Categories
редакцийн-нийтлэл

Ц.Нямдорж: Н.Энхбаяр ой санамжаа алдчихсан юм шиг байна лээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж­той ярилцлаа.

МАХНын дарга Н.Энх­­­­баяр таныгАж­лаа өгч шал­гуулгэж мэдэг­дээд эхэллээ

-Н.Энхбаяр өөрөө хэв­лэх үйлдвэр, нийслэ­лийн мэдлийн хөрөнгө болсон  “Өргөө” зочид буудлын хувьчлалын асуу­далтай нэр хол­богд­сон. Тэгээд дээрх асууд­лууд цагдаа­гийн байгуул­лагад шалгаг­даад удаж байгаа юм билээ. Хэвлэх үйлдвэ­рийн хувьчлалтай хол­боо­той До.Чулуун­баа­тар гэ­дэг сэтгүүлч хоёр, гур­ван сар шоронд суусан. Тэр үед нь Н.Энх­баяраас гар­цаагүй асуух зүйл бай­сан учраас түү­нийг цаг­даа­гаас дууд­тал ирээгүй юм билээ. “Өргөө” зочид бууд­лын асуудал ч гэсэн бөөн буд­лиан бол­чихоод Н.Энх­бая­раас асуух зүйл га­раад байхад зугтаагаад очихгүй бай­гаа. Тэгээд цагдаа, проку­рорынхон албадан ирүү­лэх шийд­вэр гаргасан юм билээ.

Н.Энхбаяр даргаӨргөөзочид буу­дал, “Улаанбаатар таймссонины хувьч­лалтай ямар ч холбоогүй. Энэ асуу­дал хууль хянал­тын­­хан нэгэнт шал­гаад дууссан гэж мэдэгдээд байгаа?

Н.Энхбаярыг ажлаа хийж байхад айгаад шал­гаж чадаагүй юм байлгүй. Гэвч үнэхээр шалгахаас аргагүй зүйлүүд
бий. Бай­гуулагдаад долоо хоно­сон “Хар дун” гэдэг ком­панид “Өргөө” зочид бууд­лыг үнэгүй өгсөн.
Ком­панийнх нь захирал Хурц гэж Дарханд амьдардаг хүн байдаг юм билээ. Тэр Н.Энхбаярын үүдэнд суу­даг байсан Тулгын төрсөн ах. Хурцын “Хар дун” ком­панийн үүсгэн байгуулагч нь Н.Энхбаярын
хүү. Ин­гэ­хээр түүнийг шалгахаас өөр яах юм. Энэ бүхний­гээ Н.Энхбаяр тухайн үед албан тушаалтай байх­даа зувчуулаад
өнгөрч байсан юм билээ. Харин одоо
“Би ямар ч холбог­долгүй”
гэж мянга яриад яахав дээ.

Таныг өөрийг нь баривч­­лахаас урьтаад мэ­дэгдэл гаргачихсан юм биш үү?

-Тийм
ойлголт өгөх гээд наадах чинь чармай­гаад байна шүү дээ. Эцэс сүүлд нь Н.Энхбаяр “Шу­дарга ёсны төлөө тэмц­сэн чинь Ц.Нямдорж на­майг ба­риулж, хэлмэг­дүүлэх гэ­лээ” гэж мэдэг­дээд, мулгуу ажил хийж  байна. Барьж, хорьдог хүн нь би биш л дээ. Ал­бан тушаалын хувьд ч надад тийм үүрэг байхгүй. Манайх цагдан шалгаж, мөрдөн шийтгэх систем­тэй орон биз дээ. Хууль зүйн сайд хүн шийт­гэнэ гэж байхгүй. Ер нь Н.Энх­баяр өөрөө асуу­дал үүс­гээ­гүй бол юу гэж ийм зүйл болохов. Тэгээд ч би зарга үүсгээд байгаа юм биш. Лхагвасүрэн жанж­­ны ач Сэргэлэн гэж хүн бий. Н.Энхбаярыг хамтаръя гээд байхаар нь хэвлэх үйлдвэрт 400 сая төгрө­гөө өгөөд алдчих­сан. Одоо болтол заргал­даад явж байна. Тэгээд Хэвлэх үйлдвэрийн цаа­на “TV9”, “Зууны мэдээ” со­нин нь ажиллаж байгаа биз дээ. Тэр бол түүний өмч шүү дээ.

Та олон тэрбум төг­рөгийн үнэтэй бай­шин­гуудаа нууж, хөлсний байранд амьдардаг гэж хүн үнэмшмээргүй зүйл яриад байгаа юм биш үү?

-Надад
авсан авлига байхгүй. Хүний худалдаж авсан байранд хөлсийг нь төлөөд амьдарч бай­гаа нь үнэн. Хөрөнгө ор­логын мэдүүлэгтээ үүний­гээ мэдүүлсэн.  Тэгж ярих юм бол миний амьдарч байгаа байшинг худал­даж авсан хүн нь байгаа.

Миний хоёр хүүхэд зээл аваад байшин ба­риулж байгаа нь үнэн. Энэ бол тийм үнэтэй бай­шин биш. Н.Энхбаяр хө­рөнгийн үнэлгээчин бол­чихсон юм байлгүй зур­гаан тэрбум төгрөгийн үнэтэй байшин гэж хэлсэн байна лээ. Зургаан тэр­бум төгрөгөөр хоёр мян­ган хүний суудалтай, хоёр сургуулийн байшин барьдаг юм. Өнөө жил Баянзүрх дүүрэгт 2.8 тэр­бум төгрөгөөр 960 хүүх­дийн суудалтай сургууль барина гээд төсөвт тус­гачихсан байна. 56 сая төгрөгөөр хөдөөгийн сум­дад цагдаагийн кубон барьж байгаа. Миний хүүх­дүүдийн бариулж бай­гаа байшин бол цаг­даагийн хоёр кубоны дайны зардалтай бай­шин л даа. Тэгэхээр Н.Энх­баяр намайг айм­шигтай баян авлигач гэдэг ойлголтыг олон нийтэд төрүүлэхээр санаатай гүтгэлэг хийж байна. Хүн гүтгэж болно. Гэхдээ жаа­хан баримжаатай байх хэрэгтэй.

Тэгвэл хоригдлууд танай хүүгийн байшинг барьсан юм уу. Тэднээс нэг хоригдол нас бар­сан байх аа?

-Үгүй
ээ. Тэнд хүн нас бараагүй. Ш.Сай­хан­сам­буугийн захын наад талд Шүүхийн шийдвэр гүй­цэтгэх ерөнхий газрын ажилчдын 120 айлын орон сууц барьж байгаа юм. Тэнд ажиллаж бай­сан хоригдол харам­сал­тайгаар нас барсан.   Анги дээрээ байсан нэг хо­риг­дол нас барсан. Үүнийг надтай холбож байгаа юм.

Та үүрэг өгч Л.Гүн­далай гишүүнийг ба­ривч­луулж байсан юм уу. Үүнийг Н.Энхбаяр нотолж байгаа нь үнэм­шилтэй байна

-Наадах
чинь худлаа. Н.Энхбаяр ой санамжаа алдчихсан юм шиг байна лээ. Л.Гүндалайг баривч­лахыг тухайн үед мэдээ­гүй. Манай яамныхан Гер­маны техникийн хамтын ажиллагааны нийгэм­лэ­гийн төслийн хүмүүстэй салхинд гарсан хойгуур энэ явдал болсон. Нэг үгээр хэлбэл, намайг эз­гүй хойгуур тийм зүйл болсон юм билээ. Орой нь хот орж ирээд энэ тухай сонсч байсан.  Ер нь энэ байтугай зүйлийг зохиож байгаа хүн цааш­даа юу ч ярьж магадгүй. Н.Энхбаяр тийм хэлбэр рүүгээ орчихож. Түүний гол зорилго нь асуудлыг улстөржүүлж байгаад өөрийнхөө холбогдсон элдэв муу зүйлээс хал балгүй салах гээд байна л даа. Ингэж болохгүй биз дээ.

Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа таныг аж­лаа өгчих гэдэг санал хэлж байсан юм аа даа?

-Хэзээ
ч тийм зүйл ярьж байгаагүй. Намайг 2000 онд сайд болж бай­хад тухайн үеийн тагнуул, цагдаагийн удирдлагад байсан нөхдүүд “Ц.Ням­дорж Хятадын тагнуул байсан” гэдэг зохиол би­чээд Хулганаа гэж хүнээр гарын үсэг зуруулаад Н.Багабандид өгсөн юм. Тэгээд би Н.Багабанди, Л.Энэбиш, Н.Энхбаяр гу­равтай уулзаж “Надад ийм асуудал байхгүй” гэд­гийг албан ёсоор хэлсэн учраас тэд нөхцөл байд­лыг ойлгоод миний то­мил­гоог хийлгүүлсэн юм. Гэтэл Н.Энхбаяр одоо худал зүйл яриад эхэл­лээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Ц.Ням­дорж, ЦЕГын даргаар Д.СандагОчир нар бай­сан цагт Н.Энхбаяр гэ­дэг хүн  шалгуулахгүй юм биш үү?

-Н.Энхбаярыг ажлаа өг гэхээр ажлаасаа гар­даг хүн байдаг юм уу. Тэр тусмаа өмч хөрөнгийн асуудалд холбогдчихсон хүн ингэж хэлэхээр аж­лаа өгөх үү. Зүгээр цаг­даагийн газарт очоод мэдүүлгээ өгчих хэрэгтэй шүү дээ. Үүнд илүү дутуу зүйл байхгүй. Надтай хол­боотой асуудал гарлаа гэхэд дуудсан цагт нь очоод мэдүүлгээ өгчихнө. Ерөнхийлөгчөөс эхлээд жирийн иргэн бүгд хууль, шүүхийн өмнө тэгш эрх­тэй юм байгаа биз дээ. “Энэ хүн надад таалаг­дах­гүй байна, би мэдүү­лэг өгөхгүй” гэдэг зарчим байхгүй. Н.Энхбаярыг хэлмэгдүүлэх гээд байгаа юм байхгүй.  Өөрөө л ийм асуудал үүсгэсэн шүү дээ. Хариуцлагаа надаас биш өөрөөсөө асуух ёстой.

Та Н.Энхбаярт өшир­хөөд  дарангуй­лаад байгаа тал бий юу?

-Н.Энхбаярыг л да­ран­гуйлагч байсан гэж ярьдаг юм билээ. Гэхдээ би түүнийг дарангуйлагч байсан гэж боддоггүй. Хууль, шүүхгүйгээр хүмүү­сийг хорьж цагдаад буу­даад байдаг хүнийг да­ран­гуйлагч гэдэг биз дээ. Пиночет, Гитлер, Сталин байлаа. Ийм хүмүүсийг дарангуйлагч гэх боло­хоос миний дарангуйлагч гэж юу байдаг юм. Ард­чилсан Монгол Улсад дарангуйлагч байх арга­гүй биз дээ.

Н.Энхбаяр дарга өчиг­дөр танд ханданЗүгээр л ажлаа өгөөд шалгуулчих. Үгүй бол чамтай холбоотой олон зүйлийг дахиад дэл­гэнэ шүүгэж анхаа­руулж байгаа юм шиг камер руу хараад хэлж байна лээ

-Хэлье
гэсэн ч өөр юм байхгүй. Ер нь Н.Энх­баярын холбогдсон хэр­гийн төлөө би ажлаа өгнө гэж юу байсан юм бэ. Тийм биз дээ. Намайг холдуулж байж хэргээ хаалгах зорилготой бай­гаа юм шиг байна лээ. Би явсан ч түүний хэрэг хааг­дахгүй шүү дээ.

Түүнтэй олон жил хамт зүтгэж сайн муу­гаа мэдэлцэж явсан хү­ний хувьд танд ч түү­ний талаар дэлгэх ба­римтууд бий биз

-Мэднэ
ээ. Хүнийг нь ч мэднэ. Өөрөө хүний юм хэлэхээс өөр аргагүй бай­далд хүргээд байх юм байна шүү дээ. Баахан худлаа ярих юм. Түүнд нь би хариулт өгч таарна биз дээ. Би мангар хүн биш шүү дээ. Өөр яах юм. Ийм зүйл ярьж явахын оронд шүүх, цагдаагийн бай­гуул­лагад очоод холбог­доод байгаа хэргээ тайл­барлачихвал болоо биз дээ. Сонгуульд өөрөө уначихаад “Манай на­мын удирдлагууд зохион байгуулж байгаад унага­чих­лаа. Сонгууль луй­вард­сан” гээд яриад байх юм. Тэгж болохгүй биз дээ. Намын удирдлага урваад намдаа өгсөн са­налыг луйвардаад Ц.Эл­бэг­доржид өгчихсөн юм байхгүй. Тэр өөрийнхөө хардлага сэрдлэгээр бус­дыг дүгнээд байж болох­гүй. Миний хувьд Н.Энх­баярын тухай ямар ч яриа эхэлж гаргаагүй шүү. Н.Энхбаярын талаар нэг ч удаа хиртэй үг хэлээгүй. Тэр дандаа өөрөө эхэл­дэг.

Цагдаагийн байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөлд үнэхээр галт зэвсэг хэрэглэх тухай тусгачихсан юм уу?

-Галт
зэвсэг хэрэглэх тухай ямар ч заалт байхгүй. Эмх замбараагүй байдал үүсэх юм бол зөвхөн цаг­даа, дотоодын цэргийнхэнд буу тавьж өгнө. Бусдад нь буу өгч болохгүй гэсэн зүйл энэ төсөлд явж байгаа. Эгзэгтэй үед хуулийн бай­гууллагад яаж хамтарч ажиллахыг тодорхой болгох гэсэн  юм. Түүнээс биш ирэх сонгуулиар Н.Энхбаярыг ард түмэнтэй хамт буудчих гээд байгаа зүйл биш. 1993 онд батлагдсан Цагдаагийн байгууллагын тухай хуульд ийм тохиолдолд галт зэвсэг хэрэглэнэ гээд заачихсан байдаг. Үүнийг өөрчилж асуудлыг арай тодорхой болгоё гэсэн ч явж өгөх­гүй байна.

Дотоод хэргийн их сур­гуу­лийг байгуулахдаа Ерөн­хий­лөгчтэй зөвшилцөөгүй, түүний бүрэн эрхэд халдсан гэдэг асуу­дал яригдаад байгаа

-Төрийн
өмчийн их, дээд сур­гууль байгуулах шийдвэрийг Зас­гийн газар гаргадаг юм. Цагдаагийн академи, Хилийн цэргийн дээд сургуулийг нэгтгээд Дотоод хэргийн их сургууль болгосон. Энэ нь зөв. Цөөн хүн амтай оронд байгууллага болгон дэргэдээ сургуультай байж болохгүй.  Харин ч энэ шийдвэрийг би хожуу гаргуулжээ гэж бодож байна.  Дотоод хэргийн их сургуулийн дэргэд цэргийн анги байгуулъя гэдэг санал тавьсан. Дэмжихгүй болохоор нь больчих­сон юм. Тэгээд Дотоод хэргийн их сургуулийг дулааны шугамтай холбох шийдвэр гаргуул­лаа. Ирэх жилээс хичээлийн болон оюутны байр нь баригдана. Хөрөн­гийг нь төсөвт тусгачихлаа. До­тоо­д хэргийн их сургуулийг байгуулсны дараа дотоодод нь янз янзын асуудал гараад болдоггүй. Тэгэхээр шалгуулсан чинь өмнө нь ял эдэлж байсан 13 хүн тэнд элссэний дотор 12 сая төгрөгийн хулгай хийсэн хүн байсан. Хүн зодож гэмтээж явсан хүн байгаа юм. Энэ сургуульд сайнгүй зүйл байжээ. Тэр бүхэн нь Дотоод хэргийн их сургуулийг байгуулах шийдвэр гарснаар ил болж байна гэж бодож байгаа шүү. 

Шүүх байгууллагын ши­нэт­гэл ямар шатандаа яваа вэ?

-Шинэтгэлийг ямар өнцгөөр харахаас шалтгаална. Үндсэн хуулийн заалтын хүрээнд дорви­той өөрчлөлт хийж чадахгүй ээ. Шүүгчдийг бүх насаар нь томилдог системтэй. Мэргэжлийн шүүгчийн системд шилжчихсэн байна. Гур­ван шүүгч суугаад хэрэг хамтраад шийдэх заалт оруулж байна лээ. Энэ явахгүй ээ. 1994 онд Ц.Ша­рав­дорж гишүүн байхдаа анхны Шүүхийн тухай хуулийг санаачилж батлуулсан юм. Тэр үед би өөрөө Иргэдийн төлөөлөгчдийг таслах хэрэгт оруулдаг болгох гээд ядаад хаясан. Үүнийг өөрчилж чадаагүй нөхцөлд дорвитой шинэчлэл хийг­дэхгүй. Хуулийг хэрэгжүүлж байгаа хүмүүст асуудал байгаа үед шу­дарга шүүхтэй болох нь туйлын хэцүү. МАХН-ыг бүртгэсэн асуудлыг хар л даа. Цагаан цаасан дээр хараар “Уг намын нэрийг тухайн намын гишүүн болон бусад иргэд хэрэглэхийг хориглоно” гэсэн заал­тыг зөрчөөд МАХН-ыг бүртгэ­чих­лээ. Хамгийн инээдтэй нь Үндсэн хуулийн Цэцэд Дээд шүүх дээрх заалтыг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг лавлахаар асуудал тавь­сан. Цэц хууль зөрчөөгүй байна гэсэн дүгнэлт гаргаад өгтөл то­хуурхаж байгаа юм шиг Дээд шүүх зөрсөн шийдвэр гаргаж байгаа юм. Ингэх байсан юм бол Дээд шүүх яах гэж Цэцэд хандсан юм бэ. Ийм шүүгч нартай байсан цагт олигтой зүйлд хүрэхгүй ээ. Энэ нь Монгол Улсыг шүүхгүй, Үндсэн хуульгүй, Цэцгүй болгож байгаа хэрэг.  Одоо тэгээд Д.Энхбатын Ногоон нам ч гэнэ үү, ИЗНН-ын холбоо ч гэнэ үү энэ газрын дотоод хэрэгт шүүх оролцож байна. Намын хурлаа юу хийхэв, ямар шийдвэр гаргахыг алхам тутамд нь заагаад өгчихсөн хууль бий шүү дээ. Улс төрийн намын тухай  хуулийг батлагдах үед Н.Энхбаяр  УИХ-ын дарга, Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байсан юм. Тэгээд Олон нийтийн теле­визийн тухай хууль гаргана гэдэг саналыг Ц.Элбэгдорж хэлээд, Улс төрийн намуудын тухай хуулийг гаргах саналыг  Н.Энхбаяр тавиад нэг ёсондоо тэд  улс төрийн тохи­ролцоо хийж байлаа. Н.Энхбаяр МАН нэрийг авахын тулд тухайн үед Улс төрийн намын тухай хуу­лийг батлуулсан байхгүй юу. Ар­дын намын байгуулсан хүмүүстэй ил далд тохиролцоо хийгээд татан буулгасан. Энэ үйлдлийнхээ төлөө хоёр хүнд албан тушаал өгч бай­сан юм.

Ямар хүнд

-Татварт
ажиллаж байсан Эн­хээ гэж хүн бий. Түүхийн Өлзий­баатар нарт албан тушаал өгч байж Ардын намыг татан буулгаж бай­лаа. Ийм зүйл хийчихээд одоо МАХН-ыг бүртгүүлж байгааг нь хар даа. Яаж чадаж байна аа. Эрүүл сэтгэхүйтэй хүний нүдээр үүнийг хараад гайхаж байна.

Эцэст нь нэг зүйлийг асуу­хад та хоёр нэг зорилгын төлөө хамтдаа зүтгэж явсан хүмүүс. Харин одоо аль али­ныхаа мууг дуудалцаж, өнгөрс­нөө уудалж байх муухай биш үү?

-Би
тэр хүний талаар муу муу­хайг нь уудлаагүй. Асуусан асуул­танд чинь хариуллаа.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Л.Отгонбаяр биш 13 бөх допинг хэрэглэсэн тухай Солонгосын тал ам алдлаа

БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн хүрээлэн

БНСУ-ын Допингийн хяналтын төв лабо­ратори Монако улс руу явуулах гэж
байсан “В” шинжилгээний хариу­гаа аравдугаар сарын 10-нд Монголын
олим­пийн хороо руу андуурч явуулсан. Тэр нь х
өнгөн
атлетикийн “Дэг
ү-2011″
ДАШТ-ий
үеэр өөр
улсын тамирчнаас авсан шинжилгээний хариу байсан. Гэтэл андуурч ирсэн хариуг
Монголын
үндэсний
олим­пийн хороо, Допин­гийн эсрэг
үндэсний
т
өв,
Спортын анагаах ухааны т
өв,
Монголын х
өнгөн
атлетикийн хол­бооныхон нарийн сайн нягталж харалг
үй
марафоны тамирчин Л.Отгонбаярыг г
үт­гэсэн.
Тэд Л.Отгонбаяр руу “Чи допинг хэрэг­лэсэн, тариулсан.
Үнэ­нээ
хэл. Допинг хэрэг­лэснээ нууж байна. Чи допингийн эм уугааг
үй
юмаа гэхэд хэн нэгэн нь чиний аяга, таваг руу хийчихсэн байх” гэх мэтээр
дайрсан. Энэ тухай Л.Отгонбаяр ма­най сонины аравдугаар сарын 21-ний ¹252
дугаарт дэлгэрэнг
үй
ярьсан билээ.

Өчигдөр БНСУ-ын Шинж­лэх ухаан, техно­логийн хүрээлэнгийн Допингийн
хяналтын төв лабораторийн захи­рал Квон Сен Үтэй холбогдсон юм. Чухам яагаад
ийм алдаа гар­гасан, одоо болтол ма­най тамирчнаас яагаад уучлалт гуйгаагүй юм
бэ зэрэг асуултад хариу авах гэсэн биш энэ жилийн наадмаар допинг хэрэглэсэн бөх
хоёр биш түүнээс ч олон гэдгийг олж мэдлээ. Ингээд тус ла­бораторийн захирал­тай
утсаар ярилцса­наа хүргэе.

 
-Танай лаборато­рийн гаргасан алдаа­наас болж “Лондон-2012”
олимпод бэлтгэг­дэж буй манай мара­фоны шилдэг эмэгтэй тамирчин Л.Отгонбаяр
сэтгэлзүй, тамирчны хувиар маш их дарам­тад орчихоод байна. Түүнтэй холбоотой
энэ асуудал Монголд спор­тын том сенсааци болж байна?

-Чухам юу билээ.

-Танай лаборато­рийн андуурч явуулсан шин­жилгээний хариу­наас болоод тэр?

-Юу гэсэн үг вэ. Би ерөөсөө ойлгохгүй байна. Яагаад ийм зүйл болов оо.
Тайлбарлаад өгөөч.

-Аравдугаар сарын 10-нд танайхаас Монго­лын үндэсний олим­пийн хорооны Допин­гийн
эсрэг төв рүү хэд хэдэн шин­жил­гээний хариу явуул­сан гэсэн. Тэрэн дунд Монако
руу явах байсан шинжил­гээний хариу цуг ирсэн байна лээ. Тэгтэл тэр хариуг
манайхан на­рийн шалгалгүй тамир­чин Л.Отгонбаярыг до­пинг хэрэглэсэн мэтээр
дайрсан юм?

-Тийм үү. Тийм айхав­тар зүйл болж байгаа юм уу.

Ямар сонин юм бэ. Би бүр гайхаж байна. Яагаад ийм зүйл болдог байна. Үнэнээ хэлье,
би их гайхаж байна шүү. Ийм асуудал үүсэх ёсгүй дээ.

-Манай тамирчин тэр үед Бээ­жингийн марафонд оролцо­хоор бэлтгэлээ тэнд
базааж байсан. Үүнээс болж тэрээр дөрвөн хоног хоол, унд идэж чадахгүй,
бэлтгэлээ хийлгүй, уйлахаас өөр юу ч хийгээгүй. Одоо ч байдал нь хүнд бай­гаа?

-Ийм явдал болох ёсгүй. Би аравдугаар сарын 10-нд танай Допингийн эсрэг төв рүү
шинжил­гээний хариунуудыг явуулсан. Тэгэхэд Монако руу явуулах гэж байсан нэг
хариуг хамт явуулчих­сан байна лээ. Гэвч би тэр даруйд нь буюу аравдугаар сарын
10-ны өдрийн 12 цаг 59 минутад “Би Монако руу явуулах байсан ха­риугаа
танайх руу андуураад ил­гээчихэж. Андуурсан байна. Ууч­лаарай” гэж Цогтоо
руу и-мэйл явуулсан шүү дээ.

-Цогтоо гэж Допингийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Цогт­сайханыг хэлж
байна уу?

-Тийм ээ. Яагаад ингэж тамирч­наа хохироож байгаа юм бэ. Танай тамирчин
хохирсон байна шүү дээ.

Би и-мэйл явуулчихаад дараа нь шалгаж үзсэн чинь Монако руу явуулах байсан
“В” шинжилгээний хариуг танайх руу явуулснаа мэ­дээд Цогтоо руу
уучлал хүссэн и-мэйл явуулсан юм. Гэтэл яагаад ингэж тамирчин руугаа дайрсан юм
бол оо.

-Ирсэн шинжилгээний ха­риу­тай нарийн сайн танил­цалгүй, ажилдаа хариуцла­гагүй
ханд­санаас л ийм зүйл болчихсон?

-Яалаа гэж дээ. Би хэдий ан­дуур­сан ч танайхан уншиж танил­цах ёстой биз дээ.
Ядаж тэр Мо­нако гэснийг унших ёстой биз дээ. Би бүр нарийн хэлье. Би 36 мину­тын
дараа Цогтоо руу уучлалт гуйсан и-мэйл явуулсан байна. (сурв. Тэрээр энэ үеэр
и-мэйлээ шалгаж. Тухайн үед явуулсан и-мэйлийнхээ цаг хугацааг шалгаж хэлсэн
юм) Би андуурснаа мэдээд тэр дор нь залруулсан байхад тамирчин руу­гаа яаж
ингэж худал дайрч болдог юм бэ. Монгол, Мо­нако гэдэг чинь огт өөр хоёр нэр.
Ямар сонин зүйл болсон юм бэ. Танай тамирчин тийм олон хоног шаналсан юм уу. Би
алдаа гарга­сандаа уучлал хүсч байна. Тэр тамирчныхаа и-мэйл хаягийг өгч болох
уу. Би уучлалт гуйя.

-Л.Отгонбаяр “Уучлалт гуйсан и-мэйлээр би юу хийх юм бэ. Тэр лаборатори
албан ёсоор шинжилгээний хариу явуулж чадаж байгаа юм чинь яагаад албан ёсоор
уучлалт хүссэн бичиг явуулж болохгүй юм бэ” гэж байна лээ?

-Би алдаагаа залруулна. Та­най спорт, олимпийн байгуулла­гуудтай холбогдож энэ
асуудлыг шийднэ. Отгонбаяр гэдэг тэр та­мир­чин руу чинь тэгээд танай спортын
ямар байгууллагынхан дайрсан юм бэ. Тэр хүмүүсийнхээ утасны ду­гаар, нэр усыг
хэлээд өгч болох уу.

-Монголын үндэсний олим­пийн хороо, Допингийн эсрэг үндэсний төв, Спортын
ана­гаах ухааны төв, Монго­лын хөнгөн атлетикийн хол­бооны­хон өөр рүү нь
бүдүүл­гээр хэр­хэн дайрсан талаар тэрээр манай сонинд өгсөн ярилцлагадаа
дурдсан. Спор­тын анагаах ухааны төвөөс байнга утасдаж “Чамаас болж бид
шар махтайгаа ха­таж бай­на. Допинг хэрэглэс­нээ хэ­лээч” гэж байсан гэнэ
билээ?

-Хэлэх үг олдохгүй байна. Би и-мэйлээ андуурч явуулчихаад хуга­цаа алдалгүй
алдаагаа зассан байтал танайхан яагаад ингэж тамирчинтайгаа бүдүүлэг харьцаж
байгаа юм. Танай тамирчин ямар их хүнд байдалд байгааг бүрэн ойлгож байна.
Дахин уучлалт хүсье. Миний буруу. Дахиад хэлье, би танайд болоод байгаа наад
асууд­лыг ер ойлгохгүй байна. Яахаараа ийм зүйл болчихдог байна аа.

-Та сая хэллээ, танайх руу явуулсан хариунуудтай хамт тэр хариуг цуг
илгээчихсэн байна гэлээ гэж. Н.Цогт­сай­хан Л.Отгонбаярт “Андуу­рагд­сан
хариу чинь наадмаар бөхчүүдээс авсан допингийн шинжилгээний хариунуудтай хамт
ирсэн” гэж хэлсэн байна лээ. Хариунууд гэхээр хэдэн хариутай хамт ирсэн юм
бэ?

-Тэр андуурагдсан хариутай нийлээд 14.

-“В” хариу гэдэг чинь допинг хэрэглэсэн нь үнэн байна гэсэн
шинжилгээний нотол­гоо биз дээ?

-Тийм.

-Гэхдээ бүр “А” хариугаа дахин нотолсноо илэрхийлж “В”
хариу гэдгийг өгсөн гэсэн үг үү?

-Тийм ээ.

-Тэр хариунууд бүгд “В” шин­жилгээний хариунууд биз дээ?

-Яг ямар хариу байсныг сайн санахгүй байна. Тухайн өдөр явуул­сан и-мэйлүүдээ
хараад, нарийвч­лан шалгаад хэлье.

-Энэ их сонин юм болж байна. Юу гэхээр долдугаар сард танайх руу явуулсан 32
сорь­цоос хоёроос нь л допингийн төрлийн бодис илэрсэн гэж манай олимпийн
хороо, до­пингийн эсрэг төвийнхөн зүт­гээд, хүмүүст итгүүлэхийг хү­сээд
байсан.  Тэгтэл 13 бө­хийн сорьцоос допинг илэр­сэн байж?

-Тэр талаар би сайн мэдэхгүй л дээ. Ямар ч байсан танайх руу 14 хариу илгээсэн.
Түүний нэг нь өөр улс руу явах байсан хариу байсан юм. Хэн гэдэг тамирчны
сорьцоос допинг илэрснийг хэлэх боломж­гүй. Бичиг баримтуудтай сайн танилц­саны
дараа энэ талаар мэдээлэл өгье. Манайд орон ор­ноос маш олон сорьц ирдэг. Тэр
бүгдийг шинжлээд явуулдаг боло­хоор нэг бүрчлэн цээжээр хэлэхэд бэрх л дээ.
Гэхдээ танай олимпийн хороо­ноос “Хоёр бөх “В” сорьцоо шинж­лүүлэх
хүсэлт гаргалаа. Та­найх руу чөлөөтэй зорчих нөх­цөлийг нь бүрдүүлж урилга
ирүүл­нэ үү” гэсэн. Бид урилгыг нь шуур­хай гаргаж өгсөн. Тэгтэл тэр хоёр
бөх энд ирсэн л гэсэн. Одоог хүртэл манай ла­боратори дээр ирж бидэн­тэй уул­заагүй
байна. Бид үүнд нь гайхаад л байна.

-Манайх жил бүр “Наадам” гэдэг том баяраар бөх­чүү­дээсээ
допингийн шинжилгээ авдаг ч олимпийн хороо, до­пингийн эсрэг төвийнхнийг
шинжилгээний хариуг нуун дарагдуулдаг гэж спорт со­нирхогчид үздэг юм?

-Энэ талаар шинжилгээний ха­риуны мэдээлэл өгч болох ч утсаар ярих боломжгүй
байна гэсэн юм.

Квон Сен Үтэй ярилцсаны дараа гар утас руу минь олим­пийн хороо,
допингийн эсрэг төвөөс Н.Цогтсайхан утас цо­хилоо.

Энэ удаад шаардлагатай мэдээллээ ийнхүү БНСУ-ын та­лаас авсан тул Н.Цогт­сай­хан­тай
ярьсангүй. Тэглээ ч өмнө нь энэ талаар тодруулахыг хү­сэхэд тэрээр “Наад
асуудал чинь аль хэдийнэ болдгоо болоод өнгөрсөн. Том асуудал биш. Наад­хаа
битгий сөх. Хэрэггүй” гэж хориглож байсан удаатай шүү.

Өчигдөр ийн БНСУ-ын лабо­раторийнхонтой холбогдоод төд удаагүй байтал 17
цаг 25 минутын үед Монголын үндэс­ний олимпийн хороо, Допингийн эсрэг үндэсний
төвөөс шуурхай и-мэйл ирүүллээ. Уг и-мэйлд аравдугаар сарын 27-ны 11 ца­гаас
өөрийн хурлын танхимдаа “Эрүүл орчин-эрүүл мэнд” гэсэн бага хурал,
спортын байгуул­лагын гүйцэтгэх ажилтнуудад допингийн эсрэг үйл ажилла­гааны
талаар мөн хориотой эм бэлдмэлийн тухай мэдээлэл тус тус хийхээр болсон гэсэн
байв. Уг нь ямар нэг хурал цуг­лааныг хэд хоногийн өмнөөс зарладаг учиртай.
Гэтэл мар­гааш өглөө (өнөөдөр) болох хур­лын товыг урьд өдрийнх нь аж­лын цаг
тарах үеэр ирүүлс­нийг бодвол Мон­голын үндэсний олим­пийн хороо, Допингийн эс­рэг
үндэсний тө­вийнхөн манай со­ниныг БНСУ-ын лабориторитой холбогдсон­той
холбоотой­гоор “гал”-ыг бага ч болов нам­жааж, өөрс­дийгөө ажил хийж
байгаа мэ­тээр харуулж, биеэ өмгөөлөхийг хүссэн нэгэн жүжиг тавьж байна гэж
ойлгож болохоор байна.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Дорнын сэтгэлгээтэй италичуудын нутгаар

Ромын нисэх онгоцны “Риүмичино”
буудал дээр буумагцаа харсан хон­гор­хон шар үстэй
жаал­хүү одоо бол­тол сэтгэ­лээс
гардаггүй. Тав зур­гаан настай
болов уу даа. Хүү эмээтэйгээ
хамт хэн нэгнийг тосо­хоор иржээ. Баганын цаа­на нуугдаж, савдаг хаал­гаар гарч
ирж байгаа хүн бүрийг догд­лон ширтэнэ. Дагаад эмээ
нь хүртэл бөгтийн нуугдаж ач хүү­гийнхээ  догдлол цөхрө­лийг хамт­даа мэдэрч байх шиг.
Харь нутаг ч ялгалгүй хүн л бол адилхан юм даа гэж тэр
агшинд бодогдож бай­сан. Ядахад яасан ч гарч ирдэггүй зочид юм, хүү
баганын цаанаас гэ­нэт гарч ирээд яаж цочоо­хоо бодон инээж байгаа бо­лол­той нуг
нуг хийж, за­римдаа өнөөх хүсэн хү­лээсэн
хүн нь үүрд гарч ирэхгүй нь гэсэн шиг цө­хөрсөн
байдал харцанд нь илэрнэ. Элбэг хагас цаг хүү
тэгж догдолж зогс­сон байх. Ирсэн зорчиг­чид шувтарч бараг гүй­цэхэд залуухан бүсгүй, хархүү
хоёр гарч ирсэн нь өнөөх хонгор үстийн ээж, аав нь байж. Хүү ээж рүү­гээ гүйхээрээ
үсрэн энгэрт нь асаад авах
нь тэр. Эхэндээ гэнэт гарч ирээд цочоох гэсэн төлөвлөгөө
ч байхгүй болсон л доо. Хараад
л гүйхээрээ ха­рай­сан. Тэр
л хөөрхөн хүүгийн ээж баймаар үзэс­гэлэнт
бүсгүй ч нү­дэндээ нулимс гялтга­нуулан тас тэврээд авлаа. Аав
нь бас үнсмээр бай­гаа бололтой
өмнө хойно нь гарч, эмээ нь харин тэднийгээ
хараад бахар­хан зогсч байсан. Яг л аав ээж, эмээ өвөө,
үр ач гээд нэг нэгийгээ даган
эл­гэмсч нялхарч байдаг мон­гол гэр бүл
шиг са­нагдсан билээ.

Үнэндээ гэр бүлсэг байдлаараа италичууд европчуудаасаа өөр гэгддэг ажээ.

Аав, ээжийнхээ гэрт томоо болт­лоо амьдарна. Бас тэндээ эхнэрээ дагуулаад ирэхнээ ч сийхгүй. Туринд улс төр судлалаар суралц­даг Төгсөөгийн хэлснээр итали­чууд их гэр бүлсэг хүмүүс ажээ. Итали залуу насанд хүртлээ ээжийгээ хормойдож амьдарна. Бас гэрлээд аав, ээжийнхээ гэрээс бараг тэдэн диаметрийн тойрог дотор шинэ байраа авах ёстой байдаг гэх. Ямартай ч нэг тийм дорнын хүний гал халуун зан энэ үндэстнээс үнэртэх ажээ. Манай хоёр улс Ромын эзэнт гүрний үеэс харилцаатай явж ирж, албан ёсоор 1970 онд дипломат харилцаа тогтоосон гэдэг. Гэвч 1990 оныг хүртэл Соёлын хэлэлцээрээс өөр эрх зүйн баримт байгуулагдаагүй иржээ. Харин ерээд оноос хойш бага сагаар урагшлан ирсэн ч өнөөг хүртэл Итали улсад манай Элчин сайдын яам байгуулаг­даагүй байсан юм. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Ц.Элбэгдор­жийн Бүгд найрамдах Итали улсад хийсэн айлчлалын үеэр манай тал Ром хотноо Элчин сайдын яамаа албан ёсоор нээсэн юм. Ер нь Ромд байрны түрээсийн үнэ өндөр бай­даг талаар тэнд байдаг монголчууд ярьж байсан. Харин манайхан аятай газарт тохьтой байрыг тун боломжийн нөхцөлөөр олж авчээ. Элчин сайдын яамыг албан ёсоор нээх ажиллагаанд Ерөнхийлөгчийг дагаж ирсэн Д.Чойжамц хамба хамгийн чухал үүргийг гүйцэтгэсэн нь мэдээж. Дэлхийн их найман гүрнээс ганц Италид өнөөг хүртэл Элчин сайдын яамгүй байсан бид ийнхүү албан ёсоор Ромд өрхөө татаж, тулгаа туллаа. Бодвол хэнээр галаа мануулахаа Г.Зан­дан­шатар сайд тооцоолж байгаа биз ээ.

Манай Ерөнхийлөгчийг Кири­нали ордондоо угтан авсан тус улсын Ерөнхийлөгч Ж.Наполита­нотой зоог барих үедээ Ерөнхий­лөгч Ц.Элбэгдорж “Монголчууд Элчин сайдын яамаа нээлээ. Харин та нар хариуд нь юу бодож байна даа” гэж тоглоом шоглоомын дундуур асуужээ. Тэгэхэд Ерөнхий­лөгч нь Гадаад харилцааны сайд руугаа харж, өнөөх нь “Эдийн засгийн хямрал яригдаж байгаа энэ үед шууд Элчин сайдын яамаа байгуулна гэхгүй. Гэхдээ бид бас хариу найр тавина” гэж. Тэгээд Ерөнхийлөгч Ж.Наполитано нэг өдрийн дотор асуудалд аятайгаар хандахыг үүрэгдсэн байна. Харин дараа өдөр нь Гадаад харилцааны сайд Г.Занданшатартай тус улсын Гадаад харилцааны сайд Ф.Фра­тини хэлэлцээр хийх үедээ сюрпризээ задалжээ. Тэд эхний ээл­жинд дипломат паспорттой хүмүү­сийг тус улсад визгүй зорчиж байх шийдвэрийг гаргажээ. Эхний шатанд дипломат паспорттой хүмүүс гэж байгаа ч цаашид албаны тэгээд энгийн гээд шат шат ахихын эхлэл энэ болж байхыг үгүйсгэхгүй.

Европоор хөлхдөг монголчууд Италид харьцангуй цөөхөн юм гэсэн. Ерөнхийдөө энэ улсад хууль хяналт чанга бас бусад улсууд шиг халамж тэтгэмж нь халгиж цалги­даггүй учраас манайхан цөөхөн амьдардаг юм байна лээ. Тэнд­хийн прокурорын байгууллагад гэрээгээр ажилладаг залуухан бүсгүй Э.Энхмаа Элчин сайдын яамны нээлтийн үеэр ирсэн байхад нь хэдэн үг сольсон. Тэр “Европын орнуудад буруу замаар ажиллаж амьдарч байгаа хүмүүсээс зарим нь надад дургүй л байдаг байх. Гэхдээ тэд амьдарч байгаа улсын­хаа хуулийг хүндэлж амьдрах ёсой гэж би боддог. Энд гэмт хэрэгт холбогдсон монгол хүмүүсээс мэдүү­лэг авахдаа намайг албан ёсны орчуулагчаар дууддаг юм. Эхлээд тэд хятадууд гэж өөрс­дийгөө хэлдэг ч Хятадын элчин дээр аваачихаар хэлээ мэдэхгүй байдаг учир эцсийн бүлэгт монгол­чууд болох нь тодорхой болдог” хэмээж байсан. Одоо Италийн шоронд ял эдэлж байгаа цөөн тооны монголчууд байдаг ажээ. Өнгөрсөн зун гэхэд найман монгол хүн баригдсан байна. Тэд Фран­цаас энд иржээ. Гэхдээ машиндаа зорчигчийн тоо хэтрүүлж явж байгаад цагдаагийн анхааралд өртөж баригдсан юм байна. Тэгээд шалгатал машин нь хулгайнх, бас ардаа ачсан их хэмжээний үнэртэй устай, нягтлаад үзсэн чинь бүгд хулгайлагдсан гэж бүртгэгдсэн дугаартай эд байж. Ингээд л харийн нутагт хүүхнүүд голдуу тэд ял эдлэх болжээ. Бас хоёр нь ч байна уу, нярайлж Монголын балчир иргэн харийн нутгийн шоронд өсч байгаа гэж дууллаа.

Харамсалтай юм. Гэхдээ хүний нутгийн хатуу тэнгэр дор хуулийг нь мөрдөж амьдрах нь зүйн хэрэг болов уу. Анх баригдсан шалтгаан нь ч манайхны гаргах хийдэл дээ. Сэтгүүлч биднийг зөөвөрлөж явсан автобус, машин гэхэд яг таг сууд­лын тоогоор л хүнээ суулгана. Тэгэхгүй бол жолооч нь “Би хоолноосоо сална” гээд хөдлөхгүй юм билээ. Суудлын тоогоороо байтугай нугасанд хүртэл чихүүлдэг манайхан бол ойрхон газар гайгүй гэж санадаг бол Италид дэндүү өөр ажээ.

Ерөнхийлөгчийг Италид айлч­лах үеэр нэгэн арга хэмжээ болсон нь “Hands of Cain” олон улсын байгууллагаас “Цаазгүй ертөнц” оны шагналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид гардуулсан явдал байсан юм.

Дипломат албаныхан уригдаж, бас шагнал гардуулахаар Италийн Сенатын дэд ерөнхий­лөгч хатаг­тай Эмма Бонино, Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн орлогч дарга Винцензо Скотти, “Hands of Cain” байгууллагын ерөнхийлөгч Марко Панелла нарын албаны хүмүүс оролцсон. Хараад байхад итали­чууд хийж байгаа арга хэмжээгээ их бага гэлтгүй жигтэйхэн сэтгэл гарган бэлддэг ажээ. Хүн нэг бүр урт удаан гэгчийн үг хэлж, Ерөнхий­лөгчид хандан ямар учраас энэ оны шагналаа өгөхөөр тодруул­снаа учирлаж байв.  Бас дэлхийн хэмжээнд цаазаар авах ялын бай­дал ямар байгаа талаар гаргасан тайлангаа ном болгож, Ерөнхий­лөгч Ц.Элбэгдоржийн айлчлалд хэмээн тодотгоод хэвлэсэн байх юм. Түүнчлэн яагаад Монголын Ерөнхийлөгчид энэ шагналыг өгөх болсноо өгүүлсэн тайлбартаа Ерөн­хийлөгчийн өнгөрсөн жилийн чуулган дээр хэлсэн үгнээс нь иш татан хичээнгүйлэн бичжээ. Хүний амьд явах эрхийг баталгаажуулан, цаазаар авах ялын эсрэг шийдэм­гий алхам хийсэн лидерүүдэд энэхүү шагналаа гардуулдаг юм байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдор­жийн хэлсэн үг танхимд байсан хүмүүсийг сэрээж, алга ташихад хүргэсэн. Тэрбээр “Гучаад онд Монголын улс төр, шашин нийг­мийн элит олон хүн төрийн цаазаар амь насаа алдсан. Хэрэв одоогийнх шиг байсан бол тэр олон хүн амиа алдахгүй байсан гэж боддог” гээд “Өнөөдөр М.Каддафи нүхнээс нүхэнд харх шиг зугтан амьдарч байна. Тэр ард иргэ­дийнхээ хүсэл зоригийн эсрэг байсандаа өнөөдөр ингэж амь­дарч байна” гэж байсан билээ. Ийн ярьснаас нь хоёрхон хоногийн дараа М.Каддафийг сөрөг хүчний нөхдүүд нүхнээс гаргаж ирээд буудчихсан даа.

Нээрээ, биднийг Ромд газар­дахаас хэдхэн цагийн өмнө тэнд жагсаал цуглаан болсон гэж бай­сан билээ. Италийн хэд хэдэн хот бас Европын хэдэн оронд эдийн засгийн хямралтай холбоотой тайван жагсаал болсноос Ромд жаахан хурцадсан бололтой. Гуд­маар өнхрүүлээд хаясан мотоцикль энэ тэр харагдсан нь тэр өдрийн жагсаалынх. Ер нь Италид Засгийн газар нь бонд гаргаж, тэрийг банкууд нь худалдан авдаг байдал газар авсан бөгөөд энэ тогтолцоо нэг нурвал аюул дагуулна гэж үздэг юм билээ. Залуус нь ажлын байр алга, хойч үеийнхнээ харж үзэж байгаа зүйлгүй гэж тайван жагсаал эхлүүлсэн нь хэсэг хурцадсан ч биднийг яван явтал тэнд намуухан жагсаал үргэлжилсээр л байсан. Төрийн  ордныхоо гадаа туг намируул­сан хэдэн нөхөд ядахад цагаан хоолой ч үгүй зогсох юм билээ. Манай нэг байгууллагын нээлттэй хаалганы өдөр шиг л харагдана. Зарим нь намирсан тугныхаа өмнө зургаа ч авахуулж байх шиг.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн айлчлалаар маш олон зүйл хөндөгдөж, бас цөөнгүй зүйлийн эхлэл тавигдсаныг хэлэх хэрэгтэй. ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай болон тус яамныхан айлчлалд багтан очсон нь учиртай байж. Арьсан эдлэлийн боловсруулалт, технологиороо Итали дэлхийд түүчээлэгч. Харин Монгол түүхий эдээрээ ямар гэдгийг бид хэлүүлэх юун. Ёстой л энэ хоёрыг нийлүүл­бэл лус баярлаж юу яана даа гэдэг шиг л болмоор. Эхэндээ Италийн тал манайхтай төдийлөн нээлттэй байж чадахгүй байсан нь учиртай байжээ. Дэлхийг арьсан эдлэлээ­рээ хангагч Итали манай­хыг өрсөл­дөгчөө гэж хараад бай­сан учраас технологийн дэвшил юугаа хуваал­цаж хамтран ажиллах дээр цаар­галангуй байж. Харин энэ айлч­лалын хүрээнд хамтран ярилц­санаар томоохон санамж бичгүү­дэд гарын үсэг үзэглэсэн. Мөн ЗТБХХЯ-ныхан гэхэд Генуя боом­тоор дамжин өнгөрөх гэрээнд үзэг­лэ­сэн бөгөөд Хятадын Тяньжинаар дамжин Европ руу ачаа бараа тээвэрлэх хамгийн ойрын  гарц энэ болох юм.

Мөн Миланд болсон Бизнес форум анхаарал татаж байсныг хэлэх хэрэгтэй. Аливаа улс орны харилцаа дээд түвшиндээ ахиж байвч хоёр орны иргэд, бизнесийн түншийн харилцаа байхгүй бол учир дутагдалтай байдаг. Тэр ч утгаараа энэ удаагийн айлчлалын хүрээнд болсон Бизнес форум чухал үйл явдал байсан. Уг фору­мын үеэр манай “Хьюндай Моторс Монголиа” компани Италийн “Ивеко Астра” компанитай хүнд даацын ачааны машин оруулж ирэхээр таван сая ам.долларын гэрээг үзэглэсэн билээ.

 Үргэлжлэл бий

Categories
редакцийн-нийтлэл

Ватиканы цаг тоололд

Дэлхийн хамгийн жи­жиг улс атал ертөнцийн хүн амын долооны нэг нь чин сэтгэлээсээ тэр зүгт сүслэн залбирч байдаг нэгэн газраар саатаад ирлээ. Монгол Улсын Ерөн­­хийлөгч Ц.Элбэг­дор­­жийн 16-20-ны өд­рүү­дэд айлчлах орнуу­дын жаг­саалтад Бүгд най­рам­дах Итали, Вати­ка­ны хот улс, Бүгд най­рамдах Хорват улс хэ­мээн ёсорхогоор тэмдэг­лэгдсэн ч Ватика­ныг улс гэхэд, бас биш гэхэд үндэслэл үл олдом сонин нутаг. Италийн нийс­лэл Ромоос ханаар тусгаар­лагдсаныг эс тооц­вол ердөө манай Гандан мэт, гэхдээ сүсэгтэн олны хувьд оюун санааны төвтусгаар улс мөн нь эр­гэлзээгүй энэ орны тухай ихийг өгүүлж таарах биз ээ. Гэхдээ элдвийг үл нур­шин айлчлалын хү­рээнд хэнтэй уулзаж юуг ярьсан, монгол хүний нү­дээр тэнд­хийн үйл зураг санаанд хэрхэн буусан талаар хүүрнэе.

НАСТНУУДЫН НАРТ ЕРТӨНЦ

Италийн Ром хотноо үдэш
орой хөл тавьсан Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж түүнийг
дагалдан яваа УИХ-ын гишүүд,
сай­дууд, албаны хүмүүс мөн хэвлэл мэдээллийн ба­гийнхны оролцоотой эх­ний уулзалт
маргааш өглөө нь Ватиканд очсоноор эхэлнэ хэмээн
албан хөтөлбөрт бичсэн байлаа.

Монголчуудын шашин төрийг хослуул­даг төрт ёсны уламжлал, бас монгол хүний бэл­гэдэл бэлгэ­шээлийг бод­догийн өнгөнөөс дэл­хийн шаш­ны нэгэн том төв Ва­тиканд хөл тавьж, Ерөн­хийлөгч Ромын паптай ганцаар­чилсан уулзалт хийснээр эхэлж байгаа нь сайхан санагдав.

Ерөнхийлөгчийн цуваанаас нэлээд өмнөхөн бидний сэтгүүлч­дийг Гэгээн Петрийн сүмийн өмнөх талбайд ирэхэд тэнд хүрээлэн буй хүмүүсийн олныг тоолж баршгүй. Сүсэгтэн олноос гадна жуулчид талбайг дүүргэжээ. XVII зууны үед л  бүрэн гүйцэд баригдаж дууссан гэдэг энэ сүмийн өмнөх талбайг одоогийн папыг сонгогдох үед телевизээр харж байснаа санав. Шинэ папаар хэн сонгогдохыг хүлээх хүмүүс зуухнаас нарийн цагаан утаа суунагласнаар шийд­вэр гарсныг мэддэг эртний зууны дүрэм журам сүлэлдсэн мөнөөх үйл явцыг хараад ихээхэн сонин мэдрэмж төрж асан тэр цаг зургаан жилийн өмнийнх. Гутлын өсгий халираах чулуун шалтай тэр тал­бай дээр харин одоо алхаж яваа маань дотно атал үнэмшимгүй байсныг нуух юун. Ватиканы хэвлэл мэдээллийг хариуцсан албаны хүмүүс бололтой хүмүүс нэг нэгээ­рээ нэмэгдэнэ. Нэмэгдэх бүрт нас нь нэмэгдэнэ. Эхлээд аавын үеийн хүмүүс тосч байсан бол дараа дараагийнх нь өвөө шиг маань болно. Энэ бол Ватикан хот улсын язгуур онцлог байсан юм билээ.

Угаасаа хааш хааш бараг нэг км ч хүрэхгүй газар нутагтай энэ улсын хүн ам 800. Тэнд 3000 орчим хүн ажилладаг байна. Гэхдээ тэд Ватиканы иргэн бус. Тэнд ажилла­хаар очдог, Ватиканыхаа гадуур буюу чулуун хэрмийн нь гадаа аж төрдөг хүмүүс. Хүн амынх нь дун­даж наслалт гэвэл эрэгтэй нь 74, эмэгтэй нь 81 ажээ. Харин иргэд нь дандаа шашны зүтгэлтэн, карди­нал, хувраг санваартан, гэлэнмаа болно. Уулзсан хүмүүсээсээ та “Ватиканы иргэн үү” гэж асуух бүрт “Үгүй” хэмээн хариулж байсан. Үнэндээ ч тэндхийн захиргаа, хэвлэлийг нь хариуцаж ажилладаг хүмүүсээс тэгж асууж байсан маань гэнэн хэрэг байж. Харин томоохон шашны цол хэргэмтэй эрхмүүд эсвэл папаас асуувал тийм гэсэн хариулт сонсох байсан биз ээ. Арга ч үгүй байх даа. Ердөө найман зуухан хүн энэ улсын иргэншилтэй гэдгийг бодохоор.

Хэвлэлийнхнээс зурагчин хийгээд зураглаач гурван хүн, бичдэг сэтгүүлч мөн тийм тооныхыг оруулна. Тэд энэ хонгилоор орж, тэнд зогсч, ийм зарчмаар явна гээд тун хатуу жаяг буулгаж байна. Буруу нь алга. Олон жилийн хатуу дэг, уламжлалтай газар хойно.

Буддын лам нар улаан, шарыг тунаруулдаг шиг католик санваарт­нууд ягаан харыг хоршуулах нь сүртэй харагдах. Ватиканд хөл тавьснаас хойш нас залуу хүн нэгээхэн бээр харагдсангүй. Ихэвч­лэн жар, далтай болов уу гэмээр кардинал, санваартан эрхмүүд том, том хар цүнх барин цахилгаан шатаар дээш, доош явна. Бас нөгөө өнгө будаг хослуул­сан “гала” хув­цас­тай швейцарь хамгаалагч нар жад юугаан сүүтэгнүүлэн зогсох нь аль зуунд ирчихэв гэж гайхмаар.

Эртний ном зохиолуудад швейцарь цэргүүдийн үнэнчийг өгүүлэх нь түгээмэл. Бас хөлсний швейцарь цэргүүд дундад зуунаас хойш Европын хаана дайн байл­даан болно тэнд зэвсэг агссаар ирсэн гэдэг. Харин Гэгээн ширээт улстай швейцарь цэргүүд холбогд­сон нь 1506 оноос аж. Юлиус II пап албан ёсны хамгаалагч нараараа швейцарь эрсийг тавьсан цагаас хойш уг уламжлал алдагдсангүй. Одоо ч Швейцарийн зэвсэгт хүчинд алба хаасан 19-30 насны гэрлээгүй эрс Ватиканд хамгаалагчаар ирдэг байна. Тэдний хувьд цэргийн боловс­рол олсон, гэр бүлгүй бас католик шашинтан байх гэсэн шаардлага тавьдаг ажээ. Бас 175 см-ээс өндөр, мөн өвөг дээдсийн­хээ хэрэглэдэг байсан халберд хэмээх том заазуур шиг хүйтэн зэвсгийг хэрэглэж сурсан байх ёстой аж. Швейцарь хамгаалагч нарыг эс тооцвол настнуудын нарт ертөнц тэнд л байх шиг санагдлаа.

48-Т БАС 84-Т

Угтан авалтыг бэлтгэн ажиллах Ватиканы хэвлэлийн төлөөлөгч тэнд байгаа хамгийн залуу нь бололтой. Дөч орчим насных болов уу. Тэр угтан авалттай хол­боо­той бүхий л зүйл дээр дэлгэ­рэнгүй мэдээлэл өгч байснаа хэрэгт дуртай хэвлэлийн бид тэнд ажил­лаад хэр удаж байгаа, дандаа настнууд ажилладаг юм уу гээд лавлавал илэрхий ундууцаад явчи­хав. Биднээс гадна Испанийн сэтгүүлч эмэгтэй тэнд сурвалжлага хийхээр иржээ.

Түүнийг дагуулан яваа Вати­каны ажилтанд манай Ерөнхийлөгч юу юунаас илүү чухал байх шиг. Тэрбээр Ерөнхийлөгчийн хэдэн настайг асуугаад төрсөн оныг нь хэлтэл учиргүй тоолж ирснээ гай­хаж байна. “Маш залуу юм байна. 48 настай юм байна. Пап ламтан 84 настай. 4 ба 8-ын тоог зөрүүлэ­хээр яг таарч байна. Хачин шүү” гэлээ. Бас “Танай Ерөнхийлөгч Германаар дайрч ирэхдээ Меркель­тэй уулзсан уу” хэмээн хэрэгт дурлаж байна. “Энэ удаад үгүй. Гэхдээ түүнээс долоо хоногийн өмнө А.Меркель Монголд айлчилж очиход уулзсан” гэхэд жигтэйхэн гайхав. Ордны алба хаагчид эртний ёслолын хувцас­тайгаа, харин биднийг дагуулж яваа ажилтнууд энгийн гонжоомтой байх юм билээ.

Харин Ромын пап гэгээн хутагт XVI Бенедикт цагаан торон унжла­гатай гал улаан хиаз бүхий өмс­гөлтэй байсан. Тэрбээр өмнөх ширээт лам Йоан Павелын ойрын шадар байсан гэдэг бөгөөд 2005 оны дөрөвдүгээр сард папаар тодорсон. Тэгэхдээ сүүлийн 100 жилд өргөмжлөгдсөн хамгийн өндөр настай пап хийгээд XVIII зуу­наас хойших анхны герман үндэс­тэн пап болсон билээ. Бас шашны боловсролыг албан ёсоор олсон, дипломтой анхны ширээт лам гэдгийг нь хэлэх ёстой болов уу.

Ерөнхийлөгчийг гар дэлгэн угтан авсан пап XVI Бенедикт намуу­хан алхаатай, зөөлөн дуутай нэгэн байна лээ. Шашны сүр хүч  тийм байлгадаг биз, насны их нь ч тийм болгоо биз ээ. Төр, шашны хоёр тэргүүн нүүр тулж уулзсаны дараа ганцаарчилсан уулзалт эхэлсэн юм. Уулзалтаараа шашин хоорондын хэлэлцээ нь хүн төрөлхт­ний нийтлэг эрх ашгийн төлөө хамтран ажиллах хэрэгсэл гэдэгт санал нэгдэж, цаг агаарын дулаарал, байгаль орчноо хамгаа­лах, сөргөлдөөнийг энхийн аргаар шийдэх, хүнсний хомсдлын талаар үзэл бодлоо хуваалцсан.

Мөн 84 настай XVI Бенедикт 48 настай Ц.Элбэгдоржийн гаргасан хүний эрхийн төлөө санаачилгуу­дад нь баяр хүргэж, цаазаар авах ялын эсрэг зогсч буйд  талархсан. Ром Италийн нэгдсэн вант улсад нийлсэн цагаас Ватиканы асуудал ихээхэн хэцүү болж ирсэн гэдэг. Тэгээд 1929 онд Италийн удирдагч Б.Мусолонитой пап XI Пиус Латераны гэрээ гэгчийг хийснээр өвөрмөц тогтолцоотой хот улс бий болжээ. Тухайн гэрээгээр Италийн хуулийг Ватикан тэр чигээр нь авч хэрэгжүүлэх ёстой байсан бөгөөд хуулиа дагаж ирсэн ялын дээд хэмжээг огт хэрэглэхгүй байсаар 1969 онд албан ёсоор халсан түүхтэй юм билээ. Хэдийгээр хуулинд нь ялын дээд хэмжээ байгаа ч хэрэглэхгүй явсаар дөчин жилийн дараа халжээ. Харин манайд өнгөрсөн жил Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  ялын дээд хэмжээг өөрийн эрх мэдлийн хүрээнд хэрэгжүүлэхгүй гэж зарласан ца­гаас хойш төрийн цаазын буул­гаар хүний амь үрэгдээгүй билээ.

Ватиканы номын сан болон нууц архивт хадгалагдаж байгаа бичиг баримт, түүхэн эх сурвалж хийгээд Ромын эзэнт гүрний түүх соёлын бичээсийг хамтран судлах хүсэлтэй байгаагаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илэрхийлж, хариуд нь пап хүсэлтийг хүлээн авснаа илэрхийлээд эхлээд латин хэлтэй эрдэмтэд бэлтгэх тал дээр  хамтран ажиллахаар болсон. Угаасаа Вати­каны албан ёсны бүх ажиллагаа латин хэл дээр явагддаг учраас судалгаа хийх эрдэмтдээ бэлтгэх нь яах аргагүй чухал хэрэг болно.

Ерөнхийлөгч Ватиканы хот улсад айлчлах үеэрээ тус улсын их хамба, төрийн нарийн бичгийн дарга Э.Бертонетэй уулзсан юм. Ерөнхийлөгч манайд болсон зуд, байгалийн гамшгийн үед Ватиканы зүгээс байнга тусалж ирсэнд нь талархаад судлаачдын багийг хэрхэн хамтруулах тухайд нэлээд нарийн яриа хийсэн. Ватикан 1993 онд хүмүүнлэгийн тусламж болгон 1000 кг эмийн зүйл,196 онд ойн түймрийн дараа 31 мянган ам.дол­лар, 2000 оны зудны дараа пап Йоан Павел II хувиасаа 50 мянган ам.доллар, тусламжийн байгуул­лага нь 30 мянган ам.долларыг сэтгэлийн өглөг болгож өгч байсан юм билээ. Өмнөх папыг манайхан сайн мэддэг. Мэдэхээс ч аргагүй. Нийт 26 жилийн турш Гэгээн ширээт улсын эцэг байсан түүний гэрэл зураг, зурагт хуудас Ромын гудмаар энд тэндгүй. Одоогийн папаасаа илүү нэр хүндтэй хэвээр байгаа гэж тэндхийнхэн ярих юм билээ. Харин түүний хамгийн ойрын хүн одоогийн пап XVI Бенедект байсан гэдэг. Латинаар папа буюу эцэг гэсэн утгатай энэ нэрийн эзэн нэгэнт тодорсон бол жанч халтлаа уг албандаа залрах ёстой байдаг. Бид нутгаасаа  мор­дох өглөө манай Чой хамба “Итали орж, поптой уулзана” гэж хөгжил­тэйгээр хэлж байсан нь ч ортой. Сонсоход хэн нэгэн поп одтой уулзана гээд байгаа мэт ч папыг Pope хэмээн бичдэг. Одоогийн пап лам шашны мөр хөөх болсноо фашист дэглэмийн нөлөөгөөр хэмээдэг нь үнэний хувьтай. Тэр­бээр саяхан манайд айлчилсан Германы канцлерын эцэгтэй нас ойролцоо. Меркелийн аав цэргийн албанд байсныхаа төлөөсөнд дайны гэмт хэрэгтэн хэмээгдэж шоронд хэсэг сууж байсан бол пап Бенедикт мөн ийм замыг туулжээ. Харин шоронгоос гараад шашны зам мөрөөс гажаагүй өнөөг хүрсэн байна.

Ватиканы ордонд хөл тавьсан Ерөнхийлөгч болон дагалдан яваа зочид төлөөлөгчдийг хүндэтгэн авсан XVI Бенедикт хүн тус бүртэй гар барьж, зургаа татуулсан. Ерөн­хийлөгч зочдоо нэг бүрчлэн танил­цуулж, пап зөөлнөөр толгой дохин мэндэлнэ. Тэрбээр Ерөнхий­лөг­чийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнтэй хэсэг саатан үг сольсон нь нутгийнх нь хэлээр мэндчилсэнтэй холбоотой болол­той. Сэтгүүлчидтэй зэрэгцэн зогс­сон ватиканчууд “Энэ хүн герма­наар яриад байна. Энэ хэн бэ” гэж эрхэм зөвлөхийг сонирхов. XVI Бенедикт бол Германы Бавари нутгийн хүн. Латин, итали, франц, англи гээд  олон хэл мэддэг юм билээ. Гэвч ямар ч хүнд төрсөн нутгийн нь хэлээр ярих шиг сайхан нь үгүй байх л даа. Албан ёсны төлөөлөгчид гарсны дараа сурвал­жилсан хэвлэлийн хүмүүсийг паптай гар барихыг зөвшөөрдөг аж. Гэхдээ асуулт асуухгүй, юм ярих­гүйг анхааруулж байсан. Ватиканы журам нь тийм ч пап өөрөө тэр хатуу дэгээ хааяадаа гэмгүйхэн зөрччихдөг бололтой юм. Арьс нь унжин суларсан ч илч нь хариагүй бүлээн гараараа хүн бүрийн гарыг барьж, зураг авахуулж байсан. Бас хүс­вэл үг сольж яриа өдөж байна лээ.

Хана хэрэм нь хүртэл түүхийн гэрч болох тэр газраас гарч ирэхэд католик шашинтнууд хийгээд ази голдуу жуулчдын хөл өмнөхөөсөө ч нэмэгдсэн байлаа. Тэнд амьдар­даг хэн нэгний хэлснээр холоос болов царайг нь харахаар ирдэг Ромын паптай гар барьж, үг соль­сон маань азтай явдал гэж онцлоход буруудамгүй бодогдов.

Гэгээн Петрийн сүмийг өдрөөр байтугай сараар үзээд ч дуусдаггүй гэж Францын уран зохиолын номд өгүүлсэн нь бий. Үнэхээр Гэгээн Петрийн сүмийн ур хийц, тэнгэрлэг байдлыг нь үгээр дүрслэхийн аргагүй. Биднийг сүмийг үзээд явж байхад хамт яваа Д.Чойжамц хамбыг харсан гадны­хан нэг нэгнээсээ Далай лам уу гэж асуух нь сонстоно. Хам­гаалалт гараад л хэсэг бүлэг хүмүүс тэр дунд нөгөө Далай ламын өмсгөлтэй хүн алхаад байхаар католикчууд тэгж бодох нь хэр биз.

ЭРТНИЙ ХААДЫН УЛБААГААР

Айлчлалын нэг гол үйл явдал бол Ватиканы нууц архивт зочил­сон явдал байв. Уг нь тэнд хэр баргийн хүмүүсийг оруулдаггүй гэдэг. Тэгээд Ерөнхийлөгч хийгээд цөөн тооны зочдыг оруулна гэж байсан ч Монголын төлөөлөгчдийг ямар нэгэн саадгүйгээр оруулсан нь олзуурхууштай. Энэ нууц архивт хүн төрөлхтний түүх тэр чигтээ хадгалагдаж байгаа гэхэд болно. 1098 оноос эхлээд бүхий л чухал үйл явцын түүх энд бичигдэн үлдэх болжээ. Ватикантай холбоотой бичиг баримт, түүхийн гэрч болсон захидал бичээс, ном, сонин гээд бүгд үлджээ. XVII зууны үед пап Павел V-ийн зарлигаар Ватиканы номын сангаас нууц архивыг тусгаарласан бөгөөд нууц газраа нууц юмаа л хадгалж иржээ.

Үнэхээр олон жилийн түүхийг хадгалж ирсэн учраас юу, юу бай­гааг тэр бүр мэдэхэд хэцүү. Ямартаа л Ватикан анх 1920 онд 800-гаад жилийн өмнө Ромын пап хийгээд Их Монгол Улсын хаадууд харилцаж байсан бичиг баримтыг олсон юм байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид үзүүлэхээр Вати­каны нууц архивынхан 1246 онд бичигдсэн Гүюг хааны захиа тэр­гүүтэй Монголын хаадын хэд хэдэн захидлыг дэлгэжээ. 16.5 см-ийн өндөртэй 97 см үргэлжилсэн цаасан дээр бэхээр Гүюг хаан VI Иннокент папад хариу болгон бичсэн нь энэ аж. Папаас анхны захиаг Плано Карпини хүргэхээр бүтэн жил зорчин байж хүргэсэн бол хариу захиаг өвөртлөөд мөн жил гаруй явж ирсэн байдаг. Ватиканы нууц архивт байгаа түүхийн үнэт өв болсон захид­луудад Их Монгол Улсын тамга хийгээд лалуудын эсрэг хамтран тулалдах санал санаачилга, хамт­ран худалдаа хийх хүсэлт түүх болон үлджээ. Хамгийн сонирхол­той нь тэр захидлууд эх хувиараа байгаа гэхэд огт элэгдэж муудаагүй байх юм. Өнгөрсөн жилийн сонины цаас гэхэд түүнээс илүү муудаж шарласан байгаа даа гэж бод­моор. Харин үүнийг Ватиканы нууц архивын эрхлэгч цэвэр байгалийн гаралтай эд эдлэл дээр бичсэн учраас тэр гэж тайлбарлана лээ. Ямартай ч Ватикан түүхийн тэр гайхалтай дурсгалыг авч үлдсэ­нээрээ нүүдэллэсээр юу ч үлдээж чадаагүй бидэнд ихийг сэхээрэх боломжийг өгч байгаа юм. Өвөр­мөцөөр хаагдаж нээгддэг номын тавиур бүхий тэр архивт алхан хээтэй номууд байсан. Ерөн­хий­лөгч түүнийг ихэд сонирхон “Манайд үндэсний ийм хээ байдаг юм. Энэ номууд дээр байгаа энэ хээ ямар учиртай юм” гэж сонирхоод “Алхан хээг XVIII зуунаас гоёл чимэглэлд хэрэглэж ирсэн” гэсэн хариу авав. Нийтдээ 84 км-ийн урт хонгил бүхий тавиуртай уг архивын багтаамжид санаа зовсон Ерөн­хий­лөгчийн асуултад нууц сангийн эрхлэгч “Дахиад 20 жилийн нөөц бий” гэлээ. Мөн уг архивт эртний ном болох 1070 оны ном байсныг сонирхуулсан. Тугал эсвэл хурганы арьсаар хийсэн гэж уг номыг үзэж байгаа юм билээ.

Энэ архивт бүр
наймдугаар зууны үеийн бичиг
баримт байдаг аж. Гэхдээ XIII зуунаас өмнөх нь хомс бөгөөд түүнээс
хойших нь хаадуудын гэрлэлтийн бичгээс эхлээд Микель Анжелогийн захид­лууд хүртэл бий. Одоо үечлэл­тэйгээр энэ архивын бичиг
барим­туудыг нээлттэй болгож байгаа бөгөөд ойрын үед Дэлхийн II дайны үеийнх нь дэлгэгдэнэ гэсэн. Гэхдээ
үүнийг хэн дуртай хүн нь үзэх боломжгүй
бөгөөд судлаачдад ч дижитал хэлбэрээр
нь үзүүлдэг аж. Харин монголчуудад нууц
архив энэ өдөр нэн нээлттэй байлаа. Улс гүрний Ерөнхийлөгч
удирдагч нараас ч ингэж ирж байсан нь ховор гэдгийг тэд ярьж байсан бөгөөд “Миний л мэдэж байгаагаар сүүлийн гурван жил энэ архивт тань
шиг хөл тавьсан Ерөнхийлөгч байхгүй”
хэмээж байв. Ватикан улсын ховор сонин, гэгээн орон зайд ийнхүү цаг хугацаанд саатав. Энэ нутгийн
дээвэр дор Европын цаг тооллын завилгаа ноёлж байх шиг санаг­дав. Тиймээс ч би энэхэн
тэмдэглэлээ гэгээн Ватиканы цаг тоололд гэвэл зохимжтой юм гэж бодлоо.

Categories
редакцийн-нийтлэл

С.Батболдын Засгийн газрын амь нас ДОЛОО ХОНОГООР ТООЛОГДОЖ ЭХЭЛЛЭЭ

Хуучин цагийн Улс төрийн тов­чооныхон бол өөрсдөө улс төр хийх боломж байхгүй байлаа л даа. Тэдний улс төр оросуудаас ха­маарч байсан хойно арга ч үгүй биз. Орчин үед бол улс төрийг манай улстөрчид гэх нөхдүүд хий­дэг болжээ.

Японд Ерөнхий сайд огцрох, Засгийн газар солигдох бол газар хөдлөхөөс нь нэг их цөөнгүй бол­дог үйл явц. Тэдний улстөрчид нь  улс төрөөс шалтгаалж гэхээсээ илүүтэй ухамсар, ёс зүйтэй хол­боотой унах нь элбэг. Ер нь бол алдаа гаргахыг тэвчдэггүй улс.  Тэр дундаа өндөр албан тушаал ха­шиж буй хүмүүсийн хариуцлагыг бүр ч өндөрт тавьдаг. Тэгээд хэвлэл мэдээлэл нь хэн нэгэн албан тушаалтны алдаа гаргасан талаар жаахан шуугиад ирэхээр, тэр нь цаашлаад үнэн болж нотлогдох  аваас сандал суудал дээрээсээ дороо ховхорчихно. Өөрсдөө ч ард түмнээсээ уучлал эрж бөхөлзөөд албан тушаалаа өгнө. Манайд энэ эсрэгээрээ. Хуулиндаа хүртэл улс­төрчдийг хаацайлах заалтыг ил далдаар шургуулчихсан болохоор алдаа гаргасан ч унагах боломж угаас байхгүй. Насан туршдаа гэмт хэрэг хийсэн ч улстөрч л байж чадвал ял зэмгүй өнгөрнө гэсэн үг. Тиймээс ч УИХ-д суух, улс төр хийх нь амьдралынх нь зорилго болсон хүмүүс  өдрөөс өдөрт нэмэгдээд байгаа хэрэг. За энэ ч яахав. Үндсэн сэдэв рүүгээ оръё.   

Хорин гишүүн Засгийн газартай тооцоо хийхээр гар, хөлийн үсэг цуглууллаа шүү дээ. Заримтай нь тохироо хийж, тойрог энэ тэр өгөх­гүй гэж айлгаж ичээгээд эцсийн байдлаар ес үлдсэн байна лээ. Тэдний хийж буй үйлдэл яалт ч үгүй улс төр боловч бас яалт ч үгүй дуугарах ёстой л сэдэв.

Дээр дурдсанчлан япончуу­даас жишээ авах юм бол манай Засгийн газар аль хэдийнэ явчихсан шүү дээ. Нэг үгээр хэлбэл заавал албан ёсны тогтоолыг төдий тооны хүн өргөн барих энэ тэр нэг их чухал биш бөгөөд хууль дээр очоод шүүгдэж шившиг болсноос алдаа­гаа ухамсарлаад эртхэн замаа бодсон нь дээр гэж үздэг.

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрыг огцруулахаар ярьж байсан нөхдүүд албан ёсоор гарын  үсгээ зурж баталгаажуулсан бичгээ өр­гөн барихаар болоход гардаж авах хүн олдохгүй сандаргасан. Ер нь УИХ-аас томилогдсон албан ту­шаалтныг огцруулах саналыг УИХ-ын гишүүд гаргаж болно гэж албан бичиг өргөн барьсан гишүүд   тайл­барлаж байгаа. Гэтэл хариуд нь Засгийн газрыг огцруулахыг УИХ-ын гишүүдийн 4/1 нь дэмжвэл энэ асуудлыг хэлэлцэнэ. Үгүй бол “үгүй” гээд гэдийнэ  гэж  хэлээд байгаа.

Харин УИХ-ын нэр бүхий ги­шүүд Засгийн газрыг огцруулна гэхээсээ илүүтэй Ерөнхий сайдыг огцруулна гэж бичиг өргөн барьсан гэж байгаа. Логикоороо бол Ерөн­хий сайд огцорвол Засгийн газар ч огцорч таарна. Хэрэв хэлэлцэх аваас хуулиараа долоо хоногийн хугацаанд хэлэлцэх ёстой. Үүгээр бол С.Батболдын толгойлсон Зас­гийн газрын амь нас долоо хоно­гоор тоологдож эхэллээ гэсэн үг. Н.Батбаяр гишүүн Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн барихад УИХ-ын дарга “Тогтоол биш, зүгээр л албан бичиг байна” гэж байсан. Ер нь тэгээд  арван хэдүүлээ суу­гаад, байхгүй хэдийнхээ кнопыг дарж хууль баталж болж байхад есөн хүн огцруулах асууд­лаар албан бичиг өгөхөд болохгүй зүйл юу байхав дээ. Дүндээ дүн л байх­гүй юу.

Ямар ч байсан бужигнаан үүсэх нь үүсчихлээ. Хорин гишүүн байна уу, ес байна уу ялгаа алга. Наанаа дэмжихгүй байгаа царайлаад илч­лэгдэхийг хүсэхгүй байгаа ч цаанаа кноп дарахад бэлэн байгаа хүмүүс байгаа гэх. 

Хүн гэдэг амьтан ч хөгийн л дөө. Саяхан Ерөнхий сайдаа, намын даргаа гээд налиганаж явсан нөх­дүүд дараагийн Ерөнхий сайд болох магадлалтай хүмүүсийг хайчихсан сээтэн хаяж явна гэнэ.  Хэрэв С.Батболд огцорчихвол түүний халааг хэн авах вэ.  Энэ эрэл сурлаар таамагт буугаад буй хү­мүүс нь Ө.Энхтүвшин, М.Энхболд нар аж. Тиймээс  тэдэн рүү шар­ваганах болсон байна. У.Хүрэл­сүхийг ч аль хэдийнэ хөдөлж эхэл­сэн гэх. Яагаад ингэж бужигнаад байна гэж эх сурвалжаас асуухаар олигархиасаа салах гэсийм гэх юм. Олигархиар удирдуулсан нам сонгуульд ялж байсан түүх байхгүй гэдэг. Дээр нь төрийн мөнгө луйвар­даж сонгуульд орвол ясгүй арчуул­даг. Эвгүйтвэл Ардчилсан намаас Засгийн газарт байгаа Алтан гадас нь хөдлөхгүй байлаа гэхэд өөр бусад нь хөдөлж ч мэдэх аж. Ту­хайл­бал улсаас мөнгө гарна гээд төмөр замд урьдчилаад өчнөөн мөнгө зарцуулчихаад байгаа Х.Бат­тулга сайдад мөнгийг нь гаргаж өгөхгүй таг зогсоогоод л сууж байгаа шүү дээ. Бодвол Ард­чилсан намын нэр хүнд хийсэн ажлаас нь болоод өсчихнө гээд ч ингэж тээг болдог юм билүү хэн мэдлээ. Хамаг ажлыг нь энэ мэт уяад байвал Х.Баттулга сайд ч зүгээр суугаад дараа сонгуультай золгов л гэж. Бодох л ёстой асуу­дал. Өнөөдөр биш байлаа гэхэд маргааш Засгийн газар яаж өөрч­лөгдөхийг хэн мэдэхэв.

У.Хүрэлсүх ч гэсэн дээ. Намын даргатайгаа найр тавьж байгаа гэж олон нийтэд үнэмшүүлэх зорилгоо хамтдаа гудмаар инээмсэглэн алхсаныг эс тооцвол хүрэл сүхээ эргүүлээд өөрийнхөө дарааллыг хүлээж байж ч болох шүү дээ. Хэн үгүйсгэх юм. Залуусаа хүртэл на­мын дарга руугаа турхируулж ча­даж байгаа шүү дээ. Сонгууль дөхөж байна. Улс төр хийх улс­төрчид ч олширч байна.

Аль ч УИХ-д хүн огцруулчих дайны бүлэг хүмүүс байж л байдаг. Өмнөх УИХ-д Элсний арван гурав яалаа. Ц.Нямдоржийг унагаад, М.Энхболдыг огцруулаад С.Бая­рыг гаргаж ирж л байсан. Арван гурав, есийн ялгаа нэг их биш. Тэр үед ч Үндсэн хуулийн 43 дугаар зүйл заалт хэвээрээ байж байсан. Элсний арван гурав 4/1-т хүрээгүй ч гэсэн засаг огцорч явсан юм шүү дээ. Ер нь улс төр гэдэг ч чинь өөрөө урсгалаараа явж бай­даг зүйл биш аж.

Хэдэн жилийн өмнө нэгэн улстөрч нөхөрт  М.Энх­сайханы хэлсэнчлэн “Улс төрийг хийдэг” юм байна. Энэ есөн гишүүн  биш байлаа гэхэд өөр нэг хэсэг нь Засгийн газрыг огцруулах улс төр хийхээр өндийгөөд л ирнэ. Бичиг цаас бариад л гүйнэ. Өмнөх жиш­гүүдээс харах юм бол Засгийн газар уначихдаг л юм билээ.

Categories
редакцийн-нийтлэл

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хорватад айлчилж байна

Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж Итали улс дахь айлч­­лалаа өндөрлөөд Бүгд найрамдах Хорват улсад айлчлалаа эхлүүл­лээ. Дэлхийн эртний түүх­тэй Загреб хот дахь Ерөн­хийлөгчийн ордонд Мон­гол Улсын Ерөн­хий­лөг­чийг албан ёсоор угтах арга хэмжээ болсны да­раа Ерөнхийлөгч Ц.Эл­бэг­дорж, Ерөнхийлөгч И.Иосипович нар ган­цаарч­лан уулзаж, ул­маар албан ёсны хэлэл­цээр­тээ орсон юм. Мон­гол­чуудын их байлдан дагуулалтын үед тухайн үедээ Хорватыг эзэм­шил­дээ байлгаж байсан Ун­га­рын хаан Бэлаг монгол цэргүүд хаан ширээнээс нь унагахад Унгарын хаан Загреб руу зугтан амь мултарч байсан гэ­дэг. Хорватын язгуурт­нууд эзэн хаандаа ту­салж, харин Их Монго­лын хаан нэхүүл цэр­гүү­дээ Загреб руу илгээж байсан түүх манай хоёр улсын түүхэнд үлджээ. Харин энэ удаад аль аль нь ерээд онд нэг нь тус­гаар тогтнолоо тунхаглаж нөгөө нь ардчилсан зам­на­лаар явахаа дэлхий дахинд зарлаж байсан хоёр улсын Ерөнхийлөгч нар уулзаж байна.

“Монгол Улсын Ерөн­хийлөгчийн Бүгд Най­рам­дах Хорват Улсад хийж буй энэхүү анхны айлч­лал нь Хорват Улсын тус­гаар тогтнолын 20 жилийн ой, хоёр орны хооронд дипломат харилцаа тог­тоосны 20 жилийн ойтой давхцаж байна. Эдгээр чухал ой давхацсан цаг үед тантай уулзаж хоёр орны харилцаа хамтын ажиллагааны талаар са­нал солилцож байгаадаа баяртай байна. Монгол Улс, Хорват Улстай тог­тоосон ардчиллын үнэт зүйлст тулгуурласан найр­саг харилцаагаа улс төр, эдийн засаг, хү­мүүн­лэгийн бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна” хэмээн Хор­ватын Ерөнхийлөгч И.Иосипович хэлсэн бол манай Ерөнхийлөгч “Хор­ват Улс богино хугацаанд улс орноо хөгжүүлэх үйлст амжилт олж, олон улсын тавцанд нэр хүнд нь улам дээшилж, ул­маар Европын Холбооны бүрэн эрхт гишүүн болох гэж буйд Монголын ард түмэн баяр хүргэж байна” хэмээсэн юм. Сүүлийн үед Хорват олон улсын тавцанд маш их нэр хүнд­тэй байгаа талаар га­даа­дын хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичих болсон билээ. Нөгөө талаас эдийн засгийн хувьд тун хурдацтай байгаа бөгөөд хөгжлөөрөө хуучин Югос­лавын холбооны улсуу­даас Словенийн дараа ордог ч удахгүй тэргүүлнэ гэж ажиглагчид онцолж байгаа юм байна.

Ерөнхийлөгч Ц.Эл­бэг­дорж “2008 онд БНХорват Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн айлчлал манай хоёр ор­ны харилцааг хөгжүүлэх, дээд хэмжээний яриа хэ­лэлцээний эхлэлийг тавь­сан билээ. Хорват Улс удахгүй Европын хол­боо­ны бүрэн эрхт гишүүн болох гэж буйд баяр хүр­гэе. Монгол Улс, Европын холбооны харилцаа түнш­лэлийн хэмжээнд хүрч эрчимжиж байна. Манай улс Европын стан­дартыг Монголд нутаг­шуулахаар ажиллаж бай­на. Энэ чиглэлээр та бүх­нээс туршлага судлахад дэмжлэг үзүүлэхийг хүсье” хэмээн уулзалтын үеэр онцолж байсан. Ма­най хоёр орны хувьд ашигт малтмал, дэд бү­тэц,  жижиг дунд үйлдвэр, хөдөө аж ахуй, малын эм бэлдмэл, хүнсний бүтээг­дэхүүн үйлдвэрлэл, ая­лал жуулчлал гээд  хамт­ран ажиллах салбар нэ­лээд бий гэж үздэг” гэс­нийг нь Ерөн­хийлөгч И.Ио­си­по­вич дэмжээд “Мөн бид­ний харилцааг хөг­жүү­лэхэд боловс­ро­лын сал­барын хамтын ажил­ла­гаа чухал. Манай оронд, олон улсад хүлээн зөв­шөө­­рөгдсөн их, дээд сур­гуу­лиуд байдаг бөгөөд бид танай талаас хөдөө аж ахуйн инженер, техно­логийн чиглэлээр оюутан сур­гахад бэлэн байна. Түүнчлэн аялал жуулч­ла­лын салбарт хамтарч ажил­лах бүрэн боломж­той. Манай улс жил бүр 10 сая жуулчин хүлээн авч байна” гэсэн юм. Хор­ват нь газар нутгийн хувьд манайхаас хэдэн арав дахин бага харин хүн амын хувьд 4.4 сая хүн амтай улс юм.

Хэдийгээр цөөхөн хүн амтай ч дэлхийд алдар­тай тамирчид олонтой. Сагс, хөлбөмбөг, газрын теннисний төрөлд өндөр амжилт үзүүлж ирсэн бө­гөөд улаан шоотой тө­рийн далбааг нь мэдэхгүй хү­мүүс ховор.

Хорватын хувьд 2013 онд Европын холбооны бүрэн эрхт улс болох бөгөөд аялал жуулчлал маш их хөгжсөн гэгддэг газар. Өөрөөр хэлбэл Европын хүн амын гур­ван хүний хоёр нь Хор­ватад ирж үзсэн байдаг байна. Гэхдээ хямд зар­далтай гэдгээрээ онцл­ог учраас мөнгөн дүн нь их биш гэх нь байдаг ажээ. Тийм хэдий ч аялал жуулч­лалаар олсон орлогоо хүн амдаа хуваахаар жилд нэг хүн 1000 евро ногддог байна.

Ерөнхийлөгч Ц.Эл­бэг­дорж айлчлалынхаа хү­рээнд тус улсын парла­ментын дарга Лука Бебич, Ерөнхий сайд хатагтай Ядранка Косор нартай уулзаж, эм бэлдмэл вак­цин тарилгын үйлдвэр­лэл­тээрээ бүс нутагтаа алдартай “Ветерина” ком­паниар зочилно.

Categories
редакцийн-нийтлэл

Л.Отгонбаяр: Тэгэхэд үхчихмээр л санагдсан

БНСУын допингийн лаборатори нэгэн шинжилгээний хариуг манай улс руу андуураад илгээчихжээ. Тэр шинжилгээ нь БНСУын Дэгү хотноо наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 4-ний хооронд болсон хөнгөн атлетикийн ДАШТий үеэр гадны нэг тамирчнаас авсан шинжилгээ байж. Гэтэл тэр андуурсан шинжилгээний хариуг Монголын үндэсний олимпийн хороо, Спортын анагаах ухааны төв, Допингийн эсрэг төвийнхөн нарийн сайн нягтлалгүй, ажилдаа хариуцлагагүй хандаж Монголын марафоны шилдэг эмэгтэй тамирчин Л.Отгонбаярын шинжилгээний хариу хэмээн нийтэд ташаа мэдээлсэн.

Дээрх андуурсан гэх шинжилгээ нь өөр улсын тамирчных байсан бөгөөдАсорьцоос нь допингийн төрлийн бодис илрээд тэр тамирчинВсорьцоо шинжлүүлсэн давж заалдах шатны шинжилгээний хариу байжээ.

Л.Отгонбаяр ажилдаа хариуцлагагүй хандсан манай спортын байгууллагынханд гомдолтой байгаа бөгөөд шинжилгээний хариуг андуурч явуулсан БНСУ дахь допингийн лабораторийг өөрөөс нь албан ёсоор уучлалт гуйхыг хүсч байгаа юм байна. Түүнтэй ярилцлаа.

Таныг Бээжингийн мара­фонд оролцох үеэр ийм андуу ташаа зүйл болчихжээ. Мон­голын Допингийн эсрэг төвийн­хөн ирсэн мэдээлэлтэй сайн танилцаагүйгээс л ийм хэрэг болсон гэсэн үг шүү дээ?

-Бээжингийн марафон аравду­гаар сарын 16-нд болсон. Уг мара­фонд оролцохоор Монголын баг тамирчид арав гаруй хоногийн өмнө тэнд очсон. Тэнд очоод хоёр хонож байтал Монголын үндэсний олимпийн хороо, хөнгөн атлети­кийн холбооноос “Л.Отгонбаярын сорьцоос хориотой бодис илэрсэн” гэх албан ёсны мэдээг дуулгасан. Бид энэ мэдээг сонсоод гүн цоч­ролд орсон.

Допингийн бодис илэрсэн гэх уг шинжилгээний хариуг БНСУ-ын допингийн лаборатори манай Допингийн эсрэг төвд ирүүлсэн. Шинжилгээний хариун дээр тамирч­ны нэр байдаггүй. Тусгай кодтой байдаг.

Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос хүсэлт гаргаж БНСУ-ын лабораторид хийлгэсэн “В” сорьцын шинжилгээний хариуг тус лобаратори Монако руу биш Мон­гол руу андуураад явуулчихсан юм билээ. Наадмаар бөхчүүдээс авсан допингийн шинжилгээний хариу­тай хамт явуулчихсан байсан.

Өнөө жилийн наадмаар бөх­чүүдээс шинжилгээ авахад хоёроос нь допингод хамаарах бодис илэрсэн. Тэр хоёрынВсорьцын шинжилгээний хариу ирж л дээ. Тэр хариунуудтай л цуг явуулчихсан юм байх даа?

-Тэр шинжилгээний хариунууд­тай л холиод явуулчихсан байна лээ. Бид Бээжинд байхдаа Допин­гийн эсрэг төвийн захирал Н.Цогт­сайхантай утсаар холбог­доход “Наадмын дараа явуулсан бөхчүү­дийн шинжилгээний хариу­тай хамт энэ хариу чинь ирлээ” гэж байсан. БНСУ-ын лабораториос ирсэн бичигт яг юу гэж бичсэнийг бид мэдээгүй.

Дөрөв хоногийн дараа манай холбооны нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар Бээжинд ирсэн. Тэгэхдээ өнөө шинжилгээний хариу­тай бичгийг авчирсан. Б.Сэр-Од, түүний дасгалжуулагч О.Оюун­туяа, миний дасгалжуулагч А.Ган­тулга, бид хэд тэр бичигтэй албан ёсоор танилцсан.

Уг бичгийн эхний мөрөнд л БНСУ-ын тэр лабораторитой хол­бог­­дох утас, факс нь бай­сан. Хаанаас юу ирсэн нь тодорхой байсан.

Манай спортын бай­гуул­лагын удирдлагууд тамирчдадаа итгэдэг бай­­сан бол, үгүй ядаж өчүүхэн ч болтугай эргэлз­­сэн бол энэ хариуг Солонгосоос хүлээж авангуут л тэр утсаар нь холбогдоод лавлачихаж болох байсан. Тэр дор нь утасдаад тамирчныхаа кодыг хэлээд лавла­чих­сан бол энэ андуурал гэдгийг мэдээд МҮОХ, Спортын анагаах ухааны төв, Допингийн эсрэг төв, Монголын хөнгөн атлети­кийн холбооны хүрээнд л шийдэгдчих байсан. Ингэж тамирчныхаа нэр хүндийг гутаахгүй байсан юм. Үүнд би их гомдолтой байгаа.

Тэгэхээр манай спор­­тын удирд­лагууд БНСУаас ирүүл­сэн энэ бичигтэй нухацтай танил­цалгүй, сэтгэлийн хөөр­лөөр хандчихсан байна, тийм үү?

-БНСУ-аас ирүүлсэн энэ бич­гийг уншихад олон юм зөрж байгааг ганц уншаад л мэдчихэж болно. Үүнийг хянаж үзэх ёстой байсан юм. Тэгтэл манайхан уг бичгийг гүйлгэж харчихаад л “Л.Отгон­баяраас өөр марафоны эмэгтэй тамирчин байхгүй. Л.Отгон­баяраас л гарцаагүй” гээд л намайг юу идэж, уусан, яасан ийсэн гээд л шалгаац­гааж “Чи допинг хэрэг­лэснээ нууж байна” гэж дайрсан.

Ямар хүмүүс тэгж дайрсан юм бэ?

-Спортын анагаах ухааны төвөөс байнга утасдаад “Чи допинг хэрэглээгүй байлаа гэхэд чиний аяга, таваг руу чинь хэн нэгэн хүн допингийн төрлийн бодисыг хийчихсэн дээ” гэж хүн аймаар хий хоосноор хардаж, сэрдсэн. Хүн хүндээ итгэх итгэлийг ингэж уландаа гишгэж байгаа байхгүй юу.

“В” сорьцын хариу гэхээр бид гайхсан. “А” сорьцын шинжил­гээний хариу ирж, түүнийг тухайн тамирчин зөвшөөрөөгүй тохиол­долд “В” сорьцоо шинжлүүлдэг шүү дээ. ДАШТ-ий өмнө бүх зайд урал­даж буй олон мянган тамирчныг бүгдийг нь сэргээшийн шинжил­гээнд оруулсан.

Наймдугаар сарын 27-нд миний уралдсан эмэгтэйчүүдийн марафоноор дэлхийн аварга эхэл­сэн юм. Хэрвээ тэгэхэд надаас допинг илэрсэн бол биднийг урал­дуулахгүй байсан. “А”, “В” сорьцыг шинжлүүлэхээс өмнө газар дээр нь тусгай тестээр шин­жилгээ өгдөг. Тестээр шинжлэхэд асуудал гарвал “А” сорьцын шинжилгээ рүүгээ ордог ш дээ.

Тэгтэл манайхан “Нээрээ манай тамирчин чинь “А” шинжил­гээ энэ тэр гэж өгөөгүй. Энэ талаар ямар нэг асуудал үүсээгүй шүү дээ” гэдгийг ухаж ойлгоод надаас асууж болох байсан. Надаас ядаж яаж шинжилгээ өгсөн бэ гэж асуугаагүй.

Та цусны шинжилгээ өгсөн гэсэн байх аа?

-Би цусаар шинжилгээ өгсөн. Гэтэл андуурч ирсэн энэ хариун дээр шинжилгээ өгсөн тамирчин шээсээр шинжилгээ өгсөн байна лээ. Бүх юм ингэж зөрж байхад над руу дайрцгаасан.

Ганц надаар энэ асуудал дуус­чихгүй. Бусад спортын тамирчдыг маань ч ийм зүйл хүлээж байгаа ч юм билүү. Манайхан БНСУ-ын лаборатори руу хамаг буруугаа чихэж болохгүй. Гэхдээ тус лаборатори буруутай. Би албан ёсны өмгөөлөгч аваад уг лабора­торид гомдол гаргах гэж байгаа.

Энэ бүхнээс харахад Мон­голын тамирчдыг өмгөөлж, хам­гаалдаг газар гэж алга уу даа гэж бодогд­лоо. Биднийг зөвхөн амжилт гарга гэж л шахаж шаарддаг. Спортод бүхий л насаа зориулсан олон тамирчин байна. Тэднийхээ төлөө юм хийгээсэй, тамирчдадаа итгээ­сэй. Өчнөөн олон жил спор­тоор хичээллэчихээд бид яах гэж сэр­гээш хэрэглэх юм бэ. Спорт­гүйгээр амьдралаа төсөөлж чадах­гүй болчих­сон тамирчид бий. Бид­нийг өмгөөлж, хамгаалдаг өмөлзөх сэтгэл тэдэнд байгаасай гэж бодож байна. Ганц надаар тогтохгүй. Надтай адил спортод мөр зэрэгцэн зүтгэж буй олон тамирч­дад ийм зүйл тохиолдлоо гэхэд утсаар яриад кодыг нь лавлаад “Энэ тамирчин чинь үнэхээр Монголын тамирчин мөн үү” гээд л асуучихад тэр лабораторийнхон нь хэлээд өгнө ш дээ.

Тэгтэл ингээгүй. Над руу дайрч, дарамталсан. Ямар сайндаа сүүлдээ бүр учраа олохоо байсан. Өнгөрсөн өвөл би шатнаас халь­тирч унаад ахар сүүлээ гэмтээгээд хэвтэрт орсон. Тэгээд баахан өвчин намдаах эм тариа хэрэглэсэн. Уусан эм, тариа маань нөлөөлсөн юм болов уу гээд тэр тухайгаа хэлтэл “Тэр чинь биш ээ. Тэндээс чинь илрээгүй байна аа” гээд л загнана. Өнгөрсөн тавдугаар сард шорооны харшил маань хөдлөөд харшилын эм уусан. Тэр нөлөөлж үү гэж асуухаар “Тэр чинь биш байна аа” гэнэ. Сүүлдээ амьдра­лынхаа туршид идэж, уусан бүхнээ нэгд нэгэнгүй сар, өдөртэй нь хэлэхэд хүргэсэн. Тэгэхээр “Биш ээ. Чи өөр юм хэрэглэсэн байна. Нуу­гаад байна. Чи допинг уусан байна, тариулсан байна” гэцгээсэн.

Уг андуурч ирсэн хариунд жин хасах зорилгоор хэрэглэсэн гор­моны төрлийн бодис илэрсэн юм билээ.

Допингийн эсрэг төв, Спортын анагаах ухааны төв, Монголын үндэсний олимпийн хороо, Монголын хөнгөн атле­тикийн холбооныхон шинжил­гээний хариуг хэдхэн хором тогтож суугаад үзсэн бол

-Дээрх байгууллагын удирд­лагууд зэрэгцэж суугаад манай энэ тамирчин чинь допинг хэрэглэхээр хүн биш дээ гэсэн итгэлээр, намайг, тамирчдаа хамгаалах үүднээс ядаж надаас “Хэдний өдөр шин­жилгээ өгсөн бэ”, “Яаж шинжилгээ өгсөн юм”, “Код чинь хэд вэ” гээд асуучихаж болох байсан юм.

Тэгтэл хэзээ хойно нь би “Би цусаар шинжилгээ өгсөн. Шинжил­гээ өгсөн сар, өдөр нь зөрж байна. Наадах чинь андуурагдсан хариу байна” гэсэн чинь “Код чинь хаана байна” гэж нэхсэн. Манай нөхөр А.Гантулга бол миний дасгалжуу­лагч. Бид хоёр Бээжинд байсан. Манай гэрт очоод, миний бичиг баримтууд дундаас тэр кодыг нь хайгаад олоод хэлчих хүн байхгүй байсан л даа. Тэгтэл Н.Цогтсайхан “Чи тэр кодоо цээжлэх ёстой” гэхээр нь “Би тэр допинг чинь хэрэглээгүй, өөртөө итгэлтэй бай­гаа болохоор хэдэн тоо цээжлээд байх шаардлага байхгүй байсан” гэсэн. Үнэхээр бид тэр тоонуудыг цээжлэх байсан бол Спортын анагаах ухааны төвийнхөн шин­жил­­гээнд оронгуут кодыг албан ёсоор хураагаад авдаг ч юм уу, заавал цээжлэх ёстой гэж сануулах байсан юм. Бид чинь тэмцээн бүрт орохдоо шинжилгээ өгдөг. Тэр болгонд кодыг нь цээжлэх байсан бол тэр үүргийг анхнаас нь бидэнд ойлгуулах байсан юм.

Танаас уучлал гуйсан албан ёсны бичиг ирүүлнэ гэнэ үү, БНСУын лабораториос?

-Биднийг тус лабораторийн­хонтой холбогдоход “Монголын үндэсний олимпийн хороо, Допин­гийн эсрэг төв рүү манайх албан ёсоор уучлал хүссэн бичиг явуул­на” гэсэн. Энэ андуурал бол тамир­чин хүний нэр төрөөр тогло­сон явдал болсон. Намайг дэмждэг, спорт, хөнгөн атлетикийг сонирхдог хүмүүст хүнд цохилт болж байгаа юм. “Допинг илэрлээ” гэснээ “Өө, биш байжээ” гэхээр эргэлзэх хүн олон гарна. Манайд чинь шинжил­гээнээс нь допинг илэрдэг ч түүний­гээ дараад өнгөрөө­чихдөг. Яг л тэрэн шиг юм болчихлоо гэж хүлээж авах вий. Албан ёсоор уучлал гуйсан албан тоотыг харж байж л хүмүүс үнэм­шинэ. Тэгтэл Н.Цогтсайханд БНСУ-ын лабора­ториос уучлал гуйсан е-майл л ирсэн байна гэж байгаа байхгүй юу. Тэр е-майлыг манай холбоо хү­лээж аваагүй. Албан ёсоор уучлал гуйсан бичиг явуулахыг шаард­чихаад байгаа.

Хариуцлагагүй этгээдүү­дээс болж олимпод бэлтгэгдэж буй Монголын тамирчин маань сэт­­гэлзүйн том цохилт авлаа. Таны сэтгэлзүйгээр дэндүү муу­хай тоглолоо. Энэ бүхэн танд ба­га­­­гүй хохирол учруулсан байх шүү?

-Бээжингийн марафонд би хагас марафонд уралдаад алтан медаль аваад улсынхаа рекордыг шинэчлэн тогтоосон. Энэ бол миний амжилт биш. Үүнээс ч илүү амжилт гаргах байсан. Энэ тэм­цээний хагас марафонд дээд амжилт тогтоохын тулд оролцсон. Бидэнд хагас марафонд уралдаад байх боломж тэр бүр олддоггүй. Б.Сэр-Од бид хоёр байнга л олон улсын том марафонд оролцдог.

Бүр ч илүү амжилт гаргах бай­сан. Би бэлтгэл дээрээ өөртөө итгэлтэй, баатарлаг байсан. Энэ мэдээг сонсоод би дөрвөн өдөр огт бэлтгэл хийгээгүй, хоол ч идэж чадахгүй байсан. Уйлахаас өөр юу ч хийж чадаагүй. Би спортын бай­гуул­­лагуудын бүхий л удирд­лагууд руу ярьсан. Тэд надаас цэрвэж “Чиний тамирчны эрхийг хоёр жилээр хасна”, “Олимпод чамайг оруулахгүй л байх даа” гэцгээсэн.

Хэрвээ би хоёр жилээр эрхээ хасуулсан бол эргээд хөнгөн атле­тиктаа гүйх эрхгүй болох байсан. Монголын хөнгөн атлетикийн түүхэнд байгаагүй явдал болох байв. Эргэж ирлээ ч би спортоосоо хөндийрөх л байсан. Ирлээ ч надад орон зайгүй байхгүй юм шиг санагдсан. Яг үнэнийг хэлэхэд үхмээр санагдаж байсан (Нүдэнд нь нулимс цийлэгнэлээ).

Хүнийг тийм л байдалд хүргэж байгаа байхгүй юу. Гомдолтой байна. Тэр дор нь шийдчих юмыг манайхан яагаад шийдсэнгүй вэ. Тамирчиндаа итгэхгүй, яагаад дайрав аа (Хоолой нь зангирав).

Энэ асуудлын эцсийн шийд гараагүй байхад яагаад олон нийтэд тараасан юм бол?

-Н.Цогтсайхан “Энэ мэдээг бид дотроо хадгалаад эцсийн шийд­вэрийг гаргах байсан. Тэгтэл танай холбооныхон энэ асуудлыг тараа­сан” гэсэн.

Намайг Бээжинд байхад Спор­тын анагаах ухааны төвөөс “Чиний төлөө танай холбоо ерөө­сөө ажил­лахгүй байна. Ганцхан танай шиг­шээ багийн дасгалжуу­лагч Батцэн­гэл л ажиллаж байна” гэж ярихаар нь баярлаж л байлаа. Гэтэл энд ирэхэд худлаа байсан. Батцэнгэл багш маань энд тэнд очоод л худал сенсааци дэгдээгээд тамирчныхаа хэцүү байдлаар гоёж явсан юм шиг санагдсан. Хэрвээ намайг алтан медаль авбал тэр хүн тэгж хүмүүст хэлж, найз нөхдөдөө бахархаж ярихгүй. Манайхан хүний мууд их дуртай.

Энэ тухай Батцэнгэл багшид хэлсэн чинь “Олимпийн хороо намайг албан ёсоор мэдэгд гэсэн ш дээ” гэж худлаа ярьж байна лээ.

Б.Сэр-Од зургадугаар байрт шалгараад топ аравт орлоо. Кенийн хүчирхэг тамирчидтай өр­сөл­дөөд, Азиасаа ганцаараа шал­гарчихаад байна. Тэрийг нь ба­хархаад хэн ярив. Манай шиг­шээ­­­гийн дасгалжуулагч гээд байгаа хүн тэр амжилтыг биш андуурсан таа­­гүй мэдээллийг л энд, тэнд очоод дуртайяа яриад яваад байна.

Хариуцлага алдсан манай спортын байгууллагынхан танаас уучлал гуйсан уу?

-Тэдэнд гомдлоо гээд ч яахав. Энэ бол том сургамж боллоо. Цаашид иймэрхүү эргэлзээтэй, албаны бус мэдээллийг тухайн тамирчинд мэдэгдээд хэрэггүй юм байна. Тэр тамирчин яаж ч хүлээж аваад амь насаараа хохирч ч болно. Тэгээд энэ удаагийнх шиг андуурагдсан байна гэвэл ар гэр, үр хүүхдүүд нь өнчрөөд үлдэнэ. Гашуун харуусал л үлдэнэ. Би тэр үед үхмээр санагдсан. Хэрвээ би тэгээд үхчихсэн бол миний охин яах вэ, амьдрал тэр чигээрээ сонин санагдсан шүү. Монголоос 16.00 цаг гэхэд бэлэн бай гэсэн ноцтой мэдээ ирэхээр нь “Хоёр ээж, охин минь зүгээр л байгаа даа. Ах дүүст минь муу юм тохиолдоогүй л бай­гаасай. Үүнээс л өөр  ямар ч муу мэдээг хүлээж авахад бэлэн байна” гэж бодож байлаа. Тэгтэл түүнтэй дүйцэхүйц аймшгийн мэдээ тамирчин хүнд байдаг юм байна гэдгийг ойлгосон.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Хөрөнгө луйвардах гэмт хэрэг гэж ажлын хэсэг дүгнэжээ

-АЖЛЫН ХЭСГИЙН ДҮГНЭЛТИЙГ ДЭЛГЭЖ
БАЙНА-

Зоос банкинд
зо­риулж Засгийн газраас гаргасан 100 тэрбум т
өг­рөгийн бондын асуудлыг УИХ-аас ажлын хэсэг
гар­гаж шалгасан билээ. О.Чу­луунбат гиш
үүнээр ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт дүгнэлтээ танилцуулсан нь сүүлийн үед шуугиан болоод байна. Тиймээс тус ажлын
хэсгийн д
үг­нэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“2009 онд Зоос банк­ны санхүүгийн
байдал муудаж, Монголбанкнаас хийсэн шалгалтаар өөрийн
хөрөнгө нь бүрэн
хэмжээгээр дутсан (41,4 тэрбум төгрөг) дүгнэлт гаргасан юм. Зоос бан­кинд байршсан иргэдийн
хадгаламжийн мөнгийг сааталгүйгээр төлбөр
хийх, банкны салбарт төлбөрийн саатал гар­гахгүй зорилгоор Засгийн газар 100 тэрбум
төг­рөгийн түр хугацааны санхүүжилт
хийхээр Зас­гийн газрын бонд гаргах хүсэлт
УИХ-д оруулж бат­луулсан. Засгийн газрын бонд нь татвар төлөгч­дийн мөнгөөр нөхөн
тө­лөгдөж, төсвийн
орло­гоор хаагддаг тул аль болох яаралтай, үнийн
дүн, хүү болон бусад шимт­­­гэлд ямар
ч хөнгө­лөлт­гүйгээр
хаагддаг олон улсын практик бай­даг. Иймээс энэ бондын эсрэг барьцаанд ирэх Олон
овоотын ордын өр, лицензийн
хамт нээлттэй зах дээр ил тодоор бор­логдож төсвийн
(бондын) өр түргэн шуурхай хааг­дах ёстой байтал
одоо болтол төлөгдөөгүй
төс­вийн цоорхой байсаар байна.
Зоос банкийг муут­гасан хэд хэдэн гол зээл­дэгч байгаагийн нэг нь Өмнөговь аймаг дахь “Олон овоот”-ын алтны төсөл, үйлдвэр
байлаа. Энэ төсөлд Зоос банк­наас 59,4 тэрбум төгрө­гийн зээл олгосон байв. Олон-Овоот төсөлд Мон­гол газар, “Жаст” хоёр компани хамтран хөрөнгө
оруулалт оруулж, төл­бөрийг хугацаанд нь хийж чадаагүй нөхцөлд
Зоос банк барьцааг ил то­доор зах дээр бор­луулж орлогоор нь хаах ёстой байсан.
“Жаст” групп ХХК нь 117 дугаар батлан даалтын гэрээ­гээр “Олон-Овоот гоулд” ХХК-д
ол­гогдсон зээлийн өөрт ног­дох
хэсэг болох 11.4 сая ам.долларт ба­талгаа гар­гаж түүнийгээ 2009 оны арванхоёр­ду­гаар сарын 25-ны дотор
төлөх ёстой байтал ча­даагүй.

Чадваргүй болсон хоёр ком­па­нийн нэгд сунгалт хийж хөнгөлөлт олгож төсвийн их хэмжээний хө­рөнгийг ашиглуулж байгаа нь яа­гаад ч шударга ёсонд нийцэхгүй. Олон улсын санхүүгийн зах зээ­лийн туршлагыг харахад иймэрхүү банк хүндрэлд орсон тохиолдолд зээлийн болон бусад төлбөрөө хугацаанд нь хийгээгүй компани, барьцаанд байгаа төслийг нээлт­тэй зах дээр ил тодоор дуудлага худалдаагаар борлуулаад орло­гоор нь банкны зээлийг хаах, банк нь дампуурсан нөхцөлд иргэдийн хадгаламжийг төлдөг журамтай байдаг. Монгол Улсад ч гэсэн ийм хууль эрх зүйн орчинтой. Төсвөөс зээл санхүүжилт авсан нөхцөлд төлбөрийг ямар ч хөнгөлөлт сун­галтгүйгээр хийлгэх зарчимтай байдаг. Даатгал, Ард, ХОТШ бан­кийг дампуурахад Засгийн газар, Монголбанкнаас бүх барьцааг битүүмжлэн хураагаад зах дээр нээлттэй ил тодоор дуудлага ху­далдаа хийж, иргэдийн хад­га­ламжийг олгож байсан. Хадгаламж зээлийн хоршоодын дампуурлын нөхцөлд мөн л бүх хөрөнгө барь­цааг битүүмжлэн хураагаад зах дээр нээлттэй ил тодоор борлуулж хадгаламж эзэмшигчдийн мөнгийг эргүүлэн олгож байгаа. Гэтэл Зоос банкинд төрөөс 100 тэрбум төг­рөгийн бонд босгож, алдагдал өөрийн хөрөнгийн дутагдлыг сан­хүүжүүлсэн ч битүүмжилж хураах ёстой байсан Олон-Овоот төсөл учир битүүлгээр хувийн компанид шилжсэн байна. (Засгийн газраас бондоо Монголбанкинд борлуулах саналын бичгийн хуулбарыг хав­саргав). Гэвч энэ нь саналын бичиг биш хууль эрх зүйн хүчин төгөлдөр бүхий гэрээ контракт байх ёстой баймаар.

Засгийн газрын дэргэдэх Ашигт малтмалын агентлаг мөн л учир битүүлгээр “Монгол газар” ком­панийн мэдэлд байсан Олон-Овоот алтны ордын лицензийг өөр ху­вийн компанийн болох “Олон-Овоот гоулд” гэдэг компанид шил­жүүлсэн нь хөрөнгө луйвардах эрүүгийн шинж чанартай гэмт хэрэг болсон. Хууль эрх зүйн үндэс­лэлгүйгээр ашигт малтмалын хай­гуулын болон ашиглалтын ли­цен­зийг дур мэдэн өөр компанийн мэдэлд шилжүүлэх гэдэг нь гэмт хэргийн шинж чанартайгаас гадна Монгол төрийн зохицуулалтад итгэл алдуулах хамгийн муу үр дагавартай тул үүнийг нарийвчлан шалгаж буруутанд хариуцлага тооцох шаардлагатай. Бондын төлбөрийг хийлгүй удааж төсөвт хүндрэл учруулсан тул УИХ-ын Төсвийн байнгын хорооноос 2011 оны хоёрдугаар сарын 28-нд Зас­гийн газар, Монголбанкинд бондын барьцааг хууль, зохицуулалтын дагуу төрийн мэдэлд авч баримт­жуулж баталгаажуулах тоот явуул­сан. (Хавсралт ¹3

Үүний дагуу Монголбанк Олон-Овоотын барьцааг 2011 оны дө­рөв­дүгээр сард баримтжуулж ба­тал­гаажуулсан хариуг УИХ-д мэ­дээл­сэн болно. Монгол Улсын Сангийн сайдын 2\1896 тоотыг хавсаргав.)

Төсвөөс, Монголбанкнаас зээл, санхүүжилт олгосон бол дээрх арга хэмжээг нэн даруй 2009 оны арван­нэг, арванхоёрдугаар сард авч хэрэг­жүүлэх ёстой байлаа. Гэвч хожим­дож 2011 оны дөрөв­дү­гээр сард хийж байгаа нь арга буюу УИХ-ын шаардлагаар ал­даа­гаа хүлээн зөвшөөрч залруулж байна. Хэрэв хууль зохи­цуулалтын дагуу барьцаанд бай­гаа хөрөнгийг ху­далдсан бол Зоос банкны өөрийн хөрөнгө (41.4 тэр­бум төг­рөг) бүр­дэж, дампуурах ёсгүй бай­сан. Зоос банкны олон зуун Мон­го­лын болон гадаадын хувьцаа эзэмшигчид хохирох ёсгүй байв. (Санхүүгийн зохицуулах хорооны дүгнэлтийг хавсаргав.)

Ажлын хэсэг бондтой хол­бог­дох асуудлыг шалгаж судлаад дараахь саналуудыг оруулж бай­на.

1.Бондын
барьцаанд байгаа өрийг нээлттэй зах зээл дээр ил тодоор 2011 оны арванхоёрдугаар сарын 01-ний дотор борлуулж, төсвийн хөрөнгийг яаралтай эргүү­лэн төлөх үүргийг Засгийн газарт өгөх

2.Лицензийн
шилжүүлэлтийг хууль эрх зүйн үндэслэлгүйгээр (хуйвалдаанаар) хийсэн Ашигт малтмалын агентлагийн хариуцах албан тушаалтанд 2011 оны арван­хоёрдугаар сарын 01-ний дотор хариуцлага тооцож эргэн УИХ-д мэдээлэх

3.Барьцааг
борлуулж Зоос банкны үйл ажиллагааг сэргээх эсвэл бүх хувьцаа эзэмшигчдийг хохиролгүй болгох арга хэмжээ авах” гээд ажлын хэсгийн гишүүд болох УИХ-ын гишүүн О.Чулуун­бат, Х.Баделхан, Н.Батбаяр, Ц.Да­ваасүрэн, Ц.Сэдванчиг нар гарын үсгээ зуржээ. Ажлын хэсэг дүгнэлт­дээ “Зоос” банкнаас “Монгол газар” болон түүний холбогдох компа­ниу­дад олгосон зээлийн талаар товч танилцуулгыг хавсаргасан байв.

Үүнд дурдсанаар “Монгол газар” болон “Жаст” компанийн Зоос бан­кинд төлөх өрийг “Олон-Овоот гоулд” компанийн нэр дээр зээл болгон нэгтгэх шийдвэрийг 2006 оны зургадугаар 29-ний өдөр гар­гажээ. Монгол газар, Жаст ком­пани, “Зоос” банкныхан уулзаж ийм ший­дэлд хүрсэн байдаг юм байна. Ингээд “Монгол газар”, “Жаст” ком­панид хамаарах нийт 41 тэрбум 140 сая төгрөгийн зээл болон бусад авлагыг “Олон-Овоот гоулд” компанийн нэр дээрх зээл бол­го­сон хэрэг. Тус компани жи­лийн 14.4 хувийн хүүтэй таван жилийн хуга­цаа­тай “Зээлийн өр шилжүүлэх гэрээ”-г “Зоос” банктай байгуулсан байх юм. Гэрээ байгуу­лахдаа Голд­ман сакс банкинд барьцаалсан хөрөнгийг суллаж “Зоос” банкинд шилжүүлэх, Зоос банкны барь­цаанд байгаа хөрөн­гийг “Олон-Овоот гоулд” компанийн нэр дээр шилжүүлсний дараа барьцааны гэрээг шинэчлэх нөх­цө­лийг тусга­сан байж. Тухайн үед “Зоос” банкны барьцаанд “Монгол газар” компани болон түүнд ха­маа­рах аж ахуй нэгж, байгууллага байжээ. Мөн иргэдийн зээлийн барьцаанд нийт 22 ширхэг ашигт малтмалын хай­гуулын тусгай зөв­шөөрөл хадга­лаг­даж байсан аж. Түүнчлэн олон тооны тоног төхөө­рөмжөөс гадна “Жаст” компани болон түүнд хамаа­рах аж ахуй нэгжийн нэр дээрх газар эзэмших хоёр бичиг,  “Говь сор” үйлдвэрийн барилга, Дорнод аймгийн махны үйлдвэрийн ба­рилга, “Агро эко” компанийн ба­рилга гэх мэтчилэн олон зүйл Зоос банкны барьцаанд байсан юм байна.

Гэвч удалгүй “Зоос” банкинд томилогдсон гадны удирдлагууд “Олон-Овоот гоулд” компанитай байгуулсан зээлийн өр шилжүүлэх гэрээг цуцлах шийдвэр гаргажээ. Учир нь тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, “Зоос” банкны зээлийн түвшингээс хэтрүүлж, Банкны тухай хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр гэрээг цуцлахаар болжээ. Энэ мэдэгдлээ 2009 оны наймдугаар сард “Монгол газар” компанийн захирал Ц.Мян­ганбаяр, “Жаст” компанийн захи­рал Ш.Батхүү нарт хүргүүлсэн боловч заасан хугацаанд нь хариу ирүүлээгүй. Эндээс бүх асуудал үүссэн тухай нарийн баримтуудыг ажлын хэсгийнхэн танилцуулгад өгүүлсэн байв.

Я.МӨНГӨН

Categories
редакцийн-нийтлэл

Г.Өсөхбаяр: Шинэ ажилтайгаа танилцаад л байна

Алдарспорт хорооны дарга, Монгол Улсын даян аварга Г.Өсөхбаяртай ярилцлаа.

-“Алдарспорт хороо бол жар гаруй жилийн түүх­тэй, манай спортын ууган байгууллагуудын нэг. Энэ хорооноос Монголын нэрийг дэлхийд дуурсгасан олон алдартан төрөн гар­сан. Ийм спорт хорооны даргаар та томилогдлоо. Танд спорт сонирхогчдын өмнөөс баяр хүргэе?

-За,
баярлалаа. Тийм ээ, “Алдар” спорт хороо бол Мон­голын спортын ууган бай­гуул­лага. Байгуулагдаад жар гаруй жил болж байгаа. Монголын спортын үндэс суурь болсон газар. Олон арван алдартан төрүүл­сэн арвин их туршлагатай, өндөр нэр хүндтэй том бай­гууллага. Зэвсэгт хүчний жанжин штабын тушаалаар уг хороо­ны даргаар томи­логдоод ажлаа аваад удаагүй байна.

Би спортын хүн. Энэ утгаараа “Алдар” нийгэмлэгт харьяа­лагдаж байсан хүний хувьд энэ хамт олон сэтгэлд минь их ойрхон байдаг. Энэ их том хамт олныг удирдаж, авч явах болсон нэр хүндтэй, өндөр хариуцлагатай албанд томилогдчихоод байж байна.

-“Алдар“-аар овоглож, эндхийн тамирчин гэгдээд хэдэн жил болж байгаа вэ?

-Ерөөсөө
л 18 жил болж байна. Зэвсэгт хүчинд орж ирээд “Алдар” нийгэмлэгийн тамирчнаас гараагаа эхэл­сэн.

Таны удирдахаар бол­сон энэ спорт хороо тань бусад хороо, клубээс юугаараа ялгагдах вэ?

-Үндсэндээ
энэ спорт хороо, холбоод чинь бүгд л “Алдар” спорт хорооноос үүсэлтэй, салбартай юм ш дээ. Анх “Цэрэг” нийгэмлэг гэж байгуулагдаж байсан. Тэн­дээс л “Хүч” нийгэмлэг гэдэг ч юм уу, нэг нэгээр тасраад салбарласан. Түүхэн талаа­саа том байгууллага. Мон­голын зэвсэгт хүчин гэдэг том байгууллагын харьяа спорт хороо учраас тамирчдын хүч чадал, бааз суурь талаасаа ч их онцлогтой.

О.Балжинням аварга жүдо бөхийн үндэсний шиг­шээ багийн ахлах дасгал­жуулагчийн албанд очсон учир таныг түүний оронд томиллоо. О.Балжинням аваргыг шигшээд очингуут л таныг томилчихсон уу. Эсвэл танай хороо хэд хоног даргагүй байв уу?

-Аравдугаар сарын 12-нд тушаал гарсан.

О.Балжинням аваргыг явснаас хойш бараг долоо хоносны дараа таныг томилжээ?

-Би
тэрийг сайн мэдэхгүй байна аа.

Та чинь өмнө нь дасгал­жуулагч хийж байсан билүү. Чөлөөт бөхийн үндэс­ний шигшээд байх аа?

-Дасгалжуулагч хийж бай­саан. Үндэсний шигшээгийн ахлах дасгалжуулагчийн ажлыг хоёр жил хэртэй хийж байсан ш дээ, чөлөөт бөхийн.

ДАШТ, “Дэлхийн цомгээд томоохон тэмцээнүүд шувтарчихлаа. Ойрын үед танай хорооны тамирчдын оролцох олон улсын тэмцээн гэвэл

-Ажилтайгаа танилцаад л байна. Энэ жилийн үйл ажил­лагаанууд ерөнхийдөө төлөв­лөгөөний дагуу явагдаж ирсэн байна. Бид дараа жилийн­хээ, 2012 оны ажлууд­даа анхаараад байна. 2012 он бол Монголын бүх ард түмний спартакиадын жил байгаа. Тэрэнтэй холбоотой тэмцээн, уралдаануудын төлөв­лөлттэй танилцаад байж байна. 

Г.Өсөхбаяр аварга маань дарга болчихлоо. Цаашид бөхийн дэвжээнээ гарах нь цөөрөх байхдаа гэж бөх сонирхогчид бодож байгаа байх даа?

-Барилдалгүй яахав. Харин ч спортынхоо байгуул­лагад улам ойртож байна.

Бэлтгэл, сургууль хий­хэд бүр ч амар болчихлоо шүү дээ?

-Тэрийг
амжуулна ш дээ.

-“Алдарспорт хорооны дарга болоход хувь хүн талаас танд ямар сэтгэг­дэл төрж байна вэ?

-Түрүү
би хэлсэн дээ.

Эхний асуултад маань хариулснаа хэлж байна уу?

-Тийм.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Итали улсад айлчилж байна

Монгол Улсын Ерөн­хийлөгч Цахиагийн Эл­бэг­дорж Бүгд Найрамдах Итали Улс (БНИУ), Вати­каны улс, Бүгд найрамдах Хорват улсад айлч­ла­хаар өнгөрөгч ням гаригт эх орноосоо мордсон би­лээ. Тэрбээр БНИУ-д 16-19-ний өдөр айлчлах бө­гөөд эхний өдрөө Ита­лийн нийслэл Ром хотноо байх дэлхийн хамгийн жижиг улс болох Вати­каны хот улсад зочиллоо. Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж Ромын пап  Ромын пап XVI Бенедикттэй ярил­цаж, Ватиканы тө­рийн нарийн бичгийн дарга кардинал Е.Бер­то­нетэй уулзлаа. Ватикан хот улс нь хаа хаашаа км болон нэг км хүрэхгүй хэмжээтэй ч дэлхийн 1.2 тэрбум католик шашинт­ны оюун санааны төв болдгоороо алдартай билээ.  Эндхийн хүн ам нь сүмийн өндөр хэргэмтэн болох кардинал, сан­ваар­тан, гэлэнмаа, мөн уламжлалаараа папыг хамгаалж ирсэн швей­царь хамгаалагч нар гээд 830 хүнтэй бөгөөд улсын гадна ажилладаг 3000 ажилтантай ажээ. Ромын пап гэгээн хутагт XVI Бе­недикт Ерөнхийлөгч Ц.Эл­бэгдоржийг найр­са­гаар угтан авч, ган­цаар­чилсан уулзалт хийсэн бөгөөд хүний эрхийн ту­хайд хийж байгаа алх­мууд, цаазаар авах ялыг халахын төлөө хийсэн санаачилгыг нь дэмжин буйгаа илэрхийлж, дэл­хийн уур амьсгалын өөрч­лөлтийн эсрэг хэрхэн тэм­цэх, байгаль орчныг хам­гаалах, ядуурал хүнсний хомсдлыг бууруулах, али­ваа сөргөлдөөнийг энхийн зарчмаар шийд­дэг болох талаар санал солилцсон юм. 1929 онд албан ёсны гэрээгээр бие даасан бүрэн эрхт улс болсон Ватикан нь тухайн үедээ гэрээний дагуу Ита­лийн хууль тогтоомжийг авч хэрэглэсэн бөгөөд ялын дээд хэмжээг ер ашиглахгүй байж байгаад 1969 онд халсан юм бай­на. Манай хоёр улсын хувьд Гүюг хааны үеэс их хаад, Ромын папууд хоо­рондоо захидал харил­цан илгээж байсан уламж­­лал байдаг бөгөөд тэдгээр түүхийн бичиг ба­римт Ватиканы архивт өнөөг хүртэл гайхалтай хадгалагдан иржээ. Айлч­лалын үеэр латин хэлтэй монгол эрдэмтэн бэлтгэх талаар ч хөндөгдсөн.

Ерөнхийлөгч Ц.Эл­бэг­доржийн айлчлалын бү­рэлдэхүүнд УИХ-ын ги­шүүн, Гадаад харил­цаа­ны сайд Г.Занданшатар, Монгол Улсаас Итали улсад хавсран суугаа эл­чин сайд Ж.Энхсайхан, УИХ-ын гишүүн С.Баяр, Д.Зоригт, ХХАХҮ-ийн сайд Т.Бадамжунай, Ган­дан­тэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чой­жамц, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн нарын ал­баны хүмүүс, хэвлэл мэ­дээлэл, бизнесийн төлөө­лөгчид багтаж байгаа юм. Монголын буддын шаш­ны тэргүүн, Ган­дан­тэг­чин­лэн хийдийн хамба Д.Чой­жамц  Ромын пап­тай уулзах үед улаан, шарыг тунаруулсаар орж ирэх нь бас л содон ха­рагдаж байв. Айлчлалын үдийн өмнө ийн Ватиканд зочилж, үд дунд БНИУ-ын Ерөнхийлөгч Ж.На­поли­тано Ерөнхийлөгч Ц.Эл­бэгдоржийг Киринали ор­дондоо албан ёсоор уг­тан авч, албан ёсны хэ­лэл­цээ өрнөсөн юм. Үүнээс өмнө 2000 онд Ерөнхийлөгч Н.Бага­банди тус улсад айлчилж байсан бөгөөд энэ удаа­гийн төрийн тэргүүний хэмжээний айлчлалын хувьд хоёр дахь нь болно.

Европын холбооны дөрвөн том улсын нэг Итали сүлжмэл нэхмэл эдлэлийн технологи, заг­вар дизайн, арьс ширэн бүтээгдэхүүний бо­ловс­руулалт, үйлд­вэр­лэл­тээ­рээ алдартай. Тийм ч учраас энэ удаагийн Ерөн­хийлөгчийн айлч­лалын бүрэлдэхүүнд баг­тан яваа бизнесийн тө­лөөлөгчдийн бүрэл­дэ­хүүнд ноос ноолуур, мах махан бүтээгдэхүүн, арьс ширний гээд мэргэжлийн байгууллага, жижиг дунд үйлдвэрийнхний төлөө­лөл түлхүү багтаж яваа нь анзаарагдаж байна. Айлч­­лалын үеэр энэ чиг­лэлийн хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурахаар тө­лөв­лөжээ.

Айлчлалын эхний өдөр Италид төвтэй “Hands of cain” байгуул­лага “Цаазгүй ертөнц” хэмээн оны шагналын 2011 оны эзнээр Монгол Улсын Ерөнхийлөгч то­дорсныг зарлаж, түүнд шагналыг нь гардуулан өглөө. Шагнал гардуулах ажиллагаанд Италийн сенатын дэд Ерөнхий­лөгч хатагтай Эмма Бо­нино, Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн даргын орлогч Винцензо Скотти, тус бай­гууллагын ерөн­хий­лөгч Марко Паннелла нарын хүмүүс байж, Мон­голд өрнүүлсэн ардчил­лын үйл хэрэгт нь талар­хаж байдгаа илэрхийлэн, хүний амьд явах эрхийг баталгаажуулан, төр нь иргэнээ цаазаар явахгүй байх алхмыг эхлүүлснийг сайшааж буйгаа илэр­хийлж байлаа. Энэ шийд­вэр нь Монгол төдийгүй жилд хамгийн олон хүнийг цаазалдаг гэгддэг Азийн бусад орнуудад үлгэр болохуйц үйл хэрэг хэ­мээн үзэж байгаа тэд илэр­хийлж байв. Уг шаг­налыг хүний амьд явах эрхийг баталгаажуулж, цаазлах ялыг байхгүй болгохын төлөө эрс ший­дэмгий алхам хийж, ам­жилт гаргасан лидерүү­дэд олгодог ажээ.

Айлчлал үргэлжилж
байгаа бөгөөд Ерөн­хий­лөгч
Ц.Элбэгдорж Ита­лийн Депутатуудын тан­химын Ерөнхийлөгч Ж.Фини, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгуул­лагын ерөнхий захирал Ж.Диүф нарын албаны хүмүүстэй уулзахаар тө­лөвлөжээ. Мөн
Милан хотноо болох Монгол Ита­лийн бизнес форумд оролцоно. Түүнээс гадна Ром хотноо Монголын
Элчин сайдын яам нээх ажиллагаанд оролцох юм.