Categories
редакцийн-нийтлэл

Жүдогийн “жуулчид”-ыг тэтгэвэрт нь гаргая

-ЖҮДОГИЙН ДАШТ-ЭЭС МОНГОЛЧУУД НЭГ Ч МЕДАЛЬ АВСАНГҮЙ-

Жүдо бөхийн
2011 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шал­га­руулах тэмцээн Францын Парис хотноо болж өн­дөр­лөлөө. Ма­найхаас эрэгтэй 14, эмэгтэй есөн тамирчин өрсөлдлөө. Дэл­хийн аварга, олим­пийн аварга, “Дэлхийн цом”-ын удаа дараагийн аварга, дэлхийн шилдэг жүдочид нэр дэвш­сэн жү­доч, Монгол Улсын хө­дөл­мөрийн баатар, гавь­яат тамир­чид гээд л ай­хавтар цол гуншинтай 23 тамирчин Парисын тата­мид улсаа төлөөлөн хүч үзлээ. Гэтэл ганц ч медаль хүртсэнгүй. Нэг нь ч шиг­шээд шалгарсангүй.

Өчигдөр тэмцээний
сүүлийн
өдөр болсон багийн ДАШТ-д ч багаараа БНСУ, ОХУ-ын багт навс дарууллаа. Эхний өдөр монгол­чуудын найдварыг хамгийн ихээр тээсэн дэлхийн аварга Х.Цагаан­баатар хүч үзсэн ч өрсөлдөгчөө дийлсэнгүй. Гэсэн ч спорт сонир­хогчид дараачийн өдрүүдэд үлд­сэн жүдочдодоо итгэл хүлээлгэсээр байтал гавьяат тамирчин М.Бунд­маа, Д.Цэрэнханд, олимпийн авар­га Н.Түвшинбаяр, ОУХМ Б.Тэмүү­лэн, Ц.Мөнхзаяа, П.Лхамдэгд, С.Ням-Очир гээд бүгд ялагдал хүлээлээ. Юун тамирчдаараа ба­хар­хах манатай. Энд барилдааныг нь шууд үзэж байсан спорт со­нирхогчид өмнөөс нь ичиж “Эх орныхоо нэрийг гутаасан юмнууд” гэж зүхэцгээжээ.

Жүдочид амжилт үзүүлсээн. Олимп, дэлхийн аварга, гавьяа­туудыг эгнээнээсээ төрүүлэн гарга­саан. Хамгийн сүүлд шигшээ ба­гийн дасгалжуулагч Ч.Насантогтох хөдөлмөрийн баатар боллоо. Учир нь түүнийг монголын спорт, жүдо бөхийн хөгжилд дайнд оролцсон баатрын дайтай гавьяа байгуулсан хэмээн үзсэн хэрэг. Гэтэл шавь нар нь түүний хөдөлмөр нь худлаа, нүдээ олоогүй шагнал авлаа гэсэн шиг дэлхийн аваргын дэвжээнд бүгд ялагдаж, дэвжээний алчуур гэж дуудуулж “бэлэг” барилаа, багш­даа. 

23-уулаа барилдаад ганц ч медаль хүртээгүй нь ичих, өрөвдөх сэтгэл зэрэгцүүлээд зогсохгүй Монголын жүдочдод дэлхийн дээд шүүлтүүр нь дүнгээ тавьчихлаа.

Өнөө жилийн наадмаар манай жү­догийн шигшээгийнхэн баахан наадамдав. Х.Цагаанбаатар, Н.Түв­шинбаяраас эхлээд олон жүдоч наадмын барилдаанд зодог­лосон. Зунжингаа л найр наадам хэсч, айраг, боодог эр­гүүл­сэн хү­мүүс юун дэлхийн аваргын тэмцээн манатай явсан биз. Гэтэл БНХАУ, Япон, БНСУ, ОХУ-ын жүдочид өнгөрсөн жилийн ДАШТ-ий дараа­чаас л шигшээдээ өөрч­лөлт оруулж нарийвчилсан бэлтгэл базаасаар ирсэн. Өнгөрсөн хэдэн сард бэлт­гэлээ бүр ч нягтруулж өрсөлдөгч, шилдэг гэсэн тамирч­дын барил­дааны бичлэгийг хэдэн зуу дахин үзэж тактик боловс­руулсан байна.

Харин манай жүдогийнхон шаг­нал, магтаал, сайшаалд бялуурч 
наа­дам, наргиа гэсээр эх ор­ныхоо нэрийг гаргах чухал тэмцээ­нийг мартчихаад явж байхав.

Парисын дэлхийн
авар­гад ма­найхан бүгд ялагдсан нь нэгийг өгүүлэв. Шигшээ багийг бүрдүүлж буй тамирчдыг насных нь хувьд авч үзвэл та­мирчны ид амжилт гаргах нас нь өнгөрсөн “тэтгэвэр”-ийнхэн эзэлж байна. Хэзээний Х.Цагаанбаатар, Н.Түв­шинбаяр, П.Лхамдэгд, Т.Бат­төгс, Д.Цэрэн­ханд, М.Бундмаа, Ц.Мөнхзаяа, С.Ням-Очир, С.Ми­яарагчаа, Э.Энх­бат вэ. Жаахан хэтрүүлж хэлэхэд “МЭӨ” үед л амжилтаа үзүүлчихсэн тамирчид шүү дээ, эд нар чинь. “Зай нь суучихсан” энэ хэдийг одоо шиг­шээ­гээс нь гаргаад хойно нь жагсч зогсоо ирээдүйтэй залуу тамирч­даа “тордмоор” юм. Тэгэхгүй бол тив дэлхий алгасан зугаалж, эх орон, татвар төлөгч­дийн мөнгөөр аялж явдаг жүдогийн жуулчид болж хувирах нь. Спорт гэдэг чинь асар хурднаар үеэ сольдог, цагаар зүйрлэвэл доль, секунд шиг л ажилладаг зүйл.

Х.Цагаанбаатар
жингийнхээ
залуу бөхчүүдийг “айлгадаг” гэх. Үүнийг Ч.Насантогтох багш мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрөөнө. Яагаад гэвэл түүнд хөдөлмөрийн баатар, гавьяат дасгалжуулагч гэх өндөр нэр хүндтэй шагналыг ава­хад тусалсан, нөлөөлсөн гол шавь нь юм чинь. Жүдогийн шигшээд нэг ийм зүйл яваад байдаг юм. Амжилт үзүүлсэн тамирчид шигшээдээ дархлагдчихдаг. Доороос гарч ирж байгаа залуу тамирчид гадаадын тэмцээнд хүч үзнэ гэсэн ойлголт ч тэр хэдэн жилдээ байдаггүй. АНУ олимп, дэлхийн дэвжээнд амжилт үзүүлсэн тамирчнаа дахин дахин “сойгоод” байдаггүй. Дараа­гийн тамирчнаа гаргаж ирдэг спор­тын шударга хуультай. Тамирчид нь ч жудагтай, “Би одоо боллоо. Дараа­гийнх нь ээлж” гэдэг.

Энэ удаагийн
жүдо бөхийн ДАШТ манай спортын ерөнхий түвшинг харууллаа. Спортод сайн бэлтгэл хийсэн шаргуу, хөдөлмөрч авьяаслаг тамирчин эсвэл тухайн өдөр аз нь гийсэн тамирчин л медаль авдаг. Манайхан сүүлийн жилүүдэд ДАШТ-ээс хэдэн медаль авсан нь ерөнхийдөө аз гийснийх. Манай спортын байгууллагууд тэр азаар авсан хэдэн медалиар л түрүү барьж, улсын хөрөнгийг тэрбумаар хяналтгүй үрдэг. Тэгээд топ гэсэн төрлүүдээ л яриад бусдыг нь үл ойшоодог. Аль л 2008 онд авсан олимпийн медаль шүү дээ. Түүнийг одоо ч залхтал яриастай. Гэтэл энэ маань дээр өгүүлсэн спортын доль, се­кундийн хуули­наас гажаад бай­на. Улс ор­нууд ирээдүйд авах медалиа ярь­даг бол манайхан өнгөрсөнд авсан ме­далиа л яриад байдаг. 

Энэ байдлаар
манайхан
яваад байвал Лондонгийн олимпийг зүглээд хэрэггүй ээ. Спортын мэр­гэжилтнүүд “Ирэх Лондонгийн олимп Монголчуудад халтай. Яа­гаад гэвэл Лондон бол Бээжин биш” гээд сануулаад л байгаа. 

Жүдочдын энэхүү ялагдал мон­голын спортын салбарынхны ажилд дүн тавьсан явдал болов.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Н.Энхбаярын явуулга хийгээд АН-ынхны хачирхалтай төлөвлөгөө

ЗАСАГ ОГЦРУУЛАХ ЧУЛУУГ ХААНААС ШИДЭВ

Төрийн ордон нэг хэсэг чимээ аниргүй байсан ч Монголын улс төр энэ зун амарсангүй. Таван толгойг сонирхогчид тал талаас тасчих шахаж, эелдэг боловч элд­вийг сануулсан айлчлалууд хувь хүртэх, хувиа ахиулах, хувиа хэвээр нь хадгалах сонирхлоо далдуур илэрхийлсээр зуны сүүл сар, нам­рын эхэн сарыг өнгөрөөж байна. Таван толгойг дэлхий со­нир­хож хараагаа нааш нь талбиад байхад  манайхан өөрсдөө Таван толгой дээрээ алдаа гаргаж,  эргэж буцсан эргэлзэж, тээнэгэлзсэн хэвээрээ. Хажуугаар нь цөмийн хаягдал хаяна, хаяхгүй гэсэн гад­ных­ны оролцоотой улс төржилт, Засгийн газрыг огцруулах эсэх талаар байсхийгээд л явдаг ээлжит шоу энэ зуны улс төрд өнгө  нэмэв.

Сонгуульд сэтэртэй орох МАН-ын хүсэлтэнгүүд,  өөр намын өв­рөөс өөрсдийгөө сугалах АН-ын  зарим нь  Засгийн газрыг огцруулах сонирхолтой байгаа гэж нэг хэсэг нь үзэв. МАН-ын залуус, тэр дун­даа У.Хүрэлсүхийг  дээрх ажил­ла­гааны гол зохион байгуулагчаар тодруулаад байсан билээ. Харин МАН-ынхан үүнийг бодитой биш мэдээлэл хэмээн няцааж байна. Түүнчлэн Н.Энх­баярыг сурсан аргаараа яс хаяж ийм улс төр хийж байна гэж үзэх хүмүүс МАН-д байгаа юм. Ямар ч байсан Тэрэл­жид НАМЗХ-ны залуус хуралдах нь хуралдсан. Намын даргаа унагах зүйл яриагүй гэдгээ  яаран сандран үгүйсгэж тайлбарласан байгаа юм. У.Хүрэлсүх ч намын даргатайгаа энэ талаар хэд, хэдэн удаа  уулзаж ярихдаа өөр газраас шидсэн чулуу гэдгийг ойлгуулахыг хичээж.  Дээр нь намын бүлгийн хүрээнд энэ талаар ярьж эв түнжингээ хадга­ла­хаа тохирсон гэх юм.

Энэ үеэр Хятадын коммунист намын удирдлагаас төлөөлөл  ирээд явлаа. Манай хэдэн намын удирдлагуудтай уулзалдав. Тэгээд өнгөрсөн бямба гаригт МАН-ын 100 гаруй хүн урд хөршийг зорилоо. У.Хүрэлсүхээр ахлуулсан МАН-ын багийнхан эхлээд Өвөр Монголд  арга хэмжээнд оролцоод цааш Бээжинд очиж Хятадын коммунист намын 90 жилийн ойн баярт  орол­цох аж. Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг ч ирэх сарын 5-нд Хятадын коммунист намын урил­гаар Бээжинг зорих бөгөөд арав гаруй төлөөлөгч дагуулж явах юм байна. МАН-ын 90 жилийн ой Хятадын коммунист намын 90 жилийн ой хоёр  давхцаж байгаа учир МАН-аас ийм олон төлөөлөгч зорьжээ.

Ингэхээр У.Хүрэлсүхээр овог­логдсон Засгийн газрыг огцруулах яриа нэг хэсэг намжих биз. Харин саяхан “Сант марал” судалгааны төвийнхний хамгийн сүүлийн судал­гаагаар МАН ямар удирд­лагатай сонгуульд орвол ялалт байгуулах вэ гэсэн асуултад оролцогчдын ихэнх нь С.Батболд, С.Баяр, Н.Багабанди гэж нэрлэсэн байна лээ. АН-ын хувьд З.Энх­болд, С.Баярцогт, Х.Баттулгаар удир­дуулвал амжилттай сонгуульд оролцоно гэж дүгнэсэн байх юм. Мөн судалгаагаар шинэ үеийн улс төрчдийг хүсч байгаагаа иргэд илэрхийлжээ. Гэлээ гээд сонгууль болтол зай ч бий, лай ч бий. Ард түмний сэтгэл санаа аль тийшээ эргэж,  хэн гэдэг улс төрчид талтай болж өөрчлөгдөх юм, цаг хугацаа харуулна биз. МАН-ын хувьд үлд­сэн гишүүд нь хөдөө орон нутгаар намынхаа нэрийг таниулах ажил­лагаагаа өрнүүлж,   тойргоо хувааж аваад давхиж яваа юм билээ.

ПАРЛАМЕНТ ДАХЬ АНЫН  ГИШҮҮД БҮРЭН ЭРХЭЭСЭЭ ТАТГАЛЗАХ УУ? 

АН-ын  нэр дэвшихийг горилог­сод нь урьдчилгаа 12 сая төгрөгөө тушаачихаад даргынхаа байр суурь фракцуудын тохиролцоо, үйл явдлын өрнөл, Сонгуулийн хууль зэргийг хааш нь эргэхийг харж сууна. Дүүргүүдийн мар­гаанаа дөнгөж нэг цэгцэлж аваад яс амарсан бололтой нам жим байгаа  Ардчилсан намын хамгийн хүчтэй фракцын нэг МоАХ  дотоо­дын асуудал ихтэй, хагаралтай байгаа гэнэ. Энэ байдал нэг их дэв­рэхгүй бол Ардчилсан нам одоо­гоор жолоогоо татсан,  хүлээлтийн байдалтай.

 Одоогоор гол толгойны өвчин нь АН-ын хувьд Сонгуулийн хууль байгаа. Сонгуулийн хууль яаж гарснаас намуудын ирэх сонгуульд хэрхэн оролцох хувь заяа шийдэг­дэх учраас ингэх нь ч зүйн хэрэг. МАН өөрсдийн зүтгүүлсэн хувил­бараа л өмнөө барьж байгаа. Гэвч Ардчилсан намын хувьд Сонгуу­лийн хуулийг 38:38 гэсэн хувилбар дээрээ бат зогсох, цаашлаад нам дугуйлахыг санал болгоод байгаа.   Энэ нь дэмжигдэхгүй бол   дорви­той алхам хийхээр төлөвлөж бай­гаа гэнэ. АН-ын нэлээд томоохон хүрээнд яригдсан нэг шинэ мэдээ­лэл байна. Энэ нь Сонгуулийн хуулийг өөрсдийн санал болгос­ноор явуулахгүй бол  ирэх сонгуу­лийг хүлээлгүй парламент дахь АН-ын гишүүд бүрэн эрхээсээ татгал­зах тухай яриа. Сандал суудал­тайгаа үхэтлээ зууралдах улстөрч­дийн хувьд энэ нь ойлгоход бэрх зүйл ч олон удаа ялагдаж ирсэн намын хувьд аргагүйдсэн хувилбар байж болох юм. Нэг ёсондоо төлөвлөгөө зохиогчдын хүслээр бол хугацаанаасаа өмнө сонгууль хийж, байдлыг бүр өөрөөр эргүүлэх бодолтой байх шиг.  Харин Засгийн газрыг огцруулах тал дээр Ардчил­сан намын гишүүд яг тэнцүү хуваагд­сан байр суурьтай байгаа гэх юм билээ. Одоогоор гэвч засаг огцруулах  ажиллагаанд шуурхай­лан орох төлөвлөгөө Ардчилсан намынханд байхгүй гэсэн шүү.

Ц.ШИНЭБАЯР У.ХҮРЭЛСҮХТЭЙ ХУЙВАЛДАЖ МАХНАА ОРХИСОН ГЭНЭ

Саяхан БНСУ-д  хагалгаа хийл­гээд ирсэн Н.Энхбаяр эргэн ирээд намынхаа ажилд ханцуй шамлан оров. МАХН ирэх сон­гуульд 76 тойрогт хүн дэвшүүлэх төлөвлө­гөө­тэй байгаа аж. Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрийнхөө намаас гадна бусад намын улс төрд ч хуруу гар дүрж байгаа гэх мэдээллүүд байгааг дээр өгүүлсэн билээ. Энэ удаагийн сонгуулиас гадна ирэх ерөнхий­лөгчийн сонгуу­лийг мөрөөдөж суугаа тэрээр хам­саатан Ц.Шинэ­баяраа эгнээнээсээ алдсан. МАХН-ын нэрийг авахад хичээнгүйлэн оролцож гол дүрд тоглож од болсон Ц.Шинэбаяр намын дэд даргынхаа албанаас татгалзаж буйгаа хэвлэлээр мэ­дэг­дэж, намын удирдах албанд бай­сан залуус түүнийг дагаж, до­тоо­дын үймээн самуун ихтэй байгаа. Нам байуу­лагдаад зохион байгуу­лалтын хурал болоход ерөнхий нарийн бичгийн даргад Молор-Эрдэнийг  Ц.Шинэбаяр зүтгүүлсэн ч намын дарга нь өөр шийдвэр гаргаж Н.Удвалыг сонгосон байгаа юм. Төд удалгүй намын даргад тоогдож гарч ирсэн ерөнхий на­рийн бич­гийн дарга нь бусадтайгаа ойлгол­цох нь муу байснаас асуу­дал үүсч эхэлсэн юм байх. Харин Ц.Шинэ­баярын хувьд “Хамаг Мон­гол”  хөдөлгөөн байгуулж тусгаар тогт­нох болсон нь Н.Энхбаяр­тайгаа муудалцсаных гэцгээдэг. Тэрээр Н.Энхбаярыг намаа бодо­хоосоо илүүтэй өөрийнхөө карьерыг бод­сон гэж үзээд нэр хүндээ золиослон байж байгуу­лалц­сан намаа орхи­ход хүрсэн гэж тайлбарлах нэгэн бий. Мөн  өөр зүйлтэй холбож ярих нь ч  байна. Тэрээр орхиод гарсан МАН-ынхаа генсек У.Хүрэлсүхтэй худ ураг болж байгаа талаар хэвлэлд гарч байсан мэдээллийг уншигчид санаж бай­гаа биз. Нэгэнт хоёр өөр зүг рүү улс төр хийхээр болсон ч хувь заяа тэднийг хамт байлгахаар шийдсэн  нь тэдний хүү,  охин хоёрын   хайр сэтгэлийн холбоо. Хоёр эцэг нь мэдээж уул­заж учрахдаа улс төр ярихгүй өнгөрдөггүй л байлгүй. Тиймээс ч Н.Энхбаяртайгаа түн­жин хагарч ийм алхам хийх болсон нь худ У.Хүрэлсүхийнх нь санаа байж болох талтай гэж үзэх хүмүүс байна. Ямар ч байсан өнгөрсөн баасан гаригт МАХН Ц.Шинэ­баяргүйгээр хуралдаж дараагийн үйл ажиллагаандаа идэвхтэй оро­хоор болж,  хөдөө орон нутагт намын үүрээ байгуулах, цаашид хэрхэн ажиллах зэргээ ярьсан байна.

Categories
редакцийн-нийтлэл

Улстөрч болох хүслэн

Хөдөө сумын клубт Засаг дарга нь иргэдтэйгээ уулзаж байна. Энэ үеэр нэг өвгөн босч ирээд “Манай аймагт ардчилал ялснаас хойш  Ар­дын намынханд хүндхэн байх боллоо. Ардчиллынхан их хачин улс. Манай энэ За­саг дарга Ардын намын хүн болохоор энд их л ганцаар­даж, хэцүүддэг. Уг нь энэ хүүхдийг гайгүй тордвол УИХ-ын гишүүн болох ёстой  бай­гаа юм. Нутгийн ард түмэн ах дүүс минь  дэмжээд өгөөрэй”  гэлээ. Алга нижигнээд явчих­лаа. Сумын Засаг дарга мар­сайтал инээн, харцанд нь гэгээ татаж, өвгөнийг үг хэлж дуусмагц иргэд рүү харж өндийн, дуу нь улам чанга зоригтой болж байна. Хоо­лойгоо чангаар  засч үг хэлэх­дээ сумынхаа асуудлаас да­вуулан  улс орон, Ардчилсан нам, Ардын нам яриад л явчихлаа.

Оройхон тэр сумын нэг айлд орж,  аяга цай ууж суутал  гэрт нь бөөн шуугиан болоод явчихав. Юу болов гэтэл ар­ван хэдтэй хүүг нь үеийнх нь хоёр хүүхэд зодчихжээ.  Хэн,  яагаад хүүг минь зодчихов л боллоо. Хүү нь ч тэдний хүүх­дүүд зодсон гэж хов хэлэв. “Муусайн Ардчилсан на­мынх­ны хүүхдүүд хүүг минь зодчихлоо” гэж Ардын намын аав,  ээж нь хэлж байна.   Хэрэг дээрээ нармайгаа нээлгэж үзээгүй монгол хүүхэд гэж хаа байхав. Хүүхдүүдийн зодоон хүртэл энэ суманд улс төрж­жээ. “Танай аав, ээж  Ардын намынх, манайх Ардчилсан намынх” гээд л хүүхдүүд  зо­долдов л  гэж. Өнөөх аав , ээж л хүүхдүүдээ багаас нь ингэж улс төржүүлж, эр хүн болох тухай биш аль нэг намын гишүүн болгон хүмүүжүүлж байна. Энэ явдал ганц сумын асуудал биш л дээ. Хэн нэгэн  сайн хүн байлаа ч өөр на­мынх учраас нөгөө намын­хандаа заавал муу хүн л болж  харагдах явдал хаа сайгүй. 

Хэдхэн настай  жаахан хүүхдүүдээс “Том болоод ямар хүн болох вэ” гэхээр “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн болно” гэх аж.  Мөнгөтэй айлын хүүдүүд бүгд л сайд,  дарга,   гишүүн болох уралдаанд өрсөлдөж байна. Эцэг,  эх нь ч хүүхдээ сайн хүн болоорой гэхээсээ урьтаж сайд, дарга болоорой гэж өсгөж  байна. Улстөрч бол­вол бүх зүйл бүтэж, аз жар­галтай амьдрал ирнэ гэнэ. Хүсээгүй байхад нь хөөрхийг дээд сургуульд оруулчихна. Нөгөө хүүхэд нь чадсан,  чадаагүй сургуулиа дүүргэхчээ аядаад л улстөрч  болох хүслээ дий­лэхээ байчихна.

Үнэн, худал нь мэдэг­дэх­гүй, нэг ийм явган яриа байдаг ш дээ. Нэг эмгэн улс­төрчид хандан “Би ганц хүүтэй.  Тэр  маань дэмий ярьж, идэж,  ууж өдөр өнгөрөөхөөс өөр ажил хийхгүй юм.  Энийг  нэг ажил­тай болгочих юмсан” гэхэд улстөрч “Эмээ та хүүгээрээ ямар ажил хийлгэх санаатай байгаа юм” гэж асуухад “УИХ-ын гишүүн л болгочихвол болох нь тэр”  гэж хариулсан гэдэг. Эмгэний хэлсэн үг салаа утгатай байгаа юм. Идэж, ууж, худал ярихаас өөрийг хийдэг­гүй хүн УИХ-д суудаг ч юм шиг, нөгөө  бол УИХ-ын ги­шүүн болох тийм амархан ч юм шиг. Ер нь тэгээд улс төрийн хийрхэл чинь Мон­голд зөвхөн хавар илрээд байдаггүй, жилийн дөрвөн улиралд, айл болгонд, хүн болгоны дотор л буцалж бай­даг эд шиг. 

Ямар сайндаа л таван настай жаахан хүүхэд “Хогоо ачуул” гэж цагаан хоолойгоор зарлахыг  сонсоод  “Ёоё,   энэ Хувьсгалт нам  /одоогийн МАН/-ынхан энэ сонгуулиа болиосой. Залхмаар юм”  гэж хээв нэг  хэлснийг   ээж,  аав нь инээдэм болгон  ярьж байхав. Ингэхээр энэ Мон­голд чинь хүүхэд хүртэл улс­төржөөд, хүн бүхэн улстөрч болохыг  хүсээд байх нь ч аргагүй юм.

Сүүлийн үед бизнесмэ­нүүд бас улс төрд шургуу орж ирж байна. Хэдэн жил олж хураа­сан бүхнээ нөгөө пиар гээчид зориулж, улстөрч бол­чихвол шархаа хэд дахиад нөхчих санаа байдаг аж.  Тэнэг л биш юм бол насаараа цуглуулсан  бүхнээ нэг бөхөд барьж гүй­гээд, хүүхдэд хөрөнгө оруу­лаагүй байж хурдан хөлтэй адгуусанд цацаад байгаа нь  үүнийг баталж буй хэрэг биш үү.   

Одоогийн энэ НАМЗХ-ны залуучууд байна. Удам зал­гасан улстөрч гэсэн ойлголт бий болгож байна, тэдгээр залуус. Тэдний эцэг, эх нь улстөрч, эсвэл томоохон биз­несмэнүүд. Тэдэнд мөнгөний асуудал байхгүй ч, мөрөөдөл нь бүгд улстөрч болох.  Зов­лон үзээгүй тэр жаалууд аль хэдийнэ  Монголын төрд эзэн сууна гэж санаандаа багтаа­чихсан яваа. Сайн айлд төрж, сайхан амьдрах хувьтай л юм байна, тэд. Гэвч амьдрал мэдэхгүй тэр хүүхдүүд улс­төрч болж тоглоод улс орныг минь яах бол.

Улс төрд орж ирж буй залуучуудын тухай нийтлэл­дээ  нэг залууг хожим сайд ч хийж чадах хүн гээд биччих­сэн юм. Яахав овоо  “толгой­той” нэгэн л дээ. Монгол Улсад хэрэг болох хүн гэж харсны хувьд тэгж бичсэн хэрэг. Гэтэл нөгөө залуу утасдаж байна. “Баярлалаа, намайг сайд болно гэж бичсэнд. Гэхдээ би зүгээр нэг сайд болох хүн биш, Ерөнхий сайд болох хүн” гэдэг байгаа.  Түү­ний ирээдүйн ажил албыг   би арай дутуудуулчихаж л дээ. Одоо бол тэр байнд ч үгүй,  банзанд ч үгүй гэгчээр нэг их том “амьтан” биш л дээ.  Улс төрд хөл тавиад удаагүй ч аль хэдийнэ “Ерөнхий сайд бол­чихсон” иймэрхүү нэг хэсэг байна. Гэлээ гээд уулын орги­лыг мөрөөдөж чадаж байгаа хүн бэлд нь ч гэсэн хүрэх л байлгүй. Түүнийг буруутгах юм алга. Чухам дараа үеийн залуусын амбиц ийм их бай­гааг л хэлэх гэсэн юм.

Мөн хэн нэгэн алдар нэр­тэй хүний үр удам, хань ижил, дүү нар нь улс төрийг залгамж халаа болгож байгаа. Хаант засгийн үеийн удам угсаа залгах ёсноос нэг их хол зөрөхгүй үйл явц манайд дэлгэрээд бас чамгүй хугацаа өнгөрчээ.

Сайн хүний үр, сүүт гүүний унага гэж үг байдаг хойно.  Сайн хүний сайн үйлийг өөрөөр яаж ч үргэлжлүүлж болно. Харин сайн хүний нэрийг ашиглаж,  иргэдийн сэтгэл санаагаар тоглож,  улс төрд орж байгаа нь нэг их зөв зүйтэй хэрэг биш болов уу. Гэхдээ хаа байсан Чингэс хааныг өвөг эцгээрээ тод­руулаад өнөө үед ашиглаад болж байгаа хойно энэ ч бас яамай байнаа. Чингэс хаан гэснээс Чингэсийн үр удам болох ханхүү, хунтайжууд гэнэт олноороо төрж  Монго­лын улс төрд хаан суудал эзлэхийг мөрөөддөг хүмүүс бас бий болсныг энд дурдах хэрэгтэй болов уу. Энэ ч бас шинэ үеийн улс төрийн моод­ны нэг хэсэг  болоод байгаа шүү.

Ер нь тэгээд улстөрч бол­но гэдэг шидэт саваа гарт орсонтой адил гэж үзэх хүн дэндүү олширчээ. Улс төрд хөл тавихын эхний алхам нь намд элсэх, тэгээд багийн Засаг даргаас л эхэлдэг юм байна. Цаашлаад аз таарч сум, аймгийн Засаг дарга болчихвол УИХ ойрхон ха­раг­даад эхэлдэг юм шиг бай­гаа юм. Нэг ёсондоо сумын наадмын түрүү магнай юм чинь гээд аймаг, цаашлаад улсын наадамд уралдах зо­риг ордог юм байна л даа. Цол дагаж бяр нэмнэ гэдэг л  тэр юм байх. Дээр өгүүлсэн өвгөний яриа ч үүнийг баталж байна. Сумын Засаг даргаа тордож байгаад УИХ-ын ги­шүүн болгоно гэдэг чинь нэг юм хэлээд байгаа хэрэг. 

Ингээд бичээд байвал улстөрч болох хүсэлтэй мон­гол ахан дүүсээ дурдаад ба­рах­гүй юм болно.  Бүр салбар бүрт улстөрчид байна. Мон­голчуудын бүгд нийтээрээ улстөрч болох энэ хүслэн хэзээ зогсохыг хэн мэдэх билээ.

Categories
редакцийн-нийтлэл

Допингийн сар

Наадмын барилдааны их найрааны дуулианыг допин­гийн асуудал залгаж, бөхчүү­дийг сандаргадаг болоод хэдэн жилийн нүүр үзэж бай­на. Долдугаар сарыг бөх­чүүдийн найрааны сар гэвэл наймдугаар сар допингийн сар нь. Энэ сард бөх сонир­хог­чид хэн хэн допинг хэрэг­лэснийг таамаглацгаадаг бол бөхчүүд бие биенээ хардац­гаадаг. Өнөө жилийн наа­дамд 1024 бөх барилдсанаас 32-оос нь буюу зургаагийн да­ваанд барилдсан бөхчүү­дээс допингийн шинжилгээ авсан. Гэтэл наймдугаар са­рын 5-нд БНСУ-ын итгэмж­лэгдсэн ла­бо­раториас “Та­най­хаас ирүүл­сэн сорьцуу­дын хоё­роос нь допингийн төрлийн бодис илэрлээ” гэсэн хариу ирүүлж. Мэдээж сорь­цоос нь допинг илэрсэн гэх хоёр бөх юу гэж зөвшөөрөхөв, да­хин сорьцоо шинжлүү­лэхээр бол­сон. Хоёр дахь шинжилгээ­ний хариу эх­нийх­тэйгээ ижил буюу допинг хэ­рэглэсэн нь дахин тогтоогд­вол сая нэг олон нийтэд нэрийг нь зарла­даг дүрэмтэй. Эхний шинжил­гээний хариу ирэхийг “А” шинжилгээ гэж байгаа бол дахин шинжлүүлж байгааг нь “В” гэж нэрлээд байгаа юм. “А” шинжилгээ­нээс “В” шинжил­гээний хариуг ирэх хүртэлх хугацаанд сорьц өгсөн бөх сэтгэлийн их да­рамт­тай бай­даг тухай бөх­чүүд ярилаа. Энэ жил эхлээд найман бө­хийн сорьцоос допинг илэр­сэн гэж яригдаж байснаа дө­рөв болоод сүүл­дээ хоёр дээр тогтсон. Аймаг, сум, ком­пани корпораци, нут­гийнх­ны­хаа санхүүгийн дэмж­лэгээр даваагаа ахиулж, цо­лонд хүрсэн бөхчүүдийг тэд нь бас харж үзэн допинг хэрэг­лэсэн бөхчүүдийн жаг­саалтаас нэрийг нь хасуул­сан гэж шуугиж байна. Тэгээд үлдэж байгаа хоёр бөх нь бор зүр­хээрээ буюу ямар нэгэн хүний дэмж­лэггүйгээр цолонд хү­рэх­дээ допинг хэрэглэчих­сэн бөх­чүүд юм гэнэ. Бөхийн хү­рээ­нийхэн, тодруулбал залуу бөхчүүд улсын начин Ч.Цог­баяр, улсын харцага А.Алтан­гэрэл нарыг “зааж” өгч байна. Яагаад энэ хоёрыг допинг хэрэглэсэн гэж сэр­дээд бай­гаагаа тодруулаач гэвэл “Аа, тэгж санагдсан юм” гэх. Энэ хоёр шиг сэрдэгдэж байгаа хэд хэдэн бөх байна. Шинэ­хэн аварга С.Мөнхбатыг нэр­лэх юм. С.Мөнхбат наад­маас өмнө өвөл, хаваржингаа эм­нэлгээр явж биеэ эмчлүүл­сэн гэнэ. Тэгж удаан эмнэл­гээр яв­сан хүн шууд л наа­дамд цой­лох боломжгүй. Допингод­сон байж таараа. Эмнэлэгт хэв­­тэж, бие нь сульдсан хүн тийм хурдан тэнхрэхгүй дээ гэж байна. Бас улсын гарьд Ж.Бат-Эрдэнийг допинг хэ­рэг­лэсэн байж бол­зошгүй гэнэ. Заан Ч.Санжаа­дамбыг заалны барилдаанд хүртэл сэргээш хэрэглэчихсэн явдаг. Нүдний харц нь догш­роод, булчин шөрмөс нь зан­гираад нэг л хачин болчихсон явдаг шүү дээ гэж түүнтэй барилд­сан бөхчүүд ярьцгаа­даг юм. Дэвжээнд гаргадаг ааш зан, задгай, хайнгадуу барил­даан, ширүүн дориун, өөртөө итгэлтэй харагддаг нь магад­гүй хүмүүст тийм буруу бодол төрүүлдэг байж бол­зошгүй.  Бөхчүүдтэй уулзаж, допин­гийн асуудлыг сөхөхөд тэд “Допинг байнга шахуу хэрэг­лэдэг бөхчүүд байдаг ш дээ. Бүр допинггүй бол байж чад­даггүй нь ч байна” гэж ярьдаг юм.

Ер нь тэгээд энэ допин­гийн шинжилгээг авсны ашиг тус гэж юу байна вэ. Допинг хэрэг­лэсэн бөхчүүдэд тохир­сон шийтгэл, хариуцлагыг нь өгөөд, тэр нь бөхчүүдэд ан­хаа­руулга, сэрэмжлүүлэг болж чаддаг байсан бол өнөө­­дөр энэ асуудал дахин сөхөг­дөхгүй л байсан. Бөх­чүүдийг гүндүүгүй, гүндүүгүй л гээд байдаг юм билээ. Тэд чинь ялгаагүй л хүн шүү дээ. Хээгүй, гүндүүгүй монгол эр хүн гээд сэргээш мэргээштэй юм ууж идээд байх уу даа. Бөхчүүд чинь тамирчин. Тэгж яривал тэд чинь юу, ямар юманд до­пин­гийн хольцтой зүйл хэр тун хэмжээтэй байд­гийг захын химичээс илүү мэддэг мэр­гэжилтнүүд нь. Сорьцоос нь допинг илэр­сэн бөхчүүдийн цолыг нь биш чимэг төдийг л хураагаад өнгөрчихдөгөөс ийнхүү до­пинг үндэсний бө­хөд шингээд удаж байна. Сорь­цоос нь допинг илэрсэн нь үнэхээр нотлогдсон бол хатуухан шиг, зохих шийт­гэлийг өгвөл да­раа жилийн наадмын өмнө бөх­чүүд түү­нийг санаад “өнөө­хөө” орны­хоо хөндий рүү шиддэг болно доо. Дээр дурдсан бөхчүүд бол спортын хүрээ­нийхэн, тэр дундаа бөх­чүү­дийн дунд яриг­даж буй хү­мүүс. Магадгүй өнөө нутгарх­даг үзэл, наад­маар өвдөг шо­роодсондоо хариугаа авах гэсэн далд санааны илрэл ч байж болох. Ерөөс “А”, “В” гэж байснаас эхний шинжил­гээ­гээр нот­логд­сон бол нэрийг нь зарлах хэрэгтэй. Тэгээд яахав хоёр дахь шинжилгээгээр тийм биш байсан бол цагаа­даад л өнгөр­нө. Хамт шин­жил­гээ өгсөн бөхчүүд нь олон түмэнд элдвээр хэлэгдэж, залхаж, зарим нь эхнээсээ хоолноос гарчихаад байна гэсэн шүү. Аргагүй шүү дээ, нутаг хошуу­ныхан нь цолны мялаалга бэсрэг наадам хий­гээд, бэлэг сэлтийг бөөн бөө­нөөр өгчих­сөн байхад допинг гэх үг нэрийг нь дагаад бай­хаар хэцүү бай­даг биз.

Categories
редакцийн-нийтлэл

АНУ-ын дэд Ерөнхийлөгч айлчиллаа

АНУ-ын дэд Ерөнхий­лөгч Жозеф Байдэн Ерөн­хий сайд С.Батболдын урилгаар манай улсад нэг өдөр айлчлаад буцлаа. Түүний сууж яваа онгоц “Чингэс хаан” олон улсын нисэх онгоцны буудалд даваа гаригийн 11.45 минутад газардах байс­ныг өглөө л мэдэв. Учир нь АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байдены Монголд хэ­зээ ирж, хэдэн цагт хэнтэй уулзах тухай хөтөлбөр хэвлэлийнхэнд энэ хүртэл ил болоогүй юм. Энэ та­лаар тодорхой мэдээлэл авъя гэсэн боловч манай Гадаад харилцааны яам, АНУ-ын Элчин сайдын яамныхан дундаа хаян эзэнгүйдүүлж байлаа.

Ингээд өглөөний 09.00 цаг гэхэд онгоцны буудалд зарим сэтгүүлч­дийг аваачжээ. Нэгдсэн журмаар явах сэтгүүлч­дийн сүүлч нь цагийн дараа очив.

Телевизийн зураг­лаач, сонины зурагчин нарын камер, аппаратыг шалгаж байна гэж жиг­тэй­хэн юм боллоо. Аме­рикууд аппарат, каме­руудын товчлуур бүрийг дарж үзэн, эзнийх нь чих рүү өнгийж харахаас наа­гуур юм болов. Үүний дараа айлчлал сурвалж­лах сэтгүүлчдийн иргэ­ний үнэмлэхийг нь шал­гаж мандат олгосноор их хүлээлтийн цаг эхэлсэн юм. Үдийн 12 цаг өнгөрөхөд АНУ-ын талын нэг эмэгтэй сэт­гүүлчдийг нислэгийн зурвас руу нэвтрүүлэв. Тэнд манай хүндэт ха­руулынхан эгнэн жагсчээ. Онгоцны буудлын дээвэр дээр хэдэн мэргэн бууч харагдана.

Хэвлэлийнхнийг бай­раа эзэлсний дараа удал­гүй манай Ерөнхий сайд зочноо угтахаар тал­байд гарч ирлээ. Үүнээс хойш удсангүй АНУ-ын агаарын хүчний аварга том онгоц газардсан юм.  10 минутын дараа буюу 12.40 минутад АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жозеф Байдэний сууж яваа он­гоц нислэгийн зурваст буулаа. Онгоцны бууд­лаас Ерөнхийлөгчөө то­сох том хар машинууд хэдийнэ байраа эзлэн зогсов. Харин Ж.Бай­дэ­ний онгоцноос том цүнх барьсан хар нүдний шил­тэй тэвхгэр залуус бууж ирээд өнөө машинуудын дэргэд очсон юм. АНУ-ын дэд Ерөнхийлөгч Мон­голд өөрсдийн ма­шин, жолоочтойгоо ирсэн нь энэ байж. Хамгаалалт нь ч өөрсдийнх нь байв. 

Энэ бүхнийг ажиж зогс­­соны эцэст АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байдэн сая онгоцноосоо буулаа. Хажуудаа шаргал үстэй дэгдгэнэсэн охин да­гуул­жээ. Задгай энгэртэй, бо­гино даашинзтай тэр эмэг­­тэйг хараад “эхнэр нь үү, охин нь уу” гэсэн таа­маг хөврөв. Гэвч тэр түү­ний ач гэнэ.

Ингээд түүнийг Ерөн­хий сайд С.Батболд угтан авч, хоёр орны төрийн дуулал эгшиглэсэн юм. Хүндэт харуулын өмнүүр алхаж ирээд тэд таван минут гаруй хугацаанд хөөрөлдөв. АНУ-ын Ерөн­­хийлөгч Ж.Байдэн Ерөнхий сайдын мөрийг алгадаж, их л баяс­га­лан­тай инээнэ. Байсхийгээд Ерөнхий сайд руу гараа чичиж, ямар нэг зүйл ан­хааруулж буй мэт хэсэг ярьснаар Ж.Байдэнийг угтах ёслол өндөрлөсөн юм. Монгол, АНУ-ын тө­рийн өндөрлөгүүд ма­шин­даа суун хөдөллөө.

Үнэндээ АНУ-ын Ерөн­хийлөгч Ж.Бай­дэнийн Монголд хийх айлчлалыг сурвалжлах Мон­голын хэвлэлийнх­нийг тусгай, тусгай биш хэмээн хоёр хуваажээ. Тиймээс айлчлалын цу­вааг “тусгай” багт багтсан гурав, дөрвөн телеви­зийнхэн даган хөдлөв. Харин бусад хэвлэл мэ­дээллийнхнийг Төрийн ордонд хийх уулзалтууд руу  оруулахгүй гэсэн юм.

Ж.Байдэн Төрийн ор­донд Ерөнхий сайд С.Бат­болдтой албан ёсоор уулзаж, хүндэт зоч­ны дэвтэрт гарын үсэг зуржээ.

Ганцаарчилсан уул­залтын үеэр Ерөнхий сайд Ил тод байдлын ту­хай хэлэлцээрийг ойрын үед байгуулах хүсэлтэй гэдгээ хэлжээ. Мөн Мон­голын тал МСК-аас үзүү­лэх тусламжийн хүрээ­ний хоёр дахь сонгон шалгаруулалтад орол­цох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. АНУ-тай худалдаа, эдийн засгийн харилцааг хөг­жүүлэх, өргөжүүлэх, АНУ-ын хөрөнгө оруулалтыг Монголд татах болом­жийн талаар санал со­лилцсон аж. Монгол Ул­сад ардчилсан өөрчлөлт шинэчлэлт, зах зээлийн эдийн засгийг төлөв­шүү­лэх үйл явцад АНУ цаа­шид ч дэмжлэг үзүүлэхээ Дэд ерөнхийлөгч Ж.Бай­дэн нотолсонд талархаж байгаагаа илэрхийлжээ.

Айлчлал болж буй энэ өдөр МИАТ төрийн өмчит хувьцаат компани болон АНУ-ын Худалдаа, хөгж­лийн агентлагийн хоо­ронд иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх, МИАТ-ын сургалтын баа­зыг бэхжүүлэх, боловсон хүчний чадавхийг сайж­руулах асуудлаар са­намж бичигт гарын үсэг зуржээ. Ерөнхий сайд С.Батболд АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Ж.Байден нар боловсролын сал­ба­рын хамтын ажил­ла­гаа­ны талаар санал солилц­сон байна. АНУ-ын тэт­гэлгээр тус улсад сурал­цах монгол оюутнуудын тоог нэмэгдүүлэх болом­жийг судлахыг Засгийн газрын тэргүүн хүсчээ.

2010-2011 онд АНУ-ын Түүх, соёлын дурс­галыг хамгаалах сангаас 695 мянга гаруй дол­ла­рын санхүүжилт хийх шийд­вэрийг АНУ-ын тал гаргасанд талархал илэр­хийлжээ. Монгол, Солонгос, АНУ-ын хоо­ронд тогтмол уулзалт хийх АНУ-ын санаачил­гыг манай улс дэмжиж байгаа гэдгээ  хэлсэн байна.  Түүнчлэн АНУ-ын сенатын танхимаас Мон­гол Америкийн түнш­лэ­лийг дэмжих тогтоол гар­гасанд талархал илэр­хийлээд “АНУ-ын Ерөн­хийлөгч Б.Обамагийн са­наачилгаар нээлттэй Зас­гийн газрын түншлэлийн харилцааг Монголын Зас­гийн газар дэмжиж байгаа. Цөмийн энергийг энхийн зорилгоор ашиг­лах талаар хоёр тал үр­гэлжлүүлэн ажиллахаар тохирсон. Боловсон хүч­нээ АНУ-д бэлтгэх сонир­хол­той байгаагаа” Ерөн­хий сайд хэлсэн байна. 

Харин Ж.Байдэн  “Өнөө­дөр Монгол Улс дэлхий бусад улсуудын адил ардчиллын замаар замнаж байна.

Олон улсын энх тай­ван, аюулгүй байдлыг хамгаалах үйлсэд оруулж байгаа Монгол Улсын хувь нэмрийг АНУ өндрөөр үнэлдэг. Өнгөр­сөн 10 жилийн хугацаанд Монгол Улсын зэвсэгт хүчний дайчид Чаад, Дар­фур, Косово зэрэг дэлхийн олон халуун цэгт энхийг сахиулах үйл ажил­лагаанд оролцож, Чингэс хааны үлгэр дуу­райллыг харуулсан. Мон­голын дайчид Иракийг чөлөөлөх үйл ажилла­гаанд оролцсон төдийгүй одоо Афганистанд алба хааж байна. Афганистан дахь Монголын энхийг сахиулагчдын тоо 400-д хүрч байна. Вашингтонд болсон айлчлалын үеэр ч Ерөнхийлөгч нар бас энэ талаар ярилцаж бай­сан” хэмээн хэлжээ.   

Энэхүү уулзалтад сайд нараас Эрдэс бая­лаг, Эрчим хүчний сайд Д.Зоригт байлцсан байна.  Дараа нь ноён Ж.Байдэн Монгол Улсын Ерөн­хий­лөгч Ц.Элбэгдоржид ба­раалхжээ.

Ноён Ж.Байден  Ерөн­хийлөгч Ц.Элбэг­дорж­той уулзаад АНУ-ын Ерөнхийлөгч Б.Оба­ма­гийн чин сэтгэлийн мэнд­чилгээг уламжилжээ. Тэ­рээр Монгол Улсын Ерөн­хийлөгч Ц.Элбэгдоржийг ардчиллыг бэхжүүлэх, хүний эрхийг дээдлэх чиг­лэлээр зөвхөн улс орон­доо төдийгүй олон улсад мэдэгдэхүйц үр дүнтэй, санал санаачилгатай ажиллаж байгаа хэмээн сайшаасан байна.

Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-ын дэд Ерөнхийлөгч  ноён Жо­зеф Байдений айлчлалд амжилт хүсээд, Ард­чил­сан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах хүндтэй үүргийг нэр төр­тэй хариуцлагатай хий­хийг чармайх болно гэсэн байна.  Тэрээр “Монго­лын түүхийг дэлхий даяар сайн мэддэг. Гэхдээ эзэнт гүрэн, Чингэс хааны түүхийг мэддэг. Харин Монголын шинэ цагийн түүх, ардчилсан тогтол­цоонд шилжсэн үйл яв­цын талаар тэр бүр сайн мэддэггүй. Энэ байдлыг өөрчлөх, Монголын шинэ түүхийг таниулах  талаар хамтран ажиллах санал­тай байна” гэхэд нь ноён Ж.Байден талархан хү­лээн аваад Америкийн дунд сургуулийн хичээ­лийн хөтөлбөрт өөрчлөлт оруулах зэргээр хамтран ажиллаж болох тухай хэл­жээ. Дэд Ерөнхийлөгч Ж.Байден мөн авилгын эсрэг тууштай тэмцэж бай­­гаа Ерөнхийлөгч Ц.Эл­бэгдоржийн бод­логыг дэмждэгээ илэр­хийлээд, авилгын эсрэг тэмцэх талаар санал бод­лоо хэлсэн аж. Ерөн­хий­лөгч Ц.Элбэгдорж “Нэрт судлаач Ларри Даймон­дын нотолсноор ард­чил­лыг “баллаж” болох цо­рын ганц зүйл бол авли­гал” хэмээгээд шударга ёс тогтоох чиглэлд хийж хэ­рэгжүүлж байгаа үйл ажил­лагаанаасаа дурд­сан байна. Ноён Ж.Бай­ден “Байгаль орчинд хал­гүй  сэргээгдэх эрчим хү­чийг ашиглах талаар би­дэнд хамтран ажиллах боломж байна. Монгол бол сэргээгдэх эрчим хүч­ний нөөцтэй, харин америк  өндөр техно­ло­гитой, сайн туршлагатай” гэж ярьжээ.

АНУ-ын дэд Ерөн­хий­лөгчийг түүний зөвлөх, Цагаан ордны төлөө­лөг­чийг эс тооцвол бусад нь ҮАБЗ-ийнхөн дагаж ир­сэн байна. Дэд Ерөн­хийлөгчийн ҮАБЗ-ийн зөвлөх, ҮАБЗ-ийн Азийн асуудал эрхэлсэн захи­рал, ҮАБЗ-ийн Хятад, Тайвань, Монго­лын асуу­дал эрхэлсэн захирал нар иржээ.

Төрийн ордонд уул­залт хийсэн АНУ-ын дэд Ерөнхийлөгч Ж.Байдэнд бэсрэг наадам үзүүлэ­хээр “Яармаг”-ийн дэнж рүү хөдөллөө. Гэвч наа­дам руу сэтгүүлчдийг оруу­лаагүй юм. АНУ-ын тал бүх хамгаалалтыг ха­риуцаж байгаа учраас монгол сэтгүүлчдийг огт­хон ч оруулахгүй гэлээ. Манай Гадаад харил­цааны яамны хэвлэлийн албаныхан ч өөрсдөө арайхийж оров. Зөвхөн камертай хүмүүсийг нэвт­рүүлнэ гэж гуйсаар араа­саа хоёр, гурван зураг­лаач, зурагчин дагуулсны тоонд манай гэрэл зу­раг­чин багтсан юм. Бэсрэг наадамд морь уралдаж, АНУ-ын дэд Ерөнхийлөгч Ж.Байдэн, Ерөнхий сайд С.Батболд нар сур харва­сан байна. Мөн бөх ба­рилдаж, урлагийн тог­лолт үзүүлжээ. Мөн Ж.Бай­дэнд Ерөнхий сайд морь бэлэглэжээ. Харин ноён Ж.Байдэн наадмын үеэр уран нугаралтын гайхамшгийг үзүүлсэн нугараач охиныг ихэд шүтэн биширчээ. Тэрээр наадмын төгсгөлд нуга­раач охиныг эрж хайн олоод өмнө нь мэхийн ёсолсон гэнэ лээ.

 Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Ш.Сайхансамбуу: Таван толгой, Сонгуулийн хууль ярина гэвэл тэрэн шиг худал юм байхгүй

УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуутай ярилцлаа.

-Чуулганы завсарлагаанаар юу хийж байна даа?

-Сая тойргоороо яваад ирлээ. Завхан аймаг энэ жил зуншлага сайтай байна.

-Энэ зун ажил хийж байгаа төрийн түшээ ховор юм шив дээ. Ийш тийшээ амарч зугаалсан хүмүүс л байх юм?

-Тийм шүү. Их оносон шүүмжлэл гэж бодож
байна. Иргэдийн ярьж байгаа зүйлээс харахад ийм дүгнэлт хийж болохоор
байгаа юм. Ер нь манайх хууль муутай учраас чуулган олон хоног
завсарлаад байна шүү дээ. Засгийн газарт шийдэх асуудал их байна.
Хөрөнгө оруулалтын ажлаас эхлээд хийх юм олон байгаа. Гэвч УИХ, Засгийн
газар ид ажлын үеэр амардаг байгууллага болж хувирчихаад байна л даа.
Улс оронд жирийн ажилчид улс орны хар ажлыг нугалж байна шүү дээ.
Түүнээс биш дарга нар амралт хөөгөөд ийш тийшээ явчихаж.

Ер нь энэ зуны амралт зугаалга, найр
наадам бүр хэрээс хэтэрлээ. Наадам хоёр өдөр боллоо, хангалттай юм биш
үү. Социализмын үед л наадмын дараа намар гэж ярьдаг байлаа. Гэтэл одоо
наадмын дараа наадам гэцгээдэг болжээ. Наадмын найраа гэж замбараагаа
барсан. 150-200 сая төгрөгөөр нэг начин төрж байна. Тэгээд хөрөнгө
бэлтэй хүмүүс наадмын бай шагналд юу бэлтгэснээрээ уралдаж, зиндаагаа
харуулдаг болж. Мөнгөтэй баячууд төрсөн өвөлжөөн дээрээ өөрийнхөө
нэрэмжит хөшөө суварга босгож, наадам хийж байна. Түүнийгээ ядуу ард
түмэнд гайхуулж, баярхаж байна.

Тэгэхээр төрийн албан хаагчдыг өглөө
07.00 цагг ажилдаа ирүүлдэг европ стандартыг Монголд нэвтрүүлэхгүй бол
болохгүй нь ээ. Хөдөөгийнхөн өглөө 05.00 цагт босоод малаа бэлчээж
байхад Улаанбаатар тэр аяараа дуг нойрондоо дугжирч байна шүү дээ. Бараг
үдийн үед ажилдаа ирчихээд орой эрт тарж шоу цэнгээний газраар наргиж
байна. Хотын амьдрал нэг ийм л байх юм. Монгол Улс ийм байхад дэлхийн
хөгжил биднийг хүлээхгүй биз дээ.

-Намрын чуулганаар олон чухал хууль батлах ёстой. Сонгуулийн тухай хуулиа эцэслэн гаргаж чадах болов уу?

-Сонгуулийн хууль дээр хоёр нам тохирсон
болоод орхисон. Гэхдээ уг нь Сонгуулийн хууль бол аминд тулсан асуудал
биш шүү дээ. Энэ хуулиас илүү хотын замын түгжрэлээс эхлээд өдөр бүр
иргэдийг бухимдуулж байгаа зүйлүүд чухал. Ард түмний амьдрал ядуу байна,
баян хоосны ялгаа туйлдаа хүрч. Энэ л санаа зовоосон асуудал шүү дээ.
Намар цаг болж, өвөл хаяанд ирсэн энэ үед утааны асуудал зайлшгүй
хөндөгдөнө. Энэ тухай бид ярих ёстой. Харамсалтай нь эдгээр асуудлыг
ярьж, шийдэж байгаа хүн алга.

Намрын ээлжит чуулган эхлэхэд 2012 оны
төсөв, Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөс эхлээд хэлэлцэх ёстой үндсэн
дөрвөн том асуудал бий. Үүнтэй зэрэгцээд Таван толгой, Сонгуулийн хууль
ярина гэвэл тэрэн шиг худал юм байхгүй. Угаасаа амжихгүй. Тэгэхээр одоо
ээлжит бус чуулган зарлаад Таван толгой, Сонгуулийн хуулма шийдчих
хэрэгтэй байхгүй юу.

-Таныхаар бол энэ байдлаараа шийдэх щинжгүй байх?

-Харин тийм ээ. Гэхдээ ирэх сонгуульд
ялалт байгуулах 76 хүнийг аль хэдийнэ сонгочихсон байна лээ. Тэгэхээр
хуулиа шинэчилсний хэрэг байна уу.

-Ямар хүмүүс сонгогдчиховоо?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр
зарлачихсан байна лээ. Сонгуульд сонгогдох 76 гишүүн энэ гээд биччихсэн
байсан биз дээ. Миний оронд энэ өрөөнд маань хэн орж ирэх юм бол гээд
хүлээгээд сууж байна. Гишүүнийхээ өрөөг нэг мөсөн хүлээлтэж өгчихөөд
явдаг юм бил үү гэж бодож сууна.

-Та Сонгуулийн аль тогтолцоог дэмжиж байгаа бил ээ?

-Уг нь Монгол Улс нэг тойрог болоод
пропорциональ тогтолцоогоор сонгууль явуулбал зүгээр юм. Эсвэл хоёр
танхимтай парламенттай болох нь зөв. Гэхдээ одоогийн явж байгаа
хувилбараас 52:26-г нь дэмжиж байна.

-Ер нь явж явж Сонгуулийн хууль мажоритар тогтолцоон дээрээ тогтох юм биш үү?

-Ер нь сонгуулийг дүрмээр нь хатуу
хяналтан дор явуулбал элдэв будлиан гарахгүй шүү дээ. Тэгэхээр заавал
Сонгуулийн хуулийг өөрчлөх гээд байсны хэрэггүй гэсэн үг. Үнэхээр
Сонгуулийн хуулийг өөрчлөх гээд байгаа юм бол Үндсэн хуулиа өөрчлөөд,
ард иргэдийн дунд санал асуулга явуулах хэрэгтэй. За тэгээд бидэн шиг
жирийн гишүүд энэ талаар мянга яриад нэмэр алга. Шийдвэр гаргах түвшний
дарга нар Сонгуулийн хуулиа энэ ондоо багтаагаад гаргахын төлөө ажиллана
биз.

-Таван толгойн гэрээний талаар юу гэж бодож байна?

-Одоо Засгийн газраас ямар гэрээ орж
ирэхийг нь харж байна. Энэ гэрээ УИХ-аас баталсан 39-р тогтоолыг
биелүүлсэн байна уу, ард түмэнд ашигтай байж чадаж байна уу гэдгийг нь
харна даа.

-Та одоо ямар хуулийн төсөл дээр ажиллаж байна вэ?

-Эрүүгийн хуульдаа олон нийтийн санал
асуулгыг судалсны үндсэн дээр ганц нэг засвар оруулсан. Одоо нэгдсэн
чуулганаар оруулж санал хураалгана. Замбараагаа алдсан шагналыг
зохицуулах Шагналын тухай хууль санаачилсан. Үүнийгээ хэлэлцүүлнэ. Өөр
жижиг хуулиуд бий. Гишүүнчлэлийн тухай хуулийг З.Алтай гишүүн бид хоёр
санаачлаад явж байна.

Я.Мөнгөнцэцэг

Categories
редакцийн-нийтлэл

Мэдээлэл өгөхгүй мэдэн будилагчдад хуулийн хариуцлага хүлээлгэе

Хаврын чуулган завсар­лахын өмнөхөн Мэдээллийн
ил тод бай­дал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль бат­лагдан тэр өдрөөсөө хэрэг­жиж
эхэлсэн билээ. Хууль батлагдаж, хэрэгжиж эхлэх болсон нь сайшаалтай. УИХ-ын гишүүн
Э.Бат-Үүл, Су.Бат­болд нарын санаачлан бо­ловсруулсан энэ хууль иргэд, олон нийтийг
мэ­дээл­лээр хангахад чухал ач холбог­долтой бөгөөд үнэн бодит мэдээл­лийг тухайн
байгуул­лага, төрийн албан хаагч олон нийтээс нуухгүй байхыг заасан байгаа. Хуульд
төс­вөөс санхүүждэг ихэнх бай­гуул­лагууд хамрагдсан бө­гөөд улсын нууц, хувь хүний
нууц зэрэг үүнд хамаарахгүй болохыг мөн тусгаж өгсөн.

Дээрх хууль батлагд­са­наар  сэтгүүлчдийн мэдээлэл олж авах эрх нь баталгаажиж
байгаа юм. Нөгөөтэйгүүр албан тушаалтнууд хуулийн дагуу мэдээлэл өгөх үүрэг­тэй
болсон. Ингэснээр сэтгүүлч бид хар сэрээр бичих, албан тушаалт­нууд мэдээлэл өгс­нөөсөө
болж дарга нарынхаа өмнө толгой гу­дайх хэрэггүй болж байгаа хэрэг. Одоо тө­рийн
байгууллагууд хуу­лиар хориглоогүй мэдээллийг бай­гууллагын журмаар нууцлаад хууль
зөрчих асуудал байна. Үүнийг ч бас хууль сахиулаг­чид анзаарах хэрэгтэй юм.  

Захын нэг албан хаагч сэт­гүүлчдийг цаашлаад нийг­мийг
төөрөгдүүлж, өөрсдөө мэдээлэл өгөөгүй тохиол­долд сэтгүүлч буруу ташаа мэдээлэх
үүрэгтэй болгож хувиргаад байдаг байлаа. Хууль гарснаар аль, аль талдаа ашигтай
болж байгаа билээ.

Мэдээллийн эрх чөлөөг нэ­мэг­дүүлэх нь төрийг
тунга­лагшуулна. Төр тунгалагшина гэдэг нь эрх баригчид тат­варын мөнгийг юунд,
хэрхэн зарж байгааг ил тод болгох үйлдэл юм. Япон, Герман, Синга­пур, Швед зэрэг
өндөр хөгжилтэй орнуудад мэдээ­лэл ил тод байс­наараа эдийн засаг нь хүчирхэгж­дэг.
Мэ­дээл­лийн эрх чөлөө нэмэгд­сэ­нээр ихэнх мэдээллүүд эрх ба­ригчдын булхайг илчлэх,  иргэдийн эрх чөлөөг хамгаа­лахад ашиг тусаа өгдөг. 

Гэвч манайд мэдээллийг ил тод олж авах хууль хэрэг­жихгүй
байгаа нь тодорхой байна. Манай сэтгүүлч хөрөн­гө орлогоо буруу мэдүүлсэн, нуун
дарагдуулсан төрийн албан хаагчдын тухай мэдээл­лийг ава­хаар Авлига­тай тэмцэх
газрын Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн ахлах ажилтан Ч.Мөнх­бая­раас асуухад
тэ­рээр “Тэдгээр албан хаагчдад нэгэнт хариуцлага тооцчих­сон. Хэн, ямар хөрөнгөө
нуус­ныг мэдээлэх боломжгүй. Нэр хүндэд нь халдах шаардлага байх­гүй” гэж ам тагласан
хачин хариулт өгсөн байгаа юм. Нэг үгээр хэлбэл Авлига­тай тэмцэх газар авлигач­дыг
хаацайлсан хэрэг болсон.

Уг нь төрийн албан хааг­чид багагүй зөрчил гаргасан
аж. Худал мэдүүлсэн 60, ху­га­цаа хожимдуул­сан 20, са­наатайгаар худал мэ­дүүл­сэн
55 албан хаагч байгааг тог­тоожээ. Гэтэл нэгэнт хуулиа зөрчсөн хүмүүсийг олон ний­тэд
мэдээлэхээс нууж байгаа тэр ал­бан хаагч өөрөө Мэ­дээл­лийн ил тод байдал ба мэдээлэл
авах эрхийн тухай хуулийг зөрчиж байгаа хэрэг юм. Мөн саяхан Нийслэлийн проку­рорт
халдаж, хутга шө­вөг­төө хүр­сэн тухай мэдээлэл манай сонинд гарсныг уншиг­чид санаж
буй бизээ. Нэг дор ажилладаг прокурорууд ээл­жийн амралттай үедээ архи ууж халамцаад
бие биеийн­хээ эрх чөлөөнд халдсан бай­на. Мэдээл­лийн мөрөөр холбогдох байгуулла­гуу­даас
тодруулахад “Ийм хэрэг га­раагүй, огт сонсоогүй” гэсэн хариулт өгчээ. Манай сэт­гүүлч
холбогдох олон албан тушаалтнаас асуусны эцэст хариулт олоогүй учраас мэ­дээллээ
баталгаажуула­хын тулд тэр өдөр цагдаагийн рапортод юу гэж тэмдэглэс­нийг олж мэдсэнээр
энэ тухай мэдээллийг олон нийтэд хүр­гэсэн билээ. Нэг байгуулла­гад ажилладаг хэрнээ
хамт ажилладаг хэд нь бие биен­дээ хүйтэн мэс хүргэж алах  шахсан байхад мэдээгүй бай­на гэдэг гайх­маар
хэрэг бус уу. Монголд мэдээ­лэл түгнэ гэдэг салхиар дамжихтай л адил хурдан. Техник
технологи хөгжөөгүй үед ч малын бэл­чээртээ байгаа өвгөн энд тэндхийн мэдээл­лийг
аль хэдийнэ дуулчихсан өөрийн­хөөрөө тунгааж суудаг. Хэрэв үнэн бодит мэдээлэл өвгөнд
хүрвэл  элдэв цуу яриа гарах­гүй. Ер нь тэгээд
монголчууд цөөхүүлээ учраас ямар нэг мэдээллийг нуулаа гэхэд до­роо л ил болчихдог.
Аавын дүүгийн хүүхдээс асуухад, эсвэл ангийнхаа найзын нөх­рөөс асуу­гаад л мэдчихэж
болдог улс. Мэдээ­лэл олж авах хэн нэгэн танил, ха­маатан байж л байдаг. Гэхдээ
мэдээллийг хэдий чинээ нуу­на, төдий чинээ цуу их тардаг. Тэгэхээр мэдээлэл өгөхөөс
татгалзсан дээрх албан хааг­чид хуулийн хариуцлага хү­лээх ёстой юм. Тухайлбал тус
хуулийн 6.25.1-д Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль тог­тоомжийг
зөрчсөн албан хааг­­чийн зөрчлийн шинж байдлыг харгалзан түүнийг томилсон эрх бүхий
этгээд Төрийн алба­ны тухай хуу­лийн 26 дугаар зүйлд заасан сахил­гын шийтгэлийн
аль нэгийг оногдуулна гэж заажээ. Мөн хуулийн 6.25.2 -т Иргэн, хуу­лийн этгээдийн
мэдээлэл авах эрхийг удаа дараалан ноцтой зөрчсөн албан хааг­чийг эрх бүхий этгээд
Төрийн албаны тухай хуу­лийн 25.1.1-д заасан үндэслэлээр төрийн албанаас хална гэжээ.

Тэгэхээр мэдээлэл өгө­хөөс
татгалзсан мэдэн бу­дил­сан энэ мэт албан хаагч­дад хуулийн дагуу арга хэмжээ авах
хэрэгтэй юм.

Categories
редакцийн-нийтлэл

Төв аймгийн сумдад ямар улс төр яваад байна вэ?

ЦЭЭЛИЙНХЭН Н.ЭНХБАЯР ДАРГАА ХҮЛЭЭЖ СУУНА

Сонгууль хаяанд ирж улс төрийн
хүрээнийхнийг хөдөлгөөнд оруулаад эхэлж байх шиг байна. Нэг гэр бүлийн
хоёр хүртэл хоёр өөр өөр нам болчхоод талцдаг, найз нөхөд, ажил
төрлөөрөө намд хуваагдан нэгийгээ үзэцгээдэг сумынхны улс төрийн үйл
ажиллагаа хүчээ аваад эхэлчихсэн бололтой.

МАХН-ынхан дарга, цэрэггүй хөдөө орон
нутгаар бадар барьж яваа гэнэ. Намын дарга Н.Энхбаяр Ерөнхий нарийн
бичгийн дарга Н.Удвалыг, телевизийнхээ хамт дагуулан өнөөдөр Төв аймгийн
Цээл суманд очно гэсэн зар тараажээ. Уг нь тэд өнгөрсөн баасан гаригт
очих байсан ч хойшилсон юм байна. Цээл суманд өнөөдөр Уяачдын холбооноос
нэгэн өдөрлөг зохион байгуулах юм байна. Уг арга хэмжээнд тус сумын
иргэд, хөдөлмөрчид, хөдөөгийн хоёр багийн малчид оролцохоор болжээ.
Сумын төвд нутгийн иргэд олноор цугларч байгаа энэхүү завшааныг
МАХН-ынхан ашиглаж, иргэдтэй уулзалт хийгээд авахаар төлөвлөсөн
бололтой.

Одоогийн байдлаар Цээл суманд МАХН-д
албан ёсоор элссэн 100 хүн бий гэнэ. Намын анхан шатны байгууллагаа
аравт, зуутын зохион байгуулалтад оруулна гэж МАХН дүрэмдээ заасан.
Тэгэхээр тэдний зуутын болзлыг хангаж байгаа анхны сум нь Төв аймгийн
Цээл болж байгаа юм байна.Тиймээс МАХН-ын дарга Н.Энхбаяр Цээл сумыг
онцгойлон авч үзэж өөрийн биеэр очиж ард иргэдтэй уулзаж байгаа нь энэ
аж. Өдөрлөгийн үеэр элсээд байгаа 100 хүнээс гадна шинэ гишүүд элсүүлэх
зорилго өвөртлөн яваа нь тодорхой биз ээ. Н.Энхбаяр болсон хойно нэлээд
хүнд намынхаа батлахыг бэлэглээд ирэхээ мэдэх байлгүй. Цээлийнхэн ч
намын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг хэлсэн ёсоороо ирэх, үгүйг
тэсэн ядан хүлээж, ирэх замынх нь зүг рүү нүдээ чилтэл харж суугаа
бололтой.

БАТСҮМБЭРИЙН АН-ЫНХНЫГ МАН-ЫН ГИШҮҮН САНДАРГАЖ БАЙНА

Цээл сумынхан бараг тэр чигээрээ МАХН-ын
гишүүн болж буй мэдээ байхад Батсүмбэр суманд АН-ын даргаар МАН-ын
нөхөр сонгогдох гээд бажгадуулж байгаа сурагтай.

Өнгөрсөн наймдугаар сарын 3-нд тус сумын
АН-ын намын хороо хуралджээ. Энэ хуралд хуучин МАХН-ын гишүүн
Ц.Цоггэрэл ирж суугаад хамтарч ажиллах санал тавьжээ. Түүний саналыг Төв
аймгийн АН-ын намын хорооны дарга Д.Доржпүрэв дэмжсэн байна. Гэтэл уг
хурлын дараа Ц.Цоггэрэл Батсүмбэр сумын АН-ын дарга болохоор үхэн хатан
зүтгэж эхэлжээ. Түүний энэ үйлдлээс болж Батсүмбэр сумын Ардчилсан нам
хоёр хуваагдаад байгаа юм байна. Тиймээс тус сумын АН-ын гишүүд аймгийн
намын хорооны дарга Д.Доржпүрэвт гомдол гаргасан байх юм. Гомдол нэхсэн
энэхүү бичигт өгүүлснээр бол Ц.Цоггэрэл нь Ху намд 20 жил зүтгэж,
одоогийн парламентад сонгогдсон МАН-ын гишүүд болох М.Энхболд,
Н.Энхболд, Д.Дондог, Су.Батболд нарыг сонгуулиар сурталчлах ажилд
оролцож явсан, тэднийг тууштай дэмжигч гэнэ. МАХН-д үнэнч зүтгэснийхээ
хариуд эхнэр хүүхдээ гадаад, дотоодод амрааж чадсан зайтай эр аж.
Дээрээс нь суманд ирсэн зээлийг намын нэрээр авчихдаг зальтай нөхөр
гэнэ. Батсүмбэр сумын ядуурлыг бууруулах төслийн зээлийн ихэнхийг зөвхөн
Ц.Цоггэрэл аваад одоо болтол төлж барагдуулаагүй юм байна. Үүгээр
зогсохгүй Төв аймгийн сум хөгжүүлэх сангаас олгосон 50 сая төгрөгийг
хувьдаа зээлж авчхаад эргүүлж төлөөгүй аж.

Ардчилсан намын дүрэм, журмыг судалж
мэдээгүй, намын гишүүн биш хүнээр даргаа сонгохгүй хэмээн гомдол
гаргасан гишүүд хэлжээ. Ц.Цоггэрэлийн хуурамч занд итгэж, бохир мөнгөөр
нь гишүүдийнхээ толгойг угаалгахгүйн төлөө тэд тууштай тэмцэх гэнэ. Төв
аймгийн Батсүмбэр суманд нэг ийм улс төр өрнөөд эхэлжээ. АН, МАН хоёр
дээгүүрээ үгсэн, хамтарсан Засгийн газар байгуулж, нэг хөнжилд орсон нь
үнэн. Гэхдээ МАН-ын гишүүн С.Баяр АН-ын дарга болохдоо тултал найрлаагүй
санагдана. Харин хөдөөгийн сумдад АН, МАН нэг нь нөгөөгийнхөө намын
дарга болтлоо эвсэж, найрамдсаны жишээ энэ. Төв аймгийн АН-ын дарга
МАН-ын нөхрийг нэг сумынхаа АН-ын даргаар тавихаар найр тавин суугаа даг
шүү. МАН-ынхан яахав дээ АН-ын анхан шатны байгууллагад өөрийн хүнээ
шургалуулж, АН-ыг идэж эхлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлж байгаа нь тэр биз.

Я.Мөнгөн

Categories
редакцийн-нийтлэл

Америкт амардаг Ерөнхий сайд хэзээ ирэх вэ?

Ерөнхий сайд С.Бат­болд АНУ-д дөрөв,
тав хонож байгаа гэнэ. Чухам ямар ажлаар явж байгааг нь түүний тойрон хүрээ­лэгчид
тас нууж байна.

Төр, улсынхаа “эцэг” нь байх хариуцлагатай
үүрэг хүлээсэн төрийн өндөрлөгүүдийн гадаад, дотоод томилолтуудыг ард түмэн мэдэж
байх учиртай. Гэвч гүйцэтгэх засаглалыг толгойлж яваа эрхэм С.Батболд хаана, юу
хийж явааг ард түмэн битгий хэл УИХ-ын гишүүд ч мэдэхгүй байна.  Тиймээс хаашаа ямар зорилгоор явах гэж бай­гаа­гаа
хэзээ ч мэдэгдэх­гүй, сэмхэн алга бол­чих­дог Ерөнхий сайдыг шүүмж­лэх гишүүн олон
бий.

Албан эх сурвалжийн мэдээллээр бол Ерөнхий сайд С.Батболд АНУ-ыг хувийн ажлаар зорьжээ.
Гэхдээ гэр бүлийнхнийгээ дагуулаагүй цөөн хэдэн зөвлөхтэйгээ хамт очсон гэнэ. Төрийн айлчлал бишээс хойш уг нь
хувийн ажил хөөцөлдөх  хүнд зөвлөхийн
хэрэг байхгүй баймаар. Америкчуудтай
Оюу толгой, Таван тол­гойтой дүйцэхүйц өөрт ашигтай ямар нэгэн гэрээ байгуулах лоббигоо хий­хээр
зөвлөхөө дагуулав уу гэсэн хар төрөөд
бай­на. Ямартаа ч Ерөнхий
сайд төсвийн мөнгөөр туйлж яваа бололтой. Тэрээр өчигдөр эх орон­доо очно гэж наашаа хэл дуулгасан байна.
Гэвч нислэгийн хуваарь нь хэзээ гэдгээс түүний
ирэх хугацаа хамаарах тухай ойрын эх сурвалж нь хэл­сэн юм.

Өөр эх сурвалжийн хэлснээр Засгийн
газрын тэргүүн АНУ-д сургах хүүх­дийнхээ сургуулийн асуудлыг хөөцөлдөж бай­гаа юм
байна. Тэгэ­хээр Ерөнхий сайд АНУ-д амарч, амин хувийн ажлаа амжуулж байгаа нь үнэн
аж.

Социализмын үед ма­най дарга нар Хар
да­лайд амарч алжаалаа тайлдаг. Хариуд нь оро­суудын далласан газар нь ил гарч,
далайсан газар нь далд ордог бай­сан гэх юм билээ. Хар далайд тухлуулж, зугаа­цуулсных
нь  төлөө орос ах нарын үгнээс гаралгүй, ядарсан
ард түмнээ хэл­мэгдүүлэн, ёс бусаар аашилдаг байсан гашуун түүх бий.

Харин тэдний ший­рийг хатаах хүн нь
энэ цагийн Ерөнхий сайд С.Батболд болж таарав уу. Сиймхий гарвал га­даа­дад сэм
явчих гээд байдаг нөхөр юм. Мон­голд амрах газар мундсан биш заавал АНУ-д очиж алжаалаа
тайлдаг нь цаа­наа нэг учиртай биз ээ.

Намар цаг хаяанд ирж, юу юугүй өвлийн
дүн хүйтэн тачигнана. Улс түмэнд өвлийн бэлтгэлээ базаахаас эхлээд хийж, амжуулах
ажил их, санаа зовох зүйл олон байна. Ийм үед Засгийн газрын тэргүүнд амарч суух
зав байна гэж үү. Энэ улс орны хамаг ажлыг нугал­даг Засгийн газрыг тэр­гүүлж байгаа
хүн биеийн амар хараад, өртөг ихтэй гадны улсад тансаглаж суудаг цаг мөн үү. Сур­гууль
соёлынхон цуглаад, улс даяар уламжлалт их ажил өрнөх гэж байхад Ерөнхий сайд С.Батболд
АНУ-д юу хийгээд сураг алдарчихав аа. 

Ерөнхий сайд С.Бат­болд энэ зун аймгуудын
ойн баяр хэсэхээс өөр ажил хийсэнгүй. Очсон баяр бүртээ малилзтал инээж, өөрөөсөө
өгч бай­гаа мэт бөөн одон медаль гардуулав. Ээжийнхээ төрсөн нутаг Дундговьд
100 км засмал зам тавьж өгнө гээд ойгоор амлаж зогсоно. Төрийн хүн ин­гэж дураараа
авирлан, төсвийн мөнгийг зарцуу­лах эрхгүй санагдана.

Танхимын тэргүүн нь баяр наадам хөөцөлдөж
гүйгээд завгүй, сайд нар нь дагаж гэгэлзээд горьгүй тул энэ зун Зас­гийн газрын
хурал гур­вантаа тасалдлаа.  Ийм байхад Монгол
Улс яаж өвөлд өнтэй орж, хөгжил нь өөдөө явах билээ.

Найр наадам хэсч дуус­сан бол уг нь
Ерөн­хий сайд ажилдаа шуур­хайлан орох ёстой бай­лаа. Улс орны зуун зад­гай ажлуудыг
эмхэлж суух хэрэгтэй байв. Харам­салтай нь тэгсэнгүй, найр наадмынхаа ядаргааг тайлахаар
АНУ-ыг зорьсон байна. 

Уг нь монголчууд бид  уудам тал нутгийнхаа сэргэлэн агаарт гараад, уужим
амьсгаа авахад л дэлхийн ямар ч тансаг оронд очсоноос илүү амарч, алжаалаа тайлж
чаддаг. Харин Ерөнхий сайдад бол Монголынх нь салхи гэхээсээ Амери­кийн уур амьсгал
уужуу амьсгаа авах боломж ол­годог бололтой. Монгол Улс байн байн АНУ руу “гүйдэг”  Ерөнхий сайдтай болжээ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Ардын намын гишүүн бол хүн “алсан ч” хуульгүй аж

Өнгөрсөн хавар Төв аймгийн Жаргалант суманд тус аймгийнх нь татварын албаны дарга Ч.Адъяа­­сү­рэн
гэдэг нөхөр ан хийх гэж маяглаж байж буу алдан хай­ран сайхан залуугийн амийг бү­рэлгэ­сэн
ноцтой хэрэг гарсан би­лээ. Хуучны “ху” нам буюу Ардын на­мын дарга нарын зугааг гаргах гэж хичнээн ч ардын
амь нас, амьд­рал ахуй хохирч үлдэж байгааг гагцхүү бурхан тэнгэр л мэдэх биз.
Хамгийн сэтгэл эмзэглүүлсэн зүйл нь юү байна вэ
гэхлээр нөгөө хүний аминд хүрсэн хэргийн гол сэжигтэн Ч.Адъяасүрэн шүүхээс тэнсэн
харгалзах ял аваад өнгөр­чээ. Тэр хуучнаар “аймгийн намын дарга” нь байсан хүн л
дээ. Тэгэх­лээр Ардын намын гишүүн бол хүн “алсан” ч ял хэлэлцдэггүй аж. Тэд талийгаачийг эхнэр хүүхдээ хотод эмэгтэйчүүдийн
баяраар баярлуул­чихаад хариад амарч байхад нь анд хамт явж дарга нарыг зугаа­цуулахыг хүссэн байдаг.
Буу ший­дэм байдаггүй, дээр нь ан ав хийх сонирхолгүй түүнийг заавал авч явахаар
шаргуу хөөцөлдөж хамар хашааны хөршийнх нь утсаар хүр­тэл ярьж гуйжээ. Тэгээд дээрээс
нь өглөө эрт халуун хэвтрээс нь бос­гон авч яваад буу осолдож шарх­дуулсан гэдэг.
Улмаар талий­гаач шархаа даалгүй хот орох замдаа нас баржээ. Эмнэлгийн тусламж оройтож
хүргүүлсэн, дорви­той эмчилгээ хийгээгүй гэх зэрэг олон гомдол тухайн үед гарч байсан
ч энэ хэрэг тэгсхийгээд “тэнсэнгээр” дуусав.
Нэг ёсондоо хөдөөх эрийн амь нас тэнсэнгийн үнэтэй, ардын намын дарга хүн зугаагаа
гаргахын тулд яасан ч болдог гэдгийг нийгэмд харуулж байгаа гэсэн үг юм.
Эрх мэдэлтнүүд зугаагаа юугаар ч тайлж болдгийн
тод жишээг Ч.Адяъасүрэн даргын энэ хэрэг сануулж байна. Ер нь ХУ-гийн дарга нарын
хувьд үргэлж ийм л байсан түүхтэй гэдгийг бид мэднэ. Намын гишүүн хүн шоронд явдаг­гүй
байлаа. Арга байхгүй хүнд хэрэгт холбогдвол
намаа мултлаад ялгүй гардаг юм хэмээн тэр үед хэлэлцдэг байв. Тийм их эрх мэдлийг
нам олгодог байсан. Социализмын үеийн аймгийн
на­мын дарга нар яаж хөдөө явдаг байсан тухай одоо ярихад үнэм­шимгүй. Тэд орон
нутагтаа титэм­гүй хаад байсан юм. Кабиндаа
заавал эмч сувилагч, үсчин зураг­чин гэх зэрэг бүсгүйчүүд авч явна. Тэд нь царай
зүсээр гайгүй, нас хүйс залуу байх бичиг­дээгүй хууль­тай байлаа. Хөдөө сумандаа
очоод гайгүй дуулдаг бүсгүйчүүл, мөн буудлын үйлчлэгч, тэр сумынхаа бөх, анчин гэх
хүмүү­сээр хүрээ­лүүлэн дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэдэг цаг бай­лаа. Тэд
өвлийн хүйтэнд иргэдээ дулаан гэрээс нь хөөн босгож чоно үргээл­гэнд дайчилдаг байв.
Халуун хэвтрээс нь босгоод ба­ривч­лаагүй нь их юм, битгий маягла гэж захын дарга
загнадаг байв, наяад оны сүүл хүртэл. Энэ хуучин уламжлал Төв аймагт яг хэвээрээ
байгаа бололтой. Үүний баталгаа нь ч саяны болж өнгөрдөг Ардын намын дарга асан
зугаацсан нь гэсэн энэ хэрэг юм.
Ер нь ч Төв аймаг яг хуучнаараа байх бүрэн боломжтой
нутаг юм. Энүүхэн Айдасын давааны цаана Ардчилсан үзэл огт хөгжөөгүй байна гэдэг
үнэмшил муутай ч УИХ-ын бүхий л сонгуулиар ХУ нам дархан ялаад байгаа нь энэ үнэн
гэдгийг хэлээд өгнө. Төв аймгийн тойрог маш том тойрог. Тэнд УИХ-ын гишүүний дөрвөн мандат бий. Энэ бүх мандатыг
ардын намын гишүүн нь л байвал хэн ч хамаагүй авч байдаг. Харин яг үнэндээ үнэ­хээр
тийм олон хүн Төв аймагт оршин суудаг уу гэдэг нь маргаан­тай асуудал. Цаасан дээр
ная, бүүр зуугаад мянган хүнтэй гэдэг ч энэ бол худлаа тоо. Төв аймгийн хүмүү­сийн
лавтайяа дөчөөд хувь нь байхгүй.
Тэд зарим нь гадаад гараад явчихсан, зарим нь
хотод ороод ирчихсэн. Хотод байгаа хэдийн
зарим нь хороонд, зарим нь тран­шейнд амьдарч байгаа.Үлдсэн жараад хувийн
хэд нь сонгуульд орж хэд нь энэ намд санал өгдгийг хэн мэдлээ. Тэгэхлээр сонгуульд өгсөн санал болгон хуудуутай байх магадлал өндөр.
Хуучинсаг, дээр нь ху намд хайртайдаа энэ нам ялаад байгаа нь худал байх. Бусад
нам оршин тогтнох орон зай Төв аймагт байхгүй
байна гэдэгт олон хүн итгэдэггүй. Тэнд сонгууль гэдэг луйврын жүжиг л болж өнгөрч байдаг биз. Нэг ёсондоо
байхгүй хүмүүсийн саналаар л ХУ нам ялсаар өдий хүрсэн гэсэн үг. Энэ байдлаас гарах
арга бол Төв айм­гийн иргэдийн тоог үнэн
зөвөөр нь гаргах хэрэгтэй байна. Тус аймгийн
сумдын иргэдийн тал хувь нь хотод байдаг
бөгөөд харин тоо бүртгэл нь сумандаа байсаар ирсэн. Энэ аймагт ХУ-гийхны дийлээд
байд­гийн нууц ердөө л энэ. Тэд сонгууль болгоноор ялж төр барьж, тэгээд хүний амиар
наадаж байна. Тэгээд шүүхээр тэнсэн харгалзах ял авч түүнийгээ хэвлэл мэдээллээр
зар­лан гайхуулж байна.
Тийм ч учраас энэ аймаг ХУ буюу ардын намын бүрэн
даран­гуйлалд байна гэж хэлж болно. Нэг нам завсаргүй төр барьж байхад ард­чилал
хөгжиж байсан түүх байхгүй. Тийм ч учраас аймгийн хурган дарга өөрийгөө зугаацуула­хын
тулд гэмгүй ардын амийг үрж чадаж байна.
Ардчилал огт хөгжөө­гүй учраас л албатууд нь айхдаа хүзүүгээ хугалчихаа алдан гүйлдэж байгаа. Ардчилал
шинэчлэлийн үнэр ч байхгүй учраас л аймгийн шүүх энэ хэргийг шүүхдээ ардын амийг
тэнсэнгээр үнэлж тохуурхаж чадаж байгаа болов уу.