Categories
арын-нүүр мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Дадал DNN.mn

Тамирчид нэг дасгал хөдөлгөөнөө өдөр бүр, тогтмол хийдэг нь дадал болгох зорилготой юм. Үндэсний бөх, чөлөөт бөх, жүдогийнхон хэдхэн мэхээ өдөр болгон давтдаг. Нэг мэхийг 10-12 мянган удаа давтаж байж дархан мэх болдог гэж ярихыг бөхчүүдийн амнаас олонтаа сонссон. Ганцхан мэхийг 12 мянган удаа давтана гэхээр ямар их хүч чадал, цаг хугацаа, хөдөлмөр шаардах бол. Дархан мэхтэй бөхчүүд тэр мэхээ өөрийн болгохын тулд хичнээн хөдөлмөрлөж вэ гэдэг нь ч харагдаж байна.

Хүн муу зуршлаасаа салъя гээд ганц хоёр өдөр зүтгээд хийчихдэг юм биш. Олон сарын турш, уйгагүй дадуулсны үр дүнд л муу зуршлаасаа бага багаар салдаг. Монголчууд буруу хооллолттой, амьдралын хэв маяг нь эрүүл биш. Ус шингэн зүйл уудаггүй, өлсөж гүйж гүйж байгаад гэнэт их хоол иддэг, унтахын өмнө махан хоол иддэг, огт алхдаггүй, тамхи татдаг, гар утсанд донтсон гээд муугийн жишээ олон. Жишээ нь, ус ууж чаддаггүй хүн бий. Эхний хэдэн өдөр ус уухад хэцүү. Саванд ус хийж хажуудаа тавиад, хаа ч явсан биеэсээ, цүнхнээсээ салгахгүй байх. Гол нь гэнэт ихээр биш, ойр ойрхон шимж бага багаар уух. Ингэж зөв зохистой орсон ус бодисын солилцоог дэмжиж, булчингийн үйл ажиллагаанд оролцдог. Хүний биеийн 70 хувь нь ус. Усыг биедээ зөв оруулсан тохиолдолд түүний хийх эерэг нөлөөг энд тоочоод дуусахгүй. Эхний 2-3 хоногт усыг ийн ойр ойрхон шимээд ууж сурвал дараа дараачийн өдрөөс таны бие ус нэхэж, өөрийн мэдэлгүй ус руу гар, хөл тань явна. 14 хоног ус уугаад сурчихвал түүнээс цааш хэн ч танд сануулаагүй байхад та өдөрт хоёр литр ус уучихсан байх болно. Дадал ингэж л суудаг. Эрүүл амьдралын хэмнэлтэй хүмүүс зөв дадлыг амьдралдаа суулгаж чадсан байдаг.

Биеэ юунд дадуулах вэ гэдэг нь эзэн танаас л хамаарна. Харин нэгэнт дадсан зан үйлийг барагтай бол болиулж чадахгүй.

Ингэхээр танд бие, сэтгэлээ буруу хэв маягт сургах уу, эрүүл зөв хэв маягт дадуулах уу гэсэн хоёр сонголт байгаа юм.

Categories
арын-нүүр мэдээ нийгэм

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Гэрээ үүрсэн эмгэн хумс DNN.mn

“Эмэгтэй хүн өөрийн гэсэн гэртэй болохыг гэрлэлт гэнэ” хэмээн энэхүү номын арын хуудсанд бичжээ. Эмэгтэй гэхээрээ заавал аав ээжээсээ эсвэл эр нөхрөөрөө бүх зүйлийг бүтээлгэх, бусдын тусламжийг авах шаардлагагүй. Ер нь танил тал гэхээс илүү өөрийнхөө чадварт найдах хэрэгтэй.

Хүн өөрөө чадвартай байхад бусад нь аяндаа болно. Харин бусдад найдах нь тийм ч сайн биш гэдэг санааг илэрхийлэх “Гэрээ үүрсэн эмгэн хумс” гэх номын тухай өгүүлье. Тус номыг 2021 онд Б.Солонго, Т.Билгүүн нар хятад хэлнээс орчуулан хүргэжээ. Хятадын орчин үеийн уран зохиолын нэрт төлөөлөгч Лю Люгийн зохиол. Уг номд 2005 оны Шанхайн амьдрал дүрслэгддэг ч номын үйл явдал, утга санаа өнөөгийн монголчуудын талаар өгүүлэх мэт сэтгэгдэл төрүүлнэ. Номын эхний хуудсыг сөхөхөд “Мөнгө хадгалах хурд үнийн өсөлтийн хурдыг яагаад ч гүйцэхгүй” гэж эхэлнэ. Тус номын гол үйл явдлыг дурдвал эгэл жирийн тосгоноос их хотын амьдралд хөл нийлүүлэн яваа Хайпин, Хайзао гэх эгч дүү хоёр 10мкв жижиг өрөө түрээслэн аж төрнө.

Ер нь өмнө нь ч одоо ч хүмүүс байр авахаас түрээслэх нь элбэг. Тэр нь мэдээж хэрэг өөрийн гэр боловч түрээс төлөх нь бусдад байр авч өгч байгаатай адил учраас сэтгэлд тухгүй мэдрэмж төрдөг. Энэ тухай ч өгүүлсэн байдаг.

Хүний амьдрал, гэрлэлтийн утга учир, алдаа оноо гээд гагцхүү Хайпин, Хайзао нарын амьдралаар бидний өнөөгийн бодит байдлыг харуулна.

Түр зуур амьдрахаар түрээсэлсэн нийтийн байрандаа тэд аль хэдийнэ нь таван жил болжээ. Энэ хугацаанд эгч нь нөхөр, хүүхэдтэй болно. Ажил хийн мөнгөө цуглуулж өөрийн гэсэн байртай болохыг зорьсон ч хуримтлуулсан мөнгө нь хаанаа ч хүрдэггүй. Тухайн үед хуучны байрыг 20 жил болоод л акталдаг байж. Тэгээд дүү Хайзао нь ажлаасаа халагдсан эгчдээ болон өөрийнхөө энэ амьдралд дэм болж, хэдэн төгрөг олохын тулд хичээж ажиллана. Эцэс нь эгч Хайпин гадаадын хэд хэдэн иргэнд хятад хэлийг өөрийн арга барилаар зааснаар хятад хэлний сургууль барихаар хэмжээний мундаг болж тэд сайхан амьдралыг бий болгож чаддаг.

“Нэг юань нүдэнд тусахаар их биш ч амьдрал гэдэг маш олон нэг юанийн нийлбэрээс бүтдэг. Нэг юань чамд баяр хөөр авчирч болно, бас гуниг шаналал авчирч болно. Нэг юань маш өчүүхэн, гэхдээ нэг юань дотроо эрч хүч сэмээрхэн нууж байдаг. Өнөөдрийн нэг юань хойшдоо хэдэн юань болохыг мэдэхгүй юм” хэмээх хэсгээс хүн хэн байж болохыг илтгэнэ.

Тиймээс уг номд тэр хоёрын ээдрээт амьдрал, хүсэл мөрөөдөл, амьдралын төлөөх тэмцэл, алдаа оноогоор дүүрэн үйл явдал, одоогийн нийгмийн бодит байдлыг тусган харуулжээ.

…Чи мэдэх үү. Хүний нэг насны амьдрал бол дээшээ доошоо хэлбэлздэг муруй шугам. Заримдаа өндөрт, заримдаа нам доор. Доор байхдаа чи баярлах хэрэгтэй. Учир нь удалгүй дээшээ явна. Харин өндөрт байх маш аюултай, доошоо унах ёроолд хязгаар үгүй” хэмээн өгүүлнэ. Бид бүгд үнэндээ гэрээ үүрсэн эмгэн хумсны амьдралаар амьдардаг. Өдөр бүр хөдөлмөрлөж байр, машин, гар утасны лизингээ төлнө. Сайхан амьдралыг бий болгохын тулд шүү дээ. Зээлээс зээлийн хооронд амьдрах иргэд. Гэхдээ нийгэмд илүү ойр сонсогдох “зээл авахыг хүсвэл төлөх чадвартай байх хэрэгтэй” гэх эшлэл.

Энгийн боловч хэн нэгэнд урам өгөх хэд хэдэн үг гардаг. “Эхнэр гэдэг бол угаасаа чиний чихэн дээр насан туршдаа үглэх тэр л хүн, Ядуу тарчиг л байвал хэрүүлч авгайн хувь тавилангаас хэлтэрч чадахгүй, гунигтай төгсгөл, Хичээл зүтгэлээс гадна тархиа ажиллуулах хэрэгтэй байдаг юм. Хөрөнгөө ч бас эргэлтэд оруулах хэрэгтэй. Сурах нь хүний амьдралын нэг л жижиг хэсэг, амьдрал илүү олон гайхамшигт зүйлээр дүүрэн шүү дээ. Сайн сурах, дүн сайн байх нь биш, харин сурах зөв арга барилаа олох нь илүү чухал” зэрэг цөөн хэдэн эшлэл бий. Хүн бүр энэхүү номоос өөр өөр зүйлийг олж харах биз ээ.

 

Categories
арын-нүүр нийгэм

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Шилдэг сэтгүүлч төгсөгчдийн бүтээлийн чуулган DNN.mn

 Шилдэгүүдийг нэг дороос уншаарай

Энэ цагийн шилдэг сэтгүүлчдийн бүтээлийг нэгтгэсэн нэгэн сайхан номыг энэ удаа танилцуулъя. МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүл зүйн танхимаас эрхлэн гаргасан номын өмнөтгөлийг профессор Ж.Батбаатар бичжээ. Тэрбээр “Энэ удаа бид МУБИС-ийн сэтгүүл зүйн тэнхимийн төгсөгч 1000 сэтгүүлчтэй “арми”-ийнхаа төлөөлөл болгож, түүхэн хөгжлийнхөө 30 жилийн ойг бэлгэдэн, 30 шилдэг төгсөгч-сэтгүүлчийнхээ энэхүү 30 жилийн хугацааны нийгэм, амьдрал, үйл явцын хэлхээс, дүр зургаас илэрхийлэх бүтээлүүдийг нэгэн дор баринтаглан уншигч олондоо хүргэж байна” хэмээн тодотгожээ.

Номын эхэнд МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, “Балдорж”-ийн шагналт Б.Ганчимэгийн Асашёорюү аваргатай хийсэн ярилцлага дурайж байна. Аса аваргын ид барилдаж байх үеийн гал цогтой хэрнээ, ухаан зааж ярьсан яриа одоо ч амт шимттэй халуун хэвээрээ. Тэрбээр бэртэл гэмтэлээ эдгээхээр эх орондоо ирээд байх үеэрээ Б.Ганчимэг сэтгүүлчтэй уулзаж, сэтгэлээ онгойтол ярьсныг энэ цаг үеэс уншихад сонин бөгөөд содон. Сэтгүүлчийн эрэн сурвалжлах чигийн хоёр ч нийтлэл мөн номд оржээ.

МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Галааридын яруу найрагч Ш.Уянгадаа зориулж бичсэн “Авьяас билиг нь халгисан гал морьтон анд минь” нийтлэл, Бидэрийн Баярсайханы “Морьдын гэрэлт нүд, бурхадын чимэгтэй нутаг” хөрөг нийтлэлүүд амттай бөгөөд уран. Бусдаараа тод ялгаран гэрэлтэнэ. Нэгэн хүний талаар бичих мөртлөө нийт тэр цаг үеийг тусган харуулжээ, тэд.

Баатар ван хэмээн олноо хүндлэгдэн алдаршсан МУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган найруулагчийн “Энэ 60 жил миний амьдралын ялалтын эхлэл ба төгсгөл” ярилцлага тунчиг содон харагдана. Сэтгүүлч Д.Оюунтуяа уг яриаг хийжээ. Сэтгүүлч Д.Гансаруулын “Жаран жил дуулсан Зангад гуай жаргаах зүрхийг минь уяраасаар явна” нийтлэл алгасахын аргагүй амттай. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн анхдагчдын нэг Р.Ганпүрэвийн дуулиан тарьж байсан “Гурван удаа цааз сонссон ч Ч.Эрдэнэ-Очирыг суллажээ” нийтлэлийг та энэ номоос уншиж болох нь. Гэрэл зургийн мастер Г.Эрдэнэтуяагийн түүхэн, содон, ховор зургуудыг эндээс сонирхоорой.

Сэтгүүлч Ж.Соёл-Эрдэнэ, Ч.Үл-Олдох, С.Гантогоо, Б.Занданхүү, Г.Отгонжаргал, Д.Гансаруул, Г.Сонинбаяр, Х.Ган-Ялалт, Б.Долзодмаа Г.Улсболд, С.Гандөл, тоймч агсан Г.Отгонбаяр нарын гээд шилдэг 30 сэтгүүлчийн даацтай бүтээлүүдийг нэг дор багтааснаараа энэ ном үнэ цэнэтэй билээ.

МУБИС-ийн Сэтгүүл зүйн танхим 30 жилийн ойгоороо 30 сэтгүүлч-төгсөгчөөрөө гангарч гаргасан энэ ном сэтгүүлчийн бүтээл талаасаа ч, өнгөрсөн 30 жилийн түүхийг өгүүлсэн гэдгээрээ ч хэн хүний хайдаг эрэлттэй номын нэг болсон юм.

Categories
арын-нүүр нийгэм

Таны ааш араншин таны хувь заяа DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ 2010 ОНЫ АРХИВААС ДАРААХ НИЙТЛЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.


Үнэнхүү хайр татсан хулгайч та харсан уу. Үнэхээр үнэн сэтгэлээсээ сайхан ааштай дээрэм­чинг та мэдэх үү. Хэн ч харсан хайрламаар гуйл­гачин та харсан уу. Ийм зүйл байдаггүй л байхгүй юу. Худал намбиганасан хулгайч дээрэмчний тухай үлгэр домог зөндөө л байдаг. Гэвч амьдрал дээр ийм юм байдаггүй. Та хулгайч заяанд төр­сөн бол хулгайч ааштай л байхаас өөр ямар ааш зантай байх билээ. Таны сэтгэл санаа хиргүй тун­галаг бол ёрын ааштай байх боломж танд бас олдохгүй.

Таны хувь заяа таны ааш араншингаас ха­маарна гэсэн эртний мэргэн үг байдаг. Үүнийг олон зүйл баталдаг. Юун дээрээс ч жишээ авч болно. Бидний сайн мэ­дэх замын түгжрэл дээр жишээ авч болох юм. Бүх машин цувраад гарч байна. Эсрэг урсгал нь хоосон байлаа. Гэтэл гэнэт нэг “ухаантай” хар хүү “эксел”-тэйгээ сөрөг урсгалд орон давхиж гарам­ руу дайрдаг.

Харин энэ үед өөдөөс нь машин ирж таараад нөгөө ухаант­ны араас бас нэг ухаантан дай­раад гэх мэтчилэн бөөн түгжрэл болж тэр гарам өдрийн хагас гацдаг. Тэв­чээргүй, бусдыгаа үл хүн­дэт­гэх бачуу аран­шин­тай нэг “багий”-гаас болж хү­мүүс тэр өдрөө л аз жар­галгүй болж хувир­даг. Тэгж бачуурч давхиж бай­гаад осол аваарт орох нь энүүхэнд. Таны хү­лээц­гүй, дэг журам бо­лоод бусдыг үл хүн­дэт­гэдэг бачуу ааш араншин чинь таны хувь заяанд нө­лөөлж байгаа нь энэ.

Categories
арын-нүүр мэдээ нийгэм

Монголчуудын их амралтын үе ирлээ DNN.mn

ӨДРИЙН СОНИН.Ы 2010 ОНЫ АРХИВААС…


УИХ мөдхөн завсар­лаж, наадам өндөрлө­лөө. Одоо залгаад аймаг сумдын наадам, дээр нь “Их хурд” болох гэж бай­на. Зөөлөн бороо үе үе цайран орж наран ми­шээж халуу дүүгэнэ. Ийн­хүү Монгол нутгийн хам­гийн сайхан үе монгол­чуудын их амралтын үе ирлээ.

Гэвч “Наадмын дараа намар” хэмээн амтай болгон нь хэлэх юм. Үүнээс бүүр залхаж гүйц­лээ. Бүр байчихаад до­л­дугаар сарын 12-нд бөх үзээд сууж байх зуурт нэг жижиг телевизийн хөт­лөгч хүү “өнөөдөр чинь зуны хамгийн сүүлийн өдөр” гэж ирээд л мэ­дэмхийрч байх юм. Яа­гаад гэвэл наадам өнөө­дөр дуусч байгаа тул маргааш нь намар эхлэх юм гэнэ дээ. Наадмын маргааш ид зун үргэл­жилдэг болохоос хэзээ байтлаа намар эх­лэж байсан юм бэ. Хойч үе маань дээрхи үгийг сонссоор байгаад ингэт­лээ үнэмшчихсэн байна.

Жилийн есөн сар нь хүйтэн, үлдсэн гурван сар нь сэрүүхэн манай орны хувьд наадмын дараах энэ хэд хоногт л европын цаг уур шиг зөөлөн ду­лаан болдог. Гэхдээ цөө­хөн хоног үргэлжлээд дуусдаг. Тэгээд л нөгөө хохигносон хүйтэн салхи нь гуядаж, “яндан хон­гиноод” эхлэнэ дээ. Үүнийг гэрт өссөн хүмүүс бүгд мэднэ.

Тэгэхлээр хүмүүс энэ хэд хоногийн дулаанд амжиж сэтгэл амар амрах хэрэгтэй юм даа. Найм­дугаар сарын арав­даас хойш л ажил төрөлдөө ордог юм байгаа биз. Бү­тэн есөн сарын зуданд нух­луул­сан малчдыг хад­­лангаа ав гэж шаар­даад барьсан унагыг нь тавьж хөөгөөд байх бас хаашаа ч юм. Тэгээд ч хувийн хэвшлийн аж ахуй­нууд өвсөө бэлтгэнэ үү, байна уу төр засагт огт хамаагүй юм биш үү. Хо­туудын өвөл­жилтийн бэлт­­гэлээс өөр төр засагт са­наа чилээх юм огт байхгүй.

Гэтэл өвсөө хадаж ав, тариа ногоогоо хураа, уринш бордоогоо бэлтгэ хэмээн өдөр өнжилгүй ухуулах нь хэнд ч хэрэггүй зүйл болоод дуусаж байна. Үүнийг сонсож байгаа хүмүүс байгаа гэж үү. Огтхон ч байхгүй. Мэдээж хүн болгон цагийн тавиуд ганц хоног ч гэсэн амраад авахыг бодно. Үүнийг буруутгах ч үндэслэлгүй. Амьд амьтан л юм бол амарч цэнгэхийг бодохгүй яах юм бэ. Хүн болгон, байгууллага бүр яаж амрах, амралтаа яаж зохицуулахыг л бодохоос өвлийн бэлтгэл яанаа гэхгүй. Дээрхи өвлийн бэлтгэл гэх мэт яриа нь төр засгийн бодлого жи­рийн хүмүүсээс хичнээн хол байдгийн нэг жишээ л болоод өнгөрч байна. Түүний оронд ганц сар сайн амарч аваад дараа нь хэдүүлээ ажилдаа орно шүү хэмээн хэлж ухуулж байсан нь дээр мэт.

Хүмүүс наадмаа үз­чих­сэн, шинэ бөх түрүү­лэхийг харчихсан тул одоо хэд хоног хаашаа явах билээ хэмээн бодож суугаа. Тэд нөөц дугуй­ныхаа хагархай олгойг нөхөж аваад, эхнэр хүүх­дээ муу машиндаа чихэж өгөөд хөдөө гарч өгнө. Нутаг усаа харж, ээж аав­даа золгож, хамаатан са­дан­тайгаа уулзаж ша­вай­гаа ханатал тарвал­за­хаар одож байна. Агь таанын үнэрт аргал хор­голынхоо утаанд шимийн юм халаалган шимж хот газрын сонин, хол ойрын хов, дээр нь улс төр, наад­мын сонин ярьж яваад ирнэ.

Харин төр засаг хэн­хэг­лэж өвлийн бэлтгэл гэж байхаар дээрхи сонир­х­лыг нь дагуулан үйл­чил­гээ үзүүлбэл л ононо. Замын тэмдэг, тэмдэг­лэл, ус борооны мэдээ, сум суурингуудын буу­даллах газар зэрэгт ан­хаарууштай байдаг. Мөн хүмүүсийн үзүүштэй түү­хэн газрын мэдээ, мэдээ­лэл түүнд холбогдох үүх түүхийг түлхүү таниулж байвал Монголоороо бахархах үзэл иргэдэд төлөвшихөд хэрэгтэй.

Манай улс чинь харагдаж байгаа шигээ эзгүй ээрэм цагаан тал биш, бахархвал бахар­хах түүхтэй, үзвэл үзэх байгальтай газар аа. Харин бид үүнийгээ мэ­д­дэггүй л болохоос.

Оюун ухааны манлай болсон манай мэргэдийн бясалгал хийж байсан аглаг буйд агуй, оюун ухааны уурхай болсон сүм хийдүүдийн туурь гэх мэт газар олонтой. Ид шид тарни ухааны хэ­зээ ч үл тайлагдах нуу­цуудтай холбоотой газар Монгол нутагт минь үнэхээр арвин билээ.

Түүнээс биш уран зо­хио­­лын номонд гарса­наас болж алдаршсан ши­лийн хулгайч болох гэж тангараг тавьдаг гэх до­могтой ганц уул л байдаг юм биш. Гэхдээ уг ууланд очих ч бас муу юм биш. Яа­гаад гэвэл улсын хилийн яг торгон ирмэг байрлах уг газар очсон хүн эх орон, элгэн нутгаа эргэж харахад ямар нэгэн сонин мэдрэмж, “сиймхий ч гэсэн гэр минь” гэж өмөөрөх, харамлах, бас харуусах сэтгэгдэл төр­дөг юм билээ. Өвөлжөө маань хилийн дотор байхад зуслангийн газар хүний нутагт оччихсон байгааг харахаар лав л зүгээр байгаад байхгүй биз дээ.

Ингээд амарсан ч биш, амраагүй ч биш хоё­рын хооронд байхаар наймдугаар сарын дунд үе хүртэл улс нийтээрээ амралтын сар гэж зарлаад бүгдээрээ амрах, эх орноороо аялах үе болговол ямар вэ. Ам­раахгүй гээд ч бүх хүмүүс аль хэдийнээ амрахаар одсон байлгүй. Хэн энэ чийгтэй байшингийн му­хар сахиж суух вэ. Энүү­хэндээ гэж сонирхуу­ла­хад нөгөө траншейны гэх тэнэмэлүүд хүртэл Туу­лын бургасанд зус­лан­даа гарчихсан байна лээ шүү.

Categories
арын-нүүр мэдээ нийгэм

Зүсэр бороотой зуны өдрүүд DNN.mn

Зүсэр бороотой зуны өдрүүд үргэлжлэх нь. Гандуу байсан газруудад ган тайлаад сайхан байна аа. Бороо наадам хүртэл орох цаг агаарын мэдээ хараад сэтгэл өег байна. Хүй долоон худгийн цэнхэр хөндийд зулзаган ногоо хэнзэлж манан буун наадмын хурдан хүлгүүдийн түмэн туурайн чимээ битүү бүгд нүргэлэн тоосгүй наадах нь.

Хөх Монголын хөндий шилүүдэд тариа чив чимээгүй ургаж мал таргалан голио царцаа шаргин сайхан зун болох нь ээ. Монголын зун бороо орох нь бурханаас илгээсэн бэлэг билээ л. Хур усан цагтаа бууж амьтай болгон үржин өсч, байгаль эхийн өгөөмөр хишигт цатгалдан шандуурч үндэстэй болгон урган төлжих нь зун цагийн жам юм. Ай энэ үед их талуудын амар амгалан ноёлж араатан хүртэл амьтан барьж идэх нь бараг үгүй болдог. Оддын чуулган тэнгэрийн заадас газарт буусан шиг ойртон тодорч шөнийн шувуудын дуулалдах, талын энгээр тархан бэлчсэн адуун сүргийн тургилах, хааяа янцгаах чимээнээс өөр чимээ үгүй алдран агь таанын үнэр хамар цоргин ханхална.

Монголын заяа их гэж дэмий ч нэг ярьдаггүй аж. Саяхан л хавсарга тавьж шар шороон шуурга тэнгэр баганадан, гандуу цагаан тал хохилзон “зун болох нь уу” гэж арга нь барагдсан хүмүүс дэмий л бие биенээсээ сураглан байсан сан. Одоо тэгвэл торгон ногоон зун хар нялхаараа эхэлж байна. Тэнгэр бурхан хайр хишгээ харамгүй хүртээх нь.

Нүүдэлчдийн цагийн сайханд хийдэг наадмын цуурай аль хэдийнэ нүргэлээд эхэлчихсэн байна. Залгаад их амралтын өдрүүд айсуй. Амрах цагтаа амарсан шиг амарчихаад, ажиллах цагтаа ажилласан шиг ажиллах нь нүүдэлчдийн удам монголчуудын зан билээ л.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Ямар ч үед хүнийг бусадтай харьцуулж сайн, муугаар бүү ярь DNN.mn

Амьдралын маш энгийн юм шиг хэрнээ хүний нэр төр, үйл хэрэг, үзэл бодолтой шууд холбогддог зүйл гэж бий. Түүний бодит нэгэн үзэгдэл нь бидний өдөр тутмын, хүн хоорондын харилцаанд гардаг нэгнийгээ нэгэнтэйгээ жиших, харьцуулах явдал. Ээж аав нар ихэвчлэн бага балчир хүүхдээ урамшуулах зорилгоор “Ахаасаа, эгчээсээ хамаагүй илүү байна” гэж хэлдэг. Энэ бол гэр бүлийн байдаг л нэг үзэгдэл. Гэвч хүүхдүүдээ хооронд нь харьцуулах нь сэтгэл зүйд таагүй нөлөөлдгийг судлаачид хэлж байна.

Яг ийм сэтгэлгээгээр бид хэн нэгний нэр төр, үзэл бодолд маш бүдүүлгээр ханддаг. Нэг хүнийг магтаж, түүнийгээ сайн хүн болгохын тулд заавал өөр нэг хүнийг хавчуулдаг. “Түүний дэргэд наадах чинь юм байгаа юм” гэж ирээд л. Хөндлөнгөөс харсан хүнд маш эвгүй сэтгэгдэл төрөхөөр. Албан газрын удирдлага үйл ажиллагаагаа өөрийнхөө бодсоноор явуулахыг бодно. Түүний санал бусдад 100 хувь таалагдана гэж байхгүй. Тэгээд л өнөө хүнээ өмнөх захиралтайгаа, өмнө нь ажиллаж байсан хүмүүстэйгээ жишиж ирээд мууг нь үздэг. Эсвэл шинэ захирал, шинэ ирсэн хүнтэйгээ өмнөх хүнээ жишиж муу муухайгаар, адгийн шаар мэтээр ярьдаг.

Мөн хөтлөгч нэртэй нөхдүүд тухайн дуучнаа магтах үгээ олж ядахдаа тэр дууг өмнө нь дуулсан дуучныг “будаа” болгох үзэгдэл нийтлэг болсон. Жишээлбэл, Ч.Бат-Эрдэнэ гавьяатын дууг нэг залуу дууллаа гэж бодъё. Тэр залуу сайхан л дуулчихна биз. Гэтэл хөтлөгч нь “Ёстой Бат-Эрдэнийг байхгүй болгочихлоо, ямар мундаг юм” гэж ирээд л огтоос бодлогогүйгээр хэлдэг. Тэгэхээр монголчууд минь, хүний нэр төртэй холбоотой зүйлийг маш бодож ярих хэрэгтэй байна. Нэгийг нь магтах гээд нөгөөг нь муулж харлуулдаг бүдүүлэг зангаа одоо боль. Энэ бол хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа үйлдэл мөн гэдгийг бүх хүнд зөвлөе.

Ө.Манлай

Categories
арын-нүүр булангууд мэдээ

​Одонтой ч, одонгүй ч ээжүүддээ баярлалаа DNN.mn


Дөнгөж зургаан настай болов уу гэмээр хүү цүнхээ чирэн сургуулийн хашаанд уйлан зогсож байв. Хүү айсан бас их сандарсан бололтой харагдана. Хажуугаар нь эцэг эхчүүд уйлан зогсоо хүү шиг насны хүүхдүүдийг хөтлөн өнгөрөх тоолонд тэрбээр улам их гомдож байгаа бололтой шуг шуг хийн эхэр татах нь чангарах аж. Яаж яваад сургуулиасаа гараад ирсэн юм бодвол хөөцөлдөж гүйж сахилгагүйтэж байгаад л гарчихсан бололтой. Яагаад гэвэл ийм насны хүүхдийг ганцааранг нь гаргадаггүй журамтай. Мань хүн зах хязгааргүй ертөнцөд гэнэт гарч ирчихээд хаачихаа мэдэхээ байчихсандаа ийнхүү айж сандарч зогсоо биз ээ. Хязгааргүй ертөнц түүнийг огт үл тоон өөр өөрсдийн зам мөрөөр бужигнаж , бас аймаар хүнийрхүү огт танихгүй хүмүүс хажуугаар нь зогсох ч үгүй зөрөн өнгөрцгөөнө. Хэдийгээр сургуулийн хашаанд боловч тэр ганцаараа ийнхүү байж үзээгүй билээ. Гэтэл сургуулийн хашаагаар жижигхээн туранхай залуу бүсгүй шогшин орж ирээд хүүг харан айсан гайхсандаа дуу алдан “Ганаа миний хүү юу хийж энд ганцаараа зогсож байгаа юм бэ” гэж уулга алдав. Хүү тэр жижигхэн туранхай ямар ч чадал хүчгүй, хэнийг ч хамгаалж хүч үл хүрмээр эмэгтэйг харан “ээж ээ” гэж хашхираад саяхан уйлж байснаа тас мартаж инээд алдан тосон гүйлээ. Хүү сахиусан тэнгэрийн тэвэрт байгаа мэт, бүүр дэлхийд ганцхан байдаг шидэт дагинад тэврүүлчихсэн мэт саяхны айж, сандарч байснаа тас мартажээ. Ээжүүд ийм л шидтэй. Тэд ямарч хүчгүй мэт үзэгдэвч, ямар ч залуу бүүр өөрөө хүүхэд мэт харагдавч өөр хэнд ч байдаггүй үр хүүхдээ гэсэн ид шид оргилон байдаг юм. Түүнийг нь ээж гэж дуудаж хэлд орсон хэн ч мэддэг.

Монгол даяар ээжүүд одонгоо авч баярлалдан байна. Хаашаа л харна, гоёлоо өмссөн ээжүүд цэцэг мэт алаглан баяр баясгалан авч ирнэ. Одонтой ч бай, одонгүй ч бай ээжүүд бүгд адилхан үр хүүхдийнхээ өмөг түшиг нь билээ. Та нартаа баярлалаа.


Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Данзангийн Нямсүрэн “Сэтгэлийн байгаль” DNN.mn

Уншигч олондоо Эрээнцавын гэж алдаршсан яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн “Сэтгэлийн байгаль” номын шүлгүүдээс толилуулъя. Уг бүтээл “Сайхан мод”, “Залуугийн бадаг”, “Ирж буй цаг” гэсэн гурван бүлэгтэй, нийт 60 орчим шүлэгтэй. Өмнөтгөлийг нь “Сэтгэлийн шувууны жиргээн” хэмээн төрийн шагналт найрагч Долгорын Нямаа бичсэн байдаг. Энгийн гоо сайхан хийгээд яруу тансагийг мэдэрье гэвэл “Сэтгэлийн байгаль”-ийг унш, хаврын зөөлөн бороонд шавшуулах мэт таатай сэтгэгдэл төрнө. “Хамаг юм сайн сайхнаас эхэлнэ, хаа холоос хүү минь ирэхээс эхэлнэ. Хайр дурлал инээмсэглэлээс эхэлнэ, хаврын бороо цэцэгнээс эхэлнэ” хэмээн уншихуйд танд нэг л дулаахан ахуй өөрийн эрхгүй мэдрэгдэж, тэгээд юунд ч юм хайр хүрч, юуг ч гэсэн өршөөх энэрэнгүй өр зөөлөн сэтгэл төрөх ажгуу.

“…Чихэнд хангинах зөн совин газрын гүний дуудлага

Шөнө дөлөөр чимээлэх алсын анир ирж буй цаг

Тэнгэр бурхан хэн нэгэнд эм уулгаад болих шиг

Шилэн аяганд халбага тонхийх чимээ ирж буй цаг

Дэрний дэргэд бүсгүй хүн мэдрэгдэм зөөлөн гишгэлээд

Дээгүүрээ даашинзаа тайлах нь сүрэг шувууны нисэх ирж буй цаг

Дэлхий дээр ажин түжин оргиод морин цаг цагаан мананд живэхүй

Дээврийн хөх тагзанд төмөр утас жин жин цохих ирж буй цаг

Ногоон хөндийгөөр хонь хурга шуугилдан орж ирээд

Номын алтан хуудас шиг усны зах руу хошууран орох ирж буй цаг

Ноёлог өндөрт элээ тас бөөрөн толгод тойрон эргээд

Номин талын энтээх утасны модон дээр бодлогошрох ирж буй цаг

Голын наана явахад тэнгэр дуугарч цахилгаан гялбаад

Гоо бүсгүй гутлаа тайлан хөл нүцгэн бороон дундуур гүйх ирж буй цаг

Нов ногоон дотор хуучин төмөр зуух бөөрөөрөө унаад

Нойт даан харлаж чийгтсэн өвс үмхлэх ирж буй цаг…” (“Ирж буй цаг”),

“Хамаг юм урсаж байна

Хаврын хөх цас зэрэглээтээд

Чиний ороосон алчуурын хошуу

Тэртээх он жилийн цаадтай намилзах

Аядуу салхин доогуур

Хамаг юм урсаж байна

Хашааны өврийн борог өвс

Гавар мэт хамар цоргиод

Хараацай хөнжил шүргэн

Дэлхийн хаяа руу одоход

Тэнд нэг од гялалзана

Түүнийг харсаар хэвтэхэд

Түм буман галт тэрэг болоод

Он жилүүд

Түжигнэн тажигнан өнгөрнө

Хага ташсан голын мөс

Зүүдний цагаан наранд гэсэж

Номхон сар гөлөг шиг мөлхөж ирээд

Нойрмог замагны дороос

Ноднингийн шар хомоол

Нойтон мэлхий шиг гарч ирнэ…”. “Ганц нэг өвс салхин сэвэгнэх нь Нямсүрэнгийн хувьд ер бусын юм. Хонох айлд үеийн бүсгүй байх, хоточ нохой сарны гэрэлд хуцах, тэр ч байтугай “аймаар” санагдах нь хүртэл түүнд сайхан санагдана. Морины хомоол усанд хөвж, долгион дээр ганц нэг ялаа сууж, модон тэрэгний ялуу урсгаж, салхинд одод зүлгэгдэхэд сэрж мэдэрдэг энэ найрагч дэлхийн чулуунд хяруу цавцайх өглөө эрт, дэрсээр шүлгээ бичиж явсан нэгэн” гэж Очирбатын Дашбалбар бичсэн.

“Саруулхан шөнө гадаа үүдэнд хад сандайлж суухад

Сарны гэрэлд

Сархад уух

Сайхан байх даа гэж

Санагдсан

Цантай чулуун дээр тэгээд хундага тавихад

Цан хийсэн царгиа гарч

Цагаан бүгээн жаахан жороо морь

Чамайг хүлээн гол дотор цулбуур дүрэн зогсов доо гэж

Үдшийн жүнзэнд

Сар тусахад

Өнөөх чулуун дээр

Лаа асаасан мэт болоод

Өвс цаана нь зүүдэлсэн өдөр шиг гэрэлтэн үзэгдэнэ дээ гэж

Бөрт цагаан дэрсэнд

Бөднө шувуу бөөрөхөд

Бүрий барайд

Хучлага засах шиг

Нэг юм шурхийн хөдлөөд

Бүсгүй хүний үнэр нээлттэй салхивчаар цэцэг шиг сэвнэ” хэмээх “Сэтгэлийн байгаль”-д орсон шүлгийг Г.Аюурзана “Монголын сонгомол яруу найраг” номдоо оруулахаас гадна Д.Нямсүрэнг Б.Инжиннаш, Д.Нацагдорж, Б.Явуухулан, Д.Урианхай нарын хамтаар “Монголын топ таван найрагч”-аар нэрлэсэн билээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: ​”Биеийн хэлийг тодорхойлохуй” DNN.mn

Аллан ба Барбара Пийз нарын ийм нэртэй ном байдаг. Нэрнээс нь ямар ном гэдэг нь тодорхой. Чиний бие чамайг юу бодож байгааг шууд хэлж өгдөг. Үүнийг анхаарч сурах л хэрэгтэй байдаг аж. Хүн худал ярих амархан байдаг бол худал хэлж байгаагаа нуух бараг боломжгүй байдаг. Ганц худал хэлэх биш ер нь үйлдлээ нуух ямар ч бололцоогүй шахам гэж номд бичсэн байна. Биеийн хэлийг уншиж сурсан хүмүүс юу ч ярилгүйгээр тантай өдөржин ярилцсан байдаг. Таныг юу бодож байгаа, юу сонирхдог, худал ярьж байгаа эсэх, үнэхээр хүсч байгаа, дурласан уу, өлсөж цангаж өвдөж хавдаж байгааг бүгдийг нэвт шувт мэдэж болдог. Гэхдээ харагдах байдал яг жинхэнэ байдал хоёр маш ялгаатай гэдгийг байнга бодож харагдах байдалтай нь нөхцөл байдлыг сайн уяж сурах хэрэгтэй.Ер нь бол хөлөө ачиж суусан эмэгтэйг хамгаалсан байдалтай байна гэж хэлж болох ч тэр хэт богино банзалтай ч юм уу даарсан байж болно. Элгээ тэвэрсэн хүнийг өөрийгөө хамгаалж гадны халдлагаас айж байна гэж уншиж болох ч гэдэс нь өвдсөн эсхүл даарсан ч байж болдог учир нөхцөл байдлыг нь сайн мэдрэх хэрэгтэй гэж зөвлөжээ. Гарын алга дэлгэгдсэн байвал ер нь найрсаг байгаагийн илрэл. Энэ дохио чулуун зэвсэгийн үеэс л гартаа чулуу атгаж ирээд толгойг нь хага цохихгүй гэсний баталгаанаас үүсчээ. Биеийн хэлийг эмэгтэйчүүд эрчүүдээс хамаагүй илүү уншиж сурсан байдаг. Тэд нялх хүүхэдтэй харилцдаг учир хэлгүй үрээ юу хүсч юунд дургүй байгааг харсаар байгаад сурчихсан байдаг. Энэ нь удамшдагаас ийн биеийн хэлийг сайн уншдаг. Эмэгтэй хүн биеийн хэл ярианы хэл хоёр зөрвөл хүний үгийг шууд сонсохоо больдог. Тэр шууд биеийн хэлд нь үнэмшдэг учир юу гэж донгосож байсан ч итгэдэггүй. Эрэгтэй хүн бол биеийн хэлийг ойлгодоггүй. Тийм ч учраас эвгүй байдалд орох нь олонтаа. Эмэгтэйчүүд сэтгэлийг нь татсан эрчүүд рүү инээмсэглэдэг бол эрчүүд өөррүү нь харж инээмсэглэсэн эмэгтэйд сэтгэл татагддаг. Энэ судалгаагаар нотлогдсон. Эмэгтэй хүн эрчүүдээсээ хэдэн хувь илүү инээмсэглэдэг. Энэ нь тэдний тархитай холбоотой бөгөөд тэдний инээд тайвшруулах ид шидтэй. Энэ нь өөрсдөөсөө хүчтэй эрчүүдийн дунд амьдарч ирсэнтэй холбоотой гэнэ. Худал инээхэд нүдний булчин хөдөлдөггүй, үнэн инээхэд нүдийг тойрсон булчин хөдөлдөг. Үүнийг ихэнх эрчүүд анзаардаггүй. Эмэгтэй инээмсэглээд байдаг тойроод л элдвийн хошин шог яриад л гүйгээд байдаг. Тэгвэл энэ байдлыг харсан сайн танил эмэгтэй нь тэр эрд шууд л наадахаа хая аа, чамайг тэнэг амьтан гэж үзээд байна гэж хэлдэг. Тэр нь үнэн л байдаг.Тантай гар барьж байгаа хүн эгц босоо байрлалд гар баривал тэр нь эрх тэгш харилцааг илэрхийлнэ. Гараа эргүүлэн алгаа уруу харуулан таны гар дээр байрлуулбал тэр давуу байдал олж авах гэж байгаа хэлбэр.

Ийм байдалд орвол та өөдөөс нь нэг алхаад нөгөө сул гараа гар барьсан гар дээр нь алгаа доош харуулан тавивал бүүр илүү байдал орно гэх мэтээр хүний бүх төлөвийг энэ номд оруулжээ. Харц нүдний шил, будаг гэх зэргээр нэвт шувт хүнийг уншиж болдог байна. Та ийм болмоор байвал энэ номыг уншаарай.

Ж.Сандагдорж