Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ: Уурхайн ажилчдын хоол хүнснээс нян илэрсэн

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. Мөн үеэр Өмнөговь аймгийн уурхайн ажилчид удаа дараа хордлогод орсон талаар тандалтын албаны дэд захирал Э.Одмаа мэдээлэл өгсөн юм.

Тэрээр “ХӨСҮТ-д 2025 оны гуравдугаар сарын 16-наас хоолны хордлогот халдварын талаарх мэдээллийг Өмнөговь аймгаас ирүүлсэн. Бид дөрөвдүгээр сарын 10-нд тэнд мэргэжлийн багийг томилон ажиллуулсан. Нийт гурван том дэгдэлт уул уурхайн компаниудад гарсан. Эхний үед 548 хүн, дунд үед 970, сүүлд 802 хүн гээд олон хүн хордлогод өртсөн. Асуумж судалгаа авч, эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн хүн нь 15-33 хувьд илэрсэн. Нийт 46 хувьд шинж тэмдэг илэрч, 74 хувийг шинжилгээнд хамруулж чадсан. Хоол хүнснээс нян илэрсэн байгаа. Өмнөговь аймгаас ХӨСҮТ-д 70, 119, 117 тохиолдол ирж хэвтэн эмчлүүлсэн бол ихэнх нь 20-30 насныхан байсан. Хүндэрсэн хоёр тохиолдол бүртгэгдсэн. Сүүлд Хэнтий аймгийн Норовлин суманд 128 хүнийг хамарсан хоолны хордлого 2025 оны дөрөвдүгээр сарын 19-нд бүртгэгдсэн. Голомтод тандалт судалгаа хийж, 59 хүнд шинж тэмдэг илэрснээс найман хүнийг хүндэвтэр гэж үзэн сумын эмнэлэгт эмчилж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

“Хангарди” цэцэрлэгийн хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг 52 дахь жилдээ зохион байгууллаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын Гимнастикийн холбооноос “Хангарди” цэцэрлэгийн хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн аварга шалгаруулах тэмцээнийг 1973 оноос хойш 52 дахь жилдээ зохион байгууллаа. Тэмцээнд есөн дүүргийн 80 цэцэрлэгийн 2400 хүүхдээс шалгарсан есөн дүүргийн 19 цэцэрлэгийн 570 тамирчин ур чадвар, авьяасаа сорин өрсөлдлөө. Энэхүү тэмцээнээр цэцэрлэгийн хүүхдэд бие бялдрын болон гоо зүйн хүмүүжил олгодог чухал ач холбогдолтой. Жилээс жилд тэмцээнд оролцож буй цэцэрлэгийн тоо, хүүхдийн дасгалын зохиомж, ур чадварын түвшин болон багш нарын ур чадвар, туршлага, анхан шатны тэмцээнд оролцогчдын тоо өсөн нэмэгдэж байна. Мөн нийслэлийн Биеийн тамир, спортын газраас цэцэрлэгийн хүүхдийн заавал хийх хөтөлбөрт дасгалыг хоёр жил тутам шинэчлэн боловсруулж, цэцэрлэгийн багш, арга зүйчдэд сургалт явуулан, заах арга зүйн ур чадварыг нь дээшлүүлдэг.

Уран хөдөлгөөнт гимнастикийн аварга шалгаруулах тэмцээний нээлт, хаалтын ажиллагаанд НЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын Эрүүл мэндийн салбар хариуцсан мэргэжилтэн Э.Навчаа, нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга С.Саранцэцэг, Монголын Гимнастикийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, аэробик гимнастикийн олон улсын хэмжээний мастер, олон улсын хэмжээний шүүгч, спортын арбитрч Г.Ерөөлбат нар оролцлоо.

Уламжлалт ёсоороо тэмцээнд оролцож тэргүүн байр эзэлсэн цэцэрлэгийг цом, алтан медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр, 2, 3, 4 дүгээр байр эзэлсэн цэцэрлэгийг мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр, оролцсон бүх цэцэрлэгийн хүүхэд багачуудыг өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагналаа.

1-р байр – Т.Баянжаргал эрхлэгчтэй, Ж.Энхзул багштай Сонгинохайрхан дүүргийн 287 дугаар цэцэрлэг,

2-р байр – Г.Энхтуяа эрхлэгчтэй, Д.Шүр-Эрдэнэ багштай Хан-Уул дүүргийн 223 дугаар цэцэрлэг,

3-р байр – О.Ариунбаяр эрхлэгчтэй, Н.Номин-Эрдэнэ багштай Баянзүрх дүүргийн 146 дугаар цэцэрлэг,

4-р байр – Э.Батнавч эрхлэгчтэй, Б.Батчимэг багштай Хан-Уул дүүргийн 250 дугаар цэцэрлэгийн 1 дүгээр баг тус тус шалгарлаа.

9 номинацийн шагналын эздээр:

1. “Ур чадвар” номинацийн эзнээр: Э.Батнавч эрхлэгчтэй, Э.Мөнгөнцэцэг багштай Хан-Уул дүүргийн 250 дугаар цэцэрлэгийн 2 дугаар баг,

2. “Өхөөрдөм” номинацийн эзнээр: С.Батцэцэг эрхлэгчтэй, А.Энхтөр багштай Хан-Уул дүүргийн 230 дугаар цэцэрлэг,

3. “Хувцаслалт” номинацийн эзнээр: С.Оюунчимэг эрхлэгчтэй, Э.Мэргэнбаатар багштай Чингэлтэй дүүргийн 74 дүгээр цэцэрлэг,

4. “Жигдрэлт” номинацийн эзнээр: Т.Мөнхтуул эрхлэгчтэй, Ц.Түмэнжаргал багштай Сүхбаатар дүүргийн 109 дүгээр цэцэрлэг,

5. “Үзэгчдийн таашаал” номинацийн эзнээр: Н.Отгонжаргал эрхлэгчтэй, М.Нармандах багштай Чингэлтэй дүүргийн 126 дугаар цэцэрлэг,

6. “Хамтач баг” номинацийн эзнээр: Г.Жимсээ эрхлэгчтэй, Н.Солонго багштай Чингэлтэй дүүргийн 154 дүгээр цэцэрлэг,

7. “Онцлог баг” нийслэлийн шатанд анх удаа оролцож байгаа багаар: О.Алтанцэцэг эрхлэгчтэй, Т.Сарангуа, Н.Хаш-Эрдэнэ багштай Сүхбаатар дүүргийн 216 дугаар цэцэрлэг,

8. “Онцлог баг” шинийг санаачилсан багаар: Л.Энхчимэг эрхлэгчтэй, Б.Түвшинжаргал багштай Багануур дүүргийн 139 дүгээр цэцэрлэг,

9. “Онцлог баг” өвөрмөц дүр төрхтэй багаар: Б.Номиндалай эрхлэгчтэй, Р.Очгэрэл багштай Баянгол дүүргийн 13 дугаар цэцэрлэг тус тус шалгарлаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

 

 

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна.

Хур тунадас: 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 30-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 6-11 метр, 25-нд ихэнх нутгаар, 29-нд төв, зүүн аймгуудын нутгаар, 30-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4- 9 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан байна. 26, 29-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна.


Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Бүх хугацаанд хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 25, 29-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 3-8 хэм хүйтэн, бусад хэсгээр 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан байна. 26, 29-нд сэрүүхэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай” нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ

Парламентын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгож, хууль тогтоох үйл явцад оролцох иргэд, олон нийтийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Улсын Их Хурлаас “D.parliament” цахим платформыг 2022 оноос нэвтрүүлээд байна.

Энэхүү платформ нь иргэд Улсын Их Хуралд өргөдөл, гомдол, хүсэлтээ илгээж, хуулийн төсөлд санал өгөх албан ёсны цахим талбар болсон.

Нийтийн өргөдөл, гомдлын цахим системд 2025 оны 04 дүгээр сарын 09-15-ны өдрийн хугацаанд нийт 10 өргөдөл гаргаснаас 4 өргөдлийг хүлээн авч, 6 өргөдлийг хүлээн авахаас татгалзсан байна. Цахим системд дараах 4 өргөдлийг хүлээн авч, байршуулсан бөгөөд үүний 3 өргөдөл нь Улаанбаатар хотын даргыг хэрхэн сонгох талаарх санал байжээ.

Тодруулбал,

– Хотын даргыг Нийслэлийн иргэдийн сонгуулиар шууд сонгодог байх тухай хуулийн төсөл санаачлах санал,

– Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг өөрчлөх тухай хуулийн төсөл санаачлах санал,

– Улаанбаатар хотын даргыг ард иргэд сонгодог болох талаар ажлын хэсэг байгуулах санал,

– Улаанбаатар хотын даргыг ард иргэдийн шууд сонгуулиар сонгодог болох тухай хуулийн төсөл санаачлах санал байна.

Түүнчлэн иргэн Билэгтийн Батбилэгийн гаргасан “Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай” нийтийн өргөдлийг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар Монгол Улсын 18 насанд хүрсэн 100,033 иргэн дэмжиж, санал өгчээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар “D-Өргөдөл” буюу нийтийн өргөдөл, гомдлын цахим системд иргэний гаргасан өргөдөл, санаачилга нь 33.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх боломжтой.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүчтэй шороон шуурга шуурахыг анхааруулж байна

Өнөөдөр /2025.04.25/ Өвөрхангайн зүүн болон өмнөд, Төв аймгийн баруун болон өмнөд хэсэг, Дундговь аймгийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж салхилж, хүчтэй шороон шуурга шуурахыг анхааруулж байна‼️

Categories
мэдээ нийгэм

Улаанбурханы лабораториор батлагдсан 800 тохиолдол бүртгэгдээд байна

2025 оны 4 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар нийт улаанбурханы лабораториор батлагдсан 800 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс:
  • эмнэлэгт – 193
  • гэрээр – 37
  • эдгэрсэн – 570
  • сэжигтэй-38
  • хавьтал – 11.539 байна.

Улаанбаатарт 405, Хэнтий 6, Өмнөговь 168, Дундговь 87, Баянхонгор 6, Төв аймагт 6, Архангай аймагт 2 тохиолдол бүртгэгджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Categories
мэдээ нийгэм

25 дугаар эмийн сангийн уулзвараас ТЗДС-ийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилнэ

Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөөний засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд 25 дугаар эмийн сангийн уулзвараас Төмөр замын дээд сургуулийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн суурь солих ажлыг хийнэ.

Тодруулбал, дөрөвдүгээр сарын 24-29-ний өдрүүдэд 22:00-06:00 цагийн хооронд буюу шөнийн цагаар авто замын хөдөлгөөнийг хааж, зорчих хэсгийн суурь солино.

Өдрийн цагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм

МСНЭ-ээс мэдэгдэл гаргажээ

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын хэлэлцүүлгийн явцад хэвлэл мэдээллийнхний байр суурь, дуу хоолойг тусгах, МСНЭ-ийн төлөөллийг оролцуулах, боломжоор хангаж ажиллахыг Засгийн газар, УИХ-ын Тамгын газраас шаардаж мэдэгдэл гаргалаа.

МЭДЭГДЛИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ БАЙНА.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хурал, 04 дүгээр сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад МСНЭ болон мэргэжлийн байгууллага, сэтгүүлчдээс төлөөллийг оролцуулаагүй ХЗДХЯ, УИХ-ын Тамгын газрын зохион байгуулалт, процессын үйлдэлд эргэлзэж буйгаа мэдэгдэж байна. Сэтгүүл зүйн мэргэжлийн эрх ашгийг хамгаалах үүргийг дүрмээр хүлээж, гишүүдийн нийтлэг эрх ашиг дээр эвлэлдэн нэгдсэн мэргэжлийн байгууллага болох МСНЭ нь Засгийн газраас өргөн бариад буй дээрх хуулийн төслийг боловсруулах ХЗДХЯ-ны Ажлын хэсэгт төлөөллөөрөө дамжуулан салбарынхны саналыг тусган ажилласан болно. Гэвч хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх хуралдаануудад МСНЭ-ийн төлөөллийг оролцуулаагүйгээс үүдээд тус байгууллага өөрийн чиг, үүргээс татгалзсан мэт ойлголтыг хэвлэл мэдээллийнхэнд болон олон нийтэд төрүүлэхүйц нөхцөл байдлыг үүсгэсэнд харамсаж байна. Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хэлэлцүүлгийн явцад мэдэгдэхдээ төслийг МСНЭ бүхэлд нь дэмжсэн мэт ойлголт төрүүлэх, МСНЭ-ийн удирдлагуудтай ярилцаж тохиролцсон гэх агуулгыг илэрхийлснийг няцааж буйгаа мэдэгдэж байна. МСНЭ нь Ажлын хэсэгт төлөөллөөр дамжуулан ажиллахдаа төсөлд салбарынхны санал, байр суурийг тусгах явцдаа хууль санаачлагчдын байр суурийг харилцан хүндэтгэж, дэмжих боломжгүй бүлэг, заалтын тухайд ч саналаа тухай бүр илэрхийлэн протоколд тэмдэглүүлж байсан бөгөөд зарим асуудлыг УИХ-ын хэлэлцүүлгийн явцад шийдвэрлэх, хууль тогтоогчдын бүрэн эрхийг хүндэтгэх үүднээс хандсан болно. Цаашид УИХ-ын хэлэлцүүлгийн явцад хэвлэл мэдээллийнхний байр суурь, дуу хоолойг тусгах, МСНЭ-ийн төлөөллийг оролцуулах, боломжоор хангаж ажиллахыг Засгийн газар, УИХ-ын Тамгын газраас шаардаж байна.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Золбоо: Хоршооны хуульд өөрчлөлт орсноор малчдын гар дээрээс ноолуур худалдаж авах боломжгүй болсон

Бизнес, санхүүгийн зөвлөх М.Золбоотой ярилцлаа.


-Малчид хөдөө орон нутагт ноолуураа өндөр үнээр борлуулж чадахгүй байна гэж мэдээлж байна. Үүнд юу голлон нөлөөлж байна вэ?

-Олон улсын макро түвшний асуудлууд дэлхий нийтийн эдийн засгийг савлуулж байна. Өнгөрсөн жилүүдийн дайн, зөрчилдөөнөөс станы орнууд болон ОХУ, Европын орнуудын эдийн засаг уналттай байна. Саяхан АНУ, БНХАУ-ын худалдааны дайн ширүүсч, АНУ руу гардаг бүтээгдэхүүнд 245 хувийн өндөр татвар ногдуулсан. Гэтэл БНХАУ-ын сүлжмэл бүтээгдэхүүн болох ноос, ноолууран бүтээгдэхүүний нийлүүлэлтийн 25 хувь буюу дөрөвний нэг нь АНУ руу гардаг. Жишээлбэл, 100 төгрөгийн бараагаа АНУ руу нийлүүлэхэд 245 төгрөгийн татвар нэмж борлуулах болоод ирэхээр тухайн бүтээгдэхүүний үнэ өсөөд, эрэлт буураад байгаа юм. Энгийнээр хэлэхэд, эдийн засаг уналттай байгаа тул дэлхий нийт тансаг хэрэглээгээ танаж, татгалзаж байгаа дээр сүлжмэл бүтээгдэхүүний үнэ өсөнгүүт уналт бий болоод байна л гэсэн үг.

-Дотоод ямар хүчин зүйл нөлөөлж байна вэ?

-Өнгөрсөн жил хөдөө орон нутагт зуд турхан болж, малын тоо хэмжээ их хэмжээгээр хорогдож, ноолуурын эрэлт өсөн, түүхэн дээд үнэ буюу 185 мянган төгрөгт хүрсэн. Малчид энэ жил мөн тэр үнэтэйгээ харьцуулаад муу байна гэж хэлж буй нь ажиглагдаж байна. Олон жилийн дундаж үнийн графикаас харвал, энэ жилийн зүүн аймгуудын ноолуур 150-160 мянга, төвийн болон говийн бүсэд 100-105 мянга, хангайн бүсэд 140 мянга хүрч байгаа нь боломжийн дундаж үнэ. Надад байгаа дээрх үнийн мэдээлэл нь ноолуурын үйлдвэрүүдээс авсан мэдээлэл тул бодитой. Гэвч малчид маань яг ачир дээрээ 10-20 мянга орчим төгрөгөөр хямд үнээр борлуулж байгаа мэдээлэл байна.

-Зарим хүмүүс “Малчид заавал хоршооны данстай байж ноолуураа борлуулах боломжтой” гэж хэлж байна. Яг ингэж тодорхой заасан журам байдаг юм болов уу?

-Өнгөрсөн онд Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан. Тус хуулийн дагуу шинээр олон хоршоо байгуулагдаж, 20.000 гаруй хоршоо хөнгөлөлттэй зээлд хамрагдсанаас манай баг 40 гаруй хоршооны зээлийн төслийг боловсруулсан юм. Тус хуулийн хүрээнд өнгөрсөн оны долдугаар сарын 1-нээс малчдын гар дээрээс ноолуур худалдан авах боломжгүй болсон. Үйлдвэрлэл эрхлэгчид зөвхөн хоршооноос ноолуур худалдан авч хоршооноос чөлөөлөгдөх НӨАТ-ын баримт шивүүлж авч байгаа юм байна. Хэрвээ хувь хүнээс ноолуур авчихвал компанийн данснаас хувь хүн рүү орлого шилжүүлж байгаа учраас малчид шууд 10 хувийн НӨАТ-ын өрөнд орох болоод байгаа юм.

-Малгүй хүн ноолуур зарж болохгүй гэсэн үг үү?

-Бас шууд утгаар ингэж ойлгох нь буруу байх. Хоршооны тухай хуулийн суурь нь малчдыг хоршиж, хамтран бизнес төлөвлөгөөтэй менежменттэй, тогтвортой байдлаар аж ахуйгаа эрхлэн хөгжүүлэхийг л дэмжих санаа. Хоршоонд малгүй гишүүн элсэж болохгүй гэсэн заалт байхгүй. Харин хоршооны зээлд хамрагдахад л зээл хүсэгч гишүүд нь А дансаараа барьцаагаа бүрдүүлэх боломжтой байх шаардлага тавьж байсан. Энгийн хэн нэгэн ямар албан тушаал хашдагаас үл хамааран аль нэг хоршоонд гишүүнээр элсээд явах боломжтой гэсэн үг. Харин одоогийн байдлаар хоршоонд элсээгүй бол малгүй хүн ноолуур зарах нь бүү хэл, малтай хүн ноолуур зарах боломжгүй л байдалтай байна даа.

-Малчид хавар ямаагаа самнаад, гайгүй хэдэн төгрөгтэй болдог. Гэвч өнөөдөр гар дээрээ мөнгөгүй байна гэсэн мэдээлэл өгч байна. Малчдын ахуй амьдрал ямар байна вэ?

-Хаврын улиралд төл малын дуу цангинаад, урь орж, ханш нээгдээд, малчдын маань орлогын дийлэнх хувийг эзэлдэг ноолуурын нийлүүлэлтийн үе. Энэ л үед олсон орлогоороо өнгөрсөн жилийн малчны зээл, хэрэглээний зээл, өвс тэжээлийн өр төлбөр, оюутны төлбөр, амьжиргаа дээшлүүлэх байр, сууц, машин тэрэгтээ зарцуулдаг. Өнгөрсөн жил ноолуур өндөр үнэтэй байсан. Энэ жил бүр ч нэмэгдэнэ гэж хүлээж буй малчид цөөнгүй байсан байх. Тиймдээ ч энэ жил цаг сайхан байсан тул бүх л баярыг өргөн дэлгэр тэмдэглэж өнгөрөөсөн. Малчид маань өндөр хүлээлт тавьж өндөр дүнтэй зээл авсан тохиолдол их байна. Угтаа бол ирээдүйд орж ирэх тодорхойгүй орлогоо барьцаалаад баяр, наадам хийх нь санхүүгийн хямрал бий болгох эрсдэлтэй.

-Малчдад малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнээ илүү үнэ хүргэж зарах боломж байна уу?

-Миний бие яг одоо малын гаралтай түүхий эдийн “Гүнцэг” үндэсний идээ ундаа брэндийн хөгжүүлэлт, судалгаан дээр ажиллаж байгаа юм. Тиймээс нэг чухал мэдээллийг онцлон хүргэхийг хүсч байна. Органик бүтээгдэхүүний тухай хууль батлагдаж, 2025 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Эхнээсээ малчид органик гэрчилгээтэй болж байна. Өмнө нь бид эрүүл, органик, цэвэр, байгалийн гэх мэт олон үгээр түүхий эд, бүтээгдэхүүнээ нэрлэдэг байсан ч одоо бол дээрх хуулиар органик гэсэн ганц үгийг л хэрэглэх болж байгаа юм. Органик болоход хэцүү зүйлгүй юм билээ. Хөөцөлдөж байгаад л шалгалт, аудитдаа тэнцчихвэл гэрчилгээгээ авчихна шүү. Органик мал, мах, сүүн бүтээгдэхүүн нийлүүлдэг малчид илүү үнэтэйгээр бүх түүхий эдээ борлуулах боломжтой болж байгаа. Үндэсний үйлдвэрүүд ч удахгүй бүгд л органик гэрчилгээтэй малчидтай хамтран ажилладаг болно гэж бодож байна.

-Малчдад татварын дарамт хэр их байна вэ?

-Малчид мал, мах түүхий эд борлуулахдаа НӨАТ-аас чөлөөлөгддөг, орлогын албан татвар төлөхдөө 1 хувиар төлдөг. Бүх хүн л 10 хувийн орлогын албан татвар төлж байхад шударга бус байна гэх мэтээр хот, суурин газрынхан их шүүлжлэлтэй ханддаг. Гэвч 10 хувийн орлогын албан татвар авах гэж үзсэн ч малчид маань түлш шатахуун, үйл ажиллагааны зардал, өртөг зэргээ тооцож, орлогоосоо хасч тайлан мэдүүлэх боломжгүй тул шууд 1 хувь болгосон гэдэг. Үүнийг зөв өнцгөөр харж ойлгох хүн олон байх гэж найдаж байна. Харин малчид гэлтгүй хүн бүрийн худалдан авч буй бүх бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд НӨАТ-ын татвар бий.

Д.ЭРДЭНЭТУЯА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдаагүй үлдсэн 200 мянган хүүхэд байна

Өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчний батлагдсан 758 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тэдний дийлэнх нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

ЭМЯ-ны НЭМБГ-ын дарга Л.Баттөр хэлэхдээ, “Иргэд төдийгүй зарим мэргэжлийн хүмүүс улаан бурхныг хөнгөн өвчин гэж үздэг нь ташаа ойлголт. Гэтэл ДЭМБ-ын мэдээлснээр 2015–2016 онд дэлхий даяар 45 сая гаруй хүн улаанбурхнаар өвдөж, 136 мянган хүн эндсэн.  Эндсэн тохиолдлын 90 орчим хувь нь бага насны хүүхдүүд байсан.

Улаанбурхны эсрэг вакцины зардал нэг хүүхдэд 24 мянган төгрөг бол өвчилсөн тохиолдолд эмчилгээний зардал 200 мянган төгрөгөөс давдаг байна.

Товлолын дагуу уг вакциныг хүүхдэд 9 сартайд анхны тун, 24 сартайд хоёр дахь тунгаар хийдэг. Гэвч товлол хоцорсон, тасарсан тохиолдлуудын улмаас улсын хэмжээнд 200 мянга орчим хүүхэд вакцинд хамрагдаагүй нь эрсдэл дагуулж байна. Тиймээс вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийг тандалтын аргаар илрүүлж, нөхөн дархлаажуулалтад хамруулна гэв.