Categories
мэдээ нийгэм

Хариуцлагатай улстөр л эдийн засгийг анагаана

“Өдрийн сонин”-ы маргаашийн дугаарт энэ
намрын эдийн засгийн төлөв байдлын талаар тус сонины Нийгэм, эдийн засгийн
сэтгүүлч Ц.Баасансүрэнгийн тойм бичлэг нийтлэгдсэн байна. Түүний “Намрын эдийг
засаг” нийтлэлд эдийн засгийн хямралаас гарахын тулд хариуцлагатай улстөр л
эдийн засгийг анагаана, МЕГА төслүүдээ амилуулбал хөрөнгө оруулалт сэргэх зэрэг
чухал тоо баримтыг дурджээ. Та бүхэн “Өдрийн сонин”-ы маргаашийн дугаарыг
уншаарай.

Categories
мэдээ соёл-урлаг

“Ахлах сургууль” уран сайхны киноны нээлт маргааш болно

“Ахлах сургууль” уран сайхны кино маргааш албан ёсны нээлтээ хийнэ.

Энэхүү кино
нь LAMSAN продакшны анхны уран бүтээл бөгөөд “Төгс хөгжлийн гүүр” ТББ-ын
тэргүүн Ж.Буянтөгс бодит амьдралаас сэдэвлэн, өөрийн шавь Батцэцэгтээ
зориулан энэхүү кино зохиолыг бичиж, продюссерээр давхар ажилласан
байна.

Үе үеийн хүүхэд залууст эцэг эхээ хайрлаж хүндлэх хүмүүжлийг кино урлагаар дамжуулан хэлэхийг оролдон бүтээлээ туурвижээ.

Харин бусад
уран бүтээлчдийн хувьд СТА Г.Ган-Очир бүжиг дэглээчээр, ерөнхий
продюссерээр Б.Янжмаа, найруулагчаар Ө. Бат-Эрдэнэ, ерөнхий зураглаачаар
Д.Алтантулга /LAMSAN продакшн/ нар ажилласан байна.

Мөн кино нэг
жилийн өмнөөс хийгдсэн ба нээлт маргааш буюу шинэ хичээлийн нээлттэй цуг
ӨРГӨӨ-1 кино театр дээр 14,00 цагаас мөн ӨРГӨӨ -2 кино театра дээр 18
цагаас тус тус нээлтээ хийх аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зам засварын ажлууд аравдугаар сар гэхэд бүрэн дуусна ​

Өнөөдөр нийслэлийн Засаг дарга буюу хотын захирагч Э.Бат-Үүл нийслэлд хийгдэж буй зам засварын ажилтай танилцсан юм. Зураг дээр харагдаж буй замууд засварын ажилтай байна. Шаргаморьтын уулзвар хүртэл 4,6 км авто зам,
Шаргаморьтын уулзвараас Хандгайтын зам хүртэл 6,75 км авто зам болон
Шаргаморьтын 50 м урт төмөр бетон гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэж байгаа аж. Энэ
хэсгийн замуудад гэрэлтүүлэг, явган хүний зам болон дугуйн замыг хийж
байгаагаас гадна ус зайлуулах шинэ төрлийн замын хашлага тавьж байгаа юм байна.
Шаргаморьтын 50 метр урт төмөр бетон гүүрийг энэтхэг технологиор барьж байгаа
бөгөөд хүнд даацын машин зорчиход ямар ч аюулгүй байхаар хийж байгааг албаныхан
онцлов. Одоогоор ажлын явц 70 гаруй хувьтай, энэ оны 10 сар гэхэд бүрэн дуусна
гэж гүйцэтгэгч компаниуд хэлэв. Мөн Гачууртын чиглэлийн 11 км авто замын
шинэчлэлтийн ажил өрнөж байгаа бөгөөд “Үйлсийн зам” ХХК засварын ажлыг
гүйцэтгэж байгаа аж. Нарны замыг 19-р хорооллын арын замтай холбох
1,5 км автозам, 58 метр урт гүүр болон төмөр зам доогуурх 22 м туннелийн хамт барих ажил он дамжин хэрэгжиж байгаа бөгөөд
энэхүү зам ашиглалтад орсноор Энх тайвны гүүр орчмын замын хөдөлгөөний ачаалал
10 гаруй хувиар буурах боломжтой гэнэ. Барилгын ажлыг “Оч наран” ХХК
гүйцэтгэж байна.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулганд оролцов

Японы Ерөнхий сайд Ш.Абэгийн санаачилгаар хоёр дахь удаагаа зохион
байгуулагдаж байгаа “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт” энэ сарын
28-29-ний өдрүүдэд Токио хотноо болов. Тус чуулга уулзалт сүүлийн
жилүүдэд Японы Засгийн газраас явуулж буй “эмэгтэйчүүд гялалзах нийгэм”
хэмээх бодлогын хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус улсын
зүгээс Японд төдийгүй дэлхий нийтийн хэмжээнд эмэгтэйчүүдийн нийгэм,
эдийн засагт гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх чиглэлд тууштай бодлого
явуулж байгаагийн илэрхийлэл болж байна.

Чуулга уулзалтад НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын дарга Фумзиле
Мламбо-Нкүка, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн захирагч Хелен Кларк, Либерийн
Ерөнхийлөгч, Нобелийн шагналт хатагтай Элен Жонсон-Сэрлиф нар болон
дэлхийн 40 орны төр, нийгмийн зүтгэлтэн, дэлхийд нэртэй томоохон
корпорациудын удирдах албан тушаалтан нийт 150 гаруй лидер эмэгтэйчүүд
оролцжээ. Монгол Улсаас Ерөнхий сайд Ш.Абэгийн урилгаар УИХ-ын гишүүн
М.Батчимэг, Засгийн газрыг төлөөлж Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын
сайд С.Эрдэнэ нар оролцлоо. Манай төлөөлөгчид Ерөнхий сайд Ш.Абэтэй
уулзалт хийж, чуулга уулзалтын салбар хуралдаануудад оролцож үг хэлэв.
Японы хүн амын насжилт нэмэгдэж, ажиллах хүчний хомсдол нэмэгдэж байгаа
нь эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, нийгмийн идэвхийг нэмэгдүүлэх бодлого
явуулахад томооохон түлхэц болж байгаа ажээ.

Ерөнхий сайд Ш.Абэ чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ энэ бодлогыг
хэрэгжүүлж эхэлснээс хойшхи 3 жилд нэг сая япон эмэгтэй хөдөлмөрийн зах
зээлд шинээр орж ирж, компаниудын удирдах түвшин дэх эмэгтэйчүүдийн тоо
даруй 30 хувиар нэмэгдсэнийг онцлон тэмдэглэжээ. Чуулга уулзалт нээгдсэн
өдөр Японы парламент “Эмэгтэйчүүдийн идэвхтэй оролцоог дэмжих” хууль
баталсан байна. Японы Засгийн газар 2020 он гэхэд улс төр, төрийн алба
болон бизнесийн байгууллагын удирдлагад эмэгтэйчүүдийн эзлэх хувийг 30
хувиас доошгүй түвшинд, эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг 70 хувьд хүргэх
зорилт дэвшүүлжээ. Ш.Абэ 2013 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаанд
үг хэлэхдээ тус улсын Засгийн газар гурван жилийн хугацаанд дэлхийн
нийтийн хэмжээнд эмэгтэйчүүдийг дэмжих чиглэлээр 3 тэрбум ам доллар
зарцуулна гэж мэдэгджээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Болтыг Бээжинд төрсөн гэлцдэг нь үнэн бололтой

Бээжин-2008 олимпийн наадам хөнгөн атлетикийн ертөнцөд Үсэйн Болт хэмээх “шижир алт”-ыг танилцуулж билээ. Тэр жилийн наадамд ямайк залуу 100метр, 200 метрийн зайнд хүний ой тойнд үл багтам амжилт үзүүлэн анхны алтан медалиудаа зүүж байсан. Түүнээс хойших он жилүүдэд Болтын ялалтууд зогсолтгүй үргэлжилж байсан ч гэлээ энэ жилийн эхнээс гацаж эхэлснийг санаж байна. Болтыг элдэв гэмтлүүд ороож дайварт нь өрсөлдөгчид нь ч чангараад байсан нь түүнийг Бээжингийн хөнгөн атлетикийн ДАШТ-д гавихгүй гэдэг таамаглалын үндэс болж байлаа. Гэтэл тэр өтлөх болоогүй байж. Хэдийгээр Гэтлин түүнтэй ширүүн үзэлцсэн ч гэлээ ганц ч удаа урд нь гишгэж чадсангүй. Болт оролцсон төрөл бүртээ манлайлж ДАШТ-ий алтан медалийнхаа нийт тоог 11-т хүргэв.

Кени улс – хөнгөн атлетикийн хаан

Зүүн Африкийн энэ улсын хөнгөн атлетикчид шинэ зуун гараад тив дэлхийн тэмцээнүүдэд гаргах амжилт нь улам ахих болсон. Дундын зайн эрэгтэйчүүдийн төрөлд гаргадаг байсан уламжлалт амжилтаа олшруулж эмэгтэйчүүдийн гүйлт, холын зайн гүйлт, жад шидэлт зэрэг наадгаануудад тэд алтан медаль авч эхэллээ. Үр дүн нь кеничүүд анх удаа долоон алтан медаль, зургаан мөнгөн медаль, гурван хүрэл медальтайгаар анх удаа ДАШТ-ийг оройлов.

Итоны шинэ амжилт

Америкийн Орегоноос гаралтай өнгөт арьст Эштон Итон жинхэнэ эрчүүдийн тэмцээн гэгддэг арван төрөлтөд 9045 оноогоор дэлхийн шинэ амжилт тогтоон аваргаллаа.

Болтыг бараг л “нухчих” шахав

200 метрийн зайд түрүүлчихээд үзэгч олонтой баяраа хуваалцаж явсан ойрын зайн гүйгч У.Болтыг Хятадын төв телевизийн зураглаач цахилгаан тэргэнцрээрээ дайрч гэмтээх шахав. Буухиа тэмцээнд оролцох дутуу байсан тул ямайк залууг баларлаа даа гэтэл хаа очиж гай холуур өнгөрсөн бололтой. Хятадууд “Эвгүй зүйл боллоо. Их сайн зураглаач байгаа юм. Анхных нь алдаа, ажлаас нь халахгүй” гээд бүх зүйл сайхнаар дуусав.

Интернэтээр жад яаж шидэхийг заалгаад аваргалав

26 настай Жулиус Йего дөрвөн жилийн өмнө жадыг яаж зөв шидэх вэ гэдгийг интернэтэд байршуулсан бичлэгийг харж суралцаж эхэлсэн гэхэд итгэх аргагүй. Уг нь жад шидэлт цэвэр “цагаан арьстан”-уудын наадам болдог байсан нь саяхан. Харин өнөөдөр 26 настай Кенийн шидэгч 92.72 метр шидэж аваргаллаа.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх, Налайх дүүргийн сурагчдад хичээлийн хэрэгсэл гардууллаа

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, БЗД-ийн засаг дарга Д.Пүрэвдаваа болон бусад
албаны хүмүүс хичээлийн шинэ жилийг тохиолдуулан өнөөдөр Баянзүрх,
Налайх дүүргийн I-II ангийн 10 мянган хүүхдийн төлөөлөл болох 100 гаруй
хүүхдэд хичээлийн хэрэгсэл, ширээний цаг гардууллаа.

2015-2016 оны
хичээлийн шинэ жилд Улаанбаатар хотын хэмжээнд 25000 орчим хүүхэд
сургуулийн алтан босгоор алхаж 1-р ангид элсэн орж байна. Үүнээс
Баянзүрх дүүрэгт таван мянга гаруй, Налайх дүүрэгт нэг мянга орчим
хүүхэд 1-р ангид элсэн орж байгаа юм байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганхуяг хүүхдүүдэд хичээлийн шинэ жилийн баярын
мэндийг дэвшүүлж, сурлагын өндөр амжилтыг хүсээд “Хүүхэд, багачуул Та
бүхэн сайхан Монгол орны ирээдүйн хөгжлийн түүчээ нь юм.

“Байгалиас цаг хугацаа нь хүн бүрт тэгш оногддог бэлэг юм. Гэсэн ч цаг
хугацаа бол хамгийн үнэ цэнэтэй нь билээ. Энэ цаг хугацааг хамгийн үр
дүнтэй ашиглаж сурсан хүн зорилгодоо түрүүлж хүрдэг, амжилт нь ч өндөр
байдаг.Тиймээс хүүхдүүд та нарыгаа цагийг хамгийн үр дүнтэй ашиглаж
хичээл сургуульдаа өндөр амжилт гаргаж “Зөв Хүүхэд” болон төлөвшин
хөгжихийг бэлэгшээж ширээний цаг бэлэглэж байна” хэмээн хэлсэн юм.

Categories
гадаад мэдээ

Болгарын Ерөнхий сайдын онгоц дахин ослын буулт хийжээ

Болгарын ерөнхий сайд Бойко Борисовын зорчиж явсан онгоц ослын буулт хийжээ.

“Falcon 2000” онгоц Варна хотоос хөөрөх үеэр дугуй нь гацсанаас буцаж буулт хийсэн байна.

Тиймээс Болгарын ерөнхий сайд Бойко Борисов өөр онгоцоор нийслэл рүү буцжээ.

Түүний зорчиж явсан онгоц ослын буулт хийсэн тохиолдол зургаан сарын дотор хоёр дахь удаагаа давтагдаж байгаа нь энэ аж.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд 33 дугаар сургуулийн нээлтэд оролцоно

Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын
сургуульд 539 818 сурагч суралцахаас 50,3 хувь нь бага ангид, 27,5 хувь нь дунд
ангид, 22,2 хувь нь ахлах ангид хичээллэнэ. Харин нэгдүгээр ангид 64 364 сурагч
элсэх юм байна. Тэгвэл 99 их, дээд сургууль, коллежид нийт 170 мянган оюутан
суралцана. Үүнээс 87,4 хувь нь бакалавр, 10,7 хувь нь магистр, 1,9 хувь нь
докторын зэрэг горилохоор суралцах аж. Маргааш есдүгээр сарын 1 буюу хичээлийн
шинэ жилийн эхний өдөр. Уламжлалын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
МҮОНРТ-ээр хичээл заана. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Ерөнхий боловсролын
33 дугаар дунд сургуулийн нээлтэд 08.00 цагт оролцох аж. Мөн тэрээр 11.40
цагаас Чингисийн талбайд болох Оюутны тангарах өргөх ёслолын ажиллагаанд очих
юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Хотын төвөөс холгүй жижиг Шангри-Ла босч байна

Хамгийн их хөрөнгө эргэлдэж, хамгийн их бүтээн байгуулалт өрнөдөг салбар бол барилгын салбар. Сүүлийн жилүүдэд ингэж их эрчимтэй бүтээн байгуулалт хийсэн барилгын салбарын үйл ажиллагаа эдийн засгийн байдлаа дагаад ч их хумигдлаа.

Үнэндээ 2015 онд нийслэл хотод бүтээн байгуулалт хийж байгаа арван кранаас нэг нь л ажилласан гэхэд хилсдэхгүй. Тэр ажил нь урагшилж байгаа барилгуудаас идэвхтэй ажилласан нь гэвэл бас л цөөн. Хямралын үед ажил нь урагшилсаар байгаа, угсралтын ажил ньдавхар давхраар нэмэгдсээр байгаа барилгыг зориуд онцлон олж, бусад нь зогсоод байхад ажил нь үргэлжилсээр байгаагийн нууцыг олж сурвалжлахаар шийдлээ. Мэдээж хөрөнгө мөнгөний боломжтой байхад ажил тасралтгүй үргэлжилнэ, бас нөгөө талд ухаалаг менежментээр ажлыг амжуулдаг нь бий.

Нийслэлээс барьж буй бодлого, хотоос авсан барилгын зөвшөөрлөөс нь харахад хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн уулзвараас хойших 32-ын шинэ зам дагуу бизнесийн шинэ дүүрэг цогцлох нь тодорхой болчихоод байгаа билээ. Өнгөрсөн үеийн байдлаас харахад тэнд оффис, үйлчилгээний 17 барилгын зөвшөөрөл авчихсан байдаг. Тэр ч дагуу нэлээд тооны оффисын барилгууд баригдаад, үйлчилгээний томоохон байгууллагууд ч эхнээсээ үүдээ нээхэд бэлэн болоод байгаа. 50 метрийн дотор гурван ч офиссын барилга баригдаж байх жишээтэй. Хотын төвдөө шахам гэж хэлж болох, Чингисийн талбайгаас арав гаруйхан минут алхаад л хүрчих энэ дүүрэгт “Pro ONE” хэмээх бүрэн цутгамал, 16 давхар барилга сүндэрлэж байгаа юм. Үндсэндээ каркас нь босоод дуусч байгаа энэ барилга бол үйл ажиллагаа нь тасралтгүй үргэлжилж ирсэн цөөхөн барилгуудын нэг яах аргагүй мөн.

Тус барилгыг үл хөдлөх хөрөнгийн борлуултын зах зээл дэх гол компани болох “Мастер пропертис” компанийн “Мастер девелопер” барилгын компани хариуцаж байгаа ажээ. Энэ салбарт хамгийн олон жил амжилттай ажиллаж ирсэн, дээд зэргийн туршлага хуримтлуулсан компани учраас хямралын энэ үед тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа биз ээ. Нөгөө талаас барилгын компаниудынхаа онцлогийг ч, худалдан авагчдынхаа эрэлт, сэтгэл зүйг мэддэгийн хувьд ингэж амжилттай ажиллаж байж болох юм. Тус компанийн ерөнхий захирал Ц.Дашцэрэнгээс “Хямралын энэ үед цөөхөн барилга баригдаж байгаагийн нэг нь танайх. Их мөнгөтэйдээ ингэж бариад байна уу, эсвэл өөр нууц байна уу” гэхэд “Их мөнгөтэйдөө бариад байгаа юм биш. Хямралын үе гээд хүмүүс аргацааж, эсвэл муухан материалаар хэмнэлт хийж барих юм шиг эхлээд санадаг байх. Манай компани олон жил энэ салбарт ажилласан. Тэр дундаа худалдан авагчидтай хамтарч ажиллаж ирсэн. Юуны өмнө худалдан авагчид яг ямар байршилд, ямар чанартай, ямар нөхцөл боломжтой үл хөдлөх хөрөнгийг сонирхож байна вэ гэдгийг нарийн судлах ёстой. Бид барилгын ажлаа эхлүүлэхийн өмнө маш нарийн судалгаа хийж төслөө эхлүүлсэн. Тэгэхээр хүмүүсийн хүсч байгаа чанартай барилгыг хүсч байгаа үнээр нь нийлүүлж чадвал хямрах зүйл байхгүй. Хямралын үед ч хүмүүсийн худалдан авах хэрэгцээ байж байдаг. Тиймээс яг тэдний шаардлагад нийцүүлсэн бүтээгдэхүүнийг хүргэх нь чухал” хэмээн хариулсан юм.

Үл хөдлөх хөрөнгийн салбар дахь борлуултын хамгийн гол компанийн хувьд худалдан авагчдынхаа сэтгэл зүйг судлах ёстой гэдгийг тэд хамгийн сайн мэднэ. Тэр ч утгаараа байршил, автомашины хангалттай зогсоол, боломжийн үнэ, нэвтрэх чадвар их буюу хангалттай тооны цахилгаан шат, дотоод сервис үйлчилгээ, кофе шоп, мини супер маркет гээд бүгдийг нь анхаарч энэ төслөө хэрэгжүүлж байгаа. Бас хамгийн сайн чанартай материал, туршлагатай компаниудаар гүйцэтгүүлэхээ ч тэд эн тэргүүнд тавьжээ.

“Мастер пропертис” компанийн “Pro ONE” төслийн барилгын гүйцэтгэгч компани нь “Мон Уми” компани юм. Энэ компанийг “Japan town” хотхоны үндсэн гүйцэтгэгч компани байсан гэдгээр нь барилгын салбарынхан анддаггүй. Өөрөөр хэлбэл япон стандартыг хэрэгжүүлдэг, япончуудын шаардлагыг давж ажиллаж ирсэн гэдэг нь өөрөө том үнэлгээ болно. Тэгээд ч нэг давхрын угсралтыг зургаан хоногт хийж байгаа гэдэг нь монголчууд маань гадныхнаас дутахгүй мэргэшиж, чанаржиж чадсаны баталгаа юм.

Барилга угсралтын хамгийн чухал түүхий эд нь бетон. Харин “Pro ONE” барилга Монголын хамгийн анхны бетон зуурмагийн үйлдвэр “JKS”-ээс бетон зуурмагаа авч буй. Тус компани IV цахилгаан станцын өргөтгөлийг барих, Нарны гүүрийг барих бетон зуурмагийг нийлүүлсэн газар. Япончууд бэлгийн Нарны гүүрээ барихдаа хамгийн өндөр чанартай бетоныг авч байсан талаар, бас цахилгааны станцын дугуйрч нумарсан хэсэгт нь хэр баргийн компаниуд бетон нийлүүлж чадахгүй өндөр ур чадвар, шалгуур нэхэж байсныг бид мэднэ. Тэгэхээр тийм л стандартад нийцэж ажилладаг “JKS”-ийнхэн энэ төсөлд оролцож байна. Мөн тэднийх саяхан нийслэлд үүдээ нээсэн “Соёл” саунд бетон нийлүүлсэн билээ. Байнгын чийгтэй нөхцөлд байдаг бетоны стандарт мөн л өөр байдаг гэлцдэг.

Түүнчлэн “Pro ONE” барилгын арматур төмөр сүүлийн үеийн барилгууд дундаа жинхэнэ, чанар чансааг үнэртүүлж байгаа ажээ. Барилгын салбарынхны ярьдгаар 1м2 талбайд 70-80 кг арматур төмрийг дундаж гэдэг. Харин “Pro ONE” барилгад 1м2-т 128 кг арматур төмөр зарцуулж байна. Анхнаасаа хэрэглэгчдийнхээ хүсэлт шаардлагын дагуу чанартай барилга барьж босгохоор зорьж, үүнийхээ дагуу зураг төслөө гаргасан болохоор жинхэнэ чанар ийн ханхалж байгаа гэж болно. Тийм ч учраас сүүлийн үед учир мэдэх барилгын инженерүүд “Pro ONE”-ыг жижиг Шангрила хэмээх болжээ. Чанар чансааны хувьд дутахгүй, тийм зэрэглэлийн оффисын барилга ийнхүү бизнесийн шинэ дүүрэгт сүндэрлэж байна. Хямралын үед дагаж хямарч, дагаж хэмнэлт хийж, чанараа сулруулалгүй харин хамгийн сайныг, хамгийн чанартайгаар гэсэн бодлого баримталж байгаа Ц.Дашцэрэн захирлын бодлого нь магадгүй цөөхөн хэдэн ажиллаж буй краны эзэн болоход нөлөөлсөн байж болох юм. Тэднийх цонхоо гэхэд Оросын сайн чанарынхыг сонгосон гэх бөгөөд удахгүй Оросын мэргэжилтнүүд өөрсдөө ирж суулгана гэж дуулдсан. Манай барилгын компанийхан 1 м2-д 160 000-170 000 төгрөгийн үнэтэй цонх, хамгийн сайн нь гэхэд 300 000 төгрөгийн цонх хийлгэдэг бол тэднийх хамгийн сайныг гэдгээрээ 1 м2 нь 318 000 төгрөгийнхийг сонгосон байгаа ажээ. Мөн гадна фасадаа хийхийн тулд дэлхийн шилдэг архитектуртай хотуудаар явж судалгаа хийж, үндэснийхээ томоохон архитектурын компаниудын дунд уралдаан зарлажээ. Тэдний хувьд Улаанбаатар хотод өнгө нэмсэн, тус барилгад ажиллаж амьдралынхаа ихэнх цагийг өнгөрөөх тэр хүмүүст сэтгэлийн таашаал өгөх сайхан загвар дизайныг гаргах хэрэгтэй гэсэн үндсэн шаардлагыг тавьж байгаа аж. Хэрэв шалгаруулалт нь тодорхой болж, зураг төсөл нь гарвал нийслэлийг чимэх гайхалтай архитектур бүхий оффисын барилга нэгээр нэмэгдэх нь.

Ямартай ч хүмүүс найр наадам үүсгэж, хөдөө гадаа амрахаар явсан энэ үед тус компанийнхан огтхон ч амарсангүй, харин барилгын ажлаа маш амжилттай урагшлууллаа. Тийм ч болохоороо графикт төлөвлөгөөний дагуу ажлаа амжуулсаар энэ аравдугаар сард дулаанаа авахаар ажиллаж байгаа юм байна. Дулаанаа авчихсан барилгын ажил гэж юу билээ дээ. Дорхноо дуусах хойно. 2016 оны хоёрдугаар улиралд барилгаа ашиглалтад оруулах юм байна. Тэгэхээр танд л гэж хэлэхэд ашиглалтад орж, дулаанаа авахаас нь өмнө амжиж гэрээ хийх юм бол илүү таатай, илүү боломжийн үнээр гэрээ хийх боломж байгаа юм билээ шүү. Түүнээс ийм зэрэглэлийн, ийм чанартай барилгын хувьд хэзээ ч үнэ цэнээ алдахгүй, улам бүр өсөн нэмэгдэх хөрөнгө байдаг учраас амжиж л гэрээ хийж авбал жинхэнэ утгаараа ашигтай хөрөнгө оруулалт болно.

Юутай ч уншигч та дэлгэрэнгүй мэдээллийг “Pro ONE” төслийг хэрэгжүүлж буй “Мастер девелопер”, “Мастер пропертис” компанийн 99900181, 99900183 утсаар холбогдож авч болох юм.

Д.Үзэгтэн

Categories
мэдээ спорт

Б.Мөнхзаяа 35-р байрт оров

БНХАУ-ын Бээжин хотноо хөнгөн атлетикийн 2015 оны ДАШТ өчигдөр
өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр болсон эмэгтэйчүүдийн холын зайн
марафон гүйлтийн уралдаанд ОУХМ Б.Мөнхзаяа 2 цаг 45 миунт 01 секундын
хугацаанд замаа туулж, 35-р байрт оров. Нийт 67 тамирчин бүртгүүлснээс
52 нь барианд орлоо. Энэхүү уралдаанд Этиопын Дибаба Маре 2 цаг 27 минут
35 секундын амжилтаар түрүүлсэн бол Кенийн Кипроп Хела, Бахрайны Кирва
Юүнс нар мөнгө, хүрэл медаль хүртжээ. 16 тамирчин барианд ороогүй бөгөөд
тэдний дунд манай тамирчин ОУХМ Л.Отгонбаяр багтсан байна.

ДАШТ-ийг Кенийн тамирчид медалийн тоогоор тэргүүллээ. Тэд 6 алт, 5
мөнгө, 3 хүрэл медальтайгаар жагсаалтыг тэргүүлсэн бол Ямайк (7+2+3),
АНУ (6+6+6), Их Британи (4+1+2), Этиоп (3+3+2), Польш (3+1+4) II-VI
байрт оржээ. БНХАУ 1 алт, 7 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн бол Япон,
Казахстан тус бүр нэг хүрэл медальтай буцжээ.

Дэлхийн 206 орны 2000 гаруй тамирчин өрсөлдсөн энэ удаагийн дэлхийн
аваргаас 43 орон ямар нэгэн медаль хүртжээ. Манай улсаас марафоны
уралдааны эрэгтэйчүүдийн ангилалд гавьяат тамирчин Б.Сэр-Од(38-р байр),
эмэгтэйчүүдийн төрөлд олон улсын хэмжээний мастер Б.Мөнхзаяа(35-р байр),
Л.Отгонбаяр нар оролцлоо. 2017 оны ДАШТ Английн Лондон хотноо болно.