Categories
мэдээ нийгэм

Жилд 300 гаруй хүүхэд мориноос унаж эмнэлэгт ханддаг

-Олон жил морь унасан хүүхэд үргүйдэх аюултай гэнэ-

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс энэ жил “Хурдан морины хаврын уралдаан дахь хүүхдийн эрх” нэртэй судалгааг унаач хүүхэд, тэдний эцэг эх, уяач, багш, эмнэлгийн ажилтны дунд явуулжээ. Судалгааны тайлан мэдээллийг өчигдөр танилцуулж, холбогдох албаныхны дунд энэхүү судалгааны талаар хэлэлцүүлэг явууллаа.

Хурдан морины өвлийн уралдаан нь унаач хүүхдүүдийн эрхийг ноцтой зөрчиж, тэдний эрүүл мэнд амь насанд сөргөөр нөлөөлж буй хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр болох талаар манай сонин өмнө нь удаа дараа бичиж байсан билээ. Үүний үр дүнд хуулийн болон хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага, мэргэжлийн холбооны зүгээс эл асуудлыг анхааралдаа авах болсон. Мөн өвлийн цагаар бага насны хүүхдээр хурдан морь унуулах нь хүүхдийн аюултай хөдөлмөр эрхлэлт гэж үзэн өвлийн уралдаанд хязгаарлалт тавих болсон билээ. Гэвч олон улсын болон үндэсний хууль тогтоомжоор яг хурдан морины унаач хүүхдүүдэд хандсан тусгайлсан эрх зүйн зохицуулалт байдаггүй. Түүнчлэн манай улс 1990 онд НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцид, 2001 онд Олон улсын хүүхдийн байгууллагын Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах тухай конвенцид нэгдэн орсон хэдий ч төр засгаас хүлээсэн үүргээ хангалттай хэрэгжүүлж чадахгүй байгаагийн улмаас өвөл, хаврын хахирган цагаар хүүхдээр хурдны морь унуулж, тэдний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа жишээнээс харж болно. Мөн энэ чиглэлийн нэгдсэн судалгаа ч өдгөө хүртэл байдаггүй аж.

“Хурдан морины хаврын уралдаан дахь хүүхдийн эрх” судалгааны тайлан

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн судалгааны багийн ажилтнууд энэхүү судалгаагаа хурдан морины уралдаан хамгийн их болдог Төв аймгийн Зуунмод Зүүндэлгэр, ХУД-ийн Өлзийт хороолол, Налайх хот, Булган, Хэнтий, Сүхбаатар аймгуудийн морь унаач хүүхдүүд, уяач, эцэг эх, эмч, багш нарын дунд явуулжээ.

Судалгаанд 529 хүүхэд, 120 уяач, уяач хүүхдүүдийн эцэг эхийн төлөөлөл болж 67 хүн, 15 эмч, эмнэлгийн ажилтан 85 багш нийгмийн ажилтан болон энгийн иргэд оролцсон байна. Үүнээс хурдны морь унаач хүүхдүүдээс авсан судалгаан дээр үндэслэн дараах ьмэдээллийг танилцуулсан юм.

Судалгаагаар хурдны морь унадаг хүүхдүүдийн дийлэнх хувь нь 10-17 насны хүүхэд байдаг бөгөөд 64 хувь нь 10-15 настай аж. Үүнээс 95,6 хувь нь эрэгтэй хүүхэд юм. Тэдний 68.4 хувь нь 5-7 наснаасаа хурдан морь унаж эхэлсэн хэмээн хариулсан байна. Уралдаан болон бэлтгэлийн үед хаана байдаг вэ гэсэн асуултад дийлэнх нь хамаатан садан болон уяачийндаа байдаг хэмээн хариулсан бол хэний морийг унадаг вэ гэсэн асуултад хамаатан садны болон уяачдынхаа морийг унадаг хэмээн ихэнх хэсэг нь хариулжээ. Судалгаанаас аав, ээж хамаатан садныхаа морийг унаж байгаа хүүхэд цалин, шан харамж авдаггүй бол уяачдын морийг унаж байгаа хүүхдүүд тодорхой хэмжээний мөнгө авдаг гэжээ. Ихэвчлэн төвийн бүсэд хүүхдүүдийг мөнгөөр морь унуулдаг аж.

Харин багш, нийгмийн ажилчдаас авсан судалгаанаас үзэхэд унаач хүүхдүүдийн дийлэнх нь ар гэрийн байдал дунд буюу дундаас доогуур, хүүхдэдээ зориулах анхаарал халамж тааруу айлуудын хүүхдүүд байгаа нь харагдсан байна. Тэдгээр хүүхдүүд сургууль завсардсан тохиолдол бага хэдий ч ихэнх нь хичээлийн хоцрогдолд орж, “С”-ээс доогуур үнэлгээтэй суралцан, үеийнхнээсээ сэтгэхүйгээрээ муу байгаа нь багш нарын өгсөн судалгааны хариултаас ажиглагджээ. Сэтгэлзүйн хувьд уралдаан бэлтгэл сунгааны үеэр хамаатан садан тэр дундаа уяачийндаа байсан хүүхдүүд нь сэтгэлийн дарамттай, өөртөө итгэлгүй, дур мэдэн шийдвэр гаргах эрхгүй болсон байдаг аж. Харин гэртээ байсан унаач хүүхдүүд нь харьцангуй өөртөө итгэлтэй, морь унадгаараа бахархдаг, өөрийгөө өндрөөр үнэлдэг болохыг сэтгэл судлаачид мэдэгджээ.

Улирлын тухайд судалгаанд хамрагдсан 529 хүүхдээс 299 нь зөвхөн зун уралдах гоё гэсэн хариулт өгчээ. Уралдахад хамгийн хэцүү нь өвөл, хаврын улирал гэж хүүхдүүд хариулсан байна.

Харин хамгаалалтын хувцас, хэрэглэл өмсдөг үү гэсэн асуултад уралдаан болон бэлтгэл сунгааны аль алинд өмсдөг гэж 178 хүүхэд хариулсан бол, зөвхөн уралдааны үеэр өмсдөг гэж 367 хүүхэд хариулт өгчээ. Уралдаан болон бэлтгэлийн үеэр бэртэж байсан эсэхийг тодруулахад 331 хүүхэд бэртэж байгаагүй гэсэн бол үлдсэн хэсэг нь тодорхой хэмжээнд бэртэл авч байсан ч ялимгүй гэмтэл байсан учраас тэр бүр эмнэлгийн байгууллагад хандаж байгаагүй гэсэн байна. Тэд ихэвчлэн толгой тархиа доргиох, хөл гараа бэртээх, хацраа хайруулах, шалбалах зэрэг бэртэл авдаг аж.

Замын халтиргаа, гулгаа, уралдааны тоосноос зам харагдахгүй байх, нүх рүү мориных нь хөл орох зэрэг шалтгаанаас хүүхдүүд унаж бэртдэг байна.

Эмч нарын өгсөн судалгаанаас зургаагаас наймдугаар сард хамгийн их хүүхэд бэртэж ирсэн гэжээ. Энэ нь тухайн уралдааны цар хүрээнээс болдог байна. Харин иргэдийн дийлэнх хэсэг нь өвөл, хаврын морин уралдаан бол хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр мөн гэж хариулсан бол хурдан морь унах насны тухайд 7-9 нас хамгийн тохиромжтой гэжээ. Хавар морь уралдуулах нь зохимжгүй гэдэгтэй иргэдийн 71 хувь санал нэгджээ.

“Хурдан морины хаврын уралдаан дахь хүүхдийн эрх” судалгаанаас өвөл болон хаврын улиралд хүүхдээр морь унуулах нь олон сөрөг үр дагавартай юм гэдэг нь ийн харагдаж байна.

Судалгааг гаргаад байгаа ч нэгдсэн тайланг хараахан боловсруулж, ажил хэрэг болгоогүй байна гэдгийг албаны хүмүүс онцолж байв.

Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг иргэд, уяачид хаврын морин уралдааныг үндэсний соёл, ёс уламжлал нэрээр их халхавчилдаг. Гэвч Монгол Улсын Үндэсний архивын газар хадгалагдсан мэдээгээр хавар уралдаан зохион байгуулж байсан уламжлал байгаагүй гэдэг нь харагдаж байна. Иймээс ерөнхий хаврын уралдааныг бүр мөсөн болиулах нь зүйтэй юм гэдгийг хэлж байлаа.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Уламжлалаа үргэлжлүүлэх нь чухал хэдий ч хүүхдийн эрхийг зөрчихгүйгээр хэрхэн хуульд тусгавал зөв зүйтэй талаар хэлэлцэж байна. Ялангуяа өвөл, хаврын уралдааныг явуулахгүй байх хэрэгтэй гэдэгт УИХ-ын гишүүд болон морь уяач холбооны гишүүд санал нэгтэй байгаа” гэв.

Манай улсын хүүхдийг морь уралдуулах нь тэвчишгүй хөдөлмөр мөн юм гэсэн зүйл заалт байхгүй хэдий ч Засгийн газрын 2011 оны 303 дугаар тогтоолын хавсралтаар хүүхдийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний хөтөлбөрийг боловсруулан баталсан байдаг. Энэ нь Монгол Улсад хурдан морь унахыг хүүхдийн тэвчишгүй хэлбэр гэж хүлээн зөвшөөрч байгаа илрэл хэмээн албаныхан мэдэгдэж байв.

Олон жил морь уралдсанаар хүүхдэд ямар хор хөнөөлтэй талаар Анагаахын шинжлэх ухааны тэнхимийн эрхлэгч, дотрын эмч доктор н.Баясгалан ярьсан юм. Тэрбээр “Морь унаснаар механик гэмтлээс гадна, дотор эрхтэн, арьс нүүрэнд хэрхэн нөлөөлж байгаа талаар нэгдсэн судалгаа байдаггүй. Хэдий тийм ч бага насандаа уралдааны морь унаж байсан гэх бөөр, давсагны өвчлөлтэй хэд хэдэн хүн хандаж байсан. Хүүхэд олон жил морь унаснаар бөөр унжих, шээсний сувагт механик гэмтэл үүсч, мөн төмсөгт бичил судасны хагарал үүсч яваандаа үргүйдэлд хүрэх аюултай. Ганцхан хамгаалалтын хувцас хэрэглэл өмссөнөөр эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлж чадна гэсэн баталгаа байхгүй” гэж байв.

Хэлэлцүүлгийн үеэр манай оронд унаач хүүхдүүдийн бэртэл, эндэгдэл хэр их байгаа талаар мөн мэдээлэл өгсөн юм. ГССҮТ-өөс өгсөн мэдээллээр 2012-2014 оны хооронд ойролцоогоор жил бүр хоёр хүүхэд мориноос унасны улмаас амиа алддаг аж. Мөн жилд дунджаар 300-320 гаруй хүүхэд мориноос унаж бэртэн, түүнээс 180-220 гаруй хүүхэд нь хүнд хэлбэрийн бэртэл авч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг байна. Бэртэж гэмтсэн хүүхдүүдийн 36-48 нь эрэгтэй хүүхэд бөгөөд санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж ч чадахгүй долоо хүртэлх насны балчир хүүхэд 67 байжээ. Ийм балчир хүүхдүүдийг адгуус амьтны нуруун дээр суулгачихаад бэртээж байгаа нь яах аргагүй томчуудын буруу юм. Эдгээр гэмтэж бэртсэн хүүхдүүд нь зөвхөн Төв, Булган зэрэг нийслэл хоттой ойрхон аймгуудаас ирсэн хүүхдүүд болохыг ГССҮТ-ийн эмч нар хэлж байв. Бусад аймаг, сумдад хичнээн тооны хүүхэд ийм шалтгаанаар бэртэж байгаа нь тодорхойгүй аж.

Хэлэлцүүлгийн үеэр нэгдүгээрт хаврын уралдааныг хориглох, уралдааны хүүхдийн насыг дор хаяж 12-оос дээш болгох мөн уралдааны замыг стандартын болгож өгөх нь чухал юм байна гэсэн асуудлуудыг дэвшүүлэн хэлэлцлээ. Мөн энэхүү судалгаан дээр үндэслэн тодорхой зөвлөмж, тогтоомж гаргах нь нэн даруй шийдэх асуудал мөн гэж байв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Р.Жигжид: Гацууртын ордын хувийг яаралтай тогтоохгүй бол алтыг нь хууль бусаар ухаад дуусах нь

Уул уурхайн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурал өчигдөр боллоо. Тэд эхлээд Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг УИХ-аар хэлэлцүүлэхээр болсныг дуулгав. Мянга орчим ажлын байр бий болгох Гацууртын ордын баталгаат нөөц нь 50 тонн бөгөөд ашиглалтад ороход бэлэн болсон төсөл юм. Гацууртын алтны үндсэн ордын төрийн хувь хэмжээг 34 хувь байхаар, ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг гурван хувь байхаар тохирчээ. Алтны үнээс хамаарч гурван хувийн татвар өөрчлөгдөж болох гэнэ. Өөрчлөхөөр бол Засгийн газар шийдвэр гаргах юм байна. Анхны санхүүжилтийн дээд хэмжээ 350 сая ам.доллар байсныг 230 сая болгож буулгаснаа яамны зүгээс мэдээллээ.

Уул уурхайн сайд Р.Жигжид “Сүүлийн саруудад бичил уурхай эрхлэгчид энэ орд руу хамаа намаагүй дайрч байна. Байнгын хороод асуудлыг хойш тавьсан өнгөрсөн хугацаанд бидний хамгаалах гээд байгаа энэ газрыг гар аргаар алт олборлогчид сэндийчих боллоо. Тэнд хууль бус үйл ажиллагаа газар авчихаад байна. Ямар ч зүйлийг хуулийн дагуу хийх ёстой. Ном ёсоор нь технологийн дагуу олборлодог, улс оронд холбогдох татвар хураамжийг төлдөг, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлдэг байх өгөөжийг нь бодож энэ асуудлыг өргөн барьж байгаа” хэмээн ярилаа.

Цагаан суваргын ордыг түшиглэж байгуулах уулын баяжуулах үйлдвэрийн төслийн ажлыг урагшлуулах гэрээний талаар ч Р.Жигжид сайд мэдээлэлдээ онцолсон. Цагаан суваргын төсөл хэрэгжээд эхэлбэл 1100 ажлын байр бий болгож, улсын төсөвт жилд дунджаар 185 тэрбум төгрөг төвлөрүүлэх юм. Ашигт малтмалын 538 хайгуулын тусгай зөвшөөрөл олгожээ. Аймгийн засаг даргаас санал авахаар бэлтгэж байгаа 562 өргөдөл байгаа аж. Одоогоор 16 талбайд аж ахуйн нэгжүүдээс санал ирүүлээгүй байгаа гэнэ. Энэ сарын 14-ний өдөр есөн талбайд сонгон шалгаруулалт зарлажээ. Сонгон шалгаруулалтын саналыг ирэх сарын 18-ны өдөр хүртэл хүлээж авах юм байна.

АМГ оны эхний есөн сарын байдлаар 33.1 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Харин Газрын тосны газар 132.4 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлсэн байна. Уул уурхайн яам нийтдээ 165.5 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлснээ дуулгав. Яамны ирэх оны төсөвт төвлөрүүлэх орлогыг 272.2 төгрөгөөр тооцсоныг Сангийн яам 302.2 тэрбум төгрөг болгож УИХ-д өргөн барьжээ.

Оны эхний есөн сарын байдлаар 16.6 сая тонн нүүрс, 10 тонн алт, 868.1 мянган тонн газрын тос олборложээ. Нүүрсний үнэ он гарснаас хойш хорин хувь унажээ. Ирэх жил ч унах таамаг голлож байгаа гэнэ. Олборлолт хийж байсан ганц компани болох “Эрдэнэс Таван толгой” олборлолтоо зогсоосон байна. Учир нь тус компанийн агуулахад олборлоод бэлэн болгочихсон 2.5 сая тонн нүүрс байгаа аж.

Алт олборлолтыг дэмжихэд зориулсан санхүүжилтийн асуудал шийдэгдсэн гэсэн мэдээг Р.Жигжид сайд дуулгалаа. Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч, Уул уурхайн сайдын хамтарсан тушаал гарчээ. Одоо Монголбанк, арилжааны банкууд, аж ахуйн нэгжүүдийн гэрээ хэлэлцээр байгуулах ажил үлджээ. Сангийн яамтай хоёр талын тохироо хийх ажлууд явагдаж байгаа гэнэ.

шатахууны үнийг буулгахгүй гэв

Шатахууны сарын нөөц байна гэж яамнаас мэдээллээ. Тодруулж хэлбэл нефть импортлогч компаниуд 84720 тонн шатахуун нөөцөлжээ. Дэлхийн зах зээл дээр өнгөрсөн жилийн наймдугаар сараас нефтийн үнэ буурч эхэлсэн. Ноднин өдийд нефтийн үнэ 70 орчим ам.доллар байжээ. Өнгөрсөн жилийн наймдугаар сард 100 гаруй ам.доллар байж. Харин өнөөдөр 50 орчим ам.долларт хэлбэлзэж байгаа аж. Уул уурхайн сайд Р.Жигжид ирэх онд дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурахгүй, харин арав гаруй хувиар өснө гэсэн мэдээ дуулгалаа. Японы “Сожиц” корпорацийн судалгааны төвийнхөн ирэх онд нефтийн үнэ буурахгүй, 13-14 хувь өснө гэж таамагласан гэнэ. Газрын тос боловсруулах үйлдвэр барих асуудал юу болсныг сонирхоход Р.Жигжид сайд одоо олборлож байгаа газрын тосны хэмжээ хүрэхгүй гэсэн хариу өглөө. Дор хаяж жилдээ таван сая тонноос илүү хэмжээний газрын тос олборлож байж томоохон үйлдвэр ажиллуулбал ашигтай гэсэн тооцоо байдаг аж. Харин Аж үйлдвэрийн яам бага оврын газрын тос боловсруулах үйлдвэр барих чиглэлээр ажиллаж эхэлжээ. Зүүн болон говийн бүсэд тус бүр нэг жижиг үйлдвэр барих ажлын судалгаа эхэлсэн гэсэн мэдээг Р.Жигжид сайд дуулгасан юм.

Хэвлэлийн хурлын дараа Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Хайгуул дажгүй явагдаж байгаа нь газрын тосны салбар. Хэчнээн төсөл хэрэгжиж байна. Хөрөнгө оруулалтын хэмжээ нь хэчнээн долларт хүрсэн бэ?

-Бид бүтээгдэхүүн хуваах 24 гэрээтэй ажиллаж байгаа. Энэ жил гурван бүтээгдэхүүн хуваах гэрээ, нэг эрх үүрэг шилжүүлэх гэрээ хийсэн. Газрын тосны хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаас хойш хөрөнгө оруулагчдын сонирхол эрс нэмэгдсэн. Хайгуулын ажил ч энэ жил нэлээд эрчимжлээ. Энэ онд газрын тосны хайгуултай холбоотой үйл ажиллагаанд 80 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт төлөвлөгдсөн. Ажлууд нь үргэлжилж байна. Жишээ нь саяхан баруун хязгаарт хоёр цооног өрөмдлөө. Үр дүн нь хараахан гараагүй байгаа. Урд талд Өмнөговийн нутагт бас нэг цооног өрөмдсөн. Зүүн талд нэг цооног өрөмдлөө. Зүүн талд Хөх нуур XVIII талбайд тосны илрэл байгаа. Цаашдаа цаг хугацаа, хөрөнгө мөнгө нэлээд шаардсан ажлууд л даа.

-Ирэх жил газрын тосны салбарт хайгуулаар хэчнээн ам.доллар орж ирэх төсөөлөл байна, таамаг тооцоо хэлэх боломжтой юу?

-Одоогоор хэлэхэд эрт байна. Оны төгсгөл рүү компаниуд дараа жилийн ажлын төлөвлөгөөгөө ярилцдаг. Ер нь цагаан сарын өмнө хэчнээн ам.доллар зарцуулах нь тодорхой болчихно.

-Дажгүй нөөц илрэх магадлалтай ордууд байна уу?

-Газрын тосны хайгуулын ажил хатуу ашигт малтмал шиг хурдтай явдаггүй. Хайгуулын хугацаа 5-8 жил. Цаашаа хоёр жилээр сунгах нөхцөл олгодог. Ер нь их хугацаа, хөрөнгө хүч, мэдлэг шаардсан ажил. Соко компани 1993 онд анх Тамсагийн сав газарт гэрээ хийж байлаа. 1997 онд тос олж, П.Очирбат Ерөнхийлөгч энгэрээ мялааж байлаа. Түүнээс хойш туршилтын олборлолт явсаар байгаад 2005 онд “Петрочайна” гэдэг компани эрх үүргийг нь шилжүүлж аваад өнөөдөр л хэдэн сая тоннд хүрч байна. Цаг хугацаа шаарддаг ийм онцлогтой салбар. Үр дүнд хүрэх гээд явж байгаа компани бий. Гэхдээ яг энэ нь орд болчихоор байна гэсэн дүгнэлт, таамаг хэлэхэд эрт.

-Газрын тосны олборлолт, экспортын хэмжээ ямаршуухан байна. Төлөвлөсөндөө хүрэх нь үү?

-Төлөвлөсөн үйлдвэрлэлийн хэмжээ сайн байгаа. Энэ жил нэг сая 50 мянган тонныг олборлож экспортлох ёстой. Одоогоор 900 гаруй мянган тонныг олборлосон. Экспортолсон хэмжээ нь 860 гаруй мянган тонн. Газрын тосны экспортоос энэ жил төсөвт 286 тэрбумыг төвлөрүүлэх даалгавар авсан. Харамсалтай нь нефтийн үнэ унаснаас болж гучаад хувиар тасрахаар байгаа. Гэхдээ оны төгсгөл рүү 200 орчим тэрбум руу орчих болов уу. Ирэх онд бид экспортоос 260 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлэх даалгавар авсан.

-Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ уначихаад байхад манайд шатахууны үнэ буухгүй нь гэсэн шүүмжлэл хүчтэй сонсогдож байна. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

-Сүүлийн хоёр сард баррель нефть 47-50 ам.долларын хооронд хэлбэлзээд байна л даа. Бүр үүнээс ч дээшээ гарсан үе бий. Ирэх жилийн прогнозыг маш анхааралтай ажиглаж байгаа. Олон орны экспертүүд дүгнэлт хийж эхэлсэн. Буурах хандлагатай гэж хэлэх хүн алга. Энэ нь ч үндэстэй. Хэрвээ буураад эхэлбэл хайгуул олборлолтын үйл ажиллагаа доголдоод эхэлдэг. Олон цооног хаагдана. Буурна гэдэг мэдэгдлүүдийг гайхаж байна. Тэгэхээр газрын тосны үнийг тогтвортой байлгах нь зөв. Онцгой албан татвар нэмчихээр нэг хэсэг нь төсөвт орж байгаа. Цаашдаа сан байгуулъя гэсэн байр суурь бий. Нөөцөө бүрдүүлэхээс эхлээд хийх ажлууд өчнөөн байгаа шүү дээ. Жижиглэнгийн үнэ огцом өсвөл нөөцөөсөө зохицуулбал эдийн засагт савлагаа үүсэхгүй. Түүнээс биш шууд л төсвийн онгорхой цоорхойг нөхөж байна гэж ойлгож болохгүй. Үнийг тогтвортой байлгах зөвлөл гэж ажилладаг. Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн дарга ахалсан зөвлөл. Бид ярьж байгаад шийдлээ гаргадаг. Зөвлөл ажилласнаар өчнөөн давуу тал бий болсон. Өнгөрсөн хоёр, гурван жилийн хугацаанд шатахууны нийлүүлэлтийг тогтвортой, найдвартай болголоо. Зах зээлийн үнээр тооцдог болсон. Маргааш, дараа сард шатахуун ямар үнэтэй байх бол гэж айж, сандрах хэрэггүй болсон гээд яривал давуу тал олон бий. Том нийлүүлэгчтэй нэг цонхоор харьцдаг болсноор их хэмжээний валютын урсгалыг хэмнэсэн. Өмнө нь бид жилдээ нэг тэрбум тав, зургаан зуун сая орчим долларыг нефть бүтээгдэхүүн худалдаж авахад зарцуулдаг байсан. Энэ жил шатахууны үнийн бууралт, зах зээлээс шалтгаалаад 750 орчим сая ам.доллар зарцуулах болов уу гэсэн хүлээлт байна.

-Сая уул уурхайн сайд “Сожиц”-ын судалгааны багийн тооцоогоор газрын тосны үнэ ирэх онд арав гаруй хувь өснө гэсэн таамаг хэллээ. Өөр ямар газар ийм таамаг хэлж байна вэ?

-Дэлхийн нефтийн үнэ ханшийг судалдаг ийм байгууллагуудын тооцоон дээр суурилж томоохон гэрээнүүд хийгддэг. Жишээ нь Плацийн судалгаанууд байна. Ийм судалгаануудын талаарх мэдээллийг бид байнга авдаг. Ер нь ирэх жилийн таамаг бага зэргийн өсөлттэй гэж гарч байгаа. Дунджаар арав орчим хувь өснө гэсэн таамаг голлож байна. Өнөөдрийн байдлаа аваад үзье. 47-50 байна гэж ярьж байна. Гэтэл долоо хоногтоо 5-8 хувь өсөөд, эргэж 5-8 хувь буугаад байх жишээний. Тогтворгүй савлагаатай байна гэсэн үг. Бид энэ савлагааг нь дагаад хөдлөөд байвал ард түмэн, эдийн засгаа савлуулна. Дундуур нь барих гэж хичээж байна.


Categories
гадаад мэдээ

ОХУ-ын 200 гаруй зорчигчтой онгоц сүйрчээ

ОХУ-ын 200
гаруй зорчигчтой онгоц Синайн хойгийн төв хэсэгт сүйрсэн тухай Египетийн
Засгийн газрын төлөөлөгч мэдээлэв. Онгоц хөөрснийхөө дараа 23 минут болоод Кипр
дэх агаарын хяналтын төвтэй холбогдох ёстой байсан ч сураггүй болсон гэнэ.
Airbus A-321 загварын онгоц Улаан тэнгис дэх Шарм эль-Шэйх амралтын газраас
хөөрч Санкт-Петербург хотыг чиглэн нисэж байжээ. Оросын нислэгийн хяналтын
Росавиация байгууллагын мэдээлснээр 9268 дугаартай нислэгийн онгоц Москвагийн
цагаар 06:51 цагт Шарм эль-Шэйхээс хөөрч Санкт-Петербургийн Пулково онгоцны
буудалд 12:10 цагт буух байжээ. Онгоцыг Оросын Когалымавиа компани эзэмшдэг юм
байна. 217 зорчигч, онгоцны багийн гишүүн 7 хүн явжээ. Ихэнх зорчигч нь Оросын
жуулчид байсан гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Д.Ганбат: Ирэх долоо хоногоос ял эдэлж байгаа хүмүүс гэртээ харина

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, Өршөөлийн хуулийг зохион байгуулах комиссын дарга Д.Ганбатаас дараахь тодруулгыг авлаа.

-Өршөөл үзүүлэх хууль пүрэв гаригт батлагдсан. Ял эдэлж буй хичнээн хүнийг хэзээ суллах вэ?

-Ял эдэлж байгаа 1600 орчим хүн суллагдана гэж байсан бол батлагдсан хуулиар 2500 орчим хоригдол суллагдахаар байна. Өнөөдөр өршөөл үзүүлэх ажлын хэсгийн комисс хуралдсан. Ирэх долоо хоногоос ял эдэлж байгаа хүмүүс суллагдан гэртээ харина. Хөрөнгө мөнгийг нь шийдвэрлэсэн. Ер нь ирэх 10 хоногийн хугацаанд эдгээр хүмүүс гэртээ харина.

-Хуулийн хэрэгжилтэд улсын төсвөөс хэчнээн төгрөг зарцуулж байгаа бол?

-Ерөнхий сайдын нөөц хөрөнгөөс 130 сая төгрөг шийдүүлсэн.

-МАХН-ын дарга Н.Энхбаярт зориулж Өршөөлийн хууль баталж байна гэх хардлага байсан. Н.Энхбаярын хэрэг өршөөлд хамрагдах уу?

-Мэдэхгүй. Хуулийг хэлэлцэж байхад МАН найм, “Шударга ёс” эвсэл 13 хоног завсарлага авсан бол АН нэг ч удаа завсарлага аваагүй. Тэгэхээр хэн нь энэ хуулийг батлахын төлөө байсан нь тодорхой харагдана гэж бодож байна.

-Хоёр жилээр ялаа хасуулж байгаа хичнээн иргэн байгаа вэ?

-Манай улсад 7000 орчим хүн ял эдэлж, 1000 орчим хүн урьдчилан хорих төвд саатуулагдан шалгуулж байна. Түүнээс гадна 2-3 мянган хүний хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд явж байна. Эдгээр хүмүүсийн 50-60 хувь нь Өршөөл үзүүлэх тухай хуульд ямар нэг хэмжээгээр хамрагдаж байгаа гэж хэлж болно.

-Хар тамхины хэргээр ял эдэлж байгаа хүмүүсийг өршөөж байгаа юу?

-Хар тамхи хэрэглэсэн, ноцтой гэж хэлж болох гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг өршөөлд хамруулаагүй. Харин бага хэмжээгээр зөөвөрлөсөн гэх мэт хэрэгт холбогдсон хэсэгт тодорхой хэмжээгээр өршөөл үзүүлж байгаа.

Э.ЭНХ

Categories
мэдээ нийгэм

Нэг чиглэлийн автобусанд хөнгөлөлт эдлэх боломжгүй

Нийтийн тээврээр зорчих дамжин суултын эхний 30 минутыг үнэгүй болгох шийдвэрийг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдаанаас гаргасан билээ. “Улаанбаатар смарт карт” компанийн зүгээс ирэх сарын 7-ны өдрөөс эхлэн 30 минут доторх дамжин суултыг үнэгүй болгож эхлэх боломжтой гэсэн саналыг нийслэлийн Тээврийн газарт хүргүүлсэн. Ингэхдээ дамжин суултад хязгаар тавихгүй. Өдөрт нэг иргэн хэдэн ч удаа дамжин сууж болно. Гэхдээ нэг чиглэлийн автобуснаас буугаад 30 минутын дотор энэ чиглэлдээ суух юм бол хөнгөлөлт үйлчлэхгүй гэдгийг “Улаанбаатар смарт карт” компаниас анхааруулав. Жишээлбэл, “Таван шар-Офицеруудын ордон” чиглэлийн автобусаас буугаад 30 минутын дараа энэ чиглэлийн автобусандаа эргэн суувал дамжин суултын хөнгөлөлт эдлэхгүй аж. Эхний автобусаас буусан, дараагийн автобусанд суусан хугацаагаар дамжин суултын 30 минутыг тооцох учир зорчигчид яг буухдаа картаа уншуулах шаардлагатай. Харин гурав дахь автобусанд мөнгө төлж, дөрөв дахь автобусандаа өмнөх автобусаас бууснаас хойших 30 минут дотор амжин суувал үнэгүй явна.

Categories
мэдээ нийгэм

Саажилттай хүүхдүүд цуглуулгаараа үзэсгэлэн гаргаж байна

“Өгөх нь авахаасаа илүү” уриатай Үндэсний өгөх өдөр маргааш болно. Энэ өдөрт зориулсан “Энэ бол би” Миний дуртай зүйлсийн үзэсгэлэн Занабазарын музейд өнөөдөр дэлгэгдлээ. Тус үзэсгэлэнд С.Намуунцэцэг, Ч.Энхсайхан, А.Хүдэрбат, А.Дөлгөөн, Б.Мөнхтулга нарын саажилттай хүүхдүүд өөрсдийн цуглуулсан зүйлсээрээ оролцож байгаа бөгөөд үүнээс гадна УИХ-ын гишүүн С.Одонтуяа орон, орны хүүхэлдэйн цуглуулгаа дэлгэжээ.

Саажилтын улмаас гараараа зурах боломжгүй зөвхөн амаараа, хөлөөрөө зурсан уран зургууд, олон жил хичээж цуглуулсан машины болон түлхүүрийн оосруудын цуглуулга үзэсгэлэнд тавигджээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Манай саажилттай хүүхдүүд үзэсгэлэнгээ гаргаж байна. Эдгээр хүүхдүүд надад хүсэлт тавьсны дагуу хамтдаа үзэсгэлэнгээ гаргаж байгаа юм. Энэ бол миний хоёр дахь удаагийн үзэсгэлэн. 2007 онд анхны үзэсгэлэнгээ гаргаад хандив цуглуулаад тархины саажилттай хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл авч өгч байсан. Энэ удаад хандив цуглуулаад тоног төхөөрөмж авч өгөх зорилго тавьсан. Оюутан байхаасаа эхэлж цуглуулсан 400 гаруй хүүхэлдэйн цуглуулгатай. Монголд хүүхдэд үзүүлэх юм их ховор байдаг юм байна. Хүүхдүүд эцэг, эхтэйгээ ирж их сонирхож байна” гэлээ.

Хүүхдүүд өөрсдийнхөө цуглуулгыг хүмүүст үзүүлж байгаад хандив цуглуулья гэдэг санааг гаргасан байна. Тус үзэсгэлэн Өндөр гэгээн Занабазарын музейд ирэх сарын 9 хүртэл гарах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Налайхын замыг зургаан эгнээтэй болгож засварлана

Налайх хотын замыг ирэх оны хавар төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шинэчлэхээр болсон байна. Ингэхдээ зургаан эгнээтэй болгон өргөтгөж засахаар болжээ. Тус замыг 60 гаруй жилийн өмнө тавьж байсан бөгөөд түүнээс хойш хэсэгчилж засвар хийж байсан аж. Түүнчлэн автозамын зорчих хэсэг нарийнхан учраас аваар, осол их гардаг байна. Тиймээс энэ замыг өргөтгөн, шинэчлэх ажлыг хийх гэж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Өмгөөлөгч Г.Батбаярыг шүүхэд өгчээ

УИХ-ын 75 дугаар тогтоол өнгөрсөн долоодугаар сард УИХ-аар батлагдсан. Үүнийг хэрэгжүүлэх шийдвэрийг Засгийн газрын зүгээс ХХААЯ, Аж үйлдвэрийн яам, Хууль зүйн яаманд даалгасан.

Гэвч зарим иргэдийн зүгээс олон нийтэд сөрөг мэдээлэл тараах үүднээс ХХАА-н сайд Р.Бурмаагийн нэр хүндэд халдсан байна.

Тодруулбал, иргэн Г.Батбаяр нь өнгөрсөн 9 дүгээр сарын 2-ны өдөр Ийгл телевизийн “Иргэний индер” нэвтрүүлгээр оролцох үедээ “Р.Бурмаа сайд эх орноо худалдах гэж байна” хэмээн ямар ч баримт үндэслэлгүйгээр мэдээлжээ. Тиймээс ХХАА-н сайд Р.Бурмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунболд өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд Г.Батбаяртай холбоотой нэхэмжлэл гаргасан байна.

Categories
мэдээ нийгэм

Хямралын АШИГ

Хямрал гэдэг нь өөрчлөлт гэсэн грек үгнээс гаралтай гэнэ. Хүмүүс олноороо хамтран амьдрах болсноос хойш хямрал дагалдсаар иржээ. Орчин цагийн утгаараа бол эдийн засгийн тогтвортой өсөлт алдагдаад зогсохгүй уналт үүссэн нөхцөлийг хямрал гэж нэрлэж байна. Эдийн засагчдын үзэж буйгаар том, бага хэмжээгээр эдийн засаг байнга хямарч байдаг. Хямралын хамгийн жижиг хувилбар бол инфляци. Өндөр хөгжилтэй орнуудын инфляци 1-3 хувьтай байдаг. Харин эдийн засгийн өсөлт нь 2-5 хувь. Сүүлийн 100-гаад жил дэлхийн хэмжээний арваад хямрал тохиожээ. Дэлхийн I дайны дараа 1914 онд болсон хямрал нь дайны зардлаас үүсэлтэй. Англи, АНУ, Франц ба Германы Засгийн газрууд дайныг санхүүжүүлэхээр их хэмжээний үнэт цаас, бонд, өрийн бичиг гаргажээ. Энэ хямрал Оросын эзэнт гүрнийг сүйрүүлж коммунизмыг төрүүлсэн гэж үздэг. Харин 1929 онд болсон хямрал Нью-Йоркийн хөрөнгийн биржээс үүдэлтэй. Тухайн үед үнэт цаасны ханш 70 гаруй хувиар унаж АНУ-ын санхүүгийн ертөнцтэй холбоотой орнуудын үй олон үйлдвэр, аж ахуйн нэгжүүд хаалгаа барьжээ. Энэ хямрал 1933 он хүртэл үргэлжилж Герман фашизм төрсөн гэж үздэг. 1973 онд АНУ-д нефтийн хямрал болж, нефть экспортлогч гол орнууд нефтийн үнээ буулгаж, олборлолтоо багасгаад зогсохгүй, үнийг зохиомлоор хөөрөгдөх оролдлого хийгээд үр дүнд хүрээгүй гэдэг. 1990-ээд онд Мексикт болсон хямрал нь гадаадын хөрөнгө оруулалтаас үүдэлтэй. Тухайн үед Мексикийн Засгийн газар асар их хэмжээний гадны хөрөнгө оруулалтыг татаж чаджээ. Харамсалтай нь эхний хөрөнгө оруулалт буцаж, төсөл хэрэгжиж дуусахад эдийн засаг хүчтэй хямарч эхэлжээ. Гадаадын хөрөнгө оруулагч нар буцаж гарахдаа тухайн улсын их хэмжээний баялгийг хамж гарчээ. Азид болсон 1997 оны хямрал нь дэлхийн II дайны дараахь хамгийн том хямралд тооцогдоно. Энэ хямрал Азийн орнуудаар зогсохгүй дэлхийн нийт ДНБ-ийг ихээхэн хэмжээгээр буурахад хүргэжээ. ОХУ-д 1998 онд болсон хямрал нь их хэмжээний Засгийн газрын өрөөс үүдэлтэй бөгөөд хямралын улмаас ОХУ дэлхийн олон бүсэд хүчирхэг байсан нөлөөгөө алджээ. Хамгийн сүүлийн томоохон хямрал бол АНУ-аас үүсэлтэй орон сууцны урт хугацааны зээлээс эхлэлтэй. Тухайн үед Засгийн газрын баталгаагаар 20 гаруй сая иргэн ямар ч барьцаагүйгээр орон сууцны зээл олгосон гэдэг. Иргэд эхнээсээ зээлээ төлж чадахаа болиход даатгалын компаниуд сүйрч, улмаар банкуудаа аюулд оруулжээ. Хэдийгээр хямрал олон зовлон үүсгэдэг боловч аливаа хямралын дараа эдийн засаг илүү хүчирхэгжиж, илүү гарцуудтай болсон байдаг нь нотлогджээ. Хямрал олон шинэ боломжууд түүн дотроо техник технологи, түүхий эдийн хэмнэлт, үйлдвэрлэлийн цар хүрээг өөрчилдөг давуу талтай. Жишээлбэл өнөөгийн Хятадаас үүдэлтэй хямралын шинж тэмдгүүд уул уурхайн түүхий эдийн үнийг унагаж байна. Энэ нь түүхий эдгүй орнуудад асар их хямрал авчирна. Дэлхийн I дайны дараахь хямрал Лениний засгийг хөл дээр нь босгоод зогсохгүй ГОЭЛРО хэмээх Орос орныг цахилгаанжуулах төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэжээ. Тухайн үед АНУ-д их хямрал гарч зээл, тариа будаа маш хямдхан байсан нь Орос руу цутгасан байна. Энэ урсгалаас АНУ-д найман тэрбумтан төрсөн гэдэг. Монголчууд дэлхийн эдийн засагтай багахан хэмжээний уул уурхайн бүтээгдэхүүнээр холбогддог тул өртөх нь маш бага. 1990 онд ЗХУ задрахад зээл тусламж зогссон учраас жаахан бэрхшээл үүссэн.

Харин 1998 оны Оросын хямралын үед Хятадын зах зээлд нэвтэрсэн тул бидэнд мэдрэгдээгүй юм. 1990 оноос хойш өнөөдөр л монголчууд хямралтай нүүр тулж байна гэж болно. Тухайн үед картын бараагаар амьдралаа залгуулж байсан. Харин өнөөдөр захын иргэн машинтай болсон бөгөөд суух хүн цөөрөөд ирэхэд л хямрал гэдэг ойлголт үүснэ. Хөрөнгөгүй хүн хямралд өртдөггүй. Хэн нэгний дэлгүүр, цайны газар орлогогүй болохын цагт л иргэд хямрал нүүрлэж байгааг мэдэрдэг. Гэхдээ энэ тийм ч аюулт үзэгдэл биш. Хэрэв сайнаар харвал уул уурхайгаас орох орлого буурснаар манай эдийн засагт асар их өөрчлөлт гарч байна. Дотоодын аж үйлдвэрийн өсөлт хямралтай гэх нь сүүлийн үед их хэмжээгээр нэмэгдэж байна. Ирэх жилээс арав гаруй импортыг орлох томоохон үйлдвэрүүд ашиглатад орно. Удахгүй нефть, зэсийн үйлдвэр баригдана. Энэ бүхэн хямралын ач тус. Эрдсийн үнэ унаж орлого буураагүй бол эрх баригчид уул уурхайн салбараас орж ирсэн орлогоор төсвөө томсгоод л суух байсан.

Харин өнөөдөр дотоодын үйлдвэрлэл өсөөд зогсохгүй, байнгын ажлын байр олноор нэмэгдэж байна. Хэрэв энэ эрчээрээ дахин дөрвөн жил болбол монголчууд долларын хараат байдлаас гарна. Энэ нь эдийн засгаа удирдах боломж олгох юм. Тэрбумтнууд хямралд өртсөнд баярлах үзэл байдаг.

АНУ-ын их хямралуудын үеэр жирийн иргэд ажлын байраа алдсан ч амьжиргааны тэтгэмж авдаг. Ихдээ л орлогоос хэтэрсэн тансаг байраа алдана. Гэтэл корпорациудын орлого хэдэн арван тэрбумаар буурдаг. Энэ нэг талаас таны идэх талхны хэмжээ буурснаар төсөв багасч нөгөө талаас төргүй болох эхний аюул юм. Мөн энэ алдагдал таны байнгын өндөр цалинтай ажлын байрыг залгина. Траншейны нөхрөөс “Хэр хямарч байна” гэж асуухад мэдэгдэх юм алга гэнэ. Харин “АПУ” компанийн захиралд энэ асуултыг тавьбал хэдэн мянган хүний цалинтай тэнцэх тоо хэлнэ. Хямрал эдийн засаг, нийгмийн тогтолцоог ч сайжруулах олон үр дүн авчирдаг. Өнөөгийн хямрал төрийг цомхотгоод зогсохгүй, төсвийн үрэлгэн зардлыг нийгэмд харуулж чадсан.

Хөдөөгөөр нэг царцсан барилгууд үүний жишээ юм. Үл хөдлөх хөрөнгийн үнэ буурч байгаа нь Яармагийн барилгын квотыг чөлөөлж байгаагаас харагдана. Энэ нь Яармагийн шинэ байрны үнэ нэмэгдсэндээ бус хотын төвийн үнэтэй байрнуудын үнэ буурсантай холбоотой. Иргэд ажил дээрээ гэрээсээ хоол авчирч идэх нь нэмэгдэж байна. Барууны орнуудын уушийн газрууд арван хувийн л ашигтай ажилладаг бол манайх 50-иас доошгүй хувийн ашиг хийдэг гэнэ. Иргэд хоолонд орох нь багассанаар уушийн газрууд хямд үнээр өрсөлдөж эхэлнэ. Улмаар арван хувийн ашиг олох хямд үнэтэй хоол зарвал иргэд гэртээ хооллохоо болиод уушийн газрыг зорих нь нэмэгдэнэ. Хямралын үед үл хөдлөх хөрөнгө, үнэт эдлэлүүд эхний ээлжинд хямдардаг. Мөнгөтэй хүмүүс хадгаламжаа үнэгүйдүүлэхээс хамгаалж ханш багатай мөнгөөр хямд үл хөдлөх хөрөнгө авах боломж үүснэ. АНУ-д 2009 оны хямралын үеэр хоёр хаус тус бүрийг нь 90 мянган ам.доллараар худалдан авсан залуу байдаг гэнэ. Өнөөдөр түүний хоёр хаус 240 мянган ам.доллар болсон. Иргэд мөнгөө хэмнэснээр өмнө нь анзаардаггүй байсан шаардлагагүй зардлаа танаж, хямралаас гарсны дараа хуримтлал үүсгэх сонирхолтой болно.

Х.Баттөгс

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шүүгчээр томилогдсон хүмүүст үнэмлэх гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шүүгчээр томилогдсон зарим хүмүүст өнөөдөр үнэмлэх гардууллаа. Өнөөдөр Д.Бүрнээ, Ц.Байгалмаа, Ц.Одмаа, Ц.Мөнхзул, Л.Өлзийсайхан, Б.Батаа, Ц.Мөнх-Эрдэнэ, Н.Баярмаа нарын зэрэг 37 шүүгч Төрийн тэргүүнээс үнэмлэхээ гардан авсан юм.

Шүүх байгуулах тухай Монгол Улсын хуулийн дагуу дагнасан шүүх байгуулагдаж, Эрүү, Иргэн, Захиргааны хэргээр дагнасан анхан шатны бүх шүүхийг шүүгчдийн бүрэлдэхүүнтэй болгох сонгон шалгаруулалт явуулж дуусаад, тэнцсэн шүүгчдэд ийнхүү Ерөнхийлөгчийн зарлигаар үнэмлэх гардууллаа. Тэдний дунд өмнө нь шүүгчээр ажиллаж байсан хүн байхгүй, ихэнх нь шүүхийн захиргааны ажилтан, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.

Үнэмлэх гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Монгол Улсын хууль, тогтоомжуудын дагуу та бүхний гаргах шийдвэр бүхэн шударга байгаасай гэж би хүсч байна. Шүүгчдийн тухай муу мэдээ надад битгий дуулдаасай гэж хүсч байна. Шүүгчийн бүрэн эрхийг цуцлах тухай санал надад битгий орж ирээсэй. Шүүхийн бодлого дандаа зөв яваасай гэж та нарт их итгэж байна. Та бүхэнд баяр хүргэж амжилт хүсье” гээд анхаарч явах зарим асуудлын талаар тайлбарлан ярилаа.