Categories
мэдээ улс-төр

Р.Дагва НИТХ-ын даргаар сонголоо

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын ээлжит XXII хуралдаан өнөөдөр хуралдаж, шинэ НИТХ-ын даргаа сонголоо. НИТХ-ын дарга С.Амарсайхан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар сонгогдож, батламжлагдсан тул шинээр НИТХ-ын даргыг сонгох шаардлага үүссэн юм. Хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 69.05 хувь нь нэр дэвшигчийг дэмжсэнээр Р.Дагвыг НИТХ-ын даргаар томиллоо.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Р.Дагва:

Төрсөн он сар өдөр : 1966.11.03

Төгссөн сургууль : МУИС-2002, ИЗОУИС-2012, Удирдлагын академи-2015

Боловсрол, мэргэжил, Эрдмийн зэрэг цол : Дээд- Эрх зүйч, Магистр, Доктурант

Ажилласан байдал : МҮОНРТелевиз, НЗДТГ, СХД- ийн ЗДТГ

Гавъяа шагнал : Алтан гадас, Хөдөлмөрийн хүндэт медаль, Бусад одон медалууд

Сонгуульт ажил : МАН- ын Бага хурлын гишүүн, Нийслэлийн МАН-ын хурлын гишүүн, СХД- ийн МАН-ын хурлын тэргүүлэгч, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дах МАН-ын бүлгийн дарга

Categories
мэдээ нийгэм

“TOP 20” индекс 0.18 хувиар буурчээ

Монголын хөрөнгийн бирж өнөөдөр өдөр I, II, III ангиллын 23 хувьцаат компанийн 233,746,984 төгрөгийн үнийн дүн бүхий 532,363 ширхэг хувьцаа арилжигдсан байна. Үүнээс 5 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “АйТүүлс” ХК (ITLS+6.10%) болон “Женко Тур Бюро” ХК (JTB+5.88%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Жинст Увс” ХК (JIV-8.11%) болон “Сүү” ХК (SUU-2.04%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 1,350 ширхэг үнэт цаасыг 136,390,500 төгрөгөөр арилжаалагдсан байна. “TOP 20” индекс 0.18 хувиар буурч 20968.03 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,479,252,513,985.03 төгрөг боллоо.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хувь тэнцүүлсэн тэтгэврийг нэмэгдүүлэх хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Н.Амарзаяа, М.Билэгт, Г.Мөнхцэцэг, Н.Оюундарь, М.Оюунчимэг, Д.Оюунхорол, Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, Ц.Цогзолмаа, Б.Ундармаа, А.Ундраа нар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг санаачилж, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Хуулийн төсөлд хувь тэнцүүлсэн буюу бага тэтгэвэр авч байгаа эхчүүдийн тэтгэврийн хэмжээг бүрэн тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэх зохицуулалтыг тусгажээ.

1991 оны Тэтгэврийн хуулиар тэтгэвэрт гарах насанд хүрээгүй ч 4-өөс дээш хүүхэдтэй эхчүүд, улсад 27-гоос дээш жил ажилласан эмэгтэйчүүд, улсад 32-оос дээш жил ажилласан, 55 насанд хүрсэн эрэгтэйчүүд тэтгэвэрт гарсан билээ.

Улмаар дараа нь гарсан бусад хууль тогтоомжоор нөхөн олговор, хувь тэнцүүлсэн тэтгэвэр авах болсон ч тэтгэврийн хэмжээ нь харьцангуй бага тогтоогдсоор ирсэн юм. Тухайлбал, 1997 оны хоёрдугаар сараас өмнө хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон эхчүүдийн 87.5 хувь нь 2018 оны улсын дундаж тэтгэврээс бага тэтгэвэр авч байна.

Тиймээс эдгээр эхчүүдийн тэтгэврийг дор хаяж бүрэн тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэх нь зүйтэй гэж төсөл санаачлагчид үзжээ.

Ингэснээр өдгөө амьд сэрүүн байгаа 21.3 мянган иргэний тэтгэвэр 50.000-70.000 төгрөгөөр нэмэгдэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Зам, тээврийн хөгжлийн яам “Хариуцлагатай хэрэглээ – Хэрэглэгчийн эрхийн жил”-д нэгдэв

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва, холбогдох газрын дарга, мэргэжилтнүүд, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Иргэний нисэхийн ерөнхий газар, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Улаанбаатар төмөр зам” ХХН, “МИАТ” ХК-иудын “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах орон тооны бус салбар зөвлөлийн гишүүдтэй 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр уулзалт хийлээ.

Уулзалтаар Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” гэж, тус газраас “Хариуцлагатай хэрэглээ – Хэрэглэгчийн эрхийн жил” гэж тус тус зарласан ажлын хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран зам, тээврийн салбарын үйлчлүүлэгчдэд зориулан зөвлөмж, зөвлөгөө бэлтгэн гаргах, хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар хамтран ажиллахаар боллоо.

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, тус яамны “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах орон тооны бус салбар зөвлөлийн дарга С.Батболд: Зам, тээврийн салбараар үйлчлүүлэгчдэд зориулан 2018 онд авто вокзалуудад “Эх, нялхасын өрөө”-г тохижуулж ашиглалтад оруулсан, авто үйлчилгээний мэдээллийн цахим систем autobox.mn сайтыг бий болгосон гэх мэт ажлуудыг хийсэн, 2019 онд тус яамны “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах орон тооны бус салбар зөвлөлийн ажлын төлөвлөгөөг танилцуулж, цаашид Монгол Улсын хэмжээнд зам, тээврийн салбараар үйлчлүүлэгчдийн “ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ” талаар шинэлэг, үр дүнтэй ажлуудыг зохион байгуулж ажиллахаа илэрхийлэв.

Categories
мэдээ соёл-урлаг

Жүжигчин Б.Золзаяа: Итгэл бүсгүйн дүр бол ямар ч илүү хувиргалт үгүй дүр

Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын драмын эрдмийн театрын 2019 оны шинэ уран бүтээл болох “Бүсгүйн Зурвас” нийгмийн уянгын драм нь маргааш буюу гуравдугаар сарын нэгэнд нээлтээ хийх юм.Жүжгийн талаар болоод урлаг, уран бүтээлийнх нь тухай ярилцахааруг жүжгийн гол дүрийг бүтээсэн залуу уран бүтээлч Б.Золзаяатай ярилцлаа.

-Энэхүү уран бүтээл таны хэд дэх уран бүтээл вэ?

-Улсын драмын эрдмийн театрт орж ирснээс хойш хамгийн анх СТА Ч.Түвшин найруулагчийн “Жаргаагүй нар” түүхэн жүжигт “Борчулуун” бүсгүйн дүр, СТА Б.Хишигзаяа найруулагчийн “Царцаа намжил” хүүхдийн жүжигт “хулгайч эмгэний” дүр, СТА Ч.Түвшин найруулагчийн “Оддын өвчин” инээдмийн жүжигт “Диана” хэмээх бүсгүйн дүрүүд дээр тус тус ажиллаж байлаа. Одоо миний дөрөв дэхь уран бүтээл болох “Бүсгүйн зурвас” хэмээх энэ нийгмийн уянгын драмын жүжигт “Итгэл” гэдэг сэтгүүлч эмэгтэйн дүр дээр ажиллаад маргааш үзэгчидийн хүртээл болоход бэлэн болоод байна.

-“Бүсгүйн зурвас” гэх энэ жүжгийн гол дүрийн эзнээр шалгархад ямар сэтгэгдэл төрсөн бэ? Хэр айж, сандарч байв?

-Би өөрийгөө энэ гол дүр дээр ажиллана гэж төсөөлөө ч үгүй. Бид нар жүжгээ бусаддаа уншиж танилцуулдаг л даа. Тэгээд Н.Наранбаатар найруулагч “Шинэ жүжгээ хэн уншиж танилцуулах вэ” гэхэд нь “Би уншъя” гээд л хэлчихсэн. Ямар ч уран бүтээлч хүнд сайхан зохиол уншаад “Энэ гоё дүрд ажиллахсан” гэсэн хүсэл төрдөг. Үүн шиг зохиолоо уншиж байхад “Итгэлийн үр ямар гоё юм бэ. Энэ дүрдсонгогдохсон” гэж бодож байлаа. Зохиол уншиж дуусаад дүр танилцуулахад найруулагч маань “Архайгийн дүрд МУГЖ Б.Жаргалсайхан, СТА С.Болд-Эрдэнэ” гэлээ. Одоо Итгэл…зүрх түг түг гээд л. Тэгтэл найруулагч маань “Итгэлийн дүрд залуу уран бүтээлч Б.Золзаяа” гэсэн.Тэр үед секундын дотор мянган бодол бодогдсон. Одоо дүрээ авснаас хойш сар болж байна, хэр болсонг үзэгчид маань л хэлэх байх даа.

Итгэл хэмээх сэтгүүлч бүсгүйн дүрийг бүтээхэд бусад дүрээс тань юугаараа онцлог байв? Хүндрэлтэй зүйл их байсан уу?

-Миний бяцхан хүсэл бол өөрийгөө хувиргалгүй, яг л өөрийнхөө царай төрх, нас намбаар дүр бүтээж тоглохыг хүсдэг байсан. Өмнө өөрөөсөө эгчмид ч юм уу, эсхүл бүр хөгшин ч юм уу, тиймэрхүү дүрүүд дээр ажиллаж байсан л даа. Харин Итгэл бүсгүйн дүр бол ямар ч илүү хувиргалт үгүй сайхан дүр байсан. Мөн сэтгүүлч гэдэг энэ том мэргэжлийг яаж зөв илэрхийлэх үү, яаж энэ дүрийг бүтээх үү гэдэг талаар маш олон эрэл хайгуул, судалгаа хийсэн. Учир нь сэтгүүлч хүний хэлж ярьж байгаа үгэнд иргэд итгэж, үнэн зөв мэдээллийг тэднээс л хүлээдэг. Тийм болохоор сэтгүүлч гэдэг хүн ямар ёс суртахуун, ёс зүйтэй байх ёстой юм? Яг энэ бүхнийг харуулахыг зорьсон. Ер нь үнэний төлөө явж байгаа сэтгүүлч эмэгтэйн дүр.

-Хамт олны тань зүгээс хэр их туслалцаа, дэмжлэг үзүүлсэн бэ? Анхны гол дүр чинь шүү дээ?

-Хамт олны тусламж, дэмжлэг мэдээж байлгүй л яахав, тэдэндээ их баярлаж явдаг. Ялангуа Н.Наранбаатар найруулагч маань маш олон зүйлийг хэлж, зааж өгсөн. Ухаантай хүний үг үнэхээр агуу байдаг юм билээ. Найруулагчийнхаа хэлснээр олон зүйлийг судалж, хайж, сурч мэдэж авсан.

-Дүрээ сэтгэлдээ тултал, итгэл дүүрэн бүтээж чадсан уу?

-Би дүр бүтээж байна, бүтээнэ гэж ярьж чадахгүй ээ. Цагааны Цэгмэд гуай гэдэг мундаг хүн ч тэгж яридаггүй юм гэсэн. Энэ дүр дээр ажиллах хугацаанд маш олон хүндрэлтэй зүйлүүд тулгарсан. Маш их зүйлийг сурч, мэдэж байгаа ч чадахгүй зүйл бас байна. Бүх юмийг төгс хийдэг хүн гэж угаасаа байхгүй шүү дээ. Тэрэнтэй адил яг л алдаатай оноотой мөчүүд их байсан. Өөрийнхөө хувьд дүр дээрээ яаж ажилласанаа гадарлаж байгаа ч гэсэн, үзэгчидийн санал, шүүмж хэр их ирэх бол тэрийг л хүлээж байна.

– Жүжгийн утга агуулгаас товч тодорхой яривал?

-Төрийн түшээ хүнтэй сэтгүүлч эмэгтэй хөрөг ярилцлага хийхзорилгоор гэрт нь ирнэ. Ярилцлага тал дундаа орж байх үед гэрт нь гэнэтийн зочид ирэх болсны улмаас ярилцлагаа маргааш нь үргэлжлүүлэхээр тохирно. Маргааш нь сэтгүүлч сайдын гэрт очиход өчигдөр өөртэй нь уулзсан тэр хүн төрөл арилжсан мэт өөрчлөгдсөн байна.Ингээд л Архай сайдын харилцаа хандлага, ярьж хэлсэн бүрийн алинд нь чухам “ҮНЭН” оршиж байгаа нь мэдэгдэхгүй болно. Эндээс л нууц, үнэн бүх юм эхлэнэ дээ.

-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

М.САЙНЗАЯА

Categories
энтертаймент-ертөнц

“Alita: Battle angel” киноны “гол дүрд” уран нугараач О.Уугантуяа тогложээ

Жэймс Камероны зохиол Холливудын уран бүтээлчдийн “Alita: Battle angel” адал явдалт, уран зөгнөлт кино саяхан нээлтээ хийсэн. Тус киноны найруулагчаар Роберт Родригоз ажилласан бөгөөд гол дүрд жүжигчин Роза Салазар тоглосон юм. Тэгвэл гол дүрийн орлон тоглогчоор АНУ-д амьдарч, ажилладаг монгол уран нугараач О.Уугантуяа ажиллажээ. Тэрбээр Сиднейн дуурийн театрт ажилладаг бөгөөд өмнө нь “The Greatest showman” кинонд туслах дүр бүтээж байжээ.


Categories
мэдээ нийгэм

Орон нутагт гэмтлийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулна

“Орон нутагт гэмтэл согогийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах” төслийн нээлт Өвөрхангай аймагт болж байна. Төслийн нээлтэд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон бусад албаныхан оролцлоо. Тус төслийг Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/ санаачилан Эрүүл мэндийн яам болон Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношлогоо эмчилгээний төвтэй хамтран хэрэгжүүлж байгаа юм.Орон нутгийн эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж сайн туршлага, шинэ инновацийг орон нутгийн эмчилгээнд нэвтрүүлж сургалт арга зүйгээр хангаж ажиллах зорилготой энэхүү төслийг ирэх зургаадугаар сар хүртэл хэрэгжүүлэх юм.

Энэхүү төслийг хэд хэдэн үндэслэл шалтгаанаар орон нутагт хэрэгжүүлж байгаа юм. Тухайлбал, ГССҮТ-өөр хэвтэн эмчлүүлэгсдийн 40 хувийг орон нутгаас ирсэн үйлчлүүлч эзэлдэг.
Тодруулбал, ГССҮТ-ийн яаралтай тусламжаар жилд дунджаар 91600 иргэн үйлчлүүлдгээс 12324 буюу 13.5 хувийгорон нутгийн иргэд эзэлж байна. Энэ тоо жилээс жилд нэмэгдэх хандлагатай байгаа нь төслийг санаачлан хэрэгжүүлэх нэг үндэслэл болжээ. Үүнээс гаднаГССҮТ-д үйлчлүүлж буй орон нутгийн иргэдээс Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн харьяа аймгуудын үйлчлүүлэгчид эхний гурван байрт багтдаг байна. Ийнхүү орон нутгаас гэмтэл согогын тусламж, үйлчилгээ авч байгаа иргэдийн тоо нэмэгдэж буйтай холбоотойгоор эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмж, шинэ технологийг орон нутагт нэвтрүүлэх шаардлага гарч буйг албаныхан онцолж байна.

Зургаан сарын хугацаанд хэрэгжүүлэх энэхүү төслийн хүрээнд сүүлийн үеийн нотолгоонд суурилсан удирдамж журмыг баримтлан ур чадварыг нэмэгдүүлэх сургалтадбүсийн оношлогоо эмчилгээний төвийн эмч, мэргэжилтнүүдийг хамруулах юм. Мөн анагаах ухааны эмчилгээний орчин, шинэ технологийг нэвтрүүлж орон нутгаас ирж үйлчилгээ авч байгаа иргэдийн урсгалыг багасгаж, цаг хугацаа, эдийн засгийн хувьд хэмнэлттэй байх нөхцөлийг бүрдүүлэх зорилт дэвшүүлжээ.

Төслийг хэрэгжүүлж дууссаны дараа хэд хэдэн үр дүн гарна гэж тооцсон байна. Тухайлбал, БОЭТ-ийн гэмтэл согогын тусламж үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэж гэмтлийг цаг алдалгүй оношлож, эмчлэх боломжтой болно гэдгийг албаныхан онцлов. Мөн бүсийн оношлогоо эмчилгээний төвийн өрсөлдөх чадвар нэмэгдэхээс гадна ГССҮТ-ийн эмчилгээ үйлчилгээг, бүсийн оношлогоо эмчилгээний төвд нэвтрүүлж иргэдэд үйлчилгээг ойртуулахаас гадна орон нутгийн эмч, мэргэжилтнүүд ажлын байран дээрээ хөгжих боломж бүрдэх юм байна. Хамгийн гол нь бүсийн оношлогоо эмчилгээний төвийн эмч, мэргэжилтний ур чадвар, мэдлэг сайжирч төвийн хэмжээнд хийдэг мэс ажилбаруудыг орон нутагтаа хийж, нас баралтыг бууруулах юм..

Тус төслийн хүрээнд үндсэн гурван чиглэлийн хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөөд буйг нээлтийн үеэр дуулгалаа. Тодруулбал, эмчлэх хүний нөөц, тоног төхөөрөмж, мэс заслын блок, гэмтлийн тасгийн зарим палатыг засварлан шинэчлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг ГССҮТ, Өвөрхангай аймгийн БОЭТ хамтран ЭМЯ болон холбогдох төрийн байгууллагуудын оролцоотойгоор шийдвэрлэхээр төлөвлөжээ.

Өвөрхангай аймгийн БОЭТ хүний нөөцийн чадамж болон газарзүйн байршлийн хувьд төсөл хэрэгжүүлэхэд боломжтой гэж үзэн тус аймгийг сонгосон байна. Тус аймгийн БОЭТУлаанбаатар хотоос 420 км зайд оршдог бөгөөд баруун бүсийн хөгжлийн тулгуур төв, баруун дөрвөн аймаг дамжин өнгөрдөг хатуу хучилттай замтай тул эмчилгээ үйлчилгээг хөгжүүлэхэд тохиромжтой гэж үзсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Мансуурлын эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн Коломбо хөтөлбөрийн сургалт боллоо

2018 онд эхлүүлж байсан Коломбо хөтөлбөрийн гурав дахь удаагийн сургалтыг АНУ-ын Төрийн департмент, Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн санхүүжилтээр 2019 оны хоёрдугаар сарын 18-ний өдрөөс 26-ыг дуустал амжилттай зохион байгуулж дууслаа. “Коломбо хөтөлбөр” нь Дэлхийн 47 орныг эгнээндээ нэгтгэсэн Мансуурлын эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн Олон улсын хөтөлбөр юм. Уг хөтөлбөр нь суурь түвшний 8 курс, ахисан түвшний 22 курстэй. Энэ оны тавдугаар сард үлдсэн 1 модул(UTC4) сургалтыг зохион байгуулснаарсуурь түвшний бүх сургалтыг Монгол улсад албан ёсоор нэвтрүүлж дуусна. Үүний дараа ахисан түвшний сургалтыг эхлүүлэх боломж бүрдэнэ.Коломбо хөтөлбөрийн сургалтанд ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын 2 албан хаагч, Хууль сахиулахын их сургуулийн 1 багш, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2 шинжээч, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 12 эмч, мэргэжилтэн, Нийслэлийн наркологийн эмнэлэгийн 1 эмч, Нийслэлийн 28 дугаар сургуулийн нийгмийн ажилтан, 47 дугаар сургуулийн сургалтын менежер зэрэг олон мэргэжлийн төлөөлөл оролцож байна.Үндэсний сургагч багшаар бэлтгэгдэж буй 21 мэргэжилтэнцаашид Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт Олон улсны хөтөлбөрөөр Үндэсний сургагч багш нарыг шат дараатай бэлдэх зорилт тавин ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

MOMO анхааруулга: Эцэг эхчүүдэд зөвлөмж

Олон нийтийн сүлжээнд хүүхдүүдтэй харьцаж, тэднийг өөрийгөө гэмтээх, буруу үйлдэл хийх, амиа хорлох гэх мэтэд уруу татаж байгаа гэх Момо хэмээх дүрсийн тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байна.

Categories
мэдээ улс-төр

Элчин сайд Kанадын уул уурхайн ассоциацийн тэргүүн дэд ерөнхийлөгчтэй уулзав

Элчин сайд Я.Ариунболд Канадын Уул уурхайн Ассоциацийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч Бен Чалмэрстэй уулзаж уул уурхайн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцов.Канадын Уул уурхайн Ассоциациас 2004 онд санаачлан боловсруулж хэрэгжүүлсэн Тогтвортой уул уурхайн төлөө үйл ажиллагааны үнэлгээний системийн талаар танилцуулав. Энэхүү системийг холбооны гишүүд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд одоогоор 5 улсад өөрийн онцлогийг тусган нутагшуулан ажиллаж байгаа талаар мэдээлэл өгөв. Цаашид хоёр орны уул уурхайн холбоодын хамтын ажиллагааг тогтоох, Тогтвортой уул уурхайн төлөө үйл ажиллагааны үнэлгээний системийн нутагшуулах боломжийг судлах чиглэлээр ажиллахаар тохиров.