Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл орон нутгийн удирдлагатай хамтран ажиллах гэрээ байгууллаа

Аймаг, нийслэлийн засаг дарга нар Эрүүл мэндийн сайдтай гэрээ байгууллаа Засгийн газрын гишүүд өнөөдөр аймаг, нийслэлийн Засаг дарга нартай гэрээ байгуулж, цаашдын хамтын ажиллагаагаа баталгаажууллаа.

Аймаг, нийслэлийн Засаг дарга нар Эрүүл мэндийн сайдтай гэрээ байгуулснаар эрүүл мэндийн хууль тогтоомж, УИХ, ЗГ-ын шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангах, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэгш хүртээмжтэй, чанартай үзүүлэх Засгийн газрын чиг үүргийг нийслэл, орон нутагтаа төлөөлөн хэрэгжүүлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Ази, номхон далайн бүсийн дэд дарга Мартин Фаллерийг хүлээн авч уулзлаа

Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян өнөөдөр Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Ази, номхон далайн бүсийн дэд дарга Мартин Фаллерийг хүлээн авч уулзлаа.

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян уулзалтын эхэнд, Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэг, Монголын Улаанзагалмай нийгэмлэг гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр сургалт, сурталчилгаа зохион байгуулах, зорилтот бүлэгт хүмүүнлэгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд хамтарч ажилладагт талархалаа илэрхийлсэн юм. Мөн энэ жил өвөлжилт, хаваржилтыг хохирол багатай даван туулахад зориулж Монголын Улаан Загалмай нийгэмлэгээс Олон Улсын Улаан Загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны санхүүжилтээр 15 мянган боодол өвс худалдан авч Өвөрхангай, Төв аймгийн нийт 13 сумын малчин өрхүүдэд хүргэсэн тусламж болон Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Улаан загалмайн дэмжлэгтэйгээр “Цаг уурын урьдчилсан мэдээнд тулгуурласан санхүүжилт олгох хөтөлбөр”-ийн хүрээнд 12 аймгийн 40 сумын нийт 2000 малчин өрх тус бүрт 240.0 мянган төгрөгийн бэлэн мөнгөний тусламж үзүүлж, малын эрдэс, тэжээлийг ард иргэдэд хүргэж ажилласныг онцлон тэмдэглэлээ.

Харин Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Ази, номхон далайн бүсийн дэд дарга Мартин Фаллер, Монголын Улаанзагалмай нийгэмлэг энэ жил “Цаг уурын урьдчилан мэдээнд тулгуурласан санхүүжилт олгох хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, эрсдэл болохоос урьдчилан сэргийлэх тусламжийг хүргэн ажиллаж байгаа нь Азидаа анхдагч байгууллага болж байгааг онцолсон юм.

Мөн уулзалтын үеэр хоёр тал цаашид зөвхөн зудын гамшиг гэлтгүй монгол оронд дийлэнх тохиолддог үер, хүчтэй цасан болон шороон шуурга, газар хөдлөлт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр хамтарч ажиллах тал дээр санал нэг байгаагаа илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

“Гандан”-гийн шар тостой боов хэмээн хуурамч шошго нааж иргэдийг төөрөгдүүлжээ

ЗурагНМХГ энэ сарын 16-наас 9 дүүргийн Худалдааны төв, зах, сүлжээ дэлгүүр, нийтийн хоолны газруудад шалгалт хийснээ сэтгүүлчдэд мэдээллээ.

Нийт 138 аж ахуйн нэгж, 239 иргэнийг хамруулсан шалгалтаар 328 зөрчил илрүүлж, 204 зөрчлийг газар дээр нь арилгуулжээ.

“Жигд хүч”, “ОАСИ”, “Баян тэнгис”, “Дархан хан хоршоо” ХХК, 6 аж ахуйн нэгж, Хувиараа бизнес эрхлэгч Н.Ганболд, А.Өлзийбаяр, А.Ариунбаяр нарын 14 иргэнд 7 сая 600 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ.

Хяналт шалгалтын үеэр хүнсний сүлжээний үе шат бүхэнд үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадал нэвтрүүлээгүй, дотоодын хяналт муу, үйлдвэрлэлийн технологийн горимд хяналт тавьдаггүй, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтөлдөггүй, мал амьтны гаралтай бүтээгдэхүүн нь хадгалалт, шошгын стандартын шаардлага хангаагүй, тээвэрлэлтийн горим алдагдсан, худалдаа үйлчилгээ эрхэлж буй ажилтнууд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамраагүй зөрчил нийтлэг байв.

НМХГ-ын байцаагч Ц.Булган “ Жил бүр нийтийг хамарсан томоохон баяр наадмын өмнө ард иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс хяналт шалгалт явуулдаг.Энэ жилийн сар шинийн баярын өмнөх шалгалтаас харахад зөрчил харьцангүй буурсан” гэлээ.

Мөн НМХГ-ын Экспорт,импортын хяналтын хэлтсээс хотын хэмжээнд хяналт шалгалт явуулсан бөгөөд энэ сарын 30-ны өдрийн байдлаар 576 Аж ахуйн нэгжийн 19.600 тонн бараа бүтээгдэхүүнээс цөөнгүй зөрчил илрүүлснийг дурдав.


Тус газрын байцаагч Д.Цэнд-Аюушын хэлснээр ХХААХҮЯ, Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газар, Хүнсчдийн холбоотой хамтарч нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаалж буй шингэн сүүний чанар аюулгүйн байдалд шалгалт хийсэн.

17 цэгээс авсан 16 дээжийг нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төв лабораторит шинжлэхэд 5 нь шаардлага хангаагүй. Зарим иргэд “Гандан”-гийн шар тостой боов хэмээн хуурамч шошго нааж иргэдийг төөрөгдүүлсэн явдлыг ч илрүүлэв.

НМХГ-ын улсын ахлах байцаагч О.Нямдаваа, “Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын чиглэлээр хийсэн лабораторийн шинжилгээгээр импортоор орж ирдэг хар чавганаас хортон шавьж илэрсэн, шаардлага хангаагүй 7 кг хар чавгыг хурааж устгасан.Мөн гэрийн нөхцөлд хийсэн бүтээгдэхүүндээ “Urbanik”, “Bagro” брэндийн шошготой саванд хийн зарж байсан. .Хуурамч, тодорхойгүй хаяг шошго наасан, ил задгай сүү, сүүн бүтээгдэхүүн илэрснийг анхууруулав.

Categories
мэдээ спорт

УИХ-ын гишүүд спортын салбарын төлөөлөлтэй нээлттэй хэлэлцүүлэг хийв

УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, тус байнгын хорооны гишүүн Д.Гантулга, Г.Мөнхцэцэг, Б.Ундармаа, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нар өнөөдөр спортын салбарын төлөөллийг хүлээн авч уулзан, нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.Хэлэлцүүлэгт Биеийн тамир, спортын газар, Монголын олимпийн хороо, мэргэжлийн үндэсний холбоод болон спортын асуудал хариуцсан бусад төрийн бус байгууллагын 80 гаруй төлөөлөл оролцов.Хэлэлцүүлгийн эхэнд Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг хэлсэн үгэндээ “Монгол Улсын Их Хурал биеийн тамир, спортын салбарын эрх зүйн орчныг шинэчлэн, боловсронгуй болгох талаар өнгөрсөн хугацаанд онцгой анхаарч ажиллалаа. Тухайлбал, Улсын Их Хурал 2017 оны долдугаар сарын 06-ны өдөр Биеийн тамир, спортын тухай хуулийг шинэчлэн найруулж, баталсан билээ. Энэ оноос эхлэн хууль хэрэгжиж эхэлж байгаа тул шинээр батлагдсан хууль, тогтоомжийг сурталчлан таниулах, олны хүртээл болгох ажилд Та бүхний дэмжлэг, туслалцаа шаардлагатай байгааг энд онцлон тэмдэглэмээр байна.

Салбарын бодлого, шийдвэрийн талаарх та бүхний санаа, бодлыг сонсох зорилгоор Байнгын хорооны зүгээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран энэхүү уулзалтыг зохион байгуулж байна.Спортын салбарын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих талаар болон тус салбарт тулгамдаж байгаа асуудлууд, гарц, шийдлийн талаар өөрсдийн санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг хүсье” гэлээ.Дараа нь БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа үг хэлэв. Тэрбээр, “Төрөөс биеийн тамир, спортын талаар авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг шинэ шатанд гаргах шаардлагатай байна. БСШУС-ын яамны дэргэд болон дотор ажиллаж байгаа бүтэц өнөөдрийн шаардлагын түвшинд хүрч ажиллаж чадахгүй байгаа. Салбарын асуудлыг бүтцийн хувьд хэрхэн өөрчилж, шинэчлэх тал дээр бид хамтран ажиллах ёстой” хэмээн онцлон хэлэв.Хэлэлцүүлгийн үед салбарын төлөөллүүд тулгамдаж буй асуудал, санал бодлоосоо хуваалцсан юм. Тухайлбал, Монголын парахөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Б.Батдорж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан спортын цогцолбор барих асуудал удааширч байгааг уламжилсан юм. Мөн Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Б.Баттулга биеийн тамирын багш, дасгалжуулагч нарын цалин хөлсний асуудлыг анхааралдаа авахыг хүслээ. Түүнчлэн Монголын мастеруудын биеийн тамир, спортын хорооны тэргүүн Ч.Наранбаатар, спортын шинжлэх ухаан, судалгааны төвийг байгуулах саналтай байгаагаа илэрхийлж, шинэ спортын төв ордон барихад Байнгын хорооны зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүссэн.Мөн спортын танхим барихад стандартад нийцсэн агааржуулалт, халаалтын системээр тоноглох асуудлыг журамлах, биеийн тамирын гадаа талбайг тохижуулах, гудамж, хороололд биеийн тамирын орчин бүрдүүлэх, тусгай хүүхдүүдэд зориулсан биеийн тамир, спортын хэрэгсэлтэй болох зэрэг саналууд гарч байлаа.БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж гарах журмууд дээр санаа бодлоо хуваалцаж, хамтран ажиллахыг хүслээ.Хэлэлцүүлгийн төгсгөлд Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг “Та бүхний гаргасан санал, санаачилгыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос байнга дэмжиж, хамтран ажиллах болно” гэж хэллээ

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга М.Энхболд цагаан идээг тогтмол хэрэглэж хэвшихийг байгууллага, аж ахуйн нэгж, нийт иргэдэд уриаллаа

м.энхболд зурган илэрцүүд-Аж ахуйн нэгж, байгууллага, айл өрх, ард иргэд ээ-

Монгол Улсын Хүнсний тухай хуульд монгол хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай хүнсний бүтээгдэхүүн сүүг стратегийн хүнсэнд тооцож, Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогын баримт бичигт хүн амын буруу дадал, зуршлыг бууруулж, эрүүл амьдралын хэвшлийг төлөвшүүлэх, үр ашигтай, хэмнэлттэй байх зарчмыг бүх салбарт чанд баримтлах зорилт тавьжээ.

Өдгөөгөөс нэгэн зууны тэртээ 1918 онд хийсэн судалгаагаар монголчуудын хоол хүнсний 55.0 хувийг сүү, цагаан идээ эзэлж байсныг тогтоосон байдаг.

Хүн амын дийлэнх хот, суурин газарт шилжин үндэсний уламжлалт хоол хүнсний дадал зуршил өөрчлөгдөж, чихэр, хийжүүлсэн ундааны хэрэглээ эрс нэмэгдэн сүү, цагаан идээний хэрэглээ буурсаар байна. Тухайлбал, Гаалийн ерөнхий газрын 2012-2017 оны мэдээгээр жилд дунджаар 21.3 сая ам.долларын үнэ бүхий 10.6 мянган тонн хатуу чихэр, чихэр орлуулагчаар хийсэн бусад амттанг импортоор авч хэрэглэжээ.

Энэ үзүүлэлт жил ирэх тусам нэмэгдэж, хүн амын дунд хоол боловсруулах, зүрх-судасны тогтолцооны өвчний суурь болж байна. Эрүүл мэндийн салбарын 2016 оны судалгаагаар сүүлийн 10 жилийн хугацаанд хоол боловсруулах тогтолцооны өвчин 55.2 хувиар, зүрх-судасны тогтолцооны өвчин 74.4 хувиар тус тус өсчээ. Түүнчлэн “Эрүүл хүүхэд” аяны хүрээнд 2012 онд хийсэн судалгаагаар шүдний өвчний тархалт 6-8 настнуудын хувьд 85 хувьтай, олон улсын жишиг үзүүлэлт болох 12 настнуудын хувьд 94 хувьтай байна.

Хүнсний зохисгүй хэрэглээ нь нэг талаас цагаан идээний үнэ, үйлдвэрлэлийн чанар, стандарт, аюулгүй байдал, нийлүүлэлт, нөгөө талаас иргэдийн буруу дадал зуршил, зохистой хүнсний хэрэглээний мэдлэг хангалтгүй байгаатай тус тус холбоотой гэж үзэж байна. Сүү, сүүн бүтээгдэхүүн нь агаар, орчны бохирдлоос үүссэн болон бусад хордлогыг тайлах, хүүхдийн өсөлт, эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөгийг судлаачид онцолж байна.

Тиймээс Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Мах, сүүний анхдугаар аян”-ы ажлыг эрчимжүүлэх, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” уриалга, зорилтоо бодит үр дүнд хүргэх тал дээр онцгой анхаарах нь зүйтэй.

Миний бие Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, Улсын Их Хурлын дарга, төрд түмнээ төлөөлж буй түшээгийн хувьд монгол хүний хоол хүнсний аюулгүй байдлыг хангах, үндэсний уламжлалт сүү, цагаан идээний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх нь нэн чухал болоод байгааг эш болгон энэхүү уриалгыг Та бүхэндээ хүргүүлж байна.

Цагаан сарын баяр дөхөж байгаатай холбогдуулан үндэсний уламжлалт цагаан идээг тогтмол хэрэглэж хэвшихийг байгууллага, аж ахуйн нэгж, нийт иргэдэд уриалж байна.

Цаашид албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд идээний тавгаа уламжлалт цагаан идээгээр засч хэвших, өдөр тутам цагаан идээг түлхүү хэрэглэж занших нь иргэдийн эрүүл мэндэд төдийгүй улс орны эдийн засгийн хөгжил, үндэсний үйлдвэрлэлд ихээхэн дэмжлэг үзүүлж, хүн амын суурьшлын төвлөрлийг сааруулж, улмаар ажлын байр нэмэгдэж, иргэд тогтвортой орлоготой болох эх үүсвэр баталгаажих болно. Ариун цагаан сүү, амтат цагаан идээгээ хэрэглэцгээе.


Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга М.Энхболд сүү, цагаан идээ борлуулж байгаа малчидтай уулзаж, худалдаа хийлээ

Улсын Их Хурлын дарга М.Энхболд Тусгаар тогтнолын талбайд сүү, цагаан идээний үзэсгэлэн, худалдаа зохион байгуулж буй Архангай аймгийн малчид дээр өнөөдөр очиж, үзэсгэлэн, худалдааг үзэж сонирхохын зэрэгцээ малчидтай ярилцаж, санал бодлоо солилцлоо.УИХ-ын дарга М.Энхболд энэ үеэр орон нутагт өвөлжилт ямар байгааг асууж лавлан, сүү, цагаан идээний чанар, үнэ өртөг, борлуулалтын талаар тодруулж байлаа.Архангай аймгийн бүх сумдаас 300 гаруй малчид 320 тонн цагаан идээтэй нийслэлд иржээ. Гурав дахь жилдээ зохион байгуулж буй цагаан идээний үзэсгэлэн, худалдаанд оролцож байгаа малчид жил ирэх бүр бүтээгдэхүүнийхээ савлагааг сайжруулан, үнэ өртгийн хувьд боломжийн, эко бүтээгдэхүүнийг нийслэлчүүдийн сар шинийн баярын хэрэгцээнд зориулж худалдаалж буй талаараа УИХ-ын даргад хэлсэн. Мөн бүх бараа бүтээгдэхүүндээ Мэргэжлийн хяналтын байгууллагаар шинжилгээ хийлгүүлсэн, чанартай сүү цагаан идээ борлуулж байна хэмээлээ.Үзэсгэлэн худалдааг үзэж, малчидтай ярилцсаныхаа дараа УИХ-ын дарга М.Энхболд хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа, үндэсний уламжлалт үйлдвэрлэл болсон, хүний эрүүл мэндэд үзүүлэх ач холбогдлыг тоочоод баршгүй цагаан идээгээ өргөн дэлгэр хэрэглэх уриалга гаргасан талаараа дурьдав.Тэрбээр “Сүү, цагаан идээний хэрэглээ, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгаа. Хүний биед кальцийн дутагдлыг нөхөж, дархлааг хамгийн сайн тогтоож өгдөг сүү, цагаан идээний хэрэглээгээ нэмэгдүүлж, төр засгаас үйлдвэрлэлийг дэмжих уриалгыг миний бие гаргасан. Энэ уриалгыг минь олон түмэн сайхан хүлээж авч байна.Сүү нь Монгол Улсын хуулиар стратегийн бүтээгдэхүүн учраас үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан ажлыг бодитой хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээг цаашид тогтмол зохион байгуулна. Ирэх 2019 оноос үйлдвэрлэлийг дэмжих, нэмэгдүүлэх бодлого явуулна. Ингэж байж хэрэглээгээ нэмэгдүүлэх, гадаадын импортыг тодорхой хэмжээнд хязгаарлах боломж бүрдэх юм.Бидний өвөг дээдсийн хүнсний хэрэглээний 55 хувь цагаан идээ байсан тухай 1918 оны судалгаа байдаг юм билээ. Монголчуудыг яс, бие сайтай гэдэг нь энэ хэрэглээтэй холбоотой байсан болов уу.Хүний эрүүл мэнд хэрэглэж байгаа хүнснээсээ шалтгаалдаг учир уламжлалт сүү, цагаан идээгээ нийтээрээ өргөн дэлгэр хэрэглэхийг уриалж байна” хэмээв.Үзэсгэлэн, худалдааг сонирхох үеэрээ УИХ-ын дарга М.Энхболд сар шинийн баярын цагаан идээгээ худалдан авлаа.УИХ-ын даргыг дагалдан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ажиллав.Энэ үеэр малчид “Сүү, цагаан идээний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх талаар сайхан санаачилга гаргасан УИХ-ын дарга М.Энхболдод талархаж байна. Сүү, цагаан идээ хэрэглэж хэвших нь хүн амын эрүүл мэндэд хэрэгтэйгээс гадна малчид, мал аж ахуйг дэмжиж байгаа том хөрөнгө оруулалт юм” хэмээн санал, бодлоо илэрхийллээ

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны дарга, гишүүд спортын салбарын төлөөлөлтэй нээлттэй хэлэлцүүлэг хийв

УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, тус байнгын хорооны гишүүн Д.Гантулга, Г.Мөнхцэцэг, Б.Ундармаа, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нар өнөөдөр (2018.01.31) спортын салбарын төлөөллийг хүлээн авч уулзан, нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Биеийн тамир, спортын газар, Монголын олимпийн хороо, мэргэжлийн үндэсний холбоод болон спортын асуудал хариуцсан бусад төрийн бус байгууллагын 80 гаруй төлөөлөл оролцов.

Хэлэлцүүлгийн эхэнд Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг хэлсэн үгэндээ “Монгол Улсын Их Хурал биеийн тамир, спортын салбарын эрх зүйн орчныг шинэчлэн, боловсронгуй болгох талаар өнгөрсөн хугацаанд онцгой анхаарч ажиллалаа. Тухайлбал, Улсын Их Хурал 2017 оны долдугаар сарын 06-ны өдөр Биеийн тамир, спортын тухай хуулийг шинэчлэн найруулж, баталсан билээ. Энэ оноос эхлэн хууль хэрэгжиж эхэлж байгаа тул шинээр батлагдсан хууль, тогтоомжийг сурталчлан таниулах, олны хүртээл болгох ажилд Та бүхний дэмжлэг, туслалцаа шаардлагатай байгааг энд онцлон тэмдэглэмээр байна.

Салбарын бодлого, шийдвэрийн талаарх та бүхний санаа, бодлыг сонсох зорилгоор Байнгын хорооны зүгээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран энэхүү уулзалтыг зохион байгуулж байна.

Спортын салбарын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих талаар болон тус салбарт тулгамдаж байгаа асуудлууд, гарц, шийдлийн талаар өөрсдийн санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг хүсье” гэлээ. Дараа нь БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа үг хэлэв. Тэрбээр, “Төрөөс биеийн тамир, спортын талаар авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг шинэ шатанд гаргах шаардлагатай байна. БСШУС-ын яамны дэргэд болон дотор ажиллаж байгаа бүтэц өнөөдрийн шаардлагын түвшинд хүрч ажиллаж чадахгүй байгаа. Салбарын асуудлыг бүтцийн хувьд хэрхэн өөрчилж, шинэчлэх тал дээр бид хамтран ажиллах ёстой” хэмээн онцлон хэлэв. Хэлэлцүүлгийн үед салбарын төлөөллүүд тулгамдаж буй асуудал, санал бодлоосоо хуваалцсан юм. Тухайлбал, Монголын парахөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Б.Батдорж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан спортын цогцолбор барих асуудал удааширч байгааг уламжилсан юм. Мөн Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Б.Баттулга биеийн тамирын багш, дасгалжуулагч нарын цалин хөлсний асуудлыг анхааралдаа авахыг хүслээ. Түүнчлэн Монголын мастеруудын биеийн тамир, спортын хорооны тэргүүн Ч.Наранбаатар, спортын шинжлэх ухаан, судалгааны төвийг байгуулах саналтай байгаагаа илэрхийлж, шинэ спортын төв ордон барихад Байнгын хорооны зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Мөн спортын танхим барихад стандартад нийцсэн агааржуулалт, халаалтын системээр тоноглох асуудлыг журамлах, биеийн тамирын гадаа талбайг тохижуулах, гудамж, хороололд биеийн тамирын орчин бүрдүүлэх, тусгай хүүхдүүдэд зориулсан биеийн тамир, спортын хэрэгсэлтэй болох зэрэг саналууд гарч байлаа.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж гарах журмууд дээр санаа бодлоо хуваалцаж, хамтран ажиллахыг хүслээ.

Хэлэлцүүлгийн төгсгөлд Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг “Та бүхний гаргасан санал, санаачилгыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос байнга дэмжиж, хамтран ажиллах болно” гэж хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Хууль зүйн байнгын хороо гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2018.01.31) хуралдаан 10 цаг 47 минутад 61.1 хувийн ирцтэйгээр эхэлж гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 16 дахь илтгэлийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Тус байнгын хорооны 2017 оны аравдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа илтгэлийн талаар хэлэлцсэн бөгөөд Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж энэ талаар танилцуулсан юм. Өнөөдрийн хуралдааны эхэнд дээрх илтгэлтэй холбогдуулан Хүний эрхийн үндэсний комиссын удирдлагуудаас Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан, Б.Пүрэвдорж, Ж.Ганбаатар, О.Баасанхүү, Л.Болд нар асуулт асууж 16 дахь илтгэлд дурдагдсан зарим зүйлийг тодруулав. Монгол Улсын Их Хурлаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт, шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодын ажлын хэсгийг байгуулсан талаар Ш.Раднаасэд дарга танилцууллаа. Ажлын хэсэг олон газар ажиллаж, бодит нөхцөл байдалтай танилцсан бөгөөд Байнгын хорооны тогтоолын төсөлд Ажлын хэсгээс гаргасан саналуудыг тусгасан гэв.

Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан манай оронд ажлын байран дахь бэлгийн дарамт, хүчирхийллийн нөхцөл байдал өнөөдөр ямар байгаа талаар болон үүнээс сэргийлэх, энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой эрх зүйн зохицуулалтын талаар лавласны дагуу Хүний эрхийн үндэсний комиссын дарга Б.Бямбадорж хариулт өглөө. Тэрбээр ажлын байран дахь дарамт олон янз байгаа талаар судалгаанаас үзэж болно гэдгийг хэлээд “Ажлын байран дахь бэлгийн дарамт гэдгийн цаад үр дагавар нь монголчууд эмэгтэйчүүд, тэр дундаа залуу бүсгүйчүүдэд хандах суурь хандлага сөрөг болж байгааг анхаарах ёстой. Ажлын байр зарлахдаа нас, хүйс, нуруу, төрхийг тодорхойлон шалгуур болгож байгаа нь ажлын байран дахь бэлгийн дарамт, хүчирхийлэл үүсэх шалтгаан болдог” гэдгийг онцоллоо. Энэ төрлийн гэмт хэргийг шалгах, тогтоох нэн төвөгтэй байдаг бөгөөд үүнийг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт дутмаг байдаг талаар тус комиссын гишүүн П.Оюунчимэг тайлбарласан юм. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж буй Байнгын хорооны тогтоолын төсөлд “… Хөдөлмөрийн харилцааны суурь зарчим, ажилтны үндсэн эрх, зарим нэр томьёог Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хөдөлмөрийн конвенц, зөвлөмж, нийгэм, эдийн засгийн өнөөгийн чиг хандлагад нийцүүлэн Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх…” хэмээн тусгагдсан байгаа учир хүний хөдөлмөрлөх эрхийг хэрэгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ хэмээн үзэж байгаагаа Б.Бямбадорж дарга хэллээ. Мөн тэрбээр 16 дахь илтгэлийн дөрөвдүгээр бүлэгт Монгол Улс дахь эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилтийн талаарх тайлан байгааг хэлээд Монгол Улсын Засгийн газар Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц, түүний Нэмэлт протоколоор олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизм болон эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хараат бусаар, үр дүнтэй мөрдөн шалгах бие даасан байгууллагыг нэн даруй байгуулах ёстой. Үүн дээр Улсын Их Хурал анхаарч ажиллах шаардлага бий гэдгийг хэллээ. Гишүүд ийнхүү асуулт асууж, тодруулга хийсний дараа тогтоолын төсөлтэй холбогдуулан санал хэллээ. “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл”-ийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай Байнгын хорооны энэхүү тогтоол нь хүний эрхийг хангах чиглэлээр асуудлуудыг шийдвэрлэхэд нийгмийн, бүх нийтийн анхаарлыг төвлөрүүлэхүйц хэмжээний ач холбогдолтой гэдгийг гишүүд тэмдэглэв. Түүнчлэн Хууль зүйн байнгын хорооны хүний эрх, эрх чөлөөний баталгаа, өршөөл, цагаачлал, иргэний харьяаллын асуудлыг дагнан хариуцаж бодлогын баримт бичиг, асуудал боловсруулах буюу санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, түүнчлэн хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх эрх бүхий Хүний эрхийн дэд хорооны үйл ажиллагаатай холбоотой тодорхой саналуудыг хэллээ. Ийнхүү хүүхдийн эрх, хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийг хангах чиглэлээр авах харга хэмжээнүүд болон жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомжийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т чиглэл өгсөн Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь тогтоолыг батлахыг дэмжлээ. Дараа нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил хянан шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. Улсын Их Хурлаас 2008 онд баталсан Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуулийн үйлчлэл 2012 онд дууссан. Иймд иргэд банкин дахь хадгаламжаа татах, банкны салбарт хямрал үүсэхээс сэргийлэх, банкин дахь иргэдийн хадгалмжийг хамгаалах эрх зүйн зохицуулалт бий болгох шаардлагаар 2013 онд Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг Улсын Их Хурал баталсан байна. Банкны хууль эрх зүйн орчин шинэчлэгдэж байгаа, олон улсын хадгаламжийн даатгагчдын холбооны хадгаламжийн даатгалын үр нөлөөтэй тогтолцооны үндсэн зарчимд нийцүүлэн Хадгаламжийн даатгалын корпорацийн засаглал, сангийн зарцуулалт, даатгалын хамрах хүрээ, хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгох харилцааг боловсронгуй болгохоор Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах шаардлага үүссэн гэлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил хянан шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн боловсруулсан байна.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар Хадгаламжийн даатгалын корпорацийн үйл ажиллагааны талаар болон хэлэлцэж буй төслийн хүрээнд үйл ажиллагаанд нь ямар өөрчлөлт орох талаар тодруулав. Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооноос тогтоосон хувь хэмжээний дагуу банкууд эхлэлтийн хураамж, онцгой хураамж, улирлын хураамж гэж гурван төрлийн хураамж төлдөг. Эхлэлтийн хураамжийг анх банк байгуулагдах үедээ нэг удаа төлдөг бол онцгой хураамж төвлөрүүлсэн тохиолдол одоогоор гараагүй. Банкууд улирал бүр өөрт төвлөрсөн хадгаламжийн мөнгөн дүнд үндэслэн улирлын хураамж төлж буй. Энэ эх үүсвэрээс бүрдсэн хөрөнгө нь өнөөдрийн байдлаар 337 тэрбум төгрөг байгаа бөгөөд энэ нь сангийн хөрөнгийн эх үүсвэр гэдгийг Хадгаламжийн даатгалын корпорацийн захирал Х.Бум-Эрдэнэ хэллээ. Хөрөнгийн зохицуулалтыг холбогдох хуулиар хийдэг гэдгийг тэрбээр тайлбарлаад “Хадгаламжийн даатгалын корпораци нь банкууд руу хандсан үйл ажиллагаа явуулахгүй. Зөвхөн хураамж цуглуулахтай холбоотой мэдээллийг шалгах үүднээс банкуудад шалгалт хийх эрх зүйн зохицуулалтыг төсөлд тусгасан” гэв. Зах зээлд чөлөөт өрсөлдөөн явуулах нөхцлийг бүрдүүлэх нь зүйтэй тул арилжааны банкуудын үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтын тоог нэмэгдүүлэхийг дэмжихгүй байгаагаа Ж.Ганбаатар гишүүн илэрхийлсэн. Ийнхүү төслүүдийн талаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. уралдааны төгсгөлд Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох асуудлыг хэлэлцэн, Улсын Их Хурлын гишүүн Л.Болдыг томиллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлцээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2018.01.31) Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Цаг үе, нийгмийн хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцсэн, аливаа зөрчил, хийдэлгүй байх нийтлэг зарчимд тулгуурлан Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллага (цаашид “ФАТФ” гэх)-ын зөвлөмжүүдэд нийцүүлэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах дараахь зайлшгүй практик шаардлагууд үүсч байгаа аж. Үүнд:

-Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албаны эрх зүйн байдал, үйл ажиллагааны чадамжийг бэхжүүлэх;

-Санхүүгийн үйлчилгээний хөгжил, техник технологийн өөрчлөлтөд нийцүүлэн “мэдээлэх үүрэгтэй этгээд”-ийн хүрээг өргөжүүлэх, тэдгээртэй холбоотой зохицуулалтыг нийцүүлэх;

-Мэдээлэх үүрэгтэй этгээдэд тавих хяналт шалгалтын тогтолцоог эрсдэлд суурилсан хэлбэрт оруулах нөхцөлийг бүрдүүлэх;

-Эдийн засгийн харилцаанд орж байгаа аливаа хөрөнгийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг үнэн зөв, бодитоор бүртгэх тогтолцоог бүртгэлийн байгууллагаар дамжуулан хэрэгжүүлэх;

-Хууль зөрчсөн хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог сайжруулах;

-НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан хориг арга хэмжээг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох;

-Терроризмыг санхүүжүүлэхээс гадна үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх зохицуулалтыг тусгах;

-Хамтын ажиллагааны зөвлөлөөс гадна Засгийн газрын түвшний Үндэсний зөвлөлийн талаарх зохицуулалтууд зэргийг хуулийн төсөлд тусгажээ. Хуулийн төсөл батлагдсанаар дараахь эерэг үр дүн гарах юм байна. Үүнд:

-Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль, эрх зүйн орчин боловсронгуй болно;

-Монгол Улс олон улсад хүлээсэн үүргээ биелүүлж, дотоодын хууль тогтоомжийг ФАТФ-ын 40 зөвлөмжид нийцүүлэх алхамд ахиц гарна;

-Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал, санхүүгийн салбарт сөрөг нөлөө үзүүлэх хориг арга хэмжээг олон улсаас авч хэрэгжүүлэх эрсдэлээс урьдчилан сэргийлнэ;

-Санхүүгийн мэдээллийн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоо сайжирна;

-Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх хариуцлагын тогтолцоо сайжирна;

-Хуулийн хэрэгжилт сайжирч, холбогдох байгууллагын хамтын ажиллагаа бэхжин, үйл ажиллагааны чадавх дээшилнэ гэж хууль санаачлагч үзэж байгаа аж.

Уг хуулийн төсөл батлагдсанаар хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор улсын төсөвт ачаалал үүсэхгүй юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Сайд Д.Сумьяабазар засаг дарга нартай хамтран ажиллах гэрээ хийв

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар 2018 онд аймаг, нийслэлийн Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.Уг гэрээ нь шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлж, орон нутгийн удирдлагын бүх шатны байгууллагад ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгах зорилготой бөгөөд улирал тутамд дүгнэж байхаар сайд чиглэл гаргаад байгаа юм. Мөн гэрээг байгуулснаар Засаг дарга нартай хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хамтран ажиллах, харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, үр дүнг нь үнэлж дүгнэх, иргэдэд хүргэх, төрийн болон нийгмийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлнэ.Д.Сумъяабазар сайд ажлаа авсан цагаасаа сахилга хариуцлагыг бүх шатанд чангатган, сайжруулах хүрээнд ажиллаж буй билээ. Ингэснээр иргэддээ хүнд суртал, чирэгдэлгүй үйлчилдэг, иргэдээ сонсдог, асуудлыг нь богино хугацаанд шийдвэрлэж хариу өгдөг чадвартай болгох зорилготой юм.