Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ж.Энхжин: Монголчууд бусадтай мэдрэмжээ хуваалцахдаа муу учраас сэтгэл гутрал ордог

Нийгэмд хүмүүс байнгын стресс бухимдалтай амьдрах  болсон. Энэ нь явсаар хүмүүсийг сэтгэл гутрал хэмээх хүнд төрлийн эмгэгт хүргэх нь бий.  Тиймээс сэтгэл гутралын талаар  мэргэжлийн сэтгэл судлаач Ж.Энхжинтэй ярилцлаа.


– Монголын нийгэмд сэтгэл гутрал ямар түвшинд байгаа вэ. Өдөр болгон уурлах бухимдах хэцүү санагдах нь сэтгэл гутралын эхний шинж тэмдгийн илрэл үү, энгийн үзэгдэл үү?

-Сүүлийн үеийн судалгаагаар зургаан хүүхэд тутмын нэг нь сэтгэлд гутралтай байна.  Тэгэхээр энэ эмгэг манайд нэлээд түгээмэл байна гэсэн үг.  Дангаараа болон хавсарсан хэлбэрийн шинж тэмдгээр илрэх боломжтой. Хүн болгоны сэтгэл гутралын шинж тэмдэг нь өөр байдаг. Тиймээс ялгаж танихад хүндрэлтэй талууд бий.  Нийтлэг шинж тэмдгүүд нь өмнө нь хэвийн амьдарч байсан бол тийм байж чадахаа больчихдог. Ямар нэгэн зүйл хийхээс залхах, хүсэл зорилгогүй болох, шөнийн нойроо бүтэн авахгүй байх, өдөр тутмын үйл ажиллагаагаа хэвийн хийж чаддаггүй, хар бараан бодлуудад дарагдаж уйтгар гунигтай болох гэх мэтээр илэрдэг. Эдгээр шинж тэмдгүүд хоёр долоо хоног түүнээс дээш хугацаанд үргэлжилж байгаа тохиолдолд сэтгэл гутралын шинж тэмдэг гэж үзнэ. Мөн сэтгэл гутрал, стресс хоёр нь тусдаа зүйл. Монголд хэвийн амьдарч байгаа хүн болгон стресс бухимдалтай байгаад байна. Ямар нэгэн зүйлээс таашаал авахаа болих, бүх зүйлийг сөрөг талаас нь харах, байнгын уур бухимдал, сөрөг бодол тээж явдаг болчихдог. Босоод нүүрээ угаах ч хүсэлгүй болж, хоол ундны дуршил өөрчлөгдөх гэх мэт хүн бүр харилцан адилгүй болдог.   Үүнийг шууд сэтгэл гутрал гэхээсээ илүү стресс гэж ойлгох хэрэгтэй.

-Зарим хүн өдөржин хэвийн үйл ажиллагаагаа хийгээд орой гэнэт л сэтгэл санаагаар унаж уйтгарладаг. Үүнийг та юу гэж тайлбарлах вэ?

-Хүмүүс өглөө босоод өдөржингөө ачаалал үүрч байгаад орой ядарч байгаагаа мэдэрдэг. Энэ нь бие махбодын ядарсан хэлбэр гэсэн үг. Үүнээс болоод орой юм бодоход илүү гүнзгий буюу сөрөг бодлууд орж ирдэг. Тэгэхээр ямар нэгэн зүйл хийх гэж байгаа бол өглөөд шилжүүлэх нь зөв шийдвэр гаргахад нөлөөлдөг. Мөн шөнө хэдэн цагийн нойр авч байгаа нь хамгийн чухал юм. Сэтгэл зүйн асуудлаар ирж байгаа дийлэнх хүмүүс нойргүйдэлтэй болчихсон байдаг. Олон улсын судалгаагаар өдөрт зургаан цагаас бага унтаад зургаан сараас дээш үргэлжилсэн тохиолдолд ямар нэгэн сэтгэл зүйн асуудал үүсдэг гэж үздэг.

-Сэтгэл гутрал нь аажмаар илрэх үү, гэнэтийн байдлаар илрэх үү?

-Хүн болгонд өөрөөр илэрнэ. Хүмүүс сэтгэл зүйн асуудалтайгаа мэдэхгүй удаан хугацаанд явснаас болж сэтгэл гутралын хүнд шатанд орсон байж болно. Зарим үед бол ойрын хүн нас барах, гэнэтийн осол гарах, байгалийн гамшигт өртөх гэх мэт сэтгэл зүйн асуудал үүсэж болно. Гэхдээ сэтгэл гутралаас гарах бүрэн боломжтой. Аль болох эртхэн таньж мэдээд оношлох нь зүйтэй юм.

-Сэтгэл гутрал нь нас, хүйс, амьдралын нөхцөл байдлаас шалтгаалах уу, ямар насныхан дийлэнх нь өртдөг юм бэ?

-Бүх насныхан өртөж болно. Хүн болгонд үүсэж байгаа асуудал түвшин өөр байдаг. Ялангуяа монгол эрчүүдийн амиа хорлолт азидаа хоёрт ордог. Судалгаагаар амиа хорлолт нь эрэгтэй хүмүүс эмэгтэйчүүдээсээ 8.5 дахин илүү байдаг. Учир нь эрчүүд мэдрэмж сэтгэлээ гадагшлуулахгүй явсаар байгаар хүнд нөхцөл байдалд ордог. Сэтгэл гутралд орох ямар нэгэн шалтгаантайгаа нүүр тулж чадахгүй зугтаагаад л яваад байдаг. Сэтгэл зүйн асуудлын хамгийн хэцүү зүйл нь гадна талаасаа ямар нэгэн ил шарх сорви байхгүй, бие махбодын хувьд эрүүл саруул юм шиг харагддаг. Эргэн тойрны хүмүүс нь ямар байгааг нь мэдэхгүй, гунигтай байгаа мэдрэмжийг нь шууд үгүйсгэж эхэлдэг. Сэтгэл гутралд орсон хүмүүс ч гэсэн яагаад байгаагаа мэдэхгүй хэцүү байна гээд л яваад байдаг. Өөрийгөө байнгын буруутгаж арчаагүй, муугаар бодож явдаг. Энэ нь сэтгэл гутралын хар бараан хэсгүүд юм. Хоёрдугаарт, төрсний дараах сэтгэл гутралд өртсөн ээжүүд байдаг. Эмэгтэй хүний даавар жирэмсний үед огцом өгсөж байгаад төрсний дараа огцом буурдаг. Тиймээс жирэмсэн үеэсээ эхлээд сэтгэл зүйн асуудалдаа анхаарах шаардлагатай. Монгол хүмүүс хүүхэд төрсний дараа хүүхдийг нь л асуугаад байдаг. Харин ээжийг ямар байгааг асуух хүн тэр бүр байдаггүй. Мөн төрсний дараах эрсдэлт хүчин зүйл нь нойрны асуудал байдаг. Шөнөдөө хоёроос гурван цаг хөхүүлэх ёстой учраас гүн нойроо авч чадахаа больчихдог. Тэгэхээр дийлэнхдээ тухайн ээжийн сэтгэл гутралд орох шалтгаан нь нойр болдог. Энэ үед нь гэр бүл ойр дотно хүмүүс нь сайн ойлгож тусалж дэмжих хэрэгтэй.

-Ээжүүд сэтгэл гутралд орсон бол асуудал бэрхшээлээ хэрхэн даван туулах вэ?

-Ээжүүд анхнаасаа зөвхөн эрүүл мэнддээ биш сэтгэл зүйн асуудлыг ч гэсэн судлах хэрэгтэй. Ихэвчлэн хүүхдийнхээ живхийг солих, гэдэс дүүрэлт гэх асуудал дээр голчлон анхаарлаа төвлөрүүлээд байдаг. Төрсний дараа дааврын өөрчлөлтүүд гардаг учраас эхний хоёр долоо хоногт хямрах нь хөнгөн байдаг. Үүнээс цааш үргэлжилбэл сэтгэл гутрал үүсэж байна гэсэн үг. Хүн гэдэг нийгмийн амьтан учраас аль болох хүмүүстэй харилцаж байх хэрэгтэй. Ээжүүд хүүхдэдээ гол анхаарлаа хандуулаад өөрийгөө орхих талууд ажиглагддаг. Тэгэхээр амралтын өдрүүдэд гэр бүлээрээ салхинд гарах, найзуудтайгаа цагийг хөгжилтэй өнгөрүүлж өөртөө цаг зав гаргах нь зүйтэй. Гэр бүлийн үндэс нь ээжүүд байдаг учраас сэтгэл зүйн хувьд эрүүл байж бусдыгаа амар тайван байлгах хэрэгтэй. Аавууд ч гэсэн сэтгэл гутралд орох үе байгаа. Эрчүүдийн хувьд шууд санхүүгийн ачаалал орж ирдэг. Шууд нэг хүний цалингаар Монголын нөхцөл байдалд хамгийн багадаа гурван хүн амьдрахад байнгын санхүүгийн ачаалалтай тулгардаг. Энэ нь түр хугацааны асуудал гэдгийг мэдэхгүй маш олон хосууд салж байна. Тиймээс төрсний дараах сэтгэл гутралд орсон бол аль болох сэтгэл зүйн зөвлөгөө авах хэрэгтэй.

-Монгол хүмүүсийн сэтгэлгээний онцлог бусад орнуудаас ямар ялгаатай байдаг вэ?

– Монгол хүмүүс бусадтай ярих чадвар бусад орнуудтай харьцуулахад харьцангуй бага байдаг. Гэтэл Америк болон Европын орнуудад мэдрэмжээ шууд илэрхийлдэг. Харин монголчууд хүүхдийг ямар мэдрэмж төрж байгаа эсэх, юу хүсэж байгааг нь асууж ярилцах нь ховор байдаг. Эрт дээр үед өөрөөрөө үлгэрлэж хүүхдэдээ амьдралын ухаан зааж өгдөг байсан. Тухайн хүүхдүүд голдуу эцэг эхээ харж өсдөг. Харин сэтгэл мэдрэмжийг нь уудалж ярилцах боломж олгодоггүй байсан. Тэгэхээр монголчууд нүүдэлчин соёлоороо дамжуулж үр хүүхдэдээ үлгэрлэдэг байсан нь бусад орнуудаас ялгаатай.

-Сэтгэл гутралыг эмчлэх үйлчилгээ хэр түвшинд хөгжиж байгаа вэ?

– Сэтгэл мэдрэлийн үндэсний төв гэхээр хүмүүс “Шархад” л гэж ойлгоод байдаг. Тиймээс хүмүүс ямар нэгэн асуудал тулгарвал сэтгэл зүйч дээр очих нь бага байдаг. Харин гадаадад энэ нь энгийн үйлчилгээ болсон. Бусад европын улс орнуудад ямар нэг асуудал тулгарсан л бол тухайн үедээ сэтгэл зүйч дээр очдог. Харин Монголд хүнд хэлбэрт орсныхоо дараа л очдог. Мөн орчин үед сошиал медиа хөгжиж байгаатай холбоотой залуу үеийнхэн сэтгэл зүйн мэдлэг арай өндөр түвшинд байна. Хөгшин хүмүүсийн хувьд сэтгэл зүйч дээр очих дургүй байх хандлага ажиглагддаг. Хувь хүний ойлголт мэдлэгээсээ шалтгаалаад өөр байдаг.  Хэрэв сэтгэл зүйн асуудал үүсвэл харьяалагдах хороо, дүүргийнхээ сэтгэл зүйчид үнэ төлбөргүй зөвлөгөө авах бүрэн боломжтой. Эсвэл мөнгө санхүүгийн хувьд асуудалгүй бол сэтгэл зүйн төвүүдэд ч хандах боломжтой.

-Сэтгэл гутралаас урьдчилан сэргийлэх арга замууд болон өдөр тутамдаа ямар дадал зуршил хэрэгжүүлэх нь зүйтэй вэ?

– Юун түрүүнд өдөрт хамгийн багадаа 7-8 цаг унтаж гүн нойроо авч байгаа эсэх нь хамгийн чухал юм. Мөн байнгын дасгал хөдөлгөөн хийх нь тухайн хүний аз жаргалын дааврыг ялгаруулж байдаг. Тиймээс бид сэтгэл зүйн зөвлөгөө авахаар ирж байгаа хүмүүст аль болох өдөрт хамгийн багадаа 30 минут алхахыг санал болгодог. Мэдрэмж сэтгэлээ тухайн үедээ шууд илэрхийлэх нь зүйтэй. Удаан хугацаанд бодож явах нь хүнд хэлбэрт орох магадлалтай. Хэрэв сэтгэл гутралд орсон бол аль болох түүнтэйгээ нүүр тулж, түүнийгээ даван туулах нь чухал шүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлийн автомашины улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчилнэ

Монгол Улсын автомашины дугаар олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн шинэчлэхээр болжээ.

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нийгмийн сүлжээндээ “Манай улсын автомашины дугаар олон стандартад нийцээгүй бараг цор ганцаар улсын кодгүй, крилл үсэгтэй байдаг. Улаанбаатар удахгүй олон улсын стандартын дагуу автомашины дугаарыг шинэчлэх стандарт батлуулахаар Зам тээврийн хөгжлийн яаманд төслөө хүргүүлсэн байгаа. Стандарт батлагдахаар зөвхөн Улаанбаатарт бүртгэлтэй 805 мянган тээврийн хэрэгслийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэх ажил эхэлнэ” гэжээ. 

Categories
мэдээ спорт цаг-үе

“Хасын хүлэгүүд” баг “Азийн аваргуудын лиг”-ийн хүрэл медаль хүртлээ

2025 оны дээд лигийн аварга “ Хасын хүлэгүүд” баг “BCL Asia” буюу 2025 оны Азийн Аваргуудын лигийн хүрэл медаль хүртлээ.

Тэд медалийн төлөөх тоглолтод АНЭУ-ын “Шабаб Аль-Ахли” багийг 84:79 харьцаатай хожиж Монголын сагсан бөмбөгийн спортод шинэ түүх бүтээлээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

К.Ёолк жүдо бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Унгар улсын Будапешт хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ хоёр дарь өдрөө болж байна. Өчигдөр Монголын дөрвөн жүдоч хүч үзсэнээс эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд К.Ёолк хагас шигшээд Бразилын бөхийг торгуулиар ялсанаар хүрэл медаль хүртлээ.

Монголын жүдо бөхийн ДАШТ-ээс хүртэж буй 32 дахь медаль, 19 дэх хүрэл медальтан Ё.Ёолк болов.

Жүдо бөхөөр Монголын тамирчид ДАШТ-ий анхны хүрэл медалийг 1989 онд Д.Баттулга, анхны мөнгөн медалийг 1989 онд О.Балжинням, анхны алтан медалийг 2009 онд Х.Цагаанбаатар нар хүртэж байв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нурааж, ногоон байгууламж болгон тохижуулна

Баянгол дүүргийн 7 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нурааж, ногоон байгууламж болгон тохижуулна. Уг “Эрхэмжаргалан” ӨЭМТ-ийн хуучин байрыг бидний өмнө мэдээлж байснаар гар утас худалдааны төвийг дамлан түрээсэлж сард 20 сая төгрөгийн ашиг олдог боловч нийслэлд 3.7 саяыг төвлөрүүлж байсан этгээд мөн 5 жил түрээсэлсэн. Гэвч түрээслэх хугацаандаа тус байрыг нэг ч удаа ашиглаж, тордоогүй эвдэрч сүйдээд байна. Тиймээс нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон нийслэлийн Өмчийн харилцааны газрын холбогдох албаныхан байршил дээр нь ажиллалаа.

Харин “Эрхэмжаргалан” ӨЭМТ-ийг шинэ өрхийн эрүүл мэндийн төвийн цогцолбор барилга руу шилжүүлжээ. Тухайн орчмын оршин суугчдын ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс балгас болсон тус барилгыг акталж нурааж, ногоон байгууламж болгохоор шийдвэрлэснийг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга В.Оюумаа нар хэллээ.

Түүнчлэн энэ онд өмч хувьчлалын жагсаалтад 28 барилга байгууламж орсон. Үүнээс өнгөрсөн тавдугаар сарын 2-ны Өмч хувьчлалын комиссын хурлаар 13 объектыг өмч хувьчлалын жагсаалтаас хасаж нураан, нийтийн эзэмшлийн талбай болгохоор шийдвэрлээд байна. Мөн Улаанбаатар хотын удирдлагын зүгээс өмчийн дуудлага худалдааг олон нийтэд нээлттэй, ил тод явуулах зарчмыг баримталж ажиллаж байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт бага зэргийн бороо орно

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Зургаадугаар сарын 14-нд нутгийн зүүн хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.

2025 оны зургаадугаар сарын 14-ний 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлшинэ, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс зүүн хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зүүн хэсгээр борооны өмнө түр зуур ширүүснэ. Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь орчмоор 28-33 хэм, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Орхон, Сэлэнгийн сав газраар 22-27 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 17-19 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 16-18 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 15-17 хэм дулаан байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Монгол Улсын ард иргэд ээ,

Монгол Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Өндөр үүрэг хариуцлага, итгэл хүлээлгэж Монгол Улсын Ерөнхий сайдаар тохоон томилсон Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Засгийн газрын тэргүүний өндөр хариуцлагатай албан тушаалд нэрийг минь дэвшүүлсэн Монгол Ардын Нам, журмын нөхдөдөө, Намын шийдвэрийг дэмжиж, намайг Ерөнхий сайдаар томилуулах саналаа Улсын Их Хуралд өргөн барьсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Танд энэ талархлыг хамтатган дэвшүүлье.

Шударга ёс, баялгийн тэгш хуваарилалт, мега төслүүд, бүсчилсэн хөгжил, Шинэ сэргэлт зэрэг томоохон бодлого, зорилт дэвшүүлж, зохих үр дүнд хүргэсэн Монгол Улсын 32, 33 дахь Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ болон түүний тэргүүлсэн Засгийн газрын танхимын гишүүдэд хүндэтгэл илэрхийлж буйг минь хүлээн авна уу.

Шинээр байгуулагдах Засгийн газар Монгол Ардын Нам, Ардчилсан нам, ХҮН намын 2024 оны Улсын Их Хурлын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн зорилтуудыг тусгасан, хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, амжилт ололтыг улам бататгаж ажиллах болно.

Эрхэм гишүүд ээ,

Дэлхий дахинд геополитик, гео-стратегийн хурцадмал нөхцөл байдал үргэлжилж, худалдаа, тарифын дайн нүүрлэсэн нэн эгзэгтэй цаг үеийг улс орнууд, түүний дотор Монгол Улс туулж байна.

Түүхий эдийн үнийн уналтаас шалтгаалж уул уурхайн цөөн тооны бараа бүтээгдэхүүнээс хэт их хамааралтай манай эдийн засаг хүндхэн сорилттой нүүр туллаа.

Тухайлбал, манай улсын эдийн засаг сүүлийн дөрвөн жилд дунджаар таван хувиар өсөж байсан бол 2025 оны эхний улиралд эдийн засгийн өсөлт хоёр дахин буурлаа.

Нүүрсний экспорт зогсонги байдалд орж, төсвийн орлого тасалдаж, гадаад валютын нөөц, монгол төгрөгийн ханшид сөрөг дарамт учирч, инфляц нэмэгдэж байна.

Урьдчилсан тооцооллоор жилийн эцэст төлбөрийн тэнцлийн алдагдал нэг тэрбум ам.долларт хүрч магадгүй боллоо.

Мөн эрчим хүчний системийн найдвартай, тасралтгүй үйл ажиллагаанд гэнэтийн эрсдэл үүслээ.

Тиймээс эдийн засгаа тогтворжуулж, иргэдийнхээ орлого, амьжиргааг тамиржуулах, эрчим хүчний гэнэтийн доголдол зэрэг тулгамдсан асуудлуудыг нэн яаралтай шийдвэрлэх шаардлага үүслээ.

Эрсдэл, сорилтыг даван туулах, ҮНДЭСНИЙ СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХЫГ бүх түвшинд төлөвшүүлэх нь шинэ Засгийн газрын нэн тэргүүний зорилт байх болно. Монголчууд бид гадаад, дотоод таагүй нөхцөлөөс хохирч биш, хожиж гарах ёстой.

Үүний тулд Засгийн газар Үндэсний аюулгүй байдал, монгол хүний эрх ашигт заналхийлж, итгэлийг нь үгүй хийж, мөрөөдлийг нь сүүдэртүүлж байгаа асуудлуудыг эрэмбэ, шат дараатай шийдвэрлэхийг эрхэм зорилгоо болгоно.

Улсын эдийн засаг хүнд байгааг шулуухан хэлье. Зардлаа багасгаж, орлогоо хэмнэхээс өөр сонголт бидэнд алга.

Гэхдээ эрсдэлийг даван туулах арга хэмжээг хэрэгжүүлэхдээ ард түмэн, аж ахуйн нэгжийнхээ нуруунд үүрүүлж, халаас хэтэвчийг нь тэмтрэх байдлаар биш, төрийн үрэлгэн зардлаа багасгаж, ТӨР ӨӨРӨӨ БҮСЭЭ ЧАНГАЛАХ зарчмыг барих ёстой гэж үзэж байна.

Тиймээс Монгол Улсын 2025 оны төсөвт нэн яаралтай ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ хийж, төсвийн сахилга бат, ил тод, нээлттэй, нэгдмэл байдлыг чанд сахиж, хариуцлагын тогтолцоог эрс чангатгана.

Төсвийн зардал, ачааллыг нэмэгдүүлж байгаа төрийн нүсэр бүтцийг эмхлэн цэгцэлж, “ТООНООС ЧАНАРТ” шилжиж, цомхон, чадварлаг, бүтээмжтэй төрийн албыг бий болгох чиглэлд бодит алхмууд хийнэ.

Төрийн өмчит аж ахуйн нэгж, чиг үүрэг давхардсан үндэсний хороод болон үр ашиг муутай төрийн сангуудыг цэгцэлнэ.

Төрийн өмчит компаниудын тоог цөөлж, хувьчлалыг эрчимжүүлэн, засаглалыг сайжруулж, олон нийтийн хяналттай, цомхон, чадварлаг, үр өгөөжтэй байхуйц бүтцийн өөрчлөлтийг хийж, мэргэшсэн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх нь зайлшгүй шаардлага мөн.

Манай Засгийн газар хөдөлмөрлөж байгаа хүн бүрийг, ажил олгогч – баялаг бүтээгч нараа бүх талаар дэмжиж ажиллах болно.

Тиймээс татвар, нийгмийн даатгалын сангийн цогц реформ хийж, иргэн, аж ахуйн нэгжийн татварын дарамтыг бууруулж, шаталсан, шударга татварын тогтолцоог бэхжүүлж, татварын бааз суурийг өргөтгөх арга хэмжээ авна.

Түүнчлэн хувийн хэвшлийн хийх боломжтой ажлыг төр хийхгүй байх зарчим баримтална. Төрийн зарим үйлчилгээний чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлж, эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх чиг баримтална.

Мөн жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, инновац, бүтээмжийг дэмжсэн эрх зүйн шинэчлэл хийж, бизнесийн орчны хүндрэл, чирэгдлийг арилгаж, хувийн хэвшлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ.

Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно.

Шинэ Засгийн газар монгол хүний хөгжлийг бодлогынхоо цөмд нь, иргэдийнхээ эрхийг шийдлийнхээ голд нь тавьж асуудалд ханддаг, АРД ТҮМНИЙ төлөө ЗАСГИЙН ГАЗАР байхыг эрхэм зорилгоо болгож ажиллана.

Чадварлаг, бүтээмжтэй, эрүүл саруул, дэлхийд өрсөлдөх чадамжтай монгол хүний хөгжилд чиглэж, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын цогц реформыг эрчимжүүлнэ.

Бүтээмж, гүйцэтгэл, үр дүнд суурилсан цалин хөлсний бодлогыг салбар бүрд нэвтрүүлнэ.

Халамжийн тогтолцоонд шинэчлэл хийж, ХАМГИЙН САЙН ХАЛАМЖ БОЛ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ байх зарчмыг удирдлага болгоно.

Тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулж, удирдлага менежментийг шударга, ил тод, мэргэжлийн хөрөнгийн удирдлагын тогтолцоонд шилжүүлнэ.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлж, “БАЯЛАГТАА ЭЗЭН МОНГОЛ” зорилтыг тууштай хэрэгжүүлнэ. Монгол хүн баялагтаа эзэн байх ёстой. Эзэн байхын учир нь өмчийнхөө зарцуулалтад хяналт тавих, үр өгөөжийг нь тэгш хүртэх учиртай байхад чиглэгдэнэ.

Энэ зарчмын үүднээс стратегийн ач холбогдол бүхий орд эзэмшигч аж ахуйн нэгжүүдтэй хийж буй хэлэлцээрүүдийг үргэлжлүүлэн, бодит үр дүнд хүргэнэ.

         Эрхэм гишүүд ээ,

Монголчууд бид Ардчилсан Үндсэн хуулиа батлаад 30 гаруй жилийг туулжээ.

Миний бие өнгөрсөн хугацаанд ард түмэн, төр засгийн дэмжлэгээр парламент, гүйцэтгэх засаглал, гадаад харилцаа, төрийн бодлогын түвшинд ажиллахдаа олон сорилт, бэрхшээлийг туулж, ардчиллын засаглалыг бэхжүүлэх, төлөөллийн ардчиллыг зөвлөлдөх ардчилалтай хослуулан, төрийн тогтвортой байдлыг хангахын төлөө тууштай зүтгэж ирсэн.

Миний бие УИХ-ын даргаар ажиллаж байхдаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлуулж, газрын хэвлийн баялагтаа ард түмэн эзэн байх суурь зарчмыг Үндэсний баялгийн сангийн хуулиар батлуулж чадсан.

Мөн хүний эрхийг хамгаалагчийн тухай хууль, төрийн хүнд суртлыг бууруулах зөвшөөрлийн хууль, авлигагүй нээлттэй засаглалыг бэхжүүлэх цахим хөгжлийн багц хууль, хүний хөгжлийг дэмжих боловсролын багц хууль зэрэг олон чухал суурь хуулиудыг батлуулсан.

Хууль батлагдах бол нэг хэрэг. Тиймээс шинэ Засгийн газар хууль хэрэгжүүлэх, хуулийн үйлчлэлийг тэгш байлгах, шударга ёс, тэгш эрхийг хангахад бүхий л анхаарлаа хандуулна.

Мөн төрд ёс зүйг сахиулах нь Засгийн газрын эн тэргүүний зорилт байх болно.

Хууль дээдлэх, ёс зүй, хариуцлагыг эрхэмлэх зарчим дээрээсээ эхэлж, ард иргэд, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн хамтарсан хяналт, оролцоо, ил тод байдал дээр тулгуурлах учиртай.

Ард түмэнтэйгээ хамгийн ойр, тэдний үгийг сонсдог, шаардлагыг анхаардаг, үйл ажиллагаа, шийдвэр нь ил тод байдаг төр, засаг л иргэдийнхээ төрд итгэх итгэлийг нэмэгдүүлнэ.

Тиймээс авлигаас ангид, ард түмнээсээ зугтаадаггүй, эрх мэдлийн ард нуугддаггүй, ҮНЭНЭЭ ХЭЛДЭГ ЗАСАГ байх болно.

Манай Засгийн газар ХАРИУЦЛАГА НЬ ЭЗЭНТЭЙ ЗАСГИЙН ГАЗАР байх учиртай.

Алга ташуулахад эзэн олон, алдаа дутагдалд хариуцагч байхгүй байх нь наад зах нь шударга ёсны зарчимд нийцэхгүй.

Тиймээс алдаа, бурууд цаг тухайд нь хариуцлага тооцдог байх зарчмыг мөрдлөг болгоно. Алдсанаа хүлээдэг, буруудсанаа засдаг, буруутанд хариуцлага оноодог байх нь ардчилсан засаглалын зарчим мөн чанарт нийцнэ.

Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна.

Түүнчлэн богино зайны дуулиан шуугианд хөтлөгдөхгүйгээр улирлын чанартай бэрхшээлүүдийг оновчтой шийдвэрлэж, урт хугацааны ултай суурьтай шийдэлд төвлөрнө.

Шинэ Засгийн газар төрийн бодлогын залгамж чанарыг хэлбэрэлтгүй сахина. Өмнөх засгийнхаа сайн бодлогыг тууштай үргэлжлүүлж, улс орны язгуур ашиг сонирхолд нийцсэн мега төслүүдийг ач холбогдлоор нь эрэмбэлж, цаг алдалгүй хэрэгжүүлэхийг зорино.

Түүнчлэн нийслэл Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдол зэрэг бугшмал асуудлуудыг шийдвэрлэх нийслэлийн бодлого, үйл ажиллагааг бүхий л талаар дэмжин ажиллах болно.

Дэлхийн хамтын нийгэмлэг, бүс нутгийн түвшинд гадаад харилцаанд ололтоо ахиулж, амжилтаа бататгана.

Гадаадын хөрөнгө оруулалтыг тууштай дэмжиж, Монгол Улсын язгуур ашиг сонирхлыг цорын ганц хэмжүүр, шалгуур болгоно. Монгол Улс бол сайн хөрш, найдвартай түнш, итгэл даах хамтрагч гэдэг дүр төрхийг баталгаажуулахыг эрмэлзэнэ.

Товчилж хэлбэл, ОЛОН УЛСАД МОНГОЛ УЛСЫНХАА ӨСӨН НЭМЭГДЭЖ БУЙ НЭР ХҮНДИЙГ БАТАТГАН БЭХЖҮҮЛЭГЧ ЗАСГИЙН ГАЗАР байхыг эрмэлзэнэ.

Түүнчлэн “Digital first” гэсэн уриа дор “ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ ЭРХЭМЛЭГЧ” ЗАСГИЙН ГАЗАР байна. Их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт бидний зорилт байх болно.

Төрийн ажил, үйлчилгээг цахимд шилжүүлэх эрмэлзэл бүрийг, хөдөлмөр хөнгөвчлөх, бүтээмж нэмэгдүүлэх, инновац, шинэ технологи нэвтрүүлэх шийдэл болгоныг манай Засгийн газар ямагт урамшуулан дэмжих болно.

Дэлхий дахинд үүсээд байгаа хурцадмал нөхцөл байдал, Монголыг чиглэсэн гаднын ашиг сонирхол цөөхөн монголчууд биднийг эвтэй байхыг шаардаж байна.

Энэ шаардлага хэзээ хэзээнээс илүү үнэ цэнтэй болсныг монгол хүн бүр мэдэрч, санаж явах ёстой учиртай. Үзэл бодол ондоо, байр суурь тусдаа, намын харьяалал өөр байж болно. Гэхдээ бид Улс Монголоо гэсэн сэтгэл нэг л байх ёстой.

Тиймээс бид ЭВИЙГ ЭРХЭМЛЭДЭГ ЗАСГИЙН ГАЗАР байна.

“Ойрын нөхөд хэрэлдэхэд холын дайсан баярладаг” гэсэн үг бий. Үүн дээр нэмээд “Гадаа хүйтэрч байхад гэр дотор дулаан байх ёстой” гэж нэмж хэлье.

Эвийг хичээж, эеийг эрхэмлэж, зөвшилцөл ойлголцлыг эн тэргүүнд эрэмбэлж, Монголынхоо төлөө, ард түмнийхээ төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр хамтран зүтгэхийг Монгол Улсын Их Хурлын гишүүдээсээ эрхэмлэн хүсье.

Монгол Улсын Засгийн газрын тэргүүний хувьд би Хүнийг төвд нь тавьсан хөгжил, Шударга ёсыг эрхэмлэсэн төр, “Нэг бодлого-Нэг зүтгэл” уриаг үйл хэрэгтээ хэрэгжүүлж, эв нэгдэл, итгэл дээр суурилан ажиллах болно гэдгээ илэрхийлье.

Нэг монгол, нэг гэр бүл, нэг ард түмэн гэдгээ гүнээ ухамсарлаж, хүсэл зорилго, үнэт зүйлээрээ нэгдэн нийлж, Сэргэн мандсан Хүчирхэг Монголын төлөө хамтран зүтгэцгээе.

Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Г.Ганбаяр: Оюутан цагдааг ажиллуулснаар гадаадын иргэд, жуулчид гэмт халдлагад өртөж хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлсэн томоохон ажил болно гэдэгт итгэлтэй байна

“Оюутан цагдаа” хөтөлбөр энэ сарын 10-ны өдрөөс эхлэн хэрэгжиж буй юм. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мэргэжил арга зүйн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаяртай ярилцлаа.


-“Оюутан цагдаа” хөтөлбөрийг хэд дэх жилдээ хэрэгжүүлж байна вэ. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж буй зорилго юу вэ?

-“Оюутан цагдаа” хөтөлбөрийг НИТХ, НЦУГ, НАЖГ, МОХ гэсэн дөрвөн байгууллага хамтраад 10 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ хөтөлбөр 2014 оноос хэрэгжиж эхэлсэн. Тухайн үед хөтөлбөрт 88 оюутан хамрагдаж байлаа. 2020 онд “Ковид-19” цар тахлын үед нэг жил өнжсөн. Өнгөрсөн жил гэхэд 50 оюутан цагдаа ажилласан. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд нийт 750 оюутан “Оюутан цагдаа” хөтөлбөрт хамрагдсан байна. Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан энэ онд нэг сая жуулчин хүлээн авах зорилтыг дэвшүүлсэн. Үүнтэй холбогдуулан урлаг соёлын болон дотоодын өв соёлыг түгээн дэлгэрүүлэх чиглэлийн олон томоохон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн.

Мөн энэ сарын 27, 28-ны өдрүүдэд Хүрээ цам-Даншиг наадам зохион байгуулагдах гэж байна. Тэдгээр арга хэмжээг гадаадын жуулчид ихээр үзэж сонирхдог учир тэдний аюулгүй байдлыг хангах чиглэлээр оюутан цагдаа нар ажиллана. Оюутан цагдааг ажиллуулснаар гадаадын иргэд, жуулчид гэмт халдлагад өртөж хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлсэн томоохон ажил болно гэдэгт итгэлтэй байна.

-Энэ жил “Оюутан цагдаа” хөтөлбөрт хэдэн оюутан хамрагдаж байгаа вэ. Тэднийг хэдэн байршилд ажиллуулах вэ?

-Гадаадын иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэрэгцээт мэдээ, мэдээллийг шуурхай өгч, дэмжлэг үзүүлэх зорилгоор гадаад хэлний мэдлэгтэй 12 Их, дээд сургуулийн 62 оюутныг сонгон шалгаруулсан. Тэд гадаадын жуулчид ихээр төвлөрдөг газруудад ажиллах бөгөөд нэг байршилд хоёр оюутан хамтран ажиллана. Энэ жил 150 оюутан ажиллуулахаар төлөвлөсөн боловч төсөв санхүүгийн байдлаас тоо нь багасаад 62 оюутан ажиллахаар болсон. Оюутан цагдаа ажиллаж буй эргүүлийн чиглэлд гадаадын иргэд, жуулчдын хөл хөдөлгөөн бага байвал эргүүлийн чиглэлийг тухай бүр өөрчлөөд ажиллуулдаг. Оюутан цагдаа нар гадаадын жуулчид ихээр төвлөрсөн газруудад хэлмэрч хийж, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байгаа түүх соёлын дурсгалын болон үзвэр үйлчилгээний газар, томоохон худалдааны төвүүдийг зааж чиглүүлэх үүрэгтэй.

-Байршлаа сэлгэх үү?

-Оюутан цагдаа нар анх байршсан газраа дасаад тэр газрынхаа орчин нөхцөл, байршил зэргийн талаар нарийн мэдээлэлтэй болчихсон байдаг учир байршлыг өөрчлөхгүй. Яагаад гэвэл оюутан цагдаа нар хаана үзвэр үйлчилгээний газар, бэлэн мөнгөний машин байдаг гэхчлэн тухайн байршлаа маш сайн мэддэг болчихдог. Тийм ч учраас бид чиглэлийг нь өөрчлөхийг боддоггүй.

-Оюутан цагдаа нар хэдэн сарын хугацаатай ажиллах вэ. Өдөр бүр ажиллах уу?

-Оюутан цагдаа нар энэ сарын 10-наас наймдугаар сарын 10-ны өдрийн хооронд хоёр сарын хугацаанд ажиллана. Ажлын цагийн тухайд 10:00-17:00 цагийн хооронд ажиллана, гэхдээ 13:00-14:00 цагийн хооронд үдийн цайндаа орно. Өнгөрсөн жилүүдэд ч яг ийм байдлаар ажиллуулж байсан. Оюутнууд маань зургаан цагаас илүүгүй хугацаагаар ажиллахгүй. Харин нийтийг хамарсан томоохон урлаг соёлын арга хэмжээний үед өглөө ажиллах цагт нь ажиллуулахгүйгээр үдээс хойш тухайн цагт ажиллуулах асуудлыг тухай бүр зохицуулаад ажиллуулна. Мөн амралтын өдрүүдэд амарна. Хэрэв амралтын өдрүүдэд ажиллуулбал нөхөж амраана.

-Тэдний цалин урамшуулал хэдэн төгрөг байх вэ. Санхүүжилтийг хаанаас гаргаж байгаа бол?

-Оюутан цагдаагийн нэг цагийн ажлын урамшууллыг 15 мянган төгрөгөөр тооцсон. Оюутнууд өдөрт зургаан цаг ажиллаад 90 мянган төгрөг, сард 1.5 сая төгрөгийн цалин урамшуулал авч байхаар төсөв тооцоог нь гаргасан. “Оюутан цагдаа” хөтөлбөрийн санхүүжилтийг Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл шийддэг.

-Оюутан цагдаа нарын хангамжид юу юу багтаж байна вэ?

-Бид оюутан цагдаа нарынхаа аюулгүй байдлыг хангах үүднээс оюутан цагдаа буюу “Student police” гэсэн тэмдэглэгээ бүхий гэрэлтдэг хантааз, цагаан малгай өгсөн. Хантаазны энгэр хэсэгт “QR” кодыг байршуулсан бөгөөд гадаад иргэн гар утсаараа уншуулан Улаанбаатар хот, 21 аймаг, 330 суманд байгаа түүх соёл, дурсгалт газар, цагдаагийн газар, хэлтсүүд зэрэг бүхий л мэдээллийг англи хэлээр нэг дороос авах боломжтой. Өнгөрсөн жил 17 мянга гаруй жуулчин тэрхүү “QR” кодыг уншуулан мэдээлэл авсан. Түүнчлэн дүүргийн цагдаагийн газар, хэлтсийн холбогдох албан тушаалтнууд оюутан цагдаа нарын аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт тавьж, мэдээ мэдээлэл тогтмол солилцож ажиллана.

-Та оюутан цагдаа нарт хандан өөрийнхөө аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах талаар зөвлөгөө өгөхгүй юу?

-Энэ сарын 6-ны өдөр НЦУГ болон НАЖГ-аас оюутнуудад заавар, зөвлөгөө өгсөн. Оюутан цагдаа нар маань ямар нэгэн байдлаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гэхээсээ илүү өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг нэн даруй цагдаагийн байгууллагад өгөх үүрэгтэй оролцохыг сайн хэлж анхааруулсан. Оюутнууддаа хандаж хэлэхэд, өөрсдийн аюулгүй байдлыг маш сайн хангаж ажиллаарай.

-“Оюутан цагдаа” хөтөлбөрийн өмнөх жилийн үр дүнгээс товчхон танилцуулахгүй юу?

-Өнгөрсөн жил оюутан цагдаа нар гэмт хэргийн 13, зөрчлийн 3213 дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдээлсэн, мөн дотоодын 16178, гадаадын 17255 иргэнд хэлмэрчилж, туслалцаа үзүүлсэн. Мөн хүүхдийг эцэг эхээсээ төөрөхөөс сэргийлж 2600 хүүхдийн гарт бугуйвч зүүж урьдчилан сэргийлж ажилласан. Зуны амралтаараа гадаадын иргэдтэй өөрийн орны болон бусад орны талаар мэдээлэл солилцох, гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэх хүсэл сонирхолтой оюутнууд энэ хөтөлбөрт хамрагддаг нь ажиглагддаг.

 

Ө.АНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол Улсад аутизмын хүрээний эмгэгийг эрт үед оношлох суурь тавигдлаа

“Хүүхэд, өсвөр үеийнхэний сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих үйл ажиллагааны төлөвлөгөө” /2026-2030 он/-г боловсруулах ажлын хэсгийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар байгуулсан билээ. Уг ажлын хэсгийн ахлагчаар БНТУ-ын Трабзон их сургуулийн Сэтгэцийн тэнхимийн эрхлэгч, хүүхдийн сэтгэцийн эмч, профессор Онур Бурак Дурсун ажиллан, холбогдох ажлуудыг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байна.

“Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчлөлийг бууруулах” бодлогын хүрээнд СЭМҮТ-ийн нарийн мэргэжлийн хүүхдийн сэтгэцийн эмч, мэргэжилтнүүдийг БНТУ-д сургаж дадлагажуулсан. Үүний үр дүнд өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн СЭМҮТ-д аутизмын хүрээний эмгэгийн сүүлийн үеийн оношилгоо үнэлгээний шинэ арга хэрэглэгдэхүүнийг үйл ажиллагаандаа ашиглах, тусламж үйлчилгээгээ өргөжүүлэхээр “ADOS-2” аутизмын оношилгоо, үнэлгээний аргыг нэвтрүүлсэн. Ингэснээр Монгол Улсад Аутизмын хүрээний эмгэгийг эрт үед нь оношлох суурь тавигдаж байна.
Мөн Эрдэнэт хотод аутизмын хүрээний эмгэг, хөгжлийн хоцрогдолтой хүүхдийг эрт оношлох, эрүүл мэндийн болон боловсролын байгууллагын мэргэжилтнүүдийг сургах, сургагч багш нарыг дадлагажуулах төв байгуулахаар ажиллаж эхлээд байна. Үүнээс гадна цаашид нийслэлийн зарим дүүрэг хороодод тус төвийг байгуулах юм. Ингэснээр хүүхдийн хоёр насны вакцины хамрагдалтын үед асуумжийн аргаар эрт илрүүлэлт хийж улмаар сэжигтэй тохиолдлыг CARS-2 аргачлалаар баталж, шаардлагатай тохиолдолд “ADOS-2” аутизмын оношилгоо, үнэлгээний аргаар оношилж, эрт үед зан үйлийн болон хэл засал гэх мэт заслуудад хамруулах замаар цогц арга хэмжээ авах боломжтой болно.

Ажлын хэсгийнхэн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд үйл ажиллагааны явцаа танилцууллаа.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2025.06.13)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоомжийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг холбогдох Байнгын хороонд хуваарилсан талаар танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 11 гишүүнээс энэ сарын 10-ны өдөр, мөн 40 гишүүн энэ сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг Төрийн байгуулалтын Байнгын хороонд хуваарилсан байна.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан өөрийн санаачилсан Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар танилцууллаа. Тэрбээр хууль санаачлагчийн илтгэлдээ, 1998 онд анх батлагдаж, 2008 онд шинэчлэгдсэн тус хуульд тухайн үеийн нөхцөл байдал, хүн амын төвлөрөл багатай байршил зэргийг харгалзан хот байгуулалтыг ерөнхий төлөвлөлт, зураг төслийн түвшинд ерөнхий архитектурт төвлөрүүлэн шийдвэрлэх зохицуулалтыг хэрэгжүүлж ирсэн нь цаг үеийн шаардлага хангахаа больсон гэж үзсэнээ дурдсан юм. Үүний улмаас сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муудаж, нийгмийн үйлчилгээ, ногоон байгууламж зэрэг суурь дэд бүтцийн хангамж алдагдаж, иргэдийн амьдрах орчинд сөргөөр нөлөөлж байгааг тэрбээр онцлон, энэ бүхний үр дагаварт хүүхдийн сурч боловсрох эрх хамгийн ихээр зөрчигдөж байгааг тэмдэглэв. Тухайлбал, 5200 өрх, 16 мянга орчим хүн амтай Алтай хотхон, сургуулийн насны 3500 хүүхэдтэй Эрин, Хархорин зэрэг хотхон, 2000 өрх, 5794 хүн ам, сургуулийн насны 2000, цэцэрлэгийн насны 1000 орчим хүүхэдтэй Кинг Тауер хотхонуудад нэг ч сургууль, цэцэрлэг  барьж байгуулаагүйг нэрлэв. Ийм жишээ олон байгааг тэрбээр өгүүлж, Үндэсний статистикын хорооны мэдээлэлд дурдсанаар 1000 өрх тутамд 18 хүртэлх насны 2600 хүүхэд, 250 өрх тутам зургаа хүртэлх буюу цэцэрлэгийн насны 400 орчим хүүхэд ноогдож байгааг тооцож, хэсэгчилсэн хот төлөвлөлтийг боловсруулах, батлуулахдаа сургууль, цэцэрлэгийг өрхийн тоотой шууд уялдуулж, зайлшгүй тооцож байх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилго тавьснаа танилцуулав.

Хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн танилцуулав. Тус Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын М.Бадамсүрэн, П.Сайнзориг дэмжиж байгаагаа илэрхийлж, үг хэлсэн байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Хууль санаачлагчийн илтгэл болон Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Б.Уянга, Д.Рэгдэл, С.Эрдэнэбат, Д.Пүрэвдаваа, Г.Хосбаяр, М.Ганхүлэг, Д.Ганмаа, О.Номинчимэг, Ж.Золжаргал, Ж.Галбадрах, О.Саранчулуун, Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж нар асуулт асууж, хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүд хууль хоорондын болон бодлого, удирдлагын уялдаа холбоог хангах, орон сууцны хотхон, хорооллын стандарт, норм, дүрмийг мөрдөх, дэд бүтцийг хөгжүүлэх, хүний эрх, амьдрах нөхцлийг бүрдүүлэх, бусад нийгмийн үйлчилгээний байгууламжууд буюу эмнэлгийн асуудлыг шийдвэрлэх, мөн сургуулийн орчин стандарт, анги дүүргэлт зэргийг тооцох, хуулийг хэрэгжүүлэхэд гарах эдийн засгийн үр дагавар, төсвийн тооцооллыг нягтлах, хариуцлагын механизмыг тодорхой болгох, барилга угсралтын зөвшөөрлийн тоог цөөрүүлж, цэгцлэх зэрэг асуудлыг хөндөн асууж, хууль санаачлагчаас тодорхой хариулт авсан юм.

Асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэв. Тэрбээр хот байгуулалтын асуудлаар шийдвэр гаргахдаа холбогдох судалгаа, симуляцийг хийж байх, огцом гэнэтийн шийдвэр гаргаж, иргэдийг тавгүйтүүлдэггүй байх, мөн хэмжигдэхүйц, бодитой үр дүнг эрэлхийлж, ирэгдийн оролцоотой ажиллах нь чухал болохыг онцоллоо.

Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын санаачлан боловсруулсан Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоомжийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан тухай Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг уншиж танилцууллаа. Байнгын хорооноос байгуулсан хууль, тогтоомжийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг ахалж, Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, С.Эрдэнэболд нар ажилласан байна.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан, П.Сайнзориг, Д.Энхтүвшин нар санал гаргасны дагуу хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах тохиолдолд хязгаарлалт нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, боломжит хамгийн бага түвшинд байх шаардлага хангасан эсэх талаар хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ нэмж тусгах, тухайн жилийн улсын төсөв, төсвийн тодотголын хуулийн төслийг дагалдуулж зөвхөн тухайн жилийн төсөвт нөлөөлөл үзүүлэх хууль тогтоомжийн төслийг өргөн мэдүүлэх, энэ тохиолдолд төсвийн орлого, зарлага, төсвийн тэнцэлд үзүүлэх нөлөөлөл ,холбогдох тооцооллын хуулийн төслийн танилцуулгад тодорхой тусгах, хууль тогтоомжийн төслийн үр нөлөөний үнэлгээг хууль санаачлагч хөндлөнгийн судлаач, хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх, хууль, тогтоомжийн төслийг баталснаар үүсэх зардлын тооцоог үнэлж тодорхойлохоор төсөлд тусгасан шаардлагуудаас эдийн засагт үзүүлэх нөлөөллийг үнэлэх шаардлагыг хасах, мөн захиргааны хэмжээний акт батлах эрх олгосон зохицуулалтад хориглосон заалтуудаас албан татвар, төлбөр хураамж тогтоосон харилцааг хасах, Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолоор хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хууль санаачлагчид мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий төрийн холбогдох байгууллагын албан хаагчдыг холбогдох аргачлал, арга зүйгээр хангах, чадавхжуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж хэрэгжүүлэх, хуулиар тусгайлан эрх олгогдоогүй бөгөөд нийтээр заавал дагаж мөрдөгдөхөөр баталсан дүрэм, журам, заавар, аргачлалыг хүчингүй болгох, хуульд заасны дагуу баталсан боловч бүртгүүлээгүй захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газар болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын удирдлагад даалгах зэрэг зарчмын зөрүүтэй санал, дүгнэлтийг боловсруулсан байна. Түүнчлэн, зарчмын зөрүүтэй саналын томьёолол дэмжигдсэнтэй холбогдуулан төслийн бүтэц, нэр, томьёо, хэл найруулга, дэс дараалал, зүйл заалтын дугаар, эшлэлийг нийцүүлж өөрчлөх саналын томьёоллыг бэлтгэжээ.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж үг хэлж, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Баасанжаргал, С.Эрдэнэбат, А.Ариунзаяа, Н.Наранбаатар, Ж.Золжаргал, Б.Жаргалан, Ц.Баатархүү, П.Батчимэг, Ж.Батжаргал, П.Сайнзориг, Л.Соронзонболд нар асуулт асууж хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүд хуулиас давсан дүрэм журмуудыг цэгцлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах, хүний эрхийг хуулиар хязгаарлахгүй, зөрчихгүй байх, хууль батлах үйл явц, дэг, процессыг нарийвчлан тогтоож, хуулийн чанарыг сайжруулах, хууль, төсөлд тавигдах шаардлага, холбогдох байгууллага болон олон нийтээс санал авах, төслийн хэлэлцүүлгийн чанартай явуулах, мөн жендерийн мэдрэмжтэй байх шалгуурыг хуулийн төсөлд хэвээр үлдээх, Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн хуулийн төслүүд өргөн баригдаж байгааг хэрхэн шийдвэрлэх, Улсын Их Хурлын гишүүдийн хууль санаачлах бүрэн эрхийг хөндөхгүй, нөлөөлөхгүй байх, дагах хуулиудиар зохицуулах харилцааг нарийвчлан нягтлах, хуулиуд үндсэн зохицуулалтаа гүйцэтгэхээ больсон, цаг үетэйгээ нийцэхгүй болсон эсэх, давхардал, хийдэлтэй байгаа эсэхэд ямар хугацаанд, хэрхэн үнэлгээ дүгнэлт хийх, яаралтай горимоор хуулийн төсөл өргөн мэдүүлэх явдлыг яаж хязгаарлах, хуулийн төсөл боловсруулах ажлын өртгийг нэмэгдүүлэхгүй байх, хуулийн хэрэгжилтийг үнэлэх талаар цаглавар гаргаж ажиллах зэрэг олон асуудлыг хөндөж, Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авлаа. Дараа нь хуулийн төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг үг хэлж, хууль зүйт тогтолцоо, эрх зүйн орчны тогтвортой байдлыг хадгалахад анхаарал хандуулах нь зүйтэйг онцолж, оочин цоочин байдлаар алдагдах нөхцөл бий болохоос сэрэмжлэх шаардлагатайг онцгойлон анхаарууллаа.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар явуулах санал хураалтыг дараагийн хуралдаанаар явуулахаар хойшлуулав. Нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдаж, тэтгэврийн зээлийн өр, орлогын харьцааг 50/50 болгон шийдвэрлэсэн талаар мэдээлж, уг шийдвэрээс гарах үр дагаварыг судлан үзэх нь зүйтэйг дурдав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.