Categories
мэдээ нийгэм

ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж, гишүүн Д.Эрдэнэчулуун нарыг албан тушаалаас нь чөлөөлж, Л.Атарцэцэгийг томилов

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, тэтгэврийн насанд хүрсэн, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Нанзаддоржийн Лүндэндоржийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүнээс, бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул Дашзэвэгийн Эрдэнэчулууныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний албан тушаалаас тус тус чөлөөллөө.

Мөн “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилох тухай” зарлиг гаргаж, Лхүндэвийн Атарцэцэгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилж, томилогдсонтой нь холбогдуулан Улсын дээд шүүхийн шүүгчийн бүрэн эрхийг нь өнөөдрөөс эхлэн түдгэлзүүлэв.

Categories
мэдээ нийгэм

Ц.Сандуй, А.Ганбаатар нарт дөрвөн жилийн хорих ял оноолоо

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.Сандуй, А.Ганбаатар нарт 4 жилийн хорих ял оноолоо.

Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар хуйвалдаан зохион байгуулсан үндэслэлээр шүүсэн бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, дөрвөн жилийн хорих ял оноожээ.

Categories
мэдээ улс-төр

Өмнийн говьд цахилгаан станц байгуулах тухай Үндэсний компаниудын төсөлтэй танилцав

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж дараах асуудлыг хэлэлцлээ

Өмнийн говьд цахилгаан станц байгуулах тухай Үндэсний компаниудын төсөлтэй танилцав

Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын хүрээнд УИХ, ЗГ-аас 2010-2018 онд “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичиг”, “Өмнөд говийн дэд бүтцийг хөгжүүлэх баримт бичиг” , “Таван толгойн цахилгаан станц барих” төсөл зэрэг хэд хэдэн бодлогын баримт бичиг гаргаж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар цахилгаан станц барьж 2023 онд ашиглалтад оруулахаар тусгасан. Энэ хүрээнд үндэсний үйлдвэрлэгч томоохон компаниуд өөрсдийн санаачилгаар цахилгаан станц байгуулах төсөл боловсруулснаа Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Оюутолгой, Тавантолгойн бүлэг ордыг түшиглэн “М Си Эс” компани “Таван толгой цахилгаан станц”, “Нью ком” компани “Сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станц” –ыг байгуулахаар тус тус төсөл боловсруулжээ.

М Си Эс компани бүтээн байгуулалтыг 2020 оны гуравдугаар сард эхлүүлж, 2023 онд ашиглалтад хүлээлгэн өгөх боломжтой. Нэг кВт цахилгааны үнийг 9,5 цент байхаар тооцжээ. Нью ком компани нэг кВт эрчим хүчийг 11,5 центээр тогтоож, бүтээн байгууулалтыг 2022 онд дуусгана гэв.

Өмнөд говийн бүсэд цахилгаан станц баригдсанаар Оюутолгой компанийн эрчим хүчний импортод жилд төлж буй 200 гаруй сая ам.доллар дотоодын зах зээлд үлдэхээс гадна Монгол Улсын өмнөд бүсийн говийн дэд бүтцийн хөгжилд дэвшил гарч, эрчим хүчний хараат байдлаас ангижирч, дотоодоосоо эрчим хүчээ хангадаг болох юм.

ФАТФ-аас гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо

Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын бүлэг/ФАТФ/- ээс гаргасан зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөтэй танилцаж, холбогдох байгууллагуудаас ирүүлсэн саналыг нэгтгэн хэлэлцэв.

ХЗДХЯ, СЯ, болон Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, УДШ, УЕП, ТЕГ, ГЕГ, ЦЕГ зэрэг төрийн байгууллагуудад нэн яаралтай, шууд хэрэгжүүлэх, 1-2 сарын хугацаанд шат дараатай авч хэрэгжүүлэх арга хэмжээг тус тус хэрэгжүүлж ажиллахаар төлөвлөжээ. Эдгээр байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангаж, мэдээлэл солилцоход дэмжлэг үзүүлж ажиллахыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд даалгав.

Мэдүүлээгүй, худал мэдүүлсэн бэлэн мөнгийг битүүмжлэх, хураах үйл ажиллагаагэрчимжүүлэх, энэ төрлийн зөрчлийг дахин үйлдэгдэхээс сэргийлсэн хариуцлагын арга хэмжээг шууд хэрэгжүүлж байх, гэмт хэргийн эрсдэлтэй уялдуулан мөрдөн шалгах болон прокуророор яллах үйл ажиллагааг сайжруулах, илэрсэн зөрчлүүдэд тохирсон шийтгэл оногдуулж, давтан үйлдэгдэх байдлыг таслан зогсоох зэргээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний жагсаалтыг гаргажээ. арга хэмжээ авч ажиллах зэргийг тусгаад байна.

Төрлийн цэрэг байгуулах шаардлага байна

Засгийн газрын хуралдаанаас Зэвсэгт хүчний тухай хуулинд зарим нэмэлт өөрчлөлтийг оруулах нь зүйтэй хэмээн үзэж нэмэлт өөрчлөлтийн хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

Үүнд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд байгаа барилга, инженерийн нэгжийг өргөжүүлэн бие даасан төрлийн цэргийн хэмжээнд бэхжүүлэх болон улс орны кибер орон зайг хамгаалах чиг үүрэг бүхий кибер цэрэг бий болгох эрхзүйн шинэ зохицуулалтыг тооцож байна. Тодруулбал дэлхийн улс орнуудын хөгжлөөс үүдэн шинээр урган гарч буй кибер аюулгүй байдлыг хангах харилцааг зохицуулах шаардлага үүсч байна.

Мэргэжлийн байгуулагуудын гаргасан дүн мэдээнээс үзэхэд манай улсад бусад орны дунджаас 8-15 дахин их кибер халдлага бүртгэгдээд байна. Орчин үед дэлхийн улс орнууд кибер аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдлынхаа нэг хэсэг болгон авч үзэж кибер орон зайгаа бодит орон зайн адилаар батлан хамгаалж хөгжүүлж байна. Монгол Улс үүний нэгэн адил бэлтгэгдсэн өндөр, ур чадвар бүхий кибер цэрэгтэй болох нь зайлшгүй шаардлага юм.

Мөн Зэвсэгт хүчний бэлэн байдлыг алдагдуулахгүйгээр бие бүрэлдэхүүн техник хэрэгслийг улс орны бүтээн байгуулалтын ажилд оролцуулж буйтай холбогдуулан цаашид улс орны томоохон бүтээн байгуулалтуудад цэргийн албан хаагчдыг дайчлан оролцуулах үүднээс зэвсэг хүчний бие бүрэлдэхүүн дэхь барилга инженерийн нэгжийг өргөжүүлж, төрөлжүүлэн төрлийн цэрэг байгуулах нь зүйтэй гэж үзлээ. Засгийн газрын ээлжит бус хуралдаан маргааш үргэлжилнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Үйлчилгээний гавьяат ажилтан, аврагч, ахмад Х.Мөнхбат 3 өрөө байрны түлхүүрээ гардан авлаа

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахмад Х.Мөнхбатад өргөсөн тангарагтаа үнэнч байж олон хүний эрдэнэт амь насыг авран хамгаалсан хөдөлмөрийг нь үнэлж Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд гурван өрөө байраар шагнах батламжийг өнгөрөгч долдугаар сард гардуулан өгсөн юм.

Өчигдөр буюу энэ сарын 30-нд үйлчилгэний гавьяат ажилтан, аврагч, ахмад Х.Мөнхбатын гэр бүл 135 айлын орон сууц болох Шинэ мөрөн хороололд 3 өрөө байрны түлхүүрээ гардан авч шинэ байрандаа орлоо.

Х.Мөнхбат Онцгой байдлын албанд 12 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд 182 иргэний амь нас, ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 950.0 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан.

Х.Мөнхбат Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Үйлчилгээний гавьяат ажилтан цол”-оор шагнуулсан, аврагчдын эгнээнээс төрсөн хоёр дахь гавьяат юм.

Тэрээр “НИК Петровис” компанийн шатахуун тээвэрлэгч хоёр автомашин Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр тээвэр хийж яваад нуурын мөс цөмөрч осолдсон дуудлагаар 35-45 градусын хүйтэнд 47 метрийн гүнд гурван хоног нийт 9 удаагийн шумбалт хийж, нэг хүний цогцсыг гаргасан бол хоёр автомашиныг Хөвсгөл нууранд шатахуун асгалгүйгээр татан гаргах ажиллагааг амжилттай гүйцэтгэхэд оролцсон.

Мөн хүчтэй цасан шуурганаар Хатгал тосгоноос есөн км-ийн зайтай Модот булан гэдэг газраас Хатгал тосгоны чиглэлд явж байгаад Хөвсгөл нууранд төөрсөн 13 автомашинтай 45 иргэнийг, мөсөн дээр баримжаагаа алдан төөрч явсан найман иргэний амь насыг аварч үүргээ амжилттай гүйцэтгэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

БНИУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Лаура Ботта Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Бүгд Найрамдах Итали улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон ирсэн хатагтай Лаура Ботта өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Хатагтай Лаура Боттаг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзаад, хоёр орны харилцааг өргөжүүлэхэд гол түлхэц үзүүлэх хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр ярилцлаа.

Монгол Улс аялал жуулчлалын бүс нутагт байрладаг ч хангалттай жуулчин хүлээн авч чадахгүй байгааг, мөн малын тоо толгой нэмэгдсэн ч боловсруулах үйлдвэрлэл хөгжихгүй байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч тодотгоод эдгээр салбарт амжилттай бодлого, менежмент хэрэгжүүлж буй Итали улстай хамтран ажиллах сонирхолтой буйгаа илэрхийлсэн юм.

Энэ хүрээнд Дархан хотод баригдаж буй Арьс шир боловсруулах үйлдвэр, аялал жуулчлалын бодлого зэрэг тодорхой төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхдээ Итали улсын менежмент, технологийг нутагшуулах асуудлаар талууд дэлгэрэнгүй ярилцлаа.

Мөн уулзалтаар ирэх онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг угтан соёлын болон бусад арга хэмжээг тэмдэглэх асуудлаар санал солилцов. Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Итали улсын Ерөнхийлөгч Сержко Маттареллад чин сэтгэлийн мэндчилгээ уламжилж, хатагтай Лаура Боттад ажлын амжилт хүслээ.

Categories
мэдээ нийгэм

ЕБС-ийн 43 мянган сурах бичгийг хуурамчаар мэдүүлэн, хилээр нэвтрүүлэхийг завджээ

Ерөнхий боловсролын сургуулийн 43 мянган ширхэг сурах бичгийг “дэвтэр” хэмээн мэдүүлж, хилээр нэвтрүүлэх гэснийг Замын-Үүд боомтын Хилийн мэргэжлийн хяналтын алба илрүүлжээ.

Тодруулбал, Монгол Улсын иргэн З нь аравдугаар сарын 22-ны өдөр БНХАУ-аас Замын-Үүд хилийн боомтоор Ерөнхий боловсролын сургуулийн VI дугаар ангийн 482 хайрцаг бүхий 43,060 ширхэг англи хэл, түүхийн хичээлийн сурах бичиг, хүүхдийн 12 нэр төрлийн тоглоомыг “ДЭВТЭР” нэртэйгээр хуурамчаар мэдүүлэн импортоор оруулж ирэхээр завдсаныг Хилийн мэргэжлийн хяналтын албаны эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч илрүүлэн шалгаж байна.

Эдгээр сурах бичгүүд “Очир пресс” ХХК-д хэвлэв” гэсэн шошготой хэвлэгдсэн байв. Тус компани нь БСШУЯ-тай сурах бичиг хэвлэх гэрээтэй бөгөөд хилийн хяналт шалгалтаас зайлсхийсэн, хуурамчаар мэдүүлсэн зөрчилд “Очир пресс” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авсан байна. Сургах бичгийг одоогоор гаалийн хяналтанд саатуулаад байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Намьяанжүгийн гудамжны гэрэл дохиогүй явган хүний хоёр гарцыг хаалаа

Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс явган зорчигчдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилтын хүрээнд шат дараатай олон арга хэмжээг зохион байгуулдаг. Тодруулбал, явган зорчигчдын аюулгүй байдлыг нүхэн болон гүүрэн гарц 100 хувь хамгаалдаг бол гэрэл дохиотой гарц 75 хувь хамгаалдаг байна.

Харин гэрэл дохиогүй явган хүний гарц явган зорчигчдын аюулгүй байдлыг 25 хувь хамгаалдаг аж. Иймд тус хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэр Намьяанжүгийн гудамж Улаанбаатар их сургуулийн урд талын гарц болон Шөнийн дэлгүүрийн урд талын явган хүний гэрэл дохиогүй хоёр гарцыг хаасан байна. Явган хүний гарц олон байх нь бус стандартын шаардлага хангасан байх нь иргэд та бүхний аюулгүй байдлыг хангадаг тул та бүхэн хөдөлгөөнд соёлтой оролцож, гэрэл дохиотой гарцаар үйлчлүүлж хэвшинэ үү.

Categories
мэдээ нийгэм

Их дээд сургуулийн удирдлагуудад туршлага солилцох уулзалт зохион байгууллаа

Их, дээд сургуулиудад сургалтын хөтөлбөрөөр дамжуулан хүний эрхийн боловсрол олгож буй байдал, сургуулиуд дахь жендэрийн эрх тэгш байдлын хэрэгжилтийн асуудлаар туршлага солилцож, сургалтын агуулга, нэр томъёо, ойлголтын зөрүүг нэгтгэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2019 оны 10 дугаар сарын 31-нд “Их, дээд сургуулиуд дахь хүний эрхийн боловсрол: Жендэрийн эрх тэгш байдал” сэдэвт туршлага солилцох уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг 20 их, дээд сургуулиудын захирал, сургалт, хөтөлбөр хариуцсан албаны дарга, менежерүүд оролцлоо.

Уулзалтыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, гишүүн П.Оюунчимэг нар нээж үг хэлэхдээ их, дээд сургуулиар дамжуулан олгож буй боловсролын хөтөлбөрт хүний эрхийн болоод жендэрийн бодлогын асуудлыг тусгах, улмаар хүний эрхийн мэдрэмжтэй, наад захын мэдлэг ойлголттой боловсон хүчин бэлтгэх нь улс орны хөгжилд ихээхэн хувь нэмэртэй, төдийгүй зайлшгүй хэрэгцээ шаардлагатай байгааг онцолж байлаа.

Их, дээд сургуулиудын удирдах ажилтнуудтай туршлага солилцох уулзалтаар “Дээд боловсролын тогтолцоон дахь хүний эрхийн боловсрол”, “Хүний эрхийн боловсрол: Жендэрийн эрх тэгш байдлын талаарх үзэл баримтлалыг дээд боловсролын сургалтын хөтөлбөрт тусгасан байдал”-ыг танилцуулж, хүний эрхийн боловсролын чиглэлээр их, дээд сургуулиудад хэрэгжүүлж буй сайн туршлага, тулгамдаж буй бэрхшээл, ХЭҮК болон их, дээд сургуулийн хамтын ажиллагааны хүрээ сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.

Categories
мэдээ нийгэм

2019 онд aврагч-гал сөнөөгчид 1034 хүний амь насыг аварчээ

Онцгой байдлын ерөнхий газраас 2019 оны эхний 10 сард улсын хэмжээнд гарсан обьектын болон ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын мэдээллийг гаргалаа.

Обьектын гал түймрийн нийт 3611 удаагийн дуудлага бүртгэгдэж, үүнээс гал түймэр унтраах аврах анги ажилласан 1396, зөрчил 2059, мэдээлэл 161 бүртгэгдсэн байна.

Гал түймрийн улмаас 9.4 тэрбум төгрөгийн хохирол учирч, 51 хүн нас барж, 63 хүн түлэгдэж гэмтэн 578 толгой мал хорогдож, 1452 гэр, орон сууц шатсан байна.

Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 1034 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 53.1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Гарсан гал түймрийн дуудлага, мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 19 хувиар өссөн ч учирсан хохирлын хэмжээ 37 хувь буурсан байна.

Харин улсын хэмжээнд гарсан ой, хээрийн гал түймрийн тохиолдлын хувьд 10 сарын байдлаар нийслэл Улаанбаатар хот, Архангай, Булган, Баян-Өлгий, Дорнод, Дорноговь, Дундговь, Дархан-Уул, Завхан, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий 14 аймгийн 54 суманд нийт 115 удаагийн ой, хээрийн гал түймэр гарсан.

Урьдчилсан байдлаар 50476.8 га ой, 261491.9 га хээрийн талбай, нийт 311969.7 га талбай түймэрт өртөж 13 байшин, 4 гэр шатсан байна. Түймрийн улмаас байгаль экологид 23.7 тэр бум төгрөг, түймрийг унтраахад 449.6 сая төгрөгийн зардал гарч, нийт 24.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Categories
мэдээ нийгэм

“Уул уурхайн салбарын хөгжилд-залуу инженерүүдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсын Засгийн газрын бүтээн байгуулалтын ажлыг залууст танилцуулах, тэдний санал санаачлагыг сонсох зорилгоор Ерөнхий сайдын ивээл дор “Залуу инженерүүдийн үндэсний чуулган”-ыг ирэх арваннэгдүгээр сарын 5-нд Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. “Залуу инженерийн үндэсний чуулган”-ыг угтаж өнөөдөр “Уул уурхайн салбарын хөгжилд-залуу инженерүүдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.

НАМЗХ-ноос зохион байгуулж буй уг чуулганаар аж үйлдвэр, эрчим хүч, зам тээвэр, мэдээлэл харилцаа холбоо, барилгын салбарын залуу инженерүүдийн хөгжлийн төлөөх үзэл бодлыг сонсож шийдвэр гаргах түвшинд хүргэхээрээ энэхүү хэлэлцүүлэг онцлог юм.

Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2019 оны есдүгээр сарын байдлаар 13,0 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1,7 их наяд төгрөгөөр өсч, нийт үйлдвэрлэлийн 73 хувь буюу 9,5 их наяд төгрөгийг уул уурхай, олборлох салбарын үйлдвэрлэл эзэлж буйг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү онцлов. Мөн улсын хэмжээнд нийт 770 мянган бүртгэлтэй ажилтан байгаагийн 8 хувь буюу 61 мянган ажилтан уул уурхай, олборлох үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байгааг хэлсэн үгэндээ тодотгосон. Үүний 4 мянга нь дээд боловсролтой инженерүүд аж.

Чуулганы үеэр УУХҮЯ-ны Уул уурхайн хэлтсийн дарга Б.Дэлгэржаргал “Төрөөс уул уурхайн салбарт баримталж буй бодлого, чиглэл”, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дотоод хяналт, мониторингийн албаны дарга Б.Мэндбаяр “Хариуцлагатай уул уурхай ба залуучуудын оролцоо” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэв. Мөн “Оюутолгой” ХХК-ийн Удирдлагатай тоног төхөөрөмжийн ахлах инженер Э.Төгөлдөр уул уурхайн салбар дахь дроны ашиглалт нэвтрүүлсэн талаар туршлага хуваалцсан бол “Багануур” ХК-ийн Технологийн автомашины хэсгийн инженер Э.Шинэбаяр шанага үйлдвэрлэх инновацийн төслөө танилцууллаа.

Уул уурхайн салбарын залуу инженерүүдийн хэлэлцүүлгээс гарсан илгээлтийг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар болсон. Уг илгээлтэд инновацийг дэмжих бодлогыг боловсруулж, салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, уялдаа холбоог хангаж, дэвшилтэт технологид суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатай байгааг дурджээ. Мөн хариуцлагатай уул уурхайг бий болгох, авьяасад суурилсан чадвартай инженерүүдийг бэлтгэх, дадлагажуулах ёстойг онцолсон байна.