Categories
арын-нүүр баннер их-уншсан нүүр-хуудасны-баннер-1 онцлох-нийтлэл томилолт туслах-ангилал улс-төр эрэн-сурвалжлах ярилцлага

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуулганд үг хэллээ DNN.mn

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүхэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын ард иргэд ээ,

УИХ-ын дарга, Ерөнхий сайд, эрхэм төрийн түшээд ээ,

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Та бүхэнд анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Чин зоригт, эх оронч өвөг дээдсийн баатарлаг тэмцлийн үр дүнд 1911 оны Цагаагчин гахай жил Үндэсний эрх чөлөөний хувьсгал гарч, туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн монголын ард түмний чинхүү хүсэл тэмүүлэл биеллээ олж, улмаар тусгаар тогтнолоо бататган бэхжүүлэх Ардын хувьсгалын үндэс суурийг тавьсан түүхтэй билээ.

Энэхүү түүхэн үйл хэрэг бол ноёд язгууртан, лам хувраг, эгэл ард бүх нийтээрээ эх оронч үзлээр эвлэлдэн нэгдсэн үндэсний эв нэгдлийн хүч байсан юм.

Тусгаар тогтнолын төлөөх мохошгүй тэмцэл 13 жилийн туршид зогсолтгүй үргэлжилсний үр дүнд 1921 оны 7 дугаар сарын 11-нд Ардын хувьсгал ялж, хожим 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр буюу Монгол Улсын 14 дүгээр оны модон хулгана жилийн өвлийн дунд сард монгол түмний хувь заяаг эргүүлсэн XX зууны нэгэн сод үйл явдал болсон нь Улсын анхдугаар Их Хурал хуралдаж, Үндсэн Хуулийг батлан, Бүгд Найрамдах засгийг дэлхий дахинд тунхаглан зарласан явдал билээ.

Богд хаант Монгол Улсын үеэс Үндсэн хуулийг боловсруулан батлах бодлогыг хэрэгжүүлж байсан бөгөөд 1914 онд Монгол Улсын Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн даалгавраар Үндсэн хуулийн төслийг боловсруулах ажлыг эхлүүлж байсан түүхтэй.

Энэхүү ажлын хүрээнд Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн тушаалаар эрдэмтэн Жамсрангийн Цэвээн 1914-1915 онд дэлхийн улс орнууд, түүн дотроо өрнөдийн улс орнуудын хууль эрх зүй, төрийн байгууламж, засгийн хэлбэр, улс тус бүрийн онцлогийг үндсэн хуулиар хэрхэн зохицуулж буй харилцааг судалж “Улсын эрх” хэмээх бүтээлийг туурвисан байдаг.

Тэрбээр Герман, Австри-Венгер, Англи, Итали, Бельги, Голланд, Дани, Швейцар, Испани, Португал, Орос, Япон зэрэг улс орны Үндсэн хууль, Үндсэн хуулийн эрх зүйг судалж байсан нь анхдугаар Үндсэн хуулийг боловсруулах үндэс суурь, чухал алхам болсон төдийгүй эдүгээ ч үнэ цэнээ алдаагүй байна.

Хожим 1921 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Ардын түр Засгийн газрыг байгуулсан тогтоол, Засгийн газрын 1921 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолуудад Үндсэн хууль боловсруулах тухай тус тус заасан байдаг.

Мөн 1922 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Засгийн газрын XXI хурлаас Хууль цаазыг зохиох тухай шийдвэрийг гаргаж, урьдын Автономит Засгийн үед зохион төлөвлөж байсан хууль зүйлийн бичгүүдээс авах гээхийг ялган салгаж, Европын олон улсын хууль дүрмийг харгалзан шинэчлэн зохиох комиссыг Шүүх яамны Тэргүүн сайд Магсаржаваар ахлуулан байгуулсан бөгөөд тус комиссыг 8 сар орчим ажиллуулаад үзэл баримтлалын зөрүү гарсан хэмээн үзэж татан буулгасан байна. Энэ хугацаанд уг комисс  дэлхийн улсуудын Үндсэн хуулиуд болох Америк, Англи, Бельги, Голланд, Япон, Зөвлөлт Орос Улсын Үндсэн хуулиудыг орчуулан бэлтгэх зэрэг олон ажлыг хийсэн байжээ.

Түүний дараагаар 1924 оны 9 дүгээр сард Ардын Засгийн газрын Ерөнхий сайд Б.Цэрэндоржоор ахлуулсан Үндсэн хууль боловсруулах комиссыг байгуулан ажиллуулсан байна.

Шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулах, батлах үйл явцад тухай үеийн Зөвлөлт Орос Улс, Коминтерны нөлөө, түүний төлөөлөгч Элбэгдорж Ринчино,  Турар Рыскулов зэрэг хүний шахалт, дарамт орсон нь үнэн хэдий ч анхдугаар Үндсэн хууль бүхэлдээ манай ард түмэн, засаг төрийн бодлогын тусгал болон батлагдсан хэмээн эрдэмтэн судлаачид үздэг билээ.

Эдгээр түүхэн баримтуудаас дүгнэн үзвэл анхдугаар Үндсэн хуулийг Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн төсөлд тулгуурлан, Ерөнхий сайд Д.Бодоо, Жамсрангийн Цэвээн нарын санал, төслийг харгалзан үзэж, тухайн үеийн хувьсгалын удирдагчдын манлайлал дор боловсруулсан болох нь тод харагдаж байдаг.

Эрхэм хүндэт нөхөд өө,

Хүний нийгмийн хөгжил гурван цагийн алтан хэлхээ, амьд шүтэлцээнд үргэлжилдэг. Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй билээ.

Өнгөрснийг үнэлж дүгнэхдээ эдүгээчлэх, нам, улс төр, хувь хүний үзэмжээр хандах, засварлах, гоёчлох, туйлшрах, эсхүл ердөө л бусдад таалагдах үүднээс хандах зэрэг нь нэн осолтойг бид бодууштай.

Буруу замаар орж будилах, алдахын эхлэл чухамхүү эндээс үүддэг гэдгийг өнөө цагийн төрийн түшээд, төрийн албан хаагчид ямагт санаж явах учиртай.

Түүхэн үйл явдлыг тухайн цаг үеийнх нь нөхцөл байдал, онцлог, шалтгаан хийгээд үр дагавар, зайлшгүй ба санамсаргүйн хэлхээ холбоонд авч үзэх нь хамгийн зөв зарчим, арга зүй мөн билээ.

Чухам энэ зарчмаар анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг бид дүгнэн цэгнэх ёстой.

XX зууны эхэн үеийн дэлхий дахины улс төр, геополитикийн нөхцөл байдал, ялангуяа манай хоёр хөршийн зүгээс Монгол Улсын тусгаар байдалд хандах хандлага ихээхэн ээдрээ төвөгтэй байлаа.

Монголын эрх баригчид Зөвлөлт, Хятадын удирдагчидтай уулзахдаа Монгол Улс тусгаар байдлаа ямагт хадгалах бөгөөд Дундад Иргэн Улсын нэг хэсэг болохыг хэзээ ч, хэрхэвч зөвшөөрөхгүй гэдгээ хоёрдмол утгагүйгээр, итгэл төгс эрс шийдэмгий илэрхийлж байсан нь түүхэн үнэн юм. Түүх түүхээрээ л үлддэг.

Ийм эгзэгтэй цаг үед Монгол төрийн удирдагч, зүтгэлтнүүд улс төр, дипломатын уран хурц нүүдэл хийж, тусгаар тогтнолоо баталгаажуулан, улс гэрээ мандуулах арга эвийг эрэлхийлж, энэхүү эрхэм зорилгоо алхам алхмаар бататгасаар байсныг түүх гэрчилдэг.

Дамдины Сүхбаатар, Догсомын Бодоо, Солийн Данзан, Дансранбилэгийн Догсом, Догсомын Лосол, Дамбын Чагдаржав, Хорлоогийн Чойбалсан нарын зоригт хөвгүүд Ардын намыг анх байгуулж, улмаар эх оронч бүх хүчнийг тэмцэлд уриалан дуудаж, Ардын хувьсгалыг ялалтад хүргэсэн нь өөрийн газар нутагтаа эзэн суух гэсэн монголчуудын чин хүслийн биелэл, мөнх тэнгэрийн таалал байлаа.

Гэвч энэ бол их зохиолч Д.Нацагдоржийн өгүүлсэнчлэн “зөвхөн нарыг хэвээр үлдээж, хуучны хэв ёсыг үндсээр нь эвдэх” их өөрчлөлтийн эхлэл байв.

Хуучныг халж, шинэ засаг төрийг эмхлэн байгуулна гэдэг амар бүтэх ажил биш байлаа.

Дэлхийн аль ч улсын түүхэнд ноёрхогч байсан анги сайн дураараа эрх мэдлээсээ татгалзаж байсан түүх байдаггүй. Харин цус урсгасан олон жилийн ширүүн тэмцэл, иргэний дайнаар шийдэгдсэн гашуун түүх, сургамж цөөнгүй бий.

Харин тухайн үеийн манай нам, төрийн зүтгэлтнүүд иргэний дайнд хүргэлгүйгээр “чадвал зөөлөн, ядвал хатуу аргаар бошгыг халах бат журмаар үйлдэнэ” хэмээн түмэн олонд тунхаглан зарлаж, аль болох тайван замаар засаг төрийн эрхийг шилжүүлэхийг хичээсэн нь туйлын ухаалаг бодлого байсан юм.

Нийслэл хүрээг чөлөөлсний дараа Богд хаантай тангаргийн гэрээ байгуулж, төрийн нүсэр албыг Ардын Засгийн газарт, түмэн олон, лам хувраг, шашны хэргийг хэмжээт эрхт хаанд үүрүүлэхээр тохиролцож чадсаны хүчинд 1921-1924 онд томоохон ардчилсан өөрчлөлтүүдийг харьцангуй тайван аргаар хэрэгжүүлсэн юм.

Мөн Ардын Засгийн газар 1923 оны нэгдүгээр сард “Нутгийн захиргааны дүрэм” хэмээх Үндсэн хуулийн шинжтэй баримт бичгийг баталж, нутгийн захиргааг 10 гэр, баг, сум, отог, хошуу, аймаг гэсэн бүтэцтэй болгож, тус бүрд хурал байгуулах, угсаа залгамжлах ёсыг устгаж, аливаа тушаалтныг сонгуулийн журмаар тавих болсон нь одоогийн хэллэгээр эрх зүйн шинэтгэлийн эхлэл болсон юм.

Дээр дурдсан олон чухал арга хэмжээг Ардын Засгийн газар 1921-1924 онд авч хэрэгжүүлж чадаагүй байсан бол Улсын анхдугаар Их Хурлыг зарлан хуралдуулж, анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах засгийг тунхаглан зарлах нөхцөл бүрдэхгүй байсан хэмээн судлаачид дүгнэн үздэг юм.

Эрхэм төрийн түшээд ээ,

Ардын Засаг анхдугаар Үндсэн хуулийг хэлэлцэн батлах Улсын анхдугаар Их Хурлын төлөөлөгчдийг жинхэнэ ардчилсан зарчмаар сонгох, тэдгээрийн бүрэлдэхүүнд халх дөрвөн аймаг, их шавь болон дөрвөд, казах, буриад, алтайн ба Хөвсгөлийн урианхай, Ховдын тариачин хошуу зэрэг ястан угсаатны төлөөллийг заавал оролцуулахад онцгой анхаарч, багагүй хугацаа зарцуулжээ.

Шат шатны хурлын үр дүнгээр, өндөр босгыг давж сонгогдсон төлөөлөгчид Их Хурлын ажилд туйлын идэвхтэй оролцсон бөгөөд төрөө дээдлэх ёс, түмнээ төлөөлөх хариуцлагыг гүнээ ухамсарлан хорин өдөр амралтгүй хуралдан, их үйлсийг бүтээсэн түүхийг өнөөдөр ч эрхэм гишүүд Та бүхэн гүнзгийрүүлэн судлах нь зүйтэй.

Үндсэн хуулийн төслийг Ерөнхий сайд Цэрэндорж 1924 оны 11 дүгээр сарын 25-нд танилцуулж, 77 төлөөлөгч хоёр өдөр зүйл тус бүрээр хэлэлцэн Улсын анхдугаар Их Хурлаар буюу 1924 оны 11 дүгээр сарын 26-ны үдийн хойно 4 цаг 17 минутад 6 бүлэг, 50 зүйл бүхий Үндсэн хуулийг баталж байсан түүхтэй.

Энэ бол төрт ёсны өнө эртний түүхтэй монголчууд бидний хувьд анх удаа бичмэл Үндсэн хуультай болсон гайхамшигт үйл явдал байлаа.

Анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдол, өнөөгийн бидний амьдралд хэрхэн уялдаж буй талаар цөөн хэдэн зүйлээр тэмдэглэн хэлье.

Үүнд:

Нэгдүгээрт, Анхдугаар Үндсэн хуулиар улс орныхоо бүрэн эрхт байдлыг тунхаглан зарлаж, эдийн засаг, аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадлыг бататган бэхжүүлэх эхлэлийг тавьж чадсан юм.

Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлд “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн Эрхт Ард Улс” хэмээж улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэхээр заан, “1921 оны хувьсгалаас өмнө монголын эрх баригчдын гадаадтай байгуулсан гэрээ бичгүүд, зээлсэн мөнгө, өр төлбөр бол гадаадаас хүчирхэн хүлээлгэсэн болох тул цөмийг устгасанд тооцно, мөн гадаад улсуудтай харилцах, улс төрийн ба худалдааны гэрээ бичиг тогтоох, концесс ба монополын эрх олгох, устгах, улсын хил хязгаарыг өөрчлөх, байлдах, найрамдах, цэргийн хүчнийг байрлуулах зэрэг явдлыг улсын дээд эрхийг барих газруудын эрхлэн шийтгэх зүйлс мөн” хэмээн тогтоохын зэрэгцээ, Анхдугаар Үндсэн хуулийн оршил хэсэгт “Богд хааны тамгыг Засгийн газар шилжүүлэн залж хадгалах, Хаант Засгийг халж, цаашид Бүгд Найрамдах Засгийг тогтоон Да жунтан гэдэг ерөнхий даргыг сонгохгүй улсын бүх дээд эрхийг Улсын Их Хурал ба мөн Хурлаар сонгогдсон Засгийн газар хадгалах”-аар заасан байдаг.

Мөн улсын аж ахуй ба эдийн засгийн бодлогыг чухалчлан үзэж байсан бөгөөд Үндсэн хуульд улсын орлого, зарлагыг төсөвлөсөн дансанд нэгтгэж, улсын төсвийг үр ашигтай захиран зарцуулах хатуу чанд сахилгыг тогтоож өгсөн байна.

Түүнчлэн улс орноо батлан хамгаалах өөрийн гэсэн хүчнийг буй болгохыг зорьж Үндсэн хуулиар тогтоож байсан нь өнөөгийн Үндсэн хуульд “Монгол Улс өөрийгөө хамгаалах Зэвсэгт хүчинтэй байна” хэмээх заалтаар уламжлагдан хэрэгжиж ирснээс харж болно.

Хоёрдугаарт, Анхдугаар Үндсэн хуулийн бас нэгэн томоохон ололт нь анх удаа хүний эрх, эрх чөлөөг тунхаглаж, тэдгээрийг хэрэгжүүлэх арга замыг тогтоож өгсөн явдал юм.

Анхдугаар Үндсэн хуульд “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн эрхтэй Ард Улс хэмээнэ” гэж тунхаглан, ард иргэдийнхээ эрх, эрх чөлөөг баталгаажуулахдаа эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийг хангаж, түүн дотроо эрэгтэй, эмэгтэй хүмүүс адил, тэгш эрхийн үндсэн дээр сонгох, сонгогдохоор заасан нь Ази тивдээ анхдагч ардчилсан Үндсэн хууль болсон юм.

Тэгвэл ардчилсан гэгдэх барууны орнуудаас эмэгтэйчүүдийн сонгуульд оролцох эрхийг 1944 онд Франц, 1948 онд Баруун Герман, 1971 онд Швейцар, 1974 онд Португал, 1975 онд Грек, 1976 онд Испани нээж өгсөн бол анхны бичмэл Үндсэн хуулийг баталсан АНУ хүйсээр үл ялгаварлан эмэгтэй, эрэгтэй хүн адил цалин хөлс авах тухай хуулийг 1963 онд баталж байсан түүхтэй.

Анхдугаар Үндсэн хуулийн дээрх үзэл санаа өнөөгийн парламентад ч тусгалаа олж эмэгтэйчүүдийн парламентад сонгогдох боломжийг нэмэгдүүлэх талаар онцгой анхаарсны үр дүнд 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар 32 эмэгтэй сонгогдож, нийт гишүүний 25 хувийг бүрдүүлсэн нь Ази тивдээ парламент дахь эмэгтэй гишүүдийн төлөөллөөр тэргүүлэх үзүүлэлт болсныг энэхүү түүхэн өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Гуравдугаарт, Үндсэн хууль нэгэнт улс төр, эрх зүйн баримт бичиг болохын хувьд анхдугаар Үндсэн хуулиар Монгол Улсын гадаад бодлого, түүний хэтийн чиглэлийг оновчтой тодорхойлж чадсан.

Тухайн үеийн нам, төрийн удирдагчид гадаад, дотоод улс төрийн нөхцөл байдал улам хүндэрч байсан аянгат цагийн амаргүй, эгзэгтэй үед улс төр, дипломат харилцаанд өчүүхэн боловч алдаа гаргахгүйг хичээж туйлын хянуур болгоомжтой хандан анхдугаар Үндсэн хуульдаа “Бүх дэлхийн жинхэнэ ард түмний зорилго нь одоогийн эзэрхэг хөрөнгөтний байдлыг үндсээр устгаж, нийгэм журамт ба эв хамт ёсыг эрмэлзэх тул бидний жинхэнэ ард улсаас гадаадтай харилцах засгийн бодлогыг бүх дэлхийн бага буурай улс ба хувьсгалт ард түмний ашиг тус, үндсэн зорилготой нийцүүлж явуулбал зохино.

Мөн цагийн байдлыг хянаж, ямар ч гадаад улстай харилцан найрамдаж болох боловч бидний улсын бүрэн эрхэд халдах этгээд бий ахул бүхий л хүчээр эсэргүүцнэ” хэмээн энх тайванч гадаад бодлого явуулахаа дэлхийн улс түмэнд анх удаа зарлан тунхаглаж байсан түүхтэй юм.

Энэхүү бодлого нь эдүгээ ч ач холбогдлоо алдаагүйн дээр Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын эх үндэс болон одоо ч өргөжин бэхжиж байна.

Түүнчлэн тусгаар тогтносон Монгол Улсын бүрэн эрхэд хэн нэгэн этгээд халдах аваас шууд эсэргүүцэн тэмцэнэ, ямар нэгэн буулт, яриа хэлцэл хийхгүй гэдэг жанжин шугамаа тууштай илэрхийлж чадсан байдаг.

Тухайн үеийн түгшүүрийн харанга дэлдсэн эгзэгтэй нөхцөл байдалд адгаж бачуурч, сандарч тэвдэлгүй, хийх алхмуудынхаа ээлж дарааллыг нарийн зөв тооцож, алсыг харсан байр сууриа тодорхойлж чадсан энэхүү гадаад бодлого нь цаг хугацааны олон сорилт, шалгуурыг амжилттай даван туулсан бөгөөд үүнийг Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэн 1961 он хүртэлх түүхэн үйл явдлууд нотлон харуулдаг юм.

Хожим “баруунтан” хэмээн буруутсан тэр үеийн удирдагчид Зөвлөлт Орос Улстай харилцаагаа хөгжүүлэхийн зэрэгцээ Монголыг гадаад гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэх боломжийг эрэлхийлж байсан түүхтэй.

Герман, Англи, Америк, Япон зэрэг орны элчин сайд, дипломат төлөөлөгчидтэй уулзаж, харилцаа тогтоох хүсэлтэйгээ илэрхийлж, Германд Монголын худалдааны төлөөлөгчийн газрыг нээж, Франц, Герман улсад Д.Нацагдорж, Д.Пагмадулам нарын 40 орчим хүүхэд, залуусыг сургахаар илгээсэн зэрэг нь тэрхүү бодлогын тод илрэл юм.

Харамсалтай нь, анхдугаар Үндсэн хуулийнхаа заалтуудыг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэж байсан хүмүүс түүхийн ээдрээ, нугачаатай он жилүүдэд хэлмэгдсэнээр бусад улс оронтой харилцаж, тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх гэсэн оролдлого нэг хэсэгтээ зогссон юм.

Дан ганц Зөвлөлт Орос Улсаар хүлээн зөвшөөрөгдсөн байх нь хангалтгүй, бусад улс оронтой ч хэлэлцээр хийх ёстой, үлгэрлэвээс Швейцар лугаа адил төвийг сахисан улс болохыг эрмэлзэх ёстой гэсэн Жамсрангийн Цэвээн, мөн Монгол Улстай харилцахаас татгалзаагүй л бол дэлхийн бүх оронтой ойртон нөхөрлөх гэсэн Догсомын Бодоо, Балингийн Цэрэндорж, Анандын Амар, Цэрэн-Очирын Дамбадорж, Наваандоржийн Жадамба зэрэг тухайн үеийн нам, төрийн зүтгэлтнүүдийн баримталж байсан байр суурь өнөөгийн Монгол Улсын гурав дахь хөршийн бодлогын үндэс суурийг тухайн үед томьёолж байсан гэж үзэж болох юм.

Дөрөвдүгээрт, Манай улс 1924 онд анхны Үндсэн хуулиа баталснаар Ази тивийн Үндсэн хуультай анхны улсууд болох Япон, Иран, Афганистан зэрэг улстай хамт бичигдэж, Ази тивд Үндсэн хуульт ёсыг хөгжүүлж ирсэн тэргүүлэх улс орнуудын дотор зүй ёсоор багтдаг хэмээн Үндсэн хуулийн эрдэмтэн, судлаачид  дүгнэн үздэг.

Энэхүү анхдугаар Үндсэн хуулийг боловсруулахад Зөвлөлт Орос Улсаас туслалцаа, дэмжлэг авсан нь тухайн үеийн нөхцөл байдлаас үүдсэн бодит үнэн бөгөөд энэ нь нэг талаасаа манай орны эрх зүйн тогтолцоо эх газрын эрх зүйн бүлээс улбаатай болсны нэгэн нотолгоо юм.

Анхдугаар Үндсэн хуулиар Хаант засгийг халж, Бүгд Найрамдах засаглалыг тогтоосон нь манай улсын өнгөрсөн зууны хөгжил дэвшлийн үндэс суурь, өнөөгийн ардчилсан Монгол орны төрийн байгууламжийн үндсэн хэлбэр болон хөгжин бэхжиж байна.

Ийнхүү анхдугаар Үндсэн хууль нь үндсэн хуульт ёсны үзэл санааг түүчээлэн хөгжүүлэх зам мөрийг тавьж, нийгмийн өөрчлөлт, цаг үеийн онцлогийг тусгасан 1940, 1960, 1992 оны Үндсэн хуулиудыг батлан гаргах хөрс суурь болсон байна.

Монгол Улсын анхдугаар болон 1940, 1960 оны Үндсэн хуулиуд нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, төрийн байгууллын тогтолцоог хуульчлан бэхжүүлж ирснээрээ онцгой ач холбогдолтой, нийтлэг шинжтэй бөгөөд тухай цаг үеийн улс орны хөгжил дэвшилд өөр өөрийн түүхэн үүргээ зүй ёсоор биелүүлж ирсэн түүхтэй.

Монгол оронд 1980-аад оны сүүл, 1990-ээд оны эхэнд өрнөсөн ардчилсан өөрчлөлт шинэчлэлтийн үр дүнд монголчууд бид үндэсний язгуур эрх ашиг, ардчилсан үзэл санааны төлөө эвлэлдэн нэгдэж, улс төр, нийгэм, эдийн засаг, оюун санааны шинэ тогтолцоонд шилжиж чадсан нь манай улсын түүхийн бас нэгэн онцгой үйл явдал байсан.

Шинэ Үндсэн хуулийг боловсруулж, ард түмнээр хэлэлцүүлж, баталсан үйл явц нь монголчууд бидний үндэсний их зөвшилцөл, үзэл санааны дэвшил байсан юм.

Ардчилсан шинэ Үндсэн хууль нь Монголын ард түмний амьдралд түүхэн шинэ эргэлт болж, тусгаар тогтнол бүрэн эрхт байдлаа бататган бэхжүүлж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх үндэс суурь болсон билээ.

Энэхүү Үндсэн хуулийн үр дүнд хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, иргэний нийгэм, ардчилсан сонгууль, олон намын тогтолцоо, нутгийн өөрөө удирдах ёс зэрэг ардчилсан нийгмийн үндэс суурийг бэхжүүлж чадсан.

Монгол Улсын үндсэн хуульт ёсны 100 жилийн түүхэн хөгжил нь аливаа эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай байх зарчимд суурилан төр, засгийн эрх мэдлийг Үндсэн хуулиар тогтоож, хүний эрх, эрх чөлөөг хамгаалан баталгаажуулж, эрх зүйт төрийг байгуулахын төлөөх нэгэн зууны нөр их хичээл зүтгэл, эрэл хайгуул, сургамж, туршлага, бидний түүх, өв соёл, үнэт зүйл болсон юм.

Монголын ард түмний Үндсэн хуульт ёсны энэхүү баялаг түүх нь зөвхөн манай ард түмний түүх, өв соёл төдийгүй хүн төрөлхтний үндсэн хуульт ёсны түүхийн салшгүй нэг хэсэг юм.

Өнгөрсөн зууны түүхийг товчилж хэлбэл, бидний өвөг дээдэс Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, тусгаар тогтнолоо зарлан, даян дэлхийд улс орноо хүлээн зөвшөөрүүлж, Хүннү гүрэн, Их Монгол Улсын гал голомтыг сэргээн бадрааж, орчин цагийн ардчилсан Монгол Улсыг цогцлоон байгуулсан “Тусгаар тогтнол, хөгжил дэвшил”-ийн агуу зуун байлаа.

1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, 1921 оны Ардын хувьсгал, 1939 оны Халхын голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайн, Тусгаар тогтнолын төлөөх бүх ард түмний санал хураалт, 1961 онд НҮБ-д гишүүнээр элссэн хийгээд 1990-ээд оны ардчилсан өөрчлөлт, шинэчлэлт зэрэг сүүлийн хоёр жаранд тохиосон манай улсын нийгэм, эдийн засаг, улс төр, оюун санааны гайхамшигт өөрчлөлтүүд нь агуу түүхт Монголын ард түмний язгуур эрх ашиг, үндэсний эв нэгдэл, хамтын хүчээр сэргэн мандсан эх оронч үзэл санааны ялалт байсныг энэхүү түүхт ойн баярын өдөр тэмдэглэн хэлэхэд бахдам сайхан байна.

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Эрхэм хүндэт төрийн түшээд ээ,

Одоогоос 100 жилийн өмнө монголчууд бид эрх чөлөө, тусгаар тогтнолоо сонгож, улсынхаа бүрэн эрхт байдлыг Үндсэн хуулиараа баталгаажуулж чадсан бол Монгол Улстай сайн харилцаа тогтоохыг хүссэн бүх оронтой найрамдан нөхөрлөх өвөг дээдсийн чинхүү хүслийг эдүгээ цагт биелүүлж, НҮБ-ын бүх гишүүн орон болох 192 улстай дипломат харилцаа тогтоох зорилтоо бүрэн ханган хэрэгжүүлж чадсан гэдгийг баярын энэ өдөр хэлэхэд таатай байна.

Үе үеийн чин зоригт, эх оронч өвөг дээдсийн халуун амь, бүлээн цусаар дархлагдсан Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хөгжил дэвшлийг өнөө цагт өртөөлөн, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх нь Та бидний эрхэм үүрэг, түүхэн хариуцлага билээ.

Иймд цаашид бид шинэ Үндсэн хуулиар баталгаажуулсан Монголын ард түмний ололт амжилт, үнэт зүйл болсон ардчилсан төр, засаг, парламент ёсоо бэхжүүлж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхийн төлөө төр, засаг, улс төрийн нам, эвсэл, иргэний нийгэм, ард түмнээрээ хамтран хүчин зүтгэх учиртай.

Эрх зүйт төртэй улсад үндэсний эв нэгдлийн хүчээр Үндсэн хуулиа баталж, Үндсэн хуулиараа үндэсний эв нэгдлээ хангадаг жамтай.

Эв нэгдэл үгүй бол улс үндэстэн оршин тогтнож, хөгжин дэвжих боломжгүй юм.

“Хоёр хүн эвтэй бол төмөр хэрэм мэт, хорин хүн эвгүй бол нурсан балгас мэт” хэмээх Их эзэн Чингис хааны билиг сургаалыг ямагт санаж, эрх чөлөө, тусгаар тогтнол, эв нэгдлээ бататган бэхжүүлэн, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэж, ёсыг сахиж амьдрах нь бидний хөгжил дэвшил, мандан бадрахын үндэс байх болно гэдгийг монгол хүн бүр зүрх сэтгэлдээ тээж явах учиртай.

Тиймээс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан энэ өдөр бол монголчууд бидний улс үндэстэн, тусгаар тогтнолоороо бахархах үндэсний их бахархлын өдөр мөн.

Энэ бахархлын эзэн нь эрх чөлөөт Монголын ард түмэн билээ.

Учир иймээс манай ард түмэн эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаагаа гүнээ ухамсарлан, төрт ёсны үнэт зүйл, өв соёл, үүх түүх, Үндсэн хуулиа эрхэмлэн дээдэлж, үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эв эеэ сахин бататгаж, улс Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа хүчин зүтгэхийг төрийн тэргүүн ард түмэндээ уриалж байна.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.

Categories
арын-нүүр баннер их-уншсан нүүр-хуудасны-баннер-1 онцлох-нийтлэл томилолт туслах-ангилал улс-төр эрэн-сурвалжлах ярилцлага

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүллээ DNN.mn

Эрхэм хүндэт туурга тусгаар Монгол Улсын ард иргэд ээ,

Та бүхэнд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, ард түмэн засаглах, эрх чөлөөтэй амьдрах үндсийг бүрдүүлсэн анхдугаар Үндсэн хууль батлагдсан 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

Одоогоос 100 жилийн өмнө монголын аймаг, хошууд, ардын цэргийн ангиудаас сонгогдсон 77 төлөөлөгч Улсын Анхдугаар Их Хурлаар чуулж анхны Үндсэн хуулиа 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж Бүгд Найрамдах Улсыг тунхагласан түүх бол бидний бахархал мөн.

Монголчууд дэлхий дахинаа Бүгд Найрамдах улсаа тунхаглаж анхдугаар Үндсэн хуулиа баталснаар зүүн болон төв Азидаа Япон, Хятад улсын хамт Үндсэн хууль бүхий эхний гурван улс болж, тэргүүлж хөтөлсөн түүхтэй. Ийнхүү Бүгд Найрамдах засаглалыг тогтоож, дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлж, үндсэн хуульт ёсыг нэвтрүүлж, тивдээ түүчээлсэн нь бидний хувьд үнэ цэнэтэй.

ХХ зууны эхэн үеийн дэлхийн улсуудын байдлыг авч үзэхэд өмнөд хөршид Манж Чин улсын уналт, хойд хөршид Октябрын хувьсгал, Европ тивд улс орнуудын зөрчилдөөн, Дэлхийн I дайн, зарим үндэстний тусгаар тогтнолын төлөөх тэмцэл өрнөж, дайн дажины хурцадмал нөхцөлтэй байсныг та бүхэн мэднэ. Дэлхий дахин амар амгалангүй байсан энэ цаг үед Монголчууд жинхэнэ эрх чөлөөнд хүрэх зорилгоо ахиулж, Бүгд Найрамдах засгаа тунхаглаж чадсан нь үнэхээр бахархалтай үйл явдал.

1924 оны Үндсэн хуулийн улс төр, эрх зүйн ач холбогдол нь төрийн эрх мэдлийг ард түмэнд шилжүүлж, төрийг сонгуульт зарчмаар удирдах тогтолцоог бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөөний талаар зарим дэвшил гарган хуульчилж, Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласанд оршино.

Зуун жилийн өмнө Монголчууд ард түмэн засаглах, төлөөллийн зарчмаар төрийг удирдах, байгалийн баялгийг ард түмний мэдэлд харьяалуулах, улсын бэлгэ тэмдгийг тогтоох, хууль тогтоох байгууллага нь гүйцэтгэх засгаа томилох, хүний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулах, нутгийн удирдлагын бүрэн эрхийг тодорхойлох зэрэг олон чухал асуудлыг тунхаглаж байсан нь залгамжлагдаж өнөөгийн ардчилсан Үндсэн хуульд бэхжин төгөлдөржсөөр байна.

Монгол Улс анхдугаар Үндсэн хууль баталснаас хойш 100 жилийн хугацаанд 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулиа бүтэц, бичвэр, агуулгын хувьд улам бүр баяжуулан сайжруулсныг та бүхэн мэднэ. Үндсэн хуульт ёсны энэхүү хөгжлийн үе шатад төрт улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг өчүүхэн ч төдий дордуулаагүй нь Монголчууд бидний бас нэгэн бахархах зүйл мөн юм.

Анхдугаар Үндсэн хуульд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх, төрийн эрх мэдлийн уг сурвалж жинхэнэ ард буюу иргэд байх зарчмыг анх удаа тогтоосон нь дараа дараагийн Үндсэн хуульд бэхжиж, улмаар 1992 оны ардчилсан Үндсэн хуулийн амин чухал зарчмын нэг болсон билээ.

Тиймээс өнөөгийн парламентын засаглал нь геополитик, дотоод улс төрийн нөхцөл байдлын хувьд чухал тогтолцоо бөгөөд үүнийг цаашид улам бүр төгөлдөржүүлэн авч явах ёстой.

2023 онд ардчилсан Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн дүнд таван намын төлөөлөл бүхий 126 гишүүнтэй парламент бүрдэж олон ургалч үзэл санаа хангагдах нөхцөл бий боллоо.

Шинээр бүрдсэн парламент Үндсэн хуулийн эрхэм зорилгод үндэслэн Стратеги төлөвлөгөөгөө баталсан бөгөөд цаашид хууль тогтоох болон хянан шалгах бүх үе шатад хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлага нэн тэргүүнд тавигдана.

Монгол Улсын Их Хурал ардчилсан Үндсэн хуулийн онцгой чухал зарчим болох ард түмэн засаглах Бүгд Найрамдах Улсын эрх зүйн үндсийг тогтоосон анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг тэмдэглэж, ард түмэн бид бүрнээ дагаж мөрдвөл зохих 1992 оны Үндсэн хуулиа дээдлэн залах тухай тогтоолыг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр баталсныг та бүхэнд дуулгахад таатай байна.

Бид өнөөдөр анхдугаар Үндсэн хуулийн зуун жилийн түүхэн ойн өдөрт гүн хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ цаашид Бүгд Найрамдах ёс, ард түмний засаглал, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хойч үедээ уламжлан дамжуулах төрийн байгуулалт, төрт ёсыг бэхжүүлэх эрхэм хүндтэй үүргээ нэр төртэйгээр биелүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

Та бүхэндээ Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн зуун жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Categories
арын-нүүр баннер их-уншсан нүүр-хуудасны-баннер-1 онцлох-нийтлэл томилолт туслах-ангилал улс-төр эрэн-сурвалжлах ярилцлага

“Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” сэдэвт хэлэлцүүлэг боллоо DNN.mn

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс өнөөдөр (2024.11.22) “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Улсын Их Хурлын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх, Ажлын дэд хэсгийн гишүүн Н.Отгончимэг хэлэлцүүлгийг нээж үг хэлсэн.

Тэрбээр Улсын Их Хурлын даргын 2024 оны 74 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт Улсын Их Хурлын Тамгын газрын зөвлөхүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын хуульчид, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яамны болон бусад яамдын хуулийн мэргэжилтнүүд, Монголын хуульчдын холбоо болон бусад мэргэжлийн байгууллагын хуульчид ажиллаж байгааг тодотгосон.

Ажлын дэд хэсгийн гишүүд эхний ээлжинд Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага бий эсэхийг судлан, өөрчлөлт оруулах шаардлагатай бол ямар агуулгаар өөрчлөлтийг хийх талаар судалгаа хийн, үзэл баримтлалыг боловсруулахаар ажиллаж байгааг мэдээлсэн юм.

Энэ өдрийн хэлэлцүүлгээр шүүгч, судлаач Т.Мөнх-Эрдэнээр ахлуулсан баг Хууль тогтоомжийн хууль ба бусад улс орнуудын нийтлэг чиг хандлага, сайн туршлагын талаарх харьцуулсан судалгаагаа танилцуулж, Хууль тогтоомжийн тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтын хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний талаар судлаач Т.Золбоо танилцуулга хийсэн.

Мөн Улсын Их Хурлын Тамгын газрын Хуулийн газрын Хууль зүйн дүн шинжилгээний хэлтсийн ахлах зөвлөх Г.Агар-Эрдэнэ Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар мэдээлэл танилцуулж, хэлэлцүүлэгт оролцогчид асуулт асууж, мэдээлэл солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Categories
америкийн-монголчууд амьдралын-өнгө ардын-цолтон арслан арын-нүүр баннер булангууд видео-мэдээ жинлүүр загас зурхай их-уншсан ихэр матар мэдээ мэлхий нийтлэл нийтлэл нум нүүр-хуудасны-баннер-1 онцлох-нийтлэл охин өд-бэх сав-шимийн-ертөнц танайд-өнжье томилолт туслах-ангилал удам-судар улс-төр үхэр хилэнц хонь хумх эрэн-сурвалжлах эх-орон-сумаас-эхэлнэ ярилцлага

ХЗБХ: Монгол Улсын 2025 оны төсөв, холбогдох хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжив DNN.mn

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2024.11.22) хуралдаан 13 цаг 17 минутад гишүүдийн 59.1 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэв.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг эхлээд хэлэлцсэн бөгөөд энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар танилцууллаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь хориг тавьсан гэв.

Гадаад зах зээлийн төлөв байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзлийг харгалзан, гадаад валютын улсын нөөц, төсвийн хуримтлалыг нэмэгдүүлэх, өрийг бууруулах зэрэг суурь зарчмуудыг анхаарч мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж алдагдалгүй төсөв батлах нь зүйтэй гэжээ. Олон улсын геополитик, гео-стратегийн нөхцөл байдлаас шалтгаалж, гадаад эдийн засгийн төлөв байдал урьдчилан таамаглах боломжгүйгээр хувьсан өөрчлөгдөж, түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнэ ханш өндөр хэлбэлзэлтэй байгааг дурдсан. Энэхүү эгзэгтэй цаг үед мөчлөг сөрсөн эдийн засгийн бодлого хэрэгжүүлж, үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй, хөгжилд хөтөлсөн төсөв төлөвлөж, батлах нь нийт иргэн, улсын ашиг сонирхолд бүрэн нийцнэ хэмээн тэрбээр танилцуулав. Энэ нь эдийн засгийн болзошгүй хүндрэл, бэрхшээлийг хохирол багатай даван туулах нөөц боломж, хуримтлалыг нэмэгдүүлэх, үнэ, ханшийн өсөлтийг хязгаарлах, эдийн засгийн тогтвортой байдал, ард иргэд, аж ахуйн нэгж, татвар төлөгчдийн хэвийн үйл ажиллагааг хангах баталгаа болно гэж үзсэн гэлээ.

Эдийн засгийн тогтвортой байдал, өсөлтийг хангах нь хөгжлийн бодлого, тэргүүлэх зорилт, төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, улсын аюулгүй байдал, тогтвортой хөгжил, ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулах үндэс суурь болохыг ямагт санах учиртай хэмээгээд “Монгол Улсын Их Хурал 2025 оны улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6 4.1-д заасан “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, мөн хуулийн 6.5.1-д заасан “төсөв хэлэлцэх, батлах үйл ажиллагааг нийтэд нээлттэй байлгаж, төсвийн төлөвлөгөө, гүйцэтгэл, тайлагналын талаар тогтоосон хугацаанд нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх”, мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д заасан “төсвийн бодлого, стратегийн зорилт нь макро эдийн засгийн болон татварын тогтвортой орчныг бүрдүүлэх, инфляцийг хязгаарлахад чиглэсэн байх”, 5.1.6-д заасан “төсвийн хөрөнгийн хуваарилалт, байршуулалт, хэрэглээ нь эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдолтой байх” гэсэн заалтуудыг бүрэн хангаагүй бөгөөд энэ байдал нь хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчимд нийцэхгүй байна” гэжээ. Үүний зэрэгцээ Улсын Их Хурлаар саяхан баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан “Төсвийн урсгал зардлын тэлэлтийг хязгаарлаж, төсвийн алдагдал, Засгийн газрын өрийн тусгай шаардлагыг хангана” гэсэн зорилтоо бодитой хэрэгжүүлж ажиллахыг Ерөнхийлөгч сануулжээ.

Мөн ард иргэд, баялаг бүтээгч, татвар төлөгчид болон мэргэжлийн байгууллагуудын зүгээс төсвийн сахилга батыг чангатгах, үр ашигтай, хэмнэлттэй байх зарчимд нийцүүлэн төсвийн зардлыг бууруулах, чиг үүргийн давхардлыг арилгах, улс төрийн нам, эвслүүд сонгуулийн амлалтаа биелүүлэх зэрэг санал, шүүмжийг илэрхийлж байгаа нь зүй ёсны шаардлага хэмээн үзсэн байна.

Түүнчлэн Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль тогтоомжууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэсэн заалтыг зөрчих нөхцөлийг бий болгосон байна. Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 41 дүгээр тогтоолыг баталсан. Энэхүү тогтоолоор Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль нь Төсвийн болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан зарчмуудыг бүрэн хангаагүй, төрийн мөнгөний бодлоготой нийцээгүй, төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж чадаагүй болохоо хүлээн зөвшөөрч, батлагдсан төсвийг тодотгож, дахин засаж сайжруулах шаардлагатай гэсэн агуулгыг илэрхийлсэн байна. Мөн Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Засгийн газар дараах тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголын төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасан.

Гэтэл Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль хүчин төгөлдөр болж, дагаж мөрдөж эхлээгүй, Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан тохиолдол үүсээгүй байхад Улсын Их Хурал төсөвт тодотгол хийхээр тогтоол баталж, чиглэл болгож байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “. . . хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” хэмээх заалтыг зөрчих нөхцөлийг бүрдүүлсэн гэдгийг Г.Занданшатар танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар хоригт дурдсан “мөчлөг сөрсөн төсвийн бодлого” хэмээх агуулгын талаар тодруулж хариулт авсан бол Ц.Сандаг-Очир гишүүн Ерөнхийлөгч хориг тавьсан шалтгаан нь төсвийн алдагдлыг бууруулах уу, эсхүл алдагдалгүй байх уу гэдгийг лавлав. Ерөнхийлөгч Монгол Улсын 2025 оны төсвийг алдагдалгүй төсөв батлах нь зүйтэй хэмээн үзсэн болохыг Г.Занданшатар дарга тодотгоод, холбогдох тайлбарыг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Б.Заяабал, Д.Ганбат нар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн бол П.Сайнзориг гишүүн улсын төсвийг дагаад засаг, захиргааны нэгжүүд дагалдан төсвөө батлахаар хүлээж байгааг дурдав. Улсын төсөвтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьж байгаа нь анхны тохиолдол биш гэдгийг тэрбээр дурдаад Монгол Улсын 2025 оны төсвийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг хангалтгүй ажилласан хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн. Дараа нь хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Дараа нь Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Төслийн талаар Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар танилцуулж, гишүүд холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Иймд санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжин баталлаа. Ингэснээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголын товыг өөрчилж, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлийн газраас мэдээлэв.

Categories
арын-нүүр баннер их-уншсан нийгэм нүүр-хуудасны-баннер-1 онцлох-нийтлэл томилолт туслах-ангилал улс-төр эрэн-сурвалжлах ярилцлага

УИХ дахь АН, МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ DNN.mn

Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хурлаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж бүлгийн нийт гишүүдийн 57.1 хувийн саналаар хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Categories
story-news америкийн-монголчууд амьдралын-өнгө ангиллуудын-баннер ардын-цолтон арслан булангууд видео-мэдээ жинлүүр загас зурхай ихэр матар мэдээ мэлхий нийгэм нийгэм-ангиллын-баннер нийтлэл нийтлэл нум нүүр-хуудасны-баннер нүүр-хуудасны-баннер-2 нүүр-хуудасны-баннер-3 онцлох-нийтлэл охин өд-бэх өрнийн зурхай сав-шимийн-ертөнц танайд-өнжье туслах-ангилал удам-судар улс-төр-ангилалын-баннер үхэр хилэнц хонь хумх цаг-тооны-бичиг эдийн-засаг эдийн-засаг-ангиллын-баннер эх-орон-сумаас-эхэлнэ

Б.Даваадалай: Ерөнхийлөгчийн хориг Засгийн газар, УИХ-д боломж олгож байгаа юм DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалайтай ярилцлаа.


-Улсын төсөвт бүхэлд нь хориг тавьж байсан тохиолдол цөөхөн. Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсны шалтгаан юу вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийн хүрээнд ард түмнээс сонгогдсон гэдэг утгаараа хуульд хориг тавих бүрэн эрхтэй ганц субьект. Өмнө нь төсөв дээр ихэвчлэн хэсэгчилсэн байдлаар хориг тавьж байсан. Нийгэм, олон нийт, мэргэжлийн байгууллагууд 2025 оны төсөв нэлээд тэллээ гэж шүүмжилсэн. Эдийн засгийн нөхцөл байдал сүүлийн хоёр жил харьцангуй сайн гүйцэтгэлтэй байна. Манай гол түүхий эд нүүрс, зэсийн үнэ өндөр байна. Дээрээс нь Хятадын тал манай нүүрсийг нэлээд сайн гаргаж байна. Мөн Засгийн газар ашигт малтмалын салбарт ил тод байдлыг сайжруулах, тухайлбал, биржээр арилждаг болсон ч, “нүүрсний хулгай”-г ил болгож, засаж янзаллаа. Энэ мэт өөрчлөлтүүдийг хийсний үр дүнд олон үнэлгээ сайжирсан. Нэг анхаарах зүйл бол, энэ бүгд дандаа уул уурхайн орлого. Уул уурхайн бус орлогоо аваад үзвэл, эдийн засгийн бааз суурь сэргэж, нэмэгдэж байгаа ч бас сайжруулах шаардлага байгаа юм.

-Гэхдээ бидний олж байгаа орлого “эмзэг”. Түүхий эдийн үнэ унавал Монгол Улсад эрсдэлтэй?

-Тийм. Төрөлжөөгүй эдийн засагтай. Бид бараг хоёр, гурван бүтээгдэхүүнээр л амьдарч байна. Энэ нөхцөлд илүү болгоомжтой хандах ёстой. Үүнийгээ дагаад бусад зардлаа нэмэгдүүлсэн зүйл бий. Шууд үгүйсгэхэд хэцүү. Цалин, тэтгэврийг нэмсэн, тэтгэврийн доод хэмжээг 500 мянгад хүргэсэн. Аймагт ажиллавал 20 хувь, суманд ажиллавал 40 хувь гээд хангалттай сайн нэмлээ шүү дээ. Жирийн багшийн дундаж цалин хамгийн бага нь 1.6 сая төгрөг. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа багийн дарга гэхэд бараг 2.5 сая төгрөгийн цалинтай болчихлоо. Жил болгон үнийн өсөлт, инфляцын түвшинтэй уялдуулаад нэмнэ гэж хууль, тогтоомжид заасан учраас заавал нэмэгдэх шаардлагатай зардлууд байгаа юм билээ. Тухайлбал, цалин, тэтгэвэр, нийгмийн халамжийн зарим хөтөлбөрүүд, хүүхдийн мөнгөнөөс эхлээд. Хүүхдийн мөнгө гэхэд 1.6 их наяд төгрөгийг төсвөөс зарцуулж байна. Энэ мэтчилэн нийгэмд заавал очих ёстой зардлууд бий. Нөгөө талд үр ашигтай, хэмнэлттэй байх зарчмаа барьж, танах боломжтой зардлууд харагдаж байна.

-Ерөнхийлөгчийн хоригийн хүрээнд ямар ямар шаардлагууд тавьж байгаа вэ?

-Нэгдүгээрт, 2024, 2025 оны төсвийг батласнаас хойш олон улсын нөхцөл байдал нэлээн өөрчлөгдөж байна. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль, дээрээс нь зөвхөн Трамп гарч ирсэнтэй холбоотойгоор түүхий эдийн үнэ хэлбэлзэж байна.

Хэрвээ Хятадаас орж ирж буй бараанд 60 хувийн татвар тавьчихвал урд хөршийн эдийн засаг нэг хувиар сулрах эрсдэлтэй. Манай эдийн засаг Хятадын эдийн засгаас бараг 100 хувь хамааралтай гэж хэлж болно. Оны эхний есөн сарын байдлаар манай эдийн засаг 5 хувьтай байна. Мэдээж хөрөнгө оруулалтаа нэмэх, бүсчилсэн хөгжил, томоохон эдийн засгийн хөгжлийн хөтөлбөрүүдийг харвал төсвөө тэлээд, эдийн засгаа өсгөх чиглэл байж болно. Гэхдээ гадаад нөхцөл байдал тогтворгүй, дайн дажины байдал яаж ч өөрчлөгдөж магадгүй байна. Ер нь Монгол Улсын сүүлийн 30 жилийн эдийн засгийн бодлогыг харвал мөнгө олж байсан мөртлөө нөгөө талдаа алдагдалтай яваад, олсон орлогоосоо илүү зарцуулдаг. Энэ хандлагадаа зарчмын өөрчлөлт хийе гэж байгаа юм. Тийм учраас дотооддоо болгоомжтой байя, ингэхийн тулд ерөөсөө олсон орлогоосоо илүү зарцуулдаг хандлагаа больё л гэж байгаа юм. Хоёрдугаарт, мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлье гэж байгаа юм.

-Өөрөөр хэлбэл?

-Өндөр орлоготой, өсөлттэй энэ жилүүд дээрээ орж байгаа орлогоосоо тодорхой хувийг хадгалдаг болъё. Дэлхийн банкны судалгаа байдаг. Бид 100 ам.долларын орлого олоод 99-ийг нь зарцуулчихдаг. Нэг хувийн л хуримтлал үүсгэдэг. Өнгөрсөн 30 жилд ийм байдалтай явж ирсэн. Одоо илүү болгоомжтой, орлого өндөр олж байгаа үедээ мөнгөө сайн хадгалъя. Орлого буурах үед ард, иргэд, аж ахуйн нэгжийнхээ хэвийн үйл ажиллагааг хадгалахын тулд төсвөөсөө зарлагаа нэмдэг, мөчлөгөө сөрдөг ийм байдлаар явж, жаахан хянамгай байя гэсэн санаа. Ер нь уул уурхай дээр суурилсан, манайхтай ижил төстэй орнууд ийм бодлого хэрэгжүүлдэг. Мэргэжлийн байгууллагууд ч энэ бодлогыг зөвлөдөг. Энэ удаад бид энэхүү чиглэл рүүгээ зоригтой явах ёстой гэсэн шаардлага тавьж байгаа юм. Тиймээс бидний эхний үндэслэл бол алдагдалгүй төсөв баталдаг болъё, нөгөө талдаа мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлдэг болох явдал юм.

-Иргэд олон нийт хэт их тэлэлттэй төсөвт Ерөнхийлөгч хориг тавих байх гэж их найдаж байсан. Төсвийн зарцуулалт эдийн засгийн хэдэн хувийг эзэлж байсан бэ?

-Олон нийтийн “үр ашиггүй, хэмнэлтгүй, хэт их тэлж байна” гэсэн шүүмжлэл хэлж байгаа нь зүй ёсных гэж бодож байна. Үнэхээр эдийн засгийн 37.7 хувьтай тэнцэх хэмжээний төсвийн зардал оруулж ирсэн. Шууд үгүйсгээд, энийг хас гэхээсээ илүүтэй өнгөрсөн 30 жилийн түүхийг бид аваад үзье л дээ. 2016 онд хямралын үе, 2020, 2021 он ковидын онцгой он жилүүд байсан. Энэ гурвыг хасаад тооцоод үзэхээр, төсвийн зардал дунджаар 30-33 хувьтай тэнцдэг байсан байгаа юм. 2025 онд 37, бүр 40 рүү дөхөж байгаа нь өндөр өсөлт юм. Тийм учраас энэ дээр бид жаахан “тоормос”-лож, үр ашиггүй, эсвэл тэвчиж болох зардлуудаа хасах хэрэгтэй гэж үзсэн. Ерөнхийлөгчийн зүгээс зарчмын хувьд та нар алдагдалгүй бол, харин яаж алдагдалгүй болох тохиргоогоо өөрсдөө хий. Өөр хоорондоо холбоотой юмнуудаа засаж сайжруулах боломж олгож бүхэлд нь хориг тавьж байгаа юм. Хэсэгчлээд тавьчихвал өөрчилж чадахгүй гэсэн үг учраас тийм боломж, тийм орон зайг Засгийн газар, УИХ-д олгож байгаа юм.

-Улсын мөнгө гэж байхгүй, татвар төлөгчдийн мөнгө. Нэг төгрөг болгон үр ашигтай байх ёстой биз дээ?

-Тийм ээ. Тийм учраас татвараа төлж байгаа хүмүүсийн үгийг заавал сонсох ёстой. Тэндээс авахыг нь авч, зөв юмнуудыг нь бид засаад явах ёстой. Төсвийн хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль зэрэг холбогдох хууль тогтоомжид тодорхой заасан байдаг. Тухайлбал, төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах гээд. Төсөв хэлэлцэх, батлах үйл ажиллагааг нийтэд нээлттэй байлгаж, төсвийн төлөвлөгөө гүйцэтгэл тайлагналын талаар тогтоосон хугацаанд нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх зэрэг маш олон зарчмыг төсөв дээр суулгасан. Энийг бүрэн хангаж ажиллаагүй байна гэж үзэж байгаа юм. Тийм учраас олон нийт, иргэд, аж ахуйн нэгжүүд шүүмжилж байна. Мэдээллээ үнэн зөв, хүртээмжтэй, ойлгомжтой, УИХ-ын гишүүд, бусад хүмүүс ард иргэдэд маш сайн тайлбарлаж ойлгуулах ёстой. Бид урт хугацааны бодлого зэрэг олон баримт бичиг дээр зөв, бодитоор хэрэгжүүлэх зүйлүүдээ томьёолоод оруулсан. Бодитоор хэрэгжүүлэх юм чинь төсөв, эдийн засгийн бодлого дээр гарч ирэх ёстой.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт төсвийн урсгал зардлыг хязгаарлаж, төсвийн алдагдал Засгийн газрын өрийн тусгай шаардлагыг хангана гэсэн заалт бий. Энэ талаар юу хэлэх вэ?

-Тийм. Энэ заалтаа маш бодитой хэрэгжүүл ээ гэж байгаа юм. Баталсан хууль тогтоомжуудаа бодитоор хангаж байж л хэрэгжүүлж эхэлнэ.

-УИХ 2025 оны төсөвт хориг тавьсныг хэрхэн хүлээж авсан бэ?

-УИХ энэ төсөв сайн болсонгүй, засах шаардлагатай байна гэдгээ хүлээн зөвшөөрлөө гэж бодож байна. Яагаад вэ гэвэл УИХ тогтоол баталсан. Энэ ондоо багтаагаад тодотгол хий гэсэн агуулгатай тогтоол гаргаж байгаа нь УИХ өөрөө төсвийг засаж сайжруулах шаардлагатай байна гэдгээ хүлээн зөвшөөрч буй гэж ойлгож болно. Хоёр дахь нь УИХ-аас Засгийн газарт тодотгол хийнэ гэж тогтоолоор чиглэл өгч байгаа нь өөрөө хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчмыг зөрчих нөхцөлийг бий болгосон.

-Тодотгол хийх эрх зүйн орчин бүрдээгүй гэсэн үг үү?

-Төсвийн тухай хуулиар “Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 34.1 дэх заалтад Засгийн газар дараах ашиггүй, эсвэл тэвчиж болох зардлуудаа хасах хэрэгтэй гэж үзсэн. Ерөнхийлөгчийн зүгээс зарчмын хувьд та нар алдагдалгүй бол, харин яаж алдагдалгүй болох тохиргоогоо өөрсдөө хий. Өөр хоорондоо холбоотой юмнуудаа засаж сайжруулах боломж олгож бүхэлд нь хориг тавьж байгаа юм. Хэсэгчлээд тавьчихвал өөрчилж чадахгүй гэсэн үг учраас тийм боломж, тийм орон зайг Засгийн газар, УИХ-д олгож байгаа юм.

-Улсын мөнгө гэж байхгүй, татвар төлөгчдийн мөнгө. Нэг төгрөг болгон үр ашигтай байх ёстой биз дээ?

-Тийм ээ. Тийм учраас татвараа төлж байгаа хүмүүсийн үгийг заавал сонсох ёстой. Тэндээс авахыг нь авч, зөв юмнуудыг нь бид засаад явах ёстой. Төсвийн хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль зэрэг холбогдох хууль тогтоомжид тодорхой заасан байдаг. Тухайлбал, төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах гээд. Төсөв хэлэлцэх, батлах үйл ажиллагааг нийтэд нээлттэй байлгаж, төсвийн төлөвлөгөө гүйцэтгэл тайлагналын талаар тогтоосон хугацаанд нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх зэрэг маш олон зарчмыг төсөв дээр суулгасан. Энийг бүрэн хангаж ажиллаагүй байна гэж үзэж байгаа юм. Тийм учраас олон нийт, иргэд, аж ахуйн нэгжүүд шүүмжилж байна. Мэдээллээ үнэн зөв, хүртээмжтэй, ойлгомжтой, УИХ-ын гишүүд, бусад хүмүүс ард иргэдэд маш сайн тайлбарлаж ойлгуулах ёстой. Бид урт хугацааны бодлого зэрэг олон баримт бичиг дээр зөв, бодитоор хэрэгжүүлэх зүйлүүдээ томьёолоод оруулсан. Бодитоор хэрэгжүүлэх юм чинь төсөв, эдийн засгийн бодлого дээр гарч ирэх ёстой.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт төсвийн урсгал зардлыг хязгаарлаж, төсвийн алдагдал Засгийн газрын өрийн тусгай шаардлагыг хангана гэсэн заалт бий. Энэ талаар юу хэлэх вэ?

-Тийм. Энэ заалтаа маш бодитой хэрэгжүүл ээ гэж байгаа юм. Баталсан хууль тогтоомжуудаа бодитоор хангаж байж л хэрэгжүүлж эхэлнэ.

-УИХ 2025 оны төсөвт хориг тавьсныг хэрхэн хүлээж авсан бэ?

-УИХ энэ төсөв сайн болсонгүй, засах шаардлагатай байна гэдгээ хүлээн зөвшөөрлөө гэж бодож байна. Яагаад вэ гэвэл УИХ тогтоол баталсан. Энэ ондоо багтаагаад тодотгол хий гэсэн агуулгатай тогтоол гаргаж байгаа нь УИХ өөрөө төсвийг засаж сайжруулах шаардлагатай байна гэдгээ хүлээн зөвшөөрч буй гэж ойлгож болно. Хоёр дахь нь УИХ-аас Засгийн газарт тодотгол хийнэ гэж тогтоолоор чиглэл өгч байгаа нь өөрөө хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчмыг зөрчих нөхцөлийг бий болгосон.

-Тодотгол хийх эрх зүйн орчин бүрдээгүй гэсэн үг үү?

-Төсвийн тухай хуулиар “Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 34.1 дэх заалтад Засгийн газар дараах тохиолдолд тухайн жилийн төсөвт төслийн тодотголын төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлнэ гэж заасан. Тухайн жилийн төсөв гэдэгт үргэлжилж байгаа жилийг ойлгоно. Өмнөх тодотголуудыг хараарай. Ковидын үед ч гэдэг юм уу тухайлбал, долоо найман сар болоод, эдийн засгийн гүйцэтгэл яваад, орлого багасаад, үнэхээр бид тавьсан зорилтдоо хүрч чадахгүй нь ээ гэвэл тодотгол хийх таван нөхцөлийг тавьсан байдаг. Тэр нөхцөлүүд нь үүссэн тохиолдолд тодотгоно. Төсөв нь хүчин төгөлдөр болоогүй, гүйцэтгэж эхлээгүй, тодотгол хийх тохиолдлууд нь бий болоогүй, ирээдүй цаг дээр байгаа төсөвт тодотгол хий гэдэг нь хууль зөрчиж байгаа гэж ойлгож байна. Нэгдүгээрт, логикийн хувьд энэ нь буруу. Хоёрдугаарт, одоо байгаа хуулийн зохицуулалтаар зөвхөн үргэлжилж байгаа зүйлийн, тодорхой тохиолдлууд нь үүссэн үед Засгийн газарт өргөн мэдүүлдэг. Энэ хуулийн зохицуулалтыг 2025 оны төсөв дээр ашиглах нь хуулийн хувьд зөрчилдөөнтэй байна гэж үзэж байгаа юм. Үндсэндээ ийм агуулгаар бүхэлд нь хориг тавьж байгаа юм. Нөгөө талдаа Засгийн газар, УИХ-д нэлээн дэмжлэг болно гэж бодож байна. Ингэснээр нэгд хугацаа хожно, хоёрдугаарт, богино хугацаанд өөрчлөөд, хоорондоо ярилцаад, үр ашиггүй зардлуудаа хэмнэж багасгах боломж юм. Одоо батлагдсан төсөв ДНБ-ий 2 хувь буюу 1.9 их наядын алдагдалтай. Энэ хэмжээг бууруулах тохиргоог өөрсдөө хийнэ гэсэн үг.

-Төсвөө тодотгоод засаж сайжруулж болохгүй юу?

-Тодотгол хийлээ гэхэд процессын хувьд 12 дугаар сард багтааж батална гэдэг магадлал бага. Яагаад гэхээр Засгийн газар өргөн барина, дөрвөн хэлэлцүүлэг явуулна, олон нийт Засгийн газрын яамдаас санал авна гээд маш олон процесстой. Хоёрдугаарт, УИХ дээр цаг хугацааны хувьд их хүнд болчихож байгаа юм. Улсын төсөв батлагдсаны дараа орон нутгийн төсвийг ирэх оны нэгдүгээр сар дотор баталдаг. Энэ үйл ажиллагаа ч дагаад хойшилно гэсэн үг. Ийм олон шаардлага байгаа учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Засгийн газар, УИХ-д төсвөө сайжруулаад, богино хугацаанд ажил үүргээ гүйцэтгэх боломж олгож байна гэж ойлгож болно. Тэрнээс энэ төсвийг, жишээлбэл, бодлогын, бүсчилсэн хөгжлийн тэргүүлэх томоохон төсөл, хөтөлбөрийг эсэргүүцэж байгаа юм биш. Засаад, сайжруулаад ир ээ л гэж байгаа юм. Алдагдалгүй төсөл баталчихъя, нөгөө талдаа улам чамбайруулаад, олон нийтийн саналыг тусгаад, хуульд нийцүүлээд оруулаад ир ээ л гэсэн агуулгатай хориг юм.

-Сангийн сайд “Тэвчих ёстой зарим зардлуудаа танах шаардлагатай болж байна гэж хэлсэн. Та эдийн засагчийн хувьд танаж болох ямар ямар зардлууд байна гэж бодож байна вэ?

-Түрүүн би хэлсэн, заавал шаардлагатай зардлууд бий гэж. Цалин тэтгэвэр, дээр нь хүүхдийн мөнгө, зээлийн хүүний төлбөр гээд хасах боломжгүй олон зардал бий. Тэдгээрээс бусад, хөрөнгө оруулалтаа бид нэгдүгээрт эргээд харж үзэх ёстой. Зураг төсөлтэй юу, үнэхээр үр ашигтай юу, цаг хугацааны хувьд бид заавал 2024 онд зэрэгцүүлээд эхлүүлэх ёстой юу гээд хөрөнгө оруулалтаасаа нэлээн танаж болно. Дараа нь урсгал зардал руугаа ороод, төрийн бүх институцүүдийн зардлыг тодорхой хувиар танах хэрэгтэй гэж бодож байна. Утас, тоног төхөөрөмжийн ч байдаг юм уу иргэдийн шүүмжлээд байгаа олон зардал бий. Тэр энэ гэж сугалахаасаа илүүтэй өндөр өсөлттэй байгаа, тэвчиж болох зардлуудаа л танах ёстой.

Д.Эрдэнэтуя

Categories
баннер нүүр-хуудасны-баннер нүүр-хуудасны-баннер-1

Баннер баруун

Categories
баннер нүүр-хуудасны-баннер нүүр-хуудасны-баннер-1

Хэвлэх үйлдвэр-1

Categories
баннер нүүр-хуудасны-баннер нүүр-хуудасны-баннер-1

banner1

Categories
баннер нүүр-хуудасны-баннер нүүр-хуудасны-баннер-1

захиалга III