Монголчуудын дунд бэтэг өвчний эрсдэл өндөр байна. Бэтэг өвчин нь зоонозын халдварт өвчинд хамаардаг. Зооноз нь мал, амьтнаас хүнд халдварладаг өвчин. Шүлхийн халдварт дарлагдаад байгаа Монгол Улс бэтэг өвчинд ч анхаарах цаг болоод байна.
2017 онд Монголчууд албан ёсоор бэтэг өвчний тархалтын судалгаа хийжээ. Мөн онд 17 тохиолдол ирүүлж оношилсон гэнэ. Монголчууд 64.5 сая толгой малтай, хүн амын 40 хувь нь малчид. Энэ утгаараа малтай тогтмол харьцдаг иргэд олонтой оронд зоонозын өвчин, тэр дундаа бэтэг халдварлах эрсдэл өндөр.
Бэтгийн шүлхийгээс ялгарах зүйл нь дэлхийн хэмжээнд анзаарагддаггүй өвчний тоонд ордог ч Монголчуудын дунд эрсдэл өндөр байгаа юм. Учир нь, бэтгийн халдвар авсан эсэхийг шинжилгээ өгч байж л мэдэх боломжтой, халдвар авсан тохиолдолд шинж тэмдэг төдийлөн илэрдэггүй ч даамжирсаар үхэлд хүргэх аюултай гэнэ. Тиймээс шүлхийн дараа бэтэг өвчинд анхаарах цаг болжээ.
Тодруулбал, хоол боловсруулах замаар хүний биед орж, гэдэсний ханаар дамжин элэг, уушги зэрэг дотор эрхтэнд наалдаж, аажмаар өссөөр гадуураа олон давхар ууттай, дотроо олон мянган туузан хорхойн толгой агуулсан уйланхай болдог гэнэ. Энэ 5-10 жилийн дараа хүүхдийн толгойн чинээ хэмжээтэй гадуураа хатуу хальсан бүрхүүлтэй бэтэг болдог аж.
Түүнчлэн малын дунд бэтэг өвчин их байгаа нь судалгаагаар батлагджээ. Таван хошуу мал дундаа ямаанд бэтгийн тархалт их байгаа гэнэ. Ямааны дунд бэтэг өвчин 9.2 хувийн тархалттай байгаа аж. Мөн мал нядалгааны газарт судалгаа хийхэд нийт нядалж байгаа малын дунд бэтгийн тархалт 3.5 хувь байжээ. Энэ хэмжээгээр хүнд халдварлах эрсдэл өндөрт тооцогдож байна.
БЭТЭГ ӨВЧНИЙ ХАЛДВАР АВСАН ХҮНИЙ 33 ХУВЬ НЬ 1-14 НАСНЫ ХҮҮХЭД БАЙЖЭЭ
Монголчууд мал нядлахдаа гэдэс дотор нь байгаа уйланхайг шууд л нохойд хаяж өгдөг. Ингэснээр нохой бэтгийн халдвар авч, тэр халдвар хүнд дамжих эрсдэлтэй. Тиймээс мал, амьтантай болгоомжтой харьцсанаар энэ халдвараас урьдчилан сэргийлэх юм байна. Мөн бэтгийн халдвар авсан хүний 33 хувь нь 1-14 насны хүүхэд байжээ. Энэ нь бэтгийн халдвараас урьдчилан сэргийлэх аргыг хүүхдэд зааж, энэ тал дээр анхаарах цаг болсны илрэл. Үүний хүүхдийн гарыг тогтмол угааж хэвшүүлэх хэрэгтэй байна. Мөн хоол, унданд цэвэр ус хэрэглэх шаардлагатай аж. Мөн малаа эрүүлжүүлэх шаардлагатай байгаа юм.
Бэтгийн тархалт, эрсдэлийг багасгах ямар арга хэмжээ авч байгаа талаар ЗӨСҮТ-ийн захиргааны албаны дарга Б.Амгаланбаяраас тодруулахад “Энэ үйл ажиллагаанд салбар бүрийн үүрэг оролцоо маш чухал байдаг. Тиймээс мал эмнэлэгтэй хамтран ажилладаг. Зөвхөн ЭХО-гоор бэтэг өвчнийг илрүүлдэг. Оношилгоогоор уг өвчнийг илрүүлэхийн тулд өнөөдөр аймаг, дүүргийн эмч нарыг оролцуулсан хурал зохион байгуулж байна. Мөн тандалт судалгааг сайжруулж, шинэ төвшинд авчрахын тулд энэ чиглэлд амжилттай яваа БНХАУ-ын мэргэжилтнүүдийн туршлагаас хуваалцаж байна” гэлээ.
БЭТЭГ ӨВЧНИЙ ШИНЖ ТЭМДЭГ
Бэтэг хүндрээгүй байхад хөлрөмтгий, ядрамтгай, хар дарж зүүдлэх, хэвлий томрох, товгор зүйл өөрт мэдрэгдэх шинж тэмдэг илэрдэг юм байна. Харин хүндэрсэн үед өвдөлт зовуурь нэмэгддэг гэнэ. Хөлрөлт ихэсч, хэл хуурай, өнгөртэй болж, элэгний ирмэг эсвэл бэтэг эмзэглэлтэй тэмтрэгддэг аж. Улмаар бэтэг нь цоорч, яаралтай эмнэлгийн тусламж авахад хүргэдэг юм байна.