Categories
гадаад мэдээ

Канцлер Фридрих Мерц: Би энэ дэглэмийг нуран унаасай гэж хүсч байна

Канадын Кананаскис хотноо болж буй “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтыг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп эрт орхин Вашингтон руу буцаж, өөрийн олон нийтийн сүлжээ Truth Social-д “Би Тегераны иргэдийг нэн даруй нүүхийг уриалж байна. АНУ-ын тэвчээр барагдаж байна. Дээд удирдагч (аятолла Али Хаменеи)-ийг нь хаана нуугдаж байгааг бид мэдэж байгаа. АНУ Ираны агаарын орон зайг бүрэн хянаж байна” гэж бичсэн. Тэгвэл “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа Германы канцлер Фридрих Мерц Германы олон нийтийн телевизийн ARD сувагт өгсөн ярилцлагадаа Израилийн Иранд цохилт өгч буй тухай “Израилийн арми, засгийн газар үүнийг хийх зоригтой байгааг би маш их хүндэтгэж байна. Үгүй бол бид Ираны дэглэмийн аймшигт хаанчлалыг сар, жилээр, дараа нь тэднийг цөмийн зэвсгээ хэрэглэх хүртэл харж, хүлээх байсан. Ийм учраас л өнөөдөр ардчилсан улсууд болох бидний өмнөөс Израиль энэ “бохир ажил”-ыг хийж байна.

Бүгд Ираны энэ дэглэмээс болж зовж байна. Тегеран өөрийн халдлага, аллага, хорлон сүйтгэх үйлдлээр дэлхий даяар үхэл бас хохирол тараасан төдийгүй Ливан дахь Хезболла, Газын зурвас дахь ХАМАС зэрэг өөрийн тусгайлан бэлдсэн террорист байгууллагуудаар дамжуулж өөрийн бохир зорилгыг хэрэгжүүлдэг. Ерөөс аравдугаар сарын 7-нд ХАМАС-ын дайчид Израиль руу хийсэн халдлага Тегераны энэ дэглэмийн дэмжлэггүйгээр хэзээ ч хэрэгжих боломжгүй байсан гэдэгт улстөрч болгон итгэлтэй байдаг. Хэрэв Ираны эрх баригчид хэлэлцээрийн ширээнд буцаж суусан бол Израилийн энэ цохилт болохгүй байсан. Өнөөдөр Тегеранд террорист харгис дэглэм ноёрхож байгаа нь хэнд ч ойлгомжтой зүйл. Иймээс би энэ террорист дэглэмийг нуран унаасай гэж хүсч байна” гэж хэлжээ. Германы канцлерын энэхүү ярилцлагын дараа сэтгүүлчид “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа Кейр Стармераас Ираны засгийн газрыг түлхэн унагахад таатай хандах эсэхийг асуухад “Би Ираны дэглэмийг дэмжигч биш” гэж хариулав. Сэтгүүлчид түүнээс “Ираны иргэд өнөөгийн дэглэмийн эсрэг босвол та үүнийг дэмжих үү?” гэж асуухад “Их Британийн ерөнхий сайдын хувьд би хүмүүсийг өөрийн гэрт юу хийх талаар хэлснийг нь урамшуулах ёсгүй. Би энэ байдлыг намжаахад бүх анхаарлаа хандуулж байна. Хэрхэн, хэзээ, ямар үнээр үүнийг хийх вэ гэдэг бол тусдаа асуудал” гэж хариулсан байна. Харин энэ дээд уулзалтад оролцож буй Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон “Иран дахь дэглэмийн өөрчлөлт нь эмх замбараагүй байдал авчирна” гээд Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг хэлэлцэхийн тулд хэлэлцээрийн ширээний ард суухыг улс орнуудад уриалаад “Бүгдийг хэлэлцээрийн ширээнд суулгахад АНУ хэрэгтэй гэж би үзэж байна” гэж хэлжээ. Ийнхүү Европын улсуудын тэргүүн нараас анх удаа Германы канцлер өөр улсад байгаа харгис дэглэмийг “Би нуран унаасай гэж хүсч байна” гэж мэдэгдэв. Урд нь тусгаар улсын дотоод хэрэг хэмээн Европын удирдагчид энэ талаар ганц ч үг ган хийдэггүй байсан билээ. Монгол өвгөдийн “Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо нийлдэг” гэж хэлж үлдээсэн батлагдаж Орос, Хойд Солонгос, Иран, Венесуэл, Беларусийн дарангуйлагч удирдагчид ил тодоор нэгдчихээд байхад Европын Холбооны гол улсын удирдагч ингэж хэлж чадаж байгаа нь маш чухал ач холбогдолтой явдал юм.

Германы канцлер Фридрих Мерц Израиль Ираны цөмийн болон цэргийн байгууламжид цохилт өгч эхлэхэд “Израиль өөрийгөө болон иргэдээ хамгаалах бүрэн эрхтэй. Ираны цөмийн хөтөлбөр нь олон улсын Цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх тухай гэрээний заалтыг зөрчиж, бүх бүс нутагт, ялангуяа Израиль улсад ноцтой аюул учруулж байна” гэж мэдэгдэж байсан юм.

 

Бэлтгэсэн Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Европын улсуудын нисэх техникийн үзэсгэлэн нээгдэв

Францын Парис хотын Ле Бурже нисэх онгоцны буудалд Европын улсуудын нисэх техникийн үзэсгэлэн нээгдэж, өнөөдөр дэлхийд тэргүүлж байгаа иргэний болон цэргийн нисэхийн хамгийн чухал шинэчлэл, чиг хандлагуудыг дэлгэн харуулав.

Үзэгчид, шинжээчид нисэх онгоц, нисдэг тэрэг гэхээсээ энд тавигдсан дронуудад анхаарлаа хандуулав. Цэргийн дронууд Украины дайн, фронтын бүсэд бараг л гайхамшигт зэвсэг болж байгаа бөгөөд эдгээрийн эсрэг өнөөдөр аль ч улс үр дүнтэй тэмцэж чадахгүй байгаа билээ. Юуны өмнө FPV дрон гэж нэрлэгддэг алсын удирдлагатай жижиг дронуудтай тэмцэж чадахгүй байгаа юм. Тэгвэл тэдэнтэй тэмцэх ирээдүйтэй аргуудын нэг болох лазерын зэвсэг энд тавигджээ. Израиль улс янз бүрийн дрон төдийгүй баллистик пуужин, нисэн ирж байгаа их буу, миномётын сумыг устгах чадвартай лазерын хөнгөн хувилбарыг танилцуулав. Энэ лазерын зэвсэг нь машинд суурилуулж хэдэн километрийн дотор 10 хүртэлх байг нэгэн зэрэг устгах чадвартай юм байна. Израилийн энэ системийн гол давуу тал нь бай сөнөөх өртөг маш бага байгаа явдал аж. Энэ нь хямд, энгийн байдлаараа онцгой аюултай зэвсэг болдог дронуудын эсрэг маш чухал, гол үзүүлэлт аж. Мөн Германы Diehl концерн дрон устгах өөр төрлийн системийг танилцуулав. Энэ нь олон төрлийн дронтой тэмцэх зорилгоор бүтээгдсэн Guardion систем юм. Харьцангуй том биетэй энэ дрон нь иргэний байгууламжийг дронуудаас хамгаалах, тухайлбал нисэх онгоцны буудлуудыг хамгаалах зорилгоор бүтээгдсэн систем юм. Энэхүү систем нь акустик буюу дуу авианы гэх мэт олон төрлийн мэдрэгч ашиглан ямар ч дроныг илрүүлэх чадвартай. Мөн энэ систем нь өөрийн буудлагын бүхээгээс гадна янз бүрийн төрлийн электрон зэвсэг ашиглан дроныг холбоогүй болгох, тор шидэх, дроны шилэн кабелийг таслах чадвартай юм байна.

Үзэсгэлэнд тавигдсан, Украины үйлдвэрлэсэн дайнд ашиглаж байгаа янз бүрийн дронууд үзэгчид олонтой байв. Бас Литвийн армид одоо үүрэг гүйцэтгэж байгаа, Украины дайнд туршсан Францын жижиг оврын тагнуулын квадрокоптер Par­rot Anafi UKR уг үзэсгэлэнд тавигджээ. Мөн Францын Delair компани Украины далбаа бүхий энэ дайнд туршигдсан том дроныг танилцуулав. Ле Буржед нарийн ончтой, газар дээрх болон газрын гүн дэх дайсны бэхлэлтийг устгах зориулалттай цохилтын тийрэлтэт дронууд үзэгчдийн анхаарлыг онцгой татаж байв.

Байлдааны үед ердийн, нисгэгчтэй байлдааны онгоцнуудыг дагалдан нисэх том дронууд энэ үзэсгэлэнгийн нэгэн чухал хэсэг байв. Эдгээр дронууд нь байлдааны нисэх онгоцны агаарт хийдэг зарим үүргийг өмнөөс нь гүйцэтгэж, радарын тусламжтайгаар нөхцөл байдлыг хянаж, мэдээлэлд дүн шинжилгээ хийж, дайсанд цохилт өгөх нэмэлт зэвсэг болох төдийгүй эдний гол үүрэг нь нисгэгчтэй онгоцыг хамгаалах явдал юм. АНУ эдгээр дроныг шинэ үеийн сөнөөгч онгоц бүтээх хөтөлбөрийн хүрээнд хийж байгаа бөгөөд энд хоорондоо өрсөлдөж байгаа YFQ-44 Fury Anduril болон YFQ-42A General Atom­ics Aeronautical Systems гэсэн хоёр төрлийг тавьж, танилцуулав. Бүр ч илүү сонирхолтой дроныг Өмнөд Солонгосын Korea Aerospace Industries корпораци танилцуулсан бөгөөд энэ нь зөвхөн дагалдан яваа нисгэгчтэй онгоц төдийгүй өөрийг бас хамгаалж дагалдан дайсанд цохилт өгөх үүрэгтэй жижиг дронуудаас бүрдэх бие даасан бүхэл бүтэн систем гэдгээр онцлог байв.

Нисэх онгоц тээгч хөлөг онгоцонд зориулсан дронууд бас чухал үзмэр болов. Дэлхийд “Байрактар” дроноороо алдаршсан Туркийн “Байкар” болон Италийн “Леонардо” компани хамтран үйлдвэрлэсэн эвхэгддэг далавчтай “Bayraktar TB3” дроноо танилцуулав. Мөн Туркийн “Байкар” компани нисэх онгоц тээгч хөлөгнөөс хөөрдөг өөрийн бөмбөгдөгч Akinci дроныг танилцуулав.

Францын Ле Бурже нисэх онгоцны буудалд нээгдсэн Парисын нисэх техникийн үзэсгэлэнг үзэж танилцсан цэргийн шинжээчид “Удахгүй нисгэгчгүй байлдааны онгоцнууд бий болоход бэлэн болсон юм байна” гэдэгт санал нэгджээ.

Categories
гадаад мэдээ

Цэргийн тусгай ажиллагаа үргэлжилж байна

Израилийн “Арслан иргэд” цэргийн тусгай ажиллагаа гурав дахь өдрөө үргэлжилж, Иран ч бас хариу цохилт өгсөөр байна. Ираны арми ням гаригийн шөнө Израиль руу пуужингаар харвасны улмаас 10-аас доошгүй хүн амь үрэгдэж, 100 гаруй Израилийн иргэд шархадсан байна. Хамгийн их хохирол амссан хэсэг нь орос хэлтэн оршин суудаг орон сууцны Бат-Ям дүүрэг байсан бөгөөд энд долоон хүн амь үрэгдсэний дотор 10 настай хүү, 8 настай охин байжээ. “The Jerusalem Post” сонин “Энэ сарын 16-ны даваа гаригт шилжих шөнө Израилийн Үндэсний эрүүл мэндийн албаны түргэн тусламжийн багууд Израилийн төв хэсэгт байрлах дөрвөн газраас 67 шархдагчийг нүүлгэн шилжүүлээд байна. Тэдний дунд 30 настай эмэгтэйн биеийн байдал хүнд, зургаан хүний биеийн байдал дунд, 60 хүний биеийн байдал хөнгөн буюу мэдрэлийн цочролд орсон байдалтай байна” гэж мэдээлэв. Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху Бат-Ям дахь цохилт болсон газарт хүрэлцэн ирж “Иран Израилийн иргэдийн амь насыг хохироосон явдалдаа маш өндөр төлбөр төлөх болно гэдгийг би амлаж байна” гэж мэдэгдэв.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Ираны Эрүүл мэндийн яамны шинэ тоо баримтаас эш татан “Израилийн цохилтын үеэр 128 иран хүн амь үрэгдэж, шархадсан хүний тоо 900 орчим болсон” гэж мэдээлэв. Мөн Ираны засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Фатемех Мохажериани “Сүүлийн гурван өдрийн дотор дор хаяж 30 хүүхэд, эмэгтэйчүүд амь үрэгдсэн” гэж мэдэгджээ. Ираны Tasnim мэдээллийн агентлаг “Израилийн Тегеран руу хийсэн дайралтаар Исламын хувьсгалт гвардийн корпусын тагнуулын байгууллагын дарга, генерал Мохаммад Каземи, түүний орлогч генерал Хасан Мохагег болон өөр нэг генерал амь үрэгдсэн байна” гэж мэдээлэв.

Израилийн Агаарын цэргийн хүчин “Өнгөрсөн ням гаригт Ираны Батлан хамгаалах яам, Хууль зүйн яам, Гадаад хэргийн яам, Цэргийн судалгааны төв байр, цэргийн болон цөмийн үйл ажиллагаанд ашиглагддаг давхар зорилготой нийт 250 объектод цохилт өгсөн” гэж мэдэгдэв.

Мөн Ираны Газрын тосны яам “Израилийн цохилтын улмаас Шахран нефтийн баазад гал гарсан ч бааз хэвийн ажиллаж байна” гэж мэдээлжээ. Израилийн арми цохилтод өртөж болзошгүй газруудын ойролцоо амьдардаг Тегераны оршин суугчдад перс хэлээр “Бид удахгүй Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой бүх бай руу довтлох болно. Иймээс та бүхэн өөрсдийн аюулгүй байдлын үүднээс эндээс явах ёстой” гэж зарлаж эхлэв. Ийнхүү В.Путин сүр дуулиантай гэгч нь зарлаж, энэ оны нэгдүгээр сарын 17-нд гарын үсэг зурсан “ОХУ болон Исламын Бүгд Найрамдах Иран улсууд хэн нэгнийгээ халдлагад өртсөн тохиолдолд харилцан туслах гэрээ” нь зүгээр л хоосон цаас гэдэг нь тодорхой болов. Энэ үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн Truth Social нийгмийн сүлжээнд “Иран, Израиль хоёр тохиролцоо хийх ёстой, хийх болно. Ингэхийн тулд би чадах бүхнээ хийж байна, яг одоо энэ талаар маш олон уулзалт, дуудлага хийгдэж байна. Идэвхтэй үргэлжилж байгаа Оросын Украины эсрэг дайн болон Палестины ХАМАС бүлэглэлийн эсрэг Израилийн дайныг хурдан зогсоох болно. Үүний нэгэн адил бид удахгүй Израиль, Ираны хооронд ЭНХТАЙВАН тогтоох болно. ОЙРХИ ДОРНОДЫГ ДАХИН АУГАА БОЛГОЁ” гэж бичжээ. Харин Германы канцлер Фридрих Мерц “Их 7”-ийн Канад улсад болох дээд хэмжээний уулзалтад оролцохоор явахынхаа өмнө өнгөрсөн ням гаригийн өглөө Оманы Султан хаан болон ерөнхий сайд Хайсам бин Тарик Аль Саид нартай утсаар ярьж, үүнийхээ дараа “Иран хэзээ ч цөмийн зэвсэгтэй болох ёсгүй, өнөөдрийн гол зорилго бол Ойрхи Дорнод дахь мөргөлдөөнийг даамжруулахаас сэргийлэх ёстой гэдэг дээр хоёр тал санал нэгдсэн. Израилийн зүгээс Иранд цохилт өгөх үеэр Герман дахь Израилийн байгууллага болон еврейчүүдийн дурсгалт газрууд халдлагад өртөхөөс сэргийлж, эдгээрийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг нэмэгдүүлсэн” гэж мэдэгдэв. Францын эрх баригчид ч мөн үүнтэй төстэй арга хэмжээ авч байгаагаа мэдэгдсэн байна.

Ийнхүү АНУ Иран, Израиль ХАМАС, Орос Украины хооронд энхийн хэлэлцээ бус зөвхөн үг дуугүй бууж өгөх гэрээ хийгдэх болно гэдэг нь дэлхий нийтэд тодорхой болов. Мөн дэлхийн эдийн засгийг уналтад оруулсан, худалч Д.Трамп болон дэлхийн улс төрийн байдалд аюул учруулсан, удамшдаг, мэргэжлийн, мэргэшсэн худалч В.Путин нарын суудалдаа байх хугацаа сараар бус хоногоор тоологдож магадгүй болов.

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Цэргийн тусгай ажиллагаа эхлэв

Өнгөрсөн бямба гаригийн өглөө Ираны төдийгүй Израилийн иргэд огт өөр улсад сэрцгээв. Учир нь энэ хоёр улс ганц шөнийн дотор Орос, Украинтай адил дайны байдалд шууд шилжив. Израилийн энэхүү цохилтын хохирлын цар хүрээ, Исламын хувьсгалт гвардийн корпусын удирдах албан хаагчид болон бусад цэрэг, аюулгүй байдлын албан тушаалтнууд нэгэн зэрэг амиа алдсан тоо үнэхээр бүх хүнийг цочирдуулж, гайхшируулав. Иран-Иракийн 1980-аад оны дайны үеэр ч Иран ийм их хохирол амсаж байсангүй. Харин Израиль цэргийн ажиллагаа дуусаагүй гэж мэдэгдэв.

Израилийн Батлан хамгаалахын сайд Исраиль Кац “Израилийн Агаарын цэргийн хүчин энэ сарын 13-ны баасан гаригт шилжих шөнө Ираны нутаг дэвсгэрт урьдчилан сэргийлэх цохилт хийж, Иран дахь цөмийн хөтөлбөр болон бусад цэргийн байгууламжтай холбоотой олон арван объектод цохилт өгсөн” гэсэн бол Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Бид Ираны цөмийн баяжуулах хөтөлбөрийн гол цөмд цохилт өглөө. Мөн Ираны баллистик пуужингийн байгууламжуудад цохилт өгсөн. Иран бидэнд хор хөнөөл учруулах томоохон хүчин чадалтай хэвээр байна. Шаардлагатай бол энэ үйл ажиллагаа үргэлжлэх болно” гэж мэдэгдэв. The Times of Israel сонин “Израилийн Батлан хамгаалах хүчин Ираны цөмийн хөтөлбөрийг онилсон “Арслан-иргэд” нэртэй цэргийн тусгай ажиллагаа явуулсан. Иран улс хэдхэн долоо хоногт 15 цөмийн бөмбөг бүтээхэд хүрэлцэхүйц уран баяжуулсан нь тодорхой болсон тул Израиль энэ аюулын эсрэг шуурхай арга хэмжээ авах шаардлагатай болсон юм. Ираны Тегеран болон бусад хотод олон тооны дэлбэрэлт болж, Натанз хот дахь газар доорх цөмийн байгууламж нь устгагдав” гэж мэдээлэв. Рейтерс зэрэг барууны мэдээллийн агентлагууд Ираны хиймэл дагуулаас авсан Ираны Натанз хот дахь газар доорх цөмийн байгууламжийн устгагдсан зургийг нийтэлж “Израилийн Агаарын цэргийн хүчин Иран дахь цөмийн болон цэргийн байгууламжид халдаад зогсохгүй Исламын Бүгд Найрамдах улсын цэрэг, шинжлэх ухааны удирдлагыг онилсон цохилт хийсэн байна. Энэхүү цохилтын улмаас Исламын хувьсгалыг хамгаалах корпусын командлагч Хоссейн Салами, Агаарын хүчний командлагч Али Хажизаде, Жанжин штабын шуурхай удирдлагын газрын орлогч дарга Рабани Мехраби, Тагнуулын газрын дэд дарга Мехди Рабани тэргүүтэй 20 генерал, Ираны цөмийн эрдэмтэн Ферейдун Аббаси-Давани, Мохаммад Мехди Тегеранчи зэрэг найман эрдэмтэн гэртээ унтаж байхдаа дэлбэрч амь үрэгдсэн байна. Мөн Ираны дээд удирдагч Аятолла Хаменеигийн зөвлөх Али Шамхани хүнд шархадсан” гэж мэдээлэв. Энэ сарын 14-ний шөнө Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн яаралтай хуралдаан дээр Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий захирал Рафаэль Гросси “Израилийн цохилтын үр дүнд Ираны U-235 ураныг 60 хувь хүртэл баяжуулан түлш үйлдвэрлэх туршилтын үйлдвэр устгагдсан. Ираны Натанз дахь уран баяжуулах үйлдвэрийн нэг цэгийн орчин цацраг болон химийн бодисоор бохирдсон байна” гэж мэдээлэв.

Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи “Израилийн эсрэг хатуу хариу арга хэмжээ авна” гэж мэдэгдэв. Үнэхээр ч Иран эхлээд 100 дрон маргааш нь 100 баллистик пуужингаар Израиль руу довтлов. Дронуудыг АНУ, Израилийн агаарын хүчин Израилийн нутагт орохоос нь өмнө устгасан бол харин баллистик пуужингууд Израилийн хотуудад хохирол учруулж, гурван хүн амь үрэгдэж, 150 хүн шархадсанаас хоёр хүний биеийн байдал хүнд байгаа аж. Ираны энэхүү цохилтын дараа Израилийн Батлан хамгаалахын сайд Исраэль Кац “Иран манай энгийн иргэдийн объект руу пуужин харваж “улаан шугам” давлаа. Бид Израилийн иргэдээ үргэлжлүүлэн хамгаалж, Аятоллагийн дэглэм энэхүү бузар, муухай үйлдлийнхээ төлөө өндөр үнэ төлөх болно” гэж мэдэгдэв. Үнэхээр ч Израилийн Агаарын хүчин энгийн иргэдийн хот суурин байтугай Ираны нефть, байгалийн хийн байгууламжид цохилт өгөөгүй билээ. Иймээс өнгөрсөн баасан гаригт Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Ираны омог бардам ард түмэн Исламын бүгд найрамдах улсын удирдлагын эсрэг босохыг би уриалж байна. Исламын энэ дэглэм өөрт нь юугаар яаж цохилт өгснийг, цаашид ямар цохилт өгөхийг ч мэдэхгүй байна. Энэ дэглэм өмнө нь хэзээ ч ийм сул дорой байгаагүй. Энэ бол та нар босож, өөрсдийн зүрх сэтгэлд байгаа хүслээ биелүүлэх боломж юм. Та нарыг бараг 50 жилийн турш дарангуйлсан Исламын дэглэм манай улсыг сүйрүүлэхээр заналхийлж байна. Манай засгийн газрын Ираны эсрэг явуулж буй энэхүү цэргийн ажиллагааны гол зорилго нь Исламын дэглэмээс бидэнд учруулж буй цөмийн аюулаас урьдчилан сэргийлэх явдал” гээд Исламын дэглэмийн эсрэг боссон Ираны иргэдийн 2022 оны эсэргүүцлийн жагсаалын “Эмэгтэйчүүдэд амьдрал, эрх чөлөө!” гэсэн уриагаар үгээ дуусгасан юм. Маргааш нь буюу бямба гаригт Израилийн армийн Агаарын хүчин дахин томоохон довтолгоо хийж Ираны баруун нутгийн Хамадан, Табриз хотуудад байрлах агаарын цэргийн хоёр баазад агаарын цохилт өгч, Табриз дахь цэргийн баазыг нь бүрэн устгав. Ийнхүү Израилийн арми эхний цохилтоор л Ираны Агаараас хамгаалах хүчин болох Оросын системийг бүрэн устгасан нь тодорхой болов. Цэргийн шинжээчид “ОХУ-ын агаараас хамгаалах С-200, С-300 системүүд найдваргүй зэвсэг болохоо батлав. НАТО оросуудын магтаад байдаг агаараас хамгаалах системээс нь эмээх шаардлагагүй юм байна” гэж мэдээлэв.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Иранд одоо ч АНУ-тай уран баяжуулах асуудлаар хэлэлцээ хийх боломж байна” гэж мэдэгдэн АНУ-ын Тэнгисийн цэргийн командлалд “USS Thomas Hudner” тэргүүтэй байлдааны хөлөг онгоцуудаа Газар дундын тэнгисийн зүүн хэсэг рүү хөдөлгөх тушаал өгсөн бол Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио “Израилийн Иранд цохилт өгсөн явдалд Вашингтон ямар ч хамаагүй. Иймээс Ираныг бүс нутаг дахь АНУ-ын хүчин рүү дайрахгүй байхыг уриалж байна” гэж мэдэгдэв. Харин Ираны ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Исмаил Багайи “Ираны эрх баригчид Израилийн цохилтын дараа АНУ-тай цөмийн хөтөлбөрийн талаар цаашид хэлэлцээ хийх нь утгагүй явдал гэж үзэж байна. Израиль Вашингтоны зөвшөөрлөөр Иран руу довтолсон гэдэгт итгэлтэй байна” гэж мэдэгдэв.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп холбоотондоо өөрийн цөмийн хэлэлцээрийг “үргээхгүй байх”-ыг гуйсан ч Израиль Иранд агаарын цохилт өгч, цөмийн байгууламжууд, баллистик пуужингийн үйлдвэрүүд, нисэх буудал, агаараас хамгаалах хүчин болон цэргийн командлагчдыг нь устгав. Аргаа барсан Исламын дэглэмийн талынхан олон нийтийн сүлжээнд Израилийн F-35 байлдааны онгоцыг сөнөөж буй хуурамч бичлэг тавив. Ийнхүү Сирид Ираны талын Асадын дэглэм нурж, Ливанчууд Ираны талын террорист Хезболла дэглэмээс салан өөрийн бүрэн тусгаар тогтнолыг олж, Ирак, Йеменд Ираныг дэмждэг зэвсэгт бүлгүүд суларч эцэст нь Аятолла Хаменеигийн Исламын дэглэм өөрсдийн хийсэн бүхний үйлийн үр болох Израилийн “Арслан-иргэд” цэргийн тусгай ажиллагаатай нүүр тулав. Нийт 200 сая хүн амтай улсуудын цэргийн бүлэглэлүүдийг ердөө 10 сая хүн амтай Израилийн арми бүрмөсөн ялах явдал төгсөх шатандаа оров. Израилийн армийн энэ ялалтын гол ач холбогдол нь түрэмгийлэгчидтэй яаж “ярилцах”-ыг ардчилсан улсуудад заасан бодит хичээл байх болно.

 

Бэлтгэсэн:Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Фридрих Мерц: Дайн засгийн газрыг эв нэгдэлтэй байхыг шаардаж байна

Германы өнөөгийн Эвслийн засгийн газрын нөлөө бүхий нэг гол хэсэг болж буй Социал демократ намын хэсэг гишүүд болох тус намын парламентын бүлгийн дарга асан Мютзенхэн Рольфман, намын дарга асан Мютзенхер Ролфман, гадаад бодлогын шинжээч Ральф Штегнер зэрэг олон арван гишүүн гарын үсэг зурсан “Германы Засгийн газар цэрэгжүүлэлтийг зогсоож, Оростой хэлэлцээ эхлүүл” гэж уриалаад “Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн цэрэгжилтийн түгшүүр төрүүлсэн үг хэллэг, асар их зэвсэг үйлдвэрлэх хөтөлбөрүүд нь Герман, Европын аюулгүй байдлыг нэмэгдүүлэхгүй, харин ч тогтворгүй байдал, НАТО, Оросын хооронд аюул заналхийлэл нэмэгдүүлэхэд хүргэж байна” гэсэн тунхаг бичиг гаргасан. Харин энэхүү тунхагийг Социал демократ намын гишүүд санал нэгтэй хүлээж аваагүй юм.

Тухайлбал, Бундестаг дахь Социал демократ намын бүлгийн Дотоод бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Себастьян Фидлер уг баримт бичгийг “эгдүүцэл төрүүлсэн, төөрөгдүүлсэн, уур хүргэх зүйл” гэсэн бол тус намын Гадаад бодлогын хорооны гишүүн Адис Ахметович “Энэ баримт бичиг нь агуулгын хувьд ихээхэн эргэлзээтэй. Хэрвээ манай намын бага хурлаар энэ уриалга, тунхагийг хэлэлцүүлсэн бол олонхын санал авахгүй байсан” гэж мэдэгдсэн юм.

Энэхүү тунхаг бичиг гарсны маргааш нь ХБНГУ-ын канцлер Фридрих Мерц “ОХУ-аас Украины эсрэг эхлүүлсэн дайн холбооны засгийн газрыг эв нэгдэлтэй байхыг шаардаж байна. ХБНГУ-ын Социал демократ намын зарим нөлөө бүхий гишүүд Оросын эхлүүлсэн дайны тухай тунхаг бичиг гаргаж, уг баримт бичгийг зохиогчид Германы гадаад, аюулгүй байдлын бодлогын чиг хандлагыг өөрчлөх, ялангуяа Оростой ойртохыг уриалсан байна.

Харин холбооны засгийн газар ОХУ-ын Украины эсрэг явуулж буй дайн болон энэ дайны үр дүнгийн талаар бүрэн нэгдмэл байр суурьтай байгаа. Би энэ эв нэгдлийг цаашид ч хэвээр хадгална гэж найдаж байна” гэж мэдэгдэв. Ерөөс ХБНГУ-ын Социал демократ намын хуучинсаг удирдлагууд Кремлээс ил, далд санхүүждэг нь нэгэнт уламжлал шахуу болсон зүйл билээ.

Categories
гадаад мэдээ

“Air India” компанийн онгоцны ослоор 290 гаруй хүн амиа алдаж, нэг хүн амьд үлджээ

“Air India” компанийн Лондон руу чиглэж байсан олон улсын нислэг хөөрсөнөөс хойш удалгүй осолдож, 242 хүнээс ердөө ганцхан хүн амьд үлдсэн харамсалтай мэдээ олон нийтэд зарлалаа.

Онгоцонд нийт 230 зорчигч, 12 багийн гишүүн явж байсны дийлэнх нь Энэтхэг болон Их Британийн иргэд байсан бол багахан тооны Португал, Канадын иргэд байжээ. Ослын улмаас 290 гаруй хүн амиа алдсан бөгөөд ганцхан амьд үлдсэн зорчигч нь Энэтхэг гаралтай Их Британийн иргэн Вишваш Кумар Рамеш байв. Тэрээр ахтайгаа хамт зорчиж явсан боловч ах нь харамсалтайгаар амиа алдсан байна. Вишваш эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд биеийн байдал нь ноцтой бус, тун удахгүй эмнэлгээс гарах боломжтой хэмээн мэдээлж байна.

Categories
гадаад мэдээ

НҮБ-ын Хүн амын сан: Эцсийн эцэст хүмүүст итгэл найдвар хэрэгтэй

НҮБ-ын Хүн амын сангийн өөрийн цахим хуудсанд нийтэлсэн тайланд “Дэлхий нийтэд хүсээгүй жирэмслэлт, хүүхэдтэй болохыг хүсэхгүй байх нь түгээмэл зүйл болж, олон хүн гэр бүл төлөвлөлтийн асуудлаар чөлөөтэй сонголт хийх боломжгүй байна. Гэтэл улстөрчид түгшүүр төрүүлэх болсон хүн амын нөхөн үржихүйн асуудлаар хүүхэдтэй хүмүүсийг тэд хүссэн учир хүүхэдтэй болсон, харин хүүхэдтэй болох боломжгүй хүмүүсийг тэд хүүхэдтэй болохыг хүсэхгүй байна гэж буруу тайлбарлаж байна” гэж дүгнэжээ. НҮБ-ын Хүн амын сангийн судалгаанд хамрагдсан 14000 хүний тавны нэг орчим нь л цөөн, эсвэл олон хүүхэдтэй болно гэж хариулжээ. Олон хүн хүүхэдтэй болохыг хүсдэг ч эцэг эх болох боломжгүй байдаг аж. Учир нь энэ судалгаанд хамрагдагсдын дийлэнх нь хоёр ба түүнээс дээш хүүхэдтэй болохыг хүсч байгаагаа илэрхийлсэн боловч “Санхүүгийн асуудлаас болж энэ мөрөөдлөө биелүүлж чадахгүй байх вий гэж айж байна. Бидэнд орон сууц, хүүхэд асрах өндөр зардал, түүнчлэн ажлын байрны баталгаа байхгүй байна” гэж хариулжээ. НҮБ-ын Хүн амын сангийн уг тайланд “Эмэгтэйчүүдийг өндөр цалинтай ажилд түлхүү татан оролцуулснаар энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой, төрөлт буурч, эдийн засгийн өсөлт удааширч байгаа нь жендерийн тэгш бус байдалтай холбоотой байна” гэж дурдаад “Ажлын байран дахь жендерийн тэгш байдал буюу гэр бүлд ээлтэй нөхцөл бүрдээгүй байгаа нь эмэгтэйчүүд ажилд орохгүй байх гол шалтгаануудын нэг юм. Түүнчлэн эмэгтэйчүүд хүүхэд асран, гэрийн үйлчлэгчийн ажлыг үүрч байгаа нь төрөлт буурахад нөлөөлж, хүмүүс хүссэнээсээ цөөн хүүхэдтэй болох шалтгаан болдог” гэж дурджээ. Гэтэл үүний зэрэгцээ, ихэнх нь эсрэгээрээ хүсээгүй жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх боломжгүй учир өөрийн хүссэнээс олон хүүхэд төрүүлдэг байна. Судалгаанд хамрагдсан гурван хүний нэг нь өөрөө, эсвэл түүний хамтрагч хүсээгүй жирэмслэлттэй тулгарсан, бараг тавны нэг нь би өөрийн хүслийн эсрэг хүүхэдтэй болсон гэж хариулсан байна. Мөн эрэгтэйчүүдийн дөрөвний нэг, эмэгтэйчүүдийн гуравны нэг нь бэлгийн харьцаанд орохоос татгалзах боломжгүй байдаг гэжээ.

Төрөлтийг нэмэгдүүлэхийн тулд авч явуулж буй улстөрчдийн ихэнх бодлого нь үүнд тус болохгүй, бүр эсрэг үр дүнд хүргэж байгааг энэ тайланд онцолж “Хүн амын нөхөн үржихүйн асуудлыг зохицуулах гэсэн улстөрчдийн оролдлого нь албадлага, хүний эрхийг зөрчихөд хүргэж, улмаар хүмүүсийг нөхөн үржихүйн бие даасан байдлаа хамгаалах гэсэн хүний эрхийн тэмцэлд хүргэдэг. Харин иргэдийн нөхөн үржихүйн эрхийг минь зөрчиж байна гэсэн тэмцэл нь тэдний хүүхэдтэй болох хүслийг улам бууруулах эрсдэл дагуулдаг” гэж дурджээ. Иймээс НҮБ-ын Хүн амын сан “Төрөлтийг нэмэгдүүлэхийн тулд хүмүүсийг нөхөн үржихүйн эрх чөлөөгөөр хангах, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, эмэгтэйчүүдийн ажил мэргэжил эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх шаардлагатай” гэж зөвлөжээ. Үүнээс гадна ижил хүйстэн, ганц бие хүмүүс болон өмнө нь хүүхэдтэй болоход “хэтэрхий хөгшин” гэж тооцогддог байсан эмэгтэйчүүдэд төрөлт, үрчлэлтийн үйлчилгээ зэрэг дэмжлэгийг өргөжүүлэхийг зөвлөж “Эцсийн эцэст хүмүүст итгэл найдвар хэрэгтэй. Өөрсдийн болон төрүүлэхийг хүсч буй үр хүүхдийнх нь ирээдүйд итгэх итгэл хэрэгтэй. Үүний тулд улстөрчид ард түмнийхээ хүслийг сонсох ёстой” гэж дүгнэжээ.Харин энэ бүхнийг энгийн үгээр тайлбарлавал ийм юм.

Бид Энэтхэгийг удам дамждаг кастын дэглэмтэй буюу иргэд нь төрөхдөө л дээд, дунд, доод ангид хамаардаг гэж буруутгадаг. Гэтэл ардчилсан улсууд өнөөдөр дарангуйлагч дэглэмтэй улс шиг дээд, доод анги буюу татвар төлөгчдийн мөнгийг завшдаг улстөрчид, тэднийг тэжээж байдаг сонгогчид гэсэн хоёр ангид хуваагдчихаад байна. Үүний баталгаа нь хүн төрөлхтний түүхийн явцад бий болсон “Татвар төлж л байгаа бол та сайхан амьдрах нөхцөлөөр хангагдах ёстой” гэсэн алтан зарчим “Төр байгаа л бол та татвар төлнө” болтлоо дампуурсан явдал. Энэ бүхэн төр, засаг татвар төлөгчдийн мөнгийг үрдэг бус үржүүлдэг, улсын төсвийн мөнгийг улстөрчдийн амаар бус сонгогчдын хүсэл, мэргэжлийн холбоодын саналаар зарцуулдаг болж, тендерийг албан тушаалтан бус хиймэл сэтгэхүй шалгаруулдаг болсон цагт л хүн амын нөхөн төлжилт хэвийн явагдаж эхэлнэ гэсэн үг. Үүнийг л НҮБ-ын Хүн амын сан “Эцсийн эцэст хүмүүст итгэл найдвар хэрэгтэй” гээд байгаа хэрэг.

Categories
гадаад мэдээ

Лениний хамгийн өндөр хөшөөг буулгав

Киргизийн томоороо хоёрт орох Ош хотод байрлах Владимир Лениний Төв Азид хамгийн өндөрт ордог байсан 23 метр хөшөөг буулгажээ. Oш хотын удирдлагууд “Оросын хотуудад Лениний хөшөөг буулгаж, нүүлгэсэн жишээ байдаг тул нөхцөл байдлыг улстөржүүлж болохгүй.

Болсон явдал бол хотын архитектур, гоо зүйн дүр төрхийг сайжруулахад чиглэсэн нийтлэг практик. Лениний хөшөөний оронд Киргизийн төрийн далбаа намирах 95 метр шон суурилуулна. Уг хөшөөг энэ сарын 7-ны шөнө буулгасан” гэж мэдээлжээ. Киргизийн хоёр дахь том хот болох Ош хотод 1975 онд босгосон Владимир Лениний энэ хөшөө нь ЗХУ-ын уран барималч, ЗХУ-ын Урлагийн академийн ерөнхийлөгч байсан Николай Томскийн бүтээл юм байна.

Ямар ч байсан энэ явдал ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Төв Азийн улсуудад ОХУ-ын нөлөө суларч байгаагийн илрэл болов.

Categories
гадаад мэдээ

Германы канцлер Фридрих Мерц АНУ-д айлчиллаа

Биеийн өндрөөр ч, улсаа ч АНУ-аас хамааралгүй байлгах хүсэл эрмэлзлээрээ Францын Де Гольтой адил, мөн нацизмын эсрэг Их Британийн ерөнхий сайд Уинстон Черчиллийн гүйцэтгэсэн үүргийг Оросын эсрэг хийж эхэлсэн Германы канцлер Фридрих Мерц анх удаагаа Цагаан ордны Зууван танхимд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзав. Мерц өөрийн улсын аж үйлдвэрийг сэргээж, төрийн албаны орон тоо, татварыг шат дараалалтай бууруулж, ажлын орон тоо, цалинг нэмэгдүүлэн Германыг дахин хүчирхэг болгож буй жинхэнэ улстөрч. Харин Трамп “Америкийг дахин агуу болгоно” гэж ярьдаг нэгэн.

Энэ уулзалтын үеэр Германы канцлер Мерц “АНУ ямар нэгэн зүйл хийснээр энэ дайныг зогсоож чадах их хүчтэй. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп бол Оросын Украины эсрэг дайныг зогсоож чадах гол хүн. Бид энэ дайн ямар аймшигтай болохыг хүлээн зөвшөөрч, үүнийг зогсоох арга зам хайж байна. Иймээс бид ч бас чадах бүхнээ хийхэд бэлэн байна. Орос бол дайн өдөөгч, түрэмгийлэгч улс. Иймээс бид Украины талд зогсож байна. Герман, Европын холбоо Киевийг хүчирхэг болгохыг хичээж байна” гэж хэлэв. Харин Трамп сурсан зангаараа хоёрдмол утгатай мэдэгдэл хийж “Мерц бол Германы агуу канцлер. Та одоо батлан хамгаалахад илүү их мөнгө зарцуулж байгааг би мэдэж байгаа, энэ бол эерэг зүйл. Заримдаа хоёр жаахан хүүхэд галзуу юм шиг зодолддог. Тэд бие биеэ үзэн ядаж, зодолдоод байдаг, тэднийг салгах гэж оролдоход тэд салахыг хүсдэггүй. Заримдаа тэднийг хэсэг хугацаанд зодолдуулсан нь дээр байдаг. Энхийн хэлэлцээ зогсонги байдалд орсон тул Украин, Орос хоёрыг салгахаасаа өмнө “бага зэрэг тулалдуулах” нь дээр. Хэрэв Украины дайн зогсохгүй бол би хатуу байр суурь баримтлах болно. Энэ нь Оросоос гадна Украины талд ч адилхан хамаарна. Хэрэв би ерөнхийлөгч байсан бол Орос улс ийм өргөн цар хүрээтэй түрэмгийлэл хийхгүй байсан. Би саяхан утсаар ярихдаа Украины Оросын цэргийн нисэх онгоцны буудлуудад өгсөн цохилтод хариу арга хэмжээ авахгүй байхыг Путинээс хүссэн. Харин тэр надад “Өөр арга байхгүй” гэж хэлсэн” гээд хамгийн гол нь “ХБНГУ-д байрлаж байгаа Америкийн цэргийг татахгүй” гэж амлав.

Мерц энэ уулзалтын үеэр Трампад Германы Каллштадт тосгонд 1869 онд амьдарч байсан Цагаан ордны тэргүүний өвөө Фридрих Трампын төрсний гэрчилгээний алтан жаазтай хуулбарыг дурсгав. Дональд Трампын өвөө 16 настайдаа АНУ-д цагаачилж, нэрээ Фредерик Трамп болгон өөрчилж, алт олборлогчдын Клондайкад зочид буудал байгуулж хөрөнгөжсөн юм байна. Трамп өөрөө герман гаралтай гэдгийг хэзээ ч ярьдаггүй байсан бөгөөд зөвхөн ээжийнхээ Шотландын үндэс угсаагаа дурсдаг байсан билээ. Иймээс Трампын сэтгэл хөдөлж өөрийн гарал үүсэл болох Германд айлчлахаар болов. Учир нь Германы канцлер Фридрих Мерц Цагаан ордонд АНУ-ын ерөнхийлөгчтэй уулзсаны дараа NTV телевизэд өгсөн ярилцлагадаа “Өнөөдөр бид улс төрийн төдийгүй хувийн маш сайн харилцаа тогтоох үндэс суурийг тавьж чадсан. Би түүн рүү хэзээ ч залгаж болно гэсэн итгэлтэйгээр Герман руугаа буцаж байна. Тэр өөрийн уугуул эх орон болох Германыг маш их сонирхож, энэ нь түүний сэтгэлийг хөдөлгөсөн. Иймээс би түүнийг Германд айлчлахыг урьсан. Тэр урилгыг хүлээн авсан. Одоо манай багууд энэ айлчлал хэзээ болохыг тохиролцож байна” гэжээ.

Мөн энэ өдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп шинээр албан тушаалаа авснаас хойш анх удаа БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй утсаар ярьжээ. Тэд нэг цаг хагас ярилцсан ч Хятад улс Кремлийг дэмжиж байгаа, ОХУ-ын Украин руу түрэмгийлсэн тухай огт дурдаагүй байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр Трамп дэлхий нийтэд худалдааны том дайн зарлаж, Хятадад 145 хувийн татвар ногдуулсан. Хятад улс ч мөн адил хариу барьсан. Харин Америкийн бизнес эрхлэгчдийн дарамт шахалт ихсэж, зах зээл хумигдаж, ам.долларын ханш унасан тул Трамп өнгөрсөн тавдугаар сарын эхээр Женевт төлөөлөгчдөө илгээж, сайд нар нь хятадуудтай 90 хоногийн хугацаатай эвлэрэх тохиролцоонд хүрч, АНУ шинээр тогтоосон татвараа 30 хувь хүртэл бууруулсан бол Хятад улс ч татварын нэмэгдлээ цуцалж, Трампын дайралтын хариуд тавьсан газрын ховор элементийн экспортын хоригийг цуцална гэсэн. Гэтэл үүний дараа Трамп Хятад руу программ хангамж оруулахыг хориглож “АНУ дахь хятад оюутнуудын визийг шууд цуцална” гэж зарласан. Хятад улс үүний хариуд газрын ховор элементийн экспортоо удаашруулав. Энэ бүхний эцэст өнгөрсөн пүрэв гаригт тэд утсаар ярьсан байна. Трамп энэ ярианыхаа талаар нийгмийн сүлжээний өөрийн хуудсандаа “Ярилцлага бараг бүхэлдээ ХУДАЛДААН дээр төвлөрсөн. Орос/Украйн, Ираны асуудлыг хэлэлцээгүй. Хятадаас АНУ-д экспортлох газрын ховор элементтэй холбоотой бүх асуудал арилсан. Си Жиньпин намайг Хятадад урьсан бөгөөд хариуд нь би түүнийг Америкт урьсан. Ярилцлагын гол үр дүн бол дэлхийн цэрэг, эдийн засгийн гол хоёр гүрэн ээлжит сөргөлдөөний дараа дахин ярилцаж байгаа явдал. Худалдааны хэлэлцээний шинэ үе шат удахгүй эхэлнэ” гэж бичсэн. Харин Трамп хятад оюутнуудын визийг цуцлах тухай бодлоо өөрчилсөн талаар юу ч бичсэнгүй. Тэгвэл Хятадын төрийн мэдээллийн “Синьхуа” агентлаг Си Жиньпин дарга Трампыг Хятадад дахин ирвэл баяртай байх болно гэж хэлэхэд Трамп чин сэтгэлээсээ талархал илэрхийлсэн. Трамп мөн хятад оюутнууд АНУ-д суралцахад Цагаан ордон таатай хандах болно гэж хэлсэн” гэж мэдээлэв. Ийнхүү Трамп Хятадыг тайвшруулахын тулд ямар буулт хийсэн нь тодорхойгүй үлдэв. Мөн Дональд Трамп Германы канцлертай уулзаж байхдаа өөрийн хамтрагч, сонгуулийн ивээн тэтгэгч, тэрбумтан Илон Маскыг муулж, дэлхий нийтийн чихийг дэлдийлгэв.

Засгийн газрын зардлыг эрс танаж, хоёр их наяд ам.доллар хэмнэх зорилготой томилогдсон Илон Маск АНУ-ын агентлагуудыг цомхотгож, Олон улсын хөгжлийн агентлаг(USAID) зэрэг байгууллагыг бүрмөсөн татан буулгаж, түүний удирдсан шинэ хэлтэс 180 тэрбум долларын хэмнэлт хийсэн. Илон Маск 129 хоног ажилласныхаа дараа “Холбооны хүнд суртал миний бодож байснаас хамаагүй их байв. Би асуудал байгааг мэдэж байсан ч Вашингтоныг сайжруулна гэдэг бол үнэхээр хүнд, маш хэцүү ажил юм байна” гэж хэлээд албан тушаалаа орхиж, Дональд Трампт түүнд алтан түлхүүр бэлэглэж байсан. Гэвч Маск сүүлийн өдрүүдэд Конгрессоор хэлэлцэгдэж байгаа Трампын төсвийн хуулийн төслийг эрс шүүмжлэн “Энэ бол жигшүүрт гажуудал. Би байгаагүй бол Трамп сонгуульд ялагдах байсан” гэж мэдэгдсэн. Иймээс Дональд Трамп Германы канцлер Фридрих Мерцтэй хамт хийсэн хэвлэлийн бага хурал дээр “Илон төсвийн хуулийн төслийг бараг бүх хүнээс илүү сайн мэдэж байгаа. Гэтэл энэ төслийг муулж байгаад би маш их сэтгэл дундуур байна. Тэр одоогоор миний талаар муу зүйл хэлээгүй, гэхдээ энэ бол түүний дараагийн алхам гэдэгт би итгэлтэй байна” гэж хэлсэн юм.

 

Бэлтгэсэн Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

АНУ, БНХАУ ирэх даваа гарагт Лондонд уулзана

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын гурван дээд албан тушаалтан даваа гарагт /2025.06.09/ Лондон хотноо БНХАУ-ын албан тушаалтнуудтай хэлэлцэнэ.

Вашингтоныг төлөөлөн АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент, Худалдааны нарийн бичгийн дарга Ховард Лутник, Худалдааны төлөөлөгч Жеймисон Грир нар оролцоно. Одоогийн байдлаар хэн БНХАУ-ыг төлөөлөх нь тодорхойгүй байна. Трамп тус уулзалтын талаар бичихдээ “Энэ уулзалт маш сайн болох төлөвтэй” гэжээ.

 

Эх сурвалж: Reuters