Өмгөөлөгч О.Баасанхүүтэй ярилцлаа.
–Та нарын мэдээлснээр Сонгуулийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн гэдэг шийдвэрийг гаргачихлаа. Цэцэд гомдол гаргасан хүмүүсийн нэг нь та байх аа?
-Үндсэн
хуулийн Цэцэд хэсэг бүлэг
хүний зүгээс гомдол гаргасан. Миний
хувьд Э.Эрдэнэжамьян, Х.Сэлэнгэ нартай хамтарч Сонгуулийн хууль Үндсэн хуультай зөрчилдөж байна гэсэн мэдээлэл өгсөн
байгаа. Х.Сэлэнгэ бол МУИС-ийн багш. Үндсэн хуулийн эрх зүйн чиглэлээр нэлээд сайн л даа.
Харин Цэц өчигдөр тойргоос намын жагсаалт руу
гулсдаг заалтыг Сонгуулийн хуулиас аваад хаячихлаа. Гэхдээ иргэдийн зүгээс зөвхөн
энэ заалтын талаар маргаан үүсгээгүй. Сонгуулийн тухай хуулийн маш олон заалт Үндсэн хууль зөрчсөн гэдэг мэдээлэл хүргүүлсэн. Үүнээс зөвхөн
энэ заалтыг нь авч хэлэлцлээ. Цэцэд хандахаас өмнө бид Сонгуулийн хуульд байгаа Үндсэн хуультай харшилдсан
заалтуудыг түүвэрлэн Монголд байгаа Элчин сайдын яамдад өгчихсөн байсан. Чухам ийм заалтуудаас болоод ирэх
сонгуулиар 2008 оны долдугаар сарын нэгэн шиг зүйл
давтагдах вий гэсэндээ олон улсад мэдээлсэн хэрэг. Ингээд Англи, АНУ, Японы
Элчин сайдын яаманд Сонгуулийн хуулийг орон орны хэл рүү хөрвүүлээд өгсөн.
–Элчин сайдын яамныхан юу гэж байна вэ?
-Мажоритараас
намын жагсаалт руу шилждэг заалтыг Японы Элчин сайдын яамныхан их гайхаж байна лээ. Уг нь
тойрогт
ялагдсан
хүнийг намын жагсаалт руу гулсуулах гээд байгаа юм бол тухайн хүнийг
тойрогт
ч нэр дэвшүүлээд, намын жагсаалтад ч бичих ёстой байхгүй юу. Дэлхий нийтийн хандлага нь ийм байдаг юм.
Жишээ нь Батын нэрийг тойрогт дэвшүүлээд, намын жагсаалтад ч бичнэ гэсэн үг. Тэгэхгүй Бат тойрог дээрээ уначихаад намын жагсаалтад нэр нь бичигдсэн Доржийг хасаад оронд нь орж ирэх нь утгагүй. Тэгэхээр Цэц бол маш том зүйлийг шийдвэрлэлээ гэж бодож байна. Төрийн хямралаас сэргийллээ.
–Уг нь 28 хувийн босго давсан нэр дэвшигч намын жагсаалт руу шилжих нь жижиг намуудад парламентад орж ирэх боломж олгоод байсан юм биш үү?
-Ардчилсан
оронд жижиг, том нам гэсэн ойлголт байхгүй. Том гэж өөрсдийгөө нэрлээд байгаа намууд дарангуйлагч гэдгээ батлаад байна л даа. Саяхан бүртгэгдсэн намыг жижиг нам гээд байна. Энэ бол хуульд ч байхгүй ойлголт. Хүнийг эрхэлсэн ажил, шашин шүтлэг, харьяаллаар нь гадуурхдаг Үндсэн хуулийн гажуудал чинь энэ. Цэцэд
УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр очсон хүмүүс намын өмнөөс яриад байгаа нь утгагүй байсан.
–Та нарын үүсгэсэн маргааныг Цэц хангалттай шийдэж өгсөн гэж үзэж байна уу. Өөр зөрчилтэй заалтууд үлдсэн үү?
-Ер нь хангалттай гэж хэлж чадахгүй. Сонгуулийн хуульд Үндсэн хууль байтугай ардчилсан ёсны зарчмыг зөрчсөн заалтууд бий. Энгийн жишээ хэлье. Намуудын мөрийн хөтөлбөрийг төрийн аудитаар хянуулаад баталгаажуулна гэсэн заалт Сонгуулийн хуульд бий.
Энэ нь төрийн байгууллага намуудын мөрийн хөтөлбөрт цензур тавих гэж байна гэсэн үг. Тэгэхээр коммунизмын үеийн төлөвлөгөөний комиссоор оруулдагтай л адил зүйл болох гээд байгаа юм. Харамсалтай нь уг заалтыг Цэц авч хэлэлцсэнгүй. Мөн сонгуулийн саналын хуудсанд намуудыг жагсаахдаа том гэж нэрлээд байгаа намуудыг эхэнд бичээд, жижиг гээд байгаа намуудаа сүүлд жагсаах нь ардчилсан оронд байх ёсгүй зүйл. Орост бол энэ дарааллыг намууд шодож байж гаргадаг шүү дээ. Ийм зарчмаар л явах ёстой.
–Одоо тэгээд Цэцийн дүгнэлтийг УИХ–аар хэлэлцэх байх аа?
–Одоо УИХ Цэцийн дүгнэлтийг 15 хоногийн дотор хэлэлцээд зөвшөөрөх үү, үгүй юу гэдэг шийдвэр гаргана. Зөвшөөрөхгүй гэвэл Цэцийн их суудлын хуралдаан болно. УИХ Цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй гэвэл Сонгуулийн хууль бүхэлдээ хүчингүй болно.
–Яагаад?
-УИХ Цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй бол Үндсэн хуультай харшилсан заалттай хуулиар сонгууль явуулах боломжгүй. Тиймээс хууль бүхэлдээ хүчингүй болно.
–Тэгвэл хуучин хуулиараа явах уу?
-Тэгэхээс
өөр арга байхгүй.
–Гэхдээ хуучин хууль ч хүчингүй болчихсон биз дээ?
-Хууль буцаан хэрэглэх тухай ойлголт бий. Одоо баталсан хуулиа буцаан хэрэглэх үү, эсвэл хуучин хуулиа буцаан хэрэглэх үү гэдэг асуудлыг УИХ өөрөө шийдэх байх.
Эрх зүйн зохицуулалтууд үүснэ л дээ. Ямар ч байсан хуульгүй сонгууль болно гэж байхгүй учраас асуудлыг зохицуулах л шаардлага гарч ирэх байх даа. Ирэх сонгууль аль хуулиар явах нь парламентын гишүүдийн гарт байна.
–Шилжих заалтыг нь хассан Сонгуулийн хууль парламентад суудалгүй намуудад ашигтай харагдаж байна уу?
-Сонгуулийн
тухай хуулийг угаасаа Ардын намынхан зохиосон шүү дээ. 48 гэсэн тоог мэдэж байна уу. Тэр бол Ардын намын 45
гишүүн дээр нэмэх нь гурван бие даагч гэсэн үг байхгүй юу. Харин 28 нь АН-ын гишүүд гэсэн үг. МАНАН өөрсдийгөө парламентад оруулах нарийн зохицуулалтыг ингэж хийсэн юм. Энэ хуулийг нэлээд логиктой хүмүүс бодож боловсруулсныг мэдэж байгаа. Германы Сонгуулийн хуулийг хуулбарласныг нь ч ойлгож байна. Харамсалтай нь энэ
хууль иргэдэд сонголт хийх боломж олгоогүй.
–48:28 гэсэн хувилбар Үндсэн хууль зөрчсөн гэдэг гомдол гаргаагүй юм уу?
-Асуудал
нь тоондоо биш л дээ. МАН, АН-ынхан хуульдаа жинхэнэ пропорционалийн мөн чанарыг гаргаж чадаагүй. Гэхдээ тогтолцооны хэлбэр буруу, зөв болсон гэдэг нь Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүсгэх үндсэн сэдэв биш болчихоод байгаа юм. Тогтолцооны хэлбэр бол парламентын шийдэх асуудал. Пропорциональ хувилбар бол Үндсэн хуульд заасан УИХ-ын гишүүнийг шууд сонгоно гэсэн заалтыг зөрчиж байна гэсэн гомдлыг Цэцэд гаргасан шүү дээ. Гэхдээ маргаан үүсгэж хэлэлцээгүй.
–Долдугаар сарын 1-ний шүүх хурлын асуудлаар ярья. Энэ асуудал нэлээд хурцадмал байдалд байх шиг байна…
-Лхагва гаригийн шүүх хуралд уг нь оролцох ёстой бүх хүн ирсэн шүү дээ. Гэвч шүүгдэгчийн өмгөөлөгч үйлчлүүлэгчээсээ татгалзсан. Тиймээс шүүгдэгчид өөрсдөө өмгөөлөх эрхээр хангаж өг гэсэн хүсэлт тавьсан юм. Ингээд шүүх хурлыг
хойшлууллаа.
–Өмгөөлөгчдөд захиргааны арга хэмжээ авахаар болжээ?
-Би бол хохирогчийн өмгөөлөгч. Гэхдээ энд нэг зүйлийг хэлмээр санагдаж байна.
Одоо манайд шүүх дээр ямар нэг асуудал болохгүй бол өмгөөлөгч рүү дайрдаг жишиг тогтчихлоо.
Даамжирвал
өмгөөлөгчдийн
амь насанд ч халдаж болзошгүй байна.
Өмгөөлөгч
хүн хэзээ ч өөрийнхөө төлөө явдаггүй. Гуравдагч хүний төлөө явдаг. Тийм учраас өмгөөлөгч өөрт байгаа бүх бололцооныхоо хүрээнд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх ёстой. Түүнээс биш зориуд санаатайгаар шүүх хурлыг гацаагаад байна гэдэг талаас нь би харахгүй байгаа.
Ер нь шүүгч мэтгэлцээнд орох ёсгүй шүү дээ. Хоёр талын харилцан мэтгэлцээн,
нотолгоог харж байгаад зөвхөн шударга ёсонд нийцүүлж шийдвэр гаргана. Үнэнд нийцсэн аливаа шийдвэр л шударга байна шүү дээ.
–Та шүүгдэгчдийн өмгөөлөгчдийг хамгаалаад байна уу. Та уг нь хохирогчийн өмгөөлөгч биз дээ. Тэгэхээр хохирогч, шүүгдэгчийн аль талд нь байгаа юм бэ?
-Өмгөөлөгч
гэхээрээ
өмөөрдөг
хүн гэж манайхан ойлгоод байх юм.
Өмөөрүүлэх
гээд байгаа бол аав, ээжийгээ авчраад өмөөрүүл л дээ. Харин өмгөөлөгч хүн гэдэг бол хуулийн хүрээнд ажиллах ёстой. Хохирогчийн эрх ашиг үнэхээр зөрчигджээ.
Үнэхээр
хүний амь эрсэдсэн байна. Эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол амссан байна. Энэ хохирлыг барагдуулахын төлөө өмгөөлөгчийн хувьд би хуулийн хүрээнд л ажиллана. Түүнээс биш аль нэг талд орж, шуурч давхихгүй.
Хохирогчид
шүүх хурал
хийгээч гэж шаардах нь чухал биш. Хуулийн дагуу л явахгүй бол дараа нь дахиад асуудал үүснэ. Өмгөөлөгч нар ч асуудалд сэтгэлийн хөөрлөөр хандсан байж магадгүй. Гэхдээ
үйлчлүүлэгч,
өмгөөлөгч
хоёрын хоорондын харилцаа шүүгчид хамаагүй. Шүүгч түүнийг нь шийдвэрлүүлэх гэж явахаа болих хэрэгтэй. Өмгөөлөгч үйлчлүүлэгчээ өмгөөлөхөөс татгалзаж байгаа нь тэр хоёрын хувийн асуудал. Түүнийг нь
шүүхийн
танхимд
нийтэд зарлаад байх шаардлагагүй байсан.
Тиймээс
би шүүгчид “Таны гаргаад байгаа үйлдэл цаашид өмгөөлөгч хэн нэгнийг
өмгөөлөхгүй гэсэн нь буруу гэдэг жишиг тогтоох гээд байна” гэж хэлсэн. Тэгээд ч өмгөөлөгч авах хуулийн заалтад цагдаа нарын
хэрэг хамаарахгүй.
Онц хүнд гэмт хэрэг байсан бол өөр хэрэг. Ийм үед шүүгч “Чи өмгөөлөгч ав. Чи тэрийг өмгөөл” гээд санаа зовж хэлэх ёстой.
–Энэ онц хүнд гэмт хэрэг биш юм уу. Гэмгүй таван хүнийг хороочихоод байхад онц хүнд гэмт хэрэг биш гэж үү?
-Биш шүү дээ. Энэ бол хүнд гэмт хэрэг. Хар ухаанаар тайлбарлахад цаазаар авах ялгүй гэсэн үг. Гэхдээ шүүхийн шийдвэр гараагүй байхад би ямар нэгэн дүгнэлт өгөх эрхгүй. Тодорхой мэдээлэл өгөх ч ёсгүйг ойлгоорой. Үнэхээр Батсүх хурандаа хүн буудсан юм бол яагаад хүн алсан гэдэг ангиар
зүйлчлэгдэхгүй
байгаа юм. Эсвэл Батсүх хүн буудаагүй юм бол түүнийг хүн буудсаныг хэлээд байгаа нөхөр гүтгэсэн хэргээр яллагдахгүй байна. Ийм ойлгомжгүй зүйлүүд энэ хэрэг дээр гараад байна гэдгийг хуульч хүнийхээ хувьд би хэлнэ.
–Буудсан гэж шүүгдээд байгаа цагдаа нар тушаал өгсөн хүнээ нэрлэчихвэл болох гээд байгаа юм биш үү?
-Цагдаагийн
байгууллагад
буудах тушаал гэж байхгүй. Буудах эрх гэж бий. Энд нэг зүйлийг
хэлье. Галт зэвсэг хэрэглэж болохгүй гээд Үндсэний аюулгүй байдлын зөвлөлөөс журам гарчээ. Гэтэл цагдаагийн удирдлагууд үүнийг биелүүлэхгүй галт зэвсэг хэрэглэсэн байна. Тийм учраас тэднээс “Яагаад журам мөрдсөнгүй” гээд шүүж байгаа юм. Гэтэл би үүнээс эсрэг зүйл бодоод байгаа л даа.
Галт зэвсэг хэрэглэхгүй гэсэн ҮАБЗ-ийн журам батлагдсан юм уу, үгүй юу гэдгийг үзье гэсэн хүсэлт тавиад байгаа байхгүй юу. Харамсалтай нь төрийн нууцыг үзүүлэхгүй гэсэн. Заавал шаардлагатай гэвэл нууц задлахгүй гэсэн гарын үсэг зур гээд байгаа юм л даа.
Хараагүй
зүйлийнхээ
төлөө би юу гэж баталгаа өгөх
вэ дээ.
Харин хурал дээр яригдсан нууц зүйлийг иргэн хүнийхээ хувьд хариуцна гэсэн баталгаа өгч байгаа.
Төрийн нууц гээд байгаа тэр журмыг харчихвал миний хувьд хэд хэдэн асуулт гарч ирэх гээд байгаа юм.
Хэн журам гаргав гэдгээс эхлээд шүү дээ. Гэвч түүнийг
үзээгүй
учраас энэ тухай тааж хэлж болохгүй байна.
Журмыг хэн ч үзээгүй, хараагүй хэрнээ цагдаа нарыг журам биелүүлээгүй гээд байх нь бас дутагдалтай байна. Ер нь бол
Онц байдлын тухай хуульд галт зэвсэг тараахгүй гэсэн заалт байдаг. Гэтэл буу тараасан гэдгээ цагдаа нар хүлээн зөвшөөрчихсөн. Ингээд хүний амь эрсэдчихсэн байна. Би бол хавтаст хэрэг дээр гарсан зүйлийг яриагүй шүү. Зөвхөн хэвлэл мэдээллээр гарч байгаа зүйлийг хэлж байна. Долдугаар сарын нэгэнд төр хохироогүй. Төр сайн дураараа хохирсон юм.
–Яаж?
-Төр Ардын намд 11 тэрбум төгрөг өгч, сайн дураараа хохирсон шүү дээ.
–Бас ард түмэн хохирсон…
-Тэгж хавтгайруулж ойлгож болохгүй. Иргэд хохирсон юм. Үүний гол буруутан нь хоёр нам. Тэд сонгууль будлиантуулсан. Түүнийг нь шалгая гэхээр айсандаа
эвсчихсэн шүү дээ. Р.Бурмаа гэдэг хүний шүүхээр тогтоолгосон үнэн энэ бүхнийг батлаад байна. Эцэст нь цагдаа ч байна уу, тагнуулынхан ч байна уу аль нэг нь хүн буудсан бол түүнд
төр өөрөө буруутай. Тийм учраас төр юун түрүүнд хүмүүсийг
буруутгахаасаа
өмнө хохирсон иргэдээсээ
уучлалт
гуйх хэрэгтэй. Энэ нь зөвхөн зурагтаар уучлал гуйхыг хэлэхгүй. Хохирсон иргэдийн амьдралыг дээд зэргээр харж үзэж,
уучлал гуйх хэрэгтэй. Түүнээс биш шүүх хурал болохдоо л болно.
–Таны ярьж байгаагаас харахад энэ шүүх хурлаар буруутныг олж, хэн нэгнийг шүүх ёсгүй юм уу?
-Үгүй ээ. Буруутныг олж тогтоогоод яллах ёстой.
Эрүүгийн
хуульд заасан заалт зөрчигдсөн бол хэнийг ч яллах ёстой. Иргэдийг хохироосон этгээд гарч ирнэ.
–Шүүх хурал эхлэх үед цагдаагийнхны гаргасан авир нь төр бол юу ч биш гэдгийг харуулаад авсан. Энэ талаар юу хэлэх вэ?
-Маш буруу юм болсон шүү дээ. Дээрээс нь тэр Сүхбаатар дүүргийн эмнэлэг байна. Миний ээж сэхээнд байхад намайг тэнд хоёр хонуулаад л хөөгөөд гаргаж байсан даа, тэр эмнэлэг. Гэтэл тэнд цагдаа нар хэд хоног суучихав аа. Тэгж болохгүй л дээ. Монголд зөвхөн нэг цагдаа чихрийн шижин өвчтэй биш шүү дээ. Харин манай хохирогчид алдаа гаргаад байгаа хүмүүс шиг биш.
Энд тэнд очиж жагсаал хийж, төрийн ажлыг явуулахгүй гэж хэлээгүй. Шүүх хурлыг нээлттэй явуулж, гэрч, хохирогч, шүүгдэгчид юу ярихыг Монголын ард түмэн ил тод харах ёстой. Ингэж байж хэрэг үнэн зөвөөр шийдэгдэнэ шүү дээ.
Я.МӨНГӨНЦЭЦЭГ