Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Одонтуяа: Монгол-Японы эдийн засгийн хамтын ажиллагаа эхэлсэн үеийн аавын минь сонирхолтой дурсамж

УИХ-ын гишүүн, Салдангийн Одонтуяа

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар манай улсад айлчилж байгаатай холбогдуулан нэгэн сэтгэлд хоногшсон түүхийг та бүхэнтэйгээ хуваалцахыг хүсэж байна.

Миний аав Д.Салдан Монгол-Японы эдийн засгийн хамтын ажиллагааг өнөөгийн түвшинд хүрэх үндсэн суурийг тавилцсан анхдагчдын нэг бөгөөд тухайн үед Гадаадтай эдийн засгийн талаар харилцах Улсын хороон дарга, Монгол Улсын Төрийн сайдаар ажиллаж байсан юм.

Аав маань Монгол-Японы эдийн засгийн хамтын ажиллагааг үүсгэн хэрэгжүүлсэн түүхэн зурвас (1973-1985) номыг хурдан редакторлаад өгөөрэй гэхэд нь би аминдаа их л хариуцлагатай, хэцүү ажил байгаа даа гэж дотроо айж, зүрхшээн бодож билээ. Тэгээд зориг гарган номын хуудсыг нэг нэгээр нь нямбайлан уншиж эхэлсэн. Гэтэл унших тусам аавын минь үг, бодол, амьдралын ухаан аль хэдийнээ төгөлдөр болж, зөвхөн компьютерт шивэх явцад гарсан ганц нэг үсгийн алдаанаас өөр засах зүйл огт байгаагүй юм.

Би оюутан ахуй цагаасаа эхлэн аавынхаа бичиг цаасны ажилд нь туслах, хамтран оролцох их дуртай байлаа. Тиймдээ ч аавынхаа улс эх орондоо зориулан хийж бүтээсэн ажил үйлсийг нь хангалттай сайн мэднэ гэж бодож, өөртөө итгэдэг байсан юм. Гэвч энэ номыг унших явцад надад огт мэддэггүй, төсөөлж ч байгаагүй олон түүхэн баримт, нарийн ширийн үйл явдалтай нүүр тулсан нь үнэхээр сонирхолтой байлаа. Ялангуяа Монгол, Японы харилцааны хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж байсан болон одоо ч ажиллаж буй хүмүүс төдийгүй, энэхүү түүхийг судалдаг эрдэмтэн судлаачид, түүхчид, оюутан сурагчдад ч хэрэг болохуйц үнэн бодит түүхийг аав минь маш нягт нямбай бичиж, дүгнэж цэгнэсэн нь бахархам санагдсан юм.

Аав маань Монгол-Японы эдийн засгийн харилцааны эхлэлийг тухайн цаг үеийн амаргүй нөхцөлд биечлэн санаачилж, хэрэгжүүлж, бодитой хувь нэмэр оруулсан хүн. Тиймдээ ч тэрээр бахархах зүйл ихтэй атлаа, гоморхож гомдоллох ч юмтай байжээ гэдгийг энэхүү номоос уншихад тодхон мэдрэгдэнэ.

Д.САЛДАН: ЭНЭХҮҮ ТОВХИМЛЫГ НИЙТЛЭХ БОЛСОН ШАЛТГААН

Ийнхүү аавынхаа номын жаахан хэсгээс бид хэрхэн Япон улстай хэлэлцээ хийж дипломат харилцаа тогтоосон тухай та бүхэндээ хүргэж байна.

Нэгд: Бараг хөрш гэж хэлж болохоор Монгол, Япон хоёр орны хооронд урьд нь аль ч хэлбэрийн эдийн засгийн хамтын ажиллагаа байгаагүй бөгөөд, зөвхөн 1972 оны 2-р сарын 24-нд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 2 жил шахам хугацаа өнгөрсний дараа буюу миний санаачлан боловсруулж засгийн газраараа зөвшөөрүүлж, Японы талд өгүүлсэн “Монгол-Японы эдийн засгийн хамтын ажиллагааг үүсгэн хөгжүүлэх Монголын талын санал” гэсэн нэр бүхий албан ёсны Ноот бичгийг өгсөн 1974 оны 1-р сарын 31-ний өдрөөс Монгол-Японы эдийн засгийн хамтын ажиллагаа эхэлсэн нь түүхэн үнэн билээ.

Хоёрт: Тухайн үед анх удаа «хөрөнгөтөн» гэгдэх оронтой, тухайлбал Японтой эдийн засгийн харилцаа тогтоож хамтран ажиллах нь манай улсын хувьд цоо шинэ зүйл байлаа. Манай улс урьд нь аль ч хөрөнгөтөн оронтой эдийн засгийн хамтын ажиллагааны үндсэн хэлбэр болох зээл авах, үйлдвэр барих, хамтарсан хөрөнгө оруулалт хийх гэх мэтийн үйл ажиллагаа явуулж ирээгүй бөгөөд энэ талын ямар ч туршлагагүй байв. Тэр тусмаа эл үйл явц улс төрийн байдлын хувьд түүхийн нэлээд онцлог цаг үед эхэлсэн бөгөөд хоёр талын ихээхэн өвөрмөц байр суурьтай нөхцөл байдлын дунд өрнөн гарч ирсэн юм. Энэ нь хоёр талын аль алинд нь цоо шинэ хандлага, хэлбэр, агуулга бүхий нарийн төвөгтэй сонирхолтой үйл ажиллагаа байлаа. Энэ үед намайг Японы асуудлыг дагнан эрхлүүлэхээр албан ёсоор тохоон томилсон онцгой нэгэн болсон юм. Цэдэнбал дарга: “Япон бол хөрөнгөтөн орон. Бид өдийг хүртэл нэг ч хөрөнгөтөн оронтой жинхэнэ ёсны эдийн засгийн хамтын ажиллагаа явуулж байгаагүй, тийм туршлага байхгүй. Иймд зөвхөн нөхөр Салданг Монголын талаас Япончуудтай албан ёсоор уулзах, яриа хэлэлцээ хийх хүнээр дагнан тохоож шийдэх нь зүйтэй” гээд 1973 оны 3-р сарын 15-нд 61-р тусгай тогтоолыг гаргаж намайг Монгол-Японы эдийн засгийн харилцааны асуудлыг дангаар эрхлэн явуулж байхаар шийдвэрлэсэн билээ. Ингээд л миний бие Монгол-Японы эдийн засгийн хамтын ажиллагааны анхны салхийг хагалагч болсон бөгөөд энэ асуудлаар Монгол улсаа төлөөлсөн “Бүрэн эрхт-Элч” болсон юм. Манай Ноот бичгээс хойш уг үйлдвэрийг барьж дуусган ашиглалтад өгөх хүртэл даруй 7 жил 9 сар гаруй үргэлжилсэн нэлээд урт хугацааны хэлэлцээ, тохиролцооны үр дүн, шинэ загварын үйл ажиллагаа байснаараа онцлогтой юм.

Гуравт: Монгол-Японы хамтын ажиллагааны энэхүү эхлэлийн үед бидний зүгээс маш чухал объектыг сонгон авч, маш чухал шийдвэр шийдлүүдийг гарган, амжилттай хэрэгжүүлснээрээ онцгой ач холбогдолтой билээ. Ийнхүү хамтран ажилласан дэлгэрэнгүй түүх зураглал нь тус хоёр орны хамтран ажиллагаа эхэлсэн жинхэнэ түүх юм. Чухамхүү миний энэ номын гол агуулга нь үүнд оршино.

Монгол-Японы засгийн газрын хэлэлцээрт 1977 оны 3 сарын 17-нд Улаанбаатар хотноо Монголын талаас ГЭЗХУХ-ны дарга БНМАУ-ын сайд Д.Салдан, Японы талаас Япон улсаас БНМАУ-д суух элчин сайд И-Цуге нар гарын үсэг зурж бичиг баримтаа солилцож байгаа нь


Монгол-Японы эдийн засгийн хамтын ажиллагааг эхлүүлэх тулгын чулуу болохоор заяагдсан, “Ямааны ноолуур, тэмээний ноос боловсруулж бэлэн эдлэхүүн гаргах үйлдвэр” гэсэн төгс нэртэйгээр хэлэлцээрт орж шийдэгдсэн, Япон Улсын Засгийн газрын буцалтгүй хөрөнгийн оролцоотойгоор, Монголын барилгачдын хүчээр Улаанбаатар хотноо барьж байгуулагдсан энэ гайхамшигт үйлдвэр бол эдүгээ бидний сайн мэдэх “Говь комбинат” билээ.

Одоогийн бидний мэдэх Говь ХК-ийн үйлдвэрийн төслийн эцсийн шийдвэрлэх хэлэлцээг Элчин сайд И.Цугетэй 1975 оны 7-р сараас 1976 оны 11-р сар хүртэлх хугацаанд хийв. И.Цугетэй миний бие 1-рт: Японы Засгийн газраас өгөх буцалтгүй хөрөнгийн хэмжээг эцэслэн тохирох, 2-рт: Монголын талын шийдсэнээр тэрхүү хөрөнгөөр гагцхүү ямааны ноолуур, тэмээний ноос боловсруулах үйлдвэрийг нэг үйлдвэр болгон барих 2 асуудлыг эцэслэн шийдэх зорилт тавьж ажиллав.

Элчин сайд И.Цугетэй олон удаа уулзаж бүтэн нэг жил 4 сарын туршид ярилцсаны эцэст объектын хувьд эцэслэн тохирсон хэдий ч харин тэрээр буцалтгүй хөрөнгийн хэмжээ одоогоор 3.1 тэрбум иен хэвээрээ байгаа гэсээр байв. 1976 оны зун 7-р сарын эхээр би Элчин сайд Цугег гэргийн хамт хээр гарч мөөг түүе гэж өөрийн гэргий, охидууд С.Энхтуяа, С.Оюунтуяа, С.Одонтуяагийн хамт урилаа. Тэд урилгыг дуртайяа хүлээн авав. Ингээд бид Шархайн хөндийн чиглэлд Улаанбаатараас 60 км-ийн зайтай “Мөөгөн толгой” гэдэг газар очлоо. Зуны нартай сайхан өдөр таарлаа. Бид тэнд жинхэнэ Монголын бор толгодын дунд майхнаа босгож, зугаатай сайхан амарцгаав. Бид мөөг түүж, пикник хийж наргиж амарцгаалаа. Гол нь аз болж тэр үед тэнд мөөг маш элбэг байлаа. Япончууд цагаан мөөгөнд их дуртайг бид мэднэ л дээ. Элчин сайд, гэргийн хамт цагаан мөөг нэлээд их түүгээд сэтгэл өндөр байлаа.

Би нар жаргах дөхсөн үед Элчин сайдыг довын цаана мөөг түүж жаахан тусгайдаа сууя гэж дагуулж яваад өмнө нь төлөвлөж байсан зүйлээ сэтгэлийн хөөрлөөр сайхан ярьж авах боломжтой боллоо. Би: “Танай амлаж байгаа энэ 3.1 тэрбум иен чинь тэр ямааны ноолуур, тэмээний ноосны үйлдвэрийг барихад яагаад ч хүрэлцэхгүй, бид тооцож үзсэн, үүнийг наад зах нь 5.0 тэрбум иен хүргэх хэрэгтэй байна” гэж өнөө өмнөх хүсэлтээ давтан хэлж, “Ноён Салдан энэ саналаасаа огт ухрахгүй байна. Бас ч үндэстэй юм шиг байна. Ингэхгүйгээр хэлэлцээр байгуулагдаж чадахгүйд хүрч мэднэ гэж өөрийн эрх бүхий дээд газар, хүмүүстээ та очиж уулзан мэдэгдээч” гэж найз нөхрийн журмаар гуйлаа. “Ер нь хоёулаа энэ асуудлыг ийнхүү шийдээд зүйл дуусгамаар байна” гэж ч нэмж хэлэв.

Д.Салдан, гэргий Чимэддолгор, Элчин сайд И.Цуге гэргийн хамт Их Тэнгэрийн амны Засгийн өргөөний дэргэд Засгийн газрын Хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа, Улаанбаатар хот 1977 он


Элчин сайд Цуге энэ яриаг маш анхааралтай сонсоод эцэст нь: “Би танай асуудлыг үргэлж дэмжсээр ирсэн. Ер нь бүхий л талаар дэмжиж, нааштай шийдүүлэх талаар ажиллана” гэлээ. Цуге бол их хүнлэг, өндөр соёлтой, Монголчуудад их элэгтэй хүн байсан. Их шударга, тууштай зарчимч дипломат, тэгсэн мөртлөө эелдэг зөөлөн зантай, үргэлж инээмсэглэж, дуу алдаж инээдэг сайхан хүн байлаа. Ийм ч учраас би түүнд гүнээ итгэж, найдаж байв. Тэрээр үүний дараахан буюу 7-р сарын эхээр Токио явсан билээ. 1976 оны 7 дугаар сарын 14-нд Элчин сайд Цуге Токиогоос буцаж ирмэгцээ надтай ирж уулзан ихэд сэтгэл өндөр доорх зүйлийг мэдэгдэв: “Би таны санал хүсэлт, үндэслэлийг Токиод Ерөнхий сайд Мики, ГЯЯ-ны сайд Мияазава, Сангийн сайд Охира нарт биеэр танилцуулж, дэмжихийг ихэд хүссэн. Үүний үр дүнд өмнө нь яригдаж байсан 3.1 тэрбум иенийг Японы Засгийн газраас таны хүсэлтийн дагуу 5.0 тэрбум иен болгохоор шийдвэрлэлээ.

Ийнхүү Элчин сайд Цуге биечлэн Токио явж манай хүсэлтийг зөвшөөрүүлж, амласан зүйлээ бүрэн биелүүлсэн дээ.

Ийнхүү 1977 оны 3-р сарын 17-нд “Японы Засгийн Газар БНМАУ-ын Засгийн газарт 5.0 тэрбум иений буцалтгүй хөрөнгө олгож, түүний оролцоотойгоор Улаанбаатар хотноо, ямааны ноолуур, тэмээний ноос боловсруулах үйлдвэр байгуулах тухай” Монгол-Японы Засгийн газрын Хэлэлцээр байгуулагдаж, түүнд Монголын талаас Гадаадтай эдийн засгийн талаар харилцах Улсын Хорооны дарга, сайд Д.Салдан миний бие, Японы талаас Японы Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Итари Цуге нар Улаанбаатар хотноо гарын үсэг зурав.

Үүгээр бидний үүсгэн санаачилж 5 жил шахам хугацааны туршид зүтгэж, чухал ур дунд хүргэсэн Монгол-Японы эдийн засгийн хамтын ажиллагааны эхний тодорхой нэгэн үеийн үйл ажиллагаа амжилттай дууссан билээ.

Миний бие Япон хүмүүстэй анх удаа хэлэлцээний ширээний ард сууж үзэж, олон сар жилээр хэлэлцээ, уулзалт хийхдээ мэдсэн, мэдэрсэн хэдэн зүйл бол япон хүн маш ухаалаг, туйлын зарчимч, туйлбартай, өөрөөр хэлбэл хэлж, мэдэгдэж байгаа зүйл нь нэг мөрийн нэгэн утга санаа, бодлыг агуулсан, хэлж тохирсон зүйлээ хэзээ ч эргэн өөрчилж хөрвүүлдэггүй, аргалах гэсэн санаа бодолгүй хүмүүс юм гэдгийг алхам тутамдаа мэдэрч тэдэнтэй харилцаж байхдаа дотоод эргэлзээгүй болсон явдал билээ.

Япон хүмүүс бол их нөхөрсөг, хамтарч ажиллаж байгаа хүнээ ихэд хүндэтгэдэг, түүндээ их итгэл өгч, сэтгэл санааны сайхан агаар амьсгалыг бий болгодог. Миний ойлгосноор эдгээр чанар бол их зүйлийг үзсэн, их замыг туулсан, жинхэнэ бизнес, ажил хэрэгч хүмүүсийн үнэт чанар болов уу. Төлөөлөгчдийн тэргүүн ч бай, ГЯЯ-ны газрын дарга ч бай, Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдууд ч бай, ердөө бидэнд ямар нэгэн ихэмсэг зан гаргадаггүй мэдэмхийрч, дайрч давшилдаггүй маш хүмүүнлэг, даруухан хүмүүс байдаг юм билээ.

 

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Цемент бол Стратегийн онцгой ач холбогдол бүхий бүтээгдэхүүн, Монголын төр засаг онцгой салбараа дэмждэггүйг гайхаж байна

Дэлхийн хамгийн том барилгын материал үйлдвэрлэгч LafargeHolcim группын дэд ерөнхийлөгч асан, мөн БНСУ-н Сампёо цемент үйлдвэрийн дэд ерөнхийлөгч Kim Jung Rak Монголын Эдийн засгийн форум болж байгаа энэ цаг үед Монголын цемент үйлдвэрлэлийн салбарыг судлахаар ирсэнтэй таарч богинохон яриа өрнүүлснийг хуваалцаж байна.


-Та манай уншигчдад өөрийгөө товчхон танилцуулаач?

-Намайг Ким ЖунгРак гэдэг. Би цемент үйлдвэрлэлийн салбарт амьдралынхаа ихэнх хэсгийг зориулан ажилласаар ирсэн. Цемент болон барилгын материал үйлдвэрлэлээрээ дэлхийн 80 гаруй улсад үйл ажиллагаагаа явуулдаг ЛафаржХолцим группын олон улс дахь салбар үйлдвэрүүдэд техник хариуцсан дэд ерөнхийлөгч, үйлдвэрлэлийн ерөнхийлөгч, гүйцэтгэл хариуцсан ерөнхийлөгч гээд олон албан тушаал эрхэлж байсан. Энэ салбартай амьдралаа холбосон мөн Монголд хамт ажиллаж байсан танилууд маань байдаг учраас Монголын цемент салбарыг сонирхон ирээд байна.

-Таны бодлоор Монголын цемент үйлдвэрлэлийн салбар ямар түвшинд байна вэ?

-Саяхан тавдугаар сард Цемент экспо арга хэмжээ зохион байгуулагдсан талаар World Cement сэтгүүлд гарсан байсан.

Түүнээс харахад 2.2 сая тонн орчим хэрэглээтэй, гэхдээ 7 үйлдвэр байгаа талаар харсан. Сонирхолтой нь энэ 7 үйлдвэрийн нэг нь БНХАУ-н CNBM группын салбар үйлдвэр юм байна. Харин том хүчин чадалтай үйлдвэрүүд дундаас хоёр нь хувийн хэвшил, нэг нь төрийн өмчит гэж ойлголоо. Ихэнх нь хуурай аргын буюу дэвшилтэт технологи нэвтрүүлж чадсан байна.

-Харин зах зээлийн хувьд та юу гэж харсан бол?

-Монгол Улс хоёр том хөршийн дунд хавчуулагдан оршиж, далайд гарцгүй, тээвэр логистикийн томоохон асуудалтай гэдгээр нилээд хүндрэлтэй байдаг юм байна. Зах зээлийн хувьд хэрэглээ дөнгөж 2.2 сая тонн, энэ бол олон улстай харьцуулахад маш бага тоо л доо. Жишээ нь миний ажиллаж байсан Малайз улсад гэхэд жилийн цементийн хэрэглээ 27 сая тонн буюу 10 дахин том багтаамжтай зах зээлтэй, 11 цементийн цогц үйлдвэр, 7 тээрмийн цехтэй. Монголтой харьцуулшгүй.

Хөгжиж буй орон гэхэд харин үйлдвэрүүд нь хөгжлийн түвшин сайн байна гэж харлаа. Нөгөөтээгүүр, тээвэр логистик, тогтворгүй бодлого шийдвэр их байдаг талаар олон хүмүүстэй уулзахад дуу нэгтэй ярьж байна.

-Та сая тогтворгүй бодлого шийдвэр гэлээ, энэ ямар бодлого шийдвэрийг хэлж байна?

-Цемент гэдэг бол бүх улс орны хувьд стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн байсаар ирсэн. Хөгжихийн тулд дэд бүтэц хэрэгтэй. Үүний гол орц мэдээж цемент. Жишээ нь, манай БНСУ-д 30 жилийн өмнө үйлдвэрлэл яг ид хөгжиж эхэлж байлаа. Энэ үед цементийн үйлдвэрийг төр засгаас бодлогоор шууд хамгаалж, дэмждэг байсан. Тоног төхөөрөмжийн татварын хөнгөлөлт, маш бага хүүтэй зээл, импортын аюулаас хамгаалах бодлого гэх мэт үе шаттай бодлого авч хэрэгжүүлсний эцэст өнөөдөр манай улс бол цемент үйлдвэрлэл дэлхийн хэмжээнд хөгжсөн. Ганц цемент гээд зогсохгүй цемент орсон олон бүтээгдэхүүний төрөлжилт хийж ондоо түвшинд хүрсэн л дээ.

ОХУ-д би бас ЛафаржХолцим группын тэндэх үйлдвэрийн ерөнхийлөгчөөр 2012-2014 онд ажиллаж байсан юм. Тухайн үед ОХУ-н үйлдвэрүүд бүгд хуучирсан нойтон аргын технологитой, хөгжил маш удаан байсан. Энэ үед Лафарж-н зүгээс үйлдвэрүүдийг хуурай аргын болгох дэвшилтэт технологи нэвтрүүлэхээр болоход ОХУ-н дум бүх төрлийн дэмжлэгийг үзүүлж, эргээд үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах бодлого явуулсан. Сая Монголд ирэхэд хүмүүс хэлж байна л даа, ОХУ руу зарим Монголтой хил залгаа нутаг руу цемент экспортлоход их хэцүү байна гэж. Хэцүү байх нь аргагүй ээ, ОХУ бол дотоодын зах зээлээ хамгаалдаг, үйлдвэрлэгчдийнхээ төлөө гэсэн асар том бодлоготой гүрэн.

Харин Монголын зах зээлийг харахад төрийн тогтворгүй байдал, бодлого шийдвэрүүд нэг л хөгжлийнхөө бодлогын эсрэг яваад байх шиг.

Цемент экспо үеэр World cement дээр гарсан нийтлэлийг уншиж байхад импортын цементийн тарифыг бууруулах эсвэл чөлөөлөх гэнэтийн бодлого шийдвэр гаргадаг гэсэн байсан. Ирээд тодруулахад үнэхээр тийм байна. Энэ бол маш буруу бодлого буюу үйлдвэрлэгчдээ намнах л бодлого шүү дээ. Цаашлаад энэ нь үнийн хэт унагалт буюу price dumping болж, үйлдвэрүүд оршин тогтнох боломжгүй байдалд хүрнэ. Яаж ийм төр засгийн бодлого байж болдог юм бол л гэж бодож байна. Ажаад байхад Монголын дарга цэрэг нар хуучин нийгмийнхээ дарга гэсэн нэршлээс ангижраагүй татвар төлөгчдийн мөнгөөр тэдэнд үйлчлэх ёстой нийтийн албан тушаалтан гэдгээ умартсан хандлагатай юм байна. Дээр нь төмөр замын хүрэлцээгүй байдал, хөдлөх бүрэлдэхүүн гээд танай улсын хувьд асуудал их байна. Үйлдвэрлэгчид нь бол үнэхээр хичээж ажиллаж байна, хамтраад Цемент үйлдвэрлэгчдийн ассоциац хүртэл байгуулсан нь дэвшил гэж харж байна. Япон, Солонгос, БНХАУ ассицоац бол хамгийн том эрх мэдэлтэй байдаг. Төр засаг-ассоциацийн хоорондын хамтын ажиллагаа нягт, ойлголцол сайтай, үйлдвэрлэлээ хөгжүүлэх хамгаалах бодлогыг хамтран гаргадаг. Монголыг харахаар төр, үйлдвэрлэгчид хоёр тийшээ хараад суучихсан байх шиг. Үйлдвэрлэгчдэд ямар буруу байх вэ, өртөг нь үнэхээр өндөр байдаг юм байна. Эрчим хүчний тогтворгүй байдал, дээр нь тариф нэмэгдсэн, за тэгээд энэ автотээврийн даац гэнэ үү, энэ мэт үр дүнгүй бодлого их явуулж байна. Энэ болгон өртгийг тогтмол нэмэгдүүлж байна шүү дээ. Үйлдвэрлэгчид-төр засгийн хооронд уялдаа огт алга. Үүн дээр хамтарч ажиллах ёстой, үйлдвэрлэгчид нь улс орноо хөгжүүлье гэж чин сэтгэлээсээ зүтгэж байхад нөгөө талд нь төр засаг нь дэмжихийн оронд сүйтгэх бодлого байж болохгүй л байхгүй юу.

Цементийн үнийг бас судлаж үзлээ, өртгөөсөө одоог хүртэл доогуур зардаг юм байна. Олон улсад ялангуяа БНХАУ-д энэ жил өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21.2 хувиар цементийн үнэ өссөн бол миний ажиллаж байсан Малайз улсад гэхэд жил тутамд инфляцийн түвшинтэй уялдуулан өртөг зардлаа нөхөх байдлаар үнийн өөрчлөлтийг хийдэг. Энэ жил бүр их эрсдэлтэй байгаа нь Малайз улсад үйлдвэрлэлийн голлох түүхий эд, бусад хүчин зүйлсийн үнэ нэмэгдэж, үүнээс үүдэн цементийн 40-50 хувь нэмэгдэх эрсдэл бий болсон. Харин Монголын хувьд бүгд өртгөөсөө доогуур зарж байгаа нь хачирхалтай. 10 жилийн өмнө эдгээр үйлдвэрүүд баригдахаас өмнө цементийн үнэ тонн тутамд 110 ам.доллар байсан юм байна. Харин өнөөгийн үнэ нь дунджаар 62 ам.доллар орчим юм уу даа.

-Таны бодлоор манай улсын хөгжлийн замнал ямар түвшинд байгаа вэ? Таны аялалтай давхцан Монголын Эдийн засгийн форум болж, гадна дотны олон хөрөнгө оруулагчид хуран цугларсан байна.

-Монгол Улс байгалийн баялагтай, өргөн уудам нутагтай, хүн ам цөөтэй сайхан орон. Надад хамгийн их таалагдсан нь залуусын орон юм байна. Тэдэнд хөгжих, хөгжүүлэх эрмэлзэл их байна. Дэлхийн улс орнууд нэн тэргүүнд импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ хөгжүүлж, хамгаалах бодлого явуулдаг. Үүнийг Монгол хэрэгжүүлэх, судлах хэрэгтэй. Үндэснийхээ үйлдвэрлэлийг хөл дээрээ босч ашигтай ажиллах хүртэл нь хүүхдээ өсгөж байгайтай ижил хамгаалах бодлого байх ёстой. Үйлдвэрлэгчид төр засаг хамтын ажиллагаа ойлголцол маш сайн байх хэрэгтэй. Ингэж байж Монгол Улс хөгжинө. Засгийн газар нь ард иргэд, аж ахуйн нэгжүүдийнхээ хүсэл зорилго, дуу хоолойг нээлттэй сонсдог байх нь маш чухал. Нэг анзаарагдсан нь БНХАУ-аас санхүүжилт их орж бүтээн байгуулалт хийгдэхээр төлөвлөгдөж байгаа юм байна. Хятад компаниудын онцлог бол хятад үйлдвэр, хятад бүтээгдэхүүнээ авах сонирхол их бий. Үүн дээр маш ухаантай ажиллаж, үндэсний үйлдвэрүүд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих үйл ажиллагаа явуулах шаардлагатай.

Таны хэлдгээр Эдийн засгийн форум гэж арга хэмжээ болж байгаа юм байна. Гол зорилго нь Монгол улс гадаадын хөрөнгө оруулалтанд нээлттэй байна гэсэн санаа юм байна. Гадны хөрөнгө оруулалт бол ганц мөнгөн хэлбэр гэхээсээ илүү know-how, шинэ технологи гээд олон зүйл хамт авчирдаг. Монголын хувьд хууль эрхзүйн орчноо сайжруулах, гадаад дотоод бүх хөрөнгө оруулагчдаа эрх тэгш шударга дэмжих бодлого нэгдсэн байдлаар барих хэрэгтэй юм байна гэж харж байна.

Б.ДОРЖ

 

Categories
нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Золжаргал: Эдийн засгаа өсгөхийн тулд төсөв тэлэх биш хөрөнгө оруулалт, бизнесийг дэмжих хэрэгтэй байна

 УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Хаврын чуулган өндөрлөх гэж байна. Чуулганы хугацаанд та ямар хуулийн төслүүд дээр ажиллав, хаврын чуулганы онцлог юу байна?

-Онцлог гэж хэлвэл энэ хаврын чуулганаар олон ажлын хэсэг рүү орж ажилласан завгүй цаг хугацаа өнгөрлөө. УИХ-ын даргын захирамжаар 60 гаруй ажлын хэсэг гарсаныг та мэдэж байгаа байх. Түүнээс долоон ажлын хэсэгт орж ажилласан. Мөн хоёр байнгын хорооноос гарсан найман ажлын хэсэгт орж ажилласан байна. Төрийн үйлчилгээг хялбаршуулж хүнд ойртуулах, процессын дахин инженерчлэл, кибер аюулгүй байдал, Мэдээлэл, технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх, ундны ус, ариун цэврийн байгууламжийн эрх зүйн орчныг сайжруулах, газрын тос боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотой дүгнэлт боловсруулах, эрчим хүчний эрх зүйн орчныг сайжруулах, гадаадад байгаа монголчууд шуудангаар болон цахимаар сонгууль өгөх боломжийг хангах зэрэг ажлын хэсгүүдэд орж ажилласан. Миний хувьд энэхүү хаврын чуулганы хугацаанд таван хуулийн төслийг хамтран УИХ-д өргөн барьсан байна.

-Төсвийн тодотгол орж ирсэн. Үүнд та хувьдаа ямар байр суурьтай байна. Ер нь төсөв танана гэхээс илүү нэмж байж л олон, олон хөрөнгө оруулалт хийгдэх биш юм уу. Үүнд та зарчмын хувьд ямар байр суурьтай байна?

-Төсөв тодотгох нь угтаа тийм ч гайхаад байх зүйл биш. Энэ бол зүй ёсны асуудал. Яагаад гэвэл хүлээж байсан орлого нь байхгүй болчихсон. Нүүрсний үнэ олон улсын зах зээлийн эрсдэлтэй байдлаас болоод унах эрсдэлтэй, унана гэж би ч ярьсан бусад гишүүд ч хэлсэн. Татварын орлого ч хиймэл байна шүү гэдгийг чуулганы индрээс шүүмжилж байсныг санаж байгаа байх. Энэ утгаараа өнгөрсөн жил төсвийн ажлын хэсэгт орж ажилласан байдаг. Тэгэхээр төсөв тодотгож байгаа нь бодит үнэнтэйгээ нүүр тулж байгаагийн л илрэл. Нүүрсний үнийг анх 149 ам.доллар гэж байсан. Дараа нь 105 болсон. Улмаар 80, 70 гэх мэт цаашаа явахаар байгаа. Ер нь цаашид төсвийг танах биш тэлж байж эдийн засаг өснө гэж ярьдаг. Гэхдээ бид нэг зүйлийг маш сайн ойлгочих хэрэгтэй. Монгол Улсын төсөв ДНБ-нд эзлэх хэмжээ хангалттай өндөр. Монголын нийт эдийн засагт төрийн оролцоо 80 хувийг давчихсан. Тэгэхээр цаашдаа эдийн засгаа тэлэхийн тулд яах ёстой вэ гэдэг нь тодорхой харагдаж байгаа биз. Энэ утгаараа төсвөө тэлж байж эдийн засгаа тэлнэ гээд явах юм бол төрийн оролцоо 80 биш бүр 100 хувь руу дөхнө. Энэ тохиолдолд энэ улсын нийгэм, эдийн засгийн байдал бүхлээрээ өөрчлөгдөх чиглэл рүүгээ явна гэсэн үг. Чөлөөт эдийн засаг байхгүй бол чөлөөт нийгэм ч хумигдана. Том зургаараа Монголын ардчилал өөрөө маш хүнд байдалд орно гэсэн үг. Тиймээс сонгож авсан замаа үргэлжлүүлээд явуулъя л гэж байгаа бол бид эдийн засаг дахь төрийн оролцоог эрс бууруулах л хэрэгтэй юм. Ингээд эдийн засгийг тэлэхдээ төсвөөр бус бизнесийг дэмжих, хувийн хэвшилдээ илүү том боломж олгох, хөрөнгө оруулалтыг дэмжих эрх зүйн орчнуудыг сайжруулах шаардлагатай. Угтаа бид дотоодынхоо эрчим хүчийг бүрэн хангах бүр экспортлох нөөц бололцоо нь бий. Тиймээс цаашид энэ бодлогоо эрчимтэй хэрэгжүүлж ажиллах нь л чухал байна.

-Чуулганы төгсгөлд, мөн иргэдийн анхаарал суларсан үед эрх зүйн ноцтой өөрчлөлтүүд батлагддаг. Хуулийн хулгай ч гэж ярьдаг. Ийм үйлдэл анзаарагдаж байна уу?

-Ийм үзэгдэл цөөнгүй байдаг. Намрын чуулганы хувьд шинэ жил, цагаан сарын баярыг дөхүүлээд хуулийн төслүүдийг чихдэг. Хаврын чуулганаар наадмын өмнө мөн яаралтай нэрийн доор баахан хуулийн төсөл оруулж ирдэг. Өмнө нь байсан энэ асуудал одоо ч ажиглагдсаар л байгаа. Жишээ нь, Эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах энэ төсөл яаралтай горимоор орж ирж байгаа. Уг нь энэ парламентын даргын захирамжаар ажлын хэсэг гараад эрчим хүчний тухай хуулийг боловсронгуй болгохоор зорьсон. Энэхүү ажлын хэсэгт би орж ажиллаж байгаа. Олон эх үүсвэртэй, өрсөлдөөнт тогтолцоог салбарт нэвтрүүлсэнээрээ урт хугацаандаа эрчим хүчний хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангах, үнийг нь бууруулах ийм зорилготой явсан. Гэтэл үүнийг нь яг эсрэгээр салбарын яам нь “…үгүй ээ. Нүүрсний цахилгаан станц барих зөвшөөрлийг сайд өөрийн томилосон таван хүний хамтаар шийднэ. Хэдэн төгрөгөөр сүлжээнд нийлүүлэхийг тэр баг шийднэ. Ямар нөхцөлд, хэзээ төсвийн мөнгөөр улсад худалдаж авахыг бас тэр баг шийднэ” гэх ийм төсөл оруулж ирж байх жишээтэй. Энэ бол таны хэлээд байгаа чуулганы сүүлээр баяр наадмыг далимдуулж оруулж ирж байгаа улс оронд эрсдэл авчирах хуулийн төслийн жишээ гэж хувьдаа үзэж байна.

Мөн Нийслэлд дахин их наяд шахуу төгрөгийн санхүүжилт босгож өгөх зорилгоор Засгийн газрын өрийн баталгаа гаргах УИХ-ын тогтоолыг гэв гэнэт наадмын өмнө оруулж ирж байна. Бүтээн байгуулалт хэрэгтэй, гэхдээ гэнэт, яаралтай гэх тайлбар өөрөө буруу бөгөөд эрсдэлтэй.

-Эрчим хүчний асуудал ирэх намраас хүндэрнэ гэж хэн хүнгүй л хэлж байна. Ер нь ирэх өвөл бид дулаан, цахилгааны хязгаарлалтад орчихгүйхэн шиг өвөлжих боломж байна уу?

-Ер нь бол сүүлийн хэдэн жил эрчим хүчний хэд хэдэн шинэ эх үүсвэрүүд баригдсан. Тухайлбал, Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг хэлж болно. Дорнодод мөн Чойбалсангийн цахилгаан станц өргөтгөсөн. Тосонцэнгэлд цахилгаан станц ашиглалтад орсон. Хойшоо Сэлэнгэд 70 МВт-ын станц баригдаж байна. Ингээд хэд хэдэн эх үүсвэр нэмэгдэж байсан боломж Дулааны гуравдугаар цахилгаан станцад гэмтэл гарлаа. Ингэхээр тооцоолж байсан ерөнхий бланс алдагдаж байна гэсэн үг. Тиймээс яаралтай ирэх өвлөөс өмнө засварлах хэрэгтэй. ОХУ-аас авдаг хэмжээнд хязгаартаа тулчихсан. БНХАУ-аас импортоор цахилгаан авна гэдэг нь арга ядсан л нөөц хувилбар.

-ДЦС 3 -ын гэмтлийг намраас өмнө засварлах боломж харагдаж байна уу?

-Амжих боломжтой гэдэгт хувьдаа итгэж байгаа. Харамсалтай нь энэхүү Засгийн газар бүрдэснээсээ хойш чамгүй хугацааг ардаа үлдээлээ. Ажлаа мэдэж байгаа учраас Б.Чойжилсүрэн сайдын албан тушаалаа үргэлжлүүлэн хийж байгаа болов уу гэж ойлгосон. Тийм бол ДЦС 3-ын турбин нийлүүлэгчээ хурдхан шиг сонгоод ажлаа эрчимжүүлээч ээ гэж хэлмээр байна. Гэтэл ийм ажил эхлүүлсэн талаар одоо болтол сонсогдсонгүй. Гэмтэл юунаас, хэнээс, яагаад болсон зэргээ дараа нь тогтоодог юм байгаа биз, юуны өмнө тоног төхөөрөмжийнхөө захиалгыг хийх хэрэгтэй. Хожигдож байна.

-Ирэх өвөл нийслэл хагас коксжсон түлш түлнэ, зуухуудыг шинэчлэнэ гэж байна. Хагас коксжсон, илүү сайжруулсан гэх түлшид иргэд итгэхээ больсон байна. Утаа нь багасах боловч хортой чанар нь нэмэгддэг гэсэн бодолтой хүмүүс их байна. Үүнд та инженер хүний хувьд ямар шийдэл, саналыг хэлэх вэ?

-БНХАУ-аас хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлш оруулж ирэн түлнэ гэдгийг би эсэргүүцэж байгаа. Учир нь энэ бол асар их мөнгө. Бараг 226 орчим тэрбум төгрөгөөр Эрээн нөхцлөөр худалдан авна гэж байна лээ. Хил, гаалиар нэвтэрнэ, дараа нь Улаанбаатарт авчирна. Ингээд түлшээ агуулна, савлана, түгээнэ, борлуулна. Энэ бүх зардлуудыг нэмбэл нийт өртөг нь явж өгнө. Нөгөөтэйгүүр энэ түлшийг массаараа хэрэглэж үзээгүй. Энэ бол шинэ түлш учраас ямар эрсдэл гарахыг нь мэдэхгүй. Мэдэхгүй байна гэдэг бол асар их эрсдэлтэй гэсэн үг. Бөөн зардал, бөөн хөрөнгө зарцуулчихаад яг хэрэглээд явтал энд тэнд хүн хордлоо гэх асуудал гарвал ямар хэрэг байна. Ингээд ирэх өвөл утаа нь ч хэвээрээ, хор нь ч хэвээрээ байвал бид яах гэж энэ их мөнгийг зарцуулав аа гэж харамсана. Хоёрдугаарт, УИХ-аас утаа гаргадаг зууханд, мөн түлшинд төсвийн мөнгө зарцуулахгүй гэсэн агуулгатай тогтоол гаргасан. Улмаар агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог Ерөнхий сайд ахална. Энэ бол миний гаргаж дэвшүүлсэн санаа биш шүү. Өнгөрсөн удаад утааны сонсголыг хийсэн. Улмаар холбогдох байнгын хороо асуудлыг авч хэлэлцээд гарсан дүгнэлтээ УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэн баталсан байдаг. Гэтэл УИХ-ын тогтоол гарчихаад байхад Нийслэлээс олон улсаас хагас кокс түлш авна гэсэн тендерийг зарласан. Тэгэхээр УИХ-ын тогтоол, Нийслэлээс зарласан тендер зөрчилдөж байгаа учир асуудлаа бид нэг талдаа гаргах ёстой.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Засгийн газар эдийн засгийн боломжуудыг царцааж, зэс, алт, нүүрсний бодлого гацлаа

Г.Занданшатарын Засгийн газар сарын өмнө байгуулагдсан. Эхэндээ овоо хэмнэлт гамналтын зарчим яриад байсан. Гэвчиг залгаа нь нэг л биш, ойлгомжгүй болоод эхэллээ.

Засгийн газар даваа гаригт ээлжит бусаар хуралджээ. Хачин шийдэлтэй албан даалгавар гаргасан байна. Засгийн газар: Бид юу хийх вэ гэж иргэдээс асууя гэж шийджээ. Ерөнхий сайд Г.Занданшатар: Засгийн газраас 100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай албан даалгаварт ард иргэдээс санал авч, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн ажлыг энэ 100 хоногт хийж хэрэгжүүлэх арга хэмжээнд тусгахыг үүрэг болголоо гэж Хэвлэлийн алба нь мэдээлжээ.

Хэвлэлийн албаных нь мэдээллийг харахнээ уул нь хийх ажлынхаа нурууг гаргажээ. Албан даалгаварт: Бүх шатанд чиг үүргийн давхардлыг арилгаж, цомхон бүтцээр ажиллах, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болон түүний үүсмэл ордыг ашиглаж байгаа хуулийн этгээдүүдтэй хувьцааны хувь хэмжээг тогтоох асуудлаар хэлэлцээ хийх, анхан шатны хоршоодын үйл ажиллагааг бэхжүүлж, малчин хоршоологчид, ЖДҮ, үйлчилгээ эрхлэгчидтэй хамтран дундын хоршоо байгуулах, нийтэд хүлээлт үүсгэсэн авлига, албан тушаалын хэргийн шийдвэрлэлтийг эрчимжүүлэх талаар холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шуурхай арга хэмжээ авч ажиллах зэрэг арга хэмжээг тусгасан гэнэ.

Гэвчиг Засгийн газар энд тусгагдсан ажлуудыг хэний ч санал гомдолгүйгээр хийх л ёстой.

Хамгаас чухал нь Монгол Улсын эдийн засаг эвгүйтээд ирснийг Засгийн газар өөрөө ард иргэдэд анхааруулсан. Г.Занданшатар Ерөнхий сайд Засгийн газраа байгуулаад л: Дэлхий дахинд геополитик, гео-стратегийн хурцадмал нөхцөл байдал үргэлжилж, худалдаа, тарифын дайн нүүрлэсэн нэн эгзэгтэй цаг үеийг улс орнууд, түүний дотор Монгол Улс туулж байна. Түүхий эдийн үнийн уналтаас шалтгаалж уул уурхайн цөөн тооны бараа бүтээгдэхүүнээс хэт их хамааралтай манай эдийн засаг хүндхэн сорилттой нүүр туллаа. Нүүрсний экспорт зогсонги байдалд орж, төсвийн орлого тасалдаж, гадаад валютын нөөц, монгол төгрөгийн ханшид сөрөг дарамт учирч, инфляц нэмэгдэж байна. Урьдчилсан тооцооллоор жилийн эцэст төлбөрийн тэнцлийн алдагдал 1 тэрбум ам.долларт хүрч магадгүй боллоо гэж мэдэгдсэн. Тэрнээс хойш бараг 1 сар өнгөрлөө.

Уул нь тэрээр ямар зам туулахаа ойлгосон байсан. Тийм учраас яаж хүндрэлээс гарахаа тооцох ёстой. Ард иргэдээс асууя гэж байгааг бодвол тэгж чадаагүй л бололтой. Шударга хэлэхэд Засгийн газар нөгөө ертөнцөөс ирсэн юм шиг цаг авч, ажил удах хэрэг байгаа юм уу. Шоудалгүй шууд эхлээд л хийх шаардлагатай ажил зөндөөн байхад. Ард иргэдийн хэдхэн хүсэлт тодорхой. Тэд: Татварын дарамтыг багасгаад өгөөч. Стратегийн ордуудаас Баялгийн сандаа хөрөнгө татаач. Эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн үйлчилгээ, хүртээмжийг сайжруулаач л гэдэг. Гэтэл нь Засгийн газар Баялгийн сангаас л гэхэд баахан дөлөмтгийн байгаа бололтой нь. Саявтархан Засгийн газар хавиас иргэдийн дунд нэг судалгаа явуулжээ. Гэсэн нь тэрхүү судалгаанд хамрагдсан иргэдийн 60 хувь нь: Өмнөх Засгийн газрыг унагасан нь Ухаа худагтай холбоотой гэж хариулжээ. Тийм учраас Засгийн газар: Ухаа худгийнхантай тохиролцож байгаад ч хамаагүй Баялгийн сантай холбоё гэдэг арга зам бодож эхэлсэн байна. Энэ янзаараа цааш яадаг бол доо.

Хамгаас харамсам нь Засгийн газар хайран 1 сарыг хайнгадуухан өнгөрөөчихлөө. Зарчим яриад байсан ч бодлого нэгийг ч гаргасангүй. Тэгж байх зуурт чуулган хаах боллоо. Өмнө явж байсан төслүүдээ өөдтэйхэн хөдөлгөөд мөнгө оруулах шийдвэрийг УИХ-аар гаргуулж амжсангүй.

Эдийн засгийн цусны эргэлтийг богино хугацаанд сайжруулах бүх боломжийг алдчихсан л харагдаад байна. Засгийн газар зэснээс, алтнаас, нүүрснээс мөнгө олох боломжтой өмнө хөдөлчихсөн төсөл төсөөллүүд дээр ажиллаагүйгээс бодлогын хэмжээний гацаанд оржээ.

Нэгт: “Онтре” гацлаа. Оюутолгойн бүлэг орд таван лицензтэй. Энэний 3-ыг нь Монголын Засгийн газар, “Рио Тинто” 2-ын эзэмшилд байдаг. 2-ыг нь Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Онтре” компани эзэмшдэг. Тэр хоёр лицензэд Оюутолгойн бүлэг ордын нийт нөөцийн 30 хувь нь багтдаг. Тэрхүү 2 лиценз “Онтре” компанийн эзэмшилд 2004 онд очсон. Гэтэл нь Монголын төр стратегийн ач холбогдол бүхий бүлэг ордын 34-50 хувийг хуулиараа эзэмших эрхтэй байдаг. Оюутолгойн 5 лицензийг 5-ууланг нь ийм зарчмаар эзэмшиж, ашиглах ёстой гэсэн үг. Тийм учраас “Онтре” компанийн эзэмшдэг 2 лиценз дээр хувь эзэмших Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хэлэлцээг яаралтай хийх хэрэгтэй болсон. Энийг амжуулж чадсангүй. 1 сарын хугацаанд энийг хийгээд чуулган хаахаас өмнө өргөн барьчихсан бол том л боломж нээгдэх байж.

Хоёрт: “Алт” гацлаа. Трампын тарифаас болж нүүрсний экспорт буурах нь тодорхой л байсан. Тэрийг алтны наймаагаар нөхөх бодлого Засгийн газраас гарсан байдаг юм. Тэр үргэлжилж УИХ-аар Алт-3 аянаа хэлэлцүүлсэн ч ард нь гарч барсангүй. Дараагийн чуулган хүртэл хойшилж байна. Засгийн газар өнгөрөгч баасан гаригт хуралдаж алтны олборлолтыг тусгай хамгаалалттай газарт явуулах уу, үгүй юу гэдгийг шийдэж чадаагүй. Энэнээс болоод УИХ-д өргөн барих тогтоол нь гацжээ. Харин УИХ-д төсвийн хэмнэлтийн тодотголтой нь хамт өргөн баригдсан Алт-3 аяны талаарх тогтоол нь Засгийн газарт чиглэл өгөх л утгатай гарах нь. Тэр нь алтны олборлолтыг бодитоор нэмэгдүүлэх эрх зүйн суурь болж чадахгүй. Тэгээд гацчихлаа.

Гуравт: Нүүрс гацлаа. Уул нь Гашуунсухайт-Ганцмодны төслөөр 80 сая тн нүүрсэнд жишиг үнэ тогтоох УИХ-ын шийдвэрийг гаргуулж, мөн Биржийн үнийг улирлын дунджаар боомт тус бүрээр тооцох зохицуулалтыг ч энэ чуулганаар амжуулсан бол нүүрсний экспорт, орлого нь бодлогын түвшинд гацаанд орохгүй байв. Өнөөдөр Ганцмод дахь нүүрс ачиж буулгах нафтын талбай дүүрч бөөгнөрөл овоорол үүссэн байна. Энэ ачиж буулгах талбайн эздийн бодлогоор л Монгол Улсын эдийн засаг бүхэлдээ хохирч байгаа. Байдал ийм болсон. Уул нь Уул уурхайн сайд энүүгээр сагс гээд сагсагнаж явахаар нафтын талбай дээр очиж зохицуулалт хийж ажилласан бол нүүрсний бодлого ингэж гацаанд орчихгүй л байж.

Ингээд жамаараа шахуу бүтчих байсан эдийн засгийн боломжууд царцаж, зэс алт нүүрсний бодлогууд гацлаа.

Гэтэл нь Засгийн газар өнгөрөгч 1 сарыг хөнгөн хөнгөн шоу маягийн арга хэмжээнүүд зохиож, зарим сайд нь лекц уншиж афоризм хэлээд, агаарын гэгддэг улс төр аялуулсаар дуусгалаа. Гадуур дотуур ам дамжиж буй албан болон албан бус мэдээллүүдээс дүгнэхэд Засгийн газрын ирээдүйг сайнаар харахад хүндхэн болж байна. Засгийн газар хэдэн Ерөнхий сайдтай нь ойлгогдохоо болилоо. 15 толгойтой… гэдэг шиг боллоо. Тэр ч бүү хэл танхим дотроосоо Засгийн газраа дэгээдчих гээд байна. Тийм сайд байна гээд бодчих. Энэ юу ч биш. Ард иргэд байтугай УИХ-ын гишүүд хүртэл Засгийн газарт легитим өгөх талаар биш: Бүтэхгүй ээ гээд толгой сэгсэрч шогшроод явдаг болжээ. Сар болоод тараа таниулж буй Засгийн газар цаашаа хэр хол, хэдий удаан явж чадах бол доо гээд байна цаагуур чинь.

Ерөнхийдөө эдгээр нь том төслүүдийг хөдөлгөх хэцүү гэдгийг нотолж буй. Тэр хэцүүг давахын тулд Засгийн газрыг УИХ-д нөлөө бүхий том намтайгаа хамтарч байгуулахаас өөр арга замгүй гэдгийг ч харуулж буй. Гэсэн нь эрх баригч нам ийм гарцаагүй арга замаас хазайж дангаараа ч биш, олигтой хамтарсан ч биш хоёрын хооронд Засгийн газрыг байгуулсан. Үр дагаварт нь том төслүүд, эдийн засгийн гол бодлогууд эхнээсээ нуран унаж буй нь энэ юм

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нийтлэлч Баабарын “Дайны дараах монгол-японы харилцааг хэвийн болгох хоёр талын чармайлт” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал “Эдийн засгаа өсгөхийн тулд төсөв тэлэх биш хөрөнгө оруулалт,бизнесийг дэмжих хэрэгтэй байна” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, эрхэм дээд хатан Масако нартай албан ёсны уулзалт хийлээ

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нийтлэлч Баабарын “Дайны дараах монгол-японы харилцааг
хэвийн болгох хоёр талын чармайлт” хэмээх
нийтлэл хэвлэгдлээ

INEOS Grenadier:”G-Class”-ийн төрхтэй, “Land Cruiser”-ийн хүчтэй, “Defender”-ийн зоригтой хослол

  • Засгийн газар эдийн засгийн боломжуудыг царцааж, зэс, алт, нүүрсний бодлого гацлаа
  • Сэтгэлийн байгаль буюу “талын булаг”-ийн жаргал

АРЫН НҮҮР: Наадмын өмнөхөн Ховдын бөхийн галд болсон хөгжилтэй явдал


 

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Түвшинтөгс: Амиа хорлосон багшийн цалинг хуурамч дипломтой эсэхээс үл хамааран ажил үүргээ гүйцэтгэснийг нь үнэлж олгосон

Саяхан Хөвсгөл аймгийн Арбулаг сумын сургуулийн математикийн багш хуурамч диплом ашигласан хэрэгт буруутгагдаж, 126 сая төгрөгийг улсад төлөх шийдвэр гарснаар сэтгэл санааны хямралд орж, амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл энэ хэргийн талаар хуульч, өмгөөлөгч Б.Түвшинтөгстэй ярилцлаа.


-Олон нийт бүтэн 12 жилийн цалин буюу 126 сая төгрөгийг эргүүлэн төлүүлэх шүүхийн шийдвэр хэтэрхий харгис байсан гэж шүүмжилж байна. Хуульч хүний үүднээс та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Амиа хорлосон залуу багшийн асуудалд хэд хэдэн ойлгомжгүй зүйлс ажиглагдсан. Хөдөлмөрийн тухай хуульд цалин, нэмэлт урамшуулал гэх ойлголтууд бий. Энэ нь хөдөлмөрлөх эрхийн харилцаанаас үүдэлтэй юм. Ажилтан гэрээгээр хүлээсэн чиг үүргийнхээ дагуу ажил үүргээ гүйцэтгэнэ. Ажил олгогч түүнд нь тохирсон цалин хөлсийг олгоно гэх агуулгатай ойлголт байгаа. Тэгэхээр амиа хорлосон залуу багш болон ажил олгогч хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн юм бэ гэдэгт хамгийн түрүүнд дүгнэлт хийх ёстой. Тус багшийн гүйцэтгэж байсан үүрэг нь өөрөө зүгээр л диплом үзүүлээд улсаас цалин авах ажил байсан юм уу.

Эсвэл хөдөлмөрийн гэрээ байгуулаад түүнд заагдсан ажил үүргээ гүйцэтгээд цалин хөлс авах ажил байсан юм уу гэдгээ тодорхой болгомоор байна. Яг ямар эрх зүйн харилцаа үүссэн юм бэ гэдэгт зөв дүгнэлт хийх хэрэгтэй. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар амиа хорлосон багш, тухайн сургууль хооронд хөдөлмөрийн гэрээний эрх зүйн харилцаа үссэн.

Тэгэхээр улс яагаад энэ багшид цалин олгосон юм бэ гээд аваад үзвэл хөдөлмөрийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн учраас гэж дүгнэгдэж байгаа юм. Хамгийн гол нь энэ гэрээ үндэслэлгүй, хүчингүй, тухайн багш ямар ч хийгээгүй байж цалин авсан гэх дүгнэлт гараагүй. Өөрөөр хэлбэл тухайн багш хөдөлмөрийн г э рээ байгуулсан. Гэрээгээр хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэсэн. Ажил олгогч буюу төр тухайн багшийг ажлуулсан учраас гүйцэтгэсэн ажил төрөлд нь тохирсон цалин хөлс олгох үүргээ биелүүлээд өдийг хүртэл явсан.

Харин амиа хорлосон залуу багш хөдөлмөрийн гэрээний эрх зүйн харилцаа үүсгээд ажил үүргээ гүйцэтгээд, түүндээ тохирсон цалин авч байсан гэх энэ агуулга дээр шүүх ерөөсөө дүгнэлт хийхгүй байгаа.

Өөрөөр хэлбэл шүүх тухайн амиа хорлосон багшийг хуурамч диплом үзүүлээд л улсаас баахан мөнгө авсан юм шиг ойлголт төрүүлээд байна.

Хуульч хүнийхээ хувьд шүүх энэ асуудал дээр буруу дүгнэлт хийсэн болов уу гэх өнцөгтэй байгаа. Хэрвээ тухайн багш хуурамч диплом ашиглаад 12 жилийн турш авсан нийт 126 сая төгрөгийн цалин нь өөрөө төрд учруулсан хохирол юм бол шүүх ийм үед яах ёстой вэ гэх асуудал яригдана.

-Тэгвэл шүүх ийм яах ёстой вэ?

-Тухайн багшийн 12 жил тасралтгүй төрд зүтгэсэн хөдөлмөрт шударга дүгнэлт хийх ёстой. Бүтэн 12 жилийн хөдөлмөрийг юу гэж үзэх вэ. Хамгийн гол нь үүн дээр дүгнэлт хийхгүй байна. Би бас ийм кейс дээр ажлаад прокурорын нэхэмжилсэн үнийн дүнг бууруулсан. Мэдээж төлбөр бол гарч байсан. Тэгэхээр тухайн багшийн хүч хөдөлмөр, мэдлэг боловсролоо зориулан түмний хүүхдийн төлөө зүтгэсэн энэ бүх цаг хугацааг яах ёстой вэ гэдэгт шүүх дүгнэлт хийх ёстой. Өөрөөр хэлбэл тухайн багшаас маш олон хүүхэд мэдлэг боловсрол авч бэлтгэгдээд Монгол Улсад үр өгөөжөө өгсөн шүү дээ.

Энэ хэрэгт өөр нэг асуудал байна. Жишээлбэл, цалинг төрөөс олгожээ. Тухайн багш ч төрөөс цалин хөлс авчээ. Тэгвэл энэ цалинг дипломд үндэслэж олгоод байгаа юм уу. Эсвэл хийсэн ажил, тухайн багшийн үр бүтээмж, цаг хугацаанд тулгуурлаж олгосон байна уу гэдэгт бас дүгнэлт хийх ёстой. Докторын дипломтой хүнд нэмэгдэл гэж олгодог. Хуурамч докторын дипломтой хүн нэмэгдэл авч байсан бол үүнийг өчиггүй хураан авч болно. Яагаад гэвэл тухайн хүн юу ч хийгээгүй. Зөвхөн доктор гэдэг хуурамч диплом ашиглаад нэмэгдэл авсан. Энэ бол жинхэнэ дипломд үндэслэж олгосон цалин хөлс, нэмэгдэл шүү дээ. Харин тухайн багшид олгосон 12 жилийн 126 сая төгрөгийн цалин бол хуурамч дипломтой эсэхээс үл хамааран гэрээгээр хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэснийг нь үнэлж олгосон юм. Гэтэл багшийн хөдөлмөрийг үнэлээд олгосон 12 жилийн цалинг эргээд хохирол байдлаар шаардсан нь буруу. Нэг талаасаа энэ асуудал хүний эрхийн маш том зөрчил шүү. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу үүргээ биелүүлээд цалин хөлсөө авсан байхад дипломд үндэслэж цалин олгосон мэт дүгнэлт хийсэн шүүхийн шийдвэр үнэхээр харгис байна. Бүхэл бүтэн 126 сая төгрөгийг энгийн иргэн юугаараа төлөх вэ гэдэг өөрөө асуудалтай шүү дээ. Амиа хорлосон багшийн хувьд 12 жил хөдөлмөрлөж олсон цалингаараа зөвхөн анхдагч хэрэгцээгээ л хангадаг байсан. Өдөр хоногоо болгоод л амьдардаг байсан залуу хүн. Энэ бол хурааж, хуримтлуулсан мөнгө биш. Ахуйн амьдралдаа зарцуулаад явсан байхад энэ бол үнэхээр хүнлэг бус байна. Хүн ёсныхоо үүднээс тухайн багшийн нөхцөл байдлыг авч хэлэлцэх ёстой байсан.-Та хуульч хүний хувьд ийм кейс дээр шүүх яах ёстой гэж бодож байна вэ? – Жишээлбэл ийм кейс дээр хохирогчоор тогтоогддог этгээд бий. Энэ нь сургууль, төрийн өмчит компани гэх мэт газрууд төрийг төлөөлөөд хохирогчоор явдаг. Ажиглаад байхад эдгээр газрууд хэзээ ч төр хохироод, алдсан мөнгөө авах гээд байгаа юм шиг ханддаггүй. Төрийг төлөөлж, хохирогчоор тогтоогдсон газрууд заавал мөнгөө буцааж авах ёстой гэж дайрдаггүй. Ер нь бол ийм хандлага гаргадаггүй. Хохирогчид туслалцаа үзүүлээд явж байгаа хуульч, өмгөөлөгчдийн хувьд хуурамч диплом ашигласныг зөвтгөх аргагүй. Хариуцлага хүлээх ёстой. Гэхдээ олгосон мөнгө нь өөрөө дипломыг үндэслэж олгоогүй гэдгийг шийдвэрлүүлж болохоор байгаа юм. Хамгийн анхны нэг, хоёр тохиолдол дээр цалинг хохирол гэх байдлаар шийдвэрлэсэн нь улс орон даяар ийм тогтоох үндэс болсон. Өөрөөр хэлбэл, шат шатны шүүх гэдэг ч юм уу. Тухайн багшийн кейс ямар байсныг би сайн мэдэхгүй. Гэхдээ хуурамч дипломтой асуудал шүүхээр шийдэгдээд явснаас хойш нийслэлд миний санаж байгаагаар залилангийн хохирол гэж шийдээд ийм жишиг тогтсон. Ийм тохиолдолд хууль ингэж хэрэгждэг юм байна гэдэг иймэрхүү жишиг тогтоогоод орон нутгийн дипломын асуудалтай багш нарыг ч адилхан шийдээд явсан юм шиг надад ажиглагддаг. Одоо дээд шатны хууль шүүхийн байгууллагууд хэдий хуурамч дипломтой ч багш нарын ажилласан цаг хугацааг яаж үнэлэх вэ гэдэгт тайлбар хийж, зөв жишиг тогтоохгүй бол хүний амь нас хүртэл асуудал хурцаар хөндөгдөж байна.

-Тухайн багш давж заалдаж болоогүй юм болов уу?

-Бүх маргаан гурван шатны шүүхээр шийдвэрлэгдэх ёстой. Амиа хорлосон багшийн кейс өөрөө анхан шатны шүүх дээрээ дууссан юм уу гэдгийг би сайн мэдэхгүй байна. Тухайн үед давж заалдаагүй бол тухайн багш хуулийн мэдлэггүйгээсээ болоод хэрэг явдал анхан шатан дээрээ дууссан байхыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл өөрийн амиа гаргуунд нь гаргах хүртэл хэмжээний гомдолтой байсан хүн “Би төлнө. Зөвшөөрч байна” гэх байдлаар энэ асуудалд хандаагүй нь ойлгомжтой. Тийм учраас хуулийн мэдлэггүй эсвэл хууль зүйн туслалцаа авах санхүүгийн нөхцөл байдал тааруу байсан ч байж болно. Миний хувьд хуулийн мэдлэггүйгээсээ үүдэн гомдол гаргах хугацаа дуусаад гомдлыг нь хүлээж аваагүй ийм нөхцөл байдал үүсээд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон юм болов уу гэж бодож байна.

-Тухайн багшийн эхнэр ажлын байрны тодорхойлт, гаргасан амжилт, үр бүтээмжийг нь шүүх нэг ч сөхөж харалгүйгээр шийдвэр гаргасан гэж ярьсан. Тэгвэл иймэрхүү баримтыг авч шүүх хэлэлцдэггүй юм уу?

-Мэдээж энэ хэрэгт иймэрхүү баримтуудыг сөхөж харах ёстой. Харахгүй байна гэж байхгүй. Хамгийн гол энэ баримтуудыг үнэлэх, үнэлэхгүй нь өөрөө хэргийг шийдэж байгаа шүүгчийн үзэмжийн асуудал. Хуулиар олгогдсон нотлох баримт үнэлэх зохицуулалттай холбоотой шүү дээ. Өөрөөр хэлбэл амиа хорлосон багшийн хэрэгт иймэрхүү баримтууд авагдсан боловч үнэлээгүй агуулгатай процесс явагдсан гэж би бодож байна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

М.Нарантуяа-Нара: Нэг айлын сарын цалинг гишүүд унааны зардал гэж аваад л сууж байна

УИХ ын гишүүн М.Нарантуяа-Наратай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Анхны 126 гишүүнтэй парламент хууль тогтоох үйл ажиллагаа хэрэгжүүлээд нэг жилийн нүүрийг үзэж байна. Энэ утгаараа энэхүү парламентын онцлог юу байна вэ?

-Яг нэг жилийн өмнө долдугаар сарын 2-нд УИХ-ын гишүүний тангараг өргөөд, хууль тогтоогчийнхоо ажлыг эхлүүлж байж. Бүтэн нэг жилийн нүүрийг энэхүү парламент дунд байж үзлээ. Парламентад дотор орж ажиллана гэдэг нэг талдаа юм юм л болдог газар байна. Миний хувьд дүгнээд хэлбэл гайхуулсан зүйл гэхээс илүү гай болчихсонгүй ажиллаж ирлээ. Сүүлийн үед нэг төвөгтэй асуудал гарч байна. Чуулган овоо хуралдаад, асуудлаа шийдвэрлэх гэж байхад л АН-ынхан горимын санал гаргаад хэдэн өдрийн завсарлага авъя гэдэг болж. Нэг асуудлыг хэлэлцэх гэж хэдэн өдрөөр сунаж хэлэлцэх шаардлага байдаг ч юм уу, үгүй юм уу. Үүнийг хувьдаа их гайхаж байна.

Нөгөө талдаа аливаа асуудлыг ингэж хойшлуулж байгааг нь би хувьдаа хардаж байна.

-Яагаад…?

-Баяр наадмын өдрүүдийг дөхүүлж байгаад мөн чуулганы хуралдааны төгсгөлд асуудлыг гэнэт оруулж ирэх нь өөрөө хардлага төрүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл завсарлага авна гэдэг нь энэ хугацаандаа ямар нэгэн лобби хийх гэсэн санаархал л гэж хардаж байна. Энэ УИХ дотор байгаа ганц хартай гишүүн нь би байх аа.

-Парламентад дотор нь ороод ажиллахаар юм юм л болдог гэж та хэллээ. Яг юу болж байх юм?

-УИХ-д бүтэн жил ажиллахадаа миний олж харсан маш сонин сонин үзэгдлүүд байна. Ер нь ардчилал манай улсад ямар түвшинд байна, яаж хэрэгжээд байгааг хувьдаа гайхаж сууна. Жишээ нь ил тод, шударга нээлттэйгээр түмнийхээ ажилд тус болохын хажуугаар хувийнхаа бизнесийг эрхэлдэг байсан мань мэтийгээ хаачихлаа. Гэтэл улс орны бүхий л боломжоор өөрсдийнх нь хувийн бизнес явж байдаг, бүр улсын бодлогоор, хуулиар, хуулийн цоорхойг ашигллаад том бизнесүүдийнхээ татварыг хөнгөлүүлээд, чөлөөлөөд авчихдаг хэсэг бүлэг хүмүүс байна. Би үүнийг гайхдаг. Анх орж ирээд л гайхсан, одоо хүртэл гайхаж л сууна. Ил тод, шударга зүйлийг хаадаг. Харин нууц, далд явагдаж байгаагаа дэмждэг ийм парламент гэж байдаг юм уу.

-Улсын төсвийн тодотгол хэлэлцэгдэж батлагдах шатандаа орсон. Гишүүд бүр тал бүрийн байр суурийг илэрхийлсэн. Таны хувьд үүнд ямар байр суурьтай байсан бэ?

-Гишүүддээ уриалмаар байна. Парламентыг бүрдүүлж байгаа 126 гишүүн бол ард түмний л төлөөлөл. Түүнээс биш хаан, хатан хаан нар огт биш. Гэтэл үүнийг тана, түүнийг хас, энийг боль, хэмнэ гээд хүмүүс загнаад, зандраад сууж байна. Яг үнэндээ төсөв гэдэг бол татвар төлөгчдийн бүрдүүлсэн мөнгө. Энэ утгаараа төсөв гэдэг татвар төлөгчдийн сайн сайхны төлөө л буцаад зарцуулагдаж байх ёстой. Гэтэл УИХ өөрөө төсөв гэдэг хэдэн дарга нарт зориулсан, тэдний хулгайн үүр гэсэн буруу ойлголт, хандлагыг нийтэд өгсөөр байна. Энэ бол маш буруу үзэгдэл. Хулгай, луйварыг бид шалгах, хянах, болиулах ёстой. Хулгай гарах нүх сүвээ бид бөглөх, таглах хэрэгтэй. Боломжийг нь огтхон ч гаргаж өгч болохгүй. Үүний төлөө л УИХ-ын гишүүд ажиллах шаардлагатай шүү дээ.

-Таны гаргаж байгаа уриалга нь яг юу юм бэ?

-Гишүүд хүмүүсийг л загнаж, тана, боль гэж байгаа. Тэгвэл өөрсдөөсөө хэмнэе, өөрсдөөсөө танъя гэж болох уу. Үүнийг л гишүүддээ уриалсан юм. УИХ-ын гишүүн бүрт төсвийн зардал гэж байдаг. УИХ-ын гишүүний цалин гэж сар бүр гар дээр зургаан сая орчим төгрөг ирдэг. Хот доторх унааны зардал гэж 900 мянган төгрөг өгдөг. Тойргийн гишүүдэд орон тооны туслах, зөвлөх гээд цалин өгч байна. Түүнээс гадна 23 сая төгрөг өгдөг. Энэ мөнгийг хууль санаачлах, сурталчилах, иргэдтэй уулзах, судалгаа хийлгэхэд зарцуул гэж өгч байгаа. Энэ зөв ч миний шүүмжилж байгаа нэг зүйл бол зарим гишүүд өөрсдийнхөө туслах, зөвлөх гээд өрөөгөөрөө дүүртэл ах, дүү, хамаатан саднаа чихчихдэг. Тэр хүмүүсдээ л энэ мөнгөө бүтэн зарцуулж байна. Тиймээс энэ мөнгө бол гишүүдийн ах, дүү нарыг тэжээдэг мөнгө болсон байгаа юм. Энэ утгаараа УИХ-д би энэ мөнгийг гишүүдэд өгөхөө огт болъё гэдэг уриалгыг гаргаж байна. Нөгөөтэйгүүр үнэхээр юм хийе гэсэн хүнд бол сарын 23 сая төгрөг хаанаа ч хүрдэггүй юм билээ. Үндэсний хэмжээний нэг чуулган зохион байгуулъя гэхэд хаана ч хүрэхгүй. Тиймээс сар бүрийн гарч байгаа 2.8 тэрбум төгрөгийг УИХ-аас хэмнээд явах боломж байна. Үүнийгээ парламентын бүрэн эрхийн хугацааны хоёр дахь жилээс эхлүүлээд хэрэгжүүлээд явъя гэж байгаа юм.

-Бүх гишүүдэд мөнгө төсөвлөдөг байх. Гишүүдийн хувьд тойрог, жагсаалт гэдгээрээ үүнд ялгавартай байр суурь илэрхийлэх юм биш үү?

-Зөвхөн тойргийн гишүүдэд биш бүх гишүүдэд орон тооны зөвлөх болон туслахын цалин мөн хот доторх унааны төлбөр олгодог. Тойргийн гишүүдэд нэмэлтээр орон тооны бие төлөөлөгчийн цалинг олгож байгаа. Тойрогт ажилладаг иргэдтэйгээ уулздаг асуудлыг шийддэг гишүүд бол байгаа. Тэдний унаа тээврийн зардлыг олгож болно.

Харин жагсаалтаар орж ирсэн юу ч хийдэггүй, иргэдтэй уулзаж асуудал шийдэх нь бүү хэл орон нутаг руу ч явж үзээгүй гишүүд байна. Тэд ихэвчлэн болсон болоогүй томилолт түүж, төсвийн зардлаар замын зардлаа, байрлах хоол ундны зардлаа болон ах дүү хамсаатнаа цалинжуулж байна. Өөрөөр хэлбэл төсвийн мөнгө нэг айлын ах, дүүсийн цалин болж л урсаж байгаа юм. Тэгээд бүтэн жилд нэг ч дорвитой ажил бүү хэл наад захын иргэдтэй уулзаж үзээгүй тэд төрийн мөнгийг зүгээр л цусалж байгааг нь хатуу шүүмжилж байна. Цаашид ч шүүүмжилсээр байх болно. Бодоод үзэхэд зарим нэг айлын сарын цалин 900 мянган төгрөг. Үүгээрээ үр хүүхдээ тэжээж, өр шир ээ даран амьдарлаа залгуулж байхад УИХ-ын гишүүд энэ мөнгөөр унааны зардал нэрээр аваад сууж байж болохгүй ээ. Энэ шударга ёс мөн үү.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Бямбасүрэн: Зарим инфлюсер, ютүбрүүд хүүхдүүдийг юу ч мэдэхгүйгээр нь далимдуулж тархи угаахаа зогсоо

Сүүлийн үед ютүб хуудсандаа 1.43 сая дагагчтай Гремикс, 778 мянган дагагчтай Чами нар сахарлаг бүтээгдэхүүн сурталчлах нь хэрээс хэтэрлээ. Үүнээс үүдэн бага насны хүүхдүүд эрүүл мэндээрээ хохирч байна гэж эцэг эхчүүд шүүмжлэх болсон. Энэ талаар иргэн С.Бямбасүрэнтэй ярилцлаа.


-Таны хүүхэд дээрх хоёр ютүбэрийг үздэг үү?

-Тогтмол үздэг. Миний хувьд таваас долоон насны хоёр хүүхэдтэй. Үзүүлэхгүй гэхээр уурладаг. Яг л өглөө босоод нүүрээ угаах ёстой гэдэг шиг л энэ хоёрыг үзэх нь зуршил болсон. Үүнээс үүдэн юугаа ч мэдэхгүй жаахан хүүхдүүд эрүүл мэндээрээ хохирохын дээдээр хохирч байна. Яагаад гэвэл энэ хоёр ялангуяа Чамигын сурталчилдаг бүтээгдэхүүн ерөөсөө л сахар байдаг. Шинэ жилийн амттан, Дэлхийн хамгийн исгэлэн амттан гээд янз бүрийн өнгийн чихэр идэж байгаа бичлэгийг нь хүүхдүүд давтаад л үзнэ. Үзсэнийхээ дараа адилхан чихрийг хайдаг. Олдохгүй бол уйлна, уурлана. Янз бүрийн авир гаргадаг. Бичлэгүүдийнх нь үзүүлэлт бол дандаа хоёр саяас дээшээ байгаа. Одоо манай хүүхдүүд гэртээ ч зүгээр хоолоо идэхээ байсан. Хоолондоо 10-аас тэдэн оноо өглөө гээд иймэрхүү юм ярина. Дэлгүүр ороод ногоон, цэнхэр өнгийн чихэр харагдвал Чамигын иддэг чихэр байна. Энийг л авна гээд уйлдаг.

Эцэг эхчүүдийн хувьд үргэлж амттан авч өгнө гэдэг санхүүгийн хувьд дарамт болдог. Нөгөө талд уйлсных нь зоргоор чихэр авч өгөхөөр эрүүл мэндийн асуудал үүснэ. Хэн энэ бүхний дараа нь миний хүүхдийн эрүүл мэндийн асуудалд хариуцлага хүлээх үү. Ёстой өөрсдөө идсэнээрээ хохь нь гэж л хэлнэ.

-Хүүхдүүд Чамигын дэлгүүрт очих дуртай гэсэн. Та очиж үзсэн үү?

-Анх хүүхдийн баяраар хүүхдүүдээ дагуулаад орсон. Амьхандаа шинэ содон юм үзэж харах нь гэж бодоод очсон чинь аль ч дэлгүүрт байдаг л нэг чихэр, жимсийг өөрийн нэртэй туузаар л боогоод хэд дахин өндөр үнэ тавьсан байсан. Яг үнэндээ хүүхдүүдийн дарсан лайкаар амьдарч байж, яаж ингэж баярынх нь өдрөөр хүртэл шулж чаддаг байна аа гэж бодоод өнгөрсөн.

-Хэдэн насны хүүхдүүд үзэж байна вэ?

Одоо ялангуяа гурваас 10 хүртэлх насны хүүхдүүд хамгийн их үздэг юм билээ. Ихэвчлэн аливаа зүйлийн учир мэдэхгүй, төлөвшөөгүй бага насны хүүхдүүд хамгийн их автсан. Мэдээж хүн ардчилсан нийгэмд юу ч хийсэн болно. Гэхдээ нийгмийн хариуцлагын хүрээнд хүн бүрт хүлээсэн үүрэг гэж бий. Энэ бол “Чи юу ч хийж болно. Гэхдээ хэн нэгнийг хохироож болохгүй ээ” гэсэн үг. Эрүүл мэнд гэж юу болох талаар юу ч мэдэхгүй хүүхдүүдийн тархийг угаахаа зогсоомоор байна. Ютүбэр, инфлюсер гээд байгаа хүмүүс жаахан судалгаатай болох хэрэгтэй. Намайг хэдээс хэдэн насны хүүхэд үзэж байна. Миний сурталчилж байгаа энэ чихэр, жимс эрүүл бүтээгдэхүүн мөн үү. Гэхдээ хүүхэд хэт их сахарлаг бүтээгдэхүүн хэрэглэвэл эрүүл мэндээрээ хэрхэн хохирохыг мэдэж байгаа. Зарим инфлюсер, ютүбэрүүд жаахан хүүхдүүдийг юу ч мэдэхгүйгээр нь далимдуулж тархи угаахаа зогсоо. Үүрэг, хариуцлагаа ухамсарласан хүн бол тухайн үйлчлүүлэгчийнхээ нас сэтгэхүйд тохирсон зүйлийг хийдэг биз дээ. Хамгийн гол нь энэ асуудалд эцэг эхчүүд хүүхдээ хянаж чадсангүй гээд биднийг буруутгадаг. Яаж ч хааж, боогоод болохгүй байна шүү дээ. Бид нар гэр дотроо бөөн хэрүүл, маргаан, зодоон болно. Ямар ч нэмэр алга.

Эрх зүйч Д.Гандулам: Инфлюсер, ютүбэрүүд хүүхдийг хохироохуйц төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг нийгэмд сурталчилж болохгүй

Эрх зүйч Д.Гандуламтай ярилцлаа.


-Эцэг эхчүүд олон дагагчтай зарим ютүбэрүүдийн сахарлаг бүтээгдэхүүний сурталчилгаа хэрээс хэтэрлээ гэж шүүмжилж байна. эрх зүйч, залуу хөгжиж, дэвшиж яваа, хууль судалж яваа хүний байр сууринаас та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Ажиглаад байхад нийгэм массаараа шүүмжилж байна. Нийгэмд ийм асуудал

газар авахад нөлөөлсөн нэг хүчин зүйл бол манайд “Инфлюсер, маркетингийн тухай хууль” байхгүй юм. Та бүхэн ч гэсэн Хуулийн албан ёсны портал сайт дээр хайлт хийгээд үзэж болно. Тиймээс л иймэрхүү зах замбараагүй, дураараа нөхцөл байдал үүссэн байх гэж харж байгаа. Мөн манай улсад насанд хүрээгүй хүүхэд сахарлаг, чихэрлэг, хүнсний бүтээгдхүүн сурталчлах хориотой байдаг. “Зар сурталчилгааны тухай хууль”-ийн 16.1.Зар сурталчилгаа бүтээх, байрлуулах, түгээхэд дараахь зүйлийг хориглоно. 16.1.8. чихэр, давс, транс болон ханасан тос ихээр агуулсан хоол, хүнсний бүтээгдэхүүний зар сурталчилгаанд хүүхэд оролцуулах гэж заасан, хориглосон байдаг.

Яг үнэндээ одоогийн зарим ютүбэрүүд насанд хүрээгүй байхаасаа амттан, чихэр сурталчилсаар өдийг хүртэл явсан байх жишээтэй. Тиймээс бид инфлюсерийн марктенгийн тухай ойлголт, хэм хэмжээг нийгэмд ойлгомжтой болгох хэрэгтэй. Мэдээж хуулиараа хэн ч, юу ч хийж болно. Гэхдээ нийгмийн хариуцлагын хүрээ гэж бий. Жишээ нь хэн нэгэн инфлюсер, ютүбэр иргэнийг болон хүүхдийг эргээд хохироох зар сурталчилгаа нийгэмд хийж болохгүй. Сар сурталчилгааны тухай хуульд нийцсэн шалгуурт нийцсэн, Зар сурталчилгааны тухай хуульд зааснаар 6.5.1.зөвшөөрөл аваагүй тохиолдолд тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх үйл ажиллагааны талаар аливаа зар сурталчилгаа явуулах; 21.2.Зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааны хувьд зар сурталчилгаа захиалагч нь өөрийгөө, эсхүл бүтээгдэхүүнээ сурталчлуулахдаа зөвшөөрлийн гэрчилгээ буюу түүний зохих ёсоор баталгаажсан хуулбарыг үзүүлэх үүрэгтэй, 22.1.Зар сурталчилгаа бүтээгч нь зар сурталчилгаа захиалагчаас өгсөн захиалга, даалгавар нь зар сурталчилгааны тухай хууль тогтоомжийг зөрчиж байгааг түүнд урьдчилан мэдэгдэх үүрэгтэй. 22.2.Энэ хуулийн 22.1-д заасны дагуу урьдчилан мэдээлсэн боловч зар сурталчилгаа захиалагч өөрийн захиалга, даалгаврыг өөрчлөөгүй тохиолдолд зар сурталчилгаа бүтээгч зар сурталчилгаа бэлтгэхээс татгалзах үүрэгтэйг тус тус хуульчилсан байдаг.

А.Даваадулам

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Ганхуяг: Г.Занданшатарын Засгийн газрын “Алт-3” хөтөлбөрийг дэмжсэн шийдвэрийг УИХ яаралтай гаргах хэрэгтэй

Уул уурхайн сайд асан Д.Ганхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Засгийн газраас хэлэлцүүлсэн “Алт-3” хөтөлбөрийг зарим хүмүүс шүүмжилж байх шиг. Уул уурхайн сайдаар ажиллаж байсан хүний хувьд мөн эдийн засагч хүнийхээ хувьд энэхүү хөтөлбөрийн ач холбогдлыг хэрхэн дүгнэн харж байгаа вэ?

-Дэлхийн улс орнууд алтаа улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх гэхээсээ илүүтэйгээр гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх замаар үндэсний валютын ханшаа тогтвортой байлгах зорилгоор ашигладаг. Тодруулбал Төв банк нь өрсөлдөх чадвартай бодлогын хүрээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг компаниудаас олборлосон алтыг нь зах зээлийн үнээр худалдаж авах үйл ажиллагаа юм. Алтны зах зээлийн үнэ өссөөр байна. Түүнчлэн цаашид өсөх хандлага

тодорхой тохиолдолд Монгол банк алт худалдан авах үед авдаг Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр АМНАТ-ийг бууруулахгүй бол алт олборлогчид алтаа худалдахгүй илүү үнэд орохыг хүлээх, мөн арилжааны банкинд барьцаалж зээл авах, эцэст нь алтны үнийн өсөлт зогсохын өмнө алтаа өндөр үнээр борлуулах нь алт олборлогчдод ашигтай тусна.

Алтны үнэ өсөлттэй, АМНАТ харьцангуй өндөр, мөн Монгол банк алтыг олон улсын зах зээлийн үнээс доогуур үнээр авах бодлого баримтлах зэрэг тохиолдолд алтны худалдаа далд байдалд орох, эсхүл алт олборлогчид алтандаа боловсруулалт хийж нэмүү өртөг шингээн ашигаа нэмэгдүүлэх сонирхолтой болдог.

-АМНАТ харьцангуй өндөр гэдэг нь ямар учиртай вэ. Ихэнх орнууд гадаад валютын нөөцөө тогтвортой нэмэгдүүлж үндэсний валютын ханшаа тогтвортой байлгахын тулд алтны АМНАТ-ыг багаар, шаардлагатай гэж үзвэл “0” хувиар тогтоосон тохиолдолууд ч байдаг гэдэг. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Энэ нөхцөлд төв банк нь алтыг зах зээлийн үнээр авахаа зарлахад алт олборлогчид алтаа төв банкинд худалдах нь илт нэмэгддэг. Энэ нь бол алттай холбогдсон төрийн бодлогын зөв хувилбар юм.

-Бодитой жишээ байна уу…?

-2014 онд Монгол банкинд алтаа худалдсан тохиолдолд АМНАТ-ын таван хувыг 2.5 хувь болгох хууль баталснаар дараагийн жилүүдэд нь Монгол банкны худалдан авсан алтны хэмжээ 4.5 дахин нэмэгдсэн байдаг. Мөн Монгол Улсын алтны худалдаанд хөрш орнуудын алтны импортын татвар эсхүл АМНАТ-ын хэмжээ нөлөөлөх магадлал бий. БНХАУ, ОХУ-ын алтны АМНАТ 2014 оны үед 2-3 хувийн хооронд байв. Нөгөө нэг бодлогын хувилбар нь алтан дээр АМНАТ-ыг өндөр тогтоох, энэ хэмжээгээр төсвийн орлогыг өөр татваруудаар нэмэгдүүлэх бодлогыг баримтлах.Гэвч энэ нь хэрэгжилтийн үр дүн муутай муу бодлого юм. Гол шалтгаан нь алт хаана ч хэзээ ч борлогддогтой холбоотой. Нөгөө талаас хөрөнгө оруулалтын болон үйл ажиллагааны зардлаа өсгөх боломж ихтэй уул уурхайн компаниудад аж ахуйн нэгжийн орлогын албан татвар( ААНОАТ)-ыг хэмнэх боломж хангалттай байдаг. Иймээс өндөр АМНАТ-тай үед төв банкинд тушаагдах алтны хэмжээ буурна, нөгөө талаас аж ахуйн нэгжийн орлогын албан татвар(ААНОАТ) зэрэг татвараар улсын төсөвт орох орлого тийм ч олигтой нэмэгддэггүй талтай.

-Тэгвэл Монгол Улсад алттай холбогдсон төрийн бодлого хэрхэн өөрчлөгдөж ямар үр дүн гарч ирсэн талаар та товчхон дүгнэлт хэлэхгүй юу?

-Бодит байдал нь чамд өгөх графикуудаас тодорхой харагдана. График-1-ээр 1990 оноос 2020 оны эхний хагас жил хүртлэх хугацаанд Монгол банкинд тушаагдсан алтны хэмжээ, алтны зах зээлийн үнийг харж болно. 2009-2013 оны хооронд алтны үнэ өссөн,АМНАТ өндөр буюу таван хувьтай байсан учраас алт олборлогчидоос Монгол банкинд жилд худалдсан алтны хэмжээ бага, тодруулбал таван жилд дундажаар 3.5 тн, хамгийн бага нь 2010 онд 2.1 тн байсан байна. Нөгөө талаас зөвхөн газрын хэвлийн баялагт эзэн орны хувьд борлуулалтын орлогоос авдаг АМНАТ-ын нэг хувь нь татвар төлөхийн өмнөх ашгаас авдаг ААНОАТ-ын 4-5 хувьтай бараг тэнцэнэ. Энэ бол гол анхаарах цэг юм. Тэгэхээр алтны таван хувийн royalty( АМНАТ ) нь 22-23 хувийн ААНОАТ-тай тэнцэнэ гэсэн үг. Иймд АМНАТ өндөр тохиолдолд хэн ч төв банкинд олборлосон алтаа тушааж ийм өндөр татвар төлөхийг хүсэхгүй нь тодорхой болов уу.

-Иймээс л алт үнэтэй үед АМНАТ өндөр байх тусам төв банкинд тушаагдах алтны хэмжээ буурдаг нь нотлогдож байна гэсэн үг үү?

-Ийм байдалтай байсан учраас нүүрсний үнэ унасан 2013-2014 онд Н.Алтанхуягийн ЗГ “Алт худалдаанд ил тод байдлыг бий болгох тухай” гэсэн нэрээр Ашигт малтмалын тухай хуульд “олборлогчид алтаа Монгол банканд төгрөгөөр худалдсан тохиолдолд алтыг зах зээлийн үнээс доошгүй үнээр авах, АМНАТ-ийг 2.5 хувиар тооцох, харин Монгол банканд худалдалгүй алтаа экспортолсон тохиолдолд АМНАТ-ийг 10 (суурь АМНАТ 5 хувь, дээр нь үнийн өсөлтөөс хамаарч 5 хувь нэмэх)-хувиар тооцох” нэмэлт өөрчлөлтийг оруулсан. Энэ хуулийн өөрчлөлтийн үр дүнд 2013 оныг хүртлэх өмнөх дөрвөн жилд дунджаар 4.1 тн алтыг Монгол банк худалдан авч байсан бол 2014 онд 12.7 тн, 2015 онд 13.8 тн, 2016 онд 18.3 тн, 2017 онд 20 тн, 2018 онд 21.9 тн, 2019 онд 15.2 тн алтыг тус тус Монгол банк худалдан авч, нэг жилд худалдан авсан алтны хэмжээ нь дунджаар 4-5 дахин нэмэгджээ. Өөрөөр хэлбэл өмнөх таван жилийн дундажтай харьцуулахад алт олборлогчид 2015-2019 оны хоорондын таван жилд нийт 72.9 тн -оор илүү алтыг Монгол банкинд худалдаж, үр дүнд нь гадаад валютын нөөц 3.6 тэрбум орчим ам. доллараар нэмэгдсэн байдаг. Энэ 3.6 тэрбум ам.доллар нь 2020 оны улсын төсвийн орлогын 80 орчим хувьтай тэнцэж байж. Гэвч 2019 онд эрх баригч МАН-ын ЗГ дахиад л алт олборлогчид Монгол банкинд алтаа тушаасан тохиолдолд таван хувийн АМНАТ төлөх болгож, АМНАТ-ыг дахин нэмэгдүүлсэн. Энэ хууль батлагдсанаас хойш ганцхан жилийн дотор л Монгол банкны худалдан авсан алтны хэмжээ 6.7 тн-оор буурсан байх юм. 6.7 тн алт нь тухайн үеийн алтны үнээр тооцоход 340 орчим сая ам.доллар болно.

-2022 онд дайн эхэлсэнээс хойш алтны үнэ өссөөр өнөөгийн байдлаар 83.7 хувиар өссөн байна.Мэдээж алтны үнэ өсч байгаа энэ үед, Монгол банкинд алтаа худалдахад харьцангуй өндөр АМНАТ төлөх нь олборлогчдод хохиролтой учраас, тэд төв банкинд алтаа аль болох худалдахгүй байхыг бодно байх, тийм үү?

-АМНАТ-ыг таван хувь болгож нэмсэнээс хойш алтны үнэ өсч эхэлсэнээс өнөөг хүртлэх гурван жилийн хугацаанд нэлээд их хэмжээний алт хаашаа арилжаалагдсан нь тодорхой бус байгаа бололтой. Алт түүхэнд байгаагүй өндөр үнэд хүрч буй 2025 оны тухайд Монгол банкны худалдан авах алтны хэмжээ нь 2016-2018 онуудад Монгол банкны худалдан авсан алтны хэмжээний 50 хувьд ч хүрэхгүй байх магадлалтай байна. Иймд 2019 оны хуулийн өөрчлөлт нь хариуцлагагүй шийдвэр болжээ. Ер нь энэ нь төв банкны ерөнхийлөгч болон удирдлагын үндсэн ажлыг төсвийн орлого, зарлагыг нэмэгдүүлэх цорын ганц зорилготой Сангийн сайд нар чиглүүлж ирсэнтэй шууд холбоотой. Иймээс хөгжилтэй орнуудад СЯ-ны дарга нар, Сангийн сайд хийж байсан хүмүүсийг төв банкны удирдлагад томилдоггүй бичигдээгүй хууль үйлчилдэг юм байна. Ихэнх оронд төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг дахин төрийн албанд томилохдоо өмнө нь хашиж байсан албан тушаалынх нь төрлөөс хамааруулан хязгаарладаг хууль тогтоомж байдаг. Ийм хуулиудыг Англиар revolv­ing door, golden parachute, японоор амакудари гэдэг аж. Энэ хуулиудыг хэлтэй устай залуу гишүүд судалж батлуулмаар байна.

-Үндсэн сэдвээсээ өөр тийш хазайчихлаа. Энэ асуудалд тодорхой хязгаарлалт хийхгүй бол нийгэмд учруулах хор нөлөө нь их байх юм биш үү?

-Иймээс энэ ЗГ-ын “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд төсвийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор бус, гадаад валютын нөөцийг тогтвортой нэмэгдүүлэх зорилтыг хангахад төв банкинд алтаа худалдсан тохиолдолд төлөх АМНАТ-ыг бууруулах зорилгоор АМТХ-д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан бололтой. Энэ хууль хурдан батлагдвал Монгол банкинд худалдах алтны хэмжээ огцом нэмэгдэж улмаар энэ хэмжээгээр гадаад валютын нөөц өсч төгрөгийн ханш тогтворжино. Ийм хууль нь нийт монголчуудын эрх ашигт нийцнэ. Угаасаа үеийн үед дэлхийн улс орнууд алтаа улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх гэхээсээ илүүтэйгээр үндэсний валютын ханшаа тогтвортой байлгах зорилгоор ашиглаж ирсэн байдаг.

-Таны надад өгсөн графикт өөр ямар агуулга байгаа вэ?

-Дээрх дурьдсан өнгөрсөн үйл явцыг график-2-оос харж болно. Л.Оюунэрдэнийн ЗГ-ын үед Ц.Туваан сайд энэ хөтөлбөрийг ярьж байсан. Өнгөрсөн долоо хоногт энэ Засгийн газрын Аж үйлдвэр, эрдэс баялагийн сайд Г.Дамдинням энэ хуулийн төслийн гол зорилгын талаар тодорхой ярьсан. Иймд өмнө нь туршигдсан энэ хуулийн төслийг УИХ дэмжиж, хурдан батлах хэрэгтэй байна. Монгол Улс сүүлийн 10 жилд олон улсын хэмжээнд Ардчилалын, Хэвлэлийн Эрх чөлөөний, Өрсөлдөх чадварын, Авилгалын, Улсын төсвийн үр өгөөжийн, Бизнес эрхлэхүйн зэрэг үзүүлэлтүүд 5-50 байраар ухарчээ. Дээрх хугацаанд улсын төсөв зарлагыг 3.5 дахин тэлж, Засгийн газрын өр 1.6 дахин буюу 12.5 их наяд төгрөгөөр нэмэгдэж, ам. доллартай харьцах төгрөгийн ханш 85 хувиар унаж, ам. доллароор тооцсон улсын дундаж цалин 54.2 хувиар буурч. Үр дүнд нь төгрөгийн ханшны огцом уналтаас улбаалсан импортын өргөн хэрэглээний барааны үнэ гурав хүртэл дахин нэмэгдэж, ядууралыг хамрах хүрээ 15 орчим хувиар тэлж, авдаг цалин нь амьдралд нь хүрэхгүй шалтгаанаар олон арван мянган залуус гадагш явж, төрөөс төрдөг тэрбумтаны тоо илт олширч, баян хоосны ялгаа нэмэгдэж, үр дүнд дундаж орлоготой давхрага нимгэрч байна.

-Төрийн алдаатай бодлогын үр нөлөө юу?

-Энэ бүхэн эдийн засаг, санхүү төсөв, мөнгөн, хөрөнгө оруулалтын алдаатай бодлоготой шууд холбоотой. Тухайлбал сонгуульд зориулж төсвөө хэт их тэлсэн, гадаад валютын нөөцийг бүрдүүлэх болон нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй алтан дээрээ хүртэл буруу бодлого гаргасан, улсын төсвийн хөрөнгийн үйлчилгээний зардлыг ( ажиллах хүч, инженерийн байгууламжийн ашиглалтын зардал гэх мэт) ихээр нэмэгдүүлдэг төрийн байгуулагын конторын барилгыг олноор нь барих зэргээр төсвийг үр өгөөж муутай зарцуулдаг, төрийн өмчит аж ахуйн нэгжийн тоог олноор нэмж байгуулсан болон төсвийн зарлагыг ихээр тэлсэн нь төрийн эдийн засаг дэх оролцоог нэмэгдүүлж, энэ бүхэн нь авлигал өсөх суурь хөрс нь болсон. Хөгжилтэй орнууд нь ажил эрхэлж бүтээж байгаа иргэдээ дэмжиж хөгжсөн атал, сонгуульд ялж эрх мэдлээ хадгалах гэсэн ядмагхан зорилтоо хэрэгжүүлэхийн тулд халамжийг хавтгайруулж, элдэв төрлийн бэлэн мөнгө тараасан, экспортын гол нэрийн бараа болох нүүрс үнэтэй үед гадаад валютын хуримтлалаа нэмэгдүүлж чадаагүй, төрийн байгуулагад алба хашдаг хүмүүсийн тоог 30 гаруй хувиар нэмэгдүүлж ТОМ төрийг бий болгосон, татвар, элдэв төлбөр болон хураамжийг ихээр нэмэгдүүлсэн зэргээс хувийн хэвшлийн ААН-үүдийн тоо буурч,ажиллах орон зай нь хумигдсан зэрэг байдалтай байна.Монгол Улс маань өнөөдөр социализмын үеэсээ ч хамаагүй илүү олон төрийн байгууллагын контортой улс болсон.

-Ийм байдалтай улс орныг Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдон хүлээж авлаа, тийм үү?

-Тэр ерөнхий сайдын хувиар УИХ-ын индэр дээрээс ард түмэндээ хандан тавьсан илтгэлд авууштай олон санал, санаанууд байсан гэж бодож байна. Энэ нь бол түүний улс төрчийн олон жилийн туршлага, эзэмшсэн мэрэгжил, төлөвшилтэй холбоотой болов уу гэж бодож байна. Түүний илтгэлээс товчхон хэдэн санааг нь тодотгоё. “Монголчууд бид гадаад, дотоод таагүй нөхцөлөөс хохирч биш, хожиж гарах ёстой. Нүүрсний экспорт зогсонги байдалд орж нүүрснээс их хамааралтай манай эдийн засаг хүндхэн сорилттой нүүр туллаа.Тухайлбал 2025 оны эхний улиралд эдийн засгийн өсөлт хоёр дахин буурлаа. Түүнчлэн төсвийн орлого тасалдаж, гадаад валютын нөөц, монгол төгрөгийн ханшид сөрөг дарамт учирч, инфляц нэмэгдэж байна. Урьдчилсан тооцооллоор жилийн эцэст төлбөрийн тэнцлийн алдагдал нэг тэрбум ам.долларт хүрч магадгүй боллоо. Мөн эрчим хүчний системийн найдвартай, тасралтгүй үйл ажиллагаанд гэнэтийн эрсдэл үүслээ. Тиймээс эдийн засгаа тогтворжуулж, иргэдийнхээ орлого, амьжиргааг тамиржуулах, эрчим хүчний гэнэтийн доголдол зэрэг тулгамдсан асуудлуудыг нэн яаралтай шийдвэрлэх шаардлага үүслээ.Улсын эдийн засаг хүнд байгааг шулуухан хэлж, бодит үнэнтэй нүүр тулахаас өөр гарцгүй.Зардлаа багасгаж, орлогоо хэмнэхээс өөр сонголт бидэнд алга. Гэхдээ эрсдэлийг даван туулах арга хэмжээг хэрэгжүүлэхдээ ард түмэн, аж ахуйн нэгжийнхээ нуруунд үүрүүлж, халаас хэтэвчийг нь тэмтрэх байдлаар биш, төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчмыг барих ёстой. Тиймээс Монгол Улсын 2025 оны төсөвт нэн яаралтай хэмнэлтийн тодотгол хийнэ. Төсвийн зардал, ачааллыг нэмэгдүүлж байгаа төрийн нүсэр бүтцийг эмхлэн цэгцэлж, хариуцлагыг чангатгана. Төрийн өмчит компаниудын тоог цөөлж, хувьчлалыг эрчимжүүлэн, засаглалыг сайжруулж, олон нийтийн хяналттай, цомхон, чадварлаг, үр өгөөжтэй байхуйц бүтцийн өөрчлөлтийг хийнэ. Манай Засгийн газар хөдөлмөрлөж байгаа хүн бүрийг, ажил олгогч – баялаг бүтээгч нараа бүх талаар дэмжиж ажиллах болно. Тиймээс татвар, нийгмийн даатгалын сангийн цогц реформ хийж, иргэн, аж ахуйн нэгжийн татварын дарамтыг бууруулна.Түүнчлэн хувийн хэвшлийн хийх боломжтой ажлыг төр хийхгүй байх зарчим баримтална”гэж хэлсэн байдаг. Энэ “хувийн хэвшлийн хийх боломжтой ажлыг төр хийхгүй байх зарчим баримтална” гэдгийг санал хэрэгждэгсэн бол улсын хөгжилд чухал үр дүнг авчирна. Үнэхээр дээрх саналуудыг ажил хэрэг болговоос Монгол Улс маань зөв гольдролд орж хөгжинө гэж гэдэгт эргэлзэхгүй байна. Дээрх саналуудыг бодлого талаас нь Парламентийн болон хуулийн засаглалыг бэхжүүлэх шинэчлэл, Улсын төсвийн шинэчлэл( реформ), татварын реформ, НДШ болон тэтгэврийн реформ, боловсрол болон эрүүл мэндийн салбарын шинэчлэл, иргэний нийгмийн байгуулагуудын бие даасан байдлыг бэхжүүлэх зэргээр жагсаан бичиж байгаад хэрэгжүүлээсэй гэж бодож байна.

-Хаврын чуулган өндөрлөх гэж байна. Тэгэхээр таны хэлсэн саналуудыг ирэх намрын чуулганаар л гишүүд оруулж ирэх байх…?

-Чуулган завсарласан хугацаанд ЗГ дээрх РЕФОРМ-ууудыг хийх бэлтгэлээ базааж хуулийн төслүүдээ бэлтгэж УИХ-д өргөн барьж чуулганы завсарлагаар 126 гишүүд маань Байнгын хорооны бүтцэддээ тулгуурлан энэ хуулийн төслүүд дээр идэвх зүтгэл гаргаж хурдацтай ажиллах хэрэгтэй. Ер нь өнөөгийн Монгол Улсын загсаглал, бизнесийн орчин, эдийн засаг, нийгмийн байдал сайнгүй байна. Энэ байдал нь сайжрах эсэх нь ЗГ болон УИХ-ын үйл ажиллагаанаас хамаарна. Цаг хугацаа хурдан өнгөрдөг ялангуяа дөрвөн жилийн хугацаа олигтой юм хийж амжаагүй байтал дараагийн сонгууль хаяанд ирчихдэг. Бараг бодитой юм хийхгүй бол ярьсаар байвал дөрвөн жилийн хугацаа нэг л мэдэхэд дуусна. Иймээс УИХ-ын гишүүд нэг нэг салбарын тулгамдсан асуудлыг сонгож аваад үүгээрээ мэрэгшиж үр дүнтэй ажиллах нь чухал. Ер нь парламентийн засаглалтай оронд УИХ-аар хэлэлцэгдэн батлаж байгаа хуулийн 70-80 хувь нь ЗГ-аас өргөн баригдсан хуулиуд байдаг. Иймээс ЗГ-ын гишүүдийн үндсэн ажил нь УИХ-дээр болон УИХ-тай хамтарч ажиллах байдаг. ЗГ ч бай УИХ ч бай бодлогын шийдвэрийн төсөл бэлтгэхдээ ардчилсан хөгжилтэй орнуудын хамгийн сайн загвар, тогтолцоог бүтнээр нь авахад анхаарах хэрэгтэй. Харин болохгүй байгаа асуудлыг шийдэхдээ төрийн оролцоог нэмэгдүүлэх эсхүл төрд авна гэдэг хувилбарыг битгий сонгоорой гэж хэлэх байна. Энэ нь үргэлж буруу шийдвэр болдог нь бичигдээгүй хууль.

-Уул уурхайн салбар нь өнөөдөр Монгол улсыг, түүнчлэн эдийн засгийг авч яваа салбар гэж хэлэхэд хилсдэхгүй байх. Тухайлбал экспортын орлогын 95 хувь улсын төсвийн орлогын 40 орчим хувийг энэ салбар бүтээж байна. Уул уурхайн салбар нь эдийн засгийн бусад салбарууддаа маш их дам нөлөөтэй байдагтай та санал нэг байна уу?

-Энэ хангалттай үзүүлэлт. Санал нэг байна. Өнөөдөр дэлхий дээр экспорт хийж ам.долларын орлого олохгүйгээр ямар ч улс хөгжих боломжгүй. Уул уурхайн салбарын төрийн өмчит компаниудыг нэн яаралтай нээлттэй хувьцаат компани болгох. Ингэхдээ өөрийнхөө хөрөнгийн биржийг түшиглэн хийсэн нь дээр. Шалтгаан нь Монгол Улсад хөрөнгийн зах зээл хөгжинө, хөрөнгө оруулагчид өөрсдөө орж ирнэ, татварын хувь хэмжээ нь өрсөлдөх чадвартай байвал хувьцаанаас олсон ашгаас ч татвар авах боломжтой гээд олон давуу талууд бий болдог. Алтны олборлолтыг нэмэгдүүлэхээр Гачууртын, Гутайн давааны гэх мэтээр 3-4 үндсэн ордыг ярьж байх шиг байна. Энэ нь ч зөв байх. Гачууртын орд нь Ноён уултай ойрхон гэдэг ч лав 6-7 км-ийн зайтай байсан санагдаж байна.

-Ноён уултай холбоотойгоор асуудал бас яригдаж байна…?

-Түүхэн олдворууд газар доор нь байдаг бол урьдчилсан хайгууль хийж илрүүлэх боломж ч байдаг. Эдгээр ордуудаас гадна хамгийн том нь Баянхонгор, Говьалтай аймгийн Хатан суудал, Мэлтэс хэмээх төрийн тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт байдаг алтны нөөцийг төрийн өмчийн компаниар захиалга хийлгэж, хяналт тавиулаад ядахдаа нөөцийг нь тогтоолгосон дээр гэж хэлэх байна. Манай улсын геологийн чиглэлийн төрийн байгуулагуудын туршлагатай мэрэгжилтэнүүдийн судалгаанд үндэслэсэн яриагаар бол хамгийн багадаа 300 тн алтны нөөц тогтоогдоно гэдэг. Ер нь энэ бүс нутагт байгаа алтыг зарим байгууллага, хувь хүмүүс заримдаа зөвшөөрөлгүй олборлодог гэх мэдээлэл гарах болсон. Хэрэв үнэн бол ингэж болохгүй. Тэр бүс нутагт байгаа алтны таамаг нөөцийг улсын төсвийн санхүүжилтээр эрэл, хайгууль хийгээд тогтоочихсон байхад төр, засаг нь нүдээ аниад суугаад байж болохгүй. Ингэвэл улсын эрх ашгаас урвасан болно. Нөгөө талаас нэг л мэдэхэд гадаад, дотоодын хамтарсан байгууллага, хүмүүс лицензийг нь авчихсан байхыг үгүйсгэхгүй. Ингэвэл тун тусгүй. Иймд энэ их баялагийг нэг хэсэг хүмүүсд биш улс, нийт иргэдэд өгөөжтэй байдлаар ашиглах нь зөв гэсэн өнцгөөс үүнийг хэлж байгаа юм. Иймээс холбогдох хуулийг өөрчлөх замаар хайгууль хийж ашигт малтмалын нөөцийг тогтоох бүрэн боломжтой. Монгол Улсад өөрчлөгддөгүй хоёр зүйл байдаг гэж хүмүүс хошигнодог. Тэр нь хэзээ ч импортын барааны үнэ буцаж буурдаггүй, төгрөгийн ханш буцаж чангардаггүй гэх. Дээр дурьдсан бүс нутагт дахь алтны нөөцийг тогтоочихвол ойрын 10 жилдээ төгрөгийн ханш тогтвортой байх, цаашлаад төгрөгийн ханш чангарч ард түмний нуруу тэнийх боломжтой гэж үздэг.

-Төгрөгийн ханш суларч, ам.доллар өссөөр байна. Үүнийгээ дагаад иргэдийн амьжиргаа, ядуурлын түвшин нэмэгдсээр байгааг яаж тогтворжуулах уу?

-Өнөөдөр Монгол Улсад иргэдийн амьжиргааны чанар дээшлэхгүй, ядууралын хамрах хүрээ тэлээд байгаа хамгийн том шалтгаан нь төгрөгийн ханшны уналт. Үүнээс шууд улбаатай импортын барааны үнийн өсөлт. Хөгжсөн орнууд бүгд л энэ давааг давсан байдаг.Тэр нь төсөв, санхүү, мөнгө, экспорт, хөрөнгө оруулалтын хоорондоо уялдсан тогтвортой бодлогын үр дүн гэдэг.Тогтвортой гэдэг үгийг олон улсад дунд, урт хугацаанд төрийн бодлого нь тогтвортой байхыг гэж ойлгодог. Манай эрх баригчид өнөөгийн энэ төгрөгийн ханшны уналт, инфляцын өсөлт нь олон түмний амьдралын чанарыг ямагт доошлуулж байгааг ойлгох цаг нь болсон. Төгрөгөөр их орлого олдог төрөөс төрдөг тэрбумтануудад бол энэ байдал мэдрэгдэхгүй байгаа байх. Энд нэг жишээ татахад энэ хавар АНУын New York хотноо болсон хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр Беркшир Хэтэуэй компанийн гүйцэтгэх захирал асан Уоррен Баффетаас “МУсад хэрхэн яаж гадаадын хөрөнгө оруулалтыг татах вэ?” гэсэн асуултанд “танай улс олон улсад маргаантай асуудлаа шийдэх, мөн бизнесийн орчноо сайжруулах, гол нь үндэсний валютын ханшаа тогтвортой байлгах нь чухал байх. Үндэсний валютын ханш нь огцом хэлбэлздэг оронд хөрөнгө оруулагчид очих дуртай биш байдаг” хэмээн хариулсан гэсэн мэдээлэл сошиал орчинд нилээд явсан. Уоррен Баффет нь дэлхийн хувьцааны зах зээл дээр хамгийн сайн тоглогч төдийгүй, хамгийн алдартай хөрөнгө оруулагч. Хувьцаанаас мөн M&A(компаниудыг нэгтгэх эсхүл хувааж худалдаж авах,Mergers and Acquisitions) зэргээс ашиг олно гэдэг нь тийм хялбар биш байх. Дунд, урт хугацаанд улс төр,бизнес, хөрөнгө оруулалтын орчин ямар байх вэ. Үүнээс хамаарч тухайн компанийн орлого ашиг ямар байх вэ гэдгийг судалж хөрөнгө оруулна гэсэн үг болов уу. Энэ хүний мөрддөг зарчим нь “Алдаагаа нээлттэй хүлээн зөвшөөрч, хурдан засах. Алдааг засахыг хойшлуулах нь хамгийн том нүгэл” гэдэг. Бидний улстөрчид ч үүнээс суралцмаар юм уу. Гэтэл бүх эрх мэдэл өөрсдөд нь байсаар байтал, асуудал бишдэхээр хэн нэгэнд ямагт бурууг өгнө. Өөрсдийнх нь төр түшилцэж байгаа эсхүл эрх барьж байх энэ үед нь засаглал, эдийн засаг, бизнес, нийгмийн ихэнх индикатарууд муудаад байхад л өмнөх 30 жилд бурууг өгсөөр.

-Угтаа сонгогдсон өдрөөсөө эхлэн урагшаагаа харж амлалтаа биелүүлэх үүрэгтэй биз дээ…?

-Тийм. Харин энэ Ерөнхий сайд нь “үнэнтэй нүүр тулна” гэсэн нь алдаагаа хүлээн зөвшөөрч засна гэсэн санааг агуулж байгаа байх гэж бодож байна. Алддаггүй хүн гэж энэ хорвоод байхгүй. Саяхан Ерөнхий сайд Г.Занданшатар гадаадад байгаа элчин сайдын яамддаа хөрөнгө оруулалт татахад гол анхаарлаа хандуулахыг чиглэл болголоо гэсэн мэдээлэл гарсан. Энэ нь бодвоос зөв л дөө. Гэвч энд гурван асуудал байна.

-Ямар асуудал байна вэ?

-Нэг нь энэ стратегийн ордын төрийн эзэмшилтэй холбогдсон хэрүүл маргаан, нөгөө дэх нь уул уурхайг эсэргүүцэгчид, мөн газрын харилцаа ба луйврын асуудал гэсэн. Мэдээж Үндсэн хуулинд “газрын хэвлийн баялаг нь гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заасан учраас “улсын төсвийн хөрөнгөөр хайгууль хийж, ашигт малтмалын нөөцийг нь тогтоосон ордын лицензийг эзэмшигч компанийн хувьцааны 100 хувийн эзэн нь төр байх учиртай. Энэ асуудал дээр 2015 онд экс ерөнхийлөгч Х.Баттулга, УИХын дарга Зандаахүүгийн Энхболд нарын 39 гишүүн улс , нийт ард иргэдээ бодсон шийдвэр гаргаж тэмцсэнийн хүчинд том Таван Толгойн орд ( ТТО,5 бүлэг ордоос бүтэх бөгөөд, нийт коксжих нүүрсний 80 орчим%)ыг төрийн эзэмшилд хэвээр нь авч үлдсэн байдаг. Тэр үед нүүрс үнэтэй үеийнх( 2020-2023 он) нь зөвхөн 12 жилийнх нь ашигтай тэнцэх орлогоор ТТО ордыг бүхлээр нь 50 жилийн хугацаатай гадаад, дотоодын консерциумд маш тааруу гэрээгээр өгөөд тавьчих дөхсөн. Ингэж ТТО-ынг авч үлдсэний хүчинд өнгөрсөн хугацаанд манай улсын экспортод маш чухал нөлөөтэй байсан.

-Ер нь Монгол улсад шилжилтийн үед энэ стратегийн орд дээр алдаа завхрал гарсан үнэн. Үүнийг та хүлээн зөвшөөрөх үү?

-Тэр нь социализмын үед ард түмний буюу улсын төсвийн хөрөнгөөр хийсэн том( стратегийн гэх) ордуудаадаа тухайн үед хайгуулын лицензээр хувийн компаниудад өгчихсөн байдаг. Энэ хүү лиценз нь төрийн байгуулагаас өгсөн албан ёсны зөвшөөрөл. Уул уурхайн салбарт нэгэнт тухайн орны төр, засгийн байгууллага нь лиценз буюу зөвшөөрлөө өгчихсөн бол, энэ зөвшөөрлийнх дагуу үйл ажиллагаа явуулах боломжоор хангаж өгөх нь тэр орны холбогдох төрийн байгуулагын хууль ёсны үүрэг болдог. Энэ нь дэлхий дээр уул уурхай хөгжсөн орнуудын баримталдаг ердийн зарчим нь юм. Ухаа худаг, Бороо гоулд, Төгрөг нуур, Хотгор шанага, Цагаан суврагын ордод төр 3450 хувийг эзэмших ёстой гэж ЗГ болон УИХын гишүүд нь байнга гарч ирж л яриад, нийгмийг хуваан бухимдуулна. Уг нь улсын төсвийн хөрөнгөөр хайгууль хийсэн орд зарчмын хувьд ярих нь зөв байх. Гэтэл тухайн үеийн ЗГын агентлаг нь тэр үед мөрдөгдөж байсан хуулийн дагуу хайгуулын лицензийг нь өгчихсөн байдаг. Энэ лиценз чинь төр,засгийн зөвшөөрөл байхгүй юу. Зүйрлэвэл Монгол Улсыг иргэн гэдгийг нотлох иргэний үнэмлэх, түүнчлэн гадаад паспорт зэрэгтэй төстэй төрөөс олгосон үнэмлэх, зөвшөөрөл юм.

-Нөгөө талаас нэгэнт ашигт малтмалын хайгуулын лиценз( Х лиценз)-ийг төрөөс авсан компанийн удирдлага юу хийх ёстой вэ?

-Тэд аль болох богино хугацаанд хайгууль хийж нөөц тогтоон ашиглалтын лиценз (А лиценз) авахыг зорино. А лиценз авч чадахгүй бол зүгээр л лицензийн төлбөрт шатаад дуусна. А лиценз авахад хөрөнгө их шаардагдах учир банкнаас зээлнэ, хөрөнгөтэй хувь хүн, байгууллагатай хамтарна гээд зөндөө юм болно. Ингээд А лиценз авсныхаа дараа үйлдвэр барих, иж бүрэн дэд бүтэц болгох бас их хэмжээний санхүүжилт ихтэй болно. Стратегийн 16 орд, стратегийн ордод хамруулах эсэхийг судалгаанд үндэслэн УИХ-аар шийдүүлэх социализмын үед улсын төсвийн хөрөнгөөр тодорхой түвшинд нөөцийг нь тогтоосон нийт 55 орд байх шиг гэнэ. Гэхдээ эдгээр ордоос төрийн агентлаг нь хувийн хэвшлийн компанид лицензийг нь аль хэдийн өгчихсөн. Түүнчлэн хайгууль хийж нөөц тогтоогоод А лиценз авчихсан, эсхүл ашиглаж байгаа бол ЗГ мянга 34-50 хувийг нь авна гэж яриад, бодит байдал дээр хэрэгжих үндэслэл туйлын бага.

-Үүнтэй холбоотой бодит жишээ байна уу?

-Дорноговийн Гурван булагийн ураны ордыг социализмын үед ард түмний хөрөнгөөр хайгууль хийж нөөцийг нь тодорхой түвшинд тогтоосон гэдэг. Гэтэл энэ ордод Канадын Хаан ресурс хк нь төрийн агентлагаас хайгуулын лицензийг аваад нэмэлт хайгууль хийж нөөцөө шинэчлэн тогтоосон байсан гэх. Гэвч С.Баярын ЗГ энэ лицензийг нь хүчингүй болгосноор, уг компани нь олон улсын арбитрын шүүхэд хандан, манай улсын ЗГ энэ шүүхэд дээр ялагдаж 70 сая.ам.долларын торгууль төлж хохирсон гашуун туршлага бий. Тэгэхэр социализмын үед улсын төсвийн хөрөнгөөр хайгууль хийж нөөциийг нь тогтоосон гэсэн үндсэн шалтгаанаар УИХ-ын тогтоолоор стратегийн ордод орсон, мөн түүнчлэн стратегийн ордод оруулах эсэхийг судалж үзэх ордуудын жагсаалтанд орсон боловч, тухайн үеийн хуулийн дагуу төрийн байгуулагаас нь Х лицензийг нь авч нэмэлт хайгууль хийх зэргээр А лиценз авсан, зарим нь ашиглаж байгаа дээрх ордуудад төр хувь эзэмших гээд маргаад байгаа асуудлыг хэлэлцээр хийж шийдэхээс өөр гарцгүй юм шиг санагдаж байна.

-Бас сүүлийн үед Онтре гоулд ХК-ийн асуудлаар улс төрчид нилээд ярих болов. Үүнд та бас байр сууриа илэрхийлнэ үү?

-Уг нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд тодорхой заасны дагуу тэр хоёр Х лицензийн талбайн доорх ашигт малтмалын нөөцийг ашиглах компанийн 34 хувийг МУЗГ эзэмших учиртай байсан. Гэтэл 2010-2011 онд байх, Онтре гоулд хк-д зүгээр А лицензийг нь зүгээр бичээд өгчихсөн байдаг. Тэгээд хэрэв энэ А лицензийг нь МУЗГ хүчингүй болговол олон улсын арбитрийн шүүх дээр дахиад ялагдаж, их хэмжээний торгууль төлөхөд хүрч болзошгүй.

-Үр дүнд нь юу болсон бэ?

-Онтре гоулд компанийн хайгуулын хоёр лицензийг 100 хувь эзэмшигч компанийн хувьцааны 34 хувийг эзэмших байсан бол, энэ лиценз эзэмшигч компанийн 70-80 хувийнхан 34 хувийг эзэмшихээр болсон байх. Үүний зөрүү нь 2014 оны байдлаар МУ-сад орох орлого 1.7 орчим тэрбум ам.долларын буурахаар тооцоо гарч байсан. Ер нь ЗГын агентлаг, яам нь тухайн үедээ ингэж хариуцлагагүй хандчихаад, дараа дараачийн ЗГ болон УИХын гишүүд нь хойноос нь маргаан дэгдээгээд байдаг нь ямар ч утгагүй мангар асуудал юм.

-Нөгөөтэйгүүр уул уурхайг эсэргүүцэгчид цөөнгүй байна шүү дээ…?

-Монгол хүн бүр хуулийг мөрдөх учиртай. Нөгөө талаас төр, засаг нэгэнт лицензээ өгсөн бол бусад орнуудын жишгээр хөрөнгө оруулагч компаниудад хайгууль хийх, өрөмдлөг хийж ашигт малтмалын нөөц тогтоох, ашиглах боломжийг бүрдүүлэх үүрэгтэй. ЗГ-ын Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас Х лиценз авсан компаниудыг лицензийн талбайд очиход нь аймгийн, ялангуяа сумын удирдлага эсрэг юм аа яриад суулгүй ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэх ажлыг тэдний ажлын чиг үүргэд тусгасан хуулийг УИХ батлах хэрэгтэй. Тэгээд ямар нэг асуудал үүсвэл Уул уурхайн асуудал хариуцсан ЗГын тусгай эрхэт төлөөлөгчтэй нь холбогддог бусад оруудын сайн туршлагыг нэвтрүүлмээр байна. Тэрнээс улс төр эдийн засгийн бүлэглэл эсхүл намууд “иргэдийг уул уурхайн компаниудын эсрэг турхирчихаад” ард суугаад байж болохгүй. Ийм байвал дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид энэ улсаас зугтсан хэвээр байх болно.

-Өөр нэг зүйлийг танаас сонирхон асууя. Газрын зөвшөөрөл олгох, газар эзэмшүүлэх, өмчлөх эрхтэй холбоотой асуудлаар таны байр суурь ямар байдаг вэ?

-Газрын харилцаан дээр иргэд, байгуулагад 15 жил эзэмших гэрчилгээ өгч газрын өндөр түрээсийн төлбөр авдаг. 2014 оноос хойш Газрын дуудлага худалдааны босго үнэ гэж нилээд их хэмжээний төлбөрийг авдаг болсон. Тэгсэн мөртлөө Газрын тухай хуулинд байдаг “хэрэв хоёр жилийн хугацаанд газраа ашиглахгүй…” гэсэн коммунист утгатай заалтыг барьж газрын гэрчилгээг нь цуцлах, түдгэлзүүлэх үйлдэл нилээд их байгаа юм билээ. Хүн бүрт, эсхүл байгууллага бүрт ийм боломж байгаа билүү. Газар дээр барилга барих зөвшөөрлийг бүрэн аваад, зураг төслөө батлуулах, ажлын зургыг хийлгэхэд богинодоо хоёр жил шаардагддаг. Зүүн дөрвөн замаас баруун дөрвөн замын хоорондох үнэ цэнэтэй газруудаас бүгдээрэнгээс нь ГДХБҮ гэгчийг авсан билүү. Ихэнхээс нь аваагүй. Энэ нь шудрага бус л даа.Нөгөө талаас хэрэв ГДХБҮийг авсан бол олон улсын жишгээр дуудлагын худалдаагаар авсан бүх зүйл тухайн хуулийн этгээдийн өмч болдог жишиг байдаг. Иймд УБ хотоос сонгогдсон УИХ-ын гишүүд, мөн НИТХын гишүүд нийслэлийн бүх иргэд, оршин суугчидын амьдралын үндэс нь болсон Газрын харилцаатай холбогдсон эрх зүйн орчноо боловсронгуй болгох хэрэгтэй байна. Түүнчлэн гадны хөрөнгө оруулагчдад ч гэсэн манай улсын үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулах сонирхол байдаг боловч эрх зүйн орчны тодорхой бус,найдваргүй байдлаас болоод зай барьсан байдалтай байдаг юм билээ. Эцэст нь манай сонгогч иргэд өдөр бүр хэрсүү болж байна. Цаашид улам хэрсүү болж 2028 оны УИХ-ын сонгуулиар ардчилсан хөгжилтэй орнуудын сонгогч иргэд лугаа эрх баригч нам болон ггшүүдийнхээ ажлыг“ иргэдийн амьдралын чанар дээшилсэнэ үү, доошилно уу, бизнесийн орчин сайжирсан уу, муудсан уу, хулгай нэмэгдсэн үү, Үндсэн хууль болоод бусад хуулийг зөрчсөнө үү, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан уу гэсэн 4-5-хан үзүүлэлтээр дүгнэдэг болмоор байна!

-Удахгүй Үндэсний их баяр наадам болох гэж байна. Та сайхан наадаарай?

-Олон улсад гайхагддаг Монгол наадам маань болох гэж байна. Нийт монголчууддаа дэлхийд хосгүй монгол наадмаараа Дэнж хотойтол сайхан наадахыг ерөөж байна. Наадмын дараа намар гэдэг. УИХ, Засгийн газар баяр наадмын өдрийг дуусгаад улс орныхоо хөгжлийн төлөөх ажилдаа ханцуй шамлан орж, чин сэтгэлээсэй зүтгээсэй билээ.

 

 

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Аравдугаар Богд юунаас болоод үзэгдэхээ болив?

Богд бол Монголын буддын шашны тэргүүн. Монголчуудын өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийг даасан оюун санааны манлай гэдэг. Анхдугаар Богд тодорсон 1639 оноос 1924 оныг хүртэл 8 Богд монгол түмний оюун санааг манлайлж байв.

Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар нь Түшээт хан аймгийн Илдэн бэйлийн хошууны нутаг Усан зүйл хэмээх газар 1635 онд Түшээт хан Гомбодорж, хатан Ханджамц нарын гэрт мэндэлсэн. 3 настайдаа Манзушир бурханы магтаалыг цээжээр уншиж, 4 настайдаа энэтхэг, төвд хэлээр судар ном уншиж эхэлсэн. Төвдийн 5-р Далай лам, Банчин Богд нар 5 настайд нь Монголын шашны тэргүүн, Анхдугаар Богдод өргөмжлөн залжээ.

2-р Богд Лувсандамбийдонмэ 1724 онд Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны нутагт Туул голын сав газар Өгөөмөр хэмээх газарт Хотгойдын Баярт гүний гэрт мэндэлжээ. 1729 онд зургаан настайд нь Халхын 2-р Богдод өргөмжилжээ.

Манжийн төр 2-р Богдоос хойшх дүрүүдийг Төвдөөс тодруулж байх зарлиг гаргажээ. Тиймийн учир Төвдийн Литанд түшмэл Данзангомбо, эх Норжинбаммо нарын гэр бүлд 1758 онд мэндэлсэн Ишдамбийнямыг 1763 онд 3-р Богдын ширээнд залж, ёслол үйлдэн эрх ямба, цол хэргэмийг нь шагнажээ.

4-р Богд Лувсантөвдэнванчүгжигмэджамц нь 1775 онд Төвдийн Лхас нутагт түшмэл Содномдаш, эх Янжинлхам нарын гэрт мэндэлсэн. Түүнийг 4-р Банчин-Эрдэнэ Халхын 4-р Богдод тодруулж, 7 настайд нь 1781 онд Их Хүрээнд залж ёслол үйлджээ.

5-р Богд Лувсанчүлтэмжигмэддамбийжанцан 1815 онд Төвдийн Лхас хотын ойролцоо түшмэл Гомбодондов, эх Ригзэнбүтэд нарын гэрт мэндэлсэн. Түүнийг 7-р Банчин-Эрдэнэ: 5-р Богд мөн хэмээн тодруулж 1820 онд 6 настайд нь их суудалд залж ёслол үйлджээ.

6-р Богд Лувсанбалдандамбийжанцан 1843 онд Төвдийн Лхасын хойд хэсэгт эцэг Содномдаржаа, эх Лхамдолгор нарын гэрт мэндэлжээ. 7-р Банчин-Эрдэнэ түүнийг 6-р Богдоор тодруулж увш сахил хүртээжээ. 1848 онд Монголд залж 6-р Богдод өргөмжилсөн.

7-р Богд Агваанчойживанчүгпринлайжамц 1849 онд Төвдийн Лхасын ойролцоо нутагт гүн Мягмар, эх Норовлхам нарынд мэндэлжээ. 11-р Далай лам Хайдавжамц: 7-р Богд мөн хэмээн тодруулжээ. Тэр тухайд Манжийн эзэн хаанд айлтган сонсгоод, 1855 онд 6 настайд нь Их Хүрээнд залж Халхын 7-рБогдод өргөмжилжээ.

8-р Богд Агваанлувсанчойжинямданзанванчүг 1869 онд Төвдийн Лхас хотод түшмэл Гончигцэрэн, эх Ойдовдулам нарын дөрөвдүгээр хүү болон мэндэлжээ. 12-р Далай лам Принлэйжамц, Банчин-Эрдэнэ нар хамтран тодруулж сахил хүртээн номын нэрийг нь хайрлажээ. 1874 оны өвлийн тэргүүн сард Их Хүрээнд Халхын 8-р Богдод залж, мандал өргөн, эрх ямба, цол хэргэм өргөжээ.

1924 оноос Монгол улсад шашныг хориглосон. 1990 оныг хүртэл үндсэндээ ямар ч хутагт хувилгаад, гэгээнтэн тодруулаагүй байдаг.

Харин ардчилсан хувьсгалын дараахан 1992 онд Далай лам 9-р Богдоор Жамбалнамдолчойжижанцанг баталгаажуулсан. Тэрээр 1932 онд Төвдийн Лхас хотын ойролцоо Томсиг гэдэг газар эцэг Лувсанжамбал, эх Янжинлхамын гэрт мэндэлжээ. 4 настайд нь 13-р Далай ламын тамга түшигч Радэн ренбүчэ, Найчүн Чойжин нар: Халх Монголын 8-р Богдын хойд дүр мөн хэмээн тодруулжээ. Тэгээд 8 настайд нь сахил хүртээж, номын нэр хайрлажээ. 1992 онд 14-р Далай лам: Халхын Жибзундамба хутагтын 9-р дүр мөн хэмээн баталгаажуулж өөрийн гарын үсэг бүхий батламж өргөжээ. 9-р Богдыг Монголын буддын шашныхан 1999 онд хүлээн зөвшөөрсөн. Тэрээр Монголд ирж иргэншил аваад Буддын шашны тэргүүний сэнтийд заларсан. Тэр цагаас хойшх Монголын төрийн тэргүүнүүд ч 9-р Богдыг Монголын Буддын шашны тэргүүн гэдгийг албан ёсоор баталгаажуулж байв. Тэрээр 2012 онд жанч халсан юм.

9-р Богд амьд ахуйдаа: Миний хойд дүр Монгол нутагт монгол хүн болон төрнө хэмээн айлдаж байжээ.

Тэр ёсоор болж 2023 оны 3 сарын 8-нд өдөр Энэтхэгийн Дарамсала хот дахь Зүглэг хан дуганд 5000 лам хувраг, сүсэгтэн түүний дотор 600 монголчууд оролцсон Дэмчог Нагбува Хэрүга Кришначаряа уламжлалын авшиг хүртээх ёслол болж байв. Тэр үеэр 14-р Далай лам зүүн талдаа сууж байсан бяцхан хүүг заагаад: Өнөөдөр бидэнтэй хамт Монголын Халхын Жавзандамба хутагтын дүр сууж байна. Түүний өмнөх дүрүүд Дэмчогийн Кришначаряа язгууртай ойр холбоотой. Тэдний нэг энэ уламжлалд зориулж, Монгол Улсад сүм хийд байгуулж байсан. Богдын шинэ дүр өнөөдөр энд, бидэнтэй хамт байгаа нь маш их өлзий дэмбэрэлтэй хэрэг юм хэмээжээ.

10-р Богд Данзанжамбалчойживанчүг 2015 оны 5 дугаар сарын 4-ний өдөр мэндэлсэн. Түүний аав Булган аймгийн Бугат сумын уугуул, МУИС-ийн багш, математикийн ШУ-ы доктор Ч.Алтаннар, ээж нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул, “Монполимет” группын ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан юм. 10-р Богдын аав Ч.Алтаннарын аав О.Чинчулуун, ээж Д.Нямсүрэн нар Булган аймгийн Бугат сумын уугуул хүмүүс, аав О.Чинчулуун нь математикийн шинжлэх ухааны доктор, ШУТИС-ийн профессор, багш хүн байжээ. 10-р Богдын ээж Н.Мөнхнасангийн аав Г.Нармандах Өмнөговь аймгийн Булган сумын уугуул, математикийн багш мэргэжилтэй хүн байжээ. Харин 10-р Богдын ээж Н.Мөнхнасангийн ээж Ц.Гарамжав нь Булган аймгийн Орхон сумын уугуул, “Монполимет” группын үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн асан, ЭБЭХ-ний дэд сайдаар ажиллаж байсан хүн бий.

10-р Богдыг тодорч өргөмжилдөг жил монголчууд: Тунамал дүртэй Богдыгоо туулай жилд зална даа хө гэсэн дуутай гэж хөөрцгөөсөн.

Үнэн түүх нь: 1925 онд 8-р Богдыг таалал төгсөхөд Хүрээнд нэгэн дуу зохиогджээ. Шар морьтын хөтөл дээр гараад иртэл: Шанбалын хаалга цэлс хийгээд нээгдлээ хө, тунамал дүртэй Богдыгоо туулай жилд зална даа хө гэсэн байдаг.

Тэр түүхтэй уягдсан нэг үйл явдал нь 9-р Богд 1999 оны туулай жил Монголд иржээ.

Гэвчиг 10-р Богд 2023 оны туулай жилд тодорсон. Дээрх дууны мөрүүд тэр жил ихэд сэргэсэн. Улмаар 10-р Богд 2023 оны 8 сарын 30-нд Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд Жадо ринбүчи хувилгаантай номын барилдлага тогтоон, Аюуш бурханы насны авшигийг багшаас шавьд, чихнээс чихэнд, нууцын нууц, зүрхний гүн дэх нандин авшиг дамжлагын эрхийг ёсчлон хүртсэн. 2023 оны 11 сарын 18-нд Монголын Бурхан шашинтны төв, Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамбын албыг 31 жил хашсан Д.Чойжамцаас шинэ Хамба лам Д.Жавзандоржид хамбын тамгыг шилжүүлэн өгөх хүндэт үүргийг 10-р Богд хүлээж, бэсрэг ёслол Батцагаан дуганд хаалттай болж, цөөн тооны лам хувраг оролцсон.

2024 оны 8 сарын 9-нд Дүйнхорын ванд 10-р Богд морилж, 2024 оны 8 дугаар сарын 17- 22-ныг дуустал өөрийн биеэр оролцсон. Ингэж 10-р Богд анх удаа нийтийн өмнө заларсан. Ерөнхийдөө 10-р Богд 2025 он гарах хүртэл үе үе олны өмнө гарч арга хэмжээнд оролцдог байв. Харин сүүлийн үед үзэгдэхийг больжээ. Хэд хоногийн өмнө болсон Даншиг наадамд морилон очсонгүй. Уул нь Даншиг наадмын түүх нь Богдтой нэн холбоотой агаад Богдын Даншиг наадам хэмээдэг санж. 2023 онд 10-р Богдыг тодорч байхад түүхчид: Даншиг наадам эзэнтэй боллоо гэж хөөрцөглөж байсан.

Энэнээс гадна хоёр хоногийн өмнө 14-р Далай ламын төрсөн өдөрт 10-р Богд очиж оролцсонгүй. Алсаас интернет сүлжээгээр мэндчилгээ хүргэв. Харин гэр бүлийнхэн нь Дарамсалад очиж 14-р Далай ламын төрсөн өдөрт оролцжээ. 14-р Далай ламын тухайд 10-р Богд нэн хүндтэй зочин нь, яагаад гэхнээ тэрээр 14-р Далай ламын дараагийн дүрийг нэрлэх юм байна. Гэвчиг зочилж очсонгүй өнгөрөөв.

Тэрний өмнөхөн Монголын бизнесийн ТОП-100 аж ахуйн нэгжийг тодруулах арга хэмжээний үеэр 10-р Богдын ээж, “Монполимет” группын ТУЗ-ийн дарга Б.Мөнхнасан “Энэ жил манайх ТОП-100 аж ахуйн нэгжийн жагсаалтад орсонгүй. Анх удаа завсарлаж үзлээ. Учир нь манай компаниудын үйл ажиллагааг хагас жил гаруй лацдаж, зогсоосон. Данснуудыг 120 хоног царцаасан. Төрийн бүх төрлийн шалгалтуудыг хууль зөрчин давхардуулан оруулсан. Зарим нь одоо ч үргэлжилж байна” гэж өөрийн интернет хуудсаар мэдэгджээ. Тэрнээс гадна 10-р Богдын эмээ, “Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжавт хууль хяналтын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тухай зарим хэвлэлд мэдээллээ.

Ямар боловч шашныхны дунд: 10-р Богд яагаад юунаас болоод үзэгдэхээ болив гэдэг яриа гараад байна.

Ө.Билэг