Categories
мэдээ шинжлэх-ухаан-технологи

Parker Solar Probe станцын “Ногоон зүрх” DNN.mn

Манай нарны аймгийн ганц од буюу нарыг судлах Parker Solar Probe станц анх удаагаа нарны титэм гэгддэг давхарга руу ороод хэт халалтаас болж холбоо тасарсан билээ. НАСА-гийн Шинжлэх ухааны албаны дарга Никола Фокс ВВС-д өгсөн ярилцлагадаа “Хүмүүс нарыг олон зууны турш судалж ирсэн ч дэргэд нь очихоос нааш түүний орчны мандлын талаар тодорхой ойлголттой болж чадахгүй байсан. Иймээс бид Parker Solar Probe станцыг 2018 онд нар руу илгээсэн. Parker нарны титэм рүү орсон цагт л бид түүний орчин, мандлын талаар үнэн зөв мэдлэгтэй болно” гэж хэлжээ.

НАСА-гийн Parker Solar Probe станц нарны хажуугаар нийт 21 удаа өнгөрч байгаа бөгөөд хажуугаар нь өнгөрөх бүртээ улам бүр наранд ойртож, энэ жилийн Христийн мэндэлсний баярын өдрийн өмнө наранд ойртох дээд амжилт тогтоож байгаа юм. Энэ нь нарны гадаргуугаас 6.2 сая км зай учир бидэнд тийм ч ойрхон зай биш юм шиг санагдаж болох ч НАСА-гийн Никола Фокс үүнийг “Бид нарнаас 149 сая километрийн зайд оршдог. Хэрэв нар, дэлхий хоёрыг нэг метрийн зайд байрлуулбал манай станц нарнаас дөрвөн сантиметр зайд байна гэсэн үг.

Судалгааны станц энэ үед цельсийн 1400 хэмийн халуун температур болон өөрийн электрон төхөөрөмжүүдийг гэмтээж болох цацрагийг тэсвэрлэх ёстой. Энэ нь 11.5 см зузаантай нүүрстөрөгчийн нийлмэл бамбайгаар хамгаалагдсан манай станц бүрэн сүйрлээс зайлсхийхийн тулд нар руу өндөр хурдтайгаар ойртож мэдээллээ авсны дараа түүнээс маш хурдан холдох ёстой ажээ. Үнэндээ Parker Solar Probe станц хүний гараар бүтсэн бүх зүйлээс илүү хурдтай явж байгаа. Түүний хурд нь цагт 692 мянган км байх бөгөөд энэ нь Лондонгоос Нью-Йорк руу 30 секунд хүрэхгүй хугацаанд очиж чадна гэсэн үг юм. Уг станц наранд ойртох үед үүсэх асар их таталцлын хүчний нөлөөгөөр ийм их хурд гаргаж байгаа юм” гэж хэлжээ.

Сансрын хөлөг манай ганц од болох нарны гаднах агаар мандал буюу титэмийг дайран өнгөрөхөд олон нууц бидэнд тайлагдах болно гэж эрдэмтэд найдаж байна. Уэльсийн Оддын лабораторийн одон орон судлаач Женнифер Миллард “Нарны титэм маш халуун, яагаад гэдгийг бид одоогоор мэдэхгүй. Нарны гадаргуугийн температур 6000 орчим хэм байдаг. Гэвч нар хиртэх үед харагддаг гаднах агаар мандал болох титэм нь хэдэн сая градус хүртэл халдаг. Энэ нь нарнаас маш хол зайд байгаа зүйл юм. Тэгвэл яаж ийм их халуун болж байна вэ гэдэг бол том асуудал. Parker Solar Probe-ийн эрхэм зорилго нь нарны салхи, титэмээс цацагддаг цэнэгт бөөмсийн байнгын урсгалын талаар илүү ихийг мэдэхэд туслах зорилготой юм. Эдгээр бөөмс дэлхийн соронзон оронтой харилцан үйлчлэхэд манай тэнгэрт туйлын гэрэл үзэгддэг. Гэвч сансрын цаг агаар гэж нэрлэгддэг энэхүү зүйл дэлхийн цахилгаан сүлжээ, электроник, харилцаа холбооны системийг эвдэж, асуудал үүсгэдэг. Иймээс нар, түүний идэвхжил, сансрын цаг агаар, нарны салхи зэргийг ойлгох нь дэлхий дээрх бидний өдөр тутмын амьдралд маш чухал зүйл юм” гэж хэлжээ. Ийнхүү Христийн мэндэлсний баяр болж байхад зөвхөн НАСА-гийн эрдэмтэд л холбоо барихаа больсон станцдаа санаа зовж, сандарсан байдалтай үлдсэн билээ. Никола Фокс сэтгүүлчдэд сандарч байгаагаа хүлээн зөвшөөрсөн ч энэхүү зоримог даалгавар амжилттай биелэгдэнэ гэдэгт итгэлтэй байна гээд “Бид мэдээж сансрын станцынхаа хувь заяанд санаа зовж байна. Гэхдээ бид сансрын энэ бүх харгис хэрцгий, хатуу ширүүн нөхцөлийг тэсвэрлүүлэх гэж түүнийг зохион бүтээсэн. Энэ бол маш хүчтэй тоног төхөөрөмж. Манай станц хэвийн байна гэдгээ илтгэж, дэлхий рүү амьдрал бэлгэдсэн ногоон зүрх бүхий SMS илгээсний дараа авсан мэдээллээ дамжуулах болно” гэж хэлсэн билээ. Тэгвэл Parker Solar Probe станц бараг гурав хоног холбоогүй байсны дараа дэлхийд ногоон зүрхний зураг бүхий мессэж илгээж, НАСА өөрийн албан ёсны мэдээллийн хуудсанд “Нарыг ойрын зайнаас судлах энэхүү судалгаа нь бодисыг яг хэдэн сая градус хүртэл халдгийг илүү сайн ойлгох, нарны салхины үйл ажиллагаа буюу нарнаас ялгарах бөөмсийн тасралтгүй урсгал хэрхэн явагдаж буйг судлан гаргахад туслах хэмжилт хийх боломжийг бидэнд олголоо. Иймээс та бүхэн удахгүй өндөр энергитэй бөөмс хэрхэн, яаж гэрэлтэй ойролцоо хурдтай болдог учрыг мэдэж аваарай” гэж бичжээ.

НАСА-гийн нарыг тойрон нисэх үедээ дээд хурд авч, 700.000 км/ц буюу 194 км/с хурдалдаг Parker So­lar Probe төхөөрөмжийн нийт өртөг нь 1.5 тэрбум доллар юм. Энэхүү санц 2018 оны наймдугаар сарын 12-нд АНУ-ын Канаверал хошуунаас нар руу хөөрсөн билээ. Харин НАСА-гийн энэ станц нарыг анх удаа тойрох үеэр хийсэн хэмжилтүүд бүхий анхны шинжлэх ухааны мэдээллийг 2019 оны арваннэгдүгээр сарын 12-нд дэлхий рүү илгээж байсан аж.

 

 

Орчуулсан

Г.АМАРСАНАА

Categories
булангууд мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл танайд-өнжье туслах-ангилал

Тэр хоёр хамгийн том мөрөөдлөө биелүүлжээ DNN.mn

-С.Мягмар гуайнх театртаа гүйлс цэцэглэсний баяраа тэмдэглэж урлагийнхныг бөөнөөр нь цуглууллаа-


ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…………………

Ингэхэд бид айлд өнжчихөв үү, театрт өнжив үү гэдгээ ялгахаа байчихаад байна. “Танайд өнжье” сурвалжлагаа бэлтгэхээр найруулагч, зураач С.Мягмар гуайн гэрийг нь өнгөрсөн баасан гаригт зорьсон юм. Эднийх Монголын үндэсний радио, телевизийн баруун урд, Эх нялхсын үндэсний төвийн хойно байдаг. Хашааных нь хаалгаар ормогц нарс, гацуур, гүйлс гэхчлэн төрөл төрлийн модот бяцхан цэцэрлэгт хүрээ­лэн, гадна хаяг, пасад сэлт нь хар, улаан өнгөний зохицол бүхий “Black box” орчин үеийн театрын хоёр давхар барилга, мансардтай цав цагаан сууц угтав. Цагаан сууц нь эдний гэр-урлан, эндээ аж төрж, уран бүтээлээ хийдэг юм байна. Гүйлс цэцэглэж, өмнөх хэдэн өдрийн цас, борооны дараа ч балжингарам тэргүүт цэцэгс мөн өндийн ургаж эхэлж байна. С.Мягмар гуайн гэргий Чойсүрэнгийн Одончимэг театр судлаач юм. Тэрбээр цэцэг, мод, төрөл бүрийн ургамал тарих хоббитой, тэднээ хүүхэд шиг энхрийлэн арчилдаг нь илэрхий. Манай хоёр энэ өдөр “Гүйлс цэцэглэсний баяр” хийхээр найз нөхдөө урьчихаад хүлээж байхад нь бид яваад орчихсон хэрэг. Гүйлс цэцэглэсний баяр үдэш 18.00 цагт эхэлнэ гэв. Баяраа цэцэрлэгтээ хийхээр шийдээд байсан ч ширүүн бороо орсоор тул зочдоо театртаа хүлээж авахаар болов. Орой болохоос өмнө бид гэр бүлийн хоёртой залуу нас, хайр дурлал,  гэр бүл болсон үүх түүх, аж амьдрал, уран бүтээлийнх нь сонин сайхнаас хуваалцаж амжлаа. С.Мягмар, Ч.Одончимэг хоёр Оросын Москва орчмын Ярославскийн галт тэргэнд танилцжээ. “Буудалд учирсан хоёр” хэмээх Оросын уран сайхны киноны нэр санаанд бууж байна.

Дээд давхрын ажлын өрөөнд байх дурсгалын зүйлс дотор ачаатай тэмээ, жижигхэн цэн­хэр саарал илжиг хоёрыг зэрэгцүүлэн тавьжээ. Арабын Эмиратаас авчирсан дурсгал гэнэ. “Цай цүй, алт эрдэнэсийн авдар сэлтээ ачаад явж байгаа тэмээ нь Мягмар, илжиг нь би” гэж Одончимэг гуай хошигнов. Энд номын сангийн хэсэг, төгөлдөр хуур, Одончимэг гуайн ажлын ширээ компьютер, буйдан ор байхын хамт янз бүрийн гар урлалын зүйлс, гар хийцийн машины цуглуулга, бэлэг дурсгалын зүйлс дүүрэн. Доод давхарт “Боролдой” студийн техник хэрэгсэл, компьютерүүд, зураг авалтын хэсэг, бас гал тогоо байна. Дотоод засал нь нэн этгээд. Ханын цаас, гял цал тавилга мэтийн нийтлэг шийдэл эднийд үгүй. Мягмар найруулагч бүгдийг өөрийн мэдрэмж таашаалд нийцүүлсэн гэж байв. Одоо бидний яриа гал тогооны хэсэгт байх хоолны ширээний ард өрнөж байна. “Залуу техникчдийн үзэсгэлэн Москвад болдог байлаа. Би Багшийн дээдийг төгсчихсөн, Залуу техникчдийн ордонд ажиллаж байв. Монголын залуучуудын шинжлэх ухаан, техникийн бүтээлүүдийн үзэсгэлэнг Москвад гаргах ёстой. Би зураачаар нь, хоёулхнаа ачаагаа ачаад, Москва орох галт тэргэнд явж байлаа. Москвад хүрэх замд Ярославль гээд нэг газар байдаг юм. Тэндэхийн буудал дээр галт тэрэг зогсч, нэг эмэгтэй ороод ирэв. Коридорт суугаад байна. Би дуучин Ц.Ерөө эгчтэй цуг нэг купенд явж байсан юм. Ерөө эгч “Эмэгтэй хүн гадаа суугаад байхад оруулж ирээч” гэж байна. Очлоо, зөндөө юм ярилаа. Би урлагийн тухай л яриад байсан. Яг буухынхаа өмнө чи аль сургуульд сурдаг вэ гэж асуусанд нөгөө эмэгтэй чинь Театр урлагийн дээд сургуульд сурдаг гэхгүй юу. Би ч баахан урлагийн тухай цуурч цуурчихсандаа ихэд ичиж билээ. Тэгж бид хоёр танилцаж, богинохон хугацаанд бие биедээ хайртай болж, дараа жил нь гэрлэсэн дээ. Заяаны хань минь зам дээр тэгж таарсан” гэж Мягмар гуай дурсамжаа сөхсөн юм. Энэ үед Одончимэг гуай хорин тавтай, театр урлагийн дээд сургуулийн төгсөх курсийн оюутан, Мягмар гуай хорин долоотой байжээ. Ингэж Ярославлийн галт тэрэгний буудалд учирсан хос амьдралаа зохиож, хоёр хүү, дөрвөн ачтай болжээ. Энэ гэр бүлийн гол онцлог нь бүгдээрээ мэргэжлийн театр, киноны уран бүтээлчид юм. Одончимэг гуайтай цуг Москвагийн театр урлагийн дээд сургуулийг Лхасүрэн, И.Нямгаваа, Б.Мөнхдорж найруулагч нар, бүжиг дэглээч С.Сүхбаатар нар цуг сурч төгсчээ. Тэгээд уулзахаар очиход нөгөө хэдэн харцуул нь Одончимэгээ харамлаад, нэг нэгээрээ гарч ирэн элдвийг асууж шалгаагаад байдаг байж. Одончимэг гуай өмнө нь Хөгжим бүжгийн дунд сургуулийг хийлчээр төгсч Дуурийн театрт ажиллаж байгаад Москва руу театрын сургуульд явсан юм билээ. Уг нь Свердловскийн Консерваторийн хөгжим суд­лаачийн ангид сура­хаар очсон ч театрын сургуулиар сольсон гэнэ. Сургуулиа төгсөөд Хүүхэд, залуучуудын театрт ирж Сугар найруулагчтай, дараа нь Лхасүрэн, Нямгаваа нартай ажиллажээ. Сүүлд наян хэдэн онд Драмын театрт орж Доржсамбуу, Мөнхдорж, Найдандорж гээд бараг бүх найруулагчтай ажилласан гэж байв. Хэдийгээр дандаа реалист жүжгүүд тавьж байсан ч гэлээ маш цэгцтэй, замбараатай бүтээл гаргадаг байсан. Өнөөгийн тайзны урлагийн амьдралыг харахад хэн дуртай нь дурын юмаа хийдэг, урын сангийн бодлого алдагдчихсан, дээрээс нь элдэв янзын хошин шог мэтийн хүнд юу өгөх, юу хэлэх гээд байгаа нь мэдэгдэхгүй их эмх замбараагүй болж гэлээ. Өнөөдөр оюунлаг цөөнхийн цуглардаг газар болоод байгаа “Black box” театрыг дан ганц Мягмар гуайн “бүтээл” гэж бодож байсан минь бяцхан эндүүрэл байж. Наяас ерээд оны Хүүхэд, залуучуудын болон Драмын театруудын урын сангийн бодлогын гол судсыг нь барилцаж байсан театрын утга зохиолын ажилтан, судлаач Ч.Одончимэг гуай яалт ч үгүй “Black box”-ын ард байгаа олон нийтэд бол “нууц хатагтай” ажээ. Мэргэжил, хүсэл сонирхлоороо нэгдмэл нөхөр, эхнэр хоёрын хамгийн том мөрөөдөл нь хувийн театртай болох. Хүсэл мөрөөдлөө биелүүлж театрынхаа үндэс суурийг хэзээ хэрхэн тавьсан тухайгаа ярьж өгөв.  Тэр хоёр мөрөөдлөөрөө амьдралаа босгох гэж, мөрөөдлөө бодитой болгох гэж явсаар өдий хүрчээ. Гэр бүл болсны дараа гэргий нь нөхрөө хойшоо сургуульд явахыг зөвлөж, нөхөр ч Багшийн дээд төгсөөд ажиллаж байсан хэрнээ явахаар шийджээ. Эргэн тойрны найз нөхөд нь тухайн үеийнхээ маш өндөр соёл боловсролтой улс бай­сан гэнэ. Зураач Ц.Энхжин, Ц.Мөнхжин гээд л. Энхжин гуай тэр үед Германд сургууль төгсөөд ирчихсэн, жинхэнэ хийсвэр урлаг, гайхамшигтай уран зургууд, цоо шинэ Европ стилиэрээ социалист реалист амьдрал дундуур гэрэл гэгээ болон орж ирж байсан үе гэв. Гэргий нь театр, урлаг судлаач боловч нэг л урсгал чиглэлийг барьж байсан учир нэг их судлаад сүйд болох юм байгаагүй гэнэ. “Бусад урсгал орж ирэх хориотой. Барууны үзэл сурталд автлаа гэдэг нэрийн дор тэр зүгийн ололтыг оруулж ирэх хориотой үед урлаг судлаач, театр судлаач байна гэдэг хэцүү. Тэгээд ч цөөхөн хүн амтай, цөөхөн найруулагчтай нөхцөлд судлаад л ухаад төнхөөд байх юм байхгүй. Гэвч гэргий минь гол нь театрын урын сангийн бодлого руу орсон. Тэр үеийн залуу жүжигчид манай хүнийг “ерөөсөө л гадаад эгч ороод ирсэн” гэж одоо ч ярьдаг юм. Гадаад эгч гэдэг нь тэр өндөр боловсрол, өндөр соёл, мэдлэг, Москвагийн номын санг ухсан агуу их туршлага чинь л театрт урын сангийн бодлого болж орж ирж байгаа юм л даа. Гэхдээ социалист реалист жаазан дотроо” гэж Мягмар найруулагч тайлбарлаж байна. Тэгээд гэргийнхээ зөвлөснөөр Москвагийн Бүх холбоотын кино урлагийн дээд сургуульд явж, хүүхэлдэйн киноны найруулагч, зураа­чаар төгсч иржээ. Хэн хэнийх нь сурсан сургууль, эзэмшсэн мэргэжил нэгэн том мөрөөдлийг бий болгосон нь хувийн театртай болох байв. Эхнэр нь театрт, өөрөө Теле кино үйлдвэрт хүүхэлдэйн кинонд ажиллаж эхэлсэн. байна. Монголдоо бие дааж хийсэн анхны хүүхэлдэйн кинонуудыг С.Мягмар гуай хийсэн гэнэ. Анхны зураг авдаг төхөөрөмжөө тавьж, “Өвгөн, арслан хоёр”, “Арван хоёр жил” гэхчлэн хүүхэлдэйн кинонуудаа хийжээ. “Арван хоёр жил”-ийг оросуудтай, Тэмүүжингийн тухай, монгол хүүхдийн тухай “Анхны ав” нэртэй хүүхэлдэйн киногоо америкчуудтай хамтарч хий­сэн байна. Ингэж Мон­голд хүүхэлдэйн кино бий болжээ. Дараа нь зах зээлийн бужигнаан эхлэхэд PR-ийн чиглэлийг барьж авч. Тэр хооронд Хүүхэд, залуучуудын театрт зураачаар бас ажиллаж байсан гэнэ. Тэрбээр “Нямгаваа бид хоёр Хүүхэд, залуучуудын театрт, Доржсамбуу, зураач Төмөрхуяг хоёр Драмын театрт хоорондоо өрсөлддөг байлаа” гэсэн юм. Эдний гэр бүлийн орчинд театр, кино хэмээх урлагийн хоёр том чиглэл байна. Гэргий Одончимэгийнх нь өвөө Жамьян ардын хувьсгал ялсны дараахан  Ховдод хувийн гэрийн театртай байжээ. Дуу, хөгжмөөс гадна, жүжиг ч тоглодог байсан тухай сонирхуулав. Одоо Ховдын театрыг түүний хүү, нэрт удирдаач Ж.Чулууны нэрэмжит гэдгээр нь манайхан мэдэх биз ээ. Энэ нь тэртээх мянга есөн зуун хорин хэдэн оны театрын уламжлал юм. Нэрт удирдаач Ж.Чулуун түүний үеэл бол Ч.Жамсранжав удирдаач түүний төрсөн ах нь юм.
“Бид хоёрын хамгийн том мөрөөдөл болсон хувийн театраа эдийн засаг хүнд үед зах юм уу, дэлгүүр болго­чихоод түрээсийг нь аваад амьдраад байж болох л байсан байх. Гэвч өөрийн театртай байгаад, өөрсдөө жүжиг хийж үзээд, мөрөөдлөө биелүүлж, тэр их уншсан мэдсэнийхээ үр дүнг үзэхийн төлөө явж байгаад энэ театраа барьсан юм. Нэг мэдсэн чинь л театраа бариад эхэлсэн. 2002 онд театраа барьсан. Тав зургаан жил болж байна даа” гэж Мягмар гуай ярилаа. Түүнийг  хүмүүс голдуу “Боролдой”-н Мягмар гэж студийнх нь нэрээр тодотгодог. Гэтэл бага хүүгийнх нь нэр Боролдой аж.  Хүүдээ яагаад Боролдой гэж нэр өгсний учир нь “Боролдойн цаг” хүүхдийн нэвтрүүлэг хийж эхэлсэнтэй холбоотой гэнэ. Эхнэр нь хүүгээ төрүүлээд амаржих газраас гэртээ гарч ирэхэд аав нь хүүдээ энэ нэрийг өгчихсөн байсан гэнэ. Эрэгтэй хүн эмэгтэй хүнээс маш их хайр халамж шаарддаг гэж Одончимэг гуай ярилаа. “Хэрвээ эр хүний дэргэд хань ижил нь сайн байж хийморь лундааг нь өргөж явах юм бол сайхан амьдардаг. Эр хүний сүр сүлдийг нь муутгаад ирэх юм бол архичны амьдрал руу орчихдог юм байна гэж би боддог юм. Дөрөв дөрвөн жил тутамд болж байгаа энэ олон сонгуулийг дагаад хүний амьдрал ч бас доргидог. Анх манайх юун дээр боссон бэ гэхээр, телевизийн хашаан дотор нэг уурын зуух байдаг байв. Одоо ч бий. Тэр уурын зуухыг Мягмар маань бүтэн сар цэвэрлээд, орой нь уурын зуухны галч шиг болчихсон орж ирдэг байсан. Тэгж байж анхны хүүхэлдэйн киноны студиэ бий болгож байсан юм. Бадар-Уугантай цуг телевизээс хөөгдөж ч үзсэн. Зах зээлд шилжихэд юугаа ч мэдэхгүй явж байхдаа, арайхийж бий болгосон студийн төхөөрөмжөө бүгдийг нь хураалгачихаад монгол эсгий гэрт ч байрлаж үзжээ. Хичнээн олон сайхан уран бүтээлчид тэр үед хөл алдаж архинд орж, зарим нь чадал нь барагдаж, насаа ч алдаж байсан. Тийм үед унаж тусахгүйгээр амьдралаа авч явж, урагшлах тоолондоо ахиц гаргаж ирсэнд нь би нөхөртөө маш их баярлаж явдаг. Манай хүн их дураараа, зоргоороо хүн. Зоргоороо ч байж мөрөөдлөө биелүүлэх гэж цуцалтгүй зүтгэж, хажууд нь би түшиг тулгуур нь байж, ингэж л бид хоёр мөрөөдөлдөө хүрсэн” гэсэн юм. Эдний том хүү Ангараг нь англи, герман, франц, орос, япон хэлтэй. Бага нь англи, орос, хятад хэлтэй гэнэ. Хэл гэдэг боловсрол олж авах хамгийн том суурь гэж хоёул үздэг гэнэ. Том хүү нь Германд урлагийн дээд сургууль төгссөн, зураглаач мэргэжилтэй юм байна. Дараа нь Японд төрийн удирдлагын чиглэлээр сурч төгсчээ. Одоо төрийн байгууллагад ажилладаг бол бага хүү Боролдой нь БНХАУ-ын Драмын урлагийн академийг төгсчээ. “Найруулагч болох болов уу, их нарийн мэдрэмжтэй, хөгжмийн маш нарийн мэдрэмжтэй, сэтгэлгээ нь их өвөрмөц” гэж Мягмар гуай бага хүүгээ магтав. Найруулагчийн өөрийнх нь тодорхойлсноор эднийх жинхэнэ пост модернист гэр бүл аж. Театр нь ч пост модернист жүжгүүд тавьдаг. Дандаа хурц хурц, сонгомол жүжгүүдийн эмхэтгэл хийж байгаа юм хэмээн гэрийн эзэн хошигносон нь энэ гэр бүлийн тун оновчтой тодотгол. “Пост модернист нийт арван зургаан жүжиг нийслэлийнхэндээ үзүүлчих санаатай, эхний долоон жүжгээ үзүүлчихээд байна. Театр гэдэг маань их том нүсэр юм байдаггүй юм аа. Театр чинь ерөөсөө эргээд цөөн үзэгчдэдээ ойрхон байж, хоорондын ярилцлага болж хувирч байж, нэгнээ мэдэрч байж амилдаг юм аа. Хуучны, театр анх бий болж байсан тэр хэлбэр рүү бид орж байна. Оросын том баячууд хувийн том театртай, тэндээ ном уншдаг, Достоевскийн романыг хэдэн өдөр дараалан цуглаж сууж сонсдог, жүжигчид нь тоглодог, том том заалуудтай, урлагийн меценатууд нь тэгж урлагийг дэмжиж явсан. Тэр хэлбэр рүү л орж байгаа юм” гэв. Эдгээр жүжиг нь Соёлын яам, Олон нийтийн телевизийн дэмжлэгтэйгээр хийгдэж байгаа юм байна. Олон удаа тоглодоггүй, нэг жүжгийг сайндаа л мянга гаруй, хоёр мянга орчим хүн үзэж байгаа болов уу гэж байв. Ер нь энэ хэдэн жилд оюуны их хомсдолд орчихлоо гэж театрын, гэрийн эзэн хэллээ. Хоолны мөнгөө олох гээд завгүй ажиллаж байгаа хүмүүс амрахаараа хошин шог үзэж стрессээ тайлдаг, эсвэл нэг их уйлдаг жүжиг, үгүй бол солонгос кино үзвэл сайхан байх жишээтэй болчихлоо хэмээн ихэд санаа зовниж байна. Ийм үед нийгэмд оюуны тэжээл болгож, театртаа тавьж байгаа сонгомол жүжгүүдээ телевизээр үзүүлэхээр зорьж байгаа аж. Театр бол энэ хоёрын мөрөөдөл. Мөрөөдлөө биелүүлсэн нь атаархмаар. Атаархмаар төдийгүй арай өөрөөр сэтгэхийг хүссэн үзэгчдийн ч мөрөөдлийг давхар биелүүлж байгаа нь гайхамшиг юм. Энэ хооронд олон ч уран бүтээлч эдний дэргэдээс төрж, “Hero еntertianment”-аас эхлээд өөрийн бяцхан вант улсыг ч байгуулж авцгаагаад буй. Эдний театр дэлхийн сонгомол реалист, авангард жүжгүүдээ өнгөрсөн арваннэгдүгээр сард тавьж эхэлсэн. Үүгээр С.Мягмар гуайн театр манай театр урлагт одоо хэр хоосон байсаар байгаа орон зайг хийсвэр сэтгэлгээний жүжгүүд, туурвил зүйн болон тайзны авангард тавилтуудаараа нөхөж гарч ирсэн. Энэ нь хэдхэн сарын дотор хэдийнэ нийгмийн оюунлаг хэсгийн сонголт болж чаджээ. Харин өмнө нь “арт фильм” буюу жинхэнэ кино урлагийг нийтэд үзүүлж, олон улсын кино өдрүүдийг зохион явуулж байв.


“Ерэн оноос монголчууд бид улс төрийн, эдийн засгийн эрх чөлөөгөө олж аваад эргээд нэг харсан чинь оюуны эрх чөлөө гэж байхгүй, социалист реализм өөрийн инерциэрээ хориод жил явчихсан, одоо хүртэл үзэл суртал бүхий киног хүмүүс телевизээр үзэж байгаа нь харамсалтай. Гэтэл хүний оюун ухаан бодит, реалист байхаас гадна хийсвэрлэн бодохуй гэж агуу их орон зай байдаг. Хийсвэрлэж бодож байгаа тэр газар л урлаг, уран бүтээл илүү эрх чөлөөтэй болж эхэлдэг. Энэ орон зай руу бид орж байна. Эхлээд бид жүжгээр орж байгаа, дараа нь киногоор энэ орон зайд хандана” гэж тэрбээр театрынхаа урын сангийн бодлого, байр суурь, ирээдүйг товчхон танилцууллаа. Энэ чиглэлээр хүү Боролдой нь нэг кино хийгээд байгаа гэнэ. Арт фильм болж чадсан гэж аав нь үзэж байгаа юм байна. Ер нь оюуны хийсвэрлэлээр уран бүтээлийн эрх чөлөөнд хүрэх нь энэ гэр бүлийн зорилго аж. Ийм чиглэлээр манайхан бүтээл хийх болол­цоо тун хомс байгааг мөн найруулагч онцолно лээ. Бүх урлагийн суурь нь уран зохиол. Уран зохиолын хөг­жил дэвшлээс үүдэж, түүний сэтгэлгээний хэлбэр, хэв маягаас үүдэж урлаг тэлж хөгжиж байдаг. Үүнээс үүдэж хөгжим, театр, кино, хүүхэлдэйн кино буй болдог. Тэгэхээр зохиолчид маань их эрэл хайгуул хийгээсэй гэсэн чин хүсэлтэй явдаг гэнэ. Одоо юу ч хамаагүй бичиж ном хэвлүүлээд арилжиж, арилжааны уран зохиол хийгээд байгаа нь бусад урлагийн зохион туурвигчдад таатай санагдахгүй байгааг онцолж байв. Ер нь ч жинхэнэ уран бүтээл хийдэг хүмүүс баян цатгалан явсан түүх үгүй гэж тэрбээр зохиолч, уран бүтээлчдэд хандан хэлэв. Мягмар найруулагч манайд оюуны тэсрэлт хийсэн хоёр гурван үзэгдэл бий, агуу их Д.Нацагдорж, хойшлоод Д.Урианхай гуай, ерээд оныхны нэг Уриадайн Шигүүргэ гэж тоймлож буй аж. Харин эртний уран зохиолд Агваанхайдав, хуульч Сандаг нарын бүтээлүүдийг сэтгэлгээний гайхамшигтай зохиол гэж үздэгээ хэлэв. Хуульч Сандагийн “Салхинд хийссэн хамхуулын үг”, Агваанхайдав гуайн “Бие, сэт­гэл, бодгаль гурав ярилцсан нь” зэргийг жишээ татсан. Түүний яриа хөөрөөг сонсч суухад уран бүтээлчийнхээ хувьд үнэхээр сонин фигур юм. Гэргий Одончимэг нь театрынхаа ажлыг хогоо шүүрдэж, хоолоо хийхээс эхлээд жүжигчидтэйгээ ажил­лах хүртэл бүгдийг хийдэг байна. Тэрбээр театрынхаа утга зохиолын ажилтан нь ч юм шиг, эсвэл олон хүүхдийн ээж ч юм шиг болчихсон гэж байв. Одоо эдний театр арав гаруй жүжигчинтэй хамтарч ажилладаг юм байна. Орон тооных бус, жүжигт тоглох сонирхолтой, тус тусын алба ажилтай, олонх нь СУИС төгссөн залуучууд гэнэ. Анх ирэхдээ яаж жүжигт тоглоно оо, яаж уран бүтээл гаргана даа гэж эргэлзэхээр байсан залуучууд хэдхэн сарын дотор мэргэжилдээ маш их өссөн гэж байв. Биднийг очиход хоёулхнаа гэр урландаа байсан хос маань үдэш арван найман цаг дөхмөгц Гүйлс цэцэглэсний баяраа найзуудтайгаа тэмдэглэхээр “Black box” театр руугаа орцгоов. Бид ч мөн адил. Зочид эхнээсээ цувсаар оройн арван есөн цагийн орчимд театр дүүрэн хүн цугласан нь дандаа зураачид, төгөлдөр хуурчид, хийлчид, хуучин Хүүхэд залуучуудын театрт хамт ажиллаж байсан жүжигчид, Драмын  театраа төлөөлөн дэд захирал Н.Сувд, жүжигчин Өлзийхүү, найруулагч Ц.Хүсэлбаатар гэхчлэн дандаа уран бүтээлчид цуглав. Эдний гэр бүлийн амьдралын хөгжилтэй бөгөөд өдөр тутмын агшнуудыг буулгасан видео эвлүүлэг, Одончимэг гуайн тарьсан цэцэгс хэрхэн дэлбээлж буйг хөдөлгөөн бүрээр нь буулгаж үлдээсэн видео эвлүүлгүүдийг үзэж сонирхсны дараа оройн зоог барьцгаав. Энэ гэр бүлийн ойр дотнын нөхөд, ах дүү хамаатан садан нь гээд дандаа урлагийнхан энэ үдшийг хамтдаа өнгөрүүлсэн. Тэр хоёр мөрөөдлөө биелүүлж, Монголд маань цоо шинэ театр орон зайгаа эзэлжээ.

Н.Пагма
Гэрэл зургуудыг
Ц.Мягмарсүрэн

Categories
мэдээ цаг-үе шинжлэх-ухаан-технологи

Дрон туршилтын бүсүүд байгуулахаар болов DNN.mn

Дрон туршилтын бүсийг Дархан-Уул аймаг болон Баянзүрх, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байгуулахаар боллоо.

Ингэснээр дэвшилтэт шинэ технологийг эх орондоо турших, нэвтрүүлэх, нутагшуулах, олон улсын хөрөнгө оруулагчдыг татах нэг шинэ суваг нээгдэнэ.

Цаашид судалгаагаар тогтоогдсон бусад байршилд дроны туршилтын бүс байгуулахад шаардлагатай эрх зүйн болон бусад зохицуулалт хийх ажлыг эрчимжүүлнэ гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ. 

Categories
арын-нүүр улс-төр ярилцлага

АБГББХ:Соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг дэмжлээ DNN.mn

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн /2024.11.27/ хуралдаан 15 цаг 25 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг  хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцуулсан.

Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцыг Олон улсын атомын энергийн агентлагийн гишүүн орнуудын санаачилгаар 1994 онд баталж, 1996 оны 10 дугаар сарын 24-нд хүчин төгөлдөр болсноос хойш одоогийн байдлаар 96 улс нэгдэн оржээ. Конвенцын зорилго нь олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар дэлхий дахинд цөмийн аюулгүй ажиллагааны дэглэмийг ханган тогтвортой байдлыг сахих, цөмийн төхөөрөмжөөс үүсэх ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөллөөс хүн ам, хүрээлэн буй орчныг хамгаалах зорилгоор болзошгүй цацрагийн ослын үед үр дүнтэй хариу арга хэмжээ төлөвлөх, хэрэгжүүлэх, цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, осол гарсан тохиолдолд сөрөг үр дагаврыг багасгахад оршиж буй аж. Энэхүү конвенц нь цөмийн байгууламжийн аюулгүй ажиллагааг хангахад үйлчилнэ гэж төслийн танилцуулгад дурдсан байв.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улс цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах үйл ажиллагааг цөмийн аюулгүй байдлын олон улсын хэм хэмжээ, шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзсэн байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцод нэгдэн орсноор Монгол Улс хүлээсэн үүргээ хэр биелүүлэх талаар лавласан бол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлах үед иргэдийг энэ талын мэдээллээр хангах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр бодит мэдээлэл хүргэх шаардлагатай байгаа нь ажиглагдсан. Иймд ажлын хэсгээс энэ асуудалд онцгойлон анхаарч ажиллах шаардлагатай гэв.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хариултдаа, Энэ конвенцыг соёрхон батлах зайлшгүй шаардлагатай бөгөөд 1994 оны уг конвенц нь цөмийн байгууламжуудын аюулгүй ажиллагаатай холбоотой заавал дагаж мөрдөх баримт бичиг. Товчоор хэлбэл, Олон улсын атомын энергийн агентлагаас цөмийн байгууламжууд нь байгаль орчинд ээлтэй эсэх, хүний эрүүл мэндэд аюулгүй байхад чиглэсэнд хяналт тогтоох зорилготойгоор гаргасан конвенц гэдгийг онцолж байлаа.

Ингээд Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн  86.7 хувь нь дэмжив.

Дараа нь Засгийн газраас 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцуулсан. Салбарын сайд танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын 2015 оны 06 дугаар сарын 19-ны өдөр баталсан “Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай” 60 дугаар тогтоолд Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн орохыг Засгийн газарт даалгасан. Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтсон. Улмаар Засгийн газраас тус конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд зөвшилцөхөөр хүргүүлсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороо 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар конвенцод нэгдэн орох асуудлыг хэлэлцээд, дэмжсэн гэдгийг онцлов.

Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенц нь энхийн зорилгоор ашиглах цөмийн материалыг олон улсын хэмжээнд аюулгүй тээвэрлэх, биечлэн хамгаалахад, конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлт нь энхийн зорилгоор ашиглаж байгаа цөмийн байгууламж, цөмийн материалын үр дүнтэй биечлэн хамгаалах тогтолцоог дэлхий дахинд бий болгон хэвшүүлэх, цөмийн материал болон байгууламжийн эсрэг гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, оролцогч талуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой аж. Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенц нь 1987 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүчин төгөлдөр болсон ба манай улс 1986 онд нэгдэн орж, соёрхон баталсан хэмээн төслийн танилцуулгад дурджээ.

Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцод 2024 оны 09 дүгээр сарын байдлаар 164 улс нэгдэн орж, 44 улс гарын үсэг зурсан бөгөөд тус конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлт нь 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүчин төгөлдөр болж, 2024 оны 09 дүгээр сарын байдлаар 137 улс нэгдэн орсон байна.

Салбарын сайд танилцуулгадаа, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенц нь зөвхөн олон улсын тээвэрлэлтийн үеийн биечлэн хамгаалах арга хэмжээнд хамаарч байсан бол конвенцод орсон 2005 оны нэмэлт, өөрчлөлт нь цөмийн байгууламж, түүнчлэн дотоодын хэрэглээ, хадгалалт, тээвэрлэлтэд байгаа цөмийн материалд хамаарч байна. Мөн конвенцод хамаарах санаатай гэмт хэрэгт цөмийн материалыг хууль бусаар нэвтрүүлэх, цөмийн байгууламжид хорлон сүйтгэх ажиллагаа явуулах, хүрээлэн буй орчинд ноцтой хохирол учруулах зэрэг асуудлууд нэмэгдэж, хорлон сүйтгэх ажиллагааны талаарх мэдээлэл солилцох, туслалцаа үзүүлэх өргөтгөсөн хамтын ажиллагааны зохицуулалтууд нэмэгдсэн гэв.

Монгол Улсын Их хурлын 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдөр баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 3.3.7-д “Ураны нөөцийг түшиглэн атомын цахилгаан станц барих бодлого хэрэгжүүлж суурь судалгааг хийнэ” гэж тусгасан бөгөөд улмаар ОУАЭА-аас гаргасан цөмийн эрчим хүчний эх үүсвэр барьж байгуулахаар төлөвлөж буй 27 улс, орнуудын жагсаалтад Монгол Улс орсон байна.  Хэрэв 2024 оны дотор манай улс тус нэмэлтэд нэгдэн орох арга хэмжээг авахгүй бол эдийн засаг, эрүүл мэнд, аж үйлдвэр, хөдөө, аж ахуй, байгаль орчин, цацрагийн аюулгүй ажиллагааны чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд цаашид хэрэгжих боломжгүй болох нөхцөл байдал үүснэ хэмээн төслийн танилцуулгад дурдсан байлаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат үг хэлсний дараа Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хураалдаанд оролцсон гишүүдийн 73.3 хувь нь дэмжив.

Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Хуулийн төслийн талаар  Улсын Их Хурлын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцуулсан.

Монгол Улс Иж бүрэн цөмийн аюулгүй байдлын баталгааны гэрээнд (Comprehensive Safeguards Agreement) 1972 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр нэгдэн орсон. Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээний баталгааг хэрэглэх тухай Нэмэлт протоколд Монгол Улс нэгдэн орж, 2001 оны 12 дугаар сард гарын үсэг зурсан бөгөөд Монгол Улсын Их Хурал 2003 онд соёрхон баталсан. Улмаар Олон улсын атомын энергийн агентлагт 2003 оны 05 дугаар сарын 12-ны өдөр мэдэгдэж, энэ өдрөөс протоколыг хүчин төгөлдөр мөрдөж байна. Олон улсын атомын энергийн агентлаг (“ОУАЭА”) нь Цөмийн аюулгүй байдлын “Иж бүрэн аюулгүй байдлын баталгааны гэрээ” ба Нэмэлт протоколыг хэрэгжүүлж буй улс орнуудын бүх цөмийн материал энхийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа эсэх өргөн хэмжээний албан ёсны дүгнэлтийг гаргадаг хэмээн төслийн танилцуулгад дурдсан байлаа.

ОУАЭА-ийн Удирдах зөвлөлөөс цөмийн байгууламжгүй, бага хэмжээний цөмийн материалтай улс орнуудад “Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протокол”-д хамрагдах нь зүйтэй гэж үзэн гишүүн орнуудыг тус Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколд нэгдэн орохыг уриалсан. Үүний дагуу ОУАЭА-аас манай улсыг Бага хэмжээний цөмийн материалын протоколд нэгдэн орох саналыг 2005 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн ч манай улс нэгдэн орох асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. 2005 онд ОУАЭА-ийн Удирдах зөвлөлийн шийдвэр гарснаас хойш багагүй хугацаа өнгөрснийг харгалзан ОУАЭА нь Бага хэмжээний цөмийн материалын протоколын анхны хувилбартай байгаа улс орнуудад баталгааны дүгнэлтийг цаашид үргэлжлүүлэн гаргах боломжгүй болохыг мэдэгдсэн тул Монгол Улс ойрын хугацаанд зохих арга хэмжээ авахгүй тохиолдолд 2024 оноос эхлэн ОУАЭА-аас баталгааны дүгнэлт гаргуулах боломжгүй болох эрсдэл үүсчээ гэж төслийн танилцуулгад дурджээ.

Монгол Улсын Их Хурлын 2015 оны 06 дугаар сарын 19-ны өдөр баталсан “Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай” 60 дугаар тогтоолд Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколд нэгдэн орохыг Засгийн газарт даалгасан ба тус тогтоолыг хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг Улсын Их Хурлаар соёрхон батлуулах талаар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр шийдвэрлэсэн. Улмаар Засгийн газраас тус конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд зөвшилцөхөөр хүргүүлсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороо 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар конвенцод нэгдэн орох асуудлыг хэлэлцээд, дэмжсэн гэдгийг танилцуулгад дурдсан байлаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд хэлэлцэж буй гурван конвенцод Монгол Улс нэгдэн орсны гол ач холбогдлын талаар тодруулсан бол, Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл цөмийн эрчим хүч, цөмийн энерги, уран, ураны олборлолт, тээвэрлэлт, хадгалалт хэрэглэхтэй холбоотой үнэн зөв  бодитой мэдээллээр иргэд, нийгмийг шуурхай хангахад холбогдох байгууллагууд онцгойлон анхаарч ажиллах шаардлагатай гэв.

Ингээд хуулийн төслийг дэмжих, эсэх санал хураалтыг яву

Categories
арын-нүүр баннер их-уншсан нүүр-хуудасны-баннер-1 онцлох-нийтлэл томилолт туслах-ангилал улс-төр эрэн-сурвалжлах ярилцлага

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуулганд үг хэллээ DNN.mn

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүхэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын ард иргэд ээ,

УИХ-ын дарга, Ерөнхий сайд, эрхэм төрийн түшээд ээ,

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Та бүхэнд анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Чин зоригт, эх оронч өвөг дээдсийн баатарлаг тэмцлийн үр дүнд 1911 оны Цагаагчин гахай жил Үндэсний эрх чөлөөний хувьсгал гарч, туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн монголын ард түмний чинхүү хүсэл тэмүүлэл биеллээ олж, улмаар тусгаар тогтнолоо бататган бэхжүүлэх Ардын хувьсгалын үндэс суурийг тавьсан түүхтэй билээ.

Энэхүү түүхэн үйл хэрэг бол ноёд язгууртан, лам хувраг, эгэл ард бүх нийтээрээ эх оронч үзлээр эвлэлдэн нэгдсэн үндэсний эв нэгдлийн хүч байсан юм.

Тусгаар тогтнолын төлөөх мохошгүй тэмцэл 13 жилийн туршид зогсолтгүй үргэлжилсний үр дүнд 1921 оны 7 дугаар сарын 11-нд Ардын хувьсгал ялж, хожим 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр буюу Монгол Улсын 14 дүгээр оны модон хулгана жилийн өвлийн дунд сард монгол түмний хувь заяаг эргүүлсэн XX зууны нэгэн сод үйл явдал болсон нь Улсын анхдугаар Их Хурал хуралдаж, Үндсэн Хуулийг батлан, Бүгд Найрамдах засгийг дэлхий дахинд тунхаглан зарласан явдал билээ.

Богд хаант Монгол Улсын үеэс Үндсэн хуулийг боловсруулан батлах бодлогыг хэрэгжүүлж байсан бөгөөд 1914 онд Монгол Улсын Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн даалгавраар Үндсэн хуулийн төслийг боловсруулах ажлыг эхлүүлж байсан түүхтэй.

Энэхүү ажлын хүрээнд Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн тушаалаар эрдэмтэн Жамсрангийн Цэвээн 1914-1915 онд дэлхийн улс орнууд, түүн дотроо өрнөдийн улс орнуудын хууль эрх зүй, төрийн байгууламж, засгийн хэлбэр, улс тус бүрийн онцлогийг үндсэн хуулиар хэрхэн зохицуулж буй харилцааг судалж “Улсын эрх” хэмээх бүтээлийг туурвисан байдаг.

Тэрбээр Герман, Австри-Венгер, Англи, Итали, Бельги, Голланд, Дани, Швейцар, Испани, Португал, Орос, Япон зэрэг улс орны Үндсэн хууль, Үндсэн хуулийн эрх зүйг судалж байсан нь анхдугаар Үндсэн хуулийг боловсруулах үндэс суурь, чухал алхам болсон төдийгүй эдүгээ ч үнэ цэнээ алдаагүй байна.

Хожим 1921 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Ардын түр Засгийн газрыг байгуулсан тогтоол, Засгийн газрын 1921 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолуудад Үндсэн хууль боловсруулах тухай тус тус заасан байдаг.

Мөн 1922 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Засгийн газрын XXI хурлаас Хууль цаазыг зохиох тухай шийдвэрийг гаргаж, урьдын Автономит Засгийн үед зохион төлөвлөж байсан хууль зүйлийн бичгүүдээс авах гээхийг ялган салгаж, Европын олон улсын хууль дүрмийг харгалзан шинэчлэн зохиох комиссыг Шүүх яамны Тэргүүн сайд Магсаржаваар ахлуулан байгуулсан бөгөөд тус комиссыг 8 сар орчим ажиллуулаад үзэл баримтлалын зөрүү гарсан хэмээн үзэж татан буулгасан байна. Энэ хугацаанд уг комисс  дэлхийн улсуудын Үндсэн хуулиуд болох Америк, Англи, Бельги, Голланд, Япон, Зөвлөлт Орос Улсын Үндсэн хуулиудыг орчуулан бэлтгэх зэрэг олон ажлыг хийсэн байжээ.

Түүний дараагаар 1924 оны 9 дүгээр сард Ардын Засгийн газрын Ерөнхий сайд Б.Цэрэндоржоор ахлуулсан Үндсэн хууль боловсруулах комиссыг байгуулан ажиллуулсан байна.

Шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулах, батлах үйл явцад тухай үеийн Зөвлөлт Орос Улс, Коминтерны нөлөө, түүний төлөөлөгч Элбэгдорж Ринчино,  Турар Рыскулов зэрэг хүний шахалт, дарамт орсон нь үнэн хэдий ч анхдугаар Үндсэн хууль бүхэлдээ манай ард түмэн, засаг төрийн бодлогын тусгал болон батлагдсан хэмээн эрдэмтэн судлаачид үздэг билээ.

Эдгээр түүхэн баримтуудаас дүгнэн үзвэл анхдугаар Үндсэн хуулийг Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн төсөлд тулгуурлан, Ерөнхий сайд Д.Бодоо, Жамсрангийн Цэвээн нарын санал, төслийг харгалзан үзэж, тухайн үеийн хувьсгалын удирдагчдын манлайлал дор боловсруулсан болох нь тод харагдаж байдаг.

Эрхэм хүндэт нөхөд өө,

Хүний нийгмийн хөгжил гурван цагийн алтан хэлхээ, амьд шүтэлцээнд үргэлжилдэг. Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй билээ.

Өнгөрснийг үнэлж дүгнэхдээ эдүгээчлэх, нам, улс төр, хувь хүний үзэмжээр хандах, засварлах, гоёчлох, туйлшрах, эсхүл ердөө л бусдад таалагдах үүднээс хандах зэрэг нь нэн осолтойг бид бодууштай.

Буруу замаар орж будилах, алдахын эхлэл чухамхүү эндээс үүддэг гэдгийг өнөө цагийн төрийн түшээд, төрийн албан хаагчид ямагт санаж явах учиртай.

Түүхэн үйл явдлыг тухайн цаг үеийнх нь нөхцөл байдал, онцлог, шалтгаан хийгээд үр дагавар, зайлшгүй ба санамсаргүйн хэлхээ холбоонд авч үзэх нь хамгийн зөв зарчим, арга зүй мөн билээ.

Чухам энэ зарчмаар анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг бид дүгнэн цэгнэх ёстой.

XX зууны эхэн үеийн дэлхий дахины улс төр, геополитикийн нөхцөл байдал, ялангуяа манай хоёр хөршийн зүгээс Монгол Улсын тусгаар байдалд хандах хандлага ихээхэн ээдрээ төвөгтэй байлаа.

Монголын эрх баригчид Зөвлөлт, Хятадын удирдагчидтай уулзахдаа Монгол Улс тусгаар байдлаа ямагт хадгалах бөгөөд Дундад Иргэн Улсын нэг хэсэг болохыг хэзээ ч, хэрхэвч зөвшөөрөхгүй гэдгээ хоёрдмол утгагүйгээр, итгэл төгс эрс шийдэмгий илэрхийлж байсан нь түүхэн үнэн юм. Түүх түүхээрээ л үлддэг.

Ийм эгзэгтэй цаг үед Монгол төрийн удирдагч, зүтгэлтнүүд улс төр, дипломатын уран хурц нүүдэл хийж, тусгаар тогтнолоо баталгаажуулан, улс гэрээ мандуулах арга эвийг эрэлхийлж, энэхүү эрхэм зорилгоо алхам алхмаар бататгасаар байсныг түүх гэрчилдэг.

Дамдины Сүхбаатар, Догсомын Бодоо, Солийн Данзан, Дансранбилэгийн Догсом, Догсомын Лосол, Дамбын Чагдаржав, Хорлоогийн Чойбалсан нарын зоригт хөвгүүд Ардын намыг анх байгуулж, улмаар эх оронч бүх хүчнийг тэмцэлд уриалан дуудаж, Ардын хувьсгалыг ялалтад хүргэсэн нь өөрийн газар нутагтаа эзэн суух гэсэн монголчуудын чин хүслийн биелэл, мөнх тэнгэрийн таалал байлаа.

Гэвч энэ бол их зохиолч Д.Нацагдоржийн өгүүлсэнчлэн “зөвхөн нарыг хэвээр үлдээж, хуучны хэв ёсыг үндсээр нь эвдэх” их өөрчлөлтийн эхлэл байв.

Хуучныг халж, шинэ засаг төрийг эмхлэн байгуулна гэдэг амар бүтэх ажил биш байлаа.

Дэлхийн аль ч улсын түүхэнд ноёрхогч байсан анги сайн дураараа эрх мэдлээсээ татгалзаж байсан түүх байдаггүй. Харин цус урсгасан олон жилийн ширүүн тэмцэл, иргэний дайнаар шийдэгдсэн гашуун түүх, сургамж цөөнгүй бий.

Харин тухайн үеийн манай нам, төрийн зүтгэлтнүүд иргэний дайнд хүргэлгүйгээр “чадвал зөөлөн, ядвал хатуу аргаар бошгыг халах бат журмаар үйлдэнэ” хэмээн түмэн олонд тунхаглан зарлаж, аль болох тайван замаар засаг төрийн эрхийг шилжүүлэхийг хичээсэн нь туйлын ухаалаг бодлого байсан юм.

Нийслэл хүрээг чөлөөлсний дараа Богд хаантай тангаргийн гэрээ байгуулж, төрийн нүсэр албыг Ардын Засгийн газарт, түмэн олон, лам хувраг, шашны хэргийг хэмжээт эрхт хаанд үүрүүлэхээр тохиролцож чадсаны хүчинд 1921-1924 онд томоохон ардчилсан өөрчлөлтүүдийг харьцангуй тайван аргаар хэрэгжүүлсэн юм.

Мөн Ардын Засгийн газар 1923 оны нэгдүгээр сард “Нутгийн захиргааны дүрэм” хэмээх Үндсэн хуулийн шинжтэй баримт бичгийг баталж, нутгийн захиргааг 10 гэр, баг, сум, отог, хошуу, аймаг гэсэн бүтэцтэй болгож, тус бүрд хурал байгуулах, угсаа залгамжлах ёсыг устгаж, аливаа тушаалтныг сонгуулийн журмаар тавих болсон нь одоогийн хэллэгээр эрх зүйн шинэтгэлийн эхлэл болсон юм.

Дээр дурдсан олон чухал арга хэмжээг Ардын Засгийн газар 1921-1924 онд авч хэрэгжүүлж чадаагүй байсан бол Улсын анхдугаар Их Хурлыг зарлан хуралдуулж, анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах засгийг тунхаглан зарлах нөхцөл бүрдэхгүй байсан хэмээн судлаачид дүгнэн үздэг юм.

Эрхэм төрийн түшээд ээ,

Ардын Засаг анхдугаар Үндсэн хуулийг хэлэлцэн батлах Улсын анхдугаар Их Хурлын төлөөлөгчдийг жинхэнэ ардчилсан зарчмаар сонгох, тэдгээрийн бүрэлдэхүүнд халх дөрвөн аймаг, их шавь болон дөрвөд, казах, буриад, алтайн ба Хөвсгөлийн урианхай, Ховдын тариачин хошуу зэрэг ястан угсаатны төлөөллийг заавал оролцуулахад онцгой анхаарч, багагүй хугацаа зарцуулжээ.

Шат шатны хурлын үр дүнгээр, өндөр босгыг давж сонгогдсон төлөөлөгчид Их Хурлын ажилд туйлын идэвхтэй оролцсон бөгөөд төрөө дээдлэх ёс, түмнээ төлөөлөх хариуцлагыг гүнээ ухамсарлан хорин өдөр амралтгүй хуралдан, их үйлсийг бүтээсэн түүхийг өнөөдөр ч эрхэм гишүүд Та бүхэн гүнзгийрүүлэн судлах нь зүйтэй.

Үндсэн хуулийн төслийг Ерөнхий сайд Цэрэндорж 1924 оны 11 дүгээр сарын 25-нд танилцуулж, 77 төлөөлөгч хоёр өдөр зүйл тус бүрээр хэлэлцэн Улсын анхдугаар Их Хурлаар буюу 1924 оны 11 дүгээр сарын 26-ны үдийн хойно 4 цаг 17 минутад 6 бүлэг, 50 зүйл бүхий Үндсэн хуулийг баталж байсан түүхтэй.

Энэ бол төрт ёсны өнө эртний түүхтэй монголчууд бидний хувьд анх удаа бичмэл Үндсэн хуультай болсон гайхамшигт үйл явдал байлаа.

Анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдол, өнөөгийн бидний амьдралд хэрхэн уялдаж буй талаар цөөн хэдэн зүйлээр тэмдэглэн хэлье.

Үүнд:

Нэгдүгээрт, Анхдугаар Үндсэн хуулиар улс орныхоо бүрэн эрхт байдлыг тунхаглан зарлаж, эдийн засаг, аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадлыг бататган бэхжүүлэх эхлэлийг тавьж чадсан юм.

Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлд “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн Эрхт Ард Улс” хэмээж улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэхээр заан, “1921 оны хувьсгалаас өмнө монголын эрх баригчдын гадаадтай байгуулсан гэрээ бичгүүд, зээлсэн мөнгө, өр төлбөр бол гадаадаас хүчирхэн хүлээлгэсэн болох тул цөмийг устгасанд тооцно, мөн гадаад улсуудтай харилцах, улс төрийн ба худалдааны гэрээ бичиг тогтоох, концесс ба монополын эрх олгох, устгах, улсын хил хязгаарыг өөрчлөх, байлдах, найрамдах, цэргийн хүчнийг байрлуулах зэрэг явдлыг улсын дээд эрхийг барих газруудын эрхлэн шийтгэх зүйлс мөн” хэмээн тогтоохын зэрэгцээ, Анхдугаар Үндсэн хуулийн оршил хэсэгт “Богд хааны тамгыг Засгийн газар шилжүүлэн залж хадгалах, Хаант Засгийг халж, цаашид Бүгд Найрамдах Засгийг тогтоон Да жунтан гэдэг ерөнхий даргыг сонгохгүй улсын бүх дээд эрхийг Улсын Их Хурал ба мөн Хурлаар сонгогдсон Засгийн газар хадгалах”-аар заасан байдаг.

Мөн улсын аж ахуй ба эдийн засгийн бодлогыг чухалчлан үзэж байсан бөгөөд Үндсэн хуульд улсын орлого, зарлагыг төсөвлөсөн дансанд нэгтгэж, улсын төсвийг үр ашигтай захиран зарцуулах хатуу чанд сахилгыг тогтоож өгсөн байна.

Түүнчлэн улс орноо батлан хамгаалах өөрийн гэсэн хүчнийг буй болгохыг зорьж Үндсэн хуулиар тогтоож байсан нь өнөөгийн Үндсэн хуульд “Монгол Улс өөрийгөө хамгаалах Зэвсэгт хүчинтэй байна” хэмээх заалтаар уламжлагдан хэрэгжиж ирснээс харж болно.

Хоёрдугаарт, Анхдугаар Үндсэн хуулийн бас нэгэн томоохон ололт нь анх удаа хүний эрх, эрх чөлөөг тунхаглаж, тэдгээрийг хэрэгжүүлэх арга замыг тогтоож өгсөн явдал юм.

Анхдугаар Үндсэн хуульд “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн эрхтэй Ард Улс хэмээнэ” гэж тунхаглан, ард иргэдийнхээ эрх, эрх чөлөөг баталгаажуулахдаа эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийг хангаж, түүн дотроо эрэгтэй, эмэгтэй хүмүүс адил, тэгш эрхийн үндсэн дээр сонгох, сонгогдохоор заасан нь Ази тивдээ анхдагч ардчилсан Үндсэн хууль болсон юм.

Тэгвэл ардчилсан гэгдэх барууны орнуудаас эмэгтэйчүүдийн сонгуульд оролцох эрхийг 1944 онд Франц, 1948 онд Баруун Герман, 1971 онд Швейцар, 1974 онд Португал, 1975 онд Грек, 1976 онд Испани нээж өгсөн бол анхны бичмэл Үндсэн хуулийг баталсан АНУ хүйсээр үл ялгаварлан эмэгтэй, эрэгтэй хүн адил цалин хөлс авах тухай хуулийг 1963 онд баталж байсан түүхтэй.

Анхдугаар Үндсэн хуулийн дээрх үзэл санаа өнөөгийн парламентад ч тусгалаа олж эмэгтэйчүүдийн парламентад сонгогдох боломжийг нэмэгдүүлэх талаар онцгой анхаарсны үр дүнд 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар 32 эмэгтэй сонгогдож, нийт гишүүний 25 хувийг бүрдүүлсэн нь Ази тивдээ парламент дахь эмэгтэй гишүүдийн төлөөллөөр тэргүүлэх үзүүлэлт болсныг энэхүү түүхэн өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Гуравдугаарт, Үндсэн хууль нэгэнт улс төр, эрх зүйн баримт бичиг болохын хувьд анхдугаар Үндсэн хуулиар Монгол Улсын гадаад бодлого, түүний хэтийн чиглэлийг оновчтой тодорхойлж чадсан.

Тухайн үеийн нам, төрийн удирдагчид гадаад, дотоод улс төрийн нөхцөл байдал улам хүндэрч байсан аянгат цагийн амаргүй, эгзэгтэй үед улс төр, дипломат харилцаанд өчүүхэн боловч алдаа гаргахгүйг хичээж туйлын хянуур болгоомжтой хандан анхдугаар Үндсэн хуульдаа “Бүх дэлхийн жинхэнэ ард түмний зорилго нь одоогийн эзэрхэг хөрөнгөтний байдлыг үндсээр устгаж, нийгэм журамт ба эв хамт ёсыг эрмэлзэх тул бидний жинхэнэ ард улсаас гадаадтай харилцах засгийн бодлогыг бүх дэлхийн бага буурай улс ба хувьсгалт ард түмний ашиг тус, үндсэн зорилготой нийцүүлж явуулбал зохино.

Мөн цагийн байдлыг хянаж, ямар ч гадаад улстай харилцан найрамдаж болох боловч бидний улсын бүрэн эрхэд халдах этгээд бий ахул бүхий л хүчээр эсэргүүцнэ” хэмээн энх тайванч гадаад бодлого явуулахаа дэлхийн улс түмэнд анх удаа зарлан тунхаглаж байсан түүхтэй юм.

Энэхүү бодлого нь эдүгээ ч ач холбогдлоо алдаагүйн дээр Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын эх үндэс болон одоо ч өргөжин бэхжиж байна.

Түүнчлэн тусгаар тогтносон Монгол Улсын бүрэн эрхэд хэн нэгэн этгээд халдах аваас шууд эсэргүүцэн тэмцэнэ, ямар нэгэн буулт, яриа хэлцэл хийхгүй гэдэг жанжин шугамаа тууштай илэрхийлж чадсан байдаг.

Тухайн үеийн түгшүүрийн харанга дэлдсэн эгзэгтэй нөхцөл байдалд адгаж бачуурч, сандарч тэвдэлгүй, хийх алхмуудынхаа ээлж дарааллыг нарийн зөв тооцож, алсыг харсан байр сууриа тодорхойлж чадсан энэхүү гадаад бодлого нь цаг хугацааны олон сорилт, шалгуурыг амжилттай даван туулсан бөгөөд үүнийг Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэн 1961 он хүртэлх түүхэн үйл явдлууд нотлон харуулдаг юм.

Хожим “баруунтан” хэмээн буруутсан тэр үеийн удирдагчид Зөвлөлт Орос Улстай харилцаагаа хөгжүүлэхийн зэрэгцээ Монголыг гадаад гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэх боломжийг эрэлхийлж байсан түүхтэй.

Герман, Англи, Америк, Япон зэрэг орны элчин сайд, дипломат төлөөлөгчидтэй уулзаж, харилцаа тогтоох хүсэлтэйгээ илэрхийлж, Германд Монголын худалдааны төлөөлөгчийн газрыг нээж, Франц, Герман улсад Д.Нацагдорж, Д.Пагмадулам нарын 40 орчим хүүхэд, залуусыг сургахаар илгээсэн зэрэг нь тэрхүү бодлогын тод илрэл юм.

Харамсалтай нь, анхдугаар Үндсэн хуулийнхаа заалтуудыг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэж байсан хүмүүс түүхийн ээдрээ, нугачаатай он жилүүдэд хэлмэгдсэнээр бусад улс оронтой харилцаж, тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх гэсэн оролдлого нэг хэсэгтээ зогссон юм.

Дан ганц Зөвлөлт Орос Улсаар хүлээн зөвшөөрөгдсөн байх нь хангалтгүй, бусад улс оронтой ч хэлэлцээр хийх ёстой, үлгэрлэвээс Швейцар лугаа адил төвийг сахисан улс болохыг эрмэлзэх ёстой гэсэн Жамсрангийн Цэвээн, мөн Монгол Улстай харилцахаас татгалзаагүй л бол дэлхийн бүх оронтой ойртон нөхөрлөх гэсэн Догсомын Бодоо, Балингийн Цэрэндорж, Анандын Амар, Цэрэн-Очирын Дамбадорж, Наваандоржийн Жадамба зэрэг тухайн үеийн нам, төрийн зүтгэлтнүүдийн баримталж байсан байр суурь өнөөгийн Монгол Улсын гурав дахь хөршийн бодлогын үндэс суурийг тухайн үед томьёолж байсан гэж үзэж болох юм.

Дөрөвдүгээрт, Манай улс 1924 онд анхны Үндсэн хуулиа баталснаар Ази тивийн Үндсэн хуультай анхны улсууд болох Япон, Иран, Афганистан зэрэг улстай хамт бичигдэж, Ази тивд Үндсэн хуульт ёсыг хөгжүүлж ирсэн тэргүүлэх улс орнуудын дотор зүй ёсоор багтдаг хэмээн Үндсэн хуулийн эрдэмтэн, судлаачид  дүгнэн үздэг.

Энэхүү анхдугаар Үндсэн хуулийг боловсруулахад Зөвлөлт Орос Улсаас туслалцаа, дэмжлэг авсан нь тухайн үеийн нөхцөл байдлаас үүдсэн бодит үнэн бөгөөд энэ нь нэг талаасаа манай орны эрх зүйн тогтолцоо эх газрын эрх зүйн бүлээс улбаатай болсны нэгэн нотолгоо юм.

Анхдугаар Үндсэн хуулиар Хаант засгийг халж, Бүгд Найрамдах засаглалыг тогтоосон нь манай улсын өнгөрсөн зууны хөгжил дэвшлийн үндэс суурь, өнөөгийн ардчилсан Монгол орны төрийн байгууламжийн үндсэн хэлбэр болон хөгжин бэхжиж байна.

Ийнхүү анхдугаар Үндсэн хууль нь үндсэн хуульт ёсны үзэл санааг түүчээлэн хөгжүүлэх зам мөрийг тавьж, нийгмийн өөрчлөлт, цаг үеийн онцлогийг тусгасан 1940, 1960, 1992 оны Үндсэн хуулиудыг батлан гаргах хөрс суурь болсон байна.

Монгол Улсын анхдугаар болон 1940, 1960 оны Үндсэн хуулиуд нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, төрийн байгууллын тогтолцоог хуульчлан бэхжүүлж ирснээрээ онцгой ач холбогдолтой, нийтлэг шинжтэй бөгөөд тухай цаг үеийн улс орны хөгжил дэвшилд өөр өөрийн түүхэн үүргээ зүй ёсоор биелүүлж ирсэн түүхтэй.

Монгол оронд 1980-аад оны сүүл, 1990-ээд оны эхэнд өрнөсөн ардчилсан өөрчлөлт шинэчлэлтийн үр дүнд монголчууд бид үндэсний язгуур эрх ашиг, ардчилсан үзэл санааны төлөө эвлэлдэн нэгдэж, улс төр, нийгэм, эдийн засаг, оюун санааны шинэ тогтолцоонд шилжиж чадсан нь манай улсын түүхийн бас нэгэн онцгой үйл явдал байсан.

Шинэ Үндсэн хуулийг боловсруулж, ард түмнээр хэлэлцүүлж, баталсан үйл явц нь монголчууд бидний үндэсний их зөвшилцөл, үзэл санааны дэвшил байсан юм.

Ардчилсан шинэ Үндсэн хууль нь Монголын ард түмний амьдралд түүхэн шинэ эргэлт болж, тусгаар тогтнол бүрэн эрхт байдлаа бататган бэхжүүлж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх үндэс суурь болсон билээ.

Энэхүү Үндсэн хуулийн үр дүнд хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, иргэний нийгэм, ардчилсан сонгууль, олон намын тогтолцоо, нутгийн өөрөө удирдах ёс зэрэг ардчилсан нийгмийн үндэс суурийг бэхжүүлж чадсан.

Монгол Улсын үндсэн хуульт ёсны 100 жилийн түүхэн хөгжил нь аливаа эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай байх зарчимд суурилан төр, засгийн эрх мэдлийг Үндсэн хуулиар тогтоож, хүний эрх, эрх чөлөөг хамгаалан баталгаажуулж, эрх зүйт төрийг байгуулахын төлөөх нэгэн зууны нөр их хичээл зүтгэл, эрэл хайгуул, сургамж, туршлага, бидний түүх, өв соёл, үнэт зүйл болсон юм.

Монголын ард түмний Үндсэн хуульт ёсны энэхүү баялаг түүх нь зөвхөн манай ард түмний түүх, өв соёл төдийгүй хүн төрөлхтний үндсэн хуульт ёсны түүхийн салшгүй нэг хэсэг юм.

Өнгөрсөн зууны түүхийг товчилж хэлбэл, бидний өвөг дээдэс Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, тусгаар тогтнолоо зарлан, даян дэлхийд улс орноо хүлээн зөвшөөрүүлж, Хүннү гүрэн, Их Монгол Улсын гал голомтыг сэргээн бадрааж, орчин цагийн ардчилсан Монгол Улсыг цогцлоон байгуулсан “Тусгаар тогтнол, хөгжил дэвшил”-ийн агуу зуун байлаа.

1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, 1921 оны Ардын хувьсгал, 1939 оны Халхын голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайн, Тусгаар тогтнолын төлөөх бүх ард түмний санал хураалт, 1961 онд НҮБ-д гишүүнээр элссэн хийгээд 1990-ээд оны ардчилсан өөрчлөлт, шинэчлэлт зэрэг сүүлийн хоёр жаранд тохиосон манай улсын нийгэм, эдийн засаг, улс төр, оюун санааны гайхамшигт өөрчлөлтүүд нь агуу түүхт Монголын ард түмний язгуур эрх ашиг, үндэсний эв нэгдэл, хамтын хүчээр сэргэн мандсан эх оронч үзэл санааны ялалт байсныг энэхүү түүхт ойн баярын өдөр тэмдэглэн хэлэхэд бахдам сайхан байна.

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Эрхэм хүндэт төрийн түшээд ээ,

Одоогоос 100 жилийн өмнө монголчууд бид эрх чөлөө, тусгаар тогтнолоо сонгож, улсынхаа бүрэн эрхт байдлыг Үндсэн хуулиараа баталгаажуулж чадсан бол Монгол Улстай сайн харилцаа тогтоохыг хүссэн бүх оронтой найрамдан нөхөрлөх өвөг дээдсийн чинхүү хүслийг эдүгээ цагт биелүүлж, НҮБ-ын бүх гишүүн орон болох 192 улстай дипломат харилцаа тогтоох зорилтоо бүрэн ханган хэрэгжүүлж чадсан гэдгийг баярын энэ өдөр хэлэхэд таатай байна.

Үе үеийн чин зоригт, эх оронч өвөг дээдсийн халуун амь, бүлээн цусаар дархлагдсан Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хөгжил дэвшлийг өнөө цагт өртөөлөн, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх нь Та бидний эрхэм үүрэг, түүхэн хариуцлага билээ.

Иймд цаашид бид шинэ Үндсэн хуулиар баталгаажуулсан Монголын ард түмний ололт амжилт, үнэт зүйл болсон ардчилсан төр, засаг, парламент ёсоо бэхжүүлж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхийн төлөө төр, засаг, улс төрийн нам, эвсэл, иргэний нийгэм, ард түмнээрээ хамтран хүчин зүтгэх учиртай.

Эрх зүйт төртэй улсад үндэсний эв нэгдлийн хүчээр Үндсэн хуулиа баталж, Үндсэн хуулиараа үндэсний эв нэгдлээ хангадаг жамтай.

Эв нэгдэл үгүй бол улс үндэстэн оршин тогтнож, хөгжин дэвжих боломжгүй юм.

“Хоёр хүн эвтэй бол төмөр хэрэм мэт, хорин хүн эвгүй бол нурсан балгас мэт” хэмээх Их эзэн Чингис хааны билиг сургаалыг ямагт санаж, эрх чөлөө, тусгаар тогтнол, эв нэгдлээ бататган бэхжүүлэн, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэж, ёсыг сахиж амьдрах нь бидний хөгжил дэвшил, мандан бадрахын үндэс байх болно гэдгийг монгол хүн бүр зүрх сэтгэлдээ тээж явах учиртай.

Тиймээс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан энэ өдөр бол монголчууд бидний улс үндэстэн, тусгаар тогтнолоороо бахархах үндэсний их бахархлын өдөр мөн.

Энэ бахархлын эзэн нь эрх чөлөөт Монголын ард түмэн билээ.

Учир иймээс манай ард түмэн эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаагаа гүнээ ухамсарлан, төрт ёсны үнэт зүйл, өв соёл, үүх түүх, Үндсэн хуулиа эрхэмлэн дээдэлж, үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эв эеэ сахин бататгаж, улс Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа хүчин зүтгэхийг төрийн тэргүүн ард түмэндээ уриалж байна.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.

Categories
арын-нүүр баннер их-уншсан нүүр-хуудасны-баннер-1 онцлох-нийтлэл томилолт туслах-ангилал улс-төр эрэн-сурвалжлах ярилцлага

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүллээ DNN.mn

Эрхэм хүндэт туурга тусгаар Монгол Улсын ард иргэд ээ,

Та бүхэнд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, ард түмэн засаглах, эрх чөлөөтэй амьдрах үндсийг бүрдүүлсэн анхдугаар Үндсэн хууль батлагдсан 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

Одоогоос 100 жилийн өмнө монголын аймаг, хошууд, ардын цэргийн ангиудаас сонгогдсон 77 төлөөлөгч Улсын Анхдугаар Их Хурлаар чуулж анхны Үндсэн хуулиа 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж Бүгд Найрамдах Улсыг тунхагласан түүх бол бидний бахархал мөн.

Монголчууд дэлхий дахинаа Бүгд Найрамдах улсаа тунхаглаж анхдугаар Үндсэн хуулиа баталснаар зүүн болон төв Азидаа Япон, Хятад улсын хамт Үндсэн хууль бүхий эхний гурван улс болж, тэргүүлж хөтөлсөн түүхтэй. Ийнхүү Бүгд Найрамдах засаглалыг тогтоож, дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлж, үндсэн хуульт ёсыг нэвтрүүлж, тивдээ түүчээлсэн нь бидний хувьд үнэ цэнэтэй.

ХХ зууны эхэн үеийн дэлхийн улсуудын байдлыг авч үзэхэд өмнөд хөршид Манж Чин улсын уналт, хойд хөршид Октябрын хувьсгал, Европ тивд улс орнуудын зөрчилдөөн, Дэлхийн I дайн, зарим үндэстний тусгаар тогтнолын төлөөх тэмцэл өрнөж, дайн дажины хурцадмал нөхцөлтэй байсныг та бүхэн мэднэ. Дэлхий дахин амар амгалангүй байсан энэ цаг үед Монголчууд жинхэнэ эрх чөлөөнд хүрэх зорилгоо ахиулж, Бүгд Найрамдах засгаа тунхаглаж чадсан нь үнэхээр бахархалтай үйл явдал.

1924 оны Үндсэн хуулийн улс төр, эрх зүйн ач холбогдол нь төрийн эрх мэдлийг ард түмэнд шилжүүлж, төрийг сонгуульт зарчмаар удирдах тогтолцоог бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөөний талаар зарим дэвшил гарган хуульчилж, Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласанд оршино.

Зуун жилийн өмнө Монголчууд ард түмэн засаглах, төлөөллийн зарчмаар төрийг удирдах, байгалийн баялгийг ард түмний мэдэлд харьяалуулах, улсын бэлгэ тэмдгийг тогтоох, хууль тогтоох байгууллага нь гүйцэтгэх засгаа томилох, хүний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулах, нутгийн удирдлагын бүрэн эрхийг тодорхойлох зэрэг олон чухал асуудлыг тунхаглаж байсан нь залгамжлагдаж өнөөгийн ардчилсан Үндсэн хуульд бэхжин төгөлдөржсөөр байна.

Монгол Улс анхдугаар Үндсэн хууль баталснаас хойш 100 жилийн хугацаанд 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулиа бүтэц, бичвэр, агуулгын хувьд улам бүр баяжуулан сайжруулсныг та бүхэн мэднэ. Үндсэн хуульт ёсны энэхүү хөгжлийн үе шатад төрт улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг өчүүхэн ч төдий дордуулаагүй нь Монголчууд бидний бас нэгэн бахархах зүйл мөн юм.

Анхдугаар Үндсэн хуульд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх, төрийн эрх мэдлийн уг сурвалж жинхэнэ ард буюу иргэд байх зарчмыг анх удаа тогтоосон нь дараа дараагийн Үндсэн хуульд бэхжиж, улмаар 1992 оны ардчилсан Үндсэн хуулийн амин чухал зарчмын нэг болсон билээ.

Тиймээс өнөөгийн парламентын засаглал нь геополитик, дотоод улс төрийн нөхцөл байдлын хувьд чухал тогтолцоо бөгөөд үүнийг цаашид улам бүр төгөлдөржүүлэн авч явах ёстой.

2023 онд ардчилсан Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн дүнд таван намын төлөөлөл бүхий 126 гишүүнтэй парламент бүрдэж олон ургалч үзэл санаа хангагдах нөхцөл бий боллоо.

Шинээр бүрдсэн парламент Үндсэн хуулийн эрхэм зорилгод үндэслэн Стратеги төлөвлөгөөгөө баталсан бөгөөд цаашид хууль тогтоох болон хянан шалгах бүх үе шатад хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлага нэн тэргүүнд тавигдана.

Монгол Улсын Их Хурал ардчилсан Үндсэн хуулийн онцгой чухал зарчим болох ард түмэн засаглах Бүгд Найрамдах Улсын эрх зүйн үндсийг тогтоосон анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг тэмдэглэж, ард түмэн бид бүрнээ дагаж мөрдвөл зохих 1992 оны Үндсэн хуулиа дээдлэн залах тухай тогтоолыг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр баталсныг та бүхэнд дуулгахад таатай байна.

Бид өнөөдөр анхдугаар Үндсэн хуулийн зуун жилийн түүхэн ойн өдөрт гүн хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ цаашид Бүгд Найрамдах ёс, ард түмний засаглал, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хойч үедээ уламжлан дамжуулах төрийн байгуулалт, төрт ёсыг бэхжүүлэх эрхэм хүндтэй үүргээ нэр төртэйгээр биелүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

Та бүхэндээ Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн зуун жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Categories
арын-нүүр баннер их-уншсан нүүр-хуудасны-баннер-1 онцлох-нийтлэл томилолт туслах-ангилал улс-төр эрэн-сурвалжлах ярилцлага

“Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” сэдэвт хэлэлцүүлэг боллоо DNN.mn

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс өнөөдөр (2024.11.22) “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Улсын Их Хурлын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх, Ажлын дэд хэсгийн гишүүн Н.Отгончимэг хэлэлцүүлгийг нээж үг хэлсэн.

Тэрбээр Улсын Их Хурлын даргын 2024 оны 74 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт Улсын Их Хурлын Тамгын газрын зөвлөхүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын хуульчид, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яамны болон бусад яамдын хуулийн мэргэжилтнүүд, Монголын хуульчдын холбоо болон бусад мэргэжлийн байгууллагын хуульчид ажиллаж байгааг тодотгосон.

Ажлын дэд хэсгийн гишүүд эхний ээлжинд Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага бий эсэхийг судлан, өөрчлөлт оруулах шаардлагатай бол ямар агуулгаар өөрчлөлтийг хийх талаар судалгаа хийн, үзэл баримтлалыг боловсруулахаар ажиллаж байгааг мэдээлсэн юм.

Энэ өдрийн хэлэлцүүлгээр шүүгч, судлаач Т.Мөнх-Эрдэнээр ахлуулсан баг Хууль тогтоомжийн хууль ба бусад улс орнуудын нийтлэг чиг хандлага, сайн туршлагын талаарх харьцуулсан судалгаагаа танилцуулж, Хууль тогтоомжийн тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтын хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний талаар судлаач Т.Золбоо танилцуулга хийсэн.

Мөн Улсын Их Хурлын Тамгын газрын Хуулийн газрын Хууль зүйн дүн шинжилгээний хэлтсийн ахлах зөвлөх Г.Агар-Эрдэнэ Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар мэдээлэл танилцуулж, хэлэлцүүлэгт оролцогчид асуулт асууж, мэдээлэл солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Categories
америкийн-монголчууд амьдралын-өнгө ардын-цолтон арслан булангууд видео-мэдээ жинлүүр загас зурхай ихэр матар мэдээ мэлхий нийтлэл нийтлэл нийтлэлийн-баннер нум нэг-ангийнхан онцлох-нийтлэлийн-баннер охин өд-бэх сав-шимийн-ертөнц спорт сурталчилгаа танайд-өнжье удам-судар үхэр хилэнц хонь хумх энгийн-нийтлэлийн-баннер эх-орон-сумаас-эхэлнэ

Монголын шигшээ баг ням гаригт БНХАУ-ын шигшээтэй тоглоно DNN.mn

Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ баг “FIBA Asia Cup 2025 Qualifiers” тэмцээний хэсгийн тоглолтоо өчигдөр арваннэгдүгээр сарын 21-нд Японы шигшээ багийн эсрэг хийж, 75:93 харьцаатай ялагдал хүлээсэн. Тэгвэл тэдний дараагийн тоглолт Улаанбаатар хотод “UG Arena”-д болно. Тэд энэ сарын 24-нд буюу ням гарагт БНХАУ-ын шигшээ багтай тоглох юм.

Categories
америкийн-монголчууд амьдралын-өнгө ардын-цолтон арслан арын-нүүр баннер булангууд видео-мэдээ жинлүүр загас зурхай их-уншсан ихэр матар мэдээ мэлхий нийтлэл нийтлэл нум нүүр-хуудасны-баннер-1 онцлох-нийтлэл охин өд-бэх сав-шимийн-ертөнц танайд-өнжье томилолт туслах-ангилал удам-судар улс-төр үхэр хилэнц хонь хумх эрэн-сурвалжлах эх-орон-сумаас-эхэлнэ ярилцлага

ХЗБХ: Монгол Улсын 2025 оны төсөв, холбогдох хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжив DNN.mn

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2024.11.22) хуралдаан 13 цаг 17 минутад гишүүдийн 59.1 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэв.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг эхлээд хэлэлцсэн бөгөөд энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар танилцууллаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь хориг тавьсан гэв.

Гадаад зах зээлийн төлөв байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзлийг харгалзан, гадаад валютын улсын нөөц, төсвийн хуримтлалыг нэмэгдүүлэх, өрийг бууруулах зэрэг суурь зарчмуудыг анхаарч мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж алдагдалгүй төсөв батлах нь зүйтэй гэжээ. Олон улсын геополитик, гео-стратегийн нөхцөл байдлаас шалтгаалж, гадаад эдийн засгийн төлөв байдал урьдчилан таамаглах боломжгүйгээр хувьсан өөрчлөгдөж, түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнэ ханш өндөр хэлбэлзэлтэй байгааг дурдсан. Энэхүү эгзэгтэй цаг үед мөчлөг сөрсөн эдийн засгийн бодлого хэрэгжүүлж, үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй, хөгжилд хөтөлсөн төсөв төлөвлөж, батлах нь нийт иргэн, улсын ашиг сонирхолд бүрэн нийцнэ хэмээн тэрбээр танилцуулав. Энэ нь эдийн засгийн болзошгүй хүндрэл, бэрхшээлийг хохирол багатай даван туулах нөөц боломж, хуримтлалыг нэмэгдүүлэх, үнэ, ханшийн өсөлтийг хязгаарлах, эдийн засгийн тогтвортой байдал, ард иргэд, аж ахуйн нэгж, татвар төлөгчдийн хэвийн үйл ажиллагааг хангах баталгаа болно гэж үзсэн гэлээ.

Эдийн засгийн тогтвортой байдал, өсөлтийг хангах нь хөгжлийн бодлого, тэргүүлэх зорилт, төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, улсын аюулгүй байдал, тогтвортой хөгжил, ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулах үндэс суурь болохыг ямагт санах учиртай хэмээгээд “Монгол Улсын Их Хурал 2025 оны улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6 4.1-д заасан “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, мөн хуулийн 6.5.1-д заасан “төсөв хэлэлцэх, батлах үйл ажиллагааг нийтэд нээлттэй байлгаж, төсвийн төлөвлөгөө, гүйцэтгэл, тайлагналын талаар тогтоосон хугацаанд нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх”, мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д заасан “төсвийн бодлого, стратегийн зорилт нь макро эдийн засгийн болон татварын тогтвортой орчныг бүрдүүлэх, инфляцийг хязгаарлахад чиглэсэн байх”, 5.1.6-д заасан “төсвийн хөрөнгийн хуваарилалт, байршуулалт, хэрэглээ нь эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдолтой байх” гэсэн заалтуудыг бүрэн хангаагүй бөгөөд энэ байдал нь хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчимд нийцэхгүй байна” гэжээ. Үүний зэрэгцээ Улсын Их Хурлаар саяхан баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан “Төсвийн урсгал зардлын тэлэлтийг хязгаарлаж, төсвийн алдагдал, Засгийн газрын өрийн тусгай шаардлагыг хангана” гэсэн зорилтоо бодитой хэрэгжүүлж ажиллахыг Ерөнхийлөгч сануулжээ.

Мөн ард иргэд, баялаг бүтээгч, татвар төлөгчид болон мэргэжлийн байгууллагуудын зүгээс төсвийн сахилга батыг чангатгах, үр ашигтай, хэмнэлттэй байх зарчимд нийцүүлэн төсвийн зардлыг бууруулах, чиг үүргийн давхардлыг арилгах, улс төрийн нам, эвслүүд сонгуулийн амлалтаа биелүүлэх зэрэг санал, шүүмжийг илэрхийлж байгаа нь зүй ёсны шаардлага хэмээн үзсэн байна.

Түүнчлэн Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль тогтоомжууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэсэн заалтыг зөрчих нөхцөлийг бий болгосон байна. Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 41 дүгээр тогтоолыг баталсан. Энэхүү тогтоолоор Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль нь Төсвийн болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан зарчмуудыг бүрэн хангаагүй, төрийн мөнгөний бодлоготой нийцээгүй, төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж чадаагүй болохоо хүлээн зөвшөөрч, батлагдсан төсвийг тодотгож, дахин засаж сайжруулах шаардлагатай гэсэн агуулгыг илэрхийлсэн байна. Мөн Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Засгийн газар дараах тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголын төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасан.

Гэтэл Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль хүчин төгөлдөр болж, дагаж мөрдөж эхлээгүй, Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан тохиолдол үүсээгүй байхад Улсын Их Хурал төсөвт тодотгол хийхээр тогтоол баталж, чиглэл болгож байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “. . . хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” хэмээх заалтыг зөрчих нөхцөлийг бүрдүүлсэн гэдгийг Г.Занданшатар танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар хоригт дурдсан “мөчлөг сөрсөн төсвийн бодлого” хэмээх агуулгын талаар тодруулж хариулт авсан бол Ц.Сандаг-Очир гишүүн Ерөнхийлөгч хориг тавьсан шалтгаан нь төсвийн алдагдлыг бууруулах уу, эсхүл алдагдалгүй байх уу гэдгийг лавлав. Ерөнхийлөгч Монгол Улсын 2025 оны төсвийг алдагдалгүй төсөв батлах нь зүйтэй хэмээн үзсэн болохыг Г.Занданшатар дарга тодотгоод, холбогдох тайлбарыг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Б.Заяабал, Д.Ганбат нар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн бол П.Сайнзориг гишүүн улсын төсвийг дагаад засаг, захиргааны нэгжүүд дагалдан төсвөө батлахаар хүлээж байгааг дурдав. Улсын төсөвтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьж байгаа нь анхны тохиолдол биш гэдгийг тэрбээр дурдаад Монгол Улсын 2025 оны төсвийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг хангалтгүй ажилласан хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн. Дараа нь хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Дараа нь Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Төслийн талаар Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар танилцуулж, гишүүд холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Иймд санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжин баталлаа. Ингэснээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголын товыг өөрчилж, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлийн газраас мэдээлэв.

Categories
нийгэм нийтлэлийн-баннер нэг-ангийнхан онцлох-нийтлэлийн-баннер спорт сурталчилгаа энгийн-нийтлэлийн-баннер

О.Сүлдхүү Армийн дэлхийн аварга боллоо DNN.mn

Арменийн нийслэл Ереван хотод чөлөөт бөхийн Армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Эрэгтэйчүүдийн 79 кг-ын жинд шигшээ багийн тамирчин О.Сүлдхүү аваргын алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлсэн бол 57 кг-д олон улсын хэмжээний мастер М.Даваабанди мөнгөн медалийн эзэн боллоо гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.