Монголбанк алтны нөөцөө 1.5 тонноор
нэмэгдүүллээ гэж Zolotonews.ru
сайт мэдээлжээ. Гурван сар дараалан
өссөнөөр төв банкны алтны нөөц 5.8 тонн
болж байгаа аж. Энэ нь 2008 оноос хойшхи хамгийн их хэмжээ гэж Блүүмберг
мэдээлж байна. Гэнэтийн ашгийг татварын
хууль гарахаас өмнө манай алт олборлогч
120 гаруй компани Монголдбанкинд жилдээ 15 мянган тонн алт тушааж байсан юм. Сонирхуулж
хэлэхэд Казахстаны алтны нөөц 4,9 тонн, Азербайжаны нөөц нэг тонн,
Украины алт 0,6 тонн-оор
нэмэгджээ. Өнгөрсөн онд унци алтны үнэ дунджаар
1669 ам.доллар байж, дэлхийн улс орнуудын алтны нөөц 534.6 тонноор
өссөн байна. Энэ нь 1964 оноос хойших
хамгийн өндөр үзүүлэлт аж.
Month: March 2013
-ЯПОНЫ ЕРӨНХИЙ САЙДЫН АЙЛЧЛАЛ ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛЖ БАЙНА-
Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлал өнөөдрөөс эхэлж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар ирж буй тэрбээр Ерөнхий сайдтай албан ёсны хэлэлцээр хийхээс гадна УИХ-ын дарга З.Энхболдтой уулзаж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхах юм.
Удам дагасан малчин гэдэг шиг удмын улстөрч хүн бол Японы Ерөнхий
сайд Шинзо Абэ. Түүний өвөө Кан Абэ, аав Шинтаро Абэ нар бүгд улстөрчид байжээ.
Түүний аав Шинтаро Абэ гадаад худалдааны сайдаас гадна дэлхийн хоёрдугаар дайны
дараа Японы гадаад хэргийн асуудлыг хамгийн удаан хугацаанд хариуцан ажиллаж
ирсэн сайд гэдгээрээ түүхэнд үлджээ.
Бас түүний ээж Ёко Киши бол 1957-1960 онд Ерөнхий сайдын албыг хашиж байсан Нобосүкэ Кишигийн охин юм. Ерөнхий сайдын охин бас ирээдүйн Ерөнхий сайдын ээж Киши Дэлхийн хоёрдугаар дайны үед Ерөнхий сайд байсан Хидеки Тожогийн кабинетийн гишүүн байсан гэдэг. Дэлхийн хоёрдугаар дайнд Япон Улс ялагдаж, Холбоотны цэргийн хүчин мэдлийг авах үед эртнээс улс төрийн хоригдлуудыг хорьдог байсан Сугамо шоронд хүргэгдсэн гэсэн баримт байна. Харин сүүлд энэ шоронгоос гарсныхаа дараа Киши Японы Ардчилсан намыг байгуулсан бөгөөд 1950 онд Ёшидагийн Либерал нам, Кишигийн Ардчилсан нам нэгдэж өнөөдрийн Шинзо Абэгийн удирддаг Либерал Ардчилсан намын эхлэлийг тавьсан байна. Эцэг, эхийнх нь улс төрд орсон замнал нь өнөөдрийн Ерөнхий сайд Шинзо Абэг ийм л хувь заяаны сонголтоор явах зам мөрийг зассан биз ээ. Тэрбээр 2006 онд 52 настайдаа анх Ерөнхий сайдын албыг хүлээн авч байсан юм. Ингэснээрээ Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших Японы түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд гэгдэж байлаа. Хэдийгээр жил орчим энэ албыг хашсан ч түүний нам парламентад үнэмлэхүй ялалт байгуулснаар өнгөрсөн арванхоёрдугаар сард дахин Ерөнхий сайдын албанд томилогдсон. Сэйкэйгийн их сургуулийн Хуулийн сургуулийг улс төрийн шинжлэх ухаанаар төгсч бас АНУ-ын Өмнөд Калифорнийн их сургуульд номын дуу сонссон тэрбээр ажлын гараагаа Кобэгийн Гангийн үйлдвэрээс эхэлсэн юм билээ. Хоёр жилийн дараа тэндээсээ гарч, Гадаад хэргийн сайдын буюу аавынхаа туслахаар ажилд орж, бас намдаа албан тушаал хаших болсон ажээ. Энэ бол 1982 он байлаа. Ерөнхий сайд болох хамгийн өндөр магадлалтай гэгдэж байсан аав нь 1991 онд таалал төгсчээ. 1993 онд Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимд Ямагучи мужаас сонгогдсоноор Шинзогийн улс төрийн карьер нь эхэлсэн гэж болно. Тэрбээр Төлөөлөгчдийн танхимын гишүүнээр өнөөг хүртэл долоон удаа сонгогдоод байгаа юм билээ. Ямагучи мужийг төлөөлөн парламентад суух боломж түүний өвөө Кан, аав Шинтаро нараас уламжлагдан ирсэн гэхэд болно. Үнэхээр түүний гэр бүлийн улс төртэй холбогдсон үүх түүхийг үргэлжлүүлээд байвал сонирхолтой баримт маш олноор гарч ирэх бололтой юм. Хоёр өвөөгийн нэг нь гишүүн, нэг нь Ерөнхий сайд байсан гээд л хөвөрнө. Тэрбээр Ш.Мори, Ж.Койзуми нарын Засгийн газрын хэрэг эрхлэх газарт орлогч дарга, даргын албыг хашиж бас намынхаа генсек, генсекийн орлогч гээд бүхий л шатанд нь ажиллаж байгаад дарга нь болсон юм. Тэрбээр 2006 онд Японы Ерөнхий сайд Жуничиро Койзумигаас халааг нь авч, Японы 90 дэх Ерөнхий сайдаар томилогдсон билээ. Койзуми Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа харийн нутагт амь үрэгдсэн япон цэргүүдийнхээ дурсгалд зориулсан Ясүкүни сүмд очиж, энэ нь Өмнөд Солонгос, Хятадуудын эсэргүүцэлтэй байнга тулгардаг байсныг хүмүүс санаж байгаа байх. Япон цэргүүд биднийг түрэмгийлж байсан байхад ийнхүү очих нь хохирогчдыг үл хүндэтгэсэн хэрэг гэж гомдогсод хэлдэг байсан юм. Байнга хэл ам татлахаас эмээлгүй очдог байсан Койзумигийн уламжлал Шинзо Абэгийн үед тасарсан билээ. Шинзо Абэ сүүлд нь Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа очоогүйдээ харамссан гэж мэдэгдсэн удаатай.
Шинзо Абэ Ерөнхий сайдаар томилогдоод жил дөнгөж өнгөрөв үү үгүй юу ажлаа өгч байсан юм. Түүнийг Ерөнхий сайдын албанаасаа буух тэр үед буюу 2007 оны намар Японы томоохон хэвлэлийн агентлаг “Kyodo news” дээр дадлага хийж байсан болохоор уг үйл явдлыг япончууд яаж хүлээж авч байсныг сайтар санаж байна. Ер нь Ерөнхий сайд ажлаа өгч магадгүй гэгдэж байгаа, түүний үед эдийн засгийн үзүүлэлт унасан учраас олон нийт шахалт үзүүлж байгаа гэж хэд хоногийн өмнөөс нь ярьж байсан бөгөөд тухайн өдөр манай “Kyodo news”-ийнхэн бүрэн бүрэлдэхүүнээрээ онцгойлсон байдалд ажиллаж байсан. Тэгээд парламентын танхимтай шууд холбогдож байгаа гэсэн телевизор руу хамраа шигтгэх шахам суусан ахлах редакторыг удаан ч хүлээлгэлгүй асуудал шуурхай өрнөж, Абэ суудлаасаа бууж байсан юм даг. Гэхдээ япончууд түүнд ам сайтай байсан санагддаг. Бас эхнэрийг нь нэлээд өвөрмөц эмэгтэй гэсэн дүгнэлтийг мэргэжил нэгтнүүд маань өгч байсан. Маш нээлттэй эмэгтэй, хүмүүстэй илэн далангүй байдаг гэж түүнийг онцолж байсан. Уламжлалт дэг жаяг хатуу япончуудын хувьд үнэхээр тэгж хэлэхээс ч аргагүй байх. Сэтгүүлчдийг ширээндээ урьж суулгаад, шар айргаар дайлж өөрөө ууж, илэн далангүй ярьж суудаг гэж тэд ярьж байсан. Бас “Хааяадаа Марс руу ниссэн энэ тэр гээд сонин түүх ч ярьдаг” гээд инээж байсан билээ. Хүмүүст нээлттэй энэ эмэгтэй 1962 онд төрсөн бөгөөд нөхрөөсөө найман насаар дүү ажээ. Англи хэлээр мэргэшиж, Риккёо их сургуульд “21 дүгээр зууны нийгмийн загвар судлал” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан юм байна. Бас радиод хөгжмийн нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байсан гэдэг. 1987 онд гэрлэсэн энэ гэр бүл хүүхэдгүй юм. Гэхдээ хатагтай Акиэ Абэг хүүхдэд их хайртай, эмэгтэйчүүдийн нийгэм дэх оролцоог нэмэгдүүлэхэд анхаарал тавин ажилладаг гэх юм билээ. Мөн монгол гэрийн эзэгтэй нартай адил, солонгос сериал үзэх дуртай гэж байгаа. Нөхрийнхөө Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд хатагтай Акиэ япон хэв шинжийн сургууль гэгддэг “Шинэ Монгол” бүрэн дунд сургуульд зочлохоор болж байгаа гэсэн. Сургуулийн үйл ажиллагаатай танилцахаас гадна ахлах ангийн “шинэ монголчууд”-тай яриа дэлгэх ажээ. Өнөөдөр 14.20 цагт Улаанбаатарт хүрэлцэн ирж, маргааш өглөө 10.20 цаг явах Японы Ерөнхий сайдын айлчлалын хөтөлбөр тун товч. Дээр дурдсанаар Төрийн гурван өндөрлөгтэй уулзаж, хэвлэлийнхэнд мэдээлэл хийж, сөрөг хүчний төлөөлөл болгож МАН-ын даргатай уулзаж, бас Дамбадаржаа дахь Япон цэргүүдийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ гэсэн товчхон хөтөлбөртэй юм билээ.
Гэхдээ томоохон орны төрийн тэргүүнүүд Азийн хэд хэдэн орноор айлчлах хөтөлбөрийнхөө хүрээнд Монголыг багтаадаг байсан үе ард хоцорсныг Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн айлчлал нотолж байгаа. Тэрбээр зөвхөн Монгол Улсад айлчлал хийхээр тусгай үүргийн онгоцоор ирж байгаа юм. 2006 онд Ерөнхий сайд Ж.Койзуми манайд албан ёсны айлчлал хийснээс хойш Наран Улсаас Ерөнхий сайд айлчлаагүй байсан билээ. Ж.Койзумигийн өмнө 1999 онд К.Обучи, 1991 онд Т.Кайфу нар албан ёсны айлчлал хийсэн байдаг.
Гэхдээ энэ удаагийн айлчлал нь урьд өмнөхөөсөө ялгаатай байгаа нь япончууд өөрсдөө санаачилга гарган даруу бусаар хэлбэл “гуйж” ирж байгаа юм. Сүүлийн жилүүдэд санаанд оромгүй улсуудын төрийн дээд албан тушаалтнууд Монголыг зорих болсныг хэвлэлүүд онцлох болсон. Энэ нь мэдээж уул уурхайн салбартай холбоотой. Энэ удаагийн айлчлалын нэг шалтгаан мөн л энэ гэдэг нь Японы хэвлэлүүдэд бичсэнээс харагдаж байгаа юм. Япон энэ салбарт манайхтай хамтрахыг чин сэтгэлээсээ хүссэн. Оросуудтай бас хятадуудтай хамтарч консерциум байгуулж хүртэл Таван толгойн тендерт орж байсан билээ. Харин манайхан яах гээд байгаа нь мэдэгдэхгүй өдий хүртэл явчихаад байгаа. Сүүлдээ Японы Элчин сайдын яамнаас гомдлын үг чулуудаж байсан нь цөхөрснийх биз ээ. Үнэндээ ч Улаанбаатар хот хөлдөх гэж байсан хэцүү цаг үед бидэнд япончууд л гараа сунгасан. Картны барааны хомсхон бараан дунд япон, монгол төрийн далбаатай лаазтай хуурай сүү сэтгэл баясгаж байсныг одоо ч ярих хүмүүс олон. Бас гадаадын бусад тусламж шиг их тоо сонсгоод ямар нэгэн байдлаар буцаагаад ямар нэг байдлаар авчихдаггүйгээрээ Японы тусламж өөр гэж манайхан онцолдог. Тэд судалж судалж яг л энэ хэрэгтэй гэж үзсэн төсөлдөө хөрөнгөө оруулдаг хашир улсууд. Нарны зам, Нарны гүүр бас өчнөөн олон дунд сургуулиуд барьж өгсөн. Монголчууд хэн хамгийн ойрын хандивлагч байсныг мартаагүй л дээ, мартах ч үгүй. Тэгээд ч одоо монголчууд олон улсын тавцан дээр гуйдаг улс орны ангиллаас хэдийнэ хасагдчихаад байгаагаа ч мэднэ. Тэгэхээр бид хариу барих цаг болсон гэж үү.
“Аяганы
хариу өдөртөө, агтны хариу жилдээ” гэсэн сургааль үгтэй монголчууд япончуудад хариуг нь барьж чадах болов уу. Тэд биднээс юу хүсч байгаа бол. Дээр дурдсан уул уурхайн салбарт хамтрах сонирхлоо бататгаж таарах байх. Бас Японы хэвлэлүүдэд дурдсан хийгээд бүс нутагт болж байгаа үйл явдлын өрнөлөөс харвал тэд “Бидэнд Монгол гэдэг найз байгаа” гэдгийг зарим улсуудад батлан харуулахыг хүсч байж магадгүй юм. Сүүлийн үед Япон-Хятад хийгээд Япон-БНСУ-ын харилцаа тийм ч аятай биш байгаа. Ялангуяа Хятадтай харилцаа таатай биш. Тэд зах зээлээсээ Японы бараа бүтээгдэхүүнийг шахах бодлого баримталж, ингэх нь ашигтай учраас БНСУ ч дөгөөсөөр ирсэн. Бүс нутагтаа шахагдах байр суурьтай байгаа Япон эдийн засгийн өсөлт нь хурдасч, Ардчилсан орнуудын лидерийн түвшинд яригдах болсон Монгол Улс бидэнтэй байгаа шүү гэдгийг батлахыг хүсэх нь лавтай. Тийм ч учраас Шинзо Абэ сакура цэцэглэх цагаар Монголд ирэхийг хүссэнээ мэдэгдсэн болов уу. Япон Улс Хятадтай ч, Өмнөд Солонгостой ч газар нутгийн маргаантай байгаа. Өнгөрсөн зунаас хойш ширүүссэн Сэнкаку арлын маргаан дээр Шинзо Абэ бүр ч хатуу байр суурьтай байгаа хүн. Хот айлын хүмүүс хоорондоо муудахдаа саахалтынхаа айлынд ирж юу болсныг ярьж дэмжлэг авахыг хүсдэг шиг нөхцөл байдал үүсээд байгааг үгүйсгэх аргагүй. Айлчлалын хөтөлбөрт тодорхой заагаагүй ч уг айлчлалын нэг зорилго нь Хойд Солонгостой холбоотой асуудал байхыг ч худлаа гэх газаргүй. Хойд Солонгос болон Японы харилцаа бас л эмзэг. Хойд Солонгостой ойрын харилцаатай гэх Хятадаар гол асуудал дамжсаар ирсэн. Гэтэл Япон, Хятадын асуудал ийм болчихоод байгаа нөхцөлд тэр орон зайн дээр нөхөж тоглож болох улс хаанах вэ гэвэл Монгол. Тэгээд ч өнгөрсөн хоёр жил дараалан Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр Япон, Хойд Солонгосын төлөөлөгчдийн уулзалт болсон нь хэвлэлээр бичигдэж л байсан. Ер нь умард Солонгостой ч, Японтой ч сайхан харилцаатай Монгол Улс асуудлыг шийдэхэд гол тоглогч болж чадна шүү дээ. Энэ мэт уг айлчлалын хүрээнд яригдах асуудлууд цөөнгүй болов уу. Сар орчмын өмнө Ерөнхий сайд Шинзо Абэгийн бие төлөөлөгч Ерөнхийлөгчтэй уулзаад явсан сураг байсан. Тэгэхээр энэ айлчлалаар юу хэлэлцэхээ ярилцсан байж таарна.
Японы тал ийм зорилготой айлчилж байгаа юм бол бид уг айлчлалаас юу хүлээж болох вэ. 2010 оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японд айлчлах үеэр манай хоёр орон харилцааны шинэ түвшинд гарч байгаагаа зарлаж, стратегийн иж бүрэн түншлэлийн орон боллоо гэдгээ зарласан. Яг эдийн засгийн хувьд дорвитой өөрчлөлт бол гарч амжаагүй л байгаа. Энэ удаагийн айлчлалаар ч эдийн засгийн том, том гэрээнд гарын үсэг зурах нь юу л бол. Гэхдээ бид Нисэх онгоцны буудлын асуудлыг хөндөхөд болохгүй гэх зүйлгүй. Япончуудын дэмжлэгээр нисэх онгоцны шинэ буудалтай болох тухай яриад удаж л байгаа. Мөн хоорондоо зөрчилтэй байгаа ч Чөлөөт худалдааны гэрээ байгуулах гэж буй Япон, Өмнөд Солонгос, Хятад дээр манайх нэмэгдэх тухайд дэмжлэг хүсэхэд ч болохгүй гэх зүйлгүй болов уу. Хэрэв тэрэнд нь нэгдчихвэл Зүүн хойд Ази руу бүтээгдэхүүнээ гаалийн татваргүй гаргаж болох боломж нээгдэх юм. Мэдээж, хоёр улсын харилцааг улам бүр батжуулах шат нь болдог дээд хэмжээний айлчлалуудын талаар ч ярьж таарах байх. Энэ удаад Японы талаас Ерөнхий сайд нь ирж байгаа юм чинь дараагийн удаа манайхаас Ерөнхий сайд очих зэргээр асуудал яригдах нь зүй тогтол.
Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн айлчлалын талаар дүгнэлт хийн
тоймлон өгүүлэхэд ийм байна. Бүс нутагтаа гол тоглогч болж, лидер болох нь ямар
ч улсын зорилго байдаг. Монголчуудын хувьд бүгдэдтэй нь найрсаг сайхан харилцаатай
БНХАУ, БНСУ, Японы аль, аль нь энэ өрсөлдөөнд үзэж байгаа, бас бүгдийнх нь удирдлагууд
шинэ тутам солигдсон. Тэгэхээр найрсаг хөршүүдээс маань ирэх айлчлал ганц үүгээр
дуусахгүй биз ээ.
МИАТ-ийг сонгож үйлчлүүлсэн 124 зорчигч төлбөртэй залхаалтад талхигдаж, талхигдаж 50 гаруй цаг хүлээлгэнд байсаар арайхийн Улаанбаатарын барааг харлаа. Берлинээс бүртгэлтэй 97, Москвагийн бүртгэлтэй 27 зорчигч МИАТ-ийн “Боинг-737-800” онгоцыг сонгож үйлчлүүлэх гэсэн биш цаг зав, мөнгө хөрөнгө, сэтгэл санаа, эрүүл мэнд бас дээрээс нь доромжлол амсч арайхийн зорьсон газраа ирлээ дээ. Берлинээс суух гэж өөр газраас ирсэн хүмүүсийн урт нислэгийг нэмбэл дал шахам цаг ч явж ирсэн хүмүүс байгаа гэсэн. Мөнгөө төлчихөөд залхаалтад зовж, зовж ирсэн хүмүүс Буянт-Ухаад буухдаа дуугарах ч сөхөө байхгүй, гомдоллох ч чадалгүй болсон байгаа нь харагдлаа. Бас битүү хавантаж, гишгэх ч тэнхэлгүй болсон хүмүүс ч байсан.
Уг нь Монголын Иргэний Агаарын тээврийн үйлчилгээг сонгоод байхад нь чирэгдүүлснийхээ төлөө Засгийн газрыг төлөөлж Зам Тээврийн сайд нь МИАТ-ийн дарга даамал, хариуцлагатай албаны хүмүүсийнхээ хамт зэрэгцэж зогсоод уучлалт гуйн хүлээж авах байсан юм. Гэвч тэгсэнгүй. Өчигдрөөс хариуцлагын асуудал сөхөж байгаа л дуулдана. Уг нь тэднийг угтаж авах үедээ л хариуцлагаа бодох байсан юм.
Японд гүүр нурсны төлөө салбарын сайд огцордог нь энгийн асуудал. Тэд үүнийг хариуцлагын, ёс зүйн, ичгүүрийн хэм хэмжээ гэж үздэг учраас ингэж огцорч чаддаг. БНСУ-ын шинэ Ерөнхийлөгчийн томилсон Хууль зүйн сайд хувийн ёс зүйн алдаандаа хариуцлага хүлээн огцорч байна. Ингэснээрээ тус улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгчид багагүй эрсдэл авчирч байгаа ч ёс зүйн хариуцлагаа ухамсарлаж ажлаа өгч байх жишээтэй.
Харин манайхан тэгж чадсангүй. МИАТ-ийнхэн үе, үе онгоцоороо Европын холбооны орнуудаас визийн асуудалтай улсуудыг ачиж авчирдаг шигээ л хандах шив дээ. Үнэндээ хамаг стресс нервээрээ тоглуулчихсан улсууд гарч ирээд олон юм ч ярьж чадсангүй. Тэд хэрэглэгчдээ хаан гэж тооцох байтугай хөлийнхөө тоосонд гишгэлээд хаясан энэ компанийнханд гомдоллох ч тэнхээгүй болсон байв. Ерөөсөө “Юм ярих ч тэнхэл алга” гээд бушуухан гэрийн зүг явахыг хүсч байлаа. Уг нь энэ хүмүүс Монголынхоо агаарын тээврийг дэмжиж, эднийхийг сонгож, тэдэнд л хөрөнгө оруулж ирсэн дэмжигчид нь байв. Тэд МИАТ-т ажилладаг хүмүүсийг хэн хүнээс илүү дархтай, хөрөнгө мөнгөтэй болгодог гол хөрөнгө оруулагчид нь байв. Тэд Монголын төсөвт хөрөнгө цугларуулдаг энэ байгууллагыг сэтгэлээсээ дэмжиж, халааснаасаа угждаг эзэд нь байв. Бас тэд төрийн мэдлийн энэ компанид худалдаж авсан талх, утсаар ярьсан нэг минутандаа татвар төлж мөнгийг нь босгодог татвар төлөгчид нь байсан. Гэвч тэднийг эздээ гэж хүлээж авах байтугай хариуцлагагүйгээс нь болж хохирсон хохирогчдын хэмжээнд ч угтаж авсангүй. Дугуйны хий суларсан нь хэний буруу юм, нөөц дугуйгүй ачаа бараа чихэж явдаг стандарт хаанахын стандарт юм, бас хил гаалийн бичиг баримтаа дутуу бөглөж, хөршийнхөө хаалган дээр дугуй тэврээд зогсдог нь бас л хэний тэнэгрэл юм бэ. Дэлхийд үйлчилгээгээрээ хамгийн муу гэдгээрээ зартай ОХУ-ын “Шереметьево” дээр хоёр шөнө болсон тэднийг газардахын өмнөхөн МИАТ компанийн Эрхлэгчийн үйлчилгээний хэлстийн дарга П.Минжмаа, Агаарын хөлгийн засвар үйлчилгээний хэлтсийн дарга Т.Аюуш нарын өгсөн мэдээллээс харахад гэмших байтугай бараг загнаад байгаа юм биш үү гэмээр. П.Минжмаа нь “Бид зорчигчдыг халуун хоол, ундаа зочид буудлаар хангасан. Бүгдийг нь зочид буудлаар хангах боломгүй учраас хүүхэд, өндөр настнуудыг байрлуулж, бусдыг нь VIP lounge-ийг түрээсэлж байлгасан” гэж мэдэгдсэн бол зорчигч ахмадуудын яриагаар гурав дахь өдөр нь буюу нисэхийн өмнөхөн буудалд оруулсан гэдэг нь батлагдаж байгаа. Бас зарим зорчигчид манай редакц руу хандаж “Яаж ингэж ичгүүргүй худлаа хэлж чадаж байна вэ. VIP lounge нь терминал Е дээр хоёрдугаар давхарт нь байдаг юм билээ. Биднийг түүнээс наана байдаг зааланд гудас тавьж өгч байрлуулсан. Болж буй байдлын талаар мэдээлэл өгөөд байвал бид ч бас ойлгоно. Гэтэл төлөөлөгч нь биднээс зугтаад, дандаа худал мэдээллээр хуурсан шүү дээ. Хүмүүсийг чирэгдүүлсэндээ гэмших биш ичгүүргүй худлаа хэлж байгаа нь дэндүү байна” гэж байсан юм. Харин Т.Аюуш нь хэвлэлийнхэнд “Хүн төрөлхтөн өнөөдөр мөнхийн хөдөлгүүр гэдэг зүйлийг бүтээж чадаагүй байгаа учраас техникийн саатал гарч л байдаг. Тэрийг урьдчилж хараад тухайн цаг үед нь цаг алдалгүй засварлах тухай л яригдана. Техник учраас манай онгоцонд гэмтэл гарахгүй гэж хэлэхэд хэцүү” гэж цэцэрхсэн байгаа юм. Юун мөнхийн хөдөлгүүрийн тухай цэцэрхэл вэ. Урьдчилж хараагүй, тухайн цаг үед нь засварлаж нислэгээ үргэлжлүүлж чадалгүй өчнөөн олон хүнийг чирэгдүүлсэндээ харамсч буй гэмшлийн үнэр ч энд алга. Хуучны пост коммунист орнуудад л байдал ингэж өрнөдөг. Ийм орнуудад иргэдээ хүн гэж үздэггүй, нийгмийнхээ хамгийн үнэ цэнэгүй зүйлийг хүнээ гэж боддог. Уг нь хамгийн үнэтэй нь хүн байх ёстой. Эзэд нь тэд л байх ёстой байдаг. Ер нь төрийн мэдэлд байгаа газар бүхэн асуудалд ингэж л хандах гээд байдаг юм. Бүр арга ядахдаа МИАТ-ийг үгүйрүүлж ядууруулах шахсан гээд баригдаад байгаад тэр хүмүүс нь хувийн нислэгийн компаниа бушуухан хөл дээрээ босгочихсон байсан бол иргэд маань ингэж доромжлуулахгүй байсан даа гэж бодогдож байна. Хувийн мэдэлд чанартай чансаатайхан шиг авиа компанитай болчихсон байсан бол МИАТ-ийн үйлчилгээг сонгож хамаг байдгаараа тоглуулчихаад бүтэн “уучлаарай” гэсэн үггүй хоцрохгүй байсан юм. Хувийн компаниуд ажилдаа хариуцлагатай байж бас буруугаа ч хүлээж чаддаг. За тэгээд ч хуучин социалист тогтолцооноос салж дараагийн нийгэмдээ шилжиж байгаа улс орнуудад хулгай хийгээгүйгээр хүчирхэгжсэн хувийн компани ч байхгүй л дээ. Хулгай ч гэж, ямар нэг байдлаар төрийн өмч хөрөнгийг түшиглэж байж л том компаниуд нь хөл дээрээ боссон байдаг. Тэгээд “Нэрийг маань маань хүртэл хулгайлчихлаа” гээд уравс доровс гээд байгаа МИАТ-ийн байгаа царайг хар л даа. Зорчигчдодоо боломжит байдлаа ч танилцуулчихгүй, хоёр цаг болоод л ниснэ гээд байсан байгаа юм. Өнөө хэд нь итгэл найдвараа сүүмийлгэчихгүй ачаа бараагаа бэлдэж хүлээсээр гурав дахь өдрийнхөө нүүрийг үзсэн байдаг. Энэ сарын 25-ны өглөө 7 цагт газардах ёстой байсан хүмүүс 27-ны 11 цагийн үед л нэг буусан байгаа юм. Тэр хүмүүс Москвад байгаа МИАТ-ийн төлөөлөгч нь хэл ус ч байхгүй, ажлаа ч мэдэхгүй хүн байна гэж аргаа барсандаа твиттер, фэйс хуудсандаа мэдээлсэн байсан. Дандаа ах дүүсээрээ албан тушаалд нэгнээ томилдог төрийн энэ компанийн ялзрал иргэдийг хохироогоогүй гэж хэн батлах юм бэ. Эхний өдөр нь төмөр сандал дээр, дараагийн өдөр нь хүйт даасан зааланд хаймран гудсан дээр. Тэгээд хэлж ярьж байгаа нь тэр чигтээ доромжлол. Бас нөхөн төлбөр гэж заримд нь 200 ам.доллар, заримд нь 600 рубль өгсөн байгаа юм.
МИАТ төрийн мэдэлд байгаад л байвал үйлчилгээ нь үүнээсээ дээрдэх
нь юу л бол. Харин ч илүү их доромжлолыг иргэддээ үзүүлэх биз. Тиймээс ялзарсан
энэ газрыг хувьчлах цаг нь болжээ. Нөгөөх “Готов нь авна уу, Шадав нь авна уу” гэдэг
шиг хэнд очих нь хамаагүй, эзэнтэй болгох нь чухал юм байна. Хувьд гаргаж, хувьцаа
гаргаж хариуцлагатай болгох цаг болсныг зорчигч гэдэг хамгийн үнэт капиталдаа хамгийн
тоомжиргүй хандсан энэ явдал нотоллоо.
“Тамхи татсан хүн орой гэртээ ирээд агсан согтуу тавьж, эхнэр хүүхдээ зодож нүдээд байхгүй биз дээ…” гэж телевизээр нэг эмэгтэй ярьж байна лээ. Энэ үнэн үг. Монгол эмэгтэйчүүдийн ихэнх нь ингэж хэлэх байх.
Тамхи татсан хүн агсам тавьж, хүн алаад байсан гэж мэдэхгүй. Харин архи уугаад согтуу ирсэн нөхөр л гэрээ сүйдлээд, гэргий хүүхдээ зовоодог. Эсвэл үүрч дүүрч өсгөсөн нялх үрээ эрийн цээнд хүрлээ, одоо л нэг гараас гарч хүн болох нь гэхэд тэр нь аль хэдийнэ архинд толгойгоо мэдүүлчихсэн байдаг. Элдэв асуудалд орооцолдож, гэмт хэрэг үйлдэж, орчин тойрныхондоо гай уддаг. Цаашлаад хулгайч, худалч, дээрэмчин, алуурчин болж байна. “Архи уухгүй л бол араар тавих ч яамай” гэж хүүхнүүд ярих болж. Аргаа ядсандаа л тэгж хэлдэг байх. Гэр бүл салалт, нийгэмд болохгүй байгаа бүхэн архинаас болж гарч байна. Нийгэмд айдас түгшүүр төрүүлж, архи уудаггүй хүмүүс нь архичдаасаа эмээн түгшүүртэй амьдарсаар байгаа. Саяхан Тамхины хяналтын тухай хууль гарлаа. Одоо Архины хяналтын тухай хууль гаргах хэрэгтэй байна. Тамхины хуулиас урьтаж, Архины хууль гаргах хэрэгтэй байсан юм. Ийм хууль гаргахгүй бол Монгол тэр чигээрээ архин далайд живэхдээ тулчихлаа.
Монголчууд ерөнхийдөө хоёр хуваагдсан. Нэг нь ажилтай, амьдралтай монгол, нөгөө хэсэг нь архичин монгол байдаг. Архичин монгол нь ажилтай, амьдралтайгаа бас зовооно. Архи уудаг хүмүүс ажилгүй учраас архи уулаа гэж өөрсдийгөө өмгөөлж, бусдад буруу өгөх нь бий. Ажил олдохгүй гэдэг худлаа. Хаа сайгүй ажлын байр бий болж байна. Архи ууж байгаа учраас л ажилгүй байгаа юм. Архи ууж байгаа учраас ядуу, архи ууж байгаа учраас гэмт хэрэг тасрахгүй байгаа юм. Гэмт хэргийн ихэнхийг буюу 70-80 хувийг нь согтуудаа үйлдсэн байдаг гэсэн. Архи хүнийг өөрийгөө хянах чадваргүй болгодогоос тэр. Архи ууж байгаа учраас гэр бүлийнхнээ шатааж, архи ууж байгаа учраас амиа хорлож байгаа юм. Хүнд сайн, муу тал байдаг ч эрүүл байхдаа хүн өөрийгөө хянаж, гомдол, цөхрөл уур уцаараа дарж байдаг. Сэтгэл доторх арслан барсаа номхотгож байдаг. Архи уусан үед нь нөгөө арслан барс нь сэрж өөрийн ухаанаа алдан хорвоо ертөнц жижигхэн, бүх зүйл амархан хялбархан харагдаад эхэлнэ. Ингээд өөрийгөө баатар мэтээр төсөөлдөг юм шиг байгаа юм. Ингээд л юу ч хийхээс буцахгүй болж өөрийн ухаанаа алдаж араатан шинжээ гаргадаг.
Архины хяналтын тухай хууль гарна гэж нэлээд эртнээс ярьсан. Ингэх юм бол хуурамч архи ихэсч, этилийн спирт уугаад үхнэ гэцгээж сандралдах юм. Боль гэж хорихоор үхдэг юм байж. Хориогүй байсан ч архиа уугаад үхэж л байна. Сайн дураараа юугаар хийсэн нь мэдэгдэхгүй хямдхан архийг ууж байгаа. Архийг ам руу нь цутгах биш өөрсдөө л сайн дураараа ууж байгаа. Архичин хүнийг өмгөөлөх аргагүй. Бага насны хүүхэд, дунд сургуулийн хүүхэд, ная гарсан хөгшин, эрэгтэй, эмэгтэй ер нь нас харгалзахгүй ууж байна. Тийм бол архи уудаггүй хүмүүс нь ядаж архи уудгаасаа болж үхмээргүй, зовмооргүй байгаа юм. Америкт 1920, 1930 оны үед хуурай хууль гаргаж архийг хориглоод бөөн юм болсон. Хожим нь энэ хуулийг больсон ч далай, тэнгис шиг их архийг уух нь багасч, орчин үеийн Америк бий болсон. Тэгэхээр ядаж хуулиа гаргая. Хууль гараагүй байхад үр дүн нь ямар байхыг хэн хэлж мэдэхэв дээ.
Монголын том эмгэнэл нь архи болсон. Айлд ёс юм шиг нэг архичин байдаг. Гэрт нь байхгүй байлаа гэхэд хамаатан садных нэг нь архичин. Архичинтай өссөн хүүхэд ямар хүн болж хүмүүжихэв. Архичин л болж хүмүүжиж байна.
Архинаас ард түмнээ чөлөөлж байж ард түмэн бий болно. Согтуу монгол бий болоод байна. Х.Баттулга “Хүнс үйлдвэрлэе, хор үйлдвэрлэхээ болье” гээд л байсан. Харин түүнийг хэн дэмжсэн юм бол. Архины үйлдвэрлэгчид нь бизнесээ бодоод ард түмнээ бодох сөхөө алга.
Манай сонин “Баярлана гэдэг балгахын нэр биш”, “Архин далайд дайвалзах Сант сумынхан, Чеченийн Бам буюу хорт хүмүүний хөндийгөөс хийсэн тэмдэглэл”, “Архин далайд дайвалзах Шар хадных гэгдэх архичдын дунд өнжив” зэрэг цуврал нийтлэл, сурвалжага, тэмдэглэлүүдийг уншигчдадаа хүргэж байсан. Архи уусан хүн яаж араатны авир гаргадаг, хүн хэрхэн хүнээ байдгийг газар дээрээс нь очиж бодитоор нь сурвалжилж байлаа. Энэ бол Монголд хаа сайгүй байдаг эмгэнэлт дүр зураг. Монголын амьдралын нэг хэсэг болчихжээ. Архичин хүн маргаашийн тухай боддоггүй юм шиг санагдсан. Тэдэнд ирээдүй гэж алга.
Тусгаар тогтносон улс гэж өөрийн гэсэн газар нутагтай, эх оронтой, ард түмэнтэй байдаг. Ард түмэн нь эрүүл саруул байж улс үндэстэн тогтоно. Тэгэж байж эх орон, газар шороондоо эзэн сууна. Тэгэж байж улс үндэстэн оршин тогтноно. Канад улсад явж байхад уугуул индианчууд нь ихэнх нь архичин, болчихсон байдаг. Сайн сайхан яваа нь ховор учраас уугуул үндэстэн нь бараг мөхөж байгаа гэж тэндхийн хүмүүс ярьж байна лээ. Үнэндээ бол уугуул иргэд нь нэр хүнд муутай, сүйрч байгаа гэдэг нь оршин сууж байгаа газарт очиж үзэхэд л мэдэгдэнэ. Улсаас өгсөн бэлэн халамж, ажил хийх шаардлагагүй гэж үзээд л халамжийн хэдээрээ архи уучихдаг юм билээ. Аль муу бүхэн л тэднээс гардаг гэсэн. Цагаачлагчдаар дүүрэн энэ оронд цагаач иргэд нь харин сайн сайхан амьдарч байгаа юм. Бусад нь ингэж амьдарч болоод байхад уугуул иргэд нь амьдарч болж л таараа. Харамсалтай нь индианчуудын амьдрал манай архичдаас нэг их ялгаа байхгүй. Одоо бол индианчуудыг уугуул иргэн гэж домог төдий л ярьдаг болсон байна лээ. Энэ байгаагаараа архин далайд сэлээд байвал Монголын хувь заяа ч мөд тэднийхтэй адил болоход ойрхон байна. Ядаж байхад Монголын энэ олон баярууд архидалтыг улам дөгөөж, архи уух шалтагийг нь нэмэх юм.
Архинаас болж гарсан аймшигт хэргүүд өдөр ирэх тусам нэмэгдэж, арга нь нарийслаа. Саяхан архи ууучихаад хадмынхаа талынхныг эхнэртэйгээ хамт шатаасан аймшигт хэрэг гарлаа. Согтуу араатны гарт галд шатсан хөөрхий тэр гэр бүлийнхэн өдөр бүр нэг нэгээрээ хорвоог орхиж байна. Эмээ өвөө, эгч ах, ээжийг нь хөнөөсөн эцэг үр хүүхдийнхээ нүүрийг яаж харах юм бол. Нэг айлын амьдралыг тэр чигээр нь үгүй хийсэн архи гээч нь нэг улсыг ч бас үгүй хийж чадна шүү.
Кармен уйтгартай гэж үү?
ДБЭТ урын сангийнхаа гол бүтээлүүдийн нэг Ж.Бизегийн “Кармен”
дуурийг шинэ бүрэлдэхүүнээр тоглоод удаагүй байна. Өнгөрсөн бямба
гаригт энэ дуурийг тоглохдоо гоцлол дуучин меццосопрано Ц.Арюнаг шинэ
Карменаар гаргаж ирж байгаагаа онцолсон юм. “Кармен”-ий бусад жүжгээс
давж гарсан гол мөн чанар нь хүний сэтгэл хөдлөлийг хамгийн хурц тод
өнгөөр өгүүлсэнд байдаг. Хөгжмийн дүрслэлээрээ гол дүр Кармен нь
хүчтэй характерний дүр учраас жүжигчнээс тийм хэмжээний их эмоцийг
илэрхийлэх чадвар шаарддаг том сорилт байсаар иржээ.
Гэтэл
шинэ Кармен маань эсрэгээрээ төрөл арилжсан мэт тун уйтгартай юм. Бүтэн
жүжигт тоглох нь зүгээр зогсч байгаад ари дуулахаас мэдээж огт өөр тул
зарим жүжигчид дуурьт үнэндээ жулдаж байна. Хамтран тоглогчтойгоо
харьцах төгс харьцаа, жүжигт өөрийгөө бүрэн зориулах зэрэг үнэт
чанарууд илт үгүйлэгдэж, энэ бүгд байхгүйгээс оркестртойгоо ер
наалдаж өгсөнгүй, “Кармен” бүр танигдахааргүй болж орхив. Үнэнийг
хэлэхэд “Кармен” дуурийн дүрийн энэ удаагийн шинэ туршилт нь өнөөгийн
залуу уран бүтээлчид сонгодог урлагт хэтэрхий хариуцлагагүй, хайнга
хандах болсныг харуулж байна. Ингэхэд Кармен уйтгартай гэж үү?
Дуурийг анх сонсч буй хүнийг ч дуурийн улаан фэн болтол нь дурлуулдаг
жүжиг “Кармен” шүү дээ. Түүнчлэн жүжиглэнэ гэдэг нь үзүүлнэ гэсэн үг
болохыг ч “Кармен” илүүтэй сануулдгаараа онцгой. Энэ жүжгийн сүүлийн
хорь гаруй жилийн тоглолтоос үзвэл, сэтгэл хөдлөлийн байж болох тэр дээд
өнгийг үзүүлсэн жүжигчид гэвэл ардын жүжигчин Ч.Мөнхшүр, гавьяат
жүжигчин Д.Долгормаа нар байна. Харин одоо бэлтгэгдэж буй меццосопрано
СТА Д. Доржхорол, Ц.Арюна нар, өөр хэн ч бай цаашид ялангуяа Д.Долгормаа
гуайн бүтээсэн тэр өндөрлөг рүү мацах л хэрэгтэй болж байна.
Тэгэхгүйгээр, залуу жүжигчинд цаг хугацаа хэрэгтэй гэх мэт шалтгаанаар
жүжигт хайнга хандвал Кармений байр суурийг хэзээ ч эзэлж чадахгүй
юм. Залуу жүжигчин залууддаггүйн жишээг Ж.Вердийн “Аида” дууриас харж
болно. Уг дуурийг тавихад Б.Эрдэнэтуяа, С.Мөнгөнцэцэг, Ш.Наранчимэг
гээд сопрано хоолойтнууд бүгд Аидад дуулсан бөгөөд Ш.Наранчимэгийн
бүтээсэн Аида үнэндээ ганхашгүй юм. Тэр тийм хүчтэйгээр байр сууриа
сонсогч үзэгчдийн зүрх сэтгэлд зарлаж чадсан. Тэр бас л залуу жүжигчин.
Тэгэхээр сонгодог дуурьт жүжигчид “залуу” гэдэг шалтгаанаар тэр бүр
хариуцлагагүй хандаад байдаггүйг нотлох энэ мэт жишээ олон. Театр энэ
тоглолтоороо шинэ Карменийг зарласан учир зөвхөн Кармен хүүхнийг онцлон
үзсэн сонссоноо хуваалцахад ийм. Мөн л сүүлийн хорь гаруй жилд
Бизегийн хөгжмийн гармонизаци, оркестровкийг хамгийн нарийн
ялгарамжтайгаар буюу жинхэнэ өнгө будаг нь үнэртэж гарт баригдахаар
сонсгосон тохиолдол симфони оркестрын хувьд энэ удаагийн тоглолт
байсныг бас онцлохоос аргагүй. Гэсэн хэдий ч энэ төгс тоглолтыг ганц
гол дүрийн тоглолт баллаж орхисныг нуугаад яахав. Дуурьт оролцож буй
хэн боловч түүнд өөрийгөө зориулсан олон арван уран бүтээлчдийн өмнө
умартах эрхгүй хариуцлага хүлээснээ бүү мартаасай.
Н.ПАГМА
-Б.ЖАМЪЯНДАГВА, Н.ТУУЛАЙХҮҮ, Г.ЭРДЭНЭБААТАР НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЁСТОЙ-
Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Лхагвын Эрдэнэбулгантай ярилцлаа.
–Сүүлийн үед таны яриа хөөрөө сонин хэвлэлийн хуудаснаа тэр бүр харагдсангүй. Нам гүмхэн байлаа. Тэгэхээр тантай олон сэдвээр ярилцахыг хүсч байна. Эхлээд ижий аав, ус нутгийн тухай асуух гэсэн юм. Урин хаврын тийм нэг налгар цаг байна даа?
-Нээрээ
одоо санах нь ээ, би өөрөө л ус нутаг руугаа морь шиг гүйгээд байснаас нутгийнхаа тухай ярилгүй удсан байна шүү. Би чинь Булган аймгийн Бугат сумын хүн. Бухын гол гэдэг газар төрсөн. Удам гарал гэвэл ерөөсөө л малчин, тариачин. Хорин хоёр нас хүртлээ мал дээр байсан. Урин хаврын тухай асуулаа. Хавар болохоор манайхан чинь тариагаа тарина. Яд өдийд гунан шарнуудыг тэргэнд оруулж, анжисаа шалгаж хэмхэрсэн хугарсныг нь янзална. Тэр л үе минь бодогдож багын хөрсөнд намайг аваачих шиг боллоо. Дөрөвдүгээр сарын эхээр тариандаа гардаг сан. Бугатынхан Сэлэнгэ мөрнийхөө хөвөөнд л очно доо. Тэнд ямар сайхан зүйлийг үзнэ гэж бодно. Би гэдэг хүн өдий наслахдаа дэлхийн дөч гаруй орноор явсан байна. Гэхдээ Сэлэнгэ мөрний хөвөө, хаврын хаварт манайхан тариагаа тарьдаг Зад Бартын нутгийг минь яахин гүйцэх билээ. Тэр бол үлэмжийн төгс төгөлдөр орчин. Ятуу, хөтүү, бор сойр зэргийг хүмүүс зүгээр нэг шувуу төдийхнөөр л мэдэж байгаа. Тэгвэл биднийг тариандаа гарах тэр үеэр шувуудын найр болдог. Тэдгээр шувуунууд чинь өд сөдөө эргүүлээд Сэлэнгийнхээ тойромд шумбана. Гоё гоё дууны өнгө гаргаад л. Эмэг ижий минь “Миний хүү эдгээр шувуудыгаа битгий үргээгээрэй. Ирэх жил төрүүлэх үр удмаа бэлдэж байгаа юм. Ийм л цагаар нэг жаргадаг юм даа, хөөрхийс” гэдэг сэн. Тэгж л шувуутайгаа, малтайгаа, хүнтэйгээ нийлж газраа хагалдаг байлаа. Газрын хөрс ямар гоё, дотно дулаахан үнэртэй байдгийг тариач удмын хүмүүс мэднэ дээ. Тэр үед чинь яргуй нүдэлж мал таргалдаг цаг.
–Ёстой л нөгөө хаврын баяр гэдэг чинь тэнд болдог байжээ?
-Манай
Сэлэнгэ мөрнийг ерэн есөн рашаантай гэдэг. Би үүнийг дэгсдүүлсэн тоо гэж боддоггүй. Ухаандаа, Хануйн гол гэхэд л гучин гурван рашаантайгаар цутгаж байна. Сэлэнгэд адууны өвчинд сайн ус гэж бий. Газраа хагалах гэж явахдаа адуугаа багширтал туугаад очно. Цөн түрснийх нь дараа адуугаа усанд оруулна. Нялх унаганууд цүүцэг цүүцэг гээд л орно шүү дээ. Адуутайгаа тоглоно. Устайгаа наадна. Үнэндээ хаврын баяр гэдэг чинь тэр л байхгүй юу. Ингээд сар гаруй бужигнаад буцаад гэртээ ирдэг байлаа.
–Аав ээжийн тань тухай асуумаар байна. Та чинь хүнд өргүүлээд дараа нь төрсөн гэртээ ирсэн тухай нэгэнтээ дурсч байсан даа?
-Би
чинь бас их сонин амьдралтай хүн шүү дээ. Хоёр аав, хоёр ижийтэй хүн юм. Миний өргөж авсан аавыг Дашдаваа, ээжийг Доржханд гэдэг байв. Төрсөн аав минь Лхагва, ээж минь Цэнд-Аюуш гэж байлаа. Намайг дөнгөж долоон нас хүрэхэд өргөж авсан ижий аав хоёр минь гуравхан хоногийн зайтай бурхан болсон. Тэгээд л тэднийхний удмыг дамжиж явсаар 21 настайдаа буцаад төрсөн гэрээ бараадсан түүхтэй. Өргөж авсан аав минь аймгийн дотоодыг хамгаалах газрын хурандаа байсан юм. Би нэг зүйлийг их хатуу боддог. Ямар ч тохиолдолд хүн үр хүүхдээ бусдад үрчлүүлж болдоггүй юм аа гэж. Хүнд өргүүлсэн өөрөөрөө л бодоход жаахан гомдол хадгалж явдаг шиг билээ. “Би энэ айлын шоовдор хүүхэд нь юм болов уу эсвэл царай муутай, ухаан муутай юм болов уу” гэж боддог л байхгүй юу. Нарийн учрыг нь мэднэ л дээ. Өрөөсгөл бодож боломгүй санагдана. Гэхдээ л өрөөсгөл бодол төрөөд байдаг юм. Үрчилж авсан ижий аав хоёр минь ганц хүүгээ хүний дайтай яваг дээ гэж бодоод тэр багад нь бурхны орон руу явчихсан ч юм болов уу даа. Учир нь би тэр айлд очоод хоргой торгон дээр хөлбөрч байсан юм гэсэн. Хүүхэдгүй айл болоод тэр үү, их л эрхлүүлж байж. Хэрвээ тэр эрхийн тэнэгээр өссөн бол өнөөдөр ингэж яваа ч билүү гэж бодогдох үе өвгөн ахад нь байдаг. Ийм л учиртай.
–Сэлэнгийнхээ хөвөөнөөс гарч их хотын барааг анх харсан түүхийг тань сонирхвол?
-1959 онд Монголын залуучууд оюутны анхдугаар наадам гэж боллоо. Тэр наадамд оролцсон нь миний хувьд их азтай тохиолдол болсон. Түүнд намайг хэн оролцуулав гэхээр Монголын хөгжмийн суу билэгт хүн, алдарт дуучин Жигзавын Дорждагва гуай. Тэр хүнээр баруун зүүнээ заалгаж байсан минь агуу хувь заяа юм. “Цоохор” Мижиддорж гэж тайз дэлгэцийн урлагийн бас лут хүн байсан. Монгол Улсын гавьяат жүжигчин хүн. Цэргийн чуулгын найрал дууны багш “ногоон” Очирбат гэсэн гурван аварга Булганд очоод бүх сумдаар явж урлагийн хүмүүсийг шалгаруулахад миний бие тэнцсэн хэрэг. Улаанбаатар хотод ирээд уг наадмаас би хоёр медаль авлаа. Эхнийх нь дуу дуулаад мөнгөн медаль, дараа нь ёочин зэрэг хөгжмүүдийг тоглоод хүрэл медаль авч байлаа. Ингээд баяр хөөртэй буцах гэж байтал Лувсаншарав гэж хүн төв театр дээр дуудаж байна гэдэг юм. Төв театр гэдэг нь одоогийн дуурийн театр. Лувсаншарав гэдэг нь хөдөлмөрийн баатар агуу их Дагвын Лувсаншарав багш минь байхгүй юу. Лууяа багш “Ирэх хавар танай Соёлын ордон руу хэлээд дуудуулна, хүлээж байгаарай” гэлээ.
–Сэцэн хааны их Лууяа таныг тэгж их урлаг руу хөтөлжээ?
-Лууяа
багш маань яалт үгүй хот руу дуудаж, Дуурийн театрын дуучин болгосон ачтан байгаа юм. Гэхдээ их хөгтэй. Би чинь Булганд очоод л явах юм бодоод байлаа. Цаг хугацаа өнгөрч өгдөггүй. Өвөл боллоо. Дууддаггүй ээ, яаж дуудахав дээ. Хавар болоогүй байгаа юм чинь. Тэгэхээр нь би аймгийнхаа театраас орголоо. Нэгдүгээр сар гэдэг чинь идэр ес тачигнаж байх цаг. Улаанбаатар явж буй ноос ачсан машины ноосон дунд шургаж ороод суучихсан. Хоол ундгүй ч амьтан. Тэгтэл өнөө ах хотод ирээд ачаагаа буулгаж байснаа намайг гэнэт хараад ихэд айсан гэдэг. Аргагүй шүү дээ. Би болохоор хөл гар ч тэнийхээ байчихсан нэг юм хэвтэж байдаг. Ингээд өнөө жолоочоор Сэр-Од ах, Цэдэндамба эгч хоёрын гэрийг заалгаж очиж байсан. Цэдэндамба эгчид загнуулдаг юм аа. “Хэн чамайг замын унаагаар хэл үг ч үгүй хотод ир гэсэн юм” гээд авч өглөө. Тэгэхээр нь “Төв театрын Лувсаншарав гэдэг хүн ир гэсээн” хэмээн хэнэг ч үгүй гүрийлээ. Тэгтэл юу болсон гэж санана. Өнөө Лувсаншарав гуай дээр чинь ах эгч хоёроо дагуулаад очтол хөөгдөөд гардаг юм. “Би чамайг дуудна гэсэн биз дээ. Чамайг хавар ир гээ биз дээ нөхөр минь” гэж загнуулаад, ах эгч хоёрт бас загнуулаад инээдмийн л юм болсон доо. Ингээд жаран оны гуравдугаар сарын 15-нд Дуурийн театрт орж байлаа. “Чамайг найрал дууны ангид авна. Гэхдээ нөхөр минь чи эхлээд манаач хийнэ” гэв. Хэлснээр нь Дөчин тав хоног Дуурийн театрын манаач хийж байгаад найрал дууны ангид орсон түүхтэй.
–Таныг Болгарт сургуульд төгсч ирээд Дуурийн театрт гоцлол дуучнаар ажиллаж байсныг хүмүүс мэднэ. Анх ямар дуурьт дүр бүтээж байснаа сонирхуулахгүй юу?
-Д.Лувсаншарав багшийн “Ханбүргэд” дуурь юм. Манлайбаатар Дамдинсүрэнгийн тухай дуурь л даа. Түүнд нэг урвагч золигийн дүр бий л дээ. Түүнд бэлтгээд жигтэйхэн юм боллоо. Ижий аав хоёроо урьж үзүүллээ. Гадаадад таван жил сураад ирсэн, өөрийгөө бол мундаг л гэж бодоод байгаа. Гэтэл өнөө дуурийг үзээд хоёр хөгшний сэтгэл хөдөлж байгаа юм алга аа. Би ч тэсэлгүй асуугаад автал ээж “Чи чинь тэгсгээд л үхчих юм. Түүнээс өөр дүр чамд олдсонгүй юу” гэдэг юм. Тэгэхээр нь “Ээж минь дээ би ямар сайн дурандаа үхэж байгаа юу. Дүр маань өөрөө тийм юм чинь. Ээдрээтэй, тэмцэлтэй гоё дүр шүү дээ” гэлээ. “Гоё ч гэж дээ, амьтны муу үзэж байгаад л үхчихнэ лээ” гээд тун ёозгүй байна. Хүний эх эцэг хүүгээ тайзан дээр хүртэл сайн сайхан байгаасай, гоё дүр бүтээгээд мандаасай л гэж боддогийн билээ. Харин дараахан нь “Учиртай гурван толгой” дуурийн Юндэнд тоглолоо. Ижий аав хоёроо бас л урьсан. Магнай нь жаахан тэнийсэн байх. “Ардын элч”-ийн Ариунаа буюу гавьяат Цэвэлсүрэн Нансалмаад, Балганд ардын жүжигчин Жаргалсайхан, Хоролмаад манай Булганы театрын Пүрэвсүрэн эгч тоглож байсан юм.
–Хатанбаатарын тухай асуулгүй өнгөрч боломгүй санагдана. Өөрийг тань хүмүүс Эрдэнэбулган найруулагч гэхээсээ илүүтэйгээр Хатанбаатарын дүрээр хараад байдаг?
-Эрдэнэбулган гэхээсээ илүүтэй Хатанбаатарын дүрээр хараад байдаг гэж өөрөө хэллээ. Үнэн юм аа. Наад чинь л надад тамтай байдаг. Энэхэн амьдралд эр хүнд чинь алдах онох зүйл зөндөө л байна. Гэвч Хатанбаатар гэдэг талаас хүмүүс хараад зовлонтой л доо. Энэ зовлон бол миний бие Хатанбаатарт тоглосноор нэмэгдэж буй зүйл биш юм. Гол нь Хатанбаатар Магсаржав гэж хүний Монголын түүхэнд үлдээсэн сүр хүчний өмнө өчүүхэн би өвдөг сөхөрч буй явдал. Тиймээс төвшин байхыг хичээдэг. Уг нь би идэр залуу үеэ бодоход тийм ч томоотой төлөв даруу хүн биш л дээ. Даруухнаар хэлэхэд, зүггүй эрчүүдийн нэг явсан. Дашням гэж багшийнхаа чихийг үргэлж халууцуулж, захирлын өрөөнд олонтаа дуудуулсан хүн. Багш маань Дашзэгвийн Сэнгээ зохиолчийн дүү байлаа. Тийм л зүггүй нөхөр Хатанбаатарын дүрийг бүтээснээс хойш Баатар вангийнхаа сүр хүчинд номхон байсан юм болов уу. Номхон байлаа гээд “нохой”-д долоолгуулаад хэвтэхгүй нь лав. Гэхдээ уг кино зохиолыг бичсэн Сономын Удвал гуай, найруулсан Г.Жигжидсүрэн энэ хоёрыгоо би дотроо сүсэлж, тэр сайхан дүрээ надад өгснийх нь хариуд муу муухайгаар хэлүүлчихгүй юмсан хэмээн бодож өдий хүрчээ. Нэгэнт л энэ сэдэв рүү өнгийсөн болохоор Баатар вангийнхаа тухай хэд гурван зүйлийг хэлье. Тэр хүн хар амьдрал дээр эх баригч, эрдэм номтой, бурхны номтой, Чойжин буудаг байжээ. Энэ бүгдийг нь би номоос үзсэн.
–Хатанбаатарт тоглож байхдаа улаан ягаан дээл өмсдөг. Уг дээл ч юм уу, ер нь тэрхүү киноноос дурсгал болгон хадгалсан зүйл бий юу?
-Ухаан
муутай хүн чинь хэцүү юм аа. Юм хум авч үлдэхээ мэдэхгүй юм. Гэхдээ тэр үед бүх зүйл улсын бүртгэлтэй байсан хатуу цаг. Кино дууслаа л бол бүх зүйлээ хураагаад авчина. Ганц нэг юм үлдсэн бол, ухаандаа өөрийн чинь хэлж буй дээлийг аваад үлдчихсэн бол Бугат сумынхаа музейд тавихгүй юу.
–Та Дуурийн театрын ерөнхий найруулагчаар ажиллаж байхдаа дэлхийн болоод өөрийн орны сонгодгуудыг тавьж байсан даа. Тэр тухайгаа ярихгүй юу?
-Миний
бие 30 гаруй дуурь тавьсан байдаг. Монголын болоод дэлхийн сонгодгуудаас шүү дээ. Үүн дотроосоо Оросын болоод Итали, Франц, Германы сонгодог бүтээлүүдийг багагүй тавьж байжээ. Монголоос бол Дамдинсүрэн, Мөрдорж, Гончигсумлаа, Лувсаншарав, Дарамзагд, Жанчив нарын бүтээлүүдийг тоглуулах гэж үйл тамаа идэж байлаа. Дуурийн театрын тайзнаа дуурь тавина гэдэг үнэндээ амар ажил биш. Үүнээс гадна өөрийгөө жаахан дөвийлгөх нэг зүйл бий. Тэр нь юу вэ гэвэл Ц.Нацагдорж, Х.Билэгжаргал, Б.Шарав, Г.Алтанхуяг нарын нэгэн үеийн авьяас билэгт хөгжмийн зохиолчдыг миний бие дуурийн театр руу уруу татсан. Багтаж ядсан авьяас билгийг нь дуурийн томоохон бүтээлүүдэд сорьсон. Гэхдээ тэдэнтэй хэл амаа шууд ололцоод, өнөөдөр манайдаа сонгодог гэгдэж буй дууриудыг бичүүлчихээгүй юм аа. Хэрэлдэхдээ хэрэлдэж, хэлцэхдээ хэлцэж, сайдаж муудаж явсан. Зарим үед тэднийг тоншоод авсан нь ч бий байх. Гэвч жинхэнэ уран бүтээлчид нэгэндээ гомдож тунирхдаггүйн жишгээр явж иржээ. Би бол залуучуудтай ажиллах, залуу хүний бодол сэтгэлгээгээр аливааг туурвих дуртай хүн. Билэгжаргалын “Ламбугайн нулимс”, “Гэрэл сүүдэр”, Нацагдоржийн “Үүлэн заяа”, “Өгөдэй хаан” дууриуд бол үнэндээ шинэ урсгал, цоо шинэ аялгуу байлаа. “Ламбугайн нулимс”-ыг, “Үүлэн заяа”-г үзсэн гадны нэртэй судлаачид тухайн үедээ “Дэлхийн сонгодгуудтай эн зэрэгцэхүйц бүтээл болжээ” гэж хэлж байсан. Тэгэхээр миний хөтөлж оруулж ирсэн нэгэн үеийн хөгжмийн аваргууд Монголын дуурийн урлагт шинэчлэл хийсэн гэж бахархан бодох дуртай.
–Амар сайдын тухай кино хийхээр зорьж явна гэж дуулсан?
-Би
бол аймшигтай хоёр амьтны нутагт төрсөн хүн. Түүнийгээ олонд хэлээд бөх шиг даналзах дуртай. Ханжаргалантынхаа орой дээр гараад дэвмээр бодогдох үе бий. Тэр хоёр аварга амьтны нэг нь Чин ван Ханддорж. Нөгөө нь Агданбуугийн Амар юм. Монголын түүхэнд Ерөнхий сайдаар ажилласан хүмүүсийн дундаас торойж байгаа нь Амар гэж би боддог. Агуу эх оронч, суу билэгт эрдэмтэн байж шүү. Би өөрөө түүх сонирхох дуртай хүн. Тэгээд л Амар гуайнхаа тухай нэг “юм” хийчихсэн гэж олон жил шаналж явна. Болох болов уу ч гэж горьдож байна. Хэрвээ бүтэхгүй бол би үхэх ч эрхгүй л хүн дээ. Эх орон, тусгаар тогтнол, журмын нөхөд, ард түмэн, Монголынхоо төрд чин үнэнч явснаараа тэр хүн харийн нутагт амиа алдсан. “Улаан Оросыг би хүндэтгэхгүй. Харин Оросын ард түмнийг бол хүндэтгэнэ” хэмээн тийм хэцүү цагт үнэнээ өчиж байсан. Монгол хүн өөртөө эзэн байж, Монголын төр өөрийгөө л авч явах учиртай, Монгол Улс хоёрхон хөрш оронтойгоо харилцаж болохгүй, дэлхийн улс орнуудтай өв тэгш харилцах учиртай гэж хэлснээрээ тэр хүн буруудсан л байхгүй юу. Өнөөдрийн бидний зүтгээд байгаа зүйл ердөө л энэ. Үүнийг Амар гуай зуун жилийн өмнө харж байжээ. Амар гуайнхаа тухай кино хийчихээд ус нутгийн олноо, Монгол түмнээ баярлуулах гэж бодох юм. Энэ бол уран бүтээлч миний сүүлчийн зорилго юм аа.
–Дуурийн театрын талаар та ихэд бухимдалтай явж буй нь мэдрэгддэг. Юунд тэр вэ?
-Сүүлийн
хорин жил Монголын дуурийн театрт тун хүнд байдалд орсон. Ойрын арван жилд бүр элгээрээ харуулдсан гэж хэлж болно. Намайг ингээд хэлэхээр зарим нэг хүмүүс “Дуурийн театр гайгүй л байгаа шүү дээ. Янз бүрийн тоглолт болоод өнгөтэй өөдтэй л яваа” гэж хэлж болно. Тэгвэл уучлаарай. Цагтаа наяад балетийн бүжигчидтэй, мэргэжлийн боловсон хүчин бүрэн хангагдсан, жар гаруй найрал дуучидтай, Монголын бүх л шилдэг уран бүтээлчид ажиллаж, Азид ганц гэгдэж байсан театр шүү дээ, бурхан минь. Ардын зураач Гаваа, удирдаач Жамъянгийн Чулуун, хөдөлмөрийн баатар Д.Лувсаншарав нарын таван хүн анх тулгын чулууг нь босгосон газар юм. Зах зээлийн нийгэмд улс орон минь шилж ороо бусгаа байсан цаг үе бидэнд бий. Одоо бол нэг үеэ бодоход бүх зүйл сайхан болсон. Улс орны минь хөгжил урагшаагаа явж байгаа. Харин урлаг соёл минь зогсчихоод байна. Дуурь, балетын урлаг үндсэндээ сонгодог урлагийн байгууллагыг удирдаж байгаа хүн Монголдоо боловсрол эзэмшихээс гадна олон улсын сургууль заавал ч үгүй төгссөн байх ёстой. Яагаад гэвэл энэхүү Дуурийн театрт чинь дэлхийн хүн төрөлхтний хөгжмийн урлагийн сор болсон бүтээлүүд тоглогдож байгаа шүү дээ. Тэгэхээр тархи нь цартай байх учиртай. Зүгээр нэг шоучин биш шүү. Сүүлийн жилүүдэд Дуурийн театр маань яагаад элгээрээ хэвтчихэв гэхээр бид боловсон хүчний бодлогод алдаа гаргасан. Г.Эрдэнэбат гэж залууг тавилаа. Тэр хүн Монголын ард түмэнд хүндлэгдсэн дуучин. Тэр хүн сайхан дуучин байснаас сайн удирдагч, сайн зохион байгуулагч байж чадсангүй. Миний шавь л даа. Гэхдээ би үнэнийг л хэлж байна. Бусад шиг тал тал тийшээ далчиганаж явдаг хүн би биш. Эрдэнэбат шоу маягийн нөхдийг театрын удирдах бүрэлдэхүүнд оруулж ирсэн. Тиймээс замбараагаа алдсан. Зүгээр нэг олны нүдийг мялаах төдий арга хэмжээ явуулсан. Дуурийн урлаг гэдэг нүд баясгадаг урлаг биш ээ. Хүмүүний зүрх сэтгэлийг урдаг, цэнгүүлдэг, дотроос нь яргадаг юм бодуулдаг гайхамшигт урлаг билээ.
–Эрдэнэбатын үед тийм байж. Сэргэлэн даргын үед ямар байв. Та бол элгээрээ харуулдсан гэж хэлээд байгаа?
-Манай
Сэргэлэнд авах юм бий. Тэр бол сайн балетчин хүн. Гадаад бодлогын асуудал дээр сайн менежменттэй ажилласан болов уу. Харин удирдлага, зохион байгуулалт дээр мөн л маш том алдаа гаргасан. Үүнийг би өмнө нь Сэргэлэнд ч, Эрдэнэбатад ч хэлж байсан. Би бол аливаа юмыг ил цагаан шударга хэлдэг. Ухаантай хүн боловсрол мэдлэгтэй, чадвартай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлдэг. Ухаан муутай удирдагч өөрт нь морь нохой мэт зүтгэхээр, өөрийг нь үргэлж магтан дуулж явдаг тийм нэг зусарч нөхдөөр өөрийгөө хүрээлүүлдэг. Сэргэлэн дандаа боловсрол мэдлэг дулимаг, дуурийн урлагийн үүх түүхийг байтугай дуурь гэдгийг ч мэддэггүй тийм хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлээд эцэст нь өөрийгөө идүүлээд л дууссан. Өнөөдөр дуурийн театрт сайн хоримейстр байна уу, байхгүй. Найрал дуу гэж хамгийн гол зүйл өнөөдөр дуугаралтын балансаа алдсан. Симфони оркестрын гол гол хөгжмүүд алга болсон. Сайн дурsн уран сайханчдаар хөгжим бичүүлээд, сайн дурын уран сайханчид түүнийг нь тоглож байгаа. Би үүнд балетыг хэлж байна. Уран сайхны зөвлөлийг Б.Жамьяндагва гуай толгойлж байгаа. Тэр хүн ингэхэд юу хийсэн юм бэ. Сонгодог юм хийнэ л гээд байдаг. Ерөөсөө л ярьдаг хүн байхгүй юу. Түүнээс юмыг бүтээдэг хүн биш л дээ. Дуурийн театрын ерөнхий удирдаач гэж нэг хүн байна аа.
–Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү биз дээ?
-Тийм
ээ. Тэр нөхөр гадуур л поп оркестр гэсэн юм тоглоод явах юм. Үндсэндээ халтуур хийгээд яваад байгаа. Нэг ч симфони хөгжим хийсэнгүй. Жамсранжав байхдаа хийдэг л байсан. Ж.Бүрэнбэх л хааяа нэг юм хийж байгаа харагдах юм. Ерөнхий найруулагч нь Г.Эрдэнэбаатар гэж миний шавь залуу байна. Түүнд хийж байгаа юм бас алга аа. Дуучид нь чамлаад, хөөрхийлөлтэй нэг амьтан байж л байх юм. Театрт тоглогдож байгаа бүтээлүүдийг харахаар жүжигчидтэйгээ, концертмейстртэйгээ ажилласан юм нэг ч алга. Ингэж болохгүй ээ. Академик театр гэчихээд “Түмэн эх”-ийн, цэргийн чуулгын бүжигчдийг авчраад балетад тоглуулж байх юм. Хөгжим бүжгийн балетийн ангийн хүүхдүүд манайд академик театрын бүжигчид болоо юу даа. Ийм л өрөвдмөөр болжээ, Монголын дуурийн театр. Дэлхийн жишигт хүүхдүүдийг таарсан дүрд тоглуулах зүйл бий. Гэхдээ манайх шиг арай ч ийм биш дээ. За тэгээд гоцлол дуучид гээд шижигнэсэн хорин хэдэн дуучин байна. Тэд чинь ажилгүй байна ш дээ. Тэдэнд ажил хуваарилахгүй байна ш дээ. Дуурийн театрын гоцлол дуучид гэж томорчихоод захын нэг зохиолын дуучнаас нэр хүндийн хувьд, ахуй амьдралын хувьд ч долоон дор байна. Дуурийн театрын удирдлагуудтай одоо тооцоо бодох цаг болсон. Эрдэнэбат, Сэргэлэн хоёр ажлаа өгөөд явсан учир одоо юу ярих билээ. Харин одоо байж байгаа Жамъяндагва, Туулайхүү, Эрдэнэбаатар энэ хэдэд хариуцлага тооцох цаг болсон. Намайг ингээд үнэнийг нь хэлэхээр “Эрдэнэбулган дуурийн найруулагч болох гээд…” гэж магадгүй. Би бол үеэ өнгөрөөсөн хүн. Надад тэнд ажиллах нас боломж байхгүй. Харин хувь заяагаа тэр театртай холбож, тэндээс л ханьтай болж амьдрал минь эхэлсний хувьд бусад шиг чимээгүй байж чадахгүй. Шинэ удирдлагуудад ч үгээ хэлнэ, шүүмжлэхээ шүүмжилнэ. Ийм л байна.
Ярилцсан Н.ГАНТУЛГА
Америк сар
Сэтгүүлчид Конгрессын номын санд М.Саруул-Эрдэнийн хамт
АНУ-д өнгөрүүлсэн нэг сарын тухайх тэмдэглэлээ үргэлжлүүлэн бичиж байна. Монголоос нэгэн дор 14 сэтгүүлч сургалтад хамрагдах гэж явж байсан тохиолдол үгүй байх хэмээн өмнө нь дурдаж байсан билээ. Нэгэн сарын турш хамт олон болж бужигнасан сургуулийн маань нэр “International language Institute” буюу “Олон улсын хэлний институт”. Гэхдээ энд олон улсын оюутнууд англи хэлийг суралцахаар ёстой дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн байдаг билээ. Энэ сургуульд ирсэн хүн бүрийг Бонни хэмээх жижигхэн биетэй, шингэн шар үсээ ардаа шуунийлган боосон хижээл эмэгтэй тосон авна. Сургуулийн захирал Фредрик Скогланд тусгайлсан хөтөлбөрийн дагуу очиж буй биднийг хүлээн аваад Боннитой танилцуулсан бөгөөд яагаад ч юм түүнийг туслах ажилтан юм шиг санаад байсан нь том тэнэгтсэн хэрэг байсан билээ. Харин захирал, дэд захирлын дараа орох лут хүн байж. Манай анги бусдыгаа бодвол бүл цөөтэй анги байлаа. Нэг колумб, хоёр аргентин, нэг солонгос, гурван араб, тэгээд би. Нийтдээ наймуулаа. Ерөнхийдөө сургууль маань анги дүүргэлтээ 5-15 гэж төлөвлөдөг гэхээр манайх тун боломжийн анги байсан байж таарах нь. “ILI” буюу “Ай Эл Ай” хэмээн товчлон дууддаг сургуульд маань дэлхийн 50 орны оюутан суралцдаг гэх бөгөөд хамгийн багадаа 14 наснаас эхлэн элсч болдог гэсэн. Гэхдээ аав, ээжийгээ дагаад ирсэн мэт ганц хоёр хүүхэд тэнд харагдаж байсныг эс тооцвол дийлэнх нь 20-30 насныхан юм билээ. Бас тэнд Турк дэх Казахстаны Элчин сайдын яаманд ажилладаг 40 хол гарсан дипломатаас эхлээд янз бүрийн настан, мэргэжлийнхний төлөөлөл байсныг дурдах нь зүй. Манай ангийн найман оюутны гурав нь араб. Тэр дундаа Саудын Аравийнхан. Баруун Ази дахь хамгийн том газар нутагтай Араб улсынхаа баруун, зүүн, төв хэсгээс ирсэн хэмээн Фахат, Рим, Айяаш нар өөрсдийгөө танилцуулсан. Саудын Аравийн вант улс бол дэлхийд хоёрдогч том газрын тос олборлогч орон. Тэр ч утгаараа манай гурав том байна аа, бас. Ер нь манай сургуулийн оюутнуудын нэлээд нь арабууд, бас АНУ-д түгээмэл ойлголт болох арабууд баян гэсэн ойлголт манай сургуульд ч нэвт “үнэртэж” байдаг юм. Багш маань хүртэл “Атаархаж байна” гэсэн үг оруулж өгүүлбэр зохиох жишээн дээр “Би Фахатыг баян гэдэгт атаархаж байна” гэж байгаа юм чинь. Харин манай хүн өөдөөс нь “Англи хэл таны төрөлх хэл гэдэгт атаархаж байна” гэсэн юм хэлээд л авч байна лээ. Энэ сургуульд шинэ бүлэг бүрийн дараа шалгалт авах бөгөөд шалгалт авдаг дэг журам, ирц, хоцролтын бүртгэл тун чанд. Өөр, өөр сургуульд суралцаж байсан гэх ангийн маань зарим нөхөд үүнийг жигтэйхэн онцлох юм билээ. Магадгүй энэ нь хүзүүндээ баахан төмөр түлхүүр зүүгээд намс намс гээд гэтэж байгаа муур мэт алхах Боннигийн хатуу нягт зантай ч холбоотой байхыг үгүйсгэхгүй. Манай ангид ээлжлэн орох хоёр багш маань түүнээс айна гэж жигтэйхэн. Сүүлдээ энэ нь надад хүртэл халдварлаад эхний өдрийн хээ шаагүй харьцаж байсан маань алга болж орхисон шүү. Ангийн маань эмэгтэй багшийг Ларисса, эрэгтэйг нь Майкл гэдэг байлаа. Ларисса бол бараг 43 размер өмсдөг байх. Жигтэйхэн том хөлтэй, өндөр ч бүсгүй. Германд хэл сурахаар хэсэг хугацааг өнгөрүүлж байсан гэсэн. Хааяа хоёр хацар нь жигтэйхэн улаа бутарсан сууж байхыг нь харвал Скандинав чигийн гаралтай ч гэмээр. Хүн бүртэй энгийн харьцдаг, дүрмийн хичээлээ тун шаггүй заачихдаг даруухан бүсгүй. Нөгөө багш маань тун этгээд. Өглөө тээр эрт ангид оюутнуудаасаа түрүүлж ирчихээд сууж байдаг, улаан үсээ үхэр долоолгосон мэт гялалзуулаад ирдэг ч эхний цагийн хичээл дуусаагүй байхад л өрвийчихөөд өдөржин тэр үсээрээ оролдож байдаг нэгэн билээ. Сандал дээрээ сууна гэж байхгүй, элдэв хачин хөдөлгөөн хийж хөлөөрөө тээр хол байгаа сандлаа дэгээдэж нэг ойртуулж, түлхэж нэг холдуулна. Бас гараа савчин хөдөлгөж, үсээ үрчин арзайлгаж байхдаа балаа хэдэнтээ унагана. Эхэндээ түүнийг ойлгоход хэцүү ч гэмээр зантай боловч оюутнууддаа нэг бүрчлэн ойлгуулах гэж хичээдэг бас өргөн мэдлэг нь түүнийг хүндлэхээс аргагүй болгосон юм даг. Манай хажуу ангид анхан шатныхны анги байсан юм. Багш нь гэж этгээд аашаараа манай Майклтай адил, ер нь эмэгтэй Майкл гэсэн үг дээ. Оюутнуудаа чанга чанга дуугаар дагуулан уншуулж, хичээнгүйлэн зааж байгаа нь хананы цаанаас сонсддог сон. Бага ангийн эмэгтэй багшийн дуу чангараад ирэхээр л Майклын царай улам улайж, улаан үс нь бүр босоод ирэх шиг болно. Тэгээд л биднээс “Хэцүү байгаа биз дээ” гээд дэмжлэг эрээд л, бид ч харцаараа яршиг түвгийг нь батлаад өгвөл манай хүн хаалгаа гүйцэд дэлгээд гарахын оронд нарийхан нээсэн хэсгээр багтаж ядан гулжгас гээд гараад явчихна. Удалгүй “хэлчихлээ” гээд ороод ирнэ дээ. Харин өнөөх зөрүүд нь бүр чанга уншаад эхэлдэг юм.
Багш Майкл маань жаахан гажиг зантай ч суурь мэдлэг их сайтай. Зарим нэг зүйл дээр бүр хэтэрхий гэмээр мэднэ. Жишээлэхэд АНУ-ын залуу Ерөнхийлөгч Жон Кеннидийн аллагын талаар бүүр мэргэжилтэн шиг ярина гээч. “Машин явах маршрутыг тэр өглөө нь гэнэт өөрчилсөн, ингэснээр буудлага хийсэн газарт бүр ойртсон. Эхлээд оноогүй, дараагийнх нь үхлийн шарх байсан. Энэ байшин дээр алуурчин байсан гэдэг нь худлаа. Харин дараагийн байшингаас буудсан гэсэн үг. Нэг биш нэлээд хүн байсан байх. Даанч ганц хүнийг л баривчилсан. Энэ зураг дээр олны дунд шүхэр барьсан хүн зогсч байна. Бороогүй байхад шүхрээ дэлгэсэн гэхээр буудлага оновчгүй болж, дараагийн буудлагыг хий гэсэн дохио байж таарна. Ганц Освальд энэ хэргийг хийгээгүй” гээд ярьж өгнө. Уг нь ярианы дадлага сайжруулах хичээл л дээ. Гэхдээ энэ хичээл багшийн маань сонирхол дээр тулгуурлагдаж сэдэв нь тодордог байх. Бас тэр Обамад их сайн. Ижил хүйстнийг дэмжих бодлого нь түүнд таалагддаг гэсэн.
Цөөхөн боловч эргэж оюутан болсон тэр өдрүүдээ дурсахаар тун хөгжилтэй санагдаж байна шүү. Манай анги хоёрхон бүсгүйтэй. Нэг нь би, нөгөө нь араб бүсгүй Рим. АНУ-д ирээд нэг жил орчим хэлний сургуульд суралцаж байгаа нь энэ. Их сургуульд орох төлөвлөгөөтэй байгаа гэсэн. Насаа битгий асуу гэчихээд 27-той гэж араас нь хэлж, бас АНУ-д ирээд 10 кг нэмсэн талаараа сонирхуулна. Бас багш Майкл түүнээс “Та нар эрчүүдээсээ тусдаа хоолоо иддэг гэж үнэн үү. Та нарыг идэж байхад эрэгтэй хүн ороод ирвэл яадаг вэ” гэж сониучирхана. Үнэндээ мань хэдийнхээ ярианы түвшинг л сайжруулах гэж байгаа нь тэр шүү дээ. Рим маань “Яана аа” гээд л нүүрээ алчуураар таглаж байгаа мэт дүр үзүүлж, ингэнэ дээ, гэхдээ хэн ч орж ирэхгүй л дээ” гэхэд хоёр араб залуугаас бусад нь түүнийг өрөвдөх мэт хардаг сан. Гэхдээ манай Рим бусад шигээ толгойндоо алчуур энэ тэр зүүдэггүй, жаахан хэнэггүй, гуниггүйхэн араб бүсгүй байсан даа. Түүний найз гээд болжмор шиг жиргэсэн жижигхэн бүсгүй ангид орж ирэх болгондоо шинэ сонин юм ярьсаар явдаг сан. Тухайлахад өгзөг дээшээ өргөж, алим шиг болгодог дасгалын талаар яриад явж байх жишээтэй. Тэгээд өөрөө газар хэвтээд өнөөх дасгалаа үзүүлнэ шүү дээ. Римээс гадна намайг байх юм бол арабаараа биш, англиар яриад эхэлнэ. Алчуурны цаанаас нүд дэрвэлзэхээс бусад нь нууцлаг араб бүсгүйчүүдийг ийм зүйл ч ярьдаггүй байх гэсэн бодол төрмөөр. Нөгөө талаас тэр олон эхнэрүүд дундаасаа овойн товойн харагдахын тулд үүнийг л судлаад явдаг ч юм болов уу гэмээр.
Ангийн ганц ази залуу маань Өмнөд Солонгосын Ким Манга. Өгүүлбэрийн жишээ болгонд “Ганнам” дүүргийг дурдах нь өөрийнх нь төрсөн дүүрэг АНУ-д ид моодонд ороод байгааг мэдэрсэн хүний шинжтэй. Харин Латин Америк залуучууд маань хөлбөмбөгийг жинхэнэ ярина шүү дээ. Аргентин залуу Мариано багавтар нэг багт тоглодог байсан гэнэ. Маш олон бэртэл, гэмтлийг ч авч байжээ. Гэхдээ одоо хөлбөмбөгийг орхисон ч улаан фэн нь хэвээрээ аж. За тэгээд юм огт дуугарахгүй араб Айяаш, дүрэмдээ сайн ч дуудлага гэж авах юмгүй аргентин Хавьер, хөгжилтэй колумб Андрес гээд яг сарын турш нэг анги болж суусан тэднийгээ дурсахад сайхан байна.
Сургуульд маань арабууд олноор сурдаг тухайд тодруулах зүйл бий. Тэд баян тарган гэхээсээ илүүтэй Засгийн газрынхаа дэмжлэгээр суралцдаг юм билээ. “Явцын дүн муу байвал төлбөрийг нь өгөхөө зогсоочихдог учраас хичээж сурахаас аргагүй болдог” хэмээн Рим ярьж байсан. Тэдэнд улсынх нь тэтгэлгээс гадна АНУ ч өгөөмөр гараа сунгаж буй. АНУ-ын хувьд ч арабуудыг сургах дээр тухайлсан бодлого барьсан нь мэдэгддэг. 2001 оны террорист халдлагын дараа америкчууд арабуудыг үзэн ядуулж бус харин зүрхэнд нь ойрхон байж, аль болох олон араб залуусыг нутагтаа сургах болсон явдал гэдэг билээ. Энэ бодлогын улмаас АНУ-ыг зорих арабчуудын, тэр дундаа Саудын Аравийнхан олноороо ирэх болжээ. Үнэндээ “Аль Кайда”-г үүсгэн байгуулагч Осама бин Ладен манай ангийн Фахатын төрсөн хот Риядад төрсөн нэгэн л дээ. Энэ талаар түүнээс асуухад ээж, аавынх нь хэн нэгэн өөр үндэс гарвалтай байсан талаар яриад дүйвүүлчихсэн билээ. Ямартай ч онгоц барьцаалсан 19 арабын 15 нь тус улсын иргэд байсан нь үнэн юм. Хэдийгээр уг хэрэг явдлын дараагаас арабуудад визний асуудал бэрхшээл дагуулах болсон гэж байсан ч одоо байдал өөр болжээ. Одоо дайсагнуулж биш ойртуулах бодлогыг АНУ том гүрнийхээ хувьд баримталж байна. Энэ улсын оюутнууд таван жилийн хугацаатай виз даруулж ирдэг бөгөөд бүх төрлийн даатгал бас гэр бүлийнх нь хүмүүсийн асуудал ч бэрхшээлгүй байдаг аж. 2006 онд 11,116 байсан Саудын Аравийн оюутнуудын тоо 2012 онд 71,026 болж өссөн гэсэн судалгаа байдаг юм билээ.
АНУ-д суралцаж буй гадаад оюутнуудын хувьд бол ийм. Тэгвэл одоо америкчуудыг сургаж байгаа монгол хүний тухай өгүүлье. УБИС-ийн багш М.Саруул-Эрдэнийг манайхан андахгүй. Монгол хэлээ хэрхэн цэвэр тунгалаг байлгах талаар түүний хичээн ажиллаж ирснийг хүмүүс санаж байгаа байх. Одоо түүний бичсэн нийтлэл туурвилыг ч хүмүүс уншиж байгаа. Тэрбээр Блумингтон дахь Индианагийн их сургуульд урилгаар багшлах болсон нь арван оны өмнө. Түүний гэргий Ц.Нарантуяа бас монгол хэлний багш. Энд байхдаа тэд гадаадынханд монгол хэлний хичээл заадаг байжээ. 2002 онд М.Саруул-Эрдэнэ Индианагийн их сургуульд зочин судлаачаар уригдах болсноор тэднийх алс Америкт суурьших болж. Одоо тэд Төрийн департментын Гадаад хэлний сургуулийн багш нар. Наашаа томилогдсон дипломатчдын хамгийн анхны нүүр тулж уулздаг монголчууд бараг тэд болдог байх. М.Саруул-Эрдэнэ багшийн шавь нар олон. Дипломатчдаас гадна тэнд төрж өссөн монгол хүүхдүүдэд төрөлх хэлийг нь заах томоохон ажилд ханцуй шамлан оржээ. Мөн манай сонины АНУ дахь тусгай сурвалжлагчийн албыг тэр давхар хашдаг. Бас Конгрессын номын сангийн Азийн номын тэнхимд монгол номын тасгийг хариуцдаг. Урьд нь монгол хэл дээрх номнуудыг кирилл үсэгтэй гэдэг үүднээс нь орос хүн янзалж эмхэлдэг байсан гэдэг. Харин монгол хүн тэр тусмаа Саруул багш шиг хүн тэр хэсгийг нь хариуцсанаар монгол номын тасаг “амьдраад” явчихалгүй яах вэ. Хоёр гурван жилийн турш энэ ажлыг үнэгүй хийж өгсөн гэх бөгөөд одоо тэнд албан данстайгаар ажиллах болж. Тэрбээр ямар нэгэн үнэ хөлс харахгүй, монгол ном л зөв утга санаагаараа дэлхийн том номын сангуудад байж байх ёстой гэсэн үүднээс энэ бүгдийг хийжээ. Тэр ийм л хүн. Гэр орон нь ч яг тийм. Бүгдэд нээлттэй, бас зочилж туслахад бэлэн.
Тэр санаа нийлдэг хэдэн нөхдийн хамт “Монгол соёлын төв”-ийг байгуулан ажиллах болсон бөгөөд монголчууддаа болон америкчуудад монгол хэл, түүх, соёл зан заншлаа сурталчлах чиглэлээр хоёргүй сэтгэлээр зүтгэж иржээ. Түүний сэтгэлийг зовоож байдаг зүйл бол тэнд төрж өссөн хүүхдүүд монгол хэл, соёлоос ангид өсч торниж байгаа байдал. Үнэхээр ч тэнд байгаа хүүхдүүдийг харахад зүс нь монгол, цус нь монгол, тэгээд бусад нь монголгүй хүүхдүүд олон. Яах аргагүй монгол хүүхэд атлаа эх хэлээрээ ярьж чадахгүй байхыг харахад сэтгэл эмтрэм юм билээ. Тэндхийн томоохон дэлгүүрт нэгэн гэр бүлийн хоёр жаал охиноо дагуулаад явж байлаа. Монголчуудтайгаа таарч, охиныг нь өхөөрдөж үг солих гэтэл байдаггүй шүү. “Миний дүү хэдэн настай вэ” гэхэд бодож, бодож хуруугаа оруулан тоолж байгаад “най” гэсэн билээ. Жаал охин найман настай ажээ. Саруул багшийн гэрт үйлчилдэг хамгийн том журам бол “Гэрт зөвхөн монголоор л ярина”. Журам ч хатуу биелдэг бололтой, тэгээд монгол хэлний багш нарын хүүхдүүд болоод ч тэр үү хүүхдүүд нь сайхан монгол хэлтэй. Өд охин тэнд байгаа үеийнхнээсээ ялгаатай нь төрөлх монгол хэлээрээ ч, англиар ч ус цас. “Хүүхдүүдийн хувьд сургууль дээрээ бараг өнждөг. Гэртээ буцаж ирэхдээ монголоороо түг таг гээд эхэлчихдэг. Өдөржин ажил хийж, бор хоногтоо багтаж гэртээ ордог бид нар монголоор ч хүүхдүүдтэйгээ ярьж чадахгүй байх юм даа” гэж тэндхийн монголчууд хэлэх юм билээ. “Монголчууд Америкт” номын зохиогч Ж.Галбадрах багшийн хэлснээр АНУ-д одоо гурав дахь үеийн нь монголчууд очиж байгаа гэсэн. Анхны хүмүүс нь харлаж, шинэ газар хөлөө, амьдралаа олох гэж зүтгэж бүгдийг амьдралаараа туулж болгосон хүмүүс байдаг бол хоёр дахь үеийнх нь тэдний хүүхдүүд. Харин гурав дахь үеийнхэн буюу одоо тэнд очиж байгаа хүмүүс өмнөх үеийнхнээсээ ихээхэн ялгаатай байгаа гэнэ. Мэдээж, бүгдийг туулаад зам жимийг нь гаргасан хойно очиж байгаа учраас нэг талаар хялбар. Нөгөө талаас тэд бушуухан сураад Монгол руугаа буцна гэж ярьдаг гэнэ. Ж.Галбадрах багш үүнд олзуурхаж байгаагаа нуугаагүй. “Хуучин хүмүүс яаж ийгээд л энд үлдэх тухай ярьдаг байсан бол манай залуучууд бушуухан сурч аваад л буцах тухай ярьдаг боллоо. Эх нутаг руугаа яарч байна гэхээр тэнд амьдрал сайхан байна” гэж бахархаж байсан билээ. Амралтынхаа хоёр өдөрт амжиж АНУ-ын өнцөг булан бүрт байгаа монголчуудтайгаа уулзаж, хүний газар, гүний нутагт амжилт гаргаж, амьдралаа гэрэлтүүлж яваа хүмүүсийг алдаршуулсан түүний гаргасан ном тун уншууштай. Тэр номноос АНУ-д байгаа монголчуудын нийтлэг дүр төрхийг мэдэж, мэдрэх боломжтой. Галаа багш дараагийнхаа бүтээл дээр ажиллаад эхэлсэн гэх бөгөөд бас Монголдоо ирж хийх ажлаа төлөвлөсөн байгаа гэх юм билээ.
Э.ЭНЭРЭЛ
Үргэлжлэл
бий
Маргааш Наурызын баярын өдөр. Казах түмний төлөөлөл болох Налайх дүүргийн иргэн, ахмад уурхайчин Ж.Тилеутэй ярилцлаа.
–Та хэзээ Налайхад нүүж ирсэн бэ?
-1963 онд Баян-Өлгийгөөс нүүж ирсэн. Тэнд арван жилийн сургуулиа төгсч хойно Техник мэргэжлийн сургуульд гагнуурчин мэргэжил эзэмшээд Налайхын уурхай, барилгын салбарт гучин жил ажиллаад тэтгэвэртээ гарсан.
–Таны нас сүүдэр хэд хүрч байна вэ?
-71 нас хүрч байна.
–Ач, зээ тань нийлээд хэд болж байна вэ?
-Би долоон хүүхэдтэй. Арав гаруй ач зээтэй.
–Казахын ард түмэн өндөр настай өвгөдөө аксахал хэмээн хүндэтгэдэг. Өндөр настай эрчүүл болгоныг ингэж хүндэтгэдэг үү?
-Нас ахисан улсуудыг аксахал гэж хэлж болно. Энэ үгийг үгчилбэл цагаан сахалт гэсэн утгатай. Гэхдээ аксахал хүнийхээ буурь суурийг эзэлж чаддаг ч хүн байна, чаддаггүй нь ч байдаг.
–Барууны орнуудад аллага, хядлага хийж, байшин барилга дэлбэлж байгаа гэмт этгээдүүд ихэвчлэн лалын шашинтнууд байдаг боллоо. Лалын шашин ингэж харгис хэрцгий байхыг номлодог юм уу. Та бүхний шашин чухам юуг эрхэмлэж, сургадаг юм бэ?
-Лалын шашинтнууд тийм террорист үзэл гаргалаа гэж дуулдахаар бидэнд ч их эвгүй сонсогддог. Уг нь жинхэнэ лалын шашинтан хүн тийм нүгэлтэй юмыг хийх ёсгүй. Арван хар нүглийн гол нүгэл нь хүн алах. Хамгийн хар нүглийн эхэнд нь бичигддэг юм. Сүүлийн үед лалын шашинтнууд террорист ажиллагаа явуулж байна гэх элдэв мэдээлэл гарах болсон нь бидэнд эвгүй сонсогдоод зогсохгүй, гайхширалыг төрүүлдэг. Лалын шашинт улсууд тэгэх ёсгүй. Муу юм болохоор л лалын шашинтнуудын нэрийг барьж л тийм ажиллагаа явуулдаг юм болов уу гэж боддог юм.
Манай шашин бол хамгийн ариун. Би Саудын Арабт жилд нэг удаа болдог мусульман шашинтнуудын Хажийн мөргөлд оролцоод ирсэн. Энэ жил таван сая хүн тэнд очсон. Тэр олон хүн нэгэн зэрэг тойрч мөргөл үйлдэн буян үйлдэхдээ бие биедээ ч шүргэлцээгүй. Хэрэв нэгнийхээ биед биеэрээ хүрчихвэл уучлал гуйна, биед хүрлээ гэж ер уурлахгүй байгаа юм чинь. Ерөөсөө ислам шашинтан бие биедээ хар буруу, өс санаж гомдох учиргүй. Тэр байтугай өглөө хэн нэгэндээ гомдсон бол түүнийгээ үд хүртэл хадгалах хэрэггүй, уучлах ёстой гэсэн сургаал байдаг. Их л гомдлоо гэхэд гурав хоногоос илүү хүнд гомдож болдоггүй. Бие биенээсээ уучлал гуйгаад ариусч байх ёстой гэсэн заншил байдаг юм.
Манай шашинд арван хар нүгэлд хүн алах, ядуусын хөдөлмөрийг мөлжих, архи дарс уух, садар самуун явах, хулгай хийх зэрэг гэмүүдийг багтаадаг.
Юм л бол өнөө хар овоохой гэдэг шиг халхуудын үг бий. Үүнтэй адил юм л бол лалын шашинтнууд гэдэг болжээ. Лалын шашны нэрийг гутаах гэж л тэгж ярьдаг болов уу гэж боддог юм. Лалын шашинтнуудын дунд энэ шашны нэрийг барьсан янз бүрийн хүн байж болно.
–Монголын казахууд мусульман шашны чухам ямар урсгалыг нь шүтдэг юм бэ. Мусульман шашинтнууд дотроо ангилагддаг уу?
-Мусульман хүний ислам шашин гэж ярьдаг юм. Ислам шашин ариун учир үүнийг мэдэрсэн хүмүүс жил ирэх бүр манай шашинд олон мянганаараа итгэж, орж байна. Сая Хажийн мөргөлд очиход тэнд 150 гаруй орноос мөргөлчид ирсэн байна лээ. Хятад, Солонгос гээд бүр бидний мэдэхгүй улсаас ч мусульманууд ирсэн байсан. Энэ шашинд зааг ялгаа, төрөл гэж байдаггүй.
Манай мусульманчууд ер нь архи хэрэглэж үзээгүй, хэрэглэх ёсгүй. Коран сударт архийг “Аливаа муу бүхний түлхүүр” гэж сургасан байдаг. Ийм болохоор бид архийг найр хурим, цайллага дайллагад хэрэглэх ёсгүй. Харин орчин үед хүмүүс архийг хэрэглэх болж.
Ерөөсөө архигүйгээр баярлаж болдог. Цагаан идээний айраг гэж сайхан ундаа бий. Би Хажийн мөргөлөөс ирээд 150 хүнд цайллага хийсэн. Тэгэхдээ архи хэрэглээгүй. “Алтан гадас” одонгийнхоо найрыг хийхдээ бас нэг грамм ч архи хэрэглээгүй. Заавал архитай хурим найр, цайллага хийх хэрэггүй.
Энэ талаар манай Ерөнхийлөгчийн дэвшүүлж буй асуудал зөв юм. Үүнийг би хувьдаа дэмжиж байгаа. Ганцхан казах түмэн ч биш, монголчууд ч гэсэн ярьдаг шүү дээ. Тавь хүрээд тавьж уу, жар хүрээд жаргаж уу гэж.
–Лалын шашинтнуудад хийж болохгүй үйл, идэж болохгүй хүнс олон байдаг. Гахайн махыг цээрлэдэг нь ямар учиртай юм бэ?
-Бид мал аж ахуйтай нүүдэлчин улсууд учир өөрийн гараар гаргасан малын махыг идэх ёстой. Ялангуяа шашнаа шүтэж байгаа хүмүүс нь. Гахайн мах манай шашинд харш. Тийм болохоор ерөөсөө гахайн махыг хүнсэндээ хэрэглэдэггүй юм.
Сүүлийн үед гахайн ханиад, гахайн хавдар гээд янз бүрийн өвчин дэлгэрэх болсон. Гахайн маханд нэг төрлийн нян байдаг гэдэг. Үүнийг манай өвөг дээдэс дээр үед олж мэдсэн хэрэг л дээ. Иддэггүй шалтгаан нь энэ. Гахай чинь бас их заваан амьтан. Мусульманчууд гахайг гахай гэж нэрээр нь дууддаггүй, цээрлэдэг. Монголчууд чоныг хээрийн амьтан, боохой гэх мэтээр нэрлэдэгтэй адил бид гахайг шошхо гэхгүй доныз гэж ярьцгаадаг юм.
Би монголчуудыг гахайн мах ид эсвэл битгий ид гэж хэлж болохгүй л дээ. Тэгвэл буруудна.
Дэлхийг хамарсан гахайн ханиад гарахад эрдэмтэд гахайн маханд өвчин тараадаг хүчтэй нян байдгийг илрүүлж, нотолсон байгаа юм. Тиймээс бид өвөг дээдсийн үеэсээ эхэлж гахайн махыг идэж үзээгүй.
–Мусульман шашинтан бас өндөр настай хүнийхээ хувьд та монголчуудыг амьдралдаа ямар зүйлийг мөрдлөг болгоосой гэж боддог вэ?
-Хамгийн түрүүнд архи дарснаасаа гараасай гэж боддог. Архи бол буруу зүйл. Бас монголчуудыг биелүүлж байгаасай гэж хүсдэг нэг зүйл бол мэнд мэдэх. Мэнд мэдэх ёс гэдэг бол дээр үед монголчуудын хувьд хамгийн чухал ёсон байсан. Одооны монгол залуус мэндчилнэ гэж бараг байхгүй байгаа юм. Харин манай хүүхэд, залуус өөр. Манайхан бол нэг гэрт аав, ээжтэйгээ хамт хоносон ч хүүхэд нь өглөө босоод тэдэнтэйгээ мэндэлдэг заншилтай. Хүний мэндийг мэддэг хүмүүс чинь хамгийн соёлтой нь. Монголчуудад мэнд мэдэх асуудал их дутагдаж байгаа гэж боддог юм. Цагаан сараар л нэг сайхан золгоцгоодог. Тэрийгээ л үргэлж амьдралдаа мөрдөж, өдөр бүр мэндчилж байвал сайхансан.
-1990-ээд оны үед казахууд монгол нутгийг орхиод Казахстан руу нүүсэн ч зарим нь буцаад ирсэн. Явахдаа дахиж ирэхгүй юм шиг аашилчихаад эргээд ирсэн ч монголчууд сайхан угтаж авсан. Одоо үеийн монгол, казах залуусын харилцааг ажиглахад ямар байдаг вэ?
-Зарим тогтворгүй улсуудаас болж ийм үзэгдэл болсонд би харамсдаг юм. Ер нь хүн тогтвортой ажиллая гэвэл аль ч улс оронд амьдарч болдог. Буруу ойлгосон янз бүрийн асуудал байсан. Настай улсууд нь тэнд нутагшаагүй. Адуу мал хүртэл төрсөн нутаг руугаа гүйдэг шүү дээ. Тэрэн шиг л нутагшаагүй буцаж ирсэн хүмүүс олон бий.
Казахууд Монголд нүүж ирээд 150 гаруй жил болсон түүхтэй. Өвөг дээдсийнхээ ясыг тавьсан газраас явна гэдэг бол хэцүү байдаг байлгүй дээ. Зохиолч Муратын бичсэн их нүүдлийн тухай сэтгэл эмзэглүүлэм нэгэн дуу бий. Тэр дууны үгийг нь сонсохоор элэг эмтэрч, нулимс гармаар байдаг юм. Казах ч бай, монгол ч бай бид ах дүүс шиг болсон улсууд. Ингээд орон нутгаа хаяад та нар хаашаа явж байгаа юм, газар нутаг, хамаатан садан шиг чинь болсон урианхай, дөрвөд түмэн чинь өнчирлөө гэсэн үгтэй.
Энэ нүүдлийн талаар тухайн үед дэвэргэж ярьсан улсууд байгаа байх, зарим ухаан мөчид залуус эргэж ирэхгүй юм шиг янз бүрийн зан авир гаргачихаад явсан ч буцаад ирсэн шүү дээ. Хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүй шүү дээ. Зарим настай хүмүүс Казахстанд идээшилгүй ирсэн бол зарим залуус өнөө л тогтворгүй зангаасаа болоод эргээд ирсэн гэж боддог юм.
Янз бүрийн асуудлыг социализмын үед буруу сурталчилгаагаар ярьдаг байлаа. Үндэстэн хооронд бие биеэ буруу ойлгох явдал байсныг юм ил тод болсон өнөө үед л ойлгож байна.
Кажай Базар гэж зохиолч саяхан Оспаны тухай ном бичжээ. Оспаныг бид дээрэмчин байсан мэтээр л нэгэн үе боддог байсан маань буруу байж. Манай Казахын аль л нэр төртэй, баян чадалтай улсуудыг гамингууд цааш харуулсан нь нууц биш. Тэр үед Оспан баатар гамингийн дарамтад орохгүй юмсан, тусгаар улстай болох юмсан гэсэн чин эрмэлзэлтэй байсан юм билээ. Тэрийг нь бидэнд буруугаар тайлбарладаг байжээ. Үүнээс болж үндэстэн хоорондоо буруу ойлголцох үзэл бодлын зөрчил гарах нөхцөл болдог байж.
–Коран судар юуг чухалчилж сургадаг юм бэ?
-Хүн бие, сэтгэлээрээ ариун байх ёстой. Коран сударт олон сургаал бий. Эцэг эхээ хүндлэх. Ялангуяа эхээ хүндлэхийг Коран сударт бичсэн байдаг. Ядуусын хөдөлмөрийг мөлжих, хүнийг дээрэлхэх, баян хоосноор нь ялгах үйл хийх нь ислам шашинд цээртэй. Мусульман хүн ийм үйл яасан ч хийж болохгүй. Өнчин өрөөсөн хүнд туслахыг Коран судрын ариун сургаалд дурдсан байдаг.
–Маргааш Наурызын баярын өдөр. Казахын ард түмэн, ахмад настнууд ирж буй жилийн өнгийг хэрхэн ярилцаж байна вэ?
-Тэрийг зурхайч, шинжлэх ухаан нь мэдэхээс биш би тийм, ийм жил болно гэж хэлж мэдэхгүй нь. Амны бэлгээр сайн жил болох байлгүй дээ. Сайхан жил болоосой гэж хүсч байна.
Ингээд Наурызын баярыг тохиолдуулаад Монголын бүх ард түмэнд, тэр дундаа Баян-Өлгийд байгаа намайг мэддэг, мэддэггүй хамаатан саднууддаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, ирж буй могой жил төр түмэн төвшин, улсуудын амьдрал хангалуун, эрүүл энх, аз жаргалтай жил байгаасай гэж хүсье.
Д.ГАНСАРУУЛ
“Өдрийн сонин”
Дорноговь аймаг руу сэтгүүлчээ томилолтоор илгээж Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн
шинээр тодроод байгаа есдүгээр дүр О.Угтахбаярын талаар
цуврал сурвалжлага уншигчдадаа хүргэсэн билээ. Эдгээр сурвалжлагыг бүрэн эхээр
нь хүргэж байна.
тэмдэглэл-1
Сайншандын галт тэрэгний буудал дээр шөнийн 01 цаг гучин таван минутад ирлээ. Гар цүнхээ бариад хамт ирсэн нэгний ачаа бараанаас үүрэлцээд буугаад иртэл Лхагваа маань (яруу найрагч Бямбаагийн Лхагвадорж) “А” зэрэглэлийн суудалд суусныг хэдийнэ мэдчихсэн, хаалганы өмнө тосоод зогсож байна. Олон таван үггүй тун даруу тэрээр “Гэнэт наашаа явах ажил гарав уу. Найз нь унаа тэрэг зохицуулчихсан” гэснээс өөрийг хэлсэнгүй. Галт тэрэгний зогсоолын ёлтойсон гэрэлд анд минь адуун цагаан шүдээрээ инээмсэглэх нь нэг л сайхан. Өнөө л дотнын төрх, цаанаа л эрхэмсэг байдаг найрагчийн царай мөн дөө.
Өдгөөгөөс арваад жилийн тэртээд Арлааны Эрдэнэ-Очир найрагч Равжаа хутагтын нутгаа үзүүлэх гэж хотоос оюутан намайг дуудаж яг л энэ буудал дээр, яг л энэ цагт сэгсийтэл зогсоод хүлээж байлаа. Тэгэхэд намар оройн туналзсан ягаан салхитай үдэш байсан сан. Энэ удаа бол хаврын дунд сар дөнгөж цухуйж буй урин цаг юмсанж. Төмөр замын цардмал цагаан шатны урдхан талд хар ногоон “ланд” өмнө зүг рүү хараад зогсож байна. Лхагваагийн бэлдсэн унаа морь ажээ. Жолооч нь Баяраа гэж үе тэнгийн даруухан залуу байна. Ингээд Сайншандын зүүрмэглэж ядаж буй нойрмог шөнөөр эрхэм нөхрийндөө хүрч очлоо. Гуч гарч буй ганц бие, тэгээд найрагч залуугийн гэр орон гэдэг ямар л олигтой байхав дээ. Уул нь мань эр нягт нямбай хүн л дээ. Гэхдээ ундуй сундуй л харагдана. Дутуу уншаад орхисон номынх нь хуудас дэлгээтэй хэвээр халбага, сэрээ энэ тэртэй нөхөрлөөд гал тогоо хавиар байх жишээний. “Найз нь цуйван хийгээд ээ” гэж байна. -Чи чинь хө, нэг “юм”-тай болсон гээд байсан, яасан билээ гэж би гэдэг хүн ямар ч эв хавгүй, хээ шаагүйхэн асуугаад авлаа. -Нэг бүсгүй бий. Өнөөдөр тэднийхээс урвачихлаа. Найз минь хотоос ирэх гэж байна гэж гараад буцаж очсонгүй. Унаа тэрэг гэж захаар баахан давхиад, Хөвсгөл сум руу явдаг машин гэж алга. Хатанбулагийн нэг жаран есийг хөлсөлчих санаатай ярьсан чинь хэд гурван зорчигч авчихсан байж. Тэд нь уурлаад хавьтуулдаггүй. Тэгтэл харин Баяраа маань яваад өгье гэдэг юм. Энэ чинь саяхан хот хүрээ орж, энэ “Ланд 80”-ыг авч ирээд байгаа хүн л дээ хэмээн баахан учирлалаа. Найз бүсгүйнхээсээ оргоод, гэртээ ирж адууны мах чанаад, цуйван хийгээд гээд хөөний л юм яриад байна. Гэхдээ уг яриа хөөрөөний завсар тийм нэг чин сэтгэлийн, анд нөхөрлөлийн эдүгээ цагт бол тунчиг ховордсон бараа сэлт хавчуулаастай байгаа нь илт шүү.
Ингээд гурвуул хар ногоон ландтайгаа гарч өглөө. Шөнийн хоёр цаг өнгөрч байгаа. Замаараа Эрдэнэбаяр гэж залууг авлаа. Шөнө дөлөөр явах учир зам сайн мэддэг хүн хэрэгтэйг Лхагваа юу эс андах билээ. Эрдэнэбаяр бол ээжийн талаараа Хөвсгөл сумынх ажээ. Өөрийнх нь төрсөн нутаг Алтанширээ сум юм байна. Төрийн шагналт Балжирын Догмид, соёлын гавьяат зүтгэлтэн Галсангийн Жамъян, Шагдарсүрэнгийн Гүрбазар гээд олон авьяастны, адармаатай нөхдийн өлгий нутаг даа, Алтанширээ гэдэг чинь. Бид дөрвийн говийн тунгалаг шөнөөр зорьж яваа Хөвсгөл сум Сайншандаас нэг зуун дал гаруй километрийн алсхан бий. Говийн тавдугаар ноён хутагт Данзанравжаагийн төрж өссөн газар Шувуун шанд, Дулаан харын уул Хөвсгөл сумын нутаг тал руу байдгийг миний бие өмнө нь хэд хэдэн удаа дөрөө мулталсных мэдэх билээ. Тэгтэл догшин хутагтын тэр л ус нутгаас хойд дүр нь тодорсон мэдээ сүүлийн үед чих дэлсэх болсон. Нарийвчилбаас, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул Отгон-Амжилтын арван хүүхдийн нэг Угтахбаяр гэж залууг Говийн ноён хутагтын ес дэх дүрээр тодруулж, Дээрхийн гэгээнтэн ёсчлон баталж, түүнийг нь Хамарын хийдийн тахилч Зундуйн Алтангэрэл тэргүүтнүүд олонд зарласан билээ. Дорнын говиос, Хөвсгөл сумаас тодорсон гэгээнтнийг сурвалжлахаар Сайншанд-Замын-Үүдийн галт тэргэнд санд мэндхэн суусан минь энэ буюу. Гэхдээ есдүгээр хутагтынхаа эрдэм чадлыг, номын авшиг буяныг нь сурвалжлах гэж зорьсонгүй. Зүгээр л энгийн борог амьдралыг нь олонд бага ч болов үзүүлэхийг эрмэлзсэн хэрэг ээ. Гэгээнтний ижий аав нь чухамдаа ямар хүмүүс байх, нутгийн зон олон ямархан санаа бодолтой баяр хөөртэй байхыг, ах дүү амраг садангаар нь нэг буугаад мордъё, тэд юу ярих нь уу, багын нөхөд хийгээд багш нартай нь нэг уулзъя, сургууль соёлоор нь оръё гэж гэнэтхэн шийдээд найз бүсгүйнхээ өвөрт нялуурч хэвтсэн Лхагваагаа хөөж босгон, Баяраагаар морин жолоочоо хийлгэж, Эркаг хар шөнөөр мөн л халуун хэвтрээс нь аваад гарч явна. Монгол орны хаана ямар л үйл явдал болно аймшгийн хэрэг төвөг, уул уурхайн дэлбэрэлт, нинжа нарын тулгаралт, энгийн гэмгүй иргэд амиа алдаж, эрх чөлөөгөө эдэлж чадахгүйд хүрэх, өмнийн говь Нэмэгтийн хөндийгөөс өнөө алдарт Батаарын яс алга болсон хийгээд Завханы Тэс-Монголын хойд хил дээр буун дуу гарсан зэрэг бүхий л зүйлд “Өдрийн сонин” очиж уншигч олондоо үнэн зөвийг хүргэсээр ирсэн. Усан могой жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний нарыг Монголынхоо зүүн хязгаарт угтаж, манай Т.Цогт-Эрдэнэ сэтгүүлч шуудангийн тэрэг бүү хэл, шувуу ч үзэгдэхгүй зүүн хязгаарын заставт хэдэн бор цэрэгтэй зургаа татуулж “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрэн дээр гарч байсныг уншигч олон мэдэж буй. Энэ л уламжлалыг хадгалж намайг ийнхүү хутагтын нутаг руу “шидсэн” бөлгөө.
Яралзтал газрын цээжинд морьд гараад ирдэг шиг яах ийхийн зуургүй Дулаан харын ууланд хүрээд ирлээ. “Дулааны харын ууланд Саран хөхөө донгодно л…” гэх нь бий. Равжаа хутагт Саран хөхөөний намтраа энэ газар усанд задгай хээрт тоглуулж байсан түүх бий. Зүүнбаянгаар дайраад өнгөрөх зуурт Догмид ахыг ярьж бүгдээрээ баахан инээлдлээ. Санхүүгийн техникумын нэгдүгээр ангийн оюутан Шар хадны архины тасагт хэвтэж байгаад Чойжилын Чимид гуайд хөөгдсөнийг нь, Сайншандаас Зүүнбаян орох тавиадхан километрийн хооронд гар өргөөд суусан цагаан паарчигтай охиныг гэргийгээ болгоод авсныг нь, Дорноговьд нэр дэвшихээр лут амьтан ирж Жагдалын Лхагваагаа менежер болгоод буруудсан хөгийг нь ярьж явсан юм. Шөнийн харанхуйд лүглийсэн ат шиг амьтад Дулаан харын овоог нар зөв тойрч чулуу нэмэрлээд, дуу дуугаа авч яриглан чоно шиг сунайлдав. Говийн шөнийн оддын туяа овооны зах бэлийн чулуунд талстана. Гуравдугаар сарын хөхөмдөг салхи энгэр заамаар шургалан, хацар нүүрийг илбэх нь цаанаа л уясуу. Дөрвүүл нэгэнтээ бие сэргэж аваад машиндаа сууж адуун махнаасаа гулгуулан умс, хятай зэргийг баахан амтархан идээд цааш хөдөллөө. Замын хажуугаар бударгана багсайлдаж, заг, хайлаас тэргүүтэн сүглийлдэнэ. Цагаан зээр гэрэлд хаа нэгтээ үзэгдэж, туулай хоёр чихээ сортолзуулаад зам хөндлөн давхина.
“Шувуун
шандад үүр хаяарахыг харах гэж л найз нь шөнө дөлөөр гарахын хүслэн болсон” хэмээн Лхагва маань үнэнээ хэлж байна. Бидний яриа есдүгээр хутаг хийгээд зорьж яваа газар усны тухай үе үехэн үргэлжлээд л байгаа. “Хутагтыг Хамарын хийдэд нь залчихаад буцаж явахад би яг таарч билээ. Алтангэрэл тахилчийн хар жийптэй ижил хар машин, номер дугаар нь ч их адилхан машинд шар хадаг яндар болсон залуухан лам дэргэдүүр өнгөрсөн нь хутагт маань байж шүү дээ” гэж Баяраа өгүүлж байна. Үүнийг залгуулаад нэг нь “Хутагтын хөлөглөж яваа хар “хоёр зуу”-г хаанаас өгсөн гэлээ дээ” хэмээн үгийн хачир болгоод авлаа.
“Шувуун
шандаас баруухнатай нэгэн суварга босч байгаа. Хэдүүлээ замаараа дайрна. Уг суварганы цаахна хутагтын ижий аавынх нутаглаж байгаа” хэмээн Эрка энэ л газар устай эхийнхээ хүйгээр холбоотойн учир нэгд нэгэнгүй ярьж байна аа. Тэрээр аавынхаа нутаг Алтанширээгийн засаг ноёноор дөрвөн жил ханайгаад халаагаа өгчээ. Одоо аймгийн төвд хувиараа ажил эрхэлж байгаа гэсэн. Манайхны хэлдгээр “чөлөөт уран бүтээлч” гэдэг шиг л юм даг уу даа.
Нээрээ чиг үүр хаяарахын алдад Шувуун шандад хүрээд ирлээ шүү. Зам бараг л гажсангүй. Төөрч будилсангүй туушхан л давхиад ирлээ. Үүр хаяарахын өмнө болоод тэр юм сан уу, салхи гэдэг чинь ёстой салхи байна. Өнөө хавирга нэвт үлээнэ гэдэг шиг хаа хүү байна. Өвлийн зузаан курткээ гар цүнхэндээ чихээд хийчихсэн, дан ноосон цамцан дээр торгон савхитай гангараад байсан чинь бишдээд явчихлаа. Шувуун шандын салхинд өөрийн эрхгүй чичирдэг байна шүү. Гэвч ажирсангүй ээ. Анд нөхдийнхөө халуун сэтгэлд нөмөрлөсөн шигээ Равжаа хутагтынхаа гэрэлт суварганы өмнө мэхийн зогссон. Бүрэг барагхан төдийд элсээр шуурсан хаврын хавсаргыг сөрж, Шувуун шандын нарийн шаргал элсэнд гутал зоогдонгуй байсан ч нэг л мэдэх нь ээ уулсын хөтөл дээр гэрэлтэн сацрах ариун шүншигт хөшөөнийх нь дэргэд ирсэн байв. Энэхэн цаг мөчид Лхагваа минь яруу найрагчийн сэтгэлээр хүүхэд шиг баясан “Найзынх нь хорин жилийн мөрөөдөл биеллээ” гэж дал мөрийг минь алгадав. Тэрхүү баяр хөөрийг нь улмаа бадраах гэсэн мэт дорнын талаас үүрийн цагаан гэгээ алд алдаар туяарч байлаа. Ийнхүү догшин хутагтын нутагт дорноос мандах наранд залбирч, гэрэлт суварганых нь өмнө гэгээ татуулж зогсох цаг мөч ирдэг л юм байна. Өнөө цагт толгойтой бүхэн л энергийн тухай ярьж, Равжаагийн Хамарын хийдийг бөөн бөөнөөрөө зорих болсон. Сүм суваргад нь мөргөж, Хар ууланд нь сүсэлж, зуун найман агуйд нь бараг л гэгээрч аваад буцдаг гэж байгаа. Тэгвэл Хамарын хийдээс гадна төрсөн бууц Шувуун шандад нь үүрийн гэгээнээр ирж, наран мандах цаг дор Дорнын говь нэлдээ алтран шаргалтахыг харахуйд нүдний манан арилах шиг болдог юм билээ гэдгийг энэ дашрамд дуулгачихъя.
Эрдэнэбаярын хэлээд байсанчлан Шувуун шандын цаахнатай суваргаар дайраад гарлаа. Цэцэг-Өлгий гэж залуу уг бүтээн байгуулалтын ажлыг удирдаж байна. Сайд нарын зөвлөлийн орлогч даргаар ажиллаж байсан Монгол төрийн нэгэн түшээ Ч.Сүрэн гэж байсныг манайхан мэднэ дээ. Тэр хүн Хөвсгөл сумын унаган иргэн байжээ. Аавынхаа дурсгалд зориулж үр хүүхдүүд нь тэрхүү суваргыг бүтээлгэж байгаа юм байна. Догшин хутагтын төрсөн бууцан дээрээс өглөөний наранд оройн ганжир нь алтраад байгаа нь тодхон үзэгдсэн суварга үнэхээрийн сүрдмээр юм аа. Төр түмнийхээ төлөө зүтгэж ирсэн аавынхаа дурсгалд үр хүүхэд нь байгаа бүхнээ зориулж буй нь илт. Суваргын өндөр дөчин таван метр гэсэн байх шүү. Тойргийн хэмжээ хэчнээн ч найман ханатай гэрийн буурьтай тэнцэх юм бэ дээ, бүү мэд.
Цэцэг-Өлзий биднийг “Багшийн гэрээр нэг ороод гар даа” гэв. Ёотон шиг дөрвөлжин олон цагаан байшингийн дээхнэ талд нэгэн гэр байсан нь багшийнх нь өргөө ажээ. Багш нь Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Бурханч лам Г.Пүрэвбат гэнэ. Хэд хоноод л нисдэг тэргээр ирж өргөөндөө морилж, суварганы бүтээн байгуулалттай танилцдаг гэж байгаа. Гэрийнх нь хойморт шар хадгаар баринтагласан олон судар ном давхарлаастай байна. Тэнд өглөөний цай цүй барьчихаад цааш хөдөллөө. Шинэхэн тодроод буй есдүгээр хутагтын аав ээжийнх Цувираагийн хийдийн дээхнэ, Улаан хошуунд хаваржиж буй. “Отгон-Амжилт ах, Өргөнцагаан эгч хоёртой бараг л ах дүүгийн барилдлагатай явдаг. Гэрээр нь орж гарна, хооллож ундална. Цагаан сарын дараа золгох гэтэл эзгүй байгаа дуулдана. Дараахан нь сураад байтал бүр байдаггүй. Гадагшаа явсан ч гэх шиг. Саяхан л хүүхдээс нь мэдлээ шүү дээ” гэж суварганы Цэцэг-Өлзий хэлж байсан. Тэгэхээр ойр хавийнх нь хүмүүс нарийн учрыг сайн мэдээгүй л байгаа бололтой. Ямар хүүхэд нь гэнэтхэн гэгээнтэн болоод улс даяар шуугиад явчихав гэдгийг зарим нэг нь ухаж төвдөөгүй нь нутгийн захаас л мэдрэгдэж байсан.
Цувираагийн хийдийг чанх урдуур нь эмжээрлэн өгсөж, Хөвсгөл сум руу хөтлөн туушиндах төв замаас баруун хойшоо салж давхиулсаар хот айлд ирлээ. Хотоос зорьж ирсэн айл маань энэ шүү дээ. Хоёр гэрийн гадаа нэг нэг хужаа мотоцикль ёс юм шиг л байж байна. Баруун гэрийн хатавчийг шар “жаран ес” налаад “хэвтчихэж”. Гэрийн урдхан дөнгөж саяхан гарсан бололтой нойтон ботго унаж босон чүүчигнэж, хажууханд нь хүрэн улаан ингэ хавь ойрыг сүрхий чигч ширтэнгүй зогсоно. Хоёр гэрийн зүүн талынхад нь орлоо. Есдүгээр хутагтаар тодорсон Угтахбаярын ах Эрдэнэбатынх ажээ. Эрдэнэбат гэргий хүүхэд болоод өөрийн төрсөн дүү Мэндээгийн хамт байж байна. Аав ээж нь хараахан ирээгүй гэнэ. “Манай хоёр чинь яваад удаж байна. Одоо аймгийн төвд байгаа сурагтай. Түрүүнд Мэндээг хажуу талын толгой дээр гаргаж утсаар яриуллаа. Үдээс хойшдоо гарах гэнэ” гэж гэрийн эзэн өгүүлэв. Гэгээнтний ах Эрдэнэбатад ч тэр, төрсөн дүү Мэндээд ч тэр ерөөс энэ айл гэрээс хутагт төрсөн шинж алга шүү. Байдаг л амьдрал байгаагаараа л байж байна. Өөр яах ч билээ дээ, гэхдээ гэрийн эзний яриа хөөрөөнөөс дүүгийнх нь тухай тодруулбал, хутагтын талаар ганц ч үг гарсангүй. Тэрээр хаваржилтын байдал, ингэ ойр ойрхон ботголж байгаа зэрэг хөдөөнийхөө л өдөр тутмын сониноос дуулгаж байлаа. “Танай гэрээс Говийн ноён хутагтын хойд дүр тодорлоо доо. Энэ мэдээг хэзээ дуулав” гэхүйд, Эрдэнэбат “Тийм гэсээн. Утсаар нэг ярьтал аав ээж хэлсэн” гэхээс өөр хариулт өгсөнгүй. Мэндээ дүү нь зүүн орон дээрээ тэрийж хэвтчихээд ер чимээ аниргүй шүү. Баруун талын гэр нь мэдээж аав ээжийнх нь гэж байгаа. “Аав ээж хоёрыг ирвэл нүүх санаатай байна. Шар өтөгнөөсөө ядахдаа салъя даа” гэх санаагаа шуудхан хэлээд авсан. Есдүгээр хутагтын төрсөн гэр, ах дүү нар нь нэг иймэрхүү огтоос ажиг сэжиггүй байж байлаа.
тэмдэглэл-2
Шинээр тодроод буй есдүгээр хутагтын төрсөн гэр болоод Эрдэнэбат ахынх нь сумын төвөөс зүүнтээ дөчин таван километрийн тэртээд нутаглаж байв. Улаан хошуу гэдэг газрыг нь хэлээд байна л даа. Сүүлийн жилүүдэд Цувираагийн хөндий, Бор нуруу тэр хавиар л буурь сэлгэх болжээ. 150 гаруй тэмээтэй, түүнээс дөч орчим нь ботголно гэж байсан. Ингэн тэмээд хонь, ямаа шиг шөнө оройгүй “асгаад” байдаггүй ч өдөр бүр л торомгор нүдэн ботгонууд нэмэгдэж, гадсаа тойрон буйлдаг бололтой. Өвөлжөөний шар өтөгнөөс нэлээдгүй зайтай эр хөрсөн дээр томоо гэгч хүрэн ат авдарлаад хэвтэж байгаа нь сүртэй харагдана. Ойр зуурын ажилд сөөг сөөг хөтлүүлээд, энэ л хот айлын ус түлээг нь дөхүүлж хар бор ажлыг нь нугалдаг ганц нь болов уу. Эрдэнэбатын гэргий яриа хөөрөөний завсарт тавгийн идээгээ дахин сэргээж ингэний зөөлөн хурууд тавиллаа. Түрүүнд, суварганаас наахна Цувираагийн хийдийн доод руу нэгэн айлын гадаа түр зогсоход гэрийн эзэгтэй, сааж байсан ингээ орхиод санд мэндхэн ирж шинэхэн хурууд бид дөрөвт атга атгыг өгсөн билээ. Торомтой ингэнүүдээ гаднаа аргамжиж шувтраад аливаа зүйл ховордоод ирдэг хаврын энэ л хахирган сард ааруул хуруудтай, айраг цагаа хоормогтой дэлхий дэлгэнүүлээд сууж байдаг байна шүү, дорнын говийнхон. Ахынх нь хоймрын жаазанд шинэхэн хутагтын ганц нэг зураг байгааг олж харлаа. Энэтхэгт шавилж байх үеийн зурагнууд байна. Орон дээр тэрийлдэн хэвтэж, босч ухасхийн ингэний ааруул шүүрч бал бурам мэт амтлах Мэндээ хүү ахтайгаа хамт Энэтхэгт шавилж байсан гэнэ. Тэр тухай өөрөөс нь асуухад чихгүй юм шиг л сууна. Өөдөөс нүдээрээ инээчихээд өөр хариулт өгсөнгүй. Хар хөх ноосон малгай дарж өмсөн бор шаргал дээл эгэлдэргэлж, энгэрийг задгайлсан Эрдэнэбат ах нь шар дурдан бүсэндээ ганц нүдний дуран зангиджээ. Түүнтэй л тав гурван үг сольж, гэгээнтэн дүүгийнх нь тухайд энэ тэрхнийг сонирхоод Хөвсгөл сум руу хөдөллөө. Аараг толгодын бэлээр явгалах салхи савирт ганц нэгхэн хамхуул хийсч, сайрын мөргөцөгт тарлантах хайлаасны үзүүр үл ялигхан сэвэлзээтэй. Говийн дуниартсан, хаврын тийм нэг зэгэл саарал өдөр мөнөөс мөн дөг өө. Харин Хөвсгөл сум руу шуугиад ороход өөр дүр зураг угтсан. Сумын төвд наадам болж байна аа. Наадмын талбайн гол дахь мандалд төрийн далбаа өндөрт намирч, биднийг очих үест соёолон морьд барианд орж байлаа.
Хаврын дунд сарын энэ цагт чинь юун наадам найр билээ, ижий аав, гэр бүлийнхэнд нь дуулгалгүй ус нутгийн олон хутагтынхаа наадмыг хийгээд хөөрч суугаа юм биш байгаа гэх хар төрөөд явчихав. Гэвч үгүй юм аа. Хөвсгөл сумынхан жилийн жилд, хаврын хаварт наадам хийдэг байна. Жилд нэг баг нь зохион байгуулж, бай шагналыг нь дааж сүр жавхлантай нааддаг ажээ. Өнөө жил гуравдугаар баг буюу Элстэйн багийнхан зохион байгуулж азарга, соёолон уралдуулан хэдэн харцуулаа ноцолдуулсан нь тэр.
Говийн хэлхгэр өвгөд, ханагар хүрэн эрчүүд цагаан сараар гоёсон дээлээ өмсөж, өнгө өнгөөр алаглаад наадмын талбайдаа жийптэй нь жийптэйгээ, “жаран ес”-тэй нь “жаран ес”-тэйгээ, портертэй нь портертойгоо, мотоцикльтой нь мотоцикльтойгоо оччихсон байна. Магнайгаараа дүүрэн медальтай цоохор морин соёолонгийн уяач дээр яваад очлоо. Хадаг зүүснийг бодоход айрагджээ гэтэл түрүү соёолон нь юм байна. Хөвсгөл сумын Б.Анхбаярын шар цоохор үрээ гуч гаруй соёолонгоос тийнхүү магнайдаа тоосгүй иржээ. Морь шинждэг хүн бол үгийг гамналгүй хэлж, хэдэнтээ тойрч харахаар сайхан үрээ байна лээ. Мань мэт нь ямар морь мэдэх биш. Зэргэлдээ сумдууд болох Хатанбулаг, Улаанбадрахаас морьд ирсэн гэнэ. Ганц нэг нь айраг амссан ч дуулдана. Унаа болоод уяа морьд нь өнгө зүс сайтай, хүдэр эрчүүд нь хаврын салхинд алгадуулж гандаж хөхөрсөн ч цаанаа л нэг жавхаатай байгааг харахуйд сүүлийн жилүүдэд Хөвсгөл суманд өнтэй өвөл, хавтай сайхан хавар болсны шинж ээ. Хөдөө нутагт цагийн байдал сайхан цас зудгүй, ган гачиггүй л бол хүнтэй малтайгаа тавираад ирдэг хойно доо.
Уг наадам дээр хурдан удмын үрээ морьд сурч байгаа мэт нэг хүнийг сураглалаа. Тэр нь есдүгээр хутагтын багын найз Эрдэнэболд юм. Мань нөхрийг ёстой ганц ч алхуулалгүй бариад авав шүү. Европ маягаар хувцасласан тэрээр бас шаггүй уяач гэнэ. Тухайн өдрийн наадамд соёолон үрээгээ аман хүзүүнд давхиулжээ. Жинсэн өмднийхөө тэлээний завсар хусуур сойзоо бүслэх нь холгүй нөхөр машинд суулаа. Ингээд Эрдэнэболдтой хөлс нь хатаагүй хүлэг морьд эргэцэж, хусуур сойз шаргисан наадмын талбай дээр хутагтын тухай яриа хөөрөө үүсгэлээ. “Бид хоёр ерэн нэгэн онд Хөвсгөл сумын сургуулийн 1А ангид хамт орж байлаа. Анхны монгол бичиг үзсэн хүүхдүүд шүү дээ. Ангийн маань багш Ж.Юмрэн гэж хүн бий. Одоо Эрдэнэ суманд байгаа. Манай найз чинь багын л үг дуу цөөтэй, гэрээс гарах дургүй тийм л хүүхэд байсан. Нэгдүгээр ангид хамт орсон хүүхдүүдээс бид хоёр л өнөөг хүртэл нөхөрлөж яваа байх шүү” гэж гэгээнтэн андынхаа тухай дурсаж байна. Тэрхүү цөөхөн хоромд Эрдэнэболд инээдтэй гэмээр хэд хэдэн зүйл ярьсан. Тухайлбал, нэгдүгээр ангид хамт сууж байсан найзыгаа хэдэн жил хараагүй байж байгаад Өлгий хийдийн лам болсных нь дараа лам хувцастай харжээ. Түнжийсэн толгойтой найз нь нэг өдөр гэрт нь сан тавихаар ирж л дээ. Эрдэнэболд мэнд ус ч үгүй түсхийтэл инээгээд авч. Маани мэгзэм уншихад нь бүр инээдээ барьж чадалгүй тачигнатал хөхрөөд ээждээ загнуулж гэрээсээ хөөгдөж гарсан удаатай. Түүнээс хойш найзаараа дандаа сан тавиулж, засал номоо хийлгэх болсон байна. Харин хутагт Эрдэнэболдод хандан “Чи намайг ямар тоох биш дээ. Маани уншихаар шоолж даапаалаад байдаг биз дээ” гэж тоглоом шоглоомоор үгийн завсар хэлж байсан гэдэг. “Морь уяж эхэлснээсээ хойш найзыгаа уяан дээрээ байнга авчирч сан тавиулах болсон. Уяа морьдоо барьчихаад л Угтахаа руу явна шүү дээ. Хамарын хийдийн лам байхад нь хүртэл гэртээ авчирч байлаа” гэж өгүүлэв. Үе насны залуучууд хужаа мотоцикль дээр сундалдаад л ирдэг байсан биз ээ. Тэгтэл тэрхүү найз нь нэг л өдөр Говийн хутагтын хойд дүрээр тодорч байдаг. Эгэл амьдрал гэдэг ийм л байдаг хойно доо. Энэтхэг рүү сурахаар явахад нь Замын-Үүд хүртэл гаргаж өгснөө, амралтаараа ирээд байхад нь хотод хоёр найзынхаа хамт уулзаж ресторанд сууснаа сонирхуулав. Хутагтын багын найзтай ийнхүү уулзаж багагүй хуучилсны дараа Хөвсгөл сумын төвд байх эгчийнд нь хүрч очлоо. Хоёр гурван том өрөөтэй цагаан байшинд ээжийнх нь төрсөн дүү Отгонтогтохынх аж төрж сууна. Тэрээр сургуулийн нярвын ажилтай. Гэр бүлийнх нь хүн мөн л сургуульд галчаар ажилладаг гэсэн.
Амьтан хүн орж гарсан хөл хөс болсон л айл байна. Бид хэрэг зоригоо дуулгатал уриалгахан хүлээн авч цай цүй болоод тэрүүхэн тэндээ сандралдаад авлаа. Гэрийн эзэгтэй охиноо наадмын хуушуур зарж буй айл руу гүйлгэлээ. Тэр хооронд тогоо тавин шинээр цай үйв. “Эгч маань (хутагтын ээжийг хэлж байна) дүү нар бидэндээ ээжийн оронд ээж болсон буянтан. Бараг л жил дараалан арван хүүхэд төрүүлсэн хүн дээ. Засгийн их малтай, олон нялх үртэй хэцүүхэн байсан үе бий. Арван хүүхдээ хүний дайтай өсгөх гэж үйл тамаа идсэн нь ч бий байх. Өрөвдмөөр л харагддаг байлаа. Тэгтэл насны сүүлд жаргадаг юм байна аа. Бурхан тэнгэр хүнийг бас хардаг юм байна шүү” гэж Отгонтогтох эгч хуучилж байв. Ингэхэд тухайн гэрийн эзэн Даваасүрэн шиг хэрэгтэй хүн Хөвсгөл суманд байдаг болов уу гэж бодогдохоор. Сургуульд галч хийхийн зэрэгцээ гэрээрээ гагнуур хийдэг аж. Цай дэврэх хооронд хоёр гурван ч хүн ирж уулзсан. “За Даваа минь чиний хэрэг л гарлаа шүү дээ” гээд ороод ирнэ. Хөдөө гадааныхан ундааны саванд хийсэн сүүтэй ирнэ. Түүнийгээ хэлэх ч үгүй, зүгээр л гал тогоо хавиар тавьчихна. Хөлс нь тэр. “Манай хүн хорь гаруй жил амьтны эвдэрсэн хэмхэрснийг засч явна. Сүүлдээ царай зүс ч байхгүй болох юм. Нүүр нь нэлэнхүйдээ түлэгдчихсэн” гэж гэргий нь хэлэв. Түүнийг нь Даваасүрэн ах тоож байгаа ч юм алга. Нар салхинд зуу зуун жил алгадуулсан хүн чулуу шиг нөхөр муухан инээвхийлж л сууна. Гэхдээ болоогүй ээ цаад чинь, шар “жаран ес” гаднаа сойчихсон додьгор эр. Машины, засварын газар болох амбаарын, өөр юу юуны ч юм бэ дээ баахан том хар түлхүүр баруун гартаа эргүүлсэн шигээ гэр дотуураа алхаад л.
Отгонтогтох бүсгүйтэй ахиад л хутагтын тухай ярилцлаа. О.Угтахбаяр ламтан нэгдүгээр ангид байхдаа дотуур байранд сууж байжээ. Нэлээдгүй зөрүүд нөхөр байсан бололтой. Хүн юм асуухаар дуугарахгүй. Жаахан дургүйг нь хүргэчихвэл бүр гөжчихнө. Олны яриагаар бол түнжийсэн шар нөхөр л Хөвсгөл сумын сургуулийн дотуур байранд таваргаж явсан хэрэг. Гэгээнтний ээжийн мөн л төрсөн дүү, аймгийн алдарт уяач Бат-Өлзийн Болдыг хэн нь ч юм бэ “чихдээд” аваад ирлээ. Мань хүн азарга, соёолон хоёр сойж хаврын баяртаа уралдуулаад нэг айраг авчихсан, хэлхийсэн эр ороод ирлээ. Ингээд алдарт уяачаас Даваасүрэн ахын гал тогооны өрөөнд “байцаалт” авлаа. Багагүй урт ургаж, хоёр чихийг нь дарсан халимгаа арагш илбэн, жаахан духайсхийгээд ийн ярьсан юм. “Ахынх (хутагтын аавыг хэлж байна) сумын төвөөс баруунтаа Өлзийт, Баян модоор нутаглана. Наяад оны дундуур, тэр чинь наян дөрвөн оны намар юм аа. Манайх Өлзийтийн наахнатай Сухайт, Улаан худагаар нутаглаж байлаа. Би гэдэг хүн засгийн их тэмээтэй, хэдэн тэмээ салхидуулаад алдчихсан эрэлд явж байхдаа ахынхаар буусан юм. “Эгч нь амаржаад дөнгөж саяхан гарч ирээд байна” гэж ах хэлж байсан. Тэрхүү улаан цурав үр өнөөдрийн есдүгээр хутагтаар тодроод байгаа Угтахбаяр даа” гэв. Ёстой л нэг нэмэр хачиргүй сайхан дурсамж.
Тэрээр цааш ярьсан нь “Өлгий хийдийн Дамбарэнцэн тэргүүтэй лут лам нар байлаа. Ихэвчлэн гавж, хамбууд байсан байх. Тэд л Угтахааг ихэд тоож шашны маш том зүтгэлтэн болно гэж хэлдэг байсан юм билээ. Би ч бас тэдний амнаас ийм үг сонсч л байлаа. Ерээд оны эхээр шиг санагдана. Намар оройхон хэрд ахынд давхиад очтол “Хүү минь Өлгийн хийдэд шавилж байгаа. Түнжгэр үрийг минь ирээдүйд нэртэй лам, шашны зүтгэлтэн хувраг гэгээнтэн болно гэж хийдийн лам нар хэлж байна. Түүнийг сонсоод ихэд баяртай байна аа” гээд Отгон-Амжилт ах бөөн хөөр, нүдэндээ нулимстай сууж байсан. Одоо бодох нь луугарууд мэддэг л юм байна”. Бас л гоё дурсамж.
Болд ахтай наадмын хуушуур гулгуулсан шигээ баахан хууч хөөрөөд гэрээс гарлаа. Отгонтогтох эгчээр хөтөч хийгээд гарсан юм. Тэрээр алдарт уяачтай гал тогоог нь эзэгнэж байх зуурт бага ангийн багш Наранбаяртай яриад, гэгээнтэн дүүгийнхээ сурч байсан ангиар намайг оруулах программыг хэдийнэ зохион байгуулжээ. Сумын төвд үдээс хойшдоо элсээр шуурч, хүйтэн ч юм шиг, халуун ч юм шиг салхи хацар алгадаж байлаа. Хөвсгөл сумын сургууль Монголын нэрт зохиолч, богино өгүүллэгийн мастер Жагдалын Лхагва агсны нэрэмжит гэдгийг миний бие гадарлах юм. “Толгодын цаана ингэ буйлна”, “Анхны хайрын зурвас” тэргүүт сонгомол бүтээлүүдээр нь Жагдалын Лхагва агсныг олон түмэн мэдэх билээ.
Хутагтынхаа ангиар орлоо, Г.Наранбаяр багштай уулзлаа. Ерэн нэгэн онд Угтахаа ламыг нэгдүгээр ангид ороход Наранбаяр багш нөгөө ангийг нь дааж авсан түүхтэй. Тийм хэрнээ хутагтаа мэдээд байгаа нь сайхан юм. “Мантгар шар банди” байсан даа гэж байна. Наранбаяр багш 32 жил тасралтгүй бага анги дааж, зүггүй шувуухайнуудтай зууралджээ. Үг яриа нь хүүхэд шиг, дуу хоолой нь ч тийм нэг намуухан, хөдөө сумын багын багш нар ийм л байдаг аа гэх сэтгэгдлийг төрүүлэхээр. Хутагтын сурч байсан ангид Наранбаяр багшийн ангийнхан хичээл хийж байна. Долоо, найман настай балчрууд сүрхий гэгч нь тоо бодоод “номхон команд”-тай сууж байв. “Равжаа хутагт чинь манай Хөвсгөлийнх шүү дээ. Улаанбадрахынхан манайх гэж булаацалддаг. Гэтэл ямар ч маргах зүйлгүйгээр манай нутгаас хойд дүр нь тодорлоо” хэмээн ардын багш баяр хөөртэй сууна. Багшийн ярианаас бас нэг зүйл анзаарагдсан юм. Хутагт тодорлоо гэнгүүт л сургууль даяараа хэний шавь бэ, хэн хэн ойр байсан бэ, байрны багш нь тэгэхэд хэн байв, ямар айлаар орж гарч байв гээд л баахан эрэл сурал болсон шиг байгаа юм. Тэгтэл нэгдүгээр агийнх нь багш өөр суманд байдаг, байрны багш нь бурхны оронд явчихсан байдаг, орж гарч байсан айл гэхээр бүдэг байдаг, ер нь л базаахгүй дүр зураг гарч. Сургуулиас гараад сумын төвөөр нааш цааш холхиж дэлгүүр хоршоо орсон шигээ бага сага саатлаа. Энгийн иргэдээс хутагтын тухай асууж, ямархан хариулт өгөхийг нь сонирхов. Ихэнхдээ л мэдээж баяртай байна. Манай Хөвсгөл сум ерөөлтэй, номын авшигтай нутаг гэж байна. Ер нь хүмүүсийн ярианаас анзаарахуйд “Түнжийсэн толгойтой шар юм” гэхээс өөр зүйл дуулдсангүй. Есдүгээр хутагт маань тавдугаар ноён хутагт “галзуу” Равжаагаасаа эрс өөр бололтой. Архи дарс, авгай хүүхэн, шүлэг найраг гээд олоон зүйлээр “дутуу” буюу.
тэмдэглэл-3
Говийн ноён хутагтын есдүгээр дүрээр тодорсон О.Угтахбаярын тухай цуврал тэмдэглэлийнхээ сүүлчийнхийг хүргэж байна. Эхний хоёр цувралд гэгээнтний ах дүү, амраг садан, найз нөхөд, багшийнх нь яриа хөөрөөг түлхүүхэн багтааж хутагтын гучин нас хүртэлх туулж ирсэн зам мөр, хувь хүнийх нь зан чанарыг бага ч болов тодотгохыг эрмэлзсэн юм.
Эл удаа гэгээнтнийг төрүүлсэн аав ээжийнх нь яриа болоод бусад зүйлийг уншигч олондоо хүргэж байна. Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн хойд дүрээр тодорно гэдэг тухайн хүнээс машид эрдэм чадал, авьяас билгийг шаардах билээ. Равжаа хутагт бол Монгол Улс хийгээд монгол үндэстэн олонд нэр алдраа цуурайтуулсан хосгүй авьяас билэгтэн, ер бусын ид шидтэн байсныг түүх гэрчилнэ.
Гэхдээ энэхүү сурвалжлага, тэмдэглэлийн гол зорилго шинэхэн тодорсон хутагтыг хувь хүн талаас нь нээж уншигч олонд хүргэхэд оршиж байгаа. Манайхан хутагт хувилгаад төрлөө гэхэд тухайн хүнээ дээд тэнгэрээс тэр чигээрээ буугаад ирсэн мэтээр ойлгоод байдаг. Ерөөсөө л лам хувцастай завилсан төрхтэй, муу муухай нэг ч зүйлгүй амьд Будда л гэнэт гараад ирсээн гэж сүсэглэх нь бий. Гэвч үнэн чанартаа өнөө хутагт маань тодрохоосоо өмнө эгэл жирийн иргэн, борог амьдрал дунд өссөн хүү байгаа шүү дээ. О.Угтахбаяр гэгээнтэн олон хүүхэдтэй эгэл даруухан айлд төрж, ах дүү арвуулаа бужигнаж өссөнийг өмнөх тэмдэглэлдээ дурдсан.
Харин гэгээнтний охид бүсгүйчүүдэд дурлаж бас ч үгүй хорин хэдтэй залуугийн хонгорхон явдлыг найз нөхдөөс нь дам сонслоо. Угтахаа Энэтхэгээс ирчихээд, Монголд Шашны сургуульд сурч байх үедээ дотны найзуудтайгаа хаа нэг уулзалддаг байсан байна. Тэгээд ганц нэг бүсгүйд сэтгэлтэй болсноо аминчлан хэлдэг л байж. “Одоохондоо найз нь сонголтоо хийж чадахгүй байна” гэж үнэнээ л хэлж байж. Харин найз нар нь сүүлийн үед уулзаагүй, иймэрхүү аминчхан яриа өрнүүлээгүйгээ хэлж байсан. Есдүгээр хутагт Улаанбаатарт байхдаа Яармагт хашаа байшинд амьдарч байжээ. Орой үдэш худгаас ус зөөх, найзуудтайгаа түлээ мод хөрөөдөх, дүн өвөлдөө нүүрс бэлдэх гээд гэр хорооллынхны л хар бор амьдралаа залгуулж явсан аж. “Энгийн хувцас өмсөнө биз дээ. Үргэлж дандаа лам дээлтэй явахгүй нь мэдээж байх” гэж Эрка найзаас нь асуухуйд, өө энгийн хувцас өмсөлгүй яахав. Их наргианч шооч хүн дээ. Биднийг чинь үргэлж л явуулна, хөгжөөнө. Хамт байхад инээдтэй юм яриад хөгжилтэй гоё байдаг. Манай найзууд нэг удаа Тэрэлжид очиж амарсан юм. Тэгэхэд Угтахаа жинсэн өмд, цамцтай ганган залуу явж байлаа шүү дээ гэв. Найзуудынх нь нэмэр хачиргүй яриа энэ.
Есдүгээр хутагт ерэн нэгэн онд Хөвсгөл сумынхаа нэгдүгээр ангид орж хичээл заалгаад бараг л нэгдүгээр ангиа төгсгөлгүй сургуулиа орхисон байна. Гол шалтгаан нь лам болох. Хаврын амралтаар төлийн цагаар гэртээ ирэхдээ аавдаа “Би хичээлдээ суухгүй. Лам болно” гэж л хэлжээ. Аав ээж нь “Чи сургуульдаа сур. Ийм эрт ингээд хичээлээ орхих гэж…” хэмээн аашилсангүй. Багш нар болоод сургуулийн захиргаанаас нь хичээлд суухыг тушааж наануу цаануу гэсэнгүй өнгөрсөн гэнэ лээ.
Ингэж л Угтахаа хүү хувь заяаны дуудлагаар сургуулиасаа гарч хонь хурга хариулсан шигээ байж байгаад Өлгийн хийдийг зорьсон байна. Өлгийн хийдийг зорихын өмнө аймгийнхаа хийдэд шавилахаар аавтайгаа Сайншандад ирж байсан түүх бий гэнэ. Гэвч аймгийнх нь Гандан хийд их гэгээнтнээ хүлээж аваагүй удаатай. Үндсэндээ нас нь бага байна гэх шалтгаанаар буцаасан гэдэг. Лам болно гэх далдын мөрөөдөл, зөн совиндоо хөтлөгдсөн Угтахаа хүү аавынхаа моринд сундалсаар урам муутайхан нутаг руугаа буцсан байдаг. Энэ бол Равжаагийн хойд дүрээр тодорсон гэгээнтний арваад настай байх үеийн явдал билээ л.
Сумын төвд өдөржин ажил болж ойр зуурхан хүмүүстэй уулзан манаргасаар үдэш боллоо. Нар жаргаж үдшийн цагаан гэгээ нөмрөх ахуйд хутагтын ижий аавынхыг зорин сумын төвөөс хөдөлсөн. Хутагтын аав ээжийнхээр эхлээд очиход байхгүй байсан юм. Үдээс хойшдоо аймгийн төвөөс ирснийг Угтахаа гэгээнтний төрсөн эгч Зул сумын төвд байхад дуулгасан билээ. Отгон-Амжилт гуай болоод том хүүгийнх нь нутаглаж байгаа Улаан хошууг зорих замдаа Хөвсгөл сумын уугуул иргэн улсын аварга малчин Сэрээгийн Банди гуайнхаар дайрлаа.
Хэний ч өмнөөс үгээ хэлж, хэлэх хэлэхдээ тун айхтар сөргүүлэн хэлж ирсэн өвгөн буурлаас нутгийн олон нэг л жийрхдэг юм билээ. Тэр нь хүндэтгэж буйн илрэл. “Саяхан манай сумын Засаг дарга манайхаар ирлээ. Жаахан хүү байна аа. Бид гурван үг хэллээ, санаа оноо өглөө. Гэхдээ загнасангүй ээ” гэв. “Загнасангүй ээ” гэдэг бол үг байгаа биз. Банди гуайгаас гарах үг л дээ. Түүнээс шинээр тодорсон хутагтын тухай асуулаа. “Ус нутгаас минь хутагт тодорсныг дуулаад өвгөн би их баярлалаа. Отгон-Амжилттай сүүлийн үед нэг их уулзсангүй. Түүнээс бид хоёр чинь тэмээ малынхаа бэлчээрээр уулздаг л хоёр доо. Хутагт хүүг нь би сайн мэдэхгүй юм. Олны яриагаар бол их л багаасаа шашны ном мөр хөөсөн, зөв хүүхэд шиг дуулдаад байгаа юм” гэж байна. Ооч сахалтай, цэц билэг гэж жигтэйхэн аварга малчных Адуун чулуундаа сүүлийн жилүүдэд нутаглаж байгаа гэнэ. Малынх нь хашаа хороонд шинэхэн төл болох зуугаад хурга ишиг майлалдаад нэг л сайхан найрал хөгжим мөн дөө. Банди гуай засаг захиргааны адуу хорь шахам жил хариулсан, ёстой чиг адууны хийморь дунд явсан буурал юм аа. Тэднийхээс хөдлөөд л Отгон-Амжилт гуайн гадаа дөрөө мулталлаа даа. Хутагтын аав Борын Отгон-Амжилт гуай хотолж буй хүрэн улаан тэмээдийнхээ наахна гүйж явна. Зэрвэс харсан нэгэнд бол арван хэдтэй банди уу гэж харагдахаар. Тийм л хөнгөн шингэн, зүс царай тунгалаг хүн байна. Тэрээр хар хөх гонжоомтой, цагаан ягаан цамцтай, ганган ботинктой дэгжин гэж жигтэйхэн малчин шороо тоос манарсан өтөг бууцан дундаа цохиж явна. Аймгийн төвөөс ирээд удаагүй, ёслолын хувцсаа солиогүй байгаа нь тэр ажээ. Хутагтын ижий Өргөнцагаан гуай гэгээнтнийг төрүүлсэн хүн дээ гэсэн шиг буянтай буурал ханайж сууна. Нэрэндээ чиг таарсан сайхан хүн юм аа.
Ингээд есдүгээр хутагтын төрсөн гэрт тулганд аргалын гал дүрэлзэн, тэмээ мал нь хотолж байх цагаар ингэний хоормог уусан шигээ хоёр хөгшинтэй хөөрөлдлөө. Отгон-Амжилт гуай эхлээд хүүгийнхээ тухай ийн ярьсан юм. “Манай хүү чинь 1984 оны наймдугаар сарын 15-ны өдөр төрсөн. Анх төрөхөд нь ямар нэгэн зүйл мэдрэгдээгүй харин багаасаа л лам болно гэж зүтгэсэн хүн. Өлгийн хийдэд гурван жил орчим шавилаад 12 настай хүүхэд Хамарын хийдэд шавилсан. Нэг зүйлийг сонин болгож хэлэхэд, гэгээнтэн хүүг мэндэлж байх үед манай дунд сургуулийн ангийнхан уулзсан. Далаад оны дундуур Хөвсгөлийн долоон жилийн сургуулийг төгссөн бид наян дөрвөн оны наймдугаар сард арваад жилийн дараа уулзалдсан хэрэг шүү дээ. Тэгтэл хүү минь төрдөг юм. Манай долоо дахь хүүхэд. Ангийн олон бэлгэшээж уулзалтыг минь угтаж ирсэн хүү байна гээд Угтахбаяр нэр өгсөн түүхтэй. Хүүгээ Энэтхэгт шавилж байхад их санана аа. Сумын төв орж утсаар ярина. Энэтхэгт сурч байгаад Монголдоо ирж Шашны дээд сургууль төгссөн. Тэгээд өнгөрөгч оны тавдугаар сараас Хамарын хийдэд албан ёсоор суусан даа. Гэтэл удаа ч үгүй ийм сайхан зүйл тохиолоо. Аймгийн төв орчихоод хөдөө рүүгээ маргааш нь буцна гээд байж байтал том хүү маань ярьдаг юм. Аав та гараад ирэх боломж байна уу, уулзах яаралтай ажил байна гэлээ. Би ч гайхаад явчихлаа. Гутлаа хальт мульт өмсөөд гараад очтол том хүү “Алтангэрэл дарга Энэтхэгээс ярьж байна. Гэгээнтнийг тодруулжээ. Далай лам зарласан гэнэ. Манай Угтахаа ноён хутагтын хойд дүр есдүгээр хутагтаар тодорсон байна. Хүн амьтанд энэ тухай дуулгаж болохгүй. Маш нууцын зэрэглэлтэй гэсэн шүү” гэдэг юм. Ингэж л энэ сайхан мэдээг том хүүгээсээ анх сонссон л доо. Өглөө эрт хүүтэйгээ гэртээ ирээд хөгшиндөө хэллээ. Тоймтой юм хэлээгүй. “Аймаг явах боллоо хөгшөөн, маш яаралтай явах хэрэгтэй байна” л гэлээ. Хөгшин маань нарийн учрыг мэдэхгүй яаралтай аймаг орох боллоо гэснийг сонсоод, бид хоёр ч тоймтой юм хэлэхгүй байхыг хараад муу л юм болсон гэж дотор нь палхийгээд л явчихсан гэдэг”. Хутагтын аавыг ийн өгүүлэхүйд Өргөнцагаан гуай, хүн чинь эхлээд муу юм л боддог юм билээ гээд галынхаа өмнө инээмсэглэж суусан.
Хутагт анх төрөхдөө хэдэн килограмм гарсан эсэхийг тодруулаад авлаа. “Гурван килограмм, найман зуун грамм төрсөн. Өглөө ес өнгөрч байхад гарсан хүүхэд шүү дээ” гэж ээж нь товч бөгөөд тодорхой хариулав. Хүүгээ энэ том хутагт болно гэж яаж мэдэх билээ. Багад нь бусадтай ижил гар хүрч, таван салаа боовны амт үзүүлж байсан уу гэх асуултад “Учир зүггүй гар хүрч байгаагүй юм. Мэдээж загнаж зандрах зүйл гаралгүй яахав. Гэхдээ гэгээнтэн маань их өхөөрдөм, барагтай уур хүргээд байдаггүй байсан. Аливаа юманд дургүй нь хүрэх юм бол хол очоод суучихна. Дуудахаар цаашаа зугтаана. Дуудахгүй, огт тоосон шинжгүй орхичихвол хүрээд ирдэг сэн. Тийм л хүүхэд байлаа” хэмээх хариултыг аав нь өгснөө “Хүүгээ нэртэй лам болно гэдгийг эцэг хүний хувьд мэддэг байсан. Харин Монголыг байтугай дэлхийг шуугиулсан гэгээнтнээр тодорно гэж бодоогүй” хэмээн чин үнэнээ хэлж байлаа.
Аавынх нь гэрт хутагтын зураг хөрөг гэж алга. Отгон-Амжилт гуайн хэлснээр багынх нь нэг зураг байдаг гэсэн. Гэхдээ түүнийг ил гаргахгүй гэж байгаа. “Бид гэгээнтнээ сэтгэлдээ л сүслэн дээдлэх ёстой” гэсэн байр суурьтай байна лээ. Зураг гэсн
“Улс төрийн тойм” сонин, “Шонхор суваг” кабелийн телевизийн ерөнхий захирал, нийтлэлч Л.Мөнхбаясгалантай ярилцлаа.
–Гуравдугаар сарын 6-нд Монголын үндэсний сэтгүүлзүй үүссэний 100 жилийн ойн баяр тохиосон. Гэтэл энэ өдөр есөн телевизийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос хаачихсан. Танай телевиз ч бас хаагдсан?
-Тэр өдөр чинь сэтгүүлзүйн 100 жилийн ойн өдөр байсан шүү дээ. Монголын сэтгүүлчдийн эвлэлээс урилга ирчихсэн, баярын хуралд явна гээд үс зүсээ янзлаад байж байтал Харилцаа холбооны зохицуулах хорооноос гэнэт тийм шийдвэр ирсэн л дээ. Гэхдээ энэ шийдвэрийг урьдчилаад бараг гадарлачихсан сэтгэл санааны бэлтгэлтэй байсан. Шийдвэр ирлээ л бол цаг хүрэхгүй хугацааны дотор гүйцэтгэл нь явагддаг юм билээ. “DDH”, “Сансар”, “Univision” гээд бүх кабелийн сувгууд манай телевизийг шууд салгачихсан.
–Ямар шалтгаанаар “Шонхор” сувгийг хаасан юм бэ?
-“Шонхор”
сувгийг би бусдаас сайн телевиз байсан гэж үнэндээ хэлж чадахгүй ээ. Уг нь ирэх сарын 13-нд байгуулагдсаны нэг жилийн ойтойгоо золгох суваг байсан. Техник тоног төхөөрөмжийн хувьд үнэхээр муу. Тэрийг би хүлээн зөвшөөрөх ёстой. Юм шударга байх хэрэгтэй. Эгэлгүй мундаг телевиз байгуулчихаад тэрийгээ хаалгачихаад байгаа юм шиг ярьж болохгүй. “Шонхор” сувгийн тоног төхөөрөмж тааруу учраас дүрс, дууны цацалт маш муу байсан. Тэрийг би хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өмнө нь энэ бүхнийгээ засах сарын хугацааг Харилцаа холбооны зохицуулах хорооноос өгсөн юм. Харамсалтай нь нэг сарын дотор яагаад ч засч чадаагүй. Ийм богинохон хугацаанд бид эфирийн салаалагчийн төхөөрөмжийг л сольж амжсан. Телевизийн дүрс, дууны цацалт хийгээд камеруудаа солиход наад зах нь 500 мянган ам.доллар хэрэгтэй. Надад энэ мөнгө байхгүй. Олж чадаагүй. Чадахыг ч хүсээгүй. Энэ нь манай сувгийн хаагдсан эхний үндэслэл. Хоёрдугаар үндэслэл нь их сонирхолтой. Би Ерөнхий сайдын зөвлөх Д.Кёкүшюүзан Батбаяраас энэ телевизийг асар өндөр үнээр худалдаж авсан. Маш муу техникийг надад арав дахин өндөр үнээр зарсан. Би техникийг нь шалгаагүй авчихсан нь одоо миний буруу болж хувирсан. Тусгай зөвшөөрлийг анх авахдаа Харилцаа холбооны зохицуулах хороотой гэрээ байгуулдаг юм байна л даа. Тэр гэрээнд манайх ингэж сайн ажиллана, ийм ийм тоног төхөөрөмж манайд байгаа гээд түүнийгээ хэмжилт хийлгэдэг юм байна. Гэтэл тэр бүгд нь хуурамч, худал байсан. Ингэж би хуурамч, маш муу техникийг асар өндөр үнээр авчихсан байна. Би тэр мөнгийг хүнээс зээлсэн. Одоо би асар их зээлтэй үлдэж байна. Гурав дахь үндэслэл нь тусгай зөвшөөрөлтэй компанийг зарж, үрж бусдад шилжүүлж болдоггүй байж. Би бас үүнийг тооцсонгүй. Надад хийе, бүтээе гэсэн уран бүтээлч сэтгэлгээ л байсан. Түүнээс ийм нарийн бизнес, хуулийн сэтгэлгээ яах аргагүй дутагджээ. Би хувийн сонинтой болоод гурван жил болж байна. Гурав дахь жилийнхээ нүүрэн дээр л “Улс төрийн тойм” сонин өөрийн гэсэн байртай боллоо. Өнгөрсөн гурван жилийнхээ нэг жилд нь “Шонхор” сувгийг хөл дээр нь босгох гэж хичээлээ. Барсангүй. Гэхдээ энэ хооронд ямар ч байсан үйл ажиллагаагаа явуулаад, цалингаа, түрээсээ төлөөд л байлаа. “Улс төрийн тойм” сониноо дампууртал нь мөлжсөн. Гэвч үр дүн нь энэ.
–Та яагаад хэсэг хугацаанд чимээгүй болчихсон бэ. Хүмүүс их гайхсан байх л даа?
-Хүн
болгон л надад “Тэмц, гар, алалц” гэсэн зөвлөгөө өгсөн. Тэрэн шиг амархан юм байхгүй. Гудамжинд гараад Монгол Улсын Засгийн газар тэгж байна, ингэж байна гээд ярих амархан. Туг лоозон хийсгэн давхих ч амархан. Гэвч биет хохирол маань тэрбум төгрөг давчихаар хөдөлж ч чадахгүй болдог юм байна. Одоо бол надад элдэв пи ар, тэмцлээсээ илүүтэй өрнөөсөө хэрхэн гарах вэ гэдэг л чухал байна. Манай телевизийг хаасан үндэслэл нь гарцаагүй. Энийг би шүүхдээд ч дийлэхгүй. Улстөржүүлээд бүр ч барахгүй. Тийм учраас хуульчдын баг байгуулаад өрнөөсөө мултрах нь надад хэрэгтэй юм. Телевиз хаагдаад арав гаруй хоночихлоо. Түүнээс хойш дуугүй суусан учир нь энэ. Гэхдээ Засгийн газраас явуулж буй энэ бодлого зарчмын хувьд буруу. Ямар ч муу техниктэй байсан хааж боож болохгүй. Ямар ч үед Засгийн газар, ямар ч төр байсан хувийн хэвшил рүү дайрч, хэвлэл мэдээллийн эрх чөлөө рүү халдах ёсгүй. За больё, манай суваг хамгийн муу байсан, хаагдах ёстой байсан гэж бодоход нөгөө найман телевизийн дотор 2005 оноос хойш үйл ажиллагаа явуулсан телевиз байна билээ. Аймаар санагдаж байгаа биз.
-“Шонхор” суваг байгуулагдаад удаагүй ч өөрийн гэсэн үзэгчидтэй болоод амжсан шүү дээ?
-Манай
“Шонхор” сувгийг хүмүүс үздэггүй биш, үздэг байсан юм билээ. Хаагдсан хойно л мэдсэн. Манайх улс төр, нийгмийн чиглэлээр түлхүү, далайцтай явсан. Телевизийн салбарт өрсөлдье гэвэл нэгдүгээрт мөнгө, хоёрдугаарт мөнгө, гуравдугаарт мөнгө хэрэгтэй юм билээ. Мөнгөтэй байж сайн тоног төхөөрөмж авдаг. Мөнгөтэй байж сайн боловсон хүчин авдаг. Мөнгөтэй байж тайзаа олон янзаар сольж олон сайхан нэвтрүүлэг хийж болдог. Хичнээн авьяаслаг, чадвартай сэтгүүлчид байлаа гээд мөнгөгүй бол телевиз явдаггүй юм байна гэдгийг би ойлголоо. Ер нь тэгээд миний гол алдаа бол саваагүй нохой саранд хуцна гэдэг шиг мөнгөгүй байж телевизийн салбарт орж ирсэн явдал юм. Сэтгүүлч эзэнтэй медиа групп байгуулахыг мөрөөдсөн маань ингээд бүтэлгүйтлээ. Одоо өөртөө ийм л дүгнэлт хийж байна.
–Хаагдсан телевизийнхэн “Бидэнд сарын л хугацаа өгсөн. Энэ хугацаанд байгаа нөөц боломжоо хичнээн ашиглаад ч зөрчлөө арилгаж амжсангүй. Ерөөсөө анхнаасаа л хаахыг санаархсан шаардлага тавьсан” гэцгээж байсан?
-Тэр
үнэн л дээ. Кабелийн телевизүүдэд сарын хугацаа өгөхөд л би энэ талаар олон нийтлэл бичсэн. Сарын дотор бүх тоног төхөөрөмжийг солиход доод тал нь 500 мянган ам.доллар хэрэгтэй. Ийм боломж бидэнд байхгүй. Том компаниудаас эрхлэн гаргаж байгаа телевизүүд бол чадна. Бид бол чадахгүй. Тийм учраас өрсөлдөөнд туйлдаад унаж байгаа байхгүй юу. Уг нь энэ өрсөлдөөн жамаараа явж бид замдаа бахардаж унах ёстой байсан. Өөрөөр хэлбэл өөрөө дампуурах боломжийг нь тавьж өгөх ёстой. Гэвч тэгсэнгүй. Механикаар үйл явдлыг хурданд нь хийчихлээ. Миний хувьд нэгдүгээрт, яах аргагүй мэхлүүлсэн. Хоёрдугаарт, тавьсан шаардлагуудыг нь үнэндээ давж чадсангүй. Гуравдугаарт, энэ зарчим нь буруу. Өнөөдөр би энэ телевизэд тэрбумыг байг гэхэд арван мянган төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн ч энэ миний хөрөнгө. Тийм учраас төр энэ хаагдсан телевизүүдэд нөхөн олговор өгөх ёстой.
Хаагдсан телевизүүдийн нэг болох 2005 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн “ITV” телевизийн тухай уншаад үнэхээр хямарсан. Олон жилийн турш хичнээн төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бол. Тэр хүмүүст ямар байгаа бол гэдгийг би төсөөлж байна.
Миний хувьд сувгаа худалдаж авсан үнэ нь тэрбум гаруй төгрөг болчихлоо гэхэд дээрээс нь 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Энэ бүхэн минь өнөөдөр салхинд хийсчихлээ.
–Одоо тэгээд та яая гэж бодож байна?
-Би
Харилцаа холбооны зохицуулах хороотой биш, Засгийн газартай биш наймаа хийсэн хүнтэйгээ эхлээд учраа олно. Манайхан том хөрөнгө оруулагчийг үзэн яддаг. “Шунхлай” ч юм уу, “Бодь” ард нь хөрөнгө оруулаад хэвлэл мэдээллийн байгууллагыг босгохоор манайхан эсэргүүцдэг. Миний бодлоор энэ бүхэн зөв юм байна. Би ч цагтаа эсэргүүцэж явлаа. Яагаад гэвэл би энэ амьдралыг өөрөө тууллаа. Ганцаараа яваад, мөнгө зээлээд, өрөнд ороод сүүлдээ байгуулсан телевиз маань хаагдчихлаа. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болсон ч би хүнээс зээлсэн мөнгөө өгөх л ёстой. Энэ чинь бизнесийн харилцаа. Том эзэнтэй, мөнгөтэй компаниудыг түшиглэж хэвлэл мэдээллийн байгууллага хөгждөг юм байна. Би энэ бүхнийг сүүлийн 17 жилийн амьдралаасаа ухаарлаа. Би үүнийг зөрчих гэж үзсэн байхгүй юу. Өөрөө, ганцаараа босгочихъё, сэтгүүлч эзэнтэй, медиа групп байгуулъя гэж бодсон юм. “Улс төрийн тойм” сонин, “Шонхор” суваг, ipost сайт гээд гурвалсан үйлчилгээтэй ийм медиа групп байгуулъя гэж бодсон минь одоо худлаа боллоо л доо.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгийн танай сонинд өгсөн ярилцлагыг уншаад стандартаа хангачихвал, хаагдсан телевизүүд асуудалгүй л гэж ойлголоо. Харин энэ стандартыг нь би л лав хангаж чадахгүй. Бусад найман телевиз маань хангавал сайн л байна. Тэгвэл тэдэндээ амжилт хүсье. Надад дахиад сая долларын хөрөнгө оруулалт олдох ч үгүй. Би үнэхээр айж байна. Яагаад гэвэл хүн юм хийхэд нэг өдөр л байхгүй болгодог юм байна. Хүн хүнээ мэхэлдэг юм байна. Нэр хүндтэй хүн бусдыг хүн гэж боддоггүй юм байна. Телевиз үнэхээр том тоглоом байна. Би энэ тоглоомонд хожигдлоо. Яаж ч болохгүй үнэн гэвэл энэ. Үнэнээ хүлээх ёстой. Хэн ч намайг энэ салбар руу албадаагүй. Би өөрөө л орсон. Одоо би өөрөө л эрсэдлээ үүрнэ. Энэ бол миний дайрах ёстой лай.
–Телевизүүдийг хаасныг ард түмэн, үзэгчид улс төртэй холбож ойлгоод байх шиг байна лээ?
-Бүхнийг
улс төр рүү чихээд гарах амархан л даа… Гоё байдаг байхгүй юу. Би олон жил улс төр бичсэн. Улс төрд юу болдгийг дэндүү сайн мэднэ. Гэхдээ би энийг энэ удаа улстөржүүлэхгүй. Надад ашиггүй. Хэрэв би 2016 онд улстөрд орох гэж байгаа бол, ямар нэг намын харьяалалд байдаг бол улстөржилт ашигтай. Гэвч би эрх чөлөөг эрхэмлэдэг сэтгүүлч хүн учраас энэ удаа улстөржилтөөс зугтаж явна. Би улс төрийг бичнэ үү гэхээс өөрөө дотор нь хутгалдаж заваармааргүй байна. Тэгээд ч би бодит байдлыг ярьж байна. Над шиг ингэж бодит байдлыг ярьж байгаа хүн байгаа ч уу, үгүй ч үү. HD “Монгол” телевиз, “Бодь”-ийнхон шиг гоё телевизийг би хийж чадаагүй. Гэхдээ хүмүүс “Шонхор” сувгийг үздэг байсан. Энэ телевизэд сайн сэтгүүлчид цугласан юм. Гуч гаруй ажилтнаа тал тал тийш нь тарахад ямар хэцүү байсан гэж санана. Өдөрт л тав, зургаагаар бусад телевиз рүү яваад л. Тэд маань телевизээ буцаад нээх болов уу гэсэн горьдлоготой байсан. Гэхдээ би тэдэнд үнэнийг хэлсэн. Тийм учраас “Шонхор” телевизийг би лав дахин гаргахгүй ээ.
–Тэгэхээр “Шонхор” телевиз дахиж эфирээ цацахгүй нь ээ. Та эсвэл зарах уу?
-Дахиж
эфир цацахгүй. Тусгай зөвшөөрлийг зарж болдоггүй хуультай юм билээ.
–Ийм амархан бууж өгч байгаа юм уу?
-Мөнгөний
өмнө бууж өгч байна… Өөр яана гэж. Гарц байхгүй.
–Тэгээд одоо яах уу?
-Кёкүшюүзанд буцааж өгнө.
–Мөнгөө буцааж авна гэж үү?
-Мөнгөө
буцааж авмаар байна. Өгөх нь үү, үгүй юу. Нэгэнт хийгдсэн наймаа гэх үү. Тэгвэл тэгээд хууль хяналтын байгууллагад хандана даа.
–Хөрөнгө оруулагч гарч ирээд хамтарч ажиллая гэж санал тавибал?
-Үгүй,
одоо би ажиллахгүй. Ер нь төртэй гэрээ байгуулаад ажиллана гэдэг хүнд юм байна. “Шунхлай” компанийг хар л даа. Компанийнхаа хувьд алдагдалд ороод зарж буй бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх гэхээр төр хөнгөлөлттэй зээлээ буцаана, бас хэдэн тэрбумаар нь торгоно гэж дарамталж байна. Телевизийн салбар яг ийм, төртэй гэрээ байгуулдаг. Төртэй хутгалдаж, төртэй гэрээ байгуулж бизнес хийнэ гэдэг хүнд юм байна. Гэхдээ ингээд хэвлэл мэдээллээс арчигдаад, яваад өгч байгаа юм биш шүү. Сонин, сайт маань байна. Юм бичих чадвараа алдаагүй байна.
–Таны хөтөлдөг “Цензургүй яриа” нэвтрүүлэг цаашид гарах уу?
-Хэсэг
хугацааны дараа ” Цензургүй яриа” дахин гарч эхэлнэ. Гэхдээ хэд хэдэн телевизээс санал ирсэн. Аль нэгтэй нь хамтарч ажиллана гэж бодож байгаа.
–Есөн телевизийг хаахад 300 гаруй сэтгүүлч ажилгүй болж, олон айлын амьжиргаанд нөлөөлсөн?
-Манайхаас
36 хүн ажилгүй болсон. Тэдний зарим нь банкнаас цалингийн зээл авчихсан байгаа. Манайд л гэхэд цалингийн зээлтэй зөндөө хүн байсан. Одоо энэ хүмүүс зээлээ төлөх ёстой, ажил хийх ёстой. Гэтэл тийм амархан ажил олдох уу. Хэцүү ш дээ. Ер нь тэгээд хэвлэл мэдээллийн салбар төртэй найзална гэж ч байдаггүй юм байна.
Сонинтой харьцуулбал маш их дарамттай юм билээ.
–Ямар дарамтууд вэ?
-Тухайлбал,
“Сансар” кабелийн суваг Улаанбаатар хотынхны ная гаруй хувьд хүрдэг. Энэ компани кабелийн сувгуудтай “С.Баярын тухай нэг ч сөрөг, үг өгүүлбэр танай телевиз гаргахгүй шүү” гэж гэрээ байгуулж ам тангараг өргүүлдэг. Өмнө нь С.Баярын тухай гаргаад “Сансар”-аас салгагдаж байсан телевиз бол “NBS”. Намайг “Шонхор”-ыг аваад удаагүй байтал гэнэт нэг өдөр “Сансар”-аас манай сувгийг салгачихсан. Юу болов гэтэл “С.Баярын тухай бичдэг Л.Мөнхбаясгалан “Шонхор” телевизийг авчихсан байна, салгана аа” гэсэн байсан. Тухайн үед бичиг баримт дээрээ хуучин эзнээс нь нэр шилжүүлж амжаагүй байсан тул түүнийг нь үзүүлж Д.Батбаяр гишүүнээр гуйлгаж би өөрөө далан таваар бууж өгсөн. Амьдралдаа би хэзээ ч олигархийн өмнө тэгж бууж өгч үзээгүй. С.Баярын тухай бичихгүй, гаргахгүй, амлаж байна, тангараглаж байна гэж байж “Шонхор” сувгаа тэднийхээр цацуулах эрхтэйгээ үлдэж байлаа.
–Тэгвэл та сүүлийн нэг жил их л дарамт амсч дээ?
-Би
хэтэрхий чөлөөтэй явсан сэтгүүлч. “Өдрийн сонин”-д чөлөөтэй байсан. Энэ сониноос гараад хувийн сонин байгуулаад хэний ч дарамтад байж үзээгүй. Гэтэл сүүлийн нэг жилийн турш аймшигтай дарамтад байлаа. Яг л торонд орчихсон юм шиг байсан. Одоо харин торноос гарч жинхэнэ нисч байна даа. Ийм байхад Монголын телевизийн сэтгүүлзүй яаж цэвэр байх юм бэ. Ийм байгаа үед телевизүүд л лав шударга ярихгүй. Иргэд үнэнийг ярихгүй байна гээд телевизүүдийг шүүмжилдэг. Харилцаа холбооны зохицуулах хороо үнэхээр л шударга юм бол энэ кабелийн телевизүүдэд дахиад эхнээс нь тендер зарла л даа. Би тус хорооны дарга Б.Балгансүрэнд ийм шаардлага тавих гэж байгаа.
“Сансар”
кабелийн телевизэд телевизээ холбуулахын тулд 250 сая төгрөгийн хахууль өгдөг гэсэн. Гэхдээ баримт бол байхгүй шүү. “Шонхор”-ыг анх “Сансар”-т холбочихсон байхад нь би худалдаж авсан болохоор яг хэдийг төлснийг нь мэдэхгүй байна. Яагаад гэвэл энэ кабел нь Улаанбаатарын 80 хувьд нь үйлчилгээгээ хүргэдэг болохоор энэ. Энэ тухай надад Кёкүшюүзан л хэлсэн юм. Хэрэв үнэхээр энэ Засгийн газар энэ салбарыг ариутгах гэж байгаа юм бол, шударга ажиллах зорилготой бол энэ бүхнийг болиулах хэрэгтэй ш дээ. Жирийн сэтгүүлч хүнд кабелийн сувгийн эрх олддоггүй. Гэтэл хэн нь дөрөв таваар нь авчихаад хэд нугалж зардаг юм бэ. Тэгээд эхнээсээ булхай нь илэрч байгаа нь энэ.
–Ажилгүй болчихсон сэтгүүлчдийн нийгмийн асуудлыг төр засаг яаж шийдэх ёстой вэ?
-Уг
нь гадаад оронд бол төр хувь хүний бизнесийг үгүй болгочихож байгаа юм чинь нөхөн олговор өгнө. Нөхөн олговор заавал өгөх ёстой. Үйлдвэрчний эвлэл гэж манайд байхгүй, сэтгүүлчдийг өнөөдөр хэн ч өмгөөлдөггүй.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль гэж айхавтар хууль орж ирсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилсан гэх боловч М.Батчимэг гишүүн утга санааг нь гуйвуулсан юм шиг байгаа юм. Ерөнхийлөгч өөрөө уг хуулийн утга санаа гажууджээ гэсэн мэдэгдлийг хийсэн шүү дээ. Тэгээд УИХ-аас татсан. Үүн дээр биднийг бас л хаана, бооно гэсэн утгатай заалтууд орж ирсэн. Яагаад хорин хэдэн жил яваад ирсэн биднийг оролдоод эхлэв.
–Хэвлэл мэдээллийнхэн хэзээ эрх чөлөөтэй болж, чөлөөтэй сэтгэх вэ?
-Хурдхан
баян болох хэрэгтэй. Санхүүгийн эрх чөлөөгөө эдэлж, хүнээс мөнгө гуйхгүй болсон цагт л хэний ч атганд орохгүй болно. Тэр хэмжээгээр эрх чөлөө ирнэ. Сэтгүүлчид тийм болох ёстой. Тийм учраас хөл дээрээ тогтчихсон байгаа сонинууд цаашаа илүү хурдтайгаар баяжих хэрэгтэй. Энэ салбараас тэрбумтнууд төрөх ёстой. Тэгж байж бид хэвлэлийн эрх чөлөөгөө аварч үлдэнэ. Хэвлэлээс тэрбумтан төрөөгүй цагт энэ салбар байнга хэн нэгний нохойд барьдаг мод байсаар байна. М.Батчимэг гишүүний өргөн барьж зүтгүүлж байгаа хууль бол үүний эсрэг чиглэсэн тун аюултай хууль. Тэр хуулийг яагаад ч батлуулж болохгүй. Батлуулахгүйн төлөө ч боломжтой бүхнийг хийх ёстой. Яагаад гэвэл эрх чөлөөгөө хамгаалж үлдэхийн тулд шүү дээ.
Д.ГАНСАРУУЛ