Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал яруу-найраг

Б.Ичинхорлоо: Дэлхийн боловсролтой хөл нийлсэн, монгол хэлээ маш сайн мэддэг зохиолчдыг манай утга зохиол хүлээж байна DNN.mn

Үндэсний төв номын сангийн захирал, Монголын зохиолчдын эвлэл/МЗЭ/-ийн Удирдах зөвлөлийн дарга, “Болор цом” наадмын хошой тэргүүн шагналт, яруу найрагч Б.Ичинхорлоотой ярилцлаа.

-МЗЭ-ийн 95 жилийн ой боллоо. Танд баярын мэнд хүргэе.

-Баярлалаа, нийт уншигчид, сэтгэн туурвигч зохиолч, бүтээлчдэдээ 95 жилийн ойн баярын мэнд хүргэе.

-Таны хувьд баярын хурал дээрээ тавьсан илтгэлдээ “Монголын оюун санааны их нүүдэл дэлхий рүү нүүх цаг нь болсон” гэж хэлсэн. Аль ч нийгмийг зохиолчид хөтөлж явдаг гэдэг. Тэгвэл өнөөдөр энэ үүргээ гүйцэтгэж чадаж байна уу?

-Хамгийн гол нь бид өөрсөд рүүгээ харах цаг нь болсон. Миний илтгэлдээ хэлсэн зүйл маань энэ л дээ. Зохиолчид хөгжих ёстой болсон. Зогсонги байна, үүнийгээ бид өөрсдөө ерөөсөө харахгүй байна. Яг нэг газартаа очоод гацчихсан. Ер нь Сүхбаатарын хөшөө шиг болчихсон. Тэмүүлэлтэй, ургах наран зүгт гараа өргөсөн, унаа морь нь цоройсон ч гэсэн урагшилдаггүй. Тиймээс бид ямар ч байсан хөдөлгөөнд орох ёстой гэж үзэж байгаа юм. Гэвч жаахан боловч ололт, амжилт бидэнд байгаа.

Дэлхий дахинд Монголын утга зохиолын уншигчид нэмэгдэж байна. Хэрвээ 95 жил насласан мэргэжлийн төрийн бус байгууллага юм бол гишүүдийнхээ хандах зүгийг тодорхойлох ёстой гэж бодсон. Тийм болохоор “Дэлхий рүү нүүцгээе” гэдэг уриалга гаргасан юм. Яагаад гэвэл манай зохиолчдын чадал чансаа шавхагдаагүй. Хамгийн гол нь энэ зүйл дээр сайн орчуулагч, сайн уншигч, оюун санааны хамгийн үнэтэй зүйл болох нүүдэлчдийн ухамсар чухал. Бидний дэлхийд сонин харагдах гол өнцөг бол ахуй, оршихуй, сэтгэлгээний онцлог байгаа юм. Талын нүүдэлчдийн сэтгэлгээ гэдэг бол тавиун цараатай сэтгэлгээ. Гэтэл энэ сэтгэлгээнийхээ онцлогийг хэлний бэрхшээлээс ч юм уу, цөөхөн хүн ярьдаг монгол хэлээр бичдэгээсээ болоод дэлхий дахинд гаргаж чадахгүй байгаа юм. Хэрвээ Монголын утга зохиолын амин сүнс рүү орсон судалгаа байх юм бол манай зохиолчдын бүтээл дурын хүн бичээд байдаг зүйл бас биш. Үүн дээр бид үнэндээ бардам байж болно. Гагцхүү дэлхий нийтийн анхаарлыг татаж чадах онцлогоо олон хүнд хүргэх хэлний бэрхшээл болоод өөрсдийн маань мөч хүрэхгүй байна даа.

-Соён гэгээрэл гэдгийг юу гэж ойлгох вэ. Түүн рүү хөтөлдөг зохиолчдыг яаж бэлтгэх вэ?

-Үүнийг хоёр талтай авч үзэх ёстой. Ер нь бид нийгмийг соён гэгээрүүлнэ гээд л социализмын үеийнх шиг уриалаад явах биш. Харин хүмүүсийн зүрх сэтгэл дотор байгаа гайхалтай сайхан нинж хайр, биесээ хүлээн зөвшөөрч чаддаг монгол хүний уужуу ухааныг л тарих ёстой юм. Монгол хүний уужуу ухаан, талын нүүдэлчний өгөөмөр, өршөөнгүй зан чанар, аливааг талынхаа энгээр харж, боддог, миний зовлон минийх, миний жаргал бусдынх юм шиг ханддаг тэр хандлага л сүүлийн үед алга болоод байна. Тэгэхээр зохиолчдоо тэр сэдвээр бич, ийм байх ёстой гэхээсээ илүүгээр хайр, нинжийг монгол хэлээр түгээх ёстой л гэж бодож байгаа юм.

-Улс төрийн сэдэвт, ард түмнийг уриалан дуудсан шүлэг, бүтээлүүд сүүлийн үед бичигдэхгүй байна. Зохиолчид маань уншигчдынхаа өмнө бус цугтаа алхаж байдаг болсон гэх шүүмжлэл байдаг?

-Утга зохиолд шүүмж судлал гэдэг маш чухал гэдгийг л энэ харуулж байгаа юм. Шүүмж судлал нь үнэн байх ёстой. Тухайн зохиолчийг гаргаж ирэх, нийгэмд таниулахын тулд утга зохиолын шүүмж захиалгат маягаар явж ирсний хамгийн хортой нь энэ. Үүнийг бид бүхэн бүгдээрээ л тууллаа шүү дээ. Ямар ч байсан яг өөрөөрөө оршоод, хүн төрөлхтний сайн сайхны тулд гэрэл гэгээг түгээж чаддаг хүнийг нэртэй зохиолч, нийгмийг соён гэгээрүүлэгч гэж хэлнэ. Хэрвээ тэр хүн зөвхөн ахуй амьжиргааныхаа төлөө бичиж байгаа бол тэр нийгмийг соён гэгээрүүлэгч биш. Тэгэхээр зохиолч гэдэг ард түмний амьдрал, улс гүрнийхээ хувь заяан дотор хүнээрээ оршиж, хүн байж чадах хэрэгтэй. Эхлээд хүн байгаад, дараа нь зохиолч болдог. Хүний мөс чанар, зохиолчийн мөн чанар маш ойрхон.

-Монгол хэлийг гадагшаа яг байгаагаар нь орчуулж чаддаггүй. Уг нь бол үнэхээр сайн, даанч дэлхий ойлгодоггүй гэсэн яриа хэзээнээсээ л байсан. Тэгвэл зохиолчдынхоо бүтээлийг гадагш нь гаргахын тулд юу хийх ёстой вэ. Үүн дээр МЗЭ цаашдаа яаж ажиллах хэрэгтэй вэ?

-Бидэнд нэг дутагдал байна. Хувь хүн авьяастай төрөөд зохиол бүтээл бичиж байгаа бол тэр нь өөрт ч, ард түмэндээ ч хэзээд нөмөр нөөлөг болж байдаг. Тэр хүн ямар нэг байгууллагаас хараат бусаар өөрөө нөмөр, уул байдаг юм. Том уран бүтээлч уулын нөмөр барааддаггүй, ямар нэг урсгал чиглэлд дагаж урсдаггүй. Ямар ч уулын ширүүн үер урсаад ирсэн бат зогсож чадах аварга үндэстэй мод байж чаддаг. Ганцхан уран бүтээлчээс дэлхийг өөрчлөх санаархал гарч, өөрчилж ч чадна. Монголын утга зохиолын үе, үеийн гайхалтай уран бүтээлчид дэлхийд яагаад гарч чадахгүй байна гэхээр бид боловсролын тухай асуудлыг ярихаас өөр аргагүй. Манай зохиолчид өөрийн онгод хийморь, байгалиас заяасан өгөгдлөөрөө явж байгаа болохоос биш яг үнэндээ өөрийгөө боловсруулъя гэж бодохгүй байна. Энэ бол бидний дутагдал. Дэлхийн боловсролтой хөл нийлсэн, олон хэлтэй, тэр дундаа монгол хэлээ маш сайн мэддэг зохиолчдыг манай утга зохиол өнөөдөр хүлээж байна. Монголчуудын оюун санааны үнэт зүйлийг дэлхийн олон хэл рүү хөрвүүлж чадах тийм менежментийг зохиолчдын байгууллагаас уншигчид, дэлхий нийт хүлээж байна. Гэтэл зохиолчдын байгууллага маань 95 настай өвгөн байгууллага боловч яг үнэндээ ард түмэнтэйгээ цуг унаж, босож ядраад хөгжлийн ардаас гундуухан, толгой гудгар алхаж л явна. Хөгжлийг түүчээлэх ёстой гэхээр оюуны бяр хүрэхгүй байна шүү дээ. Нийгмийг оюун сэтгэлгээний хүчээр авч явахаа больчихсон. Нүүрсний мөнгөөр авч явдаг болсон байна. Үүндээ Монголын ард түмэн бүр итгэчихсэн. Тиймээс энэ саарал үеийг туулахад бидэнд дахиад л тэвчээр, утга зохиолдоо үнэнч байх сэтгэл хэрэгтэй. Монголын утга зохиолын хөх үндэсний галыг манаж явах хувь заяа ногдсон. Энэ гайхалтай хувь заяандаа бид эзэн байх ёстой. Бултах ямар ч арга байхгүй.

-Утга зохиолын алтан үеийнхэн, таныг “Болор цом” наадамд түрүүлж байх үед зохиолч, яруу найрагчийг нийгэм арай өөрөөр хүлээж авдаг байж. Одоо гэтэл өдөр ирэх тусам бага багаар нэр хүнд нь унаж байна гэдэгтэй та санал нийлэх үү?

-Монгол үндэстний, оюун санааны гэх бүх зүйлийг үнэ цэнэгүй болгох нөхцөлийг бүрдүүлж байна гэж би боддог. Дурын хүн нь шүлсээ хаядаг болсон. Үүнийг нь ч олон нийт дэврээж, дэвжээж байгаа. Монгол хүн нэг нэгэндээ нөхөр, нөмөр биш болсон ийм цаг үед бид оюун санаа, монгол хэлээ л тойрч нэгдэнэ. Хэрвээ хэл байхгүй бол бидэнд хил байхгүй. Тийм учраас оюун санааны тусгаар тогтнол, Монгол гэдэг мөнх оршихуйг дархалж үлдэхийн тулд бидэнд өвөг дээдсээс өгсөн монгол яруу хэл маань байгаа. Энэ хэлээр бичдэг хэдхэн цөөхөн зохиолчид маань байна. Тэднийгээ хоцрогдсон, боловсролгүй, үнэ цэнэгүй гэж үзэх болсон нь гаднын дохиотой юм шиг надад санагддаг. Ингээд хэлэхээр өөрсдийгөө өмөөрлөө гээд муулдаг. Гэтэл бидэнд хайрлаж явах ёстой үнэт зүйлс байна шүү дээ. Тусгаар тогтносон улсынхаа оршин байхуйн үнэт хил хязгаарыг хэл гэдэг эрхэм дархлаагаар зохиолчид минь манаж яваа. Зохиолч хүний онцлог нь сэтгэгч байдаг. Монгол хүнийг сэтгэх чадваргүй болгочихоор сэтгэж байгаа нэгнээ үнэ цэнэгүй харагдуулах гэсэн нийгмийн акц болгонд бид итгэсээр ирсэн. Энэ бол бид өөрсдийгөө өөрийн гараар оршуулж байгаа зүйл. Монгол гэдэг оршихуйг хэлээр дамжуулан хилгүй болгох гэсэн зүйл шүү. Үүнийг хүн бүр дотроо нэгийг бодож, ухаарч хараасай гэж бодож байгаа юм. Тийм ч болохоор МЗЭ-ийнхээ 95 жилийн ойгоор монгол хэл, соёлын дархлааг дэмжихийн тулд төр засаг, ард түмэн, ирээдүй хойч үед хандаж уриалга гаргасан. Монгол хэл, соёл гэдэг та бидний мөнхийн оршихуй. Эх орон тусгаар байхын, эх хэл маань дагшин оршихын, түүгээр дамжин дэлхийн монгол хүн бүрэлдэн бий болохын амин үндэс юм шүү. Дэлхийн монгол хүн гэхээр олон гадаад хэлтэй хүн гэж ойлгоод байгаа. Гэтэл тийм биш юм. Одоо бид жалга довны шүүмжлэлээсээ болоод хол харж, том нүүдэл хийж чадахгүй. Өнөөдөр, маргаашийн тухай л ярьдаг байдлаа бид хол хаях цаг болсон. Бидэнд боломж бол бий. Оюуны суутнууд маань бүтээн туурвисан бүхнээрээ ирээдүйд нар үзүүлэхийг л зорьж байгаа юм.

-Ерөнхий сайдын зөвлөх баярын хурал дээр тань зохиолчидтой уулзах боломжтой гэж хэлснийг нь дамжуулсан. Хэрэв ийм уулзалт болбол төр засгийг юун дээр түлхүү анхаарч өгөөч гэж хэлэх вэ?

-МЗЭ-ийн 95 жилийн ойн баярын хурал дээр төрийн гурван өндөрлөг маань баярын мэндчилгээ ирүүлсэн. Төр засаг маань хар нүднээс хөмсөг гадуур гэж МЗЭ-ийг тоохгүй өнгөрсөнгүйд нь баяртай байна. Ерөнхий сайдтай уулзах тэр цагт бид утга зохиолын ирээдүй болоод монгол хэлнийхээ ирээдүйн тухай л ярина. Монгол хэл соёл байснаараа Монгол Улсын оюун санааны тусгаар тогтнолыг дэлхий дахинд зарлан тунхаглаж чадна. Дэлхий даяар тархан суурьшсан монголчуудын оюун санааны нэгдсэн төв нь тусгаар тогтносон Монгол Улс, монгол хэл байх ёстой.

-Нийт зохиолчоо дэлхий рүү гарахыг уриалсан. Бас сайн талыг нь харъя гэвэл нэг үеэ бодвол эхнээсээ гадагшаа орчуулагдаж л байна даа?

-Үнэхээр бидэнд сайн сайхан зүйл бас байлгүй яах вэ. Олон сайхан зохиолчийн маань ном, бүтээл гаднын олон орны хэлээр хэвлэгдэж байна. Цаашдаа ч энэ тоо улам өсөх учиртай. Бидэнд дэлхийд гарч чадна гэсэн амбиц байгаа. Хэрвээ бид том хүсэл зорилго, тэмүүлэлгүй бол дахиад л эндээ 95 жил сууна шүү дээ.

-Монголын утга зохиолын өнөөгийн ачааг 1990-ээд оныхон буюу танай үеийнхэн үүрч яваа. Харин та ирээдүйдээ хэр итгэлтэй байдаг вэ?

-Ирээдүйдээ итгэхгүй бол өөр юунд итгэх юм бэ. Би өөрөө яруу найрагч хүн. “Хамаг бүхэн сайхан болно. Итгэсээр явахыг амьдрал гэнэ” гэж тунхагласан. Энэ итгэл гэдэг хамгийн үнэтэй зүйл. Тэр тусмаа зохиолч, туурвилч хүнд. Итгэлгүй байх юм бол чи маргаашийн нарны өнгө, гэрлийн тухай төсөөлөлгүй болно. Маргаашийн Монгол орны тухай мөрөөдөл, зохиол бүтээлээ үлдээх хийморьгүй болно. Тийм болохоор итгэл гэдэг бүх зүйл. Би Монголын утга зохиолын ирээдүйг маш гайхалтай өөдрөгөөр төсөөлдөг. Тийм ч учраас бид дэлхий рүү нүүе гэж хэлээд байгаа юм. Нүүдэлчний утга зохиол, талын язгууртнуудын өв соёл, монгол ахуй хийгээд дэлхийд үзүүлсэн амар амгалан бол дэлхий судлах ёстой нарийн нандин ухаан юм шүү. Гагцхүү бид энэ бүхнээ дэлхий нийт, хүн төрөлхтөнд зарлан тунхаглаж амжихгүй явна. Харин амжих ёстой үе маань ард зогсож байгаа. Хойч үе маань илүү их хүчтэй, цэвэр, нарийн мэдрэмжтэй, гайхалтайгаар ирж байна. Энэ бүхэн Монголын ирээдүй. Гэрэл гэгээтэй, сайн сайхан ирээдүй байлгахын тулд зохиолч бид өөрсдийгөө дэвсэж өгөх ёстой. Бидний үзэж туулсан, бичиж байгаа бүхэн Монголын ирээдүйн өлмий доор гишгэгдэж, өндөрт гарах шат нь байх ёстой юм. Тийм болохоор нуруугаа хотойлгож, өвдгөө сөгдөж өгнө.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал яруу-найраг

Бавуугийн Лхагвасүрэн: Би нүд, чих, тархи гурваа өнөөгийн тэнэглэлээс их харамладаг DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС …………..

Монгол Улсын төрийн шагналт, ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнтэй уулзаж хөөрөлдлөө.


-Монголын төрийн эрхэм дээдэст хаяглан бичсэн захидлыг тань харсан. Жаахан бухимдаад байх шиг санагдсан…

-Би төр гэдэг үгэнд их хүндэтгэлтэй ханддаг юм. Төр гэдэг өөрөө хоосон чанар. “Ээ, төрийн сүлд минь өршөө” гэж уулга алддаг өвгөдийн өвөр дээр өссөн болохоор би төр гэдэг үгэнд маш их хайртай. Өнөө цагт төрийн сайн, муу байгаа нь төрийн түшээдээс шалтгаалдаг. Тиймээс ойрд төрийн түшээдэд жаахан гомдонгуй байгаа даа. Тэд сонгосон санаанд минь хүрсэнгүй, итгэсний дайтай байсангүй. Ард түмнийг ийм байлгана гэж санасангүй.

-Төр бол хоосон чанартай гэж хэллээ. Төрийн түшээ гэгдэж байгаа далан зургаан нөхөр чинь бодит хүмүүс. Та гэхэд хэнийг Их хурлын гишүүнээр сонгов?

-Манайх гэр бүлээрээ сонгуульд санал өгөөгүй. Ирэх сонгуульд ч санал өгөхгүй. Би эрхээ эдлэх ёстой.

-Тэгэхээр иргэн таны төлөөлөл Монголын төрд байхгүй гэсэн үг үү?

-Эд нар Монголын ард түмний төлөөлөл юм чинь миний ч төлөөлөл яах аргагүй мөн л дөө. Төрд гарч ирж байгаа улсыг худлаа яриад байхаар л гомдоод байх юм. Гудамж талбайгүй хашгичаад шал худлаа зан гаргаад байхаар санал өгөхөөс ч дур гутах юм байна шүү дээ. Би сонгуулиа өгөөгүй байлаа гэхэд эд нар гарахгүй гэсэн хууль байхгүй. Тэгэхээр саналаа өгсөн ч, өгөөгүй ч ялгаагүй. Над шиг настай хүн үр хүүхэдтэйгээ амар жимэр байж байгаад үхэлтэй уулзах юмсан гэж боддог боллоо. -Та уран бүтээлээрээ омог бадрангуй, өөдрөг гэгээн, бас ч шазруун омголон хүн. Анзаараад байхад та жаахан гундуухан байх шиг санагдах юм. Үхэл мөхөл ч ярьж байх шиг…

-Хамгийн ухаантай хүн өглөө болгон үхлийн тухай боддог гэдэг юм. Гэлээ гэхдээ би өнөө маргаашгүй үхье гэж дуудаад байгаа юм алга. Үхэл намайг дуудсан дуудаагүй тэртэй тэргүй ирэх болно. Үхэл ирэхэд би гомдохооргүй л амьдарч байна. Үхэл ч ер нь гомдохоор юм биш.

-Жам юм чинь гэж үү?

-Баярлууштай юм шүү дээ. Миний гутаж байгаа

юм бол хүн гэдэг амьтан хүн байж чаддаггүй юм байна. Хүн дэлхий, уул уус, мод чулуу гээд байгалийн сайхнаас ер уйддаггүй. Хүн гутранги амьдралаас уйдаж байгаа бол хүн хүнээсээ л уйддаг юм байна. Би саяхан “Хүмүүн гэгч аугаа их болж чадна. Хүн адгийн новш байж чадна. Мөрөөрөө хүн байх гэж л мэрийгээд мэрийгээд бага чадна” гэж нэг шүлэг бичсэн. Мөрөөрөө амьдрах гэдгийн утгыг нэг ойлгох юмсан. Харамсалтай нь хаа хаанаа тийм биш болчихлоо л доо. Би хормой дороосоо, хажуунаасаа амар амгаланг эрдэг, нэхдэг хүн шиг байгаа юм. Муухай юм бага сонсохсон. Чих уг нь дуу чимээний хогийн сав болохоос хов жив, новшны сав биш. Чих, нүд хоёр хог цуглуулж байхад заяасан эрхтэн биш. Элдвийн муу юм үзэж, сонсож байхад зориулагдсан эд биш болохоор чих, нүд, тархи гурваа өнөөгийн тэнэглэлээс их харамлаж байна. Харамлах ёстой ч гэж бодож байна.

-Мөрөөрөө амьдрах, жудагтай байх гэдэг монгол хүний гайхамшигтай чанарууд өдрөөс өдөрт л алга болоод байна уу даа?

-Уламжлалыг их мартаж байгаа үед жудаг, заншил хоёр гээгдэж байна. Төр ч гэсэн уламжлалгүй л явж байгаа. Уламжлалгүй, зорилгогүй төрийн доор хүн жудаг, заншил хоёроо гээх юу ч биш. Эх орноо гээчихгүй л бол барав болж.

-Зарим хүмүүс ч эх орноо бараг гээчихээд байгаа юм биш үү?

-Би ч муу юм нэг их сонсохгүй “Энэ худлаа байгаасай” л гэж сэтгэлээ цайруулж суух юм. Энэ цуурхал байх гэсэн үг л ойрын үед миний дархлаа болж байна. Дэндүү мэдрэмтгий төрсөндөө хаа хамаагүй юманд сэтгэл их зовох юм.

-Монголын зохиолчдоос герман хэлээр зохиолоо туурвидаг Чинагийн Галсан, дорнын сайхан найрагтай та хоёрын бүтээлийг л Нобелийн шагнал авна гэж мэтгэх хүн байдаг. Танай хүүхдүүд Франц зэрэг барууны орнуудад амьдарч байна. Уран бүтээлээ өрнийн олон хүн ярьдаг хэлнээ хөрвүүлж хэвлүүлээд тэр нэр хүндтэй шагналд нэр дэвшүүлж болдоггүй юм уу?

-“Саваагүй нохой саранд хуцна” гэдэг. Хүн “Би ямар дайны хүн билээ, би хэн билээ” гэдгээ эхлээд таньдаг байх хэрэгтэй. Нобелийн шагнал гэдгийг би боддог ч үгүй. Миний ном герман хэлээр гарсан. Хоёр жилийн өмнө шүлгийн томоохон түүвэр Бээжинд хятад хэлээр хэвлэгдсэн. Солонгос хэлээр бас гарсан. Солонгосууд маш их уншдаг. Хятадад олон мянган хувь хэвлэгдсэн мөртлөө дороо байхгүй болсон. Миний номыг орчуулсан хүн хятадын орчуулгын дээд шагнал хүртсэн. Энэ онд герман хэлээр гарлаа. Японд хайку шүлгүүд маань зөндөө гарсан. Гадаадын улс орны хэлнээ бүтээл минь гарсаар байгаа. Анх Ази-Африкийн зохиолчдын “Лотос” сэтгүүлд МУИС-ийн багш Гомбосүрэнгийн орчуулгаар миний хоёр гурван шүлэг хэвлэгдсэн. Бага залуу насандаа сонссон миний хамгийн том баяр тэр байлаа. Одоо бол миний нас шагналаас илүү үхэл бодож байх нас. Би шагналынхаа тэмдгүүдийг тэгтлээ их зүүдэг ч үгүй. Би шагнал авчихаад “Төр намайг үнслээ” гэж хэлдэг байсан. Үнссэнийх нь төлөө би төрдөө баярладаг. Гэлээ гэхдээ тэмдгээ гялалзуулаад зүүгээд гүйгээд байх сонирхол надад байдаггүй. Тэмдэг байтугай зангиа ховорхон зүүдэг хүн шүү дээ, би. Тиймээс тэр том Нобелийн шагналыг надтай хамаатуулж ойлгох хэрэггүй. Тэр Ч.Галсан, Д.Урианхай эд нар л авах учиртай уран бүтээлчид. Би энэ тухай мөрөөддөг ч үгүй. Миний хүлээж байгаа шагнал минь юу байна гэвэл үр хүүхэд маань нүдэнд маань харагдаад амар амгалан байж байвал, ач зээ нар маань сургууль соёлын босго даваад, ойр орчмын хүмүүс эрүүл энх, элдвийн ёс бусын юманд өртчихгүй байвал хамгийн том шагнал минь юм даа.

-Та тайван амгалан байх л хамгаас том шагнал гэлээ. Таны “Энх тайван, амар амгалан, эв найрамдал гэдэг оршуулгын газарт л хэрэгждэг” гэсэн афоризмтой зөрчилдөөд байх шиг санагдах юм. Ер нь хүн төрөлхтөн ийм эв найрамдалгүй байх заяатай юм уу, эсвэл монголчууд л эв түнжин муутай үндэстэн юм уу?

-Эвдрэлийн шалтаг заавал хоёр юмны дундаас үүсдэг. Юм хоёр биш нэг байвал эвдрэлийн шалтаг огт байхгүй байх болно. Худал, үнэн гэж саармагжуулаад биднийг их үймүүлж байх шиг байна. Хүн болгон өөртөө үнэн. Төр-үнэн, ард түмэн-үнэн хоёрын хоорондох үнэний зай холдоод байна. Хүн бол сүүдэртэй, дэлхийн чулуу болгон сүүдэртэй. Алдахгүй юм гэж орчлонд яаж байхав. Алдаа их олон болбол айхавтар. Мэдээлэл эрхэлж байгаа сэтгүүлчид та нар ямагт үнэний эрэлчид байх ёстой. Сэтгүүлчид бол тохиолдлын олзоор юм уу, аливаа сонирхолтой юмаар гэдсээ цатгадаг улс биш, гэрэл гэгээгээр хооллодог үнэний эрэлчин гэж би хэчнээн олон хэлдэг гээч.

-Лхагвасүрэн ах аа, та бид хоёр улаан нүүрээ харж урд урдаасаа хараад ярилцаж суугаа мөртлөө нэг л хөндийхөн нэгнээ хянасан цэнэсэн мэт байдалтай харилцаад байх шиг. Танд нэг л гоморхол байгаад байна даа?

-Насны бөгсөнд тэтгэвэрт гарлаа. Эх орондоо нэмэргүй нэг муу өвгөн үр хүүхдийнхээ гарыг хараад яахав гээд “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэг хийж байгаа улстай хамтран зөвлөх редактороор ажиллаж байгааг та бүхэн мэднэ. Монголын ард түмэн үзээд байдаг сайхан нэвтрүүлэг дээ. Тэгсэн танай сонинд “Монголын сэтгүүл зүйг гутаасан этгээд” гэж хэрэгт орсон. Би бичсэн хүнийг багцаалдаж байна. Би сонинд нь гомдохгүй байгаа. Сонин бол юуг ч үмхэж, зажилж, залгиж байдаг том амтай амьтан. Би залуу зандан насандаа “Утга зохиол, урлаг” сонинд ажиллаж л байсан. Би өөрөө буруу юм хийгээгүй байж ингэж хэлүүлсэндээ гомдож байгаа юм. Өдий насандаа учраа олоогүй хүүхдээр гоочлуулаад суумааргүй санагдаж байна. Энэ цаагуураа муухай хагсуургатай юм даа. Үхэхийнх нь өмнө гомдоож үхүүлье гэсэн бодлого явуулахгүй л байх. Харин үхсэний минь дараа авсанд минь амар байлгахгүй гэсэн бодлого юм болов уу даа гэж холын юм бодож сууна.

-“Монгол хүн хэчнээн их зовж гунилаа ч уудаг аягандаа нулимс дусаадаггүй” гэж та их сайхан хэлсэн байдаг даа?

-Тийм болохоор л би хамт байдаг, өрөвдөж явдаг хүүхдүүд дээрээ шүлсээ хаяж, тэд нарыг зүхмээргүй байна. Намайг хайрлаагүйнх нь төлөө, хүн хайрладаггүй хүн болж өсч байгаагийнх нь төлөө би хайрлаад байна. Би Монгол Улсад гэм тарьснаа ер мэдэхгүй юм. Би архи уудаггүй, айлаар ордоггүй, тэнээд явчихдаггүй, амиа л дөнгөж борлуулж явдаг амьтан шүү дээ. Би Монголын утга зохиолын хаяаг тавиад жил дэрлэж, уран бүтээлээ хийж, арваад настайгаасаа ажил төрөлд орон гаран амьдарч ирсэн хүн. Би ажлаас зөндөө халагдаж л байсан. Хэнд ч хорсож занаж явсангүй. Мөрөөрөө өтөлчихөөд уран бүтээл хийж явахад минь ингэж зүхээд яах нь вэ дээ. Хүнийг өөдлүүлэх юмаа байг гэхэд гутаах юмаа хийж чаддаг болчихоод хүн рүү нулимж сураасай гэж ойрын үед их гутранги байна даа.

-Та зурагтаар хөөрөлдөхдөө “Чойном бол сэтгэлгээний яруу найрагч биш” гэж хэлээд багагүй зэм хүртэх шиг болов уу?

-Би хэний ч тухай ил, далд “Тэр сайн найрагч, тэр муу найрагч” гэж хэлж явдаггүй. Чойномын тухай сэтгүүлч асуухаар нь “Найрагч мөн, сэтгэлгээний яруу найрагч биш” гэж хэлсэн. Гарцаагүй үнэнийг хэлж байгаа юм. Америкт амьдарч байгаа Хулганайн Тэргэл гэдэг яруу найрагч бий. Би Монголын зохиолчдын хорооны дарга байхдаа сонгож Утга зохиолын ангид оруулсан авьяаслаг арван гурван хүүхдийн л нэг байгаа юм. Х.Тэргэл фейсбүүк дээрээ “Г.Аюурзана, Б.Лхагвасүрэн хоёр Р.Чойном, О.Дашбалбар хоёрын дэргэд юу ч биш” гэж бичсэн байна лээ. Г.Аюурзана бид хоёр хамтдаа хэрэгтэн болж байгаа юм шиг байна.

-Олон нийтийн сүлжээнд таны овог нэр бүхий цахим хаяг байна лээ. Та өөрөө хөтөлдөг юм уу?

-Би цахимд ерөөсөө ордоггүй. Утсаараа мессеж ч бичиж чадахгүй. Нэг хүн л миний өмнөөс уран бүтээлийг минь туж л хийгээд байх юм. Миний хүүхдүүд ч шүлгийг минь цахимд хийдэггүй.

-Би таныг нарийн бичгийн даргаараа л цахим хаягаа хөтлүүлдэг юм байна гэж ойлгоод байсан юм…

-Надад юуных нь нарийн бичгийн дарга байхав. Надад хоол унд, амь амьдралын минь нарийн бичиг гэргий Баасан маань л байна.

-“Паанан”, “Соёо” туужийг бичсэн зохиолч Доржзовдын Энхболд, “Их хөлгөн туульс” бүтээлээрээ алдаршсан зураач Ш.Тэнгисболд нарын оюун санааны эцэг нь таныг байсан гэх юм билээ?

-Залуу зандан насанд минь сүүдэр шиг л дагадаг байсан хүүхдүүд. Сайхан өсөж өндийцгөөсөн. Шүнгийн Болд (Тэнгисболд)-доо, Доржзовдын Энхболд, Шагдарсүрэнгийн Гүрбазар, Цэндийн Чимэддорж, дуучин Намдагийн Төмөрхуяг нарын намайг дагадаг байсан муусайн дүү нарынхаа алдаанд нь ч хайртай. Хэрвээ сүнс гэж юм байдаг бол би үхсэн хойноо ч хар нялхаас нь мэдэх энэ дүү нараа хайрлана. Дуучин Төмөрхуяг Хан Хэнтийгээсээ дөнгөж ирээд манай хашаанд бууж байсан. Хөгжмийн зохиолч Ц.Чинзоригтойгоо уран бүтээлээ хийгээд туж л хамт байсан.

-Чинжиг та хоёр “Үүлэн цэнхэр хангай” дуу анхлан хийснээс хойш олон ч уран бүтээл дээр хамтран ажилласан даа?

-“Зүүдний говь”, “Хожуу хайрын дуу”, “Эх орондоо дуулах бүүвэйн дуу” гээд маш олон уран бүтээл хамтарч хийсэн. Бид хоёрын “Илдэн уулын цуурай” хэмээх хөгжмийн томоохон бүтээл Монголоос анх удаа ЮНЕСКО-гийн алтан санд орсон. Би хэзээ ч хар багын найз, уран бүтээлийн нөхөд, сайхан дүү нараасаа урваж хөрвөж байгаагүй. Бүгд мэднэ дээ. Жагдалын Лхагваа, Дарма Батбаяр, Урианхай, Лувсандамбын Дашням бид хар залуугаасаа 1968 оноос эхэлж үерхсэн. Биднийг “гарын таван хуруу” гэдэг, шинэ цагийн хэлээр гэр бүлийн найзууд байсан даа. Насны эрхээр найзуудтайгаа ч ховорхон уулзах болж.

Categories
мэдээ яруу-найраг

СОНИНЫ АРЫН НҮҮР: “Болор цом”-оо больчихсон нь дээр юм биш үү? DNN.mn

Монголын зохиолчдын байгууллагаас жил бүр “Болор цом” шүлгийн наадмыг зохион явуулдаг. Өнөө жил 41 дэх удаагаа боллоо гэж дуулдсан.

Жил бүрийн наадмын дараа хэрүүл уруул болж шүлэг зохиол бичдэг яруу найрагч нэртэй нөхдүүд бие биенээ хэмлэлцгээж, сайн муугаа дуудацгаадаг. Энэ удаагийн хэрүүл тэмцэл нь хэрээс хэтэрч байгаа бололтой.

“Болор цом” авсан С.Начин гэдэг залуу “Хэн хэнд, хэдэн төгрөгийн авлига өгснөө хэл хэмээн намайг утсаар дарамталж, айлган сүрдүүлж, байх суухын аргагүй болгож байна” хэмээн мэдэгдсэн. Яруу найрагч хэмээн өөрсдийгөө өргөмжилж мандуулсан нөхдүүд нэг муу шилэн цомны төлөө нэгнээ доромжлоод зогсохгүй амь насанд нь заналхийлж байгааг юу гэж ойлгох вэ.

Зохиолч найрагчид чинь нийгмээ гэгээрүүлэх үүрэгтэй бичиг соёлын хүмүүс баймаар юм сан. Хэрүүлийн алим болоод байгаа “Болор цом”-оо одоо боль оо.

Лхагвасүрэн, Цоодол, Бадарч, Чимиддорж, Хулан, Ичинхорлоогийн үед ч “Болор цом” гоё байжээ, одоо ч биш болжээ гэж бараг хүн бүхэн хэлэх болсон. Энэ яриа л уг наадмын чинь үнэ цэнийг тодорхойлж, дэмий гэдгийг нь хэлээд байгаа бус уу. Сүүлдээ найрагчид нь биенээ үзэж чадахаа байгаад алаан хядаандаа тулжээ.

Ийм наадам хийж хоорондоо хэмлэлдэхийн оронд шилдэг сайхан бүтээл шалгаруулах юм уу арай сонгодог хэлбэр рүү орох хэрэгтэй. “Болор цомоо болиод харин оны шилдэг 10 шүлэг шалгаруулж түүнийгээ өндөр үнэлдэг болъё” гэж Төрийн соёрхолт С.Оюуны хэлснийг Зохиолчдын хороо нь ажил болгож ирэх жилээс хэрүүл уруултай наад наадмаа зогсоо.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох нүүр-хуудасны-шинэ-оцлох онцлох-нийтлэл туслах-ангилал яруу-найраг

Ц.Бавуудорж: Сүүдрээсээ гэрэл нь том харагддагийн нууц нь дорно бүтэн болохоор тэр DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…………

Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудоржтой ярилцлаа.


Төрийн шагнал хүртсэнээсээ хойш та нам жим аж төрж байна аа даа. Ер нь ч чимээгүй хүн л дээ…

-Зохиолчид ер нь их чимээгүй улс шүү дээ. Юугаа ч хашгичаад байх юм. Тэртэй тэргүй энэ орчлон чинь орилоон хашгираанаар дүүрэн байна шүү дээ. Энэ бөмбөрцөг дээр чинь буун дуу тасралтгүй хашгираад л, ядуус өлсгөлөн хашгиралдаад, газар хөдөлж хашгиралдаад л, далайн хилэн хөдөлж хашгиралдаад л, нэг нь нэгнээ цөмийн бөмбөгөөр айлгаж хашгиралдаад л ер хашгираанаас бүтсэн юм шиг л байна шүү дээ, дэлхий минь. Хаа газрын зохиолчид өөртөө аглаг бүтээж түүн дотроо бясалган суудаг улс. Ажлын байр нь тийм юм чинь. /инээв/ Өөрөө өөртэйгөө ярилцах сэдэв баян байдаг болохоор тэр. Чимээгүй байна гэдэг дотогшоо яваад л байна гэсэн үг гэж ойлгож болох байх аа.

-“Хулан хатан” дууль найраглалын ном, “Дотоод сансар” шүлгийн номуудыг тань үзлээ. Уншигч бүр өөрийнхөөрөө дүгнэж харж буй биз ээ. Ном бүхэн өөрийн хувь зохиолтой гэдэг. Харин зохиолчтой нь уулзаж байгаагийнх зарим номын хувь зохиолын талаар амнаас нь сонсмоор байна?

-Их аятайхан асуулт байна. Тийм шүү. Ном бүхэн өөрийн хувь зохиолтой байдаг байх аа. “Хулан хатан” дууль найраглалын номоо бүтээхэд ерөнхийд нь сэтгэлдээ цэгцэлж төвлөрүүлчихээд ер нь дээдсийн таалал яадаг юм бол гэж бодоод Бурхан Халдун руу уран бүтээлч нөхдийн хамт явсан. Дотроо бол их хатны тухай ийм нэг ном бүтээх эрх олгох нь уу, үгүй юу гээд очиж байгаа хэрэг л дээ. Намар мөртлөө нүд нүүргүй цас шуурч исгэрээд дээш гаргахгүй нэлээд зүдрээж байж хүлээж авсан. Би ч Хулан хатнаа бодоостой. За ер нь ч хүлээн авахгүй байна даа гэх эмээнгүй бодолтой л явлаа. Оройдоо бууж ирэв. Бүрэнхий нөмрөөд ирсэн байсан. Үүд мод руу орж явтал харин нэг том цагаан чоно өмнүүр гүйдэг юм. Зам хөндлөн гаруут зогтусаад биднийг ширтээд хэсэг зогссон. Хамт явсан орчуулагч Г.Аким ах “За, бид ч болоод явчихлаа. Үзэгддэггүй, нөгөө домогшоод байдаг Үүд модны цагаан чоно чинь энэбайна шүү дээ” гэлээ. Үнэндээ тийм чоно байдаг тухай сонсч ч яваагүй бид ихэд бэлгэшээж дээдэстээ баярлан их таалал олов хэмээн баяртай буцацгаасан. Би хувьдаа Хулан хатны тухай бичих зөвшөөрлийг тов тодорхой өглөө гэж машид урамшсан. Тэгээд ирэнгүүт суусан. Бүхэл бүтэн найраглалын номыг хүн итгэмгүй богино хугацаанд биччихсэн шүү. Сайн ч бичлээ гэж өөртөө урамшсан. Ер нь тэгээд их хаад, хатадтай холбоотой, том сахиус, хутагт гэгээдтэй холбоотой ч юм уу бас бус хамаагүй аван саван бариад авч болдоггүй сэдэв олон шүү дээ. Зохиолч бидэн чинь зөн совингоо чагнана. Тэмдэг дохио хайна. Их маяг жаяг болж байж нэг юм барьж авдаг хүмүүс.

“Хүннү туульс” минь харин их удаан хугацаанд намайг дагуулж бэдэрсэн найраглал байгаа юм. Анх 1998 онд ерөөсөө Хүн гүрний “Нууц товчоо”-г бичье гэж гэнэхэн, тэмүүлэмтгий амьтан өөртөө хэлэхгүй юу даа. Өөрийгөө хөөргөөд л. Тэгээд л анхны шан татсан шүлэг нь “Хүрэл чоно” шүлэг байгаа юм. Дараахан нь “Хүннү хатан” гэдэг бэсрэг найраглал бичсэн. Түүнээс хойно “Хүннү” дуурийн цомнол бичсэн. Ийн салаа мөчрүүд нь ургасаар арваад жилийн бэдрээн болж бүтсэн хэрэг. Том хэмжээний туульсын бүтээл, найраглал бичнэ гэдэг хэл сайтай байхыг эрхгүй шахдаг юм байна. Тийм учраас ямартай ч монгол хэлнийхээ эрдэнэсийн санг шүтдэг уншигчдадаа, хойч үеийнхэндээ хэлний дархлаанд нь хувь нэмэр оруулж байна гэж бодох юм. Тэдний минь таалал мэднэ дээ. За тэгээд хэн гэдгээ олж харах, судсаар нь ямархан гал гүйж явааг, зүрхэнд нь бас тархинд нь ямархан гал улалзаж байгааг сануулж, сэрээж чадаж байвал энэ номуудын минь хэрэг зорилго бүтэх нь тэр. “Дотоод сансар” номын минь хувьд шинэ шүлгүүд бас нэг найраглалаас бүрдсэн.

Өнгөрөгч, одоо, ирээдүй цаг үеийг та өөртөө хэрхэн төсөөлж байна. Уран бүтээлчийн хувьд ч, иргэний хувьд ч. Их л ерөнхий асуучихлаа?

-Хүн гэдэг чинь өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагаас бүтэж бүрэлдэж байдаг амьтан юм уу даа. Өнгөрсөн цаг нь байхгүй бол зүрхгүй болчихдог. Одоо цаг нь байхгүй бол биегүй болчихдог. Ирээдүй цаг нь байхгүй бол толгойгүй болчихдог. Гурвуулаа байж гэмээнэ бүтэн болдог ийм нандин шүтэлцээний зангилаа гэмээр юм уу даа. Аль нэг цагийг нь илүүтэй мөрлөөд явахаар оршихуйн тэнцвэр нь алдагдаад ирдэг юм шиг байгаа юм.

Өөрийг тань их мөрөөдөмтгий хүн гэж боддог. Энэ үнэнд дөхөх үү?

-Мөрөөсөх мэдрэмж эхийн хэвлийгээс унахад л хамт төрдөг нандин зүйл байх. Эхэндээ жинхэнэ зөн мэдрэмжийн аясаар нисч байдаг. Сүүлдээ ухаан суугаад ирэнгүүт залууртай, жолоотой болоод явчихдаг хөдөлгүүр юм уу даа. Ёстой л нөгөө “Дотоод шаталтын хөдөлгүүр” гэмээр. Би мөрөөднө шүү. Гэхдээ сайн нөхдийн буянаар үзсэн Өмнөд Энэтхэгийн цул алтан дээвэртэй шилтгээн, эсвэл нөгөө Унгарын алдартай баян, эрхэм Хубагийнд уусан шиг олон жил дарсан дарс зэргийг ямар мөрөөдөөд суух биш. Толстойн нэг үг байдаг даа. “Бүх хүн ертөнцийг өөрчлөх тухай боддог. Харин өөрийгөө өөрчлөх тухай хэзээ ч боддоггүй” гэж. Ихэнх зохиолчид дэлхийг биш өөрийгөө өөрчлөх гэж, хүн төрөлхтний өөрчлөлтийг өөрөөсөө эхлэх гэж мөрөөсөн адгадаг гэж итгэх юм. Дэлхий ертөнцөө гаднаас нь, өөрийгөө дотроос нь нэвт харах мөрөөдөл зохиолч бүхний эрхэм гол мөрөөдөл.

Таныхаар боловсрол гэж юу вэ. Та үүнд хэрхэн ханддаг вэ?

-Миний хувьд ганцхан л зүйлээс боловсрол авсан юм уу даа. Гэр бүлээсээ л боловсрол авсан гэж хэлмээр шиг. Аав минь их олон хүнд цусаа өгч амь амьдрал бэлэглэсэн буянтай хүн байдаг. Өөрийнхөө цээжинд буцалж байгаа ариухан халуун цуснаас тасдаад бусдын цээжинд юүлээд өгнө гээд бод доо. Хэн нэгэнд хэдхэн агшны дотор амьдрал бэлэглэж байна гээд төсөөлөхөөр. Юутай зүйрлэх буян бэ. Ертөнц дээр үүнтэй тэнцэх буян гэж байдаггүй байх. Ээж минь их олон шавьтай. Тэднийхээ төлөө өглөө, оройгүй залбирч тарниа тоолж, сүү өргөж суудаг хүн. Бусдын төлөө өөрт байгаа аль нандин бүхнээ зориулж амьдарсан ийм хоёр буурлын дундаас төрөөд, ийм халуун дулаан амьдрал дунд өссөн надад хүн болохын дээдийн дээд боловсрол эрхбиш нимгэхэн ч гэсэн сууж таарна аа даа. Миний боловсрол ердөө энэ л юм. Бусад олдмол мэдлэг, энээ тэрээ яахав ээ. Боловсрол гэж хэлэмгүй санагдаж байна. Яахав биеийг чимж яваа чимэг л юм биз дээ. Тэгэхээр миний ойлголт танилтаар бол монгол хүн гэр бүлээсээ, бас байгалиас ийм хоёр сувгаар л төрөлх боловсролоо авдаг байх.

Та уран бүтээлчийн хувьд жинхэнэ ид жагсах нас дээрээ байгаа нэгэн. Идэрхэн байхад төрсөн сэтгэгдэл, догдлол бүр шүлэг болж буудаг бол нас нэмээд ирэхийн хэрээр эргэцүүлэл бас бясалгал болдог шиг. Дотоод билэг авьяасаа, ертөнцийн тухай үзлээ хэрхэн хөглөж байна вэ?

-Тийм ээ. Шүлэг гэдэг эд хэдий богино хугацаанд бичигдэнэ вэ. Тэр чанараараа амьдлаг, увдислаг бүтээл болдог шиг санагддаг. Энэ бол онгодын хэрэг явдал. Гэхдээ бас онгодоо хүлээгээд л эвшээгээд суугаад байлгүй үсэг хөдөлгөх, утга галиглуулах юм зөндөө шүү дээ. Аль аль гарцаар нь л орж гарахыг хичээх юм. Сэтгэл оюунд ямар өтөл нас гэж байх биш. Хамгийн гол нь сэтгэлээ ариун байлгах нь чухал. Ингэхийн тулд ямар нэг хэмжээгээр бясалгал хэрэг болж байна. Өөрт тохирсон бясалгал гэмээр юм уу даа, өөрийгөө төвхнүүлээд байх арга чарга бас хэрэглэнэ шүү дээ.

Та бас багагүй аяламтгай хүн шүү дээ. Ойрд хол ойр явав уу. Таны уран бүтээлийн нэг хөг айзам, дүр аялгуу болдог энэтхэг бүсгүй Дэвиг хааяа санагалзах юм уу?

-Зохиолч нөхдийнхөө ижил дэлхий ертөнцөө ерөнхийд нь ойлгоод авчих юмсан гэж хүсэлгүй яахав ээ. Жаахан жаахан явсаан. Харин одоо Монголоороо л жаахан явах юмсан гэж хичээж байна. Саяхан МЗЭ, Ховд аймгийн Засаг даргын тамгын газартай хамтраад аймгийнхаа хэмжээнд номын өдрүүдийг зохион байгуулсан юм. Бидний хэсэг зохиолчид Ховд нутгаар хөндлөн гулд яваад ирсэн. Бүх сумдаар орлоо. 9000 дөхүү хүүхэд, залуустай уулзсан тоо сонсогдож байна лээ. Эх хэл, бичиг соёлын үнэ цэнэ, ёс уламжлалаа дээдлэхийн учир гээд уулзалт ярилцлага зохиож шүлэг зохиолоо уншицгааж гарын үсгээ тарааж яваад ирсэн. “Сайхан үг сарын хүнс” гэсэн үг бий. Сарын хүнс болохоо байг гэхэд тав, гурван өдрийн хүнс болчих үг бэлэглэсэн бол болоод явчихаж байгаа нь тэр. Монголчуудын дотоод үнэ цэнэ энэ нутаг оронд бүтнээрээ байгааг мэдрэхэд сайхан байлаа.

Хамгийн сүүлд дотнын уран бүтээлч нөхдийн хамт Тайванийн Чилан уулан дахь Чингис хааны модонд очсоноос хойш гадагш явсангүй. Аа, Дэви юу. Их сайхан бүсгүй. Энэтхэг гүрний гоо сайхныг ойлгоход жим болсон бүсгүй л дээ. /инээв/ Тухайн ард түмний дотоод гоо сайхныг таньж мэдрэхэд бүсгүйчүүдийнх нь харц, тэдний жавхлан хоёроор төсөөлөөд авч болох юм шиг санагддаг шүү. Тэгээд л тийм нэг сэдэв гарч ирэхгүй юу. Хааяа дурсана шүү дээ. Цөөрмөөс лянхуа ургадаг л гэдэг. Гэвч сэтгэлийг бол ямагт долгисуулж л байхгүй бол цалгиа давалгаагүй сэтгэлээс юу төрөх вэ дээ.

Хүүхэд ахуй цагтаа тэр баруун хязгаараас МЗЭХ-д захиа бичиж, түүнийг нь Залуу зохиолчдын нэгдлийн дарга Дөнгөтийн Цоодол гуай хүлээн авч, хариу захиа бичээд сонинд өмнөтгөлтэй гаргаж байсан тухай гэгээн түүх танд байдаг. Тэр тухай эргэн дурсахгүй юу?

-Есдүгээр ангид орсон жилээ анх “Пионерийн үнэн” сонины “Сурагчийн үзгээр” буланд шүлгүүдээ илгээсэн чинь тус сонины бүтэн нүүр шахуу зайд шүлэг маань хэвлэгдсэн юм. Тэр хатуу горим дэгтэй цаг үед нүүр шахуу шүлэг нийтэлнэ гэдэг тэр сонины хувьд амаргүй ажил байсан юм байна лээ. Тэгэхэд Ц.Дашдондог зохиолч дэмжиж хэвлүүлж байсныг бүр саяхан амнаас нь сонссон.

Таны асуултын хувьд аравдугаар ангид орсон жил л дээ. Залуу зохиолчдод зөвлөгөө өгөх өдрүүд гэж болдог байлаа. Тэр өдрүүдийн үеэр захиа бичиж зөвлөгөө өгнө үү гээд шүлгүүдээсээ МЗЭХ-д илгээсэн юм. Залуу зохиолчдын нэгдлийн дарга нь Д.Цоодол найрагч байжээ. Надаас очсон захидлыг задлахад дэргэд нь Ш.Сүрэнжав найрагч бас байсан гэсэн. Миний шүлгүүдийг уншаад тэр хоёр Явуу багшийн нутгаас нэг авьяастай хүү төрөх нь гэж хөөрсөн гэнэ лээ. Тэгээд хэн нь захидал бичиж урам өгөх вэ. Цаашид хэн нь дэмжих вэ гэлцээд албан ширээтэйгээрээ чи ав гэж Д.Цоодол найрагчтай зөвлөлдсөн гэдэг. Төдөлгүй “Утга зохиол урлаг” сонины “Таны шинэ танил” буланд шүлгүүд минь хэвлэгдэж утга зохиолын хүрээнийхний анхааралд орсон байдаг. Энэ сайхан найрагчдаас байн байн захиа ирдэг байлаа. Ямар сургуульд орох вэ. Горькийн сургуульд ч дэмжиж болно гээд л. Сайхан шүү. Утга зохиолын залгамж холбоо гэдэг ямар нарийн нандин, үнэ цэнэтэй зүйл болохыг бүр хожуу л мэдэрсэн дээ, тэнэгхэн би. Явуугаа ч нүүрэндээ барьсангүй, энэ сайхан ах нарыг ч дагасангүй “зөрүүд илжиг” шиг өөрийнхөөрөө бэдрэн бэдэрсээр утга зохиолын ертөнцөд хорь хол гарсан он жилийг нэгэнт бүтээчихжээ. Энэ сайхан ах нарын ерөөл, сурагч байхад минь Завханд очиж байсан С.Пүрэв, Т.Галсан, Ц.Балдорж гээд зохиолч ах нарын хайрласан урмаар яруу найраг руу явах зам минь шуударсан юм байна гэж боддог. Утга зохиол руу ийн даялаагүй бол зураач болох зам руу явахад бэлэн байсан.

Зураач болох байсан гэнэ ээ. Тийм итгэл, сэтгэлийн гал танд байжээ дээ. Одоо хэр зурж байна даа?

-Ихэнх яруу найрагчдад байгаль эх бичихийн зэрэгцээ, зурах авьяас хайрласан байдаг. Манай найрагчид ихэнх нь зурна шүү дээ. Би бас багаасаа зурсаан. Талийгаачдын хөргөөс эхлээд. Тийшээ явах сонирхол их байсан. Уран зохиол руу татагдаж ирээд тэгсхийгээд л хаячихгүй юу.

Нийгмийн гэрэл гэгээ төдийлөн асч бамбарлахгүй байх шиг. Жишээ нь оюун санааг үнэлэх үнэлэмж, булчинг үнэлэх үнэлэмжээс ихээхэн дор байгааг хэлэх хүмүүс бий. Зүй нь төрийн шагналт яруу найрагч үндэсний бөхийн аваргаас илүү үгүй юм гэхэд дутуугүй үнэлэгддэг баймаар. Оюун санааны үнэлэмж хэдийд дээгүүрт орох бол. Ер нь энэ талаар таны бодлыг сонсмоор байна?

-За, товчхондоо нэгдүгээрт оюун санаа, хоёрдугаарт оюун санаа, гуравдугаарт оюун санаа л гэж хэлмээр байна. Сайтар дархлагдсан оюун санаан дээр л мандаж бадарч байсан түүх бэлхнээ байна шүү дээ. Нийгэм цаг үеийн жаахан будангуйрал мөдхөн сарнина биз дээ.

Цахим орчны хэл, үндэсний эх хэлийн зөрүү улам л нэмэгдээд байх шиг. Шинэ хувьсал өөрчлөлтөөр ингээд яваад байх юм уу, эсвэл эх хэлний соёлын дархлааг авч үлдэх ёстой юу?

-Эх хэлний дархлаа эмзэг байна. Зохиолчид минь их үүрэг гүйцэтгэж байгаа шүү дээ. Тэр дундаа XX зууны зохиолчид минь баялаг сан бүтээсэн. Гагцхүү энэ үнэ цэнэтэй зүйлийн амтыг хүүхэд залууст мэдрүүлэх аятайхан арга хэлбэрийн ажлууд л дутаад байна уу даа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Мөнх тэнгэрийн бичиг” бичиг соёлын хөтөлбөр өгөөжөө өгч байна. Саяхан төрөөс хэрэгжүүлсэн дунд сургуулийн номын санг баяжуулах хөтөлбөрт олон сайн зохиол цугларч байна лээ. Ийм сайхан хандлагууд байгаад талархаж байна. Нобелийн шагналт Томас Элиотийн нэг үг байдаг шүү дээ. “Эх хэлээрээ уран зохиол туурвин бүтээхгүй бол ард түмний оюун санаа мөхдөг” гэж. Эх хэлний дархлааг хамгаалан сахихад зохиолчдын минь үүрэг өндөр гэж ойлгож явдаг. Жинхэнэ монгол зохиолчдын шүү. Бүх телевиз, радио, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд утга зохиолын хяналт тавьдаг дөмөгхөн орон тоотой баймаар байна. Ядаж л хэвлэл мэдээллийн байгууллагууд минь нэг ч үг, үсгийн алдаагүй, найруулгын асуудалгүй байвал том дэмжлэг болно. Бизнес эрхлэгчид минь ч бас энэ салбарт санаа тавьж байгаад баярладаг. Арваад жилийн тэртээгээс Завхан аймагт Л.Лхагважав багшийнхаа нэрээр шавь нар нь анх үүсгэн санаачилсан эх хэлний олимпиад байна. Одоо бол эх хэлний боловсролыг дэмжих “Үлэмж эгшиглэн” сан нэртэй болж өргөжөөд үйл ажиллагаа явуулж байгаа. “Шинэ Ази” групп жил болгон хөрөнгө мөнгөөр ивээж бараг л улс орон даяар хамрах төлөвтэй өргөжиж байгаа энэ нэр хүндтэй олимпиадыг дэмжиж олон эрдэмтэд, олон зохиолчид нэгдэж байгаа нь сайхан санагддаг. Ийм санаачилга, нийгмийн хариуцлагын арга хэлбэрээс бизнес эрхлэгчид минь санаа аваасай. Үр хойчдоо оруулж байгаа том хөрөнгө оруулалт энэ шүү дээ.

Олон жилийн өмнө Хамарын хийдийн шамбалд та бичгийн хүнийхээ хувьд хийлгэсэн мөнгөн үзэг дээрээ суулгасан жижиг очир алмаазыг гээчихэж байсныг санаж байна. Та гээсэн үнэт чулуугаа тэгтэл үгүйлэхгүй бараг тэрхүү шамбалд гээсэндээ бэлгэшээгээд байгаа юм шиг харагдаж байсан л даа. Одоо тэр үзгээрээ бичиж байгаа юу?

-Бичилгүй яахав. Тэр үзгэн дээр минь нэг багшийн минь хайрласан зургаан ширхэг алмаазыг урлуулан суулгуулсан юм л даа. Тэгээд Хамарын хийдийн салхиар аравнайлуулах санаатай авч очоод тэр Шамбалын зүрхэн хэсгийн хүрэн хайргатай хэсэгхэн газарт нэгийг нь унагаж орхисон хэрэг. Тэгээд л

Архиа хуваагаагүй ч ноён гэгээнтэнтэй

Алмаазаа хувааж сэтгэл халамцав… гэж бичээд буцсан. Бид чинь бэлэг дэмбэрэл, ерөөл бодож явдаг улс. Тэнд үлдээсэн ширхэг алмаазаараа дамжуулж ноён гэгээнтний адис жанлавыг байнга авч байдаг энэ ээ тэрээ гэж өөртөө бол их хөөрцөглөнө шүү дээ.

Одоо та хэнийг уншиж байна. Ер нь энэ дашрамд уншигчдад сонголтын тухайд зөвлөөч…

-Яг одоо бол судлаач, бясалгагч Друнвало Мельхиседекийн “Амьдралын цэцгийн эртний нууц” хоёр ботийг эргүүлж сууна. Сонин сайхан ном юм. Ер нь жаахан зав гарвал орчуулагч Б.Батаагийн орчуулсан “Зэн буддизм” хоёр дэвтрийг харж суух дуртай. Уншигчдадаа хандаж зөвлөхөд XX зууны зохиолчдын бүтээлийг унш. Тэнд эх хэл минь бүтэн байгаа. XXI зууны зохиолчдын бүтээлийг унш. Тэнд оюун санааны хил чинь байгаа гэж хэлье.

Ингэхэд та хэнийг их сонсдог вэ. Уран бүтээл, амьдралын замдаа…

-Дотоод хүнээ чагнадаг. Зөн совингоо юу айлтгахыг л их чагнадаг.

Та бол ойр дөт байдаггүй хүнд бол ихэнхдээ бодлогоширсон, магадгүй дүнсгэр ч гэмээр нэгэн харагддаг. Таны инээмсэглэлийг хэрхвэл олж үзэх бол?

-Өөрийнхөөрөө л намбайгаад алхаж яваа гэж бодох юм. Тэгж харагддаг юм байх даа. Олдмол дүр төрхөнд угаасаа дургүй. Тэнгэр бурхан анх л нэг хэвэнд цутгаж гаргасан. Өөтэй ч бай, өнгөтэй ч бай тэр хэв төрхөөрөө бөмбөрч яваа л гэж итгэх юм. Инээмсэглэлийн тухайд бол хамгийн сайхан инээмсэглэл минь хэдэн номон дотор минь байж магадгүй.

Аав тань олон хүнд амьдрал бэлэглэж ирсэн нэгэн гэж та дурдлаа. Ер нь удам судрынхаа талаар ярихгүй юу?

-Аавын минь тал гэвэл буурай аав минь товхийсэн дархан хүн байсан. Аавын минь удам сударт эрдэмтэй сайн маарамба, зураач бий. Харин ээжийн минь талд увдистай лам, шүлэгчид л бий. Ямар сайндаа өнөөдөр ч гэсэн нутгийнхан манайхныг “Буга унадагийнхан” гэж хочилж битүүхэндээ шоолсоор байх вэ дээ. Ээжийн минь талд их цэцэн худлаа ярьдаг хүн байж л дээ. Хангайн бугыг барьж авч унаад нутгаараа тойрч ан хийж элдэв дээд болсон гээд л олон дэгс хууч, домог үлдсэн байдаг. Унаж тустал худлаа ярьдаг. Тэгэхдээ их хурц тод дүрслэлтэй, бүр заримыг ньгайхмаар уран цэцэлж шүлэглэж хэлсэн байдаг. Энэ ч бас ер бусын л явдал шүү дээ. Би бол харин ч энэ нэрэнд дуртай байдаг. Би ч бас яаж зүгээр байхав. Бас “цэцэн залаад” л яваа хүн шүү дээ. (инээв) А.Гомбоо гэж нагац ах минь билиг авьяастай хүн байсан. Малчин хүн байсан л даа. Жаахан тордоод өгсөн бол сайн найрагч болох байсан. Зохиолч, яруу найрагчийн авьяас гурав дахь үе дээрээ гарч ирж уламжлагддаг гэдэг үг бий шүү дээ. Тэр цэцэн худалч өвгөөсөө л жаахан юм авч дээ гэж сүсэглэдэг дээ.

Таны яруу найргийн сэдэв бол дорно, түүний халуун амьсгаа байдаг…

-Дэлхий ертөнц минь магнай дундаа ганц билгийн мэлмийтэй энэ тэр гэж боддог. Тэр нь дорно гэж өөрөө өөртэйгээ хөөрнө. Дорно бол бидний оршихуйн тиг нь ч гэж бас боддог. Хүн төрөлхтний мөнх оршихуйн нууцыг хадгалагч ч гэж итгэдэг.

Дорно бол том сэтгэгч. Бүр нарийсган яргаж ч сэтгэдэг сэтгэгч. Бүр энгийн жишээ авбал мөхсөн ертөнц сарыг мөнгөн ордон болгож сэтгэнэ. Мөнгөн ордон дотроо туулай амьдруулж сэтгэнэ. Бүр туулайн зүрхэнд жаахан гуниг байгаагаар ч сэтгэнэ. Гоё байгаа биз дээ. Энэ оршихуйгаа яруусгаж, утга уянга оруулж л харахгүй юм бол ер бидний оршихуй юу байх байсан бол. Хүн төрөлхтөн ч гэсэн бие биенээсээ гэрэл гэгээ л олж харах гэж эрмэлзэж тэмүүлж байдаг шүү дээ. Дорнын томъёо үйлчилж байгаа нь л тэр юм. Энэ хорвоод сүүдрээсээ гэрэл нь том харагддагийн нууц нь дорно бүтэн байгаа болохоор тэр гэж итгэдэг шүү.

Ертөнцийн гоо сайхан нь юу юм бэ.Таны ойлголтоор…

-Ертөнцийн гоо сайхан нь хүмүүн л шүү дээ.Та бид л шүү дээ.

Ярилцсан Э.ЭНЭРЭЛ

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал яруу-найраг

Болор цомын эзэн С.Начин: “Уучлалын” шүлэг мөр болгоныг хөөгөөд үзвэл 108 мөртэй, 108 суварга, 108 эрхийн тоогоор хайрын гэгээлэг талын өгөгдөл болгож бичсэн DNN.mn

41 дэх удаагийн Болор цомын эзэн яруу найрагч С.Начинтай ярилцлаа.


-Болор цомын эзэн болсонд баяр хүргэе.

-Баярлалаа.

-Болор цомд хэзээнээс эхэлж анх шүлгээ сойсон бэ?

-“Болор цом” 29 дахь наадмаас хойш шүлгээ сойсон. Хоёр удаа бичгийн хэвийн шинж нийцээгүй, нэг удаа шүлгээ илгээгээгүй, нийт арван удаа оролцсон байна. Үүнээс энэ жилийн наадамд түрүүлсэндээ баяртай байна.

-Яруу найрагт хэзээнээс эхлэж хөл тавьсан бэ?

-Манай өвөө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын харьяат сэтгүүлч хүн. Насаараа “Хөдөлмөр” сонинд ажилласан, өөрөө өөртөө яруу найрагч хүн дээ. Тэр нь надад нөлөөлсөн.

-Хэдэн настайгаасаа шүлэг бичиж эхэлсэн бэ?

-Анх 14 настайгаасаа шүлэг бичсэн, нийт 18 жил шүлэг тэрлэжээ. Монголын үе үеийн гайхамшигт яруу найрагчдын шүлгийг сонсоод тайзан дээр шүлгээ унших юмсан гэж боддог байсан. Арлааны Эрдэнэ-Очир, Цогдоржийн Бавуудорж ахыг хараад урам зориг авдаг. Мөнгөн үеийнхээ ах нарыг харж бие биеэсээ суралцдаг даа.

-Хамгийн сэтгэлд үлдсэн нандин яруу найргийн наадмаа хэзээ, хэдэн онд үзэж байсан бэ?

-Анх 2006 онд Галсансүх яруу найрагчийг долдугаар ангийн хүүхэд байхдаа ээжтэйгээ хамт СТӨ-ний бельтаж дээр сууж шүлгийг нь сонсож байсан. Тэр үе бол санаанаас гардаггүй юм аа. Энэ миний хамгийн анх үзэж байсан “Болор цом”-ын наадам байсан. Дараа нь Ш.Лхамноржмаа найрагчийг түрүүлэхэд Эрдэнэт хот руу галт тэргээр очиж үзэж байсан. Галт тэргэнд анх сууж үзээд 1980-1990 оны яруу найрагчдыг тэгэхэд анх удаа ойроос харж байсан дурсамж санаанаас гардаггүй юм аа.

-“Болор цом” 41 яруу найргийн наадмын цомоо өргөх үедээ багшаа дурсаж байсан. Багшийнхаа тухай хуваалцаач?

-Би 2008 онд оюутан болоход багштайгаа анх танилцаж байсан.

13 жил багш шавийн барилдлагаатай явсан. Багш минь зүг чиг анд найз минь байлаа. Ах шиг, аав шиг минь нөмөртэй байсан даа.Хэл бичгийн ухааны доктор, оюуны том хөрөнгө үлдээсэн хүн байсан.

-Та анх ямар шүлэг бичиж байсан бэ. Шүлгийнхээн мөрөөс танилцуулаач?

-Хамгийн анхны шүлгээ 10 жилд байхдаа “Дайн” гэсэн дөрвөн мөрт шүлэг бичиж байсан минь санаанаас ердөө гардаггүй юм аа, Түүх, газарзүйн багш н.Тамжид гэж багш байсан. Бүх ангиудын дунд “Дайн” гэсэн 500 үгтэй эссэ бичлэгийн уралдаан зарлаж тухай үед, 500 үг нийлээд их үг шиг санагдаж 200 үгэнд санаагаа багтаагаад, дөрвөн мөрт бичсэн. Их урам авч тэр эссэ бичлэгийн уралдаанд би түрүүлж, Миний бичих хүсэл бадарч яруу найрагчийн гараагаа эхэлсэн дээ.

-“Болор цом-41” яруу найргийн наадмын ямар шүлгүүдээ уншсан бэ?

-Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 99 жилд зориулж, хоёрын даваанд “Үеийн үед тэтгэх эх орон минь” шүлгээ уншсан.

Миний Монголын ард түмэн билигзүй, ёс уламжилалтай ард түмэн. Би “Уучлалын” шүлэг мөр болгоныг хөөгөөд үзвэл 108 мөртэй, 108 суварга, 108 эрхийн тоогоор, хайрын гэгээлэг талын өгөгдөл болгож бичсэн. Нөгөө талаас эмэгтэй хүнийг хайрлаж байгаа эр хүний сэтгэлийг илэрхийлэх гол мөрүүд минь бол…

Эмэгтэй хүн, ээж хүн, эгч хүн, эхнэр хүн гэдэг

Эр хүний сэтгэлийн овоон дээр л сэмэрч байдаг хадаг ч юм бил үү… гэж гол санаагаа авсан. Залуу хүмүүс гэр бүл төвлөлтгүй учир салалт их байгаад сэтгэл минь тавгүйхэн байдаг даа.

Залуу хүмүүсийг салалтаас хол байг гэх үүднээс би энэ шүлгээ бичсэн. Аав минь “Болор цом 41” дэхь наадмыг үзсэн. Миний “Болор цом” аав минь үзсэн анхны яруу найргийн наадам байсан.

Уучлалын шүлэг

Орчлонд өчнөөн од харваж болох байсан

Гэвч биднийг хооронд нь мөргөлдүүлсэн

Гэрэл заагч сар нь чи байсан

Онцгой учрал, энэ амьдралаас хүсэж таашаах бүхний

Эхний амьсгал нь яаж эхэлснийг чи хийгээд бид мэдээгүй

Эх хүн үрээн тэврэхдээ ямархан ариусалд умбадгыг

Эмэгтэй хүний сэтгэлийн байгальд зочилж мэдрэхсэн

Цайнаас савсах уур өрөөн дэх агаарыг хөгжимдөнө

Цэх завилаад нүдээ аниваас

Цохолж ирэх үйлийн үр боловсорч дуусаад

Царам хэцэд амь эцэслэх гэж буй

Эцсийн амьсгалаа татраахаасаа өмнө

Эх болсон тэнгэрээ бүртгэн ширтээд

Газар шороондоо шингэх гэж буй бүргэдийн

Ганцхан ахиад дэвж үзэхсэн гэх сүүлчийн хүсэл ч юм билүү

Бидэнд мэдэгдэхгүй өчнөөн өнгийн хувирал

Бидэнд мэдэгдэхгүй өчнөөн тоосонцрын гялаан

Бид хүртэж болох ч амсаж боломгүй аз жаргал

Бид амталж болох ч хүртэж боломгүй уй гуниг гээд

Ээ дээ энэ амьдралаас авч болох бүхэн яасан их байна вэ?

Эмэгтэй хүн, ээж хүн, эгч хүн, эхнэр хүн гэдэг

Эр хүний сэтгэлийн овоон дээр л сэмэрч байдаг хадаг ч юм билүү

Чи жишээ нь яаж уйтгарлдагыг

Чимээгүй нулимс унагахдаа

Ямар чимээ хацрыг чинь зүссээр

Зүрхэнд чинь шингэдгийг

Яруу найраг шиг ойлгох нэгэн гэдэгт би итгэдэг

Зам татуулан урсах тэр нулимс

Заримдаа бидний сэтгэлийн горхитой нийлхээрээ

Зах хязгааргүйг сэтгэх хөлгийн далбаа ч болдог юм билүү

Залуу явах гэдэг эргээд тэртээ холоос

Тэмүүлж наддаа буцан ирээч гэж гар даллахад

Тэрүүхэнд гэрэлтэх үед нь чи инээгээд одсон шүү дээ гэж

Тохуурхан мушилзах доогтой хөгжөөн болж ч магадгүй гэхээс

Тодорхойлж таамаглашгүй тэр л цаг хугацааг

Тогтоож энэ л үедээ бид барьж авч чадахгүйг бодхоор

Өрөвдмөөр өр зүрх хөндүүрлэн урагдмаар мэдрэмж төрүүлж байгаа биз

Өвдөг нугарна, гэвч бохирч сөгдсөн мэдрэмжээ цагаатгах гэж бид босно

Өчнөөн сар жилүүдэд чи миний сэтгэлийн дотор амьдарч

Өрцөн цаанаа би түлээчин мэт бодлын чинь ойд унасан гишүүдийг түүж алхана

Гал зээглэн тулгандаа тогоогоо тавьж

Гараа ээх хүүхдүүдийнхээ инээдийг сонсож

Гарчиглаж суух сонингуудаа үдэж, ач зээдээ хэрэгтэй мэдээллийг нь хайчилж

Гарынхаа салаагаар урсан одох цаг хугацааны урсгалыг сэлүүрдэнэ

Амьдрал баялаг гэж чи хэлдэг

Чинийхээ санааны цэцэрлэгт үр цацаж

Цацсан үрээ би өдөр бүр услагч цэцэрлэгч өвгөн байхыг хүснэ

Цамцаа өмсөөч дээ даарчихлаа шүү дээ гээд чиний ирэх хөлийн чимээнд

Цаг хугацаа дөрвөн улиралтайгаа чамайг хөтөлсөөр надад ирнэ

Ахиад бид амьдрахгүйгээс хойш авсанд дотроо ч хамт нойрсохоор одох юм шүү

Хайртай гэж хэлэх амархан, хайрлах хэцүү

Хайрлах л хэцүү, хэлж болдоггүй хайрын үгс гэж хүртэл бий

Үгэнд заримдаа итгэх хэцүү

Үйлдэл заримдаа үгнээс ч чухал

Сум мэт үгс цээжийг чинь шархдуулавч

Суниагаад босох чинь хөгжим мэт яруу

Бягтрууланд венийн вальс эгшиглэж

Баяр бүхнийг чиний гараар бүтээгдсэн идээгээр дүүргэхсэн

Эрвээхэй суусан цэцэг нисхэд нь дохигноод үлдэх шиг

Эмзэг турьхан хурууд чинь хувцасаа сэгсэрхийг

Ээмгээ тайлж, үснийхээ боолтыг мулталж

Үдэш оройн энгэсгийг үргээж

Үүр цүүрийн гүнд цээжинд минь шүлэг зурхыг

Худал унтсан мэт дүр эсгээд, аньсан нүдэндээ чинийхээ үйлдлийг өхөөрдөж

Хувь төөргийнхөө хүрдийг эргэцүүлж нойрсохсон

Зүүдэндээ ч үнсхээс цэрвэж, жигд амьсгалах амьсгааг чинь

Тагтаар сийгэх салхинаас харамлаж

Таны зүрхний цохилтыг дэрэндээ шингээж

Зуун зуунд үлдэх мөр бадгуудыг ноотлох дэвтрийнхээ хуудсыг сөхөнгөө

Талхаа зүсэж, аягаа угааж, тоосоо арчиж

Хөшгөө ярхад өрөө нэвтлэх цэл залуухан нарны тусгалд

Хайрт минь эдгээр гэрлийг хардаа гэж хүүхэд шиг догдлохсон

Уяан дээр эрвэлзэж дэрвэлзээд

Онгодын минь хүлэг сүсэгтний дүрээр үүрсэнэ

Одоохон явчхаад ирэе хайрт минь

Орчлонгийн оргүй хоосонд ч бид хүрэлцэхгүй алс байлаа ч

Уйтгар гунигаа баяр ерөөл болтол амьдрах хувь төөрөгтэй билээ бидэн

Учиртайхан харцаар нэг л шагнаач намайг

Уянга дуу, эгшиг найргийн чинь охь, бүх насны тань эзэн явая гэх

Ухаан санааны минь гүнээс тэнгэр өөд цоролзон өндийх моддын сүүдэрт хамт хэвтээч

Цас бударсаар, бударсаар, бударсаар

Цайдам хөндийг хучина

Царай зүс тань толигор өнгөлөг гэрэлтэй

Зулайдаа сансар огторгуйг эрхлүүлж

Зулзаган шинэсний залуухан мөчир мэт гунхах чиний

Зураг дүр чинь цээжин гүний минь гуунд завилаатай

Өргөх ёстой дээж минь гэвэл чи

Өгсөж дээш мацах оргил минь чи

Өдөр бүрт залбирах залбирал минь чи

Өргөө гэрийн минь унь багана нь чи

Өргөж асарсан бүхнээ энэрэгч нь чи

Өршөөж соёрхох нигүүлсэнгүй сэтгэлтэн минь ч чи

Өр зүрхний хаалгыг минь нээгч нь ч чи

Бодоогүй бүхэн энэ амьдралд ирдэг

Болзож уулзсан хувь төөрөг минь

Бурханы алдаагүй зурсан зураг гэдэгт би итгэдэг

Ирээдүй биднийг гэрэлт харгуйд урин дуудна

Инээмсэглээд ахин нэг алхахад

Ирмэг цолгиухан цэл залуухан насууд минь даанч гоёхон санагдана

Алдсан байж болно бид

Алдрайхан нас шүү дээ

Уучлал гэдэг хэзээд оройтдоггүй санагдана

Ухаан санаанд минь уужимхан голын шанд бургилна

Тэр голын эхэнд тэргүүндээ гараа духдуулаад

Тэнгэрийн хаяаг саравчлан зогсох

Тэнгэрлэг ариун үзэсгэлэнт минь

Ухааны тань уулын бүсэлхийг нар зөв ороож гуйя!

Болгоогооч амь амьдарлыг минь.

Б.ЛХАМ-ОСОР

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал яруу-найраг

Яруу найрагч С.Начин “Болор цом”-ын эзнээр тодорлоо DNN.mn

“Болор цом-41” яруу найргийн наадам өчигдөр боллоо. Эхний шатнаас шалгарсан 21 найрагч шүлгээ уншиж өрсөлдсөнөөс сүүлийн шатанд Д.Галсансүх, О.Элбэгтөгс, Э.Гантулга, С.Начин, М.Дэвээжаргал нарын таван яруу найрагч тунаж үлдэв. Ингээд яруу найрагч С.Начин “Үеийн үед итгэнэ, эх орон минь” шүлгээрээ эгшиглэнт Янжинлхамын хишиг хүртэж “Болор цом”- ын эзнээр тодорлоо. Энэ жилийн “Болор цом” яруу найргийн наадам нь Улс тунхагласны ойн өдөр болж байгаагаараа онцлог юм. С.Начин нь “Болор цом”-ын наадамд арав дахь жилдээ оролцож байгаа юм байна. Тэрбээр эгшиглэнт Янжилхамын хишиг хүртэх мөчдөө “Энэ танхимд ирж шүлгийг минь сонсож суугаа аавдаа баярлалаа. Тэнгэрт бие нь одсон ч билиг оюун нь мөнхөд үргэлжлэх Пүрэвхүүгийн Батхуяг багшдаа хүндэтгэл үзүүлмээр байна” хэмээн сэтгэлээ илэрхийлэв. “Болор цом-41” яруу найргийн наадмын шүүгчээр Н.Минжинсайхан, Ү.Хүрэлбаатар, С.Байгалсайхан, Ш.Лхамноржмаа, Ш.Баттөр нар, хөтлөгчөөр “Болор цом”- ын эзэн яруу найрагч Н.Гантулга, зохиолч сэтгүүлч Б.Сарантуяа нар ажиллажээ

Үеийн үед итгэнэ, эх орон минь

Үүрийн гэгээнд цэцэг дохигнох

Үндсэн гүнийг нь чагнаархаж

Чөдрийн морь шүүдэрт жиндэн зүүрмэглэх

Чив чимээгүй уулс нь далайн ёроолд байснаа бодож дүнхийх

Өргөл мөргөлийн өндөр дээд эх орон минь

Өргөн дэлхийд өөрийн сүнсийг эрэн орь ганцаар бэдэрч явахад

Өгүүлэх шүлгийн байц гишүүн шиг

Алс алсын толгодыг нь ширтэхэд

Өндөр тэнгэрээс хэв хадаг унжуулсан мэт

Анир чимээгүйгээр үүлс нь газрын хэвлийд шингэдэг эх орон минь

Манант тэнгэртэй хаяа хатгасан түүхийн их уснаас амтлахуй

Наранд цогшсон гандирсын балгад нь

Саранд сэрийсэн нууцлаг ертөнцөө бүүвэйлсэн

Санааны огторгуйд ээл дулаан илчээ түгээхдээ

Намрын хонгор зэрэглээндээ унага эрхлүүлж наадсан эх орон минь

Хөвөн дээгүүр алхаж байгаа юм шиг тогорууд нь ирэхэд

Зөрж одсон учралын сэжүүрт гадас тойрон гунганах ботгоны

Зөөлөн зөөлөн бөмбөрөх нулимсыг салхиараа арчихдаа

Бударгана үүрч алхах бөгтөр эмгэний сэтгэлийг үймцүүлж

Бүүр эртийн эртэд эврээ буганд итгээд явуулсан гэнэн тэмээний нулимс эх орон минь

Нараа үзсэн ой хөвчийн цоорхойд нярайлах гэрэл шиг

Саранд сэрийсэн нууцлаг ертөнц нь

Наранд цогшсон гандирсаа бүүвэйлсэн

Санааны огторгуйд ээл дулаан илчээ түгээхдээ

Намрын хонгор зэрэглээнд эрхэлж хоцорсон унагыг эхийнх нь сааманд унтуулсан эх орон минь

Үзэсгэлэнт бүсгүйн энгэрийн алчуур хийсэх шиг эмзэгхэн шүү та

Үхэхэд минь газар шороондоо тэвэрч нойрсох ертөнц минь чи

Мөнхөд таныг хайрлана гэж би худлаа хэлж чадахгүй

Мөнхийн мөнхөд чамайг хайрлах бүхэн тасралтгүй төрнө гэдэгт харин

Үеийн үед итгэнэ ээ, эх орон минь

 

Categories
мэдээ утга-зоxиол яруу-найраг

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорчээ DNN.mn

Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын 2023 оны эзэд тодорчээ.

1966 оноос хойш 2 жилд 1 удаа олгож ирсэн тус шагналыг энэ жил доктор, профессор С.Хөвсгөл “Д.Равжаагийн Саран хөхөөний намтрын шинжлэл”, яруу найрагч Х.Байыт “Монгол яруу найраг”, яруу найрагч С.Дамдиндорж “Шүүдэр тарни” бүтээлээрээ тус тус хүртсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 401 дүгээр тогтоолоор “Шилдэг зохиол, бүтээл туурвиж Монголын утга зохиолын хөгжил, ард түмнээ соён гийгүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан зохиолч, яруу найрагч, орчуулагч, шүүмжлэгч нарт. Мөн Монголын уран зохиолыг гадаадад сурталчлахад хувь нэмэр оруулсан гадаадын иргэнд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал олгох журам”-ыг шинэчлэн баталж, шилдэг бүтээлд тавигдах шалгуур үзүүлэлтийг болон дагалдах мөнгөн урамшууллыг нэмэгдүүлжээ.

Categories
мэдээ утга-зоxиол цаг-үе яруу-найраг

Лодонгийн Түдэвийн өрөөнд төрсөн шүлэг

Монголын суут их хүмүүн Лодонгийн Түдэв бурхны оронд одоод удаагүй байна. Эл өдрүүдэд олон түмэн төр нийгмийн нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч Түдэвийнхээ тухай дурсаж, эрдэнэсийн арвин сан мэт бүтээл зохиолыг нь ярьж байна. “Түдэв гуай Нобель авахгүй байх л даа. Уул нь авах ёстой хүн нь гарцаагүй мөн. Цагаасаа хамаагүй эрт түрүүлчихсэн хүн юм. Гэвч энэ цаг үе Түдэвийгээ хайрласангүй” гэж утгын их мэргэд, зохиолч найрагчид хэлдэг. Саяхан Цоодол багш минь утсаар холбогдлоо. Бид хоёрын яриа гарцаа байхгүй Түдэв гуайн өрөөнд төрсөн шүлэг дээр нь буулаа. Ерэн найман оны наадмын маргааш агуу их Түдэвийнхээ Хөдөлмөрийн баатрыг угаах санаатай Цоодол, Бадарч, Төрбат гурав Тү жанжныхаа уйтан харанхуй өрөө(“Үнэн” сонины)-нд нь ганц юм ганзагалаад очсон гэдэг. Тэгээд л энэ шүлэг төрсөн байдаг.

Түдэв гуай ч тэр жил нь хариу шүлэг бичиж хэлэх үгээ хэлсэн. Яг энэ цаг мөчид эл хоёр шүлгийг дахин дахин уншихуйяа, мөн ч их зүйлийг бодогдуулж байх юм. Бурхдын хөөрөлдөөн гэдэг нь энэ биз, бурхан яруу найрагчаар үгээ хэлүүлдэг гэдэг нь энэ биз гэж бодож сууна. “Төр засаг гэж байдаг юм бол Түдэвийгээ аль болохоор наслуулах, оюуных нь нөөцийг авч үлдэх, монгол хүний оюун юу бүтээж, юуг мэдэж болдгийг уул нь гайхуулмаар байна. Гэвч тэгж өгөхгүй юм даа” гэж багш минь Бүрэнгийнхээ тэнгэр дор өнгөрөгч намар гунигтайхан өгүүлж билээ. Ингээд их утга зохиолын хоёр их бурхдын нэг нэгэндээ хандсан шүлгийг хүргэе.

ЛОДОНГИЙН ТҮДЭВИЙН ӨРӨӨНД
ТӨРСӨН ШҮЛЭГ

Уйтан, харанхуй, намхан, мартагдсан мэт өрөөнд

Ундуй, сундуй ном, бичиг цаасан дунд

Гуниггүй сайхан мишээж, гэрэлт үгээр ивлэж

Гуу нь багадсан бурхан шиг Лодонгийн Түдэв сууна

Говь-Алтай, Нарангийн сургуулийн модон цүнхтэй жаал

Гоц мэргэн, Янжинлхам бурхны хайртай боол

Нармай их өвгөдийн хол харвасан сүнс мэт

Нар, олноос далд энд юунд бүгнэ?

Есөн өрлөг цэцэлсэн энэ ногоон газар дээр

Ертөнц багтсан ухаантан хэд билээ

Ергөж, тогтож ергөсөн төрийн хэргийг түшихэд

Ерөөл билгээр дутахгүй түшмэл хэд билээ

Уолт Уитмен, Оросын Толстой, Гарсиа Лоркаг

Унаган хэлээр нь тунгааж урамтай туурвих хэн билээ

Эд мөнгөнд архинаас дор донтсон эх орноо

Рипений суут “барлагууд” шиг намгаас чангаах иргэн хэд билээ

Уйтан харанхуй намхан өнөө л жаалхан өрөөндөө

Ундуй, сундуй ном, бичиг цаасан дундаа

Гуниггүй сайхан мишээж, гэрэлт үгээр ивлэж

Гуу нь багадсан бурхан мэт Лодонгийн Түдэв сууна

Цаст Алтайн сугад үнэнхүү багш явж

Цагаан, шар, хартай ертөнцөөр ном хаяж

Цагаачийгаа хайрлах мэт гэмгүй бүгдийг энэрч

Цаг цагийн буулган дор мэргэн шударгуу байж

Аймшигт харанхуйн дундах зул байтал

Азаар бидэнд заяасан нь зол байтал

Цэцэн Равжааг адалж, Нацагдоржийг тамласан

Цэндийн Дамдинсүрэнг хорьж, номыг нь шатаасан

Цэвдэг эх орон нь дахиад л түүгээр гараа угаав

Авьяас ухааны сүсэгтэнд эхлээд бодогдох нь Түдэв

Атаач мунхгуудын санаанд бол яасан их мэддэг Лүдэв

Эзэн төрийн ширээнд залъя гэж нэг нь эндээс босов

Эрээгүй нүдээр хялайж тэндээс нөгөө нь босов

Дэвж явсан шувууг унагаж байж амрах шиг

Дэргэж явсан хүлгийнхээ толгой руу тонших шиг

Дэгс үгээр түүнийг чулуу шиг нүүлгэв

Тэрсүү нүглийг нь уудлахаас сүрдэж нэг нь айв

Тэнэгийг минь мэдчихнэ гэж бэргэж нөгөө нь айв

Түдэвгүй амар, дэргэд нь жижигдэхгүй амар гэж айв

Түшээ нараа голуулж бажгадахгүй амар гэж айв

Алс дүүжүү замд гэрэлгүй машинаар гарах шиг

Аяа, одоогийн ноёд Түдэвийгээ гээв

Аялгуут найрын гэрээс хуураа хаячихаад мордох шиг

Алмай мунхгийн сүрэг Түдэвийгээ гээв

Амыг нь анаад чагнахад суваг нь олон кабель

Авъя өгье шагнал нь сураг төдий Нобел

Арван ухаанд гийсэн монгол бидний Ломоносов

Алтай ханы нуган Лодон овогт Түдэв ээ

Сайн хүнээс битгий ай, Түдэвээс битгий ай

Салхи давчдам өрөөнөөс нь хэндээ би хэлдэг билээ

Саргүй шөнө мэт бүрэнхий өөрснөөсөө л ай

Сайрхуу дээдэст үү, сажилж яваа олонд уу, хэндээ би хэлдэг билээ

Оюунтай хүний үрийг шүтэхээсээ битгий ай

Олхиогүй тэнэгүүдэд сөгдсөөр ертөнцийн доог болохоосоо л ай

Оготны нүх шиг өрөөнөөс нь хэндээ би хэлдэг билээ

Од төөрөм харанхуй, одоо би хэндээ хэлдэг билээ?

Дөнгөтийн Цоодол

1998.07.13

ДӨНГӨТИЙН ЦООДОЛЫН ШҮЛГЭЭС ТӨРСӨН ШҮЛЭГ

Меньшиковын сууж байсан Шивэртийн байшинг

Миний одоогийн өрөө аргагүй санагдуулаа биз

Меньшиковын хөргийг бийрээр Репин зурсан гэдэг

Миний дүү Цоодол үгээр тийм хөрөг бүтээжээ

Өрөөний харанхуйгаас ах чинь ердөө айдаггүй

Өрөөлийн цээжний харанхуйгаас ах чинь бэргэдэг

Тасалгааны давчууд ах чинь ердөө гуньдаггүй

Танилуудынхаа сэтгэлийн давчуугаас ах чинь бэргэдэг

Уйтан харанхуй тасалгаанд ном байгаа цагт

Уйдах гэрэлгүйдэх зовлон ахад чинь байдаггүй

Ноёны суудалд залрахыг санаархсан нүглээ

Номын ширээнд суухын буянаар цайруулнам би

Тушаалтнууд надаас айдаг гэдэг нь юу л бол

Тушаа болсон дөнгө нь минийх биш юм чинь

Ноёд надаас хөндийрсөн ч уншигч надад ойрхон

Номой бичгийн хүнд отго жинс юуны тус

Зуугийн дөч нь над талтайг мэдсэн хойно

Зуун насыг тэднээс хүртсэнтэй юуны ялгал

Сайдын үгийг анзаардаггүй майга нэгэн монгол

Саваагүй үгтэй номыг минь уншдагт өегшинө

Гаргаж байгаа сонинг минь харин үзэх

Ганц уншигч байхгүй болчихвол гаслан

Бичиж гаргасан номын минь хуудсан дээгүүр

Бэлчээрлэх мэлмий нэгээхэн ч үгүй болчихвол

Уйтан нэгэн тасалгааны харанхуй байтугай

Улс орон бүхэлдээ түнэр харанхуй санагдму

Меньшиковын сууж агсан Шивэртийн тагзыг

Миний одоогийн өрөө аргагүй санагдуулаа бол

Өрөө тасалгааны хэргийн учрыг эрэх хэрэггүй

Өргөө гэрээс л хамаг юмны царай илхэн биш үү

Хэндээ тэр тухай хэлэхийг олж ядах хэрэггүй

Хэлэх хүндээ дүү минь чи хэлчихлээ

Лодонгийн Түдэв

1998.12.12

Categories
мэдээ утга-зоxиол яруу-найраг

“Өдрийн сонин”-ы найрагчид

Өнөөдөр дэлхийн яруу найргийн өдөр. Энэ өдөрт зориулан “Өдрийн сонин”-ы хамт олон өөрсдийн сэтгүүлч, яруу найрагчдын дээжээс та бүхэнд хүргэж байна.

ДЭЛХИЙН ЯРУУ НАЙРГИЙН ӨДӨРТ

Монгол Улсын төрийн шагналт, яруу найрагч, нэрт нийтлэлч Бямбажавын Цэнддоо

Хайр

Чамд би хайртай гэж хэлэхгүй

Чиний төлөө үхэхгүй

Чин хайрын төлөө үг ч багадна

Чиний төлөө үхэх ч багадна

Гагцхүү би чамд

Гарцаагүй надад олдсон

Ганцхан хувь тавилангаа л өгнө

Тэгээд

Тэнхлэг бүхнээрээ хайраа тулж

Тэнгэрийг өргөн, нарыг аргамжиж

Чиний төлөө амьд явна.

Эрхчөлөө

Нэгэн навч мөчрөөсөө тасран хийсэх нь

Нисч үзэж байгаа нь тэр

Нэгэнт амилсан мөрөөдөл биелж байгаа нь тэр

Нэг л мөчирт уясан

Нэрмэж, мөрөөдлийг нь бас аргамжсан

Хүлээс алдуурч байгаа нь тэр

…Эрх чөлөө

l l l

Өвөг дээдсийнхээ гээж орхисон зүүг

Өнөө би өвсөн дундаас эрж явнам

Үзэгдэхгүй мөртлөө

Үгүй болохгүй өргөс

Нүцгэн хөлийг минь шивэхэд

Нүгэлтэй ихээр өвдөнө

l l l

Амьд насан туршдаа чамайг би хайрлана

Амьд насан туршдаа чамайг би…

Амьд насан туршдаа…

Амьд нас…

Амь…

Чингис хааны хээр талд

Чимээгээ барсан мэт дүнсийх

Чингис хааны хээр талд

Өчүүхэн навчин дээр

Өчүүхэн хорхой суужээ.

Үйрүүлээд хаясан ч үгүйлэгдэхгүй

Үржиж өслөө ч илүүдэхгүй

Навч хорхой хоёрыг

Намрын хөгшин нар

Яг л Чингис хааныг гийгүүлснээсээ

Ялгал үгүй гийгүүлнээ…

l l l

Гэргий өвдөхөд

Гэр өвдөнө

Авдар сав шаналж

Аяга ааш гаргана.

Гэрийн сүүдэр, зайлуул.

Гэмтэй юм шиг хулгаж

Гэрэлд ч хамаагүй гараад

Гэнэтхэн арилахаас ч сийхгүй.

Айсан салхи гадуур

Аяархан мөлхөж өнгөрөөд

Араас хангинах вий гэх шиг

Атирч мярааж холдоно.

Гүжирт унахаас мэгдсэн

Гүйдэл, албин, юмс

Гүйцээгүй ажлаа хаяад

Гүй газартаа одно.

Гэргий минь өвдөхөд…

l l l

Яах ч үгүй суух яасан сайхан юм бэ!

Ялаа хүртэл амсхийж, өвс хүртэл сэгхийж

Яг л энэ агшинд цаг хугацааг зогсоож

Яаран урвах орчлонд мөнхийн хутгийг олгох мэт

Зүв зүгээр суух зүйтэй сайхан юм бэ!

Зөрөх байсан учрал зөнгөөрөө зогсож эргээд

Зөрөг замын салаанууд зөвдөө нийтгэгдээд тосоод

Зөв буруу хоёрт зөрөө үгүй нь танигдах мэт.

Аль хэдийнээс хөөцөлдсөн ч бараа сураггүй нэгэн

Араас гүйцэхгүй явсныг анзаарч сая л харна.

Аз жаргал заавал, чамтай уулзъя гэхдээ

Амдаж тосох албагүйг анх удаагаа л үзнэ

Яах ч үгүй суухад

Зүв зүгээр суухад

Явах байснууд болино

Яваандаа тэгээд болно

МЗЭ-ийн болон “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Норовын ГАНТУЛГА


Тархин доторх орон зай хагарна

Нарны сэрвээн дээрээс цахлай нисэж, салхины орон зайд хамаарна

Намрын өдрүүд үүл шиг хөвж, саруул тал чулуу шиг шидэгдэнэ

Тавилангийн цаана улилдсан чоно сэтгэл рүү минь шуурч орон

Тархин доторх орон зайд бэлтрэг гийнаж босно

Согооноос үргэсэн хөх үдэш цээжин дотор хуйларч

Солонголог чимээнд уусах төдий эргэж задарна

Ягаан долгис доторх орон зайд уран шувуу ер бусаар жиргэж

Янаг хайртын минь хөмсөг тэнгэрийн эрхшээлт навчисын сэрчигнээ болно

Зүрхэн чинаддаа голын чулуу дэрлэн чимээгүй уйлах агшин

Зуун жилийн өмнө жаал хүү үхрээ тууж явсан нуга байсан

Газрын зэрлэг урсгалаар гэгээрлийг олсон хөндүүр хором минь

Галав юүлсний дараа огторгуйг базаж, эр хүн хүүхэд төрүүлэх мөч болно

Өвөрт унтсан бүсгүйнхээ зүүдийг шөнөөр дагуулан гарч

Өндөр тэнгэрийн цагаан бороонд норгохыг хүснэ

Гэнэт цагийн зүү хурдаа аван эрчлэхэд бүх зүйл өөрөөр урсаж

Гэзгээ самнаж суусан ижий минь алга болон багын нөхөр минь буурал сахалтай ирнэ

Дэлхийд гэрэлтэхийн хязгаараас оч үсэргэн туулай дэгдэж

Дэмийрэл мэт санагдах омголон эрх чөлөөг минь бүргэд тасчиж хаяна

Цэнхэр өнгөнд ууссан аялгуугаар зоримог салхин дэл хийсгэж

Чиний зүгт нисгэсэн хүлэг болгон эмзэглэлийн цагаан саранд минь янцгааж хүрнэ

Цас хаялах гэнэтийн агшин улаан шугамны цаана будраана гэмшивч

Цахилгаан үүсгүүрт тархины уурхай тэнгэрийг соронздон татаж надад уусгана

Гол мөрөн цочирдон урсаж ангир шувууд нь үлгэрийн бороо болон мянган жилийн цаана зүсрэх

Гоо сайхны мөнхийн зогсоол оюун санааны хавар болохыг анзаарч тэнд би шувуу шиг газардана

Тархин доторх орон зай хагарна

Бор цонжийн говийн хүн чулуу

Холын замд улдаж, эцэж туйлдсан хүлэг морь шиг хүн чулуу минь

Хорвоогийн бүх л өнгийг өөртөө шингээж гоо үзэсгэлэнгээ гайхуулах бүсгүй шиг хүн чулуу минь

Дотоод ахуйдаа уусч, мянган жил дүрээ харуулаагүй нууцлаг ертөнц хүн чулуу минь

Доголон нулимсаа хэнээс ч нуулгүй арчиж, талын салхинд зүлгэгдэн уулсаа түших хүн чулуу минь

Цээжин цаана чинь намуухан уянгалах аялгууг сонсох гэж зорьж ирлээ чамайг

Цэх шулуун бус сэтгэлгээг таталцах хүч олдоогүйд арга барахдаа зорьж ирлээ чамайг

Эмзэг сэтгэлийн минь үл сонстох эгшиг яруу найрагчийн дотоод шаналал юм гэдгийг

Эмзэг сэтгэлийн чинь хүчит давалгаа яруу найргийн зуун жилийн тэсрэлт юм гэдгийг надад хэн хэллээ, хүн чулуу минь

Ганцаардлын дээд хэмнэлээр туурвисан гэрэл гэгээний нандин судрыг чинь дэлгэн уншмаар байна

Газар дээр өнө мөнхөд оршиж чадах юунд ч ялагдашгүй эр зоригийг чинь бахдан дуулмаар байна

Мянган жил өөрийг чинь хулдсан нарны энергийг

Мянган жил өөрийг чинь зүлгэсэн салхины эрчим хүчийг надад одоо л хайрла, хүн чулуу минь

Морины уруулаас орон зай тасран, ертөнцийн бүх уулс шувуу шиг нисч

Монголын их хээр тал үлгэр домгийн удиртгал болон номын хуудас адил сэрчигнэх тэр цагт

Бор цонжийн говийн хүн чулуу чи төгс гэгээрсэн Будда болно

Бодол оюунаа чамд шингээсэн хөх тэнгэр төгөлдөр ариун ертөнц болно

МЗЭ-ийн болон Ч.Лхамсүрэнгийн нэрэмжит шагналт яруу найрагч Лхагвасүрэнгийн Батцэнгэл


Ертөнцийн тухай бодол

Хувь заяа минь гагц ариун тэнгэрийн эрхшээл

Цэв цэнхэрхэн бороо нь миний л эгч дүүс ээ!

Хундага дарснаас үнэгүй энэхэн амьдралаа бодохоор

Хувхай мөчир дээр жиргэх өнчин болжмор шиг хөөрхий еэ.

Цэцгийн сүрчиг анхилуулсан хаврын цэнхэр салхи

Цээжний амрагийг эзгүйчилж санчиг илбэн эрхлэхэд

Элдвийн ялдам аалинд нь сэтгэл хөлчүү суув чиг

Илбийн хоосон чамайгаа үнсэж чадашгүй минь хөөрхий дөө.

Нууцхан амрагийн зовлонт бүсгүй цэнхэр салхи минь

Нулимсан бөгжөө хүү чинь навчсан хуруунд чинь зүүе дээ.

Живаа живаа жилийн ариун гунигийг минь мэдрээд

Диваажин цэцэгсийн шүүдэрт намиранхан мансуурснаа мартнаа, чи.

Уйлж үзээгүй хүн нулимсны амтыг мэддэггүй

Уяхан цэнхэр эгчийн минь нууцхан шивнээг сонсдоггүй.

“Усан хүйтэн бороо” л гэж чулуун хүмүүс жихүүцдэг

Уйсхан хүний хорвоо ганцхан балга дарс аа!

l l l

Бүсгүй! таны цаг яваад эхэлчихсэн

Бүх чөтгөрүүд чиний эсрэг хуйвалдсан

Та жаахан ухаалаг төрсөн сөн бол

Тамын энэ амьдрал диваажин болчих байлаа

Бүсэлхийн чинь туяхан найгах гэрэл

Бүрэнхий үдшийн ялдам солиорлыг өдөөж

Бүжиглэх шиг уяхан намуун айзамд

Бүхий л орчлон хорвоог мартлаа, би

Тачаал дурлалын бэлэг тэмдэг барьчихаад

Тантай танилцахдаа л адын хүсэл төрсөн

Таалагдаж, сэтгэлийг минь ховсдсон увдисаараа

Та, одоо, шуламын гүнж боллоо.

Чөтгөрийн гүнж дэндүү үзэсгэлэн төгөлдрийг

Бурхдын сургаалд бишрэн сүслэхдээ би ойлгоогүй

Зүрхийг минь гартаа шимшрүүлэн атгах чинь

Зүйрлэшгүй гайхам дурсамж төрүүлэхийг мэдрээгүй.

Гэвч, таны цаг нэгэнт яваад эхэлчихсэн.

Гэрэлт сайхан царайг чинь эмгэн эмгэнэл бүрхэнэ.

Алтан элс алган завсраар урссаар л байгаа энэхэн мөчид

Аз жаргалын дарсыг амжиж уруулаас минь хүрт дээ!

Лев Толстойн “Сэхээрэлт”-ийг уншаад…

Таалал төгсөх өнчин лааны

Хайлан урсах нулимс царцаж

Уншсан номын хуудас бүхэнд

Улаан амиа хавчуулж одов.

Мөр даран гэтэх араатан шиг

Мөхлийн харанхуй орчлонг нөмрөхөд

Сэтгэлийн ариун сүмдээн залбирч

Сэрүүн гэгээ цацруулж хэвтэв, би.

Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Давхардаваагийн Гансаруул


l l l

Цуврал алуурчин баригдаж

Цуутай биеэ үнэлэгч

Ор сураггүй болж

Модод нүцгэрч

Цөөрөм зайрмагтаж

Оргодлууд банк дээрэмдэж

Онгоц сүйрсэн мэдээ

Оройн мэдээгээр гарч

Цонх цантаж

Өрөө сэрүүсч

Данх шүгэлдэж

Хонх жингэнэж

Харилцуур хангинаж

Цорго чимээлж

Цонх савчиж

Хөшиг хийснэ.

Үдшийн мэдээгээр

Тахал дэгдэж

Уурхай дэлбэрч

Улстөрч хорлогдож

Төв талбайд жагсч

Тээврийн хэрэгсэл зогсч

Эмийн сангууд хаагдаж

Эмх замбараагүй байгааг

Эрэгтэй нэвтрүүлэгч ярьж

Араас нь

Цаг агаарын мэдээ уншиж

Нарлаг өдрүүд айсуй гэв.

Маргааш төрөлх тосгон руугаа

Төрж өссөн гэртээ очиж

Алимны хоёр модноосоо

Дүүжин ор уяад

Аргалын май дунд

Ааруул идэж хэвтье байз.

Хөршийн эмгэчүүл ирээд

Хотын сонин асууж

Хоргоож шалаад суучихвал

Хэлгүй болж жүжиглээд

Хэвтээд л байя.

Одоо унтъя даа

Ондоо юм бодолгүй

Өглөө эртийн галт тэргээр

Төрсөн гэрээ зорьё!

2018.08.22-24

l l l

Явуулын циркчид

Ятгатай дуучид

Гудамжны жүжигчид

Хэрмэл болгон

Энд ирнэ.

Буурчийн газар

Шар айрагны мухлаг

Шарсан махны саравч

Янжуурын дэлгүүр

Ямбууны худалдаачин

Бүгд тэднийг угтана.

Тосгоны эрчүүд

Тоосон дунд суугаад

Гараараа саравчлаад

Тоглолт юуг нь үзэхдээ

Гудасныхаа доор нуусан

Гуч, дөчин зоосоо үл хайрлана.

Гутал ч үгүй

Цамц ч үгүй байж

Гуяа гаргасан

Гунхсан бүжигчдийг харж

Гунигаа үргээнэ.

Шанааг нь дагасан хөлсөн дээр нь

Ялаа эргэлдэнэ

Шарваар өмдний дороос

Шаахайгүй эвэршсэн хөл нь цухуйна.

Жүжиг дуусахад

Хэрмэл бүхэн

Ачаагаа баглаад

Морин тэргэндээ сууна.

Түрүүхэн л инээмсэглэн бүжиж байсан

Сайхан бүсгүйчүүд

Хөмсгөө зангидан

Дараагийн тосгон руу

Яаран тэмүүлнэ.

Тосгоны хэдэн тоостой эрчүүд

Толгойгоо гудайлгаад

Гунигаа үүрсээр харина.

Тор авч гарснаа

Зах орж төмс авах байснаа

Сая л санацгаана.

2018.08.24

Categories
мэдээ утга-зоxиол яруу-найраг

“Болор цом-36” наадамд тэргүүлсэн “Гүн ухааны сүлжээ бодролууд” шүлгийг хүргэж байна

“Болор цом” наадамд тэргүүн байр эзэлсэн МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Баттулгын сүүлийн даваанд уншсан шүлгийг хүргэж байна.

“Болор цом-36” наадмын тэргүүн шүлэг

Гүн ухааны сүлжээ бодролууд

(Яруу найрагч Б.Баттулга)

ОРШИЛ

Буцах шувуудын ганганаа санчигны мөнгөн сор минь юм

Булгилах зүрхний цохилт минь огторгуй сансарын тоолол юм

Морин хийл уянгалах нь эр хонгор сэтгэл минь юм

Мойл нүдэт амраг минь нууц тарнийн хураангуй юм

Мөнх бусын шидэт цэцэрлэг зүрхэнд минь гэрэлтэнэ

Мөр замд минь жамын алтан гөрөөс хатирна

Наран сарны солбицох зайд гэрэлтэн үзэгдэх

Нандин тийм цэцэрлэгээс бурханы амьсгал эгшиглэнэ

Хувь заяаг минь зурсан бийрч бурхан талархъя

Гарыг минь ганзганд хүргэсэн ижий, аавдаа талархъя

Гайхамшгийг бүтээх хүслээс хөтөлсөн цагийн зүүдэнд талархъя

Ирэх шувуудын ганганаа санчигны мөнгөн сор минь юм

Ирмэх нүдний нулимс минь торгон өвсний шүүдэр юм

I


Буцах шувуудын ганганаа санчигны мөнгөн сор минь юм

Будрах цасны ширхэг энэ л шувуудын гунигтай

Хул хамбан үдшээр болорхон хундаганаа сөгнөх

Цэл залуу гуниг хоолойд торсон нулимстай

Сэтгэлийнхээ гэрлийг би нүднээс чинь олж түүв

Сэмбэрүү цэцэг чинь тэгэхээр газрын гоёмсог нүд юмсан уу

Гэрлийн хүрээлэлд дунирах намар цагийг чинь

Гэзэгний чинь сүлжээнд зангидаж хадгалж үлдэхсэн

Ийм найдвартай хадгаламжийг ертөнцөд үзэшгүйеэ

Эрдэнийн алтан хайрцаг гэдэг чинь дурдатгалыг хэлдэг юм

Эрвэгэр алаг нүд чинь намрын нуурыг зохиожилвоос

Эргэн эргэх шувууг сэтгэл гэдэг юм аа

Буурал морины минь алхаанд он цаг шигшрэхэд

Булгилах зүрхний цохилт минь огторгуй сансрын тоолол юм

II


Булгилах зүрхний цохилт минь огторгуй сансрын тоолол юм

Бугуйн цаг минь урсаад мөнгөн горхийг дүрлэх юм

Цас будрахыг харах нас урсахыг мэдрэхтэй адил

Чиний ирэхийг анирдах ингэ ботголохыг хүлээхтэй адил

Мөнгөн амтай хээр нь мөндөр шилгээн товолзоно

Мөнх бусын орчлонг эрвэлзэсхийгээд туулна

Ганган хатиртай хээр нь газар товчлон дөмөлзөнө

Ганц олдохгүй замбууг гайхуулсхийгээд туулна

Намар болоод өвлийн заагийг товлоод хэрэггүй еэ

Цагаан өнгөнөөс би бүх өнгийг олоод

Цас үнэрлээд би орчлонг хураангуйлж чадна

Модны чөлөөт үндэс хэвлий дотроо сунайтал

Морин хийлийн уянгалах нь эр хонгор сэтгэл минь

III


Морин хийлийн уянгалах нь эр хонгор сэтгэл минь юм

Монголын талд гөрөөс янзгалах нь шүлэг шиг совин юм

Ихээ дээр эргэлдэх бүргэд өөр ертөнцийн элч юм

Ийм тансаг орчлонд амьдрах минь алтанхан тавилан юм

Могой зүүдлэхэд хүүтэй болохоо яаж мэдээд

Моносны цэцэг дэлгэртэл бүсгүй хүн баярлана вэ?

Адуу эвшээхэд аз тохиохоо яаж мэдээд

Алтан ятга уянгалтал эр хүн баярлана вэ?

Унага тамгалсан найран дээр чинь гэрэлтэнхэн суумаар аа

Уянга тамгалсан хайраар чинь гийнхэн дэлгэрмээр ээ

Совинт буурал хорвоод зоргоор зөнгөөр урсаад

Соёмбоны гал шиг дүрэлзсэн яруу найрагч билээ, би

Молзог зүрхэнд тэнгэрийн шэрэл зааж мишээх

Мойл нүдэт амраг минь нууц тарнийн хураангуй юм

IV


Мойл нүдэт амраг минь нууц тарнийн хураангуй юм

Нууц тарнийн хураангуй нууц байхдаа л сайхан юм

Мойл нүдэт амраг минь нууц тарнийн хураангуй юм

Нарны шулга хонх шулганаж байхдаа л сайхан юм

Усны цэврүү хагарангуут л доторхоос нь туулай дэгдэж

Уран торгон цэцэгсийн мандал дотор бүрэлзэнэ

Салхины дотор талаас хэнз унага гүйж

Сарны зүүдийг сарнитал дотно халуунаар үүрсэнэ

Ийм тунгалаг орчлонд амьдарч явах сайхан юм

Ихээ сайтар тунгаавал амьдраагүй байсан ч сайхан м

Морь буусан шагай шиг босоо хийморьтой эр хүн

Монголынхоо буян заяаг дааж явах учиртай юм

Мөрөөдөн мөрөөдөн дууллаа чиг мөр нь үлдэх хорвоогийн

Мөнх бусын шидэт цэцэрлэг зүрхэнд минь гэрэлтэнэ

V


Мөнх бусын шидэт цэцэрлэг зүрхэнд минь гэрэлтэнэ

Мөөмөө санасан хүүгийн зүүд шиг орчлон доо

Үүрд бусын ховст хүрээлэн сэтгэлд дэлгэрнэ

Үрээ хүлээсэн ээжийн гэрэлт зөн шиг хорвоо доо

Магнайд чинь тодрох мэлмийнээс маанийн үсэг тодоръюу

Мянган бурхан залрах сайн цагийн дэлхий дээ

Зүрхнээс чинь дэлгэрэх хайраас тарнийн үсэг нисэлдюү

Зүйлийн бурхад морилох зүмбэр сүмбэр хорвоо доо

Гангарч хатирах хээр минь нэгэн цагт тэнгэрт нэгдьюү

Галын заль шиг хийморийг ямагт дэгдээж амьдаръюу

Мөн ч дотно халуунаар залбиран хүлээсэн юмсан

Мөр замд минь жамын алтан гөрөөс хатирна

VI


Мөр замд минь жамын алтан гөрөөс хатирна

Мөргөлийн жимээр шувууд ирэх нь хайрын дохио ёо

Үргэлж чамайг бодох хайрын шидэт дохиурыг

Өргөж зогсоо сахиусан тэнгэрийг үзэсгэлэнт Венера л гэдэг дээ

Нүдэн нуур долгилоход дагаж долгилох сэтгэл минь

Нөмгөн мананд жингэнэх тарнийн цэцэг мэт ээ

Гангар гунгар дуунд нь тэнгэрийн шилтгээн үзэгдэх

Галуу болоод ангир жигүүртэй хөгжим мэт ээ

Гэрэл сүүдэр урссан торгон огтлолцолт хорвоо дээр

Гэнэт шийдээд хүн болж төрсөндөө баярлавч баршгүй

Тиймийн учир би бурхны зүүдэнд амьдарч

Тэлмэн хонгор аялгуу болсондоо догдловч баршгүй

Намирч асгарах зөнтэй морин шарга од байх сан

Наран сарны солбицох зайд гэрэлтэн үзэгдэх сэн

VII


Наран сарны солбицох зайд гэрэлтэн үзэгдэх

Намирч асгарах зөнтэй морин шарга од байх сан

Түг түмэн жил хязгааргүйд гэрлээ түгээж

Төгөлдөх орчлонг гийгүүлэх монгол аялгуутай од байхсан

Уулсын царамд цэцгийн үр тэтгэдэг

Усны гүнд чулууны судал өнгөлдөг

Голын аминд хөх заль бадраадаг

Намирч асгарсан зөнтэй морин шарга од байхсан

Наашаа цаашаа л урсаж байх сан

Бодолд чинь гэрэлтэхдээ тэнгэрийг шивнэж

Болор хундагатай дарсанд чинь жингэнэж байх сан

Нархажид, Үржинхандын заллагатай

Нандин тийм цэцэрлэгээс бурхны амьсгал эгшиглэнэ

VIII


Нандин тийм цэцэрлэгээс бурхны амьсгал эгшиглэнэ

Намраас хаврын симфони сонсох уу, хоёулаа

Навчис бясалгаж дүүрээд шаргалтсаныг тэндээс ойлгож

Нарны гэрэл гэгээрэлд хөтөлдгийг нотлох уу, хоёулаа

Хагдарч хийсэх нь урган төлжихийг зөгнөөд

Хачин тунгалаг борооноор урсгал нийлэх үү, хоёулаа

Харанхуйн хэвлийд гэрлийн хөврөл үргэлжлэхэд

Хайртай бүхнийхээ төлөө амиа золих уу, хоёулаа

Сарны зөнч үлгэрийг туулайн чуулганаар хэлэлцэхэд

Самрын үр дотор амьдарч үзэх үү, хоёулаа

Хулсны исгэрэх аялгууг лимбэдэж дуулаад

Хувь заяаг минь зурсан бийрч бурханд талархъя

IX


Хувь заяаг минь зурсан бийрч бурханд талархъя

Хундага дарсанд болор од жингэнэхэд талархъя

Хул шаргал аялгуунаас буга урамдахад талархъя

Хурын мянган дуслаас тэнгэр гэрэлтэхэд талархъя

Намайг хүн болгосон дорнын эгшиглэнд талархъя

Чамайг надтай учруулсан долоон бурханд талархъя

Хязгааргүйгээс онгод хөлөглөсөн сахиус тэнгэрт талархъя

Харанхуйгаас гэрэлт тэмүүлсэн сарнай цэцгэнд талархъя

Сөхөрч гуниглавч тэжээн тэтгэх далдын хүчинд талархъя

Цөхөрч гомдовч инээж угтах холын зөнд талархъя

Ятга хөглөх бүсгүйн дүрэлзэх үзэсгэлэнд талархъя

Хутга барих дээрэмчний хувирах санаанд талархъя

Хуучир лимбэ болох хулс зэгсэнд талархъя

Хумхын тоос болох орчлон дэлхийд талархъя

X


Хумхын тоос болох орчлон дэлхийд талархъя

Хуур хөглөх агшнаа гүү унагалахад талархъя

Хурд хувааж төрсөн босоо унаганд талархъя

Хувьтай Монголын цэлгэр тал нутагт талархъя

Талархаад байгаа сэтгэлийг хүлээж авсанд талархъя

Тавилан заяаг минь хөглөсөн тэнгэрийн хөгжимд талархъя

Манан дунд дохих намуу цэцгэнд талархъя

Маргааш болох лусын амьтдын чуулганд талархъя

Мөлхдөг хөлхдөг, нисдэг сэлдэг бүхэнд талархъя

Мөөмний сүүн дуслаас орчлон бүрдэхэд талархъя

Мөндөрлөг шүүдэрлэдэг ургадаг хагдардаг бүхэнд талархъя

Мөнхийн ганц үнэнд цөмөөрөө цугларахад талархъя

Галт бөмбөрцөг, мөсөн уул, сансар мандалд талархъя

Гарыг минь ганзганд хүргэсэн ижий, аавдаа талархъя

XI


Гарыг минь ганзганд хүргэсэн ижий аавдаа талархъя

Гал уурагнаа бүрэлдэх ертөнцийн эхлэлд талархъя

Ганган хул эгшиглэх эртний ерөөлд талархъя

Галавт олохуяа бэрх хүмүүн заяанд талархъя

Галуун цуваа ганганан зэллэх тэнгэрт талархъя

Халуун хайр ундран оргилох та бүхэнд талархъя

Газрын мянган судас төрсөн нутагтаа талархъя

Ганц дотор мянгыг багтаах нууцад талархъя

Гансрал зовлонг ч гоо үзэсгэлэнд хувиргахад талархъя

Гай түйтгэрийг ч холдуулж чадах сүр хүчинд талархъя

Галбарваас модноо галбингаа донгодоход талархъя

Ганлингийн эгшгээр ч хорвоог уярахад талархъя

Гавал аяганаас дарс хүртэх учир тохиолд талархъя

Гайхамшгийг бүтээх хүслээс хөтөлсөн цагийн зүүдэнд талархъя