Categories
мэдээ нийгэм

Багануур дүүрэгт баригдаж буй батарей хуримтлуурын станцын барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна DNN.mn

Багануур дүүрэгт 5 га талбайд 50 мВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг барьж буй. Тус станцыг ирэх 11 дүгээр сарын 30-нд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд барилгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус станцыг барьснаар эрчим хүчний өвлийн оргил ачааллын үед хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг тасалдуулахгүй байх, байгаль орчинд ээлтэй буюу хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуул “Нүүрсээр ажилладаг станц 24/7 асаалттай байдаг. Тухайлбал, ДЦС-4 нь хэрэглээ багатай шөнийн цагт эрчим хүч үйлдвэрлэж хий алдаад, орой 5-9 цагийн оргил ачаалалтай үед ачааллаа дийлэхгүй тохиолдол гардаг. Тиймээс Батарей хураагуурын станц ашиглалтад орсноор шөнийн цагт үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг хураагаад, өдөр оргил ачааллын үед буцаан төвийн системд нийлүүлэх тохируулгын системтэй болно гэсэн үг юм. Цаашид, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр бий болгож, батарей хураагуурын станцтай холбохоор төлөвлөж байна” гэлээ.

Тус станцын барилгыг БНХАУ-ын “Энвижн”компани гүйцэтгэхээр болж, энэ сарын эхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Туслан гүйцэтгэгчээр дотоодын “Монхорус Интернэшнл” компани ажиллаж байна. БНХАУ-ын “Энвижн”компанийн олон улсын төслийн захирал Ховард Жин “Манай компани нь сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, салхин сэнс, эрчим хүчний хуримтлуур буюу батарей үйлдвэрлэгч дэлхийн томоохон компаниудын нэг юм. Нийслэлийн Засаг даргын тамгын газраас хэрэгжүүлж буй Багануурын дэд станцын дэргэдэх 50 мв/200мв.ц-ын хүчин чадалтай эрчим хүчний хуримтлуур станцын бүтээн байгуулалтын ажил явагдаж байна. Бид өвлийн эрчим хүчний оргил ачааллын өмнө энэхүү станцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна”  гэв.

Батарей хуримтлуурын станцыг барих ажлын хүрээнд батарей станц, дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугам, багануур дэд станцын өргөтгөлийн ажил тус тус хийнэ. Мөн одоогоор Монгол улсын хилээр эрчим хүчний хуримтлуур батарейны эхний хэсэг нь орж ирээд байгаа бөгөөд удахгүй суурилуулалтын ажлыг хийх юм. Батарей хураагуурын станц нь бусад сэргээгдэх эрчим хүчний станцуудтай харьцуулахад богино хугацаанд суурилуулах боломжтой байдаг. Үүнээс гадна засвар, үйлчилгээг тогтмол хугацаанд хийснээр батарейн станц нь 20-оос дээш жил ажиллах бүрэн боломжтой юм байна.

Categories
мэдээ нийгэм

Угаарын хийн мэдрэгчийнхээ хэвийн үйл ажиллагааг шалгаж, зөв байрлуулахыг анхаарууллаа DNN.mn

Хавар, намрын улиралд иргэд угаартах эрсдэл нь өндөр байдаг. Учир нь, гадна болон дотоод орчны температурын зөрүү багасах тусам зуух, пийшингийн таталт муу байдгаас үүдэн зуухан дахь шаталт дутуу явагддаг байна.

Иймд иргэд намрын улиралд галлагаа эхлэээс өмнө ханан пийшингийн татах сувгийг сайтар цэвэрлэх, зуухны битүүмжлэлийг сайжруулах, үнсний шүүр, зуухны хүхээ зэргийг засаж янзлах шаардлагатай. Яндангийн хаалт сойлтыг хэрэглэхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулав DNN.mn

Улаанбаатар хотын хэмжээнд төвлөрсөн гурван хогийн цэгт жилд дунджаар 1.4 сая орчим тонн хог хаягдал цуглардаг. Үүний 20-30 хувийг барилгын хог эзэлдэг. Нийслэл хотын хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээ өсөхийн хэрээр хог хаягдлын хэмжээ жил бүр ихсэж, хөрс, ус, агаарын бохирдол үүсэхэд нөлөөлж, улмаар иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс Монгол Улс барилгын хог хаягдлыг дахин боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн даваанд барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн цогц бүтээн байгуулалтыг барьж, төлөвлөсөн хугацаандаа буюу өнөөдөр ашиглалтад орууллаа.

Уг үйлдвэрийн байгууламж нь эрүүл ахуйн шаардлага хангасан шинэ ландфиллын байгууламж, барилгын хог бутлан ангилах үйлдвэрийн талбай, машин механизмын гарааш болон оффисын барилгаас бүрдсэн. Тодруулбал, ландфиллын байгууламж нь эрүүл ахуйн шаардлага хангасан байгаль орчинд сөрөг нөлөөгүй 8.5 сая тонн хог хаягдлыг хүлээж авах хүчин чадалтай бол барилга нураалтын хог хаягдал дахин боловсруулах хүчин чадал өдөрт 100 тонн байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлогын баримт бичигт “Байгальд ээлтэй дэвшилтэт технологи бүхий хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүдийг аймаг, нийслэлд бүсчлэн байгуулах, хог хаягдлын төвлөрсөн эко байгууламжтай болно” гэж тусгагдсан байдаг. Эдгээр зорилт болон нийслэл хотын хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээ өсөхийн хэрээр хог хаягдлын хэмжээ жил бүр нэмэгдэж байгаатай холбогдуулан, асуудлыг шийдэхийн тулд Морингийн давааны хог дахин боловсруулах үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулж байна. Энэхүү төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын төвлөрсөн хогийн цэгүүдийн ачааллыг багасгах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, хуучин хогийн цэгүүдийг хаах, нөхөн сэргээх, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж, дахин боловсруулах боломжтой боллоо. “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх” төслийг амжилттай хэрэгжүүлэхэд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран ажилласан Европын холбоо, Европын сэргээн босголт хөгжлийн банкны хамт олон болон төсөл хэрэгжүүлэх нэгж, төслийн зөвлөх, гүйцэтгэгч компаниудад нийслэлийн иргэдийн өмнөөс гүн талархал илэрхийлье” хэмээв.

Түүнчлэн төслийн хүрээнд хогийн цэгийн болон барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай ландфил нягтаршуулагч, барилга нураалтын экскаватор, бульдозер, дугуйт ачигч, усны машин, өөрөө буулгагч автомашин зэрэг нийт 29 нэр төрлийн хүнд даацын машин механизм, сэлбэг хэрэгсэл шинээр нийлүүлээд байна. Морингийн давааны хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийг НЗДТГ-ын захиалгаар “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх” төслийн хүрээнд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилт болон Европын Холбооны буцалтгүй тусламжаар барьж байгуулсан юм.

Categories
мэдээ нийгэм

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 75 хувьтай байна DNN.mn

Эрчим хүчний яаманд уг салбарынхны өргөтгөсөн шуурхай хурал болжээ.

Уг хуралд төрийн болон орон нутгийн өмчит 37 байгууллага танхимаар болон цахимаар оролцсон бөгөөд 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажил, тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэв. Хуралд оролцсон бүхий л байгууллага 2024 оны их засвар, хөрөнгө оруулалтын ажлын явц, 2024-2025 оны өвлийн их ачааллыг давах бэлтгэл ажлын гүйцэтгэл, байгууллагын өр, авлага, санхүүгийн байдал зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл өгчээ.

Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниуд 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг төлөвлөсөн хугацаанд бүрэн дуусгах, аюулгүйн нөөц, сэлбэг материалыг бүрдүүлэх үүрэг өгчээ. Салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангах ажил 75 хувийн гүйцэтгэлтэй байгааг албаныхан дүгнэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж зорчихыг анхааруулж байна DNN.mn

Амралтын өдрүүдэд орсон нойтон цасны улмаас Баянхонгор-Өвөрхангайн Нарийнтээл сум орох замын гадаргуу болон зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, автомашин зорчиход хүндрэл гарч замын хажуу руу орох зэрэг эрсдэлтэй нөхцөл байдалтай байна.

Иймд иргэд, тээвэрчид та бүхэн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлаа хангах, хол, ойрын замд зорчихгүй байхыг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.

 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Ерөнхийлөгч То Лам-ыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа.

Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Төрийн тэргүүн нар Төрийн ёслолын цэргийн цагаан тугт мэхийн ёсолсны дараа Ерөнхийлөгч То Лам Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчиллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, То Лам нар Вьетнамын албаны төлөөлөгчид,   Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар болон Олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй мэндчиллээ.

Төрийн тэргүүн нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч То Лам Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, То Лам нар ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцоно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

-40 хэмд тэсвэртэй газрын лед гэрлэн дохиог гурван байршилд суурилууллаа DNN.mn

Явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн Замын хөгжлийн газраас БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд Улаанбаатар хотын гурван байршилд газрын лед гэрлэн дохиог суурилууллаа. Тодруулбал, 1 дүгээр сургуулийн зүүн урд талын явган хүний гарц, Төв шуудангийн уулзвар, Гадаад хэргийн яамны уулзварт уг гэрлэн дохиог суурилуулаад байна.

Эдгээр лед гэрлэн дохио нь Монголын эрс тэс уур амьсгалд тохирсон буюу хасах 40 хэмд ч тэсвэртэй, нэг тонны даацтай, хагарч гэмтэхгүй гэдгээрээ онцлог. Солонгос улсад уг гэрлэн дохиог 2019 оноос хойш 20 мянга гаруй уулзварт суурилуулж, таван жилийн дотор явган зорчигч осолд өртөх нь 30 хувиар буурсан судалгаа байгаа юм. Тиймээс ухаалаг гэрлэн дохиог Солонгос улсын “Сонг Пун Суллед” компани Монголд нийлүүлсэн бөгөөд чанарын шаардлагад нийцсэн шилдэг инновацын бүтээгдэхүүнээр тухайн улсдаа шалгарсан байна.

Ухаалаг лед гэрлэн дохио нь газарт суурилуулдаг учир утас оролдох, хүүхдүүд тоглох, хоорондоо юм ярих зэргээс анхаарал сарнисан үед явган зорчигчид шууд өнгөөр ялгарч харагдана. Жолооч нарын зүгээс ч осол аваараас урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад өндөр үр дүнгээ өгөх юм. Иймд, ялангуяа сургуулийн орчинд болон хөл хөдөлгөөн ихтэй уулзвар, гарцуудад эдгээр гэрлэн дохиог суурилууллаа.

Categories
мэдээ нийгэм

Гэрээсээ морьтой гараад сураггүй алга болсон малчныг эрэн хайж байна DNN.mn

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн Гүн толгой хэмээх гэдэг газарт малчин Ж есдүгээр сарын  20-ны өдрийн 15:00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрээсээ Ерөө сумын төв рүү явна гэж морьтой гараад сураггүй алга болжээ.

Морь нь 21-ний өдрийн 12:00 цагийн орчим усанд норсон байдалтай гэрийнхээ гадна гүйж ирсэн. Тус аймгийн Цагдаагийн газраас тухайн иргэнийг 09.21-ний өдрөөс эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулах тухай хүсэлтийг 25-ны  19:14 цагт аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид малчин 33 настай эрэгтэйг эрэн хайх ажиллагааг 29-ний 08:00 цагаас Ерөөгийн гүүр гэх газраас баруун тийш Хуучин модон гүүрний тохой  гэдэг газар хүртэл нийт 40 км-т завиар зохион байгуулан ажилласан боловч үр дүнд хүрээгүй тул 19:00 цагт түр зогсоосон. Эрэн хайх ажиллагааг 09.30-ны өдрийн 08:00 цагт эхлүүлсэн гэж ОБЕГ-аас мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын намрын чуулган маргааш нээлтээ хийнэ DNN,mn

2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламент маргааш намрын анхны чуулганаа эхлүүлнэ.  УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу намрын чуулганыг жил бүрийн аравдугаар сарын 1-нд нээдэг.

Маргааш чуулганы нээлтийн дараа УИХ дахь намын бүлгүүд хуралдах юм.

УИХ эхний долоо хоногтоо дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

  • Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг зарлах тухай
  • Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолын төсөл /Засгийн газар 2024.09.27-нд өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/
  • Нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.08.30-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
Categories
мэдээ нийгэм

Галт хэрэгсэл хууль бусаар олж авсан, хадгалсан хэргийг шүүхэд шилжүүллээ DNN.mn

Прокурорын байгууллага 2024 оны есдүгээр сарын 23-27-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 45615, мөрдөн байцаалтын 4091 хэрэгт хяналт тавьж, мөрдөгчид тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр нийт 646 даалгавар бичгээр өгч, эрүүгийн 224 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 82, Өмчлөх эрхийн эсрэг 72, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 39, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 11, Хүний амьд явах эрхийн эсрэг 8, Хүрээлэн байгаа орчны эсрэг 5, Авлига, албан тушаалын 5, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2 хэрэг байна.

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

-Нийслэлийн прокурорын газраас Хан-Уул дүүргийн дугаар хорооны засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч И.С, зохион байгуулагч Д.А нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ажил гүйцэтгээгүй иргэнд цалин олгож, давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

-Аймгийн засаг дарга Ч.Ч, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын албан тушаалтан Г.О, У.Б нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газраас газар эзэмших эрх олгож, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

-Баян-Өлгий аймгийн прокурорын газраас тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын сум хариуцсан газрын даамал Б.К нь газрын төлбөр төлөөгүй иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах ажлыг зориуд хэрэгжүүлээгүй, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

-Сэлэнгэ аймгийн прокурорын газраас иргэн П.Ц нь тус аймгийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, газрын хэвлийд халдсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

-Чингэлтэй дүүргийн прокурорын газраас иргэн Т.Б нь ашиг олох зорилгоор байлдааны зориулалттай 620 ширхэг сумыг хууль бусаар олж авсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 /Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүллээ.