Categories
мэдээ нийгэм

“Halloween Parade”-ын сонирхолтой дүр хувиргалтууд

Монголын анхны “Halloween Parade” өдөрлөг Мишээл экспогийн Аяллын гудамжинд зохиогдож байна. Энэ жилийн арга хэмжээний үеэр олон улсын хоолны фестиваль сонирхож, төрөл бүрийн циркийн үзүүлбэр үзэж, хүүхэлдэйн баатруудтай хамт зургаа татуулах боломжтой юм байна.

“Halloween Parade”-ын интэртаймент менежер С.Амарбаясгалант “Энэхүү үйл ажиллагаа жил бүр уламжлал болгон зохион байгуулагдана. Ганцхан “Hallоween Parade” гэлтгүй хагас, бүтэнсайн болгонд Family Festival зохиогддог. Misheel Walking Street нь нэг дээврийн бодлого барьж ажилладаг. Нийт 16 ресторан, лаунжтай ямарваа нэгэн үйл ажиллагаа болоход бүгдээрээ дэмжиж сайхнаар хүлээн авдаг. Өнөөдөр л гэхэд аль ч газраар орсон хүүхдүүдэд чихэр өгч байгаа. Сүнсний баярын хамгийн гол зүйл нь чихэр шүү дээ. Маргааш үргэлжлэн зохиогдох учир танай сайтын уншигчдадаа хандан хэлэхэд гэр бүл, найз нөхөдтэйгээ ирж нүдний баясгалан, бие арзайх мэдрэмжийг зэрэг авч гайхалтай дурсамж бүтээгээсэй гэж хүсэж байна” гэлээ.

Тус фестивальд Intertaimant.mn-ны хамт олон оролцож байна. Таныг явж байхад хаанаас ч хамаагүй жокер, сүнс эмэгтэй, нүүргүй хүн гарч ирж магадгүй. Мөн нүүр хувиргагч оюутнууд байгаа учир та ямар ч дүрд хувирч болох юм.

Ингээд та бүхэнд өдөрлөгөөс бэлтгэсэн фото сурвалжлагаа хүргэе.

У.УРАНБИЛЭГ

Гэрэл зургийг У.УРАНБИЛЭГ


Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН НАРИЙНТЭЭЛ СУМ: Өндөр хурдны шилэн кабельд холболоо

Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Баянтээг багийг өндөр хурдны шилэн кабельд холбов. Энэ нь сумаас баг руу интернэт холбож байгаа анхны тохиолдол гэдгийг “Skynetworks” ХХК-ийн инженер Ч.Булгантамир хэлж байна. Багийн иргэдээс хүсэлт тавьсны дагуу 22 км газар шилэн кабель татаж интернэт холбожээ. Ингэснээр иргэд төрийн мэдээллийн нэгдсэн сан болох “Хур” системийг ашиглан 70 гаруй төрлийн үйлчилгээг авах боломж бүрдэж байна.

Categories
мэдээ нийгэм

КОВИД-19 | Бельгид хөл хорионы хатуу дэглэм тогтоов

Коронавирусний цар тахлын байдалтай холбоотойгоор Бельгид хорио цээрийн хатуу дэглэмийг дахин тогтоожээ. Тус улсын Ерөнхий сайд Александр Де Кроогийн мэдэгдсэнээр Бельгид нөхцөл байдал ноцтой болж, эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больсон байна.

Тус улсад коронавирусний эсрэг тэмцэхэд анагаахын боловсролтой бүх хүнийг дайчилж эхэлжээ. Мөн өвчтөнүүдийг хөрш орнуудын эмнэлгүүдэд эмчлүүлэхээр илгээж байгаа аж.

Бельгийн Эрүүл мэндийн яамнаас “Манай улсын эрүүл мэндийн салбар хүнд байдалд ороод байна. Сүүлийн хоёр долоо хоногт 100 мянган хүн халдварлалаа. Арваннэгдүгээр сарын дунд үе гэхэд коронавирусний халдвартай 10 мянган хүн эмнэлэгт хэвтэхээр байна. Тэдний 2800 нь эрчимт эмчилгээний тасагт хэвтэж эмчлүүлэхээр байгаа. Одоогоор нааштай төлөв ажиглагдахгүй байгаа учир эмнэлгүүдийн ачааллыг багасгахын тулд хүн хоорондын бүх харилцаа холбоог багасгах ёстой” гэж мэдэгджээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

ДОРНОГОВЬ АЙМГИЙН САЙШАНД СУМ: Худаг гаргах ажил 70 хувьтай явагдаж байна

Энэ онд Дорноговь аймаг Орон нутгийг хөгжүүлэх сангийн 352 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар долоон суманд инженерийн хийцтэй 23 худаг гаргаж, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Одоогийн байдлаар Айраг, Дэлгэрэх, Сайхандулаан, Хөвсгөл, Эрдэнэ, Сайншанд сумын Орон нутгийг хөгжүүлэх сангийн 254 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинээр 19 инженерийн хийцтэй худаг гаргах ажлын гүйцэтгэгчийг шалгаруулж гэрээ байгуулан ажиллаж байна. Худаг гаргах ажил 70 хувьтай гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв. Нийт 23 худгийг шинээр гаргаснаар 34.5 мянган га бэлчээрийг усжуулж, 64.4 мянган толгой малыг услах боломж бүрдэх аж.

Categories
мэдээ нийгэм

Улаангом сумын засаг дарга, ИТХ-ын дарга нарыг улираан сонголоо

Улаангом сумын Засаг дарга Ц.Пүрэвжав, ИТХ-ын дарга Н.Ганцогт нарыг улираан сонголоо.

Тодруулбал, 2020 оны орон нутгийн сонгуулиар Улаангом сумын ИТХ-ын 31 суудлын 18-ыг МАН авч ялалт байгуулсан. Тэгвэл энэ сарын 27-нд болсон Улаангом сумын ИТХ-ын анхдугаар хуралдаанаар нийт төлөөлөгчийн 71 хувийн саналаар Ц.Пүрэвжав Засаг даргаар, 55.8 хувийн саналаар Н.Ганцогтыг ИТХ-ын даргаар улираан сонгоод байна. Ц.Пүрэвжавын хувьд энэ удаагийн сонгуулиар Улаангом сумын 6-р багт нэр дэвшин өрсөлдөж аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон юм. Түүнийг Засаг даргаар эгүүлэн томилох эсэх асуудлыг аймгийн шинэ Засаг дарга шийдвэрлэнэ.

2016 оны орон нутгийн сонгуулиар Улаангом сумын ИТХ-ын 31 суудлын зөвхөн нэгийг нь АН авч байсан бол энэ удаагийн сонгуулиар суудлын тоогоо ахиулсан ч ялагдал хүлээсэн юм.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

ХОВД АЙМГИЙН БУЯНТ СУМ: Буянт сум 2373 тонн тарвас хурааж авчээ

Ховд аймгийн Буянт сумын Соёлын төвийн эрхлэгч Б.Магсаржавтай холбогдлоо. Тэрбээр тунгалаг Буянтын хөвөөнөө сайхан намар болж буйг дуулгаад, “Өдрийн сонин”-ы хамт олон шинэ дугаар бүрээсээ гурван ширхгийг Буянт суманд явуулж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Өөрөө шүлэг найраг бичдэг, хөдөөд суугаа уран бүтээлчийн хувьд манай сонины байнгын уншигч юм байна. Буянт сумаар ямар мэдээ мэдээлэлтэй байгааг сонирхоход, орон нутгийн удирдлагууд удахгүй сонгогдож ажилдаа орно гэв. Мөн хэдхэн хоногийн өмнө дууны шүлгийн нэрт мастер Лувсангийн Дагвадорж агсны хөшөөний нээлт, сумын соёлын төвийн нээлттэй хамт болсныг дуулгалаа.

“Үйлсийн сайхан Улаанбаатар”, “Ухаарч амьдрах хорвоо”, “Цэрэг эрийн гэргийн дуу”, “Унаган хайр”, “Хүж дэлхий амгалан байг”, “Бүүвэйл хорвоо” гээд алтан үеийн дуунуудын эзэн, Монголын дууны шүлгийн хаан Дагвадоржийн хөшөө Буянт сумын төвд гэрэлтэн босчээ. Хөшөө босгох ажлыг санаачилсан хүн нь Б.Магсаржав өөрөө гэнэ. Таван жилийн өмнө гаргасан түүний саналыг зураач Б.Аюурзана дэмжсэнээр хөшөөний ажил эхэлсэн байна.

Мөн Буянт сумын хөдөө аж ахуйн мэргэжилтэн И.Баасандоржтой холбогдож сумын ургац хураалтын мэдээг сонирхлоо. Энэ намар тус сумын иргэд 3387 тонн төмс, 972 тонн байцаа, 1062.4 тонн лууван, 814.8 тонн шар манжин, 86.4 тонн хүрэн манжин, 2373 тонн тарвас, 261.3 тонн амтат гуа, 2.4 тонн хулуу, 209.3 тонн улаан лооль хурааж, 6088 тонн хадлан,154.3 тонн гар тэжээл бэлтгэжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЯНТАЛ СУМ: Төлөөлөгчдийн 25 хувь нь эмэгтэйчүүд сонгогджээ

Говьсүмбэр аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт аравдугаар сарын 15-нд орон даяар явагдсан. Аймаг, сумын ИТХ-ын нийт 84 мандатад нэр дэвшиж сонгогдсон төлөөлөгчдийн 21 буюу 25 хувь нь эмэгтэй төлөөлөгч байна. Аймгийн ИТХ-ын 17 мандатын хоёр, Баянтал сумын 15 мандатын зургаа, Сүмбэр сумын 21 мандатын тав, Шивээговь сумын 31 мандатын ес нь эмэгтэй төлөөлөгч сонгогджээ.

Categories
мэдээ нийгэм

Даваа гарагаас хөнгөлөлттэй эмийг бүх эмийн сангаар олгоно

Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлтийн жорыг бүх шатлалын улсын болон хувийн 1600 гаруй эмийн сангаар ирэх даваа гарагаас эхлэн иргэдэд олгоно. Энэ талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн мэдээлж байна.

Энд 136 нэр төрлийн ерөнхий нэршлийн, 522 нэр төрлийн худалдааны нэршлийн эмийг 30-70 хувь хөнгөлж олгох юм. Ингэснээр зүрх судас, чихрийн шижин, уналт таталт, зүрхний хэм алдагдал зэрэг өвчтэй хүмүүс эмээ төвөггүй авах боломж бүрдлээ.

Хөнгөлөлттэй эмэнд зарцуулах санхүүжилтийг нэмэгдүүлсэн учраас иргэд санхүүжилт дуусна гэсэн шалтгаанаар сарын эхний өдрүүдэд оочер дугаар үүсгэхгүй тайван байж, өөрийн боломжтой цагтаа эмнэлэгт очиж эмээ бичүүлэн гэрээт эмийн сангаас эмээ авах боломжтой боллоо. Хөнгөлөлттэй эм авсны дараа иргэдэд Е-баримтын системээр хөнгөлөлттэй эм авсан эсэх талаар мессеж очих юм. Энд иргэд хөнгөлөлтөөр эм авсан эсэхээ хариулна. Энэ нь хөнгөлөлттэй эмийн зүй зохистой зарцуулалтад иргэний оруулах хувь нэмэр болох аж.

Categories
гадаад мэдээ

ХБНГУ-д хэсэгчилсэн, Францад орон даяар хорио цээрийн дэглэм тогтоожээ

Коронавируст халдварын хоёр дахь давлагаа гарч, Европ тивийн зарим орон хорио цээрийн хатуу дэглэм тогтоогоод буй талаар бид урьд нь мэдээлж байв. Хамгийн сүүлийн мэдээгээр ХБНГУ-д хэсэгчилсэн, Франц улсад орон даяар хориг тавьжээ. Тухайлбал, Германы канцлер А.Меркель хэсэгчилсэн байдлаар буюу 16 мужид хориг тавих шийдвэр гаргасан байна. Харин Франц улсад өнөөдрөөс эхлэн арваннэгдүгээр сарыг дуустал хориг тавиад байна. Тодруулбал, хорио цээртэй холбогдуулан тус улсад олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглож, шөнийн цэнгээний газрууд, ресторануудыг хаахаар болжээ. Өнөөдрийн байдлаар Франц улсад ковидын халдварын 33 мянган тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Юутай ч тус улс хорио цээрийн дэглэмийг нэг сарын хугацаанд тогтоосон ч нөхцөл байдлаас уялдан цаашид сунгаж болохыг үгүйсгээгүй байна. Харин ХБНГУ-д хэсэгчилсэн хорионы хүрээнд цэцэрлэг, сургуулийг нээлттэй хэвээр үлдээжээ. Мөн олон нийтийн газарт 10-аас дээш хүн цугларахыг хориглосон байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

ХӨВСГӨЛ АЙМГИЙН МӨРӨН СУМ: Малчид тогтмол хэвлэлтэй болсондоо баяртай байна

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын холбооны газраас мэдээ ирүүллээ. “Өдрийн сонин” сум болгонд гурван ширхэг тараагдаж буйд иргэд маш их талархан хүлээн авч байна. Сумдын Иргэний танхим, ЗДТГ, номын сангуудад тараагдаж байгаа. Мөрөн сумын хувьд “Өдрийн сонин”-ы захиалагч олонтой. Захиалагчдыг хараад байхад ихэвчлэн нас тогтсон юм уу, төрийн албан хаагч байдаг. Сумдын төв дээр байгаа малчдын хувьд тогтмол хэвлэлтэй болж байгаадаа баяртай байна” гэлээ.