Categories
мэдээ нийгэм

Геологийн төв лабораториос Офицеруудын ордны уулзвар хүртэлх 11.6 км явган хүний замыг шинэчилж байна

Энэ онд нийслэлийн хэмжээнд 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна. Өнөөдрийн байдлаар есөн байршилд аж ахуйн нэгж, байгууллагуудтай гэрээ байгуулж, засварын ажлыг эхлүүлээд байна. Харин үлдсэн зургаан байршилд худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд өнөөдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг, НЗХГ-ын дарга Б.Одбаяр болон холбогдох албаныхан 10 дугаар хороолол орчимд ажиллалаа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг “Энэ онд нийслэлийн хэмжээнд 186 мянган ам метр явган хүний замыг шинэчилж, тохижуулна. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж, Чингисийн өргөн чөлөө зэрэг Улаанбаатар хотын томоохон гудамж, замууд багтаж буй. Явган хүний замыг явган зорчигч, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхэд, багачууд зорчиход хүндрэлгүй байхаар шийдэж байна” гэлээ.

Энэ хүрээнд Геологийн төв лабораториос Офицеруудын ордны уулзвар хүртэлх 11.6 км явган хүний замыг шинэчилж байгаа бөгөөд дөрвөн аж ахуй нэгж гүйцэтгэж байна. Эдгээр аж ахуй нэгж нь өөрсдийн үйлдвэрлэсэн хавтгангаа ашиглаж байгаа юм. Шинэ чулуун хавтангууд нь барзгар гадаргуутай, цас бороонд гулгаж, халтирахгүй алхахад саад болохгүй гэдгийг үйлдвэрлэгчид хэлж байв.

Мөн явган хүний замыг шинэчилсний дараагаар тухай бүрд нөхөн тарилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ.

Categories
мэдээ нийгэм

Буудал дээр зогсоогүй автобусны жолоочийг торгожээ

Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэн ажиллаж буй. Нийтийн тээврийн бодлогын газарт 2025 оны 05 дугаар сарын 19-21-ний өдөр иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг хүргэж байна.

Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн оршин суугч Б.Б: Ч:2 “Шархадны эцэс-3,4-р хорооллын эцэс” чиглэлийн 1-166 гарааш дугаартай автобусны жолооч зорчигчидтой зүй бус харьцаж байна. Арга хэмжээ авч хариу өгнө үү.

  • Шийдвэрлэлт: 1-166 гарааш дугаартай автобусны жолооч М гомдол гаргагч Б.Б нартай холбогдон асуудлыг шийдвэрлэсэн.

Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн У.А: М:1Б “Офицеруудын ордон-Сүхбаатарын талбай” чиглэлийн 25-073 гарааш дугаартай автобусны жолооч Сүхбаатарын талбайн зогсоолоос хүнээ авалгүй явсан. Шалгаж арга хэмжээ авч хариу мэдэгдэнэ үү.

  • Шийдвэрлэлт: Жолооч О.Б-д торгуулийн арга хэмжээ тооцсон.

Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Ч:25 “Тоосгоны үйлдвэр эцэс-Дүүхээ дэлгүүр” чиглэлийн 2-083 гарааш дугаартай автобусны жолооч өглөө 06:50 үед Гандангийн урд буудал дээр 10-аад хүн байхад авахгүй явсан. Шалгаж арга хэмжээ авч хариу мэдэгдэнэ үү.

  • Шийдвэрлэлт: 2-083 гарааш дугаартай автобусны жолооч Г.Э-д торгуулийн арга хэмжээ тооцсон.

Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Д.Б: Ч:57 “Улаанчулуут-МУИС” чиглэлийн 2-194 гарааш дугаартай автобусны жолооч зорчигчоос бэлэн мөнгө авахаас гадна тасралтгүй утсаар ярьж байна. Арга хэмжээ авч хариу өгнө үү.

  • Шийдвэрлэлт: 2-194 гарааш дугаартай автобусны камерын бичлэгийг шалгах боломжгүй тул хариуцсан 1-р хэсгийн даргад шалгаж, хариуцлага тооцон эргэж мэдэгдэхийг үүрэг болгов.

Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Г.Б: Ч:13 “Тахилтын эцэс-3-р эмнэлэг” чиглэлийн 3-198 гарааш дугаартай автобусны жолооч Саппоро буудал дээр зогсож, хүнээ аваагүй явсан. Зөндөө удаан хүлээсэн гомдолтой байна.

  • Шийдвэрлэлт: 3-198 гарааш дугаартай автобусны жолооч М ирж уулзсан. Сануулах арга хэмжээ тооцсон.

Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Д: Ч:37 “Улаанхуарангийн эцэс-4-р хороолол” чиглэлийн 1-052 гарааш дугаартай автобусанд өндөр настны картаа дартал жолооч нь наадах чинь биш, банкны картаа дар гээд банкны карт даруулж 1000 төгрөг хасагдсан байна. Би өндөр настны карттай байхад зорчуулсангүй гомдолтой арга хэмжээ авч өгнө үү.

  • Шийдвэрлэлт: 1-052 гарааш дугаартай автобусны жолооч Д өндөр настай хүн будлисан байх би тэгж хэлэх хүн биш гэсэн тайлбар өгсөн.

Эх сурвалж: Нийтийн тээврийн бодлогын газар

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ардчилсан нам МАН-д шаардлага хүргүүллээ

“Ардчилсан Нам хамтарсан Засгийн газрын гэрээг зөрчсөн” гэх үндэслэлээр гүжирдэн, манай намын нэр хүндэд илтэд халдсан мэдэгдэл, тайлбаруудыг тарааж байгаа учраас Монгол Ардын намд дараах шаардлагыг хүргүүлж байна.

Ардчилсан Нам нь Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгийн дараа Монгол Ардын намаас ирүүлсэн хамтран ажиллах урилгыг хүлээн авч, Монголын эрх ашигт өндөр ач холбогдол бүхий эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хөтөлбөрийг боловсруулан, Хамтарсан Засгийн газарт орох шийдвэрийг гаргасан билээ.

Энэ хүрээнд өнгөрсөн 10 сарын хугацаанд Ардчилсан Нам нь эрчим хүчний хараат байдлыг бууруулах дэд бүтцийн шинэчлэлийг эхлүүлж, 18 жилийн турш гацсан хил холболт болон худалдааны хэлэлцээрийг урагшлуулж, та бүхний зүрхшээн хөндөөгүй авлигын тэмцэлд бодит алхам хийж Монголын эрх ашигт нийцсэн олон ажлыг бодитоор эхлүүлсэн.

Гэвч харамсалтай нь Монгол Ардын Нам VI дугаар Бага хурлаа хуралдуулж, хамтарсан Засгийн газраас Ардчилсан Намыг гэнэт, ямар ч албан тайлбаргүйгээр хасах шийдвэр гаргасан тухайгаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн нь туйлын хариуцлагагүй үйлдэл болсон.

Энэхүү шийдвэрийг “Ардчилсан Нам хамтарсан гэрээг зөрчсөн” гэх үндэслэлээр гүжирдэн, манай намын нэр хүндэд илтэд халдсан мэдэгдэл, тайлбаруудыг тараасан нь улс төрийн соёлд ёс зүйгүй үйлдэл төдийгүй Монгол төрийн түүхэнд харамсалтай үйл явдал боллоо.

Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын нам байгуулсан гэрээгээ зөрчиж, уг шийдвэрийн хариуцлагаас зайлсхийж, ёс зүйгүй улс төрийн шийдвэр гаргаж, улс төрийн тогтворгүй байдал бий болгох нөхцөл бүрдүүлж байна.

Иймд дараах шаардлагыг Монгол Ардын Намд албан ёсоор хүргүүлж байна.

I. МАН-ын VI дугаар Бага хурлаас гаргасан Ардчилсан Намыг хамтарсан Засгийн газраас гаргах шийдвэрийн албан ёсны тогтоол, түүнийг үндэслэсэн шалтгаан, тайлбарыг өнөөдрийн дотор албан бичгээр ирүүлэх;

II. Ардчилсан Намын нэр хүндэд халдсан аливаа гүжир мэдээлэл, мэдэгдлүүдээ албан ёсоор няцаах, уучлал хүсэх;

III. Хамтарсан Засгийн газрын эхлүүлсэн ажлуудыг үргэлжлүүлж, төрийн үйл ажиллагааны залгамж халаанд хүндэтгэлтэй, хариуцлагатай хандах,

Хэрэв дээрх шаардлагын дагуу албан тайлбар, шийдвэрийн үндэслэлийг ирүүлээгүй тохиолдолд Ардчилсан Нам холбогдох олон нийтэд хандсан дараагийн алхмуудыг хийх болно.

Categories
мэдээ нийгэм

Монголд анх удаа “Milk Festival-2025” зургадугаар сарын 1-нд болно

Улс орнууд “Дэлхийн сүүний өдөр” (World Milk Day)-ийг жил бүрийн зургадугаар сарын 1-ний өдөр өргөнөөр тэмдэглэдэг уламжлалтай билээ. Сүү сүүн бүтээгдэхүүн, тэр дундаа сүүний салбарын ач холбогдлыг таниулах зорилготой уг өдрийг тохиолдуулан Монгол Улсад анх удаа “Milk Festival-2025” нэрээр зохион байгуулахаар боллоо.

Тэртээ 2001 онд НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага (FAO) санаачлан эхлүүлсэн энэхүү өдрийг манай улсад тус салбарын мэргэжилтнүүд, үйлдвэрлэгчид тэмдэглэн өнгөрүүлдэг байсан бол өнөө жил цар хүрээгээ тэлж, үндэсний томоохон үйлдвэрлэгчид болох

  • Сүү ХК,
  • АПУ ДЭЙРИ  ХХК,
  • Тэсо Фүүдс ХХК,
  • Витафит Милк ХХК,
  • Монфреш ХХК,
  • Үлэмж Органик ХХК болон ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), Монголын сүүний нэгдсэн холбоо нар хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд олон нийтэд зориулан нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах гэж  байна.

Та яагаад “Milk Festival-2025”-ийг зорих ёстой вэ? 

“Milk Festival-2025” эрүүл иргэн, тэр дундаа ирээдүйн өнгийг тодорхойлогч хүүхэд багачуудад сүү, сүүн бүтээгдэхүүний ач холбогдлыг таниулан өдөр тутмын хэрэглээ болгох зорилгыг тээж буй. Иймд үндэсний  хэмжээний томоохон компаниуд өөр өөрсдийн  сүүн өртөөг байгуулж, хүүхэд багачуудад гарын бэлэг, бүтээгдэхүүний амталгааг хийж, тэдэнд зориулсан хөгжөөнт тоглоом, жүжигчилсэн тоглолт, Cosplay уралдаан, циркийн үзүүлбэр зэрэг урлаг соёлын олон арга хэмжээг бэлдсэн тул эцэг эхчүүд Та бүхнийг энхрий үрсийнхээ хамт “Milk Festival-2025”-д ирэхийг урьж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2025 оны 05 дугаар сарын 24-нөөс 06 дугаар сарын 01-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

25-27-нд ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хасагт хална.

  • 24-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр
  • 25-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 26-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар
  • 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр
  • 28-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын зарим газраар
  • 29-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар
  • 30-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар
  • 31-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи:Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 26-нд Алтайн уулархаг нутгаар, 27-нд нутгийн баруун хагаст, 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

  • Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0…+5градус, өдөртөө +14…+19 градус
  • Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө+10…+15градус, өдөртөө +26…+31 градус
  • Бусад нутгаар шөнөдөө +5…+10 градус, өдөртөө+20…+25градус дулаан байна. 28-нд нутгийн баруун хагаст, 29-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас25-нд бага зэргийн бороо, 28-29-нд бороо, нойтон цас орно. Бусад хугацаанд хур тунадас бороо орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 28-29-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор+1…+6 градус, бусад хэсгээр +6…+11 градус өдөртөө +21…+26 градус дулаан байна. Тавдугаар сарын 29, 30-нд сэрүүснэ.

Categories
мэдээ улс-төр

НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн Бүсийн дэд захирал Александар Саша Бодирозаг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн өнөөдөр  /2025.05.23/ НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн Бүсийн дэд захирал Александар Саша Бодироза тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн уулзалтын эхэнд, ноён Александар Саша Бодирозатай уулзаж байгаадаа талархал илэрхийлээд, тус сангаас хэрэгжүүлж буй хөтөлбөр, дэмжлэгүүд тодорхой үр дүнд хүрч буйд сэтгэл хангалуун байна гэв. Ялангуяа НҮБ-ын Хүн амын сангаас хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд эхийн эндэгдлийг бууруулах зорилт томоохон үр дүнд хүрсэн. Тодруулбал, эхийн эндэгдэл 100.000 төрөлтөд 200 орчим байсан бол сүүлийн 10  гаруй жилийн хугацаанд 20 хувьд хүрч буурсан нь та бүхний ажлын үр дүнтэй холбоотой гээд алслагдсан бүс нутгуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд дэмжлэг үзүүлж буй нь нэн чухал асуудал болохыг онцлов.

Мөн тэрбээр, Төсвийн байнгын хороогоор Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл,  2027-2028 оны төсвийн төсөөллийг хэлэлцэж байна. Монгол Улсын Их Хурлаас боловсрол, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг бууруулахгүй байх, цаашлаад дотоодын нийт бүтээгдэхүүний 5.0 хувьд хүргэх зорилттой ажиллаж байгааг дурдлаа.

НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн Бүсийн дэд захирал Александар Саша Бодироза, Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн хамтын ажиллагаа үр дүнтэй байгаад санал нэг байгаагаа илэрхийлээд, нэн ялангуяа эхийн эндэгдлийг 1994-2024 оны хооронд 75 хувиар бууруулж чадсан нь Монгол Улс Ази Номхон далайн бүс нутагтаа сайн  жишээ болж  буйг онцлов.

Мөн сүүлийн хоёр жил эрүүл мэндийн салбарын санхүүжилт буурч, дотоодын нийт бүтээгдэхүүний 3.0 хувьд хүрснийг тодотгоод, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт эрүүл мэнд, боловсролын салбарын санхүүжилтийг дотоодын нийт бүтээгдэхүүний 6.0 хувьд хүргэх зорилтыг тавьсан. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд Улсын Их Хурал анхаарч буйд талархал ирэлхийлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

32-ын тойргоос “Сод Монгол” ШТС хүртэлх туслах замыг шинэчлэх ажил 60 хувьтай үргэлжилж байна

Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, 32-ын тойргоос “Сод Монгол” ШТС хүртэлх авто замыг шинэчилж байна. Тодруулбал, уг авто замыг 560 метр урт, зургаан метр өргөн, хоёр урсгал бүхий туслах авто зам болон баруун талдаа 2.5 метр өргөн, зүүн талдаа 1.5 метр өргөн явган замтайгаар барьж буй. Авто замын ажлыг “Баянцогт зам” ХХК гүйцэтгэж буй бөгөөд ажлын явц 60 хувьтай үргэлжилж байна

Авто замын ажлын талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “32-ын тойргийн “Номин” дэлгүүрээс хойшоо чиглэлд Долоон буудал хүртэлх авто замын ойролцоо олон худалдаа, үйлчилгээний төв байдаг учир ачаалал ихтэй байдаг. Тиймээс хоёр эгнээ туслах замыг барьж байна. Ингэхдээ аль болох түгжрэл үүсгэхүйн тулд орц, гарц багатайгаар, авто машиныг замын хөдөлгөөнд чөлөөтэй оролцуулах үүднээс гүйцэтгэгч компанитайгаа хамтран ажиллаж байгаа. Гүйцэтгэгч компанийн ажил гүйцэтгэх гэрээ ирэх сарын 30-ны өдөр дуусна, үүнээс өмнө буюу зургаадугаар сарын 2-нд авто замын зорчих хөдөлгөөнийг нээнэ” гэлээ.

“Баянцогт зам” ХХК-ийн Ерөнхий инженер Э.Баянмөнх “Манай компани 2024 оны есдүгээр сарын 6-ны өдөр уг төслийг хүлээн авч тухайн сараас далд ажлуудыг бүрэн гүйцэтгээд, одоо асфальт бетон хучилтыг эхлүүлээд байна. 32-ын тойргоос “Сод Монгол” ШТС хүртэлх 560 метр урт, зургаан метр өргөн, хоёр урсгал бүхий туслах авто зам болон баруун талдаа 2.5 метр өргөн, зүүн талдаа 1.5 метр өргөн явган зам барих нийт ажлын явц 60 хувьтай үргэлжилж байна. Үйлчилгээний төвүүдтэй, авто машины хөдөлгөөн ихтэй байршил учраас талбайг бүрэн чөлөөлж ажил хийх боломжгүй байсан. Энэ нь ажил хийх хурдад нөлөөлсөн. Гэсэн хэдий ч бид хугацаандаа хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Үүнээс гадна авто зам дээр 280 метр урт борооны ус зайлуулах шугам хоолой, 14 шүүрт худгийг суурилуулж байна” гэв.

Мөн үеэр авто замыг шинэчлэх хугацаандаа ажилчдын болон явган зорчигчдын эрүүл, аюулгүй байдлыг хангах үүднээс анхааруулах тэмдэг тэмдэглэгээ, унаж бэртэхээс сэргийлсэн хамгаалалтууд тавихыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг үүрэг болголоо.

Түүнчлэн УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн явган хүний замын төлөвлөсөн трасс дагуу таарсан гэрлийн шон, зарлалын самбар зэрэг зорчих зорчих хэсэгт саад учруулсан зүйлсийг холдуулж, газрыг чөлөөлж байгааг хэллээ.

 

Categories
мэдээ нийгэм

Авто замын хашлага мөргөж, эвдсэн ачааны машины жолоочийг 3 саяар торгожээ

Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн гүүрний урд замд өчигдөр буюу тавдугаар сарын 22-ны өдрийн 08:00 цагийн үед 37 настай Б нь нэр бүхий компаний эзэмшлийн Volvo маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа явган хүний замаар зорчиж автозамын хайс эвдсэн асуудлыг шалган, Зөрчилд холбогдогч компанийг Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 14.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, явган хүний зам, хайс эвдсэн хохирлыг барагдуулж, эвдэрсэн хайс, явганы замыг Нийслэлийн Замын хөгжлийн газраас засварлаж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Цогтсугар: Хэрэв архидалт яг энэ янзаараа үргэлжилбэл үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлнө

Архины хэт хамаарлаас ухамсраараа ангижирч чадсан хүмүүс “Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг”-ийг байгуулсан түүхтэй. Тус НҮТББ-ын тэргүүн, архигүй амьдралын зөвлөх, доктор Ph.D Ж.Цогтсугартай ярилцлаа.


-Та хэзээнээс хүмүүст архинаас гарах талаар зөвлөж байна вэ?

-Бид 22 жилийн өмнө архины хамааралтай хүмүүс байсан. Тэр үед бид архи гэдэг ундаа Монголын нийгэмд асар том аюул занал учруулна гэдгийг олж харсан. Хэрэв бид тэр үед сэрж чадаагүй бол өнөөдөр “70 давхар”-т байх байлаа. Бид ямар ч эм, тариа хэрэглэхгүйгээр өөрийн тархины хүчээр архинаас гарах арга замыг олсон. Ингэхдээ бид архинаас гарах эмийн эмчилгээг ерөөс эсэргүүцээгүй. Эмийн бус аргаар архинаас гарч болдог гэдгийг л ойлгуулахыг хүссэн. Энэ хугацаанд 10 мянга орчим хүн архинаас татгалзсан байна.

-Та эмийн бус арга гэж ярилаа. Энэ талаараа дэлгэрүүлэхгүй юу?

-Эм хэрэглэхгүй гэсэн үг. Монголчууд эм хэрэглэхгүйгээр аливаа өвчин эмгэг, донтолтоос ангижрах тухай сэтгэж чаддаггүй. СЭМҮТ-ийн захирал асан, доктор Ph.D Л.Насанцэнгэлээс би Засгийн газрын хэлэлцүүлгийн үеэр “Энэ дэлхийд архинаас гаргадаг эм байдаг юм уу” гэж асуухад “Архинаас гаргадаг эм, тариа энэ дэлхийд байхгүй” гэсэн хариуг өгсөн. Харин архинаас гарахад нь туслах үүргийг эм, тариа гүйцэтгэдэг. “Архинаас гаргана” гэдэг үг хэрэглэж байгаа нь бизнесийн жижигхэн заль. Архинаас гаргадаг эм, тариа хүний тархин дотор байдаг. Архинаас гарахын тулд эмэнд биш, тархинд суурилах ёстой. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Хүний аюулгүй байдал” гэж бүлэг бий. Тус бүлэгт хүний аюулгүй байдал мэдлэг, мэдээлэл, дүн шинжилгээнд суурилна гэсэн байдаг. Тиймээс бид мэдлэгжүүлэх эмчилгээ хийдэг.

-Хүмүүс архи, согтууруулах ундааны юунд нь болоод хэрэглээд байдаг юм бол?

-Архи уулт гэнэт л бий болчихоогүй. Монголын анхны архины үйлдвэр 1924 онд 14 орос ажилчинтай байгуулагдсан түүхтэй. “Монгол хүн гурав тогтоох ёстой”, “Дарга, доктор, гавьяатын өгсөн юмыг уух ёстой”, “Ахмад хүний өгсөн юмыг чи яагаад уудаггүй юм. Яасан биеэ тоочихсон юм бэ” гэх үзэл хандлага их байдаг. Эдгээрийг нөлөөлөл, дарангуйлал гэж ойлгож болно. Хүнийг сэтгэл зүйн хувьд дарангуйлж байгаа хэлбэр юм. Энэ дарангуйллаас оюун тархиа хамгаалах нь маш чухал. Хүмүүс гэр бүл, найзууд, нам, байгууллагаараа нийлж архи ууж байна. Дээрээс нь Монголын баяр дуусахгүй. Монголоос өөр ингэж олон баяр тэмдэглэдэг, баяр бүхэн нь архи байдаг улс үндэстэн байхгүй. Хүмүүс биеийн болон сэтгэл зүйн нөлөөллийн дарангуйлалд орсон нь архинд орох, донтох шалтгаан болж байна.

-Таныг энэ чиглэлээр ажиллаж эхэлж байхад монголчуудын архины хэрэглээ ямар байв. Одоо ямар байна вэ. Согтууруулах ундааны хэрэглээ залуужчихсан уу?

-Одоогоос 10 гаруй жилийн өмнө би Засгийн газрын ордонд 1000 хүнд архинаас гарах талаар ярьсан юм. Тархины талаар гэсэн үг л дээ. Монголчууд тархиа судлаагүй, тархиа мэддэггүй ард түмэн. Тэр хуралд би “Би зөн билэгтэн шиг ганц үг хэлье. Хэрвээ та нар архидалтыг зогсоохгүй бол, эмэгтэйчүүдээ архидалтын аюул заналаас хамгаалж чадахгүй бол 10 жилийн дараа охид чинь архи уудаг болно шүү” гэж хэлж байсан удаатай. Тэр цагаас хойш 10 гаруй жил өнгөрлөө. Одоо охид, эмэгтэйчүүд архинд орж байна.

-10 жилийн дараа гэхэд монголчуудын согтууруулах ундааны хэрэглээ ямар болно гэж та харж байна вэ?

-Монголчууд аливаа зүйлд цочрохоо больчихсон. Би докторын ажлаа хийхдээ архийг “хүчирхийлэл” гэж үзэж, архиар шахахыг хэрэглээний хүчирхийлэл гэж томьёолсон. Энэ нь өдгөө архиар шахах, хүүхдийн дэргэд архи уухыг хуулиар хориглохын үндэс болсон. ДЭМБ “Монгол Улс архи хэрэглээний хувьд аюул учирсан улс орон” гэсэн дүгнэлтийг зургаан жилийн өмнө гаргасан. Манай улсад жилд 4000 гаруй хүн архинаас шалтгаалан эрт нас барж байна. Бид архины лонхны ард улс төр, хов жив ярьж байна. Хэрэв архидалт яг энэ янзаараа үргэлжилбэл үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлнө.

-Ажил ярина гэдэг архидахын нэр болжээ?

-Угаасаа л ажил ярина гэдэг архидахын нэр байсан. Харин одоо төрийн байгууллагуудын ил архидалт ахуйн хүрээ рүү, хөдөө орон нутаг руу шилжчихсэн байна. Архи уугаад гуйваад явж байгаа хүн нэг үеэ бодоход их харагдахгүй л байна. Гэхдээ архидалт буурсан гэдэг үгтэй би санал нийлэхгүй. Яагаад гэвэл архины үйлдвэрийн тоо нэмэгдээд байна. Архидалт буурсан нь үнэн юм бол 83 архи, спиртийн үйлдвэр дор хаяж 60 болчихсон байх байлаа. Өнөө үед ном худалдаж авч чадахгүй хэрнээ л архи авч байна. Ууж байж амжилт гаргана гэж байхгүй.

-Манай улсад зөвхөн архины хордлогын улмаас жилд бараг нэг мянган хүн нас барж байна гэсэн баримт бий. Та ч сая Монголд жилд 4000 хүн архинаас шалтгаалан нас бардаг гэж хэллээ. Энэ өндөр тоо шүү дээ?

-Манай улсыг архи хэрэглээний хувьд аюул учирсан улс орон гэж ДЭМБ зөвлөмж гаргачихаад байхад монголчууд аюул учирлаа гэж харахгүй л байна шүү дээ. Архины үйлдвэрлэлийн ачаар амьдралаа залгуулдаг асар олон хүн бий. Гэхдээ ард түмнийхээ зовлонг мөнгө олох хэрэгсэл болгож болохгүй. Польш шиг үндэсний хөрөнгөтнүүд нь хүмүүсийг архинаас татгалзахад нэмэртэй төв байгуулж өгөхгүй л дээ. Манай хөрөнгөтнүүд гандан хийд, суваргад мөнгө өгдөг болохоос хүний төлөө, хүнийг босгож ирэхийн төлөө, хүнийг аврахын төлөө юу ч хийж сураагүй.

-Сүүлийн таван жилийн хугацаанд нийт 380.549 гэмт хэрэг, зөрчлийг иргэд согтуу үедээ үйлдсэн гэсэн статистик бий?

-Хүн далд ухамсартаа хэн нэгнийг нам цохино гэж бодсон л бол согтуу байхдаа тэр үйлдлээ хийчихдэг. Монголчууд “Эрүүлийн бодол согтуудаа” гэж ярьдаг. Эрүүлдээ маргалдсан маргааны үр дүн согтууд нь гардаг.

-Согтууруулах ундаа хэрэглэсэн үед хүний тархи яман болдог юм бэ?

-Согтууруулах ундаа хэрэглэх бүрд тархины эс нь хорогдоно. Нэг ёсондоо тархиных нь тал эд, эс эргэж сэргэхгүй үхэждэг. Тал тархитай хүн тал бодно, тал хайрлана, тал ажиллана, тал амьдарна. Гэхдээ аз болоход архинаас гарахыг чин сэтгэлээсээ хүсч, архинаас гарах зоригтой шийдвэр гаргах юм бол тархины эс цоо шинээр нөхөн сэргээгдэх боломжтой. Хүний тархины эс сэргээгддэг гэдгийг тархи судлалын шинжлэх ухаан нотолчихсон. Надад 25 жил архи уусан, 22 жил архинаас гарсан нийт 47 жилийн туршлага байна. 25 настай сэтгэл зүйчид энэ туршлага байхгүй. Тиймээс л архины хамааралтай хүнтэй ажиллах газар олдохгүй байгаа юм.

-Манай улсад жилд дунджаар 4000 гэр бүл гэрлэлтээ цуцлуулж байна гэсэн статистик бий. Үүнд архины хэрэглээ, хамаарал ч тодорхой хэмжээгээр нөлөөлдөг нь бодит амьдралаас харагддаг шүү дээ?

-Айл гэрт архи хэрэглэдэг хүн байх юм бол хажуудах хүнээ амьдрах аргагүй болгодог. Архи хүний хяналтыг алдуулж, аливааг харах өнцөг нь жижигсэж, өөрөө өөрийгөө олж харахгүй болгож, сүүлдээ өөрийгөө танихаа ч болиход хүргэдэг. Энэ дэлхий дээрх хамгийн ховсдох чадвартай, зальтай, таатай мэдрэмж төрүүлж байгаад хүнийг өөрийн эрхшээлд оруулдаг ганц унд бол архи юм. Монголд импортоор орж ирж буй ямар ч үйлдвэрийн архинд би итгэхгүй байна. Гуравхан сая ард түмэн бид 35 жилийн турш хөгжих гээд дийлэхгүй байна шүү дээ. Архи бидний амьдралд ямар айхтар нөлөө үзүүлж байгаа билээ дээ. Гэр бүл, эрүүл мэнд, гоо сайхан, зан чанар, ажлын амжилт, бүтээлч байдал гээд тоочих юм бол хязгааргүй. Архи хүний ирээдүйд итгэх итгэлийг хүртэл үгүй хийж байна шүү дээ.

-Таны зөвлөснөөр архинаас гарахад хэр хугацаа шаардах вэ?

-Бид гурван өдрийн интервенц хийдэг. Тэгээд өөрт нь сурах бичиг өгөөд гурван сарын дараа архинаас гарч байгаа чадварыг нь хамгаалуулж, амьдрал арга зүйн жижигхэн диплом өгдөг. Ингээд насан туршдаа бидэнтэй хамт явахыг зөвлөнө. Архинаас татгалзана гэдэг бол насан туршийн тэмцэл юм. Түүнээс биш хүний биеэс өргөс авч байгаа юм шигээр архи уух донг нь сугалаад авчихна гэж байхгүй.

-Эцэг, эх нь хүүхдийнхээ хажууд архи хэтрүүлэн хэрэглэдэг бол хүүхэд нь ирээдүйд архинд донтогч болох магадлал хоёр дахин нэмэгддэг гэж үздэг юм билээ?

-Энэ бол миний хийсэн судалгааны нэг хэсэг. Хүүхдийн дэргэд архи ууна гэдэг бол хүүхдэдээ сургалт хийж байна гэсэн үг. Хүүхдэд багш нь “Архи хортой” гэсэн хичээл заалаа гэж бодъё. Гэтэл гэрт нь аав, ээж нь найзуудтайгаа архидаад сууж байвал тэр хүүхэд “Багш худлаа ярьсан юм байна. Үнэхээр архи хортой байсан юм бол яалаа гэж аав, ээж хоёр минь уух юм” л гэж бодно.

-Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын иргэдийн архины хэрэглээ нь ямар байдаг юм бол?

-Би Сингапурт очоод нэг хүлээн авалтад очсон юм. Тэгэхэд ширээн дээр нэг ч архи байгаагүй. Тэр үед 30 гаруй насны нэг эмэгтэй хошигноод “Ах аа уучлаарай. Танай улс оронд хүндэт зочиндоо сархад барьдаг соёлтой юм билээ. Манай улсад хүндэт зочиндоо архи барьдаггүй соёлтой” гэж хэлсэн удаа бий. Дэлхий өнөөдөр архи уухгүй, хэн нэгнийг архиар шахахгүй байгаагаа соёл гэж үзэж байхад монголчууд “Согтууруулах ундааг соёлтой, зохистой хэрэглэнэ” гэж яриад уугаад байх юм. Архи огт амсахгүй байх тухай ерөөсөө ярихгүй байна.

-Та архинаас гаръя гэж, эсвэл архины хэрэглээгээ багасгая гэж бодож буй хүмүүст зөвлөгөө өгөхгүй юу?

-Архийг дийлэх хэцүү л дээ. Эхнэр маань хэдэн жилийн өмнө надад “Чи архичин болчихлоо” гэж хэлэхэд би “Би архичин болоогүй. Хөргөгчинд виски, хойморт гурван дээд сургуулийн диплом байна. Чи УИХ-ын гишүүний эхнэр болоход л өөрийгөө бэлдэж бай” гэж хэлж байсан. Одоо бодоход энэ бол асар том оюун санааны хүчирхийлэл. Миний хэлсэн үг “Би чиний дэргэд гурван дээд сургууль төгсчихсөн зохиолч, яруу найрагч хүн. Би бол тэнгэрийн амьтан” гэсэн санаа шүү дээ. Энэ их биеэ тоолт, хэт их өөрийгөө үнэлэх үнэлэмж л өөрийнхөө гараар өөрийгөө унагаахад хүргэдэг юм билээ. Тиймээс архинаас гарахын тулд өөртэйгөө тэмцэж, өөртөө аудит хийж, эм тариа хэрэглэхгүйгээр архинаас гарахыг хүсвэл ямар ч эр хүн чадна гэж боддог. Бидэнтэй 88885593 гэсэн дугаараар холбогдож болно. Архи уудаг хүнийг бид архичин гэдэггүй, үнэт бүхнээ хайрлах зүрх зоригтон гэж нэрлэдэг. Монголчууд архи уухад хэдэн саяар нь мөнгө зардаг хэрнээ оюун ухаанаа өөрчлөх зүйлд мөнгө зарахад жаахан дургүй байдаг. Булчиндаа хүчтэй байхаас гадна тархиндаа хүчтэй бай, залуучууд аа. Мэргэн ухааныг бүтээдэг ганц зүйл бол тархи юм. 100 сая хүнтэй Турк улсад очиж уулзалт хийх үеэр “Танай улсад баярын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолооддог хүн байна уу” гэж асуухад үгүйсгэсэн. Гэтэл манай улсад нөхцөл байдал ямар байгаа билээ дээ.

Ө.АНХЗАЯА

 

Categories
мэдээ нийгэм

“Телеграм аппликэйшнд таны зураг байна” гэж таньдаг хүний нэр, зурагтай хаягаас бичиж залилж байна

Сүүлийн өдрүүдэд иргэдийн гар утсанд Телеграм аппликэйшнд таны зураг байна гэж   таньдаг хүний нэр, зурагтай хаягаас бичиж, хуурамч линк явуулж байгаа нь иргэд, олон нийтийг төөрөгдөлд оруулан зургаа харах гэж линкээр нэвтэрч, нууц үгээ алдах тохиолдлууд гарч байгаа тул ямар нэгэн ач холбогдолгүй линкээр орж нууц үгээ оруулахгүй байхад анхаарна уу.

Цахим орчинд үйлдэгдэж байгаа залилах гэмт хэргийн дийлэнх буюу бараа үйлчилгээ захиалах, даалгавар биелүүлэх (телеграм) зэрэг үйлдлийн аргаар бусдыг залилсан байна.

Цахим залилан нь ихэвчлэн фэйсбүүкээр явагддаг байсан бол одоо нэмэгдэж инстаграм, телеграм, тик токоор өргөн тархсан. Хохирогчид нь санаанд оромгүй байдлаар мөнгө хөрөнгө, цаг хугацаа, сэтгэл санаагаар хохирч залилуулах нь зөвхөн мөнгөөр хэмжигдэхгүй. Он гарснаас хойш уг телеграм аппликэйшнээр дамжуулан эд хөрөнгөө бусдад залилуулсны улмаас иргэдэд нийт 7.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан.

Өнөө үед хуурамч сайт, хуурамч дуудлага, мөн AI буюу хиймэл оюун ухаан өргөн хүрээтэй тархаж, иргэд, байгууллагад ихээхэн хохирол учруулж байна. Өөрийгөө цахим залилангаас хамгаалахын тулд дараах зөвлөмжүүдийг мөрдөхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

  • Цахим нууц үгээ хэцүү, давтагдаагүй нууц үг хэрэглэх
  • Таны утсанд ирсэн сэжигтэй имэйл, линк, мессежийг нээхгүй байх
  • Танихгүй гадаад кодтой  дуудлага, мессежнээс сэрэмжлэх
  • Цахим халдлагад өртсөнөө мэдвэл нэн даруй банк руу  залгаж карт дансаа хаалгах
  • Цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ үү.

Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн 3,745 буюу 85,5 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байна. Цагдаагийн байгууллагын 2025 оны эхний 4 сард улсын хэмжээнд нийт 18,605 гэмт хэрэг бүртгэгдсэн бол Улаанбаатар хотод 13,119 (70.5%), орон нутагт 5,483 (29.5%) гэмт хэрэг бүртгэгдсэн байна.