Categories
мэдээ эдийн-засаг

Авто зах зээл дэх литийн эрэлт 2030 онд 8.5 дахин өснө

Дэлхийн орнууд нүүрсний эрчим хүчнээс татгалзаж, цэвэр эрчим хүч рүү шилжиж байгаа нь литийн эрэлт ихсэхэд нөлөөлж байгаа. Үүнтэй холбоотойгоор 2021 онд литийн жишиг үнийн индекс хоёр дахин өсжээ.

Тэгвэл Лондонд төвтэй “Рио Тинто” группын тооцоолсноор литийн эрэлт ихсэж, 2030 он гэхэд 8.5 дахин өсөх аж. Мөн “Рио Тинто” групп өнгөрсөн долдугаар сард Сербийн 2.4 тэрбум ам.доллар литийн төслийн зөвшөөрлийг авсан юм.

Categories
мэдээ нийгэм

Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг дахин 6 сараар хойшлууллаа

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн чуулганаар “Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж, хуулийн үйлчлэх хугацааг дахин 6 сарын хугацаагаар сунгалаа.

Хуулийн үйлчлэх хугацаатай уялдуулан Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг Монголбанкнаас холбогдох байгууллагуудтай хамтран дахин 6 сарын хугацаагаар буюу 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулахаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийн дагуу зээлдэгчдийн гаргасан хүсэлтийг үндэслэн ипотекийн зээлийн төлбөрөө хойшлуулах боловч зээлдэгч төлбөр хойшлуулах хүсэлт гаргалгүйгээр зээлийн төлбөрөө төлөх нь зээл хугацаандаа дуусах, ирээдүйн зээлийн дарамт буурах зэрэг эерэг талтай юм.

Тус арга хэмжээний хүрээнд:

  • Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрөө 2021 оныг дуустал хойшлуулсан зээлдэгч нарын төлбөрийг нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүйгээр үргэлжлүүлэн хуулийн хугацаатай уялдуулан сунгах;
  • Харин ипотекийн хөтөлбөрийн зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт шинээр гаргах зээлдэгч нарын хувьд хүсэлт гаргасан өдрөөс хойш 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулах юм.

Зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт шинээр гаргах иргэд хүсэлтээ 2022 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн дотор харилцагч банканд өөрийн боломжит цахим хэлбэр (банкны цахим хуудас, и-мэйл, ухаалаг гар утасны банкны апликэйшн, утас зэрэг)-ээр эсхүл банкинд очин гаргаж, төлбөрөө хойшлуулах боломжтой.

Эх сурвалж: Монголбанк

Categories
мэдээ нийгэм

Энэ онд ёс зүйн зөрчил гаргасан 41 албан хаагчид сахилгын хариуцлага оногдуулжээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны тушаалаар Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах ажилтан болон бусад ажилтны ёс зүйн дүрмийг баталсан байдаг.

“Ёс зүйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журам”-ын дагуу орон тооны бус зөвлөлийг 7-9 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд ажиллуулах ёстой. Дээрх заалтыг хэрэгжүүлж 12 аймаг, 9 дүүрэгт Засаг даргын шийдвэрээр “Ёс зүйн зөвлөл”-ийг байгуулсан байна. Харин 5 аймагт Засаг даргын дэргэд “Ёс зүйн зөвлөл” байгуулаагүй байна.
Судалгаанаас дүгнэхэд 2021 онд багш, ажилтны ёс зүйн зөрчлийн талаарх 58 өргөдлийг аймаг, дүүргийн Ёс зүйн зөвлөлд ирүүлсэн бөгөөд ёс зүйн зөрчил гэдэг нь нотлогдоогүй 17 өргөдөл гомдлыг буцаасан байна.
Ёс зүйн зөрчил гаргасан 41 албан хаагчид сахилгын хариуцлага оногдуулсан байна. Үүнээс
12 албан хаагчид уучлал гуйхыг үүрэг болгож,
18 албан хаагчид сануулах арга хэмжээ авч,
11 албан хаагчийг ажлаас чөлөөлжээ.
Сургуулийн орчин дахь дээрэлхэлт, гадуурхал, сошиал орчин дахь аюулгүй байдлын зөрчил, багш ажилтнуудын ёс зүйгүй үйлдэл 2021 онд хэд хэдэн удаа гарсан. Энэ байдлыг таслан зогсоохын тулд боловсролын салбарт сэтгэл зүйч ажиллуулж эхэлсэн. Тэгвэл эхэлсэн ажлаа үр дүнд хүргэж үүнд чиглэсэн үйл ажиллагааг илүү өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж боловсролын салбар 2022 оныг ЁС ЗҮЙН ЖИЛ болгон зарлажээ.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Баярын үдэш гарах онцлох нэвтрүүлэг, тоглолтууд

Шинэ жилийн баяраар гэр бүлийнхэнтэй хамт үзэх онцлох тоглолт, нэвтрүүлгийн хуваариас танилцуулж байна.


-UBS -“БИДНИЙ ШИНЭ ЖИЛ-2021”-

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчдийн “Бидний шинэ жил” баярын хөтөлбөр UBS телевизээр арванхоёрдугаар сарын 31-ны 23:00 цагт гарна.

-NTV- ЭХНЭРИЙН ЗААВРААР-

Эхнэрийн заавраар нэвтрүүлгийн тусгай дугаар арванхоёрдугаар сарын 31-нд NTV телевизээр 19:00 цагт гарна.

MNB- “ЗОГСОШГҮЙ” НЭВТРҮҮЛЭГ

“Зогсошгүй” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт найруулагч Б.Ганболд оролцох бөгөөд Монголын үндэсний олон нийтийн радио телевизээр нэгдүгээр сарын 1-ний 21:10 цагт гарна.

-ХУРД- “ДОЛООН ТЭРБУМ” ТОГЛОЛТ

Монголын рок попын тод өнгө болсон ХУРД хамтлагийн Уянгын, хайрын, метал рок цоо шинэ дуунуудаас бүрдсэн цоо шинэ “7 ТЭРБУМ” тоглолт албан ёсны эрхтэйгээр нэгдүгээр сарын 11-нд С1 телевизээр 20:00 цагт гарна.

-БОЛОВСРОЛ-ӨӨЖГИЙ БА АННАСТАЙ ТАХИА-

“Өөжгий ба ананастай тахиа” нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт Монгол Улсын Ардын Жүжигчин Д.Жаргалсайхан оролцсон бөгөөд Боловсрол телевизээр арванхоёрдугаар сарын 31-ны 18:35 цагт гарна.

-MongolTV- The Voice of Mongolia” шоу-

The Voice of Mongolia” шоу нэвтрүүлгийн 3-р улирал цоо шинэ уур амьсгал, дүрэмтэйгээр MongolTV -ээр нэгдүгээр сарын 2-нд гарч эхэлнэ.

-ETV-МАНАЙ ШИНЭ ЖИЛ-

“Манай шинэ жил” баярын тусгай хөтөлбөрийг 12 сарын 31-ний 21:00 цагаас, 1 сарын 1-ний 01:00 цаг хүртэл ETV телевизээр хүлээн авч үзээрэй.

-TV6-БИДНИЙ БАХАРХАЛ-

Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Ц.Цогтбаатарын нэвтрүүлэг арванхоёрдугаар сарын 31-нд 23:20 цагаас ТВ6 телевизээр гарна.

-TV8 -МӨНГӨН ҮДЭШ-

“Мөнгөн үдэш” нэвтрүүлгийн цоо шинэ дугаарыг арванхоёрдугаар сарын 31-ны 21:30 цагт TV8 телевизээр хүлээн авч үзээрэй.

Categories
мэдээ нийгэм

Хангарьд ордонд ажиллаж байсан алба хаагчдын 50 хувь нь Яармагийн шинэ байранд нүүж очжээ

НЗДТГ, НИТХ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, түүний харьяа байгууллагууд 2021 ондоо багтан Яармагийн шинэ байр луу нүүх болсон. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр нөхцөл байдалтай танилцлаа. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн засаг захиргааны Хангарьд ордонд ажиллаж байсан алба хаагчдын 50 хувь нь Яармагийн шинэ байранд нүүж очжээ.

“Ковид-19” цар тахлын халдвараас шалтгаалан өнгөрсөн зургадугаар сарын 23-ны өдрөөс Яармаг дахь хотын захиргааны барилгад 300 хүнд үйлчлэх Яаралтай тусламжийн түр төв байгуулсан. Коронавирусийн халдвар хумигдсантай холбогдуулан тус төвийг буулган, ариутгал халдваргүйжүүлэлт хийж, арванхоёрдугаар сарын 25-наас нүүлгэн шилжүүлэх ажил эхлээд байна.

Хангарьд ордонд ажиллаж байсан алба хаагчдын 50 хувь нь Яармагийн шинэ байранд нүүж очжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын тогтоолыг товлосон хугацаанд биелүүлсэн Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар болон нийслэлийн төр захиргааны алба хаагчдад талархаж буйгаа илэрхийллээ. Тэрбээр “Төсөвт анх удаа 420 тэрбум төгрөгөөр Нийслэлийн түгжрэл, хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр тусгаж Улсын Их Хурал, Засгийн газар нэгдмэл бодлогоор улстөрийн шийдвэр гаргасан. Өчигдөр УИХ-аар батлагдсан “Шинэ сэргэлтийн бодлого”-д хотын түгжрэлийг шийдэх хөгжлийн төслүүд тусгагдсан. Тухайлбал, Хөшигийн хөндийг түшиглэсэн дагуул хот байгуулж, эдийн засгийн хөгжлийн бүсүүдийг бий болгоно. Ирэх жилээс Богдхан төмөр замын ажил эхэлнэ. Энэ мэт Улаанбатар хотын түгжрэлийг шийдэх ажлуудыг он гараад эрчимжүүлэх хэрэгтэй байна. Цаашид Улаанбаатарт тэмүүлэх тусам үнэтэй, хөдөөд тэмүүлэх тусам дэмжлэгтэй байх бодлого барьж төвлөрлийг сааруулна. Хотын төв хэсгийн түгжрэлийг сааруулах ажилд Нийслэлийн удирдлага, алба хаагчид өөрсдөө үлгэрлэж буйд талархаж байна” гэв.

Нийслэл хотын төв хэсэг Их, Бага тойруу орчимд авто замын түгжрэл хамгийн их байдаг. Үүний нэг шалтгаан нь төрийн захиргааны барилга, байгууламжууд хотын төвдөө төвлөрсөнтэй холбоотой гэх судалгаа бий. Тиймээс хотын захиргааны зарим салбар, нэгжүүд эхний ээлжинд Яармагт байрлах нийслэлийн засаг захиргааны шинэ байр руу нүүгээд байна. Үүнтэй холбоотойгоор Яармаг орчмын автозамын ачаалал нэмэгдэхийг тооцож, түгжрэлийг сааруулах хэд хэдэн ажил эхэлж байгааг Нийслэлийн зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн танилцууллаа.

Яармагт байрлаж буй нийслэлийн захиргааны барилга нь А, В, С гэсэн гурван блок, нийт 68 мянган ам метр талбай бүхий барилга юм. Өнөөдрийн байдлааар нийслэлийн 6 агентлагийн 400 гаруй алба хаагч А блокт байрлаж байна. Барилгын В, С блокийг ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын Их Хурал: 2021 оны онцлох үйл явдлууд

ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТӨД НИЙЦҮҮЛЭН ШИНЭЧЛЭХ ХҮРЭЭНД ДАРААХ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ БАТАЛЛАА

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулах олон чухал хууль батлагдав. Тухайлбал, Монгол Улсын Улсын Их Хурал, Засгийн газар, Шүүх, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага, Төрийн аудит, Эдийн засгийн хөгжил, бодлого төлөвлөлтийн зэрэг олон чухал суурь хуулиуд батлагдлаа.


Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлавШүүхийн тухай багц хууль баталсантай холбогдуулан мэдээлэл хийв.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар (2021.01.15) Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлав. Тус хуулийг баталснаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулах эрх зүйн хувьсгал хийж, иргэдийг шударга шүүхээр шүүлгэх эрхийг нь хангах эрхэм зорилго нэг шатаар урагшилж буйг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар онцолсон. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн нэг зорилт нь шүүх, шүүгчдийн хараат бус, бие даасан байдлыг хангах, үүгээр дамжуулан шударга ёсыг тогтоох явдал байсныг тэрбээр дурьдлаа.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төслийг батлав

Хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр.

Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай анхдагч хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар (2021.12.24) баталлаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах, хууль тогтоолын биелэлтийг хангах Засгийн газрын үйл ажиллагаанд тавих Улсын Их Хурлын хяналт шалгалтын үр нөлөөг нэмэгдүүлж, хянан шалгах арга хэрэгсэл, үйл явцыг нарийвчлах зохицуулалтыг тодорхойлсон тус хуулийн төсөл батлагдсанаар ард түмний төлөөлөгчдийн байгууллага Улсын Их Хурлын шинэчлэл амжилттай урагшилж, хууль тогтоомжийн төслийг олон түмнээр хэлэлцүүлж, санаа бодлыг нь авч, олон нийтийн оролцоог хангаж, судалгаа шинжилгээний үндсэн дээр батлан гаргаж, хэрэгжилтэд нь анхаарах зайлшгүй шаардлагатай болж байна. Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль мөрдөгдөж эхэлснээр ард түмний төлөөллийн байгууллага болсон Улсын Их Хурлын үйл ажиллагаа хөгжлийнхөө бас нэгэн шинэ шатанд гарч, Улсын Их Хурал хууль тогтоохын зэрэгцээ, түүний хэрэгжилтийг хянан шалгах чиг үүрэгт эн тэнцүү анхаарна.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлав

Хуулийн төслийг өргөн барих үеэр.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар (2021.07.07) Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталлаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэн тус хуулийг баталсан. Хууль батлагдсанаар Нийслэл хот нийгэм, эдийн засгийн хувьд бие даан хөгжих хөшүүргийг бий болгох, хүн амын төвлөрлийг сааруулах, нийслэлийг нэг төвт хотоос олон төвт, орчин үеийн хот болгон хөгжүүлэх, нийслэлийн дагуул хот, тосгодыг хөгжүүлэх, нийслэлийн удирдлагын эрх зүйн байдлыг боловсронгуй болгоход чиглэж байна.

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАТЛАВ

Хуулийн төслийг Байнгын хороогоор хэлэлцэх үеэр.

Эрх зүйн хувьсгалыг эдийн засгийн, нийгмийн бодлогын хувьсгалтай хамтатган өрнүүлэх ёстой гэсэн гол чиг шугмыг 2021 онд Улсын Их Хурал баримталсан. Энэ хүрээнд сүүлийн гурван парламент, таван Засгийн газрыг дамжуулан хэлэлцсэн, ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүн бүрд хамаатай Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар (2021.07.02) баталсан. Ажилтан, ажил олгогчийн хооронд хөдөлмөрийн гэрээ хийсэн эсэхээс үл хамааран ажиллаад эхэлсэн л бол хөдөлмөрийн харилцаа үүссэнд тооцон хуулийн хамгаалалтад орох, хагас цагийн ажил эрхлэлт, гэрээсээ ажил эрхлэх, алсын зайн ажил эрхлэлт, туслах малчин, гэрийн үйлчлэгч зэрэг орхигдоод байсан хөдөлмөрийн харилцааг тусхуулиар зохицуулсан юм.

ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АЗИ ТИВД АНХ УДАА БАТЛАН ГАРГАЛАА

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар (2021.04.02) Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг баталсан. Хууль батлагдсанаар эрхзүйн тогтолцоонд, ялангуяа хүний эрхийг хамгаалах тогтолцоонд нэг том алхам хийгдсэн төдийгүй иргэн бүрийн эрхийг хамгаалах шинэ тогтолцоо бий болж байна. Энэ хуулийг баталснаар Монгол Улс Ази тивдээ хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлыг зохицуулсан хуультай анхны улс боллоо. Энэ удаагийн парламент хууль тогтоох үйл ажиллагаанд хүний эрхийн мэдрэмжтэй байхын тулд шинээр баталж буй хууль тогтоомжийг хүний эрхийн талаас нь анхаарахаас гадна хүчин төгөлдөр мөрдөгдөж буй бүх хуульд хүний эрхийн талаас нь үнэлгээ хийн, ажиллаж буй юм.

ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ИРГЭДИЙН ОРОЛЦООГ ХАНГАЖ, ЦАХИМ ПАРЛАМЕНТ БОЛОХ ЗОРИЛГОО ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах цахим платформ.

Улсын Их Хурал цахим шилжилтийг эхлүүлж, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэд, иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байна. Тухайлбал, Улсын Их Хурал үйл ажиллагаандаа иргэд, олон нийтийг оролцоог хангах хүрээнд зөвлөлдөх санал асуулга, нийтийн сонсгол, уулзалт, зөвлөгөөн, хэлэлцүүлэг зохион байгуулах, хуулийн төсөлд бичгээр болон цахимаар санал өгөх, хуулийн төслийн ажлын хэсэгт оролцох зэрэг хэлбэрүүдийг ашиглаж байна. 2021 оны оны эхнээс ил тод, цахим парламент болох зорилтоо эрчимжүүлж “зөвлөлдөх ардчилал” буюу https://za.parliament.mn цахим системийн хүрээнд хууль санаачлагчдад зориулсан www.lawmaker.parliament.mn, хуулийн төсөлд иргэд, олон нийт санал өгөхөд зориулсан www.lawforum.parliament.mn зэрэг цахим платформыг ашиглан, амжилттай нэвтрүүллээ. Мөн иргэдийн хүсэлтийг цахимаар авдаг E-petition системийг нэвтрүүллээ.

Түүнчлэн Үндсэн хуулийн өдөрт зориулсан Шатар сонирхогчдын ес дэх удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа цахимаар амжилттай зохион байгуулсныг онцолж байна.

“ИРГЭНИЙ ТЭТГЭВЭР БАРЬЦААЛСАН ЗЭЭЛИЙН ТӨЛБӨРИЙГ ТӨРӨӨС НЭГ УДАА ТӨЛӨХ ТУХАЙ” БОЛОН УГ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАЛАА

Хуулийн хэрэгжилтийг хангах асуудлаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар албан тушаалтнуудтай уулзах үеэр

Монгол Улсын Их Хурлаас 2020 оны нэгдүгээр сард “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” болон уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан. Хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар (2021.05.07) холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, “Тэтгэврийн зээлгүй буюу 1.0 сая төгрөгөөс доош төгрөгийн зээлтэй байсан ахмадуудаас энэ арга хэмжээг хэзээ хэрэгжүүлж эхлэх талаар УИХ-ын нэр дээр нэлээд санал хүсэлт ирж буй учир цар тахлын хөл хорионы дэглэмтэй, улсын эдийн засаг, иргэдийн амьжиргаанд таагүй нөлөө үзүүлж буй энэ үед уг мөнгийг олгох нь зүйтэй” гэж байр сууриа илэрхийлэв. Тэрбээр мөн Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы (2021.05.21) хуралдааны үеэр 200 мянга гаруй ахмад шударга ёсны зарчимд нийцүүлэн байгалийн баялгийнхаа үр шимийг хүртэж буй талаар мэдэгдлээ. Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг нэг удаа нөхөн төлөх тухай хууль бүрэн хэрэгжсэнээр 238.0 мянган иргэнд 216.0 тэрбум төгрөг олгожээ.

УИХ-ААС ТОМИЛОГДДОГ АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ТОМИЛГООНЫ СОНСГОЛООР ОРУУЛЖ БАЙНА

Авлигатай тэмцэх газрын дэд даргад нэр дэвшигчийн томилгооны сонсгол зохион байгуулах үеэр.

Улсын Их Хурлаас томилогддог албан тушаалд нэр дэвшсэн хүмүүсийг томилгооны сонсголоор оруулж, тухайн нэр дэвшигчийн албан тушаалд тавигдах шаардлагыг хангах эсэхийг төдийгүй иргэдийн мэдэх эрхийг хангаж хэвшээд байна. Тухайлбал, 2021 онд Авлигатай тэмцэх газрын дэд даргын томилгооны сонсголыг зохион байгуулав. Түүнчлэн, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах томилгооны сонсгол зэрэг сонсголуудыг зохион байгууллаа.

БОЛОСРОЛ, СОЁЛЫН САЛБАРЫН АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ БАТАЛЛА

Хуулийн төслийг Байнгын хороогоор хэлэлцэх үеэр.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар (2021.01.29) Музейн тухай хуулийн төслийг баталснаар анх удаа музейн тухай хуультай болов. Манай улсад 1924 онд орчин цагийн музейг байгуулсан гэж үздэг. Энэ цагаас хойш 2021 оныг хүртэл бие даасан хуульгүй байснаар музейн салбарын асуудлууд хуримтлагдсаар байсан юм.

Хуулийн төслийн ажлын хэсэг урлаг, соёлын байгууллагуудад ажиллах үеэр.

Соёлын салбарт мөн Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар (2021.07.02) баталснаар анх удаа кино урлагийн салбарын эрх зүйн харилцааг зохицуулсан хуультай боллоо. Тус хуулийг баталснаар үндэсний кино урлаг хөгжих эдийн засаг, санхүүгийн боломжууд нээгдэх бөгөөд Монгол Улс өөрийн түүх, соёл, өв уламжлал, ёс заншлаараа дэлхийд танигдаж, дэлхийн нэр хүнд бүхий киноны уран бүтээлчид Монгол Улсад кино бүтээх таатай орчин бүрдэж байна.

Хуулийн төсөлд санал авах хэлэлцүүлэг зохион байгуулах үеэр.

Боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд Боловсролын багц хуулийн төслөөр долоон ажлын хэсэг байгуулан, санал авах хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж буй бөгөөд хуулийн төслүүдийг ирэх оны эхний хагаст багтаан батлахаар төлөвлөөд байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ЭРХ ЗҮЙН ШИНЭ ОРЧИН БҮРДЛЭЭ

“Эмч, эмнэлгийн ажилтнуудаа сонсъё” цахим хэлэлцүүлгийн үеэр.

Эрүүл мэндийн салбар иргэнд ээлтэй, хүн бүхэнд хүрч үйлчлэх зөв тогтолцоотой болон хөгжих эрх зүйн шинэчлэлийг энэ удаагийн парламент амжилттай нэвтрүүлж байна. Эрүүл мэндийн салбарыг гүйцэтгэлээр санхүүжих тогтолцоонд шилжүүлэн иргэн бүр эмнэлэг, эмчээ сонгон үйлчлүүлдэг болох дэлхий нийтийн жишиг хандлагыг дагасан тогтолцоонд шилжсэнээр чанартай, шуурхай үйлчилгээг хүн амд үзүүлэх нөхцөл, боломж алхам алхамаар бүрдэж, эмнэлгүүд эрэлт хэрэгцээнд нийцсэн тусламж, үйлчилгээг иргэдэд үзүүлснээр өөрийн бүтээмж, гүйцэтгэлийг сайжруулан, орлогоо нэмэгдүүлж, улмаар эмч, ажилтныхаа цалин урамшууллыг нэмэх боломж бүрдсэн эрх зүйн орчин бүрдээд байна.

ЦАХИМ ШИЛЖИЛТИЙН БАГЦ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ БАТЛАВ

Хуулийн төслүүдийг Байнгын хороогоор хэлэлцэх үеэр.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар (2021.12.09) Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль зэрэг цахим шилжилтийн суурь таван хуулийг батлав. Цахим шилжилтийн эрх зүйн орчныг бүрдүүлсэн дээрх хуулиуд батлагдсанаар иргэд төрийн үйлчилгээг хүндрэлгүй, шуурхай авах боломж бүрдсэн төдийгүй улс орны аюулгүй байдлын индекс өсөх зэрэг ач холбогдолтой болж байна.


“ЯПОН ЛУГАА АДИЛ ХӨГЖЬЕ” САНААЧИЛГЫН ХҮРЭЭНД ЦУВРАЛ ХЭЛЭЛЦҮҮЛГҮҮД БОЛЛОО

Цуврал хэлэлцүүлгийн үеэр.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын дэвшүүлсэн “Япон лугаа адил хөгжье” санаачилгын хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) хамтран цуврал сургалтуудыг амжилттай зохион байгууллаа. 2021 онд “Боловсролын шинэчлэл ба хүмүүнлэг боловсрол”, “Эдийн засаг, аж үйлдвэрийн бодлого, Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны чиг үүрэг”, “Эдийн засгийн төлөвлөлт ба хөгжлийн бодлого, төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө” гэсэн гурван удаагийн хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.

“ПАРЛАМЕНТЫН БОЛОВСРОЛ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

Хөтөлбөрийн нээлтийн үеэр эхний хичээлийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар заалаа.

Ардчилсан тогтолцоонд парламент ямар үүрэг гүйцэтгэдэг болохыг цогц, системтэй ойлгуулахаас гадна парламент үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ төлөөллийг хангасан, ил тод, үр нөлөөтэй байх нь ямар чухал болохыг хүүхэд, залуучууд, олон нийтэд тайлбарлан сурталчлах зорилготой “Парламентын боловсрол” хөтөлбөрийн нээлт (2021.12.23) боллоо. Энэ хөтөлбөр нь 2019 онд баталсан Монгол Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөний нэг үндсэн зорилт бөгөөд 2019 оноос эхэлсэн парламентын шинэчлэлийн нэг чиглэл юм.

ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ, ТУСГААР ТОГТНОЛОО СЭРГЭЭСНИЙ 110 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛОВ

Хүндэтгэлийн хуралдааны үеэр.

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт 110 жилийн ойн баярын өдөрт зориулан Үндэсний бахархал, төрт ёс, түүх цадаг, өв соёлынхоо уламжлалыг нандигнан, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Улсын Их Хурал хүндэтгэлийн хуралдаан (2021.12.29 ) хийлээ. Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болох Үндсэн хуулийн заалтын дагуу Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг зарлан хуралдуулсан юм.

“МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ ЁС ЗҮЙН ДҮРМИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ” УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ БАТЛАВ

Дүрмийн төслийг Байнгын хороогоор хэлэлцэх үеэр

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар (2021.12.30) “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг шинэчлэн батлав. Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн боловсруулж, тогтоолоор баталснаар Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн хариуцлагыг өндөржүүлэх, чуулганы нэгдсэн, байнгын, дэд, түр хорооныхуралдааны дэг зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцдог байх, иргэд сонгогчдод Улсын Их Хурлын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх, цөөнхийн саналыг хүндэтгэн, асуудлыг олон талт үзэл бодлын үүднээс чөлөөтэй хэлэлцэж, олонхын саналаар шийдвэрлэхэд ач холбогдолтой боллоо.

“ОЮУ ТОЛГОЙ ОРДООС МОНГОЛ УЛСЫН ХҮРТЭХ АШГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ БАТАЛЛАА

Тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар (2021.12.30) “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа. Тогтоол баталснаар Оюу толгой ордыг хамтран ашиглах үр өгөөжийг нэмэгдүүлэх хэлэлцээ цаашид амжилттай хийгдэх төдийгүй Оюу толгойн ордоос монголын ард түмэн ногдол ашиг авах хугацаа наашлах боломж бүрдэж байна.

““ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГO” БАТЛАХ ТУХАЙ” УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ БАТАЛЛАА

Тогтоолын төслийг Байнгын хороогоор хэлэлцэх үеэр.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар (2021.12.30) ““Шинэ сэргэлтийн бодлогo” батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа. Засгийн газраас өргөн мэдүүлсэн тус тогтоолын төслийг дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас болон бусад гадаад, дотоод шалтгааны хүчин зүйлийн улмаас учирч буй хүндрэл бэрхшээлийг нэн даруй даван туулж иргэдийнхээ аж амьдралыг дээшлүүлэх, улс орныхоо хөгжлийн бат үндэс суурийг эрчимтэй хөгжүүлэх боломж бүрдүүлэх зорилгоор баталсан юм

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗАР ПАРЛАМЕНТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАСРАЛТГҮЙ БАЙДЛЫГ БҮРЭН ХАНГАЖ АЖИЛЛАВ

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан “Парламентын боловсрол” хөтөлбөрийн нээлтийн илтгэлийг танилцуулах үеэр.

Улсын Их Хурлын Тамгын газар цар тахлын хүнд үед парламентын үйл ажиллагааны тасралтгүй байдлыг бүрэн хангаж ажиллалаа.Улсын Их Хурлын Тамгын газраас Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь”, “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” зэрэг хамтын ажиллагааны төслүүдийн болон хоёр орны парламентын Тамгын газар хоорондын Техникийн хамтын ажиллагааны төслийн хүрээнд хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, хуулийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх арга зүй, туршлагыг нэвтрүүлэх зэрэг олон чухал ажлыг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Шинэ жилийн баярын ширээгээ хэрхэн чимэглэх вэ?

ШИРЭЭНИЙ ЗАСАЛТ

Ирсэн зочдоо сэтгэл хангалуун, өөдрөг сэтгэгдэл төрүүлэх эхний алхам бол ширээний засалт. Үүнд гэрийн эзэгтэйн мэдрэмж чухал. Хоолны ширээг үзэмжтэй засахад тансаг аяга, таваг хоолны хэрэгсэл, сонгож авсан ширээний бүтээлэг, түүндээ тохирсон аяганы суурийг тавиарай. Таньд гэж хэлэхэд ширээний бүтээлгийн булангууд ширээний хөлийг халхалсан байх ёстой. Ширээний өнгө маш чухал үүрэгтэй. Өвлийн улиралд бүх зүйл бүүдгэр саарал, цайвар өнгөтэй байдаг тул үүнээс аль болох зайлсхийн дулаан тайвшруулах өнгийг сонговол илүү зохимжтой. Юуны өмнө баяр баясгалан, элбэг хангалууны бэлэг тэмдэг болох хурц улаан өнгийг сонгож болно.

ХООЛНЫ ХЭРЭГСЭЛ

Ширээнд эхэлж аяга тавгийг өрдөг. Суудал болгоны өмнө зочдын сандлын харалдаа ширээний захаас хоёр см зайд том таваг өрөх бөгөөд тэдний хооронд зуушны болон хоолны сэрээг шүдийг нь дээш харуулан өрдөг. Зуушны тавгийн баруун талд хоол зуушны хутгыг ирийг нь таваг руу харуулан тавина. Танд анхааруулахад хоолны хэрэгслүүд хэзээ ч тавагны ирмэг дор орсон байх ёсгүй. Ер нь хоолны хэрэгслийн байрлах дараалал нь хоолны цэсийн дарааллын дагуу байх ёстой. Эхэнд өгсөн зуушийг хамгийн захын хутга сэрээгээр , дараагийн хоолыг удаах хутга, сэрээ гэх мэт дарааллаар хэрэглэдэг байна. Мөн хутга сэрээг нэг нэгнээс нь нэг см зайтай байхаар байрлуулах хэрэгтэй.

ЗУУШНЫ ХЭРЭГСЭЛ

Амтат зуушны “ хутга сэрээг голдуу зуушны тавагны ард, ишийг нь баруун тийш нь харуулан дэвүүр маягаар өрдөг. Эсвэл баруун талд нь ширээний захад нэг эгнээнд юм уу, зуушны тавагны цаана ширээний захтай нэг эгнээнд өрж болдог. Зуушны тавгийг зүүн тийш нь далийлгаж тавьдаг. Амтат зуушны болон жимс идэхэд хэрэглэдэг хэрэгслүүдийг зууштай зэрэг өрөхөд буруудах юмгүй. Учир нь зууш өгөх үед ширээг цэвэрлэсэн байх учир амтат зуушны хэрэгслүүд үндсэн хэрэгслүүдийн зайг эзэлдэг гэж болно.

БАЯРЫН ШИРЭЭНИЙ ДАРС, ХУНДАГА

Баярын ширээг оргилуун дарсгүйгээр төсөөлөхийн аргагүй. Хамгийн өндөр, гоёмсог хундаганд оргилуун дарс хийдэг. Ер нь дарсны төрлөөс шалтгаалж дарсны хэрэгсэл хундагыг сонгоно. Тухайлбал,чихэрлэг болон амтат дарсанд алтан зул хэлбэртэй боловч арай том хэмжээтэй, амсар нь өргөн хундага сонгох жишээтэй. Харин цагаан дарсны хувьд өндөр, том хэмжээтэй хундага байдаг гэнэ. Ундаа хатуу байх тусам хундага багасдаг. Шарзны /конъяак/ тухайд дээгүүрээ нарийхан том хэмжээтэй хундаганд хийж уудаг бөгөөд үнэр нь илүү сайн мэдрэгддэг аж. Ундаа жимсний шүүсний хувьд зузаан ёроолтой тэгш хэлбэртэй шилэн аягыг хэрэглэдэг бөгөөд хоолны хэрэгслүүдийн баруун талд байрлуулдаг. Хундагануудыг хэрэглэх дарааллын дагуу байрлуулдаг. Харин шар айрагны хундагыг тусад нь тавиур дээр тавьж өгдөг байна.

БАЯРЫН ХООЛНЫ ЦЭС

Таны зочломтгой зан, зууш хоолны тоогоор бус, харин хоол ундны сонголт, бэлтгэсэн байдал , ширээний үзэмжтэй засалтаар илэрдэг. Айл гэрийн эзэгтэй бүрт гарын хоол гэж байдаг. Түүнийгээ баярын цэсэнд оруулбал зочдод тань илүү таалагдах болно.

ШИРЭЭГ ХООЛООР ЧИМЭГЛЭХ

Ширээг хоол зуушаар чимэглэх нь хэцүү зүйл биш. Зөвхөн хурц иртэй хутга бага зэрэг уран сэтгэмж байхад л хангалттай. Жишээ нь, чанасан хиамыг нимгэхэн зүсээд, хоёр гурвыг давхарлаж голоос нь зах руу сэтэлж зүснэ. Дараа нь зүссэн хиамаа дэлгэн хонхорхойд нь төрөл бүрийн ногооны салат, зүсэм улаан лооль өргөст хэмх зэргийг тавьж өгнө. Мөн бага зэрэг өргөст хэмхийг нимгэн ялтас хэлбэртэй гүйцэд биш хэрчээд дараа нь дэвүүр хэлбэртэй дэлгэж, өнгөт байцааны навчаар хясаа хэлбэртэй болгож дотор нь салат, мөөг , мах, вандуй, хийж өгвөл илүү гайхалтай харагдах болно. Ингээд бүсгүйчүүдээ уран сэтгэмжээ ашиглан өөрсдийн зочдоо гайхтал нь тансаг сайхан ширээг засаарай.

Categories
мэдээ нийгэм

Боловсролын багц хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

Төв аймаг боловсролын салбарт “Цахим сургалтын систем”-ийг нэвтрүүлж, анги нийтээр чанартай сургасан багш нарыг урамшуулах, сургалтын чанар үр дүнг улсын дунджаас дээгүүр үзүүлэлтэд хүргэх бодлого, чиглэлийг баримтлан ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргалын санаачилга, дэмжлэгээр Боловсрол шинжлэх ухааны яамны ажлын хэсэгтэй хамтран УИХ-д өргөн мэдүүлсэн “Боловсролын ерөнхий хуулийн төсөл”, “Сургуулийн өмнөх боловсролын тухай”, “Хүмүүнлэгийн боловсролын тухай” хуулийн төслүүдийн хүрээнд Төв аймгийн бүх шатны боловсролын байгууллагын төлөөлөл багш, ажилтан, суралцагч, эцэг эхийн төлөөлөл төрийн болон төрийн бус байгууллагыг оролцуулан “Боловсролын багц хуулийн төслийн хэлэлцүүлэг”-ийг зохион байгуулсан юм.

“Боловсролын багц хууль”-ийн төслийн хэлэлцүүлгийг 48 цэцэрлэгийн 255, Ерөнхий боловсролын 30 сургуулийн 957 буюу нийт 1212 багш, удирдах ажилтан, ажиллагсдыг хамруулан сум, сургууль, цэцэрлэгийн түвшинд, сургалтын байгууллагын удирдлагын түвшинд, бүсийн түвшинд нийт 3 удаа зохион байгуулж, хэлэлцүүлгээс гарсан саналыг нэгтгэн боловсруулж үндэсний хэмжээний цахим хэлэлцүүлэгт танилцуулан, албан тоотоор БШУЯ-ны ажлын хэсэгт хүргүүлэн ажилласан. Дээрх хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэн дүгнэвэл хуулийн төсөлд өөрчлөх, өөрчлөн найруулах, нэмэлтээр оруулах 4 бүлгийн 63 заалт, хасах 4 заалт байгааг тодорхойлжээ.

Categories
мэдээ нийгэм

Алба хаагчдад буцалтгүй тусламж үзүүллээ

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар алба хаагчдын нийгмийн баталгааг хангахад дэмжлэг үзүүлж 5 алба хаагчдад нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж үзүүллээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“MeToo” хөдөлгөөний хамт олонд талархал илэрхийллээ

Охид, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө жендэрийн эрх тэгш байдлыг хангах, ажлын байрны бэлгийн дарамт, хүчирхийлэлгүй орчин бий болгоход идэвх, санаачилга гарган ажилласан “MeToo” хөдөлгөөний хамт олонд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбараас талархал илэрхийллээ.

Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа энэхүү хөдөлгөөнийг санаачлагч Р.Булгамаад Нийгмийн хамгааллын салбарын тэргүүний ажилтан, М.Нарантуяа болон Э.Цэцэгсайхан нарт Хүндэт жуух бичгийг гардууллаа.