Categories
редакцийн-нийтлэл

Хятадууд Монгол төгрөгийг өндөр үнээр худалдан авдаг болжээ

Хятадууд Монгол төг­рөгийг өндөр үнээр
ху­дал­дан авч байна гэх мэдээлэл сүүлийн үед гарах болсон. Энэ талаар албаны эх
сурвалжаас тодруулахад “Иргэд сүү­лийн үед их хэмжээ­ний төгрөг хилээр гаргах то­хиолдол
хууль хяналтын байгууллагад бүртгэг­дээд байна. Энэ сарын 26-ны өдрийн Улаанбаатар-Эрээний
гарах чиглэлийн галт тэргэнд зор­чиж явсан Монгол Улсын иргэн Н нэг төгрөгийн дэвсгэрт
1900 шир­хэг, таван төгрөгийн дэвсгэрт 100 ширхэг, арван төгрөгийн дэвсгэрт
2100 ширхэг, хорин төг­рөгийн дэвсгэрт 1700 шир­­хэг, 50 төгрөгийн дэвс­­гэрт
390 ширхэг, зуун төг­рөгийн дэвсгэрт 100 ширхэг нийт­дээ долоон зуун жаран нэгэн
мянга есөн зуун төгрөг хилээр нэвтрүүлэх гэж байсныг хил, гаалийнхан тогтоо­сон.
Их хэмжээний төгрөг хилээр гаргах гэж байсан Н-ээс ямар учраас хилээр төгрөг гаргах
гэж байсан талаарх мэдүүлгийг хууль хяналтынхан авсан бай­на лээ. Тэрээр “БНХАУ-ын
Эрээн хотод аваачиж хятадуудад өгдөг. Тэд монгол мөн­гөөр бэлэг дурсгалын зүйлс
хийдэг гэж сонс­сон” хэмээн мэдүүлээд байгаа гэсэн. Он гарсаар нэг, тав, арав, хорь,
тавь, зуун төгрөгийн мөнгөн дэвс­гэр­түү­дийг улсын хилээр нэвт­рүү­лэхийг завдсан
үйлдлүүд хэд хэдэн удаа бүртгэг­дээд байгаа. Ту­хайлбал, 2013 оны тавду­гаар сарын
18-нд Монгол Ул­сын иргэн У 50 төг­рөгийн дэвсгэрт 8000 шир­хэг, 100 төгрөгийн дэвсгэрт
200 ширхэг мөн л хилээр нэвтрүүлэх гэж бай­гаад баригдсан гэв. Мөн энэ сарын
18-нд иргэн Б та­ван төг­рөгийн дэвсгэрт 20000 ширхэг, нэг төг­рөгийн дэвсгэрт
20 шир­хэгийг тус тус улсын хи­лээр нэвтрүүлэхийг завд­сан байсан” гэв.

Өөр нэг эх сурвал­жаас авсан мэдээллээр сүүлийн үед мөнгөний
ченжүүд болон хувь хү­мүүс их хэмжээний мөнгөн дэвсгэртүүд худалдан авах болсон
талаар цаг­даагийн байгууллагад мэдээлэл ирээд байгаа гэнэ. Сүүлийн жилүү­дэд нэг,
тав, арав, хорин төг­рөгийн дэвсгэрт хэрэглэх нь эрс багасаад байгаа. Томоохон дэлгүүр,
бан­куу­дад ч дээрх мөнгөн дэвсгэртүүд байхгүй болж, мөнгөний хариул­тад цөөн ирэх
болсон байна. Өөрөөр хэлбэл эрэлт нь багасч нийлүү­лэлт их болоод байж. Үүнийг урд
хөр­шийнхөн ашиглаж худал­дан авах болжээ. Бидний хэлж заншсанаар бутар­хай мөн­гөөр
хятадууд юу хийдэг нь тодор­хой бус байгаа юм байна.

Хууль хяналтын байгуул­лагад хилээр
их хэмжээний мөнгөн дэвс­гэрт авч гарах гэж байгаад баригд­сан иргэд “Хята­дууд
монгол мөнгө ашиглаж бэлэг дурсгалын зүйлс хийдэг гэж биднээс худалдан авдаг байсан.
Бид­нээс нэг төгрөгийг 2,8 юаниар бодож худалдаж авдаг бай­сан” хэмээн мэдүүлээд
байгаа гэсэн.

Монгол мөнгөн дэвсгэр­тийг хятадууд
их хэмжээгээр худалдан авч байгаа хэргийг цагдаа болон Тагнуулын ерөнхий газар,
Хил хамгаа­лах ерөнхий газар хамтран шалгаж байгаа юм байна.

Манай улс үндэсний мөн­гөн тэмдэгтээ
өөрсдөө үйлд­вэрлэдэг­гүй аж. Европын оронд захиалж хийлгүүл­дэг гэнэ. Бутархай
мөнгөн дэвс­гэртүүдийг их хэмжээгээр улсын хилээр нэвтрүүлж бай­гаа нь  цаанаа ямар нэгэн  эрх ашиг байж магадгүй хэмээн хууль хяналтын байгууллага
таамаг дэвшүүлээд байгаа юм байна. Үнэт цаасыг нь ашиглан гадаадын хуурамч валют
болгож хэрэглэх, цааш­лаад бага мөнгөн дэвсгэр­тийн нөөц багасах, хуурамч валют
их хэмжээгээр дотоо­дын зах зээлд нийлүүлэгдэх сөрөг үр дагавар үүсч бол­зошгүй
гэж болгоомжилж байгаа гэнэ.

Э.БААТАР

Categories
редакцийн-нийтлэл

“Нарантуул”-ын наймаачид талцаж эхэлжээ

“Нарантуул” захын хүнс­ний павильонд
гар­сан галын шалтгааныг өнөөдөр ч тогтоогоогүй байна. Галын шалтгаа­ныг тогтоох
ёстой шин­жил­гээний алба, мэргэж­лийн хяналтын байцааг­чид, Онцгой байдлын албан
хаагчид өнгөрсөн хоёр өдөр ажилласангүй. Бороо ихээр орж байгаа нойтон чийгтэй энэ
үед гал гарсан газар олон хүн хөлхвөл баримт устах аюултай байдаг учраас ийн амралтын
байдалд шилжжээ. Өчигдөр хэр­гийн талаар сонирхохоор “Нарантуул” захад очи­ход шатсан
павильоны үүдэнд хэн ч байсангүй. Хамгаалалтад гарч буй дөрөв таван цагдаа бо­роо­ноос
зугтан машин­­даа бүгжээ. Захын түрээс­лэгчдийн дийлэнх нь Баян­зүрх дүүргийн цаг­даа­гийн
газар, Нийс­лэ­лийн шүүхийг зорьсон сурагтай байв. Зарим нь шатдаг хэсгийн урд бороо­­ноос
хамгаалах жижиг асар хэлбэрийн зүйл барин хууль сахиу­лагч­дын ямар тайлбар хийхийг
хүлээж байгаа бол цөөн хэд нь автома­ши­ны зогсоолд лангуу барин худалдаагаа үргэлж­­лүүлж
эхэлсэн байна. Төмс ногоо, ахуйн хэрэглээний эд зүйлс, загас агнуурын хэрэгсэл гээд
шатдаг павильоны чанх урд ажиллаж байх арваад лангуу хохирогч­дынх ажээ. Ихэнхдээ
эд зүйлээ нэгтгэн нэг лангуун дээр гаргаж байгаа бол ганц нэг хүн гал гарахаас өмнө
урдаас ачуулсан бараагаа хүлээн авч өчигдрөөс арилжаалж эхэлжээ.

Тэнд байгаа хүмүү­сийн яриагаар “Наран­туул”-ын
түрээслэгчид аль хэдийнэ хоёр тал болж хуваагдсан болол­той. Лангуугүй болсон хүнсний
захын наймаа­чид шатдаг павильоны­хоо урдах талбайд худал­­­даа хийхийг хүсч өмнө
нь зогсч байсан хүмүүсийг хөөж эхэлсэн байна. Харин өмнө нь тухайн талбайг түрээслэж
жижиг сажиг эд агуурс зардаг байсан иргэд хал­гаах­гүй байгаа учраас хэл ам, хэрүүл
тэмцэл гарах болжээ.

Ийн ахуйн бараа зар­даг Алтангэрэлтэй
уулза­хад “Хүнсний захын түрээс­лэгчид бидний энэ талбайд үйл ажиллагаа­гаа үргэлжлүүлэн
явуу­лах юм ярьж эхэллээ. Бид нар яг ш дээ гэдэг үгийг л хэлж байгаа. Яагаад гэвэл
нэгдүгээрт хүнсний бүтээг­­дэхүүнийг ил зад­гай зарж болохгүй. Энэ олон хөлийн тоосон
дунд хүнсний бүтээгдэхүүнийг худалдвал ямар болох нь ойлгомжтой. Монголчууд шээстэй
талх, шороотой мах идэхийг хүсэхгүй нь ойлгомжтой. Миний хүсэл ийм л байгаа. Хоёрду­гаарт
хүнсний захын түрээс­лэгчид бидэн шиг халуунд нь халж, хүйтэнд нь хөрч үзээгүй байж
түрээс­лэх лангуугүй болуу­таа бидний талбайг дээрэмдэх юм ярьж бай­на. Энэ хойно
зогсоо лан­гуу­гүй болсон хэдэн авгай та нарыг хөөж явуулна аа л гээд байгаа юм.
Дүрэм журмынхаа дагуу болох байлгүй дээ. Биднийг хөөж гаргаад тэдэнд боломж олгох
гэвэл бид жинхэнээсээ тэм­цэнэ. Захын наймаачид нэгнээ гэмтээчихээгүй байгаа дээр
нь асуудлаа шийд­мээр юм даа. Дүн­жин­гарав ашиглалтад орсон. Хүнсний захыг түр
хуга­цаанд тийш нь тохи­рол­цоогоор нүүлгэсэн ч болох байлгүй” хэмээж байв.

Харин хүнсний захын түрээслэгч,
хохи­рогч Н-тэй уул­захад дараахь зүйлийг ярьж байлаа.

-Гал гараад хэд хоно­лоо. Мэргэжлийн
байгууллагуудаас та бүхэнд тайлбар хийж байна уу?

-Тэнд очиж байцаагч­тай уулз. Энд
ирж мэдүү­лэг өг гэхээс өөр зүйл хэлэхгүй байна. Гурав хоногийн өмнө байцаагч­тайгаа
хамт орж шатсан лангуугаа харлаа. Миний лангуун дээр таван сая орчим төгрөгийн гоо
сайх­ны бараа байсан юм. Юу ч үлдэлгүй шатсан байна. Харин подвалийн давх­рын ихэнх
бараа бүрэн бүтэн үлдсэн байна билээ. Тэгэхээр одоо үлд­сэн бараагаа худалдаа­лах
газар л олох хэрэгтэй байна. Энэ асуудлыг л хамгийн түрүүнд шийд­вэр­лэж өгөөсэй.
Бид бараа­гаа хурдхан эргэл­дүүлж таван төгрөгтэй болохгүй бол өвөл болох нь. Энэ
асуудлыг бодол­цолгүйгээр, шийдэлгүй­гээр удвал бид бүр л хүнд байдалд орно. Таван
төг­рөг олохын төлөө зогсч байснаас бичиг баримт бүрдүүлж, байцаалт өгч үзээгүй
болохоор хүнд­хэн өдрүүд л өнгөрч бай­на даа. Хуулийнхантай харьцаж, хийх ажилгүй
шатсан байрны гадна өдрийг өнгөрүүлнэ гэдэг хэцүү юм.

-Та нар бараа бүтээг­дэ­хүүнээ
ил задгай ч болов зарж байя гэдэг санал гаргаад байгаа гэл үү?

-Зарим иргэд бачуу­рах­даа тийм юм
ярьж явна гэсэн. Миний хувьд хэд хоног байдлыг харах санаатай. Тэгээд ч нэг нь хохирсон
хэрнээ нөгөөх­дөө өширхөж байгаа юм шиг зай талбай, лангууг нь булааж болохгүй байх.
Тэгж л бараа бүтээгдэхүү­нээ зарахыг хүсээд бай­вал өөр олон зах бий шүү дээ. Тийшээ
түрээсийн юм хайсан нь дээр. Гэхдээ Ш.Сайхансамбуу бид­ний хохирлыг бараг­дуулж
шинэ байр барина гэсэн. Энэ амлалтаа л хурдан хэрэгжүүлчихвэл хаа хаанаа хэл ам
гарахгүй.

-Танай түрээслэгчид Дүнжингаравын
удирд­лагуудад бурууг өгөөд байгаа юм биш үү?

-Хэн хэлж мэдэх вэ. Хүн бүр л өөр,
өөр зүйл ярьж явна. Хэнд нь итгэхээ ч мэдэхээ байлаа. Гэхдээ улаан цагаандаа гарч
нэгнийхээ эд агуурсыг ингэж шатаахгүй байлгүй монголчууд. Цаг хугацаа нь ингэж таарах
шиг болно лээ. Гэхдээ галыг санаатай тавьсан гэдэг нь л найдвартай юм шиг санаг­даад
байгаа юм. Хэдэн хүнийг саатуулан шалгаж байгаа гэж яриг­даж эхэллээ. Магадгүй тэд
нар ч гал алдчихсан юм бил үү.

-Хохирогчид ний­лээд холбоо байгуул­сан
гэсэн. Холбооны зүгээс, бусад түрээс­лэгч­дийн зүгээс ямар саналтай байх шиг байна?

-Галын шалтгааныг тодорхойлохыг хүлээж
байх шиг байна. Галын шалтгаан тодорхой бол­бол захын удирдлагууд хэрхэхээ бидэнд
мэдэг­дэнэ гэсэн. Үүний хойно л нүүдлээ хийнэ дээ. Зарим түрээслэгчид маань ч ая
дангаа бодоод эхлэв бололтой. Ирж үзэг­дэх нь цөөрсөн байна. Бодвол өөр газар сонго­сон
юм байлгүй. Энэ хөл­дүү газраас эртхэн зайлж, орчин үеийн оффист ордог байж гэж
халаглах хүмүүс ч цөөн­гүй байгаа. Бас Дүнжинга­рав лангуугүй болж бай­на. Эртхэн
очиж түрээс­лэе гэсэн яриа ч гарах болсон. Ер нь энд утаа уугиж байхад түрээслэг­чид
тэнд оччихсон лангуу үзээд явж байсан гэх хүмүүс ч байна. Сүүлийн хэдэн өдөр олон
л юм дууллаа. Алинд нь итгэхээ сайн мэдэхгүй л байна даа.

Т.МӨНХӨӨ

Categories
редакцийн-нийтлэл

Д.Шүрхүү: Их гүрнүүдийн эрх ашгийн зөрчил хурцдаж байна

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн­гийн
захирал, доктор Д.Шүрхүүтэй ярилц­лаа.

-Монгол Улсын Га­даад харилцааны
дэд сайд Д.Ганхуягийн урил­гаар Оросын Хол­бооны Улсын Гадаад хэргийн орлогч сайд
И.В.Моргулов өнөөдөр Монголд айлчилна. Энэ ямар ач холбогдолтой айлчлал бол?

-Өндөр дээд хэмжээ­ний дипломатуудын
айлч­лал ямагт ажил хэ­рэгч хоёр талын чухал асуудлуудыг хэлэлцэж байдаг. Оросын
Холбоо­ны Улсын Гадаад хэр­гийн орлогч сайд И.В.Мор­гуловын айлч­лалын хөтөлбөрийг
хара­хад энэ байдал тодорхой харагдаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг,
Шадар сайд бөгөөд Монгол, Оросын Засгийн газар хоорон­дын комиссын Монголын хэсгийн
дарга Д.Тэрбиш­дагва, УИХ-ын дэд дарга бөгөөд Монгол, Оросын парламентын бүлгийн
дар­га Л.Цог, Гадаад ха­рил­цааны сайд Л.Болд нарт тус тус бараалхаж, Гадаад харилцааны
дэд сайд Д.Ганхуягтай зөв­лөл­дөх уулзалт хийхээр бол­жээ. Энэ байдлаас хара­хад
Монгол, Оросын дип­ломатууд болон албаны өндөр түвшний хүмүүс нэлээн олон асуудлаар
яриа хэлцэл хийх нь ан­заарагдлаа. Диплома­тууд байнга уулзах нь хоёр талын хувьд
харил­цан ашигтай байдаг. Хөрш орнуудад хүндрэл­тэй асуудлууд их байдаг тул ярьж
хэлэлцэх зүйлс бишгүй юм. Магадгүй өн­дөр дээд хэмжээний ха­рил­цан айлчлалын асуу­дал
ч яригдах байх. Мон­гол Улсын Ерөнхий сайд сүүлийн үед гадаад айлч­лал хийсэнгүй.
Тийм бо­ло­хоор удахгүй ОХУ, Хята­дад айлчлах болов уу гэж бодож байна.

-Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн
орлогч сайд И.В.Мор­гу­ловын айлчлалыг эдийн засгийн ач хол­бог­долтой болов уу
гэж хараад байгаа. Уул уур­хай, төмөр замаас эх­лээд бишгүй ярих зүйл бий гэсэн
хандлага бай­на?

-Нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Учир нь бид гадаад харилцаан­даа
анхаарч ялангуяа хөрш хоёр гүрэнтэйгээ нухацтай ярилцах шаард­лагатай.

Цаашид хэн хүнгүй анхаарч бодлого
бо­ловс­руулах хэрэгтэй. Судлаа­чид нь ч гэсэн хоёр хөр­шөө далайцтай судал­маар
байгаа юм. Улстөрч, шийдвэр гаргах түвшний хүмүүс хоёр хөрштэйгээ харилцаагаа зохицуу­лах­­гүйгээр
Монгол Улс эрчимтэй хөгжинө гэдэг хүнд асуудал. Зах зээл тогтвортой үед манай топ
хэдэн бүтээгдэхүүн болох төмрийн хүдэр, зэс, нүүрсний үнэ ханш зах зэээлд өндөр
байх үед нэг өөр. Энгийнээр хэлбэл манайх нэг хэсэг бардам, давилуун байлаа. Мөн­хийн
тийм байх мэт сэтгэж хойд, урд хоёр хөршөө төдийлөн тоодоггүй. Гэ­тэл хямрал нүүрлээд
ирэн­гүүт гуравдагч хөр­шийн хөрөнгө оруулалт багасаад ирэхээр манай­хан барьц алдаж
байна. Тийм болохоор сүүлийн үед улстөрчид Засгийн газар мэдэрч ажиллаж эхэлж байгаа
нь сайн зүйл.

Нэг талаас хөршийн зүгээс анхаарал
тавьж эхэлж байгаагийн нэг ил­рэл нь өндөр дээд хэм­жээ­ний айлчлал хийж байгаагаас
мэдрэгдэж байгаа юм. Саяхан В.И.Яку­нин Монголд ирээд бөөн шуугиан бол­лоо. Энэ
нь Монгол бол анхаарлын төвд байгааг илтгэж байна. Эдийн за­саг сайн муу байгаа
аль ч үед анхаарлын төвд бай­гаа­гийн нэгэн илрэл энэ.

Зэс, нүүрс, алтны үнэ өмнө нь байгаагүй
хэм­жээнд хүртэл уналаа. Бид­ний хувь заяа зэс, нүүрснээс шалтгаалж бай­на. Цаашид
үнэ нь буурвал бүр хүнд асуу­дал бидний өмнө тулгар­на. Тийм болохоор хоёр хөрштэйгээ
ярилцах асуу­дал үнэхээр их байгаа. Хятад, Орос хоёр мон­голыг сонирхох өөр нэг
шалтгаан бий. Эдгээр хоёр гүрний дунд газрын тос, нүүрс гээд эдийн засгийн талаасаа
томоо­хон харилцан наймаа явагдаж байна. И.В.Мор­гуловын айлчлалаар эдийн засгийн
олон асуу­дал яригдах нь дамжиггүй байх.

-Сүүлийн үед гадны төрийн томоохон
албан тушаалтнууд Монголд айлчилж байна. Тэд юуны учир манай орныг ингэж ихээр сонирхох
болсон юм бэ?

-Үүнд хоёр зүйл бай­гаа юм. Нэгдүгээрт
манай улс хоёр хөрштэйгээ сүү­лийн 200 жил харилцаа­ны хүнд үе шатыг даван туулсан.
Хоёр гүрний ха­раат байдал орж ч үзсэн. 1990 оноос л бид эдийн засаг, улс төрийн
бие даасан байдалд орж эхэл­сэн. Тэгэхээр одоо­гийн Монголын нөхцөл байдал олны
анхаарлыг их татаж байна. Учир нь улс төрийн хувьд бие даасан гадаад бодлого явуулж
эхэлсэн бол эдийн засгийн хувьд асар баялаг нөөцөө одоо л задлах гэж байна. Оюу
толгой бол зөвхөн өчүү­хэн хэсэг. Тэгвэл энэ баял­гаас гадаад улс орнууд, хөрөнгө
оруулагчид яаж оролцох вэ. Хэрхэн хувь хүртэх вэ гэдэг дээр ан­хаарал хандуулж байна.
Дэлхий дээр баялгийн нөөц хэдийнэ хомсдоод эхэлсэн.

Өндөр дээд хэмжээ­ний айлчлал хийгдэж,
хям­раад байгаа нь ч гэсэн үүнийг улс төрийн түв­шинд шийдэж эхэлж бай­на. Танил
тал, нэр хүн­дээ­рээ нөлөөлөхөөс эх­лээд бүхий л арга хэмжээг аваад эхэллээ. Тонни
Блейр, Беккер, Хиллари Клинтон гээд албан ту­шаа­лаа өгсөн хэдий ч нөлөө бүхий хүмүүс
байн­га ирж байна. Тэд тухайн орны бизнес, улс төрийн томоохон ашиг сонирхлыг хамгаалан
ирж байгаа юм. Эдний ирэх нэг хэрэг. Харин бидний асуудал ямар байна вэ. Бид бэлтгэлтэй
баймаар байна. АНУ, Япон, Солонгос, Хятад, Оросууд юу сонирхож байна вэ. Тэдний
ашиг сонирхол дээр хөрөнгө оруулалт, аюулгүй бай­дал, хөгжил, зах зээлээ хэрхэн
уялдуулж зохи­цуу­лах вэ гэдэг асуудал байгаа. Одоогийн манай улс төрийн байдлыг
ха­раад байхад улс төрийн явцуу бүлэглэлийн хоо­ронд зохицуулчих гээд оролдоод байна.
Ийм байж болохгүй. Үүнийхээ оронд эрдэмтэд, бизнес­мэнүүд, ард итгэдийнхээ дуу хоолойг
нэгтгэж бай­гаад алсын хараатай бод­лого хэрэгжүүлэх хэрэг­тэй.

-Сүүлийн үед ОХУ-ын төрийн тэргүүнүүд
улс төрийн ямар бод­лого барьж байгаа вэ?

-Төрийн тэргүүнүү­дийн бодлогыг нь
сайн мэдэхгүй юм. ОХУ-ын зү­гээс Монголыг их чухал­чилж эхэлжээ. Монгол ОХУ-ын хувьд
сонирхлын нөлөөний хүрээнээс гарч, байр суурь нь суларч буй нутаг гэдгийг хүлээн
зөв­шөө­рөөд эхэлжээ. Цаа­шид ийм байдлаар явж болохгүй. Яаж өмнөх байр сууриа эзлэх
вэ. Үүнд хүрэх ямар арга зам байгаа вэ гэдгийг идэвх­тэй эрж хайж эхэлсэн юм болов
уу. Тэдний хувьд тэрхүү гарцаа одоохон­доо олж чадаагүй байна. ОХУ-ын эрдэмтэдтэй
ярьж байхад Монгол, Оросын худал­даа, хөрөнгө оруулалтыг харж байхад аажмаар Хятад
болон өрнөдийн орнуу­дад байр сууриа алдах дүр зураг ажиг­лагдсан. Худалдааны ба­ланс
дээр ярихад импорт Хятад 27.6, ОХУ 27.4 гээд ижил түвшинд байна. Тэг­вэл экспортын
хувьд ОХУ-тай хоёр хувь ч хүрэхгүй байгаа нь эмзэглэмээр байгаа юм. Гэтэл Хятад
экспортоор 92.6 хувь бай­на.

-Хуучин Орос, Мон­гол хоёр орон
ах дүү­гийн найрамдалт ха­рил­цаатай байлаа. Одоо тэр хэмжээнд хүрч байна уу?

-Цаг үеэ дагаад бүх зүйл өөрчлөгдсөн.
Ма­най­хан Оросоос импор­тоор газрын тосны бү­тээг­дэхүүнийг хамгийн ихээр оруулдаг.
Гэтэл бид нүүрс, газрын тосноосоо шатахуунаа гаргана гээд байгаа. Хэрэв тэгээд эхэлбэл
манай улс Оростой бараг худалдаа байхгүйтэй адил болно. Эрдэнэт үйлдвэр, Улаан­баа­тар
төмөр зам хоёр өнөөдөртөө эдийн засаг уул уурхай, зам тээвэрт чухал үүрэгтэй байна.
Одоо манайхан өөрсдөө төмөр замаа бариад эхэл­лээ. Тав, 10 жилийн дараа Улаанбаатар
тө­мөр зам гэдэг байгуул­лага ямар байр суурь эзлэх нь ойлгомжтой. Оросын байр суурь
бүр л бага болно. Эрдэнэт одоо­хондоо том байгаа хэдий ч Оюу толгой дариу дөрөв
дахин илүү нөөц­тэй. Мөн Цагаан суваргын орд байна. Энэ бүгд ашиг­лалтад ороод эхэлбэл
Эрдэнэт ажиллаж байгаа ч гэсэн байр суурь нь ямар болох нь тодорхой. Цахилгаанаа
мөн өөрс­дөө үйлдвэрлээд эхлэ­хээр Оросын ашиг сонир­хол манайд юу байх вэ. Батлан
хамгаалах сал­барт цэрэг, зэвсэг гэсэн жаахан зүйл л үлдэх гээд байна.

Хоёр хөрш гүрний орол­цоогүйгээр бид
хэ­вийн үйл ажиллагаа явуулна гэдэг манай орны хувьд маш хүнд асуудал. Бидний зүгээс
Оросууд­тай шинэ хөрөнгө оруу­лалт, хамтын ажиллагаа­ны хэлбэр рүү шилжих хэрэгтэй.

-АНУ-ын Ерөнхий­лөгч Барак Обама
ОХУ-д айлчилна гэсэн. Дэл­хийн хоёр том гүрний төрийн тэргүүнүүдийн хооронд ямар
яриа өр­нөх бол гэсэн асуулт газар аваад байна?

-Дэлхий даяар санхүү эдийн засгийн
хямралтай байгаагийн зэрэгцээ их гүрнүүдийн эрх ашгийн зөрчил хурцдаж байна. Өөрсдийн
эрх ашгийг хамгаалж буй ОХУ, АНУ, БНХАУ гэсэн гурван том гүрэн бий. Энэ гурвыг тойрсон
асуудал асар их. Кипр улс дээр аваад үзэ­хэд Хятад түүнд ихээхэн хэмжээний хөрөнгө
оруул­сан. Учир нь ОХУ тэнд стратегийн нөлөөгөө бэхжүүлэхийг хүссэн. Эдийн засаг,
санхүүг нь барьчихсан байхад улс төрийн шийдэл гаргахад хялбар байдаг. Сири, Египет
бол ОХУ-ын то­моо­хон түнш холбоотон шахуу байлаа. Тэнд Газ­рын дундад тэнгис гэсэн
стратегийн маш чухал газар. Гэтэл тэнд Оросын байр суурь суларч эхэл­сэн. Тэр үед
тэд Киприйг сонгосон. Энэ мэтчилэн­гээс харахад томоохон гүрнүүд стратегийн то­моо­хон
байршил олж авахын тулд тэмцэлдэж байна. Биднийг хөндлөн­гөөс харахад Сири, Ливи,
Хойд Солонгос, Киприйн хямрал мэт харагдаж бай­гаа боловч цаана нь то­моо­хон гүрнүүдийн
зөр­чил явагдаж байдаг. Хятад эдийн засгаар давамгайлаад эхэлбэл Орос Төв Азийн
эдийн засгаас шахагдана.

-ОХУ-ын Гадаад хэр­гийн сайд Сергей
Лав­ров “2014 он гэхэд Мон­гол Улс Оросын БНУ болно” хэмээн мэдэг­дэл зарласан тухай
хэв­лэлээр нэлээд шуу­гисан. Уг мэдээллийг Оросын талаас няцаа­сан хэдий ч хү­мүүсийн
эргэлзээ ари­лах­гүй байгаа?

-Орост хэвлэл мэдээ­лэл чөлөөтэй байдаг.
Уг мэдээлэл манайхнаар бол шар мэдээ гарсан болов уу гэж бодсон. Оросын талаас ч
тийм зүйл болоогүй гэсэн няцаалт хийсэн. Албан ёсоор тэгж ярьсан уу, үгүй юу гэдгийн
цаана Оросын хэвлэл мэдээллээс эрх баригчдадаа өгч буй дохио.

-Ямар учиртай дохио гэж?

-Монгол гэж асар их баялагтай, өмнө
нь манай нөлөөллийн хүрээнд бай­даг байсан улс байна. Энэ улсыг та нар анхаа­рахгүй
байгаа юм биш үү, авчихбал яасан юм бэ гэсэн сануулга өгч байгаа болов уу. Орос,
Хятадад үндсэний үзэлтнүүд их байдаг. Одоогийн Орос Зөвлөлтийнхөөс өөр, Мао-гийн
үеийн Хятад хоёр өөр болсон гэдгийг мэдэж байх хэрэгтэй.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Ихэнх цэцэрлэгийн бүртгэл дуусчээ

-НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН НАСНЫ ХҮҮХДИЙН ТАЛ НЬ ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАЖ ЧАДСАНГҮЙ-

Цэцэрлэгийн бүртгэл эхэлсэнтэй холбоотой­гоор
эцэг, эхчүүд хүүхдээ бүртгүүлэхээр урт да­раа­лал үүсгэн дугаарлаж байна. Зарим
эцэг, эхчүүд цэцэрлэгийн гадаа хоно­жээ. Энэ талаар сурвал­жил­сан юм. Өчигдөр өг­лөө
улсын ихэнх цэцэр­лэ­гүүдийн гадаа эцэг, эх­чүүд урт дараалал үүсгэ­жээ. Хүүхдээ
бүртгүүлж чадаагүй эцэг, эхчүүд ийн ярьж байна. Э.Нарантуяа “Хэд хэдэн цэцэрлэг
дээр очлоо. Баянзүрх дүүрэг хүн ам ихтэй. Тиймээс цэцэрлэгүүд нь ачааллаа дийлдэггүй
юм.  Бүгд хүүх­дийн тоо гүйцсэн гээд байх
юм. Зарим цэцэрлэг нэг ангид 50 хүүхэд авсан байна. Уг нь бол 25 хүү­хэд­тэй байх
ёстой гэсэн. Энэ жил миний хүү гурван настай. Өнгөрсөн жил сурсан цэцэрлэг нь харьяал­лынхаа
цэцэр­лэгт ор гээд аваагүй. Одоо хувийн цэцэрлэг хайхаас. Ажлаасаа гараад хүүхдээ
харж чадахгүй учраас өөр арга алга даа” гэв. Г.Зол­заяа “Хүүхдээ цэ­цэрлэгт нь арай
гэж бүрт­гүүллээ. Багшид нь 250.000 төгрөг өгсөн. Хү­мүү­сээс асуусан чинь дунд­жаар
250.000 төгрөг өгөхөд болно гэ­сэн. Зарим багш нар 400, 500 мянган төгрөг авч байгаа
гэж сонссон. Хан­дивын мөнгө нэртэй бо­лохоос хахууль шүү дээ энэ чинь. Хүн ам өсөөд
байхад сур­гууль, цэцэр­лэ­гийнхээ тоог нэмэхгүй байж болох уу. Энэ жил нэг ч улсын
цэцэрлэг нэ­мэгдээгүй юм гэсэн. Уг нь баахан цэцэр­лэг барина гээд байсан худлаа
ам­лалт байсан бололтой” гэж шүүмжил­лээ. Хэдий­гээр бүх цэцэр­лэгийн га­даа эцэг,
эхчүүд урт да­раалал үүсгэсэн байсан ч үдээс өмнө ихэнх нь бүртгэл дууссан хэмээн
хаалгаа барилаа. Манай сурвалжлах хэсэг Улсын 75 дугаар цэцэр­лэг дээр очлоо. Энд
э­цэг, эхчүүд дугаарлаж зогс­сон байв. Өмнө нь тус цэцэрлэгт явж байсан хүүхдүүд
ямар ч асуудал­гүй бүртгүүлж байлаа. Харин шинээр бүртгүү­лэ­хээр ирсэн хүүх­дүүдийн
хувьд асуудал үүсч байв. Багш нар хүүхдүүдээ бүрт­гэж дуус­сан учраас ямар ч арга
байхгүй хэмээ­гээд 14.00 цагийн үед хашааныхаа хаалгыг түгж­лээ.

Цэцэрлэг хүрэлцэхгүй байхад энэ жил олон цэцэрлэгийн үйл ажилла­гааг
хаасанд  иргэд бу­хим­даж байлаа. Нийтдээ
нийслэлийн хэмжээнд зургаан цэцэрлэг хаагд­жээ. Улсын 59 дүгээр цэцэрлэгийг хаасан
шалт­­­гаан нь засвар ши­нэч­лэлийг хичээлийн ши­нэ жилээс өмнө дуусгаа­гүй учраас
ийнхүү түр хаасан байна.

Мөн саажилттай хүүхдүүдийг сургадаг
Аравдугаар цэцэрлэгийг хаасан. Хаагдсан цэцэрлэ­гүүдийн хүүхдийг ойролцоо цэцэр­лэгт
ху­ваарилж байгаа нь ачаалал үүсэхэд нөлөөлж байгаа хэмээв. Бүрмөсөн хаагдсан цэцэрлэ­гүү­дийн
хувьд барилга нь шаардлага хангахгүй нурах аюултай учраас хааж байгаа талаар албаны
хүмүүс хэлж байсан юм. 

Нөгөө талаар төрөлт их, хүүх­дийн
тоо нэмэгдэж байгаа нь нө­лөөлж байгаа аж. Энэ жил улсын хэмжээнд 241 мянга гаруй
цэцэр­лэгийн насны хүүхэд байгаа гэнэ.  Өнгөрсөн
хичээлийн жилийн ста­тис­тик тоогоор улсын хэмжээнд арван хүүхдийн гурав нь цэцэрлэгт
хамрагдаж чадаагүй бол нийс­лэлийн хэмжээнд арван хүүхдийн дөрөв нь цэцэрлэгт хамрагдаж
чадахгүй байгаа юм байна. Улаан­баатар хотод 100 гаруй мянган цэцэрлэгийн насны
хүүхэд байхад 30-50 мянга гаруй хүүхэд хамраг­даж чадахгүй байгаа юм байна. 

БШУЯ-ны Сургуулийн өмнөх бага
боловсролын хэлтсийн дарга Б.Гантулгаас зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ жил хичнээн цэцэрлэг үйл ажиллагаа
явуулах вэ. Хэ­дэн хүүхэд элсэн орох боломж­той вэ?

-Улсын хэмжээнд өнгөрсөн хичээлийн
жилд 445 цэцэрлэг үйл ажиллагаа явуулсан. Үүнд 181 мянган хүүхэд хамрагдаж байсан.
Энэ хичээлийн жилд 1017 цэцэр­лэг үйл ажиллагаа явуулна. Үүнд 191 мянган хүүхэд
хамрагдах ста­тистик тоо гарсан байна. 2013 оны улсын төсөвт шинээр 71 цэцэрлэг
барих ажил тусгагдсан. Үүнээс энэ онд 32 цэцэрлэгийг ашиглалтад өгөх юм. Өнөөдрийн
байдлаар орон нутагт долоон цэцэрлэг улсын комисс хүлээж авсан бол Улаан­баатарт
хоёр цэцэрлэг ашиглалтад орсон байна.

-Цэцэрлэгийн бүртгэл эхэл­сэн өдрөөс
хойш эцэг, эхчүүд цэцэрлэгийн гадаа урт дараалал үүсгэж, зарим нь хонож байна хэмээн
иргэд бухимдалтай бай­на. Цэцэрлэгийн тоо яагаад хүрэлцээ­гүй байна вэ?

-Ер нь жил бүрийн цэцэрлэгийн бүртгэлийн
ажил нэлээд ачаалал­тай чирэгдэл ихтэй болдгоос эцэг, эхчүүдэд бухимдал үүсдэг.
Энэ нь юутай холбоотой гэхээр, цэцэр­лэгийн бүртгэлийн хугацаа тодор­хойгүй, богино
хугацаанд нээлттэй бус байдлаар бүртгэлээ авдаг байснаас болдог. Хүүхдийн эрүүл
мэндийн шинжилгээ гэх мэтийн олон зүйлд эцэг, эхчүүдийг чирэг­дүүлдэг. Энэ жил ийм
чирэгдэл байхгүй болж байгаа юм. Энэ жи­лийн бүртгэл тодорхой хугацаатай. Хугацаа
нь боломжийн урт. Энэ сарын 19-28-ны хооронд цэцэрлэ­гийн бүртгэлийг зохион байгуулна.
Мөн хүүхдийн эрүүл мэндийн бич­гийг заавал эмнэлгүү­дээр явж шинжилгээ хийлгэх шаард­лагагүй
болсон. Өрхийн эмнэлгүүд нь цэ­цэр­лэгийн насны хүүхдийн бүх төрлийн шинжилгээг
гаргаж өгнө. Шаардлагатай гэвэл тухайн цэцэр­лэг дээр нэгдсэн байдлаар шин­жил­гээ
авах зэрэг зохион байгуу­лалтын арга хэмжээ авна.

-Зарим цэцэрлэг харьяал­лын бус
хүүхдүү­дийг цэцэрлэгт нь авахгүй байна гэсэн гомдол эцэг, эхчүүдээс их ирж байна.
Үүнд ямар нэг зохи­цуулалт хийж болохгүй юу?

-Хуучин хүүхдүүд тухайн явж байсан
цэцэрлэгтээ үргэлжлүүлээд явна. Эцэг эхчүүдээс ийм гомдол их ирдэг. Манай хүүхэд
энэ цэцэрлэгт явж байсан юм. Тэгсэн чинь танай хүүхэд харьяаллын бус байна гээд
авахгүй байна гэсэн гомдол тасрах­гүй байна. Энэ тийм биш. Харьяал­лын ч бай, харьяаллын
бус бай хуучин явж хүүхдийг цэцэрлэгт нь авах ёстой. Харин шинэ хүүхдүү­дийн хувьд
болж өгвөл харьяаллын дагуу ав. Харьяаллын цэцэрлэгийн хүүхдийн тоо гүйцсэн байвал,
бусад цэцэрлэгүүд боломжоороо хүүхдүүдээ аваарай гэж хэлэх байна. Насны хувьд хуучин
жур­маар есдүгээр сар хүртэл хоёр настай хүүхдүүдийг бүртгэж ав гэсэн байгаа. Гэтэл
энд арав, арван­нэг, арванхоёрдугаар сард төрсөн хүүхдүүд маань хаачих вэ гэдэг
асуудал гарч ирж байгаа. Тиймээс энэ удаагийн бүртгэл дээр журмын хувьд өөрчлөлт
оруулах, уян хатан байх бодлого барьж байна.

-Ерөнхийлөгчийн санаачил­гаар гэр
цэцэрлэг ажиллуулна гэж байсан. Үүнийг яарал­тай ажил хэрэг болгооч гэсэн санал
иргэдээс их ирж байна?

-Энэ хичээлийн жилд 3200 ортой гэр
цэцэрлэгүүд ажиллана. Эхний ээлжинд 100 гэр цэцэрлэгийг бүх орон нутагт байгуулаад
байна. Мөн төслийн хүрээнд хүн ам ихтэй дөрвөн аймаг, хоёр дүүрэгт гэр цэцэрлэг
ажиллуулна.  Улаанбаа­тар хотын хувьд Сонгинохайрхан,
Баянзүрх дүүрэгт шилжилт хөдөл­гөөн их. Нөгөө талаар хүүхэд гарах үйлчилгээг хэрэг­жүүлэх
асуудал яригдаж байна. Хүүхэд гаргах үйлчилгээг дэлхийн олон оронд нийтлэг байдаг.
Энэ нь байгуул­лага, аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд нь жижиг хэлбэрийн цэцэрлэг
бий болгож,  хоёр гурван өрөө гаргаж ажилтнуудынхаа
хүүх­дүүдийг хардаг, энэ дээр нь улсаас хувьсах зардал гаргадаг. Ийм чиглэлийн ажлыг
хэрэгжүүлэх саналыг Засгийн газарт өргөн барьсан. Хэрвээ хүүхэд харах үйлчилгээний
асуудлыг УИХ-аар батлавал цэцэрлэгүүдийн ачаалал эрс буурах юм. Суултуур, хичээ­лийн
хэрэглэл, эсгий шалавч гээд маш олон шинэ зүйлийг энэ хичээ­лийн жилд гэр цэцэрлэгт
нэмж байна. Гэр цэцэрлэгийг захын дүүргүүдийг цэцэрлэгүүдийг түшиж явуулна. Баянзүрх,
Сонгинохайр­хан дүүрэгт тус бүр 5, 6 цэцэрлэг бий. Энэ жил дахиад нэлээд олон гэр
цэцэрлэг нэмэгдэнэ. Улиастай, Хужирбулан гээд алслагдсан хороонд гэр цэцэрлэг баригдаж
байна.

-Нийтдээ улсын хэмжээнд хичнээн
цэцэрлэг үйл ажил­лагаа явуулах юм бэ?

-Энэ хичээлийн жилд 742 улсын цэцэрлэг
үйл ажиллагаа явуулна. Хувийн цэцэрлэгийн хувьд 155 цэцэрлэг үйл ажиллагаа явуул­на.
Өнөөдрийн байдлаар 100 гаруй хувийн цэцэрлэг тусгай зөв­шөө­рөл хүссэн. Одоогийн
байд­лаар Нийслэлийн боловсролын газраас 
53 цэцэрлэгт тусгай зөвшөөрөл олгох чиглэл байна.

-Жил болгон л олон мянган хүүхэд
цэцэрлэгт хамрагдаж чадахгүй үлддэг. Энэ байдал хэзээ өөрчлөгдөх вэ?

-Ер нь сүүлийн жилүүдэд хүүх­дийн
төрөлт их байна. Хүүхдийн тоо нэмэгдэж байхад цэцэрлэгийн барилгын ажил зөрж байна.
Хүр­тээмжийн хувьд хангаж чадахгүй байна. Энэ асуудалд бид яаралтай зохион байгуулалтын
ажил хийж байна. Юу вэ гэхээр, 89 бага сур­гууль, цэцэрлэгийн комплекс барих юм.
Зураг төсөл нь батлагдаж, төсөв хөрөнгө нь шийдэгдэж, газар байршил нь шийдэгдсэн.
Төсөв хөрөнгө нь байвал,  2016 он гэхэд хүүхдүүдийн
цэцэрлэгт хамрагдах хүртээмж хамаагүй дээшилнэ. Хүүхдүүдэд цэцэрлэггүй хоцорно гэсэн
бэрхшээл бараг гарахгүй болно. Бага сургууль, цэцэрлэг хоёрыг нэг дор байлгадаг
жишиг бусад оронд олон бий. Зургаан настнууд 18 настнуудтай нэг дор сурах нь олон
зүйлээр тохиромж­гүй байгаа юм. Тэдний хөл гарт өртөх, хүмүүжилд нь нөлөөлөх зэргээр
нэг дор сургахад тохи­ромжгүй зүйл олон байна.

-Хэдэн сургууль хаагдсан бэ?

-Хаагдсан хоёр сургууль бай­гаа. Монгол
гуравдугаар сургууль, Арваннэгдүгээр сургуулийг хаасан. Одоогийн байдлаар арваннэг­дүгээр
сургуулийг буулгасан. Гурав­дугаар сургуулийг буулгаж амжаа­гүй байна. Хаагдсан
сургуулийн хүүхдүүдийг ойрхон сургуулиудад хуваарилж хичээллэнэ. Ер нь энэ жил есдүгээр
сарын 1-нд 18 сур­гууль ашиглалтад орж, хүүхдүүдээ хүлээж авна. Энэ ондоо багтаж
орох сургуулиудын тоо ч байна. Энэ жил алтан гахай жилтэй олон хүүхэд элсэн орж
ирж байгаа учраас зохицуулалтын зарим ажлуудыг хийсэн байгаа.

Х.ЦЭНД-АЮУШ

Categories
редакцийн-нийтлэл

Цэцэрлэг гэж цэвэр хөндөгдөөгүй бизнес байна

Монголын цэцэрлэгүүд энэ жил дуулиан
тарьж байна. Цэцэрлэг бүрийн гадна урт дараалал үүсч, эцэг, эхчүүд шаагилдан бачуурч
байна. Урьд өмнө нь ингэдэг байсан бил үү. Мэдэгддэггүй байж. Их, дээд сургуульд
хүүхдээ оруулах гэсэн эцэг, эх, сурагчдын 
сүржин биш  дараалал урьд жилүүдэд
үзэгддэг байсан санагдаж байна. Тэгвэл энэ жил юун их, дээд сургууль. Цаана чинь
намар болж ажил алба цуглаж, жигдрэх гээд алаг үрсээ хөтөлсөн аав, ээжүүд  сандралдаж явна. Хүүхдийг нь авах цэцэрлэг олдохгүй
амьсгаа дээгүүр гүйж байна. Харьяа дүүргийнхээ цэцэр­лэгт хандаад ч горьдсоны гарз
болсон учраас хаа таарсан цэцэр­лэгийнхээ үүдийг өдөр шөнөгүй сахиж, нойр хоолгүй
юм болж байна. Ар өврийн хаалга, арав таван төгрөгөөр ч цэцэрлэгийг аргалах найраа
алга  болсон шиг байна.

Яагаад ийм зүйл болов. Сүүлийн жилүүдэд
төрөлт нэмэгд­сээр байна. Зөвхөн нэг жилд гэхэд төрж байгаа эмэгтэйчүүдийн тоо арван
мянгаар өсч байна гэсэн тоо бий. Монголын үрс маш олон бол­тугай гэсэн ерөөл биеллээ
олоод эхэлтэл улс нь цэцэрлэгийнхээ тоог нэгээр ч нэмэхгүй байгаа нь эмгэнэлтэй.
Ийм байхад нөхцөл байдал хэцүүдэхээс  өөр
яах билээ. Цэцэрлэгүүд жил болгон хуучин хүүхдүүдээ эхлээд хэл амгүй бүрт­гэдэг.
Дараа нь шинээр цэцэрлэгт орж байгаа жаалуудыг авдаг. Гэвч энэ нь хязгаартай учраас
зай багтаамждаа тааруулж цөөхөн хэдэд нь “эрх” олгодог. Ингээд шинээр цэцэрлэгт
орох нийт хүүх­дийн 30 гаруй хувь нь “гудамжинд” үлддэг гэсэн тооцоо бий. Нарийн
хэлбэл, Монголд цэцэрлэгийн насны 230 мянган хүүхэд  байгаа. Харамсалтай нь тэдний 80 мянгыг нь цэцэрлэг
авах багтаамжгүй.  Тиймээс тэр хүүхдүүдийн
азтай нь өвөө, эмээ, хамаатан садныгаа барааддаг. Үлдсэн нь гэртээ цоож­той хаалганы
цаана өдрийг өнгө­рөөнө гэсэн үг.

230 мянган хүүхдийг бүгдийг нь цэцэрлэгт
оруулъя гэвэл өнөөдөр манайд 800 цэцэрлэг шаардлага­тай. Гэтэл Мэргэжлийн хяналтын
газраас шаардлага хангахгүй гэдэг шалтгаанаар 200 цэцэрлэгийн үйл ажиллагааг хаачихаад
байгаа нь өнөө жил асуудлыг хурцатгаж, дуулиан шуугиан болгоод байгаа бололтой.
Яг одоо нэг цэцэрлэг шинээр дөнгөж 20 хүүхэд авна гэж байгаа. Гэтэл гадаа нь хүүхдээ
өгөх гэсэн 200 эцэг, эх жагсчихсан дүр зураг үзэгдэж байна. Энэ тухай үнэн бодит
байдлыг манай сонин өнөөдрийн дугаартаа сурвалжлан хүргэж байгаа.

Эндээс харахад Улаанбаатар хотод цэцэрлэг
нэн хэрэгцээтэй зүйл болон хувирчээ. Хаа таарсан газраа хэн бүхэн цэцэрлэг байгуу­лахгүй
бол болохоо байсан нь тодорхой байна. Шууд хэлэхэд цэцэрлэг гэдэг цэвэр хөндөгдөөгүй
бизнес  манайд гарч ирлээ. Эрэлт хэрэгцээ
байгаа учраас энэ бизес Монголд хэрэгтэй гэсэн үг. Тиймээс цэцэрлэг байгуулах бизнесийг
төрөөс дэмжих шаардлагатай байна. Тэглээ гээд төр засгийг цэцэрлэг байгуулаад өг
гэсэн юм биш. Үнэндээ төр цэцэрлэг бай­гуул­на гэвэл өч төчнөөн зовлон тоочиж, төсөв
мөнгөний гачлан яриад  ойрын арав, хорин жилдээ
бүтэхгүй. Тэгснээс  цэцэрлэг бай­гуу­лах нөхцөл
бололцоогоор нь иргэдээ хангачих. Ард түмэнд юу хэрэгтэй байна. Төр түүнийг олж
хараад зөв бодлого, зөв гарц олдог байх нь хамгийн чухал. Ард түмний нэг хэсэгт
нь хэрэгтэй болчихоод дутагдаад байгаа зүйлийг нөгөө хэсгээр нь  хийлгэж чаддаг төр л хамгийн сайн төр.

Цэцэрлэгийн асуудал дээр тэгвэл яах
ёстой юм бэ. Цэцэрлэг, сургууль байгуулах тухай хууль гаргах хэрэгтэй юм байна.
50 айлын дунд нэг цэцэрлэг байгуулна ч  гэдэг
юм уу. Хуульдаа тусгачих. Хэрэв энэ тооцоонд нь Сүхбаатарын талбай ч багтаж байвал
тэнд цэцэрлэг байгуулсан ч яадаг юм. Харин хууль маань ямар байх ёстой юм гэж үү.
Цэцэрлэг барьж, байгуулах стандартуудыг тогтоо­сон хууль байх хэрэгтэй. Цэцэрлэг
баръя гэсэн иргэн, аж ахуй нэгжид хөнгөлөлттэй зээлийг хаалт, боолтгүй  олгох тухай заасан байх ёстой.  Дараа нь газрынх нь асуудлыг зохицуулсан байх
шаардлагатай. Ажил хийе, бүтээн байгуулъя гэсэн иргэд цэцэрлэгээ бариад ашиглал­тад
оруулчихсаных нь дараа элдэв төрлийн татвараар дарамтлаад байдаггүй байх  хэрэгтэй. 
Үүнийгээ ч хуульдаа заачих ёстой. Ер нь цэцэрлэг байгуулж, түмэнд буян үйлдэж
байгаа хүмүүсийг татва­раас ор тас чөлөөлсөн ч болохгүй гэх газаргүй.

Мөн цэцэрлэгийн нэг хүүхдэд ногдох
хувьсах зардал мэтийн нарийн ширийн зүйлүүдийг хууль­даа оруулбал зохилтой. Тухайн
цэцэрлэгийн барилгыг барьж дуус­гах хугацааг хүртэл хуулиараа тодорхой болгох нь
зөв. Дулаан, цахилгаанд яаж холбох зэрэг дэд бүтцийн асуудлыг нь шийдэх хэрэг­тэй.
Нэг цэцэрлэг хэдэн хүүхэд авах юм, ямар хоол хүнсээр хангах юм, хэдэн цагт тарах
юм гээд бүгдийг нь анхнаасаа төлөвлөж, хуулиа гаргах нь чухал байна. Харин давхар
давхар зээл авах хүн гарах вий. Худлаа ярьж, хулхи аргаар цэцэрлэг байгуулах вий,
чанаргүй хоол хүнсээр хүний хүүхдүүдийг хордуулах вий гэдэгт нь төр төмөр нүүрээ
үзүүлж, хатуу хяналт тавь­даг байхад л болно.

Үнэхээр ийм маягаар ажиллах шаардлага
бий болчихсоны батал­гаа нь өнөөдөр хэдэн зуугаараа цэцэрлэгийн үүд сахиж суугаа
эцэг, эхчүүд болж байна. Гэтэл Монго­лын төр мэдрэмжгүй байна. Хуучин хүүхдийн байгууллагыг
хувьчилж аваад зориулалтыг нь өөрчилж газрыг нь хураана  гэх мэтийн тэнэг юм яриад сууж байна. Хүний өмчийг
хурааж, булааж авах  асуу­дал энэ цаг үед
лав байх ёсгүй.  Ард түмнээсээ өмч, хөрөнгийг
нь хурааж, хулгайлж авсан үе Монго­лын түүхэнд нэг л  удаа гарсан. 
Тэр нь лам, хар нийлсэн 37 мянган иргэнээ алж хядаж байж хийсэн дарангуйлал
байсан юм. Цусаар бичигддэг энэ түүх Монголд дахин хэзээ ч давтагдах ёсгүй. Юмны
эзэн, эд хөрөнгөтэй хүн бүхнийг буудан унагаж, алж талдаггүй л юм бол өмч булаадаг
нийгэмчлэл хэзээ ч ирэх­гүй. Тиймээс цэцэрлэг байгуулах боломжийг иргэддээ олгох
ухаалаг шийдвэр гаргавал яасан юм.

Уг нь энэ санаа өнгөрсөн Ерөн­хий­лөгчийн
сонгуулиар гарсан л даа. Гэртээ ажилгүй суугаа 
айлын эзэгтэй нар ойр хавийнхаа,  ах
дүү, хамаатан садангийнхаа хүүхдүү­дийг нийлүүлээд харж, хүмүү­жүүлье.  Ингэж гэр цэцэрлэг ажил­луулс­ных нь төлөө түүнд
цалин өгье гэсэн санаа. Гадаадын улс орнууд ийм л зарчмаар хүүхдээ харж, асардаг
жишигтэй. Тухайл­бал, баруун европ, Америкт гэрээр хүүхэд харах үйлчилгээ илүү хөгж­сөн
байдаг. Гэр цэцэрлэгт цөөхөн хүүхэд авдаг. Тиймээс хүүхдийг харж хандах хяналт нь
сайн байдаг. Тэр хэрээрээ хүүхдүүд эрүүл ахуйн шаардлага хангасан аюулгүй орчинд
байж чаддаг сайн талтай. Хүүхэд асрах энэ үйлчил­гээнд тухайн улсын нийт хүүхдийн  70 гаруй хувь нь хамрагддаг гэсэн судалгаа байдаг
юм билээ. Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж сонгуульд нэр дэвшихдээ мөрийн хөтөлбөр­төө яг
энэ тухай тусгасан байсан. Хоёр хүртэлх насны хүүхдийг гэрээр харж, 2-5 хүртэлх
насны хүүхдийг цэцэрлэгт хамруулахаар заасан байгаа юм. Ингээд таваас дээш тооны
хүүхэд асарч байгаа хүний ажлыг баталгаажуулж, гэрчилгээ олгоно.

Өнөөдөр цэцэрлэгт хүмүүжиж байгаа
нэг хүүхдэд улсын төсвөөс сар бүр олгодог 116 мянган төгрө­гийг гэр цэцэрлэг ажиллуулж
байгаа хүнд цалин болгоод өгчихье. Тэгвэл тав, зургаан хүүхэд харсан хүн сард дунджаар
400-500 мянган төгрө­гийн цалин авна гэсэн маягаар мөрийн хөтөлбөртөө тусгажээ.
Үүнийг нь УИХ-ын эмэгтэй гишүүд хууль болгон өргөн барьсан. Тэгэхээр энэ хуулийг
яаралтай баталж, хүн бүрийн толгойн өвчин болчихоод байгаа цэцэрлэгийн асуудлыг
шийдэх хэрэгтэй болжээ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Зэс, нүүрс яахав, уран, занарын асар их нөөцөө яах вэ

Уг нь бид юун нүүрс, юун зэс гэж хэлэхээр
улс. Нүүрс, зэсийн үнэ таагүй байгаа бол 
зана­раа­саа тос гаргаж, уран, газрын ховор элементээ олбор­лож яагаад болохгүй
гэж. Боломжгүй хүн тэнэг биш, боломжийг харалгүй өнгөр­сөн нь тэнэг гэж үг бий.
Тэгэ­хээр ямар боломж байгаагаа эргэж нэг харвал ямар вэ.

ЭХНИЙ БОЛОМЖ-ШАТДАГ ЗАНАР

Дэлхийн том гүрнүүд  газрын тосноос болж Ойрх Дорнодыг царайчилдаг
байв. Шатахууны нөөцтэй ганц том бүс учраас тэр зүгийн нөх­дийн элдэв араншинг хүлцэж,
аргадсаар өдий хүрсэн их гүрнүүд өнөөдрөөс арай өөр зүйлд анхаарлаа хандуулж эхэллээ.
Учир нь тэд газрын тосны ирээдүйг занар гэж хараад эхэлчихсэн.  Америк 
гэхэд л газрын гүнд байгаа шатдаг занараасаа тос гар­гаад хэрэглэж байна.
Зана­раас тос гаргах технологио­роо цэнхэр гаригтаа л  номер нэг нь. Гэтэл өнөө америкчууд манай занарыг
сонирхоод эхлэв. Дэлхийгээр нэг явж занарыг 30 гаруй жил судал­сан Харольд Винегар
гэгч эрхэм “Би дэлхийн бүх зана­рыг судалсан. Монголын занар шиг ийм сайныг нь харсангүй.
Чанараараа дэл­хийд гайхагддаг Израйль, Иорданы занараас хоёр дахин их хэмжээний
тос гарна гээд бод доо” гэж толгой сэг­сэрс­нийг бодоход Төв аймагт занарын анхаарал
татахаар сайн чанарын нөөц илэрчи­хэж. Төв аймгийн Эрдэнэсант, Бүрэн сумдын дунд
орших Өвөржаргалантын хөндийд дэлхийн хамгийн чанартай занар байна. Хүхэргүй гэж
гадныхан гайхан дуу алдац­гаана лээ. Ийм занарыг боловс­руулахад элдэв хорт хий
ялгарахгүй учраас ингэж олзуурхаж л дээ. Тэдний хэлж байгаагаар манай занар органикийн
өндөр агуулгатай гэсэн. Ийм занараас хамгийн сайн чанарын тос гардаг гэнэ. Газрын
гүнээс дулааны аргаар олборлоод л ашиглаж болох учраас,   нэрэх үйлдвэр байгуулж элдэв зардал гаргах­гүйгээр  тосыг нь зах зээлд нийлүүлэх боломжтой учраас
ингэж шагшицгаасан хэрэг.

Төв аймгийнхан өнгөрсөн хорин жилийн
турш М.Энхболд, Н.Энхболд, Су.Батболд зэрэг нэг намын улстөрчдийг  УИХ-д сонгосон. Биднийг төлөөлөөд УИХ-д суу, тэгээд
аймгаа хөгжүүлээ­рэй гэж хэдэн парламент дамжин итгэл хүлээлгэсэн ч тэд ганцхан
сумынхаа буюу Жаргалантын замыг ч барьж чадаагүй өнөөдрийг хүрсэн. Жаргалантын зам
гэдэг нь тийм айхтар эд биш л дээ. Төв замаас салаад арав гаруйхан километр  давхидаг хэсэг. Жаргалант сум орох хүмүүс өчнөөн
жил шороон замаар манаргаж яваа. Ийм байж, өнгөрсөн хорин жил аймгийн­хаа хөгжилд
тэр гээд хэлчи­хээр зүйл хийгээгүй хэр нь М.Энхболд тэргүүтэй улстөр­чид   Төв аймгийн хөгжих ганц боломжийг үгүй хийхийн
төлөө хүчин зүтгэж эхлэв. Төв аймгийн занарыг 
ашиглавал уул нурна, байгаль сүйднэ гэж хэвлэлийн хурал зарлаад их л идэвхтэй
ажиллаж байгаа.  Америкаас эхлээд хөгжингүй
улсууд занараасаа тос гар­гаад хэрэглээд эхэлчихсэн байхад Монгол Улс яагаад өнөөдөр
занараа ашиглаж болохгүй гэж. Занараасаа тос гаргаж, хойд хөршөөс шата­хуун царайчлахгүй
амьдрах боломж ердөө хамар дор байхад яагаад заавал шата­хуун үнэд орох вий гэж
эмээж амьдрах ёстой билээ. Уул уурхайн том ордоо дагаад хөгжиж байгаа Өмнөговь шиг
Төв аймаг занараа дагаад хөгжиж болохгүй гэх ямар шалтгаан байна.

Америкчууд танайх сайн занартай юм
гэж хэлээд зог­соо­гүй. Занараас шатахуун гаргаж зах зээлд нийлүүлэх хүртэл бүх
процессыг нь төсөл болгоод танилцуулсан. Занарыг олборлох арга бол экологид халгүй
гэдгийг өчнөөн ярьж байгаа. Тод­руулж хэлбэл шатдаг занарыг газрын гүнд дулааны
аргаар боловсруулаад тос гаргаж авна. Хар үгээр хэлбэл зана­рын нөөцтэй газруудад
олон цооног өрөмдөж, голд нь халаагчууд байрлуулах юм билээ. Тэр халаагчуудын үүрэг
нь газрын гүнд байгаа занарыг жигд халаах. Зугуу­хан халаасаар 300 хэмд хүрэ­хэд
газрын гүнд байгаа шат­даг занар гэж хатуу эдийн шингэн нь дээшээ гарч, хүнд кокс,
нүүрс төрөгчийн давхар исэл энэ тэр нь дороо үлдэх юм билээ. Ухаандаа дээр гарч
ирж байгаа хэсгийн хамгийн хүнд бүтээгдэхүүн нь дизель.  Дизель гэж юу боло­хыг, ямар хэрэгтэй эд гэдгийг
хэн ч мэднэ. Газрын өнгөн хөрсөн дээр ямар ч өөрчлөлт гарахгүй, экологид халгүй
гэдгийг энэ тайлбараас харчихаж болно.

ХОЁР ДАХЬ БОЛОМЖ-УРАН

Монгол Улс ураны нөөцөө­рөө дэлхийн
топ арвын нэгд аль хэдийнэ орчихсон. Ураны нөөц ингэж огцом өссөн гол шалтгаан нь
Фран­цын “Арева”-гийн Монголд арваад  жил
хийсэн хайгуулын үр дүнгээс улбаатай.  Дорноговийн
нутаг дэвсгэрт орших Дулаан-Уул, Зөөвч-Овоогийн нөөц Монго­лыг ураны нөөцөөрөө дэл­хийн
анхаарлыг татахад хүргэ­сэн юм. “Арева”-гийн хайгуул хийсэн Зөөвч-Овоод гэхэд л
дэлхийн ураны 20 жилийн хэрэгцээг хангахаар асар их нөөц илрээд байна. “Арева”-гийн
охин компани “Кожи говь” хайгуулаа үргэлж­лүүлэн хийж байгаад өнгөр­сөн сарын сүүлээр
өрөмдлө­гөө зогсоохоос аргагүйд хүр­сэн. Тодруулж хэлбэл иргэний хөдөлгөөнүүдийн
дарамт  шахал­таар. Хэдэн нөхөр дав­хиж очоод
ажлаа үргэлж­лүүл­вэл ажилтнуудын чинь  аминд
халдана шүү гэж дарам­талчихаар аюулгүй байдлаа, ажилтнуудынхаа амь насыг нэгд тавьдаг
ямар ч компани ажлаа зогсоож таарна. “Уран бол аюултай” гэсэн ганцхан өгүүлбэрийг
ягштал цээжилчихээд эсэр­гүү­цээд яваа иргэний хөдөл­гөө­нийхнөөс өөр хөрөнгө оруулагчдын
эсрэг тэмцсэн иргэд одоогоор лав алга. Ураны чиглэлээр хэрэгжиж буй  том  төсөл
нэг иймэрхүү шалтгаанаар зогсож, гадны хөрөнгө оруулагчид хөрөнгөө сул урсгаж байна.

 Засгийн газар нь хүртэл “Цаг бусаар хорогдсон тугал­нуудын
үхэл урантай ямар ч холбоогүй, тэгээд ч наадуул чинь уранаа олборлож эхлээ­гүй,
хайгуулаа л хийж байгаа. Манайхаас олборлож гадаг­шаа зарах шар нунтаг гэдэг эд
чинь байгаль дээр байдаг л зүйл. Яг л алт, зэс шиг. Харин боловсруулахаараа л өндөр
хамгаалалт, аюулгүй байдал шаарддаг эд. Тэрийг нь Монголд биш өөр улсад хийнэ. Монголд
ямар ч боловс­руулалт хийхгүй” гээд байхад л иргэний хөдөлгөө­нүүд нь эсэргүүцсээр
байгаа. Тугал үхсэн эцсийн шалтгаан яг юунаас үүдсэн нь бараг л   тодорхой болсон сураг дуулд­сан. Мэргэжлийн бай­гуул­лагууд  эцсийн хариуг нь албан ёсоор өгөөгүй байхад тэр
энэ, тийм ийм гээд яахав. Ямартай ч тугалнуудын үхэл яг юунаас болсоныг нь хөдөлшгүй
баримтаар  тогтоо­чихсон гэсэн.

“Арева”-гийн хувьд Фран­цын Засгийн
газрын 90 хувийн оролцоотой, ураны чиглэлээр дагнаж ажилладаг гэдэг утгаараа дэлхийд
тэргүүлэгч компани. Европын том улс, Франц бол Европ гэсэн үг ч бий. Ураны чиглэлд
дэлхийд хүлээн зөвшөөрөгд­сөн том хамтрагчтай учраас аюулгүй байдал энэ тэр дээр
санаа зовох хэрэггүй гэх санаа­гаар хэлээд байна л даа. Өөр нэг анхаарах өнцөг бий.
Франц бол НҮБ-ын Аюул­гүйн зөвлөлийн гишүүн орон. Англи, Америк, Орос, Хятад, Франц  улсууд энэ зөвлөлийн байнгын гишүүд. Бид баялгийнхаа
салбарт  бусад дөрөвтэй нь харилцаж байгаа.
Геополитик талаас нь харсан ч Франц түншлэхгүй байх аргагүй улс. Хэрвээ “Арева”-г
явуулчихвал орон зайг нь Орос, Хятад, Энэтхэ­гийн аль нэг жижиг компани эзэлнэ.
Энэ хувилбар бидэнд ашигтай юу. Бодохоор л асуу­дал. Өнөөдөр Монгол ураны нөөцөөрөө
топ аравт багтсан. Ирээдүйд эхний тавд жагса­хад үгүй гэх газаргүй. Учир нь “Арева”
Дорноговиос гадна Сүхбаатарт хайгуул хийж байгаа. Хайгуулын эцсийн дүн нь хараахан
гараагүй. Ураны салбарт ажиллаж бай­гаа хойд, өмнөд хөршүүдийн компаниуд ажлаа түр
хуга­цаанд зогсоосон. Тэд ажил­лаад эхэлбэл ямар тоо гарч ирэхийг одоохондоо хэн
ч хэлж мэдэхгүй.

ГУРАВ ДАХЬ БОЛОМЖ- ГАЗРЫН ХОВОР
ЭЛЕМЕНТ

Дэлхий газрын ховор элементээр цангачихсан
гэж хэлж болохоор энэ үед Мон­голд  газрын
ховор элемен­тийн­хээ нөөцийг эргэлтэд оруулах том боломж байна. Газар ховор элемент  гэдэг эрдэс технологи өндөр хөгж­сөн энэ үед  эрэлттэй байхаас аргагүй эд. Дулаан цахилгаа­ны
төгс дамжуулагч болж чаддаг нь энэ элементүүдийн давуу тал. Тийм ч учраас бид  миллметр 
хүрэхгүй зузаан­тай нимгэн гар утаснаасаа нетэд орж, цахилгааны төл­бө­рөө
төлж, дуртай киногоо үзэж, хаа хол байгаа Харвар­дын их сургуулийн эрдэмтний лекцийг
өдөрт нь татаад унш­чи­хаж байна. Тэр утгаараа газрын ховор элемент Япон, Солонгос,
Америк зэрэг өндөр хөгжилтэй орнуудын худалдаж 
авахдаа гар тат­даг­гүй эрдэс нь. Газрын ховор элементийн ихэнх нөөц урд
хөршид бий. Тод­руулж хэлбэл газрын ховор элементийн зах зээл дээрх гол тоглогч
бол Хятад. Урд хөрш энэ эрдсийнхээ экспор­тыг 
хумиад эхэлчихсэн. Зарим уурхайгаа хүртэл хаасан. Өмнө нь олборлож байсантай
нь харьцуулахад экспортоо бараг л зогсоосон гэхээр байгаа. Экспортынхоо татварыг
өсгөж, томоохон уурхайнуудынхаа ажлыг зогсоосон учраас дэлхийн зах зээл дээр газрын
ховор элементүүдийн заримынх нь үнэ ганцхан жилийн дотор гурав дахин өссөн байдаг.

 АНУ-ын Геологийн судал­гааны
газар дэлхий дээр газрын ховор элемен­тийн ашиглаж болохуйц 100 сая гаруй тонн нөөц
байна гэж  тогтоожээ. Дөчөөд хувь нь Хятадад  буюу бүр тодруу­лаад хэлбэл Өмнөд Монголд бий
гэж тэд үзжээ. Үлдсэн хэсэг нь АНУ, ОХУ болон хуучин Зөвлөлтийн харьяаны орнууд,
Афганистан, Монго­лын хөрсөн дор бий гэсэн тооцоо гаргасан байдаг. Өмнөд Монголд
их хэмжээ­ний нөөц байгаа учраас Монгол Улсад анхаарал тата­хаар хэмжээний нөөц
байх нь гарцаагүй гэсэн судлаачдын  таамаглал
байдаг юм билээ.  Өмнөд Монголын ердөө хажуу­ханд
хил залгаа орших Монгол Улсад дэлхийд гайхагд­сан газрын ховор элементийн их нөөц
үргэл­жилж  байгаа  нь бараг л тодорхой болоод байна.

Газрын ховор элемен­тийн эрлийг  зоос хайрлахгүй хийж буй АНУ, Герман, Япон зэрэг
улсын хараанд Монгол  аль хэдийнэ өртсөн.
С.Бат­бол­дыг Ерөнхий сайд байхад л энэ сэдэв яригдаж байсан. Японд айлчлах үед
нь  тус улсын Ерөнхий сайд газрын ховор элементийн
салбарт манай улстай  хамтран ажил­лах хүсэлтэйгээ
илэрхийлж байлаа. Манайд айлчлаад буцсан Германы канцлер Ангела Меркель ч газрын
ховор элементүүдийг Монго­лоос нийлүүлж хамтран ажиллахаа сонирхлоо ил тод илэрхийлсэн.

Манай улсын нутаг дэвсгэ­рийн жар
орчим газарт газ­рын ховор элементүүдийн орд илрээд байна гэсэн албан бус статистик
сонсогд­дог. Гэхдээ нийт нөөц нь хараа­хан гараагүй. Хайгуулын түвшний ажлууд л
хийгдэж байгаа. Сүүлд стра­те­гийн ордод оруулахаар ярьж эхэлсэн Өмнөговийн Мушгиа
худаг ордыг хамгийн их нөөцтэй гэх нь  бий.
Мушгиа худагийг Өмнөд Монголын том ордтой дүйцэхүйц нөөцтэй гэдэг. Сүүлд долоон
ордыг стратегид нэмнэ гэж үзсэний гурав нь газрын ховор элементийнх. Тэр жагсаал­тад
бас Мушгиа худаг орсон байдаг. Газрын ховор элементүүдийнхээ ордыг стратегид  оруулна, бодож байж ашиглана гэж суугаад байвал
үр ашгийг нь хүртэх асуудал тэр хэрээр хойшилж таарна. Харин сонирхол нь наашилсан  том гүрнүүдтэй харилцан ашигтайгаар хамт­ран ажиллаж,
энэ салбарт том төслүүд хэрэгжүүлж эхэл­бэл эрэлт нь байна. Дэлхийн зах зээлийн
үнэ нь ч ойрын хэдэн арван жилдээ буухгүй гэж шинжээчид таамаглаж байна.

 Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Хотод хүний түгжрэл үүсэхээр аймаар юм байна лээ

Хөдөө орон нутгаас оюутнууд
ирээд нийс­лэ­лийн хөл хөдөлгөөн эрс нэмэгдээд буй. Энэ жил их, дээд сургуульд элсэн
орохоор хотод анх  ирсэн оюут­нууд­тай ярилцлаа.
Улаан­баатарын их сур­гуу­лийн нэгдүгээр курст элсэн орох  Ц.Баярцэн­гэл ийн ярьсан юм.  

-Улаанбаатар хотод анх удаа ирж
байна уу?

-Тийм ээ. Энэ сарын 16-нд ирлээ. Анх
удаа хот үзэж байна. Их гоё са­нагд­лаа. Өндөр хөг­жил­тэй улс шиг. Техник, тех­нологи,
интернэт хөгж­сөн. Ер нь их гоё юм бай­на.

-Хаана очиж үзсэн бэ?

-Барсын гүүр орсон. Өчигдөр “Нисэх”
орлоо. Маш хол юм байна лээ. Зах орсон. Зах дээр хоёр, гурван удаа очсон.

-Сүхбаатарын тал­бай орсон уу?

-Талбай их гоё санагд­сан. Цэцгээр
гэр хийсэн байна лээ. Зургаа татуул­сан.

-Ганцаараа хотоор явбал төөрөхөөр
байгаа биз дээ?

-Ээжтэйгээ гадуур их явлаа. Одоохондоо
хот­той сайн танилцаагүй учраас төөрнө. Хаашаа л харна өндөр байшин тулаад байх
юм. Манай суманд хамгийн өндөр нь гурван давхар байшин байдаг. Хотод өндөр бай­шин
их учраас хаана юу байгаа нь мэдэгдэхгүй юм.

Мэдэхгүй газраа хү­мүү­­­сээс асуухаар
зааж өгдөг л дөө.  Тэгээд заас­ных нь дагуу
явахаар л өндөр байшингийн цаа­гуур ороод төөрчихдөг. Ээжийгээ буцахаас нь өмнө
хоттой танилцаад л байна. Одоо хүртэл тол­гой эргээд  байгаа. 

-Аль сургуульд орсон бэ?

-Улаанбаатарын их сур­гуульд орсон. МУИС-ийн харьяа сургууль
юм бай­на лээ. Төрийн ме­неж­­мент, нутгийн удирд­ла­­гын анги.

-Яагаад
энэ мэр­гэж­лийг сонгосон юм бол. Онц сурна биз дээ?

-Миний сонгосон мэр­гэ­жил хот хөдөөгийн
хөг­жилд чухал үүрэгтэй. Тий­мээс хотын гэр хороол­лоор явж үзэх бодолтой байна.
Зохион байгуу­лалт нь ямар байна гэд­гийг судалж үзнэ. Хогтой байна уу, хоггүй цэвэрхэн
байна уу гэдгийг судална. Сургуулиа төгсөөд нутаг­таа очиж ажиллана. Сумын­хаа дарга
болж, хөгжүүлнэ. Багаасаа том дарга хүн болно гэж бодож байсан. Тиймээс энэ мэргэжлийг
сонгосон юм. Одоо нэг үеэ бодвол манай сум хөгжиж байгаа шүү. Мэдээж онц сурна.
Их, дээд сургуульд сурал­цана гэдэг бол амьдралд хөл тави­хад чухал үүрэг­тэй. Насанд
хүрч амьдра­лын гараагаа эхэлж байна гэсэн үг шүү дээ.

-Сургууль
дээрээ очсон уу. Ангийнхан­тайгаа уулзав уу?

-Сургууль дээрээ очиж үзээгүй. Багцаагаар
л хаана байдгийг нь мэд­нэ. Зах руу явж байхдаа автобусны цонхоор барааг нь харсан.
Ангийн­хан­тайгаа уулзаж ам­жаа­гүй байна. Маргааш уулзана гэсэн. 

-Кино
театр орсон уу. Ямар санагдав?

-“Тэнгис” кино теат­рын хажуугаар
нь өнгөр­сөн. Орж үзээгүй. Нэлээд олон газрыг үзсэн. Газ­рын­хаа нэрийг нь сайн
цээжлэхгүй мартчихаад байх юм.  

-Хэцүү
зүйл байна уу?

-Түгжрэл хэцүү санагд­­сан. Дуу чимээ
ихтэй. Бачимдмаар. Маши­ны түгжрэл ихтэй­гээс гадна хүний түгжрэл их. “Нарантуул”
зах дээр хүмүүс түгжрээд явахгүй. Дотор бачуурдаг юм бай­на. Хөдөө чинь дураараа
гүйж байдаг болохоор олон хүний дунд орж түгж­рэ­хээр хэцүү санагдаж байсан. Гэхдээ
машиныг сондгой тэгш тоогоор явуулж эхэлснээс хойш түгжрэл багассан юм шиг санагдсан
шүү. Хэд хоно­гийн өмнө автобусанд суугаад явтал аймар удаан явж байсан. Буу­гаад
алхчихмаар санаг­даж байсан ч газар сайн мэдэхгүй учраас гүрий­гээд л байлаа.          

Бас юмны үнэ нэмэг­дэж  байна. Аймагт кон­курс өгөхөд манай сургуу­лийн
сургалтын төлбөр 1.4 сая төгрөг гэж байсан чинь хотод иртэл 1.6 сая төгрөг болж
нэмэгдсэн байна.

-Ер
нь хот том санаг­­даж байна уу?

-Анх хотод буучихаад Зургаан буудал
руу явсан юм. Тэр үед би Улаан­баа­тар жижигхэн л юм байна ш дээ. Ингээд л болоо
юу гэж ээжид хэлж байсан юм. Тэгсэн чинь аймаар том юм байна. Нисэх явлаа, нэлээд
хол. Бас хотын төвөөр явсан чинь үнэхээр том санагд­сан. Ирснээсээ хойш хотод байдаг
хамаатнуу­дынхаараа хэслээ. Сайн сураарай гээд олон хүн мөнгө өгсөн. Итгэлийг нь
дааж сайн сурна гэж бодож байна.

-Сургууль
руугаа хэдэн автобус дам­жиж явахаа мэдэж байгаа юу?

-Манайх одоо 13 дугаар хороололд байр
авах гэж байгаа. Тэгэхээр автобусанд суухгүй явган гүйгээд л сургууль руугаа орчихно
гэсэн. Ээж маань нутаг руугаа явна. Энд би эмээтэйгээ хамаатныхаа дүүтэй цуг амьдарна.

-Гэрээ
санаж байна уу?

-Гайгүй байна. Хот их сонирхолтой
учраас гэрээ санахгүй гэж бодож байна. Сургуульдаа ороод олон шинэ хүүхэд­тэй танилцахаар
уйдах­гүй.

-Очиж
үзэх юм­сан гэж бодсон газар байна уу?

-Зөндөө байна. Гэх­дээ газрынхаа нэрийг
сайн мэдэхгүй учраас хаана гэж хэлэхэд хэцүү юм.  Гэр хорооллоор явж үзсэн. Өндөр уулын орой дээр
айлууд байхыг хараад гайхлаа. Манай нутагт айлууд нь талаар нэг тарсан учраас уулан
дээр байгаа айлд орж үзэхэд сонин юм байна лээ. Цонхоор нь харахад доошоо нурж унах
гээд байгаа юм шиг.

-Орон
сууцны айлд орсон хэрэг үү?

-Есөн давхар орон сууцанд амьдардаг
айлд орсон. Цонхоор нь хара­хад сүртэй байсан.

-Ээж
нь юу захисан бэ?

-Хотын хүүхдүүд чамаас өөр. Буруу
зүйлд битгий уруу татагдаарай. Гэмт хэрэг их гардаг. Хот газар чиний бодож бай­гаа­гаас
өөр. Болгоомж­той явж байгаарай. Хул­гай дээрэм их гардаг гээд олон зүйл захисан.

-Хотын
залуучууд шоуддаг. Энэ тухай ямар бодолтой явдаг вэ?

-Баасан гариг тэмдэг­лэдэг талаар
зөндөө сонс­сон. Би архи, тамхи хэрэглэдэггүй. Цааш­даа ч хэрэглэхгүй гэж бодож
байна. Мөнгөө дэмий зүйлд үрэхгүй. Сайн сураад ээжийнхээ ачийг хариулахгүй бол болох­гүй.
Дөрвөн жилд зургаан сая төгрөг сургал­тын төлбөрт өгөх юм бай­на лээ. Сургалтын
төлбө­рөөс гадна олон зүйлд мөнгө хэрэгтэй болно шүү дээ.  Ээж маань ганцаа­раа ажиллаж дүү бид хоёрыг тэжээдэг
боло­хоор буруу зүйлд уруу татагдахгүй.

-Сумынхан
нь гар­гаж өгч байна уу?

-Ах, эгч нар маань гаргаж өгсөн. Би
багаа­саа морь унаж өссөн. Нэг ахындаа хурдан морь унадаг бай­сан юм. Тэр ах маань
намайг хот руу оюутан болоод явна гэсэн чинь уйлсан. Ахыгаа уйлж бай­гааг харсан
чинь сэтгэл их сонин болсон. Сайн яваа­рай гээд нулимс нь цийлэгнээд л байна лээ.
Удаан уулзахгүй шүү дээ гээд уйлж байсан.

-Мөнгө өгч байна уу?

-Зөндөө мөнгө өгсөн. Хамгийн их мөнгийг тэр ах маань өгсөн.
250.000 төг­рөг өгсөн. Бусад айлууд 20.000, 50.000 төгрөг өг­сөн. Хол явна гэж бодо­хоор
сэтгэл хоргодоод байсан гэв.

Улаанбаатарт
төөрөхөөрөө аав руугаа залгаад ямар автобусанд суухаа заалгадаг

 

Хөвсгөлийн Рашаант сумаас ирсэн
Т.Удвалтай ярилцлаа.

Хотод өмнө нь ирж байсан уу?

-Ирж байсан. Гэхдээ ээж, аавтайгаа
ирээд ганц нэг хоноод буцаж байсан учраас хотын тухай сайн мэдэж чадаагүй. Одоо
ч гэсэн хоттой сайн танил­цаж амжаагүй л байна. Гэхдээ гэрээсээ сургууль руу ганцаараа
явж чадна.

-Аль
сургуулийн оюутан болсон бэ?

-ШУТИС-ийн биотех­но­логийн ангид
орсон. Яагаад энэ мэргэжлийн сонгосон гэхээр, эрэлттэй 20 мэргэжлийн жагсаал­тад
орсон учраас. Ирээ­дүйд сургуулиа төгсөөд ажлын байр их олдоно гэсэн үг. Бас өөрийнхөө
хүсэл зорилгынхоо дагуу сонгосон. Ээж, ааваасаа зөвлөгөө авсан. Элсэл­тийн ерөнхий
шалгалт өгөхдөө их сандарч бай­лаа. Шалгалтаа өгчөөд  дүнгээ сонсохдоо бүр их сандарч, догдолж бай­сан.
Манай Хөвсгөл аймаг том. Энэ жил маш олон хүүхэд оюутан болж бай­гаа юм байна лээ.
Тий­мээс өрсөлдөгч их бай­сан.

-Оюутан
болох ямар санагдаж байна?

Биеэ дааж хариуцла­гатай болох ёстой. Сурагч байхад ээж,
аав хичээлээ давтаарай гэж сануулдаг байсан бол оюутан болоод өөрөө биеэ дааж, зорилготой
байж, мэрийлт­тэй байхгүй бол болохгүй. Сургууль нь шинэ, хүүхдүүд нь шинэ гээд
шал өөр орчинд орж байгаа учраас их сонир­хол­той санагдаж байгаа.

Сургуулиа
төгсөөд ямар чиглэлээр ажил­лах вэ?

-Хүнсний томоохон аж ахуйн нэгжүүдийн
бүтээг­дэхүүнийг лабораторид шинжилнэ. Бас эрдэм шинжилгээний ажилтан болж болно.

-Оюутны
ангийн хүүх­дүүдтэйгээ уулзсан уу?

-Уулзсан. Танилцах уулзалт хийсэн.
Ангийн хүүхдүүддээ өөрийгөө танилцуулж, Хөвсгөл аймгийн Рашаант сумаас ирсэн гэсэн
чинь “Энэ нөхөр чинь танк хүлдэг хүн байна” гэж шоолж байна лээ. Манай ангийн хүүхдүүдийн
ихэнх нь орон нутгаас ирсэн. Бид хотын тухай их ярьсан. Замын түгжрэл, машины дуу
чимээ гээд олон зүй­лийн талаар ярьсан. Шинэ орчин учраас мэдээж сурах зүйл маш
олон байна.

-Улаанбаатар
хотын залуучуудын сонсдог дуу хөгжим, өмсдөг хув­цас хэрэглэл нь өөр байна уу?

-Нэлээд ялгаатай юм. Ангийнхантайгаа
уулзах гээд хамгийн гоё хувц­саа өмсөөд очсон ч гэсэн ялгардаг юм байна лээ. Гэхдээ
удахгүй ялгарах­гүй болчихдог гэсэн.

-Энд
хаана амьдрах вэ. Ганцаараа хотоор явбал төөрөх үү?

-Манайх хотод нүүж ирсэн. Ээж маань
хөдөө сумандаа ажиллана. Хотод би аавтайгаа амь­дар­на. Аав маань хотод ажил хийгээд
намайг сур­гууль төгсөх хүртэл бид хоёр цуг амьдарна. Анх хотод орж ирээд ганцаа­раа
явж чаддаггүй. Заримдаа төөрчи­хөө­рөө аав руугаа утсаар ярьж заалгадаг. Ямар автобусанд
суух вэ гээд л. Манайх Чулуун-Овоонд байдаг байхад 32 номерын автобусанд суугаад
Багшийн дээд ордог байсан юм. Нэг өдөр 32 номерын автобу­санд суусан чинь дотроо
“Шархад” гээд өөр хаягтай байхаар нэг буудал яваад сандраад буусан. Буу­гаад хартал
32 номерын автобус мөн байсан. Тэгээд аав руугаа утсаар залгаад одоо яах вэ гэж
асуусан. Би автобусаар явахдаа байнга цонхоор хотыг ажигладаг. Манай сургууль автобусны
бууд­лаасаа жаахан зайтай. Тэгээд автобусны цон­хоор харахаар саарал­жин төмөр хашаа
харагд­даг юм. Тэр хашааг хараад манай сургууль дөхөж байна гээд хаалга руу ойртож
зогсдог. Зарим­даа кондуктороос асуудаг байсан. Одоо бол ганцаараа сургууль руугаа
яваад сурчихсан учраас төөрөхгүй. Уг нь автобусны цонхоор харж явснаас алхаад явахаар
хотын хаана нь юу байд­гийг  сайн тогтоодог
юм байна лээ. Тэгээд хоёулаа явж байвал автобусанд суухгүй алхаад явъя гэж гуйдаг
юм.

-Гэрээ
санаж байна уу?

-Анх хотод орж ирчи­хээд гэрээ их
санасан. Нутагтаа хурдан очих юм­сан гэж бодсон. Хотод яаж дөрвөн жил амьдар­на
даа гээд л. Гэхдээ том зорилготой байсан учраас шантраагүй. Хэцүү зүйл нь дуу чимээ
ихтэй юм. Хөдөө нам гүм шүү дээ. Ээжийгээ буца­хад уйлсан. Тэгсэн чинь манай эгч
“Анх оюутан болохоор гэртээ хари­маар санагдаад нулимс бөмбөрөөд байдаг юм. Хотод
удаан байгаад ирэ­хээр  хот руугаа яараад
байдаг болчих­дог” гэсэн.

-Хотын
хүмүүс ямар санагдав?

-Танихгүй хүмүүстэй байхад зарим талаараа
амар юм шиг. Эвгүй бай­далд орвол намайг таних­гүй юм чинь гэж бодохоор ичиж сандрахгүй
өөрий­гөө тайвшруулдаг.

Эвгүй
байдалд орж байсан юм уу?

-Хотын залуучуудын мэддэг энгийн зүйлийг
хөдөө, орон нутгаас ирсэн бид сайн мэдэхгүй байх нь бий. Иймхэн юм мэдэхгүй гээд
шоолбол намайг сайн танихгүй юм чинь гээд өөрийгөө тайвш­руулдаг.

-Айж,
болгоомжлох зүйл байна уу?

-Автобусанд явахдаа цүнхээ сайн харж
яваа­рай, танихгүй хүмүүс худ­лаа хэлж хуурдаг шүү гээд ээж, аав захисан. Ялангуяа
том зүйл амлаж хуурдаг хүмүүс байдаг гэсэн. Ангийнхантайгаа өчигдөр Сүхбаатарын
тал­бай дээр уулзсан юм. Тэгсэн чинь гэрийнхэн бүгдээрээ залгаад “Хүүеэ оройтчихлоо.
17.00 цаг өнгөрч байна. Замаа олох­гүй төөрнө шүү” гээд санаа зовж байсан. Манай
ангийнхан талбай дээр зургаа авахуулаад дугуй унаж тоглосон. Тэгээд гэрээс утасдаад
байсан болохоор бүгдээ­рээ удаагүй тарцгаасан. Ер нь төөрчихнө гээд айгаад хамаагүй
явж чадах­гүй байгаа. Нэг удаа өөр газар очиж үз­мээр санагдаад мэдэхгүй автобусанд
сууж үзлээ. Нэлээд хол явахаар нь хотоос гарчих юм шиг санагдаад буугаад нөгөө талаас
нь микро автобу­санд суугаад гэртээ ир­сэн. Уг нь намайг оюутны дотуур байранд байл­га­на
гэж байсан юм. Тэгээд  байр олдохгүй учраас
аавтайгаа хотод амьдра­хаар болсон. Айлд байс­наас байранд байвал дээр гэсэн. 

-Очиж
үзэхээр төлөв­­лөсөн газар байна уу?

-Эхлээд сургууль­тайгаа сайн танилцана.
Дараа нь ангийнхантай­гаа Зайсан толгой гара­хаар төлөвлөсөн байгаа. Зайсан дээр
би ээж, аав­тай­гаа гарч байсан л даа. Хот үнэхээр гоё харагд­сан. Хотын хүмүүс
их орой унтдаг юм байна лээ. Намайг ээж, аавтайгаа орой харанхуй болсон хойно Зайсан
дээр гара­хад манай хотынхон 12.00 цаг өнгөрч байхад байж л байсан. Хамгийн их очихыг
хүсч байгаа газар бол кино театр, үндэсний соёл амралтын газар, хүүхдийн парк дээр
очиж үзмээр байна.

Х.ЦЭНД-АЮУШ

Categories
редакцийн-нийтлэл

Ц.Баярсайхан: Амины орон сууц хөтөлбөрийг боловсруулаад дуусч байна

Барилга хот, бай­гуу­лалтын
сайд Ц.Баяр­­сайхантай ярилц­лаа.

-Барилга хот бай­гуу­лалтын салбарыг
авс­наас хойш ямар ажил хийсэн бэ гэдгээс яриа­гаа эхэлье?

-Сайдын ажлыг аваад жил болж байна.
Энэ ху­га­цаанд холбогдох мэр­гэж­лийн хүмүүс, барил­гын салбарт ажиллагсад­тай
уулзаж, ажилтай нь нарийн танилцлаа. Улаан­баатар хот болон аймгуудад  байдаг барил­гын материалын үйлд­вэр, орон сууц
барьж байгаа зураг төслийн компаниудтай уулзлаа. Хоёроос бусад бүх айм­гаар орсон
доо. Бүх аймагт бүтээн байгуу­лал­тын ажил өрнөж байна.  Ингэж ажиллах хугацаан­даа барилгын салбарт ямар
хүндрэл бэрхшээл байна, юу хийх хэрэгтэй юм гэдгийг олж харлаа. Энэ салбарт хүндрэлтэй
зүйл их байна. Яагаад гэхээр барилгын ажил 
улирлын хамааралтай учраас үйлдвэрлэлийн хугацаа богино байна. Мөн энэ салбарт  импор­тын хамаарал их байна. Ажиллах хүч дутагдалтай.
Тэгээд ч үйлдвэрлэлийн хугацаа богино учраас ажиллах хүч нь тогтвор суурьшилгүй.
Хөдөл­мө­рийн аюулгүй байдал хан­галтгүй. Барилгын эл­дэв зөвшөөрөл авах үйл явцад
хүнд суртал ихтэй. Тусгай зөвшөөрөл олгох тал дээр авлига яригддаг дутагдал ажиглагдсан. 

-Энэ дутагдлуудыг багасгахын тулд
яаж ажиллаж байна вэ?

-Бид үүнээс гарахын тулд эхлээд  им­портын хамаарлаас гарч дотоо­дын үйлдвэрлэлээ
дэм­жих хэрэгтэй юм бай­на. Мөн улирлын ха­маар­лаас гарахын тулд угсар­малжилтын
үйл ажил­лагааг барилгын сал­барт нэвтрүүлэх шаард­лага­тай гэж үзэж байгаа.  Төрийн байгуул­ла­гуу­даас тусгай зөв­шөө­рөл
олгоход тулгар­даг хүнд суртлыг багасгах ёстой юм байна. Энэ хүрээнд барилгын ажил
эхлүүлэх, үргэлж­лүүлэх тогтолцоог өөр­чил­лөө.

Барилгын элдэв тус­гай зөвшөөрлийг
Мэргэж­лийн хяналт олгодог бай­сан бол одоо тухайн  аймаг, нийслэлийн Засаг дарга 30 хоногийн дотор
барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгодог бол­лоо. Тусгай зөвшөөр­лүү­дийн ерөнхий
нөхцөлүү­дийг хөнгөлсөн. Тусгай зөвшөөрөл олгоход оролц­дог байсан мэргэш­сэн олон
инженерийн тоог цөөллөө. Дээрээс нь шаардлагагүй шаардла­гуу­дыг хассан. Импор­тын
хамаарлаас гарахын тулд барилга, материа­лын хөтөлбөр баталсан. Энэ хүрээнд зарим
үйлд­вэрлэлийн импортыг гаалийн албан татвараас чөлөөллөө. Гол нэрийн барааны үнийг
тогт­вор­жуу­лах хөтөлбөрийн хү­рээнд барилгын мате­риалын үйлдвэрүүдийг эргэлтийн
хөрөнгөөр дэм­жихээр Засгийн газар шийдсэн. 
Зайлшгүй гад­наас авдаг бүтээг­дэхүү­нийг оруулж ирдэг турш­лагатай импортлогчдыг
дэмжсэн бодлого юм.  Мөн дотооддоо барил­гын
материал үйлдвэр­лэх чадалтай болох зо­рил­го тавин ажиллаж бай­на. 

Өнөө жилийн тухайд гадаадаас авдаг
ажилч­дын тоо буурсан. Дотоо­дын зах зээлээс арав гаруй мянган хүн ажилд орлоо.
Нийгмийн даатгал төлөгчдийн тоо өссөн дүн гарсан. Цаашдаа барил­гын ослыг бууруулж,
хө­дөл­мөрийн аюулгүй байд­лыг хангах үйл ажил­лагаа явуулна. Хө­дөл­мөрийн аюулгүй
байд­лыг сайжруулахын тулд сургалтуудыг нэлээд 
явуулж байна. Үүний тулд Цэнхэр карт гэдэг хөтөл­бөрийг эхлүүллээ. Ажил олгогч
эздийн холбоо, төрийн бус байгуулла­гуудтай хамтран ажил­лаж байна. 

-Барилгын ма­те­риа­лын үйлдвэрлэлийг
дэм­жих хөтөлбөрийн тухайд дэлгэрэнгүй яриач?

-Бид импортын ха­маар­лаас гарчихвал
орон сууцны үнийг тогт­воржуулж болохоор бай­гаа. Тиймээс Хөтөлийн цемент, шохойн
үйлд­вэрлэлийг Засгийн газар дэмжин ажиллаж байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэрлэлийн
шинэч­лэлийг дэмжиж байна. Өнөөдрийн байдлаар ба­рилгын материалын эргэлтийн хөрөнгийн
зээ­лийг 60 гаруй компанид нийтдээ 140 гаруй тэрбум төгрөг олгочихоод байна. Энд
бетон зуурмаг, элс хайрганы карьер, төмөр­лөгийн үйлдвэр, цемент шохой, нийтийн
аж ахуйн барилгын компани, дайр­ганы үйлдвэр, арматурын үйлдвэрүүд хамрагдсан. Бид
цаашдаа цементийн хэрэгцээгээ дотооддоо хангах 
зорилт тавьж бай­на. 2013 онд нийт 50 гаруй бетон зуурмагийн үйлдвэр шинээр
ашиг­лал­тад орсон байна. Тө­мөр эдлэлийн дөрвөн үйлд­вэр ашиглалтад орлоо. Одоо
энэ зээлийг авахаар асуудлаа тавь­чихсан 60 гаруй үйлдвэр байна. Үүнийг шийдээд
өгвөл бид импортын ха­маарлаас бүрэн гарна. Түүнчлэн тоосгоны үйлд­вэрлэл импортын
ха­маар­лаас бүрэн гарчих­лаа гэхэд болно. Цэвэр усны псп хоолойг импор­тоор авах
шаардлагаүй болж байна. Цонхны үйлд­вэрлэл ч дотооддоо бүрэн хөгжсөн байна. Ингээд
үзэхээр  барилгын ажилд шаардлагатай 15 бүтээгдэхүүнийг
бид до­тооддоо бэлтгэн нийлүү­лэх боломж хангагдаж байна гэсэн үг. Цаашлаад дулаалгын
болоод бусад материалыг ч дотооддоо үйлдвэрлэх боломж бий.  Эргэлтийн хөрөнгийн зээл олгох  хөтөлбөр гур­ван жил үргэлжлэх учраас бусад компаниуд
ч авах боломжтой.

-Орон нутагт барил­гын салбарыг
дэмжих чиглэлд юу хийж байна вэ?

-Орон нутаг бүтээн байгуулалт их өрнөж
бай­на. Бүх аймаг орон сууц барьж байна. Аймаг бол­гонд 1000 орон сууц ба­рих хэсэгчилсэн
төлөвлө­гөөг бид гаргаж байгаа. Мэдээж  шугам
сүлжээг нь тавьж өгнө. Үүнээс гадна Чингэс бондоос санхүү­жүүлж байгаа нэг хөтөл­бөр
бий. Хуучин байсан байшин үйлдвэрлэлийн комбинатыг сэргээх асуу­дал юм. Энэ нь
“Эрэл” компанид харьяалагдаж байгаа. Одоо тоног төхөө­рөмж нь ороод ирвэл бу­сад
бүх зүйл нь бэлэн байна. Уг үйлдвэрийг ирэх жил ашиглалтад оруул­на гэсэн төлөвлө­гөөтэй
явж байна. Үйлд­вэр ажиллаад эхэлб­эл  бид
жилдээ 5000 орон сууц үйлдвэрлэх хүчин чадалтай. Энэ комбина­тыг байгуулах нийт
хө­рөн­­гийн 30 хувь нь 14 сая ам.долларыг Чингэс бон­доос олгож байгаа. Үлд­сэн
санхүүжилтээ Эрэл компани өөрөө босгох юм.  

Энэ жил бид гаднаас 100 мянган тонн
арматур авахаар байгаа. Хөтө­лийн Сая тонн цемент импортоор авна. Тий­мээс эдгээр
бүтээгдэ­хүүний үнийг тогтворжуулахын тулд Монголбанктай хам­тарч хөтөлбөр хэрэг­жүүлж
байна. Үүний хү­рээнд 56 компани 129 тэрбум төгрөгийн санхүү­жилт авсан. Үр дүнд
нь  тонн цементийн үнэ 132- 140 мянга, арматурын
үнэ  сая 120-иос сая 140 мян­ган төгрөгийн
хооронд хэлбэлзэж байна. Түүнч­лэн орон сууцны барил­гын компаниудыг дэмж­сэн зээлийг
Монголбанк­наас олгож байгаа. Одоо­гийн байдлаар 300 гаруй тэрбум төгрөгийг олгочи­хоод
байна. 

-Барилгын материа­лын эргэлтийн
хөрөн­гийн зээлийг ямар шал­гуу­раар, ямар дамжла­гаар олгож байгаа юм бэ?

-Материалын үйлдвэ­рүүд зээл авах
саналаа эхлээд яаманд өгнө. Зээл хүсэгч компани нь ба­рилгын материалын үйлд­вэрлэлийг
тогтвор­той явуулдаг өөрийн гэ­сэн бааз суурьтай, бү­тээг­дэхүүн нь эрэлт хэрэг­цээ­тэй
байх ёстой. Импор­тын бүтээгдэхүүн оруулж ирдэг бол  сүүлийн гурван жил тасралтгүй арматур, цемент
импортоор оруулж ирсэн туршлага­тай байх ёстой. Тухайл­бал, Гурвалжингийн гүү­рэн
дээр цемент оруулж ирдэг 40 гаруй компани бий. Тэд нийлж холбоо байгуулаад зээл
авах  саналаа өгч болох жи­шээ­тэй. Манай
яаманд Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан аж­лын хэсэг гарчихсан бай­гаа. Ажлын
хэсэг тухайн компанийн саналыг авч хэлэлцээд хөтөлбөрт хам­руулж болох юм бай­на
гэдэг шийдвэрийг гар­га­на. Ингээд банкинд би­чиг хийж өгнө. Арилжаа­ны банк тухайн
компаниа өөрийн шалгуураар суд­лаад зээл олгохоор шийд­вэл яамны ажлын хэсэгт эргээд
хариу өгнө. Энэ хариуг Монголбанк  руу  явуулна. Монголбанк энэ зээлийг  хянаад бол­но гэж үзвэл зөвшөөрлөө тухайн арилжааны
бан­кинд өгнө. Зээл авахаар шалгарсан компани ма­най яам болон Шударга өрсөлдөөний
газартай гэрээ байгуулна. Үнээ мөрдөхгүй, 
бүтээгдэхүү­нээ хугацаанд нь оруулж ирэхгүй бол зээл нь зог­сох хатуу нөхцөлтэй
зээл юм.

-“Эрэл” компанийн хариуцан байгуулж
бай­гаа үйлдвэр ямар зо­риулалттай юм бэ?

-Улаанбаатар хотын угсармал барилгын
80 хувийг хуучнаар барилга угсралтын  комбинат
хийсэн байдаг. Гэвч 1990 онд хувьчлагдаад “Эрэл” компанид харьяалагдсан. Энэ үйлдвэрийг
сэргээх гэж байгаа юм. Энэ нь орон сууцны хийцийг хийж, газар дээр нь угс­ра­хад
бэлэн болгодог үйлдвэр гэсэн үг. Тэгэхээ орон сууцыг өвөл, зун гэлтгүй барих боломжтой
болох юм. Гадна талын өнгөлгөө шавардалгаа ч хийх шаардлагагүй. За­рим тохиолдолд
хаалга, цонхтой нь хамт хийгээд угсарчихдаг болно гэсэн үг. Үйлдвэрийн тоног тө­хөөрөмжийг
Германаас авч байгаа. Харин одоо угсармал барилга барих мэргэжлийн хүмүүсээ бэлт­гэх
тал дээр анхаарч байна. 

-Орон сууцны компа­ниуд, барилгын
мате­риалын үйлдвэрлэлийг төрөөс их дэмжиж бай­гаа юм байна. Гэтэл эд яагаад орон
сууцныхаа үнийг өсгөөд байна. Най­ман хувийн зээлээс болсон гэж ярих нь ч бий?

-Барилгын компаниу­дын авдаг тусгай
зөв­шөөр­лийн хүнд суртлыг багасгаж, нөхцөлүүдийг нь хөнгөлж өглөө. Энэ салбарт
санхүүгийн дэмж­­­лэг үзүүлж, барил­гын материалын үнийг тогт­вор­жуулах тодорхой
хө­төл­бөрүүдийг хэрэг­жүүлж байна. Дэд бүтцийг нь төрөөс байгуулж өгье. Томоохон
орон сууцны хороолол баривал цэ­цэр­лэг, сургууль, эмнэл­гийг нь улсаас барьж өгье.
Энэ бүхэн бол та нар орон сууцны үнээ зохис­той байлгаарай гэдэг до­хиог л төрөөс
өгч байгаа юм. Хэрэв энэ бүхнийг хувийн хэвшлийнхэн өөрс­­дөө хийвэл орон сууц­­ны
үнэ бүр дийлдэх­гүй шүү дээ.

Орон сууцны
үнийн хувьд бид судалгаа хий­сэн. Янз бүр байна. 160 гаруй компанид судалгаа  хий­хэд арав гаруй нь үнээ өсгөсөн байна лээ.
Орон сууцны үнэ 100 хувь найман хувийн зээлээс болж  нэмэгд­сэн гэж үзэх­гүй байгаа. Яахав тодор­хой
хэмжээний нөлөө бий байх. Эрэлт талыг дэмж­сэн бодлогыг дагаад нийлүү­лэлт тал дээр
ямагт үнэ өсдөг нь жам ёсных шүү дээ. Ний­лүү­лэлтээ шийдээгүй байж найман хувийн
хүүтэй зээл гаргалаа гэдэг шүүмжлэл бий. Гэхдээ нийлүүлэлтээ 100 хувь шийдчихээд
эрэлт бий болго­но гэвэл хэзээ ч бүтэхгүй. Тиймээс эрэлт, нийлүүлэл­тийн зохистой
харьцааг хан­гах нь чухал. Бид сайн су­далж, тооцоолсны үндсэн дээр найман хувийн
зээлийг гаргасан.

Манай тооцоогоор
Улаан­баа­тар болон бусад аймагт нийтдээ 
60 гаруй мян­ган орон сууц баригдах бо­лол­цоотой байгаа. 2013-2014 онд
33 мянган орон сууц ашиглал­тад орно. Энэ тоог дахиад на­рийвч­­лан үзэж байгаа.
Газрын зөвшөө­рөл­гүйгээр эхэлсэн барил­га гэж нэг хэсэг шуугисан. Үүнээс болоод
барилгын компаниуд хү­лээл­тийн байдалд орж, ажил нь зогсонги байсан. Харин найман
хувийн хүүтэй зээл гарч, орон сууцны дэд бүтэц, шугам сүлжээг төрөөс байгуулж өгөх
болсон учраас барилгын компаниудын ажил идэвхжиж байна. 

-Тэгэхээр
орон сууцны үнэ буурах нь тодорхой юм байна. Тийм үү?

-Тийм.
Өнөөдөр үндэсний ба­рил­гын компаниуд хамт­раад Буянт-Ухаад 1700 айлын орон сууцны
хороолол барьж байгаа. Өнөө жил гэхэд 
700 гаруй айлынх нь орон сууц ашиглалтад орно. Бид  сая дэд бүтэц, цэвэр ус, дулаа­ны шугамын шилжилтийн
асуудлыг нь шийдэж өгчих­сөн. Тус хороол­лын байрын үнэ метр квадрат нь нэг сая
100 мянга орчим байна. Мөн Баянголын аманд 5000 айлын орон сууц баригдаж байна.
Үүнээс 580 айлын орон сууц нь өнөө жил ашиг­лалтад орно. Тус байрны үнэ бол  сая 200 мянга 
байх болов уу. Дээрээс нь долоо, 14 дүгээр хороо­лолд баригдаж байгаа орон
сууц­нуу­дын үнэ сая 200 мянгаас сая 300 мянган төгрөгийн хооронд байна. Мөн Төрийн
орон сууцны корпора­цийг бид байгууллаа. Энэ бол төрийн өмчийн газар дээр орон сууц
барьж, иргэдийг хямд үнэтэй орон сууцаар хангах ажлыг хэрэг­жүүлэх газар байгаа
юм.

-Найман
хувийн хүүтэй орон сууцны зээлийн санхүүжилт дуусч байгаа гэдэг яриа гараад байна.
Дуусахаас нь өмнө зээлээ авъя гэсэн эрэлт нь нэмэгдээд үнэ өсгөөд байна уу гэсэн
зүйл ажиглагдаад байгаа юм?

– Бид найман
хувийн хүүтэй зээлийг гаргахдаа өмнө нь өндөр хүүтэй орон сууцны зээл авсан хүмүүсийг
найман хувь руу шил­жүүлье гэсэн. Өндөр хүүтэй орон сууцны зээлийг 2003 оноос эхэлж,
23 мянган иргэн авсан байдаг. Үүний 14 мянга нь найман хувь руу шилжсэн байна. Харин
найман хувийн хүүтэй зээлийг шинээр 4543 хүн авчээ. Энэ бол ганцхан сарын доторх
үзүүлэлт шүү. Цаашдаа шинэ орон сууц баригдаж байгаа тохиолдолд  зээлийн үйл ажилла­гаа эрчимтэй явагдана. Орон
сууц­ны­хаа үнийг нэмэх  зорилгоор ч юм уу
янз бүрийн байдлаар зээ­лийн санхүүжилт дуусч байгаа гэсэн яриа гаргаж байгаа тал
бий байх. Бид ч мэдэгдэл гаргасан.  Энэ бол  Монголбанктай хамтарч хэрэг­жүүлж байгаа том хөтөлбөрийн
нэг  учраас цаашдаа тасралтгүй үргэл­жилнэ.

Бид энэ
зээлийг хоёр дахь зах зээл дээр гаргана. Гадна, дотны хөрөнгө оруулагчид хоёр дахь
зэх зээл дээр оролцох боломж бүрдэж байгаа. Ингэснээр найман хувийн  зээл мөнхийн хөдөлгүүр болж үргэлжилнэ. Ес, аравдугаар
сард багтаад зорилтот бүлэгт зориул­сан хөтөлбөрийг найман хувийн зээлийн журамд
нэмж оруулахаар ажиллаж байна. Урьдчилгаа төл­бөрөө төлөх боломжгүй залуу гэр бүлийн
орон сууцны зээлийн урдь­чилгааны төлбөр дээр төр тодор­хой хэмжээний баталгаа гаргах
арга хэмжээ авч болно гэх мэтийн арга механизмыг боловсронгуй болгож байна. Манай
монголчууд нэг зүйл гаргаад ирэхээр түүнийг заавал муу болгох гэж дайраад байдгийг
нь ойлгодоггүй юм. Эх­лээд гаргасан хөтөлбөрөө улам төгөлдөржүүлээд явбал мөнх үргэл­жилнэ
шүү дээ. Тэгвэл иргэдэд ч хэрэгтэй. Улс орны эдийн засагт ч хэрэгтэй.

-Залуу
гэр бүл, ахмадуудад зориулсан ямар хөтөлбөр нэмж оруулах  юм бэ?

-Түрээсийн
орон сууц байна. Найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдах боломжгүй бага,
дунд орлоготой иргэдэд зориулсан хөтөлбөр юм. Түрээсийн орон сууцны санхүүжилтийг
шийдээд удахгүй зарлана. 2013-2014 онд нийт 1300 түрээсийн орон сууцыг ашиглалтад
оруулах ёстой. Түрүү жилийн төсөвт сууснаар нийслэл хотод 400 гаруй түрээсийн орон
сууц баригдаж байгаа. Сая ахма­дын орон сууцны хөтөлбөрийг гаргалаа. Мөн амины орон
сууц хөтөлбөрийг бид боловсруулж байна. Иргэн бүр өөрийн өмчлө­лийн 0.07 га газар
дээрээ зээл аваад орон сууц барих боломж бүрдэнэ гэсэн үг. Энэ хөтөлбөрийг Ерөнхийлөгч
их дэмжиж байгаа. Хөтөлбөр хэрэгжээд эхлэхээр ямар материалаар, ямар орон сууц барих
вэ гэдэг загварыг нь гаргаад иргэдэд санал болгоно. Уг хөтөл­бөрийн сахүүгийн эх
үүсвэрийг хайж байна.

-Амины
орон сууц хөтөлбөр хэзээ хэрэгжиж эхлэх юм бэ?

-Хөтөлбөрийг
боловсруулаад үндсэндээ дуусч байна. Төрийн орон сууцны корпорацид 100 сая ам.долларыг
олгох  шийдвэр Зас­гийн газраас гаргасан.
Үүний 50 саяыг нь хөдөө орон нутагт орон сууц барихад зориулна. Үлсдэн 50-ыг нь
Улаанбааар хотод зориулна. Энэ мөнгөнөөс Амины орон сууц­ны хөтөлбөрийн санхүүжилтийг
шийдэх боломжтой. Амины орон сууцны хөтөлбөр Сүхбаатар аймагт хэрэгжиж эхэлсэн гэж
хэлэ­хэд болно шүү дээ. Тэнд  иргэдийн
0.05 га газарт  инженерийн шугам татаж өгч
байна. Иргэд нь зээл аваад байшингаа барих боломж бүрдэж байгаа. Амины орон сууц
хөтөлбөр хэрэгжээд эхэлбэл ийм  л зарчмаар
явна гэсэн үг.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

“Нарантуул” захыг наймаачид шатаасан уу

Хүнсний захаас цогцсыг гаргаж байгаа нь

“Нарантуул” олон ул­сын худалдааны
төвийн хүнсний зах хаанаас гал гарч бүхэлдээ шатах бол­сон шалтгааныг олж тог­тоохоор
холбогдох газ­рын мэргэжилтнүүд шуур­­хай ажиллаж байгаа гэнэ. Гэвч одоог хүртэл
хүнсний павильон ямар учраас шатах болсон шалт­гааныг эцэслэн тог­тоогоогүй байгаа
аж. Мөн хүнсний зах дотроос эмэг­тэй хүний цогцос олдсон. Одоогоор хэн болохыг бүрэн
тогтоож амжаагүй байгаа гэж шинжээчид бидэнд мэдээлэл өгсөн юм. Харин хүнсний лан­гуу
түрээслэгчдийн хэлж буйгаар тэнд хоёр хүн хонодог байсан юм бай­на. Нэг нь сэтгэцийн
өөрч­лөлттэй 30 гаруй насны Мянгаа гэх залуу, нөгөөх нь гэр оронгүй ах, дүү хамаатан
садан байх­гүй гэх 40 эргэм нас­ны эмэг­тэй хонодог байжээ. Сэт­гэ­цийн өөрч­лөлт­тэй
за­луу тэр шөнө хүнсний захад хо­нол­гүй гэртээ хоносон аж. Хүнс­ний зах шатсаны
да­раа тэр ха­виар явж бай­сан юм бай­на. Харин хүнс­ний зах цэвэрлэдэг эмэгтэй
одоог хүртэл ор сураггүй алга болжээ. Түүнийг гал гарах үед дотор байж байгаад ша­таж
амиа алдсан байж магад­гүй хэмээн үзэж бай­гаа гэнэ. Цагдаа нар ч тэр эмэгтэй байж
магад­гүй хэмээн хамаатан са­дан болоод  хоног
төө­рүүл­дэг айл байж магад­гүй хэ­мээн шалгаж эхэл­жээ. Гэвч ямар нэгэн сураг ажиг
гараагүй гэнэ.

40 МЯНГАН АМ ДОЛЛАР ШАТАЖ,  САЙН СЕЙФТЭЙ ЛОМБАРДНЫ ЭЗЭН ЭД ЗҮЙЛСЭЭ БҮРЭН ХҮЛЭЭЖ
АВЛАА
 

Биднийг өчигдөр 15:00 цагийн орчимд “На­ран­туул” зах дээр  очиход түрээслэгчдийг цөөн цөө­нөөр нь дотогш
нэвт­рүүлж байв. Шатсан хүнс­ний зах дотор 300 гаруй тү­рээс­лэгч үйл ажил­ла­гаагаа
явуулдаг бай­жээ. Бүхэл­дээ шатсан хүнсний зах дотроос онцгой байд­лын аврагч нар
бүрэн бүтэн зүйл үлд­сэн эсэхийг шал­гаж бай­лаа.

Биднийг очих үед дотор ажиллаж бай­сан
цагдаа нар “Хоёр түрээс­лэгчийн эд хөрөнгө бүрэн бүтэн олдлоо. Нэг нь хоёр давхарт
байдаг ломбард­ны сэйфэнд хад­галаас­тай байсан алт, мөнгө зэрэг үнэт эдлэл их хэм­жээ­ний
бэлэн мөнгө галд өртөлгүй үлджээ. Доод давхрын нэг түрээс­лэгч мөн л зургаан сая
төгрөгөө бүрэн бүтэн хүлээж авлаа. Тэр хоёр галаас хамгаалдаг сейфтэй байсан юм
байна” хэмээн түрээслэгчдэд мэдээлэл өгөв. Харин нэг залуу шатсан ам.доллар торонд
хийгээд барьчихсан уйлчихсан гарч ирсэн юм. 40 мянган ам.доллар сейфэн­дээ хийчихсэн
байсан нь шатчих­жээ. Гэхдээ хэрэглэх аргагүй бүх ам.долларын тал нь тэр чигтээ
шатчихсан байна. Хэргийн газарт үзлэг хийж байгаа цагдаа нар тоолж үзээд 40 мянган   ам.доллар шатсан байна гэх хохирлын хэм­жээг
тогтоожээ. Мөн зургаан сая төгрөг нь шатсан залуу түүний араас гарч ирсэн юм. Тэд
“Хэдэн жилийнхээ хөлс хөдөлмө­рийг ганцхан цагийн дотор шатаал­гачихлаа” хэмээн
уйлах ажээ.  Онцгой байдлын алба хаагч нар
дотогш цөмөрч унасан төмрийг кранаар зөөн буулгаж байсан юм. Мөн карказ төмрийг
тасдагчаар тасдан буулгаж байгаа харагдлаа.

Гал гардаг шөнө “Нарантуул” захын
түрээслэгчдийн төлөөлөл зам хаах гэж байгааг эсэргүүцэн зам засварын компани шөнө
аж­лаа эхэлж магадгүй хэмээн тэнд хоносон байна. Хэрэв зам засва­рын компани ажлаа
эхэлчих юм бол “Нарантуул” зах хоёр өдөр ажиллахгүй хэмээн хотын захир­гаанаас мэдэгдсэн
учир түрээслэг­чид үүнийг эсэргүүцсэн арга хэмжээг авч эхэлсэн. Гал гардаг шөнө
арав гаруй залуус тэнд хоносон юм байна. Өглөөний 05:20 цагийн орчимд гэр гэр лүүгээ
явцгаасан байна. Тэднийг яваад гучин минут болоогүй байхад гал гарчээ. Тэнд зарим
нэг түрээслэгч ирчихсэн чингэлгээсээ бараагаа гаргаж байсан юм байна. Тэд хаанаас
гал гарсан талаар тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа юм. Харин нэг түрээслэгч баруун
урд захаас гал гарсан хэмээн цагдаа нарт мэдүүлжээ. Онцгой байдлын гал сөнөөгч нарын
хэлж буйгаар мөн л баруун урд талаасаа гал анх гарсан гэсэн.

Ингээд хүнсний захын лангуу түрээслэгчидтэй
уулзлаа. Тэд өөр өөрсдийн үзэл бодлоор хүнсний зах ямар учраас шатсан талаар ярьж
байсан юм.

  УДАА ДАРАА ШАЛГАЛТ ХИЙЖ ГАЛЫН
АЮУЛ БАЙХГҮЙ ГЭДГИЙГ ТОГТООСОН

Хүнсний захын лангууг арав гаруй жил
түрээсэлж байгаа Л.На­ранчимэг “Хүнсний зах шатсан асуудал улс төрийн явуулгаар
шатаалаа гэж үзэж байгаа. “Наран­туул” захыг сүүлийн хэдэн жил хотоос нүүлгэх асуудал
яригдаж эхэлсэн. “Бөмбөгөр” худалдааны төв шатсанаас хойш энд удаа дараа галын аюулгүй
байдлын гэнэтийн шалгалтыг хийж эхэлсэн. Сая таван сард Мэргэжлийн хянал­­тын ерөнхий
газраас на­рийв­чилсан шалгалт хийж олон зөрчил дутагдал арилгаж галын аюулгүй байдлыг
бүрэн хангасан гэх байцаагчийн дүгнэлт гарсан. Түүний дараа саяхнаас “Наран­туул”
захын удирдлага аюулгүй байдлын талаар сургалт зохион байгуулж, цайны газруудын  хийн гаазыг орой болгон аюулгүй байгаа эсэхийг
шалгадаг болсон. Өмнө нь огт гал гарч байгаагүй хүнсний зах гэнэт шатах болсон шалтгаан
нь улс төрийн явуулга гэж үзэж байна” хэмээн ярив.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЛ СӨНӨӨГЧ НАРЫГ
ИРЭНГҮҮТ ХОЁР УДАА ХҮЧТЭЙ ДЭЛБЭРЭЛТ БОЛСОН

Мөн Г.Төгсжаргал гэх түрээс­лэгч
“Лангуу түрээслэгч нарын дунд өртэй хүн олон байсан. Бүр хамаг зүйл нь баларсан
хүн хүртэл байсан. Тэд ч шатаасан байж магадгүй. Ер нь наймаачдын дунд яахаас ч
буцахааргүй болчихсон хүмүүс олон байсан. Хүнсний зах шатаж эхлэнгүүт Онцгой байдлын
гал сөнөөгчдийг дуудсан. Онцгой байдлын гал сөнөөгчдийг ирэн­гүүт, хоёр удаа хүчтэй
дэлбэрэлт болоод гал бүр ихээр авалцаж эхэлсэн байна лээ. Хүмүүс цайны газрын хийн
газ дэлбэрсэн гээд яриад байна лээ. Үнэн хэрэг дээрээ дэлбэрдэг бодис ч байсан байж
магадгүй” гэв. Цаг­даа нар галыг санаатай тавьсан байж магадгүй. Мөн хорлон сүйтгэх
ажиллагаа байж магадгүй хэмээн шалгаж байгаа гэж албаны эх сурвалж онцолж байв.
Мөн Тагнуулын ерөнхий газрын албан хаагч нар ч гал гарсан хэргийн талаар шалгаж
эхэлжээ. Цагдаа нар тэр шөнө “Нарантуул” зах дээр хоносон бүх залуусыг гал тавьсан
байж магадгүй хэмээн сэжиглэн саатуулан шалгаж эхэлжээ. Цагдаа нар тэднийг саатуулан
шалгах болсон шалтгаан нь өмнөх хэдэн өдөр тэнд хонохдоо үүрээр гэр лүүгээ явж байгаагүй
мөртлөө гал гарах үед явчихсан нь ихээхэн сэжиг төрүүлж байгаа гэнэ. Мөн хүнсний
зах цахилгааны ачаалал бага байсан учир цахилгаанаас гал гараагүй санаатай гал тавьсан
байж магадгүй хэмээн Цагдаагийн ерөнхий газраас чиг өгч хэргийг шалгаж эхэлжээ.

“Нарантуул” захын удирдла­гууд цахилгааны
утаснуудыг найм­дугаар сарын эхээр нэг бүрчлэн шалгаж аюулгүй гэдгийг тогтоосон
мэргэ­жилтнийхээ дүгнэлтийг галын шин­жээч нарт өгч байсан юм. Шин­жээчид гал гарсан
шалтгааныг энэ долоо хоногтоо багтаан тогтоох юм байна.

Э.БААТАР

Categories
редакцийн-нийтлэл

Г.Баттулга: Мөнх цаст уулнаас сноубоардаар гулгадаг гэхээр гадныхан гайхдаг

Монголын сноубоардын хол­бооны
ерөнхийлөгч, сноубоар­дын тамирчин Г.Баттулгатай ярилцлаа.

-Өвлийн спортын сонир­холтой төрлүүд
манайд хөгжиж эхэллээ. Түүний нэг нь сноу­боард. Танай холбоо байгуулаг­даад хэдэн
жил болж байгаа вэ?

-2010 онд Монголын мэр­гэж­лийн сноубоардын
хол­боо гэсэн нэртэйгээр байгуу­лагдсан юм. Бид эхний гурван жилдээ массаас дэмж­лэг
авч, энэ спортыг олон хүнд хүргэе, хүмүүсийг сноубоардаар гул­гадаг болгоё гэсэн
бодолтой байсан. Ингэж байж тухайн спорт хөгжиж, гарч ирдэг. Түүнээс биш хэдэн нөхдийн
хүрээнд байгаад байвал хөгжихгүй. Тийм учраас бид “Скай ресорт”-ынхонтой хамт­­­раад
энэ спортыг хөгжүү­лэ­хийн төлөө зүтгэж явна.

Манайд бүртгэлтэй 30 гаруй тамирчин
бий. Харин улсын хэм­жээнд 200 гаруй хүн энэ спортоор хичээллэж байна.

Тухайн спортоор хичээл­лэдэг хүн тэр
спортоо л дэмж­дэг. Монголд сноубоардыг дэмжих хүн санасан хэм­жээнд хүрчихлээ.
Одоо бид үйл ажиллагаагаа өргөн далайц­тайгаар явуулж эхэлж байна.

-Манай өвлийн спортын­хон бэлтгэлээ
гадагшаа явж хийдэг. Та нар бэлт­гэлээ яаж базаадаг вэ?

-Бид өвөлдөө эргэн тойр­ны уулууд
руу гараад бэлтгэл хийчих­дэг. Зундаа харин онц­лог­той шүү. Монголд мөнх цастай
уул хайрхан олон байдаг. Дэлхийн хэмжээнд яривал мөнх цастай, далайн түвш­нээс дээш
4000 гаруй метрийн өндөртэй уулнаас буусан сноу­боар­дын тамир­чин тоотой хэд л
байдаг.

Монголын сноубоардчид өнөө жилийн
хувьд дөрөв дэх 4000 метрээс дээш өндөртэй уулнаас буулт хийчихээд байна.

-Ямар хайрхнуудаас гулгасан бэ?

-Сайр хайрхан, Сутай хайр­хан, Мөнх
хайрхан, Цагаан дэглий гэсэн дөрвөн хайрхнаас гулгасан. Наад­мын өмнөхөн Цагаан
дэглий­гээс буусан.

-Мөнх цаст уулын цасны шинж чанар
сноубоардын зориу­лал­тын талбайн цас­наас өөр байдаг байлгүй?

-Сноубоардын талбай чинь мөс байдаг
байхгүй юу. Харахад нэг л гоё хөвсгөр цас үзэгдээд байдаг. Гялтайсан мөс байдаг
юм. Мөнх цаст уул олон зуун, мянган жил хуримт­лагдсан мөстэй. Тэнд мөс, цасны бүхий
л тогтоц холилд­сон байдаг. Мөсөөр гулгаж байтал гэнэт цас гарч ирнэ. Цасаар гулгаж
байтал мөс тулаад ирнэ. Ер нь их эрсдэл­тэй л дээ. Сноубоард нь дэл­хийн хамгийн
эрсдэлтэй 10 спортын нэг гэгддэг юм.

-Монголын сноубоар­дын холбоо ямар
тэмцээн урал­даан зохиов. Гадагшаа тамирч­даа явуулж, өрсөл­дүүлэх төлөвлө­гөө байгаа
юу?

-Бид эхний ээлжинд энэ спортоо масст
хүргэх гэсэн зорилгоо бие­лүүл­чихлээ. Одоо тамирчдаа гадаа­­дад өрсөлдүүлэх, тэмцээн
урал­даанд оруулж хүчийг нь сорих үе ирчихээд байна. Гадаадад тамирчнаа явуулахын
өмнө дотоод­доо сайн бэлтгэх хэрэг­тэй. Бид өнгөрсөн гур­ван жилийн хуга­цаанд тамирч­даа
бэлт­гэ­чихсэн. Гэтэл санхүүгийн асуудал тулгар­чихаад байна.

Гаднын улсын мэргэж­лийн сноубоардын
тамирчид уулзаад бие биедээ амжил­таа сонирхуулж ярьдаг юм. Би нутагтаа 4129 метрийн
өндөртэй уулнаас гулга­сан гэж ярьтал тэдний нүд нь орой дээрээ гарах дөхөж байгаа
юм чинь. Их гайхсан.

-Сноубоард дотроо хэд хэд ангилагддаг
юм билээ?

-Олимпод гурван төрлөөр өрсөлддөг.
Сноубоардын төр­лүүдийг нэрлээд барахгүй. Жил бүр л шинэ төрөл нэмэг­дээд сал­барлаад
хөгжөөд байна. Олимпод гимнасти­кийн үзүүл­бэртэй, кросс, туг сүлжих гэсэн гурван
төрлөөр тамирчид уралддаг.

-Монголд ямар төрөл нь түлхүү хөгжиж
байгаа юм бэ?

-Бидний зорилго бол олим­поос медаль
хүртэх. Мон­голчууд гимнас­тикийн үзүүлбэртэй төрлөөс нь медаль авах бүрэн боломж­той.
Мөн кроссын төрөлд амжилт гаргах найдвар бий. Бид одоогоор энэ хоёр төр­лөөр тамирчдаа
бэлтгэж байна.

Сүүлийн үед шүхэр болон бага оврын
онгоцноос чирэг­дэж хэдэн арван км гулгадаг сноубоардын нэгэн төрөл хүч төрж хөгжиж
байгаа.

-Сноубоард буюу цасны тавцангийн
спортоос гадна элс, усны гээд олон салбар байдаг. Таны фэйсбүүк хууд­­санд элсэн
манхнаас гулгаж байгаа зураг байна билээ?

-Цас, элс, газар, усных гээд олон
салбарлаад явчих­даг. Ерөнхийдөө тавцангийн спорт л доо, дотроо ингэж олон салбар­ладаг.
Тэр бүү цементэн зам дээрх, хадных гэсэн төрөлтэй.

Цагаан дэглийд бид цас, элс, хадны
тавцангаар гулгасан.

-Та хэзээнээс энэ спортыг сонирхох
болсон бэ?

-2007 онд Солонгост аж­лаар явж байхдаа
сноубоар­доор анх удаа гулгаж үзсэн. Гурван сарын турш гулгаад энэ спортод маш их
дуртай болсон. Монголд ирсэн чинь Хандгайтаас өөр цанын бааз байдаггүй, олигтой
гулгачи­хаар газар ч олддоггүй. Тэгээд Хандгайтад очоод “Сноу­боард байна уу” гэсэн
чинь “Байна” гэлээ. Тэгтэл нэлээд хуучраад муудчихсан сноу­боард байна. Суран тэлий­гээр
бэхэлгээг нь хийчихэж. “Гутал нь хаана байна вэ” гэтэл “Гуталтай юм уу” гэдэг юм
байна. Намайг бүх юм ийм л байдалтай угтсан л даа.

Улаанбаатарын бүх дэлгүү­рээр яваад
ганц ч тав­цан олж чаддаггүй. Хайсаар яваад хорооллын нэг спорт барааны дэлгүүрийн
агуула­хаас таван ширхэг тавцан олж энэ спортын суурийг Монгол­доо тавьж байлаа.
Тамирч­дыг эхлэгч, дунд, мэр­гэж­лийн гэж түвшингээр нь ангил­даг. Тэр таван тавцан
нь эхлэг­чийн түвшнийх бай­сан юм. Ингээд л сар гаруйн хуга­цаанд түүгээрээ гулгаад
дараа нь Япон, Солонгос, Амери­каас тавцан захиалж оруулж ирсэн. Намайг гулга­хыг
харсан хүмүүс “Яасан гоё юм бэ. Заагаад өгөөч” гэнэ. Ингэж л сноубоардын спорт Монголд
нэг мөчрөөс салаалж хөгжсөн гэж хэлж болно шүү.

-Та энэ спортоос гадна өөр ямар
нэг спортоор хичээл­лэдэг үү. Ямар мэргэжилтэй вэ?

-Би хими-технологич мэр­гэ­жил­тэй.
2004-2005 онд МУИС-д баг­шилж байгаад БНСУ руу явсан юм. Бас бизнесийн удирд­лагын
мене­­жер мэргэжилтэй. Энэ спортоор хичээллэснээс хойш сноубоард миний эзэмш­сэн
мэр­гэж­лүүдийг нэг нэгээр нь түлхсээр байгаад өөрийн­хөө хүн бол­гочихжээ.

Сноубоард бол монгол­чуу­дын хувьд
олимпоос медаль авах хам­гийн өндөр боломжтой төрөл. Монгол Улсын Ерөнхийлөгч
2030 онд Монголд олимп зохион бай­гуул­на гэж бэлгэдлийн гарын үсэг зурсан. Түүнийг
хотын захирагч дэмжиж утаанаас сална гээд идэвх зүтгэл гаргаад ажиллаж эхэлсэн нь
бидний урмыг сэргээж, итгэл найдвар бэлэглэсэн явдал болсон. Хүн мөрөөдөлтэй байх
ёстой.

Хүмүүс “Та нар яах гэж мөнх цаст уул
руу яваад байдаг юм бэ. Амь насаа алдвал яана” гэдэг. Бид хүмүүст үүгээрээ сэрэхүй
өгөх ёстой. Монголчуудаас хэн нь ч олимпоос алтан медаль авдаггүй байсан. Тэрийг
хэн нэгэн нь хийх ёстой байсан. Нэг нь хийчихвэл бусад нь болдог юм байна гээд араас
нь хүчтэй орж ирдэг. Хүмүү­сийн хүрч болохгүй, чадахгүй гэсэн зүйлийг эвдэх ёстой.

-Азид аль орны сноу­боард­­чид
тэргүүлдэг юм бэ?

-Японы сноубоардын спорт Азидаа хамгийн
өндөр хөгжилтэй нь. Дараа нь Солон­гос ордог юм. Япончууд тив, дэлхийд хамгийн хүчтэй
өрсөлдөгчид байдаг.

Д.САРУУЛ