жилийн ойг угтан орон даяар зарласан социалист уралдаанд шалгарч “Тэргүүний сум” болж Сайд нарын Зөвлөл, МҮЭ-ийн Төв зөвлөлийн “Үүрд хадгалагдах туг”, мөнгөн шагналыг гардсан юм. Ингэж Булган сумын нийт хөдөлмөрчид баатарлаг торгууд түмэн өөрсдийн цуцашгүй хөдөлмөр зүтгэл, ажлынхаа гялалзсан амжилтаар улс орон даяар алдаршсан.

Сум нэгдлийн үндсэн гол үйлдвэрлэл болсон мал өсгөх төлөвлөгөөг олон жил биелүүлж байсан бол 1970-1974 онуудад таван жил дараалан таван төрөл дээр нь давуулан биелүүлсэн түүхэн амжилт нь Булганчуудын бахархалтай гарамгай үйлс болсон. 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойн өмнө МАХН-ын XVI их хурал хуралдаж, энэхүү хуралд Адууч гуай аймгаасаа төлөөлөгчөөр сонгогдон оролцсон байдаг. Хурлын төлөөлөгчид Улаанбаатар руу мордохоор аймгийн төвдөө цугларсан үед Хөдөлмөрийн баатар алдарт хоньчин С.Цогтгэрэл аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга Ш.Хавдалд “Та нар энэ хүний юмыг нь өгүүлч дээ, одоо болоо юм биш үү” гэхэд нь Ш.Хавдал дарга Адууч гуайн цээжин дээр гараа тавиад “Манай Адуучийн энэ удахгүй томорно, та нар хэдхэн хоног хүлээ” гэж хэлэхэд нөхөд нь алга ташиж, Цогтгэрэл баатар “За ашгүй дээ, тэгмээр юм даа” гэж хэлсэн байдаг. Ингээд намын их хурлын өмнө түүхэн яруу алдарт 50 жилийн ойг тохиолдуулан улс ардын аж ахуй, соёлын салбарт хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан хүмүүсийг төрийн дээд шагналаар шагнажээ.

Энэ тухай Басхүү ах өгүүлсэн нь: “1971 оны 6 сарын 6-ны өдөр шагнал гардуулах боллоо. Засгийн газрын ордны хойд талын цэцэрлэгийн өмнө эгч А.Тунгалаг, А.Ганболд, дүү А.Бархүү, миний бие бид хэд хүлээгээд зогсож байлаа. Төрийн дээд шагнал авсан хүмүүс түрүүчээсээ гараад ирэв. Аав маань ч гараад ирэв. Бид хамгийн түрүүнд аавынхаа энгэрийг л харна шүү дээ. Гэтэл ердөө ардын хувьсгалын 50 жилийн ойн медаль байв. Аав биднийг хараад хүрээд ирлээ. Бид ааваас юм асууж зүрхэлсэн ч үгүй, аав ч таг дуугүй.Бид алхсаар гэртээ ирэх хооронд юу ч ярьсангүй. Ааваас асуух зүйл байсан ч үнэндээ чадсангүй. Аав ч юм ярьсангүй, тамхи л татаад байв. Тэр үед манайх Герман элчингийн өмнөх 60 айлын орон сууцанд байсан юм. За даа харамсмаар ч гэх үү, хачирхалтай ч гэх үү, ийм л нэг юм болсон доо, өөр юу ч хэлэх вэ дээ, үнэндээ.

Энэ цаг мөчөөс л ард олны дунд “Баатар болох ёстой хүн шүү” гэх харамслын үг яригдаж эхэлснээс хойш 50 гаруй жил өнгөрсөн ч аавын минь тухай өнөөдөр ч хүртэл дурсаж байгаа нь үнэнийг мартдаггүй, сэтгэлийн сайхных юм даа гэж өөрсдийн сэтгэл зүрхээ зөөллөн, бас тэр хүмүүст баярлаж байх юм даа. Аавын минь улс эх орон, ард түмнийхээ төлөө бие хайргүй зүтгэж хийсэн, бүтээсэн үйлсийн бодит түүхэн үнэнийг нь бичсэн хүмүүсийн дурсамжийг уншин суухад өөрийн эрхгүй бурхны оронд байгаа ааваараа бахархах бас харамсах сэтгэл зэрэгцэн төрөх нь хэцүүхэн байдаг даа. Аливаа юмны мөн чанарыг үнэнээр нь хэлж чаддаг, нутаг орны төдийгүй ялангуяа хөдөө аж ахуйн салбарт тэр үед ажиллаж байсан хүмүүс “Танай аав ёстой Хөдөлмөрийн баатар болох хүн дээ. Адууч дарга баатар л хүн, одоо ч тэгж бодож явдаг” гэж чин сэтгэлээсээ харамсан хэлэхэд нь сэтгэл сэмрэх шиг болдгийг нуух юун” хэмээн сэтгэлийн хөндүүрээр бичсэн байдаг.

Төгсгөл

1983 онд Украины Киев хотноо болсон дэлхийн аваргын тэмцээнд хүү А.Баатархүү нь барилдаж, хүү А.Басхүү нь Олон улсын шилэгдмэл шүүгч болж анхны дэлхийн аваргын дэвжээнээ дэлхийн алдар цуут тамирчдыг шүүж байгааг дэргэдээс нь харж хоёр сайхан хүүгээрээ бахархах алтан хувь заяа гагцхүү Адууч гуайд л олдсон юм. Түүний 10 сайхан хүүхдийнх их спортыг түшсэн гурван хүүгийнх нь амжилт дэлхийд бичигдсэн юм. Адуучийн Баатархүү ид барилдах насандаа хүнд бэртэл авч, хүний гарт орон сэтгэл санааны гүн цохилт авсан ч өөрийгөө ялж дийлэн босч, босоод зогсохгүй барилдаж улсын аваргыг 4 жил дараалан авч, улмаар 1989 оны Ази тивийн аваргын, 1990 оны Азийн наадмын мөнгөн медалийг эх орондоо авчирч ачит эцгээ амьдад нь баярлуулсан. Баатархүү гавьяатын нэгэн бахархам онцлог амжилтыг хэлэхэд, ЗХУ-ын аваргаар бүх жингийн 30 медалиас 29-ийг нь эзэн орны буюу Оросын тамирчид авахад бусад 22 орны бөхчүүдээс цорын ганц мөнгөн медалийг нь Монголын Баатархүү авч байсан түүхэн давтагдашгүй амжилтын эзэн. Тэртээ далан есөн онд Улсын начин цол хүртэж,мөн ондоо дэлхийн залуучуудын аваргад Монголын тамирчдаас анхны алтан медалийг хүртжээ. Монгол Алтайн нурууны өврөөс төрсөн анхны улсын цолтон хүчит бөхийнхөө хөшөөг 2014 оны Алтай сумын 90 жилийн ойгоор босгож алдар сууг нь мөнхөлсөн билээ. Адуучийн Басхүү 1988 оны Сөүлийн олимпоос “Алтан шүгэл”-ийн эзэн болж дэлхийн шилдгүүдийн эгнээнд жагсан аавыгаа баярлуулсан бол 1993 онд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цол хүртэж мөн л буурал болсон аавыгаа баярлуулсан юм.

2009 оны намар Монгол Улсын гавьяат багш Адуучийн Гантогтох, гавьяат дасгалжуулагч Адуучийн Басхүү, гавьяат тамирчин Адуучийн Баатархүү нар, үндсэндээ ах дүү гурван гавьяат аавынхаа бариулсан цэнгэлдэх хүрээлэнд орж ирэхэд Ховдын ард түмэн нүдэндээ нулимстай баярлаж байсан гэдэг. Жараад оны эхээр аав нь энэхүү цэнгэлдэх хүрээлэнг нутгийнхаа хөдөлмөрч түмнийг удирдан хөлсөө урсган барихдаа хэзээ нэг өдөр үр хүүхдүүд нь эзэгнэнэ, эцгийнхээ алдрыг дуурсгана гэдгийг яахин мэдэх билээ дээ. Хөвгүүдийнх нь отгон нь болох Адуучийн Баасанхүү 1996 онд Олон улсын шилэгдмэл шүүгч болж мөн л аавыгаа сэрүүн тунгалагт нь баярлуулсан юм. Басхүү ах минь 2014 оны наадмаар Ардын багш цол хүртэж, мөн тэр жилээ дэлхийн бөхийн спортын алдартнуудын “Алдрын танхим”-д өргөмжлөгдөн залагдсан анхны монгол хүн болсон. Үр хүүхдийнх нь энэ бүх гавьяа буурал эцгийнх нь гавьяа юм. 1999 оны 12 сарын 17-ны өдөр. Адууч гуай хүргэн Мэндсайхан, отгон охин Туяагийндаа байжээ.Үр хүүхдээ “Бүгд ирсэн үү” гэж асуулаа. Хүүхдүүд нь аавынхаа орыг тойроод бүгд зогслоо. Ачит эцэг нь сүүлчийн тамир заан орон дээрээ өндийн суугаад энэрэлт харцаараа хайрт хүүхдүүдээ нар зөв тойруулан “Та нарыгаа сүүлчийн удаа харж байна” гэж хэлж байгаа юм шиг удаан гэгч нь тогтоон хараад “за” гэж сулхан хэлээд өөр юу ч хэлэлгүй түшүүлэн гэдрэг хэвтжээ. Хайрт хүүхдүүдээ эцсийн удаа сэтгэл зүрхэндээ үүрд харж аваад, сэтгэл ханасан байдалтай тэднийхээ дэргэд дэрээ дэрлэн хэвтсэн чигтээ мөнхөд нойрссон гэдэг.

Ийнхүү Алтайн уулсын өндөрлөгт омогт бүргэд шиг дүүлж явсан их хүмүүн хорвоогоос үүрд буцсан байдаг. Хайрт үрсээ алтан нарны цацрагаар ивээж байгаа юм шиг сүүлчийн удаа хараад сэтгэл дүүрэн буцсан байдаг. Тийм ээ, хүмүүний амьдралд ёстой л домог шиг амьдраад буцна гэдэг энэ биз ээ. Өвгөн аав нь морин дэлэн дээрээс хайрласан Адууч гэдэг нэр өнө мөнхөд дуурсагдаж алдар гавьяа нь цагийн цагт тодорсоор байх болно. Агуу Таны бүтээсэн түүхэн он жилүүдээр тань Монголын минь гэрэлт ирээдүй бахархсаар байх болно. Алтай нурууны өндөрлөгт Алтан сүлд шиг, Алтан соёмбо шиг мөнхөд гэрэлтэх гавьяа Таны гавьяа шүү.

Categories
мэдээ утга-зоxиол

Чулуут сумын түүхт 100 жилийн ойн барилдаанд Улсын заан Д.Анар түрүүллээ DNN.mn

Архангай аймгийн Чулуут сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин П.Моломжамцын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан боллоо.

Тус барилдаанд Дорнод аймгийн Дашбалбар сумын харъяат, “Аврагч” спорт хороо, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх, улсын заан Д.Анар түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алтан “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын арслан Р.Пүрэвдагва үзүүрлэв. Р.Пүрэвдагва арслангийн хувьд гуравдугаар сараас хойш нэг ч барилдаан алгасаагүй бөгөөд 17 барилдаанд зодоглохдоо гурав үзүүрлэж, хоёр шөвгөрч байна.

Тэгвэл их шөвөгт Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын харцага С.Сүхбат, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Нэгдэл” клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар шалгарлаа.

Наймд улсын харцага Л.Лха-Очир, Х.Гантулга, аймгийн арслан Г.Хишигбат, У.Батцоож нар үлдэв.

Тус барилдааны улсын цолонд ойрхон бөхийн шагналыг Архангай аймгийн Чулуут сумын харьяат аймгийн арслан Б.Шаравдоржид олгосон юм.

Categories
мэдээ утга-зоxиол

Т.Пялзай: Л.Ванган маань бусдыг өөртөө уусгаж, өөрөө ч уусдаг хүн байсан DNN.mn

Түрүүч нь..

Хүрэн диван дээр биднийг суулгалаа. Ихэд айцгаав. Биднийг сүртэй загнасангүй. “Улсын ажлыг ингэж болохгүй. Цаг нартай уралдаж, сахилга баттай бай” гэлээ. Бид гарцгаахад хөлийн булчингаа шүргэсэн нэг их гоё урт хар салаа гэзэг хараанд нь өртсөн гэдгийг Ванган маань сүүлд ярьж билээ.

Тэр нь би байхгүй юу. “Ямар гуалиг бие, тэгш хөлтэй охин шатаар дээш гүйсэн гээч” гэж алдарт зураач, гуравдугаар арван жилийн дунд сургуулиас үерхсэн Л.Гаваа найздаа ярьж байжээ.

-Ч.Чимид гуай бас шадар найз нь биз дээ?

-Амгалангийн Чойжилын хүү гээд л хар багаасаа л нөхөрлөсөн. Хамтарч жүжиг ч бичсэн. Л.Гаваа нь өнчин, Л.Ванган маань даргын хүүхэд болохоор арай хангалуун, найзыгаа гэртээ байнга аваачдаг байж. “Бүжигчин л болов уу” гэхэд Л.Гаваа намайг “хайсан” байгаа юм. Тэгсэн нөгөө урт гэзэгт чинь бүжгийн танхимаас дэгдчихсэн “тууж” явна гэнэ. Тэгээд Вангандаа хэлсэн байдаг юм. Нэг өдөр Уран сайхны удирдагч дуудаж байна гэхэд өмнө нь орж загнуулж байснаа мартчихсан “Тийм ямар хүн байдаг юм бэ” гэж асууж байсан гээч (инээв). Үүнээс хойш намайг байнга гэрт хүргэж өгдөг болсон доо. Танилцаад хоёр сар хэртэй болсны дараа шинэ жилийн өмнөхөн цирк рүү намайг дагуулж оров. Хичээнгүй даргын өрөө рүү орлоо. Олон циркчин цуглачихсан байсан. Он солигдох мөчид шампанскаа буудуулахын өмнө Ванган маань “Өнөөдөр би гэрлэхээр боллоо. Хань маань энэ байна” гэж намайг танилцуулдаг юм байна.

-Үүнээс өмнө тантай амьдралаа холбоно гэж ярьсан биз дээ?

-Чи бид хоёр цугтаа их зам, хугацааг туулна даа л гэж байсан. Аавтайгаа хамт амьдарч байсан байшинд нь гал голомтоо бадраав. Манай хүний гал тогоог барьж байсан ааваас нь шанага, тогоо, галын хайчийг нь хүлээн авч билээ. Мухрын өрөө нь Ванганых. Өндөр, том гэрэл зургийн хэрэгсэл, хальсаа угаадаг сав суулга нь дийлэнх юм. Манай хүн чинь сүрхий зураг авдаг, “Зорький” гэдэг аппараттай. Москвад байсан оюутнууд дотор зураг авдаггүй хүн гэж байгаагүй гэдэг шүү. Ванган маань хүний дээд гэвээс зохих гайхамшигтай хүн. Давтагдахгүй авьяасаас гадна хүмүүжил, ёс зүйн дээд үлгэрлэл юм даа. Л.Цогзолмаа, Л.Жамсранжав, Д.Пүрэвдорж, Ц.Гантөмөр нар түүнд өчүүхэн ч хир халдаадаггүй юм. Дэндүү хүнд ойрхон, дэндүү ихээр хүнд уусдаг, өөртөө уусгадаг хүн. Маш хурдан сэтгэдэг. Өөрт нь хандсан зохиолч нөхдөд ямар элгэмсгээр зөвлөнө гээч. Зууралдаад л байна. Нөгөөдүүл нь төвөггүй ойлгож мэдэрдэг нь Ванганы маань хурц, түргэн ухааны ач. Хүнээс ер залхахгүй, өөрийгөө огт харамладаггүй. Өөрөөсөө илүү хүн гаргах гэж урдуураа л гишгүүлэх гэж зүтгэнэ. Олон зохиолч, жүжигчин Монголд гараасай билээ гээд л байна. Болд сайд, Л.Ванган хоёрын үед найруулагч, жүжигчин бэлтгэх анги байгуулагдсан юм шүү дээ. Гар нийлж гайхамшгийг бүтээсэн, бие биенээ жолоодон түлхүүрдэж олон уран бүтээлч төрүүлж бойжуулсан хоёр доо.

-Л.Ванган гуай бол нэртэй найруулагч, том зохиолчоос гадна Монголын хөдөө орон нутаг дахь театр урлаг, соёлын байгууллагуудыг үүсч хөгжихөд, театрын үндсийг тавихад голлох үүрэг гүйцэтгэсэн гэдгийг үүх түүхээс нэлээд уншиж байлаа. Ховд аймагт театр урлагийн үйл ажиллагаа явуулсны дараа тухайн аймгаас Л.Ванган гуайд талархсан сэтгэлийн илэрхийлэл болгож бэлэг дурсгал гардуулж л дээ. Түүн дотор ирсэн үйтэн хуараар танд дээл хийлгэсэн, та түүнийгээ 40 жил тасралтгүй өмссөн гэж сонссон юм байна?

-Тийм, тийм. Тэр дээл чинь Л.Ванганы маань хөдөлмөр хөлс, их ухааны шим шингэсэн сэтгэлийн бэлэг байхгүй юу даа. Олон ястны өлгий, Их нууруудын хотгор бол ховдчуудын бахархал. Тэдний сэтгэл бас шингэсэн. 1959 онд хятад оронд хоёр сар 20 хоногийн хугацаагаар аялан тоглолт хийлээ. Бээжин, Шанхай, Кантон, Гуаньжоу гээд л хорь гаруй хотод зуугаад хүний бүрэлдэхүүнтэйгээр тоглолтоо хүргэсэн юм. Мао Зэдунтэй гар барьсан хүн дээ. Хамгийн сүүлд Хөх хотод хаалтаа хийж билээ. Үүний дараах жил Соёлын сайд Л.Ванганд “Ховдод, олон ястны нутагт театр соёлын ажил явуул. Багаа өөрөө бүрдүүл” гэсэн юм. Ийнхүү 18 аймаг нийслэл хотод урлаг соёлын арав хоногийн үйл ажиллагаа явуулах үйлсээ Ховд аймгаас эхэлсэн юм даа. Хоёр, хоёр жилийн хугацаатай явуулсан энэ үйл ажиллагааны долоон аймгийнхыг нь миний хань удирдсан даа.

-Багийн бүрэлдэхүүнд нь хэн, хэн ажиллаж байв?

-Маш хүчирхэг бүрэлдэхүүн энэ том ажлыг нугалсан. Туслах найруулагчаар С.Галсанжав, дууны багш нь дэнхэр Д.Лувсаншарав, хөгжмийн багш нь “мөнгөн шүд” Чимиддорж, зураачаар найз Л.Гаваа нь гээд бод доо. Оёдлын мастераар нь Б.Балжмаа гуай ажиллаж байсан.

-Ямар аймгуудад ажилласан юм бэ?

-1954 онд Ховдод, 1955 онд Баян-Өлгийд, 1957 онд Булганд, 1959 онд Хөвсгөлд, 1961 онд Өвөрхангайд, 1963 онд Архангайд, 1965 онд Сүхбаатарт. Харин 1967 онд Москвад болсон олон улсын кино фестивальд шүүгчээр ажилласан юм. Зөвлөлтийн аугаа их найруулагч Бондарчук “Хүндэт жюригээр Монголын алдарт найруулагч Л.Ванганг гэргийн хамт урьж байна” гэсэн урилга ирүүлсэн юм. Тэр фестиваль 14 хоног үргэлжилж, Итали, Франц, Герман гээд олон орны кино үзэж нүд алдан биширч билээ. “Россия” зочид буудлын 26 дахь давхарт байрлаад л. Монголоос “Тус биш ус” кино оролцсон доо. Энэ кинонд Лхасүрэн маань тоглосон юм.

-Ямар орны кино таалагдаж байв?

-Орос киног бол сайн ойлгочихно. Бусад нь хэл мэдэхгүй ч их сонирхолтой. Италийн нэг киноны жүжигчин хүүхнийг үнэхээр биширсэн, Монголын маань Ө.Эрэнцэнноров, Л.Цогзолмаа юм даа гэж бодоод л.

-Нэрийг нь санаж байна уу?

-“Монте Кристо” киноны гэргийн дүрд нь тоглодог юм л даа. Сайхан ч бүсгүй дээ. Модиляни.. хэн билээ дээ. Италийн гайхамшигт жүжигчин хүн. Бас Францын Марилени гээд гайхамшиг байна. Нөгөө Чингиз Айтматов тэнд байсан. Ванганы найз юм билээ. Тэд зайгүй ярилцаж хөхрөлдөөд л. Тэр үед ханийнхаа өгсөн том шар, цэнхэр хээтэй үйтэн хуар дээлээрээ гоёчихсон алхаж явлаа шүү дээ. Дөчин жил өөрийгөө чимж явлаа. Монгол кино үйлдвэр зэрэг байгууллагуудын хүндэт самбарт энэ дээлтэй зургаа л тавина шүү дээ.

-Тэр дээл одоо байгаа юу?

-Швейцарьт байгаа охиндоо өгсөн юм. Тэр маань өмссөөр байгаад хамаг хаваас, оёдол нь сэмрээд өмсөх аргагүй болсон байна лээ.

No description available.

Завхан аймгийн Л.Ванганы нэрэмжит ХЖТ-т тавьсан “Асарын өндөр” түүхэн аялгуут жүжгийн нээлтийн үеэр. (Зүүнээс: Зохиолч Б.Цогнэмэх, Т.Пялзай, найруулагч Н.Наранбаатар)

-Л.Ванган гуайн “Сэрэлт”, “Түмний нэг”, “Хүний мөр”, “Тэмцэл”, “Талын цуурай” гээд олон киног бид мэднэ. Жүжиг гэхэд л “Тожоо жолооч”, “Эмч нар”, “Арвай хээрийн талд” гээд л цуврана шүү дээ?

-“Арвай хээрийн талд” жүжиг бичсэн түүх гэхэд л сонирхолтой шүү. Л.Ванганыг Өвөрхангайд ажиллаж байхад хэдэн зохиолч гэртээ урьж л дээ. Очсон айлын гэрийн эзэн нь Жанчив гэдэг хүн байж. Манай хүн Жанчиваас “Танай Арвайхээрийнхэн чинь ямар сонин хувцасладаг юм бэ. Өмссөн дээлийн хормой нь өвдөгнөөсөө нэлээн дээгүүр, шуугаад өмсчихсөн болохоор бүсээ дарчихсан, дээлийн хоёр ханцуй нь гутлын түрийдээ хүрсэн нударгатай байх юм. Дэгжин ч юм уу, нэг л сонин юм. Нэг нь мориныхоо дэлэн дээр хөлөө ачих шахам, нөгөө нь эмээл дээрээ хөндлөн “тухалчихсан”, ханцуйн дотроо гараа барилцчихсан нь Юндэн, Нансалмаа ч юм шиг” гэж ярьсныг Жанчив хүүдээ өгүүлсэн юм билээ. Халзан Тавхайн дүр эндээс л ургасан хэрэг. “Арвайхээрийн тал” жүжгийг газар бүрд тоглож чадаагүй нь Г.Гомбосүрэнтэй холбоотой шүү дээ.

-Яагаад?

-Түүн шиг Халзан Тавхайн дүрийг давтал нь тоглох жүжигчин ахиж гараагүй юм.

-Жүжиг, киноны зохиол бичих үедээ тантай санал хуваалцдаг байсан уу?

-Надаас зөвлөгөө авна гэж юу байх вэ. Харин “ингэнэ, тэгнэ” гэдгээ хэлж сонирхуулна. “Сэрэлт” киног бичиж байхдаа надад “Бумаа гэдэг эмэгтэйн дүрд Т.Цэвээнжав гуайг тоглуулна даа. Яг мөөн. Ламын дүрд З.Цэндээхүү гуай яг тохирно. Тэр “лавлаа” Даш чинь Ц.Цэгмид шүү дээ” гээд найруулагчийн хувьд урьдчилан оноочихсоноо сонирхуулна шүү. Түүний бичих хурд, сэтгэх чадвар асар өндөр.

-Би Монгол түмний хайртай, хүлээлттэй жүжиг болсон, одоо удахгүй шинэ тавилттайгаар үзэгчдэд хүрэх гэж буй “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгийн Модуны дүрд Н.Наранбаатарыг тоглоно гэж бодож бичсэн юм. Гэтэл найруулах болчихдог юм даа.

-Ээ дээ, монголчуудыг бадраасан ийм түүхэн том жүжгийг Н.Наранбаатараас өөр хэн найруулах вэ. Байхгүй. Та хоёрын өнгөрсөн жилийн зун манай Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрт тавьсан “Асарын өндөр” түүхэн жүжгийг үзээд үнэхээр буурай нь огшлоо шүү дээ. Хүннүгийн тухай ийм лут жүжгүүд ахиад гарахад бэрх дээ. Харин нэг зүйлийг х элэхэд эдүгээ үед жүжгийн зохиолч тун ховор байна. Та нар маань олон болоосой.СУИС гэхэд л зүтгүүлээд байхад л зохиолч төрөхгүй юм. Л.Ванган, Э.Оюуны үед ч ийм байсан. Ямар сайндаа л манай хүн жүжгийн зохиолч төрүүлэх гэж гэрээ дугуйлангийн байр болгох вэ дээ. Сэтгэл нь тэр юм. Хань минь арай урт насалсан бол Монголын театр урлагт олон уран бүтээл, өв үлдээх байсан даа гэж харамсдаг.

-Нэгэн үед ид туурвиж байсан жүжгийн зохиолч Д.Намдаг гуайтай Л.Ванган гуай хэр харилцаатай байсан бэ. Нийлж зохиол бичиж байсан уу?

-Манай хүн Намдагийг их хүндэлнэ. Жүжгийн хувьд үгүй. Харин киноны хувьд байсан байх. Д.Намдаг гуайн жүжгүүдийг манай хүн найруулж тавина. Зарим тавигдахгүй, болохгүй шүүмжлэлд өртсөн жүжгүүдийг нь Л.Ванган засаад л тайзнаа амьдруулчихна. Ийм учраас л манай хүнийг “Гацаа гаргагч” гэж театрынхан хэлдэг л дээ.

-Тухайлбал?

-Д.Намдаг гуайн “Ээдрээ” жүжиг найман удаа хянагдаад батлагдаагүй юм. Л.Ванганыг Ч.Лодойдамба гуай дуудахад нь очоод л зохиолын ялихгүй хэсгийг нь хөдөлгөөд л батлуулчихаж байгаа юм.

-Ч.Чимид гуайтай хамтарч жүжиг бичиж байсан байх аа?

-Жүжиг ч бий. Гэхдээ кино нь олон байх. “Тэмцэл” кино байна. Бусад бүтээлдээ санал солилцох нь олонтаа шүү.

-Зохиолч, найрагчидтай их дотно байсан юм байна лээ?

-Бурхан бөөнөөр нь Монголд заяаж төрүүлсэн гайхамшгууд байна. Ц.Гайтав, Б.Явуухулан, “Хүрэн морь”-ны Ч.Лхамсүрэн, Д.Пүрэвдорж, П.Хорлоо, Д.Сэнгээ, Ш.Гаадамба гээд л… Алийг нь нэрлэж барах вэ. Манай хүн Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн нартай их нөхөрлөсөн дөө. Тэднийд байнга очно.

 

Ярилцсан

Битогтохын ЦОГНЭМЭХ