Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Н.Энхбаяр: Шатахуунаар биеэ даахгүй бол намрын байдал ч хүндрэх магадлалтай DNN.mn

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлий  дарга,эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.


 -Монгол Улсын макро орчны төлөв байдлыг харахад улс орны эдийн засагт багагүй сорилт тулгарахаар хүндхэн байна. Энэ удаагийн ярилцлагаа хоёулаа энэхүү сэдвээр эхлүүлье?

Миний хувьд 2023 оноос хойш энэ тухай анхааруулж байна. Яагаад гэхээр нүүрсний үнийн хувьд илүү явцуу, жижигхэн зах зээлд нийлүүлэгдэж байна. Ганцхан зах зээлд. Өөр улсад нийлүүлэх боломж байхгүй. Биет хэмжээний хувьд манай экспорт бараг 100 гаруй сая тонн гэж байна. Энэ хэмжээний нүүрсийг одоогоор тээвэрлэх дэд бүтэц төмөр зам үндсэндээ байхгүй. Бага хэмжээнд дотооддоо ашиглаж байгаа боловч бидэнд экспортын төмөр зам гэж алга байна. 100 сая ачааг автомашинаар л тээвэрлэж байна. Зэсийн баяжмал, төмрийн хүдэр хоёр л Замын-Үүд боомтоор гарч байна шүү дээ. Манай экспортын түүхий эдийн бараг 60, 70 хувь нь Гашуунсухайт, Шивээхүрэн гэсэн хоёрхон боомт дээр ногдож байна. Хилийн боомтын холболтын тухай асуудал гэрээ, хэлэлцээр хийгдээд, дөнгөж эхэлж байна. Дахиад гурван жил ажиллана. Ямар ч байсан эдийн засгийн нөхцөл байдалдаа анхаараад, Засгийн газрын түвшинд хэлэлцэж байгаа нь сайн хэрэг.

-Гүйцэтгэх засаглал хэтэрхий өөдрөг хараад, тайвшруулаад байна уу гэж бодогдох юм. Танд тэгж санагдаж байна уу?

Судлаачийн хувьд харахад, дүгнэлт арай өөдрөг хэвээрээ байгаад байна. Олон улсын зах зээл дээр гарч байгаа мэдээллийг харсан ч тэр. АНУ-ын ерөнхийлөгч тангаргаа өргөснөөс хойш удаа дараа тарифын асуудал хөндөгдөж байна. Одоо энэ нөхцөл байдал нэлээд тодорхой болоод ирлээ. Энэ асуудал зөвхөн АНУ, хоёр хөршийн асуудал биш, Канад, Европын холбоонд хүртэл хамаарч байна. Тэр дотроос манайд хамааралтай асуудал бол гангийн татварын тухай асуудал. Энэ хөндөгдөөд байгаа учраас дэлхий нийтээрээ хөдөлгөөнд орох гэж байна. Жишээлбэл, Канад, Европын холбооны ган дээр тариф тогтоохтой холбоотойгоор дэлхий нийтэд байсан эрэлт, нийлүүлэлт өөр болох гэж байна шүү дээ. Хятад улсын зөвхөн АНУ-д нийлүүлж байгаа ган бус, Европын холбоонд нийлүүлэх ганд тогтворгүй байдал үүсэх нь. Үндсэндээ дэлхийн зах зээл дээр гангийн илүүдэл үүсэх гэж байна. Үүнийг Хятад улс түрүүлж хараад, хоёр их хурлынхаа үеэр тодорхой түвшинд хэлэлцэж, Хятадын шинэтгэлийн хорооноос мэдэгдэл хийж байна шүү дээ. Нэгдүгээрт, дотоодын эдийн засгийн асуудал байна. Дээр нь тарифын маргаантай асуудлууд байгаа учраас дотооддоо бүтцийн тохируулга хийж, гангийн үйлдвэрлэлээ сая тонноор бууруулна гэж мэдэгдлээ. Жилдээ нэг тэрбум, зарим жилд нэг тэрбум 36 сая тонн үйлдвэрлэдгээ бууруулах тухай ярьж байна.

-Ийм таагүй нөхцөлд бид өнгөрсөн оны гүйцэтгэлээ хараад, дүгнэлт хийгээд байж болохгүй нь, тийм ээ?

-Тийм ээ. 2023,2024 оны гүйцэтгэл маань өнгөрсөн түүх болчихсон. Монгол Улсын сүүлийн 20 жилийн эдийн засгийн циклийг харахаар бидний өөдрөг байсан жил 2-3 жил л үргэлжилсэн. Бид 2008, 2009 оны хямралыг туулсан. 2013-2016 оны түүхий эдийн уналт гэдэг зүйлийг туулсан. Дараа нь ковидын үе гээд, бид гурван удаа үндсэндээ санхүүгийн хүндрэлд орчихсон. Энэнээсээ одоо сургамж авах ёстой. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ ханш унахдаа нэг их айхтар холоос дохио өгөөд, очиж байна шүү гэж ирдэггүй. Үйл явдал болоод өнгөрсөн. Тэгэхээр харьцангуй жижиг эдийн засаг, ялангуяа энэ том эдийн засгийн хажууд дагаж явдаг эдийн засгийн хувьд болж байгаа үйл явдлыг бид урьдчилж харж сэргийлэх ёстой. Монгол Улсын экспортын түүхий эдийн эзэлж буй хувийг харсан ч зэсийн баяжмал л дэлхийн зах зээл дээр нөлөө бүхий байна. Бусад нь хаа ч байхгүй, бид дэлхийн зах зээл дээр эхний арав, 20-д ч багтахгүй. 80 сая тонн гээд асар том тоо яриад байгаа мэт боловч дэлхийн зах зээл дээр бүхий л нийлүүлэгч улс орнуудыг аваад үзвэл тийм том биш. Зөвхөн коксжих нүүрсээрээ л Монгол Улс дэлхийн зах зээл дээр 4, 5-д орж байна. Үндсэндээ бидэнд ийм хоёр хүчин зүйл л байна. Тэгэхээр нөхцөл байдал тодорхойгүй байгаа учраас бид одоо үүсч байгаа нөхцөл байдал дээр илүү анхааралтай дүгнэлт хийж байж арга хэмжээ авахгүй бол зөвхөн нэг, хоёрдугаар сарын төсвийн орлогын гүйцэтгэл сайн байна гэж хэлж байгаа нь арай л болгоомжтой биш байна. Эрсдэлээ төдийлөн сайн олж харж чадахгүй байна. Ялангуяа эдийн засаг хурдацтай тэлсэн учраас хэрвээ асуудал үүсвэл учирч болох эрсдэл маш өндөр юм. 2015, 2016 онд бид ямар их хүндрэлтэй байдалд орж байлаа. Цалин, тэтгэврээ өгч чадахгүй, Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсан. Тэр үед Японы Засгийн газар маш том буюу 5 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлж байж бид эргээд хөл дээрээ зогссон. Энэ байдлаасаа бид сургамж аваад, урьдчилсан бэлтгэл арга хэмжээ авахгүй бол бидэнд хувилбар бага.

-Ойрын хугацаанд ямар эрсдэлүүд гарч болзошгүй байна вэ?

Нэгдүгээрт, олон улсын зах зээл дээр манай экспортын гол бүтээгдэхүүн нүүрс, төмрийн хүдрийн экспорт буурах маш өндөр магадлалтай. Өнгөрсөн оны тоон мэдээллийг харахад, Монголын нийт нүүрсний экспорт биет хэмжээгээр өссөн боловч үнийн хувьд буурсан байна. Яг хилийн тодорхой боомтуудаар аваад үзэхээр Хятадын Дайлан боомт дээр өнгөрсөн оны турш нүүрсний үнэ буурсан. Манай Сэхэ, Ганцмодны боомт дээр, Хятадын гаалийн байгууллагаас гаргадаг нүүрсний ханш бас буурсан байна. Манай дотоодод мэдээлэгдэж байгаагаар 80 гаруй ам.доллар гэж яригдаад байна. Нэгэнт дотооддоо ийм арга хэмжээ авч байгаа учраас энэ үнэ цаашдаа буурах хандлагатай. Хятадын судалгааны хэд хэдэн байгууллага, судлаачдын судалгааг үзлээ. Энэ дээр нүүрсний үнэ ханш өсөх тухай таамаглал ерөөсөө алга байна. Манай нүүрсний экспорт 57 хувь эзэлж байгаа. Ийм том хувийн жин эзэлж байгаа тул үүнийг нөхөх боломж бидэнд маш бага. Одоо хоёрдугаар сарын статистик мэдээллийг харахад зөвхөн нүүрс, зэсийн баяжмал гээд хоёрхон түүхий эд дээр л орлого нь өссөн байна. Бусад түүхий эдийн 5-6 нэр төрөл буурсан. Тэр бууралтыг нөхөх боломж бидэнд ерөөсөө байхгүй. Гол гурван нэр төрлийн түүхий эдийн экспортын орлого өссөн. Нийт өссөн дүн нь 162 сая ам.доллар. Нүүрс болон бусад түүхий эдийн бууралт 482 сая ам.доллар. Ингээд зөрүүг харахад өнгөрсөн оноос 320 сая ам.доллараар буурсан байна. Энийгээ бид жилийн эцэст бодоод, нүүрсний орлого өнгөрсөн онд 8.7 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ том дүнтэй орлогын бууралтыг бид бусад түүхий эдээр нөхөх боломж маш бага.

 -Засгийн газар алтны экспортын орлогоор нүүрсний орлогын бууралтыг нөхөх тухай ярьсан. Ийм боломж бий юу ?

Өчигдөр Засгийн газрын хуралдааны дараа Сангийн сайд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд алтны экспорт бусад түүхий эдийн орлогоо нөхнө гэж ярьсан. Алтны орлогын хувьд тодорхой хэмжээгээр нөхөх боломж байгаа байх. Үнэ ханш нь сайн байна. Гэхдээ энэ нь нүүрсний орлогыг бас төдийлөн орлож чадахгүй болов уу. Нөгөө талаар алтны экспортын, алтны орлогын тухайд дутагдалтай тал бий. Манайд нүүрс экспортлогч компаниуд 10 гаруй байна. Тэд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар гээд төсөвт оруулах орлого нь арай өндөр. Гэтэл алт олборлогч цөөхөн компаний бий. Алтны олборлолт, тушаалт нэмэгдлээ ч түүнээс төсөвт орох орлого хамаагүй бага, нүүрсний компаниудынхыг гүйцэхгүй. Ийм эрсдэлүүд байна.

 -Сангийн сайд нүүрсний үнэ нэлээд унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр цохилт болоогүй байна гэж мэдэгдсэн. Гэтэл төсвийг зайлшгүй тодотгохоос өөр аргагүй байдалд хүрээд буй талаар эдийн засагчид хэлж байна. Та энэ талаар ямар бодолтой явна вэ?

Бид зөвлөгөө өгдөг байгууллага. Шийдвэр гаргахад УИХ-ын гишүүдэд зориулж зөвлөгөө өгч байгаа юм. Ийм асуудал байна шүү, ийм асуудлаар судалгаа хийх хэрэгтэй гэх мэтчилэн. Мэдээж шийдвэр гаргахыг санаачлах эрх нь Засгийн газарт, хэлэлцэн батлах уу гэдэг нь УИХ-ын мэдлийн асуудал. Энэ асуудал дээр ямар болгоомжлол байна вэ гэхээр, 2022 оноос хойш үндсэндээ гурван жилийн амжилттай түүх маань одоо дуусч байна. Манайд эдийн засгийн өнгөрсөн түүх өөрөө үүнийг хэлээд байгаа байхгүй юу. Бид төрөлжсөн эдийн засаг биш учраас ковидын дараа 2021 оноос хойших шиг эдийн засгаа явна гэж төсөөлөөд байна. Манай эдийн засагт тийм түүх байхгүй. Вьетнам, Зүүн Европын орнууд шиг олон худалдааны түнштэй, эдийн засгийн худалдааны олон түнштэй, аж үйлдвэр нь төрөлжсөн салбартай бол бид тэгж өөдрөг төсөөлөх боломжтой. Харамсалтай нь, манайх экспортынхоо 92 хувийг ганцхан зах зээлд нийлүүлдэг улс. Тэр улс нь ямар бодлого барьж байгаа нь өнөөдөр харагдаад байна шүү дээ. Олон улсын зөрчилдөөнтэй асуудал, дотоодын эдийн засгийн түвэгтэй асуудал байна. Ийм учраас төсвийн орлого айхтар өөдрөг байна гэж төсөөлөх боломж байхгүй. Өнгөрсөн оны намар 2025 оны төсөвт хийсэн дүггнэлт дээрээ ч хэлсэн. Дахиад нэг болгоомжлох зүйл байгаа юм.

-Тэр нь юу вэ?

Өнгөрсөн намар буюу наймдугаар сарын 27-нд УИХ-ын чуулганаар Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэлэлцэн баталсан.Хөтөлбөр маань гарсан, гэхдээ тэр хөтөлбөрийг хэрэгжүүлэх мөнгө хэд вэ гэдгийг тооцоогүй. 2025, 2026, 2027 онд тавьсан зорилт байгаа, түүнийгээ хэрэгжүүлэх мөнгө байхгүй. Өөрөөр хэлбэл, хэдэн төгрөг хэрэгтэй вэ гэдэг тооцоо байхгүй. УИХын тогтоолоор хөтөлбөрийг батлахдаа Засгийн газарт үүрэг өгсөн. Хөтөлбөрөө бид баталчихлаа, энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн тооцооллыг хийгээд, эргэж танилцуулаарай гэсэн үүрэг өгсөн. Харамсалтай нь, тэр хийгдээгүй, долоо найман сар өнгөрсөн байна. Дахиад нэг асуудал нь юу вэ гэхээр нэг, хоёрдугаар сард Улаанбаатар хотыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө гэж маш том дүнтэй төлөвлөгөө баталчихлаа. 2025-2040 он хүртэл 15 жил хэрэгжүүлэх төлөвлөгөө. Танилцуулга дээрээ нийт дүн нь бараг 240 их наяд. Улсын төсвөөс гарах нь бараг 96 их наяд. Жигд хуваарилбал нэг жилд улсын төсвөөс гарах мөнгө нь зургаан их наяд болох гэж байна. Энэ бол Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тодорхой хэсэг нь бий, бүтнээрээ байхгүй зорилт. Одоо бидэнд юу хэрэгтэй байна вэ гэхээр, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтуудаа хангахад ямар эх үүсвэр хэрэгтэй юм бэ. Бичсэн төслүүдээ үнэлэх хэрэгтэй. Нэмэх нь Улаанбаатар хот 2040, УИХ-аас Хархорин хот байгуулахаар баталсан. Энэ болгоныг нэмээд, ирэх дөрвөн жилд бидэнд ямар мөнгө хэрэгтэй вэ гэдэг тооцоо байхгүй. Тэр байхгүй байхад бид дараагийн гурван жилийн төслийн асуудлыг ярих боломжгүй. Тэгэхээр бидний эдийн засаг өөдрөг байхад тавьсан зорилт маань асар өндөр. Бодит нөхцөл байдал өөр. Энэ хоёрын зөрүүгээр төсөвт ирэх ачаалал маш өндөр.

 -Монгол Улс шатахууны экспортод 1.9 тэрбум ам.доллар гадагш нь урсгаж байна гэж мэдээлж байна. Бид үүнийг яаж либералчилж шатахуунтай болох вэ. Та бодлоо хуваалцахгүй юу?

-Улс орны хувьд газар зүйн нөхцөл байдал маш чухал. Манай улс олон жилийн турш хоёр хөрштэй явж ирсэн. Дэлхийн далайд гарцгүй 44 улсын нэг. Далайд гарцгүй улсуудад тулгардаг худалдааны, тээврийн зардал өндөр бэрхшээл бий. Дэлхийн зах зээл дээр түлш шатахуун экспортолдог орон маш олон. Гэхдээ бид тээвэрлэлтийн өртөг зардлаасаа хамаараад хамгийн ойрхон байгаа ОХУ-аас л 70, 80 жил бараг шатахуун оруулж ирж байна. Одоо төрөлжүүлье гээд. Ялангуяа намрын улиралд Ангарскийн нефть боловсруулах үйлдвэр дээр урсгал засвар орох үед бид найм, есдүгээр сард шатахууны хомсдолд ордог. Энэ байдал өнөөдөр ч хэвээрээ л байна.

-Хятад улсаас шатахуун авах хэрэгтэй гэж зарим хүмүүс үздэг?

Хятад улсын шатахуун нэгдүгээрт, үнийн хувьд ОХУ-аас авдгаас 20, 30 центээр өндөр. Дээр нь байнгын гэрээ хийдэггүй. Дутагдсан үедээ гүйж очиж аваад, гайгүй болонгуут мартчихдаг. Тэгэхээр ийм найдваргүй худалдан авагчидтай гэрээ хийх хүсэлгүй байна шүү дээ. Нэг, хоёр сар аваад л больдог байдлаа бид тогтворжуулах ёстой. Бидний байгуулж буй Газрын тос боловсруулах үйлдвэр стратегийн хувьд чухал. Бидэнд үйлдвэрээ байгуулаад, ямар үнэ өртгөөр гаргах вэ, өрсөлдөх чадвартай юу гэх мэт олон асуудал бий. Энэ ажил харамсалтай нь нэлээд сунжирч байна. Төслийн үнэ өртөг нэмэгдэж байна. Одоо танилцуулж байгаагаар 2028, 2029 онд л ашиглалтад орохоор байна. Санаа зовоож байгаа асуудал бол энэ үйлдвэр яг иж бүрнээрээ ашиглалтад орох уу гэдэг асуудал. Үйлдвэр, дамжуулах хоолойг бид хариуцаж буй. Гэтэл шингэн бүтээгдэхүүн болохоос тоологддог бараа, мах, гурил биш байхгүй юу. Ийм учраас борлуулалтын сүлжээ маш чухал. Борлуулалтын сүлжээ сайн байж байж үйлдвэр жигд ажиллана. Яагаад гэхээр газрын тос үйлдвэрийн нэрэх цооногоор орж ирээд, нефть болох процесс жилийн 365 хоног тасралтгүй явах ёстой. Тэр нөхцөлийг бүрдүүлж байж үйлдвэрээ эхлүүлэх ёстой. Тэгэхгүй бол газрын тос тасалдвал үйлдвэрлэл зогсоно. Галт тэрэг, вагонд тээвэрлэж байгаа, мөн агуулах нь дүүрчихвэл бас зогсоно.

-Шатахуунаар ер нь биеэ даахгүй бол Монгол Улс цаашид ч хэцүүхэн байдалтай хэвээр байх нь ойлгомжтой. Та санал нийлж байна уу?

Тийм. Шатахуунаар биеэ даахгүй бол намрын байдал ч хүндрэх магадлалтай. Бид энэ хүрээнд ОХУ-аас гадна бас дахин өөр ямар боломж байна вэ гэдгийг судалж, тодорхой оролдлого хийх хэрэгтэй. Жишээлбэл, Казахстан улс ОХУ-ын адил хямд шатахуунтай. Манайх тус улсаас авч чадвал боломжтой гэж бодож байгаа юм. Үүнд дахиад тээвэр ложистикийн асуудал бий. Энэ асуудал дээр гурван улсын хамтарсан ложистикийн асуудлыг шийдэх шаардлага тулгарч байгаа юм. Казахстанаас дамжсан Евразийн төмөр зам Говь-Алтайн урд талд, Хятадын нутгаар дайрч байгаа байхгүй юу. Тэгэхээр бид энэ тээвэрлэлтийн урсгал дээр Казахстанаас авах газрын тосны тээвэр ложистикоо шийдэх хэрэгтэй. Мэдээж их хэмжээний асуудал биш. Нэг цуваа явахад 2-3 нь Монголын газрын тос байж болно. Ийм байдлаар шийдээд, газрын тосоо Монгол руу дамжуулаад авч болно. Тэгэхээр Баянхонгор, Говь-Алтайд цомхон жижигхэн үйлдвэр байж болох байхгүй юу.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Ганцоож: Хотын даргын гаргасан шийдвэр бизнес эрхлэгчдийг сөхрүүлж байна DNN.mn

“Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбоо”, “Эко автомашин импортлогчдын холбоо”-ны зүгээс нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг бизнес эрхлэгчдийн нэр хүндэд халдсан хэмээн зарга мэдүүлж, шүүхэд хандсан. Уг гомдлын дагуу шүүхээс хотын даргын эд хөрөнгө болох нэг тэрбум төгрөгийг битүүмжлэх захирамж гаргасан байна. Уг маргаантай холбоотойгоор “Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбоо” ТББ-ын тэргүүн П.Ганцоожтой ярилцлаа.


-Нийслэлийн засаг даргад танай холбоо гомдол гаргаж, шүүхэд хандсан. Ер нь энэ маргаан юунаас болсон талаар эхлээд ярихгүй юу?

-2023 оны арванхоёрдугаар сард УИХ-аас түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах тухай хууль баталсан. Үүний дагуу 2024 оны НИТХ-аас Улаанбаатар хотын дугаартай автомашины тоог 730 мянга байна гэж заасан. 2024 оны хоёрдугаар сард хотын дугаартай автомашины тоо 705 мянга байсан. Бидний хувьд 730 мянга гэдэг тоогоо барих юм байна гэж бодсон. Гэтэл бариагүй. Хотын дарга НИТХ-аас гаргасан шийдвэрийг огт биелүүлээгүй. Уг нь биелүүлэх ёстой хүн нь Х.Нямбаатар мөн үү гэвэл мөн. Биелүүлээгүй явсаар нэг зун өнгөрсөн. Ингэж явсаар хотын дугаартай автомашины тоо 805 мянгад хүрчихсэн. Машины бизнес эрхлэгчдийн хувьд энэ шийдвэр биелэгдэх боломжгүй, хэрэгжихгүй юм байна гэж ойлгосон учраас зах зээлийн эрэлт, нийлүүлэлтээ хангахын тулд Японоос татан авалтуудаа хийсэн. Гэтэл аравдугаар сарын 28-ны өдөр гэнэт Х.Нямбаатар даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Улсын Их Хурлын индэр дээрээс “Арваннэгдүгээр сарын 8-наас эхлээд Улаанбаатар хотын серитэй дугаар олгохгүй. Зөвхөн шалгуур үзүүлэлтээр олгоно” гээд шалгууруудаа яриад эхэлсэн. Тухайн үед “Таван богд”, “Мөнххада”, “Киа Моторс”, “HYUNDAI” ХХК, 22-ын товчооны авто цогцолбор, “Да хүрээ” гээд нийт 2500 гаруй иргэн, аж ахуйн нэгж тухайн үед 37 мянган машины худалдан авалт хийчихсэн байсан. Энэ гэнэтийн шийдвэр нь бизнес эрхлэгчдийг бизнесээ урьдчилж төлөвлөх ямар ч боломж өгөөгүй.

-Тухайн үед хотын даргад хандсан уу?

Тухайн үед бид Х.Нямбаатар даргад хандсан. “Гэнэт ийм шийдвэр гарчихлаа. Бидний татан авалтыг яагаад бодсонгүй вэ. Шалгуур үзүүлэлтээрээ мэргэжлийн холбоодоо оруулж болоогүй юм уу” гээд Хотын даргатай уулзах хүсэлт тавьсан боловч орлогч Т.Даваадалайтай уулзсан. Бидэнд “Үүн дээр бид алдаа гаргасан байна. Та бүхний 37 мянган машинд номер олгохоор ярилцъя” гэсэн юм. Үүний дараахан Х.Нямбаатар дарга ИТХ-ын индэр дээрээс бид бүхнийг дайснууд мэтээр янз бүрийн үгээр хэлсэн.

Үүний дараа бид “Бизнес эрхлэгчдийг ажил хөдөлмөр, нийгмийн давхаргаар нь ялгаварлан үзэж болохгүй гэсэн үндсэн хуулиа зөрчөөд байна. Та биднээс уучлалт гуй” гээд хэвлэлийн бага хурал хийсэн ч ерөөсөө хариу өгөөгүй.

Хэрэв та хариу өгөхгүй бол шүүхэд хандана гэдгээ тухайн үед нь хэлсэн. Тэгээд шүүхэд хандсан. Шүүхээс нэг тэрбум төгрөг битүүмжлэх захирамж гарсан. Үүнд Х.Нямбаатар дарга гомдол гаргасан байна лээ. Тэр гомдолдоо “Үүнийг би хариуцахгүй. Энэ бол нийслэлийн захирагчийн албаны ажлын хэсэгт хамаарна. Намайг биш нийслэлийн ажлын хэсгийг шүүхэд өгөх нь зүйтэй юм биш үү” гэсэн утгатай гомдол гаргасан байна лээ. Тэр гомдол нь иргэний хэргийн шүүхээр шийдэгдэх байх.

-Улаанбаатар хотын дугаарын олголттой холбоотой гаргасан шийдвэр бизнес эрхлэхэд нөлөөлж байна уу. Ямар хүндрэл гарч байна вэ?

-Улаанбаатарт 10-аад гаалийн талбай байдаг. Тэр бүх талбай дээр машинууд хахчихсан байна. Нэг контейнер гэхэд өдрийн 35 ам.долларын торгууль төлж байгаа. Улаанбаатарын дугаар олгохгүй байгаа болохоор машины борлуулалт эрс муудсан. Дугаар олгохоо больсон гэдгээ бидэнд урьдчилаад хэлсэн бол татан авалтаа багасгах, шалгуур үзүүлэлтэд нь таарсан машинуудыг оруулж ирэх байсан. Гэнэтийн ийм шийдвэрээс болоод бүх гаалиуд дүүрчихсэн байгаа. Төлж байгаа торгуулийн мөнгө нь Монгол Улсын гааль руу ордоггүй. Хятадын тээвэр зуучийн компани руу ордог. Ер нь хотын даргын гаргасан шийдвэр бизнес эрхлэгчдийг сөхрүүлж байна. Банкны зээлийн хүү, түрээс, тог цахилгааны төлбөрөөс эхлээд хүнд байдалд орчихоод байна. Түүнээс бид хууль зөрчөөд хулгайгаар автомашин оруулж ирээд зараагүй. Монгол Улсын хуулийн дагуу төлөх ёстой татвараа төлдөг. Зах зээлд ороод 30 жил болчихоод байхад эргээд коммунист нийгэм рүүгээ яваад байна. Энэ бол ардчилсан нийгэмд байж болохгүй зүйл.

-Энэ гомдол үр дүнгээ өгнө гэж найдаж байна уу?

-Манай холбоо 2500 гишүүнтэй. Энэ хүмүүсийн нэр төрд халдчихаад байна. Түгжрэлийг шийдэхийн тулд бизнес эрхлэгчдийг яагаад дайсан мэтээр харагдуулаад байгаа юм бэ. Зах зээлийн нийгэм чинь эрэлт нийлүүлэлтээрээ явдаг. Бид Японоос үнэгүй машин авчирч тараагаад, зам дээр өрж тавиагүй шүү дээ. Худалдаж авч байгаа, зарж байгаа хоёр хүний бизнесийн зарчим нь энэ. Гэтэл үүнийг захиргааны аргаар ингэж шийдээд байгаа нь үндсэн хуулиар буруу, хүний эрхийг зөрчиж байна гэж үзэж байна.

Ер нь хотын дарга хавьтсан, ойртсон бүхнээ загнадаг, доромжилдог байж болохгүй. Манай холбооноос гомдол гаргаж байгаагийн цаад шалтгаан нь нэг тэрбум төгрөг авсан ч бай, аваагүй ч бай төрийн өндөр албан тушаалтан иргэдийг хийж байгаа ажил хөдөлмөрөөр нь битгий гадуурхаасай, ийм жишиг Монголын төрд дахин битгий гараасай гэсэн үүднээс бид шүүхэд хандсан. Энэ нь ч үр дүнгээ өгнө гэж найдаж байна.

-Түгжрэлийг бууруулахын тулд гаргасан шийдвэрүүд таны хувьд хэр оновчтой гэж бодож байна вэ?

-Х.Нямбаатар дарга саяхан монголчуудыг залхуу, хойргоор нь дуудаад алхаж яв гэсэн. Гэтэл алхах, унадаг дугуй унах талбай нь байна уу. Түгжрэлээ шийдээгүй байж гэнэтхэн хүний эд хөрөнгөд дураараа халдаад байгаад нь л эгдүүцээд байгаа юм. Яагаад бизнес эрхэлж байгаа ААН-үүд рүүгээ түгжрэлийг түлхээд байгаа юм бэ. Үе үеийн Нийслэлийн засаг дарга нарын хийсэн ажлын үр дүн нь одоо илрээд байгаа юм. Жишээ нь, нэг хотхонд тав, арван мянган айлын орон сууц барьчихна. Өглөө долоон цагт тэндээс таван мянган машин хүүхдүүдээ өөр дүүрэг, сургууль руу зөөж байна. Хэрэв хотхон дотор нь цэцэрлэг, сургууль барьчихсан байсан бол өглөө таван мянган машин тэндээс хөдлөхгүй. Ямар ч замбараагүй шийдвэр гаргачихаад түүнийхээ буруутанг олохын тулд иргэдийг хооронд талцуулдаг. Ийм байж болохгүй.

Г.БАЛГАРМАА

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Энхболд: ЭМДС одоо “Капитал” банкнаас 70 гаруй тэрбум төгрөгийн авлагатай DNN.mn

Эрүүл мэндийн сайд асан, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга С.Энхболдтой ярилцлаа


– Эрүүл мэндийн даатгалын сан Капитал банкнаас мөнгөө авах асуудал одоо юу болж байна вэ?

-Нийгмийн даатгалын сангаас 2018 онд Эрүүл мэндийн даатгалын сан тусдаа салсан. Тэгээд 2019 оноос хойш чөлөөт үлдэгдлийн мөнгө банкуудад байршиж эхэлсэн байдаг.Тэр үеэс л энэ асуудал үүссэн. Миний хувьд 2021 онд Эрүүл мэндийн сайдын алба хашсан. Салбарын сайд гэдэг өөрөө Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг ахалдаг. Тухайн үед арилжааны банкуудад байршуулсан мөнгөн дүн 130 гаруй тэрбум төгрөгийн асуудал яригдаж байсан. Харин хуулийн байгууллага ажиллаад 60 аад тэрбум нь төлөгдсөн. Одоо бол 70 гаруй тэрбум төгрөгийн авлагатай байгаа байх. Өнгөрсөн хугацаанд манай байгууллагын зүгээс бусад газартай хамтраад хураагдсан хөрөнгө, барилга, үл хөдлөх хөрөнгүүдийг борлуулах, дуудлага худалдаанд оруулах зэрэг ажлыг хийсэн. Бид аль болох хурдан хугацаанд энэ асуудлыг шийдэхийг зорьж байна. Гэвч зарим нэг барилгууд нь анхны үнэлгээнээсээ зөрөх зэрэг асуудлууд байгаа.

– Чөлөөт үлдэгдлээ дахин арилжааны банкуудад байршуулаад эхэлсэн юм уу?

-Нийгмийн даатгалын сан чөлөөт үлдэгдлээ тэгж зохицуулж байгаа юм шиг байна лээ. Харин одоо бол Эрүүл мэндийн даатгалын санд чөлөөт үлдэгдэл гэж байхгүй. Өвчлөлийг бид хязгаарлах боломжгүй шүү дээ.Тиймээс ч Эрүүл мэндийн даатгалын сан бол хязгаартай төсөвтэй хэрнээ хязгааргүй хэрэгцээтэй. Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогыг 2021 оноос хойш тогтмол нэмэгдүүлж явж байгаа. Жил бүрийн төсөв дээр 200300 тэрбум төгрөгийг нэмж суулгаж, ард иргэдэд тусламж үйлчилгээг илүү хүртээмжтэй, аль болох санхүүгийн дарамтгүй байлгах бодлогыг барьж байна. Тийм ч болохоор ЭМДСгийн энэ оны орлого хоёр их наяд, 500 тэрбум төгрөг, зарлага нь 2.290 их наяд байхаар батлагдсан. ЭМДЕГ гэдэг маань өөрөө улсын хэмжээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа гэрээтэй байгууллагуудаа санхүүжүүлж явдаг. Үүнд лавлагаа шатлалын 342 эмнэлэг, 1500 гаруй эмийн сан, анхан шатны тусламж үзүүлж байгаа сум болон өрхийн 552 байгууллагатай гэрээтэй ажилладаг.

Оны сүүлч болохоор дахиад санхүүжилт тасрах, мөнгөгүй болох эрсдэл гарахгүй гэх баталгаа бий юу?

-Ийм асуудал аль болох болох гаргахгүй байхыг л хичээж байна. Гэхдээ би түрүүн хязгаарай төсөвтэй ч хязгааргүй хэрэгцээтэй гэж хэлсэн. Гэнэтийн зүйл гарах юм бол улсаас санхүүжүүлээд явахаас өөр аргагүй шүү дээ.

Хувиараа ЭМД төлөх мөнгө нэмэгдсэн гэсэн шүүмжлэл явж байна. Хэд болсон юм бэ?

-Урьд нь нэг хувийн шимтгэл төлдөг байсныг энэ оны нэгдүгээр сард засгийн газрын хурлаар хоёр хувь болгосон. ингэж нэмэгдээд нэг хүн жилд 184 мянган төгрөгийг эМДС-д төлж байгаа. Гэвч манай зарим иргэд үүнийгээ төлдөггүй. Тэгж явж байгаад яг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ шаардлагатай болонгуут урьд өдөр нь очоод төлчихдөг. Тэгээд л маргаашнаас нь тусламжаа аваад явчихдаг. энэ бол үнэндээ байж боломгүй л зүйл. Даатгал төлж байгаа иргэд маань нийт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний 30 орчим хувийг авдаг. харин төрөөс дааж байгаа иргэдийнх болохоор 70 хувь. Сангийн зарцуулалт нь ийм л байдаг.

Хавдартай хүмүүсийн эмчилгээний зардлын мөнгө хасагдсан учраас  эмчилгээгээ авч чадахгүй байна гэдэг зүйл яригдаж байсан. Энэ юу болсон бэ?

ЭМДЕГ гэдэг маань иргэн даатгуулагчийг төлөөлсөн байгууллага. Нэг ёсондоо бид бүтээгдэхүүн худалдаж авдаг гэсэн үг. Тухайн өвчтөнд ийм эмчилгээ хийлээ гээд манай байгууллага руу нэхэмжлэл явуулдаг. Түүнийг нь бид хянаж үзээд санхүүжилтийг нь олгодог. Түүнээс эм, тарианы  нийлүүлтэд оролцдоггүй.

Даатгалаар олгодог эмүүдийн чанарын  асуудлыг иргэд байнга ярьдаг. Үүн дээр та юу хэлэх вэ?

чанар гэхээр олон зүйл яригдана. Нийтдээ найман хүчин зүйл байдаг. Энэ тухай би ноднин жилийн эмийн сонсгол дээр ч хэлж л байсан. хадгалалт, савлалт, тээвэрлэлт гээд иргэнд очтолоо найман үе шатыг дамждаг. Аль нэгэн дээр нь сандартын горим алдагдахаар чанарт нөлөөлдөг. Тийм болохоор Монгол Улсад орж ирж байгаа эм бүрийг чанаргүй гэж хэлж болохгүй. Мэдээж чанаргүй эм байгаа юу гэвэл байгаа. үүнийг илрүүлэхийн төлөө л явж байгаа. энэ хүрээнд засгийн газраас хэд хэдэн том ажил хийгээд явж байна. Ерөнхий сайд Солонгос улсад айлчлах үеэрээ тус улсаас эм оруулж ирэх талаарх уулзалтуудыг Ерөнхий сайд нарын  түвшинд хийсэн. Энэхүү ажлын хүрээнд Солонгос улсаас энэ оноос эхлэн нэг үүсгүүрийн эмүүд орж ирж байна. Аль болох хямд үнэтэй хэрнээ чанартай эмийг л ард иргэддээ нийлүүлэх бодлогыг засгийн газраас барьж байгаа. эрүүл мэндийн даатгалын сан дээр 2021 онд хөнгөлөлттэй эмийн төсөв гэж 38 тэрбум төгрөг тавигддаг байсан. Жил бүр нэмэгдсээр байгаад энэ жил 170 тэрбум төгрөг болсон байна. энэ бол иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэх,уртасгах зорилго барьж байгаагийн илрэл.

Танай байгууллагын зүгээс гэрээтэй эмийн сангууддаа шалгалт хийж, зөрчилтэй бол хариуцлага тооцдог уу?

ЭМДС жилдээ 1500 орчим эмийн сантай хөнгөлөлттэй эм олгох асуудлаар гэрээ хийж, хамтран ажилладаг. Улмаар жил бүр тухайн гэрээг нь дүгнэдэг. Өнгөрсөн 2024 оны эцсээр бид 70 гаруй эмийн сангийн гэрээг цуцалсан. Мөн энэ тооны эмийн сангуудыг түдгэлзүүлсэн. энэ мэтчилэн гэрээний хүрээнд шалгалт хийдэг. Дээрээс нь ноднин жилийн төгсгөлөөс эхлэн бид гаалиар орж ирж байгаа эмүүдийн мэдээллийг авдаг болсон. ингэснээрээ эмийн сангуудтайгаа мэдээллийг нь тулгах, үнийн дээд хязгаарыг тогтоох, үнэ хөөрөгдөхөөс сэргийлэх гээд олон талын ашиг тустай болж байгаа юм. Мөн энэ жил эмийн хяналтын лабораторийн маань тоног төхөөрөмж шинэчлэгдэж байгаа.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Дараалсан энэ олон баярын хөл доороос босч ирэхэд хэцүү болж байна” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы баасан  гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор Нансалмаагийн Эрдэнэхүү “Эмнэлэгт байгаа хүн болгоны цаана хайртай хэн нэгэн бий” гэснийг II нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

  • Улсын Их хурлын гишүүн Ч.Анар “Би УИХ-д сонгогдсон гэхээсээ илүүтэй томилогдсон гишүүн” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Дараалсан энэ олон баярын хөл доороос босч ирэхэд хэцүү болж байна” хэмээн өгүүллээ

  • Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, эдийн засагч Б.Энхбаяр “Шатахуунаар биеэ даахгүй бол намрын байдал ч хүндрэх магадлалтай” гэлээ.

ЦЕГ-ын дарга Т.Сүхболд: Цагдаагийн алба хаагч өмссөн хувцсаараа дарангуйлах биш, иргэн хүний хамгаалалт гэдгээ харуулах ёстой

Ноолуур  кг нь 150-160 мянган төгрөгийн үнэтэй байна

Ном ярьж өгье: “Өдөр бүр Питер Дракертай хамт”


 

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы  мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Элчин сайд Н.Энхболд: Бусад орны элчингүүд “Манай улс Хятадын хажууд Монгол шиг байршилтай, асар их баялагтай байсан бол…” гэж ярьдаг DNN.mn

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нямаагийн Энхболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Таны хувьд Хятад улсад Элчингээр томилогдоод хагас жилийн хугацаа өнгөрлөө. Юун түрүүнд танаас Элчин сайдын гол хийх ёстой ажил, үүрэг юу байдаг талаар асуумаар санагдлаа…?

-Дипломат алба, ажил гэдэг олон зуун жилийн түүхтэй, улс орнуудын харилцааны хамгийн чухал механизм. Манай улсын хувьд НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаа тогтоочихсон цөөхөн улсуудын нэг. Элчин сайдын үүрэг нь улс төр, дипломатын арга хэрэгслээр улс орныхоо аюулгүй байдлыг хангах, гадаад харилцаандаа таатай нөхцөлийг бүрдүүлэх, суугаа орныхоо талаар маш нарийн сайн мэдээлэлтэй байх, үүн дээрээ тулгуурлаад хоёр улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагаа яаж явагдахаар байгаа талаар мэдээлэл өгч ажиллах юм. Мэдээж тухайн улсад суугаа өөрийн улсын иргэд, эрх ашиг, аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хамгаалж ажиллах нь зүйн хэрэг. Товчхондоо Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар зэрэг шийдвэр гаргах түвшинд хэрэгтэй мэдээ мэдээлэл, санал боловсруулан бэлдэж танилцуулах үүрэгтэй.

-Томилогдож очоод үүрэгт ажилдаа ороод явж байхад тулгамдсан ямар асуудлууд байв. Нөгөөтэйгүүр хөрш орны хувьд таныг ямар байдлаар хүлээн авсан бол?

-Тэр болгон ил яриад байж болдоггүй зарим шалтгаанаас болоод айлчлал, уулзалтууд, хэрэгжиж байсан, хэрэгжихээр яригдаж байсан нэлээд төсөл, хөтөлбөрүүд удааширсан, түр зогссон байдалтай байсан шүү. Аливаа орон Элчин сайд томилохдоо анхаарах хэд хэдэн зүйл байдаг. Ямар хүн томилж байгаагаар нь хүлээн авагч орон харилцаандаа ямар ач холбогдол өгч байгааг дүгнэнэ.

Тухайлбал, намайг Хятадад очиход холбогдох албан тушаалтнууд, шийдвэр гаргагчид Монголын төрийн байгууллагад олон жил хариуцлагатай алба хашиж байсан хүн байна, Монгол Улс хоёр улсын харилцаанд илүү анхаарч байгаа юм байна гэж ярьж хүлээн авсан. Тэгэхээр гадаад орчинд иймэрхүү сэтгэгдэл төрүүлэх нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй явагдах, ажил явуулахад таатай нэг суурь болдог.

-Элчин сайдаар очсон хүн болгон тухайн улсын төрийн тэргүүнд итгэмжлэх жуух бичгээ гардуулан өгдөг. Энэ утгаараа таны хувьд Хятад улсын төрийн тэргүүн Си Жиньпинтэй уулзсан байх. Уулзалтын үеэр юу ярилцав. Тэр болгон Элчин сайд нартай онцлон уулзаж, яриа хэлэлцээр өрнүүлдэггүй гэж сонссон…?

-Өнгөрсөн оны наймдугаар сарын 26-нд би очсон. Улмаар дараа өдөр нь итгэмжлэх жуухын хуулбараа ГХЯ-д барьж, үндсэндээ ажилдаа орсон. 2024 оны арванхоёрдугаар сарын 12-нд БНХАУ-ын дарга Си Жиньпинд итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан. Таны хэлдгээр ер нь бол томилогдож очсон Элчин сайд нараас төрийн тэргүүн нь жуух бичгийг нь хүлээн аваад гар барьж, дурсгалын зураг татуулаад л дуусдаг дэгтэй юм билээ. Харин надад хандаж юм хэлсэн шүү. Mөнхийн хөрш орнууд, харилцаандаа чухал ач холбогдол өгдөг гэдгээ илэрхийлсэн, анхаарал хандууллаа гэж бодож талархаж хүлээн авсан. Нөгөөтэйгүүр энэ цаг үед Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа илүү идэвхтэй явах учиртайг уг үйлдлээрээ харуулсан болов уу гэж ойлгосон.

-Монгол Улсын гадаад бодлого, гадаад харилцаа сүүлийн жилүүдэд нэлээд эрчимтэй явагдаж байгааг дотоод төдийгүй олон улсын судлаачид хэлж, бичиж байна. Жишээ нь, урд хөрштэйгөө төрийн өндөр дээд түвшний харилцан айлчлалуудыг ойр ойрхон хийлээ. Та Элчин сайдынхаа хувьд эдгээр айлчлалуудын ач холбогдлыг юу гэж харж байгаа вэ?

-Аливаа улсын гадаад харилцаа гэдэг зөвхөн тухайн улсын дан ганц өөрийнх нь бодол хүслээс хамаардаг зүйл огт биш. Манайх тухайн улстай ямар байдлаар харилцах вэ, харилцаж байгаа улс нь манайхаас өөр орнуудтай ямар харилцаатай байдаг гэдгийг хүртэл олон талаас нь бодож байж тодорхой үйл ажиллагаа явуулах ёстой. Нөгөөтэйгүүр Монгол шиг далайд гарцгүй, дэлхийн бодлогыг тодорхойлогч хоёр том гүрний дунд оршдог, өөр ямар ч улстай хиллэдэггүй улс өөр хаана ч байхгүй. Гэтэл Монгол Улс юу хүснэ түүнийг нь бусад улс орнууд хүлээн зөвшөөрөх ёстой юм шиг боддог хүмүүс байдаг. Үнэндээ гадаад харилцаа гэдэг ёстой нөгөө олон үл мэдэгдэгчтэй бодлогын асуудал. Урд хөрштэйгөө бид ямар чиглэлээр яаж харилцах вэ, түүнийг хойд хөрш, бусад орнууд яаж хүлээж авахаар байна гэх мэтээр олон талын өнцгөөс бодож байж харилцаанд ордог. Өөрөөр хэлбэл, гадаад харилцаа гэдэг бол шатрын нүүдэлтэй адил. Хэн хэдэн нүүдлийн цаадахыг харж байна тэр нь хождог, аюулгүй байдал, тусгаар тогтнолоо баталгаажуулдаг ийм л талбар.

-Харилцаатай холбоотой асуудлыг та ярилаа. Ер нь Хятад улсын хувьд сүүлийн жилүүдэд эдийн засаг, гадаад хамтын ажиллагаа нь асар хурдацтай хөгжиж байгаа. Тэгвэл хөршийнхөө энэхүү хурдацтай хөгжлийг бид яаж боломж болгон дотооддоо шингээх ёстой вэ?

-Манай улсын хувьд Хятад улсаас импорт, экспорт, эдийн засгийн өндөр хамааралтай. Үүнийг хүн болгон л мэддэг. Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын 70-аас их хувь нь Хятад улстай холбоотой. Нөгөөтэйгүүр Хятадын тал нэг зүйлийг хэлдэг. Тэр нь “Бид энхтайванч улс. Манай улсын хөгжил түргэн байна. Цаашдаа ч илүү хурдан хөгжинө. Бүс нутгийн болон хөрш, хил залгаа улсуудтайгаа хамтдаа хөгжих бодлого барьж байна. Тиймээс Монгол Улсын хувьд ч энэхүү боломжийг ашиглаасай” гэдэг. Миний хувьд Хятад, Пакистанаас гадна Бээжинд суугаа 103 орны хавсран суугаа Элчин сайдтай харилцаж, ажилладаг. Тэр хүмүүс бас нэг зүйлийг хэлж байна. Юу гэхээр “Танай улс чинь газар зүйн хувьд маш ашигтай байршилтай. Энэ боломж эдийн засгийн хөгжил, нэг хүнд ногдох ДНБ-д яаж нөлөөлж байна” гэж асуудаг. Хариуд нь манайх нэг ийм түвшинд байна гэхээр тэр хүмүүс бүр гайхдаг. Асар их баялагтай, эдийн засгаа өсгөх маш их боломжтой, дээрээс нь хамгийн том давуу тал болох эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд манлайлагч Хятад улс хажууд чинь байхад Монгол Улсын эдийн засаг, хөгжил яагаад ийм байна вэ гэж бүгд асуудаг. Зарим нь ч “Манай улс Монгол шиг ийм байршилтай, асар их баялагтай байсан бол…” гэж атаархаж ярьдаг. Ингэхээр нь миний хувьд “Монголын хувьд улс төрийн нөхцөл байдал, хүн амын тоо, зах зээлийн багтаамж, уур амьсгал, соёлын онцлог нь ийм” гэсэн тайлбар хэлнэ. Тэд танайх дотоод, гадаад боломжуудаа маш сайн ашигламаар юм гэнэ. Нээрээ ч Монгол Улсад асар олон боломж бий. Түүнийгээ л бид цаг тухай бүрд нь маш зөв ашиглах л ёстой байгаа юм. Хятад улсын хөгжил цаашид илүү хурдацтай болоход хэрэгтэй зүйл манайд байна. Эсрэгээрээ манай хөгжилд шаардлагатай хөрөнгө оруулалтын чадавх, үйлдвэрлэл, тоног төхөөрөмж, ноу-хау Хятадын талд байна. Энэ талаас нь асуудалд хандаж, харилцаагаа илүү эрчимтэй явуулж байвал хөрш орныхоо хурдацтай хөгжлийг боломж болгон ашиглах давуу тал манай улсад бий.

-Түрүүн танаас айлчлалын талаар асуусан. Хоёулаа харилцаа, боломжийн талаар яриад холдчих шиг боллоо. Дахиад асуухад Ерөнхий сайд, УИХ-ын даргын айлчлалын ач холбогдлыг та хувьдаа юу гэж дүгнэж байна вэ?

-Намайг Элчин сайдаар томилогдон очсоноос хойш Ерөнхий сайд Хятад улсад 3 удаагийн айлчлал мөн 1 удаа өндөр түвшний уулзалт хийээ. Хятад улсын Ерөнхий сайд болон Гадаад харилцааны сайдтай яриа хэлэлцээ хийж тодорхой том хэлэлцээрүүдийг шийдвэрлэлээ. УИХ-ын дарга айлчиллаа. Энэ есдүгээр сард болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч оролцоно. Төрийн гурван дээд албан тушаалтан жил хүрэхгүй хугацаанд урд хөршдөө айлчилж байгаа нь хоёр улсын улс төрийн харилцааны өндөр түвшинг харуулж байна. Ер нь улс төрийн харилцаа сайн бол эрчимтэй, тогтмол харилцан ашигтай хамтын ажиллагаа хүрээгээ тэлдэг, тухайн улсын эдийн засаг, экспорт, импорт эрс өсдөг. Өөрөөр хэлбэл, төрийн өндөр дээд түвшний айлчлал итгэлцлийг бэхжүүлж хоёр улсын хоорондох эдийн засаг, бүх салбарын хамтын ажиллагааны үүд, хаалгыг нээж өгдгөөрөө ач холбогдолтой. Ерөнхий сайдын айлчлалын хувьд сая Харбинд болсон уулзалтаар Гашуунсухайт-Ганц мод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээрт гэрээнд гарын үсэг зурсан. Удахгүй үүний үндсэн дээр аж ахуйн нэгжүүд гэрээгээ байгуулж бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж байна. Ер нь манай удирдлагууд айлчлал, уулзалт бүрээрээ аль нэг асуудлаа Хятадын талтай хамтран шийдвэрлэж байгаа нь нэн чухал практик болж байна.

-Хил холболтын төмөр замын ажил удахгүй эхэлнэ гэлээ. Хятадын талаас хийх ёстой ажлаа цаг тухай бүрд хийгээд явах нь тодорхой биз. Харин манайх дотооддоо энэхүү ажлыг цаг тухай бүрд нь хийж чадах болов уу?

-Алдаа гаргадаггүй хүн битгий хэл улс ч байхгүй. Бид ч адил. Гол нь маш сайн дүгнэлт хийж алдаагаа давтахгүй байх хэрэгтэй биз дээ. Хийсэн ч байх гэж боддог. Амласнаасаа буцаж, хөрш орондоо итгэлцлийн хувьд үнэлгээ алдаж байсан удаа цөөнгүй байгаа. Алдаж болох ч гаргасан алдаагаа засах хэцүүг энэхүү хил холболтын төмөр замын хэлэлцээрээс харж болохоор байна. Хамтарсан Засгийн газрын тэргүүн энэ асуудлаар Хятад улсад 3-4 удаа айлчилж байж, 16 жил гацсан төмөр зам, экспортын асуудлыг шийдлээ. Ингэхдээ өмнө нь хийж байсан гэрээг Засгийн газар хоорондын гэрээ болгон өөрчлөөд илүү баталгаатай түвшинд асуудлыг шийдлээ. Шийдвэр эцэслэгдэхээс өмнө хоёр талын хувьд маш олон асуудлыг ярьсан. Жишээ нь Ганц мод, Гашуунсухайт дээр танай талтай гэрээ байгуулаад хил хүртлээ төмөр замаа барьсан. Харамсалтай нь танайх гэрээнийхээ дагуу ажлаа явуулаагүй. Үүнээс болоод манай улс эдийн засаг, хөрөнгө мөнгөний хохирол амссан гэдгээ Хятадын тал хэлж байсан. Тэгэхээр ганц манайх ч боломжоо алдсан юм биш. Хятадын тал ч энэ олон жил олох байсан ашгаа алдсан. Иймэрхүү ам асуусан, алдааг сануулсан олон уулзалтын дараа аль аль тал нь буулт хийж, цаашид урт хугацаанд харилцан ашигтай байхаар асуудлыг цогц байдлаар шийдсэн нь бидэнд том боломж гэж харж байна. Тиймээс бид дахин энэ итгэлцлийг алдахгүйн төлөө хичээх хэрэгтэй. Хэрэв энэ ажил гацаж ямар нэгэн байдлаар зогсвол дахин иймэрхүү том төсөл, хамтын ажиллагаа гэж ярихад хүндрэлтэй болно гэдгийг бид бүх шатандаа анхаарах ёстой болж байна.

-Сүүлд танаас олон улсын нөхцөл байдалтай холбоотой, тэр дундаа АНУ болон Хятад улсын хоорон дахь худалдааны “дайн”-ы талаар асууя. Трамп дахин Ерөнхийлөгч болсноор Хятад АНУ-ын худалдааны дайн хурцдах шинжтэй болж ирлээ гэдгийг шинжээчид хэлж байна. Энэ дайн биднээс үл хамаарч явах нь тодорхой. Гол зүйл нь Хятадын эдийн засагт яаж нөлөөлөх вэ, улмаар энэ нөлөөлөл нь Монгол Улсад яаж тусахаар байгааг та улстөрчийнхөө хувьд юу гэж харж байна вэ?

-Гадна ертөнцтэй, бусад улс орнуудтай харьцалгүй, бие даагаад хөгждөг улс гэж дэлхийд нэг ч байхгүй. Том гүрнүүдийн зөрчилдөөнөөс болоод дэлхий амаргүй байгаа ч гэсэн тэд ч ялгаагүй бусад улстай харилцаж байж хөгжиж байгаа нь үнэн. Хөмөрсөн тогоон дотрооо хөгжсөн нэг ч улс байхгуй, бүгд бие биенээсээ хамааралтай. Энэ байдлаар нь ойлговол Хятад, АНУ-ын хоорондох зөрчилдөөн, сөргөлдөөн, худалдааны “дайн” манайд ч ямар нэгэн хэмжээгээр сөргөөр нөлөөлж таарна, санаа зовох зүйл гарч ирнэ гэсэн үг. Уг зөрчилдөөнөөс болоод хоёр хөршийн эдийн засаг хүндэрвэл Монголынх ч ялгаагүй хүндэрнэ. Тэгэхээр нэг улсын бодлого гэдэг дан ганц өөрийнх нь хүслээр явдаг зүйл гэж байхгүй. Биднээс үл шалтгаалах сөрөг нөлөөллүүд гадаад орчинд олон бий. Тиймээс бид гадаад харилцаандаа аль болох харилцан ашигтай байх, олон тулгуурт бодлого барьж, хэдэн нүүдлийн цаадахыг харж бодлогоо тодорхойлж үйл ажиллагаа явуулах нь чухал болоод байна.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Эм үйлдвэрлэгч компаниас тогтоосон хугацаанд эмийн нийлүүлэлт хийгээгүй учраас хавдартай хүүхдүүдийн эмчилгээний тариа тасарсан гэв DNN.mn

Хавдартай хүүхдүүдийн эмчилгээний эм тариа тасарсны улмаас эмчилгээ нь зогссон гэх иргэний мэдээллийн дагуу бид холбогдох байгууллага болон гомдол мэдээлэл өгсөн иргэнээс нөхцөл байдлын талаар тодруулсан юм.

Сонгинохайрхан дүүргийн оршин суугч Ө “Хамаатны маань дүү жил орчим хугацаанд хавдрын эмчилгээ хийлгэж байна. Энэ хугацаанд тариа нь тасарснаас болоод 2-3 удаа эмчилгээ нь хойшилсон. Хавдар гэдэг чинь хурдан хугацаанд эмчлэгддэг өвчин биш болохоор олон давтамжтай эмчилгээ хийдэг. Эмчилгээ нь 2-3 жил үргэлжилдэг юм. Хүүхдийн хавдрын эмчилгээний эм тариаг нийгмийн даатгалаар улсын эмнэлгээс үнэгүй өгдөг. Хэрэв тариа нь тасарчихсан байвал тариагаа хүлээгээд эмчилгээ нь долоо хоногоор хойшилдог. Хэрэв тариа нь ирчихвэл хувийн эмнэлэг, эсвэл эмийн сангаас худалдаж аваад хийдэг. Уг нь схемээр, яг хугацаанд нь эмчилгээгээ хийх ёстой. Хүүхдийнхээ эмчилгээг тасалдуулахгүйн тулд аргагүйн эрхэнд л худалдаж авч байгаа шүү дээ.

Хавдрын эмчилгээ чинь ямар үнэтэй байдаг билээ. Нэг тариа нь гэхэд 40 мянган төгрөг.

Хавдрын эмүүдээ импортоор оруулж ирэхдээ эхлээд гэрээтэй эмийн сангууддаа өгчихдөг гэж сонссон. Эцэг эхчүүд эмийн сангаас тариагаа худалдаж авсны дараа эмнэлгүүддээ өгч байна гэсэн. Гэхдээ энэ зовлонг гэрт нь хавдартай хүн байдаг айлууд бүгд л мэднэ дээ. Хүүхэд гэлтгүй том хүний тариа ч гэсэн улсын хэмжээгээр тасарсан. Үүнээс болоод зарим эцэг, эхчүүд хавдрын эмчилгээ хийх явцдаа эм нь тасарчихдаг болохоор Монголдоо хийлгэх эмчилгээг гадагшаа явж хийлгээд байгаа. Яагаад гэвэл эм тарианы тасалдал байхгүй, найдвартай болохоор тэр. Түүнээс хийж байгаа эмчилгээ нь Турк, Солонгостой манайх адилхан шүү дээ” гэсэн юм.

Тухайн иргэний өгч буй мэдээллээр “Месна” нэртэй цагаан эс өсгөдөг тариа тасарсанаас болоод эмчилгээ зогсчээ. Энэ тариа яагаад тасарсан болон хэзээ импортоор оруулж ирэх талаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас тодруулсан юм. Тус байгууллагын мэргэжилтэн “Үйлдвэрлэгчээс тогтоосон хугацаанд нийлүүлэлт хийгдээгүй учраас тухайн эм тасарсан. “Азифарма” ХХК нь БНСУ-ын Chong Kun Dang Pharmaceutical Corp үйлдвэрлэгчийн ОУН- Микофенолат мофетил ХН- Майрепт 500 мг эмийг 2025.03.15-нд зах зээлд хэвийн нийлүүлнэ гэсэн мэдээлэл өгсөн.

Нийт 150 хайрцаг буюу 150,000 ширхэг эм бэлэн ирж байгаа. Манайхаас 2025.02.13-ны өдөр мэдээлэл авахад Азифарма ХХК 2025.02.28-нд бууна гэсэн мэдээлэл өгсөн боловч үйлдвэрлэлээс шалтгаалан хугацаа хоцорсон. “Месна” эмийг Цомбо ХХК нь импортолдог. Тухайн эм 2025.03.12-ны 10:25 цагт Инчеон Монголын онгоцоор манай улсад бууна” гэсэн мэдээлэл өглөө.

Г.БАЛГАРМАА

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Базарваань: Польшийн хөрөнгө оруулагчид Монголын уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах өргөн боломжтой DNN.mn

Стратеги судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач, доктор Г.Базарвааньтай ярилцлаа.


-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх өдрүүдэд БНПУ-д төрийн айлчлал хийнэ. Монгол, Польш улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой энэ онд тохиож байна. Хоёр улсын харилцааны түүхэн замналаас эхлээд сонирхуулахгүй юу?

-БНПУ бол манай “Гуравдагч хөрш”. Тус улс бүр хоёр туйлт систем, хүйтэн дайны үед ч социалист лагерийн манай “гуравдагч хөрш” байсан гэхэд хилсдэхгүй. Тухайлбал, БНПУ-ын тусламжаар Дарханы царууц тоосго, шохойн үйлдвэр, хөнгөн бетоны үйлдвэр, мод боловсруулах комбинат, спиртийн үйлдвэр, нэхээсгүй эдлэлийн үйлдвэр зэргийг барьж, байгуулсан байдаг.

Түүхийн эх сурвалжаас үзэхэд, Ромын Папын элч Жиованни да Пиан дел Карпинитай хамт Польшийн санваартан Бенедикт Полак 1246 онд Хар Хорумд ирж, Их Хаан Гүегт бараалхаж байсан байдаг. Тэрээр энэхүү аяллынхаа талаар 1247 онд “Францискийн лам нар Тартарууд руу аялсан нь” (лат. De Itinere Fratrum Minorum ad Tarta­ros) тэмдэглэл үлдээсэн байдаг. Бенедикт Полакийн тэмдэглэл Монголын Эзэнт гүрний тухай болон Их хааны Ромын Папад илгээсэн захидлыг оруулснаараа түүхэн ач холбогдолтой эх сурвалж болдог. Орчин цагийн харилцааг авч үзвэл хоёр улсын хооронд 1950 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр дипломат харилцаа тогтоож, эдгээр өдрүүдэд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэж байна. Эл хугацаанд талууд улс төр, эдийн засаг, боловсрол, соёл зэрэг олон чиглэлд хамтран ажилласаар ирсэн. Сүүлийн жилүүдэд худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэж, хамтын ажиллагаа шинэ шатанд гарч байна. Аливаа хоёр улсын харилцаа өргөжихөд улс төрийн итгэлцэл нэн чухал байдаг. Хоёр жилийн өмнө буюу 2023 онд БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда Монгол Улсад төрийн айлчлал хийж, хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцс

Энэ үеэр эдийн засаг, дэд бүтэц, боловсролын салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх олон чухал хэлэлцээр хийсэн. Энэ онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Польш Улсад хийх төрийн айлчлал энэхүү идэвхтэй улс төрийн харилцааг үргэлжлүүлж, хамтын ажиллагааны шинэ боломжийг нээх чухал үйл явдал болно хэмээн дүгнэж байна.

Эдгээр айлчлал хоёр улсын харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд түлхэц болох юм.

-Та сая улс төр, эдийн засаг, боловсрол, соёл зэрэг салбарт харилцаж ирсэн хэмээн онцоллоо. Одоогийн байдлаар хоёр улсын худалдааны хамтын ажиллагаа ямар түвшинд байна вэ?

-Өмнө нь дурдсанчлан БНПУ манай чухал “Гуравдагч хөрш”, түншийн нэг. Түүнчлэн Европын Холбоо болон тус бүс нутгийн интеграцид Монгол Улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд Польшийн үүрэг, дэмжлэг чухал ач холбогдолтой. Манай Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд өндөр хөгжилтэй ардчилсан улсуудтай улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарт хоёр болон олон талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлнэ” хэмээн заасан байдаг. Гэхдээ энэ нь хамтын ажиллагааг дурдсан салбараар хязгаарлана гэсэн үг огт биш. Бид хоёр талын хамтын ажиллагааг эдгээр салбарт суурилж хөгжүүлэхийн зэрэгцээ бүхий л салбарт, бүхий л түвшний хамтын ажиллагааг өрнүүлэх боломжтой. Энэ бол манай бүрэн эрхт байдлын асуудал мөн. Үүнийг Гадаад бодлогын үзэл баримтлалдаа “АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг өрнө, дорнын улс, холбоотой “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх” хэмээн тодотгосон байдаг.

БНПУ дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ Европын Холбооны зургаа дахь том, өндөр орлоготой хөгжиж буй зах зээл. Тус улсын эдийн засгийг хямралд тэсвэртэй, аж үйлдвэрлэлийн чадавхтай, дотоодын томоохон зах зээлтэй хэмээн тодорхойлдог. Польшийн эдийн засаг, ДНБ-ий нэмүү өртгийн 65 орчим хувийг үйлчилгээний салбар бүрдүүлдэг төдийгүй ажиллах хүчний хамгийн их хувийг ажиллуулдаг. Аж үйлдвэрийн салбар нь ДНБ-ий 34.2 орчим хувийг бүрдүүлж, ажиллах хүчний 36 хувийг ажиллуулдаг. Түүнчлэн хөдөө аж ахуйн салбар 3.9 хувийг бүрдүүлж байна. Ийм төрөлжилт тус улсын эдийн засгийн тогтвортой байдалд хувь нэмэр оруулдаг. Мөн нэрлэсэн ДНБ-ээр 2025 онд дэлхийд 21 дүгээр байрт эрэмбэлэгдэж буй.

Манай хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тухайд хөдөө аж ахуй, уул уурхай, дэд бүтцийн салбар дахь хамтын ажиллагаа өргөжиж байна. Худалдааны нийт эргэлт өнгөрсөн оны байдлаар 50 гаруй сая ам.долларт хүрсэн. Монгол Улс Европын Холбооны Хөнгөлөлтийн ерөнхий схемд хамрагдсан байдаг. Үүгээр Монгол Улс 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг ЕХ-ны гишүүн улсуудад хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэх боломжтой байдаг. Гэвч энэхүү боломжийг бүрэн ашиглаж чадахгүй хэвээр байна. Үүний хамгийн том саад бол дэд бүтэц, тээвэр логистикийн асуудал. Өрнө-Дорныг холбох агаар-хуурай замын магистрал сүлжээний төв болох “Монгол мөрөөдөл” хөрш орнууд болон “Гуравдагч хөрш”-үүдийн геополитикийн сөргөлдөөн болон стратегийн өрсөлдөөний талбарт замхарч, манай холболтын үүд хаалгыг хаахад хүрч болзошгүй байна. Энэ нь ЕХ-ны гишүүн улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд нэн бэрхшээлтэй болгох хүчин зүйл юм.

Монгол Улс далайд гарцгүй газарзүй, далайн боомтуудаас хол зайд оршдог тул экспортын орлогынхоо өндөр хувийг тээвэрлэлтэд зарцуулахад хүргэж байгаа. Энэ нь дэлхийд өрсөлдөх манай экспортын чадавхыг хязгаарлах үндсэн шалтгаан төдийгүй худалдааны түншээ сонгож, харилцахад хөрш улсууд хатуу хязгаарлалт тавьж ирсэнтэй мөн холбоотой. Түүнчлэн өмнө дурдсан хөрш болон “Гуравдагч хөрш”-үүдийн сөргөлдөөн Өрнө-Дорныг холбох тээврийн сүлжээ геополитикийн мөргөлдөөнтэй энэ үед улам бүдгэрч болзошгүй байна.

Мөн гаалийн зохицуулалт, бараа, бүтээгдэхүүний стандартын асуудал бий. Эдгээр асуудлыг шийдвэрлэх явдал манай эдийн засаг, хамтын ажиллагаанд нэн чухал. Гэхдээ эдийн засгийн хөгжлийн асуудлыг дан ганц дэд бүтцийн холболтоор хязгаарлах нь учир дутагдалтай. Эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх өөр нэг суваг бол хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, технологийг нутагшуулах боломж бий. Энэ талаарх манай эрх зүйн орчинд багагүй ахиц гарч байгаа гэж харж байна. Үүнийг улам сайжруулж, хамтын ажиллагааны шинэ сувгийг бий болгож болно хэмээн бодож байна.

-Польшийн эдийн засгийн чадавх Монголын эдийн засагт ач холбогдолтой байх боломж бий юу?

-Харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өндөр түвшний айлчлал нэн чухал байдаг. Иймд энэ удаагийн айлчлалаар Польшийн хөрөнгө оруулалт, технологийг татах, үйлчилгээний салбарын ололтыг нэвтрүүлэх, соёл боловсролын харилцааг нэмэгдүүлэхэд анхаарах байх. БНПУ Европын Холбооны хамгийн хурдацтай өсөж буй эдийн засагтай улсын нэг. Дэвшилтэт технологи, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбарт өндөр хөгжсөн. Түүнчлэн хөдөө аж ахуйн машин, эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, хүнсний үйлдвэрлэл зэрэг салбарт хүчирхэг тул Монголын хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт орчин үеийн технологи, тоног төхөөрөмж нийлүүлэх боломжтой. Монголын хувьд Польшийн технологи, дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбар дахь туршлагыг ашиглах явдал чухал ач холбогдолтой. Мөн Польшийн хөрөнгө оруулагчид Монголын уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах өргөн боломжтой. Товчдоо Польшийн эдийн засгийн хөгжил, технологийн дэвшил, Европын Холбоонд эзлэх байр суурьд тулгуурлаж худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, боловсрол, хүний нөөцийн хөгжлийн чиглэлээр үр өгөөжтэй хамтын ажиллагаа өрнүүлэх боломжийг эрэлхийлэх нь зүйтэй.

-Улс төрийн харилцааны хувьд Монгол, Польшийн хамтын ажиллагааны гол чиглэлүүд юу вэ?

-Улс төрийн харилцааны хувьд Монгол, Польш олон улсын тавцанд ижил төстэй зарчим баримталж, ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёсыг эрхэмлэдэг. Хоёр улс НҮБ, ЕАБХАБ зэрэг олон улсын байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж байна. Монгол Улс Европын Холбоотой харилцаагаа өргөжүүлэхэд Польшийн дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэх боломжтой. Учир нь энэ оны нэгдүгээр сараас тус улс ЕХ-ны Зөвлөлийг даргална. БНПУ Зөвлөлийг даргалах хугацаандаа “Хүчирхэг, аюулгүй; цэцэглэн хөгжсөн, өрсөлдөх чадвартай; эрх чөлөөт, нээлттэй, ардчилсан Европ”-ыг цогцлоох зорилтыг дэвшүүлээд байна. Энэ хүрээнд Монгол Улс Польшийн улс төрийн дэмжлэгтэйгээр ЕХ-ны санхүүжилт, хөнгөлөлттэй зээл, хөгжлийн хөтөлбөрүүдэд хамрагдах боломжийг эрэлхийлэх нь зөв. БНПУ болон ЕХ-той “стратегийн түншлэл”-ийг хөгжүүлэх манай “Гуравдагч хөрш”-ийн бодлогод эдүгээ нэн чухал байна. Иймд цаашид хоёр улс илүү идэвхтэй хамтран ажиллаж, харилцаагаа стратегийн түвшинд гаргах нь чухал.

-Ирээдүйд Монгол, Польшийн харилцаа хэрхэн өргөжих боломжтой гэж та бодож байна вэ?

-Ойрын жилүүдэд хоёр орны хоорондын эдийн засгийн хамтын ажиллагаа улам өргөжиж, Польшийн компаниуд Монголд илүү их хөрөнгө оруулалт хийх таатай нөхцөлийг бүрдүүлэх, итгэлцлийг бэхжүүлэхэд онцгой анхаарах нь зөв. Мөн соёл, боловсролын салбарт илүү ойртож, технологи, инновацын чиглэлээр хамтран ажиллах боломж улам бүр нэмэгдэж байна хэмээн бодож байна.

М.Мөнхцэцэг

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Сиддхартаас Будда, Чингис хаанаас Очирваань” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Элчин сайд Н.Энхболд “Бусад орны элчингүүд “Манай улс Хятадын хажууд Монгол шигбайршилтай, асар их баялагтай байсан бол…” гэж ярьдаг” гэв.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл  нийтлэгдлээ.

  • Эрүүл мэндийн сайд асан , Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга С.Энхболд “ЭМДС одоо Капитал банкнаас 70 гаруй тэрбум төгрөгийн авлагатай” хэмээн ярилаа.
  •  “Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбоо” ТББ-ын тэргүүн П.Ганцоож “Хотын даргын гаргасан шийдвэр бизнес эрхлэгчдийг сөхрүүлж байна” гэв

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Сиддхартаас Будда, Чингис хаанаас Очирваань” нийтлэл хэвлэгдлээ.

Засгийн газар: Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэхгүй

ДЭЛХИЙ МЭДЭЭ: Владимир Зеленский: Бид үүнийг хийхэд бэлэн байна

  • Авто тээврийн хэрэгслийн албан татвар 3-5 дахин нэмэгджээ

 

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв  гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Туваан: Дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа газрын ховор элементийг улстөржүүлбэл бид энэ салбараас хоцрогдоно DNN.mn

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваантай цаг үеийн асуудлаар ярилцлаа


Уул уурхай хүнд үйлдвэрийн яам  яам нэрээ солиод Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам боллоо. Мөн хамтарсан Засгийнгазар байгуулагдаж, тус салбарыг сөрөг хүчин буюу АН-д хариуцуулсан. Том зургаараа бодлого, удирдлага шинэчлэгдлээ гэж ойлгож байна. Таны хувьд энэ салбарыг ха- риуцаад бодлогын ямар ажлууд хийж байна вэ ?

– Аж үйлдвэр гэдэг үг урднь байгаагаас энэ салбарт нэн түрүүнд ямар бодлого барьж, аль чиглэлээ эхэлж хөгжүүлэх вэ гэдэг нь тодорхой харагдах байх. Тэгэхээр аж үйлдвэрийн салбарт хийгдэх хамгийн эхний ажлууд эрх зүйн орчныг өөрчлөх, шинэчлэх. Өөрөөр хэлбэл Үйлдвэр технологийн паркийн тухай хууль буюу уул уурхайн түүхий эдийг баяжуулаад, эсвэл хүдэр хэлбэрээр нь гаргадаг биш, эцсийн бүтээгдэхүүн болгон гаргах бодлого барьж ажиллаж байна гэсэн үг.Тухайлбал, катодын зэсийгхийлээ үүнээс аж ахуйн нэгжүүд авч, зэс халбага, аяга, цахилгааны утас, цэвэр усны зэс хоолойгоо хийчихдэг байх. Энэ үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилго руу бодлого чиглэж байна.  Төмөр дээр жишээ хэлье. Бидэнд өнөөдөр төмрийн хүдэр нь байна. Коксжих нүүрс нь ч бий. Гэтэл яагаад монголчууд ган хийж болдоггүй юм бэ. Яагаад бид гаргасан баяжмалаа буцааж авахдаа асар өндөр үнээр авах ёстой гэж. Өөрөөр хэлбэл бидний гаргасан баяжмал халбага, утас гэх зэрэг бүтээгдэхүүн болж буцаж ирэхдээ арав дахин илүү үнэтэй байна. Үүнийг энэ үнээр нь авах тоолонд Монголын валют гадагшаа урсаж байдаг. Тэгэхээр бид үүнийг багасгая, энэ үйлдвэрлэлээ дотооддоо хөгжүүлье гэдэг том бодлогыг нэн тэргүүнд барьж ажиллаж байна. Энэ ч утгаараа салбар яамны нэршил солигдсон гэж ойлгох хэрэгтэй.

Сүүлийн үед дэлхий дахинд газрын ховор элементийг ашиглах,импортоор худалдан авах эрэлт хэрэгцээ хурдтай өсөж байна. Манайд энэ төрлийн ашигт малтмалын орд газрууд нэлээд бий. Салбарын сайдын хувьд дэлхийн анхаарлын төвд орсон энэхүү баялгийг Монгол Улс яаж ашиглах ёстой гэж үзэж байгаа вэ?

– Сайдын ажлыг аваад долоон сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд олон улсад болсон уул уурхайн томоохон арга хэмжээнд оролцлоо. Нэг зүйл маш тодорхой харагдлаа. Дэлхий дахинд том шилжилт өрнөсөөр байна. Ямар гэхээр эрчим хүчний ногоон шилжилт. Өөрөөр хэлбэл эрчим хүчийг дан ганц нүүрснээс гаргадаг биш, сэргээгдэх эрчим хүч, үүнээс гаргасан энергиэ баттерейнд хуримтлуулан ашиглаж байна.Үүний хажугаар цахим технологи асар хурдтай хөгжиж байна. Эдгээр шилжилтүүд дотор яригдаж байгаа гол анхаарах зүйл нь критикал минерал гэдэг ойлголт байгаа юм. Манайхан зарим үед  үүнийг чухал ашигт малтмал гэж ярьдаг.

Критикал минерал дотроо газрын ховор элемент нь багтаж явдаг биз дээ…?

-Тийм. Нэг жишээ хэлэхэд Австрали улс 26 критикал минералыг баталдаг. Үүн дотор найман газрын ховор элементийг оруулсан байх жишээтэй. Мэдээж газрын ховор элемент дотроо дахиад задраад явна. Саяхан миний хувьд Канадад болсон олон улсын уул уурхайн хамгийн том үзэсгэлэнд буюу “PDAC”-д оролцоод ирлээ. Энэхүү хурлын үеэр яригдаж байгаа сэдвийн 60 гаруй хувь нь ерөөсөө критикал минерал. Тэр дотроо газрын ховор элементийг ярьж байна. Энэ утгаараа Монгол Улс өмнөх том төслүүд шигээ энэ асуудлаар улс төржөөд, талцаад маргаад байвал дэлхийн шилжилт, хөгжлөөс хэдэн арван жилээр хоцрох эрсдэлтэй байгааг нуулгүй хэлье. Хоцрохгүйн тулд бидэнд ердөө 3-4 жил л байна. Сая хэллээ дахиад энэ асуудал дээр өмнөх шигээ улс төржөөд явбал энэ салбарыг бүрмөсөн мартах аюул Монголд байгаа шүү. Сая “элдэв эрдэнэт” хэмээх могой жил гарлаа. Би хувьдаа “критикал минерал, тэр дундаа газрын ховор элементээ ашиглах, асуудал нь шийдэгдсэн жил болоосой гэж хүсэж байна.

Газрын ховор элементээ ашиглах, олон нийтэд танигдсан орд газар нь Халзанбүрэгтэй. Гэтэл тус орд газрын асуудал орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, ажил явахад тодорхой бэрхшээлүүд гарч байна. Өөрөөр хэлбэл дэлхий дахинд анхаарч байгаа  тасуудлыг манайх дотооддоо эсэргүүцэж байна. Зарим иргэдийн энэхүү эсэргүүцэл, буруу ойлголтыг яаж засах ёстой вэ. Салбарын сайдын хувьд үүнд ямар чиглэл өгч ажиллахаар байна вэ?

-Нэршлээсээ эхлээд л зөв ойлголт өгөх хэрэгтэй. Критикал минералыг бид орчуулахдаа чухал ашигт малтмал гэж байгаа. Нөгөөтэйгүүр газрын ховор элемент гэж нэрлэчихсэн. Монголчууд бид нүүдэлчин ард түмэн. Энэ утгаараа чухал, ховор, нандин гэсэн зүйлээ бид хайрлаж хамгаалах ёстой гэсэн өгөгдөлтэй ард түмэн. Ийм ойлголт, сэтгэхүйтэй ард түмэн газрын ховор гэдэг нэршилтэй зүйлээ хайрлаж, хамгаалах нь ойлгомжтой биз дээ. Энэ утгаараа орон нутгийн иргэд тухайн асуудлыг эсэргүүцэж, газар, нутгаа хамгаалж байгааг би буруутгахгүй. Тиймээс бид асуудалд шинжлэх ухаанчаар хандаж, юун түрүүнд нэршлийн асуудлыг ярих ёстой. Нөгөөтэйгүүр критикалм и н е р а л ы н з а х з э э л и й н үйлдвэрлэл, нөөц, экспортын 90 хувийг манай өмнөд хөрш дангаараа бүрдүүлж байна. Урд хөрш нэмээд олон орд газар илрүүлчихлээ. Тэгэхээр Монгол Улсын хувьд ч энэ чиглэлээр хайгуулын ажлыг эрчимжүүлэх, орд газруудаа нээх хэрэгтэй. Харамсалтай нь манайд өнөөдөр гарын арван хуруунаас хэтрэхгүй хайгуулын лиценз байна. Түүний нэг нь Халзан бүрэгтэй.

Газрын ховор элементээ хайгуулж хийж, ордгазрыг нь олж тогтоогоод, олборлолт явуулж, гаргасан бүтээгдэхүүнээ экспортлоход тодорхой хугацаа шаардагдах байх. Тэр болтол бид гол экспортын бүтээгдэхүүн болох нүүрсээ анхаарах ёстой. Ерөнхий сайд Хятад улсад олон удаагийн айчлал хийж, эцэст нь хилхолболтын төмөр зам болон нүүрс экспортын хэмжээг нэмэгдүүлэх том гэрээндгарын үсэг зурж, шийдлээ. Уг том төслийн ач холбогдлыг та салбарын сайдын хувьд ямар байдлаар ойлгож байгаа вэ?

-Канад улс бол уул уурхайн магнат, том хүчирхэг орон. Канад Монгол хоёр улсад адил төстэй нэг зүйл байна. Тэр нь цөөхөн том гүрнүүдтэй хил залгаа оршдог газар зүйн онцлогтой. Энэ утгаараа том хөршүүдтэйгээ харилцах харилцаанд тодорхой асуудал үүсдэг байдлаараа бид адилхан. Нөгөөтэйгүүр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ, эрэлт дэлхийн зах зээл дээр өндөр байсан өнгөрсөн хугацаанд монголчууд бид утгагүй улс төржилт, талцал, шийдэлгүй байдлаасаа болоод асар том боломжуудаа алдсан. Үүний нэг тод жишээ бол хил холболтын төмөр замын асуудал буюу Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замын бүтээн байгуулалт байна. Монголчууд бид салхин доорх айлтайгаа мууддаггүй гэж ярьдаг. Бид ямар ч тохиолдолд салхин доор байгаа саахалт улс орноо муулах угтаа шаардлагагүй байгаа юм. Муудах гэхээс илүү мөнхийн хөршийн бодлогоо зөв явуулж чаддаггүй. Байнгын хардалттай, үл итгэсэн, үл хүндэтгэсэн хандлагаар харилцаж ирсэн нь бидний алдаа. Үүнээс болоод салхин доор байгаа айлдаа өөрсдийгөө итгэлгүй, найдваргүй гэсэн имижийг бүрдүүлсэн. Том төслүүд гацсан гол шалтгаан нь энэ. Энэ утгаараа нэгэнт алдарсан итгэлийг дахин сэргээж авахад гадаад харилцааны хувьд бодлогын чамгүй хүчин чармайлт шаардагдах нь тодорхой. Үүнийг батлах нэг тодорхой ажил нь энэхүү Ганцмод- Гашуунсухайт боомтын хил холболтын төмөр замын ажил. Айлчлал, хэлэлцээрүүдийн гол ач холбогдол нь ерөөсөө энэ. Итгэлцэл биетэй болсноороо мэдээж харилцаа сайжирна. Харилцаа сайжирснаараа томоохон төсөл, хөтөлбөрүүд бодитой урагшлах нь мэдээж хэрэг.

Хил холболтын төмөр зам гэхээр дан ганц төмөр замынхолболт хийгдэх мэтээр өнгөц ойлгож болохгүй байх. Энэхүү бүтээн байгуулалт ашиглалтад орсноороо ямар давуу тал, боломж бий болох вэ. Нөгөөтэйгүүр бүтээн байгуулалтын ажил энэ хавар манай талаас баттай эхлэх үү?

-Дан ганц хил холболтын төмөр замын гэрээ хийчихээд ирсэн юм биш. Энэ гэрээ дотроо гурван том агуулгатай. Юуны түрүүнд бид энэхүү асуудлыг шийдвэрлэхдээ гуравдагч этгээдийн оролцоогүйгээр хоёр улсын Засгийн газар хоорондоо шууд хэлэлцээр хийх замыг сонгосон. Тун удахгүй энэхүү хэлэлцээр УИХ-аар орж соёрхонбатлагдах байх. Ингэснээр хууль, эрх зүй талаас хийгдэх ажил үндсэндээ бүрэн дуусна гэж ойлгож болно. Цаашдаа түрүүн миний хэлсэн гурван цогц ажил болох хил холболтын төмөр замын ажил эхэлнэ. Ер нь холболт гэдэг үгэн дээр ч гэсэн манайхан буруу ойлголттой явдаг.

Буруу ойлголт нь юу гэж…?

-Ерөөсөө л шууд хоёр төмөр замыг хооронд нь холбочих юм шиг ойлгодог. Жинхэнэ утгаараа өргөн царигаар явж байгаа Монголын төмөр зам Хятадын хилийг давж ороод, айлын талд өргөн царигийн терминал буюу ачаа буулгах төв нь баригдана. Олон улсын төмөр замын гэрээний дагуу импортлогч орны талаас экспортлогч орон руу өөрийн царигийн төмөр замаа оруулна гэж тусгасан байдаг. Нөгөөтэйгүүр Хятадын талын нарийн царигийн төмөр зам мөн адил Монголын тал руу орж ирж ачаа буулгах хэсэг буюу терминал дээр тулна гэсэн үг. Тэгэхээр нэг талдаа хоёр улсын төмөр зам холбогдож байгаа мэт ойлгогдож байгаа боловч нөгөө талаараа олон нийтийн ойлгосон шиг шууд холбогдохгүй байхаар энэхүү ажил хийгдэнэ.

Таны ярьсан гурван том цогц агуулгын нэг нь мэдээж нүүрс худалдан авах, нөөцтэй холбоотой байх, тийм үү?

-Тийм. Уул уурхайн асуудал хариуцаж байгаа салбарын сайдын хувьд нэг зүйлд нэлээн санаа зовж байгаа.Тэр нь нүүрсний үнэ. Сүүлийн үед нүүрсний үнэ бодитой унаж байна. Трамп тариф гэж яригдаж байгаа АНУ-ын бодлоготой холбоотойгоор уг асуудал үүсэж байгаа. Нөгөөтэйгүүр биржийн маш олон арилжаа худалдан авагч оролцсонгүй фэйлдлээ. Тэгэхээр гурван цогц агуулгын нэг болох үнийн асуудал дээр хэлэлцээр явагдах үед маш олон хүн саналаа хэлж байсан. Миний хувьд маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги илүү гэдэг зарчимтай. Тэгэхээр хэлэлцээрийн үеэр нүүрсээ маш хямд үнээр өгөх гэж байна гэдгийг ярьж байсан. Дэлхийн зах зээл дээр нүүрсийг биржээр арилжаалдаг нэг ч улс орон байхгүй. Юуг арилжаалдаг вэ гэхээр нүүрс олборлож байгаа  компанийн хувьцааг.

-Тэгэхээр нүүрсээ хямд өгөх асуудлыг та бүхэн яаж шийдсэн юм бэ?

-Юуны түрүүнд олон улсад энэхүү асуудлыг яаж шийддэг вэ гэхээр эцсийн хэрэглэгчидтэй удаан хугацааны тогтвортой гэрээ хийж ажилладаг. Энэ утгаараа бид өмнө тогтвортой гэрээ хэлэлцээр хийчихсэн байсан бол өнөөдөр унаж байгаа нүүрсний үнээс шалтгаалах эрсдэл арай хөнгөн тусах байсан болов уу. Үнэ дээр ийм байна. Гурав дахь асуудал бол нүүрсний нөөц. Их хэмжээгээр урт хугацаанд нүүрсээ экспортлохын тулд бид зайлшгүй шинэ нөөц, шинэ ам гаргах шаардлагатай. Энэ бол гурав дахь гол хэлэлцээр.

Төмөр замын асуудлыг түрүүн ярьсан. Ер нь манай улсын төмөр замын тээврийн хурд цагт 40-50 км байгаа. Үүнийг нэмэгдүүлэх, бүр төмөр замаа цахилгаанжуулах, шинэчлэх боломж бидэнд бий юу. Та энэ талаар УИХ- ын гишүүнийхээ хувьд ямар бодолтой явдаг вэ?

-Улаанбаатар, Тавантолгой, Монголын төмөр зам гэсэн гурван төмөр зам байна. Үүнээс хамгийн урт нь Улаанбаатар төмөр зам. Уг төмөр замаар дизель хөдөлгүүртэй зүтгүүр явдаг. Таны хэлсэн шиг дундаж хурд маш бага. Мөн цахилгаан хэрэглэх боломжгүй төмөр зам. Нөгөөтэйгүүр уг төмөр замыг бид хойд хөрштэйгөө эн тэнцүү эзэмшдэг. Энэ утгаараа асуудлыг ярих гэхээр ойлголцдоггүй, гацаадаг асуудал гарч ирдэг. Гэхдээ асуудлыг орхиогүй. Сүүлийн үед уг асуудлаар нэлээд хэлэлцээрүүд яригдаж байгаа. Тодорхой ажлууд ч хийгдэж байна. Миний  хувьд уг асуудлаар анхаарч ажиллана. Шийдэхийн төлөө явна. Асуудлууд шийдэгдсэнээр төмөр замын ачаа эргэлт болон дундаж хурд нэмэгдэх, мөн цахилгаан зүтгүүр ашиглах асуудал давхар шийдэгдэх болов уу.

Стратегийн орд газруудын 34 хувийг эзэмших асуудал нийгэмд шуугиан болж байна. Улс төржилт ч нэлээд байх шиг. Салбарын сайдын хувьд уг асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Уул уурхайг хэн ч, юу гэж хэлж байсан Монголыг тэжээж байгаа салбар. Энэ салбарт өдөр шөнө ээлжлэн, цаг наргүй ажиллаж байгаа залуучуудаас эхлээд ахмадууд, эмэгтэйчүүд гээд олон хүн байгаа. Монгол Улсынхаа эдийн засгийг тэтгэж байгаа эдгээр уурхайчдадаа бид талархаж явах ёстой. 34 хувийг төр эзэмшихтэй холбоотой асуудал цэвэр хуулийн асуудал. Монгол Улс хууль засагладаг орон. Түүнээс биш хэн нэгэн дарга засагладаг орон огт биш. Энэ утгаараа хуульд яаж заасан байна, асуудал түүгээр шийдэгдэх ёстой.

Хавар цаг ирсэн. Бүтээн байгуулалт, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарын нөр их ажил эхэллээ. Үүнийг дагаад мэдээж шатахуун, түлшний эрэлт нэмэгдэнэ. Гэтэл манайх ганцхан улсаас хараат. Энэ жилийн тухайд түлш, шатахууны нөөц хэвийн байх баталгаа бий юу?

– Тунгалаг нефть бүтээгдэхүүнийхээ 96 хувийг ОХУ-аас авдаг. Ойролцоогоор 2 . 6 с а я т о н н н е ф т и й н бүтээгдэхүүнийг 1.9 тэрбум ам.доллар зарцуулж авдаг гэсэн тоон үзүүлэлт байна. Үүнийг хараад валютыг зовж олж оруулж ирдэг хүмүүсийн гол нь харладаг байх. Юу гэхээр зовж зовж хэдэн ам.доллар Монголд оруулаад ирдэг. Нөгөөхийг нь юу ч болоогүй юм шиг буцаагаад гаргачихдаг. Гаргахдаа ганцхан нефтийн бүтээгдэхүүнд л зарцуулчихдаг. Өөрөөр хэлбэл, гадаад худалдааны баланс дээр эдийн засагчдын толгойны өвчин болсон асуудал бол энэ. Үүнийг тодорхой хэмжээгээр шийдэхийн тулд бид дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэр барьж байна. Үйлдвэр 2028 онд ашиглалтад орно. Ядаж гарч байгаа ам.долларын урсгалын тал хувийг дотооддоо шингээхийн тулд энэхүү үйлдвэрийг барьж байгаа. Өнгөрсөн жил ОХУ-ын ерөнхийлөгч манай улсад айлчлах үеэр нефт бүтээгдэхүүний импортыг урт хугацаанд тогтвортой нийлүүлэх, үнийн хувьд боломжийн байх асуудлаар тохиролцож чадсан. Тиймээс энэ жилийн хувьд түлш, шатахууны нөөц хэвийн байна.

Хил холболтын төмөр зам ашиглалтад орлоо гэж бодъё. Мэдээж дан ганц нүүрс зөөхгүй байх. Урд хөршөөсөө бид уг төмөр замаа ашиглаж түлш, шатахуун импортоор авах боломжтой юу?

-Гол хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ ганцхан дэлгүүрээс авах нь эрсдэлтэй. Ямар эрсдэл байна вэ гэхээр тухайн дэлгүүр ямар нэгэн байдлаар бараа бүтээгдэхүүнээ өгөхөө больчихвол гол хэрэгцээгээ бид яаж хангах вэ гэдэг асуудал үүснэ.Тиймээс  өөр дэлгүүрээс  бараа бүтээгдэхүүнээ авах нь уг эрсдэлийг бууруулахаас гадна зардлын хувьд илүү хямд байх боломж бүрдүүлдэг. Энэ утгаараа хойноос орж ирсэн түлш, шатахуун урагшаа 1000 гаруй км явж байж иргэдийн хэрэгцээг хангаж байгаа. Зам урт байх тусам тээвэрлэлтийн зардал нэмэгдэнэ. Тиймээс тодорхой хэмжээгээр урд хөршөөсөө нефтийн бүтээг- дэхүүн авах асуудлыг судалж үзэж байна. Тодорхой ажил, хэлэлцээрүүд ойрын хугацаанд хийгдэнэ гэж ойлгож болно.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Эрдэнэтуяа: Цус өтгөрснөөс болж залуучууд зүрхний шигдээсээр өвчлөх нь нэмэгдэж байна DNN.mn

Зүрх судас, дотрын эмч Д.Эрдэнэтуяатай цус өтгөрөлт болон зүрх судасны өвчлөлийн талаар ярилцлаа.


-Цус өтгөрөлт болон судасны хатуурал, бөглөрөл зэрэг өвчлөлийн талаар дэлгэрэнгүй ярихгүй юу. Эдгээр нь даамжирвал ямар эрсдэл үүсэх вэ?

-Хүний биед судасгүй эрхтэн гэж байхгүй. Гол судаснаас эхлээд нарийн хялгасан судас хүртлээ эд эрхтэнд тархаж, бие махбодыг хүчилтөрөгч, эрдэс тэжээлийн бодисоор ханган хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг. Тиймээс хамгийн чухал эрхтэн бол судас. Ийм учраас залуу, эрүүл байя гэвэл судсаа уян хатан байлгах нь чухал. Артерийн судасны хатуурал гэдэг нь судасны дотор хананд товруу үүсээд цус бүлэгнэж, бөглөрөхийг хэлдэг. Тухайлбал, судасны дотор хананд өөх тос, уураг, цусны дүрст элементүүд хуримтлагдаж, хатуурал үүссэний улмаас судасны хөндий нарийсан, цусны урсгалыг саатуулж, амин чухал эрхтэн болох зүрх, тархи, бөөрөнд цусан хангамжийн дутагдал үүснэ. Ингэснээр тухайн гэмтсэн эрхтэнд цусны эргэлтийн хомсдолын шинж тэмдэг илэрдэг. Энэ нь даамжрах явцдаа үүсэх эмгэгийг судас хатуурах өвчин гэж нэрлэдэг. Судас хатуурснаас эрхтэнүүд хямарч, цусан хангамж дутагдаж, цаашилбал цус бөглөрч, амь насанд аюултай хүндрэлийг үүсгэдэг. Ямар эрхтэний судас хатуурснаас болоод тухайн эрхтэний шинж тэмдэг өөр, өөрөөр илэрдэг. Жишээ нь, тархины судас хатуурвал уймраа, мартамхай болж, толгой өвдөх шинжүүд илэрнэ. Зүрхний судас нарийссанаас болоод зүрхний ишеми өвчин үүсдэг. Хэрэв тархины судас бөглөрвөл цус харвалт үүснэ. Зүрхний титэм судас бөглөрвөл зүрхний булчингийн үхжил буюу зүрхний шигдээс болно. Мөн үе мөчний цусан хангамж нарийсаж, бөглөрснөөс үүдээд хөл гаранд шинж тэмдэг илэрч эхэлдэг. Хөл чинэрч өвдөх, бадайрах, даарах, байнга хүйтэн оргих, янгинах зэрэг шинж нь судас нарийссанаас үүддэг гэсэн үг. Цаашдаа энэ нь даамжирсаар судас бөглөрвөл тухайн эрхтэний үйл ажиллагаа хямарч, бодисын солилцоо явагдахгүй. Хэрэв хөлийн судас бөглөрвөл хөл тайрах хүртэл арга хэмжээ авдаг.

-Сүүлийн үед цус харвалт залуужиж байна гэж яригдах боллоо. Энэ нь юунаас хамаарч байна вэ?

-Цус харвалт залуужиж байгаа нь амьдралын хэв маягтай холбоотой. Амьдралын хэв маягийг алдагдуулснаас болоод судас нарийсахаас гадна цус өтгөрдөг. Цусанд өөх тос, сахарын хэмжээ ихэссэнээс болоод өтгөрнө. Цус өтгөрснөөс үүдэн залуучууд зүрхний шигдээсээр өвчлөх нь нэмэгдэж байна. Энэ нь судас хатуурах буюу судасны дотор хана өөхөлж байгаа гэсэн үг. Энэ нь даамжирсаар судас хатуурч, гэнэтийн үхлийн шалтгаан болдог. Судас бөглөрөх болон судас хатуурах олон шалтгаан бий. Ер нь орчин үед хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдсөнтэй холбоотой өвчлөл ихсэж байгаа. Ялангуяа зүрх судас болон халдварт бус өвчин нэмэгдэж байна. Хотжилттой холбоотой хөдөлгөөний дутагдал, таргалалт, архи тамхийг хэтрүүлэн хэрэглэх, хоол тэжээлийн өөрчлөлт нь үүнд нөлөөлж байна. Мөн дотоод шүүрлийн эмгэгийн нэг болох чихрийн шижин нь цус өтгөрөх гол шалтгаан болдог. Судас нарийсахад удамшил мөн нөлөөлнө. Хүйсийн хувьд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү өвчилдөг. Даралт ихсэх нь судас хатуурахад нөлөөлнө. Цусан дахь холестерины хэмжээ ихэссэнтэй холбоотой судас нарийсдаг. Стресс бухимдал болон бие махбодын архаг үрэвслүүд мөн нөлөөлж байна.

-Эдгээр өвчлөлөөс эм хэрэглэхгүйгээр хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Юуны өмнө цусыг өтгөрүүлж, судсыг нарийсгаж, цус бөглөрөхөд нөлөөлж байгаа амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэгтэй. Тухайлбал, дасгал хөдөлгөөн тогтмол хийх, хоол хүнсэндээ анхаарах нь юу юунаас чухал. Ядаж л хоол хүнсэндээ амьтны гаралтай өөх тос хэрэглэхээс татгалзах, цөсөө өтгөрүүлэхгүй байх хэрэгтэй. Цөс өтгөрсөнөөс болоод цус их өтгөрдөг. Тэгэхээр алхах, биеийн жингээ хэвийн байлгах, тамхи татахгүй байх, аль болох сэтгэл санаагаа тайван байлгаж, артерийн даралтаа хянаж, даралтаа хэвийн хэмжээнд байлгах хэрэгтэй. Хэрэв даралт ихэсдэг оноштой бол цус шингэлэх эмийг заавал ууж байх хэрэгтэй. Яагаад гэвэл нарийн судсаар явах цусны урсгал тэр хэмжээгээр багасдаг учраас цусаа шингэлэх хэрэгтэй. Цус шингэлнэ гэдэг бол судасны бөглөрлөөс сэргийлж байна гэсэн үг. Ер нь даралт ихэсдэг, архаг өвчтэй, зүрхний өвчтэй биш л бол амьдралын хэв маягаа өөрчлөх нь чухал. Мөн хэдий хэмжээнд цус өтгөн байна түүндээ зохицсон эмүүдээ эмчийн заавраар ууж байх хэрэгтэй. Хүний биеийн судасны хана хэдий уян хатан, цус шингэн байх тусмаа аливаа эрхтэний үйл ажиллагаа тэр хэмжээгээр сайн байдаг.

-Монголчууд “Нас залуу, цус шингэн” гэж ярьдаг. Цус шингэн байх тусмаа эрүүл, залуу байх нь ээ?

-Тэгэлгүй яахав. Цус шингэн байвал судасны уян хатан чанар сайн байна. Судасны уян хатан чанар сайн байвал эд эрхтэний үйл ажиллагаа сайн байж, төдий хэмжээгээр залуу, сайхан байна. Цусны эргэлт хэдий хэмжээнд сайн байна төдий хэмжээнд бие эрүүл, өвдөхгүй байна гэсэн үг.

-Хүмүүс цусаа шингэлэхийн тулд дур мэдэн дусал, тариа болон аспирин хэрэглэдэг. Энэ нь хэр зөв бэ?

-Манай монголчууд дур мэдэн янз бүрийн эм, тариа хэрэглэдэг. Хүмүүсийн ам дамжсан ярианд итгэж сайн гэсэн болгоныг хэрэглэх тал байдаг. Ер нь ямар ч эм, тариаг эмчийн заавар, зөвлөгөөгөөр л хэрэглэх ёстой. Дур мэдэн элдэв янзын эм, тариа хэрэглэх нь олон сөрөг нөлөөтэй. Витаминыг хүртэл хэтрүүлбэл хор хөнөөлтэй байдаг шүү дээ. Аспирины хувьд тромбоцит гэдэг цус бүлэгнэлтэд оролцдог эсүүдийн наалдцаас сэргийлдэг. Энэ нь зөвхөн бүлэгнэлийн тогтолцоонд нөлөөлөхөөс гадна үрэвслийн эсрэг үйлдэлтэй байдаг. Харин дусал тариаг судсаар эргэлдэж буй цусны хэмжээ багассан тохиолдолд өндөр заалтаар эмчийн хяналттай хэрэглэх ёстой. Хүн биедээ дутагдаж байгаа витаминыг эм тариагаар бус хоол хүнсээрээ 100 хувь нөхөж болно. Тиймээс аль болох шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх нь зүйтэй. Гэрийн нөхцөлд аливаа эм тариаг дур мэдэн хэрэглэх нь эргээд тухайн хүнд сөрөг нөлөө үүсгэж болно.

-Зүрх судасны өвчлөлд удамшил нөлөөлдөг үү?

-Цус өтгөн, судас нарийхан байхад удамшил тодорхой хэмжээнд нөлөөлдөг. Аав, ээж нь зүрхний өвчтэй, цус өтгөн байх нь нөлөөлж болно.

Ер нь хүмүүс бага зэргийн шинж тэмдгийг анзаарахгүй явсаар байгаад хүндрүүлчихдэг. Ялангуяа даралт ихсэлтийг чимээгүй тахал гэж үздэг. Даралт ихсэлтээс болоод гэнэт цус харваж, зүрхний шигдээс үүсэж болно. Цус өтгөн байсан, эсвэл судас нь нарийн явсаар байгаад бөглөрч, гэнэтийн үхэл тохиолдоод байгаа нь үүнтэй холбоотой. Даралтыг 25 наснаас хойш тогтмол үзэж байхад гэмгүй. Даралт ихсэлтийг хүмүүс тоохгүй яваад байдаг. Гэвч энэ нь янз бүрийн өвчний хүндрэл болох аюултай байдаг.

Залуучуудад зүрх дэлсэж байгаа зовиур илрээд байгаа. Зүрх дэлсэж байгаа нь ялгаагүй цус өтгөрч байгаа нэг шинж тэмдэг. Судас нарийсах, цус өтгөрөх нь аажимдаа даамжрах явцтай байдаг. Тийм учраас хамгийн чухал нь залуу байхаасаа судсаа хамгаалж, амьдралын хэв маягтаа анхаарч, эмчид үзүүлж, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдвал бүх төрлийн өвчнөөс сэргийлэх бүрэн боломж бий.

Нүүрийг бэлтгэсэн Г.БАЛГАРМАА