Categories
редакцийн-нийтлэл

Манай намуудын хагарал

АРДЧИЛЛЫНХНЫ ҮЕ УЛАМЖИЛСАН ХАГАРАЛ 

АН-ын хууч өвчин да­хин сэд­рэв хэмээн Баа­бар ойр­могхоны нийт­лэл­дээ энэ намын гажиг өвчлөлийн талаар тайл­барлаж бич­сэн байна лээ. Үнэхээр л ардчиллын залуус гээд нэгэн том хүчин Монго­лын нийгэмд байр сууриа олоод удаа­гүй тэрхэн үед ноён нуруу нь болж өгөх ёстой Бо­шигт, Нэргүй нар ил захидал нийтлүү­лэн анхны хагар­лын эхийг тавьж байсан гэдэг. Удалгүй болсон 1990 оны сонгуульд эв эе эвд­рэлц­сэний шангаа сай­­хан хүртэж, жинхэнэ ну­гас­луулсан байдаг. 1992 онд мөн соцдекүүд тус­даа сонгуульд орж, арав хүрч чадахгүй тө­лөөлөл­тэй, 1996 оны сон­гуулиар өмнөх алдаагаа ярин ярин орсондоо 50 суу­дал­тай олонхи болж байв. Сонгуулиар нийл­сэн нь боллоо гэсэн шиг орсон хойноо хагарахын үлгэ­рийг үзүүлж өгсөн дөө. МАХН-ын гүйлгэсэн хороор Засгийн газраа гурвантаа бүдрүүлсэн залууст 2000 оны сон­гуулиар хэн ч итгэхийг хүсээгүй.

Парламентын тан­химд дуугаа ч хүчтэй өр­гөж чадахгүй байсан тэд өөр хоорондоо л алал­цаад байсан даг. Ерөө­сөө хэн намын дарга болох вэ гэдэг л тэдэнд чухал байв. Ер нь эднийх­ний дайны шалтаг нь то­дорхой. Хэн дарга болох вэ гээд л хэмлэлдээд бай­на. Бас нэг хэсэг Р.Гончиг­дорж, М.Энхсайхан гээд тамгатай, тамгагүй ху­тагтууд бий болчихсон байж билээ. Нэг нь тамгатайгаараа би дарга, нөгөө нь тамгагүй ч дэмж­лэгтэйгээрээ би дарга гэдэг болчихсон байсан санагдаж байна. 2004 оны сонгуулиар АН-аас “Алтан гадас”-ынхан гол­дуу тойроггүй хоцорч, их эвсэлд нэгдсэн “Эрэл” хамаг аятай тойргуудад тухалчихсан гээд бас л хэл ам болж байв. Тэр үед их эвслийг байгуулахаар Б.Эрдэнэбат, С.Оюун нар­тай АН-ын дарга М.Энх­сайхан үзэглэж байж билээ. Сонгуулийн дараа хамтарсан Зас­гийн газар байгуулахыг нэг хэсэг нь дэмжиж, нөгөө хэсэг нь эсэргүүцэж баахан хагарсан. МАХН хэсэг хамтарсан дүр үзүүлж байгаад Хам­тар­сан Засгийн газраа Үн­дэсний эв нэгдлийн Зас­гийн газар гээчээр соль­сон бөгөөд энэ үед хамт­рахыг эхнээсээ эсэргүү­цэж байсан М.Энхсайхан тэргүүтэй шинэ тутам байгуулагдсан Үндэсний шинэ нам,  Ард түмний нам, БНН, ИЗН гээд жи­жигчүүд нэгдэж байлаа. 2008 оны сонгуулийн дараа МАХН-ын дарга С.Баяр хамтрахыг урьсан нь АН-ыг дахиад л ху­ваачихсан юм. Албан ту­шаалын сургаар намын­хаа даргын эсрэг нүүр улаймаар сүлбэлдэж бай­гааг харсан хүмүүс “Улс төр гээч нь ийм аюултай байдаг юм байх даа” гэж гайхширч байсан билээ. Тэр үед тэдний албан тушаалд хүрэх гэсэн хүсэл нь сонгуульд намаа удирдан оруулсан намын даргаа, бүр тэгж бодохгүй юм гэхэд ан­гийнхаа нэг нөхрийг гишүүний тангараг өргөх үед нь алга ташчих л чадалгүй болтол нь самууруулчихсан байсан юм даг. Ийм маягаар явж ирсэн АН-ын ээлжит хагарал эхлээд байна.

ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР САЛАХГҮЙ ЮМ БИШ ҮҮ?

Хамтарсан Засгийн газар хэзээ мөдгүй сална гэдэгт улс төрийн хүрээ­нийхэн байтугай хөдөө мал маллаж яваа өвгөн хүртэл итгэчихсэн байсан биз. Гэвч сүүлийн үед өрнөөд байгаа үйл явдал Засаг салах нь юу бол гэсэн эргэлзээ төрүүлэхэд хүргээд байна. Томоохон бодлогын чанартай асууд­­­­луудаа хамтран шийдчихлээ. Одоо Сон­гуулийн тухай хуулиа шийдэж чадвал Хамтар­сан Засгийн газар салах нь зүй ёсны юм гэдгийг МАХН-ынхан ч, АН-ынхан ч бүүр түүр ухаа­раад байгаа. Энэ бол улс төр.

МАХН-ын хувьд АН-ыг сугандаа хавчуулсан хэвээр 2012 оны УИХ-ын сонгуульд орчих хүсэл их бий. Том нам дагасан жижиг нам дандаа илүү эрсдэл хүлээдэг турш­лага дэлхий нийтэд байна.

Гэхдээ “Тийм яадгаа алдсан тэнэг гэж юу бай­хав. АН-ынхан биднийг хаяад л гарна” гэж МАХН-ынхан өөр зуураа ярьдаг байсан бол яадгаа алд­сан тэнэгүүд бас байна аа. АН-ын засагт багтсан төлөөллийнхөн Хамтар­сан Засгийн газраас гарах бодолгүй байгаа ажээ. Тэр нь ч өнөөгийн хагарлын эх болоод байгаа юм. АН-ынхан хоёр ла­герт хуваагджээ. Хамтар­сан Засгийн газ­рын тэр­гүүн шадар сайд, АН-ын дарга Н.Алтанхуя­гийн хувьд хэдийнэ шийдчих­сэн бололтой. Тэр “Намын эрх ашгаас илүү улс орны эрх ашгаа дээдэлж бай­на” гэсэн жи­жүүрийн гоё үгээ хэлсээр л дуусах нь. “Алтан гадас”-ын биеэ үнэлэлтэд эхэн үедээ дургүйцэж байсан МоАХ, Зүүн Хойд Азийнхан, МҮДН-ынханд нэгэнт өрөм оногдсон учраас дуугүй байх болсон. Тэд одоо ч энэ багтаа явсаар сон­гууль­тай золгоно гэж бай­гаа нь АН-ын хагар­лыг иймд хүргэжээ. Харин АН-д Зас­гаас гарах ёстой гэж хэлж чадаж байгаа ганц хүчин нь Ардчилсан хүчний холбоо гэх төрийн бус байгууллага.

МАХН-ын Зүүний хүчний хол­боог дуурайн гарч ирсэн гэх энэ холбоо богино хугацаанд маш хүчтэй өсч чадсан. Уг нь АН-ыг сонгуулийн өмнөх балчгаас татаж гаргах үйлд Ардчилсан хүчний холбоо, МоАХ нэгдэнэ гэж олон хүн харж байсан ч МоАХ-ны дарга Х.Баттулга сайдын албан тушаал дээр байгаа учраас нэгдэхийг хүсэхгүй байна. Уг нь АН-ын ирээ­дүйг бодоод Х.Баттулгыг сайдын алба мэтийн эрсдэл гаргаж чадах нэгэн гэж хүмүүс төсөөлдөг ч Аж үйлдвэрийн цогцолбор мэт их хөрөнгөний ажлууд өмнө нь байгаа учраас хаяад явчихаж чадахгүй байх шиг. З.Энх­болд, Х.Баттулга нар нам дотроо үзэл бодлоороо ойр байдаг хүмүүс ч иймэрхүү гарам дээр ирэхээрээ зөрөөд байна. Одоо харахад З.Энхболд, С.Эрдэнэ нар Хамтар­сан Засгийн газраас АН-аа аварч гарах хүмүүс гэдгээрээ нэгдэж таарч байна. Ардчилсан хүчний холбооны толгой нь З.Энхболд ч нэгжид тархсан хөл нь С.Эрдэнээ­гийнх гэх юм билээ. Гэхдээ АН-ын даргын асуудал яригдаад эхэлбэл тэд хүссэн хүсээгүй өрсөлдөгчид болж таарах вий.

Сүүлийн үеийн хэрүүлийг эхлүүлчихсэн мэт харагдах  Э.Бат-Үүл, С.Эрдэнэ нарын явган хэрүүл жижиг зүйл. Э.Бат-Үүл Хамтарсан Засгийн газраас саллаа гэхэд дараагийн ээлжийн горьдогчид хэзээд бэлэн гэдгийг мэддэг учраас болгоомжилж дуугарсан биз. Хэрэв нэг хэсэг нөхдөө Засгаас гаргалаа гэхэд дараагийн нөхөд нь нийлээд явчих юм бол АН-ын нэр хүнд сонгуулийн өмнө сэхэж чадахгүй болтлоо унана. Тиймээс Үүл үүнд нь анхааруулж үг хэлснийг нь С.Эрдэнэ шүүрч аваад бөөн хэрүүл болчихсон. Нөгөө талаас АН-ын­хан дунд С.Эрдэнээс болгоомжлох болгоомжлол явсаар удаж байна. Түүнийг хэрэгт татагдаад шорон оронд сууж байх үедээ дэмжлэг хүсэн Н.Энхбаяртай хол­боо тог­тоосон, одоо ч уулзаж, учраад яваад байдаг гэсэн явган яриа нам дотор нь бий. Тиймдээ ч Э.Бат-Үүл, С.Эрдэнэд хандсан ярилцлагадаа хэний сонин дээр ямар учраас яриа өгөөд байдаг юм гэж ирээд асуусан биз. Энэ явган яриа хийгээд Зас­гийн газраас гарахгүй байх гэсэн АН-ынхны хүсэл нийлж С.Эрдэ­нээс Нийслэлийн намын даргын ширээг нь хуу татаад авчихав бололтой. Тэгээд оронд нь дандаа хэл амтай иймэрхүү асуудалд нөхөөсөнд ашиглаж байдаг Ш.Түв­дэндор­жийгоо тавьчихсан. Харин энэ үеэр АН-ын дарга болоод Ардчилсан хүчний холбооны дарга нь гадаа­дад ажлаар явж байсан нь тохиолдол уу.

Гэхдээ Ардчилсан намын хага­рал бол шинэ болоод том зүйл биш юм. АН-ынхан сайн хагараг. Хэдий сайн хагарна тэр чинээ­гээрээ нэгдэж сонгуульд амжилт үзүүлдэг “гэм”-тэй. АН-ынхны гэр зуурын хэрүүлийн дэргэд МАХН-ын шинэчлэл нэрийн дор хийх гэж буй зүйлс түүнийг дагалдан ирэх үр дагавар нь илүү том асуудлыг дэлгэж тавих магадлалтай хараг­даж байна. Манай Монголын на­мууд ийм хэлбэрээр хагарч, хага­рал­даж л байна. Намууд дотроо хагаралдаж байгаа ч төрд байгаа гурван толгой хаа очиж нэг зүгтээ харж байгаа гэх юм. Уг нь нэг намаас гарсан мөртлөө л нэг нь зөрүү харж, асуудал үүсгээд байдаг уламжлал байсан даа. Ядахнаа нэг талдаа ч хагаралгүй байвал яамай даа. Харин Засгийн газар хэзээ салах вэ гэж үү. Ер нь л хэсэгтээ тэгж ярих юмтай болгохгүй болол­той дог. Хүмүүсийн ярих нь бизнес бүлэглэлүүдийн лидер хийгээд томоохон төлөөлөл багтсан Зас­гийн газар харин ч бат бөх байна гэх юм…

Categories
редакцийн-нийтлэл

Манай намуудын хагарал

Монголд нам олон бай­на аа. Гэхдээ гол дү­рийг бүтээж байгаа нь МАХН ба АН.

МАХН болон АН-ын хувьд унтаж байсан луу нь хэдийнэ сэрж, ам хам­раараа гал улангасуу­лаад эхэлсэн учраас сон­жиж харах зүйл их байх юм.

БАРУУНТАН ДАРГА НЬ БАРУУНЫ ЧИГЛЭЛИЙГ СОН­ГОЖ БАЙНА

МАХН-ын хувьд хэ­зээнээс шинэчлэгдэнэ гэдэг нэг том шүдний өв­чин­­тэй. Ер нь шинэчлэг­дэх­гүй бол болохгүй нь гэж ярь­саар ч удлаа. Гэвч энэ намыг шинэчлэгдэж бай­гаа гэхэд хэцүү юм. Сая­хан болж өнгөрсөн Бага хурал дээрээ ши­нэчлэг­дэ­хийн чухлыг намын дарга нь мөн ч их ярьсан даа. Гэвч хэдхэн хоно­гийн дараа нь бол­сон МАСЗХ-ны хурал дээр залуучууд нь даргын­хаа санал болгосон хү­нийг дэмжиж байна гээд ярс­хийтэл гараа өр­гөн, 100 хувиар дэмжчи­хэж байх юм. Үүнийг ши­нэч­лэгдэж байна гэхээсээ харин ч бүүр л муудаад байна гэж харахаар. Сахил хүртсэн биш шал дордов гэдэг дээ. Шинэч­лэгдэнэ гэж лоозогночи­хоод үүний­хээ эсрэг авир­лаж байгаа нь ах намыг бүр чиг эвгүй байдалд оруулсаар бай­гаа юм. Мөн энэ намын хувьд яриа­ны гол сэдэв нь намын нэр солих асуу­дал болоод байгааг хэн хүнгүй мэднэ. Гаднаас тулгагдсан үзэл суртлаас татгалзан үзэл баримт­лалаа шинэчлэн тодор­хойлох эрэлд гарсан гэг­дэх энэ нам урт хугацаа­ны эрлээ үүсгэн байгуу­лагдах үеийнхээ МАН нэрийг авах хэмээн то­дорхойлоод байна. Ин­гэс­нээр зүүний үзэлтэй намаа барууных болгох гэлээ гэсэн шүүмжлэл дар­гыг нь той­рсонгүй. МАХН-ын дарга С.Бат­бол­дын хувьд өөрөө яаж ч хазайлгах гээд хөд­лөх­гүй барууны үзэлтэй хүн. Сурч болов­сорсон цаг хугацаа, биз­не­сийн бай­гууллагад ажил­лаж ирсэн нь, хувийн өмчийн үзэл гээд олон зүйлээрээ тэр баруунтан. Харин хувь заяаны шог­лоомоор зүү­ний намын дарга болсон биз. Харин тэр намаа өөрчилж шинэч­лэх гэж байгаа нь олон эрсдэлийг дагуулж байгаа.

С.Баяр явснаас хойш­хи хугацаанд С.Батболд байр сууриа тодорхой хугацаанд бэхжүүлэх гэж үзлээ. Хэдийгээр том на­мын дарга, Ерөнхий сай­дын эрх мэдэл гээд олон зүйл түүнд ирсэн ч намын даргаасаа дутахгүй эрх мэдэлтэй генсек дэргэд нь бий. У.Хүрэлсүхийн хувьд хар залуугаасаа намын аппаратыг бэхжүүлэхийг хамгийн чухал нь гэж үзэж ирсэн нэгэн боло­хоороо энэ чиглэлээрээ ч ерөн­хий нарийн бичгийн дар­га болоод дагнаж ажил­ласан байдаг. С.Баяр түүний эл чадварт нь найдаад намаа эрт­нээс түүний гарт орхисон юм. Ингэснээр шинэ дар­гыг ирэх үед даргаасаа дутахгүй эрх мэдэлтэй нарийн бичгийн дарга бий болжээ. Тиймдээ ч У.Хүрэлсүх Бага хурлын­хаа дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх үедээ “Нэ­рээ солиод нам сонгуульд ялагдвал би хариуцлагыг нь хүлээнэ” гэж мэдэгд­сэн биз. Намын даргынхаа өмнүүр ингэж мэдэгдэнэ гэдэг дээрхийн том ба­талгаа билээ. Ах намын зарим гишүүд манайх хоёр толгойтой болчих­лоо гэх юм билээ. Гэхдээ С.Батболд, У.Хүрэлсүх хоёрын том жижгийн асуудал одоохондоо том асуудал биш. Харин тэд нэгэнт хөдөлгөсөн галт тэргэндээ суун намынхаа нэрийг өөрчилсөн то­хиол­­долд ямар тог­лол­тууд үүсэх вэ гэдэг нь гол бэрхшээл.

МАХН НЭРЭЭ СОЛЬСОН ТОХИОЛДОЛД ӨМЧИЛЖ ҮЛДЭХ БОЛОМЖГҮЙ

Тус намын экс дарга, экс Ерөнхийлөгч Н.Энх­баяр намын удирдлагуу­дынхаа гаргасан шинэч­лэлийн уриалгын дараа өөрийн байр сууриа ха­туу илэрхийл­сэн. Тэр­бээр зүүний чи­гийн нам барууны үз­лээр замнах гэж буйд хачир­хаж байгаа юм. Н.Энх­баярын ха­чирх­сан ха­чир­­хаагүй МАХН нэрээ сольж, харин хачирхсан гэдгээ албан ёсоор илэр­хийлээд амж­сан экс Ерөн­хий­лөгч да­раа­гийн нүүдлээ амжуу­лахаар харж байна. 2009 оны зургадугаар сарын 18-нд ардчил­сан Ерөн­хийлөгч тангаргаа өргөж байх зуур Төрийн ордны өргөт­гөлийн хонгилоос цэц­гийн баглаа бариу­лаад машинд нь суулган улс төрөөс явуулчихсан Н.Энх­баярт энэ салбарт дахин орж ирэх болол­цоог намын нэр солих үйл явц өгөх нь ойлгомжтой байна.

Хэрэв МАХН нэрээ МАН болгож өөрчлөх юм бол МАХН нэрийг нь Н.Энхбаяр ба түүний хүрээл­лийн­хэн авна гэдэгт эргэлзэхгүй буйгаа улс төрийн ажиглагчид илэрхийлж байгаа юм. Тэртэй тэргүй АН ба­рууных, нэмээд МАХН баруунтан болчихвол зүүний чигийн орон зай гараад ирнэ. Харин тэр орон зайд нь Н.Энхбаяр МАХН нэрээ аваад мөн ҮШН-ын нөхөдтэйгээ нэгдээд гараад ирэх боломж байгаа юм. Нэрээ солино гээд хөөрцөглөөд яваа МАХН-ын нөхөд нэр ашиг­луу­лахгүй болгоно гэж төлөв­лөж л байгаа байх. Гэвч энэ нь боломжгүй гэдгийг ойрхны түүх гэрчлээд өгнө. Ардчиллын чигийн намууд нэгдэх үед Монголын со­циал демократ нам, Үндэсний Ардчилсан намын нэр АН-ын өмч гэж ирээд л ардчи­лагчид их хур­лаараа чухам тогтоол гаргаж байв даа. Гэвч дараа нь А.Ганбаатар МСДН гээчийг байгуу­лаад ч явчих­сан. С.Оюун, Б.Жар­гал­сайхан нар ураг нэгдэж, Иргэ­ний Зориг Бүгд найрамдах хэмээн нэрийдэн байс­наа туурга тусгаар­лах үед ИЗН их хурлаараа мөн л тогтоол гарган энэ нэр нь намын өмч гэж зарлаж байсан. Гэвч хууль эрх зүйн хувьд тухайн нэрээрээ л оноогдож нэр­лэг­дэхгүй бол хувьчилж аваад байх ямар ч бо­ломж байдаггүй. Буянгийн Жагаа Улсын дээд шүүхийн жагсаалтаар дө­рөвт бичигддэг байсан эрэмбээ ИЗН-д алдсан ч одоо намынхаа уугуул нэртэй л байна. Үүнтэй адил МАХН хувьсгалт гэдэг үгнээсээ жигтэйхэн жийрхэн МАН болох юм бол МАХН гэдэг 90 жилийн түүхтэй нэрээ цаашид агуулах боломжгүй болно. Зүүний үзэлдээ үнэнч, халамжийн асуудлыг хүчтэй хөн­дөж ярих МАХН гараад ирэх нь эрх баригч намуудад тийм таатай зүйл биш байх аа.

Н.ЭНХБАЯРААС ЗУГТАХ БА ТАТАГДАХ ҮЗЭГДЭЛ

Гаднаас нь ажиглаад байхад МАХН-ынхан бас нэг төрлийн ангиллаар хуваагдчихаад байгаа юм. Үүнд Н.Энхбаяраас зугтах ба татагдах бүлэг хүмүүс бий болжээ. Үүнийг бүр үзэгдэл гэж нэрлэхэд болохоор байгаа юм. Цагтаа энэ хүний бараанд нь зогсч, сүрэнд нь дарагдах гэж хүмүүс хуйлардаг байлаа. Харин одоо МАХН-д Н.Энх­­баяраас зугтах хүч газар авч байна. Түүнтэй нэр холбогдохоос эмээж, хүрээлэлд нь байсан бай­тугай таньдаг гэж хэлэхээс дөлц­гөөнө. Хэн нэгнийг Н.Энхбаяр­тай холбоотохвол “Энэ хүний цааш­дын амьдрал хэцүү болж байна” гэж халаглагсад ч ихэсчээ. Гэхдээ тэгж зугтаж байгаа хү­мүүсийг харвал ихэнх нь дол­дой­чууд байх вий. Ийн зугтагсдын бүлэгтэй зэрэгцээд түүнд татагдагсад бас байна аа. Зугтагсад нь голдуу намдаа дээгүүр байр суурь эзэлдэг, эсвэл намын нэрээр төрийн гайгүй албанд хүрсэн хүмүүс байх бол Н.Энхбаярын хүрээлэлд орж ирж байгаа хүмүүс дийлэнх нь намын энгийн гишүүд байгаа юм. Мөн зүүний төвийн нам байхыг чухал­чилж буй жигүүрийнхэн ч голын нэг талд зогсох нь. Тэд С.Баяр, Сү.Бат­болд, У.Хүрэлсүх нарын удирд­лагын бодолтой са­нал нийлэхгүй байгаа хүмүүс. Намынхаа удирд­ла­гуудын бодло­готой санал ний­лэх­гүй явдал ихэнх жирийн гишүү­дэд тохиолдох бө­гөөд тэд Н.Энх­баярыг өөрсдийнхөө дуу хоолой болно хэмээн итгэж байгаа учраас ийн соронзон мэт татагдаж байна. Өнгөрсөн баасан гаригт Драмын театрт болсон арга хэмжээ ч үүнийг нотолно. Харин Н.Энхбаяр ний­гэмд бий болсон өөрөөс нь зугтах болоод татагдах үзэгдлийг ашиг­лан улс төрд хүчтэй орон зай бүрдүүлэхээр оролдож байна.

Categories
редакцийн-нийтлэл

С.Батболд Ардын намынхаа модон тамгыг сийлж барах болов уу даа

Ардын намын тамгыг
энэ намын анхны дарга С.Данзан ширээнийхээ хөлнөөс хөрөөдөж авсан модоор сийлсэн
юм гэнэ лээ. Үнэн байсан ч худал байсан ч ийм домог бол байдаг. Харин ямар ч эрсдэлтэй
юм хийдэггүй байрын ясны бизнесмэн, Монголын толгой баян С.Батболд эрсдэлтэй л зүйл
хийгээд эхлэх шиг байна. Тойрон хүрээ­лэг­сэд нь түүнийг хөөргөөд л, манай сэтгүүл
зүйн тойм бичдэг алдартай гурван авгайчуул дуу дуу­гаа аван дамжуулан он­ги­роогоод
л. Та яг С.Дан­зан шиг ганц баян нь, та түүн шиг бас баруунтан, танд  дахин Ардын намыг байгуулж түүхэнд нэрээ мөнхлөх
алтан боломж гарч ирлээ гэцгээгээд л. Сү.Батболд бол одоо харж байхад нээрээ яг
анхны дарга шиг  баян либерал, коммунист биш
хүн байна. Харвард төгс­сөн  Ц.Мөнх-Оргил,
Сү.Бат­­болд гэх залуучууд МАХН-д элсээд байхаар нь эхлээд гайхаад бай­сан. Одоо
л ойлгогдож байна. Ху намыг л ба­руунжуулж түүхэнд нэрээ мөнхлөх гэж байсан юм байна
ч гэх шиг. Мөн өөрөөсөө нэг л сонин гэрэл гэгээ гаргадаг, бас Ерөнхий сайд болсон
нь цагаа олсон аврал бай­лаа гэх зэргээр гүн хай­рын нүдээр харцгааж маг­­таал ерөөлийг
үг хайрлахгүй илгээж байна. Намын нэр үзэл бодлоо солих нь ийм амархан зүйл гэж
үү. Хэдэн юм бич­дэг авгайчуулаар магтуу­лаад л болдог зүйл үү.  Үнэхээр яг эдний хүсэж байгаагаар үгэнд нь орж
коммунистууд өөрсдийн гараар намаа устгах уу даа.

Хэтэрхий гэнэн юм мөрөөдөж
байгаа юм биш үү. Тэгээд яг сон­гуу­лийн өмнөхөн  барууны нам болоод гарч ирэх юм гэнэ. Нөгөө ху
гийхны яриад байдаг “Гарман дээр морио сольдоггүй” гэсэн алдарт афоризм л одоохон
хангинаад эхэл­нэ дээ. За яахав намын нэрээ солиод үзэл бод­лоо өөрчилье гэж саная.
Тэгвэл одоо авах гээд байгаа барууны үзэл са­нааны гол үндэс нь хүн өөрөө өөрийнхөө
амьд­ра­лыг  аваад явж чаддаг байх ёстой хэмээн
но­м­лодог. Энэ намд Сү.Бат­болдоос өөр хэдэн хүн өөрөө өөрийгөө аваад явж чадах
вэ гэдгийг бо­дож үзсэн хүн байгаа бо­лов уу. 
Амьдралаа аваад явчих хүн “Ху” намд бараг байхгүй гэхэд болно. Одоо болох
намын Их хуралд сонгогдох 800 төлөөлөгч ТҮЦ нурааж явсан хүмүүс ирэх бо­лохоос ТҮЦ-нд
сууж най­маа хийж үзсэн хүн ирэх­гүй гэдгийг бид бүгд мэд­нэ. “Ху”-гийхан хувийн
өмчийг устгаж хурааж явсан болохоос хувийн өмчтэй байж үзээгүй. Тэд Ху намаа төр
болгон ху­вир­гаж намын нэрээр төрд гаран, төрийн нэ­рээр өмч дээрэмдэж сур­сан
нөхдүүд л ирнэ шүү дээ. Үүний өмнөх МАХН-ын Их хурал хуралдаж байхад одоогийн Ерөн­хийлөгч
Ц.Элбэгдорж “800 авлигачид цугларч их хурлаа хийж байна” гэж хэлээд  хуралд ирсэн төлөөлөгчдөд “алуу­лах”-аа шахаж
билээ. Тэд­гээр нөхдүүд л одоо эргээд ирнэ биз дээ. Энэ хүмүүст “Та нар ТҮЦ ажил­луулж,
төмс тарьж намын нэрээр амьдрахаа боль” гээд хэлээд үз дээ. Ерөнхий сайдаасаа ава­хуу­лаад
багийн даргыг хүртэл намын нэрээр то­милогдож 
төрийн мөн­гийг зүгээр сууж байгаад хүртдэг хүмүүсийг ажил хийж өөрийгөө
тэжээ гэ­хэд дуртай байх уу. Зов­логоо зовоож байхаар зүгээр ороод ирдэг мөн­гөө
авч байх гэж л уурлах юм биш үү. Дарга хийгээд төрөөр тэжээлгээд бо­лоод байхад
нь өөрөө өөрийгөө авч яв гэдэг нь ер нь юу гэсэн үг вэ. Ямар ч бай бүр дурын нэгэн
засаг даргад одоо үүнээс хойш бүх юмаа өөрөө даагаад яваарай гэж хэл­бэл эрүүгээ
хуга цохиул­чихгүй салбал л их юм. Хэн ч ийм юм сонсохыг  хүсэхгүй. За яахав комму­нистууд даргынхаа үгэнд
ордог, сахилга баттай хүмүүс. Нам юу гэж шийд­нэв түүгээр л болдог. Тэ­гэх нь бүү
хэл намын шийдвэрийн төлөө амь насаа ч үл хайрладаг түүхтэй гэх зэргээр бодож болох
юм. Гэвч тэр ту­шаал өгч байгаа дарга нь өөрөө коммунист байх ёстой болно. Тэд комму­нист
даргынхаа л үгэнд орно уу гэхээс өөр даргын үгэнд тэр болгон ороод байдаггүй. Дээр
нь олуу­лаа цуглараад ирэх­лээ­рээ ямар аймшигтай хар­гис догшин хүмүүс болдог гэж
санана тэднийг. Нэг коммунист хийрхэл нь хөдөлчихвөл тэд юуг ч үл хайрлан “барьж
иднэ”. Н.Энхбаяр  намын дарга байхдаа анх
намын нэ­рийг  солих тухай ярьж эхэлсэн. Тэр
үеийн Их хурал дээр “Намын нэр солих гээд байгаа хулгайч хаана байна” хэмээн хур­лын
заалнаас төлөөлөгч ганц орилоод л  нөгөө нэр
солих  санаархлыг нам болгож билээ. Намын
нэр солих цаг нь хараахан болоогүй байна гэсэн шүү юм яриад өнгөрч байсан түүхтэй.
Ардын намын анхны дарга С.Данзан “Баруунтан болох хэрэг­тэй, бүгд баяжигтун, иргэн
баян бол улс баян” гэж хэлснийхээ төлөө на­мынхаа их хурал дээрээс шууд баривчлагдаад
Шар хаданд хүргүүлэн буу­дуулсан юм гэнэ лээ. Тэр­бээр шууд буудах гэж байгаад үнэмшихгүй
бай­саар сүүлдээ “Та нар бүүр иймдээ тулсан уу” хэмээн цөхрөн хашгирч байсан гэлцдэг.
Тэгвэл одоо на­мын нэр сольж барууны үзэл авах гэх санаарх­саных нь төлөө Сү.Бат­бол­дыг
намынхаа их ху­рал дээрээс шууд Шар ха­данд аваачаад хэв­түүл­чих байлгүй. Цаг өөр
бол­сон юм арай ч бууд­чихгүй байх. У.Хүрэлсүх­тэй ний­лээд хөөрч дав­хиад бай­гаа
юм. Мэдрэл нь мууд­чихсан юм шиг бай­гаа юм. Намын нэ­рээр сайн эмчлүүлээд авъя
байз гээд төлөө­лөг­чид түрхрэн хөдөлж мэ­дэх л байх даа. Мөн ч дэмий юм хийж байх
шиг л байна энэ Сү.Батболд. Ардын на­мын модон там­гыг ахин сийлэх хувь түүнд бий
юу, үгүй юу гэдгийг намын төлөөлөг­чид л мэднэ дээ.

Categories
редакцийн-нийтлэл

“Түүгээр явсан гайг…” буюу Алтанхуягийн уучлал гуйн нялуурах нь цагаа олсонгүй

Ардчилсан намын дар­­га, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг Улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны 20 жилийн ойн хуралд оролцож байхдаа  ард түмнээсээ уучлал гуй­лаа гэсэн мэдээлэл тарж олон түмний анхаарлын төвд оров. АН ард түм­нээсээ хоёр дахиа уучлал гуйлаа  ч гэх шиг. 37 оны хэлмэг­дүүлэлтэд юун ч олон удаа уучлал хүсдэг юм дээ. Ямар төр засаг барьж байгаа биш. Тэгээд ч АН ард түмнээ хэлмэг­дүүлсэн биш хэмээн ду­рамжхан бодож байсныг яана.

Гэтэл уг уучлал гуйсан мэдээллийг уншиж байх­наа 2008 оны дол­ду­гаар сарын 1-ний хэрэг явдалд уучлал гуйсан болоод явчихав. Бүүр засаг ба­рилцаж байгаа улс төрийн хүчний хувьд дахин дахин уучлал хүс­лээ гэнэ. Яа­хаа­раа АН долдугаар са­рын 1-ний үйл явдалд ууч­лалт гуй­даг билээ. Уг үйл яв­далд АН  ямар буруу зүйл хий­сэн болоод ууч­лал хүсээд далжга­наад  явчихваа гэсэн бодол хүн бүрт төрөх нь мэдээж. Тэгвэл ямар ч буруу зүйл тэр үед хийгээгүй гэдгийг Мон­голын ард түмэн бай­ту­гай дэлхий даяараа мэднэ.

АН хүн
буудах шийд­вэр гаргаж жирийн таван иргэнээ буудаж амь насыг нь хохироогоогүй. АН гэм зэмгүй энгийн  иргэдээ үзэл
бодлоо илэрхийлс­нийх нь төлөө хоморго­лон яллаж шоронд явуу­лаагүй.

Ийм учир хэн нэгнээс АН уучлал гуйх шаард­лага үгүй юм. Тэгээд ч 1996 онд АН намынхаа өмнөөс уучлал гуйгаагүй. Монголын төр засгийн нэрийн өмнөөс уучлал хүсэж байсныг түмэн ард мэдэх билээ.

Яагаад сүүлийн үед АН МАХН-д ирэх цохилт бүрийн өмнүүр хөндөл­сөн нийгмээс ирэх до­ромжлол шүүмжлэл бү­рийг ингэж өөртөө авдаг болоод байна вэ. Бууд­сан хүний өмнөөс буу­дуулсан нь уучлал гуйж байгааг ингэж ойлгохоос өөрөөр яаж ойлгох юм. Одоо хүн бүрт өгнө гэж МАХН-ын амласан сая таван зуун мянган төг­рө­гийг бас л АН-аас болоод өгөөгүй гэж хэлнэ. Тэгэх ч гэж Сангийн сайдаа АН-аас тавьсан. Байсхийгээд л С.Баяр­цогт гүйж гарч ирээд улс орны санхүү тааруу байгаа тухай улиг­лаад байгаа чинь цаагуу­раа ийм учиртай. Сон­гууль болоод ирэхлээр “Одоо бид ялж дангаараа засаг барьмагцаа нөгөө мөнгөө яг өгнө. Сая С.Баяр­цогтод мөнгөө мэдүүл­чих­сэн  чинь мөнгө дуу­счихсан гэж худлаа ярь­саар бай­гаад өгүүлээгүй. Байсан байна лээ. Бид ялж га­раад өөрийн хү­нээр сан­гийн сайд хийл­гэж  амла­сан мөнгөө бөө­нөөр бэл­нээр нь өгнө” гэж хэлээд л гараад ирнэ. Ингэж цохилт бүрийг нь хааж бүх л лайг нь үүрэн үүрэн хамтарсан засагт байх хэрэг юу байна вэ.

 Бүүр хөөгөөд байхад нь гарахгүй шүү. Чуулган дээр УИХ-ын МАХН-ын бүлгийн гишүүн С.Бямба­цогт “Та нар тэгээд сон­гууль дөхөхлөөр МАХН муухай гээд л зас­гаас гараад явчихна шүү дээ” хэмээн хэлж билээ. Үүнийг сонссон АН-ын гишүүд дургүйцэн тан­химд шуугиан үүсэхэд  АН-ын дарга Н.Алтанхуяг сандарсан байртай “Бид огт тэгж бодоогүй байна. Сонгууль хүртэл хамтар­сан Засгийн газарт байна гэж шийдсэн” хэмээн хэл­сэн. Тэгэхэд нь нөгөө ги­шүүн нь “Хөөсөн ч гарах­гүй юм байна л даа” хэ­мээн даапаалж байсан билээ. Тэгэхэд “Ингэж доромжилж байж хам­тар­сан засаг барьдаг юм уу” гэж хэлээд хурлаа хаяад гарчих  ганц ч гишүүн гараагүй юм. Бүүр гөлөг царайлан дуугаа хураацгааж байсан. Тэд­ний өмнөөс ардчиллыг амь насаараа дэмжиж явдаг олон түмэн гишүүд нь хүний нүүр харж ча­дахгүй болтлоо ичиж билээ. Бас нэг жишээ татъя. УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан дээр  АН-ын дарга Н.Алтанхуяг өөрийнхөө ажлыг тайлаг­наж байгаад “Олон до­лоон юм донгосмооргүй байна” гээд хэлчихсэн юм. Үүний түрүүхэн нь Шадар сайдын ажлыг шүүм­жилж байсан Д.Тэр­бишдагва гишүүн өөрий­гөө донгослоо гэж байна хэмээн ойлгож жиг­тэйхэн их уурлаж билээ. Тэгээд  “Хэн донгосдог гэж. Би юу” хэмээн орилоход АН-ын дарга өөдөөс нь дуугаа на­мсган байж “Би өөрий­­гөө дэмий юм дон­госож та бүхнийхээ уурыг хүр­гэчих вий гэж байна аа” хэмээн хэлж байж билээ.

Ингэн ингэн өөрс­дий­гөө доромжлуулан, мөн өрсөлдөгч намынхаа өм­нөөс зуйрганах хэрэг АН-д байгаа юм уу. Ер нь Н.Алтанхуягийг хэн дол­дугаар сарын нэгний өм­нөөс уучлал гуйн нялуур гэсэн юм бэ. Уучлал гуйх нь буруутай хүний үйлдэл билээ. Тэгвэл долдугаар сарын нэгний үйл явдалд АН буруутай болж байна уу. Тийм биш ээ гэдгийг ард түмэн мэдэж байгаа. АН энэ хэрэгт ямар ч буруу байхгүй. Харин энэ ууч­лал гуйсан үйл явдлыг намын даргын бодлого­гүй ч юм уу аль эсвэл зориуд бодлоготойгоор ард түм­ний өмнө АН-ыг буруутай мэт харагдуулах гэж хийсэн алхам  гэж үзэж байна.

Мөн л МАХН дээр ирэх ард түмний цохилтыг багасгаж, өөрсдийнхөө нэг муу албан тушаалыг хадгалж үлдэхийн тулд АН-ыг л золиосолж бай­гаа хэрэг юм.  Ингэж “хөнд­лөнгөөс хөлөө” гэг­чээр бусдын өмнөөс зуйр­­ганадаг долдой хүнийг Монголын ард түмэн үз­дэггүй юм.

Тэр тухай өчнөөн төч­нөөн зүйр цэцэн үг гаргаж үр хойчдоо ийм амьтныг  жигшүүлэхийг зорьж ир­сэн байдаг. Үүнээс ганц нэгийг нь  дурдвал “Хар хүний өмнөөс шар хүн гэгчээр энэ муу одоо юу юм” гэж хэлдэг. “Түүгээр явсан гайг үүгээр гэгчээр энэ одоо яаж тэнэгтэж байгаа юм” гэлцдэг. Дээр нь “зул­гуйч хүн зулгаа барна, зуудаг нохой шүдээ  барна гэдэг энэ дээ” хэмээн шоолдог.

 МАХН-д хүргэн орж хүчээ өгөөд зогсохгүй хаа хамаагүй юман дээр на­мынхаа нэрийг барьж хадмынхаа өмнөөс  ууч­лал гуйн саймширч бай­гаа ийм амьтдад зориул­сан доромж үг байдгийг Н.Ал­танхуяг дарга та мэ­дэх үү. Ийм хүнийг харсан Монголын ард түмэн  “Хазгар хүргэн хадамсаг” гэдэг юм шүү дээ.

Categories
редакцийн-нийтлэл

Хүүхнүүд улс төрд хүч түрэхээр бэлдэж байна

Саяхан
ардчилсан эмэгтэйчүүд даргаа сонгох гэж бөөн юм болов. Эмэгтэйчүүд гэхээсээ илүүтэй
эр­чүүд хор найруулж энэ сонголтод хичээнгүйлэн оролцсон гээч. Гэх­дээ тэр хурлын
үр дүнгийн талаар ярих гээгүй ээ. Үйл явц нь юу өгүүлэв гэдэг нь сонин байгаа юм.
Өмнө нь энэ албанд очих хүн олддоггүй байсан гэх юм билээ. Одоо харин эсрэгээр эмэгтэйчүү­дийн
улс төр нийгмийн оролцоо шаггүй болсныг, үүнийг нь эрчүүд гярхай мэдэрсэн нь харагдаж
байна л даа. Өмнөх сонгуулиар хүүхнүүд гучин хувийнхаа квотыг  эрчүүдэд зүгээр л дээрэмдүүлж парламентаас парламентын
хоо­ронд улс төр дэх хүүхнүүдийн тоо цөөрч чуулганы танхимд шингэн дуу сонсогдох
нь бүр багассан. Монголын парламентын түүхэнд өнгөрсөн сонгуулийнх шиг цөөхөн бүсгүй
сонгогдсон түүх байхгүй. Хуулиндаа гучин хувийн квотыг оруулах гэж 2007 оны арванхоёр­ду­гаар
сард ярьж байх үед хоёр намын эрчүүд хошуу холбон бөөрөөрөө нийлж суух нь ихэсч,
ширээ ширээ хэсч, хүүхнүүдийг “жийсэн”. Өөрөөр хэлбэл улстөрч эрчүүд бүсгүйчүүддээ
нуруугаа харуулж нүүрээ буруулсан  билээ.
Дараа нь сонгуулиар  өрсөлдөхөөр гарч ирсэн
цөөхөн хүүхнүүдээ элдвээр нь хэлж хар пиар явуул­саар өөрсдөө ялж санаа нь амарч
авсан даа. 

Харин
ирэх сонгуулийн өнгө арай өөр болох шинжтэй болчих­лоо. Хүүхнүүд улс төрд хүчтэй
оролцохоор ханцуй шамласан нь  саяхан болж
өнгөрсөн ардчилсан эмэгтэйчүүдийн хурлаас харагдав.  Ардчилсан намын фракцууд ч ёстой л нэг идэвхжих
шиг болсон. Эрчүүд бүр илүү идэвх гарган 
эрээ цээргүй хүүхнүүдийг  тал тал тийш
нь чангаалаа.  Хаа очиж тэр ятгал­гад хүүхнүүд
унаагүй,  аль нэг фракцаас зүтгүүлээгүй Ц.Оюунгэ­рэл
мөрийн хөтөлбөрийнхөө давуу­гаар  заалыг эргүүлж
чадсан юм. Тиймээс энэ удаа хүүхнүүд эрчүүдийн ятгалгаар биш өөрс­дийн сонголтоор
удирдлагаа сонголоо. 

Эрчүүдээс
ялгаатай нь бүсгүй­чүүд бид хор найруулахдаа муу ч хов ярихдаа гаргууд. Байгалийн
өгөгдөхүүн гэмээр хов ярих чанар нь бүсгүйчүүд биднийг сул дорой болгодог. Бас эрчүүд
шиг хор найруулахаар үдэш оройн цагаар хаа нэг газар биллиард цохин,  ширээний ард “зуун грамм”  татаад суух нь үгүй.  Бүсгүй хүн ар гэрийн­хээ ажлыг амжуулж суух зуур
эр­чүүд бүх тохироогоо хийчихсэн хүүхнүүд тоглоомын гадна үлдсэн байдаг.  

Энэ
удаа хүүхнүүд эрчүүдийн тоглоомын дүрмээр биш өөрсдийн дүрмээр тоглох нь бололтой.
Тийм­дээ ч саяхан ардчилсан эмэгтэй­чүүд ардчилалтай сонгууль явуулж чадсан бол
удахгүй МАХН-ын ардчилсан социалист эмэгтэйчүү­дийн холбоо хуралдахаар төлөв­лө­жээ.
Тэд мөн л удирдлагаа шинээр сонгох тухай 
ярих  гэнэ лээ. Одоогийн дарга Д.Алтай
Хүний эрхийн комиссын даргад нэр нь явж байгаа нь ч үүнтэй холбоотой байх. Харин
Ардчилсан социа­лист эмэгтэйчүүдийн холбооны дараагийн даргаар Эрүүл мэндийн дэд
сайд Ж.Цолмон хүчтэй яригдаж байгаа сураг сонсогдоно лээ.

Энэ
бүхэн хүүхнүүд ирэх сон­гуу­лиас өмнө бэлтгэл ажилдаа хүчтэй орж байгаагийн илрэл
болов уу.  Байгууллагаа батжуулж аваад  улс төрд 
алхам хийхээр зэхэж буй нь илт. Зарим нам квотын асуудлыг намын дүрэмдээ
тусгана гэж бай­гаа ч одоогоор шийдэгдсэн юм алга. Тэгээд ч өмнөх гашуун турш­лага
байгаа болохоор хүүхнүүд эрчүүдийн амыг харж суухгүй биз.

Одоо хүүхнүүд аль нэг нам гэлтгүй хөдлөх  цаг иржээ. 
Эрчүүдэд найдвал молигодоод өнгөрөх магадлал өндөр. Тиймээс хүүхнүүд минь
эр хүнд итгэхээр өөрсдөдөө л найдсан нь өлзийтэй юм шиг байна.

Categories
редакцийн-нийтлэл

Ардчилсан намд шинэ фракц мэндэлж, хамтарсан Засгийн газар ганхана

Хамтарч
засаг барьж буй МАХН нь Бага хур­лаа хийж нэрээ солих тухай ярьж байх зуур Ард­чилсан
намд нэгэн фракц төрөхөөр дуншиж эхэл­лээ. МАХН-ын хувьд  дүр­мээрээ зөвшөөрөгдсөн ганц жигүүртэй. Түүнийгээ
гарч ирсэн цагаас нь дагавар хүүхэд мэт ад шоо үзэж ирсэн. Харин Ардчилсан нам албан
ёсоор өөрс­дийгөө фракц хэмээн зар­лах нөхдийгөө хэрхэн хүлээж авах бол. Ард­чилсан
намын ҮЗХ-ны хурал намын дүрмийн дагуу удахгүй болно.  Үүнээс өмнө МоАХ өөрс­дийгөө албан ёсны фракц
болж буйгаа зар­лах аж.

Хэдийгээр
энэ нам  олон фракц бүлэглэлтэй  гэгддэг ч албан ёсоор зарласан анхны фракц нь
энэ болох юм.  Бидний сайн мэдэх  Ардчилсан хүчний холбоо, Алтан гадас хэмээх томоохон
фракц гэгддэг бүлэглэ­лүүд нь төрийн бус бай­гууллага гэдгээр өөрсдий­гөө зарлаж
гарч ирсэн байдаг. Алтан гадасын хувьд Монголын хөгж­лийн төлөө гэсэн уриатай гарч
ирж байсан. Ардчил­сан хүчний холбоо нь дан ганц Ардчилсан намынх гэхэд хэцүү бөгөөд
хол­боондоо аль ч намын гишүүнчлэлтэй хүн байж болно гэдгийг зарлаж нэгэнт олонд
ил болсон билээ. Гэвч Ардчилсан хүчний холбооны 70-80 хувь нь МоАХ-ны гишүү­дээс
бүрддэг. 

Албан
ёсоор зарлах МоАХ фракцид  С.Эрдэ­нэ, З.Энхболд
нар баг­таагүй юм байна. Мөн МоАХ-ны зарим хэсэг бо­лох Кроун мэтийн бүлэг­лэ­­лүүд
үүнээс үүдэлтэй  байхгүй болж магадгүй.

МоАХ-ныхны энэ алх­мыг
“Алтан гадас”-ыг шахаанд оруулах нэг томоохон алхам гэж ойл­гож болох талтай. Түүнч­лэн  АН  даргаа
солих нь, хамтарсан засгаас гарах нь гэсэн дуулиан нэг үе гал дээр тос нэмсэн мэт
газар аван дүрэлзэж байснаа  намжсан. Харин
одоо болох үйл явц  энэ бүхнийг оргүй биш
гэдгийг нотолж байна.

Categories
редакцийн-нийтлэл

АМАРЧ БАЙГАА БУУРЫН АЙЛДВАР

Улс төрийн хүрээнийхэн Ерөн­хийлөгч асан Н.Энхбаярыг улс төрөөс эгнэгт зайлсан хэмээн ярилцаж байв. Түүнийг намдаа нэр хүнд байхгүй болсон. Үүний ба­талгаа нь дүүргээс намын бага хуралд ч нэр дэвшиж чадаагүй, намын бага хурлын гишүүн болох гэж чадлаараа чардайгаад бараа­гүй гэлцэж байв.  Ингэж дүгнэгч улс төр ажиглагчид дүгнэлтдээ үнэм­шин одоогийн “ХУ” нам болон АН-уудын толгойд байгаа “тонгогор” Бэгбаатаруудыг “үхсэн буурын толгойноос амьд ат айна” гэгчийн үлгэр болох нь уу. Юунаас нь айсан юм бэ. Н.Энхбаярыг шалгуулаач хэмээн шавдуулдаг байлаа. Түү­нийг шалгахад саад болоод байгаа АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, са­дангийнх нь банди Д.Сундуйсүрэн нарыг АТГ-аас авч хая гэлцэн шуугилдаж байв. Үүнд шүүгч нарыг дайчил. Түүний томил­сон шүүгч нар одоо Энхбаярынхаа эсрэг ажиллана. Яагаад гэвэл хүн юм чинь араа бодох байлгүй гэлцэн онолдож байсныг яана. Гэвч энэ бүхэн бүгд худал, улс төрийн сэрүүн зүүд байсан аж.

 Улс төрийн хувьд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “үхсэн буур” биш байжээ. Юун үхэх, бүүр амьдаар барахгүй “амарч байгаа буур” байсныг баталсан үйл явдал бол­лоо. Саяхан өөрийн нь хувийн мэдээллийн хэрэгсэл  болох “Зууны мэдээ” сонин дээр намын шинэч­лэлийн тухай МАХН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь намын бүлгээс гаргасан тунхгийн талаар айлд­вараа хайрлаж улс төрийн хувьд үхсэн биш амьд буур гэдгээ зарлан тунхаглав. Нөгөө алдарт Бин Ладен Тора Борагийнхан хадан хавцлаас үе үе “Аль Жазейра” телевизээрээ мэдэгдэл хийн танга­раг нэгт лалын  шашинтнуудынхаа зүрхийг үхүүлдэг шиг дээрх мэ­дэгдэл “Ху” намын хулчгар хулгайчуудын өмдийг нойтогнуулж байна.

Уг мэдэгдэл бүхэлдээ  нэг на­мынх­ныгаа занаж  зүхсэн, ач тусыг мартаж  увайгүйгээр урваж шарвас­ныг нь сануулсан, өс санаж  дором­жилсон мөн басамжилж сүр­дүүлсэн өнгө аясаар дүүрэн байна.  Ерөнхийдөө намын дарга, Ерөн­хийлөгч асны мэдэгдэл намын үзэл баримтлалаа солиход айхтар эгдүү­цжээ. Тэрбээр намдаа бай­гуулсан өөрийн гавьяагаа дурдах­даа 1996 онд ялагдаж хэн ч тоохоо больчихоод байсан энэ намыг би босгож Ардчилсан социалист үзэл­тэй болгосноор ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн. Энэ үзэл ба­римт­лал намд ердөө ч гай болоогүй. Харин намыг толгойлж яваа та бүхний худал амлалт, бузар булай үйл ажиллагаа намын нэр хүндэд нөлөөлж байна гэсэн. Мөн цааш нь айлдахдаа “Ардчил­сан социалист үзэл нь залуучуудад таалагддаг үзэл” хэмээжээ. Залуу хүмүүс сур­галтын тэтгэлэг, орон сууц, ажлын байр зэргээр дутмаг байдгаас нийгмийн халамжийг түлхүү мө­рөөддөгийг энүүгээрээ хэлсэн бололтой.

Үндэсний ардчилсан үзэл баримт­лал авах талаар тэрбээр  “Ард иргэд ахуй амьдралаа өөрөө шийдэх болох нь. Энэ зорилт залхуу хүн ядуу байдаг гэсэн барууны үзэл баримтлал баримт­лагчдын хэлдэг үгтэй уялдан хол­богдож байна. Ард түмэн ахуй амьдралаа өөрөө дээшлүүлэх зорилго дэвшүүлж байгаа бол МАХН ард түмний өмнө хүлээх үүрэггүй болжээ” хэмээн халаг­лажээ. Энэ юу гэсэн үг вэ. Ард түмнийг үргэлж ядуу байлгах гэсэн энэ  намын үнэн нүүр царай хараг­даж байна. Мөн ядуу иргэдийг өөд нь татаж сонгуульд жижигхэн юмаар хууран амархан ялж байх тухай санаашрал юм. Дээр нь  ард түмэн өөрсдөө хөл дээрээ босвол тэдэнд нам гэдэг илүү ачаа  ямар ч хэрэг байхгүй гэдгийг ухаарах болно гэсэн айдас юм. Ард түмэнд хэрэг байхгүй болтлоо намаа ши­нэчлэх хэрэг байна уу хэмээн Ерөн­хийлөгч асан асуужээ. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энх­баярт МАХН чухал болохоос  Мон­голын ард түмэн чухал биш ажээ. Мөн ямар нэг шалгарсан манлай нам болон удирдагч улс орныг авч явдаг. Түүнээс ард түмэн өөрсдөө юу ч хийж чадахгүй гэсэн хуучин коммунист үхширсэн үзэл эндээс “ханх тавьж” байна. Мөн намаасаа гаргасан тунхаг бичгийг “Энэ тунхаг бол даажигнал, олон түмний ан­хаар­лыг төөрөгдүүлэх бодлого биш байгаасай” хэмээн найдаж байна гэжээ. Гэвч тэрбээр найдаж чадалгүй цааш нь үнэмшээд үр­гэлж­лүүлээд л явчихжээ. Тунхаг гаргасан хүмүүсийг ихэнх нь миний гараас нь хөтөлж улс төрд оруул­сан шавь нар минь байгаа тул будилснаа залруулах буй за гэж найдаж үүнийг айлдав. Мэдэхгүй чадахгүйгээсээ болж ийм бол­чимгүй юм ярьж байх шиг байна. Би эргээд улс төрд орж та нөх­дийгөө зөв зүйтэй замаар залж залруулахад бэлэн байна гэж аян­га буулгажээ. Хэрвээ хэлээд байхад санаатайгаар буруу замаар будаа тээх гэж мугуйдлан  зүтгээд байвал хохь чинь болно шүү гэдгийг мэ­дэгдэж надтай санал нийлэх хү­мүүс олон байгаа гэж сүрдүүлсэн байна. Ийнхүү амарч байгаа буур айлдвараа хайрлажээ. Байхгүй хойгуур нь зүүний үзэлтэй намыг нь хулгайлж аваад барууны үзэл­тэй нам болгох гэж санаархсан Сү.Батболд, С.Баяр гэсэн барууны оппортунистуудад байх газар байх­гүй болж балрах өнгөндөө орлоо.

Ж.САНДАГДОРЖ

Categories
редакцийн-нийтлэл

Хүний буурин дээр хоцорч үлдэх вий, энэ АН

-ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАРТ БАГТСАН МАХН-ЫНХАН НЭРЭЭ СОЛИОД АРИЛААД ӨГВӨЛ АН ГАНЦААРАА ҮЛДЭНЭ-

Монгол Улсын түү­хэнд хүссэн хүсээгүй гар­гасан амжилт, гарзадсан амь, их бүтээн байгуу­лалт бас будлиулж хэл­мэгдүүлж явсан түүхээрээ МАХН шиг жин дарж, зин­даа тогтоох улс төрийн нам үгүй. Гэтэл одоо энэ намынхан бараг нэгэн зууны түүхээсээ татгал­заж нэрээ солих гээд эхэл­лээ. Их хэлмэгдүү­лэлтийн үед үр хүүхэд нь хүртэл эх эцгээсээ тат­галзаж, овог нэрээ өөр­чилж байсан шиг тэртээ хориод онд өвгөдийнхөө байгуулсан МАХН-аас өнөө цагийн залгамж­лагчид нь татгалзаж эхэлж байна. Улс төрийн намуудын хувьд нэрээ сольж, нэгдэж хувьсч бо­лох ч тодорхой шалтгаан цаг үеийн өөрчлөлт байн­га нөлөөлж байдаг. Со­циалист тогтолцоо зад­ран унаж, монголчууд замнах замаа өөрөөр тогтоож байх түүхэн цаг үед МАХН нэрээ өөр­чилж, хувьсгалт гэсэн үгнээсээ татгалзаж бай­сан бол ойлгож болох байлаа. Харин одоо нү­дэнд ил харагдах тухайл­сан нөхцөлгүй атлаа МАХН нэрээ өөрчлөхөөр илт яарч байна. Хамтар­сан Засгийн газрын ав­тор нь болсон тэд  МАХН нэрээсээ хуйлран зугтаж байхад АН-ынхан л ган­цаараа юуг ч мэдрэхгүй, юуг ч ойлгохгүй эзэнгүй арал дээр суугаа мэт авирлах нь сонин. Улс төрийн намуудын үйл ажиллагааны хамгийн том шалгалт бол сон­гууль байдаг. Ард түм­нийг нүдгүй чихгүй мэт бодож, эрх мэдлээ хэт­рүү­лэн  нэгэнт саналаа өгсөн бол бандан тас гэж аашилж байх үед хэн ч юу ч хэлэхгүй байх ч сон­гуулийн маргааш өдөр л газар хатуу байдгийг дэн­дүү сайн ойлгуулчихдаг билээ. Одоо тэрхүү шал­галтын өдөр дөхөж бай­гааг арай олон оймс элээж, унаж, босч үзсэн ах намынхан анзаараад нүхээ малтаж байна. Ха­рин хүний барьсан гэрт орж суучихаад учраа мэдэхгүй байгаа хүргэн мэт АН-ынхан алмайтсан хэвээрээ л. Аягүй бол хоосон буурин дээр үл­дэж цэвэрлэгээ хийсээр хоцрох дог оо. Ард түмэн дөрвөн жилийн өмнө өг­сөн саналынхаа үр дүнг харж, дүнгээ тавихад бэлд­сээр сууна. Хэрэв сонгуулийн үйл явцад булхай ороогүй л юм бол хүмүүс МАХН-д дийлэнх саналаа өгсөн байгаа. Тиймээс МАХН-ын ам­лаж байсан амлалт, хэлж байсан зүйлс хэрхэн бие­лэгдсэнийг шалгаж таа­рах байх. Бас хариуцлага тооцох ч байх. Нөгөө талаас стандарт бусаар байгуулагдсан ч гэсэн цаасан дээр албан болго­сон Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбө­рийн биелэлтийг харна гэх хүмүүс ч байх биз. Гэвч нөгөөх амлаад бай­сан, Хамтарсан Засгийн газрын голлох хүч болсон МАХН нь нэрээ солиод алга болчихвол нэр нь хэвээрээ үлдсэн АН дээр ял нь бууж таарна. Харин үүнийг АН-ынхан мэдэрч ча­дахгүй байгаа юм уу, эсвэл мэдсэн ч мэдээгүй дүр үзүүлээд байгаа юм уу 20 жилийн ойгоо тэм­дэглэхэд л анхаараад гүйгээд байх юм.

Ямар ч улс төрийн намын гол зорилго нь төрийн эрх мэдлийг авах явдал байдаг. Төрийн эрх мэдлээ дангаараа авч чадвал бүх тоглоом тэд­ний дүрмээр явна. Эрх мэдэл нь ч тэдэнд, бас хариуцлагаа ч тэд үүрнэ. Бас мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж нь нээгдэнэ. Гэвч АН 2008 оны мажоритар тогтол­цооны сонгуулиар дээрх боломжийг авч чадаагүй. Тэгсэн атлаа сонгуулийн булхай, долдугаар сарын 1-нд ардчилсан гэгдэх Монгол оронд шүүхийн ямар ч шийдвэргүйгээр буудуулан нас барсан хүмүүсийн хэргийг бос­голгүй дарах хуйвал­даа­ны төлөөсөнд Хамтар­сан Засгийн газарт багт­сан түүхтэй. Алдаа гар­гасан ч алдаагаа засч чаддаг байх нь хамгийн чухал чанар гэгддэг. Тэг­вэл АН-ынханд гаргасан алдаагаа засах боломж байна. Засгийн газрыг хянах хэмжээнд тэнцүү нөхцөлөөр Засгийн газ­раа байгуулж чадаагүй­гээс хойш хариуцлагаа хамтдаа хүлээнэ гээд байх нь ч утгагүй. Тэгээд ч хамтарсан Засгийн газ­рыг байгуулсан МАХН, АН хоёрын МАХН гэдэг нам нь нэрээ солиод алга болчихвол АН л хамаг ял дээр нь үлдэнэ.

АН-ынхаан,  үүнээс нь өрсч та бүхэн Засгийн газраасаа гарвал яасан юм бэ. Сонгогчдынхоо хүссэнчлэн сөрөг хүчнээр ажиллах ёстой гэсэн даалгавраа гүйцэтгэж эхэлбэл ямар вэ. Хэзээ ч үгүй байснаас хоцорсон нь дээр гэсэн утгатай зүйр үг англи хэлэнд бий. Түүн шиг хоцорсон ч гэсэн сөрөг хүчний ажлаа хийж эхлээч ээ. Түүнээс сон­гогчдын даалгавар, на­мынхаа жирийн гишүү­дийн итгэл үнэмшил, да­раа дараагийн сонгуу­лийн үр дүнг золиослоод жонон царайлаад яваад баймааргүй байна. Ба­руун түмэн, Зүүн түмэн гэж нэрлэгддэг ч зүүн гараас л хаан ши­рээнд эзэн суу­даг, баруунаас зүүн рүү л абшиг татвар урсдаг бай­сан билээ. Хамтар­сан Засгийн газар нэртэй ч өнгөрсөн жилүү­дэд МАХН зүүн гарынхан байж, та бүхэн ганц жононтой дагаж хошгирч ирлээ. Тиймээс АН-ын­хан Хамтарсан Засгийн газар гээд эн тэнцүү эрх, эн тэнцүү хариуцлага гэсээр хоосон буурин дээрээ хоцорч үлдэхээ­сээ өмнө сэрэх хэрэгтэй.

Монголчууд хэзээнээс хээрийн боохой дагаад явчихсан гэрийн нохойд дургүй байдаг. Хээрийн амьтнаасаа түрүүлж, гэ­рийн нохойг хороох ёстой ч гэлцдэг. Тиймээс АН-ынхан хамтарсан Зас­гийн газар гэж хөлөө хугалах гээд гүйсээр байх юм бол ирэх 2012 оны сонгуулиар хамгийн тү­рүүнд булшлагдах аюул­тай юм. Энэ тоглоомд оролцсоноороо АН-ын гишүүд Засгийн газарт багтсан ба багтаагүй  гэд­гээрээ хагаралдаж эхэл­лээ. Ирэх сонгуульд улс төрийн намынхаа хувьд амжилт гаргах итгэл үнэм­шил намын гишүүдийн хувьд ч ардчиллыг дэмж­дэг олон мянган хүмүү­сийн хувьд ч алга бол­чихлоо. Хүний буурин дээр хоцорч үлдэхээсээ өмнө сэрээч ээ, АН-ын­хаан…

Э.ЭНЭРЭЛ