Categories
америкийн-монголчууд амьдралын-өнгө ардын-цолтон арслан булангууд видео-мэдээ жинлүүр загас зурхай ихэр матар мэдээ мэлхий нийтлэл нийтлэл нийтлэлийн-баннер нум нэг-ангийнхан онцлох-нийтлэлийн-баннер охин өд-бэх сав-шимийн-ертөнц спорт сурталчилгаа танайд-өнжье удам-судар үхэр хилэнц хонь хумх энгийн-нийтлэлийн-баннер эх-орон-сумаас-эхэлнэ

Монголын шигшээ баг ням гаригт БНХАУ-ын шигшээтэй тоглоно DNN.mn

Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ баг “FIBA Asia Cup 2025 Qualifiers” тэмцээний хэсгийн тоглолтоо өчигдөр арваннэгдүгээр сарын 21-нд Японы шигшээ багийн эсрэг хийж, 75:93 харьцаатай ялагдал хүлээсэн. Тэгвэл тэдний дараагийн тоглолт Улаанбаатар хотод “UG Arena”-д болно. Тэд энэ сарын 24-нд буюу ням гарагт БНХАУ-ын шигшээ багтай тоглох юм.

Categories
америкийн-монголчууд амьдралын-өнгө ардын-цолтон арслан арын-нүүр баннер булангууд видео-мэдээ жинлүүр загас зурхай их-уншсан ихэр матар мэдээ мэлхий нийтлэл нийтлэл нум нүүр-хуудасны-баннер-1 онцлох-нийтлэл охин өд-бэх сав-шимийн-ертөнц танайд-өнжье томилолт туслах-ангилал удам-судар улс-төр үхэр хилэнц хонь хумх эрэн-сурвалжлах эх-орон-сумаас-эхэлнэ ярилцлага

ХЗБХ: Монгол Улсын 2025 оны төсөв, холбогдох хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжив DNN.mn

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2024.11.22) хуралдаан 13 цаг 17 минутад гишүүдийн 59.1 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэв.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг эхлээд хэлэлцсэн бөгөөд энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар танилцууллаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь хориг тавьсан гэв.

Гадаад зах зээлийн төлөв байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзлийг харгалзан, гадаад валютын улсын нөөц, төсвийн хуримтлалыг нэмэгдүүлэх, өрийг бууруулах зэрэг суурь зарчмуудыг анхаарч мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж алдагдалгүй төсөв батлах нь зүйтэй гэжээ. Олон улсын геополитик, гео-стратегийн нөхцөл байдлаас шалтгаалж, гадаад эдийн засгийн төлөв байдал урьдчилан таамаглах боломжгүйгээр хувьсан өөрчлөгдөж, түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнэ ханш өндөр хэлбэлзэлтэй байгааг дурдсан. Энэхүү эгзэгтэй цаг үед мөчлөг сөрсөн эдийн засгийн бодлого хэрэгжүүлж, үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй, хөгжилд хөтөлсөн төсөв төлөвлөж, батлах нь нийт иргэн, улсын ашиг сонирхолд бүрэн нийцнэ хэмээн тэрбээр танилцуулав. Энэ нь эдийн засгийн болзошгүй хүндрэл, бэрхшээлийг хохирол багатай даван туулах нөөц боломж, хуримтлалыг нэмэгдүүлэх, үнэ, ханшийн өсөлтийг хязгаарлах, эдийн засгийн тогтвортой байдал, ард иргэд, аж ахуйн нэгж, татвар төлөгчдийн хэвийн үйл ажиллагааг хангах баталгаа болно гэж үзсэн гэлээ.

Эдийн засгийн тогтвортой байдал, өсөлтийг хангах нь хөгжлийн бодлого, тэргүүлэх зорилт, төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, улсын аюулгүй байдал, тогтвортой хөгжил, ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулах үндэс суурь болохыг ямагт санах учиртай хэмээгээд “Монгол Улсын Их Хурал 2025 оны улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6 4.1-д заасан “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, мөн хуулийн 6.5.1-д заасан “төсөв хэлэлцэх, батлах үйл ажиллагааг нийтэд нээлттэй байлгаж, төсвийн төлөвлөгөө, гүйцэтгэл, тайлагналын талаар тогтоосон хугацаанд нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх”, мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д заасан “төсвийн бодлого, стратегийн зорилт нь макро эдийн засгийн болон татварын тогтвортой орчныг бүрдүүлэх, инфляцийг хязгаарлахад чиглэсэн байх”, 5.1.6-д заасан “төсвийн хөрөнгийн хуваарилалт, байршуулалт, хэрэглээ нь эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдолтой байх” гэсэн заалтуудыг бүрэн хангаагүй бөгөөд энэ байдал нь хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчимд нийцэхгүй байна” гэжээ. Үүний зэрэгцээ Улсын Их Хурлаар саяхан баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан “Төсвийн урсгал зардлын тэлэлтийг хязгаарлаж, төсвийн алдагдал, Засгийн газрын өрийн тусгай шаардлагыг хангана” гэсэн зорилтоо бодитой хэрэгжүүлж ажиллахыг Ерөнхийлөгч сануулжээ.

Мөн ард иргэд, баялаг бүтээгч, татвар төлөгчид болон мэргэжлийн байгууллагуудын зүгээс төсвийн сахилга батыг чангатгах, үр ашигтай, хэмнэлттэй байх зарчимд нийцүүлэн төсвийн зардлыг бууруулах, чиг үүргийн давхардлыг арилгах, улс төрийн нам, эвслүүд сонгуулийн амлалтаа биелүүлэх зэрэг санал, шүүмжийг илэрхийлж байгаа нь зүй ёсны шаардлага хэмээн үзсэн байна.

Түүнчлэн Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль тогтоомжууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэсэн заалтыг зөрчих нөхцөлийг бий болгосон байна. Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 41 дүгээр тогтоолыг баталсан. Энэхүү тогтоолоор Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль нь Төсвийн болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан зарчмуудыг бүрэн хангаагүй, төрийн мөнгөний бодлоготой нийцээгүй, төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж чадаагүй болохоо хүлээн зөвшөөрч, батлагдсан төсвийг тодотгож, дахин засаж сайжруулах шаардлагатай гэсэн агуулгыг илэрхийлсэн байна. Мөн Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Засгийн газар дараах тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголын төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасан.

Гэтэл Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль хүчин төгөлдөр болж, дагаж мөрдөж эхлээгүй, Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан тохиолдол үүсээгүй байхад Улсын Их Хурал төсөвт тодотгол хийхээр тогтоол баталж, чиглэл болгож байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “. . . хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” хэмээх заалтыг зөрчих нөхцөлийг бүрдүүлсэн гэдгийг Г.Занданшатар танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар хоригт дурдсан “мөчлөг сөрсөн төсвийн бодлого” хэмээх агуулгын талаар тодруулж хариулт авсан бол Ц.Сандаг-Очир гишүүн Ерөнхийлөгч хориг тавьсан шалтгаан нь төсвийн алдагдлыг бууруулах уу, эсхүл алдагдалгүй байх уу гэдгийг лавлав. Ерөнхийлөгч Монгол Улсын 2025 оны төсвийг алдагдалгүй төсөв батлах нь зүйтэй хэмээн үзсэн болохыг Г.Занданшатар дарга тодотгоод, холбогдох тайлбарыг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Б.Заяабал, Д.Ганбат нар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн бол П.Сайнзориг гишүүн улсын төсвийг дагаад засаг, захиргааны нэгжүүд дагалдан төсвөө батлахаар хүлээж байгааг дурдав. Улсын төсөвтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьж байгаа нь анхны тохиолдол биш гэдгийг тэрбээр дурдаад Монгол Улсын 2025 оны төсвийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг хангалтгүй ажилласан хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн. Дараа нь хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Дараа нь Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Төслийн талаар Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар танилцуулж, гишүүд холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Иймд санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжин баталлаа. Ингэснээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголын товыг өөрчилж, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлийн газраас мэдээлэв.

Categories
story-news америкийн-монголчууд амьдралын-өнгө ангиллуудын-баннер ардын-цолтон арслан булангууд видео-мэдээ жинлүүр загас зурхай ихэр матар мэдээ мэлхий нийгэм нийгэм-ангиллын-баннер нийтлэл нийтлэл нум нүүр-хуудасны-баннер нүүр-хуудасны-баннер-2 нүүр-хуудасны-баннер-3 онцлох-нийтлэл охин өд-бэх өрнийн зурхай сав-шимийн-ертөнц танайд-өнжье туслах-ангилал удам-судар улс-төр-ангилалын-баннер үхэр хилэнц хонь хумх цаг-тооны-бичиг эдийн-засаг эдийн-засаг-ангиллын-баннер эх-орон-сумаас-эхэлнэ

Б.Даваадалай: Ерөнхийлөгчийн хориг Засгийн газар, УИХ-д боломж олгож байгаа юм DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалайтай ярилцлаа.


-Улсын төсөвт бүхэлд нь хориг тавьж байсан тохиолдол цөөхөн. Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсны шалтгаан юу вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийн хүрээнд ард түмнээс сонгогдсон гэдэг утгаараа хуульд хориг тавих бүрэн эрхтэй ганц субьект. Өмнө нь төсөв дээр ихэвчлэн хэсэгчилсэн байдлаар хориг тавьж байсан. Нийгэм, олон нийт, мэргэжлийн байгууллагууд 2025 оны төсөв нэлээд тэллээ гэж шүүмжилсэн. Эдийн засгийн нөхцөл байдал сүүлийн хоёр жил харьцангуй сайн гүйцэтгэлтэй байна. Манай гол түүхий эд нүүрс, зэсийн үнэ өндөр байна. Дээрээс нь Хятадын тал манай нүүрсийг нэлээд сайн гаргаж байна. Мөн Засгийн газар ашигт малтмалын салбарт ил тод байдлыг сайжруулах, тухайлбал, биржээр арилждаг болсон ч, “нүүрсний хулгай”-г ил болгож, засаж янзаллаа. Энэ мэт өөрчлөлтүүдийг хийсний үр дүнд олон үнэлгээ сайжирсан. Нэг анхаарах зүйл бол, энэ бүгд дандаа уул уурхайн орлого. Уул уурхайн бус орлогоо аваад үзвэл, эдийн засгийн бааз суурь сэргэж, нэмэгдэж байгаа ч бас сайжруулах шаардлага байгаа юм.

-Гэхдээ бидний олж байгаа орлого “эмзэг”. Түүхий эдийн үнэ унавал Монгол Улсад эрсдэлтэй?

-Тийм. Төрөлжөөгүй эдийн засагтай. Бид бараг хоёр, гурван бүтээгдэхүүнээр л амьдарч байна. Энэ нөхцөлд илүү болгоомжтой хандах ёстой. Үүнийгээ дагаад бусад зардлаа нэмэгдүүлсэн зүйл бий. Шууд үгүйсгэхэд хэцүү. Цалин, тэтгэврийг нэмсэн, тэтгэврийн доод хэмжээг 500 мянгад хүргэсэн. Аймагт ажиллавал 20 хувь, суманд ажиллавал 40 хувь гээд хангалттай сайн нэмлээ шүү дээ. Жирийн багшийн дундаж цалин хамгийн бага нь 1.6 сая төгрөг. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа багийн дарга гэхэд бараг 2.5 сая төгрөгийн цалинтай болчихлоо. Жил болгон үнийн өсөлт, инфляцын түвшинтэй уялдуулаад нэмнэ гэж хууль, тогтоомжид заасан учраас заавал нэмэгдэх шаардлагатай зардлууд байгаа юм билээ. Тухайлбал, цалин, тэтгэвэр, нийгмийн халамжийн зарим хөтөлбөрүүд, хүүхдийн мөнгөнөөс эхлээд. Хүүхдийн мөнгө гэхэд 1.6 их наяд төгрөгийг төсвөөс зарцуулж байна. Энэ мэтчилэн нийгэмд заавал очих ёстой зардлууд бий. Нөгөө талд үр ашигтай, хэмнэлттэй байх зарчмаа барьж, танах боломжтой зардлууд харагдаж байна.

-Ерөнхийлөгчийн хоригийн хүрээнд ямар ямар шаардлагууд тавьж байгаа вэ?

-Нэгдүгээрт, 2024, 2025 оны төсвийг батласнаас хойш олон улсын нөхцөл байдал нэлээн өөрчлөгдөж байна. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль, дээрээс нь зөвхөн Трамп гарч ирсэнтэй холбоотойгоор түүхий эдийн үнэ хэлбэлзэж байна.

Хэрвээ Хятадаас орж ирж буй бараанд 60 хувийн татвар тавьчихвал урд хөршийн эдийн засаг нэг хувиар сулрах эрсдэлтэй. Манай эдийн засаг Хятадын эдийн засгаас бараг 100 хувь хамааралтай гэж хэлж болно. Оны эхний есөн сарын байдлаар манай эдийн засаг 5 хувьтай байна. Мэдээж хөрөнгө оруулалтаа нэмэх, бүсчилсэн хөгжил, томоохон эдийн засгийн хөгжлийн хөтөлбөрүүдийг харвал төсвөө тэлээд, эдийн засгаа өсгөх чиглэл байж болно. Гэхдээ гадаад нөхцөл байдал тогтворгүй, дайн дажины байдал яаж ч өөрчлөгдөж магадгүй байна. Ер нь Монгол Улсын сүүлийн 30 жилийн эдийн засгийн бодлогыг харвал мөнгө олж байсан мөртлөө нөгөө талдаа алдагдалтай яваад, олсон орлогоосоо илүү зарцуулдаг. Энэ хандлагадаа зарчмын өөрчлөлт хийе гэж байгаа юм. Тийм учраас дотооддоо болгоомжтой байя, ингэхийн тулд ерөөсөө олсон орлогоосоо илүү зарцуулдаг хандлагаа больё л гэж байгаа юм. Хоёрдугаарт, мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлье гэж байгаа юм.

-Өөрөөр хэлбэл?

-Өндөр орлоготой, өсөлттэй энэ жилүүд дээрээ орж байгаа орлогоосоо тодорхой хувийг хадгалдаг болъё. Дэлхийн банкны судалгаа байдаг. Бид 100 ам.долларын орлого олоод 99-ийг нь зарцуулчихдаг. Нэг хувийн л хуримтлал үүсгэдэг. Өнгөрсөн 30 жилд ийм байдалтай явж ирсэн. Одоо илүү болгоомжтой, орлого өндөр олж байгаа үедээ мөнгөө сайн хадгалъя. Орлого буурах үед ард, иргэд, аж ахуйн нэгжийнхээ хэвийн үйл ажиллагааг хадгалахын тулд төсвөөсөө зарлагаа нэмдэг, мөчлөгөө сөрдөг ийм байдлаар явж, жаахан хянамгай байя гэсэн санаа. Ер нь уул уурхай дээр суурилсан, манайхтай ижил төстэй орнууд ийм бодлого хэрэгжүүлдэг. Мэргэжлийн байгууллагууд ч энэ бодлогыг зөвлөдөг. Энэ удаад бид энэхүү чиглэл рүүгээ зоригтой явах ёстой гэсэн шаардлага тавьж байгаа юм. Тиймээс бидний эхний үндэслэл бол алдагдалгүй төсөв баталдаг болъё, нөгөө талдаа мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлдэг болох явдал юм.

-Иргэд олон нийт хэт их тэлэлттэй төсөвт Ерөнхийлөгч хориг тавих байх гэж их найдаж байсан. Төсвийн зарцуулалт эдийн засгийн хэдэн хувийг эзэлж байсан бэ?

-Олон нийтийн “үр ашиггүй, хэмнэлтгүй, хэт их тэлж байна” гэсэн шүүмжлэл хэлж байгаа нь зүй ёсных гэж бодож байна. Үнэхээр эдийн засгийн 37.7 хувьтай тэнцэх хэмжээний төсвийн зардал оруулж ирсэн. Шууд үгүйсгээд, энийг хас гэхээсээ илүүтэй өнгөрсөн 30 жилийн түүхийг бид аваад үзье л дээ. 2016 онд хямралын үе, 2020, 2021 он ковидын онцгой он жилүүд байсан. Энэ гурвыг хасаад тооцоод үзэхээр, төсвийн зардал дунджаар 30-33 хувьтай тэнцдэг байсан байгаа юм. 2025 онд 37, бүр 40 рүү дөхөж байгаа нь өндөр өсөлт юм. Тийм учраас энэ дээр бид жаахан “тоормос”-лож, үр ашиггүй, эсвэл тэвчиж болох зардлуудаа хасах хэрэгтэй гэж үзсэн. Ерөнхийлөгчийн зүгээс зарчмын хувьд та нар алдагдалгүй бол, харин яаж алдагдалгүй болох тохиргоогоо өөрсдөө хий. Өөр хоорондоо холбоотой юмнуудаа засаж сайжруулах боломж олгож бүхэлд нь хориг тавьж байгаа юм. Хэсэгчлээд тавьчихвал өөрчилж чадахгүй гэсэн үг учраас тийм боломж, тийм орон зайг Засгийн газар, УИХ-д олгож байгаа юм.

-Улсын мөнгө гэж байхгүй, татвар төлөгчдийн мөнгө. Нэг төгрөг болгон үр ашигтай байх ёстой биз дээ?

-Тийм ээ. Тийм учраас татвараа төлж байгаа хүмүүсийн үгийг заавал сонсох ёстой. Тэндээс авахыг нь авч, зөв юмнуудыг нь бид засаад явах ёстой. Төсвийн хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль зэрэг холбогдох хууль тогтоомжид тодорхой заасан байдаг. Тухайлбал, төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах гээд. Төсөв хэлэлцэх, батлах үйл ажиллагааг нийтэд нээлттэй байлгаж, төсвийн төлөвлөгөө гүйцэтгэл тайлагналын талаар тогтоосон хугацаанд нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх зэрэг маш олон зарчмыг төсөв дээр суулгасан. Энийг бүрэн хангаж ажиллаагүй байна гэж үзэж байгаа юм. Тийм учраас олон нийт, иргэд, аж ахуйн нэгжүүд шүүмжилж байна. Мэдээллээ үнэн зөв, хүртээмжтэй, ойлгомжтой, УИХ-ын гишүүд, бусад хүмүүс ард иргэдэд маш сайн тайлбарлаж ойлгуулах ёстой. Бид урт хугацааны бодлого зэрэг олон баримт бичиг дээр зөв, бодитоор хэрэгжүүлэх зүйлүүдээ томьёолоод оруулсан. Бодитоор хэрэгжүүлэх юм чинь төсөв, эдийн засгийн бодлого дээр гарч ирэх ёстой.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт төсвийн урсгал зардлыг хязгаарлаж, төсвийн алдагдал Засгийн газрын өрийн тусгай шаардлагыг хангана гэсэн заалт бий. Энэ талаар юу хэлэх вэ?

-Тийм. Энэ заалтаа маш бодитой хэрэгжүүл ээ гэж байгаа юм. Баталсан хууль тогтоомжуудаа бодитоор хангаж байж л хэрэгжүүлж эхэлнэ.

-УИХ 2025 оны төсөвт хориг тавьсныг хэрхэн хүлээж авсан бэ?

-УИХ энэ төсөв сайн болсонгүй, засах шаардлагатай байна гэдгээ хүлээн зөвшөөрлөө гэж бодож байна. Яагаад вэ гэвэл УИХ тогтоол баталсан. Энэ ондоо багтаагаад тодотгол хий гэсэн агуулгатай тогтоол гаргаж байгаа нь УИХ өөрөө төсвийг засаж сайжруулах шаардлагатай байна гэдгээ хүлээн зөвшөөрч буй гэж ойлгож болно. Хоёр дахь нь УИХ-аас Засгийн газарт тодотгол хийнэ гэж тогтоолоор чиглэл өгч байгаа нь өөрөө хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчмыг зөрчих нөхцөлийг бий болгосон.

-Тодотгол хийх эрх зүйн орчин бүрдээгүй гэсэн үг үү?

-Төсвийн тухай хуулиар “Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 34.1 дэх заалтад Засгийн газар дараах ашиггүй, эсвэл тэвчиж болох зардлуудаа хасах хэрэгтэй гэж үзсэн. Ерөнхийлөгчийн зүгээс зарчмын хувьд та нар алдагдалгүй бол, харин яаж алдагдалгүй болох тохиргоогоо өөрсдөө хий. Өөр хоорондоо холбоотой юмнуудаа засаж сайжруулах боломж олгож бүхэлд нь хориг тавьж байгаа юм. Хэсэгчлээд тавьчихвал өөрчилж чадахгүй гэсэн үг учраас тийм боломж, тийм орон зайг Засгийн газар, УИХ-д олгож байгаа юм.

-Улсын мөнгө гэж байхгүй, татвар төлөгчдийн мөнгө. Нэг төгрөг болгон үр ашигтай байх ёстой биз дээ?

-Тийм ээ. Тийм учраас татвараа төлж байгаа хүмүүсийн үгийг заавал сонсох ёстой. Тэндээс авахыг нь авч, зөв юмнуудыг нь бид засаад явах ёстой. Төсвийн хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль зэрэг холбогдох хууль тогтоомжид тодорхой заасан байдаг. Тухайлбал, төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах гээд. Төсөв хэлэлцэх, батлах үйл ажиллагааг нийтэд нээлттэй байлгаж, төсвийн төлөвлөгөө гүйцэтгэл тайлагналын талаар тогтоосон хугацаанд нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх зэрэг маш олон зарчмыг төсөв дээр суулгасан. Энийг бүрэн хангаж ажиллаагүй байна гэж үзэж байгаа юм. Тийм учраас олон нийт, иргэд, аж ахуйн нэгжүүд шүүмжилж байна. Мэдээллээ үнэн зөв, хүртээмжтэй, ойлгомжтой, УИХ-ын гишүүд, бусад хүмүүс ард иргэдэд маш сайн тайлбарлаж ойлгуулах ёстой. Бид урт хугацааны бодлого зэрэг олон баримт бичиг дээр зөв, бодитоор хэрэгжүүлэх зүйлүүдээ томьёолоод оруулсан. Бодитоор хэрэгжүүлэх юм чинь төсөв, эдийн засгийн бодлого дээр гарч ирэх ёстой.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт төсвийн урсгал зардлыг хязгаарлаж, төсвийн алдагдал Засгийн газрын өрийн тусгай шаардлагыг хангана гэсэн заалт бий. Энэ талаар юу хэлэх вэ?

-Тийм. Энэ заалтаа маш бодитой хэрэгжүүл ээ гэж байгаа юм. Баталсан хууль тогтоомжуудаа бодитоор хангаж байж л хэрэгжүүлж эхэлнэ.

-УИХ 2025 оны төсөвт хориг тавьсныг хэрхэн хүлээж авсан бэ?

-УИХ энэ төсөв сайн болсонгүй, засах шаардлагатай байна гэдгээ хүлээн зөвшөөрлөө гэж бодож байна. Яагаад вэ гэвэл УИХ тогтоол баталсан. Энэ ондоо багтаагаад тодотгол хий гэсэн агуулгатай тогтоол гаргаж байгаа нь УИХ өөрөө төсвийг засаж сайжруулах шаардлагатай байна гэдгээ хүлээн зөвшөөрч буй гэж ойлгож болно. Хоёр дахь нь УИХ-аас Засгийн газарт тодотгол хийнэ гэж тогтоолоор чиглэл өгч байгаа нь өөрөө хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчмыг зөрчих нөхцөлийг бий болгосон.

-Тодотгол хийх эрх зүйн орчин бүрдээгүй гэсэн үг үү?

-Төсвийн тухай хуулиар “Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 34.1 дэх заалтад Засгийн газар дараах тохиолдолд тухайн жилийн төсөвт төслийн тодотголын төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлнэ гэж заасан. Тухайн жилийн төсөв гэдэгт үргэлжилж байгаа жилийг ойлгоно. Өмнөх тодотголуудыг хараарай. Ковидын үед ч гэдэг юм уу тухайлбал, долоо найман сар болоод, эдийн засгийн гүйцэтгэл яваад, орлого багасаад, үнэхээр бид тавьсан зорилтдоо хүрч чадахгүй нь ээ гэвэл тодотгол хийх таван нөхцөлийг тавьсан байдаг. Тэр нөхцөлүүд нь үүссэн тохиолдолд тодотгоно. Төсөв нь хүчин төгөлдөр болоогүй, гүйцэтгэж эхлээгүй, тодотгол хийх тохиолдлууд нь бий болоогүй, ирээдүй цаг дээр байгаа төсөвт тодотгол хий гэдэг нь хууль зөрчиж байгаа гэж ойлгож байна. Нэгдүгээрт, логикийн хувьд энэ нь буруу. Хоёрдугаарт, одоо байгаа хуулийн зохицуулалтаар зөвхөн үргэлжилж байгаа зүйлийн, тодорхой тохиолдлууд нь үүссэн үед Засгийн газарт өргөн мэдүүлдэг. Энэ хуулийн зохицуулалтыг 2025 оны төсөв дээр ашиглах нь хуулийн хувьд зөрчилдөөнтэй байна гэж үзэж байгаа юм. Үндсэндээ ийм агуулгаар бүхэлд нь хориг тавьж байгаа юм. Нөгөө талдаа Засгийн газар, УИХ-д нэлээн дэмжлэг болно гэж бодож байна. Ингэснээр нэгд хугацаа хожно, хоёрдугаарт, богино хугацаанд өөрчлөөд, хоорондоо ярилцаад, үр ашиггүй зардлуудаа хэмнэж багасгах боломж юм. Одоо батлагдсан төсөв ДНБ-ий 2 хувь буюу 1.9 их наядын алдагдалтай. Энэ хэмжээг бууруулах тохиргоог өөрсдөө хийнэ гэсэн үг.

-Төсвөө тодотгоод засаж сайжруулж болохгүй юу?

-Тодотгол хийлээ гэхэд процессын хувьд 12 дугаар сард багтааж батална гэдэг магадлал бага. Яагаад гэхээр Засгийн газар өргөн барина, дөрвөн хэлэлцүүлэг явуулна, олон нийт Засгийн газрын яамдаас санал авна гээд маш олон процесстой. Хоёрдугаарт, УИХ дээр цаг хугацааны хувьд их хүнд болчихож байгаа юм. Улсын төсөв батлагдсаны дараа орон нутгийн төсвийг ирэх оны нэгдүгээр сар дотор баталдаг. Энэ үйл ажиллагаа ч дагаад хойшилно гэсэн үг. Ийм олон шаардлага байгаа учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Засгийн газар, УИХ-д төсвөө сайжруулаад, богино хугацаанд ажил үүргээ гүйцэтгэх боломж олгож байна гэж ойлгож болно. Тэрнээс энэ төсвийг, жишээлбэл, бодлогын, бүсчилсэн хөгжлийн тэргүүлэх томоохон төсөл, хөтөлбөрийг эсэргүүцэж байгаа юм биш. Засаад, сайжруулаад ир ээ л гэж байгаа юм. Алдагдалгүй төсөл баталчихъя, нөгөө талдаа улам чамбайруулаад, олон нийтийн саналыг тусгаад, хуульд нийцүүлээд оруулаад ир ээ л гэсэн агуулгатай хориг юм.

-Сангийн сайд “Тэвчих ёстой зарим зардлуудаа танах шаардлагатай болж байна гэж хэлсэн. Та эдийн засагчийн хувьд танаж болох ямар ямар зардлууд байна гэж бодож байна вэ?

-Түрүүн би хэлсэн, заавал шаардлагатай зардлууд бий гэж. Цалин тэтгэвэр, дээр нь хүүхдийн мөнгө, зээлийн хүүний төлбөр гээд хасах боломжгүй олон зардал бий. Тэдгээрээс бусад, хөрөнгө оруулалтаа бид нэгдүгээрт эргээд харж үзэх ёстой. Зураг төсөлтэй юу, үнэхээр үр ашигтай юу, цаг хугацааны хувьд бид заавал 2024 онд зэрэгцүүлээд эхлүүлэх ёстой юу гээд хөрөнгө оруулалтаасаа нэлээн танаж болно. Дараа нь урсгал зардал руугаа ороод, төрийн бүх институцүүдийн зардлыг тодорхой хувиар танах хэрэгтэй гэж бодож байна. Утас, тоног төхөөрөмжийн ч байдаг юм уу иргэдийн шүүмжлээд байгаа олон зардал бий. Тэр энэ гэж сугалахаасаа илүүтэй өндөр өсөлттэй байгаа, тэвчиж болох зардлуудаа л танах ёстой.

Д.Эрдэнэтуя

Categories
амьдралын-өнгө мэдээ утга-зоxиол

Дэлхий харагддаг Дэлгэрхааны ноён оргилоос DNN.mn

Сайн сайхан үйлийн шүншиг ерөөл гэж байдаг юм болов уу. Ижий аав, эцэг өвгөдийнхөө халуун голомт нь оршсон өлгий нутаг, чухамхүү хурандаагийн маань бахдал дүүрэн хэлдгээр “Дэлхий харагддаг Дэлгэрхааны оргил-Миний төрсөн нутаг ертөнцийн цэнхэр хязгаар”-ыг зориход бүхий л зүйл утга учиртай санагдсан. Ардын хувьсгалын 100, 101 жилийн түүхт их ойн наадмын сүлд хийморийн бэлгэдэл есөн хөлт цагаан туг төв цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр орж ирэх тэр л цаг дор бид Солонготын даваан дээр дөрөө мулталлаа. Тэрхийн цагаан нуурын хөвөөнөө хоноглоод нааш хөдлөхүйд хангайн дүнжгэр их нуруу алдарт Солонготын даваа асгарсан бороотой угтлаа. Усархаг бороон дундуур санд мэндхэн тэргүүн овоог нь тойроход хурандаа хэдийнэ Цэнд гуайн хэлсэн үгийг чулуун хөшөөнийх нь бичээсээс уншиж зогсоно. Намын төв хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга, Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, АИХ-ын дарга Лувсанцэрэнгийн Цэнд Тосонцэнгэлийн Мод боловсруулах комбинатын даргаар нутаг заагдан ажиллаж байхдаа Солонготын даваанд зам тавих их бүтээн байгуулалтыг эхлүүлсэн түүхэн гавьяатай. Түүний “Ийм хувьтай оронд төрж, ийм сайхан ард түмний хүү болсондоо би бахархаж явдаг” хэмээх үгийг хангайн буурал даваан дээр нь тамгалж, дурсгалыг нь хүндэтгэсэн билээ.

Цэнд гуайн эл үгийг Бадамдорж хурандаа яг л аавынхаа захиас үг шиг сэтгэл догдлон хэлсэн юм. Хурандаагийн аав Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Галуутын голын малчин Маамаан Пүрэв гэж эгэл жирийн тэр хүн хүүхдүүддээ “Гэмгүй санасан нэгэнд тусалчихад бүр гэмгүй” гэх үгийг гэрээс болгон хэлсэн байдаг. Аавынхаа үгийг хүүхдүүд нь амьдралынхаа чиг шугам болгожээ. Эндээс л бидний явдал замын учрал ерөөл бүрдэж Монгол орны хоймор нутаг Хөвсгөлийн цэнхэр хязгаар, Тагна Туватай хил залгах Тэсийн голын шугуй, Хотгойдын Эрдэнэ дүүрэгч вангийн хошууны ариун дагшин уул усыг зорьж яваа минь энэ. “Найрагч дүүдээ ижий аавынхаа буян оршсон ус нутаг, төрсөн газрынхаа салхийг амсуулна” гэж хэлсэн ёсоор өдөр судраа тогтож, наадмын урьд өглөө, үүрийн шаргал гэгээнээр хотоос гарсан. Пүрэвийн Бадамдорж бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны домогт хурандаа. Эл эрхэм шиг чанга дэглэмтэй Монголын таван шоронг бүх насаараа удирдсан хүн эдүгээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ховор болов уу гэж санана. Анх Бэрлэгийн засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид домогт Нацаг хурандаагийн удирдлагад ажлын гараагаа эхэлсэн тэрээр 1985-1990 онд Мааньтын хорихын харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн орлогч байхдаа 3-22 удаагийн давтан хэрэгтэй 1200 хоригдлыг захирч байсан. Тэнд Монголын эрүүгийн ертөнцийн 90 хувь нь хоригдож байсан гэдэг.

Ингэж рецдевүүдтэй ажиллаж ирсэн ч сэтгэл нь өр зөөлөн, ижий аав ус нутаг гэхээр нүдэнд нь нулимс гүйлгэнэдэг, аав ээжийнхээ алтан захиасыг үргэлжид санадаг нэгэн. “Аав ээж хоёр минь ганцхан жилийн зайтай биднийгээ орхисон. Нутаглуулснаас нь хойш 25, 26 жилийн дараа газрыг нь сая эргэж очлоо. Яг хэвээрээ байх юм. Аавын минь шарил дээр зүрхэн тушаа газарт алтан харгана ургасан байна. Тэгээд ах нь бодлоо, аав ээж хоёроо зөв газар нутаглуулжээ, зөв газарт нутаглуулсан учир үр хүүхэд бид зам мөр тэгш яваа юм байна гэж бодлоо” хэмээн хурандаа зам зуурт уяралтайхнаар хэлсэн. Тэгснээ залгуулаад “Манайх Тэрэгтийн шилд буугаад байсан цаг. Мал тушаах боллоо. Орой очиж хонь шахаарай гэж аав ээж хоёр хэллээ. Гүйгээд очтол “Муусайн хур захынхан гар мухар ирлээ, мод бариад ирэхгүй” гэж аав загнаад. Юм л болохоор хур захынхан гэдэг байсан. Тэр нь төвийнхөн гэсэн үг байсан юм уу даа. Манайх хонио тушаахад эр хонь тус бүрийн амьдын жин 50 кг 600 гр болдог юм. Их өндөр тушаалаа гээд улс амьтан ч шуугиад явчихлаа. За Пүрвээ ч улсын аваргын болзол хангачихав уу даа гэсэн яриа ч гарлаа. Аймгийн аваргын болзлыг шууд хангачихаж байгаа юм. Улсад түрүүлэхэд ердөө 200 гр дутаж байсан. Увс аймгийн малчин 50 кг 800 гр-аар улсын аваргын болзол хангаж аав ээж хоёр минь хоёрдугаар байрт шалгарч байлаа” гэхүйд нэгдэл нийгмийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн аварга малчдын дүр байдал нүднээ бууж байна.

Ийм л яриа хөөрөөтэй, элгэн зөөлөн сэтгэлээр аяны харгуйн алтан шарыг эвхэж явна. Орхон түшээ мөрнийг өнгөрч Хотонтод зам дагуух айлын зэлэн дээр зогсон айраг авлаа. Яагаад ч юм надад Хотонтын айраг ойр байдаг. Манай сум (Булганы Хишиг-Өндөр)-ын бүдүүн Суурь дарга Хотонтоос айрагны хөрөнгө авч хамгийн түрүүнд манайд аваачиж өгдөг сөн. Ингээд манайх гүүгээ уяж нутгийнхан хөрөнгөө адууч аавынхаас минь хүндэтгэн авдаг бичигдээгүй хуультай. Эл бүгдийг бодоход Хотонтын айраг сэтгэлд бүлээн байдаг юм. Түүхт ойн их наадмын торгон хөшиг нээгдэж, Төрийн дуулал эгшиглэж байхад Тосонцэнгэлийн цайны газарт нэг нэг таваг цуйван хуйлчихаад цааш хөдөллөө. Удаа ч үгүй дөрвөн замын уулзвараар хойш эргэн Нөмрөгийн наахна очиход Тэгшээ ах хүүтэйгээ биднийг тосоод зогсож байв. Тэгшээ гэж тавь эргэм насны номхон дөлгөөн царайтай, өндөр туранхай бор хүн. Уул нэр нь Түвшин юм гэсэн, гэхдээ бүгд л Тэгшээ хэмээн дуудах ажээ. Бид Ханангийн дөрөлжөөр даван Нөмрөгийн Холбоо нуурын урдаас ороод ирлээ. Нөмрөг бол Жалханз хутагтын нутаг, мөн төр нийгмийн нэрт зүтгэлтэн Б.Элдэв-Очирын өлгий нутаг гэж бодохоор сайхан санагддаг юм. Чанх урд Холбоо нуур мэлтэлзэж баруунаа Нөмрөгийн нуруу таширалдаж, нуурын хойхно Баянзүрх хайрхан, зүүн тушаад Буга-Өндөр сунайж байна.

Нөмрөгийн уулс, Буга-Өндөр гээд бодохоор “Шинэ үсгийн багш” кино санаанд буудаг. Жүжигчин Хүрлээ “Чойжоо гуайн хөх сарлагийг би дийлэхгүй юм байна” гэдэг тэрхүү инээдмийн гэрэл цацруулсан киноноос хойш миний хувьд монгол киног тэгтлээ шимтэж үзээгүй билээ. Уг киноны зохиолыг бичсэн Батжаргалын Жамбалдорж энэ нутгийн хүн. Тиймээс зургийг нь нутагтаа авсан байдаг. Дунжидмаа “Лхам эгч ээ, та ямар сайхан дуулав даа. Үнэн зүрхнээс дуулсан дуу хүний сэтгэлд хүрдэг юм билээ” гэхэд “Хагархай Лхамын дуулах, халзан гунжны мөөрөх хоёрт ямар ялгаа байнаа” гээд “Хөөрхий дөө, муу бүрлээч маань жаахан юм балгачихаараа “Хүрэн толгойн сүүдрээ” дуулах дуртай сан. Дуунд гавихгүй л дээ, гэхдээ үнэн сэтгэлээсээ дуулахыг нь яана” гэх гавьяат Сэлэнгээ (хагархай Лхам), жүжигчин Болормаа (Дунжидмаа) хоёрын дуунд уярч, дуугаар ойлголцож буй хэсгийг үзэхэд нүдний нулимс гарах гээд байдаг. Энэ бүхнийг Нөмрөг хайрхан, Холбоо нуур, Буга-Өндөрт “Хүрэн толгойн сүүдэр нь хөндийгөө дүүргээд хүүшилнэ дээ, хүний бага чамтайгаа сэтгэл юундаа даслаа даа” гэж уяран бодож, сэтгэл дэнсэлж явлаа. Нуурын хөвөөний айлууд гангар хун шиг гэрэлтэн байна. “Буга-Өндөрийн ар тал Галуутын голын эх, Цэцэрлэгийн эх. Манай сумын нутаг. Удахгүй бид Тойруугийн дөрөлж дээрээс Бүстийн нуураа харна. Энэ баруун талын өврийн өвөлжөө бол Монголбанкны ерөнхийлөгч байсан Дэмжигжавын Моломжамцын төрсөн газар. Буга-Өндөрийн урагшаа буурал Булнайн нуруу залгана. Цаана нь Элээт, тэгээд Сангийн далай нуур, Шадар ван Чингүнжавын төрсөн нутаг. Мөн цаахна нь Эрдэнэ дүүрэгч вангийн хошууны алдарт Мандалын овоо, Эрчимийн нуруу залгана. Ингэж хангайн их уулс үргэлжилдэг” гэж хурандаа замын дунд яг л шүлэг шиг уншиж явлаа.

1905 оны их газар хөдлөлтийн гүн сорви, нутгийнхны хэлдгээр газрын гав дээр түрхэн зуурт дөрөө мултлав. Булнайн нуруунаас Увсын Хөнхөхийн нуруу хүртэл шугамдсан юм шиг эгцээрээ газар хагарсныг нутгийнхан хэлж байна. Үүнийг мэргэжлийн үүднээс тайлбарлавал, өнгөрсөн зуунд Монголд хөдөлсөн хамгийн хүчтэй газар хөдлөлт гэгддэг. Увс нуурын өмнөд хэсгээс Ханхөхийн урд бэлийн Модон даваа, Цагаан нуурын хойд эрэг, Тэрэгтийн нурууны хойд бэл, Ярцагийн голын хавцал, Ойгон нуурын хотгор газрын хойд хормой, Булнайн нурууг арлан, Тэсийн голын эхийг дайран Сангийн далайн өмнө эрэг хүртэл 500 км урт хагарал үүссэн аж. Оросын эрдэмтэн Вознесенский ирж судалгаа хийж, газар хөдлөлтийн хүчийг 11-12 баллд хүрч, 7 сая ам дөрвөлжин газар нутгийг хамран доргисон гэх дүгнэлтийг гаргасан байдаг. Энэхүү газар хөдлөлт Цэцэрлэг сумын нутагт хоёр удаа хүчтэй хөдөлж Буянтын нурууны ар, Хул азаргын нурууны өврөөр их бага хагарал үүссэнийг тэмдэглэсэн байна. Газар дүнгэнэн дуугарч байснаа уулнаас чулуу нурж, нуурын ус цацагдан, уулын мод үндсээрээ суга үсрэн ханаран унаж, зарим булаг шанд алга болсон гэдэг. Вознесенскийн тэмдэглэснээр Тэсийн хүрээнд хоёр шавар байшин, 30 орчим модон дуган нурж, Алтанхөлийн нуруунд хоёр нуур алга болжээ. Тэр жил Увсын Зүүнхангай Ханхөхийд очиход энэхүү газар хөдлөлтийн тухай өвгөд хөгшид ярьж байсан.

Хоттой хонь майлалдаж, үхэр мал газар доор мөөрөлдөн орилолдож байсан тухай хэлж байсан. Хоёр зууныг дамнасан газрын гав яг хэвээрээ байна. Газрын гавд тогтоол ус үүсдэг байна. Бүст нуурын арын айлууд газрынхаа гавыг ашиглаад карлинд малаа угаадаг тухай нутгийнхан хэлсэн. Газрын шарх гэдэг хоёр зууныг дамнасан ч аньдаггүйг нүдээр үзэж, тэндээс хурандаагийн хэлснээр Тойруугийн дөрөлж дээр гарч Бүстийн цэнхэр нуураа харлаа. Дуунд мөнхөрсөн нуурын мандал салхины чичиргээнд бидэр татуулж угтав. Завханыхан Багабандийгаа Ерөнхийлөгч байхад нь загас бариулах гэж Бүстийн нуурандаа авчраад загас байгаагүйгээ мэдсэн тухай яриа байдаг. Харин сүүлд Баярын ээж Дулмаа гуай Бүстийн нуурыг загастай болгосон ч хар галуу гэж аюул бийг нутгийнхан хэлдэг. Бүст нуурын Бүстийн дунд уул. Газарзүйн тодорхойлолтоор бол эргэн тойрон усаар хүрээлэгдсэн хуурай газар буюу арал гэж болохоор. Энэхүү дунд уул буюу арал дээр айл амьтан өвөлжиж байсан улбаа бий. 2000 оны зуднаар айлууд дунд ууланд өвөлжиж өнтэй давсан гэдэг. Бүстийн нуурын зүүн хойно Жарантайн улаан эрэг харагдана. Энэхүү улаан эргээр даваад ар дор нь Цэцэрлэгийн Рэнцэнжугнай нуур цэлийж байгаа. “Аав минь Увсын Дэмбэрэлсамбуу гэж аймгийн заан цолтой мундаг бөхийг хаяж сумынхаа наадмын түрүүг хүртэж сумын заан цолны эзэн болсон. Галуутын голын Пүрвээ заан гэдэг нь тийм учиртай. Тэртээ жаран есөн онд Дэмбэрэлсамбуу гуайг мал туудаг гэж сонсоод, аав уулзах гэж улаан эргээр морьтой давж ирж байлаа” хэмээн хүү нь Жарантайн улаан эргийг хараад ачит эцгээ дурсан явлаа. Ааг бяртай тэр сайхан хүчтэнээр сумынхаа түрүүг хүртсэн авшиг ерөөлийг Пүрвээ заан бодож явсных нь илэрхийлэл тууврын замд уулзаж амрыг асуун хөөрөг зөрүүлсэн хуучаас мэдрэгднэм. Ёстой нэг эрийн хэц, хүний мөс нь мэдрэгдэж байна.

Бид явсаар Галуутын голыг уруудлаа. Чухамхүү газрын дундаж диваажин гэж дуун алдмаар Галуутын гол. Намар усны шувууд буцахад ижил сүргээсээ хоцорсон ганц галуу энэ хясаанд өвөлжиж, харзных нь усанд хөлөө хайруулснаас “Мухар Галуут” гэж нэрийдэх болсон домогтой газар. Галуутын голд ирэхэд намираа зөөлөн цагаан бороо цайран орж байлаа. Эхийн сэтгэл шиг, эцгийн гэрээс шиг энгэр цээжийг сүлсэн сүүн цагаан бороо. Хүчтэй салхилж орохгүй, басхүү ганц нэгхэн дусагнахгүй, хацар нүүрийг зөөлхөнөөр илбэж намиранхан орж байгаа юм. Уул ус тэр чигтээ цайраад, нимгэн цагаан пансан торго сувдран татаж уу гэмээр. Галуутын тохойн мөнгөн сортой өвснүүд болор шүүдэр талстуулан цацарна. Цэцэрлэгийн голынхон, Галуутын голынхон энэ л тохой бүрээс хадлангаа авдаг байна. Урд уулын хяраас тачигнан бууж ирсэн хэдэн “зэрлэг” адуу зам хөндлөн хатируулсаар, эргэн эргэн сэрвэлзсээр өвөр зүг рүү орлоо. Ижий аавынхаа ариун дагшин уул усыг газрын холоос зорьж ирсэн хурандаагийн сэтгэл яг л энэ намираа цагаан бороо шиг асгарч буйг би мэдэрч явлаа.

Хуучин нийгмийн үед айл амьтан ховор, эль хуль зэлүүд нутаг байжээ. Одоо бол ам болгондоо өвөлжөө, намаржаатай байгалийн үзэсгэлэн бүрдсэн онцгой нутаг юмсанж. Хоёр талдаа огцом өндөр битүү модот уултай, голоор нь Галуутын гол тунгалагшин урсаж, төрөл бүрийн жимс жимсгэнэ урган, мод бургас өнгө өнгөөр алаглан багсайлдана. Бадамдорж хурандаагийн өвөө данхар Маамаа гуайн өвөлжөө Галуутын Нам даваагийн ухаад байна. “Өвөө минь бурхны номтой хүн байсан. Эм барьдаг, манайхны дээдэлдгээр маарамба байлаа” гэж ач хүү нь хэлж байна. Тэрээр Нам даваагийн урд хярыг Хөх ямаат, хойшоо харагдаж байгааг нь Бухт гэдэг. Аавтайгаа, ахтайгаа Бухтад хадландаа гардаг байлаа гэж дурссан. Энэхүү ариун дагшин гол уснаас олон сайхан алдартан төрсний дундаас УИХ-ын гишүүн асан Хулангийн аав нэрт дипломатч, Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Лүдэвдоржийн Хашбат, Монгол Улсын гавьяат багш, МУИС-ийн тэргүүлэх профессор, хууль зүйн шинжлэх ухааны доктор Тэгшжаргалын Сэнгэдорж, Сонгуулийн ерөнхий хорооны дарга Пүрэвийн Дэлгэрнаран нарын эрхмүүдийг онцлон хэлэх байна.

“Галуутад манайх Пүрэвжялын Туваанжав, Цэгмидийн Отгон, Бадарч болон Лүдэвдорж гуайнхтай айл аймаг явсан. Өргөн ширэнгэ рүү Маамаан Базарсад, Хасаан Ширнээ, Пандийн Биндэръяа, Очирын Биндэръяа нарынхтай, мөн монхор Жийгээ буюу холбооны Жигжидсүрэн, Павуужав гуайнхтай айл аймаг явсан”-аа хурандаа хэлж олон сайхан хүний гэгээн дүрийг сэтгэлдээ үзэх шиг болсон. Газрын дундад диваажин Галуутын голыг уруудсаар Эрдэнэ дүүрэгч вангийн хошууны алдарт бөх, босоо Шагдарын төрсөн газар Хүрэн харганад ирлээ.

Н.Гантулга

Үргэлжлэл бий.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Говийн тэмээчин Б.Бүжин: Манай говийн малчид хилийн зогоон гаталж өвөлжихөөр нүүсэн DNN.mn

Монгол орны урд хязгаар Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг Борзонгийн говь, Орвог гашууны бор толгой орчимд намаржиж буй тэмээчин бүсгүй Б.Бүжинтэй ярилцлаа.


-Сайхан намаржиж байна уу та. Борзонгийн говь орчмын намар ямар болж байна?

-Борзонгийн говийн зун гандуухан байлаа. Хур бага орлоо. Намрын шаргал өдрүүд дуусч ойрын хэд хоног жавартай байна. Ерөнхийдөө сүүлийн хоёр жилийн хугацаанд бороо ховор үзлээ. Борзонгийн говийн малчдын зарим нь хилийн зогоон гаталж өвөлжихөөр нүүсэн. ХХЕГ-аас зөвшөөрөл авдаг. Сумын Засаг дарга маань хөөцөлдөж өгдөг. Хилийн цаана чинь Өмнөд Монголын Алшаа аймгийн нутаг залгадаг. Борзонгийн говийн айлууд хилийн бүсээс 40-80 км-ын орчимд байдаг. Орвог гашууны Бор толгойн архан талаар 100 орчим тэмээчин өрх өвөлжихөөр үлдсэн. Монгол орны өмнөд цэг Орвог гашууны Бор толгой Улаанбаатараас 860 км. Зун тааруу болсонтой холбоотойгоор бог мал бүхий иргэд бусад аймаг, сумд руу оторлохоор нүүсэн. Манайх сумын төвөөсөө алс, хилийн бүс дагуу нутагладаг юм. Борзонгийн говийн бүс нутаг тэмээ хариулахад тохиромжтой. Дээхнэ үед бол тэмээгээ услах асуудал байлаа. Өнөөдөр малчин өрхүүд хамтарч худаг гаргачихсан, ямар ч асуудал алга. Гүний худгаас мотор ашиглаж усаа гаргадаг. Олон тэмээ услахад шатахуун их хэрэг болно. Хагас сар болоод л бидний нэг нь сумын төв рүү шатахуунд явж нөөцөө бэлтгэдэг. Өдөр ирэх тусам л шатахууны үнэ нэмэгдэж байна. Өнөөдөр бол Номгон сумын төвд литр шатахуун 3100 төгрөгийн ханштай байгаа. Энд гаднаа техникгүй айл байхгүй. Түлш, шатахуун шиг эрэлттэй зүйл алга. Зарим үед энд шатахуун тасарна. Энэ л том асуудал дагуулдаг юм.

-Нутгийн иргэд энэ өвлийн өнгийг яаж шинжиж байна?

-Нутгийн буурлууд намрын дунд сарын шинийн 15-ны өдрийн өнгөөр тухайн өвлийг шинждэг. Энэ өдрийн өнгөөр бол цаг агаар тогтуун дулаахан өвөл ирэх төлөвтэй байна. Борзонгийн говьд өвөл ер нь тогтуун болдог. Сүүлд 2010 онд сүрхий цас унаж, зуд болсон. Одоогоор өвөлдөө бэлтгээд бараг дуусч байна. Говьд хадлан авахгүй. Цахилдаг өндөр ургасан газруудаа хадаад нөөцөлдөг. Хавар ядарсан малдаа өгнө. Тэр дороо тэнхрээд л ирдэг. Энд хангай шиг түлш элбэг олдохгүй. Хороо бууцаа цэвэрлэж хөрзөн бэлтгээд түлнэ. Өвлийн бэлтгэл товчхондоо ийм. Удахгүй бид идшээ бэлтгэнэ. Намрын цагт малчид хүнсэндээ хонины мах хэрэглэдэг. Өвөл, хавар гол төлөв тэмээний мах иднэ. Эндхийн нөхцөлд тохиромжтой байдаг юм. Махаа эвдэж нөөцлөөд, заримыг нь борцолдог. Хаврын хатуу өдрүүдэд тэмээний борцоороо шөл хийж уугаад л өнгөрөөнө. Говийн ургамал ховор ч шимтэй. Гадны аймгуудаас ч говийн мах захиалж авах нь бий. Зорьж ирээд махлаад авч явдаг юм. Жил жилийн өдийд л мах сурагласан улсын хөлд бид дарагддаг. Малчин бидний амьжиргааны эх үүсвэр нь мах. Айлууд багадаа л 100 орчим тэмээтэй. Тэднээсээ махалж зараад л амьжиргаагаа залгуулдаг.

-Говьд махны ханш ямар байна вэ. Бэлчээрийн даацтай холбоотойгоор малчид малаа цөөлөх сонирхолтой байх шиг?

-Энэ жил олон аймагт гандуу байлаа. Малаа махлаад зарах сонирхол малчдад их байна. Өнөөдөр бол мах кг нь 5000-6000 төгрөгийн ханштай л байгаа. Ийм хямд үед зарах хэцүү. Малыг амьдаар нь урагш нь гаргах талаар мэдээлэл явж байна. Энэ асуудал хэрэгжвэл махны үнэ өсөх талаар малчид ярьж байна. Бид зурагт үзээд л энэ төрлийн мэдээллээ авчихдаг. Яг одоогоор малыг хөлөөр нь урагш гаргах асуудал малчдын анхаарлын төвд байна. Чөлөө заваараа фэйсбүүк ороход малыг амьдаар нь гаргаж тамлахгүй гэж бичсэн байна лээ. Уул нь энэ бүхэн малчдын л сонголт байвал зүгээр санагдах юм. Амьдаар нь зарах нь зарна биз. Сонирхолгүй нь махлаад зарах биз.

-Тэмээний ашиг шим өөр юу байдаг юм бэ?

-Жилийн дөрвөн улиралд тэмээгээ саадаг. Бог мал зуны цагт л сааль өгдөг бол тэмээгээ хэзээ ч бариад сааж болно. Хоормог гаргана. Сумын төвд хоормогны эрэлт их. Улаанбаатар луу нийлүүлдэг. Өнөөдөр литр хоормог энд 10.000 төгрөгөөр зарагдаж байна. Эрүүл мэндэд чухал ач холбогдолтой энэ ундааг сахарын өвчтэй хүмүүс авч хэрэглэдэг. Борзонгийн говийн брэнд бүтээгдэхүүн нь ингэний ундаа хоормог гэж хэлж болно. Малчдын гараас авах сонирхолтой улс олон. Хөдөлмөрлөж байгаа бүхэн энд элбэг хангалуун амьдрах боломжтой. Жилийн дөрвөн улиралд ингээ саана. Хаврын цагт бол ямаагаа самнаад ноолуураа гаргачихна. Энэ мэтээр амьжиргаагаа залгуулаад элбэг хангалуун амьдарна.


-Залууст хөдөө амьдрах сонирхол бага байна уу?

-Хүүхдүүд хот руу номын мөр хөөх сонирхолтой. Мал дээр гол төлөв 40-өөс дээш насны хүмүүс л байдаг. Сүүлийн жилүүдэд залуу гэр бүл тэмээ маллах нь нэмэгдсэн. Тэмээний тухайд бусад малыг бодоход арчилгаа нэг их шаардахгүй. Услаад л байхад зөнгөөрөө бэлчээрлээд явдаг.

-Борзонгийн говийн тэмээчин өрх бүр интернэтед холбогдсон уу. Энэ мэт мэдээллээ телевизээс гадна өөр ямар сувгаар хүлээж авч байна?

-Хоёр жилийн өмнө энд юнителийн 4G сүлжээ нэвтэрсэн. Тэмээний бэлчээрээсээ л интернэт орно. Мэдээллийг цаг алдалгүй хүлээж авна. Алс оронд суудаг ах, дүү амраг садантайгаа цаг тутам холбогдож, дүрсээ хараад ярьчихдаг. Малчны хотноос л дэлхий ертөнцтэй хөл нийлүүлээд л алхаж байна. Тэмээгээ услахдаа худгийн орчимд бид цугладаг. Ингээд л хүлээж авсан мэдээллээ бусадтайгаа хуваалцана. Худгийн бэлчирт л Орос Украины дайн, урд, хойд хил яаж байна гээд л өргөн сэдвээр халуун яриа өрнөдөг. Хүлээж авсан мэдээллээ бусадтайгаа хуваалцдаг. Энд сонин ирнэ. Арай настай улс нь сонин гарчиглах дуртай. Цахимд худал, үнэн янз бүрийн мэдээлэл явдаг. Хэвлэмэл материалыг бодит эх сурвалж гэж илүүд үздэг. Ахмад улс утас ухаад суух нь ховор. Нүдний шилээ зүүгээд сонин гарчиглаад сууж байх нь бий. Залуусын тухайд утас үзэхээс гадна ном их уншина. Номын сантай айл хөдөөд олон. Малын бэлчээрт номтой нөхөрлөдөг хүмүүс бий шүү. Уншсан номоо хоорондоо солино. Агуулгынх нь талаар санал бодлоо солилцдог. Нөгөө хэсэг нь Малчин тв их үзнэ. Тэр дундаа мал маллах арга ухаантай холбоотой нэвтрүүлгүүдийг шимтэж сонирхдог.

-Малчин өрхүүд чөлөөт цагаараа өөр юу хийж байна вэ?

-Малчид шинэ жил, ахмадын баяр, тэмээний уралдаан, багийн наадам гээд тэмдэглэлт баярыг багийнхаа соёлын төвд өргөн дэлгэр тэмдэглэдэг. Өглөө болтол бүжиглэж, тоглоом тоглоно, тэмцээн зохиож нэгнээ шагнана гээд инээд хөөрөөр дүүрэн өнгөрүүлдэг. Сая ахмадын баяраа тэмдэглэж өндөр настай улсдаа хүндэтгэл үзүүлсэн. Удахгүй шинэ жилээ тэмдэглэдэг уламжлалтай. Дараа нь Олон улсын эмэгтэйчүүдийн баяраа тэмдэглэнэ. Хааяа багийн төвд бүжиг болно. Багийнхан тэр аяараа л цуглаж хөл хөөр болдог юм. Хүлээдэг хүмүүс ч бий. Сумын төвд дуучид тоглолт хийнэ. Сая л гэхэд дуучин Т.Ганбүргэд ирсэн. Сумынхан заал дүүрэн цуглаад л үзсэн. Хавар дуучин Э.Чинбаяр, В.Баттулга гээд дуучид уран бүтээлийн тоглолт хийсэн. Малчин өрхүүд хотоороо л цуглаж үздэг. Тасалбар нь 20.000 төгрөгийн ханштай байдаг юм. Хоёр литр хоормог зараад л хоёр цаг тоглолт үзээд харьцгаадаг. Эндхийнхэн зохиолын дуунд их дуртай.

-Сумын төвийн айл өрхүүдийн амьжиргаа ямар байна вэ. Гол төлөв ямар ажил хөдөлмөр эрхэлж байна?

-Манай сум есөн жилийн сургуультай. Сумын төвд бага насны хүүхдээ сахидаг цөөн хүмүүс бий. Тэгээд хэдэн төрийн албан хаагч. Ингээд л болоо. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүс уул уурхайтай сумд руу шилжээд явчихсан. Уул уурхайтай сумдад зах зээл нь том. Номгон суманд хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүн маш цөөн. Хүн ам төвлөрсөн сумд руу явчихсан. Харьцуулаад харахад уул уурхайтай сумдын хөгжил хол илүү байдаг. Залуус сумандаа очмоор байна л гэдэг. Ажлын байр хомс байна гэдэг юм. Хотод сурдаг дүү нартайгаа холбогдоход сумандаа ажлын байр бий болгох талаар л хэлдэг юм. Хүм ам нь цөөн учраас бэрхшээлүүд гарна.

-Номгон суманд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний ханш ямар байна вэ. Боомттой ойр нутагладаг өрхүүд бараа бүтээгдэхүүнээ цаанаас татаж байна уу?

-Бид Улаанбаатараас татдаг. Үнэ ханшийн тухайд жилийн өмнөхөөс нугарч өссөн. Нөгөө талд махны үнэ уначихсан. Ийм л байна.

-Хилийн заставаар ойр нутагладаг ямар ямар айлууд байна вэ. Говийнхны хөгжөөнтэй ярианаас цухас дурдахгүй юу?

-Манай говийнхон чинь шөнө ер нь их явцгаадаг. Чөтгөр их ярьж дэмийрцгээдэг. Өвөө эмээ, аав ээжийн үеэс сонссон зүйлсээ ам дамжуулаад ярьдаг. Тэгээд манай нутгийн нэг ах шөнө тэмээтэй явж байгаад л нөгөө дэмий яриануудынхаа тухай бодож явжээ. Тэгтэл тэмээ нь гэнэт явахаа байгаад зогсчихож. Тэмээгээ явуулах гэж зөндөө их оролдсон ч ер явдаггүй ээ. Тэгэхээр ах бодож л дээ.За хө, нөгөө чөтгөр гэгч нь л таарчихлаа даа гээд үсрээд буучихсан чинь эрэг рүү уначихсан. Тэмээ нь эрэг тулчихаар нь гаталж чадахгүй зогсоод байсан нь чөтгөр таарлаа гээд бодчихгүй юу.

Айлууд хилийн заставынхаа ойрхон нутагладаг. Мөн зарим малчид маань Хилийн туслах хүчний гишүүн хийдэг. Сумын сайн малчин Ц.Эрдэнэдалай, сумын сайн малчин Т.Амарсанаа гээд туслах хүчний гишүүд байдаг. Сумын сайн малчин Ж.Чулуунбаатар, А.Эрдэнэсан, М.Мөнхтуяа, О.Хүрэлбаатар, Т.Уулзсанаа, А.Төрбат, Ц.Тогтмол, А.Эрдэнэбилэг мөн Аймгийн сайн малчин Б.Амартайван гээд аймаг сумын алдарт уяачид аварга малчид олон бий. Хилийнхээ зурвас бүс хамгийн ойр насаараа нутаглаж буй тэндхийн янгир ямааг хэдэн тэмээтэйгээ хамт усалдаг О.Цэдэнпил гуайг онцолж хэлье. Өдгөө 80гаруй настай буурай маань залуудаа сайхан дуулдаг байсан төдийгүй урын сандаа 100 гаруй дуутай. Эдүгээ эх нутгийнхаа хилийг манангаа цагийн дөрвөн улиралд тэмээн сүргээ услан яг тэр өвөлжөөндөө байдаг. Мөн цасгүй, хур бороо бага жил усанд ирэх янгир ямааг усласан хэвээр л байна. Мөн Д.Сүрэнжав, Ё.Жанчиваа, О.Цэдэнпил, Р.Дамчай, Д.Цэндоо, Д.Янжий гээд олон олон ахмад буурлууд маань тэмээ болон бог мал маллан малч ухаан өвлөн шинэ залуу малчиддаа үлгэр дуурайлал болж эх нутгийнхаа хил орчимд амьдарч байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Их талын цуцашгүй “Бүргэд”, сумогийн “Төмөр хүн” DNN.mn

Токиод болсон энэ намрын башё бас л сонирхолтой, дуулиантай болсон нь монгол сумочдын ээлж дараалан түрүүлж явдаг эзэн хааны түрүү цом байлаа. Яг арван жилийн өмнө тамирчин хүнийхээ хувьд ахмад гэгдэх 37 настайдаа Кёктүнхо Н.Цэвэгням анх удаа түрүү цом авч, түмнийг гайхшруулж байсныг “Катаонами” дэвжээний бөх Тамаваши Б.Мөнх-Оргил давтан олны анхааралыг ихэд татан, шуугиуллаа. Тэрбээр тун удахгүй 38 нас хүрч бас л ахмад бөхчүүдийн нэгэнд орох учраас тэр. Корона цар тахлын гурав, дөрвөн жилд бидний амьдралд нэлээд их өөрчлөлт орж, одоо ч сумоч нар энгийн уулзалт хийх, баяр наадамд оролцох хязгаартай, тэр тусмаа сэтгүүлч нарыг барагтай л бол биеэр уулзуулахгүй, ихэнхдээ цахимаар ярилцлага авахуулж байна. Түүний дэвжээ корона цах тахлын улмаас ердөө л гурав, дөрөвхөн бөх үлдэв. Ийм цөөхөн байх нь өглөөний кэйко сургуулилт хийхэд яахын аргагүй хүчин мөхөсдөнө. Илүү эр бяр, хүч гаргах, авхаалж самбаа үзүүлэх зэрэг барилдах дадал хийхэд учир дутагдалтай мэт. Тамаваши эрчээ алдахгүй, хүчтэй болохын тулд ачааны машины дугуйг дэвжээндээ тавьж, кэйкогоо хийдэг болсон юм. Тэр улам урагшлан, илүү амжилтын төлөө зорин тэмүүлж байна.

Түүний сумо бөхийн түүх 2004 оны нэгдүгээр сарын башёгоос эхэлж, дөрвөн жилийн дараа 2008 оны нэгдүгээр сард жүрёд дэвшин, амжилттай барилдсаар есдүгээр сарын башёд дээд зиндаанд барилдаж эхэлжээ. Амжилтуудыг нь товчхон дурдвал аваргуудыг давж хүртдэг “Алтан од” давааг долоон удаа мөн онцгой барилдааны шагнал хоёр удаа, дайчин барилдааны болон уран барилдааны тусгай шагналыг тус тус нэг удаа хүртэж байсан, тогтмол сайн барилддагаараа сумо бишрэгчдийнхээ дунд алдартай. Тэр анх арлын Японыг зорихдоо зүгээр л газар үзэж, юм сонирхох гэж ирж байв. Эгч Мөнхзул нь Токиогийн их сургуульд сурдаг байсан болохоор их хотоор аялж, сумочдын дүүргээр сонирхон явж байхдаа нэгэн дэвжээний хажуугаар өнгөрч гарах гээд их аварга Какүрюү М.Анандтай санамсаргүй уулзсан нь түүний хүсэл бодол, мөрөөдөл орвонгоороо эргэх шалтгаан болжээ. тэрбээр сумогийн алтан хараацайн нэгэн Кёкшюүзан Д.Батбаярын танилцуулгаар багштайгаа холбогдож, энэхүү япон үндэсний бөхийн ертөнцөд хөл тавин, өдийг хүртэл дээд зиндаанд ганхаж халирахгүй үргэлжлүүлсээр энэ намрын башёд түрүү бөхийн цомыг хоёр дахь удаагаа хүртэн, япон улс даяар түүнийг “Төмөр хүн” гэх болсон юм. Ийн хэлэгдэх олон шалтгаан бий. Эхний хэдэн жилүүдэд жүрёо, дээд зиндаа нэг уруудаж, дээшилсээр 2015 оны гуравдугаар сард Ёкозунагаас эрэмбэлэгдэх дөрөв дэх Комүсүби цолонд хүрч, шинэ санякү болсон нь бусад гадаад бөхчүүдийн дунд хамгийн оройтсон нь байв. Тухайн үед болсон хэвлэлийн бага хурал дээр эрэмбэ тэмдэглэгээний банцүкэд нэр минь томорч, тод харагдаад гээд баярлан инээмсэглэж байсан тэр үед нь аль хэдийнэ Терунофүжи, Ичиножёо гээд хойно орсон залуу дүү бөхчүүд цол ахичихсан урд нь алхдаг болсон байлаа. Бэртэл, гэмтэл зэрэг олон саад бартааг тэр туулан гарчээ. Гэхдээ чимээгүйхэн дотроо шүд зуун, зөвхөн урагшлахын төлөө л кейкогоо үргэлжлүүлсээр, унаж боссоор явахдаа нэг ч удаа албан тэмцээн, арга хэмжээнд амарч байсан удаа байхгүй юм. Ер нь түүнд оройтож боллоо гэсэн рекордууд нэлээд бий. Харумафүжи аваргыг давж “Алтан од” даваа болон тусгай шагнал хүртсэн гадаад бөхчүүдийнхээ дунд хамгийн оройтсон нь гэж тэмдэглэгдэв. Тэр өвдөг болон хөлдөө гэмтэл авч, босч, суухад ч хэцүү зовуурь шаналлыг амсаж, барилдсаар 2019 оны нэгдүгээр сарын башёд 13 даваа, хоёр унаатай анх удаа эзэн хааны цомыг энгэртээ тэвэрсэн юм. Түрүүлэх нь тодорхой болчихсон өдөртэй давхцан хүү нь үүрээр төрж байсан нь баяр дээр баяр нэмсэн үйл явдал болсон. Тэмцээн дуусангуут, хаалтын баярт ч оролцолгүй хүүдээ яаран очиж, гэргийгээ халамжилж байсан хоёр хүүгийн сайн эцэг билээ. Озеки цолонд хүрэхийн даваанд барин алдаад л явсан он цагууд ч түүнд бий. Гэхдээ тэр хэзээ ч няцаж, халшраагүй, үргэлжлүүлэн, урагшилсаар л байлаа. Түүний гарамгай хийдэг нь хүчтэй мөргөөд түлхэж гаргадаг мэх. Тэр сүүлийн үед тархиараа (оюун санаа) эхэлж дайралт хийгээд түлхэж барилдах нь ялахын нэг зэвсэг гэж хэлдэг болсон юм. Тэр анх багштайгаа уулзаж, хоол идэж байхдаа алгын чинээхэн цаасаар цаасан шувуу нугалаад багшдаа үзүүлсэнд жигтэйхэн гайхаж, ийм том биетэй, бүдүүн бараг хүн ийм нарийн чимхлүүр ажиллагаатай, урласан цаасан шувууг нь хараад л бараг шууд дэвжээндээ авахыг зөвшөөрсөн гэж нэгэнтээ дурсдаг. Тэр гэртээ юм оёх, нарийн боов, жигнэмэг, бялуу хийх дуртай. Бүр японы телевизийн алдартай нэвтрүүлэгт хүртэл уригдан оролцож, гарын жигнэмгээ амсуулж, алдартнуудыг гайхшируулж байсан юм. Тамаваши Б.Мөнх-Оргилын ээж С.Цэндсүрэнгээс өдийг хүртэл амжилттай сайн барилдаж яваад хамгийн их нөлөөлж буй зүйлийг асуухад “Би Мөнх-Оргилыг ямар ч үед хийж буй зүйлдээ үнэн сэтгэлээсээ ханддаг зан чанар нь амжилттай, тогтмол барилдахад нөлөөлж байгаа болов уу. Сумоч болоод тодорхой үр дүнд хүрэхийн тулд дасгал сургуулилтаа тогтмол таслахгүй хийж, цаг үргэлж чармайн хөдөлмөрлөсөнд л оршдог байх. Бас хүүгийн минь санаа амар барилдах боломжийг олгож, ар гэрийн албаа сайн хашиж, үр хүүхдүүдээ эрүүл, саруул өсгөн хүмүүжүүлж байгаа бэр Мишээлийн минь ач гавьяа гэж бодож байна” хэмээн бахархангуй хэлэв. Ингээд цаашаа яриа өрнөсөн юм. “Хамгийн анх Катаонами дэвжээний багш аав, ээжийг нь урина гээд Токиод хань Батжаргал бид хоёр очив. Тэр үед охин Мөнхзул маань Токиогийн их сургуулийн магистраа дүүргээд, хүү маань мэргэжлийн сумод хөл тавьж, охиныхоо төгсөлтийн баярт нь халуун ам бүлээрээ оролцож, мартагдашгүй сайхан дурсамж үлдсэн юм. Анх удаа хүүгийнхээ дэвжээн дээр охинтойгоо гурвуулаа очиж байлаа. Дэвжээний багш хүндэтгэн хүлээж авч, хоол цайгаар дайлж цайлж, бид ширээнд тухлав. Тэгж байтал хүү орж ирж байгаа нь тээр тэндээс харагдаад бидний зүг толгой бөхийн ёслон мэндлэв. Багшийн гэргий Оками сантай ид яриа өрнөсөн үе л дээ. Хүү маань багш руугаа мэндэлж, ёсолчихоод цааш явахад аав нь нулимас бөмбөрүүлэн, харсаар хоцорсон юм. Би санаа зовохдоо нөхрөө тохойгоороо зөөлөн нударлаа. Би ч гэсэн босоод л хүүгээ тэврэн үнсэж уулзана даа гэж бодож байсан болохоор хамаг юм дээшээ хөөрч, огшоод тайвширч чадахгүй л байлаа. Охин орчуулж, зөндөө сайхан яриа дэлгэж, уулзалт дууссаны нэлээд хойно бид хүүтэйгээ тэврэлдэн уулзаж билээ. Хүү минь хүүхэд байхаасаа л хоол сайхан хийдэг. Эрэгтэй хүүхэд гэхэд үе тэнгийнхнээсээ илүү нарийн торгон мэдрэмжтэй. Ялангуяа телевизээр хоолны нэвтрүүлэг үзээд -Та надад оливын тос, улаан лооль, өргөст хэмх, байцаа, бяслаг аваад ирээрэй гэнэ. Би ч захиалсан ногоонуудыг нь аваад очиход сайхан салат хийж өгдөгсөн. Гэртээ ирэхэд их урамтай. Хүү үүдээ онгойлгоод надад тавчик ойртуулж өгнө. Аав, ээж хоёроо гараа угаагаад, оройн хоолоо идээрэй! гэнэ. Эмх цэгцтэй, цэвэрхэн ширээнд хүүгийн өрж тавьсан халбага, сэрээ, аяга тавагт хийсэн сайхан амттай салат, хоол ундыг амтархан идэх хичнээн сайхан байв даа. Нэг өдөр ажлаасаа гэртээ иртэл Мөнх-Оргил ихэд сандраад -Ээж ээ уучлаарай би одоохон гээд галын өрөөнд оруулсангүй. -Яасан бэ? гээд гайхтал -Хүү нь унтчихсан байна. Та цай уугаад сууж бай! Би одоохон хоолоо хийчихье ээж ээ гэсээр хоолой нь сааралтаад, санаа зовсон шинжтэй дуугарлаа. Миний хүү зоволтгүй ээ гэхэд санаа нь амарсан шинжтэй инээгээд хамтдаа хоолоо хийж билээ. Мэргэжлийн сумод амжилттай барилдаж яваа нийт монгол хөвгүүдээрээ бахархаж байна. Сумогийн барилдаан гарах бүрийд жаргалтай сайхан байдаг. Ялангуяа сумогийн хөтлөгчийн яриаг сонсох тэр дундаа Тамавашигийн талаар юу хэлэх нь сонирхолтой санагддаг. Ах дүү, найз нөхөд, танилууд -Хүү чинь давлаа. Баяр хүргэе гэхэд хүүгээрээ бахархан баярладаг даа” хэмээн инээмсэглэн өгүүлэв.

Сумогийн алдар нэрийг тухайн дэвжээний өв уламжлагдан ирсэн нэрний ханз бас утга учрыг нарийн бодож бэлгэ дэмбэрэлийг харгалзан багш нь зурлаганы тоо, ханзны утгыг нэг бүрчлэн тооцож, нэр оноодог. Тамаваши гэх нэрний ваши нь бүргэд гэсэн утгатай ханз үг бөгөөд хэзээ ч цуцашгүй элин халин дүүлэх хүчит шувуугаар бэлгэдэн өгчээ. Тийм ээ. Тэр Монголын их талын цуцашгүй хүчит “бүргэд” болон дүүлсээр сумогийн ертөнцөд “Төмөр хүн” хэмээн алдар нэрээ дуудуулж явна.

Манай сонины Осака хот дахь тусгай сурвалжлагч Х.Эрдэнэцэцэг

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Секунд, дольтой уралддаг “Түргэн тусламж”-ийнхан DNN.mn

Энэ удаагийн “Танайд өнжье” дугаартаа Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвд өнжлөө. Амралтын өдөр буюу бямба гаригт 14:00 цагт зорин очсон юм. Тухайн өдрийн ээлжийн ахлагч эмч Ц.Эрхэмбаяр биднийг хүлээн авав. Тэрбээр “Ихэнх эмч нар дуудлаганд гараад явсан. Цөөхөн нь байна” гэв. Ээлжийн ахлах эмч тухайн өдөр ямар дуудлагад ямар эмч явуулах, аль жолоочтой цуг явуулахыг шийддэг аж. Яаралтай түргэн тусламжийн төвийнхөн өдөрт 12 эмч, 9 жолоочтой дуудлага мэдээлэл хүлээн авч ажилладаг юм байна. Биднийг очиход хоёр эмч өвчтөнүүдийн асуулга бөглөөд ажлын байрандаа сууж байлаа. Түргэн тусламжийн төвийн нэг давхарт нь дуудлага хүлээн авах өрөө, эмч нарын өрөө, угаалга ариутгалын газар, цайны газар, эмч нарын амрах өрөө байдаг аж.


Ажлын байртай нь танилцаад дуудлага ирэнгүүт гарахад бэлэн суугаа эмч В.Цэрэнхүүтэй ярилцлаа.


-Та дуудлагын эмчээр хэдэн жил ажиллаж байна вэ?

-Би долоо дахь жилдээ ажиллаж байна.

-Амралтын өдөр ажлын өдрийнхөөс илүү ачаалалтай байдаг уу?

-Амралтын өдөр харьцангуй дуудлага ихтэй байдаг. Төв болон Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх гэсэн салбарууд нийслэл хотын хүн амд эрүүл мэндийн түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлдэг.

-Ээлжээ хэрхэн солилцдог юм бол?

-24, 48 цагаар ээлжлэн ажилладаг. Өглөө 8:30 цагаас маргааш өглөөний 8:30 цаг хүртэл ажиллана.

-Өдрийн аль цагт хамгийн их дуудлага мэдээлэл, ачаалал ихтэй үе байдаг вэ?

-Бүхий л цаг үед дуудлага ирдэг л дээ. Оргил ачааллын цаг нь 18:00-23:00 цагийн хооронд байдаг.

-Сүүлийн үед ямар дуудлагууд их ирж байна вэ?

-Ерөнхийдөө эмнэлгийн тусламж шаардлагатай бүхий л дуудлага ирдэг.

-Дуудлагаа эмч нар хэрхэн хүлээн авдаг вэ?

-Ээлжийн ахлах эмч программаар шууд хуваарилаад өгдөг. Дуудлагад гарах эмч бүрт өөрсдийн таблет бий. Түүнд нь дуудлага мэдээллийг явуулна. Мөн машин бүрт станцтай, түүгээрээ дамжуулан дуудлагаас дуудлагын хооронд аль ойрхон нь шууд явдаг.

-Яаралтай түргэн тусламжийн төв нь нийслэлийн аль хэсэгт дуудлага мэдээллээр очдог вэ?

-Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар, Баянгол дүүргүүдийн төвийн хэсэгт гарсан дуудлага мэдээллийг хүлээн авч, түргэн тусламж үзүүлэн ажилладаг.

-Өдөрт дунджаар нэг эмч хэдэн дуудлагад гардаг вэ?

-Хамгийн бага нь 25, түүнээс дээш л хүнд үйлчилдэг дээ.

-Жилийн хамгийн ачаалалтай үе нь аль улиралд байдаг вэ?

-Өвөл ханиад томууны үед л хамгийн ачаалалтай байдаг. Тэгээд хавар хүйтнээс дулаанд шилжих үед бас дуудлага эрс ихэсдэг гэв.

Яаралтай түргэн тусламжийн төв нь хотын төвийн хэсгийг хариуцан ажилладаг. Бусад дүүргүүдэд салбарууд байршдаг аж. Тухайн өдөр дуудлага мэдээлэлд гарах эмч цөөхөн байвал бусад салбараасаа нөхөж авна, нөхөн явуулах зарчмаар ажилладаг юм байна. Биднийг ийн ярилцаад сууж байтал Баянзүрх дүүргийн зургадугаар хорооноос 29 настай эрэгтэй бүх бие өвдөөд байна хэмээх дуудлага ирэв. Ингээд анхны тусламж үзүүлэх цүнхээ аваад машин руугаа явлаа. Жолооч Б.Баяраа машиндаа эмчийг хүлээн сууж байв. Өвчтөнд зүрх судас зогссон тохиолдолд хүчдэл өгөх аппарат буюу AD цэцэрлэгийн насны хүүхдийн үүргэвч шиг авсаархан жижигхэн болсон байна. Энэ мэтчилэнгээр түргэний машинд эмч, өвчтөнд хэрэгтэй бүхий л сүүлийн үеийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр бүрэн хангагджээ.


Жолооч Б.Баяраатай ярилцлаа.


-Та түргэний машины жолоочоор хэдэн жил ажиллаж байгаа вэ?

-Долоон жил болж байна.

-Энэ хугацаанд янз бүрийн дуудлагад их явсан байх даа?

-Гэмтэл, осол гээд бүх л зүйлд явна. Янз бүрийн дуудлага мэдээлэл их ирнэ дээ.

-Өвчтөнг хүргэж амжихгүй нас барсан тохиолдол байдаг уу?

-Ер нь л хүргэдэг. Хүргэхийн тулд л түргэн гэж байгаа шүү дээ.

-Дуудлагад явахад замын түгжрэл их саад болдог уу?

-Өнөөдөр амралтын өдөр болохоор зам харьцангуй сийрэг байна. Ажлын өдрүүдэд түгжрэл ихтэй.

-Түгжрэлтэй үед жолооч нар зам тавьж өгдөг үү?

-Одооны жолооч нарын ухамсар харьцангуй дээшилсэн. Зам сайн тавьж өгдөг болсон.

-Дуудлагад гарахад өдөрт хэдэн литр түлш зарцуулдаг вэ?

-27-35 литр түлш зарцуулдаг. Явдлаасаа болоод янз бүр дээ.

-Нэг жолооч өдөрт хэдэн дуудлагад гардаг вэ?

-30-40, 40-50 гээд янз бүр. Тухайн өдрөөсөө л болдог хэмээв.

Ингээд бид Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны наймдугаар байрыг зорив. Жолооч замдаа дуудлага өгсөн хүнтэй утсаар ярьж замаа заалгуулж байв. Хэтэрсэн бололтой буцаж эргээд явчихав. Утсаар ярьсаар байрыг олоод эмч түргэн тусламжийн цүнхээ аваад буув. Энэ хооронд жолооч “Сүүлийн үеийн хаягжилт их хэцүү болчихсон. Баянзүрх дүүргийн зургадугаар хороонд гэхэд л наймдугаар байр хэд хэд бий. Учрыг олохгүй төөрч будилах асуудал их гарна. Түргэний жолоочид тулгардаг бэрхшээлтэй асуудлуудын нэг бол хаягжилт. Өчигдөр нь байхгүй байсан барилга маргааш нь босчихсон байх тохиолдол бий. Энэ байрыг шинэ наймдугаар байр, ягаан өнгөтэй гээд байсан, хар л даа. Улаан тоосгон байшин байгаа биз дээ. Хүмүүс ч хаяг байршлаа заах гэж будилна. Өөрсдөө ч бараг хаягаа мэдэхгүй төөрүүлнэ. Дээрээс нь сүүлийн үеийн хотхонуудын барьсан машины хаалтууд яаралтай дуудлагад явж байхад их цаг авна. Хаалт нь наана, байшин нь тэр цаана хотхонууд зөндөө. Тэгээд хотхоных нь чип байхгүй, эмч холоос буугаад гүйнэ. Энэ мэтчилэнгээр хүндрэлтэй асуудлууд их гарна. Болдог бол бүх машины хаалтад таарах юниверсал чиптэй болчихмоор. Тэгвэл бага ч гэсэн цаг хэмнэнэ дээ” хэмээсэн юм.

Арваад минутын дараа эмч айлаасаа гарч ирэв. Ямар хүн үзэв хэмээн асуухад “29 настай, бүх бие нь өвдсөн гэсэн дуудлага орж ирсэн. Архины хордлогод орчихож. Хордлого тайлах дусал залгаж өгөөд харьяаллын эмнэлэгт үзүүлэх зөвлөгөө өгчихөөд гарч ирлээ” гэв. Тэр хооронд жолооч станцаараа 43 дууслаа хэмээн төв рүү мэдэгдэв. Төв ойлголоо хэмээн хариу өгөөд дахин Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооноос дуудлага ирсэн, шууд яв гэв. Ингээд дохиогоо өгч, чанга яригчаар ярьсаар дараагийн дуудлагадаа ирэв. Эмч ороод 20-иод минут болсны дараа үйлчлүүлэгчийн гэрээс хүн гарч ирж, 500 гр-тай натри дусал, насилктай цуг аваад ир гэж байна гэлээ. Жолооч өөрөөс чинь өөр хүн байгаа юу гэсээр дусал насилктай аваад буун одов. 10-аад минут өнгөрөхөд жолооч түрүүний дусал авсан эртэй хамт нэгэн эмэгтэйг өргөсөөр машинд оруулаад Баянзүрх дүүргийн эмнэлэг давхилаа. Энэ хооронд эмч өвчтөнийг байнга үзэж, хэлийг нь ажиглаад “Амжиж тусламж авч чадлаа. Одоо сандрах зүйлгүй тайвшир” хэмээн хэллээ. Өвчтөн ч, ар гэрийн хүн нь ч тайвшрах шиг болов. 500 гр-тай дуслыг нөгөө эрэгтэйд бариулаад сайн бариад яваарай гэсэн нь дүүргийн эмнэлэг орох долоохон минутын хооронд дууссан байв. Ингээд дүүргийн эмнэлэг дээр ирээд өвчтөнийг өргөж оруулж өгөөд жолооч түрүүлээд гарч ирэв.


Жолоочоос өвчтөний талаар тодрууллаа.


-Саяны өвчтөн ямар оноштой байсан бэ?

-Харшилтай юм байна, буруу эм уугаад харшлын шоконд орсон байна.

-Тусламж амжиж үзүүлж чадаагүй бол юу болох байсан бол?

-Шокноосоо гарч чадахгүй тэгээд л нас барна шүү дээ. Харсан биз дээ, аравхан минут ч хүрэхгүй хугацаанд бүх л бүтэн 500 гр-тай дусал дуусчихаж байгааг. Гэтэл бид тийм хэмжээний дусал хийлгэхэд дор хаяж 2-3 цаг чилтлээ суудаг шүү дээ.

-Та бас эмч дагаж явсаар “алтны дэргэдэх гууль шарлана” гэгчээр их мэдлэгтэй болсон уу?

-Жолооч нар шаардлагатай үед эмчид туслах ёстой болохоор байнга сургалт, курст хамрагдаж мэдлэгээ дээшлүүлдэг. Манайх чинь Герман улстай хамтарч эмч, жолооч нараа харилцан туршлага судалж, байнга мэдлэгээ дээшлүүлж байдаг.

-Тэгвэл та тариа дусал хийчихдэг байх нь ээ?

-Шаардлагатай үед хийнэ. Гэхдээ эмч гэж хүнд туслах зорилгоор. Эмч чинь эмтэй холбоотой бүхий л ажлыг хийх ёстой.

-Та сая нааш ирэх замдаа их бухимдах шиг боллоо?

-Хүний амь тээгээд явж байхад замын голд утсаа барьчихсан тэр эмэгтэйг харсан уу. Зам тавиад өгөхгүй утсаа оролдоод суугаад байхаар бухимдахаас яахав. Аминаас амины хооронд секунд, дольтой уралдаж байгаа бидэнд тиймэрхүү зүйл их хэцүү шүү дээ. Хүмүүс бас хаягаа буруу заана. 100-ны 40 хувь нь хаягаа буруу заадаг. Арай гэж олоод очихоор зогсоол олдохгүй. Сүүлийн үеийн хотхонуудаас ганцхан “Хангай” хотхон л түргэн, цагдаа, онцгойгийн дуудлага мэдээллээр очих үед тусгай зогсоолтой байдаг. Энгийн иргэдийн машин зогсоодоггүй. Ганцхан зогсоолтой газар тэнд л бий дээ гэв.

Энэ хооронд эмч эмнэлгээс гарч ирээд 32 настай эмэгтэй антибиотикийн харшилтайгаа өөрөө мэддэг юм байна. Тэгээд урьд нь ууж байгаагүй эм уугаад даралт нь багасч ухаан алдаж унасан байна. Хордлого тайлах дусал яаралтай хийж, тариа тариад яаралтай тусламжаар харьяаллын эмнэлэгт хүргэн амь насыг нь аварлаа. Бидний ажил ийм л үед хамгийн сайхан мэдрэмжийг авдаг юм даа хэмээн уртаар амьсгаа авав. Ингээд төв рүүгээ жолооч ажил дууссан тухай мэдээлэл өгөхөд буцаж ир гэлээ. Төв дээр ирээд сэтгүүлч би буцах болсноо хэлээд гарахад эмчид дахин дуудлага ирж цүнхээ шүүрсээр яаран гарч байлаа.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТАНАЙД ӨНЖЬЕ: Өвлийн хүлэмжийг анх нэвтрүүлсэн Д.Амарсайханыд өнжлөө DNN.mn

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийт хороолол, Шувуун фабрикт байрлах ахан дүүсийн газар тариалангийн аж ахуйд өнжлөө.

Баянхонгор аймгийн ахмад барилгын инженер П.Дэлгэрийн хүүхдүүд хамтран газар тариалангийн аж ахуй эрхэлж байна. Түүний охин Д.Амарсайхан барилгын техникч мэргэжилтэй, 2003 онд отгон хүүгээ төрүүлэх үед хашаандаа ногоо тарих Францын хүмүүнлэгийн төсөлд хамрагджээ. Тэр үед нэг багш 10 сурагчид хичээл заадаг байж. Төсөл, өөрийн зүтгэлийн үр дүнд ногоо нь сайн ургаж жилийн дараагаас өөрөө сургагч багш болсон байна. Гурван жил орчим сургагч багшаар ажиллаж, НҮБ-ын төсөлд хамрагджээ. НҮБ-ын төсөл дуусахад Чингис бондын Өвлийн хүлэмжийн зээлд хамрагдахаар материалаа бүрдүүлж 2014 оны аравдугаар сард зээл батлагдаж гарчээ. Хүйтний улирал эхэлж байсан учир эхний хүлэмжийнхээ суурийг тавьж, амьдрах байраа барьж эхлүүлээд худгийнхаа хажууд гэртэй болсон байна.

Ирэх хавар нь хүлэмжээ гүйцээн барьж, нэг жил тоггүй өвөлжиж, халаалтаа тавиад анхны үрсэлгээгээ нэгдүгээр сарын 10-даар суулгаж байжээ. Ингэснээр Монголын анхны өвлийн хүлэмжүүдийн хоёрыг амжилттай туршжээ. Нэг хүлэмжиндээ үрсэлгээ, нэгд нь дан навч тарьсан аж. Өвлийн хүйтэнд 90 хоногт, зундаа 30 хоногт ногоо гардаг юм байна. Иймээс идэр есийн хүйтэнд ч шинэ ургац хэрэглэх боломжийг нээсэн аж.

Өдгөө тэдний бизнес өрхөөс ахан дүүсийнх болж, цаашилбал газар тариалангийн аж ахуй болон өргөжиж байна. Аав П.Дэлгэр, дүү Д.Амарсанаа болон бусад ах, дүү нартайгаа хамтран ажилладаг. “Биднийг зээл авах үед хүнсний ногооны үнэ хямд учир хичнээн сайн үйлдвэрлэсэн ч зээлээ төлөх боломж муу байсан. Хүү, дүү нар, аав маань байнга ажилладаг. Зээлтэй учраас гэр бүлийн хүн маань үндсэн ажлаа хийдэг. Манай гол хөрөнгө оруулагч дүү Амарсанаа маань” хэмээв.

Түүний гэр бүлийн хүнийг Б.Батбаяр гэдэг, барилгын инженер мэргэжилтэй. Тэд Б.Далайжаргал, Б.Түвшинжаргал хэмээх хоёр хүүтэй. Ууган хүү Б.Далайжаргал нь Хөдөө аж ахуйн их сургуулийг ландшафтын архитектурч мэргэжлээр төгсөн мэргэжлээрээ ажилладаг. Харин отгон хүү Б.Түвшинжаргал нь Шинжлэх ухаан технологийн их сургуулийн оюутан, зуны амралтаараа бизнестээ туслан талбайдаа ажиллаж байлаа.

Ил 2,5 га талбайд тариалж байна. Намрын хураалт, зэрлэг авалтад нэмэлт ажилчид авдаг. Тогтвортой гурван хүн, ногоо түгээгч, сэлбэг хариуцсан хүн гээд арын албанд цөөнгүй хүн ажиллаж байлаа. Биднийг очих үед аав П.Дэлгэр, дүү Д.Амарсанаа нар хот руу хүргэлтээ хийгээд талбайдаа ирж байсан юм. Эднийх гол төлөв хувь хэрэглэгчид буюу айлд, хоёр дэлгүүрт бүтээгдэхүүнээ нийлүүлдэг.

“Үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүд маань хэрэглэгчийнхээ гар дээр шууд очдог. “Энх шим” фэйсбүүк хуудсаар хүмүүс холбогдож захиалга өгдөг. Өнгөрсөн өвөл гэхэд 50 гаруй хэрэглэгчтэй гэрээ хийж, намрын үнээрээ бүтээгдэхүүнээ нийлүүлсэн. Анх 2014 онд 1000 м.кв хоёр өвлийн хүлэмжээр эхэлсэн юм. Чингис бондын сүүлийн зээлд хамрагдсан байх. Гурван жилийн хугацаанд зээлээ төлж дийлэхгүй орон байраа багасгасан. Эрэлт хэрэгцээ байсан ч талбай бага болохоор зээлээ төлөхөд хүндрэлтэй байсан. Хүлэмжээ нэмнэ, хүнээ цалинжуулна гээд асуудал олон. Үр, сорт маш чухал юм билээ. Гурван жил бид үр, сортоо сонгож чадахгүй ургац маш их хэмжээгээр алдсан. Судалж байгаад хүмүүс Голландаас Хятадаар дамжуулж авч болдгийг мэдсэн. Одоо төмс хүнсний ногоон дээр хөдөө аж ахуйн зохистой байдлыг нэвтрүүлсэн байх ёстойг шаарддаг болсон. Өрхийн жижиг тариалан байсан ч хүнсний ногоо зах зээлд нийлүүлж байгаа бол эрүүл хүнс гэдгээ нэвтрүүлэх, нэвтрүүлснээ баталгаажуулсан, зохих хаяг шошготой байвал дэлгүүрт зарж болдог. Төрөөс маш сайн арга хэмжээ авдаг ч бусад ажилтайгаа уялддаггүй учир хүмүүст ач тус нь бага хүрдэг. Ямар ч байсан бид өөрсдийн чармайлт, ХААИС-ийн багш нар, Хөдөө аж ахуйн ургамал хамгааллын газрын судлаачид, Монгол ногоо төсөл гээд олон хүмүүсийн дэмжлэг, зөвлөгөөгөөр маш сайхан ургацаа авч байна” хэмээн Д.Амарсайхан ярьсан юм.

Ил талбайд арваад төрлийн ногоо тарьдаг. Байцаа гэхэд хүрэн, ногоон, цэцэгт брокколи гээд дөрвөн төрлийг тарьж байна. Гоньд, наранцэцэг, булцуут цэцэг, лууван, манжин, гүзээлзгэнэ, чацаргана, хайлаас, улиас, үхрийн нүд, интоор, амтат гуа ч тарина. Хүлэмжүүддээ нарийн навчит ногоонуудаа тарьдаг, нийт есөн хүлэмжтэй. Өвлийн хүлэмжинд өвлийн тариалалтдаа бэлтгэж байсан юм. Захиалгын дагуу хоёр хоногт нэг удаа хот руу ногоо нийлүүлдэг аж.

Хэрэглэгчиддээ зориулан 50, 80 мянган төгрөгийн багц гаргаж, багцаа хүргэдэг. Тухайлбал, 50 мянган төгрөгийн багцад 3кг төмс, 1кг сонгино, 2кг лууван, 1кг огурцы, лооль, салат навч, юуцай, бууцай 300-400гр багтдаг. Энэ талаар Д.Амарсанаа “2014 онд хүлэмж эхэлж байхад хэрэглэгчид нарийн ногоог төдийлөн хэрэглэдэггүй байлаа. Одоо хэрэглээ, эрэлт нэмэгдсэн” гэв.

Гүзээлзгэнэ тариад 4-5 жил болж байна. Мөн ХААИС-ийн багш доктор Ж.Оюунгэрэл аж ахуйд 5-6 төрлийн лооль туршжээ. Солонгос элит сорт Монголд нутагшуулж байгаа аж. Энэ жил анх удаа энэ талбайд тарьжээ. Вишни сорт үрээ гаргаж байгаа. Тэгэхээр манай улсад найдвартай сайн үр гаргаад эхэлсэн гэсэн үг юм байна.

Тэд үрэн дээр маш их алддаг. Монголд нутагшсан үр тарихад ургацаа хангалттай сайн авч байна. Ургамал хамгааллын хүрээлэнгийн докторууд маш их зөвлөгөө өгдөг. Тиймээс бүтээгдэхүүн маань чанаржиж, хэрэглэгчид мэддэг, ногоогоо ялгадаг болсон талаар ч хэлж байсан юм.

Хэрэглэгчидтэйгээ зургаан сарын хугацаатай гэрээ хийж, 7-10 хоногт нэг удаа хүргэдэг. Зургаан сард нийт 12 удаа ногоо хүргэнэ. Ногооны үнэ хэд дахин өссөн ч гэрээний үеийн үнээрээ авдаг. Ойролцоогоор 50 өрхтэй гэрээ байгуулж, гэрээгүй хувиараа 30 гаруй өрх ногоо захиалдаг гэнэ. Мөн албан байгууллагууд ч ногоо захиалж авдаг. Тухайлбал, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв гэх мэт.

Дүү Д.Амарсанаа “Бид алдаж болох ч алдаатай бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх эрхгүй. Гадны оронд аялсан бол гутлынхаа улыг хүртэл угааж орж ирэх ёстой. Энэ хэсэг газраа маш их хайрлаж, хамгаалдаг. Хашаа руугаа орох машиныг хүртэл хаагуур явсныг нь асууж, дугуйг нь угааж оруулах шахдаг. Учир нь Монголын хилээс цааш ямар аймшигтай вирус, бактери байгааг мэдэхгүй шүү дээ. Зарим хүмүүс дотооддоо үйлдвэрлэж байж Хятадаас ирж байгаа ногооноос үнэтэй байна гэж хэлдэг. Энэ тал дээр нэгдүгээрт, Хятадын хаанаас ирж байгаа гэдгийг бодох ёстой. Хоёрдугаарт, Хятадад яаж тарьж байгааг манай монголчууд битгий хэл хятадууд өөрсдөө хянаж дийлэхгүй байна. Зах зээл нь маш том учраас хянаж дийлдэггүй” гэж ярьж байлаа.

Бага багаар бүх зүйлээ боловсронгуй болгож, ариун цэврийн өрөөнийхөө бохир усыг ч соруулдаг болгохоор бэлтгэж байсан юм.

Мөн ургамал өвчилдөг, түүнийг технологийн дагуу мэргэжлийн хүнээр эмчлүүлэх, бүтээгдэхүүн хэрэглэх ёстой байдаг. Хэрэглэсэн гэдгээ ч шударгаар бичих хэрэгтэй аж. Огурцы, лооль, навчнуудыг өвөл ургуулсан олон жилийн туршлагатай болжээ. Өнгөрсөн жил чинжүү нь өвөлжсөн байна. Наймдугаар сард чинжүүгээ буулгажээ. Жилийн дөрвөн улирал тасралтгүй ногоогоо тарьдаг. Ногоочид эв нэгдэлтэй байж гол, гол газруудтай гэрээ хийж нэгнийгээ нөхөж нийлүүлээд ногоогоо тасалдуулахгүй байвал импортын ногооны хэрэггүй гэдгийг хэлж байв.

Төрөөс гаргаж буй бодлого, хуулийг мөрдөөд нэгдэж чадвал хийж чадах ажил. Нэгдэхгүйдээ хийж чадахгүй байгаа юм. Өвлийн хүлэмжийг өвөл ажиллуулах амаргүй. Барилга байгууламж, халаалт, нүүрс гээд. Гэхдээ бид эвлэлдэн нэгдэж гаднаас жимс, ногоо оруулж ирэхгүй байх боломжтой. Хүлэмжийн ногоогоор дотоодын хэрэгцээгээ хангаж, монгол ногоогоо экспортлох боломжтойг ч П.Дэлгэрийнхэн хэлж байсан юм.

Энэ хугацаанд түүхий нүүрсээр өвлийн хүлэмжээ шийдсэний дараа огцом сайжруулсан түлшээр солигдоход нэг жилийн ургацаа алдсан нь хэцүү байсан. Өөрөөр хичээх л юм бол болохгүй, бүтэхгүй зүйл байгаагүй гэв.

Тэдний ажил өглөө нар мандахаас эхэлж орой нар жаргахад л дуусдаг. Дээхнэ үед услуур бариад усалдаг байсан бол одоо хөдөө аж ахуйн техник технологи хөгжжээ. Намираа, дуслын усалгаа гэж системүүд бий болсон байна. Гүний худгаар цаг агаарын байдал, ногооны онцлогоос шалтгаалан усалгаагаа хийж байгаа аж.

Эцэст нь Д.Амарсайхан Ногоочид хөдөө аж ахуйн зохистой байдлаа нэвтрүүлээсэй, нэвтрүүлсэн гэдгээ баталгаажуулаасай. Ногооны стандарттай болохоор экспортод гарах боломж нээгдэнэ. Ганц ганцаараа биш, бид нэгдэж дотоодын хэрэгцээгээ тасралтгүй хангаж байж цаашилна гээд монгол ногоочдын төлөө олон ажил хийж байгаа “Монгол ногоо” төслийн удирдагч Т.Төрмандах, төслийн IV бүрэлдэхүүн хэсгийн зохицуулагч Л.Алтанцэцэг, ХААИС, Хөдөө аж ахуйн ургамал хамгааллын газрын эрдэмтэд, эрүүл хүнс сонгож, эрүүл мэнддээ анхаардаг хэрэглэгчиддээ талархал илэрхийлснийг энэ дашрамд уламжилъя.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Айрагдаагүй ч бэлэгтэй наадам DNN.mn

Миний үзсэн хамгийн сайхан наадам гээд бодмогц ихэвчлэн тэмээний наадам санаанд бууж байна. Говь нутгийн минь чимэг болсон сүрлэг сайхан тэмээгээ уралдуулж, сайхан хос, сайхан ингэ, сайхан буур, сайхан атаа шалгаруулж өвөлдөө бид өргөн дэлгэр сайхан нааддаг. Манай удмынхан үе дамжин буянт сүргээ өсгөж, тэр дундаа тэмээг голчлон малладаг билээ. Харин би энд үзсэн гэхээс илүү өөрийн биеэр наадсан наадмаа бичихийг хүссэн юм.

2005 оны зун, сургуульд орохын өмнө жил ах нарыгаа дагасаар морь унаж сурлаа. Би уул шиг түшигтэй зургаан сайхан ахтай. Хоёр бага ах болох М.Амартүвшин, М.Амарсанаа нар намайг морь унахад сургалаа. Тэр зун зургаан даага сургаж, бид халтар даагаа мянгатын наадамд сойхоор болов. Морин дээрээс шороо амсаж үзээгүй хөлний хий, сэтгэлийн хөөрөл хоёр нь дарагдаагүй “Нөхөр” ахыгаа дагаж Мянгатын наадамд явахаар болсон юм. Манай нутагт аагим халж, долдугаар сарын сүүлээр арайхийн хур хайрлав. Хур оров уу үгүй юү маргааш өглөө нь таана шазайж, хүн малын сэтгэл тэнийж, уужим тал нутаг минь өнгө засах нь урамтай. Миний нутаг Өмнөговь аймгийн Цогтцэций сум. Манайх сумаас зүүн урагш 50 гаруй км зайд Их уул, Хээрийн булгийн араар зуншина.

Хур орсон тул мянгатууд найр, наадмаа хийхээр зэхнэ. Найр, наадмын уур амьсгал орж хавийн харчуул морь уядаг нь морио, барилддаг нь биеэ бэлдэцгээнэ. Ах бид хоёр ч бас. Нагац ах М.Амартүвшин маань цэргээс халагдаж ирээд удаагүй анхны наадамдаа халтар даага, хул шүдлэн үрээ сойлоо. Харин би унаач хүүхэд нь. Анхны наадам учир шөнийн зүүд, өдрийн бодол минь тэдний адил бэлдэцгээн наадамд түрүүлэх байлаа. Өвөө, эмээ, ээж минь ч надтай хамт наадамд бэлтгэнэ. Өвөө шинэ эмээлийн мод засч, ээж олонцоглоно. Эмээ олом жирэм сүлжинэ. Өвөөг минь Төгсийн Маниа, эмээг Д.Элбэг, ээжийг М.Азжаргал гэдэг. Ах бид хоёр өглөө, оройгүй морины ажлаа хийсээр л.

Өглөө нар мандахтай зэрэгцэн босч эмээлээ үүрээд, ахтай мориндоо явна. Нэг орой морио тавьчихаад орж ирэхдээ эмээлээ гэрийн үүдэнд тавиад ороод ирж. Уг нь тэмээн тэргэн дээр тавих ёстой. Маргааш өглөө нь эмээ намайг дуудахаар нь очтол “Хурдан морины хүүхэд чинь эмээлээ гэрээс урагш тавьдаггүй юм, дээш нь тавьж бай миний хүү. Тэгэхгүй бол энийг хар даа” гээд хайртай шинэ эмээл рүү минь заалаа. Гэтэл миний эмээлийн ган нь ханхалсан ганзагыг эрх цагаан ямаа маань идчихэж. Уйлах, инээх хоёрын дундуур юм болж билээ. Тал нь алга болж, шүдний ором үлдсэн ганзага руугаа харахаар л өөртөө гомдож нулимсаа залгимаар, эсвэл эрх ямаагаа зодмоор санагдана.

Бид олон хоног бэлдсэний эцэст мянгатын наадам ч хаяанд ирлээ. Наадмын өглөө ах бид хоёрын ходоод руу хоол битгий хэл цай ч орохгүй. Эмээ сүүгээ өргөөд, ээж миний хамаг гангарааны хувцас болох жийнсэн хослол, цагаан пүүзийг өмсгөж, гэзгийг минь хоёр сүлжиж өглөө. Өвөө болгоомжтой уралдахыг захиад, зүүн хацрыг минь үнэрлэн хөдөлгөв.

Бид хоёр морь уяж, унаж байгаа тул наадамд хамаг хүнээс эрт очих ёстой. Тэр наадамд бидний араас хонь, тэмээгээ усалчихаад өвөө, эмээ, ээж гурав очсон эсэхийг ч би санадаггүй юм. Ах бид хар үүрээр хоёр хос жороо морио унаад уралдуулах халтар даага, шүдлэн үрээгээ хөтөлсөөр саахалт айлыг зорилоо. Саахалт айл нь өвөөгийн отгон дүү Төгсийн Мөнхбатынх. Т.Мөнхбат ахын хүүд нар ч бас морь уяж байгаа, бид хамт явна. Ахын шон дээр очоод мориноос буухтай зэрэгцэн надтай үе тэнгийн хөвгүүн М.Сумъяа гүйж ирээд “Чамаар нэг ах азарга унуулна гэсэн” гэв. Би ч итгэсэнгүй “Худлаа ярь” гэчихээд гэр рүү орлоо. Гэр рүү ортол томчууд ч хэлж байна. Шон дээр сонссон хов үнэн болоод явчихлаа шүү.

“Хурдны морь унаж уралдаж үзээгүй надаар хэн морь унуулах вэ дээ” гэж бодсоор Цэций уулынхаа зүүн дэнж Эрэгийн зоон дээр ирлээ. Наадмын комиссоос “Эхлээд азарга уралдана шүү” гэж байна. Тэр үед манай сумын уул уурхай хараахан хөгжөөгүй, хаашаа л харна таньдаг хүмүүс. Энд тэндээс хүн ирээд “Энэ хэний хүүхэд вэ”, “Маниагийн өвөрт явдаг байсан бор охин ийм том болчихсон юм уу” гээд л ахтай сонин сайхан ярина.

Наадам ч албан ёсоор эхэллээ, нутгийнхан ч олуулаа цуглажээ. Энэ бол манай сумын Сийрст багийн Улсын аварга малчин Ц.Наранцэцэг гуайн мянгатын наадам.

Наадмын нээлтийн үеэр том хар машинтай, 40 эргэм насны бор ах ирээд “За сайн уу, миний дүү. Чи байх нь ээ, миний морины хүүхэд” гээд инээлээ. Тэр бол манай нутгийн хурдан хул азаргатай, Билгэх багийн малчин, уяач Б.Самба ах байсан юм. Агаа тэр хоёр ярилцаж надаар Б.Самба ахын алдарт хурдан хул азаргыг унуулах болов. Би огт азарга унаж үзэээгүй болохоор их айсан “Тийм хурдан азарга юм бол түрүүлчих юм биш үү” гэж догдолно. Үдээс өмнө азарганы уралдаан эхэллээ. Миний санаж байгаагаар 30 орчим азарга уралдсан юм. Хул азаргаа унаад гарааны зураас руу хөдөллөө. Би туршлагагүй унаач бүх азарганы хамгийн түрүүнд нь явж байтал нэг мэдсэн чинь хүүхдүүд “Гүүглээд” л буцаад харвачихдаг юм даа. Гарааны зураас дээр очоогүй байхад дутуу эргэчихсэн. Би юу болоод байгааг ойлгоогүй ч олон наадмын нүүр үзсэн хул азарга маань аль хэдийнэ мэдээд эргээд давхичихав. Гайхах, яарах хоёр зэрэгцэж ахын захиасыг ч бодож азаргаа зам дөхөөгүй байхад гуядсангүй. Замын голоос хэтрээд явж байтал Самба ах мотоцикльтой миний харалдаа ирчихсэн гараараа гуядаж үзүүлж байна. Би ч “Одоо болох юм байна” гэж ойлгоод суран ташуураараа баруун, зүүнгүй гуядсаар барианд есөөр оров. Бодсоноос муу уралдсан тул сэтгэл гонсгор “Арай ч дээ, наадам ийм байдаг юм уу. Ингэж дутуу эргэдэг юм уу” гэж шар гозойгоод нүдэнд нулимс цийлэгнэж, хоолой зангираад үг ч гарсангүй.

Б.Самба ах “Миний охин сайн уралдлаа. Өөрөө гэмтээгүй, эхний аравт орно гэдэг чинь амжилт” гээд л намайг аргадаж зуугийн шар тор дүүрэн бэлэг авч өгсөн юм. Удалгүй ах бид хоёрын уяж байгаа шүдлэн насны уралдаан эхэллээ. Өмнө нь нэг уралдаад тодорхой хэмжээний туршлагатай болчихсон нөхөр бүх шүдлэнгийн сүүл мушгаад, их болгоомжтой гарааны зураас руу явсан юм даг. Бас л 20 гаруй шүдлэн үрээ уралдсаныг санагддаг. Хамаг тактикаа ашигласан ч 15 дугаарт хурдаллаа. Бас л сэтгэл гонсгор “Одоо даагатайгаа сайн уралдана аа” гэж бодоод дуртай дургүй мориноосоо бууж ирсэн. Ах намайг зоригжуулж ундаа уулгаж, наадмын хуушуур идүүлээд “Айрагдах хамгийн сүүлийн боломж, ахын дүү хамгийн гол нь болгоомжтой яваарай” гээд дааганд мордууллаа. Тэр хүйтэн коланы сайхан амт хуруу дарах тооны төв орж үзсэн, хөдөөгийн хургачин охин надад амттаны дээд нь юм шиг санагдаж билээ.

Даага уралдах цаг болж бид гарааны зураас руу явлаа. Хэд орчим даага уралдсаныг одоо санадаггүй ч нэг их олон даага бол байгаагүй.

Даага барианаас эргээд л давхиж өглөө. Ах бид хоёр даагаа олон хоног сойгоогүй хөөрхөн “Холхгор” даага байсан юм. Халтар даага бид хоёр хичнээн хичээсэн ч баян ходоодонд орсон. Барианд ороход хүмүүс хоёр талаар эгнээд зогсчихсон “Хоёр хөөрхөн юмыг хар даа” гээд л өхөөрдөж байсан ч надад нүүр хийх газар байсангүй. Ичсэндээ барианы зураасны хажуугаар явж байтал морь бариач цогьж ирээд “Ингэж болдоггүй юм, бариандаа орох ёстой миний дүү” гээд цулбуурнаас минь хөтлөөд бариан зураасаар алхуулав.

Тэр өдрийн наадамд хэн хэн байсан, хэдэн гэр байсныг, морины уралдаанаас өөр юу болсныг ч огт санадаггүй. Учир нь миний хамгийн гол зорилго уралдаанд түрүүлэх л байлаа. Уралдаанд түрүүлж чадаагүй ч баян ходоодонд орсон дааганд бэлэг өгдөг юм билээ. Ууттай бэлэг, жижигхэн бор хувцасны чемодантай болсон. Ямартаа ч анхны наадмаасаа бэлэгтэй харьсан юмдаг. Ах бид хоёрыг гэртээ очиход өвөө, эмээ, ээж минь гоёо түүгээд арилгачихсан, бүр дүрж идэх таргийг нь бэлдээд “Миний хүүхдүүд сайхан наадсан уу” гэсээр угтаж билээ. Баян ходоодонд орсон халтар даага минь одоо арав гаруй настай бүдүүн морь болж адуун сүрэгтээ идээшлэн бий. Зуны амралтаар хаа нэг адуугаа эргэхэд андаад гүйгээд ирдэг юм. Тэр жилийн наадмаас ийм гэгээн дурсамж үлдэж. Наадам дөхсөн өдрүүдэд таван настай балчир охин халтар даагаа унаад саахалтын хөвгүүдтэй ана мана тарлаж явсан тэр дурсамж сэтгэлд илүү тодорч харагддаг юм. Наадам гэдэг айрагдаж, түрүүлэхдээ гол нь биш хатуу өвөл, хахир хаврын их ажлыг давж, дэлгэр зунтай золгосны баяр юм билээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Тэгш-Очир: “Айлын охин үрийг гадаад, дотоод гэж алаг үзээд яахав. Бие биенийгээ түшиж, сайхан амьдрал бүтээгээрэй” гэж хэлсэн || DNN.mn

Амьдралын өнгө” булангийн энэ удаагийн дугаарт бүжигчин Б.Тэгш-Очирыг урилаа.


-Танай гэр бүл Украинаас хэзээ ирэв, нөхцөл байдал ямар байсан бэ?

-Бид эх орондоо ирээд долоо хонолоо. Одоогоор дайны шокноос гараагүй, нойр муутай байна. Би Эрдэнэт хотынх, гэртээ ирээд тайван амрах сайхан байна.

-Монголдоо ирэхэд хүндрэл их байв уу?

-Метронд тав хоноод Польш, Истанбулаар дамжиж Монгол руу ирсэн. Манай гэр бүл сайхан сэтгэлтэй хүмүүсийн ачаар эх орондоо сайн яваад ирлээ. Гадаад харилцааны яам эхнэрийг маань Украин хүн болохоор хил нэвтрүүлэхгүй гэсэн. Би яаж гэр бүлээ орхиод ирэх билээ дээ. Эрдэнэт хотын Ардчилсан намын дарга Ц.Батхуяг ах, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ерөнхийлөгч асан Х.Баттулга зэрэг олон хүний тусламжаар эхнэрийг маань хүлээж авсан. Мөн Польш дахь Элчин сайдын яам, консул, Польш дахь монголчууд маш зохион байгуулалттай хүлээж авч сэтгэл санааг маань дэмжсэн. Метронд хэцүү байдалтай байхад Монголын хэвлэл мэдээллийнхэн ч холбогдсон, бүгдэд нь маш их баярлаж, талархсанаа илэрхийлье.

-Танай гэр бүл Украинд суурьшсан уу, хэдэн жил амьдарч байгаа вэ?

-Манай гэр бүлийн хүнийг Анна Гончаренко гэдэг, Украин хүн. Би өөрөө Туркийн Анталья хотод бүжигчид, циркчидийг Турк рүү зуучилдаг энтертайнмэнт компанид менежерээр ажилладаг. Дулааны улирлын зургаан сар Антальяд ажиллаад, сэрүүний улирлын 4-5 сар Украинд амардаг. Дундуур нь Монголдоо ирж, буцаад л амьдардаг.

-Гэр бүлийнхээ хүнтэй хэрхэн танилцаж байв?

-2016 онд Туркт ажиллаж байхдаа бид нэг газар байрлаж таарсан. Тэр хаусанд Орос, Украин, Монгол, Испани, Колумба, Куба гээд олон орны жүжигчин, бүжигчид байсан. Эхнэр маань мастер бүжигчин, нэг газар байрлахдаа танилцаад найзууд болсон юм. Удалгүй эхнэр маань Украин руу буцаж, би ч Монгол руу ирж холбоо тасарсан. Дараа нь гэрээгээр БНСУ-ын театрт ажиллахаар болоод Солонгост очсоны дараа фэйсбүүкт манай эхнэр 20 минут явааад хүрэхээр зайд байна гэж гарч ирсэн. Би гайхаад залгатал хотод жилийн хугацаатай ажиллахаар ирсэн гэсэн. Би ч бас жилийн хугацаатай очсон байсан. Маргааш өглөө нь очиж уулзаад, тоглолтыг нь үзэж бага багаар дотносоод л хайртай болсон доо. Ойрхон зайтай гэр рүүгээ харихад л санаад байдаг байсан (инээв).

-Яагаад монгол биш, украин хүнтэй гэр бүл болсон бэ?

-Монгол охид байсан л даа, тухайн үед ихэнхдээ гадаадад ажилладаг байлаа. Амьдралын зам нийлэх, намайг ойлгох эмэгтэй мөн юм байна, хоёр дахь удаагаа надад ирлээ л гэж бодсон. Өөрөө бүжигчин хүн болохоор намайг хэн хүнээс илүү ойлгодог.

-Гэр бүлийн хүн тань монгол хэлээр ярьдаг уу?

-2020 оны өвөл цар тахлын үед монгол хэлээ сайн давтсан. Асуултыг ойлгодог ч хариулж чаддаггүй. Монгол хэл сурах хүсэлтэй, бага багаар сураад л байгаа (инээв).

-Танай гэр бүлийнхэн яаж хүлээж авсан бэ?

-Гэр бүлийнхэн эхэндээ дуртай байгаагүй, “Чи яг суух юм уу” гэж асуудаг байсан. Яваандаа л зөвшөөрсөн дөө. Манай эмээ “Айлын охин үрийг гадаад, дотоод гэж алаг үзээд яахав. Ганц олдох амьдралдаа бие биенийгээ түшиж, сайхан амьдрал бүтээгээрэй” гэж хэлсэн.

-Аав болоход ямар байсан бэ?

-Манай том хүү Украинд төрсөн. Тухайн үед төрөх тасаг руу эхнэртэйгээ хамт орно гээд сэтгэлээ бэлтгээд хүлээж байтал “Хайр нь төрчихлөө, хоёулаа хөөрхөн хүүтэй боллоо” гээд залгасан. Би сонсоод яагаад ч юм шууд л уйлчихсан. Маргааш өглөө нь хүүгээ тэвэртэл яг л бяцхан би байсан. Одоо хоёр хөөрхөн хүүтэй, хүүхдүүдээ хараад хаанаас ийм хязгааргүй их хайр бий болдог юм бол гэж боддог.

-Хүүхдүүд нь Монгол хэлээр ярьдаг уу?

-Манай том хүү гурван настай, Монгол, Оросоор ойлгодог. Англиар тоо тоолж, үг хэлдэг. Оросоор мама, папа гэдэг үедээ л явж байна.

-Эхнэрийнх нь гэр бүлийнхэн Украинд байгаа юу, нөхцөл байдал ямархуу байгаа бол?

-Манай эхнэрийн гэр бүл, хамаатан садан бүгд Украинд байгаа. Бид өдөр бүр ярьдаг, одоогоор нөхцөл байдал маш хүнд байна. Өвөөгийнх нь гэрийг уржигдар бөмбөгдчихсөн, цонх, тавилга бүгд нурсан. Тэд арай гэж бичиг баримтаа аваад зугтсан гэсэн. Би өөрөө тэнд байсан болохоор ойлгож байгаа, яг үнэндээ хэзээ үхэх бол л гэж боддог юм билээ.

-Дайнгүй үед Украинд амьдрах Монголд амьдрахаас хэр ялгаатай вэ?

-Украин, Монголын цалин, амьдралын харьцаа ойролцоо байдаг. Украинд цаг агаар дулаан, гадны орнууд хичнээн сайхан ч яг одоо би Монголдоо үнэхээр аз жаргалтай байна. Эх оронтой байх ямар сайхныг бас ямар их хайртай гэдгээ ойлгосон.

-Танай эхнэрийн гэр бүлийнхэн таныг анх хэрхэн хүлээж авсан бэ? -Охин нь ази хүнтэй гэрлэнэ гэж дагуулаад очиход их шоконд орж алмайрсан (инээв). Надаас Монгол Улсын талаар, Чингис хааны тухай маш их асуусан. Чингис хааныг их хүндэтгэж, бахардаг хүмүүс байдаг. Гэхдээ бид хоёрыг гэр бүл болоход огт дургүйцээгүй, биендээ хайртай л бол гадаад байсан ч хамаагүй л гэсэн.

-Өөрөө Чингис хааны тухай хэр мэддэг вэ?

-Би сайн мэднэ, бахархаж судалдаг. Гадны орныхонд дэлгэрэнгүй тайлбарлаж өгдөг.

-Та Турк дэх ажлаа яаж хийж байгаа вэ?

-Одоогоор эх орноосоо гарахад айдастай байна. Гэхдээ ажлаа хийхгүй бол болохгүй. Хэрэв ОХУ дэлхийн хэмжээний дайн зарлавал маш хэцүү байдалд орно. Дөрөвдүгээр сар хүртэл нөхцөл байдлыг харж байгаад Турк рүү явах эсэхээ шийднэ. Би 2011 оноос хойш тууштай бүжиглэж байна. “Onyx” гээд бүжгийн хамтлагийн ахлагчаар ажилладаг. Манай хамтлаг үндсэн найман гишүүнтэй, одоо гурваас дөрвөн дүү нар

нэмэгдсэн. Монголоос Турк рүү 40-50 бүжигчин авч явж тэднийгээ бэлтгэдэг. Байр, хоол гээд бүх зардлыг Турк улс хариуцдаг.

-Та яагаад бүжигчин болсон юм бэ?

-Манай гэр бүлд урлагийн хүн байхгүй. Багаасаа их хөдөлгөөнтэй, байнга үсэрч явдаг экстрим юманд дуртай хүүхэд байсан. Брейк бүжгийн элементүүд их таалагдаж хичээллэж эхэлсэн.

-Монголд брейк бүжгийн төрөл таныг анх бүжиглэж байх үеэс их хөгжсөн үү?

-Монголын брейк бүжигчид цөөрсөн ч брейк бүжгийн төрөл олимпод оролцохоор болсон. Брейк бүжигчид илүү олон болоосой гэж боддог.

-Таны аав, ээж Монголд амьдардаг уу?

-Тийм ээ, бүгд Монголд амьдардаг. Би айлын ганц хүү.

-Монголын нийгэмд хэр сэтгэл хангалуун байна?

-Яг үнэндээ тийм ч сэтгэл хангалуун биш байна. Гадны зах зээл залуусыг өндрөөр үнэлдэг. Тийм учраас үнэлдэг газраас нь мөнгө олж амьдардаг. Гэхдээ манай улс Европын түвшинд хүрэх болоогүй ч бага багаар хөгжөөд л байна даа. Бидний дараа үеийнхэн их соёлтой, мэдлэгтэй, ухамсартай залуус гарч ирж байгаа.

-Төрийн бодлого, шийдвэрүүдийг хэр оновчтой гэж хардаг вэ?

-Би Монголд суурьшиж амьдардаггүй болохоор сайн мэдэхгүй байна. Сошиал ертөнцөөс харахад зарим шийдвэрүүдэд үнэхээр ичмээр санагддаг.

-Дараагийн зорилго, төлөвлөгөөнийхөө тухай хуваалцаач?

-Турк улс дайнгүй энх тайван байвал бүжигчидээ хөгжүүлж, Монголдоо бүжиг циркийн тоглолт хийх зорилготой. Манай хамтлаг анх байгуулагдахдаа л дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орно гэж мөрөөддөг байлаа. Ирэх жилд тэр тэмцээндээ оролцохоор бэлтгэлээ эхлэх гэж байна.