Categories
мэдээ нийгэм

Таны автомашин өвөлд бэлэн үү?

Хүйтний ам наашилж хөхүүрийн ам цаашилж буй энэ үед alfamotors.mn вэб сайтад 4х4 Автосервисээс тавигдсан арван зөвлөгөөг автомашин эзэмшигчиддээ ялангуя хөдөө орон нутаг руу гарахаар зэхэж буй уншигчиддаа зориулан манай сайт хүргэж байна.

Энэ намар дулаахан сайхан урт намар болсон ч өвөлийн жавар үүдэнд ирсэн нь ойлгомжтой. Хүйтний улиралд хүмүүс бид өөрсдөө дулаан хувцас, малгай, гутал, бээлий өмсдөг шиг автомашин маань өвөл хэвийн ажиллахын тулд бас л бэлтгэл хийх хэрэгтэй болдог. Энд бид машиныг өвөлд бэлтгэх, хүйтний улиралд жолоодлогын аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар гол гэсэн хэдэн зөвлөгөөг авч үзэхээр шийдлээ. Өвөл та машинаа ажлынхаа гадаа өдөржин тавьдаг уу? Эсвэл гэрийнхээ гадаа машинаа тавьж хонодог юм биш биз? Хол замд гарахдаа юу авч явах хэрэгтэй вэ? Хөдлөхийн өмнө юуг шалгаж үзэх ёстой вэ? Түлш ба тосны төвшинг хэмжээнд нь барих хэр чухал болох? Дугуйндаа хэрхэн санаа тавих вэ? Энэ бүхэнд хариу олохыг та хүсч байгаа бол энэ арван зөвлөгөөг уншина уу.

Нэгдүгээр зөвлөгөө: Дугуйныхаа хийн даралтыг шалгаж, өвлийн дугуйн талаар бодож үзэхэд гэмгүй.

Машин үйлдвэрлэгчид болон замын хөдөлгөөний хяналт тавьдаг байгууллагууд ялангуя өвлийн улиралд дугуйны төлөв байдалд онцгой шаардлага тавьдаг. Өвлийн цагт хальтиргаатай зам ихэнхдээ осол аваарын шалтгаан болдог тул таны дугуй ийм замд тохирох эсэхийг хамгийн түрүүнд шалгаж үз. Хий сул юм уу хэт чанга байх нь халтирахад нөлөөлдөг. Өөрийн машины зааврын дагуу дугуйныхаа хийн даралтыг тохируулж явбал сайн. Машины дугуйн хийн даралт хэмжигч манометр таны машинд байх нь их хэрэг болдог. Зарим санамж:

  • Машин чинь гулгаж эхэлбэл, тоормосоо бүү гишгээрэй. Ер нь ихэнх хүмүүс зөн билгээрээ тооромсолдог нь буруу, түүний оронд хаазаа хасаад машиныхаа рулийг шарвалтын эсрэг эргүүлэн жолоодох нь зөв.
  • Ер нь эрс тэс уур амьсгалтай монгол орны хувьд өвлийн дугуй авч тавьж заншвал тустай билээ.

Хоёрдахь зөвлөгөө: Аккумлятороо шалгах.

Аккумлятортоо анхаарал тавиагүй явсны гай.

Өвлийн хүйтэн өглөө машинаа асааж чадахгүй холбогч хайх эсвэл дуудлагын засвар дуудахгүйн тулд анхаарч бэлдэх дараагийн зүйл бол аккумлятор юм.

Автомашины аккумляторын ашиглалтын хугацаа 3-аас 5 жил хүртэл байдаг тул машиныхаа аккумляторын хугацааг мэдэж байх нь бас хэрэг болно. Хэрэв солих болж байгаа бол намар сольсон нь дээр байдаг. Өвөл хөдөлгүүр ажиллахад ялангуяа хүйтэн хөдөлгүүр асаахад бэрхшээлтэй мөн аккумлятор маш их их ачаалал авч байдаг учраас өвлийг угтан намар аккумлятороо сольсон нь дээр. Хэрэв таны машины аккумляторын ашиглалтын хугацаа нь дуусаагүй бол хэвийн ажиллаж байгаа эсэхийг нь шалгаж үз. Холбох утас болон бэхэлгээ хошуу (клемм)-ийг шалгаж, суларсан зэвэрсэн эсэхийг сайн үз. Клемм дээр чинь цайвар зүйл ургасан бол аккумляторын хүчлийн нөлөөгөөр зэвэрч байгаа нь тэр. Түүнийг хоолны соод, ус ба шүдний сойзыг ашиглан амархан арилгаж болно. Аккумляторын доторхи шингэн хангалттай байгаа эсэхийг шалгаж үз. Ихэнх аккумлятор тагтай байдаг бөгөөд түүнийг нь аваад шингэний хэмжээг үзэж болно. Хэрэв бага байх аваас нэрмэл ус нэмж болно. Харин хальтал дүүргэж болохгүй шүү.

Гуравдугаар зөвлөгөө: Тосоо шалгаж, түүний төлөв байдлыг үз.

Тосныхоо төвшинг шүпээр шалган үзэж байна.

За ингээд аккумляторынхаа ачааллыг багасгах хүйтэнд хөдөлгүүрийнхээ эргэлтийг сайжруулахын тулд хөдөлгүүрийнхээ тосыг шалгах хэрэгтэй болно. Тос нь хөдөлгүүрийн металл эд ангийг тослож ингэснээрээ шууд үрэлцэн эвдрэл гэмтэл гарахаас сэргийлдэг. Тосны зуурамтгай чанар буюу өтгөн шингэн байх нь хөдөлгүүрийн ажиллагаанд их нөлөөлдөг. Хэрэв тос хэт өтгөн байх аваас эд ангиудыг тослохдоо удаан урсаж, хөдөлгүүр халахад хүрдэг. Өвөл хүйтэн үед тос өтгөрдөг тул та бага зууралттай буюу синтетик, хагас синтетик тос хэрэглэж энэ асуудлыг шийдэж чадах юм. Ер нь ердийн тос хийсэн бол 5000 км яваад буюу 3 сар тутам тосоо солих нь манай орны нөхцөлд их хэрэгтэй байдгийг санаарай.

Дөрөвдүгээр зөвлөгөө: Антифризийнхээ царцах хэм болон хэмжээг шалгаж бай.

Радиаторт байгаа антифрийзний төлөв байдлыг шалга.

Таны машины хөдөлгүүр аккумлятор маш сайн ажиллаж хөнгөн шингэн эргэж асдаг боллоо гээд орхиж болохгүй шалгах нэг зүйл нь хөргөлтийн шингэн буюу антифрийз юм. Хэрэв антифрийз нь хасах хэмд хөлдчихвөл хөдөлгүүрийн гавал хага хөлдөж өнөөх ажил болгож сольсон тос, аккумляторын хэрэгцээ алга болж эдийн засгийн томоохон гарз учрах болно. Антифрийз буюу хөргөлтийн шингэн нь машины хөдөлгүүрийг хүйтэнд хөлдөхөөс, халуунд хэт халахаас, мөн түүнчлэн зэврэлтээс хамгаалдаг. Харин радиатортоо болж өгвөл үйлдвэрлэгчээс заасан антифрийз хийх нь чухал. Манайхан зөвхөн хөлдөх хэмийг анхаарч дурын шингэн хийснээс хөдөлгүүрийн металл ангийг зэврээх, усны цамцны сувганд өнгөр тогтоох, усны насосны сэнсийг зэврээх зэрэг гэмтэлд хүргэдэг. Яагаад гэвэл хөдөлгүүр болон хөдөлгүүрийн эд анги болгон өөрийн онцлогоос шалтгаалж төрөл бүрийн металлаар хийгдсэн байдаг тул өөр өөр төрлийн химийн шингэнтэй өөр өөрөөр урвалд орох магадлалтай байдаг байна. Японы үйлдвэрлэгчид гол төлөв Toyota машинд улаан өнгийн, Nissan, Honda гэх мэт бусад үйлдвэрлэгчидийн машинд ногоон өнгийн Long Life Coolant гэсэн антифрийз хийдэг байна. Мөн азийн зарим орноос импортоор орж ирсэн машины антифрийзний хөлдөх хэм бага байх тохиолдол байдаг. Та бүхэн антифрийз авахдаа найдвартай газраас авсан нь дээр.

Тавдугаар зөвлөгөө: Түлшний банкаа заавал дүүргэж яв.

Ялангуяа өвлийн цагт дундхан банктай юм уу хоосон явах нь онц аюултай. Хүйтэн бөгөөд байнга өөрчлөгдөж байгаа цаг агаар хагас дүүрэн банкны чинь хананд конденсат үүсгэж, улмаар бензинд чинь ус орох нөхцөл үүсгэдэг. Ус бензинээс хүнд учраас банкны ёроолд орж цаашдаа түлш дамжуулагч хоолойд орвол хөлдөж хөдөлгүүрт хүрэх түлшний замыг бөглөж төвөг болох тохиолдол байдаг. Ийм эвдрэлийг засуулах нь таны санхүүд хүндээр тусах билээ. Тийм учраас бензин хэдий үнэтэй байлаа ч гэсэн банкаа байнга дүүргэж явах нь таны машин болон мөнгийг чинь хоёуланг нь хэмнэнэ гэдгийг санаарай.

Зургадугаар зөвлөгөө: Салоны паараа сайн шалгаж бэлтгэх.

Өвлийн цагт урд шил цантах явдал олонтаа тохиолддог нь салон доторхи чийг ууршсаны үр дүн юм. Хаалга, цонх онгойх үед орж ирсэн болон та бидний амьсгалаас гарсан агаарын уур шил хөлрөх цантах эх үүсвэр болдог. Халаагч нь цонхны шил рүү бүлээн бөгөөд хуурай агаараар үлээж энэ асуудлыг шийддэг билээ. Халуун агаараар хэвийн үлээж байгаа атал хөлөрч цантаад байвал хаалга болон цонхныхоо жийргийг шалгаж үзэх хэрэгтэй. Мөн сүүлийн үеийн ихэнх машинууд салоны агаарыг шүүж нэвтрүүлдэг салоны агаар шүүгчтэй болсон бөгөөд манай орны хуурай шороо тоостой нөхцөлд энэ шүүр нь амархан бохирдож бөглөрөх явдал ихээр тохиолддог. Иймд та салоны агаар шүүгчээ солих буюу цэвэрлүүлэх хэрэгтэй. Түүнчлэн салон дулаахан бөгөөд тохилог байх нь чухал. Халаагч радиатор эсвэл удирдлага, халаагчийн хөдөлгүүр зэрэг нь эвдрэлтэй байж болох тул шалгуулж засуулаарай.

Долдугаар зөвлөгөө: Шил арчигчийн сойз болон шингэнийг шалгаж солих хэрэгтэй.

Шил арчигчийн дээрх болон доогуурх цасыг байнга цэвэрлэж, шингэний төвшинг хянаж бай.

Бороо цас холилдон орж буй сэрүүн үед таны шил арчигч муу ажиллаж, үзэгдэх орчинг харуулж чадахгүй байх нь осолд хүргэж мэдэх маш аюултай. Шил арчигчийн сойз резинээр хийгдсэн байдаг тул халуун хүйтэнд элэгдэж, хагарал үүсч хатууран цасыг арилгаж чадахаа больдог. Тийм учраас энэ сойзыг 6-12 сар тутам сольж байх хэрэгтэй. Түүнээс гадна шил арчигчийн шингэний төвшинг байнга хянаж байх учиртай. Мөн шил арчигчийн шингэн тань давын өмнө хөлдөхөөргүй хүйтэн нөхцөлд тохирсон байх хэрэгтэй.

Наймдахь зөвлөгөө: Ремени ба патрубуудыг сайтар шалга.

Машины тань капот дор байдаг резинэн эд анги буюу ремени болон патрубкуудыг ердийн үед 50 000 км яваад техник үйлчилгээ хийх үед шалгадаг. Хэрэв та энэ өвөл техник үйлчилгээ хийлгэхгүй бол автосервист очиж механикт үзүүлсэн нь дээр. Бүх уулзвар, залгааг сайтар шалгах ёстой. Хүйтэн цагт ремень ба патрубууд сулардаг тул ялангуяа хол замд гарахаас өмнө урьдчилан сэргийлж сайтар үзүүлбэл зохино.

Ес дэх зөвлөгөө: Дөрвөн дугуйны хөтлөгч (мост) ажиллаж байгаа эсэхийг сайтар шалгах.

Та бүтэн жил засмалгүй газраар явдаг ч бай тэр бүр хүндрүүлэгчээ залгаад байдаггүй байх. Тийм учраас өвлийн эхэнд үйлчилгээ хийхгүй ч гэсэн бүх хөтлөгч саадгүй ажиллаж байгаа гэдэгт итгэлтэй байх нь чухал. Ялангуяа Full Time буюу байнгын дөрвөн дугуйн хөтлөгчгүй машины хувьд анхаарах зүйл. Бүх хөтлөгч хэвийн ажиллах нь халтиргаатай замд явахад хамгийн хэрэгтэй зүйл. Бүрэн хөтлөгчтэй явна гэдэг нь мөстсөн зам дээр дрифт хий, эсвэл ердийнхөөсөө хурдан яв гэсэн үг биш шүү. Ялангуяа хүндрүүлэгч нь зөвхөн зам дээр цас, мөстэй үед хөдлөх үед зууралдах чанарыг сайжруулж өгдөг болохоос асфальтанд наалдан тооромс гишгэмэгц машин зогсоодог гэж ойлгож болохгүй.

Аравдугаар зөвлөгөө: Гэнэтийн шаардлагатай үед хэрэгтэй зүйлсүүдийг аптекийн адил машиндаа байнга авч явж занших хэрэгтэй.

Өвлийн нөхцөлд тохиолдсон ослоос болж Та замын хажууд удаан зогсох, түгжрэх хэрэг гарч магад, бэлтгэлтэй байх хэрэгтэй.

Ямар ч тохиолдолд юунд ч бэлэн байх анхны тусламжийн хэд хэдэн хэрэгслүүдийг бэлтгэх хамгийн энгийн арга. Нөөц дугуй, дугуйгаа солих өргүүр болон түлхүүр багаж ав. Түүнээс гадна танд моторын тос, шил угаагчийн шингэн ба хөргөлтийн шингэн ачаандаа хийж явахыг зөвлөе. Мөн машин чирэх татлага болон аккумляторын холбогч нь байх ёстой л зүйлс юм. Шилнийхээ цан хөөрөг, мөсийг арилгах зүйлүүд ч байвал зохино. Хэрэв цасанд суух явдал тохиолдвол хүчтэй гар чийдэн, дохионы пуужин зэрэг нь тун хэрэг болдог. Дулаан хувцастай ч гэсэн илүү дулаан бээлий, бүтээлэг байхад илүүдэхгүй.

Categories
мэдээ эдийн-засаг

Долларын ханш буурч эхэллээ

Ердөө нэг хоногийн өмнө 1903 төгрөгт хүрч галзуурч байсан ам.долларын ханш өнөөдөр 1880 төгрөг болж буурлаа. Яг одоо Худалдаа хөгжлийн банкны ам.доллар худалдан авах ханш 1867 төгрөг байгаа бол зарах ханш нь 1880 төгрөгтэй тэнцэж байна. Энэ нь ам.долларын төгрөгтэй харилцах ханш нэг хоногийн дотор 23 төгрөгөөр буурсныг харуулж буй юм.

Ченжүүдийн ярьж буйгаар ам.долларын ханш буурах үзэгдэл өчигдөр оройноос эхэлжээ. Энэ нь МАН-ын Бага хурлаас гаргасан шийдвэр нөлөөлсөн байх талтай аж. Ингэхдээ Ардчилсан нам, МАН хамтран Засгийн газрыг байгуулах шийдвэртэй холбоотойгоор эдийн засагт үүсээд байсан хөөсрөл хагарсан байж болохыг зарим эдийн засагч үгүйсгэхгүй байна.

Цаашдаа улстөрийн голлох хоёр хүчин Засгийн газрыг хамтран байгуулснаар улстөрийн тогтвортой байдал бий болж таарна. Энэ нь эргээд Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон төслүүдийг хөдөлгөөнд оруулж, эдийн засгийг тэтгэх хөшүүргүүд бий болох эхлэл ийн тавигдаж байж мэдэх юм.

Categories
гадаад мэдээ

Беххэм хүүтэйгээ осолджэ

Хөлбөмбөгийн од Дэвид Бэкхем өчигдөр өглөө хүү Бруклиний хамт автомашины осолджээ. Бэкхем Английн “Arsenal” багийн тоглолтоос 15 настай хүүгээ аваад явж байхдаа осолд орсон байна. Бэкхем, Бруклин хоёр хүнд бэртэл аваагүй гэнэ. Гэхдээ ослыг нүдээр харсан гэрчүүд Бэкхем мөрөндөө гэмтэл авсан байж магадгүй гэж жиргэцгээж байна. Түүнчлэн Бэкхемийн “Audi” автомашины жолоочийн тал нэлээд эвдэрчээ. Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байгаа гэнэ. Бэкхемийн хүү өнгөрсөн арваннэгдүгээр сард “Arsenal” хөлбөмбөгийн багтай гэрээ байгуулсан аж.

Categories
гадаад мэдээ

Сельфи саваа борлуулахыг хоригложээ

Өмнөд Солонгос улсын маш сайн зохицуулалттай нийгэм, хүмүүс нь албан ёсны бүртгэл, зөвшөөрөлтэй бүтээгдэхүүнийг худалдан авах шаардлагыг чанд дагаж мөрддөг.

Ухаалаг гар утас хэрэглээнд нэвтэрснээр хүмүүс гар утсаараа сельфи буюу өөрийн зургаа дарах нь элбэг болсон. Өмнөд Солонгосын зах зээлд сельфи саваа худалдаалагдаж эхэлсэн нь хэрэглэгчдийн таашаалд ихэд нийцжээ.

Гэтэл өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын Шинжлэх ухааны яамнаас албан ёсоор бүртгэгдээгүй энэ савааг худалдаалж буй худалдаачдыг 27000 доллараар торгох буюу 3 жил хүртэлх хугацаагаар шоронд суулгана гэсэн мэдэгдэл хийсэн байна.

Гар утсаараа зургаа авах сонирхолтой хүмүүст зориулагдсан энэ авсаархан төхөөрөмжийг борлуулахад зохицуулалт хийж байгаа нь хачирхалтай. Өмнөд Солонгосчууд энэ технологийг анх зах зээлд нэвтрэхэд маш дуртай хүлээн авсан байна. Шинжлэх Ухааны яамны албаны хүмүүс техникийн асуудлыг нь үндэслэн энэ шийдвэрийг гаргасан гэж хэлсэн тухай албаны эх сурвалж мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хүндэт харуулынхан 90жилийн ойгоо тэмдэглэж байна

Монгол Улсын төрийн болон цэргийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцох, хэв журам сахиулах, харуул хамгаалалтын гурамсан үндсэн үүрэг бүхий Зэвсэгт хүчний 032 дугаар анги бий болж, энэ өдрүүдэд түүхт 90 жилийнхээ ойг ёслол хүндэтгэлтэйгээр тэмдэглэж байна.Өнөөдөр тус ангиас Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж Ангийн захирагч, хурандаа Л.Батболд, Сүхбаатар дүүргийн Засаг даргын зөвлөх Р.Оргил, Засаг даргын орлогч Л.Нармандах, Цэргийн штабын дарга Л.Батаа тус ангийн үе үеийн ахмад дайчид болон ангийн бие бүрэлдэхүүн их цагаан сүлдэндээ хүндэтгэл үзүүлсэн юм.Мөн энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын зөвлөх Р.Оргил ангийн бие бүрэлдэхүүнд Засаг даргын мэндчилгээг хүргэж “Эх орны дөрвөн зүг найман зовхисоос эрдэм боловсрол, бие хаа, зүс царайгаараа үеийнхнээсээ шилэгдсэн залуус та бүхэн албаа нэр төртэй хаагаарай. Монгол цэргийн сүр жавхаа, хийморь цог нь болох төдийгүй бүс нутаг, тив дэлхийн зочид төлөөлөгчдөд эх орны минь нүүр царай болон учирдаг та бүхнээрээ бахархаж байгаагаа илэрхийлж байна” хэмээн Ж.Ёндонгийн нэрэмжит Цэргийн гавьяаны одонт тус ангийн бие бүрэлдэхүүнд иж бүрэн Компьютер, нөөтбүүк, дурсамж гардууллаа.

Categories
мэдээ нийгэм

Шинжээч эмч худал дүгнэлт гаргаж болдгийг Г.Алтанхүүгийн хэрэг гэрчлэв

Шүүх эмнэлгийн хэлтсийн дарга аснаасаа эхлээд шинжээч эмч нар нь худал дүгнэлт гаргаж, шүүгдэгчээр татагдсан мэдээллийг Дүүргийн хоёрдугаар прокурор Б.Баян-Очир хэллээ. Шүүхийн шинжилгээний үндэсний төв болон Шүүх эмнэлгийн хэлтсийн дарга асан Г.Дагиймааг мөрдөн байцаалтад саад учруулж, зориуд хуурамч дүгнэлт гаргасан хэргээр шүүгчдэгчээр татжээ. Мөрдөн байцаалтын явц болон прокурорын хяналтад Шүүхийн шинжилгээний үндэсний төв болон Шүүх эмнэлгийн хэлтсийн дарга асан Г.Дагиймаа тэргүүтэй тус газрын шинжээч, эмч нар нь зориудаар хуурамч дүгнэлт гаргадаг. Прокуророос Г.Дагиймаа, Б.Ундармаа, Ч.Эрдэнэболор, Д.Долгормаа, Ц.Бадамсэд, З.Хишгээ, Ж.Ганцэнгэл, Ч.Эрдэнэболор, Е.Жандос, Г.Энхбаатар, М.Отгонбаатар, М.Золжаргал нар хэмээн нэр дурьдагдлаа. Бүлэг, зохион байгуулалттай гэмээр харагдана. Г.Алтанхүү гэгч найз охиноо хэрцгийгээр зодож хөнөөсөн байтал шүүх эмнэлгээс талийгаачийг архины хордлогод орсон гэсэн дүгнэлт гаргаж нийгмийн шуугиулж байв. Гэвч Г.Алтанхүү буруутайг тогтоолоо. 2013 оны арваннэгдүгээр сарын 3-12-ны өдрүүдэд өөрийн хамтран амьдрагч эмэгтэйг зодож, олон тооны шарх сорви үлдээж, амь насыг нь бүрэлгэсэн болохыг прокуророос тогтоосон. Харин шүүхээс талийгаачийн нас барсан шалтгааныг тогтоосон шүүхийн шинжилгээний хариуд эргэлзсэн учраас мөрдөн байцаалтад буцаасан. Прокуророос дахин хянаад, талийгаачийн амь насаа алдсанд буруутай этгээд Г.Алтанхүү мөн болохыг дахин тогтоож, шүүхэд шилжүүлжээ. Энэ хэрэг Ерөнхийлөгчийн сонорт хүртэл өндөр авч, Ерөнхий прокурор дахин баг гаргаж байв. Аргаа барсан хохирогчийн ар гэрийнхэн шүүх шинжилгээний эмч Н.Энхбаяр, Н.Ганбаяр, Н.Чулуунцэцэг нарыг АТГ-т шалгуулна гэж мэдэгдэж байв. Шүүх эмнэлэг гадны нөлөөгүй гэсэн ч прокурор буруутныг тогтоолоо. Тэгвэл шүүх эмнэлгийн шинжээч эмч нар хүнд гэмтлийг хөнгөн, хөнгөн гэмтлийг хүнд болгон гаргасан хуурамч дүгнэлтийн улмаас хэдэн хүн эрүүл мэндээрээ хохирч, хэдэн хэрэгтэн ял завшсаныг шүүх тогтоох биз ээ. Эндээс шинжээч эмч нар авлигад автжээ гэсэн дүгнэлтэд энгийн иргэн ч хүрнэ. Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийн дарга М.Цэрэнбат, Ор үндэсгүй мэдээлэл. Манай эмч нар буруу дүгнэлт гаргаад илт хууль зөрчиж эрүүгийн хариуцлага хүлээсэн тохиолдол байхгүй. Манай эмч нар задланд орохын өмнө “,,,Эмч би хэрвээ буруу дүгнэлт гаргасан бол Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээнэ” гээд тангараг өргөдөг. Хоёрдугаарт шинжилгээний тогтоол гаргахын өмнө байнга хууль сануулсан байдаг. Хэрвээ ямар нэгэн худал тогтоол гаргавал ЭХ-ийн ТА-ийн 254, 255 дугаар зүйл заасны дагуу хариуцлага хүлээнэ гэдгийг бүх шинжээч эмч нарт сануулдаг” гэжээ. Эрүүгийн хууллийн 254.1.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон шүүхэд гэрч, хохирогч зориуд худал мэдүүлэг өгсөн, шинжээч зориуд худал дүгнэлт гаргасан, орчуулагч зориуд худал орчуулсан, хэлмэрч зориуд худал хэлмэрчилсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

255.1.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон шүүхэд гэрч, хохирогч мэдүүлэг өгөхөөс, шинжээч дүгнэлт гаргахаас хууль бусаар татгалзсан, зайлсхийсэн, түүнчлэн гэрч, хохирогчийг дуудагдан ирэхэд буюу үнэн зөв мэдүүлэг өгөхөд саад учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. Ингэж заажээ. Шинжээч эмч нар худал дүгнэлт гаргадаг нь шүүхээр тогтоогдвол зохион байгуулалттай, бүлэг хэрэг гэж хүндрэх үү. Торгуулаад өнгөрөх үү. Худал дүгнэлтээс болж хохирсон иргэн, ял завшсан хэрэгтэн яах вэ. Олон асуулт хариулт нэхэж байна.

Categories
мэдээ нийгэм

Сансарын нисэгч М.Ганзоригт зориулсан дурсгалын самбар босгов

Монгол Улсын сансрын нисэгч, Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор профессор М.Ганзоригт зориулсан хүндэтгэлийн самбарын нээлтийн ёслол Сансар од эрхсийн ордны “Сансар” танхимд боллоо. Энэхүү үйл ажиллагааг Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан БШУЯ, ШУА, Одон орон, геофизикийн судалгааны төв, Информатикийн хүрээлэн, “Сансар-81” ТББ хамтран зохион байгуулав. Хүндэтгэлийн самбарт түүний намтар, “Интеркосмос” сансрын хамтарсан нислэгт Монголын анхны сансрын нисгэгч, ЗХУ-ын Баатар, Монгол Улсын Баатар Ж.Гүррагчаатай гурван жилийн хугацаанд хэрхэн бэлтгэл хийж байсан тухай, Монгол Улсын шинжлэх ухаанд түүний оруулсан хувь нэмэр, Монголд анх ирж байсан АНУ-ын нисгэгч Клаев Мэйрийн хамт авахуулсан түүхэн зураг, түүний хамт олон, монгол орны газарзүйн байрлалыг сансраас авч байсан зураг зэргийг байршуулжээ. Энэхүү хүндэтгэлийн самбар нь Монгол хүн сансарт нисэхэд хэрхэн бэлтгэгдсэн, түүний хийж бүтээсэн ажил, амьдралын талаар түүхэн үйл явцыг харуулж, Сансар од эрхсийн ордныг үзэж сонирхож буй хүн бүр, хүүхэд багачуудад танин мэдэхүйн өргөн мэдлэг олгож буйгаараа онцлогтой. Мөн түүний 30 гаруй жилийн хугацаанд туурвиж байсан эрдмийн бүтээл, туурвилын дээжсийг дэлгэжээ.

Categories
мэдээ улс-төр

Энэтхэг, Монголын зөвлөлдөх уулзалт болов

Монгол-Энэтхэгийн Гадаад харилцааны яам хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалт 11 дүгээр сарын 27-ны өдөр Шинэ Дели хотноо болов. Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Монгол Улсын Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Ч.Баярмөнх, энэтхэгийн талаас тус улсын Гадаад хэргийн яамны Зүүн Азийн газрын захирал Прадип Кумар Рават нар тэргүүлж оролцов. Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд өөрийн орны улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал хийгээд гадаад бодлогын тэргүүлэх зорилтын талаар мэдээлэл солилцов. Түүнчлэн Монгол, Энэтхэгийн иж бүрэн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцлоо. Дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, тогтмолжуулах нь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой ач холбогдолтойг талууд онцлон тэмдэглэж, 2015 онд тохиож байгаа Монголын ардчиллын 25 жилийн ой болон хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэхээр тогтов. Дэлхийн хамгийн том ардчилсан орон болох Энэтхэг Улс Монголын ардчиллыг эхнээс нь дэмжиж ирсэн бөгөөд цаашид ч дэмжин ажиллахаа илэрхийлэв.Зөвлөлдөх уулзалтын үеэр монголын төлөөлөгчид Энэтхэгийн ГХЯ-ны Зүүн Ази хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Анил Вадхватай уулзаж хоёр орны харилцааны асуудлааар ярилцав.

Categories
мэдээ нийгэм

Шагайн харваа ЮНЕСКО-д бүртгэлтэй боллоо

Монголчуудын эртнээс наадаж ирсэн шагайн харвааг НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО) албан ёсоор бүртгэж авчээ.

Францын Парис хотод энэ сарын 24-28-нд тус байгууллагын Соёлын биет бус өвийн конвенцийн Засгийн газар хоорондын Есдүгээр ээлжит хуралдаан болсон бөгөөд манай улсаас нэр дэвшүүлсэн шагайн харвааг дийлэнхийн саналаар бүртгэсэн байна.

ЮНЕСКО шагайн харвааг хадгалж хамгаалах талаар тодорхой стратеги боловсруулж, хөгжүүлж олонд таниулах талаар Монгол Улсын Засгийн газарт зөвлөмж хүргүүлжээ. Шагайн харваа нь ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд Монгол Улсын бүртгүүлсэн 12 дахь өв болж байгаа аж.

Засгийн газар хоорондын хорооны хуралдаанд Монголыг төлөөлж Элчин сайд, Байнгын төлөөлөгч М.Батсайхан тэргүүтэй төлөөлөгчид болох ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан, Элчин зөвлөх Д.Далайжаргал, Хөшөө дурсгал хамгаалах монголын нийгэмлэгийн ЕНБД Н.Уртнасан, ССАЖЯ-ны харъяа Соёлын өвийн төвийн Биет бус соёлын өвийн мэргэжилтэн А.Саруул нар оролцов. – See more at: http://mobile.time.mn/mcontent/51660.shtml?s=society#sthash.cD5b2W8M.dpuf

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан аян өрнөж байна

Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвөөс “Нийгмийн халамжинд хамрагсад болон эмзэг,ядуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах сарын аян”-ныг зохион байгуулж байна. Энэ аяны хүрээнд олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан тус төвийн эмч мэргэжилтнүүд Сүхбаатар дүүргийн сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй багш, сурагчдыг жрүүл мэндийн иж бүрэн шинжилгээнд хамруулан, урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгууллаа. Мөн тус дүүргийн харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургуулийн сурагчдад амны хөндийн үзлэг хийж, эмчилгээ хийж байна. “Нийгмийн халамжинд хамрагсад болон эмзэг,ядуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах сарын аян”-ны хүрээнд дүүргийн Халамжийн газартай хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асран хамгаалагч болон ар гэрийнхэнд “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг сэргээн засахад гэр бүлийн оролцоо”, “Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт үзүүлдэг эмийн жагсаалтыг гарган иргэдэд мэдээлэх” сургалтыг тус тус зохион байгуулжээ.