Categories
мэдээ улс-төр

Б.Мөнхсоёл: Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхэд судалгаа, мэдээлэлд суурилсан, хүүхдэд ээлтэй бодлого хэрэгжүүлэхийг шаардаж байна DNN.mn

УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооноос өнөөдөр /2025.01.30/ олон улсын болон донор байгууллагуудтай санал солилцох, зөвшилцөх уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт зарим орны Элчин сайдууд болон НҮБ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Европын холбоо, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Германы хамтын ажиллагааны байгууллагын төлөөллүүд оролцлоо. Тус дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, энэхүү уулзалт нь тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд олон талт хамтын ажиллагаг бэхжүүлэх, хамтын хүчээр нэгдэж, хамтран үр дүнд хүрэх онцгой ач холбогдолтой юм. 2015 онд батлагдсан Тогтвортой хөгжлийн 2030 он хүртэлх хөтөлбөрийн зорилгууд нь нийгмийн амьдралын бүхий л талд нөлөөлдөг.

Ядуурлыг бууруулах, чанартай боловсрол олгох, эрүүл мэндийг хамгаалах, жендэрийн тэгш байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицох, тэмцэх зэрэг асуудлууд тулгарч буй боловч хүүхэд, тэдний хөгжил, хамгаалал хамгийн чухал асуудал гэдгийг бид бүгд хүлээн зөвшөөрдөг. Эдийн засаг, нийгмийн халамжийн болон бусад салбарын бодлогууд үр нөлөөгөө бүрэн үзүүлж чадахгүй, улсын төсөвт ихээхэн дарамт учруулж байна. Түүнчлэн бага орлоготой өрхүүдийн хүүхдүүдийн эрүүл мэнд, боловсрол, аюулгүй орчинд амьдрах эрхийн асуудал зөрчигдөж байна. Тиймээс нарийвчилсан судалгаа, мэдээлэлд суурилсан, иргэд, хүүхдэд ээлтэй бодлого хэрэгжүүлэхийг шаардаж байгаа юм гэв.

Хэлэлцүүлэгт оролцогч талууд бүс нутгийн болон олон улсын туршлага, зөвлөмжөө хуваалцаж, дэлхийн шилдэг туршлагыг Монгол Улсын нөхцөл байдалд нийцүүлэн хэрэгжүүлэх боломж, өнөөгийн хэрэгжүүлж буй бодлого, төлөвлөлт тогтвортой хөгжлийн зорилтуудад хэрхэн нийцэж байгааг үнэлэх аргачлалыг боловсруулах талаарх санал бодлоо хуваалцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.  

Categories
мэдээ нийгэм

Конгрессын гишүүдэд DeepSeek-ийг ашиглахыг хоригложээ DNN.mn

Хятадын “DeepSeek” компанийн хиймэл оюунд (AI) суурилсан чатботыг ашиглахыг АНУ-ын конгрессын гишүүдэд хоригложээ. Энэ тухай “Axios” цахим хуудсанд Төлөөлөгчдийн танхимын хороодод илгээсэн захидлыг эш татан мэдээлсэн байна.

“DeepSeek-тэй холбоотой асуудлыг Төлөөлөгчдийн танхимд хэлэлцэж байгаа бөгөөд одоогоор албан ёсоор ашиглахыг зөвшөөрөөгүй” гэж уг мэдэгдэлд дурджээ.

Үүнээс өмнө Италийн Хувь хүний мэдээллийг хамгаалах газраас уг программыг хаах шийдвэрийг гаргажээ. Ийм шийдвэр гаргах болсон шалтгаан нь Италид үйл ажиллагаа явуулдаггүй, Европын Холбооны дүрэм журамд захирагддаггүй гэсэн хариуг Хятадын компани өгсөн явдал юм.

Хятадын “DeepSeek” компани R1 чатботынхоо шинэ хувилбарыг энэ сарын 20-нд гаргасан билээ. Уг чатбот нь “OpenAI” компанийн “ChatGPT”-ээс илүү үзүүлэлттэй байгааг шинжээчид хүлээн зөвшөөрсөн байна. Үүний зэрэгцээ Хятадын  хөгжүүлэгчид “OpenAI” компанийнхаас хамаагүй бага өртгөөр уг чатботыг хийсэн гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Шинэ бүтээгдэхүүн гарсан нь хөрөнгийн зах зээлд нөлөөлж, Америкийн технологийн “Nasdaq” индекс 3 гаруй хувиар буурч, “OpenAI”-д чип нийлүүлэгч “Nvidia” компанийн хувьцааны ханш 16.86 хувиар унажээ.

“DeepSeek” компани “OpenAI”-ийн хиймэл оюуны технологийг зөвшөөрөлгүйгээр олж авсан байж магадгүй гэдгийг “Microsoft”,  “OpenAI” компаниуд үгүйсгэхгүй байна.

 

ЭХ СУРВАЛЖ: montsame.mn

Categories
мэдээ нийгэм

Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, худалдаалалтад хяналт, шалгалт хийжээ DNN.mn

Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалтын шаардлагын хэрэгжилтийг хангуулах зорилгоор “Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, худалдаалалтад хийгдэх төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг нэгдүгээр сарын 28-ны өдрөөс хийж эхэлжээ.

Хяналт шалгалтад мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэг, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч, хүнсний зах худалдааны төв, агуулахын үйл ажиллагаа эрхлэгч 17 аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын улсын байцаагчид нийт 62 аж ахуйн нэгж, 56 иргэнийг хамруулжээ.

Улмаар хяналт шалгалтын явцад 27 аж ахуйн нэгж, иргэний 538.5 тн бүтээгдэхүүнээс 35 сорьц авч, лабораторийн шинжилгээнд хамруулж, 84 зөрчлийг илрүүлж 67.9 хувийг газар дээр нь арилгуулжээ. Мал эмнэлгийн ерөнхий газраас хяналт шалгалтыг үргэлжлүүлж байна хэмээн мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч, нутгийн зүүн хагаст хүйтэн хэвээр байна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч, нутгийн зүүн хагаст хүйтэн хэвээр байна.


2025 оны 01-р сарын 31-ний 20 цагаас 2025 оны 02-р сарын 01-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дарьгангын тал нутгаар, өдөртөө Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр 34-39 хэм, Увс нуурын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнодын тал нутгаар 29-34 хэм, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Туул, Сэлбэ голын хөндийгөөр 23-28 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 19-24 хэм,

Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр 21-26 хэм, Их нууруудын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Байдраг, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 16-21 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 1-6 хэм, Хангайн нурууны өвөр бэлээр 6-11 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.


2025 оны 02-р сарын 02-ноос 02-р сарын 06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Хоёрдугаар сарын 02-нд Хөвсгөл, Хэнтийн уулс, Халх голын сав газраар, 03-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 04-нд нутгийн зарим газраар, 05-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 2, 3-нд говь, талын нутгаар, 4, 5-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 23-28 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Туул голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 3-8 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

2024 онд эрх нь зөрчигдсөн 312 иргэний эрхийг сэргээжээ DNN.mn

Прокурорын байгууллагаас 2024 онд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хорих анги, цагдан хорих байр, баривчлах байр, мөн хорихоос өөр төрлийн ял, зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавьж, 312 хүний зөрчигдсөн эрхийг сэргээжээ.

Прокурор хорих, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх, тэнсэх албадлагын арга хэмжээ хуулийн дагуу явагдаж байгаа эсэх, ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн эсэх, баривчлах, цагдан хорих ажиллагаа хуулиар тогтоосон нөхцөл, журамд нийцэж буй эсэхтэй 6740 удаа танилцаж, 1112 шалгалт, судалгаа хийлээ.

Шалгах, танилцах ажиллагаагаар холбогдох хууль, журмыг зөрчсөн, хангалтгүй хэрэгжүүлсэн 2765 зөрчил илрүүлсэн байна. Тиймээс илэрсэн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 196 прокурорын шаардлага хүргүүлж, биелэлтийг тооцож ажиллалаа.

Categories
мэдээ нийгэм

2024 онд Хэнтий аймгийн Онон суманд 7 дугаар сарын 25-нд 96.8 мм тунадас оржээ DNN.mn

2024 онд температурын үнэмлэхүй их утга Баянхонгорын Эхийнголд агаарт 40.8°С, Cүхбаатар аймгийн Баяндэлгэрт хөрсөн дээр 71°С хүрч халсан бол үнэмлэхүй бага утга Завханы Отгон суманд агаарт -48.8°С, хөрсөн дээр -50°С хүрч хүйтэрсэн байна.

Хоногт хамгийн ихдээ Хэнтий аймгийн Онон суманд 7 дугаар сарын 25-нд 96.8 мм тунадас оржээ. Даралтын үнэмлэхүй их утга Сэлэнгийн Сүхбаатарт 972.7 гПА, бага утга Баянхонгорын Баянбулагт 754.0 гПа хүрч тус тус ажиглагдсан. Салхины хурдны үнэмлэхүй их утга Говь-Алтайн аймгийн Бугат суманд 40 м/с хүрсэн байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Squid Game” цувралын гуравдугаар улирал зун нээлтээ хийнэ DNN.mn

“Squid Game” цувралын гуравдугаар улирал 2025 оны зургадугаар сарын 27-нд “Netflix”-д нээлтээ хийнэ.  Тус цувралын хоёр дахь улирал арванхоёрдугаар сард нээлтээ хийсэн.

Squid Game-ийн анхны улирал 2021 оны есдүгээр сард гарсан бол хоёр дахь улирал нь гурав гаруй жилийн дараа цацагдсан юм. Тэгвэл эцсийн улирал нь зургаан сарын дараа л нээлтээ хийх боллоо. Squid Game-ийн гуравдугаар улирал долоон ангитай байх юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ХӨСҮТ: Баянгол дүүрэгт менингококкт халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн DNN.mn

ХӨСҮТ-ээс цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

ХӨСҮТ “Налайх дүүрэгт менингококкт халдварын нэг тохиолдол бүртгэгдэж, 3 настай хүүхдийн биеийн байдал хүнд байсан. Улмаар ХӨСҮТ-д өчигдөр орой ирсэн ч харамсалтай нь үдээс өмнө эндлээ.

2024 онд тус халдварын 5 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж 2 тохиолдол батлагдсан. Улмаар батлагдсан тохиолдлын нэг нь харамсалтай нь өнөөдөр эндлээ.

Өчигдөр Баянгол дүүрэгт сэжигтэй тохиолдол илэрсэн. Шинжилгээний хариуг хүлээж байна. Тухайн хүүхэд ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа. Одоогоор биеийн байдал хэвийн байна” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Менингококкт өвчнөөс сэргийлэх зөвлөмж DNN.mn

Менингококкт халдвар нь 10-15 жилийн давтамжтай томоохон дэгдэлт үүсгэх хандлагатай байдаг. Өмнө нь 2000-2001 онд Монголд менингококкт халдварын томоохон дэгдэлт болж, хүүхдүүд их өртсөн. Үүнээс гадна 2017-2018 онд бага насны хүүхдүүдийн дунд халдварын  тохиолдол ихэсч байв. 2025, 2026 онд Менингит өвчний үечлэлийн жил учраас хүн бүр анхаарч мэдээлэлтэй байх хэрэгтэй тул дараах зөвлөмжийг анхаарна уу.

Менингококкт халдвар нь нянгаар үүсгэгддэг бөгөөд агаар дуслын замаар хүнээс хүнд дамждаг.

Илрэх шинж тэмдгүүд:

-Гэнэт өндөр халуурах (38 хэмээс дээш),

-Цоргитол бөөлжих,

-Цусархаг од хэлбэрийн тууралт бүх биеэр гарах,

-Дагз хөших,

-Гэрлээс цочих, айх

Энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжүүдийг дагана уу.

1. Ам, хоолойг давс сод, сармисны зэрэг уусмалаар өдөрт 3-4 удаа 10 хоног ээлжлэн зайлах,

2. Хамар, хоолойн үрэвсэлт өвчнөө эмчлүүлэх( бактер ам залгиур хоолойд үрждэг)

3. А,Ц, Д аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэх, нэмэлтээр уух,

4.Эд хэрэглэл, гэр орондоо ахуйн ариутгагч бодисоор цэвэрлэгээ хийж байх( үүсгэгч ариутгагч бодист тэсвэргүй 2-3 минутад үхдэг),

5. Бага насны хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байх( шүлсэнд бактер байдаг)

6.Сайтар унтаж амрах, дархлаагаа дэмжих,

7.Менингококийн эсрэг вакцин хийлгэх зэрэг болно. Хамгийн чухал нь олон нийтийн газраар явахдаа амны хаалтаа тогтмол зүүхийг зөвлөж байна.

Categories
мэдээ спорт

Хоёрдугаар сард зохиогдох бөхийн барилдааны хуваарь DNN.mn

Хоёрдугаар сард МҮБХ-ноос зохион байгуулах албан ёсны хуваарийг танилцуулж байна.

  • 02.02 Ням. 11:00 цагт-Хавдрын эсрэг зөвлөлийн нэрэмжит Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан /Тоо хязгаарлахгүй/
  • 02.08 Бямба. 11:00 цагт-Архангай аймгийн Эрдэнэмандал сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан
  • 02.09 Ням. 13:00 цагт-“Баянзүрх хайрханы хишиг” Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан
  • 02.15 Бямба. 13:00 цагт-Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын түүхт 100 жилийн ойд зориулсан тус сумаас төрөн гарсан Монгол улсын начин Дондогийн Цогзолдоржийн нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан
  • 02.16-23-ны өдрүүдийн 11:00-16:00 цагт “Өвлийн нүүдэлчин – 2025” наадамд ССАЖЗЯ-тай хамтран зохион байгуулах Улс, аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүд оролцох “Тэмээн жингийн бөхчүүд” өдөрлөг

Сар шинийн цуврал барилдаан

  • 02.20 Пүрэв. 11:00 цагт-Сар шинийн баярт зориулсан өсвөр /3нас/ бөхийн барилдаан
  • 02.23 Ням. 09:00 цагт-Сар шинийн баярт зориулсан Бөхчүүдийн шагайн харваа
  • 02.24 Даваа. 11:00 цагт-Тарвалин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаан /Тоо хязгаарлахгүй/
  • 02.25 Мягмар. 11:00 цагт-Дашчойлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхчүүдийн уламжлалт барилдаан
  • 02.26 Лхагва. 13:00 цагт-Битүүний өдрийн барилдаанд оролцох эрх авах аймаг цэрэг, сумын цолтой 800 бөхийн урьдчилсан шатны барилдаан /2 давсан 200 бөх болон чансааны оноогоор оролцоно
  • 02.27 Пүрэв. 13:00 цагт-Могой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 256 бөхийн уламжлалт барилдааны 1-2-ын даваа
  • 02.28 Баасан. 13:00 цагт-Могой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 256 бөхийн уламжлалт барилдааны 3-8-ын даваа тус тус болно.