Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Хөгжлийн банк 49 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна DNN.MN

Монгол Улсын Хөгжлийн Банк 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш 2023 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт нэг их наяд 113.6 тэрбум төгрөгийн зээл барагдуулжээ.

Үүнээс

  • 757.7 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр
  • 175.4 тэрбум төгрөгийг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр
  • 180.6 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүлээд байгаа аж.

Нийт 19 төсөлд олгосон зээл хаагдсанаас 14 зээл нь бэлнээр буюу 290.9 тэрбум төгрөгөөр, дөрвөн зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, нэг зээл үнэт цаасаар төлөгдсөн байна.

Хөгжлийн Банк нь энэ оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн байдлаар 49 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна. Үүнээс

  • 29% нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 788.9 тэрбум төгрөгийн,
  • 71% нь хувийн хэвшлийн 41 зээлдэгчийн 1.94 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл аж.
Categories
мэдээ нийгэм

“Ханжоу 2022” хог хаягдалгүй Азийн наадам болно DNN.mn

Азийн XIX наадмын зохион байгуулагчид хог хаягдалгүй наадам хийх шинэ төлөвлөгөөгөө танилцууллаа. Уг төлөвлөгөөнд наадмын үеэр хог хаягдлыг эрс бууруулах хэд хэдэн арга хэмжээг тусгасан байна. Тухайлбал, ногоон орон сууцанд амьдрах, дахин боловсруулах материал ашиглах, эрчим хүчээ хэмнэх, утааг бууруулах зэрэг багтжээ.

Энэ ажлын хүрээнд Жэжян мужийн Ханжоу хотыг хог хаягдалгүй хот болгох хэтийн төлөвлөгөөг боловсруулсан байна. Наадмын зохион байгуулагчид энэ үеэр хог хаягдлыг ангилан ялгах системийг бий болгож, хаягдалгүй амьдрах зан үйлийг сурталчлах аян өрнүүлэхээр болжээ.

Тус улсын эрх баригчид Азийн наадмын үеэр хуримтлуулсан туршлага дээрээ үндэслэн ирээдүйд бусад хотоо ч хог хаягдалгүй болгохоор зорьж байгаа юм. Ковидын цар тахлын улмаас нэг жил хойшилсон Азийн наадам 2023 оны есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8-ны өдрүүдэд БНХАУ-ын Ханжоу хотноо болно.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Дэлхийн аварга Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар “The Brain” шоунд оролцоно DNN.mn

Ой тогтоолтын олон улсын их мастер, дэлхийн дээд амжилт эзэмшигч, ой тогтоолтын дэлхийн аварга Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар “The Brain” шоунд оролцохоор өчигдөр БНХАУ-ын Нанжин хотыг зорилоо.

Тэд өнөөдөр сүүлийн бэлтгэлээ хийгээд маргааш буюу гуравдугаар сарын 1-ний өдөр халз өрсөлдөөн хийнэ. Энэ удаагийн дугаар нь ковидын хөл хорионы дараа болж байгаа анхны нэвтрүүлэг бөгөөд “Хятад”-ын баг “Олон улс”-ын багтай өрсөлдөж буйгаараа онцлог юм.

Хоёр баг тус бүр таван гишүүнтэй ба манай багт Австрали болон Японы тамирчид багтаж байна. Тамирчид хувь тус бүрдээ өрсөлдөхөөс гадна багийн дүнг мөн гаргах юм. БНХАУ-ын багийн эсрэг “ОЛОН УЛС”-ын нэгдсэн баг өрсөлдөнө.

Categories
мэдээ нийгэм

Зүүн Азийн наадмын барилга байгууламжтай танилцах хуваарь DNN.mn

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод наймдугаар сарын 16-23-ний өдрүүдэд Зүүн Азийн залуучуудын спортын наадам болно. Тус наадмыг зохион байгуулах хороо болон спорт төрлүүдийн холбоодын хурал өнөөдөр Биеийн тамир, спортын улсын хорооны хурлын танхимд боллоо.

“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам спортын 11 төрөлд болох бөгөөд наадмын зохион байгуулах хорооноос ажлын явц болон спорт холбоодуудад барилга, байгууламжтай танилцах уулзалтын хуваарийг зарлав.

Наадмын барилга, байгууламжтай танилцах хуваарь:

III.01. Жүдо, чөлөөт бөх, таеквондо – “Степп арена”

III.01. Волейбол – “Буянт-Ухаа” спорт цогцолбор

III.02. Хөлбөмбөг – МХБХ-ны талбай

III.02. Бадминтон – МХБХ-ны футзалын ордон

III.03. Хөнгөн атлетик – Налайх дүүргийн цэнгэлдэх хүрээлэн

III.06. Бокс – Монгол бөхийн өргөө

III.06. 5х5 сагсан бөмбөг, ширээний теннис, Э-Спорт – “Уран ган” спорт цогцолбор

III.06. 3х3 сагсан бөмбөг – Сүхбаатарын талбай (түр байгууламж)

Categories
мэдээ нийгэм

СХД-ийн эрүүл мэндийн төв харьяалал харгалзахгүйгээр хорт хавдрын өдрийн хими эмчилгээг хийж байна DNN.mn

Манай улсад хорт хавдаар өвчлөгсдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж буй. Үүнийг дагаад хорт хавдрын улмаас нас барж байгаа хүмүүсийн тоо ч дагаад өсдөг.

Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн Эрүүл Мэндийн төв хорт хавдрын өдрийн хими эмчилгээг тав тухтай орчинд харьяалал харгалзахгүй хийж үйлчилж байгаа аж.

Түүнчлэн хорт хавдрын өдрийн хими эмчилгээний зардал болох 45000 төгрөгийг ЭМДС-аас бүрэн хариуцдаг байна.

Categories
мэдээ нийгэм

Сар шинийн баяраар осголт хөлдөлтийн байдалтай 10 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ

Tsahiur.mn - Мэдэх эрхийн төлөө

Сар шинийн баярын өдрүүдэд буюу энэ сарын 20-26-ныг хүртэлх 7 хоногийн хугацаанд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт нийт 2,501 иргэн тусламж үйлчилгээ авчээ.

Нийт үйлчлүүлэгчдийн 883 нь 0-17 насны хүүхдүүд байна.

Осол гэмтлийн дийлэнх шалтгааныг халтирах, тээглэх, бүдрэх болон шат гишгүүр, бусад зүйлээс унаж бэртэх тохиолдол эзэлж буй бөгөөд 1,173 иргэн уг шалтгаанаар эмнэлэгт ханджээ.

Түүнчлэн ахуйн хүрээний осол гэмтэл буюу хутга мэс, шил шаазан зэрэг амьгүй механик хүчинд өртсөн 366, архидан согтуурах болон бусад шалтгааны улмаас зодоон цохион гэх мэт хүчирхийлэлд өртсөн 257, зам тээврийн осолд өртсөн 258, түлэгдэж гэмтсэн 78, осголт хөлдөлтийн байдалтай 10 хүн тусламж үйлчилгээ авчээ.

Categories
мэдээ нийгэм

“Хөх сувд” мөсний баяраар 35 мянган жуулчин хүлээж авна DNN.mn

Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “Хөх сувд” мөсний баяр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн баярыг гуравдугаар сарын 2-ноос 4-ний өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэл ажил 80-90 хувьтай байгаа талаар зохион байгуулагчид мэдээллээ. Өнгөрсөн жилийн баярт Архангай, Төв, Сэлэнгэ, Булган, Эрдэнэт, Говьсүмбэр, Дархан, Эрдэнэт, Хэнтий зэрэг 10 гаруй аймгийн 20 мянга гаруй зочид, төлөөлөгчид оролцсон. Харин энэ жилийн баярт 30-35 мянган дотоод, гадаадын жуулчин хүлээн авахаар төлөвлөж байгаа аж.

Өнгөрсөн жилийн мөсний баярын үйл ажиллагаанд 200 гаруй төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж оролцсон байна. Түүнчлэн 70 орчим цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж, нийт 2800 орчим автомашин зорин очсон.

Энэ жилийн “Хөх сувд” мөсний баярын талаар Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга П.Мөнхжаргалаас тодрууллаа. Тэрбээр “Мөсний баярын үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарч ажиллаж байна. Хөвсгөл нууранд өвлийн улиралд огт хөлддөггүй газрууд байдаг. Үүнийг өрх гэж нэрлэдэг. Өнгөрсөн жил нэг автобус далайн өрх рүү цөмөрч, татаж гаргасан. Тухайн үед албаныхан хамгаалалтын тууз татсан байхад замаа товчлох гээд цөмөрсөн байсан. Энэ жил Ханх, Ренчинлхүмбэ, Цагааннуур сумын чиглэл рүү хил гарсан учраас зорчигчдыг далайн мөсөн замаар явахыг хязгаарласан.

Баярын үеэр цагдаа, онцгой, хилийн цэргийн алба хаагчид ажиллана.

“Хөх сувд” мөсний баярыг 2022 оны тавдугаар сард ЮНЕСКО-д бүртгүүлсэн. Тэр утгаараа Хөвсгөлд зочлох жил болгон зарлаж, аялал жуулчлалыг хөгжүүлэх олон төрлийн арга хэмжээ зохион байгуулна. Жуулчны баазууд эхнээсээ жуулчдын захиалгаа баталгаажуулж байна. Энэ жилийн хувьд харьцангуй олон бааз ажиллаж, гэр баазуудын үнэ ханш 100 мянган төгрөгөөс эхэлж байгаа. Нийт жуулчны баазын 20 хувь нь орон нутгийн иргэд байдаг. Мөсний баярын үеэр хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд нийт 3-4 тэрбум төгрөгийн ашиг орлого олдог” гэсэн юм.

Categories
мэдээ цаг-үе

АТГ: Нүүрсний хэрэгт УИХ-ын 6 гишүүнийг яллагдагчаар татаж, 35 хүнийг хилээр гарахыг хориглосон DNN.mn

УИХ-ын зарим гишүүнийг яллагдагчаар татсан талаарх мэдээллийг АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн өглөө.

Эрүүгийн хуулийн 22.3 буюу улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан үндэслэлээр

  • УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн хахууль өгөх гэмт хэрэгт /Эрүүгийн хуулийн 22.5.1 /
  • УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих
  • УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан
  • УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал болгон хохирол учруулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжих,
  • УИХ-ын гишүүн Н.Наранбаатар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал болгон хохирол учруулсан
  • УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан зэрэг үндэслэлээр яллагдагчаар татагдсан.

Түүнчлэн яллагдагчаар;

  • Зам тээврийн сайд асан 1,
  • Төрийн нарийн бичгийн дарга асан 2,
  • Аймаг сумын Засаг дарга 2
  • УИХ-ын гишүүний зөвлөх 1
  • Гаалийн улсын байцаагч 12
  • Хил хамгаалах байгууллагын ажилтан 4
  • Авто тээврийн үндэсний төвийн ажилтан 4
  • Боомтын захиргааны мэргэжилтэн 2
  • ЭТТ ХК-ийн ажилтан 6
  • Тавантолгой төмөр зам ХК-ийн 3
  • Нэр бүхий хуулийн этгээдийн 14 албан тушаалтан, 12 иргэн яллагдагчаар татагдаад байна.

Хэргийг шалгах явцад нийт 17 яллагдагчийг цагдан хорьсон бол одоо 8 иргэн цагдан хоригдож байна. Мөн улсын хилээр хязгаарласан 35, албан үүрэг түдгэлзүүлсэн 4, хувийн батлан даалт 26, мөрдөн шалгах явцад 13.8 тэрбум төгрөгийг хахуульд авсан нь тогтоогдсон тул 94 үл хөдлөх хөрөнгийг битүүмжлээд байна.

Categories
мэдээ нийгэм

Алтан овоо, Шилийн богдын чиглэл дэх замын хяналт, шалгалт шинийн 15-ныг хүртэл үргэлжилнэ DNN.mn

Монголчууд сар шинийг тохиолдуулан билэгт сайн өдрүүдэд уул, овоонд гарч, сүсэг бишрэлээрээ сүү, цагаан идээ өргөдөг. Өнгөрсөн жилүүдийн хувьд халдварын тархалт, өвчлөл их байсны улмаас томоохон уул, хайрханыг зорих иргэдийн хөдөлгөөнийг хязгаарласан. Харин энэ жил хориг хязгаарлалт байхгүй учир өчигдөр буюу шинийн 8-ны билэгт сайн өдрийг тохиолдуулан Шилийн богдыг зорих хөдөлгөөн нэмэгдэж, хог хаягдал, машин гээд тухайн бүсэд эмх замбараагүй байдал үүссэн байна.

Иргэд цахим хуудастаа энэ талаар бичиж, уламжлал нэрийдлээр байгалиа сүйтгэж, уул усаа хогоор дүүргэж буйг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Харин албаны хүмүүс “Хөдөлгөөн эрс нэмэгдсэн учир аймгийн цагдаагийн алба хаагчид нэмэлтээр очсон. Иргэдийн сүсэг бишрэлийг хорьж, цагдах боломжгүй” гэж тайлбар өгчээ.

Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин туулай жилийн шинийн 8-ныг угтаж тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгдлээ. Дарьганга сум “Шилийн богд” ууланд нийт 3000 гаруй тээврийн хэрэгсэл, 15 мянга орчим иргэн нэг дор цугларсан. Жил бүрийн сар шинээр цагдаагийн газрын алба хаагчдаас зам тээврийн осол, хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор анхааруулга, санамж өгч, хяналт тавьж ажилладаг. Энэ жил мөн ялгаагүй шинийн 15 хүртэл тус хяналт шалгалтыг үргэлжлүүлнэ. Иргэддээ өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна” гэсэн мэдэгдэл гаргажээ.

Өнгөрсөн онуудад Дарьганга сум “Шилийн богд”, “Алтан овоо”-нд нийт 5000 гаруй тээврийн хэрэгсэл, 20-30 мянга орчим иргэн нэг дор цугларч байв.

Сар шинийн баярын өдрүүдэд төрийн тахилгат Алтан овоо, Шилийн богд хайрханыг зорих тээврийн хэрэгсэл нэмэгдсэн учир нийт зургаан цэгт хяналтын пост гарган ажилласан бөгөөд энэ хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 31 зөрчил бүртгэгдсэн байна.

Иргэдийн хувьд жил бүр давтагддаг энэ үйлдэлд шүүмжлэлтэй хандаж, байгаль орчноо бодсон ч хязгаарлалт тогтоох хэрэгтэйг сануулж байна.

Categories
мэдээ нийгэм

“УБТЗ” ХНН: Түлш, шатахууныг шуурхай тээвэрлэхэд онцгой анхаарч байна DNN.mn

УБТЗ хилээр орж ирсэн түлш шатахууныг шуурхай тээвэрлэхэд онцгой анхаарч, уг ажлыг хил гаалийн байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа аж. ОХУ-аас орж ирсэн нефтийн бүтээгдэхүүн ачсан галт тэрэг Сүхбаатар өртөөнд гаалийн бүрдүүлэлт хийх, галт тэрэг найруулах ажиллагаатай холбоотойгоор дунджаар 6.28 цаг зогсох ёстой бол энэ технологит ажлыг 4-5 цагийн дотор амжуулж байна.

Мөн Сүхбаатараас Толгойт өртөө хүртэл 36 цагийн дотор хүрэх ачааг 24 цагийн дотор Толгойт өртөөнд хүргэх ажлыг зохион байгуулсан.

2023 оны 1 дүгээр сард ОХУ-аас АИ-92 бензин 712 вагон 46,280 тонн, дизелийн түлш 1,719 вагон 111,735 тонн, бусад 174 вагон 11,310 тонн, нийт 2,605 вагон 169,325 тонныг хүлээн авч тээвэрлэжээ. Харин 2 дугаар сард АИ-92 бензин 651 вагон 42,315 тонн, дизелийн түлш 904 вагон 58,760 тонн, бусад 246 вагон 15,990 тонн, нийт 1,801 вагон 117,065 тонн хүлээн авч шуурхай тээвэрлэсэн байна.

Мөн БНХАУ-аас 2023 оны 1 дүгээр сард дизелийн түлш 116 вагон 7540 тонн, 2 дугаар сард дизелийн түлш 88 вагон 5720 тонн, бусад 150 вагон 9750 тонн тус тус хүлээн авч тээвэрлэжээ.

Энэ оны эхний 2 сарын байдлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ОХУ-аас 544 вагон 35,360 тонн, БНХАУ-аас 146 вагон 9,490 тонн нефтийн бүтээгдэхүүн тус тус илүү тээвэрлэсэн хэмээн “УБТЗ” ХНН-ээс мэдээллээ.