Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой 200 гаруй санал, гомдол иржээ

Эрдэнэт зурган илэрцүүд“Иргэнээ сонсох 11-11 төв” ТББ-аас өнөөдөр иргэдээс ирсэн гомдол, саналын талаар хэвлэлийн хурал хийлээ. Хуралд тус байгууллагын тэргүүн М.Хүдэрбаатар, зохион байгуулагч Б.Хархүү нар оролцлоо.

Тус төвөөс гуравдугаар сард “Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийн 51 хувийг хувьчлуулах, шалгуулах” асуудлыг онцлох сэдэв болгон санал авчээ. Нийт 500 гаруй иргэн холбогдож санал бодлоо хэлжээ. Энэ тухай М.Хүдэрбаатар “Иргэдийн хамгийн их бухимдаж ярьдаг зүйл бол халаас хоосон байгаадаа бус өөрсдийнх нь цалин тэтгэвэр, тэтгэмж болж ирэх ёстой мөнгө хэдхэн хүмүүсийн цалин хангамж болж очиж байгаатай холбоотой. 2017 оны гуравдугаар сарын 30-ны өдөр бид төрийн гурван өндөрлөгт “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувьтай холбоотой 200 гаруй иргэдийн ирсэн саналыг хүргүүлж байна” гэв.

Харин Б.Хархүү энэ талаар “Иргэдээ сонсох 11-11 төвд иргэд баримттай олон асуудлыг өгч байгаа. Тухайлбал “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувь нь яг төрийн мэдэлд байна уу, 20 хувийг нь хувьчилчихсан байна уу гэдгийг шалгуулах шаардлагатай байна. “Эрдэнэт үйлдвэр”-ийн мөнгөөр хэд хэдэн компани байгуулж эргүүлээд юм шахдаг байсан гэх мэдээлэл бий.Тиймээс бид иргэдийн өгсөн мэдээллийн дагуу шалгуулах шаардлагатай зүйлсийг шалгаж тогтоохыг хүсэж байна” гэв.

Тэдний сануулах бичигт дараах хоёр асуудлыг дэвшүүлжээ. Үүнд:

  • Иргэдийн мэдээллийг нягталж, шалгахгүйгээр олон түмэнд цацах, түгээх боломжгүйн дээр шалгаж үнэн зөвийг тогтоох нь Монгол Улсын төрийн үүрэг тул “Эрдэнэт үйлдвэр”-ийн санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийх ажлын хэсгийг 2017 оны дөрөвдүгээр сарын 10-ны дотор байгуулах,
  • Одоо хууль ёсоор төрийн мэдэлд байгаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг бүтэн болон хэсэгчлэн хөрөнгийн биржээр шударгаар хувьчлах асуудлыг судлах, боловсруулах ажлын хэсэг байгуулах асуудлууд багтаж байна.

Хэрэв иргэдийн санал хүсэлтийн дагуу тавьж буй энэ асуудлыг хэрэгжүүлэхгүй бол олон нийтэд хандан шийдвэртэй тэмцэнэ гэв.

Categories
мэдээ нийгэм

Хөршийнхөө цонхоор үсэрч, амиа хорложээ

Сонгинохайрхан дүүргийн XX хороонд 60 орчим насны эрэгтэй амиа хорложээ. Талийгаач “Эрин хороолол”-д амьдардаг байсан агаад хөршийндөө “СӨХ-оос явж байна” хэмээн худал хэлж ороод, цонхоор нь үсэрч, амиа хорлосон гэнэ.

Тэрээр цонхоор унахдаа хүүхдийн тоглоомын талбайд унасан байна.

“Тухайн өдөр хүүхдүүдтэйгээ муудалцсан байж болзошгүй” гэж талийгаачийг мэддэг эх сурвалж хэлжээ.

Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Энхбаяр “Оффшорчдын эсрэг цуглаан”-д оролцож, үг хэлэв

Өнөөдөр 12:00 цагт Сүхбаатарын талбайд болсон “Оффшорчдын эсрэг цуглаан” дээр МАХН-ын дарга Н.Энхбаяр гарч ирж үг хэллээ. Үүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаагаа эхлүүллээ хэмээн зарим хүмүүс харж байна.

Тэрбээр хэлэхдээ, “Би Солонгосоос ирлээ. Солонгост хээл хахууль авсан хүмүүсээ албан тушаалаас нь огцруулаад шүүх хуулийнх нь байгууллага шударга ажиллаж байна. Солонгос Улс сэрсэн байна. Дэлхий сэрсэн байна. Гэтэл бид унтаад л байх уу, дарлуулаад л байх уу, айгаад л байх уу. Өнөөдөр би энд үг хэлье гэж бодоогүй. Гэхдээ сүүлийн жилүүдэд та бүхний дунд хутгалдаж амьдарч байгаа учраас хаана манай ард түмэн зовж байна би байж байх ёстой гэж ирсэн юм. Би тугийг нь ч барьж ирсэн, тугалыг нь ч хариулж байсан. Ард түмнийхээ өмнө буруу юм хийсэндээ уучлалт гуйсан байгаа. Бусад нь ч гэсэн уучлал гуйгаарай. Оффшорт хэний ч мөнгө байсан хувааж авчраад ядуу ард түмэндээ өгье гэж бодсон юм. Бид өөрсдөө эх орныхоо эзэд нь болохгүй бол ядуу зүдүү хэвээрээ л байна. Одоо бүгдээрээ сэрье, хавар боллоо, сайхан цаг ирж байгаа шүү. Та бүхэндээ сайн сайхныг хүсье” гэв.

Шадар сайд асан Ц.Оюунбаатар “Өдрийн сонин”-д ярихдаа “Н.Энхбаяр дарга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ” хэмээн мэдэгдсэн юм. “Өргөө” зочид буудалд 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэж түүнийг буруутгаж байгаа. Тэр нь одоо орон нутгийн өмч хэвээрээ байгаа. Талбайн хажуу талын газар ч ялгаагүй Улаанбаатар хотын өмчид бүртгэлтэй. Гэмт хэрэг байхгүй. Монгол Улсын эрүүгийн хуульд байхгүй зүйл. Тийм болохоор цагаатах болно. Манай намын даргын хувьд ялтайд тооцох хугацаа гэж зүйл яриад байдаг. Тэр асуудлыг хуулиар шийдээд дуусчихсан. Эрх мэдэлтэй улс төрийн хүчнийхэн эрх мэдэлгүй байгаа өрсөлдөгчөөсөө айсандаа ингэж буруутгадаг.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нэг удаа Н.Энхбаяр төрийн алба хашихад саад байхгүй гэж хэлсэн. Гэтэл цаанаас нь дарамт шахалт үзүүлээд дахиж тийм зүйл ярих хэрэггүй гэсэн байх. Чамайг харсаар байтал чинь эмэгтэй хүн байхад эрэгтэй гэж ярьж, хэлсээр байгаад эмэгтэй хүн биш гэсэн бичиг хийвэл яах вэ” хэмээн ярилцлага өгсөн юм.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Дархан, Улаанбаатар хотыг холбосон авто замын шинэчлэлийн ажил эхэллээ

Дархан, Улаанбаатар хотыг холбосон авто замын шинэчлэлийн ажил эхэллээ

Дархан-Уул аймаг Улаанбаатар хотыг холбосон 1 дүгээр зэргийн төв замыг шинэчлэх ажлын хүрээнд эхний ээлжийн Дархан хотоос Хонгор сумын Цайдам хүртэлх 30 км авто замын зураг төслийг боловсруулах “MCPCGR” ХХК Дархан-Уул аймагт ажиллалаа.

Энэхүү ажлын хүрээнд тус 30 км авто замын трассын дагуу байгаа инженерийн шугам сүлжээ, төмөр зам, үерийн байгууламжийн судалгааг хийж тусгуулах судалгааны ажлууд хийгдэж байна.

Уг инженерийн шугам сүлжээний судалгааг “Дархан Дулааны цахилгаан станц” ТӨХК, “ДДС”ТӨХК, “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК, “Монголын цахилгаан холбоо” ТӨХК, НААҮГ зэрэг дэд бүтцийн байгууллагуудын ерөнхий инженер, холбогдох инженерүүдтэй газар дээр нь зураглалыг хийж байна.

Тус ажлыг аймгийн Захирагчийн алба, ХБХОТХ, ГХБХГ зохион байгуулан ажиллаж байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга М.Энхболдын Япон Улсад хийсэн албан айлчлал

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд 2017 оны 03 дугаар сарын 27-30-ны өдрүүдэд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошимагийн урилгаар Япон Улсад албан ёсны айлчлал хийлээ. Улсын Их Хурлын даргын Япон Улсад ажилласан талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.

2016 оны 03 дугаар сарын 27. Даваа гараг

Улсын Их Хурлын дарга М.Энхболдын Япон Улсад хийж буй албан ёсны айлчлал эхэллээ

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Япон-Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн удирдлагуудын зохион байгуулсан уулзалтад оролцсоноор айлчлалаа эхлүүлэв. Энэхүү арга хэмжээг Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон-Монголын парламентын бүлэг, Төлөөлөгчдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлэг, Япон-Монголын нийгэмлэг, Япон-Монголын найрамдлын нийгэмлэг, Япон-Монголын эв найрамдлын нийгэмлэг, Япон-Монголын эмэгтэйчүүдийн соёлын солилцооны “Солонго” нийгэмлэг зэрэг 7 байгууллага хамтран зохион байгуулсан юм.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ Япон дахь найрамдлын нийгэмлэгүүд хоёр орны түүх, соёл, иргэд хоорондын болон хүмүүнлэгийн хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирснийг Монголын төр, ард түмэн зүй ёсоор үнэлэн хүндэлдэг. Монголыг гэсэн чин сэтгэлтэй байдагт чинь бид баярладаг. Та бүхний энэ эрхэм сайхан үйлс цаашдаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна гэлээ.

2016 оны 03 дугаар сарын 28. Мягмар гараг

Т.Оошима: Монгол Улсын хөгжил дэвшлийг Японы парламент цаашдаа ч туслан дэмжсээр байх болно

УИХ-ын дарга М.Энхболд Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима, Зөвлөхүүдийн танхимын дарга Ч.Датэ нартай уулзлаа. Уулзалтуудаар хоёр тал парламент хоорондын болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлыг хөндөж ярилцлаа.

УИХ-ын дарга М.Энхболд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргатай хийсэн уулзалтынхаа эхэнд ноён Т.Оошимагийн урилгаар албан ёсны айлчлал хийж буйдаа талархал илэрхийлээд, манай улсын гуравдагч хөрш Япон Улстай тогтоосон Стратегийн түншлэлийн харилцааны түвшинг улам гүнзгийрүүлэн, бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх нь манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байдаг хэмээн онцлон тэмдэглэлээ.

Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима 2011 онд Японд тохиосон газар хөдлөлтийн гамшгийн үеэр Монголын ард түмэн бидэнд чин сэтгэлийн тусламж үзүүлсэн. Энэ сайхан сэтгэлийн дэмжлэгийг Та Шадар сайдын хувьд зохион байгуулж байсан. Дараа нь Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэх Ажлын хэсгийг Та ахалж байсан. Тиймээс манай төр засаг, ард түмэн Танд ямагт гүн хүндэтгэлтэй ханддаг. Монгол Улсын хөгжил дэвшлийг Японы Засгийн газар, ард түмэн, түүний дотор Парламент цаашдаа ч туслан дэмжсээр байх болно гэлээ.

Зөвлөхүүдийн танхимын дарга Ч.Датэ хоёр орны найрсаг харилцааны гүүр нь залуус байх болно гэдгийг онцоллоо

Ноён Ч.Датэ 11 жилийн өмнө М.Энхболд даргыг Ерөнхий сайд байхад нь Японд уулзаж байснаа тэмдэглээд Монгол Улсын Их Хурлын даргын албан ёсны айлчлалын хүрээнд дахин уулзаж байгаадаа талархал илэрхийлэв.

Тэрбээр “Монгол Улс ардчиллын зарчмаар замнаж эхэлснээс хойш 26 жил өнгөрч эрх чөлөө, энх тайван, ардчиллыг эрхэмлэж, найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэх зарчим манай хоёр орны харилцааны үндэс суурь болсоор байна” гэж онцлон тэмдэглээд, УИХ-ын даргын энэ удаагийн айлчлал парламент хоорондын болон бусад салбарын хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж, амжилт хүсэв.

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Хоккайдо муж дахь Монгол Улсын өргөмжит консул Ц.Такэбэтай уулзлаа

Ноён Ц.Такэбэ манай улсаас Японд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатарын саналаар Хоккайдо муж дахь Монгол Улсын өргөмжит консулаар ажиллах болсноо УИХ-ын даргад дуулгаад “Консулаар томилогдоод би юу хийх вэ, ямар чиглэлээр ажиллах вэ гэж удаан бодсон. Тэгээд хоёр орны эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд гол анхаарлаа төвлөрүүлэх нь чухал гэж үзсэн” гэж хэллээ.

УИХ-ын дарга М.Энхболд “Хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд Засгийн газар, парламент, улс төрийн намуудын хооронд, иргэд, байгууллагын түвшинд гээд олон чиглэлд, цөөнгүй жил маш идэвхтэй ажилласаар ирсэн Танд Монголын төр засгийн байгууллага, ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье” гээд Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрт орон нутгаас зөвхөн Хоккайдо, Монголын хамтын ажиллагааны асуудал туссан нь Таны идэвх чармайлтын нэгэн илэрхийлэл юм. Хоккайдо муж цаг агаар, байгаль орчны хувьд Монголтой төстэй. Тиймээс энэ нутгийнхны мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн болон бусад туршлага бидэнд чухал” гэлээ.

Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороо, Япон Улсын Санхүүгийн үйлчилгээний агентлагийн хооронд Харилцан ойлголцлын Санамж бичиг үзэглэв. Санамж бичигт Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн, Японы Санхүүгийн үйлчилгээний агентлагийн дарга Нобүчика Мори нар гарын үсэг зурлаа.

Уг Санамж бичигт Монгол Улсад хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхээс гадна санхүүгийн бусад зах зээл болох даатгал, банк бус санхүүгийн болон хадгаламж зээлийн хоршоодын чадавхийг бэхжүүлэх, хил дамнасан санхүүгийн үйлчилгээг өргөжүүлэх, үнэт цаасны зах зээлд гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлууд тусгалаа олжээ.

УИХ-ын дарга М.Энхболд томоохон төсөл хамтран хэрэгжүүлэхийн чухлыг онцлов

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод энэ өдөр Японы парламентын Зөвлөлдөх танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Ямазаки тэргүүтэй тус бүлгийн гишүүд бараалхлаа.

Бүлгийн дарга М.Ямазаки “Манай бүлэг Улсын Их Хурал, түүний гишүүд, Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллаж байна. Цаашдаа ч бид харилцаагаа илүү өргөн хүрээнд өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байх болно” гэж уулзалтын эхэнд онцоллоо. Тэрбээр Монгол Улсад тохиогоод буй эдийн засгийн хүндрэлийг даван туулж, төсөв санхүүгийн шинэчлэл хийх чиглэлд Монгол Улсын Их Хурал, Засгийн газар ихээхэн хүчин чармайлт тавьж буйг бид мэдэрч, ойлгож байгаа. Саяхан ОУВС-тай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх тохиролцоонд хүрсэн нь чухал алхам боллоо гэв.

УИХ-ын дарга М.Энхболдод Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ бараалахлаа

Ноён Ш.Абе айлчлалын хүрээнд гарын үсэг зурах Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны ойрын ирээдүйн дүр зургийг тодорхойлох бөгөөд хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр хоёр тал идэвхтэй хамтран ажиллаж, үр дүнд хүрнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв. ОУВС-тай Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн шинэчлэлийн хөтөлбөр хэрэгжүүлэх тохиролцоонд хүрсэнд талархаж байна гээд энэ хөтөлбөрийн хүрээнд Япон Улсаас санхүүгийн бодит дэмжлэгийг нэн хөнгөлөлттэй зээлийн хэлбэрээр үзүүлэхэд бэлэн байна гэж мэдэгдлээ.

УИХ-ын дарга М.Энхболд “Улаанбаатарт болсон АСЕМ-ын гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтад Таныг оролцох үеэр бид уулзаж байсан. Тэр үеэс хойш манай төр, засаг эдийн засагт тохиогоод буй хүндрэл бэрхшээлийг даван туулах чиглэлээр олон арга хэмжээ авсны нэг нь ОУВС-тай хамтран ажиллах зорилт байсан юм. Үр дүнд нь бид хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцоод байна. Дөрөвдүгээр сарын 05-нд УИХ-ын чуулган нээгдэнэ. Чуулганаар хамгийн түрүүнд хэлэлцэх асуудал бол төсвийн тодотгол. Уг асуудлыг дөрөвдүгээр сарын 12 гэхэд батлах төлөвлөгөөтэй байна. Ингэснээр хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж бүрдэх юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд Японы Засгийн газар санхүүгийн бодит дэмжлэгийг нэн хөнгөлөлттэй зээлийн хэлбэрээр олгохоор шийдвэрлэсэнд чин сэтгэлийн талархлаа илэрхийлье” гэв.

Дадлагажигч ажилтан илгээх асуудлаар санал солилцов

Энэ өдөр Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Я.Шиозаки, Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн дарга, хатагтай К.Ито нар Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод бараалхав.

Ноён Я.Шиозаки “Дадлагажигч ажилтан ажиллуулах төслийг анх хэрэгжүүлсэн хүний нэг нь би юм. Монгол Улсаас дадлагажигчид ирж, мэргэжлийн өндөр ур чадвар эзэмшиж, буцаж очоод сурсан мэдсэнээ улс орныхоо хөгжил дэвшилд зориулбал сэтгэл нэн таатай байх болно. Манай тэтгэврийн сан энэ төрлийн хувьд дэлхийд томд орно. Япончуудын тэтгэвэрт гараад сайн сайхан амьдрах баталгааг хангахад зориулагдах учраас сангийн аливаа үйл ажиллагаа япон хүний эрх ашигт нийцэж байх ёстой гэсэн зарчимтай. Энэ зарчмын дагуу эрсдэлгүй, үр ашигтай зүйлд ашиглагдах ёстой гэж хуульчилсан байдаг. Гаднын үнэт цаас худалдан авахаар болбол хөгжиж буй орны хувьд Дэлхийн банк зэрэг байгууллагаар дамжуулан баталгаа гаргуулж, тусгай сан үүсгэх маягаар ашиглаж болох юм” гэж ярилаа.

2016 оны 03 дугаар сарын 29. Лхагва гараг

Ардын дипломатын нийгэмлэгийн удирдлагуудтай уулзаж, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав

Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд болон дагалдан яваа УИХ, Засгийн газрын гишүүд энэ өдөр Японы ардын дипломатуудын нийгэмлэг (FEC)-ийн удирдлагуудтай уулзаж, ярилцлаа.

Нийгэмлэгийн ерөнхийлөгч К.Мацузава “Монголыг сонирхогч бизнесийнхэн, нийгмийн зүтгэлтнүүд Японд олон байдаг. Тэдний төлөөлөл болсон хүмүүс энд ирээд байна. Манай нийгэмлэгийнхэн Монгол Улсын хөгжил дэвшил, монголчуудын ирээдүйн сайн сайхны төлөөх үйл хэрэгт өөрийн хувь нэмрээ оруулах чин сэтгэл өвөрлөж явдаг” хэмээн онцлоод “Монголчууд бол бидний анд найз төдий хүмүүс биш, хамаатан садан, ахан дүүс шүү” гэлээ.

Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурав

Монгол Улсын Их Хурлын даргын айлчлалын бүрэлдэхүүнд багтсан УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил энэ өдөр Японы Гадаад хэргийн сайд Ф.Кишидатай албан ёсны хэлэлцээ хийсний дараа Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурав.

УИХ-ын дарга М.Энхболд “Дөчин таван жилийн түүхтэй Монгол, Японы хамтын ажиллагааны түүхэнд тэмдэглүүштэй чухал үйл явдал өнөөдөр болж байна. Хамтын ажиллагааны бүхий л салбарыг хамарсан энэхүү Дунд хугацааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх талаар Монгол Улсын төр, засаг онцгой анхаарал тавьж ажиллах болно” гэсэн бол ноён Ф.Кишида “Монгол, Японы хамтын ажиллагааны ойрын 5 жилийн зорилго, чиглэлийг тусгасан Дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурсандаа баяртай байна. Хоёр орон уламжлалт найрсаг харилцаагаа цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхийг энэхүү баримт бичгээр дахин нотоллоо” гэв.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын “ЗААГ” номын нээлт боллоо

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагвын бичсэн “Зааг” номын нээлт өчигдөр боллоо.

Тэрбээр бүтээлийнхээ тухай “Аар саархан намтар түүхээрээ оролдож суутал, “Тэрбишдагва гэдэг ганц бодгаль хүний туулсан хийгээд туулж байгаа амьдрахуйн зам мөрийн дүр зургийг гаргаад бүхэлд нь зурчихвал нэгэн жаран, бүтэн нэг улс орны түүх нийгмийг ахуй амьдралтай нь харуулчихаж болох юм биш үү дээ” гэх бодол орж ирсэн нь “Зааг” номын маань утга учир, амин сүнс нь болсон юм. Монгол Улсын хөгжлийн гарц болох “Ажилсаг монгол хүн”, “Сахилга дэгтэй монгол хүн” гэсэн философид зангидагдсан уг бүтээлээ дөрвөн жил туурвисан болохоо нээлтийн ёслолын үеэр хэллээ.

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж номын нээлтэд оролцож, “Нэг талаас Д.Тэрбишдагвын намтар ч гэлээ нөгөө талдаа Монголын нийгэм, монгол төрийн 60 жилийн түүхийг унших болно” хэмээн онцолсон юм. Харин профессор, академич Б.Жадамбаа “Зааг номыг уншаад олон сэтгэгдэл төрлөө. Манай улсын хөгжил буруу болсон. Яагаад буруу болсон шалтгаан нь “Заагт” байна. Зааг байх ёстой газраа л байх ёстой. Зааг зогсвол зовлон, зааг хөдөлбөл хөгжил дэвшил бий болно. Үүнийг дотоод сэтгэлийн өчил болгон бичсэн байна” гэв.

Соёлын төв өргөөнд болсон тус ёслолд Ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Ардын уран Зохиолч Д.Урианхай, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров тэргүүтэй хүндэт зочид, төр, нийгэм, соёл урлаг, шинжлэх ухааны зүтгэлтнүүд, ном шимтэн сонирхогчид оролцсон юм.

“Зааг” номонд ард түмний аз жаргалтай амьдрал, эв нэгдэл, хамтын ажиллагаа, амгалан тайван байдал, хөгжил дэвшилд ямар ч хана хэрэм, зааг хязгаар хэрэггүй. Харин хүний эрх, эрх чөлөөг боомилох, үзэн ядалт, эзлэн түрэмгийлэл, сахилга, дэг журамгүй байдал зэрэг хүн төрөлхтөний сайн сайхны эсрэг бүхэнд хатуу хана хэрэм, зааг хязгаарлалт ямагт байх ёстой талаар өгүүлжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Манхан суманд ингэ ихэрлэв

Ховд аймгийн Манхан сумын Улаанхүрээ багийн тэмээчин Х.Нямсүрэнгийн тэмээн сүргээс гурван настай хүрэн ингэ энэ оны 3-р сарын 29-ний өдөр анхны төллөлтөөр ихэр ботго төрүүлжээ.

Тэмээчин Х.Нямсүрэнгийнх сумын төвөөсөө 7 км-ийн зайд “Цахирын амны Эрээн харгана” гэх газар хаваржиж байна. Эднийх нийт 85 тэмээтэй, энэ хавар 30 ингэ төллөхөөс одоогоор 25 нь төллөж, гарсан төл эсэн мэнд бойжиж байгааг Манхан сумын Засаг дарга П.Мөнхбат мэдээллээ.

Манхан сум нь өнгөрсөн онд нийтдээ 3174 толгой тэмээ тоолуулж тэмээнийхээ тоо толгойгоор аймагтаа гуравдугаарт орж байна.

Categories
мэдээ нийгэм

Ардчилсан намын үндсэн дүрмийн өөрчлөлтийг дээд шүүх бүртгэж авлаа

Улсын Дээд шүүхийн гуравдугаар сарын 31-ны өдрийн хуралдаанаар Ардчилсан намын Үндсэн дүрэмд орсон өөрчлөлтийг хэлэлцэж, албан ёсоор бүртгэж авлаа. Тус намын Үндсэн дүрэмд орсон өөрчлөлтийг бүртгэх эсэх асуудлыг өмнө нь хэлэлцээд, зарим бичиг баримтын бүрдэл дутуу гэдэг шалтгаанаар түр хойшлуулаад байсан юм. Харин өнөөдрийн хуралдаанаар бичиг баримтын бүрдэл хангагдсан, мөн Ардчилсан намын Үндсэн дүрэмд орсон нэмэлт өөрчлөлт нь Улс төрийн намын тухай болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна гэж үзэн бүртгэж авсан байна.

Categories
мэдээ нийгэм

Гамшгийн эрсдэлийг бууруулах ОУ-н стратегийн Азийн түншлэлийн хурал болно

Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран 2017 оны 04 дүгээр сарын 5-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хурал”-ыг зохион байгуулах гэж байна.

Монгол Улсын Засгийн газрын “Монгол Улсад 2016-2018 онд зохион байгуулах олон улсын томоохон хурал, чуулган, арга хэмжээний жагсаалт батлах тухай” тогтоолд Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар 2018 онд зохион байгуулахаар батлагдсан бөгөөд энэхүү хурлын бэлтгэл ажлыг хангах хүрээнд “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын стратегийн Азийн түншлэлийн хурал”-ыг ийнхүү зохион байгуулахаар болсон. Тус хурал нь 2016 онд БНЭУ-ын Шинэ Дели хотноо болсон “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын анхдугаар бага хурал”-аас хойш зохион байгуулагдаж буй анхны бүс нутгийн хэмжээний хурал болж байгаагаараа онцлог юм.

Энэхүү хуралд Австрали, Бангладеш, Бутан, БНХАУ, БНАСАУ, БНЭУ, Индонез, Япон, Лаос, Малайз, Мальдив, Мьянмар, Пакистан, Филиппин, БНСУ, Шри-Ланка, Тайланд, Вьетнам улс болон олон улсын Засгийн газар хоорондын байгууллага, НҮБ болон Олон Улс, бүс нутгийн төрийн бус байгууллагууд, Азийн гамшгийн бэлэн байдлын төв, Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах төв, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас 70 гаруй төлөөлөгч оролцоно.

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулах Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын стратегийн Азийн түншлэлийн хурлын зорилго нь Азийн бүс нутгийн төлөвлөгөө, оролцогч талуудын үүрэг амлалтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцох, Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн платформын үеэр батлагдах улс орнуудын Засгийн газар, бусад оролцогч талуудын төлөвлөгөөг эцсийн байдлаар хүлээн авч хянах, Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаар бага хурлыг 2018 онд Монгол Улсад зохион байгуулах бэлтгэл ажлын талаар санал солилцох, улс орнуудын гамшгийн эрсдэлийн менежментийн үнэлгээний явцыг хянах, бүс нутаг дахь гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр гаргаж буй хүчин чармайлт, шинэчлэлт, туршлагын талаар мэдээлэл солилцоно.

2018 онд тус бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах саналыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн аюулыг бууруулах тусгай төлөөлөгч хатагтай Маргарет Волстром /хуучнаар/ Монгол Улсын Засгийн газарт 2015 оны 05 дугаар сарын 10-13-ны өдөр Монгол Улсад ажлын айлчлал хийж байхдаа тавьж байсан юм.

Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг удирдах засаглалыг бэхжүүлэх түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх, гамшгийн эрсдэлд чиглэсэн бодлогын хэрэгжилт, түүний явцын талаар харилцан мэдлэг, туршлага хуваалцах, суралцах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн платформ болон бүс нутгийн платформ (Азийн сайд нарын бага хурал)-д улс орны Засгийн газар, холбогдох байгууллагыг идэвхтэй оролцохыг уриалдаг.

Азийн бүс нутгийн хувьд Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал нь бүс нутгийн платформын үүргийг гүйцэтгэдэг.

Япон Улсын Хёого мужийн Кобе хотноо 2005 оны 01 дүгээр сард зохион байгуулагдсан Гамшгийн аюулыг бууруулах НҮБ-ын Дэлхийн бага хурлаас батлан гаргасан “Хёогогийн үйл ажиллагааны хүрээ: Улс үндэстэн, орон нутгийн гамшигтай тэмцэх чадавхийг бий болгох нь /2005-2015/” баримт бичгийн хэрэгжилтийг хангах зорилгоор Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг 2005 оноос эхлэн 2 жилд нэг удаа уламжлал болгон зохион байгуулж ирсэн.

НҮБ-ын гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн 3 дугаар бага хурал 2015 онд Япон Улсын Сендай хотод хуралдаж нийт 187 улс, орны төлөөлөгчид “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ /2015-2030/” баримт бичгийг хэлэлцэн баталсан.

Дэлхийн 3 дугаар бага хурлаас батлан гаргасан баримт бичгийг хэрэгжүүлэх бүс нутгийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах зорилгоор Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын анхдугаар бага хурлыг 2016 онд зохион байгуулж, тус хуралд Ази, Номхон далайн бүс нутгийн 60 орчим орны 3500 орчим төлөөлөгчид оролцсон.

2005 онд Япон Улсын Кобе хотод Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн 2 дугаар бага хурал, 2009 онд Швейцарын Женев хотод Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн хөтөлбөрийн 2 дугаар чуулган, Япон Улсын Сендай хотод 2015 онд “HҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн 3 дугаар бага хурал, Энэтхэг Улсын Шинэ Дели хотноо 2016 онд Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж манай улсын төлөөлөгчид оролцож байсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Сайд Ц.Мөнх-Оргил БНСВУ-д айлчилна

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНСВУ-ын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Фам Бин Минь-ийн урилгаар 2017 оны 4 дүгээр сарын 2-4-ний өдрүүдэд БНСВУ-д албан ёсны айлчлал хийнэ.

Сайд Ц.Мөнх-Оргил БНСВУ-ын Ерөнхий сайд Нгуен Суан Фук-д бараалхаж, Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Фам Бин Минь-тэй албан ёсны хэлэлцээ хийх бөгөөд айлчлалын хүрээнд Вьетнамын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд, Аж үйлдвэр, худалдааны сайд нартай уулзана.

Айлчлалаар Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлж, өндөр түвшний айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх, ГХЯ-д хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтыг тогтмолжуулж, хоёр орны хоорондын улс төр, худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, нийгэм соёл болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар тус тус санал солилцоно.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд 2001 онд БНСВУ-д айлчилснаас хойш 16 жилийн дараа ийнхүү албан ёсоор айлчлах гэж байна.

Монгол Улс, БНСВУ-ын хооронд 1954 онд дипломат харилцаа тогтоосноос хойш бүхий л салбарын хамтын ажиллагаа өргөжиж ирсэн бөгөөд хоёр улсын худалдааны эргэлт 2016 онд 42.8 сая ам.долларт хүрээд байна.