Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэндчилгээ дэвшүүллээ

Эрүүл мэндийн яам улиран одож буй 2018 онд “Эрүүл мэндийн даатгалыг иргэн бүрт” уриа дэвшүүлэн иргэдэд даатгалын үр шимийг тэгш хүртээмжтэй хүргэх, санхүүгийн дарамтыг бууруулахад онцгой анхаарч ажиллалаа.

Донорын тухай хуультай болсноор иргэд эх орондоо эрхтэн шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээг авах эрх зүйн орчин бүрдэж зардлын дийлэнх хувийг улсын төсөв, эрүүл мэндийн даатгалаас гаргадаг боллоо. Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлдэг байсан 14 өвчнийг эх орондоо эмчилдэг болж, гадаад мөнгөн урсгалыг буурууллаа.
“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хоёр дахь үе шатыг амжилттай хэрэгжүүлснийг ДЭМБ сайшааж, “Дэлхийн загвар хөтөлбөр” болгосон нь та бидний хамтын үр дүн билээ.

“1:2” зорилтыг дэвшүүлэн давтан сургалт зохион байгуулж сувилагчийн тоог 2 сарын дотор 223-аар нэмэгдүүллээ.

Царцаагдсан барилгуудын санхүүжилтийг шийдвэрлэж, хөдөө орон нутагт 5 эрүүл мэндийн төвийг ашиглалтад орууллаа.

Анх удаа орон даяар 18-аас дээш насны иргэдийн нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд үндэслэж зонхилон тохиолдох зүрх судас, хавдар, сүрьеэ, БЗДХ-ыг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж, 48804 иргэнд 12 төрлийн 84719 оношилгоо, эмчилгээ хийлээ. Ирэх онд ч энэ ажил үргэлжилнэ.

Айлчлан ирж буй 2019 онд эдгээр амжилтаа улам батжуулж, “Эрүүл мэндийн яам- 8/2020” зорилт дэвшүүлэн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн тогтолцоог бүрдүүлэн, санхүүгийн дарамтгүй, чанартай тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж Монгол хүний дундаж наслалтыг нэмэгдүүлэхэд эргэлт гаргахын төлөө ажиллах болно.

Та бүхэндээ шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛ
Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн байгууллагын 2018 оны онцлох 10 үйл явдал

Он жил бүхэн өөрийн гэсэн онцлог, дурсан санах үйл явдал, учрал тохиолоор дүүрэн байдаг. Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2018 онд өрнөсөн онцлог 10 үйл явдлыг тоймлон хүргэж байна.

1. Зарим нэгжид бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийв

Хууль зүй, дотоод хэргийн сайдын энэ оны А/159 дүгээр тушаалаар Замын цагдаагийн алба, Төмөр зам дахь цагдаагийн газар, Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтсийг нэгтгэн “Тээврийн цагдаагийн алба”, Мэдээлэл нэгтгэн боловсруулах газар, Мэдээллийн технологи, холбооны төв, Мэдээлэл, шуурхай удирдлагын төв, Шуурхай удирдлага, ажиллагааны хэлтсийг нэгтгэн “Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын алба”-ыг тус тус байгуулав.

Хар тамхитай тэмцэх газрыг цагдаагийн төв байгууллагын бүтцэд харьяалуулж, Соён гэгээрүүлэх, албаны сургалтын тасгийг “Хэлтэс”, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд Зөрчил шалган шийдвэрлэх хэлтэс, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад Шуурхай удирдлагын тасгийг байгуулж, Хар тамхи, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлстийг мэдээллийн технологи IT-ийн чиглэлээр мэргэшсэн хүний нөөцөөр бэхжүүллээ.

2. Дотоодын цэрэгт тусгай салбарыг байгууллаа

Террорист үйлдлийг таслан зогсоох тусгай ажиллагаанд оролцох, барьцаанд авагдсан хүн, цагдаагийн байгууллагаас үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад нэмэлт хүч, тусгай тактик хэрэглэх шаардлагатай онцгой нөхцөл байдал бий болсон үед дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий “Дотоодын цэргийн 809 дүгээр тусгай салбар”-ыг шинээр байгуулав.

3. Мөрдөн байцаах алба шинэ байртай боллоо

Улсын төсвийн 2018 оны хөрөнгө оруулалтаар 9 давхар, 6809 м.кв талбай,бүхий насанд хүрээгүй хүүхэд, эмэгтэйчүүд, сэжигтэн яллагдагчаас мэдүүлэг авах, таньж олуулах ажиллагааг явуулах, эд мөрийн баримт болон хураагдсан эд зүйлийг хадгалах стантартын шаардлага хангасан өрөө, тасалгаатай Мөрдөн байцаах албаны конторын барилгыг шинээр бариулж, ашиглалтад хүлээн авлаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд багцаасаа 970.0 сая төгрөгийг өртөг бүхий тавилга, техник, тоног төхөөрөмжийн зардлыг шийдвэрлэж өгөв.

4. Орон нутагт замын хөдөлгөөний хяналтын 27 постыг шинээр барилаа

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон улсын болон улсын чанартай авто замыг байнгын хяналтад авах зорилгоор 17 аймгийн 25 сум, нийслэлийн 2 дүүрэгт замын хөдөлгөөний хяналтын постын барилгыг барьж, ашиглалтад оруулж, “TPCAM-H10” маркийн хурд хэмжигч, “Драгер 7510” маркийн согтуурлын зэрэг тогтоогч багаж хэрэгслүүдийг олгож, компьютер, ширээ сандал, амралтын өрөөний тавилга хэрэгслээр хангаж, алба хаагчдын ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэв.

Дээрх хяналтын постыг ажиллуулснаар орон нутгийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх зэрэг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх ажилд тодорхой ахиц гарахын зэрэгцээ хулгайн мал, мах, түүхий эд, хориотой ан агнуурын гаралтай бүтээгдэхүүн тээвэрлэх, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэхэд ихээхэн ач холбогдолтой бүтээн байгуулалт болсон юм.

5. “Хүүхэд хамгааллын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал ба шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг

Хүүхдээс үйлдсэн, хүүхэд хохирсон гэмт хэргийн гаралтыг бууруулах, тэднийг хүчирхийллээс хамгаалах, урьдчилан сэргийлэх талаар иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран энэ оны 04, 12 дугаар саруудад “Хүүхэд хамгааллын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал ба шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг, “Хүүхэд хамгаалал” арга хэмжээг зохион байгууллаа.

Ингэснээр насанд хүрээгүй хүмүүсээс үйлдсэн гэмт хэрэг улсын хэмжээнд 26.1, нийслэлд 30.1 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна.

6. “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав

“Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”, “Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-ний хүрээнд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэний нийгмийн байгууллага, иргэдийн оролцоог өрнүүлэх, бусад орны туршлагыг судлах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ оны 10 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулж, гадаад, дотоодын 60 гаруй байгууллагын 400 орчим төлөөлөл, эрдэмтэн, судлаачид оролцож, хурлаас 4 бүлэг, 19 заалт бүхий “Зөвлөмж” гаргалаа.

7. “Хүний амь нас хохирсон хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга зам, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлэг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор энэ оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Хүний амь нас хохирсон хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга зам, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж, төрийн болон төрийн бус 28 байгууллагын 759 ажилтан, алба хаагчид оролцов.

Хэлэлцүүлгээс Монгол Улсын Ерөнхийлөгч “Хүний амь нас хохирч буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах тухай” зарлиг баталж, Засгийн газарт хэрэгжүүлэх чиглэл өгөв.

8. “UNFRIEND” хөдөлгөөн

Өсвөр насны хүүхэд багачуудыг цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчил, бусад эрсдэлт хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, цахим орчин дахь зохистой хэрэглээг бий болгох, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “UNFRIEND хөдөлгөөн”-ийг зохион байгуулсан нь төр засаг, иргэд, олон нийтийн талархлыг хүлээсэн арга хэмжээ боллоо.

Дээрх арга хэмжээний хүрээнд фэйсбүүк дэх садар самууныг сурталчилсан болон зохисгүй агуулга бүхий контент агуулсан групп, пэйж хуудсуудыг REPORT хийж, фэйсбүүк компанид мэдээлснээр хэсэгчлэн болон бүхэлд нь устгуулах зорилго бүхий “Хар жагсаалт/Black list” группыг үүсгэж, нийт 19.300 гишүүн үйл ажиллагааг дэмжин идэвхтэй оролцож байна.

9. “Камержуулалт-2” болзолт уралдаан зохион байгуулав

Иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн хэмжээнд хоёр сарын хугацаатай “Камержуулалт-2” 60.0 сая төгрөгийн шагналын сантай болзолт уралдааныг зарлан, 106 хороо, 644 аж ахуйн нэгж, байгууллага, 145 сууц өмчлөгчдийн холбоо, 26 хөршийн хяналтын бүлэг, 367 иргэнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, 28787 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулан, гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг болон үйлдэгдэж болзошгүй эмзэг цэгүүдэд 571.8 сая төгрөгийн 2530 хяналтын телекамерыг байршуулсан.

Болзолт уралдааны хүрээнд дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүд хариуцсан нутаг дэвсгэртээ хяналтын 293 ширхэг телекамерыг шинээр суурилуулан, үйл ажиллагаандаа ашигласнаар 127 гэмт хэрэг, 693 зөрчил илрүүлж ажиллалаа.

10. “Эрүүл цагдаа”, “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын соёлыг төлөвшүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүллээ

Алба хаагч, ажилтны эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Эрүүл цагдаа”, алба хаагчдын ажлын хариуцлага, сахилга, байгууллагын соёлын түвшинг дээшлүүлэх зорилгоор “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын соёлыг төлөвшүүлэх” хөтөлбөрүүдийг баталсан.

Дээрх хөтөлбөр /2018-2020 он/-үүдийн хүрээнд алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, сахилга, хариуцлага, харилцааны соёлыг дээшлүүлэх чиглэлээр цогц арга хэмжээнүүдийг үе шаттай зохион байгуулж байна.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

​”Улаанбаатарын мөнгөн шөнө” шоу тоглолтын дараа үнэ төлбөргүй автобус үйлчилнэ

“Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн баярын цэнгүүн 2018 оны 12 дугаар сарын 31-ний үдэш 22 цагт Сүхбаатарын талбайд эхэлнэ.Олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээний дараа иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангахаар дараах төлөвлөлтийг Нийслэлийн тээврийн газраас хийгээд байна. Үүнд:Цэнгүүн өндөрлөхөд их багтаамжийн автобусны 18 чиглэлд 18 автобус Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон урд зогсоол буюу зурагт тэмдэглэсэн “А”, “B”, “С” зогсоолоос суурьшлын цэгүүд рүү үнэ төлбөргүй үйлчлэх юм.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын Тамгын газар 2018 оны тайлангийн хурлаа хийж, шинэ оны зорилтоо тодорхойлов

Улсын Их Хурлын Тамгын газар 2018 оны тайлангийн хурлаа өнөөдөр (2018.12.31) хийлээ. Тайлангийн хуралд УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан, Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн болон хэлтэс, нэгжийн дарга нар, Тамгын газрын нийт ажилтнууд оролцлоо.

УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга нар өөрсдийн эрхлэх асуудлын хүрээнд харьяалагддаг хэлтэс, нэгжийн ажилтнуудад УИХ-ын Тамгын газрын 2018 оны үйл ажиллагааны тайланг танилцуулж, ирэх онд анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өгсөн юм.


УИХ-ын Тамгын газраас өнгөрч буй 2018 оныг “Сахилга, хариуцлагыг сайжруулах” жил болгосон. Энэ үндсэн дээр өмнөх жилүүдийн ололт амжилтаа бататган, үйл ажиллагааны чанарыг дээшлүүлэх зорилт дэвшүүлж 2019 оныг “Чанарыг сайжруулах жил” болгон зарлалаа.

“УИХ-ын хууль тогтоох, төрийн бодлого тодорхойлох, хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах үүргээ УИХ-ын Тамгын газар амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүний нэг илрэл нь УИХ-ын Тамгын газар өмнөө тавьсан зорилтоо бүрэн биелүүлж, нийт ажилтны 73 хувь нь үр дүнгийн гэрээгээ “А” үнэлгээтэй дүгнүүлсэн.

Түүнчлэн УИХ-ын үйл ажиллагаанд техник, технологийн дэвшил нэвтрүүлэх, ажиллагсдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, ажиллах нөхцөл боломжийг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр нэлээд ажил хийж гүйцэтгэсэн. Тухайлбал, УИХ-ын Тамгын газрын дотоод сүлжээг шинэчлэх, шинэ IPTV-г нэвтрүүлж, дотоод мэдээллийн өөрийн гэсэн сувагтай боллоо. Нийт ажилтнаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд болон томуугийн эсрэг вакцинд хамруулав. Мөн давхардсан тоогоор 34 ажилтныг олон улсын хурал, семинар, сургалт, туршлага судлах аялалд хамруулж, орон сууцны дэмжлэг үзүүллээ” хэмээн УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан, Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн хэлсэн үгэндээ онцоллоо.

УИХ-аас 2018 онд нийтдээ 112 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, бие даасан 27 хууль, УИХ-ын тогтоол 89-ийг тус тус баталсан. Ингэснээр УИХ нь төрийн бодлого, эрх зүйн актуудыг шинэчлэх, нийгмийн харилцааг зохицуулах хүрээнд үр бүтээлтэй ажилласан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Их Хурал 2018 онд: Онцлох 10 ажил

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлэв

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн 2019 оны шинэ жилийн мэндчилгээ

Монгол эх орныхоо уудам нутагт ажиллаж амьдарч байгаа эрхэм хүндэт ард иргэдээ, эх нутгаасаа алс хол, өргөн дэлхийн өнцөг булан бүрт амьдран суугаа элэг нэгт ахан дүүсээ. Та бүхэндээ шинэ оны баярын мэндийг хүргэж, айл өрх бүхэнд аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.

Цаг хугацааны түүх болон улиран одож байгаа 2018 он бол амьдрал өрнөж, ажил ундарсан жил байлаа. Монголчууд бид чамлахааргүй ололт амжилт гаргаж, түүхэн бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлж чадлаа.

Төр улсын үндэс болсон айл, өрхүүд маань 80 орчим мянган үр хүүхдээр ам бүлээ нэмж Монголчууд бид улам олуулаа боллоо. Малчин түмний маань нөр их хөдөлмөрийн үр дүнд буянт мал сүргийн тоо таван толгой тус бүрт өсөж 67 саяд хүрлээ.

Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт 2016 онд 1.2 хувьд хүрч унаж байсан бол 2017 онд 5.8 хувь, 2018 онд 6.4 хувьд хүрч эдийн засаг тасралтгүй өсөн дэвжиж байна.

Гадаад валютын нөөц 2016 онд 1 тэрбум ам.долларт хүрч унаж байсан бол 2018 оны эцэст 3.5 тэрбум ам.доллар болж өсөн нэмэгдлээ.

Олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дахин нэмэгдүүлж үнэллээ. Ингэхдээ Монгол Улсын эдийн засагт хүчтэй сэргэлт ажиглагдаж байна гэсэн дүгнэлтийг үндэслэл болгосныг онцлон хэлье.

Монгол Улсын Засгийн газар түүхэн бүтээн байгуулалт болох Нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлыг зориг гарган шуурхай эхлүүлсэн жил байлаа. Өнөөдөр тус үйлдвэрийн дэд бүтцийн ажил болох цахилгаан дамжуулах агаарын шугам, төмөр зам, авто замын ажил 50-90 хувийн гүйцэтгэлтэй байна. Нэг жилийн хугацаанд бид чамлахааргүй ажлыг хийж хэрэгжүүлжээ.

Улаанбаатар хотын 1.5 сая иргэний эрүүл мэнд, байгаль орчны тулгамдсан асуудал бол төв цэвэрлэх байгууламж юм. Сүүлийн 20 гаруй жил шийдэгдээгүй энэ асуудлыг Засгийн газар онцгой анхаарч, шинэ төв цэвэрлэх байгууламж барих төслийн ажлыг эхлүүлж чадлаа.

Монгол Улсын нийт хүн амын 50 хувь нь ундаалах цэвэр усны нөөц нэмэгдүүлэх тулгамдсан асуудлыг шийдлээ.

Улиран одож буй 2018 онд Монгол Улс “Хүнс экспортлогч орон” болно гэсэн зорилтоо алхам алхмаар хэрэгжүүлж эхэллээ. Засгийн газраас тариаланчиддаа бодлогын дэмжлэг эрчимтэй үзүүлсний үр дүнд Монголчууд бид Улаан буудай болон төмсний хэрэгцээгээ 100 хувь дотооддоо хангаж чадлаа. Сүүлийн 20 жил шийдэгдээгүй байсан “Газар тариалангийн бүс нутаг”-ийг зарлаж, эрчимжсэн мал аж ахуйг нүүдлийн мал аж ахуйтай хослуулан хөгжүүлэх зорилтыг ч хэрэгжүүлж эхэллээ.

Эрхэм хүндэт нийт ард иргэд ээ,

2018 он бол шударга ёсны төлөөх салхи сэвэлзсэн он жил байлаа.

Ирж буй 2019 онд нийгмийн шударга ёсыг бэхжүүлэх, хууль ёс, дэг журам тогтоохын төлөөх үйл хэрэг улам эрчтэй өрнөх болно. Монгол Улсын Засгийн газар болон нийт ард иргэд, та бидний өмнө тулгарч байгаа чухлаас чухал ажил бол төр улсдаа хариуцлага дэг журам тогтоох явдал юм. Монгол хүн бүр айх аюулгүй, эрх чөлөөт, шударга нийгэмд амьдрах учиртай.

Төрд бугласан утаа мананг арилгах, Монгол хүн эх орныхоо баялагт эзэн байх, шударга нийгмийн төлөөх тэмцлээ цаашид няцалтгүй үргэлжлүүлнэ гэдгээ баярын энэ өдөр би дахин хэлэхийг хүсч байна. Эгэл жирийн иргэдийн бодлын зангилаа, хүсэл тэмүүлэл, нэгдмэл нэг хүчээс илүү гарах хүч хүмүүний амьдралд үгүй билээ.

2019 он Монголчууд бидний хувьд амжилт бүтээлээ бататгасан, алдаа дутагдлаа зассан, эдийн засгаа өсгөсөн, эрх чөлөө, шударга ёсыг бэхжүүлсэн он байх болно оо.

Он солигдох энэхүү торгон цаг мөчид дархан хилээ манаж байгаа эр зоригт хилчид, энхийг сахиулах үйлсэд улсаа төлөөлөн зүтгэж буй эрэлхэг дайчид, хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд зогсож байгаа эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд, улс орон, иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа цэрэг, цагдаа, онцгой байдлынхандаа Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд тусгайлан баяр хүргэж гүн талархал илэрхийлье.

Ирж буй шинэ ондоо иргэн бүр аз жаргал, инээд хөөрөөр дүүрэн байхын ерөөл өргөж, эх орон нэгт ахан дүүс та бүхэндээ шинэ жилийн баярын мэндийг дахин дэвшүүлье.

Буурал дээдсийн цог хийморь түшиж, Бурхан Халдун уулын ноён оргил Монголчууд биднийг мөнхөд ивээх болтугай.

Categories
энтертаймент-ертөнц

“Улаанбаатарын мөнгөн шөнө” шоу тоглолт 22:00 цагт эхэлнэ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Улаанбаатарын мөнгөн шөнө” шоу тоглолт энэ жил Д.Сүхбаатарын талбайд арванхоёрдугаар сарын 31-ний 22:00 цагаас эхэлж 01:00 цаг хүртэл үргэлжилнэ. Тодруулбал,

-Нийслэлийн Багануур дүүргийн хувьд “Хүслийн шинэ жил” харшийн наадам зохион байгуулах, дүүргийн иргэдэд зориулсан шинэ жилийн үйл ажиллагааг зохион байгуулах бол

-Баянгол дүүрэг 2018 оны “Шилдэг байгууллага”, “Шилдэг ажилтан” шалгаруулах “Алтан Жанрайсиг” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, 100-н өвлийн өвгөний парад,

-Баянзүрх дүүрэг амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой өрхийн 1000 хүүхдийн нэгдсэн шинэ жилийн баярыг зохион байгуулах, дүүргийн 28 хороонд шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулж зорилтот бүлгийн хүүхдүүдэд бэлэг гардуулах,

-Багахангай дүүрэг хүүхдийн “Шинэ жилийн баяр”-ын үйл ажиллагаа,

-Чингэлтэй дүүрэг “Мөсөн хотхон” байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачууд, асрамжийн төвүүдийн хүүхэд, багачуудад бэлэг гардуулах,

-Хан-уул дүүрэг Соёлын ордны дугуйланд хамрагддаг сурагчид, ЕБС-ийн сурагчдад шинэ жилийн баярыг тохиолдуулан УДЭТ-ын тоглолт үзүүлэх, дүүргийн зорилтот бүлгийн 1600 хүүхдэд Харшийн сүлд модны наадам зохион байгуулах,

-Налайх дүүрэг төв талбайдаа мөсөн баримлууд байрлуулах, чимэглэл хийх,

-Сүхбаатар дүүрэг таван номинацаар дүүргийн 2018 оны шилдэг хүүхэд шалгаруулах, найман номинацаар “Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага” шалгаруулах, тусгай сургалттай 29, 116, 186-р сургуулийн харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг гардуулах үйл ажиллагаа зэрэг олон ажлуудыг тус тус зохион байгуулан ажиллах юм байна.

Categories
мэдээ нийгэм

ХСИС-ийн 800 сонсогч хүч нэмэгдүүлэн үүрэг гүйцэтгэж байна

Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Цагдаагийн ерөнхий газраас “Шинэ жил-2018” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээнд ХСИС-ийн Цагдаагийн сургууль, Ахлагчийн сургуулийн 800 сонсогч энэ сарын 25-наас эхлэн хүч нэмэгдүүлэн үүрэг гүйцэтгэж байна. Сонсогчид нийслэлийн дүүргүүд дэх цагдаагийн хэлтэс болон Эргүүл хамгаалалтын газарт хуваарилагдан ажиллаж байгаа юм.

Categories
мэдээ спорт

Дэлхийн спортын онцлох үйл явдлууд

1.Хөлбөмбөг сонирхогчдын баяр цэнгэл 2018 FIFA World Cup нь 21 дэх удаагийн тэмцээн хойд хөрш ОХУ-ны улсад зургадугаар сарын 14-нээс долдугаар сарын 15-нд хүртэл үргэлжилсэн. Зүүн Европт зохион байгуулагдаж буй хөлбөмбөгийн анхны дэлхийн аваргын тэмцээн Европ тивд зохиогдсон 11 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон ажээ. 2018 оны уг дэлхийн аваргын хамгийн том онцлог нь видео туслах шүүгч буюу video assistant referees (VARs) гэх төхөөрөмжийг шинээр нэвтрүүлсэн явдал юм. Хамгийн олон үзэгч, хөгжөөн дэмжигчтэй хөлбөмбөгийн 21 дэх удаагийн буюу 2018 оны ДАШТ-ий аваргын алтан цомын төлөөх Хорват, Францын шигшээ багийн тоглолт Москва хотын “Лужник” цэнгэлдэх хүрээлэнд болсон юм. Энэ тоглолтод Францулс 4:2-оор хожиж Дэлхийн аваргын “Алтан дагина” цомын эзнээр хоёр дахь удаагаа тодорсон. Гризманн, Погба, Мбаппе нар болон Хорватын шигшээгийн Манжукичийн авто гоолын ачаар тэд ийнхүү хожсон билээ. Францын шигшээ баг 20 жилийн дараа хоёр дахь удаагаа Дэлхийн аваргын “Алтан дагина” цомын эзэн болсон нь энэ. Тэд өмнө нь 1998 онд нутагтаа түрүүлж байсан юм.

2.Өмнөд Солонгосын Пёнчан хотод өвлийн олимпийн XXIII наадам болж өнгөрлөө.

Энэ жилийн өвлийн олимпийн наадамд 92 улс орны 2925 тамирчин оролцсоноос Малайз, Сингапур, Эквадор, Эритрей, Нигер болон Косово улсын тамирчид анх удаа оролцсон юм. Пёнчаны өвлийн олимпийн наадамд нийт 29 улсын баг тамирчид медаль хүртжээ.

Тухайлбал, Норвеги улс 14 алт, 14 мөнгө, 11 хүрэл медаль авч нийт 39 медалийн эзэн болсноор медалийн тоо болон чанараар тэргүүлсэн юм.

Харин Герман улс нийт 31 медаль хүртэж, жагсаалтын хоёрдугаар байрт жагссан юм.

Канад, АНУ болон Нидерланд улс чансаагаараа эхний таван байрт жагсжээ.

Олимпийн наадмыг зохион байгуулагч орон БНСУ чансаагаараа долоодугаар байрт жагссан байна.

3. Азийн наадам
Азийн спортын арван наймдугаар наадам Индонез улсын нийслэл Жакарта болон Палембан хотод наймдугаар сарын 18-нд нээлтээ хийж, 16 хоногийн турш амжилттай үргэлжлэн явагдлаа.

Цар хүрээгээрээ Олимпийн наадмын дараа ордог энэхүү наадамд Ази тивийн 11 мянга гаруй тамирчин Индонез улсад хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөв. Энэ удаагийн наадамд Хятад, Япон болон Өмнөд Солонгосын баг тамирчид медалийн тоогоор тэргүүллээ. Монгол Улсын баг тамирчдын хувьд 4 алт, 9 мөнгө, 11 хүрэл, нийт 24 медальтай 17 дугаар байрт шалгарлаа.

Энэ удаагийн наадамд Монголын баг тамирчид спортын 30 төрөлд 269 тамирчин, 128 дасгалжуулагч, албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэй оролцож түүхэн амжилт тогтоов.

Азийн наадамд төрийн дууллаа эгшиглүүлэн Аваргалсан тамирчид

Э.Бэхбаяр – Чөлөөт бөх эрэгтэйчүүдийн 57кг

Г.Нандинзаяа – Буудлага эмэгтэйчүүдийн 50м урт бууны 3 төрлийн дасгал

Г.Наранцэцэг – Самбо эмэгтэйчүүдийн -48кг

Э.Цэндбаатар – Бокс эрэгтэйчүүдийн 60кг

Дараагийн “Азийн спортын наадам-2022” тэмцээнийг Хятад улсын Ханжоу хотод зохион байгуулах ажээ.

4. Аргентины нийслэл Буэнос-Айрес хотод 2018 оны 10 дугаар сарын 6-наас 10 дугаар сарын 18-ны хооронд Залуучуудын Зуны Олимпийн наадам зохион байгуулагдлаа.

Залуучуудын Зуны Олимпийн наадмыг зохион байгуулах хотоор Аргентины нийслэл хот нэрээ дэвшүүлэн, 2013 оны долдугаар сард эрхээ авч байжээ.

2018 оны Залуучуудын Олимпийн наадамд нийтдээ 3998 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгч бүртгүүлснээс 1999 нь залуус, 1999 нь охидууд байгаа юм. Энэ удаагийн наадамд дэлхийн 206 улсын 4,000 гаруй тамирчид 32 спортын төрлөөр 241 багц медалийн төлөө өрсөлдөж байна.

Тус наадамд Монголын баг чөлөөт бөх, буудлага, хүндийн өргөлт, жүдо, таэквондо, 3х3 сагсан бөмбөгийн төрөлд 11 тамирчин, 9 дасгалжуулагч, албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэй оролцлоо. Монголын баг чөлөөт бөх, буудлага, хүндийн өргөлт, жүдо, таэквондо, 3х3 сагсан бөмбөгийн төрөлд 11 тамирчин оролцож, 2 мөнгө, 1 хүрэл, олон улсын холимог багийн төрлөөр 1 алтан медаль хүртэв.

“Буэнос-Айрес – 2018” залуучуудын олимпийн наадмын эхний өдрүүдэд манай баг, жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 55кг-ын жинд Г.Тэмүүжин, эмэгтэйчүүдийн 52кг-ын жинд Л.Сосорбарам нар мөнгөн медаль хүртээд байсан билээ.

Залуучуудын олимпийн наадмын нэгэн онцлог нь олон улсын холимог багийн төрлүүд зохиогддог билээ. 10 дугаар сарын 12-ны өдөр 10 метрийн хийн урт бууны олон улсын холимог багийн төрөлд Монголын тамирчин Э.Энхмаа, Унгар улсын тамирчин Залаан Пеклер нар нэг баг болон оролцож Алтан медаль хүртэв.

10 дугаар сарын 13-ны өдөр зохиогдсон Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд манай тамирчин Т.Оюун-Эрдэнэ нь Мексик, Румын, Кубын тамирчдыг ялж , Хятадын тамирчинд хожигдон, хүрэл медалийн төлөө Нигерийн тамирчныг 15:4 оноогоор ялж Залуучуудын олимпийн наадмын хүрэл медалийг хүртэв.

5. Португалийн шигшээ болон “Реал Мадрид” багийн гол тоглогч Криштиану Роналду Эзэн хааны багийг орхиж Италийн “Ювентус” баг руу шилжсэн билээ. Өдгөө 33 настай Роналду дөрвөн жилийн 117 сая ам.долларын гэрээ байгуулан Ювентус багт иржээ.

К.Роналду нь “Реал Мадрид” багт 2008 оноос хойш хүчин зүтгэсэн бөгөөд нийт 16 цом, 451 гоолыг эсрэг багийнхаа хаалганд хийсэн байна. Мөн Аваргуудын лигт дөрвөн ч удаа түрүүлж аваргын цомыг өргөж байжээ. Мөн таван удаа “Алтан бөмбөг” шагналыг хүрстэний дөрвөн тус багт байхдаа хүртсэн байдаг байна. Ингэснээр Месси-Роналду нарын супер дуэль өндөрлөж Рон шинэ түүхээ Италид бичиж эхэллээ.

Categories
мэдээ нийгэм

Төрийн одон, медаль гардуулан өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг буулган Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг төрийн одон, медалиар шагнасан байна.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан, дэд дарга У.Бямбасүрэн, Алтан гадас одонгоор Н.Дашзэвэг, Ц.Дашбал, С.Алтанцэцэг, Хөдөлмөрийн хүндэт медалиар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Э.Бат-Идэр нарыг шагнасныг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулж баяр хүргэв.