Categories
редакцийн-нийтлэл

Туул ирээгүй хавар

Жил жилийн хавар их хотын ч, сэтгэлийн минь ч дундуур урсан ирдэг Туул. Ирэх нь, урсах нь аяндаа сэтгэл аргадан тайтга­руулдаг тойром тоонотын гол минь. Гэвч, энэ жил ирээгүй л байна. Өвөлжин  нам гүмд ав­таад,  айсуй хаврын уя­сууд ирж ядах шиг байдаг Туул энэ жил эргэлт бу­цалт­гүй хулжсан эрмэг хүлэг шиг алга бол­жээ гэмээр. Яармагаас Сонги­нын гүүр хүртэл хаа од­сон нь мэдэгдэхгүй хуу­рай сайр үзүүлээд хатан Туул алга.

Харин үүнийг
нь мэр­гэжлийн хүмүүс “Хүний оролцоо гэхээсээ дэл­хийн дулааралтай хол­бон
ойлговол таарна.

Дэлхийн дулаарлаас болж бай­дал улам бүр муудах болсон. Туул гол жилийн энэ улиралд шургаж алга болдог. Тэр нь болж байна” гэх нь тайван амгалан байгаарай гэсэн янзтай. Үнэхээр Туул төрхөм, гэр хоёрынхоо хооронд гүйж, үнэ хүндээ барсан хүүхэн шиг ирж нэг баярлуулж, зугтаж нэг айлгадаг ааштай юмсан билүү дээ. Тиймгүй л билээ. Хан Богдын хормойд, хатан Туулын хөвөөнд мэндэлсэн хэмээн манай хотынхон өөрийм­сөн ярих дуртай. Тэгж ч онцлохоос аргагүй байх. Тэгвэл хотынхон дундаа Сансарын, эсвэл хороол­лын гэгдэх хүмүүсээс илүү 120 мянгатын ягаан, цагаан байшин­гуудын дунд тоглож, усанд сэлбэл Туулдаа, салхинд гарвал Зайсан толгой, их зугаалгаар явбал Залаа­тын сэвшээнд гэзгээ намируулж асан надад Туул юу юунаас ойрхон санагддаг аа.

Би Туул дээр “унасан” хүн. Намрын сэрүүн өвлийн жавраар солигдож, Туул мөхөөлдөслөн зайрмагтах цагт 120 мянгатын цагаан байрны жижигхэн нэгэн өрөөнд би хүн болон мэндэлсэн юм. Түргэний эмч гэрт орж ирэн­гүүтээ л “Наад хүүхдийн чинь толгой цухуйчихсан байна шүү дээ” гэж сандчин өгүүлсэн гэдэг. Төрөх хугацаанаасаа хамаагүй өмнө, бас дээрээс нь эмнэлгийн ариун бус орчинд төрсөн намайг хүн болно гэж тэр эмч огтхон ч найдаагүй бололтой юм билээ. Арван­нэгдү­гээр сар гарчихаад байхад доод давхрын айлын эгчийн есөн хүүх­дийг боосон сэмэрхий нимгэн өлгийнд боож аваад л гарсан гэдэг. Эмээ намайг эвийлэхдээ “Хүн болох дуртайдаа хүн болсон юм” гэж ирээд л үнсдэгсэн. Үнэхээр ч гэртээ төрсөн “бохир” хүүхэд гэд­гээрээ тухайн цагийн эмнэлэгт хуруу дарам цөөхөн инкубаторт ч орох эрхгүй шоовдорлогдсон на­майг хамгийн анх Туулын тунгалаг­хан агаар илбэн үнссэн болохоор би хүний хорвоод үлдсэн ч юм бил үү, есийн есийн хүүхэд дамжин ирсэн өлгийд боолгуулсан учраас ч мэнд хоцорсон юм бил үү. Ямар­тай ч хүн болох болохгүйн алтан зааг дээр Туулын сэрүүн амьсгал надтай хамт байжээ. Миний төрсөн орон зайн ай савд Туул урсдаг.  Миний сэтгэлийн дундуур Туул урсдаг. Иймийн л учир тийм л байдаг биз дээ. Туул амилах хав­рын цагт, Туул нойрсох намрын сүүлээр сэтгэл минь сонихноор догдолдог юм. Тэгээд л нутаг орон­доо хүлээн суугаа ээждээ очих мэт Туулдаа очмоор санагдана.

Туулын хөвөөнд би буй болсон юм. Хүнд төрсөн нутгийн уул, тог­лож, ууж өссөн гол ус нь ойрхон байдаг. Хотын унаган надад ч Туултай сүлэлдсэн дурсамж их. Туултай холбоотой олон олон дурсамж, хаврын бороо намайг сургаж, намайг буй болгосон билээ. Багаасаа л би их усны хөвөөнд сууж чимээ чагнан, урсгал харж суух дуртай байсан. Гэхдээ эмээ маань Туул гол руу ганцаараа явахыг хэзээ ч зөвшөөрдөггүй байлаа. “Ганцаараа явах бол Бааст голд оч” л гэнэ. Харин Туул руу явахдаа бэлдэж, бэлтгэж байгаад явна. Бааст гол буюу Дунд гол руу 120 мянгат, 19 дүгээр хорооллын хүүх­дүүд дуртай үедээ очиж, усаар нь тоглож, шавраар нь шидэлцдэг байсан сан. Гэхдээ би их тансаг­лахаараа хуушуур, халуун савтай цайгаа авч, яаруухан гарахаараа хар цай, зүсмэл боорцогтой хөдөл­дөг Туул орох аялалдаа тун дуртай байж билээ. Нэг литрийн жижигхэн халуун савтай цайгаа ах нарын эмээд илүүчилсэн бололтой бор спорт цүнхэнд хийчихээд бид хоёр алхдаг сан. Бас гол дээр очоод өргөх сокны шилэнд хийсэн сүүгээ мартахгүй. 120 мянгатын авто­бусны буудал орчмоос Туулын хөвөө хүртэл одоогийнхоор бол нэг буудал орчим юм уу даа. Гэхдээ Туултай холбоотой дурсамж яриа сонссоор явахад дорхноо хүрчих­дэг сэн. Эмээ өгүүлнэ. “Уг нь Туул голд саяхныг болтол салтай хүмүүс хөвдөг байлаа. Халхын голд олз­логд­сон япончууд мод бэлтгэж, тэрийгээ салаар нааш нь хот руу хөвүүлж орж ирдэг байсан. Тэгээд л хоол унд муутай нөгөө япончууд хөөрхий пүд хийтэл ус руу унаад л өгдөг байсан гэж байгаам даа” гэдэг сэн.

Гэрээс гараад Туул хүрэхийн хооронд гэдэс  өлсч, зугаалганы бор цүнх рүү хуушуур авахаар гараа явуулж, эмээдээ “Хүрэхийн хооронд сувардаад, хүн тэвчээртэй байж сурах ёстой” гэж загнуулж байсан маань өчигдрийнх мэт санагдана. Эмээ бид хоёр очоод суудаг чулуутай. Яг л тэр чулуун дээрээ сууж, бас тэрнээс цаадах мөлгөр чулуунаас цааш алхуулна гэж байхгүй. Хэдийгээр эмээгийн ярьж байсан сал хөвдөг өргөн Туул байхгүй болсон ч урсгал нь хүчтэй, хүүхэд байтугай том хүн хүссэ­нээрээ сэлж болдоггүй л гол бай­сан сан. 

Эмээ бас ярина. “Хүн хэзээ ч усанд ам гарч болдоггүй юм. Ус заавал хариугаа авдаг. Ус руу хамаагүй чулуу шидэж болохгүй, юм хаяж болохгүй, бохирыг бүр ч болохгүй. Туул үе, үе үерлэж хүмүүст анхааруулж байдаг юм. Туул голыг үертэй байхад нь ганц хүн л хөндлөн сэлж байсан юм билээ. Баяраа гэдэг тэр залуу усанд боогдчихоод гарч чадахгүй байгаа хүмүүст туслахаар Туулыг сэлж гарч байсан гэдэг юм” гэж хэлэхдээ эртний домог ярьж байгаа юм шиг бахархангуйгаар хэлдэг байлаа. Хүүхэд залуучуудын усан спорт сургалтын төвийг байгуулаг­даад удаагүй байхад нь сэлж сурахаар очих болсноор өнөөх үлгэр дом­гийн усч Баярааг нь анх харсан сан. Баяраа багш саяхныг болтол хүүх­дүүдэд усанд сэлэхийг зааж, уг төвийн даргын ажлыг хийж байсан юм. Түүнтэй таарах бүртээ эмээ­гийн­хээ ярьсан усчин баатрын тухай домгийг санадаг. Харин одоо Баяраа багш маань бурхан бумбын голд сэлэхээр явсан ч аавынхаа орыг залгаж, хүүхдүүдэд яаж сэлэхийг зааж байгаа охиныг нь харахаар эмээгийн яриа сэтгэлд дахиад л хөвөрдөг юм.

Хүүхэд цагийн сайхан дурсамж, худал үнэний заагийг мэдэж өсдөг тэр л хонгорхон цагт минь Туул надад дэндүү ойрхон байж дээ. Дээд талын айлд маань надаас хэдэн нас илүү Нараа эгч амьдар­даг байв. Миний мэдэхийн Нараа эгчийн хөл муу. Гэхдээ хөл муу гэж түүндээ санаа зовох зүйлгүй. Ёстой л гунихаа мэддэггүй амьдардаг шиг санагддаг сан. Нэг талын өвдөг дээрээ гараа тулаад шатаар доош уруудах юм бол ширэнгэн дундаа дүүлж яваа Маугли л гэсэн үг. Түүний аав нь манай нэртэй эрдэмт­дийн нэг Нямдорж гэдэг хүн байв. Философийн багш, чоно Нямдорж гэхээр хүмүүс андахгүй л дээ. Эмээгийн ярьснаар залуухан багш гурав орчим насны өргөмөл охинтойгоо манай дээд давхарт нүүж иржээ. Гэтэл цахилгаан менин­гит гэдэг өвчин гарч, охин нь өрөөл татанхай болсон гэдэг билээ. Нараа эгч тухайн цагтаа мэдээллийг шуурхай дамжуулагч нэгэн байсан санагддаг. Гэхдээ мэдээлэл баталгаатай эсэх нь мань хүнд ёстой падгүй, сонссоноо л ярина. Бас зохиож ярьж ч байж магад. Түүний яриаг сонсч өссөн олон хүүхэд бий дээ. Тэдний нэг нь лав хүмүүсийн сайн танихаас нэвтрүүлэгч С.Чимгээ. Яг өөдөөс нь харсан хаалганд байдаг байсан юм чинь тархиа овоо “угаалгуулж” байсан байх. Гэхдээ С.Чимгээ надаас хэд эгч бас багаасаа хэрсүү охин байсан учраас наана цаада­хыг нь ялгадаг байсан биз ээ. Харин би багадаа Нараа эгчээс авсан мэдээллээрээ сургуульд ортлоо Туул голыг матартай гэж бодож явсан сан.

Нэг удаа, ерөөсөө анхны бө­гөөд эцсийн удаа би цэцэрлэгээсээ оргож харьсан юм. Гэхдээ гэртээ оролгүй дээд давхрын Нараа эгчийнд орлоо. Хамт яваа доод айлын Төмөрхүүтэйгээ Туул гол орох төлөвлөгөөтэй байгаагаа хэлэв. Нараа эгч ч зөвшөөрч бай­на, гэхдээ “Туул гол саяхнаас матартай болсон гэнэ лээ. Та хоёр явбал явахгүй юу. Гэхдээ битгий хамаагүй дөхөж очоорой. Матар их холоос сордог юм байна лээ. Эртээд би очоод, тэгсэн намайг сорох гээд арайхийж зугтаж гарсан” хэмээж билээ. Ингээд л тэр өдөр би Туул руу яваагүй. Харин сүүлд арван жилийн ангийн­хан­тайгаа зөндөө явсан. Тэр үед эмээ маань тас хорихоо байгаад болгоомжтой байхыг зөвлөдөг болчихсон бай­ж билээ. Ангиа­раа Туулын эргээр зугаалж, хоёр ч хүүхэд усанд унаж урсаад бөө­нөөрөө орилолдон эрэг дагаж гүйсэн дурсамж ч бий. Хүүхэд ахуй цагийн маань олон сайхан дурсамж Туултай холбоотой.

Туулын хөвөө эрэгт олон, олон хүн амьдралаа бүтээсний нэг нь л би.

Туулын хөвөөнд амьдарсан он жилүүд, түүх дурсамжууд гагц на­дад ч бус, олон олон хүнд хамаа­рах билээ. Миний эмээ алс баруун хязгаараас тавиад онд амьдрал хайн хотод ирэхдээ Туулын хө­вөөнд гэрээ анх барьж байсан гэдэг. Хөдөө аж ахуйн дээд сургуу­лийн эмчээр ажиллаж, бага насны хүүхдүүдээ тэндэхийн цэцэрлэгт өгч хотын хүн болох амьдралаа эхэлж байжээ. Ижий минь Туулын тухай олон сайхан дурсамжийг өөртөө хадгалдаг. “Зайсан толгойг хөвөөл­дөөд уулын ширүүн урсгалтай горхи урсдаг байсан сан. Нэг удаа ээж цэцэрлэгээс авахгүй удаад байхаар дүүг дагуулаад  өөдөөс нь тосох гээд явахдаа модон гүүрэн дээр ирээд усны чимээнээс сүрдээд буцсан” гэж ярьдаг. Ээжийг бага байхад байтугай намайг бага байхад одоогийн Бурхан багшийн сэрэг дүрийн харалдаагаар Туул руу уулын горхи урсдаг байсан билээ. Уулаас эх авсан олон горхи Туул руу уралдан жирэлзэн буудаг байв. Одоо суман могой мэт шунги­нан буудаг асан тэр л булаг горхио хатан Туул үгүйлдэг л байх даа, хөөрхий.

Ээжийн ярьдаг түүхүүдээс хам­гийн тод нь 1966 оны үертэй хол­боо­той. 1966 оны үерийн талаар олон хүн ярьдаг л даа. Тэр жил манайх Яармаг руу зусланд гарчих­сан байж. Гэтэл ээжийн сургууль Зайсанд. Хичээлээ тараад харил­гүй ангийнхаа охинтой үер үзнэ гээд Төв цэнгэлдэхийн тийш очсон байгаа юм. Тэр үед Туул халиад цэнгэлдэх хүртэл урссан байжээ. Эмээ харьсан чинь ээж байдаггүй, айл зусч буй ээжийн ангийн хүүхэд үер үзэхээр явсан тухай нь мэдээ дуулгаж, сандарсан эмээ буцаад л наашаа явжээ. Их ус, үймээн шуугиан болж байхад хүүхдийн дураар байх үзмэр шиг үер ч гэж юу байхав. Замаас нь хүмүүс загнаад буцаасан байгаа юм. Тэр үед Цэнгэлдэх тойроод битүү ус, дээд давхарлаг руу нь гарч суусан хэдэн хүний толгой шоволзож байсан тухай ээж ярьдаг билээ. Гэхдээ Богд хааны музейн орчимд ус хүрээгүй тойрсон байсан гэдэг. Хуучны хүмүүс газар усаа судлан байж, орд харшаа босгодог нарийн ухаантай байж дээ. Харин ээж, эмээ хоёр Яармагийн гүүр дээр зөрж, бүүр орой ядарч сандар­сан эмээ минь ээжид багагүй “эрүүний шөл” уулгасан тухай хууч сонстдог. Үнэндээ, тэр үед охиноо үер үзэхээр явсан гэж дуулсан эхийн сэтгэл ямар байхав. Сүүлд хүртэл намайг ус руу ойртуулдаггүй бай­сан нь арга ч үгүй байж. Тэр жилийн үер ч үнэхээр аймаар байсан гэдэг. Өчнөөн олон хүний амийг авч одсон. Баянзүрхийн гүүрэн дээрээс  л гэхэд автобус дүүрэн хүн үерт урсч орхисон гэдэг дээ.

Туул сэтгэлээр ундаалж урсдаг. Туул ирээгүй хаврын тухай бодол гол горойлгоно. Эмээтэйгээ Туул хөвөөлдөж суудаг байснаас нэлээд хойхно доо, нагац ахтайгаа голд сэлэхээр очихдоо Туулыг хөндлөн туулж байх үед төрсөн бодолтой яг ижил гуниг төрнө. Тэр үед бүсэлхийгээр нэлээд дээхнэ татсаар яваад Туулыг хөндлөн туулчихсан билээ. Халгаад ойртдог ч үгүй байсан гол минь ингэж татраад гэсэн олон бодол намайг гуниглуулж байсныг санаж байна. Гэтэл одоо туулах байтугай туучих ч Туулгүй болчихоод байна. Туул руугаа явмаар санагдлаа. Дунд сургуульд байхдаа аман шалгалт­даа бэлтгэж, боловс­руул­сан билетээ уншдаг байсан Ээр­мэлийн үйлдвэрийн спорт талбай хараг­дана. Энд тэндээсээ байшинд шахуулаад, хагарсан дугуй хураа­сан талбай болж дээ. Бага байхад жигтэйхэн том  санагддаг  байв. Би том болсных уу, талбай жижиг болсон юм болов уу. Уг нь энд шувуу шулганалдаад хичээлээ уншихад хамгийн сайхан газар байсан сан. Одоо машин тэрэг сүлжилдээд, шинэ хорооллын гүйцэд засаагүй замын энхэл дон­хол Туул хүрэхэд дэндүү хол бол­го­жээ. Урьд эмээтэйгээ хөтлөлцөөд Туул хүрэхэд дэндүү ойрхон байв. Харин Туул ирээгүй хаврын зэвэргэн өдөр ганцаар алхахад үнэхээр хол санагдлаа. Туул усаар биш сэтгэлээр урсдаг ажээ. Туулыг гэсэн, Туулаа гэсэн сэтгэл дут­санаас энэ жил Туул ирсэнгүй. Туул дээр унасан би хүртэл айлын нүүдлээс зугтаж яваа хүн шиг Туулынхаа дэргэдүүр тойрч өнгөрсөөр он жилийг үджээ.

Туул бол их хаадын үүх, түүх  моддын мөчир бүрт нь шингэсэн Хан Хэнтийн уулсаас эхтэй гол. Монголын их түүх, эх орны эх нь, эцэг нь болсон их усан билээ. Монгол хүн бүр Туулын хөвөөнд ирдэг, бас буцдаг. Ирж буцаж байгаа олон хүний сэтгэлийн дээжээр их Туул ундаалж иржээ. Сэтгэл дутахын, гарилдахын ган гачиг нүүрлэснээр Туул шургачиж дээ гэж бодогдмоор. Туул дээр ирэхдээ өргөлийн сүүгээ өвөртөлж ирдэг байсан хүүхэд хонгор сэтгэл шиг минь, гэрээсээ Туулын зүг цайны дээжээ өргөн өргөдөг хайрт эмээгийнх шиг минь олон, олон сэтгэлийн гол горхи тасарснаар хаврын хаварт ханаран ханарах Туул минь дургүйхэн, дуугүйхэн ирдгийм болов уу даа…

Categories
редакцийн-нийтлэл

Цэрэгт явах эр хүн, гал асаах бэр байхгүй болох нь, энэ янзаараа

Эцгийгээ хүү нь алж гэнэ. Согтуу нөхөр нь эхнэрээ хут­галж алж гэнэ. Бяцхан жаа­лууд архи ууж нас барж гэнэ. Тэр жаалын ээж нь архичин гэнэ. Согтуу жолооч хүүхэд дайрч, амийг нь хөнөөж гэнэ. Ээжийгээ согтуудаа айм­шиг­тайгаар хороож гэнэ. Өдөр бүр эцэс төгсгөлгүй архинаас үүдэлтэй, согтуугийн балгаар үйлдсэн  сэтгэл сэр­тхийлгэм гэмт хэргийн аймшигт мэдээл­лүүд сонстож байна.

Эцгийгээ алсан арван тавтай хүүгийн тухай мэдээ­лэл хэвлэлийн хуудаснаа гарсны дараа манай редакц руу нэгэн хүн утас цохиж “Нэг ч гэсэн архичинг хорвоогоос явуулсан нэхийтэй хүүг  баа­тар цолоор шагная” гэлээ. Арай ч дэндэнэ ээ.  Тэр магад­гүй “Хаврын хүмүүс”-ийн нэг байх.  Цэцэг ногоо хөрснөө­сөө өндийж, ичигсэд хөд­лөх цагаар нэг иймэрхүү хөөрсөн хүмүүс  хаа сайгүй болчихдог юм. Гэхдээ түүний үгэнд ар­хич­ныг үзэн ядах сэтгэл байгааг харин  ойлгож болох.   

Эцгийгээ алсан үрийг шаг­нах нь байтугай шийтгэх хэ­рэг­тэй. Энэ бол аймшигт нү­гэл. Гэвч  архинаас болж үрээ, ханиа амьдын тамд унагаж, амьд үхдэл болгожээ, тэр эр.   Монголд ийм айл зөндөө.

Зарим айл гэрийн өрхийн тэргүүн болсон ч  өөрөө ажил хийхгүй мөртлөө  амьдрах гэж өөрийг нь тэжээж яваа эхнэ­рээ, өсч өндийж, амьдралыг  зах зухаас нь гадарлах бол­сон хүүхдүүдээ архи­чин эцэг нь байнга зовоож байжээ. Эхнэр хүүхдээ тэсвэрлэхийн арга­гүй болтол хорон үгээр утдаг байж. Залуу байхдаа эхнэрээ барьж зодоод бай­сан гэнэ. Хөвгүүд нь том бол­сон болохоор барьж балба­хаа байсан ч тэсэхийн арга­гүй муухай үгээрээ тэднийг байнга сийчдэг байж.  Ингээд хүү тэсвэрлэж дийлсэнгүй. Эцэг нь үхэж, хүү нь шоронд явахдаа тултал сүйрэлд хүрсэн айл ганц эднийх биш. Олон айл архины балгаар гэрт байдаг архичныхаа балгаар там шиг амьдралыг өнгөрүүлж байгаа.  Бид мэднэ дээ. Танайд биш гэхэд ха­маа­тан садан, танил найз нөхөд чинь архинаас болж зовж байгааг хардаг.

Тэсэж тэвчихийн аргагүй бо­лоод л тэр хүү хутга шүүр­сэн байх. Хүүдээ алуулсан тэр эр өмнө нь шорон оронд орж явсан нэгэн гэнэ. Гарч ирээд олигтой ажил төрөл хийсэнгүй архи ууж л явж ирсэн бололтой. Ирээд зүгээр байхгүй, ар гэрийнхнээ тарч­лаадаг байж. Арван хэдхэн настай жаахан  хүү энэ зов­лон дэндүү их санагджээ. Гэрийнхээ хоймрыг дүүргэн, үрийн­хээ инээхийг харж, ха­нийн­хаа хайрыг амсч дүн­хийн суух насандаа аав нь аав шиг байж чадсангүйнхээ үйлийн үрэндээ унаж, үрийн­хээ гарт амь үрэгдлээ. Хорвоо гэдэг хатуудаа хатуу. 

Хөвгүүд нь эхийнхээ зүр­хийг зүсэн архи уун, агсам тавьж, адаг сүүлд нь шоронд явна. Ингэж эхий­гээ  амьдаар нь тамлана. Хөөрхий ээж нь архичин, алуурчин байсан ч эцсийн амьсгалаа  тасартал энэрэх сэтгэлгүй үрээ гэсээр дуус­даг. Нуган үр төрүүллээ гэж баяр­лаж явсан ээж нь насны эцэст үрийнхээ тарь­сан зовлонд тарчил­саар хор­воог орхиж байна.

Ийм бараан мэдээ сон­соод нийгэм цочирдохоо бол­тол айм­шигт хэргүүд гарсаар байна. Эцгээ алсан хүүг өмөө­рөх гэсэнгүй. Ертөнц дээр ганц амьдрахдаа хүнээс илүү  биш байлаа гэхэд хүн­тэй адил амьдарч болох бай­лаа. Архи хэмээх гашуун хар усанд толгойгоо мэдүүлсэн эцэг нь харин энэ бүхний суурийг тавьжээ. Үхэг­сдийн хойноос муу үг унагадаггүй монгол зан бий ч архи гэдэг гашуун хар ус Монгол Улсыг тэр чигт нь сүйрүүлж, нялх хүүхдийг алуурчин болгочих­лоо. Тэр өөрөө хүүгийн­хээ гарт амиа алдаад зогссонгүй, хүүгээ алуурчин болгож на­саар нь амьдралыг нь бараан сүүдрээр хучаад явчихлаа.

Хар тамхи татсан хүмүү­сийг Эрүүгийн хуулиар шийт­гэдэг. Хатуу ял оноодог. Архи гэдэг хөлгүй далай Монголын эмгэнэл болж, Монгол Улс тэр далайд нялх жаахан хүүх­дээсээ эхлээд ная гарсан нь ч живж байна. Архин далайн энэ их эргүүлэг улс орныг ч сүйрэл рүү нь хөтөлж байна.

Манай сонин руу ная гарсан буурай ирж хандаж байлаа. “Нас дээр гарсан хойноо аяга цай хуваах хүн­тэй боллоо гээд баярлаж суусан биш энэ хүний гарт үрэгдэх нь” гээд явж байсан удаатай. Эхнэр нь архи уудаг болоод удаж байгаа аж. Энэ дүр зураг Монголын айл өрх бүрт нүүрлэлээ.

Гэр бүлээ ийм архичид амьд үхдэл болгож, үр хүүхдээ үзэн ядах сэтгэлээр дүүр­гэжээ.  Архичин  хүн аль  хэ­дий­нэ ар гэрийнхнээ амь­даар нь  алчихсан байдаг.

 Гэр бүл гэдэг нийгмийн үндэс. Нэг айлын өнгө төрх нийгмийн өнгө төрхийг илтгэж байгаа юм.

Увайгүй архичид эрүүл хүмүү­сийг гудамжинд  айл­гаж, охид хүүхнүүдийн хор­мой хотыг татаж чангаах бол байдаг л үзэгдэл мэт болжээ. Бүсгүй дэмий л ичиж, эвгүйр­хэхээс  түүний эрх зөрчигдөж байгааг хэн ч тоохгүй.

Архичид  улстөрчдийн увайгүй хэрүүл улс оронд нүүрлэж байна. Архичид нь гэр бүлээ сүйрүүлж, улстөр­чид нь улс орныг сүйрүүлж байна. Тэд нийгмийг үзэн ядах сэтгэлгээтэй болгож байна. 

Улстөрчид нь өөрөө идэж уудаг хэрнээ ичүүргүйгээр нөгөө нэгийгээ  зүхнэ. Үнэн хэрэгтээ хэрээ хэрээ­нийхээ харыг гайхна, хулгайч хулгай­чийг бариарай гэдэг шиг л тэд жүжиглэх нь тарчлаантай.  Адилхан идэгсдийн хэнийг нь сайн, хэнийг нь муу гэх юм.

Энэ бүх тарчлаан нийг­мийг тэр аяар нь амьдралд итгэх итгэлгүй болгож  байс­хийгээд л хүмүүс амиа хор­лох болж  арван хэдтэй жаа­хан хүүхдүүд хүртэл амиа хор­лох нь энгийн юм шиг болжээ.

Цэрэгт явах эр хүн, гал асаах бэр байхгүй болох нь, энэ янзаараа. Монголоо аваръя гэвэл архинаас л салж амармаар байна.  Төр нь төр шиг байж архины эсрэг томоохон бодлого боловс­руу­лах хэрэгтэй болжээ. Түүнээс биш  хорин нэгэн мянга хэмээх архины мөнгөөр  иргэдээ хордуулаад суух нь эмгэнэл шүү, эмгэнэл.

Categories
редакцийн-нийтлэл

АН ба МАН ойрын үед…

Гудамжинд
таарсан
хүмүүс,
цэцэр­лэгээр алхаж яваа өвгөчүүл, ангиараа уулзсан залуус ер нь хэн л бол хэн “Улс төр бужигнаж байна аа” гэж ирээд л ам хуурайгүй ярих аж. Яг үнэндээ улс төр нь бужигнаад байна уу, бужигнах гээд байна уу. Угаасаа УИХ-ын сонгууль хоёрхон сарын дараа болох гэж байгаа болохоор бужигнах нь тодорхой. Харин их хөдөлгөөний өмнөх айвуухан ганц хоёрхон өдрүүд газрын шар тос болсон хөвсгөр цастай өдрүүдтэй зэрэгцэж байх шиг. Улс төрд хамгийн ойрын үед яригдах сэдвүүдийг хамтдаа хөндөж, нам, нам дээр байдал ямар байгааг тоймлон хүргэж байна.

Ямартай
ч ойрын өдрүүдэд УИХ-ын сонгуулийг чухам хэдний өдөр явагдах нь тодорхой болно. Урьд нь дандаа амралтын өдөр хийдэг байсан бол шинэ хуулиар ажлын өдрийг сонгон авсан байгаа. Зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн ажлын нэг өдөр гэж заасан нь сонгогчдод хариуцлагыг нь мэдрүүлж, саналаа өгөх нь төрийн өмнө хүлээсэн бас нэгэн ажил гэдгийг нь ойлгуулах зорилготой хэмээн тухайн үедээ яригдаж байсан. Харин сонгууль болох өдрийн тухайд зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн даваад хоёр өдөр амарсан хүмүүс гурав дахь амралтын өдөр явж санал өгнө гэдэг худлаа, мягмарт монголчууд таатай ханддаггүй, амралтын өдрийн өмнөх баасан гаригт бас л худлаа болно гэж байгаа бөгөөд 27-ны лхагва, 28-ны пүрэв гаригийн аль нэгэнд сонгууль болох төлөвтэй байгаа юм. Үүнийг энэ долоо хоногт УИХ-аас товлох бөгөөд бараг зурга­дугаар сарын 28-ны өдөр сонгууль болж таарах болов уу. Учир нь ном судар мэддэг хүмүүсийнхээр 27-ны лхагва гариг тийм аятай тухтай өдөр биш байгаа бололтой.

Харин тавдугаар сарын 7-8-нд улс төрийн намууд СЕХ-нд бүртгүүлэх бөгөөд 18-20-ны өдрүүдийн аль нэгэнд нэр дэвшигчдийг зарлаж, улмаар зургадугаар сарын 28-нд сонгууль явагдах нь.

ЦЭЦИЙН ШИЙДВЭР

АН

УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл заалтыг Үндсэн хуулийн суурь зарчимд харшилж байна хэмээн Үндсэн хуулийн Цэцээс дүгнэлт гаргаж УИХ-д хүргүүлээд буй. Харин УИХ үүнийг нь хүлээж аваагүй бөгөөд Цэц рүү буцааж, 
улмаар Цэц их суудлын хуралдаанаараа хэлэлцэ­хээр болж байгаа юм. АН-ын хувьд Цэцийн энэ шийдвэрийг гаргахад эрх баригч МАН-ыг нөлөөлсөн гэж хардаж байгаа бөгөөд дээр нь гагцхүү хөх тэнгэр байх ёстой гэгддэг Үндсэн хуулийн Цэцэд аль нэг нам нөлөөлж байгаад эгдүүцэж байгаа юм. Цэцийн шийдвэрийг гишүүд нь гаргадаг, тэр гишүүд нь намаасаа түдгэлзсэн байдаг ч урвал угшил нь МАН-ынх учраас сөрөг хүчнийхний ийн хардах нь ч аргагүй юм. АН-ынхны хувьд гулсах, гулсахгүй байх нь чухал бус харин нэг намаас нөлөөлж Цэцээр дүгнэлт гаргуулж байгаа нь хэт шудар­га бус гэсэн байр суурьтай байгаа аж. Бас цэвэр өрсөлдөөний зарчмаар биш гэж үзэж байна. Өрсөлдөж хөлсөө гаргасан хүнд боломж ирдэг байтал дээшээ харж сууж байгаад хэдэн нөхөд дээшээ гарах нь шударга бус, ардчилал жинхэнэ утгаараа алдагдаж байнаа хэмээн өөрсөд дотроо ярьж байгаа сурагтай. Цэц асуудлыг удтал мухарлахгүй явж ирсэнд тэд унтуутай байгаа.

МАН

Энэ намын хувьд Сонгуулийн хуулийг баталсны дараа нөхцөл байд­лыг дүгнээд үзэхэд пропоционалийн 28-ын жагсаалтад бичигдэх эрхмүүдээ тойргоос буцаж ирэгсэд бус харин тусад нь зоох нь ихээхэн чухал гэдэг тодорхой болсон. Энэ намын архагууд болох Д.Лүндээжанцан Өвөрхан­гайгаас, Ц.Нямдорж Увсаас, С.Баяр Сүхбаатар дүүргээс гарах магадлал үнэнхүү бага байгаа нь хатуу ч гэсэн үнэн. Тиймээс нэр зоох магадлал яалт ч үгүй дээр болж байгаа юм. Мөн намын генсек У.Хүрэлсүхийн хувьд намаа сонгуульд удирдаж ороод дэвшиж бус харин намын жагсаалтаар гараад ирэх төлөвлөгөө байгаа нь ч давхацсан. Тиймээс ямар нэг аргаар Үндсэн хуулийн Цэцээр дээрх зүйл заалтыг хүчингүй болгож гэмээнэ энэ намд илүү боломж гарч ирэх нь ойлгомжтой. УИХ Цэцийн шийдвэрийг хүлээн аваагүй ч, их суудлын хурал­даанаараа өмнөхийн адил шийдвэр гаргачихвал уг хуулийн эл заалт хүчингүй болчихож байгаа юм. Тэгэхээр хууль бүхлээрээ хүчингүй болохгүй, зөвхөн гулсах боломжгүй болно. Цэцийн гаргах шийдвэрийг МАН-ынхан алга хавсран хүлээж суугаа бөгөөд асуудал тодорхой болмогц тоглоомын дүрмээ зарлахаар хүлээж байгаа аж. Цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй гэдэг дээр УИХ-ын гишүүд санал нэгдсэн нь учиртай. Хэрэв шийдвэрийг хүлээгээд авчих юм бол УИХ-ын шийдвэрээр Сон­гуулийн тухай хуульд өөрчлөлт орохоор болж, сонгууль болохоос зургаан сарын өмнө хуулинд гар хүрсэн гэдгээр шинэ хууль хүчин төгөлдөр хэрэгжих боломжгүй болно. Харин Цэцээр үүнийг нь шийдүүлбэл асуудалгүй. Өөрөөр хэлбэл сонгуу­лиас зургаан сарын дотор хуулинд гар хүрнэ гэдэг асуудал УИХ-д хамаа­ралтай байдаг болохоос Цэцэд хамааралгүй ажээ.

ХОЁР СОНГУУЛЬ ЦУГТАА ЯВАХ ЭСЭХ

АН

Орон нутгийн сонгууль, УИХ-ын сонгуулийг хамтад нь явуулах ёстой гэдэг байр суурийг энэ намынхан баримтлаад удаж байгаа. Гэвч МАН-ынхан үүнийг хамт явуулах ямар ч боломжгүй хэмээн тайлбарлаж эхэлсэн. Харин АН-ынхан “Бид үүнийг заавал хамтдаа, тусдаа гээд байгаа юм байхгүй ээ. Хамгийн гол нь та нар нэгэнт баталсан хуулиа биелүүлээч” гэсэн хариуг хэлдэг. Энэ нь ч аргагүй. 2008 онд батлагдсан Орон нутгийн тухай хуулинд УИХ, Орон нутгийн сонгуулийг цугт нь хийнэ гээд батал­чихсан байдаг. Энэхүү хуулийг батал­сан 2008 онд одоогийн МАН-ынхан олонхи байсныг хүмүүс мартаагүй.

Энэ хоёр сонгууль хамт явах уу, үгүй юу гэдэг олон хүний цаг нарыг барж, бас тэвчээрийг шалгаж байгаа. Уг нь цаг, мөнгө, олон хүний ажлыг нэг мөр болгож, олон улс оронд сонгуулиа нэгтгээд явуулчихдаг туршлагыг зөв зүйтэй гээд дөрвөн жилийн өмнө хуульчилсан хэдий ч МАН өнөөгийн нөхцөл байдлаа дүгнэж үзээд бултаж байна гэж үзэж байгаа юм. АН-ынхан МАН-ынхныг 
сонгуулийн
уламжлалт
булхайгаа
явуулах
зорилготойгоор
салгах гэж байна хэмээн үзэж байгаа сурагтай. Үнэндээ ч АН-ын дэргэд МАН-ын хөл ямар билээ гэдгийг улс төрийн хүрээнийхэн ойлгоно. Төрийн албан хаагчид сонгуульд ажиллах ч зүсээ нуусан чоно гэгчээр нам гэдэг нэрнээсээ салсан ч үзэл бодол нь янзаараа ажиллаж таарах байх. Хэрэв хамтдаа явуулах болбол гаршсан тэдгээр нөхөд тэнд байгаа орон нутгийн сонгууль дээр ажиллаад юун энд байгаа УИХ-ын сонгуулийг тоох билээ. Тиймээс тэд заавал тусдаа явуулах гээд байна гэж АН-ынхан битүүхэндээ хардаж байгаа болов уу.

Сүүлийн
үед хоёр намаас ажлын хэсэг гаргаж, үүн дээр нэгдсэн ойлгол­тод хүрэхээр ажиллаж байгаа ч бас үр дүнд хүрээгүй. Нийслэл, аймгийн сонгуулийг хамтад нь явуулах тал дээр АН-ын зүгээс санал тавьж, МАН зөвшөөрч байсан ч сүүлийн үед аймгаа УИХ-ынхаас тусад нь явуулах талаар яриад эхэлсэн. Үүнийг нь сөрөг хүчнийхэн нь бас л өөрсдийнхөөрөө тайлж байгаа сурагтай. Сүүлийн үед арав гаруй аймгийн Засаг дарга АТГ-т шалгагдаж байгаа. Тиймээс МАН-ынхан аймгийн сонгуулиа намар, нийслэлийг 
УИХ-ынхтай цугтаа гэдэг санал дээр хатуу зогсох болжээ.

МАН

МАН-ынхан орон нутгийн сонгуу­лийг яаж ч байсан цугтаа явуулах нь буруу хэмээн үзэж байгаа. Үүний төлөө бүх шатандаа ажиллахаар нарийн төлөвлөгөө ч гаргасан гэдэг. Тэд анхандаа АН-ынхан УИХ-ын сонгуульд ялах нь тодорхой боллоо. Монголчууд хүчний харьцааг тэнцвэржүүлж санал өгдөг болохоор УИХ-д АН олонхи болбол орон нутгаар МАН-д өгч таарна. Тийм учраас нэг дор бус зургаа, аравдугаар сардаа болох нь зөв гэсэн байр суурин дээр хатуу зогсч эхэлсэн. Харин нөгөө талд яах ч аргагүй хамт явуулна гэсэн хууль байдаг бас АН-ынхан үүнийг хатуу ярьж байгаа учраас тохиролцохоос аргагүйд хүрсэн гэж болно. МАН-ын хувьд гол ярьж байгаа зүйл нь сонгууль өгөх өдрийн зөрүүтэй тухайд юм. УИХ-ын сонгууль явуулах өдрийг зурга­дугаар сарын сүүлийн долоо хоногийн аль нэг ажлын өдөр байна гэсэн бол орон нутгийн сонгууль нь хуучнаараа 
амралтын
өдөр гэдгээрээ байгаа. Тэгэхээр энэ хоёр сонгуулийг нэг дор явуулах боломжгүй гэж тэд хэлж буй. Бас нэг зүйл нь УИХ-ын сонгуулийг СЕХ зохион байгуулна гэж байгаа бол орон нутгийн сонгуулийг орон нутаг нь хариуцна гэдэг. Тэгэхээр болохгүй гэж ах намынхан хэлж байгаа билээ. Нөгөө талд үүнийг зохицуулахад ядах зүйлгүй, зөвхөн шалтаг гэсээр.

Ямартай
ч тэд хамт явуулаагүй биш заримыг нь хамт явуулах болсон гэсэн нэр зүүхээр УИХ-ын сонгуультай нийслэлийн сонгуулийг хамт явуула­хаар болж, бусдыг нь намар хийхээр бүлэг дээрээ санал нэгджээ.

Ц.НЯМДОРЖ САЙДЫГ ОГЦРУУЛАХ ЭСЭХ

АН

Энэ асуудал яригдаж эхлэх үед овоо ч өрнөх нь дээ гэж ойлгогдож байлаа. Сөрөг хүчнийхэн биш харин нам дотроос нь Засгийн газрын нэг гишүүнээ огцруулах давалгаа өрнөсөн нь сонин байсан. Мэдээж, АН-ынхан уг боломжийг алдахыг хүсэхгүй, 100 хувь дэмжинэ гэдгээ тэр даруйд нь илэрхийлж байв. Гэхдээ тэд МАН-ын найман гишүүний оруулж ирсэн үндэс­лэлээр биш арай өөр үндэслэлээр огцруулна гэдгээ мэдэгдсэн. Сонгууль шударга явуулах гол үндэс суурь нь бүртгэлийн асуудал гэдэг хэнд ч ойлгомжтой. Харин бүртгэлийн бай­гууллага Ц.Нямдоржийн гарт орсноор энэ итгэл найдвар алдагдсан талаар АН-ынхан ярьдаг. Тэд эл байгууллага Ц.Нямдоржийн гарт ирснээс сайд цахим үнэмлэхийг болгох тухайд бус болгохгүй талаар ярьсаар байгаад өдийг хүрлээ хэмээдэг нь ч ортой.

Чадварлаг
залуучуудаас
бүрдүүл­сэн байгууллагын босгож ирсэн хамаг ололтыг намаар явж ирсэн хөгшин бурхиар сүйтгүүлэх гол ажлыг хийж байгаа Ц.Нямдоржийг огцруулна гээд АН-ынхан хүлээж байгаа. Үүнийгээ намынхаа хэмжээнд эргэж буцахгүй хийнэ хэмээж байгаа. Гэхдээ санал гаргасан МАН-ын нөхөд өөрсдөө яах бол. АН-ын 27 тэдэн дээр МАН-ын найм, дээрээс нь ИЗНН-ын С.Оюун, Д.Энхбат, бие даагч З.Алтай нар нэгдвэл УИХ-ын даргын суудлаасаа огцорч байсан Ц.Нямдорж гишүүн бас сайдынхаа албанаасаа огцорч, сэвтэй гуншинтай болох аюултай.

МАН

МАН дотроо Ц.Нямдорж сайдын дураараа, ааштай занд дургүй хүмүүс олон. Тэдэнд ч түүнийг сайдаас нь буулгачих хүсэл их байсан болов уу. Ямартай л түүнтэй нэлээд ойр, шатар хамт нүүдэг Д.Загджав гишүүн огцруу­лах хүсэлтийг санаачилж гаргасан нь үүний баталгаа. Түүний асуудал босч ирэх үед нэлээд юм болсон. Зарим нь намын нэр хүндээ бодсон ч огцруул­чихвал ямар юм гэж, зарим нь түүнээр туг тахиж Засгийн газраа авч үлдье гэх мэтээр зөндөө ярьсан. Харин эрхэм сайд өөрөө намынхаа удирдлагуудад нэлээд хатуу үг хэлж, “Би унавал хамт унана шүү” гэсэн санааг цухуйлгасан талаар хэвлэлээр бичигдэж байв. Ямартай ч Ц.Нямдорж сайдын хүчин чар­майлт нөлөөлсөн биз, түүний асуудал дээрх МАН-ынхны байр суурь өөрчлөгдсөн. Одоо МАН-ынхан түү­нийг авч үлдэх ёстой гэсэн удирдла­гынхаа санааг ойлгосон. Бас дээрээс нь АН-ынхантай хэдийнэ ажиллаад эхэлчихсэн. Тэднийг ганц нэгээр нь дуудан уулзаж, талдаа татахыг орол­дож байгаа. Угаасаа тэдний тактик АН-ын өөдөөс ганц хуцаж, эсрэг баримт гаргасан хүний борвиноос нь зуучи­хаад салахгүй байх хоточ нохойн үүргийг гүйцэтгэх Ц.Нямдоржийгоо хамгаалж таарна. Бас УИХ-ын сон­гууль хаалга тогшиж байхад намынхаа том эрх ашгийг бодоогүй нөхдийн толгойг илэх юу л бол. Нөгөө зоригтой байсан найман гишүүн ч нам гүмхэн болчихоод байгааг нь ойлгох хэрэгтэй. УИХ-д нэр дэвших квот авчихмаар байдаг. Нөгөө талд найдвар тавьж байсан МАХН гэж найдалтгүй болов. Н.Энхбаяр хэзээ гарахыг бүү мэд. Ийм л бодлууд тэдний толгойд хөвөрч байгаа. Зарим хүмүүсийн ярихаар МАН-ын удирд­лагууд Ц.Нямдоржид жаг­саалтын дээгүүрт орох тохироо хийж, нөгөөх нь Увс руу дахиж зүглэх­гүй намынхаа нийт эрх ашгийн төлөө зүт­гэнэ гэж тохирсон гэх. Тэгээд л ин­гэж үхэн хатан зүтгэж байгаа гэж ши­вэр авир хийх юм билээ. Юутай ч Ц.Ням­дорж сайдыг огцорно гэж бодож байгаа хүмүүсийн санаа талаар болох болов уу.

Жагсаалт
гэснээс
МАН-ынхан 28 хүний нэр бичих жагсаалтдаа МАН-ын дарга С.Батболд, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, экс дарга С.Баяр гэхчлэн жагсаах төлөвлөгөө гаргаж байгаа гэх бөгөөд АН-ынхан уг нь бүгд тойрог руугаа зүтгэнэ гэж байсан. Гэхдээ нөгөө нам нь лидерүүдээ жагсаагаад эхэлбэл АН ч бас тэр тактикийг нь харгалзахгүй бол болохгүй гэсэн яриа байгаа юм. Энэ мэтээр улс төрийн үйл явдал өрнөж байна даа.

Categories
редакцийн-нийтлэл

МАН-ын араас зул өргөх цаг ойртоод байна

Хорин жилийн өмнө коммунист дэглэмтэй   улс орнууд  зах зээлийн нийгэмд шилжсэн.  Манайд ч энэ шилжих процесс явагдсан.  Гэвч бусад улс орнуудаас ялгаатай нь коммунист намын үндэс нь өөрч­лөгдсөнгүй.  Өнөөг хүртэл өнөөх л нам эрх барьсаар ирлээ. Эрх баригч намаа сольсон бүх улс орон өөрчлөгдөж, хөгжиж чадлаа. Мон­гол Улс яагаад  зах зээлийн ний­гэмд хөл тавьчихаад бусдын адил  хөгжиж чадахгүй байгаад байна.  Коммунизмаа үндсээр нь үгүй хийж чадаагүйд л хамаг учир байна.  Үндсээр нь устгаагүй цагт комму­низм одоо ч оршин тогтносоор байна гэж ойлгож болох нь. Тий­мээс МАН-ын оршин тогтнож буй энэ он жилүүдэд өөдөө өндийхгүй, бусад шиг хөгжиж чадахгүй байгаа. Монголын хөгжилд энэ нам л чөдөр тушаа болж байна. Иргэдээ  хөдөл­мөрлөх дургүй болгож, “архины мөнгө” гэгдэх  хорин нэгэн мянгад дугаарлуулж, идэр насны залуусыг амьд үхдэл мэт угжив.    Тэдэнд  улс орны хөгжил цэцэглэлт юун хамаа байхав. Өнөөдөр өрх гэрээ ч олиг­той авч явж чадахгүй өрөвдөлтэй амьтад болчихлоо.  Үүний буруу­танг эрх баригчдад тохох хэрнээ дахиад л  тэднийг сонгочихдог.  Эсвэл нөгөөдүүл нь элдэв луйврын аргаараа гараад ирнэ. Луйвраар төрийн эрх барилаа гэж эсэргүүц­вэл шууд л хорьчихно. Дахиж өөрсдий­гөө эсэргүүцэн тэмцэхийг нь боль­тол тамлана. Үгүй бол заримыг нь буудчихна. Ингээд нуруугаа ава­хуулсан морь шиг болчихдог. Өөрийн­хөө намд орсон залуусыг ч мөн адил. Эрх мэдэл албан ту­шаалд очих дур хүслээр нь тоглоод л жигтэйхэн тоож, албан тушаалд хүртэл айхгүй тавьчихна. Тухайн салбараа мэддэг байна уу, үгүй юу хэнд хамаагүй. Мөнгөө төлсөн бол шууд сайд. Ингэж хэрэг­­тэй үедээ ашиглаж байгаад хэргээ барахаар хэнийг нь ч хамаагүй шоронд илгээнэ. Д.Сүрэнхор гэхэд төрийн нарийн бичгийн даргын албанд очоод улсын мөнгөөр тоглоод л шоронд явсан.  Ц.Чи­мэдцэрэн мөн л “Хадгаламж банк”-ны арван дөрвөн тэрбумаар тог­лосон хэр­гээр шоронд явсан.  Хамт мөнгийг нь үрэлцэж, тоглосон намын нөхөд нь харин шоронд орсон хойно нь эргэж ч очилгүй хаясан даа.  Эсвэл намдаа баахан хандив өгч “Алтан сарнай”-гаар гулгиулж байсан  Ц.Түмэнгэрэл шиг л алуурчин болгож хувиргана.  Одоо энэ на­маас орон нутагт засаг барьж байгаа нөхдүүд бүгд авлигын хэргээр шоронд явах нь. Эхнээсээ ч яваад эхэлчихлээ. Хууль зүйн сайд нь орлогоосоо үнэтэй хаус түрээсэлж, хуучин дарга байсан Н.Энхбаяраа хөлийг нь сарвал­зуулж байгаад л аваа­чаад хий­чихнэ. Н.Энхбаяр идэж уусан байх. Гэхдээ намдаа бол хайртай л байсан байж таараа. Тиймдээ ч хөөгдөж туугдаж гарах­даа хуучин нэрээ сэрээгээд нам байгуулахав. МАН, МАХН хоёр ижилдээ ижил. Гэхдээ МАН намын­хаа төлөө үнэнч хөвгүүдээ зай­луулсан. Ерөнхий сайд асан А.Амарын хэлсэн үг бий. “Монгол төр өөртөө зүтгэсэндээ халтай” гэж. Тэр үед МАН  л төр барьж байсан. Тэгэхээр МАН-д зүтгэсэнд энэ намынхан халтай юм байна. Эхний долоогоо яалаа. Дараа нь аль өнгөтэй өөдтэй сэхээтнүүдээ устгасан. Зүгээр л буудчихсан. Ард түмнээ хэдэн  мянгаар хэлмэг­дүүлсэн. Адаг сүүлд нь Н.Энхбая­рыгаа аваачаад хийлээ. Араас нь бас МАН-ын хэнд нь ч ийм зүйл тохиолдож болно. Тэд бас л инээ­нэ. Улсын  өмчийг шам­шигдуулж, татварын мөнгөөр таа­ваа­раа тарвалзсан бол барьж хорих нь зүйн хэрэг. Тэрийг   эсэр­гүүцээд байх юм алга. Гол нь намын­хаа гишүүдийг ийм болгоод байгаа тэр тогтолцоог л үгүй хийх хэрэгтэй юм. Улс орныхоо эрх ашгаас өөрийнхөө, намынхаа эрх ашгийг дээр тавиад байгаа тэр тогтолцоог үгүй болгох цаг нь болжээ.

Бусад улс орнууд коммунист угшилтай намуудаа татан буул­гасан. Дахин тийм нам байгуулахыг хуулиар хориглосон, хуучин удир­дагч нарыг нь буудан хороосон. Ингэж л ул үндсээр нь дахиж өндийж босч ирэхгүй болтлоо алга болох ёстой аж. МАН-ыг ардчилал бий болох тэр үед л үр үндсээр нь үгүй хийх байж. Тэдний өөрсдийн хэрэглэдэг арга буудан хороох тухай яриагүй шүү. Энэ намыг дахиж үйл ажиллагаагаа явуулах­гүйгээр татан буулгах ёстой байж. Манайд хуучин коммунист нам нэрээ сольж нүүрээ татуулаад ч амь бөхтэй оршин тогтносоор байна. Үүний үр дүнд Монгол Улс Польш, Чех, Ардчилсан Германаас  яаж хоцорч байна.

Одоо энэ явж өгдөггүй, дараг­даж өгөхгүй, өндийж босоод эрх бариад байгаа энэ намыг сонгуу­лиар л татан буулгах хэрэгтэй юм.

Оросын большевик нам яалаа.  Улс орноо, ард түмнээ, намын үнэнч гишүүдээ  яалаа даа.  Мон­голд МАН яаж байна. Насаараа намдаа  үнэнч явсан Н.Энхбаяры­гаа бас л явуулчихлаа. Хамгийн гол нь  инээдээ нууж чадахгүй баярлаж байгааг нь бид харлаа. Энэ намын гишүүн байвал ингэх л юм байна.

Одоо бол энэ намыг эсэргүү­цээд намын байрыг нь шатааж хэрэггүй ээ. Ард түмэн байрыг нь шатаачихлаа л гэдэг. Үнэн хэрэг дээрээ ард түмний татварын мөн­гөөр арав дахин сайхан ордон бариад суучихлаа. Мөн ч даа­жинтай байгаа биз. Тэртэй тэргүй юу хийж, яаж ард түмнээ басам­жилж доромжилдгийг нь үзлээ, харлаа, мэдлээ.

Сонгууль ойртлоо. МАН-ын араас зул өрөх цаг оройтож байна. 

Энэ намын  эсрэг байгаа
бүх хүчнүүд  нийлж байгаад
ч хамаагүй сонгуульд унагахын
төлөө явах цаг болж. Улс төрийн газрын зураг­наас арчих цаг
нь болж. Тэгж байгаад араас нь зул өргөж маани уншъя.  Ардын нам улс төрийн
газрын зурагнаас арчигдах тэр үед
л Монгол  Улс хөгжлийн замдаа жинхэнэ утгаараа орно. Энэ сон­гуу­лийг
тэсрэлт болгоё. Тэгэхийн тулд  залуус сонгуульдаа
идэвхтэй оролцож, ганц өдөр төр барих эрхээ эдэлцгээе.  Сонгуульд идэвх­тэй оролцдог эмээ, өвөө нар чинь насаараа МАН-ын гишүүн байсан болохоор үнэнч байгаад буруут­гаад яах юм.
Сонгуулийн дараа МАН ялбал араас нь бухимдаж уурлаад яах юм. Зүгээр л ардчил­сан нийгмийг цогцлоох
хүсэлтэй залуус сонгуульдаа
идэвхтэй орол­цох хэрэгтэй юм.

Categories
редакцийн-нийтлэл

Монголын соёлын сар Бээжинд үргэлжилж байна

Сүүлийн нэлээд хэдэн жилийн хугацаанд Монгол, Хятадын соёлын сарын үйл ажиллагаа хөрш хоёр оронд харилцан зохиогдоогүй ажээ. Өнгөрсөн хоёрдугаар сард хоёр улсын Засгийн газрын түвшинд харилцан ярилцаж тохиролцсоны дагуу энэ дө­рөвдүгээр сард Монголын соёлын сарыг Бээжинд, найм­дугаар сард Хятадын соёлын өдрийг Улаан­баа­тарт хийхээр болсон юм бай­на. Энэ ажлын хүрээнд БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр тэргүүтэй албаны болоод соёл урлаг, хэвлэл мэдээл­лийнхэн өнгөрсөн долоо хо­ногт Бээжин хотыг зорьж, Монголын соёлын сарын нээл­тэнд албан ёсоор орол­цоод ирсэн юм. Соёлын сарын үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлэхээр очсон БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, БНХАУ-д суугаа Элчин сайд Ц.Сүхбаатар нарын Монго­лын төлөөлөгчид эхний өдөр Бээжин хотын баруун захад орших Лингуан сүмд саатлаа. Энэ сүмийг зорин очсон нь ч учиртай. Саяхан манайд бур­хан багшийн эрдэнийн шү­тээн буюу шүд олдсон талаар багагүй шуугиж, дэлхийд ховор олдворыг мөн эсэх улмаар хаана хэрхэн хад­галах вэ гэж багагүй яригдаж байсныг уншигчид санаж бай­гаа байх. Тэгвэл сайдын зорьж очсон Бадачу дүүрэгт байх Лингуан сүм нь бурхан багшийн эрдэнийн шүтээнд зориулан суварга бүтээн түүн­дээ хадгалж ирсэн сүм юм байна. Бурхан багшийг нирваан дүрийг үзүүлсэн цаг дор шашны зан үйлээр чан­дарлахад хоёр шүд нь үлдсэн хэмээн үздэг байжээ. Үүний нэг нь Шри Ланка, нөгөө нь Хятадын энэхүү сүмд олон зууны турш хадгалагдаж ир­сэн аж. Гэхдээ сүүлийн үед хоёр биш дөрвөн эрдэнийн шүтээн нь уламжлагдсан хэ­мээж байгаа бөгөөд БНХАУ, Шри-Ланкаас гадна Монгол, Японд буй гэж яригдах бол­сон. Тавдугаар зууны үед нэгэн хятад лам бурхан баг­шийн эрдэнийн шүтээнийг залж ирсэн цагаас хойш ма­най өмнөд хөршийнхөн байл­дан эзлэлт, түрэмгийл­лийн хэцүү цаг үед ч ямар нэг байдлаар хадгалан хамгаал­саар 1500 жилийн турш бур­хан багшийн гэгдэх шүдийг авч ирж чаджээ. Энэхүү Лингуан сүмийг наймдугаар зууны үед барьж, мянган бурхантай суварга байгуулж оршоосон аж. Харин сүүлд Манж Чин улсын нэгэн хаан ээжийнхээ ойд зориулан эрдэ­нийн сац бүтээлгэн шүдийг байрлуулж, Ардын засаг бай­гуулагдсаны дараа Хятадын Засгийн газрын мэдэлд шилж­сэн гээд олон түүх да­галддаг аж. Буддын сургаа­лыг дагадаг Азийн ор­нуу­дад Шагжмуни бурхнаас үлдсэн бүхэн үнэтэй байх нь мэдээж. Тэр ч утгаараа Лин­гуан сү­мийн үнэт шүтээн хаа­яа хил дамнан “айлчлал” хийх нь бий ажээ. Мьянмар, Хонконг, Вьетнам бас өөрс­дөө шүдтэй Шри-Ланкад хүр­тэл “очиж” байжээ. Ингэхдээ Хятадын Засгийн газраас зөвшөөрөл авч, тус улсын Буддын хол­бооныхонтой ярилцах гээд ажил багагүй байдаг болол­той.

Алтан бадамлянхуад байр­луулсан бурхан баг­шийн шүд нь хүмүүний шүд гэхэд дэндүү том юм. Гэвч тэнд тайлбар хийж байсан Хятадын буддын холбооны ажилтны хэлснээр Бурхан багш хоёр метр 50 см орчим өндөртэй хүн байсан гэнэ. Тийм өндөртэй хүнд ч ийм анзааны шүд байж таарах биз гэсэн бодол төрснийг нуух юун.

Манай албаны хүмүүсийн өөр хоорондоо ярьж байс­наар манайхаас олдсон бур­хан багшийн шүтээн ч нэг иймэрхүү хэмжээтэй аж. Нэ­гэн сүмийн ч хэрэг бус нийт сүсэгтэн олны шүтээн болж байгаа түүхийн олдворыг ямар журмаар хэрхэн хад­галбал зохистой талаар нэн шинэ тутам шүтээнтэй бол­чихоод байгаа бид бага­гүй туршлагыг энэ сүмээс авч буцаж болохоор байлаа.

БНХАУ дахь Монгол оюут­нуудын зөвлөгөөн 2011 онд анх удаа Бээжин дэх ЭСЯ-ны санаачилгаар зохион бай­гуулагдаж байжээ. Энэ жи­лийн хувьд БСШУ-ны сайдын ажлын айлчлалтай зэрэг­цүүлэн БНХАУ дахь Монгол оюутны нэгдсэн холбоо, ЭСЯ-наас хамтарч ээлжит зөвлөгөөнөө зохион байгуу­лахаар бэлджээ. Манай Элчин сайдын яаман дээр болсон уг арга хэмжээнд Бээжин, Хөх хот, Шанхай, Чанчунь гээд Хятадын өнцөг булан бүрээс оюутнууд ирсэн байв. Хот хотоороо холбоо­гоо байгуулж, нэгдсэн холбоон­доо зангигддаг аж. Сайд Ё.Отгонбаяр дээд бо­ловс­ролын сургалтын чана­рыг сайжруулахад багагүй ан­хаарч ажиллаж ирсэн талаа­раа онцолж, өнгөрсөн хуга­цаанд 154 их дээд сур­гууль 90 болж үйл ажиллагаа­гаа явуулж байгаа болон Төрийн сангийн зээл, төрийн албанд ажилд орох болом­жуудын талаар оюутнуудын асуултад хариулж саналыг нь сонссон. Оюутнууд гадаадад сурч байгаа суралцагчдын тоо албан ёсоор гарсан эсэх талаар сонирхоход “Үнэндээ, яг манай яамнаас энэ тоог гаргана гэхэд бэрхшээлтэй. Засгийн газар хоорондын болон тэтгэлгээр суралцаж байгаа оюутнуудаас гадна хувиараа суралцдаг маш олон оюутан бий. Дэлхийн өнцөг булан бүрт манайхан суралцаж байгаа. Манай яам­ны тухайд 70 хүнтэй бай­гууллага. Тэдний арав нь дээд боловсролын асуудлыг хариуцдаг. Тэгэхээр үнэндээ гадаадад суралцаж байгаа монгол оюутны тоог гаргана гэхэд бэрхшээлтэй. Харин та бүхэн бидэнтэй хамтран ажил­лавал цугтаа ихийг амжуулах боломжтой. Хэрэв оюутнууд газар бүртээ нэгд­сэн тоогоо гаргах зэргээр санаачилгатай ажиллаж, са­нал санаачилга гаргавал бид дэмжихэд бэлэн” гэж байв.

Бас оюутан залуустаа хандан “Эх орондоо хайртай гэж цээжээ дэлдэхээс илүүтэй биетээр үзүүлэх нь чухал. Сургуулиа төгсөөд нутагтаа ир. Оюутан байхад маш их цаг зав байдгийг бүү алдаарай. Намайг хойшоо сургуульд явахад ах маань ингэж хэлж байлаа. Би сургуулиа бас ч гэж улаан дипломтой төгсч ирсэн хүн өөрийгөө бо­ломжийн гэж додигор байсан. Гэвч ажил дээр гараад л өөрийгөө голж эхэлсэн. Бас ямар их цаг хугацааг алдаа вэ гэж харамссан. Та нар ч бас энэ үеийг битгий алдаарай. Хүчирхэг гүрэнд тэтгэлгээр суралцаад та нар боломжтой байна. Гэхдээ нэг орныг хэт шүтэж амьдарч болохгүй шүү” гэж тэдэнд захиж сануулаад авсан билээ.

Соёлын сарын хүрээнд Монголын БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, БНХАУ-ын Соё­лын сайд Сай У нар уулзаж хэлэлцээ хийсэн. Манай та­лаас соёл урлагийн чиглэ­лээр БНХАУ-ын их дээд сур­гуулиудад оюутан сургах асуудлаар санал солилцож, бас урлагийн тоглолтоо Хя­тадын том зах зээлд арил­жааны зорилготой тоглуулах тал дээр ч хамтрах болом­жийн талаар ярилцсан. Бас түүхэн дурсгалт соёлын өвийг хилээр хууль бусаар гар­гахын эсрэг хоёр орны хам­тарсан хэлэлцээнийхээ дагуу ажиллаж байхаа батлан ярьсныг хэлэх хэрэгтэй байх. Үүнийгээ хороо гарган хамт­ран асуудлыг шийдвэрлэж байхаар тохирсон бөгөөд эц­сийн байдлаар ирэх найм­дугаар сард болох Хятадын соёлын сарын үед ярихаар болжээ. Түүнчлэн хэд хэдэн соёлын дурсгалт зүйлсийг хамтран засварлахаар тохи­роод авсан.

Ё.Отгонбаяр сайд Сай У сайдтай уулзахаас гадна Хя­тадын “Эксим” банкны дэд ерөнхийлөгчтэй уулзалт тов­лосон байсан нь өнөөх хэдэн багш нартай нь холбоотой асуудал байв. Багш нарын орон сууцны хорооллын төсөл, багш нарыг зөөврийн компьютертэй болгох “Шинэ зууны төсөл”, бас оюутны хотхоны дэд бүтцийг шийдэх төслүүд дээр манай Хөгж­лийн банк баталгаа гарган зээл авахаар ярьж байгаа юм билээ. Харин хөнгөлөлттэй зээлийг түргэвчлүүлэх зорил­гоор манай сайд Хятадын толгой банкныхантай ярилц­сан нь энэ.

Соёлын сарын хүрээнд уран зургийн үзэсгэлэн нээг­дэж, Уудам хүүгийн тоглосон “Хөх толбот монголчууд” ки­ног гаргахаар төлөвлөсөн бөгөөд БНХАУ-д Монголын соёлын өдрүүд болсныг зар­лаж “Хөх Монголын аялгуу” тоглолтыг Үндэсний түүхийн музейн концертын танхимд хийсэн билээ. Морин хуурын чуулга, Үндэсний дуу бүжгийн чуулгынхан, цирк, сонгодог болон рок попын төлөөлөл гээд өргөн хүрээнд тоглолтын бүрэлдэхүүндээ анхаарчээ. “Хөх Монголын аялгуу” тог­лолтыг найруулан тавьсан төрийн шагналт, ардын жү­жигчин Н.Жанцанноров ярих­даа “Бид Соёлын сарын хү­рээнд тавих тоглолтоо НҮБ-ын танхимд тавьсан тоглолт дээрээ суурилж хийх нь зөв гэж шийдсэн. Гэхдээ энэ удаад газар нутаг ойр учраас морин хуурчдаа боломжийн тоотой нь авч ирсэн. Бас зарим аялгуу дээрээ хөөмий оруулж найруулсан” хэмээж байсан билээ. Ер нь хөрш улс орнуудын хувьд энэ нь ма­найх, тэр нь эднийх гэсэн адилсал жижиг маргаан их байдаг. Тэр тусмаа БНХАУ-д монгол үндэстэн байдаг уч­раас манай хоёр орны дунд энэ мэт асуудал гарахыг үгүйс­гэхгүй. Үгүйсгэх ч юу байхав Хятад улс зарим биет бус соёлын өвийг ЮНЕСКО-д бүртгүүлснээс болж багагүй шуугиан гарч байсан нь саях­ных. Түүний дараагаас хоёр улс аль болох асуудлыг хур­цатгахгүй асуудлаа шийдэж явахаар тохирсон сонстож байсан билээ. Энэ удаад манайхан соёлын сарыг Бээ­жинд эхлүүлэхдээ маргаан­тай байдаг хөөмий, морин хуур, уран нугаралтын тухайд амаараа ийм, тийм гэхийн оронд үзүүлж баталсан нь зөв гэж үзсэн бололтой. Үнэхээр ч “Хөх Монголын аялгуу” үүний баталж чадсан билээ. Монгол бүжгийн хэм хэмнэл, морин хуурын гайхалтай аял­гуу, бас сонгодог урлагийн шинэ залуу мастер Э.Амар­түвшиний баргил хоолой, дуучин С.Нарангийн хятад үзэгчдийг огшоон өөртөө та­тах авьяас. Ер нь бүгд нэг цогц байж чадсан.  Тоглолтын бүрэн бичлэгийг Хятадын олон улсын радиогийн мон­гол хэлний албаныхан бичиж, нэлээд хэд хэдэн хэвлэл мэ­дээллийн байгууллагаас сэт­гүүлч, сурвалжлагчид иржээ.

Ямартай ч монголчууд Хубилай хааны тухлан сууж амьдарч асан Бээжин хотноо соёл урлагийн сарын нээл­тийг дуулиантай эхлүүлж чад­сан. Нөгөө талаас Монголд элэгтэй, монгол цустай, Мон­гол Улсад алба хашиж бай­сан хятад хүмүүс энэ тоглол­тыг үзэхээр зориуд иржээ. Бас тэдэн дунд яаж ч харсан хань үндэстэн, гэхдээ эмгэнээ дагуулаад эртээ гэгч ирсэн өвгөнийг хараад залуу цагтаа Өвөрмонголд илгээлтээр очиж байсан хүн болов уу гэж бодогдсоныг яана. Монгол аялгуу, монгол зон олны уламжлал одоо ч сэтгэлд нь уяатай учраас зориуд Монгол Улсаас ирсэн уран бү­тээлч­дийн тоглолтыг үзэхээр ирсэн байх гэж таамагласан маань ортой биз. Ямартай ч нэг нь нэгнээсээ нүүгээд явж эс чадах, үүрд зэргэлдээ орших мөнхийн хөрш манай хоёр орны нэг нэгнийдээ айлсан сонирхуулах соёлын сарууд Монголын соёлын сараар эхэллээ.

Э.ЭНЭРЭЛ

Categories
редакцийн-нийтлэл

Хантайн нурууны ХАВАР

Гуртын гүүрэн дээр хаврын
          хахирган
салхи улин
          ис­гэр­сэн ч, хүрэн тэрмэн уулсынх нь тэртээд урин цагийн аяс будангуйрна. Гүүрэн доогуур на­миа­тан өнгөрөх Сэлэнгийн урсгал бодол оюуныг угаах шиг болно. Идэрмэг уулсын дундуур их усан цөнгөө түрэн алсрахыг харжээ зогсохуйд сэтгэлд тийм нэг дол­гилонгуй аяз өөрийн эрхгүй төрдөг байна шүү. Хатан­баатар Магсар­жавын нутаг Хутаг-Өндөр сум бол томоохон асар шиг ханайх хүрэн тэрмэн уулсын орон юм. Гучин гурван Гурт, гурван Хайлантай гэж нутгийнхан сумын төвийн урдах дүнжгэрхэн уулсаа нэрлэдэг. Гучин гурван гур нэгэн зэрэг дүүлээд өнгөрдөг данайсан гурван ам Хай­лантайн уулсад бий л дээ. Булган хангайн хойд талын сумдаар олонтаа явж, уулсын сүр хүчинд даруулсхийн хийморь юу­гаан сэргээн байсан ч очиж үзээгүй нэгэн газар нь Хантайн нуруу.

Тиймдээ, дөрөвдүгээр сарын аравдын урины шувуу шиг өдрүү­дэд тэр л сайхан нутгийг зорьж, улирлын зөөлөнд сэтгэл нэгэнтээ тунгалагшсан буюу. Сэлэнгийн хөвөөнд тулж очихын наагуур Ча­чир­тын шар ширэнгээр дайрч, Уул-Алтаадын барааг харан, Ханжар­галант хайрханы тэргүүн юунд сүслэн залбирч явсан. Дээрх нутаг Монголын урлаг, утга зохиолд өөрсөд шигээ тэлмэгэр уулсыг төрүүлсэн ариун дагшин газар юм аа. Дамдинсүрэнгийн Урианхай, Лхагвын Эрдэнэбулган, Батын Жавзандулам гээд өнөө цагийн ланжгарууд эдгээр уулсын хормойд унасан унага даага, хурга ишиг­нүүд билээ л.

Уул-Алтаадын бэлээр адуу мал налайж цаанаа л амгалан тайван. Хаврын талд гүү унагалжээ. Дөнгөж тэнцэж ядан байгаа нойтон унага эхийнхээ дэргэд цүүцэг цүүцэг гишгэл­нэм. Сэлэнгийн хөвөөнд хос ангир ганганаж, алтан шаргал далавчаа­раа мөсөн жингэлгийг алгадна. Эндээс л урин цагийн амьсгал мэдрэгдээд ирэх ажгуу. Гуртын гүүрэн дээр байх зоогийн газарт түр буудаллалаа. Үзэгдэх харагдах өнгөнөөсөө ч замын хүмүүсийн харааг булаахаар цэмц­­гэр байр ажээ. Манай баячуу­дын хувийн хаус шиг гээд хэлчихэд даваадсан болохгүй байх. Уг зоогийн газрын эзэн нь “Хантайн Жагаа” гэж нутаг усныхандаа нэрлэгдсэн дөч эргэм насны эр байна аа. Манай сонины “Шинэ цагийн монгол” гэж булан байдаг даа. Маш товчхоноор хэлэ­хэд, тэр булангийн шаардлагад яг таарсан нөхөр байгаа юм. Түүний орон нутагтаа хийж бүтээж, аливааг санаачилж, бусдыгаа хошуучлан зүтгэж, тариа ч тарьж, барилга ч барьж, бизнес эрхэлж, хувийн ком­пани удирдаж олон өрх айлыг өдрийн орлоготой, хоолтой ундтай явуулж байгааг нь харахаар яалт ч үгүй шинэ цагийн монгол шүү. 

Зоогийн газраас хөдлөн Сэлэн­гийн хөвөөнд түр саатаад Хантайн нурууг чиглэн давхилаа. Цуурай­гийн даваагаар дуу шуутайхан давж, хөндий уруудан хатируул­саар Цагаан бургастын өвөрт ха­вар­жиж буй Галсангийн Гарав­сүрэн гуайнд хүрч очлоо. Өдгөө нас сүүдэр дал гарсан буурал хөгш­нийхөө хамт хаваржаан дотроо төл малынхаа майлаан дунд биднийг угтсан юм. Гаравсүрэн гуайг айм­гийнхаа Хөдөлмөр, нийгмийн ха­ламжийн хэлтсийн даргаар олон жил ажилласныг мэдэх хүмүүс нь мэднэ. Мөн аймгийн намын хо­рооны даргаар ч арваад жил ажилласан байдаг. Нутаг усны олон түмэн “Гаравсүрэн дарга” гээд барагтайд хэр халдаадаггүй юм билээ. Энэхүү буурлын талаар өмнө нь олонтаа сонсож явлаа. Цагаан бургастынхаа өвөрт тэд­нийх өвөлжөөд хаваржчихдаг бай­на. Харин зундаа бол Нарийны голоо бараадна даа гэж гэрийн эзэн өгүүлж байв.

Гаравсүрэн гуайнх бага хүү­гийнх­тэйгээ айл байна. Морин цаг гозойж байхад өвгөнийд ирсэн. Гэвч хоёр буурал хотноосоо орж амжаагүй л байлаа. Гэв гэнэт унаа машин давхиад ирсэнд гайхаж, хот хүрээнээс хүүхдүүд маань л ирж байна даа хэмээн бодлоо гээд сая л нэг гэрийн бараа харав. “Би чинь энэ л сайхан уул усанд эхээс анх төрсөн юм. Сургууль соёлын мөр хөөж, санхүүгийн мэргэжил эзэм­шиж, залуу халуун насаа төр түмний­хээ төлөө зориулж, өвгөн буурал бүргэд болчихоод эргээд үүрэндээ ирдэг байна шүү. Манай Хантайн нуруу ч нөмөр нөөлөгтэй дүнэгэр хангай даа. Олон ч хүмүү­нийг нөмөрлөн оршиж байгаа” хэмээн Гаравсүрэн гуай хал үзэж, халуун чулуу долоосон хүний хувьд хэлж байлаа. Санчигных нь буурал үс хав­рын салхинд сэвэгнэх өвгөн бүр­гэдийн үгнээс “Нээрээ чиг үүрэндээ л эргээд ирдэг хорвоо доо” гэсэн бодол уураг тархийг эзэмдэх нь тэр ээ.

“Санхүүгийн техникумыг 200 гаруй хүүхэд төгссөн юм. Түүнээс зургааг нь яаманд шигшиж үлдээж байлаа. Тэр зургаагийн нэг би байсан даа” хэмээн өвгөн яриа эхлэв. Тэгээд Хөвсгөл аймагт хуваа­рилагдан, гэгээрлийн байгуул­лагынх нь одоогийн боловсрол, шинжлэх ухааны хэлтэст нь ерөн­хий нягтлан бодогчоор томилог­дон ажиллаж байж. Дараа нь ус нутагтаа ирж, Булган аймгийнхаа Хөдөлмөр, нийгмийн халамжийн хэлтсийг олон жил удирдсан байна. “Төрийн аппаратад гучин жил зүт­гэсэн толгой доо” хэмээн өөрийгөө маш товчоор тодор­хойлсон. Хаврын ногоо хараахан цухуйгаа­гүй, анхны яргуй ургаагүй байгааг тараг сүү бүрэл­дээгүй байдал шуудхан гэрчилнэ. Дөч гаруй үнээ тугаллахаас эхнээ­сээ улаан хал­зан тугалнууд гарч, хурга ишигтэй­гээ тоглосон шигээ хотондоо на­лайж байна. Зэргэлдээ хоёр дүнзэн байшин хийгээд өвөлжөөний хоо­рондох жижиг гэрээс утаа суунаг­лана. Тэр бол төлийн гэр. Үндсэн­дээ төлийн пүнз ажээ. Урьд шөнө төрсөн хурга, ишигнүүд гэрийн баруун хатавчинд турь муутайхан майлалдана.

 

Төлийн бойжилт ямар
                     байна вэ гэж
                     Гаравсүрэн гуайгаас сонир­хоход, ямар нэгэн байгуул­лагын жилийн тайлан танилцуулж байгаа мэт тунчиг нарийн тоо баримттай хариулт өгсөн шүү. “Хоёр зуу гаруй хонь хургалах юм. Түү­нээс одоо­гийн байдлаар 150 орчим нь хурга­лаад байна. Хур­ганы бойжилт төдөн хувьтай байна” гэж наашаа ч үгүй, цаашаа ч үгүй хэлдэг юм байна. Ганцхан хонь гээгүй. Төдөн ямаа ишиг­лэхээс одоо төд нь ишиг­лээд байна, төлийн бойжилт төдөн хувьтай гээд цааш нь үхэр, адуугаа ч хэллээ. Тэмээнээс бусад 1000 гаруй толгой малыг өвгөн хариулж байгаа ажээ. Ноолуурын үнэ өдрөөс өдөрт буугаад байгаа сурагтай, танайх ноолуураа хэдэд өгөв, хичнээн килограммыг ямаа­наасаа зулгаав хэмээн асуухад, томоо гэгч хар ширэн цүнхээ эрээн авдрынхаа мухраас гаргаж ирээд гялгар хавтсанд нямбайлан хийсэн данс тооцоогоо дэлгэлээ. Үгүй ээ, мөн нямбай өвгөн юм аа. “Манай энэ чинь юм л болбол хар цүнхээ гаргаад тооцоо бодоод суучихна. Мэргэжлийн онцлог нөлөөлж байгаа нь тэр. Хэдэн ямаагаа самнах гэж бөөн л тооцоо болно шүү дээ” гэж хөгшин нь тэр зуур хэлээд авлаа.

Өвгөн тэрхүү яриа хөөрөө, хатгаасыг нь тоож байгаа ч юм алга. “Манайх энэ жил гурван зуу гаруй ямаа самнасан. Нэг ямаанаас дунджаар 270 грамм ноолуур авсан. Ноолуураа нэг килограммыг нь 62 мянгаар өгсөн. Ноолуур маань таван сая гаруй төгрөг бол­сон” тухай мөн л нарийн тооцоотой хэллээ. Ноолуурын мөнгө бас бус орлогоо бага хүүгийндээ тушаадаг байна. Учир нь хоёр хөгшин бага хүүдээ хотод байр аваад өгчихөж. Мөн жийп машин хүлэглүүл­чихэж. Эл бүгдийг банкны тусламж­тай авчээ. Тэгээд л олсон хэдэн төгрө­гөө хүүгийнхээ зээлэнд өгдөг байна.

Аав ээжийнхээ ачийг бага хүү Гантулга басчиг сэтгэл хангалуун хариулж яваа эр бололтой. Тэрээр усан луу жилийн цагаан сараар “Сумын аварга уяач” гэх цолыг хүртэж ижий ааваа, ах эгч нараа баярлуулсан байна. Гадаах модон цэрэвтэй уяан дээр хэдэн морьд уяатай байсан нь Гантулгын хурдан хүлгүүд ажээ. Юуг нь нуух вэ, адууч аавын хүү би тэдгээр хүлэг морьдыг хараад хониных нь морьд юм байна гэж бодсоноо нуух юун. Гэтэл биш ээ. Төрийн наадамд гурав түрүүлсэн, Төв аймгийн Баян-Өнжүүлийн алдарт Ц.Ханддор­жийн хонгор халзан морины удам угшил тэрхүү модон цэрэвтэй уяан дээр хаврын салхинд дэл юугаа самнуулаад, хазаар дээрээ унтаж байсныг яахин мэдэх билээ. Хүү Гантулгынх нь байшингийн босгоор алхахад ажнай хүлгүү­дийнх нь зураг хөрөг, за тэгээд алтан шар­мал сугсарсан медалиуд хоймрыг нь бүрхэнэ шүү дээ.

Өнгөрсөн жилийн Хутаг-Өндөр сумын наадам Гаравсүрэнгийн Гантулгын наадам болсон гэхэд хилсдэхгүй. Ухаандаа, азарганы уралдаанд буурал, хонгор хоёр азарга нь нэг хоёроор цувж ирсэн байгаа юм. Нэгэн уяаны хоёр азарга сумынхаа наадамд зуузай холбонхон магнайдаа тоосгүй ирэхэд уяач нь бүү хэл, наадамчин олон баярлахгүй байхын аргагүй юм. Зөвхөн хусуур бүсэлж, зуны хэдэн сар бие сэтгэл нь уяан дээр өнждөг, зүүд нь хэдэн адууныхаа дэргэд хатирдаг уяачид олдох баяр хөөр, омгорхол бахархлыг Гантулга хүү олонтаа мэдэрч яваа нэгэн. Наадмын түрүү, түмэн эх бор азарга биднийг очиход уяан дээрээ байсан. Сум орон нутаг болоод бүсийн уралдаанаас айраг, түрүү барагтай л бол алд­даггүй хонгор морь ч мөн уяан дээрээ байсан. Тэдгээр ажнай хүлгүүд эрдэнийн наян найман шинж нь бүрдсэн адуу хэмээгддэг Ханддор­жийн хонгор халзан мо­рины төр­сөн дүү хонгор азарганы үр төл ажээ.

Гантулга уяач Хутаг-Өндөр сум, Хантайн нурууныхаа ойр хавьд хурдан удмын угшил бий болго­хоор, Булган хангайн адууныхаа үүлдэр угсааг сайжруулахын төлөө зүтгэж яваа иртэйхэн залуу байна лээ. Хурдан удмын адууны өлгий болсон Хэнтийн Галшар, Баян­хутаг, Сүхбаатарын Онгон, Эр­дэ­нэцагаан болон Төв аймаг, Өврийн хангай нутгаас Оросоогийн Мэнд­баяр ахынхаа хамт хурдын удмын азарга, гүү авч адуун сүрэгтээ нийлүүлжээ. Тэдгээр адууны үр төлөөс одоо хурдууд төрж байгаа гэнэ. Ус нутгийнхаа адууны цусыг, хүний цусыг сэлгэх шиг буянтай үйлс гэж юу байх билээ гэсэн бодол Хантайн нурууны өвөр бэлд, хав­рын тэргэл өдөр төрж байсан даа.

 

Залуухан уяачийн ажнай
              хүлгүүдээс сэтгэлээ түрхэн
              зуур холдуулаад нэгэн зүйлийг сонин болгож өгүүлье л дээ. Гаравсүрэн гуайн хууч дунд дурсагдаад өнгөр­сөн яриа юм. Тэрээр Санхүүгийн техникумын оюутан байх үеэ дур­саж байхдаа Мөөеө аваргын тухай цухас өгүүл­сэн юм. Гаравсүрэн гуайг гурав­дугаар курсийн оюутан байхад алдарт аварга тухайн сургуулийн босгыг алхаж байжээ. “Далбайсан шар нөхөр шуугиулаад байсан нь Мөнхбат байж билээ” гэж аваргыг нүдэнд харагдтал хэлсэн шүү. Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор энгэрээ мялааж байхдаа ихэд баярласнаа, өөрийнх нь хүртэж чадаагүй цол, хүрээгүй өндөрлөгт үр хүүхэд нь хүрч, най­ман хүүх­дийнх нь дундаас гавьяат цолтон төрж, улсын аварга тариа­ланч тодорч нутаг усандаа байту­гай улс орондоо нэртэй төртэй яваад нь ачийг нь хариулж байна хэмээн боддогоо өвгөн буурал дуулгаад авсан юм аа. Гаравсүрэн гуайнд ийнхүү нар хүүшилтэл хуучилж, уяач хүүгийнх нь хонгор мо­ринд эмээл тохон, Гурван бор­хууд уулын орой дээрээс Хантайн нурууны оргилыг дурандаж, хонь мал хо­тондоо ирэн хурга ишигний май­лалдах чимээнээр гэрийн эзэд­тэй хамт тоос манан татуулж, борц­той шөл уун, үхрийн хатсан хавир­га чануулж, төлийн гэрт галын дэргэд сэтгэл уядуухан суусан минь үнэн­дээ тэнгэрлэг байсан даа.

Дараагийн очсон айл маань өнөө жил “Улсын аварга тариа­ланч” хэмээн эрхэм хүндтэй цолыг хүртсэн Дүүрэнгийн Ганбаатарынх байлаа. Хантайн нурууны хаварт уусанхан уулын гол сад­ран урсахыг сонсож, улирлын сай­ханд бодол санаа цэнгэгшин буцах зуураа Цагаанбулангийн хөндий­гөөр дайрч Ганбаатар аваргынд түр саатсан минь тэр. Тэрээр арван зургаан настай банди илгээлтийн эзэн болж Магсаржав сангийн аж ахуйд анх ирж байснаа дуулган, өдгөө дөрвөн дүүгийнхээ хамт Цагаанбулангийн ногооны талбайг эзэгнэж буйгаа ярьсан юм.

Яриа хөөрөөнд тааруухан нэ­гэн олны дэмээр, ижий аавынхаа буянаар, дөрвөн дүүгийнхээ хүчээр улсын аваргын болзлыг хангалаа даа гэж байлаа. Ногооныхоо тал­байд төмс, байцаа, лууван, сонгино гээд тарихгүй ногоо үгүй гэнэ. Одоогоор гурван зоорь дүүрэн, Гаравсүрэн гуай шиг нарийвчилж хэлбэл, 100 гаруй тонн төмс хад­галаатай байгаа гэнэ. Энд тэндээс хүмүүс тав, арван тонноор нь захиалга өгөөд байгаа сурагтай.  Ганбаатар бол үе дамжсан тариа­ланч, ногоочин гэж байгаа. Аав нь Магсаржав сангийн аж ахуйд дөч шахам жил трактор, комбайн барь­сан аварга тариаланч ажээ. Тэд­нийх гурван хүүтэй гэсэн. Том хүү Ууганбаатар нь Орост уул уурхайн чиглэлээр, Путины тэтгэлгээр сурч буйг Ганбаатар гуай сонир­хуулсан юм. Улсын аварга тариаланч маань ногоо цагаа, тариа будаа тарихын зэрэгцээ дөрвөн дүү­гийнхээ хамтаар мал сүргээ тэгш сайхан өсгөж, бүгд тусдаа мянга шахам толгой малтай болжээ.

Ийм л нэг ажилч, ус нутгийн олондоо тус дэм, нөмөр нөөлөг болсон хөдөлмөрч сайхан айлуу­даар аяны дөрөө мултлан, хөдөө­гийн салхи савирыг залгилж, Сэ­лэнгэ мөрний хөвөөнд хос ангир ганганахыг сонсч, урин цагийн амьсгалд санаа бодол уясан, нялх төлийн дуу, нойтон унаганы цүүц­гэр алхаанд сэтгэл нэгэнтээ баяслаа. Хантайн нурууны хавар хавтай сайхан л байна даа.

  Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Монголчуудын хамгаалж чадаагүй Туулыг Германы хэдэн минж аварна гэнэ

Минж гэдэг амьтныг усны инженер, усны хан­гамжийг ихэсгэдэг, энэ амьтан байхад л шир­гэсэн гол ундарч, загас жараахайтай болж, усны шувууд ирдэг хэмээц­гээ­дэг солиотой яриа бий. Эл амьтныг нутагшуулс­наар ус нэмэгдсэн гэх бодит баримт байдаггүй.  Гэтэл энэ яриандаа сүүлдээ үнэмшицгээгээд ажил хэрэг болгоод Гер­ма­наас 14 минж авчир­чих­лаа. Тэр амьтдыг Мон­­голын цаг агаарт дасгана гээд зооринд байлгаж байгаа сураг­тай. Тэгээд манай агаарт дасангуут нь Туул голын эхэнд аваа­чиж голоо авруулах гэнэ. Бидний аварч хамгаалж чадаа­гүй голыг тэр ар­ваадхан амьтан сэргээж, хуучин хэвэнд нь оруулах болж байна уу. Амьтан суд­лаачдын энэ хийрхэл хэтэрхий үнэтэй болж бай­гаа юм биш үү. Мин­жийн барьдаг хөв цөө­рөм, даланг монгол­чууд бид барьж, бүтээж ча­дахгүй гэж үү.

Сэлбэ, Сэлбэ гол л гээд яриад байдаг хэрнээ бид яагаад Туулд ан­хаар­лаа хандуулахгүй, эцэст нь гөлөгний чинээ хэдэн амьтдад голоо хам­­гаалах үүргийг өг­чихөв өө.

Арваадхан минжийг Туул голын эхэнд эзгүй газар авааччихна. Ягхий­сэн өвлийн жаврыг яаж тэд давах бол захаасаа осгочих байх. Аягүй бол өвөл болохоос өмнө өнөө намар манайхан арьс үсэнд нь шунаад агначи­хаж мэднэ. Тэгээд юун усны инженер ме­не­жер­тэй болох манатай герман ах нар нь дахиж минжээ илгээхгүй юм болно. Хоёрын хооронд улсын төсвөөс олон сая төгрөг зарлагадсан үргүй юм болж л хоцорно доо.

Харин үүнийхээ оронд Туул голоо хам­гаалахын тулд хөдөл­гөөн өрнүүлэхээс эхлүүлээд олон үр бүтээлтэй ажлыг хийж болмоор юм. Бид хэдхэн ширхэг минжнээс илүү л баймаар санаг­дана. Манай сонин Туул голын тухай, энэ голыг хамгаалах цаг ирчихээд байгааг эртнээс сануулж бичиж ирснийг уншигчид санаж байгаа болов уу. “Өдрийн сонин”-ы Ерөн­хий эрх­лэгч, Монгол Ул­сын соёлын гавьяат зүт­гэлтэн, сэтгүүлч Ж.Мяг­марсүрэн­гийн “Чив чи­мээгүй Туул”, сэтгүүлч Б.Ганчимэгийн “Туул тунин туньсаар ирлээ” зэрэг олон асуудал дэв­шүүлсэн нийтлэл тухайн үедээ нийгэмд сануулга болон очиж байсан билээ. Хатан Туул бол Мон­го­лын гол. Цогт тайжийн цэргүүд Туулын уснаас амсч “Ижий шиг мөрөн минь” хэмээн зу­лайгаа норгож сүсэглээд мо­риндоо мордож бай­сан түүхтэй.

 Халимагууд “…Наран ургах зүгийн орон

Намайг ариулах Туул миньгэж аман зохиолдоо хүртэл дуур­сан хайлдаг. Түүгээр ч барамгүй 1980-аад оны сүүлээр Өвөр Монголд очсон манай бичгийн их хүмүүнээс тэндхийн монголчууд

Дашмагт тань Туулын рашаан бий юу

Дандаа сэтгэл тийшээ билээ хэмээн хадаг барин зол­гонгоо чихэнд нь шивнэж байсан хэлцдэг.

Их хүрээ зориод ирсэн нэгнээ­сээ “Богд хайрхан ямар вэ. Туул тийм өргөн үү. Тэр рашаанаас авчрав уу” гэж асууж сураглаж байсан тухай уран зохиол, түүхийн бичгүүдээс бишгүйдээ л уншиц­гаасан даа. Ийм л болохоор Туулыг Монголын гол хэмээгээд байгаа юм. Харьд буй монголчууд минь Туулаа асууж сураглан, өнөөх сайхан намуухан урсгал, шугуйн анир чимээгүй амгаланг нь сэтгэл­дээ тээсээр л мөрөөдөн мөрөөд­сөөр, уснаас нь дуслыг ч болов амсахыг хүсч явдаг шүү дээ.

Гэтэл одоо түүнийг горхи болтол нь тамлаж, голыг нь таслахын наагуур болгочихоод байна. Ийм болгосноо мэдсээр байж нийслэл­чүүд юу ч хийхгүй юм. Хатан Туу­лын­хаа эхэд харийн хачин амьтдыг нутагшуулчихад л хамаг асуудал шийдэгдэж, хуучин төрхөнд нь оруулчихна гэж дэмий юм хийж байгааг харж байна, бид.

Нийслэлчүүд, монголчууд хүрзээ бариад голынхоо эхийг цэвэрлэж, минжний барих хэмжээ­ний цөөрөм, далангаас илүүг бүтээж чадахгүй юм гэж үү дээ. Юун минжин цөөрөм. Ийм утгагүй, өрөвдмөөр амьтанд уух усаа даатгасан зүйл сэтгэх хэмжээний доройтоо юу. Тэглээ ч Туул хэдхэн мэрэгчээр аргадуулчих хэмжээний жижиг горхи биш шүү. Энэ чинь Монгол орны ариун мөрнүүдийн нэг. Д.Нацагдорж үүнийг тэртээ зууны өмнө дэлхийд найрагла­лаараа тунхаглачихсан юм. Хүний гар, ухаанаар барьсан цөөрөм, минжнийхээс яагаад ч илүү гэдгийг балчир хүүхэд ч мэднэ дээ. Хатан Туулыг германы минжүүхэйнүүдээс илүү монголчууд өөрсдөө аварч чадна гэдэгтэй хэн бүхэн санал нийлнэ. Минжинд найдаж орхис­ноос, нийслэлчүүд бүгдээрээ хөдөл­гөөн, аян өрнүүлж, томоохон компани, байгальд ээлтэй эрхмүү­дийн сэтгэл, мөнгийг Туул руугаа хандуулж, дулаан гараараа хогийг нь түүж, ариун мөрнөө аваръя л даа. Ганц удаа хөдлөхөд л гайгүй сайн болгоод уламжлал тогтоо­чихно. Нийслэлчүүд ээ бүгд хөдөлье, дэргэд чинь Хатан Туул минь ёолон урссаар байна. Мөд горхи шиг болсноо, тэгээд хатсан сайраа үлдээх нь.

Элбэрэлт ижийнхээ толгойн өвчнийг ангаана гээд бүлээн алгаараа магнайг нь илбэхийнхээ оронд буурал санчиганд нь хануур хорхой хийчихээд хаяад явдаггүй биз дээ, хүмүүс.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Юу болов, юу болох вэ?

Ойрын өдрүүдэд жинхэнэ улс төр хийгээд үйл явдал бужигнаж байна даа. Улирагч баасан гари­гийн үүрээр МАХН-ын дарга, Ерөн­хийлөгч асан Н.Энхбаярыг мөрдөн байцаалтад удаа дараа ирээгүй шалтгаанаар албадан саатуулсан нь өнгөрөгч өдрүүдийн гол яриа байлаа. Бас дараа дараагийн олон өдрийн ярианы сэдэв, үргэлжлэх үйл явдлын гогцоо байхаар. Болж өнгөрсөн үйл явдалд улс төрийн хүчин, институц, байгууллага, улстөрчдийг нэр холбон янз янзаар таамаг гаргаж, бас байдал хэрхэн өрнөх талаар өөр өөрийн хүрээн­дээ шивэр авир гэцгээж байна. Улс төрийн үйл явц бол болж буй явдал дээр таамаг хийж, гаргалгаа гаргаж өрнөдөг салбар. Н.Энхбаяр гэдэг иргэнийг баривчилж саатуулсан үйл явдал хууль ёсных уу, эсвэл шинэ тутам намын дарга, Монгол төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүнийг улс төрийн зорилготой хэлмэгдүүлэв үү. Хүмүүс өөр, өөрийн­хөөрөө дүгнэлт хувилба­руу­дыг гаргаж байна.

НЭГДҮГЭЭР ХУВИЛБАР:

Үүнийг эрх баригч МАН сонгуу­лийн гол өрсөлдөгчөө дарж авах гэсэн оролдлого гэж дийлэнх олонхи хүн харж байгаа. МАХН гэсэн нэрийг ашиглах зөвшөөрөл олдож, Дээд шүүхээс шинэ намыг бүртгэн авснаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр МАХН гэсэн нэртэй намыг дахин тэргүүлэх болсон билээ. МАН-ын хувьд хэзээ ч бай­гаагүйгээр дор орсон рейтингийг чухам энэ цаг үед үзсэн нь МАХН-ыг буруутгах гол шалтгаан. АН түүхэндээ анх удаа эрх баригч намаасаа өндөр рейтингтэй бол­чихоод байгаа учир МАН-ынхан нэгийг бодохоос аргагүй. Нөгөө талд хөдөө орон нутагт МАН хийгээд МАХН-ыг ялгахгүй байгаа  гэдэг. Мөн Н.Энхбаярт үнэнч үлдсэн үзэл санаа хийгээд бидний мэдэх мэдэхгүй олон сэжмээр холбогдсон УИХ-ын гишүүд нийлж бүлэг байгуулах тухай яриа гарах болсон нь Н.Энхбаярыг дарж авах гэсэн МАН-ын том хөзөр гэгдэж байна. Хэдийгээр МАХН гэсэн нэрээр бүлэг байгуулах боломж хуулийн хүрээнд байхгүй гэгдэж байгаа ч бүлэг байгуулах хэмжээ­ний гишүүд үзэл бодлоороо МАХН-даа үнэнч гэж зарлаад, парла­ментад МАХН-ын дарга Н.Энхбая­рын дуу хоолой болоод эхэлбэл эрх баригч намд яавч таатай байхгүй. МАН-ын хувьд 2012 оны УИХ-ын сонгуулиар МАХН-ын Н.Энхбаяр, бас нэр нь танил тэр нам байхгүй л бол ялчихна гэж тооцож байгаа. Тиймээс энэ акцыг тун яаралтай хийсэн байх магад­лалтай. Өнөөдөр МАН-ын гарт гүйцэтгэх засаглал, хүчний бай­гуул­лага тэр чигээрээ бий. АТГ-ын даргын нэрийг УИХ-д Ерөнхийлөгч санал болгодог хэдий ч УИХ энэ байгууллагын дарга, дэд даргыг томилдог. АТГ бол хуулиараа Ерөн­хийлөгчийн бус УИХ-ын дэргэ­дэх байгууллага. Тэгвэл УИХ-д МАН олонхи байгаа. Бас хүчний байгууллага ч энэ намаас томи­логдсон сайдын тушаалаар хөдөл­нө. Гэтэл ХЗДХ-ийн сайд Ц.Ням­дорж инээвхийлэнгээ “Энэ талаар юу ч мэдэхгүй” байгаагаа хэлсэн нь олон хүний гайхшралыг төрүүлсэн. Энэ үед нь олон хүн сайд Ц.Ням­дорж, Н.Энхбаяр нарын удтал үргэлжилсэн хэрүүл маргааныг санаж, бас баривчлуулж шалгуулах тухай анхааруулж байсныг нь ч эргэн тунгаасан гэж болно. Бас энэхүү баривчлах арга хэмжээг Ерөнхий сайд нарийн мэдээгүй байсан мэдээлэл тарсан нь хүмүүст үнэмшилгүй санагдаж байгаа. Нөгөө талаар Н.Энхбаяр баригдах­даа нэр бүхий хүмүүсийн нэрийг онцолж хэлсний дотор МАН-ын дарга, экс дарга, генсек, сайд нарыг онцлон хэлсэн нь уг үйл ажилла­гаанд МАН оролцсоныг бүрэн дүүрэн баталж байх шиг.

Мөн хүмүүсийн харж байгаа­гаар Н.Энхбаярыг баривчилсан нь УИХ-ын энэ удаагийн болоод ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгууль гээд хоёр ч сонгуульд энэ хүний орж ирэх боломжийг хааж байгаа хэрэг. Нэгэнт ийм хэлбэрээр баривч­лаад явсан үйлдэл нь төрд орж ирэх боломжгүй болгож байгаа хэрэг гэнэ. МАХН гэдэг нам УИХ-д хэр олон суудал авах нь тодор­хойгүй ч Н.Энхбаяр гэдэг хүн сонгогдох нь тодорхой гэдэг дээр олон хүн санал нийлдэг байсан юм.

ХОЁРДУГААР ХУВИЛБАР:

МАН шууд оролцоотой мэт хараг­дах ч үнэндээ оролцоогүй байсан гэх хувилбар. Үүнийг МАН-ынхан болоод уг намтай ойр хүрээ­нийхэн хувилбар болон гаргаж ирж байгаа. Тэд эрх баригч намын хувьд ийм тоглоомд хамгийн тэнэг байдалтай хохирогч болж байгаа нь том намын хувьд байж боломгүй гэнэн хэрэг боллоо гэгдэж байна. Улс төрийн шинжлэх ухаанд бай­даг аsping гэдэг нэр томъёог үүн дээр хэрэглэж байна. Америкчууд бас Орост В.Путин иймэрхүү аргыг ихээхэн хэрэглэдэг гэх бөгөөд өрсөлдөгч намаа унагахын тулд шорон, буу, хүний амь гэх мэтээр шуударсан арга хэрэглэх явдал аж. Гэхдээ энэ ажиллагааг тун эвтэйхэн хийхгүй бол өөрсдөө эвгүй байдалд орчихдог талтай гэгддэг. Энэ арга ихэвчлэн эрх баригч намын зүгээс хийгддэг бөгөөд нөгөө талдаа эвгүй тусдаг. Гэтэл энэ удаад эрх баригч нам тэрхүү мэхэнд уналаа гэх хувил­барыг гаргагчид байгаа юм. Энэ үйл явдлын дараа хамгийн их нэр хүнд нь унаж байгаа нь МАН байна. Үнэхээр тэд ийм эрсдэлийг тооцох­гүй энэ алхмыг хийсэн гэж үү. Судлаачдын гаргасан үзүүлэлтээр өнгөрсөн баасан гаригийн үйл явдал МАН-ын нэр хүндийг 25 хувиар унагасан байна. МАН-ынхны хэлж байгаагаар бол аsping-ийг АН, Н.Энхбаяр хамтран хийсэн байх магадлал бий гэнэ. Бас үүн дээр АН-аас сонгогдсон Ерөн­хийлөгч Ц.Элбэгдоржийн оролцоо ч бий гэж тайлбарлацгаах нь байна. Үүнийг батлахдаа сүүлийн үед АН-ын гишүүд тухайлбал, Х.Баттулга гишүүний хийж байсан акцууд, бас дээрээс нь Н.Энхбаяр баригдахаа сайтар мэдэж, бас түүнээс хэдийнэ холдож явсан гэгдэж байсан УИХ-ын гишүүд ирээд хамт сууж байсан явдал гэх мэтээр ярьж байна. Н.Энхбаярын хувьд энэ мэтээр хохирогч болж харагдах нь түүнд ашигтай тусах нь ойлгомжтой.

ГУРАВДУГААР ХУВИЛБАР:

АН хийгээд Ерөнхийлөгчийн оролцоотойгоор хийгдсэн гэх хувил­бар. МАН, МАХН сүүлийн үед эвсэх тал дээр нэлээд хүчтэй яригдаж байсан гэлцэж байгаа. Дээд түвшиндээ сонгуульд эвсч орох талаар ярьж, бүр ирэх сарын 1-нд болох Бага хурлаараа МАН-ынхан энэ талаар хөндөх гэж байжээ. Хэрэв тэгсэн тохиолдолд Хамтарсан Засгаас гарснаар нэр хүнд нь муудах болсон АН-д бүр л муу болж таарна. Тэгэхээр тэднийг нэгтгэхгүй байх сонирхол АН-д байж таарна. Гэхдээ одоо МАХН-ын дарга Н.Энхбаярыг МАН-ын эрх барьж байгаа Засгийн үед дөрвөн мөчөөс нь дамжилж аваад шоронд аваачиж хийсэн тул энэхүү хамтдаа амар сайхан жаргах үлгэр ингээд төгсч байгаа юм.

Харин Ерөнхийлөгч Ц.Элбэг­дор­жийн оролцоог үүн дээр 2013 оны сонгуулийг харсан нүүдэл гэж тайлбарлаж болох. Бас шударга ёсыг гол тугаа болгож байгаа Ерөнхийлөгчид ажлаа хийх том боломж байсан ч гэж байна. Юутай ч Н.Энхбаярыг баривчилсан энэ хэрэг олон сэжиг таамаг, хэсэгтээ л яригдах сэжмийг өгч байна. Түүнийг баривчлуулах нь хэнд ашигтай байсан бэ гэдэг дээр хүмүүс өөр өөрийнхөөрөө хувилбарыг ярьж байгаа ч бас ингэсэн нь юуг дагуулах вэ гэдэг дээр олон хүний санал бодлыг чилээж байна.

Хэрэв нэгдүгээр хувилбар буюу МАН-ын зүгээс үүнийг хийсэн бол Н.Энхбаяр хийгээд түүнийг тойр­сон бүх сүлжээг нэгмөсөн задална. Аалзны сүлжээгээр холбогдсон бүх хүмүүсийг тодорхой болгоно. МАХН гэдэг нэрийг зүүх хүсэл олон хүнд төрөхөө байх вий. Удаан хугацаанд МАХН руу урвуул­чих­гүйн тулд арга эвийг нь олох гэж ядаж явсан гишүүдээ хүссэн газар руу нь тавьж явуулна. Тэд сонгууль болохоос хэдхэн сарын өмнө хорь гаруйхан хувьтай байж байгаад хуучцуулынхаа оронд шинэ залуу боловсон хүчнийг гаргаж ирээд олонхи болж чадсан Солонгосын намын жишээг дагах оролдлого хийх байх. Нэг бол МАН, МАХН нийлж Н.Энхбаяраа хамгаалж, энэ хоёр нам нэг байгаагаа харуулах ажиллагаа хийнэ. Энэ нь тусдаа салсан ойлголтыг маш сүр дуу­лиан­тайгаар нийлүүлж өгөх юм. Гэвч өчигдөр өрнөж байгаа байд­лаас харахад МАН-ын зарим гишүүд нэгийгээ огцруулах өргөдөл барьж байгаагаас харахад нийлс­нээ зарлах бус маш хүчтэй хагарал гарах бололтой. Ц.Нямдорж сай­дыг огцруулах саналыг АН-ынхан дэмжинэ гэдгээ бүлгээрээ тодорхой болгосон бол МАН-ынхан шөнө дөл болтол хуралдаж, дараа өдрөө үргэлжлүүлэн хуралдахаар бол­сон. Хоёрдугаар хувилбараар явагд­сан бол сонгуулийн өмнөхөн Н.Энхбаяр суллагдаж гарч ирнэ. Ингэхдээ сонгуулийн сурталчилгаа явуулах ямар ч шаардлагагүйгээр сонгогдоно. Монголын ард түмэн түүнийг авлигын загалмайлсан эцэг хэмээн нэрийдэж байснаа мартаж ардын баатар шиг хүлээн авах байх. Харин үүнтэй зэрэгцээд МАН-д сонгуульд ялах ямар ч боломж үлдэхгүй. Энэ нь мэдээж АН-д мөнхийн сөрөг хүчин байдаг хэцүү албаас нь салгах боломжийг өгөх билээ.

Гуравдугаар хувилбараар буюу МАХН оролцоогүй тохиолдолд МАН, МАХН-ыг задлах арга үр дүнтэй болох бөгөөд Н.Энхбаярт цөөнгүй жилийн ял ирэх байх. Энэ тохиолдолд олон жил Н.Энхбаярыг өмнөө барьж ирсэн ах намын нэр хүндэд мөн муугаар нөлөөлж таарна.

Гэх мэтээр янз бүрийн хувил­бар, гаргалгааг тоочиж болно. Н.Энхбаяр гэдэг хүнийг баривчил­сан нь зөв буруу, аль нэг хүнд ашигтай ашиггүй хийгээд баривч­лах үйл явц бүдүүлэг болсон эсэх тухай яриа үнэндээ тийм ч чухал биш билээ. Харин төрийн өндөр дээр албан тушаал хашиж байсан хэн боловч үнэнч шударгаар, ил тод ажиллаж байхгүй бол төрд шударга ёсны асуудал яригдаж эхэлж болдог юм байна гэдэг ойлголт нийгэмд төрүүлж чадаж байгаа нь чухал.

Ард түмний
дунд эрх мэдэлтэн яаж ч авирлаж болдог, эгэл иргэдийн хувьд аврал үгүй гэсэн ойлголт төрөөд олон жил боллоо. Тэгвэл энэ
удаад төрийн тэргүүний албыг хашиж байсан хүнийг шалгана гээд аваад явсан нь
ард олонд итгэл бас авлигач дарга нарт айдас төрүүлж байна. Болох, болохгүйн заагийг авлигачдад өгч байгаагаараа үнэтэй гэж ойлгогдож байна. Н.Энхбаярыг
баривчилж болдог юм чинь одоо хэнбугайг ч баривчлахад сонин биш гэсэн ойлголт хүмүүст төржээ.
Хэрэв шүүх хяналтын байгуулла­гаар
шалгагдаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Н.Энхбаяр
гэдэг хүн буруугүй гэдэг нь тогтоогдвол насаараа
авлигын эцэг энэ тэр гэсэн нэр хоч зүүж
явахгүй харин ч өөрт нь сайн хэрэг болох биз. Ямартаа
ч шударга ёс, үнэн худлаагийн
дэнс энгийн иргэдэд л яригддаг, дарга нарт хамаагүй
байдаг гэсэн ойлголтыг халж өгснөөрөө чухал явдал болж байх шиг.

Categories
редакцийн-нийтлэл

Р.Раш: Өөрийнхөө хэлсэн үгийг голтой болов уу гэж бодож явдаг

УИХын гишүүн Р.Раштай ярилцлаа.

МАН дотор фракц үүсэх нь. Цаашлаад хэ­дэн гишүүн МАХНын бүлэг байгуулаад на­маа­саа гарч магадгүй гээд байна. Таныг тэд­ний нэг гэх юм?

-АН
дотор ч фракц байгуулагддаг шүү дээ. Гэтэл манай нам дотор фракцийн асуудал яриг­дахаар чихээ соо­тойл­гоод, нүдээ бүлтийлгээд байх юм. Фракц бол улс төрийн нам дотор байдаг хэвийн үзэгдэл. Барууны, социал демократ намуу­дад ийм зүйл байдаг. Чу­хамдаа фракц гэдэг бол намын үйл ажиллагааг ил тод, идэвхтэй байл­гахад хэрэгтэй шүү дээ. Явж явж намын эв нэгд­лийг бэхжүүлэх нэг эле­мент нь фракц гэж ойл­годог. 1990 оноос хойших улс төрийн үйл ажил­лагаанд фракцийн прак­тик олон бий. Жишээ нь “281”-ийн холбоо гэж байлаа. М.Зэнээ, О.Даш­балбар нар толгойлоод явж л байсан. Би тэднийг дэмждэг байлаа. Дараа нь манай намд жигүүр гарч л байсан даа. Өнөө­дөр ч гэсэн улс төрийн том лидерүүдийг тойрсон явцуу хүрээлэл нийгэмд бий. Муу нуухаар сайн илчил гэж үг байдаг даа. Ийм зүйл ярьж байгаа зарим гишүүдээ нам нь чичих маягтай байгааг буруушаадаг. Хүн хэ­лээ­рээ мал хөлөөрөө гэдэг. Нам дотор санал зөрөл­дөөнтэй асуудал байж болно. Тийм байлаа ч үг хэлээрээ хэл амаа олол­цох ёстой. Тэгвэл нам илүү хүчтэй, эв нэгдэлтэй болно. Олон түмний намд итгэх итгэл нь ч дээ­шилнэ шүү дээ.

Фракц байгуулах ги­шүүд МАН, МАХНыг нэгтгэнэ гэж яриад бай­гаа учраас танай дарга нар тэднийг чичлээд байгаа байх л даа

-Би
намын бүлэг­ дээ­рээ анх манай нам хуучин Хувьсгалт намтайгаа гар барьчихаж болдоггүй юм уу гээд хэлчихсэн удаа­тай. Би ганцаараа ч хэ­лээ­гүй. Үүнээс хойш энэ асуу­дал цэврүү шиг тар­чих­лаа. Өөрийнхөө хэлсэн үгийг голтой болов уу гэж бодож байгаа. Тухайн үед ингэж хэлэхдээ би тодорхой жишээ татсан л даа.

1948 онд Герман улс хуваагдахад хожим нь баруун Германы Канц­лер байсан В.Брандит баруун Берлиний хойд толгой дээр зогсоод, гур­ван цаг гиюүрч их харамс­сан гэдэг. Би өөрийгөө тэр том хүний зиндаанд тавьж байгаа юм биш л дээ. Хамгийн гол нь сон­гууль ойртож байгаа энэ цаг үед ард түмний Ар­дын намд өгөх саналаас ямар нэгэн хэмжээгээр зулгаагдах вий гэсэн улс төрийн болгоомжлолоор хэл­сэн юм. Түүнээс биш хууч­наа санагалзаад байгаа хэрэг биш. Гэхдээ хараад байхад манай намын нэр хүнд гайгүй тал руугаа явж байна гэж бодох юм. Хү­мүүсийн Ардын намдаа итгэх итгэл бэхжих тал­ руугаа байна уу даа. Хэ­тийн улс төрийн нөхцөл байдал яаж хувирахыг хэлэхэд лай ч байна, зай ч байна. Бусад хүмүүсийн яриад байгаа шиг манай намын нэр хүнд тэгтлээ уначихаад байгаа гэдэг нь юу л бол. Наадмын торгон дэвжээн дээр га­раад ирэхэд юу болох бол. МАН бүх насаараа энэ улсыг удирдсан нам. Тиймээс манай намын хариуцлага туйлын өндөр байх ёстой.

МАХН манай намын л тасархай.

Таныг фракцид нэг­дэх юм байна гэж ойл­гож болох уу?

-Фракц
гээд нэгдсэн зохион байгуулалтад ор­сон юм байхгүй. Тийм чигийн зүйл яриад байгаа нөхдүүдийг би буруут­гаагүй. Үнэндээ тэд Үнд­сэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу ярьж бай­­­гаа. Гэхдээ нөгөө талд намын сахилга бат байх ёстой гэж би үздэг хүн. Аливаа зүйл рамандаа жайжганах ёстой. Юм бол­­гоныг шүүмж­­лээд, тугтчаад байж хэрэггүй л дээ.

Та тойроггүй бол­чихсон юм биш үү. Той­роггүй болж намаасаа жийгдэж байгаа хүмүүс фракц байгуулж, намаа орхих гэж байна ч гэх юм?

-Тойрог
өгөх, өгөхгүйг нам л мэднэ шүү дээ. Фракц байгуулах тухай яриад байгаа хүмүүсийг намаас тойрог хараад, эсэн бусын идүүр горь­доод яваа гэж бодохгүй байна. Ер нь би төмөр замд өдрийн диспетчер хийгээд яваад байж чадах хүн шүү дээ.

Та нам дотроо фракц, бүлэг байгуулах тухай ярианд оролцож байгаагүй юу?

-Үгүй.

Сүүлийн үед танай намын бүлгийн хурал нэлээд ширүүн болдог болжээ

-Манай
намын үйл ажиллагаа идэвхтэй явж байгаад талархалтай бай­гаа. Нэг дарга юм хэ­лэхээр ярсхийтэл гараа өргөдөг цаг өнгөрсөн шүү дээ. Гишүүд олон түмний дунд явж, сонссон дуулс­наа хэлж байгаа. Түүнийх нь төлөө тэднийг буруу­шаах ямар ч үндэсгүй. Засгийн газраа ташуур­дахыг зөв гэж боддог. Гэхдээ манай Засгийн газар урд хөл нь бүдрээд явж чадахгүй болсон морь шиг болчихоогүй. Гэсэн ч унаж байгаа морио ташуурдвал хө­лийн шөрмөс нь чангар­дагтай адил Засгийн газ­рыг сайн ташуурдаад өгө­хөд буруудах зүйл байх­гүй.

Та асуудалд хан­дах­даа бөөрөнхийлөөд бай­на уу даа. Намаа засъя гээд яваа гишүү­дийнхээ талд ч байгаа юм шиг. Эсвэл дарга нартаа тал засаад ч бай­гаа юмуу?

-Миний
жанжин шу­гам л энэ. Хувийн эрх ашгаас намынхаа, намын эрх ашгаас улсын эрх ашгийг илүүд тавьдаг. Энэ гурван эрх ашгийг зөв дэс дараалалтай ба­римт­лах ёстой гэж боддог. Түүнээс биш ямар нэг зүйлд гомдоод золбин нохой хуцаж байгаа ая­тай ярихыг чухал­чил­даг­гүй. Нийтлэг эрх ашгийг үндэс болгох ёстой. Ер нь тэгээд манай намынхан баруун, зүүн болчихоод ноцолдоод байгаа юм алга. Өнөөдрийн сүүдэр­тэй талыг ярьж байгаа хүмүүсийг нам буруут­гаад байх шаардлагагүй. Харин тэдний хэлж бай­гаа зүйлээс хэрэгтэйг нь шүүн тунгаах ёстой. Би Лениний номлолыг су­ралцаж, тэр сургуулийг дүүргэсэн хүн л дээ. 1900-гаад оны эхэн үеийн Орос, Европын улс тө­рийн байдал үнэхээр хурц ширүүн байсан юм билээ. Түүнийг буруу­шааж Плеханов гэдэг хүн шүүмжилсэн байдаг. Ту­хайн үед би ном сурч байхдаа Плеханов гэдэг хүн зөв зүйл ярьж байж дээ хэмээн бодож бай­лаа. Шүүмжлэл ер нь хэ­цүү. Шүүмжлэлд тэр бүр дуртай хүн байдаггүй болов уу. Магтаалд хүн наанаа дургүй юм шиг царайлдаг ч цаад сэт­гэлийн мухартаа дуртай л байдаг байхгүй юу. Шүүмжлэл бол шоколад биш гэдгийг дээхнэ үеийн СССР-ийн сайд нарын зөвлөлийн дарга Микоян хэлсэн байдаг. Харин шүүмжлэл бол хогийн ургамлыг түүх гол арга байж магадгүй. Тэр утгаар нь асуудалд хандаж бай­вал зүгээр. Өнөөдөр ма­найхан бие биеэ хайр найргүй балбадаг болж. Уг нь шүүмжлэл бол ажил хэрэгч, зарчимч байх ёс­той. Шүүмжилж байна гээд нэгнийгээ хэтэрхий доош нь хийж доромжилж болохгүй. Тэр нь ямар ч зүйлд тус болохгүй, ха­рин ус болно.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

МАН-ын хууралт буюу мөнгө тараах далд амлалт

Иргэд 1990-ээд оны эхэнд   цэнхэр, ягаан тасалбарынхаа уч­рыг олохгүй сүйхээтэй, мэдээлэл­тэй хүмүүст алдаад өнөөдөр баян чинээлэг юмтай, эд хөрөнгөтэй байгаа тэднийг харан,  амаа барьж, араас нь баахан үглэж дуулсан даа.   Одоо  уул уурхайн баялгийн­хаа хувьцааг авахгүй гэнэдээд  сая төгрөгийг нь гараа сарвайлгаад авах гээд байж байна.

21 мянган
төгрөгийнхөө үлдэгд­лийг хүүтэй зээлээр аргалж хамгаа барьцаалчихаад одоо нэг сая төгрөгийг юугаа барьцаалж ямар өрөнд орж өгөх гээд байгаа юм бол, энэ эрх баригчид.  Өнөөдөр бэлэн мөнгө тарааж ард түмний амыг таглаад маргааш  хувьцааг нь хуучин аргаараа авчих санаа цаадуулд чинь байна. Дөрөв,  тав, зургадугаар сард гурав хувааж  өгөх нэг сая төгрөгийг аваад баяжчих юм шиг санаад буй хүн олон бий. Эрдэнийн хувийг  анх АН амлахад МАН сөргүүлж 1,5 сая төгрөгийн бэлэн мөнгө амласан. Одоо нэгэнт 500 мянгаа 21 мянгаар тараагаад дуусч байгаа юм чинь ядаж үлдсэн нэг саяыг нь хувь­цаагаараа өгөх хэрэгтэй юм. Нэгэнт л анх  хоёр нам дундаасаа гаргасан хувилбар хойно ингэх нь үнэнд нийцэх биз ээ.

Сая хорин нэгэн мянгаа өгөх мөнгөгүй болж гаднаас хүүтэй зээл авч, сонгуулиас өмнө ард түмний амыг тагласан.  Одоо тэдний тол­гой­ны өвчин бол ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сар бүр хувааж олгох нэг сая төрөг. Үүнийгээ ямар замаар өгөх нь мөн л анхаарал татаж байгаа юм. Угаас Оюу толгойгоос урьдчилаад мөнгөө авчихсан. Таван толгойгоо ашиглаж эхлээгүй байж  баахан өр босгочихлоо.  Юун ОХУ-д төлсөн гэх их өр.  Түүхэндээ байгаагүй их өрийг энэ Засгийн газар тавьж байна. Монгол Улс сэхэхгүй болтлоо өртэй болчихоод байна. Өр тавьж  уул уурхайгаа, улс оронтойгоо хамт зарж байна. Эх орны хишиг хийгээд Таван толгойн хувьцаа юу болоод байгаа вэ.

Таван толгойн хувьцаа анх тусдаа асуудал байлаа. 2010 оны УИХ-ын 39 дүгээр тогтоолоор Эрдэнэс Таван толгой хувьцааны арван хувь буюу 536 ширхэг хувьцааг иргэддээ  эзэмшүүлэхээр болсон билээ. Гэтэл  энэ жил  үндэсний компаниудын нэрлэсэн үнээр худалдаж авах байсан хувьцааг болиулж, иргэддээ өгөх арван хувиа хорин хувь болгож, 1072 ширхэг хувьцаа өгөхөөр болсон юм.  Гэтэл  энэ хувьцаанаас гадна “Эх орны хишиг” гэх 1,5 сая төгрөг бол сонгуулийн амлалт байгаа.  Одоо  энэ хоёрыгоо МАН-ынхан хольчи­хоод учир нь олдох­­гүй холион бантан хутгачихсан сууж байна.  УИХ-ын гишүүд нь ч учраа олохгүй болчихоод байна.   Нэг сая төгрө­гийг өндөр настан, хөгжлийн бэрх­шээлтэй хүмүүст олгоно гээд байгаа. Тэгсэн мөртлөө Засгийн газарт хувьцаагаа зарж болно гэлээ. Тэгвэл сая төгрөгөөр Засгийн газар хувьцааг нь авна гэх юм.  Тэгэхээр өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хү­мүүс хоёр сая төгрөг авах ч юм шиг.   Одоо тэгээд нэг сая төгрөгөө гурав хувааж авах уу,  хувьцааныхаа нэг саяыг нэмж авах уу гэсэн асуудал гарч ирж байна. Эсвэл  бүр нэг сая төгрөгөө авахгүй хувьцаа болгох ёстой юм уу, хэн мэдэхэв.

Бас нэг ойлгомжгүй  зүйл нь нэг ширхэг хувьцааны үнийг Монголд мэдэж байгаа хүн алга. Сая төгрөгөө 1072 ширхэг хувьцаанд хуваахад нэг ширхэг хувьцаа 932 төгрөг  юм шиг ойлгогдохоор байна.  Гэтэл нэгж хувьцааны үнийг зах зээл тогтоох ёстой биз дээ.   Дээр нь ашиглаж эхлээгүй  Таван тол­гойнхоо ашгийг хувааж бүр нарийн яривал алаагүй баавгайн арьсыг хувааж идэж  байна. Одоо бид  мөнгө аваад байгаадаа баяр­лах юм биш. Ирээдүйгээ худалдаж идэж байгаа юм шүү дээ. 

Таван толгойн хувьцааг Монгол Улсын иргэн болгон авна гэсэн. Дээр нь иргэдийн  гуравны хоёр нь хувьцаагаа авч чадах уу, сонгуу­лийн амлалтын үлдэгдэл нэг сая төгрөгөө авч чадах уу гэдэг ч бүрхэг байна. Ингэж л бид хууртагдаад байгаа юм. Одоо гурав хувааж өгөх гээд байгаа сая төгрөг, увуулж цувуулж өгсөн 500 мянгаараа   ард түмний нүдийг  хааж байна. Үүндээ иргэд цадаад МАН-ын цаад нарийн хорон санааг нь ойлгохгүй байх шиг. 

Мөн өндөр настнуудад буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөг өгөхөөр зарлачихаад байгаа.  Энэ нь сонгогчдын гуравны нэг гэсэн үг. Цаана нь гуравны хоёр нь үлдэж байна. Тэр үлдсэн хэсэгт мөнгөн хэлбэрээр авах уу, хувь­цаагаар авах уу гэж санал асуулга явуулна гэсэн. Ирэх тавдугаар сард тэр санал асуулгаа явуулах юм байна. Дээр хэлсэнчлэн итгэхэд бэрх толгой эргүүлсэн элдэв арга нь бидэнд молиго үмхүүлээд байх шиг байна. Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги дээр гэдэг байхаа. Мэдээж хувьцаа биш бэлэн мөнгө өгөх гэж л зүтгэх вий. Учир нь хувьцааг нь дараа  өөрсдөө юм болгож хувааж авах гэсэн санаа ч байгаа биз. Уг нь бол бид аль алиныг нь авах ёстой баймаар. Ямар ч байсан сонгуулиас өмнө  үлдсэн хэсэгт мөнгө  өгч амжихгүй нь тодорхой. Харин  энэ нам ялбал 1,5 саяа ямар ч байсан өгөх нь гэж ард иргэдэд  ойлгуулж   байна. Энэ бол МАН-ын төлөвлөгөө. Энэ бол улс төрийн заль мэх. Өөрөөр хэл­бэл, өмнөх сонгуульд амласан 1,5 саяа энэ сонгуульд дахин амлаж байна гэсэн үг. Нэг ёсондоо бид ялбал үүнийг өгнө гэж ойлгуулаад байна. МАН
нэг амлалтаар хоёр сонгуульд угсруулан ялах мэх хийж байна. Сонгуулийн хуульд мөнгө тараахгүй, юм  амлахгүй гэсэн. Энэ хуулийг МАН зөрчиж байна. МАН-ын энэ арга бол  мөнгө амлаж буй далд хэлбэр юм. Дээр нь сонгуу­лиар мөнгө тараахгүй гэсэн хуулийг ч давхар зөрчиж байна. Ингээд Засгийн газар ажлаа хийж болно гэсэн хуулийн сиймхий дээр гурав­ны нэгд нь мөнгө өгөхөөр болов.  Энэ нь ахмадуудын ихэнх нь МАН-д саналаа өгнө гэж тооцоолж шагнал болгож урьдчилан өгч буй хэрэг. Үлдсэн  гуравны хоёрынх нь мөнгийг  дахин амлалаа. Ард түмнээрээ дэндүү тоглож, ядуу байгаагаар нь эрх чөлөөг нь худалдаж авч байна.

Юм утгаа алдахын дээдээр алдаад байна. Хөөрхий сонгуу­лийн дараа гарч ирэх Засгийн газар үйл тамаа цайна даа. Гэвч  сон­гуульд ялахын тулд МАН  улайрч буй нь энэ юм. Тэр их мөнгө нь хаана ч байгаа юм.    

Үүнийг
эсэргүүцэж улс төрийн намууд МАН-д шахалт үзүүлж  бүрэн зогсоох хэрэгтэй юм. Сон­гуульд
тэгш орохын тулд ийм алхам хийх хэрэгтэй. 
Улс төрийн
намууд  МАН-ыг сонгуульд өрсөлдөхөөр нэрээ бүртгүүлсний дараа Дээд шүүхэд
хандан энэ намыг татан буулгах хэрэгтэй юм. 
Нэг үгээр хэлбэл
сонгуульд нэрээ дэвшүүлс­нийх
нь дараа саналын хуудаснаас энэ намын нэрийг авах хэрэгтэй юм. Ингэж чадахгүй бол бусад намууд өөрсдөө харин сонгуульд далаараа цэвэр тавиулна.
Хэрэв  хууль зөрчсөн
хуудуутай үйлдлийг нь
зогсоохгүй юм бол энэ нам
ирэх сонгуульд дахиад л гарч ирж  дийл­дэхээ
байна.