Categories
мэдээ улс-төр

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.06.19) Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, М.Нарантуяа-Нара, Ч.Лодойсамбуу, Г.Уянгахишиг, А.Ундраа нар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.

Бизнес эрхлэгчдэд татвар, зээл, түрээсийн дарамт их байгаа энэ цаг үед аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/, нийгмийн даатгалын шимтгэл зэрэг нь хүндрэл учруулж байгаа учраас НӨАТ-ын хувь хэмжээг 5 хувь болгох хуулийн төслийг санаачлан боловсруулсан байна. Өнөөдрийн байдлаар аж ахуй нэгжүүдийн НӨАТ-ын өр 540 тэрбум төгрөгт хүрч, эдгээр хувийн хэвшлүүдийн дансыг хаах нөхцөл байдал үүссэн гэлээ.

Манай улсын НӨАТ-ын орлого өсч, орлого цуглуулах чадвар нэмэгдэж байгаа хэдий ч үр дүнд нь инфляци, ажилгүйдлийн түвшин өсөх, ДНБ буурах эрсдэл үүсэж болзошгүй байна гэдгийг хууль санаачлагчид онцоллоо. Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн Албан татвар ногдуулах хувийн хэсгийн “11.1.Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна.” заалтын “… 10 хувиар ногдуулна.” гэснийг “… 5 хувиар ногдуулна” гэж өөрчлөх санал гаргажээ. Хуулийн өөрчлөлт батлагдсанаар орлого цуглуулах чадварын үзүүлэлт сайжирч, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг болохоос гадна татвар төлөгчдийн бааз нэмэгдэж, эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, улсын төсөвт цугларах татварын орлого нэмэгдэх боломжтой гэж үзэж буйгаа танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

ТЗХДХ: Бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр, хураамжийн зарлагыг бууруулах шаардлагатай гэв

Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны өнөөдөр /2025.06.18/-ийн хуралдаанаар Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2024 оны урсгал зардлын Бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр, хураамжийн зарцуулалтын талаарх Сангийн яам, Үндэсний аудитын газар болон холбогдох бусад байгууллагын мэдээллийг сонслоо.

Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж “Төсөв нь нэг талдаа төрийн үйлчилгээг хүргэх зорилготой ч нөгөө талдаа төр үйлчилгээгээ хүргэхийн тулд хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх шаардлагатай байдаг. Бусдаар гүйцэтгүүлсэн бусад нийтлэг ажил, үйлчилгээний төлбөр, хураамж 2023 онд нийтдээ 1 их наяд 43.1 тэрбум төгрөг батлагдаж байсан бол 2024 онд 1 их наяд 395.9 тэрбум төгрөгийг зарцуулсан байна гэв.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Б.Заяабал, нарын гишүүд асуулт асууж, үг хэллээ. Гишүүд 2025 оны төсвийг хэлэлцэх үеэр бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр, хураамж огцом нэмэгдсэн байгаад анхаарлаа хандуулж зардлыг бууруулах шаардлагатайг хэллээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.06.19) нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад, гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэлж, Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар эхлүүлсэн бөгөөд хууль санаачлагчийн илтгэл болон Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. Түүнчлэн гишүүд хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан байр сууриа илэрхийлж, санал хураалтыг хойшлуулаад байсан юм. Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явууллаа. Санал хураалтад оруулсан Улсын Их Хурлын 75 гишүүний 54.7 хувь нь Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив. Үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн төсөл тус бүрээр санал хураалт явуулж шийдвэрлэлээ. Санал хураалтад оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн  анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын санаачлан, өргөн мэдүүлсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар эхлүүлсэн бөгөөд гишүүд Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авсан бөгөөд Хууль зүйн байнгын хорооноос санал хураалгахаар бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаарх санал хураалтыг хойшлуулсан юм. Иймд өнөөдрийн хуралдаанаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэв.

Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нийт гишүүдэд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг мөрдөж ажиллахыг хүслээ. Тэрбээр таван нам, эвслийн төлөөлөл бүхий парламент учир гишүүдийн байр суурь, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангах үүднээс хуралдааны дэгийг зохицуулалтынх нь хүрээнд уян хатан байдлаар хэрэгжүүлж буйгаа хэлсэн. “Улсын Их Хурлын гишүүд бид холбогдох хуулиа сахиж, хуралдааны дэгээ мөрдөж ажиллах ёстой. Бид хууль тогтоох үйл ажиллагаагаа эмх цэгцтэй, зарчимтай, нээлттэй, ил тод явуулж чадвал олон нийт сэтгэл хангалуун байх нөхцөл бүрдэнэ. Ийм учраас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг мөрдөж, ажиллана” гэв. Үүний хамт Засгийн газрын гишүүнээр томилогдсон Улсын Их Хурлын гишүүдийг чуулганы хуралдаандаа хариуцлагатай оролцож, хүндэтгэлтэй хандахыг сануулсан юм.

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн талаарх Хууль зүйн байнгын хороо дэмжсэн, дэмжээгүй зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дууссаны дараа төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлэв.

Үдээс өмнөх нэгдсэн хуралдааны төгсгөлд Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. Төрийн албаны зөвлөлийн гурван гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан. Үүнтэй холбогдуулан Төрийн албаны тухай хууль дахь “…Зөвлөлийн гишүүнд Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тус бүр нэг хүний, төрийн албан хаагчийн төлөөлөл хоёр хүний нэр дэвшүүлэх …” гэсэн зохицуулалтын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас нэр дэвшүүлсэн Л.Золзаяагийн талаар Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Ганболд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Нэр дэвшигч Л.Золзаяа нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн, 48 настай.  Эрх зүйч мэргэжилтэй, бизнесийн удирдлага, олон улсын худалдааны магистрын зэрэгтэй. Төрийн албаны албанд 23 жил 9 сар ажилласан туршлагатай,  үүнээс Тагнуулын ерөнхий газарт ахлах ажилтан, тасгийн дарга, газрын орлогч дарга, Авлигатай тэмцэх газарт ахлах мэргэжилтэн, Гадаад харилцааны яаманд, БНХАУ-д суугаа Дипломат төлөөлөгчийн газарт Консул, Тэргүүнээр ажиллаж байсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт Хуулийн бодлогын газрын ахлах референтээр ажиллаж буй юм байна. Л.Золзаяа нь 2021 оноос хойш үндэсний аюулгүй байдал, гадаад харилцааны чиглэлээр ажилласан төрийн албаны туршлагатай хэмээн үзэж Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлжээ.

Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар танилцуулав. Байнгын хороо уг асуудлыг 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна. Төрийн албаны зөвлөлийн гурван гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Лхагвасүрэнгийн Золзаяаг нэр дэвшүүлсэн болохыг дурдав.

Төрийн байгуулалтын байнгын хорооны 2018 оны 10 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам”-ын 4.1-д заасны дагуу “Сонгон шалгаруулах комисс байгуулах тухай” 2025 оны 04 дүгээр тогтоолыг баталж, Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах комисс байгуулагдан ажиллаж, нэр дэвшигчдийг сонгон шалгаруулжээ. Тус журмын 7.1-д “комисс үнэлгээг эцэслэн нягталж, онооны дарааллаар хамгийн эхэнд эрэмбэлэгдсэн оролцогчдын нэр, сонгон шалгаруулалт явуулсан тухай тайлан, холбогдох баримт бичгийг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд сонгон шалгаруулалт дууссанаас хойш 3 өдрийн дотор багтаан хүргүүлнэ” гэж заасны дагуу Төрийн албан хаагчийн төлөөллөөс Цэнддаваагийн Амартөгс, Бадамдоржийн Төгсцэнгэл нар нь нийт үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан бөгөөд баримт бичгээ бүрдүүлэн Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлсэн болохыг танилцууллаа.

Байнгын хорооны 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт заасны дагуу “Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” 06 дугаар тогтоолыг баталж, 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулахаар, сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатарыг томилсон байна. Нэр дэвшигчийн сонсголыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулж, тус сонсголын тайлан болон Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг Байнгын хорооны 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас нэр дэвшүүлсэн Лхагвасүрэнгийн Золзаяа, төрийн албан хаагчийн төлөөллөөс нэр дэвшсэн Бадамдоржийн Төгсцэнгэл, Цэнддаваагийн Амартөгс нарыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилуулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Бадамцоогийн Идэрчулуун, Должингийн Баатарсайхан, Цэнддаваагийн Амартөгс нарыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Х.Баасанжаргал, П.Сайнзориг, Н.Наранбаатар, О.Цогтгэрэл, Ж.Баясгалан, Б.Бат-Эрдэнэ, Б.Уянга, Б.Бейсен, Л.Энхнасан, Э.Болормаа, Ж.Батжаргал, Ц.Идэрбат, Б.Хэрлэн, Б.Заяабал, Д.Жаргалсайхан нар нэр дэвшигчдээс асуулт асууж, үг хэлэв. Гишүүд нэр дэвшигчдээс томилогдсон тохиолдолд Зөвлөлийн чиг үүргийн хүрээнд төрийн захиргааны албанд ямар шинэчлэл хийх боломжтой гэж харж байгаа талаар, төрийн албаны бүтээмжийг дээшлүүлэх, хэмжүүрийг тодорхой болгох талаар, орон нутаг дахь төрийн албыг чадавхжуулж, бэхжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх санал зэргийг асууж, дэлгэрэнгүй хариулт авсан юм. Үүний зэрэгцээ Төрийн албаны зөвлөлийн чиг үүргийг оновчилж, үйл ажиллагааг нь үр дүнтэй байхад анхаарах, төрийн албаны ангилал, нэр томьёог оновчтой болгох, эрх зүйн орчныг шинэчлэх чиглэлээр манлайлж ажиллахыг нэр дэвшигчдэд захиж байв. Мөн төрийн албатай холбоотой аливаа шийдвэр, удирдлага нийслэлд төвлөрснөөс үүдэн орон нутаг дахь төрийн албаны нөхцөл байдалд үүсэж буй хүндрэл, бэрхшээлийн талаар, төрийн албаны ерөнхий шалгалтын талаар, төрийн үйлчилгээг цахимжуулж байгаа нь төрийн албаны бүтэц, орон тоонд нөлөөлөхгүй байгааг анхаарах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, үүнтэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад анхаарч бодит үр дүн гаргахыг, төрийн алба дахь чиг үүргийн давхардлыг цэгцлэх, хариуцлагын тогтолцоог сайжруулах талаар саналуудаа хэлж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах шаардлагыг удаа дараа сануулж байв.

Ийнхүү Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнд нэр дэвшигчдээс гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд санал хураалтыг үдээс хойших хуралдаанаар явуулахаар Улсын Их Хурлын дарга мэдэгдэж, үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан завсарлалаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Сонгуульд ашиглах тоног төхөөрөмж, программ хангамжийг шалган туршив

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуульд ашиглах сонгуулийн автоматжуулах хэрэгслийн программ хангамж, иж бүрдлийг 19 аймгийн 68 санал авах байрын байршилд өчигдөр (2025.06.18) нэгэн зэрэг шалган туршлаа.

Санал авах байранд ашиглах камер, ирцийн мэдээ дамжуулах систем, санал тоолох төхөөрөмж түүний иж бүрдэл, сонгогчийн бүртгэлийн техник хэрэгслийг санал авах өдрөөс өмнө шалган турших энэхүү үйл ажиллагаа нам эвсэл, ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдэд нээлттэй болдог.

Энэ удаагийн сонгуульд оролцож байгаа 4 намын төлөөлөл, 121 нэр дэвшигчийн ажиглагч шалган турших ажиллагаанд оролцож, хяналт тавьсан юм.

Шалган турших үйл ажиллагааг Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээллийн технологийн төв, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Тагнуулын ерөнхий газрын төлөөлөл оролцсон “Сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгох ажлын хэсэг зохион байгууллаа.

Уг үйл ажиллагаанд Сонгуулийн ерөнхий хороо болон аймаг, сумын сонгуулийн хороо, мэдээллийн технологийн 59 багийн гишүүн, 121 даамал, Улсын бүртгэлийн ерөнхий газраас хэсгийн хороодод ажиллах итгэмжлэгдсэн ажилтнууд оролцов.

Энэ жил 2 аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хоёр, 17 аймгийн 52 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 61 мандатад нөхөн сонгууль зохион байгуулах бэлтгэл бүрэн хангагдлаа. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгууль 6 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатарын цагаар 07.00-22.00 цагт болно.

Categories
мэдээ улс-төр

Агаар орчны бохирдлыг бууруулах дэд хороог байгуулахаар холбогдох хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, М.Мандхай, М.Сарнай нар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр  /2025.06.19/ өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг нарийвчлан зохицуулсан 30 хууль тогтоомж, 200 эрх зүйн акт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бөгөөд агаарын бохирдлыг бууруулах асуудлаар хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагууд, түүний харьяа байгууллагаас олон төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна.

Агаар орчны бохирдлын асуудлыг төрийн бүх байгууллага, нийслэл, орон нутгийн байгууллага, бусад эрдэм шинжилгээний болон судалгааны байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн байгууллагууд өөрсдийн чиг үүргийн дагуу хариуцан гүйцэтгэж байна.

Гэвч агаар орчны бохирдлыг бууруулахтай холбоотой хууль тогтоомж, шийдвэрийн уялдааг хангах, зөрчлийг арилгах, хэрэгжилтэд хяналт тавих, холбогдох өөрчлөлтийг тухай бүр хийх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажил төдийлөн хийгдээгүй талаарх судалгааны дүгнэлтүүд гарсаар байна хэмээн хуулийн төсөл санаачлагчид танилцуулгадаа дурдсан.

Энэ нь хууль тогтоох дээд байгууллагын хувьд батлагдан гарсан хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналт сул, хяналт, шалгалтын ажил хийгдсэн ч төдийлөн оновчтой, үр дүнтэй бус байгаагийн нэг илрэл гэж дүгнэж болохоор байна гэж хууль санаачлагчид үзжээ.

Тиймээс Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2-т “Монгол Улсын иргэн эрүүл, аюлугүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасныг ханган, баталгаажуулах зорилгоор Монгол Улсад агаар орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн хууль эрх зүйн орчныг сайжруулж, бодит үр дүнд хүрэх стратегийг хэрэгжүүлэх, бодлогын хэрэгжилтийг дэмжих орчныг бүрдүүлэхийн тулд Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны харьяанд “агаарын бохирдол, хорт бодис, байгаль орчны асуудал, байгаль орчныг хамгаалах, байгалийн тэнцлийг хангах асуудал, цаг уур, орчны хяналтын асуудал, усны бодлого, нөөц, усны бохирдол, хог хаягдал, дахин боловсруулалт” зэрэг асуудлыг дагнан хариуцах үүрэг бүхий “Агаар орчны бохирдлыг бууруулах дэд хороог байгуулах хуулийн төслийг боловсруулжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Ерөнхийлөгчийн ачаа хүндрэв үү?

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимаа зарлалаа. Сайд нараа томиллоо. Олны хүлээлтэд бол хүрсэнгүй.

Жишээ нь: Н.Учрал ойлгомжтой. Шагналаа авч Тэргүүн шадар сайд болов.

Г.Дамдинням бол Эм Си Эс. “Ухаа худаг”-ийг тултал хамгаалах үүрэгтэйгээр Уул уурхайн сайдаар очиж байгаа.

Б.Батцэцэг пост бичин байж Гадаад яамны сайдын албан тушаалаа хамгаалсан.

Тэднээс гадна Сангийн сайдаар Б.Жавхлан, Зам тээврийн сайдаар Б.Дэлгэрсайхан хуучиндаа үлдлээ. Ингээд цааш хөвөрнө.

Л.Оюун-Эрдэнэ огцордог өдрөө: Гашуунсухайт яваад ирэхэд дараагийн Засгийн газар зурагдчихсан байсан. АН дотор ч дараагийн удирдлагын асуудал тэр зурагдсан Засгийн газартай холбогдчихсон байсан. Энэ бол шалтгаан. Ингээд маш том хэмжээний блок үүсчихсэн. Зүгээр асуудал байсан бол би залуучуудтай аль эрт очоод уулзчих байсан. Харамсалтай нь суурь шалтгаан нь ийм. Ерөөсөө л дараагийн Засгийн газар, нөгөө л нэг сандал суудлын асуудал. Энэ дээр стратегийн ордын хэлцэлтэй холбоотой, олон олон асуудалтай холбоотой бүх асуудал нэгдэж байгаа гэдэг үнэн. Ордон дотор хүч алдаж байгаагаа би дэндүү сайн ойлгож байна. Одоо тэгээд бие биеэ хараад худлаа ярьцгаагаад яах вэ хэдүүлээ. Бодитой зүйлээ л ярь. Хэн нь ямар юм ярьж байна, санал хураалтын дараа хэн ямар сайд болоод явахыг ард түмэн маань бүгдийг нь хараарай гэж байсан. Энэ үг өнөөдөр ойлгогдож байна.

Ер нь яагаад ийм зам руу оров оо. Цаана нь маш том шалтгаан байж л ийм Ордны эргэлт хийх нь тодорхой. Тэр шалтгаан нь юу вэ. Улс төрийнхний дундах мэдээллээс дүгнэхэд Л.Оюун-Эрдэнийг огцруулах, дашрамд АН-ыг ч Засгийн газраас гаргах том шалтгаан байж. Х.Тэмүүжин Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй гэсэн гарын үсгийг бүлгийн гишүүдээсээ цуглуулсан. Үүний өмнөхөн Л.Оюун-Эрдэнэ болон бусад намын дарга нар уулзаж энэ асуудлаар байр сууриа нэгтгэжээ. Тэд: Үгүй гэцгээсэн байна. Энэ оны тавдугаар сарын эхний 10 хоногт болсон явдал. Яг тэр үед Засгийн газар Ухаа худаг гэдэг хоёр цуврал ном гаргаснаа тараасан. Ингэж л улс төрөө хамгаалах, бизенесээ авч үлдэх хоёр эрх ашиг нийлж аваад дайрчихсан байна. Тэрний үр дүнд гарсан шийдвэрийг албажуулсан МАН-ын удирдах зөвлөл, бага хурал нь дан ганц: Дангаараа Засгийн газраа байгуулна гэдэгт л зориг шулуудчихаад байж.

Гэсэн нь өнөөдөр Ерөнхий сайд Г.Занданшатарын бүрдүүлсэн Засгийн газар МАН-ынханд огтоос таалагдахгүй байгаа нь илэрхий. Дор хаяж УИХ-д байгаа 60 гаруй хүсэлд 10 гаруйхан сайдын суудал яахан хүрэлцэх билээ дээ. Тиймийн учир МАН-ынхан ч Г.Занданшатарын Засгийн газар бүрдэж, сайд нар нь тамга тэмдгээ хүлээж авсны дараа хүлээлт нь талаар унасныг ярьцгаагаад унаж байна.

Тус намынхан:- Уул нь анх Л.Оюун-Эрдэнийг огцруулах талаар ярьсан бага хурлын үеэр МАН дангаараа Засгийн газраа байгуулна гэсэн. Бага хурлын тогтоолын агуулга нь тийм. Г.Занданшатар ч Ерөнхий сайдаар явахаар болохдоо дангаараа Засгийн газар байгуулна гэсэн. Гэтэл дахиад л хамтарчихлаа. Өмнөхөөсөө шал дор бүрэлдэхүүнтэй Засгийн газар байгуулагдлаа гэж байна.

2025 оны тавдугаар сарын 22-нд болсон МАН-ын бага хурлын дараа тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар: Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд улс төрийн дүгнэлт хийгээд Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаа улс төрийн намын УИХдахь бүлгийн нэр бүхий гишүүд Засгийн газарт хамтран ажиллах гэрээг удаа дараалан зөрчсөн үйлдлүүд гаргасан. Мөн МАН-ын гишүүд дэмжигчдээс ирж байгаа санал шүүмжлэлийг үндэслэсэн. Тэгээд МАН Засгийн газарт хамтран ажиллах гэрээг зөрчсөн улс төрийн намыг оролцуулахгүйгээр Засгийн газрыг бүрэлдүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэж байсан юм.

Харин Г.Занданшатар Ерөнхий сайд болж Засгийн газартаа ХҮН, ИЗНН хоёрыг багтаав. Харин Үндэсний эвслийн Н.Номтойбаяр эцсийн мөчид татгалзжээ. Тэр холоо хараад үлдэв. Хамгийн хэцүү нь Л.Оюун-Эрдэнийг огцруулж АН-ыг Засгийн газраас нь гаргаснаар УИХ-д, улс төрд маш том сөрөг хүчинтэй боллоо.

Уул нь АН-ынхан 2025 оны зургадугаар сарын 3-ны чуулганы санал хураалтаас хүний үгэнд орж гарч гүйх хэрэггүй л байв. Сууж байгаад саналаа өгөөд Ерөнхий сайдад итгэл үзүүлсэн ч Л.Оюун-Эрдэнэ үлдэхгүй гэдэг улс төрийн шийдвэр нь гарчихаад байжээ. Тэгснээр АН-ынхан хамтарсан Засгийн газартаа үлдэж Ерөнхий сайд нь л солигдох хувилбар байсан гэсэн үг. Одоо Г.Занданшатар ХҮН, ИЗНН-тай нийлсэн болохоор АН-аас ажилд орсон хүмүүс цөм халагдана. Ямар ч нам төрийн эрх барих гэж ажилладаг. Харин 2024 оны сонгуульд ялагдсан АН хамтарсан Засгийн газарт орсноор эрх баригчийн байр суурьт хүрсэн. АН-ын дарга Л.Гантөмөрийн хувьд энэ сайн шийдэл болсон. Одоо харин өнгөрсөн цаг боллоо. Цаашид нам дотроо эв түнжингээ хадгалж, эвдрэлцлээс ангид байх юм бол олон жил эрх мэдлийн гадна явсан АН-д боломж илүү байгаа.

Энэ бол тэр чигтээ МАН-д эрсдэл. 2025 оны тавдугаар сарын эхээс зургадугаар сарын эх хүртэл өрнөсөн улс төрийн дүнд МАН маш томоор хагарсан. Энэ хоруу чанар ихтэй. Тэр нь өдөр өнгөрөх тусам улам чангарах төлөвтэй. 2027, 2028 оны сонгуулиуд МАН-ын хувьд хэцүүдүү болж мэдэх л юм. Тиймийн учир энэ Засгийн газар байгуулагдсанаар Ерөнхийлөгчийн ачаа л нэмэгдэнэ. Учир жанцангийн тухайд Г.Занданшатарын Засгийн газарт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илүү ойр дөт харагдаж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулдаг чуулган дээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орсон. Үг хэлсэн. Тэр нь хүчтэй нөлөөлсөн. Дараагийн Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг тодруулах, танхимынх нь сайд нарыг томилуулахад Ерөнхийлөгч чухал үүрэгтэй байгаа нь тодорхой л харагдаж байна. Дахих гэж байгаа хэд нь Ерөнхийлөгчийн өрөө рүү навсганалдаж гүйлдээд л. Удаж удаж байгуулсан Засгийн газар нь баахан тааруудуу нэртэйгээр гараанаас гарлаа. Тэгэхлээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газрыг удаан тогтоохын тулд цаг их зарцуулахаар болж байгаа дүр зураг харагдаж байна. Хэдхэн үгээр хэлэхэд, Засгийн газрын ачаалал Ерөнхийлөгчийн ачааг л хүндрүүлэх бололтой.

Ө.Билэг

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Х.Тэмүүжин: УИХ Засгийн газрын хуулийн тасаг шиг болчихоод байна

Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа.


-Энэ долоо хоногийн намынхаа бүлгийн хурлын дараа хийсэн мэдээллийн үеэр та шинэ Ерөнхий сайдыг намынхаа бүлгээс дэмжлэггүй, Бага хурлаас гарсан гэсэн утгатай зүйл хэлсэн. Чухам яагаад ингэж хэлсэн юм бэ?

-Парламентын засаглал бүхий улс орнуудад парламент дахь олонхын дэмжлэг авсан хүнийг Ерөнхий сайдаар тодруулдаг. Тийм учраас олонхын гарын үсэг, дэмжлэгээр Ерөнхий сайдад өргөн баригддаг жишиг байдаг. Манайх ч гэсэн олонхыг агуулсан заалттай шүү дээ. Олонхын бүлгээс санаачилга гаргаж, Ерөнхий сайдад томилох агуулга байгаа байхгүй юу. Гэтэл харамсалтай нь парламентаасаа гадна нам хуралдаж шийдвэр гаргадаг. Гаргасан шийдвэрээ олонхын бүлэгтээ яг цөөнхийн бүлэгт танилцуулж байгаа юм шиг танилцуулсан. Парламентаас эс үүсгэлтэй Ерөнхий сайд гэдэг парламентын засаглалын, парламентат ёсны гол агуулга тасарчихаад байна. Парламентаасаа гадна болчихоод байна гэсэн агуулгаар л хэлсэн юм.

-Шинэ Засгийн газрыг өмнөх шигээ хамтарсан байдлаар байгууллаа. Засгийн бүтэц дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Шинээр томилогдсон Ерөнхий сайд болгон өөрийн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг УИХ-аар баталгаажуулах үүрэгтэй юм. Харамсалтай нь энэ удаагийн Ерөнхий сайд кабинетынхаа бүтэц бүрэлдэхүүнээ УИХ-аар зөвшөөрүүлсэнгүй.

Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын 30 гишүүн Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Ерөнхий сайд кабинетдаа ямар хүнийг урьж, өөрийн эрхлэх асуудлын ямар чиглэлийг хариуцуулах вэ гэдэг бол хүнийхээ хувьд сонголт нь бүрэн эрх юм. Харин Засгийн газар ямар бүтэц бүрэлдэхүүнтэй ажиллах вэ гэдгийг шийдэх нь УИХ-ын бүрэн эрх байхгүй юу. Сая бол үүнээс тойрч зугтлаа. Өөрөөр хэлбэл, УИХ-ын бүрэн эрхийг эдлүүлж, хэрэгжүүлэхгүйгээр тойрч зугтаад өмнөх Ерөнхий сайдын бүтэц бүрэлдэхүүн дээр ажиллана. Тэр дотроо өмнөх засагт ажиллаж байсан сайд нарыг улираана гэдэг зарчмаар явчихлаа.

Нэг ёсондоо энэ  Ерөнхий сайд өөрийн бүтэц бүрэлдэхүүнгүйгээр өмнөх Ерөнхий сайдын кабинетыг буцаан амилуулах маягтайгаар ажлаа хийнэ гэлээ. Энэ чинь үндсэндээ хүнийг нас барсны дараа буцаагаад амилуулахаар зомби болдог гэдэг шиг Засгийн газар огцрохоор буцаагаад амилуулахаар “зомби” Засгийн газар л болж байгаа байхгүй юу.

-МАН-ын 30 гишүүн Ерөнхий сайдад шаардлага хүргүүлснийг дотроо эв нэгдэлгүй, хагаралтай байна. Өмнө нь 32-ын болон 33-ын гэж задарч байсан шигээ болох нь гэсэн зүйл яригдаж байна. Үүнийг юу гэж харж байгаа вэ?

-Засгийн газар унасантай холбоотойгоор улс төрийн тийм хуваагдал байгааг үгүйсгэхгүй шүү дээ. Гэхдээ улс төрчдийн ямар хор найруулж, ямар асуудал, эрсдлийг багасгахын тулд хэн хэндээ найр тавьж байгааг мэдэхгүй.

– Ерөнхий сайдын чуулган дахь суудлыг доош нь буулгах тухай хуулийн төсөл өргөн барьсан. Энэ юу болж байгаа вэ?

-Ирэх долоо хоногоос Байнгын хороогоор ороод эхлэх байх. Ер нь гол агуулга нь парламентын ардчилал, парламентад ёс, амин сүнсийг сэрээх хэрэгцээ байна. Монгол Улсад УИХ байна, хууль тогтоох эрх мэдлийг өөртөө дангаараа хадгалдаг, төрийн эрх барих дээд байгууллага гэж хэлдэг. Гэвч яг бодит байдал дээр УИХ өөрөө сул, хүчгүй, эрх мэдлээ бүрэн дүүрэн хэрэгжүүлэх боломжгүй, зохион байгуулалтын болоод хэлбэр дүрс, суудал хуваарийн нөхцөл байдлаасаа шалтгаалаад Засгийн газрын хуулийн тасаг шиг болчихоод байна. Үүнийг зогсоох арга бол ерөөсөө гүйцэтгэх болон хууль тогтоох эрх мэдлийн хил заагийг тодорхой болгох. Ингэхийн тулд УИХ-аас томилогдож, чөлөөлөгддөг Ерөнхий сайдыг “байранд нь тавих” хэрэгтэй.

-УИХ-ын чуулган дээр та гишүүд Ерөнхий сайдаас асуулт асуухдаа “дарга аа” гэж хэлээд байна хэмээн шүүмжилж байсан. Үүнийг л хэлээд байгаа хэрэг үү?

-Манайд парламентын тусдаа ордон байдаггүй. Засгийн газар, УИХ , Ерөнхийлөгч нь нэг байшинд шавалдаад суучихсан байдаг. УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь нэг уулын аманд хамт амьдардаг чинь социализмын үеийн дарга нарын тусдаа ангийн уламжлал яваад байгаа юм. Гэтэл бид чинь эрх мэдлийг хуваарилчихсан. Харилцан хяналт тэнцэлтэй, нэг нэгэндээ автдаггүй байх ёстой. Энэ чиг үүргүүдийг илүү тодорхой болгохын тулд байшин саваа тусгаарлаж чаддаггүй юм гэхэд ядаж УИХ- ын чуулганы сандал суудлаа цэгцэлж авах хэрэгтэй байна. Ер нь бол УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд цугтаа уулын нэг аманд очдогийг ч болиулах хэрэгтэй. Болж өгвөл УИХ-ын дарга парламентын ордон дотроо байдаг жишиг рүү явах ёстой. Ингэхгүй болохоор одоо чинь Ерөнхий сайдад нэр дэвшигч орж ирж байхад л бүгд дарга аа, дарга аа гээд байна шүү дээ. Энэ чинь оюун санааны түвшинд, тархин дотор дээрх хил хязгаар огт суугаагүй байна гэсэн үг. Ингэхээр чинь үйлдэл хэзээ ч салангад байхгүй. Тийм ч болохоор хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх эрх мэдэл холилдох юм бол дарангуйлал тогтоно гэж ярьдаг юм. Хүнээс үл хамааралтай институцийн зарчим чинь ардчиллын хамгийн гол амин сүнс байхгүй юу. Тэгэхээр ийм болгох нь л чухал.

-Ойрын хэдэн өдөр засаг огцрох, бүрдэх асуудлаас болж хууль тогтоомж хэлэлцэх асуудал нэлээд хойшоо тавигдаж байх шиг байна. Таны өргөн барьсан ямар хуулиуд байна. Ямар шатандаа явж байна вэ?

-Нөгөө л эрх мэдлийн хуваарилалт, хил хязгаарыг нь тодорхой болгоод үр дүнтэй ажилладаг болгохын тулд оновчлох гэж нэг үг байна. Хэдий их мөнгө, хүний нөөц байгаад оновчгүй зохион байгуулалт, чиг үүрэгтэй, онож ажлаа хийхгүй бол элсэнд ус цацаж байгаа юм шиг алга болдог. Тийм болохоор чиг үүргийн оновчлол их чухал байна. Тэрний нэг нь Монгол Улсад нууц мөрдөн шалгах ажиллагаа гэдэг юм уу, гүйцэтгэх ажил гэдэг юм уу төрд байдаг хамгийн хатуу бөгөөд хүчтэй эрх мэдэл бий. Хүний хувийн амьдралыг өөрт нь мэдэгдэлгүйгээр нэгжиж, мэдэж, мэдээлэл цуглуулж авдаг. Түүгээрээ тэр хүнийг ялладаг, эрх чөлөөг нь хязгаарладаг энэ эрх мэдэл чинь яг хуулийнхаа дагуу байгаа юм уу. Нийтийн ашиг сонирхлын төлөө байна уу. Хэн нэг даргын хувь өш хонзонгийн төлөө байгаад байгаа юм биш биз дээ гэсэн болгоомжлол байгаа юм. Үүнийг засахын тулд хоёр, гурван арга зам байгаа. Тэрнийх нь нэг нь парламентын хяналт. Парламентын энэ чиглэлийг хяналтыг оновчилъё гэдэг санаачилга гаргаад, хуулийн төсөл өргөн бариад бараг хагас жил өнгөрч байна. УИХ дээр хэлэлцүүлэхийг хойш нь татаж байна. Үүнийх нь шалтгаан эрх баригч намтай л холбоотой. Яг энэ эрх мэдлээр буруу зүйл хийдэг хүмүүс өөрийнхөө үйл ажиллагааг хяналтад оруулна. Хуулийн хэмжүүрээр хэмжүүлнэ гэдгээс үстэй толгой нь арзайж байгаа байх. Тийм учраас Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, ял эдлүүлэх үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын нууц далд аргаар асуудлаа шийддэг чиг үүргийг хянах Тусгай хяналтын дэд хороо байгуулах хуулийн төсөл өргөн барьсан юм. Энэ хуулиа батлуулчихмаар байна. Хоёрдугаарт, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал бий. Бид чинь ардчилсан, чөлөөт, хүний эрхийг эрхэмлэдэг, хууль засагладаг нийгэмд амьдрах гэж оролдож байна шүү дээ. Гэтэл манай Эрүүгийн хуульд социалист Эрүүгийн хуулийн зарим зүйлийг буцаагаад оруулаад ирчихсэн байна. Үүнийг 2017 оны нэмэлт, өөрчлөлтөөр хийсэн. Тиймээс энэ зүйлүүдийг засах хэрэгцээ байна. Тэгэхгүй бол шинэ нийгэмд амьдраад, шинэ үнэт зүйлийг бий болгоод явж байхад хуучин үнэт зүйл, үзэл санаагаар хүнийг буруутгаад яллаад, эрх чөлөөг нь хязгаарлаад байж болохгүй. Жишээлбэл, худал мэдээлэл тараах гэдэг гэмт хэрэгт бичихдээ хуулийн этгээд гэдэг нэр томьёо ашигласан чинь үүний ард төр, тэр дундаа хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцдэг байгууллагууд ажил хэргийн алдар хүндэд халдлаа гэдэг байдлаар иргэндээ гомддог. Иргэнийг шийтгэх гэж оролддог байдал бий боллоо. Энэ нь хавтгайрах шинжтэй болж эхэлж байна. Тиймээс Эрүүгийн хуулийн энэ зүйл заалтад заасан хуулийн этгээд гэдэгт төр багтахгүй байх тухай тайлбар хийхээс өөр арга алга. Дээр нь Эрүүгийн хууль дотор нийгмийн аюулын хэр хэмжээ, нийгэмд аюултай гэх мэтчилэн ойлголтуудыг хуульчилсан байна. Нийгэм гэдэг чинь хийсвэр ойлголт. Хэн нэгнийг яллаж шийтгэх гэж байгаа бол аливаа субъектив хийсвэр ойлголт, хэмжигдэх боломжгүй зүйлээр хүнийг буруутгаж ерөөсөө болохгүй. Тиймээс энэ социалист ойлголтуудыг авч хаях шаардлага байна. Жишээлбэл, Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг хадгалахтай холбоотой гэмт хэрэг дээр энэ нууцыг Монгол Улсын 3.6 сая хүн бүгдээрээ хадгалах юм шиг биччихсэн байна. Сэтгүүлч олж мэдсэн зүйлээ ил болгоход л мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задалсан гэдгээр эрүүгийн хариуцлага хүлээж байна. Гэтэл энэ чинь албаны нууц. Тэр нууцыг мэдэж байгаа, чиг үүргийнхээ дагуу мэдэж байгаа этгээдүүд хадгалж хамгаалах үүрэгтэй болохоос биш жирийн иргэд хадгалах үүрэгтэй байх ёсгүй. Энэ мэтчилэн зүйлүүдийг засахаас өөр аргагүй. Уг нь Эрүүгийн хуулийн, энэ чиглэлийн хууль тогтоомжийн, хууль тогтоох, гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагуудын тогтолцооны гээд шинэчлэлүүд үнэхээр хүлээгдэж байна. Харамсалтай нь Засгийн газраас энэ бүгд орж ирсэнгүй. Тэгээд хүлээгээд суугаад байлтай биш. УИХ-ын гишүүнийхээ хувиар засаад эхэлж байх нь зүйтэй юм болов уу гэж бодоод УИХ-д өргөн бариад, хэлэлцүүлээд явж байна.

Categories
мэдээ улс-төр

Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ

Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ. Анхны хуралдаанаар дөрөв асуудал хэлэлцэж, гурван асуудалтай танилцаж аж. Үүнд

Хэлэлцэх асуудал:

– Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл

– Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2026 оны төсвийн хязгаарыг батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

– Бусад асуудал

Танилцах асуудал:

– Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төсөл

– Эрчим хүчний салбарын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар

– Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журмын талаар

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Ж.Баярмаа: Улс эх орныг бодсон засаг байхгүй бол баларлаа шүү

УИХ-ын гишүүн Ж.Баярмаатай ярилцлаа.


-Шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн ерөнхийдөө бэлэн болж байх шиг байна. Өнөөдөр/өчигдөр/ чуулган хуралдвал батлагдчих байх гэсэн хүлээлт хаа хаанаа байгаа. Бүтцийн хувьд та ямар байр суурьтай байна вэ?

Засгийн бүтцийг хэвлэлээс л харлаа. Хуучин бүтэц нь яг л тэр чигтээ шахуу орж ирж байгаа юм байна. Үндэсний хорооны дарга нар, сайдууд байхгүй болж байгаа юм шиг байна. Уг нь бол бидний асуултад хариулахдаа шинэ Ерөнхий сайд ямар ч байсан төрийг цомхон болгон, бүтцэд өөрчлөлт хийнэ гэж хэлсэн. Харамсалтай нь хэлсэндээ хүрэхгүй бололтой. Мэдээж бүтцийн өөрчлөлтийг хийх гэхээр хугацаа шаардаж байгаа байх гэж найдаж байна. Хоёрдугаарт, төрийн ажил хурдан явах ёстой гэдэг агуулгаар яаран ийм бүтэц оруулж байгаа болов уу гэж бодож байгаа. Ер нь кабинетыг л цомхон болго гээд байгаа шүү дээ. Дэлхий нийтийн жишээнүүд ч энэ тал руу л явж байна. Манай улс ч гэсэн 1996-2000 онд есөн сайдтай байсан. Ингэхдээ хамаг улс төр, эдийн засгийн реформуудын суурийг тавьж чадсан. Одоо хамгийн чухал зүйл чинь МАН-ын амлалтууд байгаа. Тэр дотроо төрийг цомхон болгоно гээд биччихсэн. Амлалтаа биелүүлэхгүй л бол энэ чинь бараг залилан гэсэн үг. Одоо хоёр дахь жилдээ орж байна. Тиймээс шинэ засаг урт удаан хугацаанд тогтвортой ажиллая гэвэл амлалтаа биелүүлж, иргэдийнхээ дуу хоолойг сонсох хэрэгтэй. Хамгийн гол нь олон нийтийн хүсэл зорилгод нийцүүлэх ёстой.

-Дахиад хамтарсан засаг байгуулагдах нь тодорхой болчихлоо. Ер нь олонх болсон МАН дангаараа засаглаж чадахгүй байгааг юу гэж харж байна вэ?

Ардын нам дотроо нэгдмэл бус, хагарал зөрчилтэй байгаа юм байна гэж бодож байна. Түүнээс биш Үндсэн хуулиараа олонх болсон нам дангаараа засаглах ёстой. Гэтэл одоо чинь бид чадахгүй юм байна гээд бусдыг урьж дуудаад байдаг болчихлоо. Уг нь тэд чадна л гэж хэлээд ялалт авсан. Тэгсэн хэрнээ дангаараа засаглахгүй байгаа болохоор нам дотроо хагаралтай, бие биедээ итгэхгүй байгаа юм болов уу гэж хараад байна. Мэдээж улс төрийн намууд эвслийн Засгийн газар байгуулдаг.

Гэхдээ дангаараа ялалт байгуулаагүй тохиолдолд л олон суудал нь бусдыгаа урьдаг. Гэхдээ үзэл баримтлал ойролцоо намууд эвсдэг. Харин саяны эвсэл бол зүүн, барууны хоёр нам нэгдээд засаг байгуулсан нь логикийн хувьд алдаатай байсан. Одоо засагт урьчихаад байгаа намуудын үзэл баримтлалыг мэдэхгүй юм. Гэхдээ үзэл баримтлал ойролцоо болоод л урьсан байх гэж найдаж байна.

-Ингэж хамтарч засаг байгуулаад байгаа нь дараагийн сонгуулийн үеэр шалтаг тоочих, одоогийн хариуцлагаас зугтаах арга гэж зарим нь үзээд байна. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Яг тийм, энэ бол МАН-ын башир арга л даа. Дээрээс нь тэд энэ парламентыг сөрөг хүчингүй болгох, засаглах явцдаа шүүмжлэл бага байлгахыг хүсээд байна. Мөн сонгууль болоод хариуцлага ярих гэхээр би яасан юм, бүгдээрээ л хийгээгүй шүү дээ гэдэг зүйлийг ярихдаа бэлдээд байна. Гэхдээ одоо дөнгөж бүрдэж байгаа засагт итгэх хэрэгтэй. Байнга л шүүмжлээд байна гэж юу байх вэ. Дүгнэх шиг амархан зүйл байхгүй. Тун удахгүй харагдана.

-Нэр бүхий сайд нар улирч, зарим нь өөр албанд шилжин томилогдож байна. Үүнийг та хэр ёс зүйтэй гэж үзэж байна вэ?

-Кабинетаа бүрдүүлэх эрх нь Үндсэн хуулиар олгогдсон Ерөнхий сайдын бүрэн эрх. Тийм болохоор ямар нэгэн хуулийн зөрчил байхгүй. Сайд нарыг дахин томилоход асуудал байхгүй. Гагцхүү ажлаа хэр сайн хийх юм гэдэг дээр үнэлэлт өгсний дараа шийддэг байх ёстой. Гэтэл одоо бол юу нь тодорхойгүй байна. Улирч байгаа сайд нар дотор Сангийн сайд Б.Жавхланг оруулаад ирсэнд би маш их гайхаж байгаа. Төсвөө буруу төлөвлөлөө, төсвийг тодотголоо гэдэг шалтгаанаар Засгийн газар огцордог. Гэтэл сунгаад ажилд нь үлдээгээд байгааг ерөөсөө ойлгохгүй байна. Тодотгоод байна гэдэг чинь анхнаасаа төлөвлөлт буруу байсныг л харуулаад байгаа юм. Дэлхий нийтийн бүх мэдээлэл ил байсан. Ирэх жилүүдэд маш хэцүүхэн болох нь гэдгийг бүх судлаачид байнга хэлж байлаа. Гэтэл тийм юм байхгүй ээ л гэсэн. Одоо үнэнд гүйцэгдэж байна шүү дээ.

-Энэ удаагийн 126 гишүүнтэй парламент албан ёсоор сөрөг хүчинтэй болж байна. Танай намын дарга Л.Гантөмөр “Арьсыг нь өвчинө” гэсэн. Тэгэхээр сөрөг хүчний үүргээ яаж гүйцэтгэх юм. Өнгөрсөн удаад хамтарсан учраас нэлээд асуудлууд орхигдож, дарагдсан байх?

-Тэгсэн, тэгсэн. Үүнээс чинь болоод түрүүний хэлдэг хамтарчихаар шүүмжилж болохгүй болчихоод байгаа юм. Гэтэл эрүүл шүүмжлэл гэдэг бол өвчинөөр бол эм байхгүй юу. Сануулж хэлэх хүн байхгүй бол сайн засаг ч ялзардаг гэсэн үгтэй. Үүний ард маш том философи явж байгаа юм. Тийм ч болохоор намын дарга тэр үгээ хүчтэй сөрөг хүчин байна гэдэг утгаар л хэлсэн байх гэж бодож байна. Ер нь сөрөг хүчин ямар их хэрэгтэй байдгийг эрдэмтэн мэргэд ч хэлсэн байдаг. Сая бид ч амьдрал дээр ч нотоллоо шүү дээ.

-Таныхаар парламент маань одоо л байр байрандаа орж байна гэсэн үг үү?

-Ёстой байр байрандаа орж байна. Парламент бол мэтгэлцээний талбар. Гэтэл өнгөрсөн хугацаанд мэтгэлцэх ямар ч боломжгүй болчихсон байсан. Жаахан эсэргүүцсэн хүмүүсээ ёстой хүн биш болгож, зэрлэг нохдод шидэж байгаа юм шиг болсон. Миний амьдралд яг л ийм зүйл тохиолдсон. Тэгэхээр одоо хүчтэй сөрөг хүчинтэй болчихоор арай гайгүй болох байх гэж бодож байна.

-Шинэ томилогдсон Ерөнхий сайдын хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Манайхан чинь үнэхээр халширчихсан юм байна. Ямар сайндаа Ерөнхий сайдыг томилох үеэр ядаж асуултаа ойлгодог юм байна гэж байх вэ дээ. Асуултуудад маш оновчтой, тодорхой хариулсан. Гэхдээ ярих нэг хэрэг, хийх нэг хэрэг. Эцсийн дүгнэлтийг ярьснаар биш, хийснээр нь үнэлнэ. Үнэхээр хэлсэн шигээ байж чадахгүй, энэ улсыг дахиад буруу зөрүү удирдах юм бол ёстой Л.Гантөмөр даргын хэлдгээр “Арьсыг нь өвчинө”. Мэдээж огцрох амархан. Гэхдээ ер нь улс эх орныг бодсон ийм засаг байхгүй бол баларлаа шүү. Пропогандо, популизм огт хэрэггүй. Олон улсын валютын сангийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдах эсэх тухай яригдаж байна. Төсвийн орлого тасарчихсан. Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл эхний таван сард 259.9 төгрөгийн алдагдалтай гарсан. Гэтэл 2024 оны мөн үед тэнцэл 1.6 их наяд төгрөгийн ашигтай гарсан байдаг. Оны эцэст төсвийн алдагдлыг Сангийн яам 2.4 их наяд, Монголбанк 3.4 орчим их наядад хүрнэ гэж тооцоолж байгаа гэсэн. Зарим судлаачид бүр 5 их наяд хүрнэ гээд байгаа. Тиймээс л төсвөө тодотго гээд байгаа юм. Ердөө нэг жил гаруйхны өмнө буюу 2023 онд 22.5 их наяд төгрөгөөр амьдарч болоод байсан. Одоо ч болж л таарна. Иргэд нь гэдсээ тасартал тураад байхад төр засаг нь бүсээ тасартал таргалдгаа болих хэрэгтэй.

Одоо хийх тодотголыг жинхэнэ үнэнээр хийх хэрэгтэй. Үнэнтэйгээ нүүр тулаад 3-5 орчим их наядыг танах ёстой. Тэгж байж энэ Засгийн газрын зоригтой реформ хийх эсэх нь шийдэгдэнэ. Эрс тэс шинэчлэл хийж байж л үр дүн гарна. Тэгэхгүйгээр өмнөх шигээ хуурсан, аргалсан байдлаар явах юм бол жинхэнэ Венесуэлийн араас орно.

Categories
мэдээ улс-төр

МАН урвагчдын засаг байгуулж улс төрийн шившиг боллоо

МАН-ын генсек Я.Содбаатар өчигдөр их сонин юм ярилаа. Мань эр урвагч сайд нарыг сайдаар нь үлдээх шийдвэр гаргаснаа зарлав. Г.Занданшатар ч засгийнхаа бүрэлдэхүүнийг УИХ-д танилцуулчихлаа. Өмнөх засгийн 60 хувь нь МАН-ын гишүүд байсан. Энэ удаа ч тэд танхимд эзлэх хувиа өөрчилсөнгүй. Сайд нараа ч өөрчилж гавьсангүй. Өнөө л урвагч сайд нарын нэрс ирийж байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрыг эвдрэлцүүлж, засаг самарсан гэгдэж буй “төрийн ховч муужгай” сайд ч суудалдаа үлдлээ.

Танхимынхаа эсрэг кноп дарсан урвагчдад найр тавьсан энэ увайгүйтлийг иргэд цочирдон хүлээн авч байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг “Болохгүй байна” гэж унагасан мөртлөө гол сайд нарыг нь буцаагаад томилчихоор эрүүл ухаантай ямар ч хүн цочирдон хүлээж авах нь ойлгомжтой.

Мэдээж МАН-д эрүүл сэтгэлгээтэй гишүүд олон бий. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Кабинет унавал Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно. Ямар ч сайд дараагийн кабинетэд орох ёсгүй” гэж дуугарсан бол Ж.Бат-Эрдэнэ гишүүн “Засгийн газар кабинетаараа хариуцлага хүлээх нь зөв” гээтэхсэн. Г.Занданшатарын засагт хамтрах намынхан сайдын зөөлөн суудлаа бодож амаа хамхиж суугаа биз. АН энэ увайгүйтэлд яаж хандах нь тодорхой биш байна. Иргэдийн хувьд “Унасан

засгийн сайдууд шинэ засагт орж болохгүй” гэсэн хатуу байр суурь илэрхийлсээр байгаа. Харамсалтай нь МАН олон нийтийн энэ дургүйцэл, бухимдлыг үл тоож “Урвагчдын Засгийн газар” байгуулах шийдвэр гаргалаа. Г.Занданшатарынхаар бол Л.Оюун-Эрдэнэ ганцаараа муу ажиллаж бусад сайд нь сайн ажилласан бололтой юм.

Ер нь улстөрийн нам үнэт зүйл, тодорхой бодлоготой байхын хэрээр хүчирхэгждэг. Харамсалтай нь МАН-д үнэт зүйл алга. Танхимаасаа урвасан хүмүүсийг дэмжиж сайд болгож буйгаас нь харахад энэ нам дотооддоо үнэт зүйлийн өлсгөлөнд нэрвэгдчихэж. Бүр тодруулж хэлбэл МАН ёс суртахууны үгүйрэлд орчихож. Өөрсдийг нь сонгосон иргэдийн бодол, байр суурийг үл тоож урвагчдад өндөр суудал өгч буйн цаана хоёр л шалтгаан бий. Нэг бол МАН хүний нөөцгүй туйлдчихсан байх. Эсвэл урвагчдыг зориудаар дэмжиж дээшлүүлдэг мафи, бүлэглэл төдий болчихсон байх. Хоёр дахь нь үнэн болж таарч байна даа, ер нь. Тийм ч учраас Монголын хамгийн том энэ нам өмнөх засгаасаа урвасан сайд нарыг сайдаар эргүүлэн тавих байж боломгүй соёл, жишгийг улстөрд оруулаад ирлээ.

МАН-ын томчууд ард түмнийг цагаан цаас, сонгуулийн үеэр тархийг нь угаачихад дараагийн сонгуульд намынхаа системээр ялж орхино гэж боддог байх. Гэхдээ ард түмэн тэнэг биш. Жил ирэх бүр хэрсүүжсээр байгаа. Урвасан сайд нарыг, төрийн хутгуурыг төрийн өндөр суудалд эргүүлэн залсан энэ үйл явдлыг тэд мартахгүй. Товчхондоо МАН урвагчдын засгийг байгуулснаараа өөрсдөд нь итгэж саналаа өгсөн сонгогчдынхоо өмнө маш том оноо алдаж, унах нүхээ өөрсдөө малтчихлаа.

 

Б.ДУЛАМ