УИХ-ын гишүүн Я.Содбаатартай
өргөн баригдах гэж буй Худалдааны хуулийн талаар ярилцлаа.
-Худалдааны хуулийн төсөл өргөн
барихаар болжээ. Хуулийнхаа талаар мэдээлэл
өгөхгүй юу?
-УИХ-ын нэр бүхий гишүүд Худалдааны
хуулийг өргөн барихаар бэлтгэж байна. Бидний зүгээс хуулийн төслөө боловсруулан
Засгийн газраас санал авсан. Мөн мэргэжилтнүүд төрийн байгууллагынхнаас санал аваад
байгаа юм. Гарсан саналуудыг нэгтгэн гуравдугаар сарын эхээр УИХ-д өргөн барина.
Монгол Улс 1990 онд зах зээлийн харилцаанд шилжин орсноос хойш гадаад, дотоод худалдааны
салбарт бие даасан эрхзүйн зохицуулалтгүй урсгалаараа явж ирсэн. Худалдаа хариуцсан
төрийн захиргааны байгууллагууд яамдын хавсарга байдлаар удирдлагагүй явж ирсэн
юм. Сүүлийн үед манай орны эдийн засаг дээшилсний дүнд гадаад худалдаа, хамтын
ажиллагаа олон салбарт идэвхжиж байна. Тиймээс бид олон улсын зах зээл интеграцчилалд
орохын тулд худалдааны гэрээ хэлцлийг зөв хийхээс эхлээд олон улсын худалдаагаар
дамжуулж эдийн засгаа дэмждэг цаашлаад томоохон боломжууд нээгддэг. Тиймээс энэ
салбарыг онцгойлон авч үзэх шаардлагатай.
Уг хуулинд худалдааны салбарын нэршил
томъёоноос эхлээд худалдааны ангилал төрлүүдийг зааж өгөх юм. Худалдагч гэж хэн
бэ, бөөний жижиглэнгийн худалдаа гэж юу вэ, чөлөөт хилийн орчмын худалдаа гэж юуг
хэлэх вэ гэдэг асуудлуудыг нарийвчлан зааж өгч байгаа. Сүүлийн үед Засгийн газар
зах зээлийн харилцаанд оролцож үнэ тогтворжуулах бодлого руу оролцдог болчихлоо.
Хууль эрхзүйн орчинг нь бий болгож өгөхгүй бол төр дуртай үедээ, дуртай салбар руугаа
хошуу өлгөж ордог байдлыг зогсооно. Үнэ тогтворжуулах нэрээр их хэмжээний мөнгө
урсдаг ч эцсийн бүлэгт үнэ тогтворждоггүй. Зах зээлийн жам ёсноос эсрэг зүйл хийгээд
байгаа нь эргээд зах зээлдээ цохилт өгч байна. Үнэ тогтворжуулах, үнийн бодлогод
төр хэрхэн, яаж оролцохыг нарийвчлан заасан.
-Уг хуулийн зохицуулалтын тухай
ярихгүй юу?
-Худалдааг оюуны өмчийн, барааны,
үйлчилгээний гэж ангилсан. Энэ удаагийн худалдааны хуулийн гол зохицуулалт барааны
худалдаанд онцгой анхаарч байгаа юм. Оюуны өмчийн худалдаа, үйлчилгээний худалдаа
өөр хууль эрхзүйн зохицуулалтаар явагдана. Цаашид гадаад худалдааг аж ахуй нэгжээр
дамжуулж хийх нь зүйтэй. Орж ирж буй барааны стандарт, шаардлага хэрэглэгчдэд хүрч
буй байдлыг нь ч бодсон энэ нь дээр. Тухайн бараа бүтээгдэхүүний аюулгүй байдал,
хадгалалт, тээвэрлэлтийн горим зэргийг анхаарна. Манайхан олон жил иргэнээр буюу
ганзагын наймааг эрхэлдэг байсан. Үүнийгээ больё. Гэхдээ хил орчмын худалдаан
дээр иргэн оролцдог байх шаардлагатай гэж үзсэн. Худалдааны зориулалтаар орж
ирж буй бараа бүтээгдэхүүнүүд гэрээний үндсэн дээр стандартын бүтээгдэхүүнийг аж
ахуй нэгжээр оруулж ирэхээр тусгасан.
2012 онд УИХ Хүнсний тухай хууль
Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийг баталсан. Энэ оноос эхлэн хүнсний бараа бүтээгдэхүүнүүдийг
аж ахуй нэгж оруулж ирнэ гэсэн хуулийн заалт хэрэгжиж эхэлсэн.
-Хэрэглэгчдийн эрх ашгийг Худалдааны
тухай хуулинд хэрхэн тусгасан бол?
-Худалдааны гадаад харилцаа хөгжөөд
ирэхээр хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудал урган гарч ирсэн. Чанартай,
аюулгүй, үнэ хямд, олон улсын стандарт хангасан бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг
хангах ёстой. Зах зээлд миламинтай сүүнээс эхлээд нийтийг хамарсан хүн амын аюулгүй
байдалд сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүн орж ирсэн тохиолдлууд байдаг. Энэ үед төр тухайн
бараа бүтээгдэхүүнийг зах зээлээс хэрхэн татах вэ, оруулж ирсэн аж ахуй нэгжид ямар
хариуцлага тооцох вэ, иргэдийн аюулгүй байх нөхцөлийг хэрхэн хангах вэ гэдэг нь
ч хуулийн зохицуулалтад тусгагдсан.
-Манай оронд брэнд хувцасны дэлгүүрүүд
ихээр үйл ажиллагаа явуулдаг. Англид 10 фаунт буюу 20 гаруй мянган төгрөгөөр худалдаалагдаж
байсан хувцас Монголд нэг сая төгрөгөөр зарагдаж байна. Үүнийг хуулиар зохицуулж
үнийг дундаж үнийн түвшинд хүргэж байгаа юу?
-Бид зах зээлийн харилцаанд шилжсэн.
Барааны үнэ зах зээлийн эрэлт нийлүүлэлтээр зохицуулагдаад явдаг жамтай. Тэгэхээр
бараа бүтээгдэхүүний үнэд төр оролцож зохицуулалт хийхэд хүндрэлтэй. Төр зөвхөн
стратегийн бараа бүтээгдэхүүн, гадны томоохон үйлдвэрлэгч, компаниудын үнийн бодлогоор
Монгол Улсын зах зээлийг эвдэж байгаа үед оролцох ёстой. Мөн тодорхой иргэдийн өргөн
хэрэглээний бараа бүтээгдэхүүний огцом үнийн өсөлт гарсан үед 180 хоногийн хугацаанд
төрөөс зохицуулалт хийх юм. Үнийн зөвлөл гэж байгуулагдаж байгаа. Тиймээс тодорхой
хэмжээгээр судалгаа хийж зах зээлийн орчинд үгсэн хуйвалдаж, эсвэл гадаадын компанийн
үнийн бодлогоор болон стратегийн ач холбогдолтой хүнсний бараа бүтээгдэхүүн дээр
огцом өсөлт гаргасан бол Үнийн зөвлөлийн дэргэдэх мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг
үндэслэн тодорхой хугацаанд үнийн зохицуулалт хийхээр орж байгаа. Түүнээс биш
худалдааны журмаар арилжаалагдаж буй костюм пиджак, гутал, цамцнуудад үнийн зохицуулалт
хийх шаардлага байхгүй. Худалдааны хуулийн хүрээнд худалдаа эрхлэгч аж ахуйн
нэгжийн нэгдсэн мэдээллийн сантай болж, худалдагч нарыг худалдааны чиглэлээр мэргэшүүлэх,
стандартын шаардлага хангах шаардлага руу төр анхаарч аж ахуй нэгжүүдтэй хамтарч
ажиллах зайлшгүй шаардлага байна.
-Худалдааны байгууллагуудын талаар
судалгаа авсан уу. Нийслэлд худалдааны бус байранд үйл ажиллагаа явуулж байгаа
аж ахуй нэгж олон байна?
-Мэдээж судалгаа хийгдсэн. Мэргэжлийн
байгууллагын судалгаанаас харахад нийт худалдааны газрын 45.7 хувь нь зориулалтын
бус ажлын байранд бараа бүтээгдэхүүн худалдаалж байна. 39.8 хувь нь хадгалалтын
онцгой нөхцөл шаардсан бараа бүтээгдэхүүнийг хадгалалтын горимын дагуу хадгалдаггүй
нь тогтоогдсон. Хөргөгчинд хадгалах ёстой бараа бүтээгдэхүүнийг халуун контейнерт
хадгалж байх жишээтэй. 26 хувь нь хүнсний болон түргэн гэмтэх бараа бүтээгдэхүүнийг
ТҮЦ, чингэлэг, ил задгай талбайд худалдаалж байгаа. 50.5 хувь нь зориулалтын бус
тээврийн хэрэгслээр бараа тээвэрлэж байна. Өнөөдөр Улаанбаатар төмөр замд зориулалтын
тээврийн вагон алга. Ачааны вагон дээр өнөөдөр цемент ачаад маргааш нь угаагаад
хүнсний бүтээгдэхүүн ачиж байгаа юм. Зориулалтын хүнсний вагонтой болох хэрэгтэй.
Хяналтын байгууллагын дүгнэлтүүдийг харахад Монголын бараа бүтээгдэхүүнүүд чанар
аюулгүй байдлын тал дээр хадгалалт, тээвэрлэлтийн горимд алдаа гарч байна. Мөн бараа
бүтээгдэхүүн худалдаж буй худалдагч нарын бараа бүтээгдэхүүний талаарх мэдлэг
багатайгаас зөв мэдээлэл өгч чаддаггүй. 1997 онд Монгол Улс Дэлхийн худалдааны
байгууллагын гишүүн орон болсон. БНХАУ, ОХУ Дэлхийн худалдааны байгууллагын
гишүүн орон болсон юм. Үүнийгээ дагаад Дэлхийн худалдааны байгууллагын гэрээ
хэлцлийн хүрээнд худалдаа хамгаалалтын бодлогын зохицуулалтуудыг явуулах ёстой.
Энэ хуулийг дагаад Гадаад худалдааны хамгаалалтын тухай хууль гэж 70 гаруй зүйл
бүхий хууль орж ирэх юм. Одоогоор Засгийн газар дээр боловсруулагдаж байна. ДХБ-ын
хүрээний 50 гаруй конвенци, хэлэлцээрүүдэд байдаг. Тэр хүрээнд далайд гарцгүй буурай
эдийн засагтай, эдийн засгийн төрөлжилт багатай манайх шиг орон олон улсын худалдаанд
байдаг гэрээ хэлэлцээр, конвенциудаар олгогддог эрхээ эдэлмээр байгаа юм. Манай
орон бусад орнуудтай чөлөөт эдийн засгийн худалдааны хэлэлцээрүүдийг эхлүүлж байна.
2005 онд АНУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр эхлүүлсэн бол одоо Японтой хийх
гэж байгаа. Чөлөөт худалдааны эхний үе шат болох ил тод байдлын хэлэлцээр Их хурал
дээр батлагдах гээд хэлэлцэх эсэх нь шийдэгдэж байна. АНУ-тай ил тод байдлын хэлэлцээр
баталчихвал дараа нь чөлөөт худалдааны хэлэлцээрийг ярина. Бид дэлхийн томоохон
эдийн засагтай орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж, тухайн орны зах
зээл рүү хөнгөлөлттэй нөхцөлөөр орж чаддаг болчихвол манай оронд худалдааны давуу
байдал бий болно. Бид 1990-ээд оны үед АНУ-аас оёмол бүтээгдэхүүн дээр хөнгөлөлт
авч байхад Монголд оёдлын салбар хөгжсөн. Тэгэхэд ганцхан салбар дээр АНУ-аас хөнгөлөлт
авч байсан. Бүх салбар дээр хөнгөлөлт аваад эхэлчихвэл бусад орнуудаас давуу нөхцөлтэй
болно. Худалдаагаар дамжсан давуу нөхцөлүүд уг хуульд орж байгаа.
-Хил гаалийн асуудал хэрхэн шийдэгдэх
вэ?
-Өөр нэг чухал зүйл нь ачилтын өмнөх
хяналт шалгалт байгаа юм. Хил гааль дээр бараа бүтээгдэхүүн овоорчихдог. Тиймээс
хяналтын байгууллагууд тухайн аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хяналтын эрсдлийн
үнэлгээ хийна. Тиймээс хоёр талын худалдааны гэрээний үндсэн дээр явагдаж байгаа
худалдааны түнш дээр нь ачилтын өмнөх хяналт шалгалт хийх нь хил гаалийн ажлыг хялбаршуулна.
Энэ мэтчилэн худалдааны хүрээнд байдаг олон нөхцөл боломжуудыг аж ахуйн нэгжид олгосноороо
томоохон дэмжлэг болох юм. Монголын эдийн засгийн нэг том судсыг зөв голдрилоор
урсахад аж ахуй нэгжид дэмжлэг үзүүлсэн төрийн тодорхой дэмжлэгүүдийг оруулах
хууль байгаа юм.
-Уг хуулийн хэлэлцүүлгийн дараа
иргэд брэндийн бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах талаар суулгаж өгөөч ээ гэж
байсан. Брэндийн бараа оруулж ирж буй хүмүүсийн увайгүй, шуналтай байдлыг дарж
бүх иргэн брэнд өмсөх боломжийг нээж өгөх ёстой гэж байсан…
-Худалдааны салбарт эрхзүйн зохицуулалтгүй
явж байгаа нь үнийн бодлого, худалдаа хийж байгаа аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд
төрийн захиргааны байгууллагууд дураараа гар дүрэн оролцох, хүндрэл учруулдаг.
Хуулийн зохицуулалтгүй газруудад хууль бус буюу үйлдлүүд хуулиас давсан журмаар
баталсан зүйлүүд явагддаг. Энэ нь бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулдаг. Үүнийг
ч мөн хуулиар зохицуулъя гэж байгаа юм. Худалдааны зохицуулалтад төр хэрхэн оролцох
вэ гэдэг хэм хэмжээг нь зааж өгөх ёстой гэж ойлгож байна. Сүүлийн үед төрийн нэрээр
бизнес рүү орж байгаа нь дэмжлэг гэхээсээ илүү чирэгдэл болдог. Бизнесийнхэн “Төр
дэмжиж сүйд болдоггүй юм аа гэхэд төр битгий бизнест оролцож үймүүлээд байгаач ээ”
гэдэг. Үүн дээр хууль санаачлагчид анхаарч байгаа.
Иргэдийн болон хэрэглэгчдийн эрх
ашгийг хамгаалах асуудлыг хуулинд нарийн зааж өгсөн. Бараа бүтээгдэхүүний аюулгүй
байдал, ахуйтай холбоотой үед яах вэ. Нийтлэг хэрэглэгдэж буй бараа бүтээгдэхүүний
үнэ ханшийн зохицуулалтыг хэрхэн хийх вэ гэх мэт бизнес эрхлэгчид нарт худалдаа
эрхлэгч нарын эрх, үүргийг тодорхой болгох нь чухал байгаа юм. Чанар аюулгүй байдлын
шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүн хэрэглэгч хүргэхийг хориглоно. Хэрэв тэгсэн
бол хуулийн хүрээнд хэрхэн зохицуулах вэ гэдэг нь тусгагдсан.
Таны асуугаад байгаа зүйлийг Хэрэглэгчдийн
эрх ашгийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хуулиар шийдэх учиртай. Монголд
энэ чиглэлийн хуулиуд явж байгаа. Харин хэрэгжилтийг хангах асуудалд анхаарах ёстой.
-Хууль батлагдсаны дараа бараа
бүтээгдэхүүний үнэ буурах нөхцөл бүрдэх үү?
-Хуулийн зорилго бараа бүтээгдэхүүний
үнийг бууруулах биш юм. Монгол орны айл өрх бүр худалдаа наймаа хийдэг болж. Дотоод
худалдаанаас гадна бид гадаад худалдааны хүрээнд олон оронтой харьцдаг. Нэг аж
ахуй нэгж гэхэд 200-300 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн оруулж ирж байна. Тэгэхээр
гадаад, дотоод худалдаа өргөжиж буй энэ үед худалдаагаар дамжуулан олж авдаг давуу
эрх, боломжуудаа ашиглах, түүгээр дамжуулан үндэсний эдийн засгаа хамгаалах, бизнес
эрхлэгчдээ хамгаалах, үндэсний бизнес эрхлэгчдэдээ давуу эрх бий болгоно. Худалдааны
үлгэрчилсэн загвар гаргаж өгөхгүй бол худалдаа хийж буй хүмүүс ихэнх нь мэргэжлийн
бус хүмүүс байдаг тул худалдааны гэрээ хэлцлийн талаар анхны мэдэгдэхүүн байдаггүй.
Үүнээс болж гадаадад гэрээ хэлцэл хийхээрээ алдаж, хулхидуулдаг тохиолдол их байна.
Нүүрс дээр ярихад нэг цонхоор төрийн тодорхой дэмжлэгтэйгээр ажиллахгүй бол урд
хөршид маш олон орон нүүрсээ нийлүүлэх гэж өрсөлдөж байгааг бид мэднэ. Энэ үед хэдэн
хувийн хэвшил, аж ахуйн нэгж урагшаа гүйж очоод үнийн бодлогод нь цохиулж байна.
Үүнээс болж төрийн бодлоготой улсын зах зээлд бид гарч чадахгүй байгаа. Эрхзүйн
актыг тодорхой болгоод өгчихвөл эргээд эрдэс баялгийн түүхий эдээ гадаад зах зээлд
гаргахад дөхөм болно.
-Бусад орнууд худалдааны асуудлаа
хуулиндаа хэрхэн тусгасан байдаг вэ?
-Монгол Улс худалдааны талаар баримтлах
бодлогын баримт бичгээ гаргах ёстой. Энэ хуулийг дагаад нэлээд хэдэн хууль гарч
ирэх ёстой гэж харж байгаа юм. Энэ бол худалдааны ерөнхий хууль шүү дээ. Гадаад
худалдааны хамгаалалтын тухай хуулийн дотоод зах зээлээ хамгаалдаг хууль байдаг.
Гаалийн болон Гаалийн тарифын тухай хууль гэх мэт худалдаатай холбоотой хуулиудыг
авч үзээд Худалдааны салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгээ гаргаад хуулиудаа
цэгцлэх ёстой.
Нөгөө талдаа хууль гаргаснаар дотоод
эдийн засгаа хамгаалж, дотоодын бизнес эрхлэгчдээ хамгаалах чиглэл рүү тарифын
болон тарифын бус хамгаалалт хийх юм.
Тухайлбал Монгол Улс хөнгөн блокоо
их хэмжээгээр үйлдвэрлэж чадаж байна. Гэтэл гадаад зах зээлээс их хэмжээний хөнгөн
блок орж ирээд зээл авч хөнгөн блок хийж байсан бизнес эрхлэгчдийг цохиод унагасан.
Энэ тал дээр анхаарах учиртай. Тиймээс биш тарифын болон тарифын бус стандартын
хэмжээгээр хамгаалах ёстой.
Э.ЭНХБОЛД