Categories
мэдээ эдийн-засаг

Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд АНУ-тай хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган-ыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын чухал “гуравдагч хөрш”, Стратегийн түнш Америкийн Нэгдсэн Улсын үе үеийн Засаг захиргааны зүгээс хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг тууштай дэмжиж ирсэнд талархалтай байдгаа илэрхийлэв. Монгол Улсын Засгийн газар Америкийн Нэгдсэн Улсын Засаг захиргаатай Стратегийн гуравдагч хөршийн түншлэлээ бэхжүүлж, бүхий л салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өндөр ач холбогдол өгч буйгаа нотлов.

Элчин сайд Ричард Буанган Ерөнхий сайд Г.Занданшатарыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд нь баяр хүргэв. Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улсын хооронд сүүлийн жилүүдэд харилцан хэрэгжүүлсэн айлчлалуудын дүнд Стратегийн гуравдагч хөршийн түншлэл гүнзгийрч, Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээний механизмтай болж, Америкийн “United Airlines” компани энэ оны тавдугаар сараас Токио-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж эхэлсэн зэрэг онцлох үйл явдал болсныг тэмдэглэлээ.

Уулзалтаар талууд цаашид эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зэрэг тэргүүлэх ач холбогдол өгч буй чиглэлд нягт хамтран ажиллахаар тогтлоо. Тухайлбал, Нийслэл Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлж, улмаар тогтвортой хөгжлийг хангахад чухал хувь нэмэр оруулах Мянганы сорилтын корпорацын хоёр дахь Компакт гэрээг хэрэгжүүлж дуусгах, хоёр улсын хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэлийг урагшлуулах чиглэлээр холбогдох байгууллагууд үргэлжлүүлэн идэвхтэй ажиллахын чухлыг онцоллоо.

Монгол Улс сургалтын үндсэн гадаад хэлийг англи хэл байхаар хуульчилсны хүрээнд “Англи хэл мэргэшлийн төв”-ийг саяхан албан ёсоор нээхэд дэмжлэг туслалцаа үзүүлсэн Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газарт Ерөнхий сайд Г.Занданшатар талархал илэрхийлээд, тус төвийн үйл ажиллагааг дэмжих зэргээр англи хэлний хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийн төлөө байгаагаа талууд нотлов.

Categories
мэдээ эдийн-засаг

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 30-ны Даваа гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.


ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

“Алт-3” аяныг хэрэгжүүлнэ 

Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийн болон төгрөгийн ханшийн дарамтыг бууруулах, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор “Алт-3” аяныг орон даяар зарлан хэрэгжүүлэх, үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулахдаа,

“Дэлхийн геополитикийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор олон улсын зах зээл дээрх газрын тосны үнэ огцом хэлбэлзэлтэй, цаашдын төлөв тодорхойгүй, таамаглах боломжгүй нөхцөл байдалтай байна.

Үүнтэй холбогдуулан:

-Газрын тосны бүтээгдэхүүний захиалга, худалдан авалтыг боломжит хэмжээгээр нэмэгдүүлж нөөцийг өсгөх ажлыг шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдтэй хамтран зохион байгуулах,

-Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэхэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг хөнгөлөлттэй зээлээр шийдвэрлэх чиглэлээр Монгол банктай хамтран холбогдох арга хэмжээ авч ажиллах талаар судалж, санал боловсруулах,

-Газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийн агуулахыг барьж байгуулах чиглэлээр өмнө хийгдэж байсан ажлуудыг үргэлжлүүлэхийг Засгийн газрын хуралдаанаас даалгалаа” гэлээ.

Categories
мэдээ эдийн-засаг

НДЕГ: Нийгмийн даатгалын үйлчилгээг цахимжуулснаар жилд 13 тэрбум төгрөгийг хэмнэж байна

2020 оноос хойш өнөөдрийг хүртэл нийгмийн даатгалын нийт 18 төрлийн үйлчилгээг цахим системийн нэгдсэн портал “И-монголиа” системд холбож цахимаар авах боломжийг бүрдүүлсэн “И-монголиа” системээр дамжуулан авсан иргэдийн хамгийн их авсан үйлчилгээ бол “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт”-ын лавлагаа байна.

Иргэд та бүхэн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанаас гадна өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас болон бусад үйлчилгээг цаг хугацаа орон зайнаас үл хамааран цахимаар түргэн шуурхай авах боломжтой.

Нийгмийн даатгалын үйлчилгээг цахимжуулснаар жилд 13 тэрбум төгрөгийг хэмнэж байна. Цаашид нийгмийн даатгалын үйлчилгээг бүрэн цахим болгох ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Газрын ховор элемент бол Үндэсний баялгийн санг тэжээх, Монголын хөгжлийн ирээдүйг баталгаажуулах эрдэнэсийн эх сурвалж юм

Шинэ Засгийн газар тун удахгүй бүрэлдэн тогтох гэж байна. Гэвч Монголын хувьд “шинэ” гэх тодотголтой аливаа өөрчлөлт ард иргэдэд төдийлөн шинэчлэл мэт мэдрэгдэхээ больсон. Учир нь нэгээс нөгөөд шилжиж буй сандал, суудлын “тоглолт” ард түмний амьдралд наалдацтай, үр дүнтэй бодлого болж хувирахгүй бол ээлжит итгэл алдалт л дагуулдаг.

Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна. Төгрөгийн ханш тогтворгүй, инфляци өндөр түвшинд үргэлжилж, өрхийн амьжиргаа доройтсоор байгаа нь бодит үнэн. Үүн дээр нэмэгдээд экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр унасан нь бидний эдийн засгийн “сульдсан судас”-ыг бүр ч нарийсгаж орхилоо. Ийм нөхцөлд шинэ Засгийн газар эхний өдрөөсөө л ажилдаа ханцуй шамлан орох нь зайлшгүй. Хүлээж, ажиглаж суух цаг хомс. Ард иргэд бодит үр дүн хүсч байна. Үг биш, ажил ярих цаг ирсэн. Монголын эдийн засаг олон жилийн турш уул уурхай, тэр дундаа нүүрсний экспортод дулдуйдаж ирсэн.

Гэвч энэхүү хамаарал биднийг гэнэт үнэ унавал ямар хүнд нөхцөлд оруулж болохыг дахин дахин сануулсаар байна. Тиймээс одоо л эдийн засгийн шинэ, тогтвортой гарцыг эрэлхийлэх ёстой. Энэ гарц бол газрын ховор элементийн том төслүүдээ тусгайлан дэмжиж, нэн яаралтай олборлолтыг нь эхлүүлэх юм. Газрын ховор элемент гэхээр улаан номонд орсон ан амьтан шиг ойлгох нь буруу. Үнэндээ ховор биш, элбэг элементүүд. Харин ашиглалт, хэрэглээ, хими талаасаа ховор гэдэг нэршилтэй байсан гэдгийг ойлгочих хэрэгтэй юм. Нөгөөтэйгүүр дэлхий нийтээрээ ногоон технологид шилжих үед эдгээр элементүүдийн эрэлт эрс өссөн. Цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүч, нар, салхины төхөөрөмж, өндөр технологийн чип гээд бүгд газрын ховор элементийн хэрэглэгчид юм. Хамгийн чухал нь, газрын ховор элемент нь байгаль орчинд нүүрсний уурхай шиг агаарын бохирдол, утаа тортог, замын ачаалал, осол, эрүүл мэндийн сөрөг нөлөө авчирдаггүй. Мэдээж байгаль орчны нөлөөлөл байдаг ч зохистой техник, технологи ашиглавал хяналттай, зохицуулж болохуйц хэмжээтэй.

Харин эдийн засгийн өгөөжөөрөө хэдэн арав дахин илүү ашиг авчрах боломжтой. Хэдийгээр өмнөх Засгийн газар газрын ховор элементийн салбарт анхаарал хандуулж, Халзан бүрэгтэй зэрэг ордуудын судалгааг, хайгуулын ажлыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлж эхэлсэн ч цааш бодит ажил болон урагшлахад улстөржилт, түүнд үйлчлэх орон нутгийн гэх хэсэг бүлэг хүмүүсийн харлуулалтад итгэх нутгийн иргэдийн эсэргүүцэл их байгаа юм. Тиймээс шинэ Засгийн газар, тэр дундаа Ерөнхий сайд эдийн засагт бодит үр өгөөжөө өгөх энэ том төслийг тусгайлан дэмжиж, анхаарах нь зүйтэй. Одоо бол зүгээр ажлын хэсэг байгуулах биш, бодит хөрөнгө оруулалт татах, хариуцлагатай түншлэлийн үндсэн дээр төсөл хэрэгжүүлэх үе ирээд байна.

Монгол Улсад өөрийгөө эдийн засгийн хямралд “гуйвчгүй” авч явах хүч бололцоо бий. Гагцхүү улс төрийн шийдэл, зориг хэрэгтэй. Газрын ховор элементийн төслийг зөв бүтэцтэй, зөв менежменттэй хөдөлгөж чадвал валютын урсгал эрс нэмэгдэнэ, эдийн засагт шинэ суурь бүтэц бий болно, орон нутагт ажлын байр шинээр бий болж, дотоодын аж ахуйн нэгжүүд идэвхжих нөхцөл бүрдэнэ, орон нутгийн болоод бүс нутгийн ард иргэдийн амьжиргаа дэмжигдэнэ. Сайн бодлого бол улс төр биш, улс орон хөгжих үндэс гэж дэлхийн том улстөрчид хэлдэг. Ийм үед, улс төрийн намууд эрх мэдлийн төлөөх хөшигний цаадах “тооцоо”-доо бус, улс орны эдийн засгийн ирээдүй, иргэдийн амьдралын чанар руу анхаарлаа хандуулах нь үндэсний эрх ашигт нийцнэ. Газрын ховор элементийн төсөл бол зөвхөн уул уурхай бус, Монголын эдийн засгийг олон тулгуурт, тогтвортой болгох түүхэн боломж гэдгийг дахин сануулъя.

Одоо зөвхөн нэг л асуулт үлдлээ. Шинэ Засгийн газар үүнийг ойлгож, зоригтой шийдвэр гаргаж чадах уу? Газрын ховор элементийн төсөл бол зүгээр нэг уул уурхайн орлого биш, Монголын эдийн засгийн шинэ үеийн суурь бүтэц болох боломжтой. Энэхүү төсөл Үндэсний баялгийн санд тогтвортой валютын эх үүсвэр, ирээдүй үеийн санхүүгийн хамгаалалт, технологийн дэвшилд хүрэх хөрөнгө оруулалт, өрийн дарамтгүй өсөлтийн загварыг бүрдүүлнэ. Товчхондоо, газрын ховор элемент бол Үндэсний баялгийн санг зөв бодлогоор тэжээж, Монголын хөгжлийн ирээдүйг баталгаажуулах эрдэнэсийн эх сурвалж юм.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл эдийн-засаг

Санхүүгийн зохицуулах хорооны хязгаарлалтуудаас болж ББСБ-уудын зээл хумигджээ

Банк бус санхүүгийн байгууллага(ББСБ)-ууд сүүлийн үед зээл гаргах нь эрс багасчээ. Зарим нь огт зээл гаргахгүй байгаа талаар иргэд ярьж байна. Энэ нь юутай холбоотой болохыг эдийн засагч Г.Батзоригоос тодрууллаа.


– ББСБ-ууд зээл гаргахаа багасгасан гэж байна. Шалтгаан нь юу юм бол?

– ББСБ-уудын зээл гаралт муудсан шалтгаан бол Санхүүгийн зохицуулах хорооноос тавьж байгаа хязгаарлалтуудтай холбоотой. ББСБ-уудын өөрийн хөрөнгийн бүтэц талд итгэлцэл татах, бонд татах зэрэг зүйлүүд дээр хязгаарлалтууд тавьсан. Гол зорилго нь эрсдлийг бууруулах гэж байгаа

Иргэдийн зээлийн хувьд ББСБ-ууд дээр урьдчилгаа бага байсан. Тэгвэл босгыг нь 30 хувьд барих, өр орлогын харьцааг нь 60 хувь руу оруулах гээд хэрэглэгч тал дээр болон ББСБ тал дээр хязгаарлалтууд тавьсан. Үүний нөлөөгөөр ББСБ-уудын зээл нэлээд муудаж байгаа. Хоёрдугаарт, улирлын чанартай хязгаарлалтууд нөлөөлж байна.

Ер нь ББСБ-уудын зээлийн хүсэлт цагаан сар болон наадмын өмнө нэлээд явдаг. Дөрөв, тавдугаар сард идэвхгүй байж болно.

-Зарим ББСБ-ууд зээл гаргах гээд ч мөнгөгүй болсон гэх юм. Эдийн засагт мөнгөний эрэлт хумигдаж байна уу?

-ББСБ-ууд болгоомжтой байж болох юм. Яагаад гэвэл ББСБ-ууд дээр зээл гаргах боломж байгаа ч эдийн засаг нэлээд удаарширч байна. Нүүрсний экспорт ямар байгаа билээ дээ. Иймд ББСБ-уудын чанаргүй зээлүүд, зээл хэтрэлт зэрэг нь нэмэгдээд ирж байгаа учраас үүндээ анхаарч байгаа болов уу. Ер нь олон талын шалтгаанууд байна.

-Эдийн засаг удаашралтай байгаа энэ үед ББСБ-уудыг ямар эрсдэл хүлээж байна вэ?

-Одоогоор ББСБ-уудын эрсдэл харьцангуй гайгүй. Ихэвчлэн өөрийн хөрөнгийн бүтэц, өрийн харьцааг нь харахад эрсдэл харьцангуй гайгүй гэж харагдаж байна. Иргэд талдаа бол ББСБ-уудын зээлийг илүү сайн менеж хийх, өрийн дарамтнаас сэргийлэх шаарддлагатай байгаа. Тэгэхгүй бол манай иргэд гурав, дөрвөн банк юм уу ББСБ-д давхар зээлтэй байдаг. Энэ нь эргээд тухайн өрхөд янз бүрийн санхүүгийн хүнд байдалд орох эрсдэлтэй. Тэгэхээр үүнийг маш сайн харгалзаж өрхүүд талдаа анхаарах ёстой.

 

М.МӨНХ

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл эдийн-засаг

Б.БААСАНСҮРЭН: Барилгын салбарт дагнасан Олон улсын арбитрыг байгуулж үйл ажиллагаагаа эхлүүлээд явж байна

Монголын барилгын салбарын талаар Барилга дэд бүтцийн Олон улсын арбитрын Удирдах зөвлөлийн гишүүн, зөвлөх инженер, эрх зүйч Б.Баасансүрэнтэй ярилцлаа. Тус салбарын сүүлийн үеийн шинэ содон мэдээ мэдээллийг энэ ярилцлагаас уншина уу.


-Монголын Барилгын Үндэсний Ассоциаци (МБҮА) дэргэдээ Барилга, дэд бүтцийн Олон улсын арбитрыг байгуулжээ. Цаг үеэ олсон чухал ажил гэж тус салбарынхан ам сайтай байна. Энэхүү ОУ-ын мэргэшсэн Арбитрыг байгуулах болсон шалтгаан, үр дүн, хэтийн зорилтын талаар мэдээлэл өгнө үү?

-Монголын барилгын салбар эрчимтэй хөгжиж байна. Дагаад барилга, дэд бүтцийн салбарт Олон улсын томоохон төсөл хөтөлбөр, мега төслүүд хэрэгжиж эхэллээ. Аливаа төслүүд амжилттай хэрэгжихэд хамгийн гол нь тухайн төсөл нэмэлт зардал үүсэлгүй, төсөвтөө багтах нь чухал байдаг.

Үүний тулд ажлууд төлөвлөсөн хуваарийн дагуу, хугацаандаа хийгдэж дуусах ёстой. Төсөл ингэж амжилттай хэрэгждэг. Төслийн үр дүнд тухайн төслийн санаачлагч, хөрөнгө оруулагч, захиалагч, гүйцэтгэгчид гэхчлэн төсөлд оролцогчид санхүүгийн тогтвортой байдлаа бэхжүүлдэг. Дараа дараагийн ижил төстэй төсөлд оролцоход мэргэжлийн ахисан ур чадвар, сайн туршлага нь эдийн засагт хэмнэлт үүсгэж, үр дүн нь хурдан хугацаанд хэрэглэгчдэд хүрдэг. Энэ бүх үр дүнгийн ард заавал хийгдэх ёстой ажлууд бий. Маш чухал.

-Тэр нь юу билээ?

-Төслийн явцад оролцогч талуудын ажил гүйцэтгэхтэй холбоотой харилцаанд үл ойлголцол гарч, маргаан дагуулдаг. Энэ нь тухайн төслийн ажил сунжрах, хугацаа хоцрох, үүнээс улбаалан зардал нэмэгдэн, санхүүжилт хүрэлцэхгүй болж, бүр даамжирвал ажил зогсох хүртэлх эрсдэлд хүрнэ. Ийм байдалд орсон төслүүдийн жишээ олон байна. Өнөөдөр шүүх дээр шийдэгдэж байгаа ажил гүйцэтгэх гэрээний маргааны 40-өөс илүү хувийг барилгын маргаан эзэлж байгаа юм.

-Бас л том хувийг эзэлж байна шүү?

-Тийм болчихоод байгаа юм. Мэдээж хөгжиж дэвжиж байгаа салбарт сайнаа дагаад сөрөг үр дагавар гарах нь тодорхой. Хаа хаанаа бүгд хичээгээд, засч залруулаад явахыг хичээж байна. Ер нь барилга, дэд бүтцийн төслийг хугацаанд нь амжилттай дуусгахад талууд хоорондын маргааныг богино хугацаанд, мэргэжлийн талаас нь оновчтой зөв шийдвэрлэх л чухал. Шийдвэрлэхдээ аливаа нөлөөллөөс ангид, хараат бус, хуулийн дагуу шударгаар шийдвэрлэх. Үүнийг л барилгын салбарынхан маань маш их хүсч байгаа. Ялангуяа Олон улсын томоохон мега төслүүд эхэлж байгаа энэ цаг үед төслийн хэрэгжилтэд сөрөг нөлөө үзүүлдэг хүчин зүйлсийг бууруулж, хурдан арилгах нь цаг үеийн нэн шаардлагатай ажил болчихоод байна. Энэ шаардлагын хүрээнд сая дурдсан төслийн оролцогч талуудын маргааныг Шүүхийн бус аргаар шуурхай, хуулийн дагуу шийдвэрлэх үйл ажиллагаа юм. Цаг үеийн энэхүү нэн шаардлагатай ажлыг МБҮА Төрийн бус байгууллагын зүгээс соргогоор мэдэрч, барилгын салбарт дагнасан Олон улсын арбитрыг байгууллаа. Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн үүсгэн байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлээд явж байна.

-Энэ талын мэдээлэл авахыг барилгын салбарын олон хүн хүсч байна. Та тодорхой тайлбарлаж өгөх үү?

-Энэхүү Арбитрын маргаан шийдвэрлэх үйл ажиллагаанд МБҮА-ын зүгээс аливаа хэлбэрээр нөлөөлөхгүй. Хараат бус байдлыг хангаж байхаар зохион байгуулсан. Арбитрчдыг нээлттэй сонгон шалгаруулалт, тодорхой шалгуураар сонгож, энэ сарын 4-ний өдөр арбитрчийн тангараг өргүүлөх ёслолын үйл ажиллагааг ёслол төгөлдөр зохион байгуулсан. Арбитрын үйл ажиллагааны дараагийн алхам нь Олон улс дахь харилцаагаа өргөжүүлж, туршлага солилцох, Олон улсын бусад байгууллага, гадаадын арбитрчдыг урих ажлуудыг шат дараалалтай хэрэгжүүлэхийг зорьж байна.

-Гадаад харилцааныхаа талаар жаахан тодруулж яриач?

-Азийн зарим улс орнууд тухайлбал, БНХАУ, БНСУ, Малайз, Сингапур зэрэг орнуудтай санал солилцох түвшинд явж байна. Барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг мэргэжилтнүүд, ялангуяа энэ салбарын ирээдүйг авч явах залуу инженерүүдээ дотоодын болон Олон улсын хууль, эрх зүйн мэдлэгтэй болгох зайлшгүй шаардлага үүссэн. Залуустаа үндсэн мэргэжлээс нь гадна эрх зүйн боловсрол цогцоор олгох нь Монголын барилгын салбарын хөгжилд том хувь нэмэр болох юм.

-Барилгын салбарт өөрчлөлт авчирч байгаа юм байна?

-Ер нь бол дэвшил гэж болно. Барилга, дэд бүтцийн Олон улсын арбитр нь цаашид инженерүүд болон салбарын мэргэжилтнүүдийг арбитрчаар бэлтгэхэд чиглэнэ. Дотоодын болон олон улсын эрх зүйн сургалтуудыг сайн зохион байгуулах, инженер бус бусад мэргэжлийн арбитрчдад зориулж барилгын мэргэжил, технологиийн талаар, барилгын төслүүдийн үйл ажиллагаа хэрхэн явагддаг талаар мэдлэг мэдээлэл өгөх ажлуудыг зохион байгуулна. Барилгын салбарт тавигдах шаардлага, төслийн удирдлага зэргээр олон төрөл сургалтуудыг тогтмол зохион байгуулж хэвших ёстой юм билээ. Ингэж байж барилгын технологийн мэдлэгтэй, мэргэшсэн арбитрчдыг бий болгож, улмаар тэдний датаг үүсгэх, жагсаалттай болох зорилго тавин ажиллаж байна. Энэ нь нөгөөх л барилгын төслүүдэд саад болдог цаг хугацаа, зардал хэмнэхэд онцгой нөлөө үзүүлнэ. Салбарын тогтвортой хөгжилд тодорхой ахиц дэвшлийг авчирна. Үүний төлөө л зорьж байна.

-Танаас бас нэг тодруулах мэдээлэл байна. Монголын Барилгын Үндэсний Ассоциаци нь Олон улсын зөвлөх инженерүүдийн холбоо буюу ФИДИК-т түншлэгч гишүүнээр элссэн байна лээ. Монголын барилгын салбар Олон улсын энэ байгууллагад элссэнээр ямар үр дүн гарах вэ?

-Олон улсын зөвлөх инженерүүдийн холбоо буюу ФИДИК нь 1913 онд үүсгэн байгуулагдсан 112 жилийн түүхтэй байгууллага. Тус байгууллага нь дэлхийн 92 улсын 40 мянга гаруй мэргэжлийн холбоод, 1.2 сая орчим зөвлөх инженер, мэргэжилтнүүдийг нэгтгэсэн Олон улсын том байгууллага. Манай МБҮА нь тус байгууллагад 2023 оны есдүгээр сарын 20-ны өдөр албан ёсоор түншлэгч гишүүнээр элссэн. Одоо ФИДИК-т Монгол Улсын Барилгын салбарыг төлөөлөн ажиллаж байна. Энэ бол Монголын барилгачдын хувьд том боломж. ФИДИК-ийн үйл ажиллагааны гол онцлог нь олон улсын барилга, бүтээн байгуулалтын салбарт хэрэглэгдэх жишиг гэрээг гарган, зохиогчийн эрхийг эзэмшдэг. Энэхүү олон улсын жишиг гэрээг олон орны зөвлөх инженерүүд өөрсдийн практикт үндэслэн боловсруулсан байдаг. Өөрсдийн оролцсон бүтээн байгуулалтуудад тулгарч байсан асуудлууд, тэдгээрийн шийдэл, төслийг хэрхэн зөв оновчтой зохион байгуулж болох, аль гэрээг сонговол илүү хурдан, чанартайгаар төслийг амжилттай хэрэгжүүлэх 100 жилийн түүхэн туршлагад суурилан боловсруулсан Олон улсад ашигладаг гэрээний эх юм.

-Монголын барилгачид үүнийг ашиглах эрх нээгдсэн гэсэн үг үү?

-Ер нь бол тийм. Эдгээр жишиг гэрээнүүд нь хэрэгжүүлж буй төслүүддээ тохируулан сонгон хэрэглэж болох хэд хэдэн хувилбар төрлүүдтэй. Тухайлбал, барилгын ажлын зохицуулалт, талуудын эрсдэлийн шударга хуваарилалтыг нэг бүрчлэн зохицуулсан гэрээ байдгаараа онцлогтой. Энэ давуу тал нь дэлхийн улс орнуудад үнэлэгдэж, өргөнөөр хэрэглэгдэж ирлээ.

-Тодорхой жишээнүүд хэлж болох уу?

-Жишээ олон л доо. Наад зах нь Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банкуудын санхүүжилттэй төслүүд нь бүгдээрээ Фидикийн жишиг гэрээгээр хийгдэн зохицуулагдаж байдаг. Манай улсад ч мөн адил сүүлийн жилүүдэд ФИДИК-ийн жишиг гэрээг мега төслүүдэд хэрэглэх шийдвэр гарч, эхнээсээ хэрэглээд явж байна.

-Монголд хэрэгжүүлэхийн тулд бас нэлээн ажил болсон биз. ФИДИК-ийн жишиг гэрээг Монголд нутагшуулах тал дээр та бүхэн ямар ажлуудыг хийж ирэв?

-МБҮА нь Олон улсын зөвлөх инженерүүдийн холбооны түншлэгч гишүүний хувьд жишиг гэрээний монгол хэл дээрх албан ёсны хувилбарыг хүргэхээр ажиллаж байна. Энэхүү албан ёсны орчуулгыг гаргах нь манай улсын хувьд, түүнчлэн монгол инженерүүд, монгол компаниудын хувьд маш чухал. ФИДИК-ийн жишиг гэрээгээр төсөл хөтөлбөрүүдэд оролцсоноор хоёр тал адил ойлголттой болж, ойлголтын зөрүүгээс үүсэж болох аливаа маргаанаас сэргийлж, төслийн явцад талууд зөв ойлголцон, зөв процессоор төслөө хэрэгжүүлнэ гэсэн үг. Төслийн оролцогч талуудын ойлголт нэг байснаар тухайн төсөл ямар нэг алдаагүй хэрэгжинэ. Нэмэлт зардал үүсэхгүй, санхүүгийн алдагдалд орохгүй, цаг хугацаандаа багтана. Одоо орчуулга дээрээ үндэслэн МБҮА-ын зүгээс Барилгын ажил гүйцэтгэх загвар гэрээнүүдийг гаргахаар төлөвлөж байна. Энэхүү гэрээг гаргаснаар барилгын салбарт ажиллагч талууд, гэрээнийхээ дагуу зохицуулалтыг зөв хийж, бүтээн байгуулалтын явцдаа маргаанаас зайлсхийж чадах юм. Бас нэг нэмэлт мэдээлэл хэлэхэд МБҮА нь ФИДИК-ийн түншлэгч гишүүнээр элсэн орсны хувьд энэхүү ФИДИК-ийн гэрээний дагуу үүссэн маргааныг шийдвэрлэхдээ “Маргаан шийдвэрлэх зөвлөл”, “Эвлэрүүлэн зуучлалын төв”-ийг Барилга, дэд бүтцийн арбитрын хүрээнд байгуулан ажиллаж байгаа юм. Эдгээр Төвүүд байгууллагдсанаар Монгол Улсад хэрэгжүүлж буй мега төслүүд Фидикийн гэрээг хэрэглэж, ОУ-ын мега төслүүдэд гэрээнд байгаа маргаан шийдвэрлэх механизмыг ашиглана. Гэрээнд заасан маргаан шийдвэрлэгч нарыг бэлэн байлгаж, маргааныг түргэн шуурхай шийдвэрлэх боломжтой болох юм.

-Монголын барилгын салбар дахь шинэ ажлуудыг та тодорхой ярилаа. Цаашдын хэтийн зорилго, байгууллагын ирээдүйн хөгжлийн талаарх таны бодол ямар байна?

-“Монголын Барилгын Үндэсний Ассиоцаци” ТББ байгуулагдаад 16 жилийн болж байна. Энэ хугацаанд барилгын салбарын томоохон холбоодын нэг болж, өргөжин тэллээ. Та бүхний мэдэж байгаа, МБҮА нь “Барилгын тусгай зөвшөөрөл” олгох төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж, аж ахуйн нэгж байгууллагуудын барилгын тусгай зөвшөөрөл олгоход үйлчилгээ үзүүлж ирсэн. Түүнчлэн бид барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа материал ханган нийлүүлэгч, хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч гэгчлэн аж ахуйн нэгжүүд, инженер мэргэжилтнүүд, барилгын салбарын бүхий л оролцогчдын дуу хоолойг нэгтгэн, санал санаачилгыг нь Төрд уламжилж байна. Мөн төрөөс барилгын салбарт баримтлах бодлого, хууль, дүрэм журмын боловсруулалтад оролцож, саналаа өгч байна. Маш товчхондоо, салбарт оролцогчдын эрх ашгийг хамгаалахыг үйл ажиллагааны гол зорилго болгож ирлээ. Гадаад, дотоодын компани, аж ахуйн нэгжүүдтэй идэвхтэй хамтран ажиллаж, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Үүний нэг тод жишээ нь “Дулаан шийдэл төсөл”-ийг хэлж болно. Энэ төслөөр гэр хороолол, амины орон сууцны дулаалгын асуудлыг зөв шийдэж, агаарын бохирдол, дулаан алдагдлыг бууруулж, улмаар орон сууцыг дулааны алдагдалгүй, эрчим хүчний хувьд хэмнэлттэй болгож буй өндөр ач холбогдолтой төсөл юм. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулж байгаа гэдэгтээ бид итгэлтэй байна. Ер нь бол барилгын салбарынхаа эд эс бүхэнд хүрч ажиллах нь бидний нэг том зорилго шүү. Жижиг, дунд үйлдвэрлэгч, туслах бригад, хувиараа ажил гүйцэтгэгчдийг чадавхжуулах, тэдгээрийг дэмжин ажиллах нь маш чухал. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр МБҮА нь барилгын салбарын нийт оролцогчдынхоо эрх ашиг, дуу хоолойг хүлээн авч, дэмжин ажиллах үндсэн зорилго бүхий холбоо. Гишүүдийнхээ эв нэгдлийг хангаж, нэгдмэл бодлого, нэгдсэн байр суурийг эрхэмлэн, гишүүн байгууллагуудынхаа хамтын ажиллагааг дэмжих үндсэн чиглэл зорилготойг бас онцлох ёстой. Ассоциацийн засаглал, үйл ажиллагааг илүү ардчилсан шударга, нээлттэй, ил тод байлгах нь байгууллагын зарчим. Гишүүдийн хоорондын болон харилцагч байгууллагуудын нийгмийн олон талт хамтын ажиллагаанд харшлахгүйгээр үйл ажиллагаагаа явуулах нь ч бидний бас нэг эрхэмлэдэг зүйлсийн нэг юм.

-Монголын үндэсний компани, үндэсний баялаг бүтээгчдийн нэлээд хувийг барилгынхан маань эзэлдэг. Яах аргагүй Монголын эдийн засгийн нэгэн гол түүчээ бол барилгын салбар болсон?

-Үнэн л дээ. Ажиллах хүчний нөөц, худалдан авалтын хувь хэмжээ… гээд эх орны эдийн засаг дахь жин даацаараа жил ирэх бүр өсч тэлж байгаа салбар бол барилга юм. Ассоциациас авч хэрэгжүүлэх ойрын зорилго, хийж хэрэгжүүлэх ажлын хүрээнд дотоодынхоо барилгын салбарын зах зээлийг хамгаалах нь чухал болсон. Төрөөс зарлаж байгаа мега төслүүдэд монгол компани, монгол гүйцэтгэгч, монгол мэргэжилтэн-инженерүүдээ оролцох боломжоор хангаж, давуу эрх олгох, тэднээр төслүүдийг гүйцэтгүүлэх ёстой гэж бидний зүгээс үздэг. Иймд дотоодын барилгын салбарын зах зээлээ хамгаалж, монгол компаниудыг илүү ур чадвартай, санхүүгийн боломжид хүрэхэд нь дэмжих, хөгжүүлэх, боломж олгох нь өнөөдөр том асуудал болоод байна. Үүнд төр засгийн зүгээс онцгой анхаарна гэдэгт итгэж байна. Барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг бусад ТББ, бусад холбоодтой МБҮА-ын зүгээс нягт хамтран ажиллаж, дуу хоолойгоо нэгтгэн төрийн худалдан авалтын холбогдох хууль тогтоомжид саналаа тусгах ажлуудыг хийж байна. Цаашид энэ зорилгоо тууштай хамгаалж ажиллана. МБҮА-ын бас нэг үндсэн зарчим бол хамтын удирдлагатай, үйл ажиллагаа нь гишүүдийн оролцоог хангасан, ил тод, нээлттэй байх. Бүх гишүүдэд Ассоциацийн санхүүгийн үйл ажиллагаа, стратеги төлөвлөгөө, удирдлагаас гаргасан тушаал шийдвэр, өдөр тутмын үйл ажиллагаа нь ил тод, үнэн байх нь чухал. Миний бие Ассоциацийн Удирдах зөвлөлийн гишүүний хувьд эдгээр зарчмуудыг тууштай баримтлахад анхааран ажилладаг. Цаашид гишүүдийн хамтын ажиллагааны цахим платформыг хөгжүүлэх ажлыг санаачлан хийх зорилготой байгаа. Энэхүү платформ дээр зарлагдаж байгаа тендер, худалдан авалт, гишүүд хоорондын бараа солилцооны мэдээлэл тавигдахаас гадна, гишүүд хоорондын худалдан авалтад үзүүлэх хөнгөлөлт, урамшууллын систем үйлчилгээг ч мэдээлж, бүхий л талаар хамтарч, бие биенээ дэмжин ажиллах уялдаа холбоог хангах юм. Мөн гишүүдийнхээ оролцож, хэрэгжүүлж байгаа төслийн дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж, бусад гишүүд оролцох боломжийг нээнэ. Гишүүдийнхээ дунд шаардлагатай сургалтуудыг түлхүү явуулах, мэргэжлийн ур чадвартай боловсон хүчнүүдийн мэдээллийг хүргэх, мэргэжилтнүүд, инженер техникийн ажилтнуудын санхүүгийн түвшнээ ахиулах сургалтыг байнга хийж байх ёстой. Үүний тулд гишүүн байгууллагуудтайгаа хамтарч барилгын технологи, зөв засаглал, санхүү, хууль эрх зүйн сургалтуудыг тогтмол явуулна. Ер нь барилгын салбараа мэргэжлийн хувьд одоогийн түвшнээс шат ахиулан чадавхжуулах, хөгжүүлэх, дэмжихэд эдгээр сургалтууд суурь болно. Эдгээр ажил гишүүдийн маань хамтын зүтгэл, идэвхтэй оролцоогоор хэрэгжинэ. Ялангуяа залуучууд маань, залуу гишүүд маань түүчээлэн оролцоосой гэж уриалж байна.

-Ярилцлагын төгсгөлд нэг зүйлийг тодруулъя. Мэргэжлийн Нэгдсэн Холбооны тухай хууль энэ жилээс мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан МБҮА-ын зүгээс ямар ажлуудыг хийж байна вэ?

-Мэргэжлийн нэгдсэн холбооны тухай хууль батлагдан шинээр мөрдөж эхэлсэнтэй холбоотойгоор тухайн хуулийг хэрэгжүүлэлтэд манай МБҮА идэвхтэй анхаарч ажиллаж байна. Салбарын бусад холбоодтойгоо хамтран Мэргэжлийн нэгдсэн холбоогоо байгуулахаар санамж бичиг байгуулж, Ажлын хэсэгт нь МБҮА-ыг төлөөлөн миний бие орсон. Энэхүү холбоог хамтран байгуулснаар барилгын салбарын бусад холбоод, барилгын салбарын оролцогчдын зорилгыг нэгтгэн, тэдний санал, санаачилга, үйл ажиллагааг төрд хүргэнэ. Мөн Мэргэжлийн нэгдсэн холбоогоор гүйцэтгүүлж болох ажил, үйлчилгээг төрөөс хараат бус, аливаа нөлөөллөөс ангид байдлаар хийхийг зорьж байгаа. Бид хамтран зөвхөн барилгын тусгай зөвшөөрлийн үйлчилгээ, сургалт зэргээр хязгаарлагдахгүй цаашид барилгын норм дүрмийн шинэчлэлт, барилгын стандартыг шинээр гаргах, барилгын мэргэжлийн чиглэл бүрээр зөвлөх үйлчилгээг хөгжүүлэхийг зорьж байна. Барилгын чанар, стандартад хяналт тавих, бусад салбарт барилгын мэргэжлийн зөвлөгөө өгөх, энэ чиглэлд хамтран ажиллах, хөгжил өөд хамтдаа алхахыг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.

Ярилцлага өгсөнд баярлалаа.

Categories
мэдээ эдийн-засаг

Үхрийн цул махны үнэ 1.1 хувиар өсчээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17080 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 21548 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.6 хувиар өсөж 21548 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.1 хувиар өсөж 24577 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл эдийн-засаг

А.Батпүрэв: Төсвийн тодотголыг нэн даруй зайлшгүй хийх шаардлагатай

Эдийн засагч А.Батпүрэвтэй ярилцлаа.


-Г.Занданшатарын Засгийн газар амаргүй эдийн засаг хүлээж авлаа гэж байна. Шинэ засаг мөнгө олохын тулд юу хийх хэрэгтэй вэ? 

-Засгийн газар хүндхэн эдийн засаг хүлээж авч байгаа. Хямрал руу халтирах шинжтэй болохын даваан дээр дараагийн Засгийн газар томилогдож байна. Шинэ засаг хурдан мөнгөтэй болохын тулд түр мөнгө олж болно. Ингэхдээ зээлээ нэмээд, дотоод, гадаадын зах зээл дээр бонд гаргаад төсвийнхөө алдагдлыг нөхөөд явах хувилбарууд байж болно. Магадгүй ОУВС-гийн хөтөлбөр оруулж ирэх ч юм уу. Гэхдээ эдгээр нь зөв хувилбар гэж бодохгүй байна. Эсрэгээрээ өнөөдрийн цаг үед Засгийн газар яаж мөнгө олох вэ гэхээсээ илүү хувийн хэвшилдээ хэрхэн мөнгө олох боломж олгох вэ, иргэд, аж ахуйн нэгжүүддээ яавал илүү их мөнгө үлдээх вэ гэдэг бодлого явах ёстой. Тэр нь юу вэ гэхээр татварын ачааллыг нь бууруулъя. Гааль, худалдааны татварын ачаалал болон хүнд суртлыг нь багасгая. Гадаадын хөрөнгө оруулалт аль ч сувгаар аль ч салбарт орж ирэх боломжийг нь нээлттэй болгоё. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж болох уул уурхай, барилга, тээвэр зэрэг салбарууддаа илүү либераль бодлого явуулснаар болзошгүй хямралаас тойрч гарч, эдийн засгийнхаа өсөлтийг илүү тогтвортой хадгалах ёстой. Энэ бол богино хугацааны асуудал. Харин дунд, урт хугацаандаа Монгол Улс байнга ярьдаг нүүрс, зэс гэдэг хоёрхон бүтээгдэхүүнээс хамааралтай, тэрийгээ дагаад төсвөө хэт тэлчихсэн эдийн засгийн энэ бүтцээ өөрчилнө гэсэн үг. Уул уурхайгаас гадна нэмүү өртөг шингээсэн олон улсын зах зээл дээр өрсөлдөх чадвартай салбаруудыг бий болгох. Жишээлбэл, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, технологийн үйлчилгээ ч байдаг юм уу. Дээрээс нь эдийн засгийн бүтцэд төр хэтэрхий өндөр оролцоотой, хэт хамаарлыг багасгамаар байна. Тэр нь төсвийн зардлаа танаж зохистой хэмжээнд авчрах. Төрийн өмчит компаниудыг хувьчлах, цөөлөх, олон нийтийн болгох зэрэг ажлуудыг хийх нь зөв.

-Төсвийн тодотголыг яаж хийх ёстой вэ?

-Төсвийн тодотголыг нэн даруй зайлшгүй хийх шаардлагатай. Он гарснаас хойш эхний таван сарын байдлаар гэхэд төсвийн орлого 1.4 орчим их наяд төгрөгөөр тасраад зарлага нь 900 гаруй тэрбумаар нэмэгдчихсэн байна.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилийн өдийтэй харьцуулахад төсвийн үзүүлэлт 2.3 их наяд төгрөгөөр буурсан байгаа. Гэтэл эдийн засгийн өсөлтөө бодоход илүү сайжирч байх ёстой зүйл. Төсвийн зарлага 900 гаруй тэрбумаар өсчихсөн гэж байгаа боловч энэ нь хянагдсан буюу гарсан зардлуудаа яриад байгаа. Гэтэл бүх салбарт баахан ажлууд төлөвлөөд, төсөвлөчихсөн байдаг. Яамдууд нь баахан тендер зарлаад компаниуд шалгараад ажлаа хийгээд эхэлчихсэн. Эсвэл зарим нь гэрээгээ хийгээд ажлаа эхлэх гээд байдаг. Гэтэл санхүүжилтийг нь зогсоогоод хүлээлгийн байдалд оруулчихсан. Ингэж зах зээлд буруу сигналь өгснөөрөө нөөцийн хуваарилалт маш олон зүйлийг буруугаар эргүүлж байгаа. Тиймээс төсвийн тодотголыг хийж байж энэ хүнд байдлаас гарах ёстой. Төсвийн тодотголыг хийхийн тулд орлогоо илүү бодитойгоор төлөвлөх нь зөв. Бид нүүрсний үнийг 105 ам.доллар гээд бодчихсон. Өнгөрсөн жил төсөв хэлэлцэж байхад үүнийг эдийг засагчид шүүмжлээд, хэт өөдрөг юм биш үү гэж сануулсаар байхад энэ үнээр хийчихсэн. Сүүлийн үед нүүрс 65 ам.доллараар зарагдаж байна. Цаашдаа үүнээс ч буух төлөвтэй байна. Тиймээс орлогоо бууруулна, тэрийгээ дагаад зардлаа бууруулна. Монголын төсвийн зарлагын 75-хан хувь нь урсгал зардал байдаг. Тэр дотор цалин, тэтгэвэр, тэтгэмж, төрийн байгууллагуудын урсгал зардал байна. Үүнийг сууриар нь өөрчилж, бүцийн шинэчлэл хийж, төрийн албыг илүү цомхон болгох, халамжуудаа илүү зохистой, оновчтой болгох ажлуудыг хийхгүйгээр урсгал зардалд бодитой өөрчлөлт хийж чадахгүй. Тэгэхгүй бол том дүнгээр төсвөө жижигрүүлж, эдийн засаг дахь төсвийн оролцоог багасгах боломжгүй болчихоод байна. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын ажлууд нэлээд бий. Ялангуяа гадаадын зээл тусламж юм уу, Засгийн газрын өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлсэн төслүүд их явж байгаа. Тэдгээрийг том, том төслүүд зарлаад, ямар ч эрэмбэ дараагүйгээр эхлүүлчихсэн. Одоо эд нарыгаа эргэж хараад, нийгэм эдийн засгийнх нь үр өгөөжийг бодитойгоор тооцож үзээд, эрэмбэлж байгаад эхнээс нь үе шаттайгаар хэрэгжүүлэх хэрэгтэй. Магадгүй заримыг нь хаяад цаашаа явах ёстой. Тэгэхгүй бол олон том төсөл зэрэг эхчлүүлчихээр төсөв нь дийлэхгүй.

-Төсвийн тодотгол дээр нийслэлийн төсвийг эргэж харах ёстой гэж зарим гишүүд яриад байгаа. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

-Энэ бол заавал эргэж харах ёстой асуудал. Сүүлийн хоёр, гурван жил хот бол улсын төсөвт ямар ч орлого төвлөрүүлэхгүйгээр олсноо өөрөө зарцуулна. Түүгээр ч зогсохгүй Засгийн газрын баталгаатайгаар их хэмжээний бонд гаргаад түүнийгээ захиран зарцуулдаг болсон. Өнөөдөр улсын төсөвтэй тэнцэхүйц их хэмжээний хөрөнгө оруулалтын төслийг хот дээр Засаг дарга, Иргэдийн хурал нь шийдээд явж байгаа. Маш том, том тоотой, их наядаар хэмжигддэг төслүүд хэрэгжүүлээд байдаг. Энэ нь өөрөө төсөвтэй адилхан парламентын хяналт, олон нийтийн хэлэлцүүлэг байхгүй. Замбараагүй гэмээр нөхцөл байдалтай байгаа. Тэгэхээр үүнийг нь эрэмбэлээд хотын төсвийн мөнгө нь үнэхээр илүүдээд байгаа бол улсын төсөвт татаж авч байгаад үзэх хэрэгтэй. Жишээлбэл, хоттой адилхан нөхцөл байдалтай Өмнөговь аймаг хангалттай мөнгө олдог мөртлөө улсад төвлөрүүлчихээд өөрсдөө хөрөнгө оруулалтаа хийж чадахгүй сууж байгаа. Гэтэл хот буруу жишиг тогтоосон хяналтгүй зарчмыг өөрчлөх нь зөв байх.

-Манай улсын эдийн засаг орлого олдог ганц л сувагтай. Үе үеийн Засгийн газар эдийн засгаа солонгоруулах ёстой л гэдэг. Яавал орлого олдог сувгаа нэмэх вэ?

-Шинэ санаа сэдэл гэхээсээ илүү өчнөөн олон жил ярьсан ажлуудаа системтэй, үе шаттайгаар хэрэгжүүлэх асуудал болчихоод байгаа юм. Богино хугацаанд Монгол Улсад гадаад валютын орлого олдог боломжоо нэмэгдүүлэх арга зам гэвэл уул уурхайн үйлдвэрлэлээ илүү нээлттэй болгох ёстой. Нүүрснээс өөр газрын ховор элемент ч гэдэг юм уу дараагийн салбаруудтай болох хэрэгтэй. Цаашдаа дунд, урт хугацаанд уул уурхайгаас гадна экспорт хийж чаддаг салбаруудаа хөгжүүлдэг байх. Тэр нь хөдөө аж ахуй, аялал жуулчлал, аж үйлдвэр зэрэг салбарууддаа бодлогоо хэрэгжүүлэх хэрэгтэй. Өнөөдөр богино хугацаанд уул уурхайгаас олсон мөнгөө ирээдүйн уул уурхайг орлохуйц салбаруудыг бойжуулахад нь чиглүүлэх ёстой. Үүнийг олон улсын үндэсний баялгийн сангуудын эдийн засгаа солонгоруулах стратегийн хөрөнгө оруулалт хийдэг хувилбарууд тийшээ л чиглэж байгаа. Дубай, Казахстаны туршлага байна. Монгол Улс уул уурхайг орлохуйц дараагийн орлого олдог салбаруудаа бий болгоё гэвэл гадаадын хөрөнгө оруулалтыг бүх салбарт нээлттэйгээр татахаас өөр арга байхгүй. Аливаа салбаруудыг хязгаарлалт багатайгаар аль болох чөлөөтэй байлгах хэрэгтэй. Монгол шиг жижиг зах зээлд, хоёр том хөршөөр дэлхийгээс хязгаарлагдчихсан, далайд гарцгүй эдийн засаг дээр аль болох нээлттэй бодлого явуулж байж цаашаа явна.

-Нүүрсний ирээдүй яахаар байна?

-Манай нүүрсний экспорт БНХАУ-аас хамааралтай учраас богино хугацаандаа үнэ нь өснө гэсэн хүлээлт харагдахгүй байна. Хэрэглээний тоо хэмжээ өнөөгийн түвшинг хадгалаад аль болох ихээр нийлүүлээд хэдэн жил явах боломжтой байх. Харин урт хугацаандаа үнэ нь өснө гэсэн төлөв харагдахгүй байгаа. Яагаад гэвэл Хятад улс нүүрснийхээ нийлүүлэлтийн дийлэнх хувийг дотоодоосоо хангадаг болно. Дээрээс нь нүүрснээсээ аль болох татгалзаад тогтвортой ногоон эх үүсвэр рүү шилжинэ гэсэн бодлого баримталж байгаа. Ийм тохиолдолд бид нүүрсээрээ урт хугацаанд амьдарна гэдэг хүлээлтгүй л байх ёстой.

-Инфляцийг яаж буулгах вэ?

-Он гарснаар инфляци хоёр оронтой тоо руу дөхөж байна. Албан ёсны статистик ес гэж гарч байх шиг байна. Өнгөрсөн хоёр жилд хоол хүнсний инфляци маш өндөр байсан бол харьцангуй тогтворжиж байна. 2020 онтой харьцуулахад аль ч хүнсний бүтээгдэхүүний үнэ хоёр дахин нэмэгдсэн. Тэгэхээр энэ өсөлт одоохондоо эрч нь саарах байдалтай байна. Нөгөө талд үйлчилгээ, орон сууцны үнэ өндөр өсөлттэй хэвээр байна. Учир шалтгааныг нь харах юм бол нийлүүлэлттэйгээ уялдаагүй ипотекийн бодлого явсан. Монгол Улс импортоос өндөр хамааралтай улс. Гэтэл валютын ханш өсөөд байгаатай холбоотойгоор нийлүүлэлтийн гаралтайгаар инфляци нэмэгдэж байна. Гуравдугаарт, төсөв өөрөө инфляци өсөх, мөнгөний нийлүүлэлтийн хэмжээгээр нэмэгдэж үрэлгэн зардал гаргах том шалтгаан болж байна. Төсөв өөрөө том шалтгаан болж байгаа. Иймд инфляцийг буулгая гэхээр төсвийн зардлаа хумих хэрэгтэй болно. Хоёрдугаарт, валютынхаа ханшийг тогтворжуулах асуудал гарч ирнэ. Монголбанк өөрөө төв банкны түвшинд ажиллахгүй бол сүүлийн хэдэн жил яалт ч үгүй Засгийн газрын касс шиг ажилласан нь үнэн. Төв банк хараат бус байр суурин дээрээ ирэх ёстой. Тэгж байж төв банкнаас инфляцийнхаа хариуцлагыг нэхэх хэрэгтэй.

-Валютын ханш тасралтгүй өсч байна. Дэлхийд ам.долларын ханш 10 хувиар уначихаад байхад манайх яагаад өсөөд байна вэ. Үүнд юу нөлөөлж байна?

-Монгол Улс руу ам.доллар орж ирдэг хоёр л урсгал байгаа. Нэг нь экспорт, тэр дундаа нүүрс голлодог. Нүүрсний үнэ унасан. Бид гаргадаг хэмжээндээ гаргаж байгаа боловч үнэ нь уналттай хэвээр байна. Тэрнээс хамгийн том шок нь бий болж байна. Он гарснаас хойш ам.долларын ханш нэрлэсэн дүнгээр 5-6 хувиар чангараад төгрөгийн ханш тэр хэмжээгээр суларсан. Хоёрдугаарт, Монгол Улсад ам.доллар оруулдаг гадаадын хөрөнгө оруулалт гэдэг суваг үндсэндээ хаалттай олон жил болж байна. Бид гадаадын хөрөнгө оруулалтыг татна гэж олон жил ярьж байгаа боловч Гадаадын хөрөнгө оруулалтын хуулиа олон удаа унагаачихсан. Гэрээ хийгээд ороод ирсэн гадаадын хөрөнгө оруулагчдаа хөөж туух, үйл ажиллагааг нь тогтвортой явуулахгүй байх нөхцөл байдал үүсч байна. Сүүлийн үед улс төрийн популизмаа дагаад тэгж ч хөрөнгийг нь хураана, нийгэмчилнэ гэж байгаа учраас Монгол Улсад итгэх хөрөнгө оруулагч алга даа. Ийм нөхцөлд ам.доллар орж ирж байгаа суваг нь багасаад тэрийг дагаад төв банкин дээр улсын валютын нөөц олигтой нэмэгдэхгүй байгаа.

-Валютын нөөц таван тэрбум ам.доллар давж түүхэн дээд хэмжээнд хүрсэн шүү дээ. Энэ зохиомол дүн үү?

-Таван тэрбум гэдэг абсолют дүн өөрөө түүхэн хэмжээтэй харьцуулахад

өндөр байж магадгүй. Гэхдээ арван жилийн өмнөх таван тэрбум, өнөөдрийн таван тэрбум хоёр тэс өөр. Арван жилийн өмнө таван тэрбум ам.доллараар Монгол Улс импортынхоо зургаан сарын хэрэгцээг хангаж чадах байсан. Тэгвэл өнөөдөр ийм мөнгөөр ердөө импортынхоо гурван сарын хэрэгцээг хангана. Тэгэхээр энэ бол эмзэг хэвээр байгаа. Валютын нөөцийн цаана цэвэр нөөц гэдэг ойлголт байгаа. Төв банкны өр төлбөрүүд дотоодын болон гадаадын аж ахуйн нэгжүүдэд, банкуудад төлөх төлбөрүүд гэж бий. Тэр төлбөрийг хасаад цэвэр нөөцөө харах юм бол төв банкинд нэг тэрбум гаруйхан ам.доллар л байгаа. Түүгээр интервенц хийгээд валютын ханшийг удаан барина гэж байхгүй. Өнгөрсөн хоёр жил ханшийг хүчээр бариад байлгаад байсан. Тэр нь алдагдахаараа илүү хүчтэй харваж байна шүү дээ. Харин бүтэцдээ тааруулаад бага багаар сулруулаад яваад байсан бол илүү тогтвортой байх байсан. Ер нь ханш хөдлөхгүй тогтмол байх биш. Жигд таамаглахуйц байх нь Монгол Улсын хувьд хамгийн зөв хувилбар гэх юм уу даа. Гадаад өрийн дарамт нэмэгдчихсэн, валютын орох урсгал буурчихсан, нөөц багасчихсан энэ зах зээлийн итгэлцлээ дагаад хөрөнгө оруулалт сул байгаа учраас валютын ханш өссөөр байна. Цаашид өсөх хандлага харагдаж байгаа.

-Тэгвэл валютын ханшийг тогтворжуулахын тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Хамгийн түрүүнд төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах. Өөрөөр хэлбэл, экспортоо нэмэх, хөрөнгө оруулалт татах. Хамгийн сүүлийн хувилбар нь ам.доллар зээл авах зам үлдэж байна.

-Засаг огцорсноор гадаадын хөрөнгө оруулагчид дайжиж байна уу. Шинэ Засгийн газар хөрөнгө оруулагчдыг татахын тулд ямар бодлого гаргах шаардлагатай гэж та үзэж байна вэ?

-Улс төрийн тогтвортой байдал хөрөнгө оруулалтад чухал. Гэхдээ улс төрийн гэхээсээ илүү бодлогын тогтвортой байдал чухал. Бодлого тогтвортой байна гэдэг нь хууль тодорхой, гэрээ нь хэрэгждэг, шүүх нь шударга байхыг хэлж байгаа шүү дээ. Түүнээс биш нэг дарга байрандаа байгаад байхыг хэлэхгүй. Сүүлийн таван жил Засгийн газар тогтвортой ажиллахдаа гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэж хэлж байлаа. Гэтэл нөгөө гараараа өөр үйлдлүүд хийгээд байсан учраас энэ хугацаанд гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэнгүй. Хөрөнгө оруулагч орж ирээгүй. Тиймээс одоо популизмаар биш илүү бодитой хөрөнгө оруулалтыг татах бодлогоо хэрэгжүүлэх ёстой. 1990-ээд онд хэрэгжүүлж байсан нээлттэй бодлого Монгол Улсын хөрөнгө оруулалтыг татсан. Тэрний үр шим одоо хүртэл явж байгаа шүү дээ. Бас нэг сайн тал нь эдийн засаг саараад хямралын байдалд ороод эхлэхээр буюу хөрсөн дээрээ буухаар манайхан гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй юм байна гээд тэрэнд таарсан бодлогууд хэрэгжүүлж, хуулиа гаргадаг. Тэгээд тэр нь үр өгөөжөө өөөд амьдрал гайгүй болоод ирэнгүүт гадаадын хөрөнгө оруулалт бидэнд хэрэггүй юм байна гээд буцаагаад хөөгөөд, дарамтлаад эхэлдэг. Одоо энэ алдаагаа давтахгүйгээр урагшаа явах хэрэгтэй.

Categories
мэдээ эдийн-засаг

ҮСХ: Нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин 2.6 сая төгрөг байна

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2025 оны 1 дүгээр улирлын байдлаар нийт 53.7 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 811.6 мянган ажиллагч хамрагдсан байна.

Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлсөн ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 4.4 (8.9%) мянга, өмнөх улирлаас 1.0(1.9%) мянгаар тус тус өсөж, НДШ төлсөн ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс 58.2(7.7%) мянгаар, өмнөх улирлаас 24.2 (3.1%) мянгаар мөн өсжээ.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2025 оны 1 дүгээр улирлын тайланд хамрагдсан нийт ажиллагчдын

  • 117.6 (14.5%) мянга нь боловсролын,
  • 113.6 (14. 0%) мянга нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний,
  • 81.8 (10.1%) мянга нь төрийн удирдлага, батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын,
  • 76.1 (9.4%) мянга нь боловсруулах үйлдвэрлэлийн,
  • 49.6 (6.1%) мянга нь уул уурхай, олборлолтын,
  • 49.1 (6.0 %) мянга нь хүний эрүүл мэнд, нийгмийн халамжийн,
  • 48.8 (6.0 %) мянга нь тээвэр, агуулахын,
  • 48.3 (6.0 %) мянга нь барилгын,
  • 32.0(3.9%) мянга нь санхүүгийн болон даатгалын,
  • 27.5 (3.4%) мянга нь удирдлагын болон дэмжлэг үзүүлэх,
  • 167.0 (20.6%) мянга нь бусад үйл ажиллагааны салбарын ажиллагчид байна.

Улсын хэмжээнд 2025 оны 1 дүгээр улирлын байдлаар нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин 2сая 622 мянган төгрөг, голч цалин 2 сая 245 мянган төгрөг, харин үндсэн цалингийн дундаж 2 сая 386 мянган төгрөг байна.

Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалингийн индекс 2025 оны 1 дүгээр улиралд 214.8, худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалингийн индекс 138.9 байна.

Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалинг эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл 2025 оны 1 дүг ээр улиралдуул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын цалин хамгийн өндөр буюу 4.9 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 88.2 хувиар өндөр байна. Харин зочид буудал, байр сууц, нийтийн хоолны үйлчилгээний салбарын ажиллагчдын цалин хамгийн бага буюу 1.7 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 35.5 хувиар бага байна. Цахилгаан, хий, уур, агааржуулалтын үйл ажиллагааны салбарын ажиллагчдын голч цалин 4.0 сая төгрөг байгаа нь хамгийн өндөр байна.