Categories
мэдээ нийгэм

Автомашины зогсоолуудыг үнэгүй болгожээ

НИТХ-ын Төлөөлөгчдийн ээлжит 18-р хуралдаанаар өнгөрсөн баасан гаригт /2018.09.28/ Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар, мөн “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээлэлтэй танилцаж, хэлэлцсэн.

Автомашины түгжрэлийг сааруулахын тулд орц гарц нээж, сэтгэлгээ зам байгуулж байгаагийн зэрэгцээ автомашины зогсоолыг олноор байгуулах, мөн амралтын өдрүүдэд автомашины зогсоолыг иргэдэд үнэ төлбөргүй ашиглуулах зэрэг арга хэмжээ авч эхэлжээ.
Мөн зарим авто замын урсгалыг нэг чигт оруулж, өргөтгөсөн байна. Цаашид хяналтын камер суурилуулах зэрэг олон ажлыг хийх аж.

Categories
мэдээ спорт

Манай жүдочид эх орондоо ирлээ

Азербайжаны Баку хотод болсон жүдо бөхийн ДАШТ-д оролцсон манай улсын үндэсний шигшээ багийн тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ.

Дэлхийн 125 орон оролцож найман өдөр үргэлжилсэн энэ тэмцээнд манай улсын баг гурван хүрэл медаль, гурван тавдугаар байр, нэг долоодугаар байр эзэлсэн амжилттайгаар тэмцээнийг өндөрлүүлэв.

Манай багаас 57 кг-ийн жинд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Сумъяа, -100 кг-ийн жинд ОУХМ Л.Отгонбаатар, +100 кг-ийн жинд ОУХМ Ө.Дүүрэнбаяр нар хүрэл медаль хүртсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

Өвөрхангай аймаг хоёр дахь махны үйлдвэрээ ашиглалтад оруулжээ

Өвөрхангай аймаг өнгөрсөн онд БНХАУ-тай хамтарч “Өв Мийт” мах боловсруулах үйлдвэр байгуулсан. Тэгвэл энэ сарын 27-нд хоёр дахь махны үйлдвэрээ ашиглалтад оруулжээ. Уг махны үйлдвэр “Дээжийн өргөө” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар баригдсан бөгөөд 50 орчим хүнийг ажлын байраар хангахын зэрэгцээ малчдад малаа борлуулах боломж нээж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой аж. Хүчин чадлын хувьд өдөрт 60 бод, 600 бог мал гаргах юм байна.

Өвөрхангай аймаг нь сүүлийн гурван жилд малын тоо толгойгоороо улсад тэргүүлээд байгаа юм. Өнгөрсөн жил 5.7 сая толгой мал тоолуулснаар бэлчээрийн даац нь 2.5 дахин хэтэрчээ. Тиймээс малаа эдийн засгийн эргэлтэд оруулах нь бэлчээрээ хамгаалахаас эхлээд олон үр дагавартай гэж орон нутгийн удирдлагууд үзэж байна.

Өвөрхангай аймаг хоёр дахь махны үйлдвэрээ ашиглалтад оруулжээ

Categories
мэдээ спорт

Харумафүжи Д.Бямбадорж зодог тайллаа

Японы мэргэжлийн сумо бөхийн 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслол өнөөдөр Япон улсын нийслэл Токио хотноо боллоо.

Энэхүү ёслол нь үс авах ёслол буюу бөхийн замналаа дуусгаж буйг илтгэсэн агуулгатай юм. Харүмафүжи Д.Бямбадорж сүүлчийн удаа дэвжээнд гарч, “ёкозүна дохё-ири” ёслолыг хийлээ.

Харумафүжи Д.Бямбадорж 28 насандаа Японы мэргэжлийн сумо бөхийн Макүүчи буюу дээд зиндааны 2012 оны долоо, есдүгээр сард дараалан түрүүлснээр 70 дахь Их аварга цол хүртсэн байдаг. Тэрбээр гадаадын тав дахь, Монголын гурав дахь Их аварга /Ёкозүна/ цолтноор тодорч байсан билээ.

Categories
мэдээ спорт

“ТОКИО 2020” олимпийн сайн дурын ажилтнуудын бүртгэл эхэллээ

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон Олимпийн их наадам 2020 онд Токио хотод зохион байгуулагдана. Олимпийн үеээр ажиллах сайн дурынхны дүрэмт хувцас хэдийнэ бэлэн болжээ.

Сайн дурын ажилтнууд

  • Олимпийн наадмын дүрэмт хувцсаар хангагдана (цамц, хүрэм, өмд, малгай, гутал болон цүнх)
  • Сайн дурын үйл ажиллагааны үеэрх хоол болон уух зүйлс
  • Сайн дурын үйл ажиллагаанд зориулсан даатгал
  • Таны байрлаж буй газраас үйл ажиллагаа хүртэл ирэхэд зарцуулсан унааны зардалтай тэнцэх хэмжээний мөнгө (1,000 иен = 22360 төгрөг/өдөрт)

Сайн дурын ажилтан нь өөрийн оршин суугаа газраас чиг баримжаа олгох сургалт, ерөнхий сургалтад хамрагдахаар ирэх тээврийн зардал буюу онгоцны тасалбар (сайн дурын ажиллагааны үеэр зарцуулсан зардал болон байрны зардлыг) өөрөө хариуцах ёстой.

Доорх хүснэгтээс ажлын үүрэг, хугацаа, нөхцөл болон ялгааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авна уу!

Хотод үйлчлэх сайн дурын Ажилтан

Спортын үйл ажиллагааны үеэр үйлчлэх сайн дурын ажилтан

Удирдах байгууллага

Токио хотын захиргаа

Зохион байгуулах хороо

Байршил, үйл ажиллагаа

Онгоцны буудал дээр тээврийн хэрэгслийн мэдээлэл, Токио дахь үндсэн зогсоолууд, дурсгалт газрууд, спортын үйл ажиллагаа болон амьдарч буй газруудын хамгийн ойр цэгийн мэдээллийг жуулчдад өгөх

Олимпийн үйл ажиллагаатай холбогдолтой байгууламжууд болон Олимпийн хотхонд явагдаж буй үйл ажиллагаа, хэвлэл мэдээлэлд дэмжлэг үзүүлэх, үзэгчдэд үйлчлэх

Шаардлагатай сайн дурын ажилтны тоо

30,000

80,000

Сайн дурын ажилтны ажиллах хугацаа

Хамгийн багадаа таван өдөр ажиллах (амралтын цагийг оролцуулан өдөрт таван цаг ажиллах)

Нэмэлтээр гучин минутын уулзалтыг ээлжийн өмнө болон дараа нь хийхээр төлөвлөсөн

Хамгийн багадаа арван өдөр ажиллах (амралтын цагийг оролцуулан өдөрт найман цаг ажиллах)

Өргөдлөө илгээх арга зам

И-майл, факс болон цахимаар өргөдлөө илгээх

Цахимаар илгээх

Өргөдөл гаргагч нь дараах шалгуурыг хангасан байх

– 2001 оны дөрөвдүгээр сарын нэгнээс өмнө төрсөн байх

  • Япон улсын иргэн эсвэл Японд орших суух эрхтэй иргэн
  • Японоор энгийн яриа өрнүүлэх чадвартай байх
  • 2002 оны дөрөвдүгээр сарын нэгнээс өмнө төрсөн байх
  • Япон улсын иргэн эсвэл Сайн дурын үйл ажиллагааны хугацаанд Японд оршин суух зөвшөөрлийн хүчинтэй визтэй хүн (түр хугацаанд ирсэн хүмүүс багтана)

Хүсэлт илгээх хугацаа

2018 оны есдүгээр сарын 26-наас 2018 оны арванхоёрдугаар сарын 5 хүртэл

2018 оны есдүгээр сарын 26-наас 2018 оны арванхоёрдугаар сарын эхэн хүртэл

Өргөдөл илгээх холбоос

http://www.city-volunteer.metro.tokyo.jp/en/join/application/outline/index.html

https://tokyo2020.org/en/special/volunteer/

ӨРГӨДЛИЙН ҮЙЛ ЯВЦ

Хотод үйлчлэх сайн дурын Ажилтан

Спортын үйл ажиллагаанд үйлчлэх сайн дурын ажилтан

Өргөдөл хүлээн авах

Есдүгээр сарын дундаас – Арванхоёрдугаарсарын эхэн хүртэл

Өргөдөл хүлээн авах

Есдүгээр сарын дундаас – Арванхоёрдугаарсарын эхэн хүртэл

Ярилцлагын хугацааг нэр дэвшигчдэд хүргүүлэх

2019 оны нэг сард

Танилцуулага

2019 оны нэгдүгээр сараас – Зургаадугаар сар хүртэл

Ярилцлага болон мэдээллийн хэсэг

2019 оны хоёрдугаар сараас – Тавдугаар сар хүртэл

Чиг баримжаа олгох сургалтад хамрагдах

2019 оны хоёрдугаар сараас

Үндсэн сургалт

2019 оны аравдугаар сараас – 2020 оны хоёрдугаар сар хүртэл

Үндсэн сургалт

2019 оны аравдугаар сараас

Үндсэн сургалтанд хамрагдсан нэр дэвшигчид албан ёсоор сонгогдоно

2020 оны гуравдугаар сард

Сайн дурын үйл ажиллагаа, байршил, үүргийн талаарх мэдээлэл

2020 оны гуравдугаар сараас

Үүргийг танилцуулах сургалт

2020 оны дөрөвдүгээр сараас

Үүргийг танилцуулах сургалт

2020 оны дөрөвдүгээр сараас

Сайн дурын ажилтнуудад дүрэмт хувцас түгээх

2020 оны зургадугаар сараас

Сайн дурын ажилтнуудад дүрэмт хувцас түгээх

2020 оны тавдугаар сараас

Байршил танилцуулах сургалт

2020 оны зургаадугаар сараас

Байршил танилцуулах сургалт

2020 оны зургаадугаар сараас

Categories
мэдээ цаг-үе

Долларын ханшийн өсөлтөөс нүүрснийхэн л хожиж байна

ХАМГИЙН ИХ НҮҮРСИЙГ ТӨРИЙН ӨМЧИЙН КОМПАНИ ЭКСПОРТОЛДОГ, НҮҮРСНИЙ ТОМ НАЙМААНЫ ЦААД ЭЗЭД НЬ УЛСТӨРЧИД-

Арилжааны банкууд өчигдөр 98.8 сая ам.доллар авах захиалга ирүүлсэн ч Монголбанк 20 сая ам.доллар л нийлүүллээ. Хуучны нэг кинон дээр гардаг даа, дөрвөн дугуй авах хүсэлт гаргаад дарга дамжин хасагдсаар эцэст нь нэг дугуй гар дээр нь ирдэг тухай. Яг үүн шиг банкуудад 60 сая ам.доллар хэрэг болоод 90 саяыг зараач гэж төв банк руу хандсан байж таарна. Гэтэл Монголбанк хүссэнээс нь 40 сая ам.доллараар дутуу валют өгчихлөө. Ам.долларын ханш 2500 даваад талийж өгсөн ийм цагт төв банкны энэ харамч хандлагыг байгаа оноогүй шийдэл гэж харахаас өөр арга алга. Есдүгээр сарын эхээр бас төв банк ийм хандлага гаргасан. Арилжааны банкуудад хүссэнээс нь эрс бага ам. доллар зарсаныг цахим хуудас руу нь ороод харчихаж болно. Доллар зарахгүй гэж гэдийсэн өдөр ч төв банкинд бий. Хэрэгцээтэй доллараа авч чадаагүй банкууд яана гээч. Дутуу 40 сая ам.доллараа гудамжнаас нөхнө. Бүр тодруулбал Н.Баяртсайхан хар захаас их хэмжээний доллар тат гэсэн ганцхан сонголтыг арилжааны банкуудад үлдээж байна. Энэ тохиолдолд эрэлт өсч ногоон валютын ханш хаданд гарах нь нэг дээр нэгийг нэмээд хоёр гардаг гэдэг шиг тодорхой зүйл. Үр дүнд нь иргэдийн бүтэн сар зүтгэж авдаг цөөхөн хэдэн төгрөг л үнэгүйднэ.

Ам.долларын ханшийн өсөлтөөс хэн хожиж явааг анзаарч харъя. Ченжүүдийн хувьд ам.долларын өсөлтөөс асар их мөнгө олж, ашиг хийдэг хэсэг хэтээсээ биш. Тэдний гар дээр үсрээд арван сая ам.доллар эргэлддэг.

Сая ам.долларын л ашиг хийдэг улс. Үнэн хэрэгтээ 10 сая ам.доллар бол эдийн засгийн хувьд сүртэй тоо биш. Ам.долларын ханшаас хамгийн их ашиг олж байгаа нь нүүрс экспортлогчид. Өмнөх засгийн үед ам.долларын ханш 17002000 төгрөгт хэлбэлзэж байхад Монголын нүүрсний нийт экспортын орлого жилийн 200 сая ам.доллараар хэмжигдэж байсан юм. Гэтэл өнөөдөр нүүрсний экспортын орлого 2.5 тэрбум ам.доллараар яригдаж байна. 2014 онд олж байсан 200 сая ам.долларыг тухайн үеийн долларын дундаж ханш болох 1800-гаар үржүүлье. Хариу нь 360 тэрбум гэсэн тоо гарч байна. Тэгвэл өнөөдрийн олж буй 2.5 тэрбумыг 2500-гаар үржүүлээд үзээрэй. Ямартаа ч экспортын нийт орлого нь 12 дахин өссөн нүүрснийхэн ам.долларын ханшийн зөрүүнээс 40 хувийн ашиг олж байна. Нүүрсний хамгийн том экспортыг төрийн өмчийн “Эрдэнэс Таван толгой” компани хийдэг. Нүүрсний бизнесийн ард том улстөрчдийн нэр байсхийгээд дуулддагийг монголчууд бултаараа мэднэ. Тэгэхээр ам.долларын галзуурлаас хамгийн их ашиг хүртдэг нь улстөрчид, төр болж таарч байна. Товчхондоо өнөөдөр Монголд нүүрс зардаг хүмүүст зориулагдсан эдийн засгийн менежмэнт явж байна. МАН засгийн эрхэнд гараад жирийн иргэд, дундаж давхарга руу хандсан ипотекийг ойлгоогүй, ойлгохыг ч хүсээгүй, хэрэгжүүлээ ч үгүй. Одоо бага хүүтэй урт хугацаатай орон сууцны зээл бараг л ор сураггүй болдог дээрээ ирчихлээ. Эндээс харахад төр засаг өөрсдийнхөө олдог хэдэд анхаарахаас өөрийг хийхгүй суугаа нь гашуун ч гэлээ бодитой үнэн. Хатуухан хэлэхэд Монголбанк орон сууцанд амьдрах хүсэлтэй Бат, шатахуун хэрэглэдэг Дорж, инфляцид өртдөг Цэцэгээ, мах хэрэглэдэг иргэдийнхээ төлөө биш эрх баригчдын халаасанд орох мөнгөний төлөө ажиллаж байна.

ИЛҮҮДСЭН ТӨГРӨГ НОЁН НОГООНЫ ХАНШИЙГ ГАЛЗУУРУУЛНА

Арилжааны банкууд яг өнөөдөр төгрөгийн илүүдэлтэй байна. Өнөө жилийн эхний долоон сарын байдлаар гэхэд л дөрвөн их наяд төгрөг гэсэн аварга тоо дуулдсан. Эдийн засагт бол энэ тоог Монголбанкны үнэт цаас гэсэн тодорхойлолтын ард бичдэг. Төв банк энэ мөнгөнд жилийн 10 хувийн хүү төлж долоон хоногийн хугацаатай байршуулдаг. Хэрвээ энэ хэмжээний мөнгө ипотек, шатахуун, махны үнэ тогтворжуулах гэх мэт зохицуулалтын хөтөлбөрүүдэд зарцуулагдаж эдийн засагт эргэлдэж байсан бол айгаад байх юмгүй л дээ. Юунд ч зарцуулагдахгүй, хэнд ч хэрэггүй яг өнөөдрийнх шиг түгжигдсээр удвал хэцүү байдал үүснэ. Товчхондоо тэсэрвэл гамшиг тарих дарьтай торх л гэсэн үг. Дээр нь Монголбанк долларын ханшийн өсөлт сүртэй зүйл биш гэх маягийн мэдэгдэл хийгээд суувал төгрөг үнэгүйдэх зам руугаа шуударна гэсэн болгоомжлол зарим эдийн засагчид байна. Энэ мөнгө яг нарийндаа гуравхан банкинд төвлөрдөг. Долларын ханш яах нь тодорхойгүй удаж, төв банкны идэвхгүй хандлага үргэлжилбэл банкууд энэ хэмжээний мөнгийг доллар болгох шийд гаргах өндөр эрсдэлтэй. Монголбанкин дээр долоохон хоногийн хугацаатай байршдаг учраас төгрөгөө доллар болгох боломж банкуудад бүрэн бий гэсэн үг. Хэрвээ тэгвэл ам.долларын ханш огцом өсөх аюул бий. Илүүдэл төгрөг төв банкинд өмнөх шиг жил хүртэл хугацаагаар байршдаг байсан бол огцом шок үүсэхгүй байх талтай гэж эдийн засагчид хэлж байна.

Зээлийн хэмжээ өнөөдрийн статистикаар 20 хувиар өсөөд байгаа. Уг нь зээлийн хувь хэмжээ үүнээс ч өсөх бололцоотой. Арилжааны банкуудын хувьд илүүдсэн дөрвөн их наяд төгрөг зээл болж эдийн засагт эргэлдэх боломжтой. Банкууд илүүдсэн төгрөгөө зээл хэлбэрээр зах зээлд гаргахыг хүсч байгаа ч эрэлт нь ханачихсан гэх шалтгаан бий. Гэхдээ зээлийн эрэлт ханасан гэж шууд дүгнэхэд хэцүү. Зээл болгож гарах бодлого алга гэвэл үнэнд ойртоно. Төв банкнаас ч юмуу Засгийн газраас ипотекийн зээлээ эрчимжүүлье, боловсруулах үйлдвэрлэлээ санхүүжилтээр дэмжье гээд хөшүүрэгдэхэд л илүүдсэн гээд байгаа дөрвөн их наяд төгрөг зах зээлд эргэлдэж эхэлнэ. Монголбанк долларын зээлийг хумина, хэрэглээний зээлийг хазаарлана гэж мэдэгдэж суугаа. Хязгаарлахыгаа хязгаарлаж болно л доо. Гэхдээ илүүдсэн төгрөг гэсэн толгойны өвчнөөс салахын тулд зээлийн өөр сувгийг нээх бодлого хэрэгжүүлэх учиртай.

Дахиад хэлэхэд ХААН, Голомт, Худалдаа хөгжлийн банкны аль нэг нь илүүдсэн төгрөгөөрөө доллар авна гээд захиалга өгчихвөл валютын захад савлагаа үүсэхэд бэлэн болчихож. Монголбанк өнөөдрийнх шигээ төгрөгийн ханш суларч байна гэсэн мэдэгдлийг давтамжтай хийгээд суувал банкуудад төгрөгөө долларт хувиргахаас өөр зам үлдэхгүй. Уг нь өдийд Н.Баяртсайхан “Ам.долларын ханш чангарахгүй” гэх мэт эерэг дохиог эдийн засагт өгөх учиртай. Төв банк энэ янзаараа мөнгөний зах дээр мэдрэмжгүй аашлаад байвал ханш нэг л өдөр 2800 руу дөхнө. Яг тэр үед илүүдэл төгрөгийн ихэнхийг атгасан банкны менежерүүд доллар руу зүтгэх нь тов тодорхой зүйл. Хувийн хэвшил ашгийн төлөө ажиллах нь хэнд ч ойлгомжтой асуудал. Өнөөдөр аль ч банкны тайланг шүүрдээд харсан ашиг нь тэг дээр байгаа. Он дуусахад гуравхан сар үлдчихсэн энэ үед ашиггүй ажиллаж яваа банкууд зүгээр суухгүй нь ойлгомжтой. Эцэст нь долларын ханш өсч, төгрөг үнэгүйдсэн ачааны хүндийг иргэд үүрээд л өнгөрнө. Нэг зүйлийг онцолж хэлэхэд учир мэдэх улс илүүдэл дөрвөн их наяд төгрөгийг эдийн засагт үүссэн хаван гэж нэрлээд байна. Өмнө нь ийм их хэмжээний төгрөгийн илүүдэл үүсдэггүй байсныг онцлох учиртай. Мөнгөний зах дээрх илүүдэл мөнгө өмнөх засгийн үед 400-500 тэрбум төгрөгөөр хэмжигддэг байсан юм.

ИНФЛЯЦИ 12 ХУВЬ ДАВСАН БАЙЖ МЭДЭХ НЬ

Илүүдэл төгрөг инфляцийн өсөлттэй хавсрахаараа том аюул тарина гэх болгоомжлол ч дуулдаж эхэллээ. Төв банк инфляцийг найман хувьд барьж байгаа гэсэн мэдээлэл түгээж буй. Харин монголчуудын суурь хэрэглээ болсон шатахууны үнийн өсөлтөөр хэмжээд үзэхэд инфляци дор хаяж 12 хувь хүрсэн гэсэн таамаглал эдийн засагчдын дунд байна. Тэнгэрт цойлсон инфляциа цаасан дээр багасгаж буулгадаг улсын тод жишээ нь Венесуэл гэдгийг энэ дашрамд онцолъё. Айл бүрийн төсөвт очиж суудаг шатахууны үнэ гэхэд л 2030 хувиар өсөөд байна. Шатахууны үнийн нэмэгдлийг дагаад бүх үйлчилгээ, бүтээгдэхүүний үнэ өгсдөг хуультай. Саяхан ногооны үнэ унасан боловч шатахууны ханш нэмэгдэнгүүт дагаад өссөн нь үүний наад захын нотолгоо. Засгийн газар, Монголбанкны зөнд нь хаясан шатахууны үнэ цаашид ч нэмэгдэх зураг харагдаж байна. Дэлхийн байдлыг ажихад газрын тосны үнэ өсөх таамаг анзаарагдаад эхэлчихсэн. Иранд нэг л эвгүй нөхцөл үүсвэл газрын тосны үнэ өснө гэж шинжээчид хэлж байна. АНУын ерөнхийлөгч Трамп Бүгд найрамдах намынх, бүгд найрамдахчууд нефть, зэвсгийн бизнесийг атгадаг, харин холливуд, бургер, электроник Ардчилсан намынхных нь бизнес гэдгийг цэнхэр гаригийн учир мэдэх улс бултаараа андахгүй. Бүгд найрамдах намаас сонгогдсон өмнөх ерөнхийлөгч нар болох Буш, Рейган дайн өдөөж байсан нь цаанаа ийм учиртай гэдэг. Эсвэл дайн дэгдэж болзошгүй гэж мэдэгдэцгээж зэвсэг шинэчлэх нэрээр төсвөөс мөнгө гаргуулдаг, Хойд Солонгосоор айлгаж байгаад пуужин зардаг байсан бүгд найрамдахчуудад сүүлийн үе нэг асуудал үүсээд буй. Өнөө дайсан гэж зарладаг хойд Солонгос нь өмнөдүүдтэйгээ хачин дотно харилцаж, Kpopынхныг нь урьж тоглуулж, Сингапурт Трамптай уулзаж дэлхийд жигтэйхэн эерэг мессэж өгөөд эхэлчихсэн. Тэгэхээр нефтийн нөөцийн 20 хувийг атгадаг Иран улс Трампын гол бай болж харагдаж байна. Иран бол сэрэмжлэх ёстой дайсан, хориг тавина гэчихэд л нефтийн үнэ өсөөд ирнэ. Нефтийн үнийн өсөлт Трампаас гадна Путинд ашигтай, Путин, Трамп хоёр найзууд гэсэн логик бас бий. Өндөр үнэтэй нефтээс алдагдал хүлээдэг нь ганцхан Хятад. Манайх шиг нефть олборлодоггүй жижиг улсууд мэдээж хөлд нь үрэгдэнэ. Гэхдээ Путин, Трамп хоёрын хувьд бид том байтугай жижиг ч асуудал биш. Нефтийн үнэ өдгөө 60 ам.доллар даваад байгаа. 70 ам.долларт хүрэхэд Оросын төсөв дажгүй ашигтай болж эхэлдэг. Удахгүй 70 ам.долларт хүрч Путиний нүүрэнд инээмсэглэл тодрох байх. Манай улсын хувьд нефтийн үнэ 100 ам.доллар байхад шатахууны үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж үнийн өсөлтөд нэрвэгдчихэлгүй тэсээд гарсан. Дараа нь 40 рүү унахад засаг нефть импортлогчдоос татвар авч эхэлсэн. Үнэ тогтворжуулах хөтөлбөр мэдээж түүх болж үлдсэн. Одоо шатахууны үнэ өсөхөд ямар арга хэрэглэх нь тодорхойгүй байна. Долларын ханш, шатахууны үнийн өсөлт Засгийн газрын том сорилт болох нь ойлгомжтой болчихлоо. Шатахууны үнэ өсөх хэрээр өргөн хэрэглээний бараа, авдаг үйлчилгээнүүдийн ханш өгсөж, инфляци өндрөө авах эрсдэл бас бий.

СОНГУУЛИЙН ӨМНӨХ ТӨСӨВ ДОЛЛАРЫН ХАНШИД ТАШУУР ӨГНӨ

Удахгүй төсвийн хэлэлцүүлэг эхэлнэ. Хоёр сонгуулийн өмнөх жилийн төсөв учраас маш өндөр алдагдалтай батлагдах нь тодорхой. Гишүүд сонгуулийнхаа мөнгийг хийх гэж тойрогтоо аль болох их мөнгө тусгуулахаар зүтгэнэ, төв банк боломжгүй гэж гөжвөл 65-уулаа юм чинь Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайд, бүр цаашилбал Ерөнхий сайдаа огцруулж байгаад ч болтугай өөрсдөдөө ашигтай хувилбараар төсвөө батална л гэж зүтгэнэ. Тэгэхээр төсвийн өндөр алдагдал, 2020, 2021 оны тэрбум гаруй ам.доллар гэсэн том ачаа ам.долларын ханшид ташуур өгөхөөр байна. Дээр нь оны сүүлийн гурван сарын тухайд валют орж ирдэггүй онцлогтой үе. Илүүдсэн төгрөг жинхэнээсээ төв банкин дээр ирж хөдөлгөөнгүй хадгалагддаг цаг. Илүүдэл төгрөгийг жилийн арван хувиар байршуулдаг төв банкны хувьд илүү ачаа нэмэгдэнэ гэсэн үг. Эцэст нь онцлоход эдийн засагчид гадаадын хөрөнгө оруулалт мэдрэгдэхүйц өсвөл долларын ханш бууна гэж байгаа бол төв банк ногоон валютын ханшийн өсөлтийг түр зуурын гэж тодотгож буй.


Categories
мэдээ нийгэм

“IC-EXPO-2018” үзэсгэлэн Мишээл экспо төвд эхэлнэ

Жил бүр уламжлал болгон зохион “ICT-Expo-2018” үзэсгэлэн 9-р сарын 30, 10-р сарын 01, 02-ний өдрүүдэд Мишээл экспо төвд болно. Засгийн газрын тохируулагч агентлаг– Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас “ДИЖИТАЛ ХӨГЖИЛД ХАМТДАА” уриан дор 12 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.

Үзэсгэлэнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцож, техник технологийн дэвшил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд танилцуулна. Хамтран зохион байгуулагчаар Харилцаа холбооны зохицуулах хороо, Ерөнхий ивээн тэтгэгчээр үүрэн холбооны Мобиком корпораци, Юнител групп, Скайтэл групп оролцож байна.

“ICT-Expo” үзэсгэлэн нь олон нийтэд харилцаа холбоо, мэдээллийн технологийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, ололт амжилтыг бодитойгоор таниулан сурталчилдаг, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид, баялаг бүтээгчид, иргэд, аж ахуйн нэгж, гарааны компаниудад хэрэглэгч, үйлчлүүлэгчидтэй уулзах боломжийг олгодог арга хэмжээ болдгоороо онцлогтой. Үзэсгэлэнд оролцогчдын тоо жилээс жилд өсч байна. Үзэсгэлэнгийн үеэр мэдээлэл технологийн салбарын хөгжлийн чиг хандлага, нийгэмд үзүүлж буй үр нөлөөллийн талаар дараах сэдвийн хүрээнд Форум зохион байгуулагдана. Үүнд,

-“Digital finance” буюу цахим санхүү /10-р сарын 01/

-“Digital Content” цахим контент /10-р сарын 01/

-“Digital future” цахим ирээдүй /10-р сарын 02/

-Дижитал хэрэглэгч- Эрүүл мэнд /10-р сарын 02 /

Categories
мэдээ нийгэм

Булган аймгийн хүүхэд залуус UNFRIEND хөдөлгөөнд нэгджээ

Цахим орчинтой холбоотой гэмт хэргийн тоо өсөж, бусдын нууцад халдах, садар самуунд уруу татах зэрэг хэргүүд үйлдэгдэх болсон тул түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газраас UNFRIEND хөдөлгөөн өрнүүлж байгаа. Уг хөдөлгөөнийг Булган аймгийн хүүхэд залуус дэмжиж, хөдөлгөөнд нэгджээ.
Тодруулбал, Булган аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын газар, Цагдаагийн газар, Ерөнхий боловсролын сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд хамтран цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нөлөөлөх, мэдээлэл хийх, зөвлөгөө өгөх гэх мэт олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж эхлээд байгаа бөгөөд өнгөрч буй долоо хоногт төв талбайдаа тайван жагсаал хийж, илүү олуулаа нэгдэхийг хүссэн байна.

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын I сургуулийг “Алтан гадас” одонгоор шагнажээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, төрийн нэрт зүтгэлтэн Г.Бумцэндийн нэрэмжит Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нэгдүгээр сургуулийг төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагналаа.Монголын залуу хойч үеийг сурган хүмүүжүүлэх үйлсэд оруулсан тус сургуулийн үе үеийн ажилтан албан хаагч, багш сурган хүмүүжүүлэгчдийн хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж олгосон “Алтан гадас” одонг гардуулахаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Сэлэнгэ аймагт, тус сургуулийн 80 жилийн ойн хүндэтгэлийн ёслолд оролцсон байна.Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Алтан гадас” одон хүртээх зарлигийг уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд одонг тус сургуулийн туганд ёслол, хүндэтгэлтэйгээр зүүж өгсөн байна.

Сэлэнгэ аймгийн анхны сургууль, Монгол төрийн зүтгэлтэн Гончигийн Бумцэндийн нэрэмжит Сүхбаатар сумын нэгдүгээр сургууль нь 1938 онд хоёр багш, 20 сурагчтайгаар Цагаан эргийн бага сургууль нэртэйгээр үүд хаалгаа нээжээ. Тус сургууль 80 жилийн хугацаанд 257 бүлэгт 8200 гаруй сурагчийг төгсгөсөн ба төгсөгчдөөс нь хөдөлмөрийн баатар 3, төрийн шагналт 1, гавьяат цолтон 24, УИХ-ын гишүүн 6, доктор, профессор 55, дэлхийн аварга 2, олимпийн медальтан 2 зэрэг улс орныхоо өмнө үнэтэй гавьяа байгуулсан олон арван алдартан төрөн гарсан, улсдаа нэр хүндтэй сургууль болсон байна.

Categories
мэдээ улс-төр

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо тэргүүнээ сонгоно

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнийг сонгох товыг ирэх арваннэгдүгээр сарын 5-нд тогтоожээ. Ардчилсан намын шинэчлэгдсэн дүрмийн дагуу намын бүх шатны сонгуульт албан тушаалтнуудыг нийт гишүүдийн саналаар тодруулдаг болсон.

Энэхүү дүрмийн дагуу 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны 98 мянган гишүүд тэргүүнээ сонгодог. Сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэлийг өнгөрсөн баасан гаригаас эхлүүлсэн байна.

Одоогоор Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа ажилладаг юм.