Categories
мэдээ нийгэм

Нисдэг тэргээр өндрөөс болон уснаас аврах ажиллагааг үзүүлэв DNN.mn

Онцгой байдлын ерөнхий газраас Дорнод аймагт есдүгээр сарын 26-29-ний өдрүүдэд зохион байгуулсан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль ард иргэдийг хамруулан аюулгүй цэгт нүүн шилжих болон нүүлгэн шилжүүлэх дадлага сургууль явуулснаар өндөрлөлөө.

Түүнчлэн иж бүрэн сургуулийн хүрээнд бүх шатны гамшгаас хамгаалах төлөвлөлтийг бодит байдалд нийцүүлэн тодотгох, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, салбар дундын удирдлага зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор хээрийн гал түймэр унтраах дадлага, үер усны ослоос эрэн хайх, аврах, газар хөдлөлтийн гамшгаас эрэн хайх, аврах ажиллагааны мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх сургуулиудыг зохион байгуулсан юм.

Мөн өгөгдсөн цагийн байдлын дагуу аймгийн бүх шатны Засаг дарга, Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн ажиллаж, гамшгаас хамгаалах төлөвлөгөөгөө тодотголоо.

Энэ удаагийн иж бүрэн сургуульд Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Агаараас эрэн хайх, аврах 111-р ангийн шүхэрчид шүхрийн буулт хийж, нисдэг тэргээр өндрөөс аврах ажиллагаа, уснаас аврах ажиллагааны үзүүлэх сургуулийг хийснээрээ онцлог байв.

Categories
мэдээ нийгэм

Хүнсний хувьсгалын хүрээнд 1700 ААН 440 тэрбум төгрөгийн зээл аваад байна DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан  “Хүнсний хангамж-аюулгүй байдал” Үндэсний хөдөлгөөнийн хүрээнд 1700 гаруй аж ахуйн нэгж 440 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтын болон эргэлтийн хөрөнгийн зээлд хамрагдаад байна.

Үүний дотор газар тариалангийн 1200 гаруй ААН нийт 150 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авчээ. Хүнсний хувьсгалын хүрээнд дотоодын үйлдвэрлэгчид үндэсний хүнсээ өөрсдөө үйлдвэрлэж байх том зорилт тавьсны хамгийн гол бүтээгчдэд тариланчид орж байна. Манай улс энэ онд:

  • 369.3 мянга га-д үр тариа,
  • үүнээс 345.4 мянган га-д улаанбуудай,
  • 18.4 мянган га-д төмс,
  • 13.9 мянган га-д хүнсний ногоо,
  • 89.3 мянган га-д малын тэжээл,
  • 131.7 мянган га талбайд тосны ургамал,
  • 7 мянган га-д жимс, жимсгэнэ,
  • нийт 629.6 мянган га-д тариалалт хийсэн юм.

Урдчилсан дүнгээр улаанбуудай, төмсний хэрэгцээг дотоодоос 100 хувь, хүнсний ногооны 80 гаруй хувийг дотоодын ургацаар хангах боломж бүрджээ. Ургацын урдчилсан балансаар 510 мянган тонн үр тариа, 165 мянган тонн төмс, мөн хэмжээний хүнсний ногоо хураах тооцоо гарчээ. Энэ жилийн урдчилсан дүнг өнгөрсөн оны ургацтай харьцуулахад 18 орчим хувиар өссөн дүнтэй, нэг га талбайгаас авах ургацын хэмжээ өндөр гарахаар байгааг ХХААХҮЯ-наас мэдээлж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Улаанбаатар хотын бондын анхдагч арилжаа ирэх даваа гаригт эхэлнэ DNN.mn

Дэлхийн томоохон хотууд дэд бүтцийн төсөл хэрэгжүүлж, тулгамдсан асуудлаа шийдэх, хөгжлөө хурдасгахын тулд шаардлагатай санхүүжилтийг нь богино хугацаанд босгох санхүүгийн үр ашигтай хэрэгсэл эрэлхийлсээр иржээ.

Энэхүү асуудлыг хамгийн анх дэлхийн банк санхүүгийн төв гэгддэг Нью-Йорк хот шийдэж, 1812 онд бонд гаргаснаар орон нутгийн бондын (municipal bond) түүх эхэлсэн гэж үздэг.

АНУ-ын төв хэсэгт орших их нууруудыг Нью-Йорк хотоор урсаж, Атлантын далайд цутгадаг Хадсон голтой холбож, ачаа тээврийг хурдасгаж, зардлыг нь бууруулах, төвийн мужуудын хөгжлийг дэмжих санал XVIII зууны төгсгөл үеэс анхлан гарах болсон ч янз бүрийн эсэргүүцэл, санхүүгийн хязгаарлалтуудтай тулсаар XIX зууныг хүрчээ.

Энэ үед дэд бүтцийн томоохон төслүүд Нью-Йорк хотын төдийгүй нэгдсэн улсын ирээдүйг өөрчилж чадна гэдэгт итгэдэг ДеВитт Клинтон Нью-Йорк хотын захирагчаар сонгогдсоноор Америкийн түүхэн дэх хамгийн аварга бүтээн байгуулалтуудын нэг гэгддэг 565 км урттай Эри сувгийн ажил эхэлсэн байна. Нью-Йорк хотын захиргаа сувгийн санхүүжилтийн нийт өртөг болох тухайн үеийн 7.9 сая ам.долларын дийлэнх хэсгийг бонд гаргах замаар шийджээ.

Эри суваг ашиглалтад орсноор Нью-Йорк хотын татварын орлого үлэмж нэмэгдсэнээс гадна, төвийн мужуудын хүн ам нэмэгдэж, эдийн засгийн өсөлт нь хурдасжээ. Эри сувгаар дайран өнгөрөх ачаа тээвэр, татварын орлогоор 5-6 хувийн хүүтэй бонд амжилттай эргэн төлөгдсөн байна. Нью-Йорк хотын энэхүү амжилттай туршлагыг хожим дэлхийн олон арван хот хэрэгжүүлсэн.

Жишээлбэл, Калифорни муж өнөөдөр Сан-Франциско хотын таних тэмдэг болсон Алтан хаалга гүүрний бүтээн байгуулалтын зардал болох 35 сая ам.долларыг (одоогийн ханшаар 700 сая ам.доллар) бонд гарган санхүүжүүлж байв. Орон нутгийн бонд нь эдүгээ засгийн газрын бондын дараа орох найдвартай үнэт цаасанд тооцогддог.

Энэхүү жишгийн дагуу Улаанбаатар хот тулгамдсан асуудлуудаа өргөн хүрээнд даацтайгаар шийдэх, нийгмийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготойгоор анх удаагаа бонд гаргаж байна. Улаанбаатар хотын бондын анхдагч арилжаа аравдугаар сарын 2-4-нийг дуустал үргэлжлэх бөгөөд нийт 277.8 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлэх юм. Татан төвлөрүүлэх хөрөнгөөр тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэх төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх аж. Ийм ч учраас нийслэлийн анхны бондыг тогтвортой хөгжлийн бонд хэмээн нэрлэж байна.

Улаанбаатар хотын бондын нэрлэсэн үнэ 100 мянган төгрөг, хугацаа 24 сар, жилийн хүү 17.2 хувь байх бөгөөд хагас жил тутамд хүү төлнө. Үүнээс гадна хүүгийн орлогын татвар нь 10 биш,  5 хувь байх юм.

Улаанбаатар хотын бонд Хөрөнгийн бирж дээр нээлттэй арилжаалагдах тул нийслэлийн иргэд чөлөөтэй оролцож, төрөлх хотдоо хөрөнгө оруулан өгөөж хүртэх боломжтой. Улаанбаатар хотын бондын арилжаанд оролцохыг хүссэн хөрөнгө оруулагчид Хөрөнгийн биржид бүртгэлтэй үнэт цаасны компаниудад данс нээлгэн арилжаанд оролцох боломжтой юм. Бондын анхдагч арилжаа нь захиалга дүүрсэн тохиолдолд хувьцааны анхдагч арилжаа шиг хувь тэнцүүлдэггүй, шууд арилжааг хаадаг. Ийм ч учраас үнэт цаасны компаниудын зүгээс Улаанбаатар хотын бонд эрэлт өндөртэй байгаагаас заавал анхдагч арилжаа эхлэх өдрийг хүлээлгүй урьдчилсан захиалга өгөхийг харилцагч нартаа зөвлөж байна.

Та Улаанбаатар хотын бондын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:

www.ulaanbaatar.mn/UBBond

Тэргүүлэх андеррайтер Би Ди Сек ҮЦК(976) 7555 1919

Дэд андеррайтер Ти Ди Би секьюритис ҮЦК: (976) 7010 0261(976) 11 311944

Дэд андеррайтер Голомт Капитал ҮЦК(976) 7012-1530 тус тус холбогдоорой.

 

Categories
мэдээ нийгэм

Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл шатны сургалтыг зохион байгуулж байна DNN.mn

Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1046 дугаар захирамж, НЗДТГ-ын Цэргийн штабын Сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалтыг есдүгээр сарын 18-наас аравдугаар сарын 2-нд зохион байгуулж байна.

Сургалтыг Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн 323 дугаар салбар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах гал унтраах 10 дугаар анги, Баянзүрх дүүргийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар анги гэсэн гурван хэсэгт бүсчилсэн хэлбэрээр хийж байна.

Тус сургалтыг цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэнд орон нутгийн хамгаалалтад оролцох, гамшгаас хамгаалах болон хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх, улсын болон орон нутгийн бүтээн байгуулалтад оролцох талаар шаардлагатай мэдлэг, дадлага эзэмшүүлж, хууль тогтоомжоор хүлээсэн томилгоот үүргээ биелүүлэх бэлтгэлийг олгох зорилгоор явуулж байгаа юм.

Categories
гадаад мэдээ

Уулын Карабахаас 88 мянга гаруй хүн дүрвэжээ DNN.mn

Одоогийн байдлаар Уулын Карабахаас 88 мянга гаруй хүн Армени руу дүрвэжээ.

Арменийн Ерөнхий сайдын хэвлэлийн нарийн бичгийн дарга Назели Багдасарян өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр энэ тухай мэдэгдлээ.

Орон нутгийн цагаар баасан гаргийн 10:00 цагийн байдлаар Уулын Карабахаас 88 780 хүн Армени улсад дүрвэж ирээд байна” гэж тэрбээр хэлсэн байна.

2023 оны есдүгээр сарын 19-нд байлдааны ажиллагаа эхлэхээс өмнө Карабахын хүн ам ойролцоогоор 120 мянга байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Намрын мод тарих өдрүүд ирэх сарын 4-16-нд болно DNN.mn

Хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцөлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлуудыг эрчимжүүлж, улмаар үндэсний хөдөлгөөн болгон өрнүүлэх зорилгоор үндэсний мод тарих өдрийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ жилийн намрын мод тарих өдрүүд аравдугаар сарын 4-16-нд зохион байгуулна. Мод тарих үндэсний өдрөөр бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас уриалав.

Мод тарих байршлууд:

Намрын мод тарих өдрүүд аравдугаар сарын 4-16-нд болно

Categories
мэдээ нийгэм

Г.Буяндоржийг гэм буруутайд тооцож 40 сая төгрөгөөр торгохоор шийдвэрлэжээ DNN.mn

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн Г.Буяндорж нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 5 өдөр хянан хэлэлцэж, Г.Буяндоржийг 40 сая төгрөгөөр, Д.Батжаргалыг 35 сая төгрөгөөр торгох шийдвэрийг өнөөдөр гаргасан байна.

Шүүхээс шүүгдэгч Ч.У, Э.Х нарыг цагаатгаж, Г.Буяндорж, Д.Батжаргал нарыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ.

 

Эх сурвалж: УПЕГ

Categories
мэдээ нийгэм

ОУХМ Ц.Анударь, Э.Даваахүү нар 9 дүгээр байр эзэллээ DNN.mn

“Ханжоу-2022” Азийн наадмын гар бууны тэмцээн өнөөдөр холимог багийн төрлөөр хөшгөө хаалаа.

Хоёр дахь удаагаа Азийн наадмын хөтөлбөрт багтсан холимог багийн төрөлд Токиогийн олимпод хамтдаа холимог хосын багийг бүрдүүлж байсан ОУХМ Цолмонбаатарын Анударь, Энхтайваны Даваахүү нар 9-р байрт шалгарлаа.

Тус бүр 30 сум буудаж өрсөлдөхөд Ц.Анударь 282 оноо, Э.Даваахү 288 оноо, нийлбэр 570 оноо авсан.

Шигшээ өрсөлдөөнд шилдэг зургаан баг шалгаран үлдсэн ба манай баг 6-р байр эзэлсэн Пакистаны багаас 3 оноо дутуу буудаж, медалийн төлөөх өрсөлдөөнөөс хасагдсан юм.

Ийнхүү энэ удаагийн Азийн наадмыг манай мэргэн буучид 1 хүрэл медаль хүртсэн амжилтаар өндөрлүүлж байна.

Урьдчилсан буудлагад Энэтхэгийн хос Сарабжот Сингх, Дивиа Тадигол нар 577 оноогоор Азийн наадмын урьдчилсан буудлагын дээд амжилтыг шинэчлэн тэргүүлсэн бол тэдний ард дэлхийн 3 удаагийн аварга Жан Боуэн, Токиогийн Олимпын холимог хосын аварга Жиан Раншин нар 1 оноо дутуу дэд байраар “финалдлаа” гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

40 автобусыг Төв талбайд авчирч, иргэдэд танилцуулна DNN.mn

Манай улс БНСУ-ын “Zyle motors” компанийн үйлдвэрлэж буй Дэү брэндийн 2023 оны шинэ загварын 600 автобус худалдан авахаар гэрээ хийснээс эхний 100 автобусыг Улаанбаатарт авчраад байна. Гэвч уг автобус нь шинэ, хуучин гэх мэт мэдээлэл гарч, олны шүүмжлэл дагуулаад буй юм.

Иймд өнөөдөр буюу есдүгээр сарын 30-ны Бямба гарагт төв талбайд daewoo загварын 40, skywell бүрэн цахилгаан 20 автобусыг байршуулж, иргэдэд нээлттэй танилцуулга мэдээлэл өгөх гэж байна. Нийслэлийн нийтийн тээвэрт явах автобусуудыг танилцуулах арга хэмжээ 09:00-17:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зайсангийн шинэ гүүрний зорчих хөдөлгөөнийг нээлээ DNN.mn

Зайсангийн төмөр бетон гүүрийг шинэчлэх, өргөтгөх ажлын эхний хэсэг дуусаж, шинэ гүүр ашиглалтад орлоо. Хуучин гүүрний баруун талд барьсан тус гүүрний зорчих хэсгийн өргөн долоон метрявган замын өргөн хоёр метр, нийт 10 метр бөгөөд 225 метрийн урттай. Өрөмдмөл шон суурьтай, хүчитгэсэн дам нуруутай уг гүүрийг дотоодын “ЗМЗ” компани барьж, зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээсэн юм. Шинэ гүүр ашиглалтад орсноор хоногт 35 мянган машин нэвтрүүлнэ.

Хуучин гүүрний хувьд 1968 онд ашиглалтад орсон бөгөөд нэг ч удаа их засвар хийж байгаагүй. Өдгөө 55 дахь жилдээ ашиглаж байгаа уг гүүрийг 2012 онд авто замын салбарын Шинжлэх ухаан, техникийн зөвлөлийн хурлаар гүүрний элэгдэл, нуман тулгуурын даац муудсан зэргийг үзлэг шалгалтаар тогтоож, “Нурааж шинээр барих” дүгнэлтийг гаргаж байжээ. Сүүлийн 10 гаруй жил энэхүү хуучин гүүрийг нурааж, шинэчлэх өргөтгөх төсөв шийдэгдэхгүй явсаар ирснийг ийн шийдэж, шинэ гүүрийг ашиглалтад орууллаа.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг:

-Зайсангийн гүүрээр хоногт 16 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрдэг. Харин шинэ гүүр ашиглалтад орсноор замын нэвтрүүлэх чадвар 20 хувиар нэмэгдэнэ. Мөн Богд уул болон Чингисийн өргөн чөлөөний хөдөлгөөний эрчмийг 10 хувиар сайжруулах юм. Цаашид “Оргил” худалдааны төвийн урд талын уулзварыг хоёр түвшний болгох зургийн ажлыг эхлүүлээд байна. Түүнчлэн гүүрний өргөтгөл, шинэчлэлийн хүрээнд Богдхан уулын замыг өргөтгөхөөр төлөвлөж буй.

Шинэ гүүрийг үндэсний компаниуд есөн сарын турш байгуулсан. Өмнө нь бид гуравдагч орны тусламжтайгаар гүүрэн байгууламж барьдаг байсан бол анх удаа үндэсний компани богино хугацаанд, харьцангуй хямд өртгөөр гүйцэтгэсэн хэмээлээ.

Гүйцэтгэгч “ЗМЗ” ХХК-ийн захирал Д.Ганбаатар:

-Цаг агаарын нөхцөл байдлаас буюу их хэмжээний усархаг борооноос үүдсэн үерийн улмаас  бүтээн байгуулалтын ажил сар гаруйн хугацаанд зогссон. Уснаас доош 20-30 метр газарт барилга угсралтын ажил хийсэн бөгөөд энэ нь гүүрэн байгууламжийн ажлын 50 гаруй хувийг бүрдүүлнэ. Харин уснаас дээш 24 метрийн урттай, 60-70 тонн бүхий олон дам нуруунуудыг 100 тонны хоёр кранаар угсардаг. Бүтээн байгуулалтад манай компанийн 60-70 хүнтэй баг, инженер техникийн ажилтан 17 жижиг, том техниктэйгээр ээлжгүй ажилласан. Гэрээний хугацаа дуусаагүй, цаашид ногоон байгууламж, тохижилтыг хийхээр ажиллаж байна гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн авто замын түгжрэлийг бууруулах болон авто зам тээврийн асуудал хариуцсан зөвлөх Б.Одсүрэн:

-Одоогийн байдлаар Улаанбаатар хотод долоон гүүр баригдаж байгаа бөгөөд эхнээсээ ийн ашиглалтад орж байна. Энэ гүүр Хотын төвөөс Зайсан руу явдаг гол замын нэг, маш их ачаалалтай байсан.  Зам  дөрвөн эгнээ явж байгаад гүүрэн дээр хоёр эгнээ болдог тул зорчих хөдөлгөөн удааширдаг байлаа. Шинэ гүүр ашиглалтад орсноор зорчих хөдөлгөөн нэмэгдэж, энэ хэрээр түгжрэлийг бууруулахад хувь нэмрээ оруулна хэмээн ярилаа.