Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай

“Өдрийн сонин”-ы цахим хувилбарыг “Qpay” ашиглан захиалан унших боломжтой боллоо. Өмнө нь цахим “Өдрийн сонин”-ыг уншихын тулд “Голомт”, “Худалдаа хөгжлийн банк”, “Хаан” банкаар дамжуулан төлбөрөө төлдөг байсан бол одоо илүү хялбар болж “Qpay” сонголт нэмэгдэж байна.

Ингэснээр уншигч танд олон үйлдэл хийлгүйгээр “Өдрийн сонин”-д нийтлэгдсэн хөрөг, ярилцлага, сурвалжлага, зарлал, тендерийн зар зэрэг өөрт хэрэгтэй мэдээ мэдээллээ цаг алдалгүй хялбараар унших боломж бүрдлээ.

Уншигч та цахим “Өдрийн сонин”-ыг захиалахын тулд Tsahim.dnn.mn сайт нэвтэрч сониноо захиалан уншаарай. Хэрэв та бүртгэлгүй бол БҮРТГҮҮЛЭХ гэснийг дарж бүртгэл үүсгэнэ.

Та ЭРХ СУНГАХ гэсэн хэсгийг дарж хугацаагаа сонгосноор банкны barcode гэсэн сонголт гарч ирнэ. Мөн та Голомт, Худалдаа хөгжлийн банк, Хаан банкны эрхээр нэвтэрч төлбөрөө төлөх боломжтой.

Уншигч та цахим “Өдрийн сонин”-ыг нэг өдрөөр худалдан авах бол 2000 төгрөг, нэг сараар бол 9000, жилээр 108.000 төгрөг гэсэн сонголтуудаас сонгон barcode-ыг уншуулахад л хангалттай.

 

www.tsahim.dnn.mn,

Twitter: DNN_MN

Facebook: DNN.MN

Instagram:dnn_mn

E-mail: udriinsonind@gmail.com

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Я.Замбалгарав: Иргэд нэмэлт зардал гаргахгүйгээр хими бай эмчилгээг оршин суугаа орон нутаг, дүүргээсээ авах боломжтой боллоо

Хавдар судлалын үндэсний төвийн Хими эмчилгээний тасгийн эрхлэгч, Монголын хавдар судлаач эмч нарын нийгэмлэгийн тэргүүн Я.Замбалгаравтай хими бай эмчилгээг аймаг, дүүргүүдэд хийж байгаа талаар ярилцлаа.


-Хавдар судлалын үндэсний төвд үүссэн төвлөрлийг саармагжуулах зорилгоор хими бай эмчилгээг аймаг, дүүргүүдэд хийдэг болсон гэсэн. Одоогийн байдлаар энэхүү ажил ямар шатандаа явж байгаа вэ?

-Манай улсад хавдрын өвчлөлийн тоо сүүлийн жилүүдэд тогтмол өсч байна. Жилд 9000 орчим хавдрын шинэ тохиолдол бүртгэгддэг. Түүний 4600 тохиолдол нь нас бардаг. Хавдар ихэвчлэн сүүлийн буюу III, IV шатандаа оношлогдож байгаа учраас нас баралтын хувь өндөр байгаа юм. Тэгвэл үүнийг яаж бууруулах вэ гэвэл хавдрыг I, II шатанд нь оношлох хэрэгтэй. Эрт үед нь оношилж чадвал хавдар бүрэн эмчлэгдэх боломжтой. Хими бай эмчилгээ нь ихэвчлэн хавдрын хожуу үе шатанд хийгддэг. Хагалгаа хийгээд хавдрыг бүрэн авах боломжгүй үед өвчтөнд хими бай эмчилгээг хийнэ. Үүнтэй холбоотойгоор Хавдар судлалын үндэсний төв дээр төвлөрөл бий болдог шүү дээ. Жил гаруйн өмнө яамнаас энэ төвлөрлийг саармагжуулах бодлого хэрэгжүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, 21 аймаг, есөн дүүрэгт химийн системийн эмчилгээ хийдэг болно гээд тодорхой шийдвэрүүд гарсан. Тухайн үедээ энэ шийдвэр идэвхждэг боловч өвчтөнүүд өөрсдөө зөвхөн Хавдар судлалын үндэсний төвд үзүүлэх хүсэлтэй байсан. Хоёрдугаарт, орон нутгийн мэргэжилтнүүд тогтвортой бус байлаа. Өөрөөр хэлбэл аймгуудад боловсон хүчин дутагддаг сул талтай. Уг нь нийслэлээс мэргэжилтнүүд бэлтгэгдээд орон нутагт очдог. Гэтэл хоёр жил ажиллаад л өөр аймаг, хот руу шилжинэ, эсвэл өөр мэргэжил эзэмшдэг. Ийм шалтгаануудаас үүдэн хими бай эмчилгээ орон нутаг, дүүргүүдэд саармагжсан. Одоогоор юун түрүүн маш богино хугацаанд мэргэжилтнүүдээ бэлтгэн тараах ажил явагдаж байгаа. Эрүүл мэндийн сайдын тушаалаар аймаг, дүүргүүдэд үндэсний багууд томилогдож ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, шууд газар дээр нь ажлын байран дахь сургалтыг орж байгаа. Мөн нөгөө талд мэргэжилтнүүдээ богино хугацаанд бэлтгээд орон нутгууд руу илгээсэн. Манай төвийн эмч нар аймаг, дүүргүүд рүү томилолтоор явж сургалт орж байна. Гол нь химийн бай эмчилгээнд зөвхөн эмч нараас гадна хавдрын мэргэжлийн сувилагч, эм зүйч, эм найруулдаг тусгай сургагдсан найруулагч гээд олон боловсон хүчин шаардлагатай байдаг юм. Бусад өвчнүүдийг бодоход нийт 20-иод төрлийн мэргэжилтнүүд оролцсоны үндсэн дээр хорт хавдар гэдэг энэ өвчнийг оношилж, эмчилдэг онцлогтой.

-Одоогийн байдлаар хэдэн аймаг, дүүрэгт хими бай эмчилгээ хийгдэж байгаа вэ?

Одоогоор таван аймагт химийн системийн эмчилгээгээ хийх нөхцөл арай бүрдээгүй байгаа. Бэлтгэл ажлын түвшиндээ явж байгаа гэсэн үг. Бусад аймгуудад бол хими бай эмчилгээ хэвийн хийгдэж байгаа. Энэ оны арванхоёрдугаар сар гэхэд бүх аймгууддаа химийн бай эмчилгээг нутагшуулах зорилт тавьсан. Багахангай, Чингэлтэй, Баянзүрх, Налайх дүүргүүд бас бэлтгэл ажлын түвшинд явж байна. Харин бусад дүргүүдэд хэвийн. Саяхан Баянгол дүүрэг хавдрын төвтэй болсон. Манай Хавдар судлалын үндэсний төвийн эмч Баянгол дүүрэгт сарын хугацаанд ажиллаж байгаа. Мэдээж өөрийн өвчтөнүүдээ Баянгол дүүрэг рүү татан үзэж байгаа гэсэн үг. Нэг эмч өдөрт амбулаториор 30 гаруй өвчтөн үздэг. Мөн 30-40 өвчтөн эмчилгээнд оруулдаг. Тэгэхээр энэ тооны ачаалал дүүрэг рүү шилжсэн гэсэн үг. Үнэхээр аймаг, дүүргүүдэд сайн эмч нар бэлтгэгдсэн. Тоног төхөөрөмж ч гэсэн маш сайн. Тиймээс иргэд нэмэлт зардал гаргахгүйгээр чанартай хими бай эмчилгээг оршин суугаа орон нутаг, дүүргээсээ авах боломжтой болсон.

-Ер нь өөр шинэ эмчилгээ, үйлчилгээ нэвтэрсэн үү?

-Хорт хавдар үндсэн гурван эмчилгээтэй. Үүнд хавдрын мэс засал, туяа эмчилгээ, хавдрын системийн эмчилгээ багтдаг. Хавдрын системийн эмчилгээ нь дотроо хими, бай, дархлаа, вакцин эмчилгээ гээд олон төрөлтэй. Манай монголчууд энэ бүгдийг химийн эмчилгээ гэж ярьдаг шүү дээ. Гэтэл орчин үед химийн эмчилгээ гэдэг нь тусдаа хавдрын эсрэг ерөнхий үйлчилгээ үзүүлдэг болсон. Энэ нь хавдрын эсийг устгах зориулалттай химийн бодисууд хүний биед ороод эрүүл эсийг устгах эрсдэлтэй. Үүнээс үүдэн химийн хордлого, гаж нөлөөний шинж тэмдгүүд илэрдэг. Жишээ нь, үс унах, арьс хуурайших, огих, дотор муухайрах, хоолны дуршил буурах гээд бусад шинж тэмдгүүд илэрнэ. Мөн дархлаа суларсантай холбоотойгоор хууч өвчин сэдрэх магадлалтай. Тиймээс эрдэмтэд үүний эсрэг, гаж нөлөөг бууруулах зорилгоор бай эмчилгээг гаргаж ирсэн. Энэ нь зөвхөн хавдрын эс дээрээ очиж, үйлчилдэг эмчилгээ. Бусад эрүүл эд эсүүдийг огт гэмтээдэггүй онцлогтой. Тиймээс энэ эмчилгээг дэлхийд түгээмэл хэрэглэх болсон. Мөн үүний дараа эрдэмтэд дархлааны эмчилгээг нээсэн. Энэ нь хүний өөрийн дархлааг идэвхжүүлэх зорилгоор хавдрын эсийг устгах эмчилгээний арга юм. Энэ эмчилгээ манайд нэвтрээд жил гаруй болж байгаа. Одоогоор уушги, элэгний хорт хавдарт энэ эмчилгээ харьцангуй үр дүнтэй байна. Дараа дараагийн шинэ эмчилгээнүүд манай улсад хараахан нэвтрээгүй. Мэдээж бид аль болох шинэ эмчилгээ, технологи нэвтрүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Ямар ч шинэ технолгоги нэвтрүүлэхэд санхүүжилт, судалгаа, зардал мөнгө, даатгалын тогтолцоонд оруулах гээд олон зүйл шаарддаг. Мөн багагүй цаг хугацааа ордог онцлогтой.

-Зарим орнууд эрт илрүүлэг, эсвэл үзлэгт ороогүй хүнийг торгодог хуультай. Тиймээс хавдрыг эрт оношилдог. Мөн нас баралтын түвшин бага байдаг гэнэ. Америкчууд өдөр бүр гүйдэг учраас хорт хавдар тусах нь бага гэсэн. Та энэ талаар ярихгүй юу?

-Миний хувийн бодол байдаг юм. Бид жилд нэг удаа машинаа үзлэгт оруулах хуультай. Хэрэв оруулаагүй бол цагдаа торгодог. Тэгэхээр тэр хүн хүсээгүй ч машинаа үзлэгт заавал оруулдаг. Яг үүн шиг иргэн бүр жилд нэг удаа тогтсон үзлэгт орж байх хэрэгтэй. Хэрвээ тогтсон эрүүл мэндийн үзлэгтээ ороогүй бол торгох, тодорхой хариуцлага хүлээлгэх юм бол нөхцөл байдал арай өөр болно. Жил бүр иргэд хариуцлагатайгаар үзлэгтээ ороод явбал ганцхан хавдар биш, бүхий л өвчлөл эрс буурна. Мөн америкчууд өдөр бүр гүйдэг амьдралын хэвшилтэй. Энэ нь хавдрыг бууруулдаг гэх нарийн судалгаа байдаг. Гэхдээ үүнээс илүү баттай зүйл бий. Хүн хэр хэмжээнд хөдөлгөөн хийнэ, тэр хэмжээгээрээ эрүүл байдаг. Ганцхан хавдар биш. Бүхий л талаараа эрүүл байж болдог. Үүний суурь нь дасгал, хөдөлгөөн юм.

 

А.Даваадулам

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

С.Гэндэнжамц: ЭШ дөхсөн энэ үед хүүхдүүд хэт их ачаалал авахын оронд сайн унтаж амрах хэрэгтэй

Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга С.Гэндэнжамцтай элсэлтийн шалгалтын талаар ярилцлаа.


-Энэ жилийн элсэлтийн шалгалтад ямар хичээлүүд хамгийн их болон бага шалгуулагчтай байна вэ?

-Элсэлтийн шалгалтыг энэ сарын 18-нд эхлүүлэх бүх бэлтгэл ажил бүрэн хангагдаад явж байна. Энэ жил улсын хэмжээнд 50 шалгалтын төв дээр 43300 орчим хүүхэд шалгалт өгөхөөр бүртгүүлсэн. Нийт 10 хичээлээс математикийн хичээлээр 32 мянган шалгуулагч бүртгүүлсэн байгаа. Үүний араас англи хэл, нийгэм судлалын хичээлээр 30 орчим мянган шалгуулагч бүртгүүлсэн. Элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн хүүхдүүдийн 80 орчим хувь нь англи хэл, нийгэм судал, математикийн хичээлээр шалгалт өгч байна. Хамгийн бага хүүхэд шалгалт өгч байгаа хичээл гэвэл түүх, орос хэл, газарзүй гэсэн судлагдахуунууд юм. Энэ хичээлүүдээр шалгалт өгч байгаа хүүхдүүдийн тоо 1000 орчим бий. Энэ сарын 18-ны өдрийн өглөө 10:00 цагаас түүхийн хичээлээр элсэлтийн шалгалт эхэлнэ. Харин энэ сарын 21-ий өдөр монгол хэлний хичээлээр дуусна. Шалгуулагч нар өдөрт хоёроос гурван шалгалт өгөхөөр хуваариуд тавигдсан байгаа.

-Элсэлтийн шалгалт өгөх гэж байгаа хүүхдүүд юун дээр илүү анхаарах хэрэгтэй вэ?

-Нэгдүгээрт, шалгалтад ирж байгаа хүүхдүүд шаардлагатай гэсэн бичиг баримтуудыг бэлтгэх хэрэгтэй. Гол нь өөрийгөө нотлох баримт бичиг болон бусад хувийн бэлтгэлээ маш сайн хангаж ирэх ёстой. Суудлын хувиараа хэвлээд, иргэний үнэмлэхтэйгээ шалгалт өгөх өдрөө шалгалтын төв дээрээ нэг цагийн өмнө очсон байх ёстой. Мөн биеийн болон сэтгэл зүйн бэлэн байдлаа маш сайн хангах хэрэгтэй. Харин шалгалтын цагаа шууд тулгаж очих, яарч тэвдэх, сандрах, хоцрох, үүнээсээ болж шалгалтдаа амжилтгүй оролцлох асуудлууд гардаг. Тиймээс замын түгжрэл, бороо, цахилгаан гээд байгалийн бусад хүчин зүйлсийг ч нарийн тооцоолох хэрэгтэй. Хамгийн гол нь шалгалт дөхсөн энэ үед хэт өндөр ачаалал авах хэрэггүй.

Хүүхдүүд цаг нь тулаад ирэхээр өөр дээрээ хэт их ачаалал авах гээд байдаг. Өдөржин, шөнөжин цагийн менежментгүй сууснаасаа болж ядаргаанд орох тохиолдлууд байдаг. Түүнээсээ болоод шалгалтдаа амжилт үзүүлэх магадлал нь буурах тал бий. Тэгэхээр одоо үлдсэн хугацаандаа өдөрт хэдэн цаг хэрхэн шалгалтдаа бэлдэхээ нарийн төлөвлөх хэрэгтэй. Хамгийн гол нь сайн унтаж амарч, шөнийн нойроо хангалттай авах нь чухал.

-Харин эцэг эхчүүдийн хувьд юун дээр илүү анхаарах хэрэгтэй вэ?

-Эцэг эхчүүд, асран хамгаалагчид маань хүүхдэдээ хэт өндөр шаардлага тавихгүй байх хэрэгтэй. Чи заавал шалгалтаа сайн өгч өндөр оноо авах ёстой гэж хүүхдээ шахаж болохгүй. Энэхүү шахаж, шаардсан байдал нь хүүхдийн сэтгэл зүйлд дарамт, айдас бий болгодог. Энэ айдас, түгшүүрээс болж тухайн хүүхэд чаддаг зүйлээ чадахгүй болох сөрөг үр дагавар гардаг учраас үүн дээр анхаарах хэрэгтэй. Харин ч хүүхдэдээ илүү урмын үг хэлж дэмжих хэрэгтэй. Аль болох хүүхдээ тайван байлгаж, зөвлөн туслах замаар харилцан ажиллах хэрэгтэй.

А.Дулам

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

М.Энхбадрал: Ерөнхийлөгч УИХ-ыг шахаж, түрэмгий хандсан гэж үзвэл энэ нь парламентын дархлаа, бие даасан байдал алдагдсаны шинж

“Цогц Хөгжлийн Үндэсний Төв”-ийн гүйцэтгэх захирал, социологич М.Энхбадралтай ярилцлаа.


-Монгол бол НҮБ-ын 200 орны нэг эд эс болсон тусгаар улс. Тэр утгаараа манай дотоодын улс төрийн үйл амьдрал, Засгийн газар огцорсон асуудлыг дэлхийн хэвлэл мэдээллийнхэн анхаарч байна. Тэд бидний тухай чухам юу гэж мэдээлж байна вэ?

-Бүх орны хэвлэлийн мэдээг хараахан олж харж гүйцээгүй байна. Ерөнхийдөө зөвхөн Ерөнхий сайдыг огцорсон үр дүнгийн тухайд бус үйл явцыг эхнээс нь олон талын эх сурвалжууд мэдээлж байсан. Тухайлбал, Ерөнхий сайдын хүүгийн хэт тансаг хэрэглээ болон түүнийг тайлбарлаж чадаагүйтэй холбоотой жагсаал өрнөж байгаа тухай мэдээллүүд голчлон гарч эхэлсэн.

Ардчилсан улсад засгийн газар огцрох нь тийм ч гайхах зүйл биш. Сүүлийн 10 орчим жил Засгийн газар харьцангуй тогтвортой байж ирлээ. Гол нь уг процесс тогтолцооныхоо хүрээнд, хуулийн дагуу шийдэгдэж байгаа нь чухал. Монгол Улс ардчилсан, энх тайван замаар Засгийн газраа огцруулж, хариуцлага тооцож чадаж байна. Монголын парламент ажиллаж байна. Энэ бүхэн Монголыг муугаар харах шалтгаан болохгүй.

-Зарим орны хэвлэл манай Ерөнхийлөгчийг парламентын эрх чөлөөнд халдаж, гишүүдийг айлган сүрдүүлж байгаад Ерөнхий сайдыг унагаагаад оронд нь өөрийнхөө Тамгын газрын даргыг тавилаа гэж байна шүү дээ. Процедурын хувьд яг л тэгж харагдаж байгаа. Харин судлаачийн хувьд та ямар байр суурьтай байна вэ?

-Хэрэв тийм мэдээлэл гарсан бол Монголын улс төрийн нөхцөл байдал, иргэдийн амьдралын тухайд төдийлөн мэдээлэлгүй, нэг талыг барьсан байх талтай. Сүүлийн жилүүдэд, тухайлбал ковидоос хойш дотоодод мэдээллийн урсгалыг хянаж олон нийтийн санаа бодлыг удирдах гэсэн бохир технологи бараг хэвийн зүйл болсон. Угтаа үүний хохирогч нь Монголын нийгэм бүхэлдээ. Болоод өнгөрсөн үйл явдлыг зөвхөн нэг шалтгаанаар тайлбарлах нь өрөөсгөл. Нийгмийн бухимдал их байсан нь үнэн, улс төрийн зөрчил байсан нь ч үнэн, Ерөнхий сайд хүү болон бэрийнхээ тансаг хэрэглээг тайлбарлаж чадаагүй нь ч бас үнэн. Энэ бүхний үр дүнд эрх мэдлийг дахин хуваарилах процесс өрнөж байна. Залуучууд шударга бусын эсрэг байр суурьтай байгаагаа маш тодорхой илэрхийллээ. Эндээс зайлшгүй онцлох зүйл бол МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах шийдвэрийг үндсэндээ сөрөг хүчин бус эрх баригч МАН гаргасан. Иймд алдаа дутагдлаа бодитоор үнэлж байж дараагийн үйлдлээ зөв хийх боломж үүснэ. Засаглалын хамгийн чухал чанар болох хүлээн зөвшөөрөгдөх шинжээ нэгэнт алдсан засаглал урт хугацаанд орших ямар ч боломжгүй. Ийм нөхцөлд огцрохгүй гэх аливаа оролдлогууд нь уг хямралыг илүү өргөжүүлж нийгмийн хямралд хөтлөх эрсдэлтэй байсан. Ерөнхийлөгч парламентыг шахаж, түрэмгий хандсан гэж үзвэл энэ нь парламентын дархлаа, бие даасан байдал алдагдсаны шинж. Парламент дүгнэлтээ хийх ёстой. Шалтгаан нь парламентыг ажиллах боломжгүй болгосон их эвсэл болж таарна. Сөрөг хүчингүй парламент бол парламент биш. Үүнд өөр тайлбар байхгүй. Иргэд, тэр дундаа залуучууд нэг хүний, түрэмгий дарангуй засаглалыг хүлцэн тэвчихгүй гэдгээ сая маш тодорхой харуулсан. Иймд Монголд засаглалын дэглэмийг өөрчлөх аливаа санаархал хэн нэгэнд бий бол тэр нь тогтолцооны хувьд ч, нийгмийн уур амьсгал хандлагын хувьд ч боломжгүй зүйл.

-Ер нь дэлхийн хэвлэлүүд Монголын талаар ингэж бичих нь манай нийгэм, эдийн засагт ямар нөлөөтэй вэ?

-Өмнө дурдсанчлан тэгтлээ сөрөг мэдээлэл олж үзээгүй байна. Олон улсын хэвлэлүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд хүү болон бэрийнхээ тансаг хэрэглээг тайлбарлаж чадаагүйнхээ төлөө огцорсон тухай түлхүү мэдээлсэн. Эсрэгээрээ Монголд шударга бус байдал, авлигыг хүлээн зөвшөөрөөгүй залуучууд, иргэд, парламент нь Ерөнхий сайд, Засгийн газраа огцруулж чадаж байгаа нь Монголд ардчилал байгааг олон улсад харуулсан эерэг үзүүлэлт болно.

-Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын эхлүүлсэн мега төслүүдийг дараагийн Засгийн газар үргэлжлүүлэн хэрэгжүүлж чадах болов уу?

-Алдаа байвал засаад, сайн бодлогоо үргэлжлүүлэх нь мэдээж зөв. Гэвч өнөөгийн эдийн засгийн нөөц, бодит байдлаа аваад үзвэл 14 мега төслийг эрэмбэлэх шаардлагатай. Төслүүдээ эрэмбэлээд хамгийн ач холбогдолтой, үр ашигтай гэж үзсэн төслүүдээ нэн тэргүүнд хэрэгжүүлэхэд гол нөөцөө зарцуулах нь зөв болов уу. Эдийн засагчид үүнд тодорхой хариу өгөх нь зохистой. Нөгөөтэйгүүр УИХ-аас Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үйл ажиллагааг бодитоор үнэлж, цэгнэх ёстой. Үндсэндээ хяналтгүй, сөрөг хүчингүй засаглал эдийн засгийн зөв бодлого хэрэгжүүлэхэд хүндрэлтэй нь харагдлаа. Бүх талын эрх ашгийг хангасан үрэлгэн төсвийг Монголын эдийн засаг дийлэхгүй нь тодорхой байна. Иргэд, бизнесүүд хэдийнээ бүсээ чангалаад, дахиж чангарах орон зай барагтай үлдээгүй ийм нөхцөлд байна. Тэгэхээр төр хэмнэлтээ өөрөөсөө эхлүүлэх ёстой. Хамгийн үрэлгэн зардлууд хаана байгаа нь илхэн байна шүү дээ.

-Одоо шинээр бүрдэх Засгийн газрын талаар та ямар төсөөлөлтэй байна вэ. Хэр тогтвортой ажиллаж чадах бол?

-Засгийн газрын тогтвортой байдал үндсэндээ сөрөг хүчнүүдээс гэхээсээ илүү эрх баригч намын дотоод зөрчлөөс л шийдэгдэнэ. Иймд сонгуулиар олонхын санал авсан МАН-ын үндсэн ажил, хариуцлага одооноос эхэлж байна. Энэ Засгийн газрын хамгийн олзуурхууштай нь сөрөг хүчинтэй Засгийн газар болно гэж харж байна. Сүүлийн 10 жил Монголд сөрөг хүчин, тэнцвэр, хяналт байсангүй. Парламентын бие даасан байдал алдагдахдаа хүрсэн энэ нөхцөл байдлаас гарах боломж байна. Шинэ Засгийн газар асуудлаа зөв эрэмбэлж, иргэдийн амьдралд бодит нөлөөгөө өгөх эдийн засаг болоод нийгмийн зөв бодлогоо хэрэгжүүлж, чанартай ажиллаж чадвал Засгийн газар тогтвортой байх бүрэн боломжтой.

 

М.МӨНХ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

А.Болд: Хоёрхон хүний саналд тулгуурлаж автомашины татварыг 3-10 дахин нэмсэн гэх үндэслэл иргэдээсээ хулгай хийж буй хэлбэр шүү

Төсвийн байнгын хороо энэ долоо хоногт авто тээврийн татварын нэмэгдлийг цуцлах тухай хэлэлцүүлэг хийсэн. Энэ талаар иргэн А.Болдтой ярилцлаа.


-Төсвийн байнгын хорооны хэлэлцүүлгийг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Автотээврийн татвар нэмэх гэж байгаа талаараа иргэдэд урьдчилж мэдэгдэхгүйгээр дур зоргоороо 3-10 дахин нэмсэн. Харин ямар үндэслэлээр татварыг нэмсэн юм бэ гэхээр иргэдийн дунд санал асуулга явуулсан гэж хариулж байна. Тэгвэл санал асуулгад чинь хэдэн хүн оролцсон юм бэ гэхээр хоёр хүн оролцсон гэх хариулт өглөө. Тэгэхээр хоёр хүний саналд тулгуурлаад автотээврийн татварыг нэмсэн гэсэн үг. Нийслэлийн 1.7 сая иргэнийг хоёр хүн төлөөлж чадах уу. Гэтэл нийслэлийн төсөв хэлэлцэхэд энэ асуудал дотор нь байсан гэж тайлбар тавиад байгаа юм. Тэдний хэлснээр бол иргэд анх нийслэлийн төсөв хэлэлцэхэд өөрсдөө үүнийг олж уншаад саналаа хэлэх ёстой байсан гэнэ. Иргэдэд тийм олон тоон дундаас тэрийг олж унших бололцоо бий юу. Энэ бүгдээс харахад автомашины татварыг хулгайн арга хэрэглэж нэмсэн гэдэг нь илт байна. Нийслэлийн жилийн төсөв гэхээр бараг бүтэн номын дайтай зузаан бичиг баримт, статистик байгаа биз дээ. Энэ дундаас иргэд өөрсдөө хайж, шүүж уншаад саналаа өгөх ёстой гэж хэлэхээсээ ичээсэй. Нэгдүгээрт, иргэдэд тийм боломж байхгүй. Хулгайн маягтай татвар нэмэх асуудал орж ирэхээр иргэд эсэргүүцэж, нээлттэй парламент дээр олон мянган хүн, шүүх хүртэл ямар ч үндэслэлгүй татвар нэмсэн байна гэлээ. Үндэслэлээ тайлбарла гэхээр юу ч хэлж чадахгүй. Тэгээд ямар ч логикгүй санаа зохиож ярина. Иргэд тэнэг үү. Зам засах гээд татвар нэмсэн гэнэ.

Хэдийгээр зам засах гэж байгаа ч шууд 3-10 дахин татвар нэмнэ гэдэг өөрөө бас үндэслэлгүй асуудал шүү. Мөн үүнийгээ тайлбарла гэхээр чадахгүй. Манай эрх зүйн зохицуулалт дутагдалтай юм шиг санагдлаа. Хэдээс дээш хүн санал өгсөн тохиолдолд энэ бодлого дэмжигдэнэ гэсэн босго байдаггүй юм байна. Ер нь хоёр хүн оролцохгүй, дэмжихгүй байсан ч шууд шийдвэр гаргадаг. Тиймээс үүн дээр юун түрүүн босго тогтоож, хуулийн зохицуулалт хийж өгөх хэрэгтэй.

-Татвар нэмэх нь түгжрэл бууруулах арга мөн үү?

-Татвар өндөр байвал иргэд машин унахгүй, автобусанд сууна. Тиймээс тээврийн хэрэгсэл цөөрч, түгжрэл байхгүй болно гэж бодож, сэтгээд байгаа хүмүүсийг яах вэ. Хэлэх ч үг олдохгүй юм. Яахав, олон улсад иймэрхүү санхүүгийн хөшүүргүүд байдаг. Гэхдээ олон улсад ийм байлаа гээд манайд тохирно гэсэн үг биш. Түгжрэл, татвар, автозам гээд энэ бүгдийг иргэдтэйгээ хэлэлцсэний үр дүнд шийдэх хэрэгтэй. Гэтэл иргэдээс санал асуулга авсан уу. Юуг ч асуухгүйгээр шууд татвар нэмээд бүх зүйл сайхан болно гэхээр иргэд бухимдаж эсэргүүцэх нь аргагүй. Нэгдүгээрт, энэ шийдвэрийг гаргахдаа огт иргэдтэй зөвлөлдөөгүй. Хоёрдугаарт, энэхүү шийдвэр иргэдийн амьдралын бололцоотой уялдахгүй байна. Манайх ямар Хойд Солонгос биш дээ. Ардчилсан орон байж иргэдээ ингэж боомилохоосоо ичээсэй. Шууд дайрч орж ирээд татвар нэмлээ, төл гэдэг чинь үнэхээр бүдүүлэг шүү. Мэдээж, зам сайтай, түгжрэлгүй бол татвар нэмэхэд эсэргүүцэх зүйл алга. Зам нь там болчихсон. Өдөр бүр зам дээр хэдэн цаг түгжирнэ. Зуны халуунд хөлсөө цутгуулаад зогсдог. Өвөл нь зам дээр таг гацаад машин дотроо даарч бээрнэ. Нийтийн тээвэр огт хөгжөөгүй. Метро ч үгүй байж татвар нэмнэ гэдэг иргэдээсээ хулгай хийж буй нэг хэлбэр.

Өмнө нь 200.000 төгрөгийн татвар төлдөг байсан хүн одоо 600.000 төгрөгийн татвар төлж байна. Өнөөдөр иргэдээс татвар аваад маргааш бүх зүйл сайхан болох юм шиг зүйл ярьсан. Гэтэл юу ч өөрчлөгдсөнгүй. Бүр л дордсон. Татвар төлөх хугацааг зарлахдаа бараг бүх мэдээллийн сайт бусад платформуудыг ашиглаж иргэдэд хүртээмжтэй хийдэг юм билээ. Татвар нэмэх асуудалд иргэдээс санал авахыг хүсч байсан бол гар утсанд нь мессэж илгээж болох байлаа. Гэтэл огт тийм зүйл хийгээгүй шүү дээ.

-Ердөө нэг иргэн тээврийн хэрэгслийн татварыг бууруулъя гэж 

уриалахад 33 мянган гарын үсэг цуглуулсан байна. Та үүнийг юу гэж ойлгож байна вэ?

-Манай удирдлагууд иргэдээ сонсоно гэдэг ч огт сонсдоггүй. Энэ бол үүний баталгаа. Сүүлдээ төрийн хийх ёстой ажлыг энгийн иргэн өмнөөс нь хийж өгч байна. Жишээ нь, Японд татварын асуудал дээр заавал иргэдийн дунд өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлж шийдвэр гаргадаг. Японы дарга нарын шийдвэр дандаа зөв байдгийн гол шалтгаан нь иргэдээсээ бүх зүйлээ асуудаг, сонсдогт байгаа юм. Манайд иргэдээ огт сонсохгүйгээр шийдвэр гаргахаар ийм үймээн самуун, зөрчилтэй байх нь аргагүй шүү дээ. Автозамын татвар нэмж нийт 132 тэрбум төгрөг цуглуулсан гэсэн. Гэтэл сая автозамын дарга нар нь 70 орчим тэрбум төгрөг гэлээ. Зөрүүтэй мэдээлэл яваад байх шиг. Хамгийн гол нь энэ мөнгөөр иргэдэд ээлтэй юу хийсэн бэ. Зунжин замын бродюр сольж, зассан. Одоо бүр явган хүнийхээ замын бродюр руу орж байна. Энэ бол нийслэлд цэвэр ашиг олдог бизнес гэж хүмүүс сошиалд шүүмжлээд эхэллээ.

-Хэлэлцүүлэг дээр нэг дарга автозамын татвар багасвал иргэдэд алдагдалтай гэсэн. Мөн автозамын татвар гэдэг өөрөө таны машиныг аюулгүй, найдвартай явуулж байгаа аргачлал гэж хэлсэн. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Ямар ч логик алга. Олон дарга ямар ч логикгүй зүйлс ярьсан. Жишээ нь, машины татварыг нэмэхгүй бол приус унах нь автобусанд сууснаас хямд тусаад байна. Тийм учраас хүмүүс приус авч унаж байна. Нэгдүгээрт, энэ битүү түгжрэлд приустэй хүн автобусаар явж байгаа хүнээс бага зардалтай байх уу. Хоёрдугаарт, иргэдэд машин авч унах, унахгүйг хотын дарга заах эрхгүй шүү. Иргэдийн бүх зүйлийг заах гээд дайраад байх юм. Мөн нэг дарга иргэд машин авч унах гээд иргэний үнэмлэхээ ломбардад тавьж байна гээд амьдралаас тасарсан юм ярьсан. Хаана иргэний үнэмлэхээ ломбардад тавиад машин авч унаад байгаа юм. Машин унаж байгаа иргэдийг болиулвал автобусанд сууна ч гэх шиг. Ийм логикгүй, балай юм ярихаа зогсоох хэрэгтэй. Бүх зүйлийг загнаж, зандарч шийднэ гэдэг ойлголттой болчихсон. Байнгын хорооны хурлыг харж байхад УИХ-ын гишүүдээ хүртэл загнаж байна. Гадаа гараад иргэдийг загнаж зандарч байсан. Хэнийг дуурайгаад байгаа юм. Өөрсдөд нь зохихгүй байна шүү дээ. Коммунист дэглэмтэй улс оронд амьдарч байгаа юм шиг. Хэний ч саналыг сонсохгүйгээр шийдвэр гаргаад үүнийг дага гэж загнадаг. Манай орон шиг дурын хоёр хүний санал дээр тулгуурлаж шийдвэр гаргадаг улс хаана ч байхгүй шүү.

А.Даваадулам

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл эдийн-засаг

Б.Лхагважав: Засгийн газраа цомхон болгоод, төсвийн тодотгол оруулж 30 хувиар танах хэрэгтэй

“Урбанек” компанийн захирал, эдийн засагч Б.Лхагважавтай ярилцлаа.


-УИХ-ын чуулганаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудал хэлэлцэгдэж, улмаар огцорсон. Тэгвэл энэ асуудал дээр Ерөнхийлөгч орж ирж үг хэлж, Ерөнхий сайдыг огцруулахад нэлээд үүрэгтэй оролцож гэж үзэх хүмүүс байна. Энэ асуудал дээр та юу хэлэх вэ?

-Сүүлийн 10-аад жилийн хугацаанд манай улс төр нэг л гол тоглогчтой болсон шүү дээ. Тэр нь одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх. Өнөөдөр ч улс төрийн бүх тоглолт энэ хүнээс хамаарч байгаа.

Сая Ерөнхий сайд огцорсон, одоо шинээр томилогдож байгаа процесс зэрэг 100 хувь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хяналт хараа, томилолт дор явагдаж байгаа. Хоёрдугаарт, хамгийн эмгэнэлтэй нэг зүйл байна.

МАН-ын Бага хурал, чуулганаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудал явах үеийг харахад нийгэм, залуучуудын тавьж байгаа шаардлагаас тэс ондоо юм гараад явчихсан. Энэ үеэр ёс суртахууны асуудлыг ярих ч үгүй байгаа байхгүй юу. МАН өөрөө бараг тийм ойлголтгүй байна. УИХ-ын Байнгын хороо, чуулганы хуралдаан дээр ч ёс суртахуун ярих хүн гарсангүй. Нэг үгээр төр барьж байгаа эрх мэдэлтнүүд амьдрал, ёс суртахуунаас дэндүү тасарсан байна.

-Ёс зүйн хариуцлага хүлээсэн бол Л.Оюун-Эрдэнэ огцрохгүй байж болох байсан гэх гээд байна уу?

-Ер нь цаад талдаа Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид таалагдахаа л байсан асуудал. Хоёрдугаарт, эд нарын тоглоомын дүрэм хоорондоо зохицохоо байсан. Гуравдугаарт, эрх мэдэлд очихоороо нийтийн баялаг, санхүүгийн эзэн юм шиг ханддаг хандлага сүүлийн 15 жил бий боллоо. Дуртай хөшөөгөө бариад, буулгаад л, түүнийг нь хэн ч хянадаггүй. Хөшөө буулгах, барих явцаараа ёс суртахууны хариуцлагаа Л.Оюун-Эрдэнэ аль дээр үед хүлээх ёстой байсан. Түүнээс хойш манай МАН дотор, парламент дотор ёс суртахууныг шийддэг зүйл байхгүй учраас сүүлдээ хүүхдийн тоглоом шиг болоод өнгөрчихсөн юм. Ер нь сүүлийн 10 жилийн хугацаанд У.Хүрэлсүх гэж хүний дэвшүүлсэн Ерөнхий сайд нар, түүний “шатрын хүү”-нүүд хаана, хэн тавигдана. Тэр нь хэр томрохоос л бүх зүйл шалтгаалж байгаа. Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн 2024 оны сонгуульд ялалт байгуулчихаад дангаараа засаг байгуулах боломжтой байсан ч хэд хэдэн зүйлээс айсан. Хамгийн их айсан нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх. Мөн өөрийнхөө намын гишүүдэд итгээгүй. Итгээгүй шалтгаан нь манай намын жагсаалтаар орж ирсэн 25 хүн нийлээд нэг Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, С.Баяр болж чадахгүй. Яагаад гэхээр улс төр гэдэг чинь өөрийн гэсэн чадал, оюуны хэмжүүртэй. Мөн бараг 60-аад хүнтэй сөрөг хүчин байна. Тэр дотор нь манай жагсаалтын 25-ыг бараадуулахгүй нөлөөтэй хүмүүс ороод ирсэн учраас тэр айсан. Тийм ч болохоор бүгдийг нь хамруулсан засаг байгуулсан нь Л.Оюун-Эрдэнийн том алдаа. Үүнээсээ болоод өөрөө өөрийгөө хянаж чадахаа байгаад, бүх юмны дарга шиг ойлгосон. Нөгөө талаасаа Монгол Улсын Ерөнхий сайд гэдэг бол Ерөнхий сайд л байх ёстой. Түүнээс биш хэн нэгний “шатрын хүү”, хүүхэлдэй, үлгэр заавраар явдаг нөхөр гарч ирэх л юм бол унаж дуусдаг гэдгийг ойрын 12 жилийн түүх харуулж байна шүү дээ.

-Шинээр Ерөнхий сайдад томилогдож байгаа Г.Занданшатар гэж хүний тухайд та юу хэлэх вэ?

-Ойрын зургаан жилийн хугацаанд У.Хүрэлсүх ба түүний үнэнч “хүүхдүүд” Д.Амарбаясгалан, Г.Занданшатар, Я.Содбаатар гэсэн хэдхэн хүмүүс л Монгол Улсын институт болгоны оройд тавигдана. Үүнээсээ өөрөө гарч чадахгүй байгаа нь хамгийн том аюул. У.Хүрэлсүхийн ойрын хүрээний 6-7-хон хүн Монгол төрийг сүүлийн 10-аад жил удирдлаа. Одоо дахиад 5-6 жилийн хугацаанд ийм байна. Ний нуугүй хэлэхэд, МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшсэн хэн ч бай унана. Манай намын дүрмээр Их хурал хуралдана. Тэр үед У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн ажлаа өгчихсөн байна. Тэгээд намын дарга болоод 2028 оны сонгуульд намаа ялуулаад Ерөнхий сайд болно. Яагаад гэвэл өнөөдрийн улс төрийн тавцан дээр түүнтэй эн тэнцүү тоглогч алга. Тийм болохоор нэг их онцгой юм хүлээгээд хэрэггүй. Харин Л.Оюун-Эрдэнэ огцорсны дараахь эерэг нэг үр дүн байгаа.

-Тэр нь юу вэ?

-Өнөөдөр дэлхийн улс төр, эдийн засгийн байдал маш хүнд байдалтай байна. Тийм учраас бид яг үүний эсрэг маш цомхон Засгийн газар, төрийн бүтэц, оновчтой төсөвтэй болох бололцоо байсан. Гэвч Л.Оюун-Эрдэнэ үүнийг хийж чадаагүй. Ерөнхий сайд болоод л улсын төсвөө гурав янзалсан шүү дээ. Тэр үед нь иргэд эсэргүүцэж, хоёр их наядаар танаагүй бол өнөөдөр дахиад л том зовлон болох байлаа. Тэгэхээр одоо Г.Занданшатар хүссэн хүсээгүй МАН дотроосоо засгаа байгуулна. Тиймээс засгаа цомхон болгоод одоогийн төсвийг 30 хувь танаад төсвийн тодотгол шууд оруулж ирэх хэрэгтэй. Илүү, дутуу, бусад намын бүх хүмүүсийг зайлуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол 220 мянга гаруй төрийн институци, дээрээс нь МАН-ын 250 гаруй мянган гишүүнийг бүгдийг нь тэжээх нь өнөөдрийн монголчуудын маш их зовлон болчихсон байгаа.

-Ингэж цомхон засаг байгуулж чадах болов уу?

-Үүрэг нь шүү дээ. Манай татвар төлөгчид, бизнесийнхэн өнөөдөр үгээ хэлж байна. Инфляци одоо 8.3 хувь, төгрөгийн ханш хэчнээн сулрав. Хамгийн гол аюул нь дэлхий дээр ам.долларын ханш 10 хувиар чанараа алдаж байхад манай төгрөгийн ханш 20 хувиар унасан. Ингээд манайд давхар цохилт болж байна. Дээр нь уул уурхайн бүтээгдэхүүний үнэ 40 хувиар уначихлаа. Үүнийг дагаад уул уурхайн компаниуд бүгд зогсонги, ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй байдалтай боллоо. Тийм болохоор уул уурхай, гэнэтийн орлогыг дагаж төсвөө томруулдаг байдлыг арай өөр өнцгөөс харах хэрэгтэй болсон. Тэгэхгүй болохоор жаахан эерэг байхад нь баахан тараагаад, унахаар нь улсаараа дампуурчих гээд байна.

-Та түрүүн МАН дангаараа засгаа байгуулах ёстой гэсэн. Гэтэл бас л хамтрах тухай яриа яваад байна шүү дээ?

-Парламентын амин сүнс нь цөөнхдөө байдаг юм. Бид 2000 оноос хойш дандаа цөөнхгүй шахам явж ирсэн. Ингээд парламент өөрөө амин сүнсгүй болоод байсан. Тийм ч учраас өнгөрсөн сонгуулиар АН-ыг ард түмэн хяналтаа тавь л гэж санал өгсөн. Ялангуяа 2016-2024 оны хооронд үүссэн 8-10 их наяд төгрөгийн алдагдал байгаа. Энэ жинхэнэ алдагдал байв уу, луйвар байсан уу гэдгийг гаргаж ир гэж л ард түмэн цөөнхийг бий болгосон. Гэвч Л.Оюун-Эрдэнэ цөөнхгүй явах гэж үзээд уналаа. Тэгэхээр одоо Г.Занданшатар нэгэнт ийм том хамгаалалттай, бололцоо байгаа дээр цомхон Засгийн газраа байгуулаад парламентаа амьдруул. Өөрөө парламентын гишүүдийг нэмэх, төрийн нийтийн хамааралтай өмчийн хуульд өөрчлөлт оруулах ажлыг хийсэн УИХ-ын дарга байсан хүн. Тийм болохоор энэ зарчим дээрээ өөрөө зогсох ёстой.

-Төрийг цомхотгох хэрэгтэй гэж байна. Гэтэл ингэх юм бол “арьсыг өвчинө” гээд хэлчихсэн. Тэгэхээр ингэж чадах юм болов уу?

-Ил, далдаар бараг л төрийг хүчирхийлсэн мэдэгдлүүдийг хийсэн байна лээ. Гэвч тийм юм байдаггүй юм. Эцсийн эцэст сая сөрөг хүчин хийх ёстой нөхдүүд ажлаа хийгээгүй. Зөвхөн нийгэмд хэдхэн хүн, Өдрийн сонин, MN25 телевиз сөрөг хүчин хийсэн шүү. Тийм болохоор одоо тэд ажлаа хийх хэрэгтэй. Манай ард түмэн өнөөдөр идэх хоол, цалин цавуу гэхээсээ илүүтэй өнөөдөр ёс суртахуун шаардаж байгаа. Сая энэ асуудлаар л Ерөнхий сайдаа огцруулсан. Тэгэхээр үүнийг олонх нь, сөрөг хүчин нь сайн бодох ёстой.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Улс төр судлаач Б.Анхзаяа: Богино наслахаас айгаад эвслийн Засгийн газар байгуулах юм бол олон нийтийн сонголтыг дахиад л үгүйсгэж байгаа хэрэг

Улс төр судлаач Б.Анхзаяатай ярилцлаа.


-Дараагийн ерөнхий сайдад МАН-ын бага хурлаар Г.Занданшатарыг нэр дэвшүүллээ. Одоо Чуулганаар хэлэлцэнэ. Улс төр судлаачийнхаа хувьд та энэ том өрнөлийг хэрхэн харж дүгнэж байна вэ?

-2024 оны сонгуулийн үр дүнг үгүйсгэж, хатуухан хэлбэл, олон нийтийн сонголтыг доромжилсон, хамтарсан Засгийн газар хэзээ ч огцрохгүй мэт аашилж байв. Олонх болсон нам нь хамгийн их суудал авсан намуудаа элсүүлээд хамтарсан Засгийн газар байгуулчих л юм бол сонгууль хийх ямар ч утгагүй. Онолын бус зүйл олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөггүйг, хэчнээн том хамтрал байсан ч ард түмний хүсэл сонирхол тэнд тусаагүй л бол огцорч болдог жишээг харлаа. Олон нийтээ, сонгогчдоо битгий басамжлаарай улстөрчид өө гэдэг л агуулга энэ үйл явдлаас тод харагдлаа. 2008 онд мөн С.Баяр стандарт бус Засгийн газрыг байгуулж байсан. Тэндээс МАНАН үүссэн ч гэж ярьдаг. Гэтэл МАНАН-ийн эсрэг хөдөлгөөнийг нам дотроо ч талбай дээр өрнүүлж байсан хүн Ерөнхий сайд болоод дахиад МАНАН-г үүсгэхийг оролдлоо. Энэ бол зарчимгүй зүйл. 2008 оныг бодвол олон нийтийн улс төрийн идэвх оролцоо, боловсрол нэмэгдэж байна. Тэр тусмаа залуус энэ хуучин улс төрийн технологиудын эсрэг хүчтэй дуу хоолойгоо хүргэж байна. Энэ дуу хоолой цаашид ч улам идэвхжих нь мэдээж. Тэгэхээр улстөрчид, улс төрийн намууд хүссэн ч эс хүссэн сонгогчдынхоо хүсэл сонирхолд нийцүүлж улс төрөө хийхээс өөр аргагүй.

-Ерөнхий сайдын хувьд дан дээлтэй болж таарах нь. Ер нь дан дээлтэй, тэр дундаа Ерөнхий сайд болсон тохиолдол хэд вэ. Дан дээлтэй Ерөнхий сайдын зовлон нь юу байдаг бол?

-Ерөнхий сайд өөрөө дан, давхар дээлтэй байх нь төдийлөн чанарын ялгаа гарахгүй л болов уу. Тухайн хүний эрх ашгийг тэнцүүлэх улстөрчийн ур чадвараас хамаарах байх. Өмнө нь С.Баяр, У.Хүрэлсүх нар дан дээлтэй Засгийн газрын тэргүүн хийж байсан түүхтэй. Харин Засгийн газрын бүрэлдэхүүнээ хэр их давхар дээлтэй сайдуудаар бүрдүүлэх нь кабинетынх нь насжилтад бага хэмжээгээр нөлөөлөх талтай юм. Сая огцорсон Засгийн газар бол 100 хувь давхар дээлтэй сайд нараар танхимаа бүрдүүлж байсан. Энэ нь Засгийн газрын бодлогоо түлхэхэд нэмэртэй байсан юм гэхэд парламентын чадамжид эсрэгээрээ сөрөг нөлөөтэй. УИХ-ын зарим гишүүдийн хэлж байснаар парламент нь Засгийн газрынхаа хуулийн хэлтэс, ажлын алба шиг ажиллаж байсан нь үнэн. Уг нь энэ алдагдсан тэнцвэрийг хадгалах ёстой. Гэхдээ Ерөнхий сайд танхимынхаа насжилтыг тооцоод дийлэнхдээ давхар дээлтэй сайд нараар бүрдүүлэх болов уу гэж таамаглаж байна. Энэ мэт ээдрээтэй олон асуудал Ерөнхий сайдыг хүлээж байна даа.

-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн ямар байх асуудал улс төрийн болоод нийгмийн анхаарлыг маш их татаж байна. МАН-ын хувьд дангаараа засаглах асуудлыг ярьж байгаа. Ер нь дангаараа засаглах нь зөв үү?

-МАН-ын бага хурал дээр нэр дэвшигчид дангаараа засаглана гэх мөрийн хөтөлбөр дэвшүүлж дэмжлэг авсан гэж ойлгосон. Тэгэхээр МАН-ын гишүүд дангаараа засгаа байгуулах хүсэлтэй байгаа юм байна. Ер нь сонгуулийн үр дүнгээ харсан ч тэр, улс төрийн онолоо дагасан ч тэр олонх болсон нам дангаараа засаглаад явах нь зөв. Яагаад өөрийн намын 68 кноптоо итгэхгүй байгаа юм бэ.

Сонгогчид МАН-д итгэл хүлээлгэж 68 суудалтай болгосон байхад нам нь энэ 68-даа итгэхгүй байж болохгүй. Шийдвэр гаргах хууль батлахад хангалттай тоо. Өөр утгаар нь харвал МАН бол зүүн төвийн үзэл баримтлалтай нам Засгийн газарт орж ажиллахыг урихдаа ядаж ижил чиг баримжаа үзэл баримтлалтай намаа урих ёстой. Одоо УИХ-д суудалтай АН, ХҮН нам бол баруун төвийн үзэл баримтлалттай намууд. Үзэл баримтлалаа дагаж мөрийн хөтөлбөрөө боловсруулдаг л баймаар. Энэ бодлогууд шийдвэр гаргах түвшинд зөрчилдөнө биз дээ. Тэгэхээр эндээс юуг харж болох вэ гэхээр улс төрийн намуудын төлөвшлийн асуудал бидний анхааран сайжруулах ёстой зүйл мөн. Намууд нь үзэл баримтлалаараа ялгарч төлөвшихгүй болохоор бүх түвшинд бүх зүйл эмх замбараагаа алдаж, зарчим онол алдагдаад байна. Зүүн төвийн үзэл баримтлалтай олонх болсон нам баруун төвийн намуудад санал тавихад татгалзах улс төрийн соёл ч алга. Бүр хамтарсан Засгийн газарт байсан АН, ХҮН намын дарга нар нь би Л.Оюун-Эрдэнэд итгэсэн, хэрвээ хамтрахгүй л бол сөрөг хүчний ажлаа хийсэн шиг хийнэ гэх хачин бүдүүлэг мэдэгдлийг удаа дараа хийсэн. Юу гэсэн үг вэ. Парламентад байгаа намууд чинь улс орны эрх ашгийн төлөө ажиллах ёстой биш бил үү. Хамтарвал сайн ажиллана, хамтрахгүй бол ажил хийлгэхгүй гэж ярьж болохгүй.

-Дангаараа засаглахын давуу болон сул тал нь юу байх бол, улс төрийн нөхцөл байдал талаасаа?

-Сонгогчдид МАН-ыг эрх барьж, АН, ХҮН намыг сөрөг хүчин болж ажилла гэдэг захиалга өгсөн. Энэ захиалгыг биелүүлэх нь намууддаа ч, засаглалдаа ч хэрэгтэй. Сөрөг хүчингүй парламент бүрдчихсэн болохоор олон нийт сөрөг хүчний ажлыг хийж залуус жагссан гэж харж байгаа. Ер нь байх ёстой зүйлийг байх ёстойгоор нь ярьж хэлэхгүй л бол хуйвалдааны зарчмаар энэ бүхэн яваад байна. Дангаараа Засгийн газар байгуулахын сул тал зарчмаараа ч байхгүй. Дангаараа байгуулах нь богино насалж магадгүй гэх агуулгууд яваад байна лээ. Хэрэв тийм бол энэ МАН-ын л асуудал юм биш үү. Ер нь Ардчилсан парламентын тогтолцоотой улсад Засгийн газар огцорч л байдаг. Богино наслахаас айгаад дахиад эвслийн Засгийн газар байгуулах юм бол олон нийтийн сонголтыг дахиад л үгүйсгэж байгаа хэрэг. Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөөгүй бол тэгээд урт наслахгүй нь мэдээж. Хэрэв жижиг намууд олонх болсон МАН-тай хамтарч Засгийн газар байгуулах нь үнэндээ тэдэнд ямар ч ашиг тус байхгүй. 2028 оны сонгуулиар МАН-ын хийж чадаагүй ажлын “гай”-г үүрээд л сонгогчидтойгоо нүүр тулах байх. Улс төрд гуравдагч хүчин төрөх боломжийг МАН дахиад л үгүй хийж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн хоолыг хараад өөрсдийгөө хорлож байгаагаас ялгаагүй. Уг нь жижиг намууд хөгжиж төлөвшиж улс төрийн тоглоомын тойрогт орж ирж өрсөлдөх нь бидэнд их л тустай юм. Дахиад хэлэхэд, олонхын суудал авсан нь олонхын суудал авсан шигээ засаглаад, нөгөөдөх нь хяналтаа тавьсан шиг тавиад явах хэрэгтэй гэдгийг л хэлмээр байна. Хяналтын ажлыг чамбайруулах үйл явц гэж харах ёстой болохоос биш ажлын тушаа чөдөр гэж харахаа л болимоор байна.

-Дангаараа засгаа бүрдүүлээд явбал нөгөө хамтарсан засгийн үед гаргасан том төслүүд явах боломжгүй гэж үзэх үү. Ер нь дан Засгийн газар эдийн засгийн томоохон ямар ажлуудыг хийх боломжтой бол?

-Шуудхан хэлэхэд, энэ бол шалтгаан биш зүгээр шалтаг. Засгийн газраа авч үлдэх арга нь барагдсан экс Ерөнхий сайдын, энэ засагт үлдэж амиа зогоох гэсэн намын дарга нарын хэлсэн зүгээр шалтаг. Өнгөрсөн найман жил МАН үнэмлэхүй олонх байхад энэ ажлуудаа хийхэд хэн саад болсон юм бэ, байхгүй. Хамгийн түрүүнд 14 мега төслөө ач холбогдлын дарааллаар нь эрэмбэлэх ёстой. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Золжаргал маш тодорхой байр суурь илэрхийлж байгаа харагдсан. Экс Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд гадна дотно эдийн засгийн нөхцөл байдал ямар ч байлаа гэсэн бид энэ 14 мега төслийг хийх л ёстой гэж муйхарласаар тэрэндээ өөрсдөө бүдэрчихсэн. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд, яаж ч кармагаа ухсан ийм боломж байхгүй байхад төсвөө ч тодотгохгүй гэж чичрээд 14 мега төслийг улсын төсвөөс гадуур хийж, хяналтаас гадуур явахыг санаархсан нь ч үнэн. Төслүүдээ хэрэгжүүлэхийн тулд мөнгө нь төсөөлснөөс дутчихсан учир томоохон ордуудаараа бартердах санаархал ч яваад байсан. Гишүүдийн хэлдгээр энэ бол үндэсний аюулгүй байдалд ч халдаж мэдэхээр аюултай зүйл.

-Тэгэхээр ямар төслөө явуулах ёстой гэж…?

-Нэн тэргүүнд шаардлагатай эрчим хүч, хил холболтын төслүүдээ эхлүүлснээрээ явуулаад тэр уул нүхэлж тунель барих, хүнгүй газар хот байгуулах биелшгүй мөрөөдлүүдээ хойш тавих нь зөв. Мөн МАН Шинэ Засгийн газраа дангаараа байгуулж, бүтцээ ч танах ёстой. Хамтарсан нэрийн дор угсарсан данхар төрийн бүтцийг тодорхой хэмжээгээр танаж чадвал шинэ Ерөнхий сайдын хамгийн том гавьяа ч байж мэднэ. Олон нийт ч үүнийг хүсэж хүлээж байгаа. Иргэдийн нуруун дээр ирж байгаа татварын дарамтыг бууруулах бизнесийн орчныг сайжруулах, ажилгүйдэл ядуурлаас эхлээд нийгмийн олон эмзэг асуудал тулгамдаад байна. Хөрсөн дээрээ асуудал ийм байхад улстөрчид нь биелэх боломжгүй агаарын юм яриад төсвийн мөнгийг салхинд хийсгэхийг олон нийт зөвшөөрөхгүй.

-Хэрэв Засгийн газраа МАН дотроосоо хагалж эхэлбэл энэ нь МАН-д том хуваагдал хагарал авчрах эрсдэлтэй юу. Өөрөөр хэлбэл, АН шиг бутрах эхлэл тавигдаж байна гэж харж болох уу?

-Намууд доторх фракцууд идэвхжих нь тийм ч муу зүйл биш. Энэ бүх идэвхжилтийн үр дүнд намуудад дотоод ардчилал бий болж, эрүүлжих процесс явагддаг. Энэ бидний айх ёстой биш анхааралтай ажиглах ёстой зүйл болов уу. Ер нь МАН, АН, ХҮН намын асуудал зөвхөн тэдний асуудал бус нийт ард түмний асуудал болж хувирдаг учир алдаа болгон дээр нь ашгүй гэсэн шиг алгаа ташаад суугаад байж болохгүй. Зөв тал руугаа юу буруу тал руугаа юу гэдгийг анхааралтай ажиглаж, сонгуулиар бодит дүнгээ тавьж байж нам эрүүлжинэ, хариуцлагаа ухамсарлана. Магадгүй МАН дотроо хагарч эхэлбэл бусад намуудад өсөж хөгжиж бойжих том боломж ч байж магадгүй юм. Нөгөө хүсээд байдаг тэгш бус өрсөлдөөн багасаж, орон зай гарахыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ тэд энэ моментыг үр дүнтэй ашиглаж чадвал. Эцэст нь хэлэхэд хаа хаанаа улс төрийн зөв соёлд уриалж, эрүүл өрсөлдөөсэй гэж хүсэж байна. Олон нийт улам хэрсүүжиж байгааг дахин хэлэхийг хүсэж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Ард түмнээсээ сонгогдсон засаглалтай нь үнэн юм бол ард түмнээсээ асууж байгаад сайд нараа томилчих…” гэв

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт “Урбанек” компанийн
захирал, эдийн засагч Б.Лхагважав “Засгийн газраа цомхон болгоод, төсвийн тодотгол оруулж 30 хувиар танах хэрэгтэй” гэснийг II нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

  • “Засгийн газарт туршлага
    үнэтэй, туршлагатай улстөрч бүр илүү үнэтэй” хэмээлээ.
  • Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар “Монголын төр ард түмнийхээ төлөө байх ёстой” гэв

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Ард түмнээсээ сонгогдсон засаглалтай нь үнэн юм бол ард түмнээсээ асууж байгаад сайд нараа томилчих…” гэв

“Цогц Хөгжлийн Үндэсний Төв”-ийн гүйцэтгэх захирал, социологич М.Энхбадрал “Ерөнхийлөгч УИХ-ыг шахаж, түрэмгий хандсан гэж үзвэл энэ нь парламентын дархлаа, бие даасан байдал алдагдсаны шинж” гэлээ.

ГАДААД МЭДЭЭ: Фридрих Мерц: Дайн засгийн газрыг эв
нэгдэлтэй байхыг шаардаж байна

Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга С.Гэндэнжамц “ЭШ дөхсөн энэ үед хүүхдүүд хэт их ачаалал авахын оронд сайн унтаж амрах хэрэгтэй” гэв.

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: XX зууны хорин сургамж Дарангуйлал


 

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Х.ЦООХҮҮ: Альберт Эйнштейн хэзээ ч, хэний ч онолыг цээжилж байгаагүй бөгөөд өөрийнхөөрөө сэтгэн бодох эрх чөлөөг өөртөө олгосон

Монгол Улсын гавьяат багш, физикийн шинжлэх ухааны доктор, профессор Х.Цоохүүтэй хүүхэд залуучууд яагаад байгалийн шинжлэх ухаанд дурлахгүй байгаа шалтгааны талаар ярилцлаа.


-Сүүлийн үед ЕБС-ийн сурагчид математик, хими, физикийн хичээл уйтгартай, хүнд хэцүү гэж ярих боллоо. Үүнийгээ дагаад тус хичээлээр ЭЕШ өгөх хүүхдийн тоо буурсан. Ер нь хүүхдүүд суурь шинжлэх ухааны хичээлээс ийнхүү зайлсхийх болсныг та юу гэж харж байна вэ?

-Байгалийн шинжлэх ухаан буюу хими, физик, математик, биологи нь тухайн судлаач, сонирхогчоосоо шаргуу төвлөрч ажиллахыг шаарддаг. Нэгэнт энэ шинжлэх ухааны замаар алхаж байгаа бол амьдралынхаа ихэнх цаг хугацааг зарцуулах зайлшгүй шаардлагыг ч хүлээн авах ёстой. Юун түрүүнд үүнийг хүлээн зөвшөөрөхөөс бүх зүйл эхэлдэг. Манай монголчууд ихэвчлэн хими, физик, математикийн хичээл тоо боддог учраас маш хэцүү, хүнд гэж эндүүрэх тал бий. Түүнээс болоод хүүхэд багачууд багаасаа байгалийн шинжлэх ухаанаас зугтдаг, айдаг. Бүр “Би математик хими, физикийн томьёог мэддэггүй. Тиймээс бодлого бодож чадахгүй. Угаасаа ойлгохгүй” гэсэн тогтсон бодолтой явдаг юм билээ. Үүнээсээ үүдэн тархи нь ид ажиллаж, хөгжиж байгаа насан дээрээ шинжлэх ухааныг огт оролдож үздэггүй. Энэ бол үнэхээр эмгэнэл шүү. Ойлгоё, мэдье, байгалийн юмс үзэгдлийн учир зангилааг тайлъя гэх итгэл үнэмшил, урам зориггүй явдаг. Хүн хүүхэд насандаа аливаа зүйлийг маш сайн сурдаг. Мөн хүүхэд нас шиг хүний тархи сийрэг ажилладаг үе байхгүй. Тиймдээ ч Европын орнуудын хүүхдүүд хамгийн сайн шинжлэх ухаан сонирхогч, судлаач, шинэ санаа тээгчид байдаг. Тэдгээр хүүхдүүд тоо бодох гэж хичээдэггүй. Өөрийн оршин буй амьдралынхаа юмс үзэгдлийн зангилааг тайлах гэж санаагаа уралдуулж байна. Харин манайд нөхцөл байдал ямар байгаа билээ.

-Тэгэхээр та суурь шинжлэх ухаан шиг сонирхолтой зүйл байхгүй гэж хэлж байна уу?

-Жинхэнэ мөн чанартаа суурь шинжлэх ухааны хичээлийн хамгийн амархан зүйл нь бодлого байдаг. Түүн шиг амархан зүйл байхгүй. Харин хамгийн хэцүү нь эрдэм шинжилгээний өгүүлэл, сэтгүүл, ном сонин уншаад түүндээ анализ хийгээд цоо шинэ санаа олох юм. Ер нь ямар ч бодлогын онолын зүй тогтлыг л ойлгоход хангалттай. Үлдсэн нь тухайн хүүхдийн сэтгэн бодох чадвараас л шалтгаална. Мөн манай залуучууд сүүлийн үед онол их цээжилдэг болсон байна. Зөвхөн онолыг дангаар нь цээжлээд хэзээ ч амжилт олохгүй. Бид бэлэн байгаа мэдлэгийг өөрийнхөөрөө ойлгож эзэмшээд шинийг санаачлах нь чухал шүү дээ. Альберт Эйнштейн гэхэд хэзээ ч, хэний ч онолыг цээжилж байгаагүй. Зүгээр л өөрийнхөөрөө сэтгэн бодох эрх чөлөөг өөртөө олгосон. Тиймдээ ч шинэ нээлт хийсэн. Өнөөдөр түүний нэрийг дэлхийд мэдэхгүй хүн гэж алга.

-Өөр шалтгаан бий юу?

-Багш сурган хүмүүжүүлэгч бидэнд бас дутагдал байгаа юм. Байгалийн ухааны хичээлийг хүүхдүүд сонирхох хэмжээнд хүртэл зааж чадахгүй байна. Ерөөсөө хичээлийн онол нь ихдээд амьдрал практиктай холбох нь ховордсон. Шинжлэх ухааны сонирхолтой туршилт хийж үзүүлдэг багш хүртэл ховор болжээ. Шууд онол уншуулаад энэ тоог бод гэсэн боловсролын системтэй боллоо. Энд ямар ч сэтгэн бодох зай үлдэхгүй байна. Мэдээж багш хүн хичээл заах үүрэгтэй. Гэхдээ сурагчдынхаа сонирхлыг татаж, дурлуулах хэрэгтэй. Зүгээр л нэг самбарт гараад энэ томьёогоор номон дээр байгаа бодлогыг бодно гэж заахыг хэлээгүй шүү. Байгалийн юмс үзэгдлийг бодитоор мэдрүүлэхгүй болохоор шинжлэх ухааны хичээл хүүхдэд уйтгартай санагдах нь аргагүй. Тэгэхээр хүүхэд энэ хичээлийг хийе, сурья гэж бодохгүй. Тиймдээ ч й хүүхдүүд байгалийн шинжлэх ухааны хичээлээр ЭЕШ өгөх нь багассан. Ялангуяа физик, химийн хичээлээр бол үнэхээр бага тооны боловсон хүчин бэлтгэгдэж байна. Яагаад гэвэл эхнээсээ өөрийгөө тоо бодож чадахгүй гэх тогтсон бодол, сэтгэгдэлтэй болчихсон. Энэ бүхэн эргээд манай шинжлэх ухааны судлаачид бага буюу хүний нөөц муу байгаагийн гол үндэс болсон.

-Шинжлэх ухааны академиуд эрдэм шинжилгээний ажилтан авна гэх зар их тавьдаг. Өнөөгийн нийгэмд залуучууд яагаад судалгаа шинжилгээний ажил хийх сонирхол бага байна вэ?

-Шинжлэх ухаанч буюу эрдэмтэн, судлаач хүн баян байдаггүй юм. Физикч, химич, математикч, биологич нарт мөнгө, эд хөрөнгө гол зорилго нь биш. Танин мэдэхүйн таашаал авах нь чухал байдаг. Түүгээрээ баясаж, сэтгэлийн аз жаргалтай амьдрахыг л хүсдэг хүмүүс. Нийгэмд хамгийн хэрэгтэй ч юм шиг. Эсвэл хэрэггүй ч юм шиг тийм л хүмүүс дээ. \Инээв\ Гэтэл өнөөгийн өнгө мөнгөний нийгэмд ийм амьдралаар хэчнээн залуучууд амьдарч чадах вэ. Үүнийг бид тэр бүр ярьдаггүй ч шинжлэх ухааны боловсон хүчин цөөрөхөд хамгийн гол хөшүүрэг болж байгаа зүйл бол энэ.

А.Дулам

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

 Харгүй бас цагаангүй түүх

НИЙТЛЭЛЧ Б.ЦЭНДДОО

Манайхан түүхэн хүмүүсийн “хар цагааныг ялгах” гэж их ярьдаг юм. Энэ нь дараах домгоос үүсэлтэй байх. Хүн нас бараад Эрлэг номун хаан дээр очиход нэг дэнс гаргаж ирдэг. Тэгээд чиний хийсэн буян энэ гээд баахан цагаан чулууг дэнсний нэг таваг дээр хийнэ… Үнэн хэрэгтээ хүний намтрыг хар ба цагаанаар ялгах гэж оролдох нь төөрөгдөл болдог. Наад зах нь юуг хар, цагаан гэх шалгуур ч харьцангуй. Хорин жилийн тэртээ бол цагаанд тоологдох юм өнөөдөр харын дансанд бүртгэгдэх жишээний. Иймээс түүхэнд иймэрхүү баталгаагүй, найдваргүй шалгуур тавихын оронд зүгээр тухайн баатрыг хүнийх нь хувьд ойлгож, жаргал зовлон дунд нь харах гэж оролдох нь бодитой санагддаг аа.

Ингээд хамтдаа ХХ зууны Монголын төрийг хамгийн олон жил толгойлсон удирдагч Ю.Цэдэнбалыг сонирхоцгооё. Зүгээр л бидэн шиг л нэг хүн ер бусын сонголтын өмнө ирсэн гэдгээс цааш явъя. Түүнийг Зөвлөлтийн зүгээс Монголд бодлогоо хэрэгжүүлэхээр сонгож авсан хүн. Их аллага энэ тэрээтэй холилдсон Чойбалсангийн дараагийн ээлж. Магадгүй энэ нь түүний хувийн сонголт байгаагүй. Зөвлөлтийн төлөөний хүн болохгүй гэх сонголт түүнд олдоогүй. Ингэж зориглолоо гэхэд түүнийг бүрэн дүүрэн орлож чадах өөр Цэрэнбал, Цэдэнсүрэн, Цэдэнбаяр… захаасаа аваад олдох байсан.

Чухам энэ мөчөөс эхлээд түүнд өөрийн бодол санаа, өөрийн хувь заяа байх боломжгүй болсон. Тэрээр амьдралынхаа ханийг ч өөрөө сонгох эрхгүй үлджээ. Зөвлөлтийн Дотоодыг хамгаалах байгууллага түүнд орос эхнэр авч өгсөн байна. Энэ нь Монгол орон Манжийн хараат байх үед Чин гүрний хаад өөрсний гүнжээ Монголын хан нарт гүнж бэлэглэж, эфү болгодог, түүгээрээ дамжуулан хянадаг байсны л нэг хувилбар. Оросууд ч Дорно дахины энэ уламжлалыг харгалзсан байж болох талтай. Тэгж ярих юм бол Европт, тэр дундаа Орос оронд ч байсан л түүх. Тэрээр орос эхнэрийнхээ үгнээс гардаггүй байсан гэж шүүмжлүүлдэг. Нэг талаасаа хувь хүнийх нь зөөлхөн, халирамтгай зан нөлөөлсөн байж болох талтай ч Зөвлөлтийн өгсөн орос эхнэрийн үгнээс зөрөх нь Цэдэнбалд өөрт нь төдийгүй түүний толгойлж байсан жижигхээн Монгол орны хувь заяанд яаж ч бодсон эрсдэлтэй шүү дээ.

Түүнийг үндэснийхээ бичиг үсгийг устгасан энээ тэрээ гэдэг. Гэтэл энэ нь түүнийг засгийн эрхэнд гарахаас хавгүй өмнө 1940-өөд онд эхэлжээ. Шинэ үсгийн эцэг Ц.Дамдинсүрэнгийн дурссанаар бол Төв хороон дээр түүнийг дуудаж Монголд зориулсан орос үсэг зохиох даалгавар өгсөн байна. Тэнд байсан Зөвлөлтийн төлөөлөгч монгол хэлэнд байдаггүй Щ үсэг ба “ъ” (хатуугийн тэмдэг) зэргийг заавал оруулахыг үүрэгдсэн байдаг. Цэдэнбалд, Дамдинсүрэнд, тэр бүү хэл Монгол оронд өөрт нь ондоо сонголт байсангүй.

Цэдэнбалын намтартай холбогдох хамгийн эмзэг хоёр цэг бий. Энэ бол Чингисийн мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэсэн хүмүүсийг бут ниргэж, нийт Монгол үндэстний оюуны эцэг болсон их хааны түүхийг харлуулах, хараан зүхэх ажлыг зохион байгуулсан нэг явдал байна. Асуудлыг өөр нэг өнцгөөс нь харахад тэрээр уг ойг тэмдэглэх явдлыг мэдэж байсан төдийгүй, хориглон буруушаагаагүй, ямар нэг хэмжээнд, ядаж л соёл арга хэмжээний хүрээнд ёслоод өнгөрөх нь зүйтэй гэж бодож байсан нь харагдана. Гэтэл үүний дараа түүнийг Зөвлөлтийн удирдагчид, ялангуяа Хрущевийн зүгээс Цэдэнбалыг “Танай залуучууд бүр Чингисийн зурагтай цамц өмсөж явна гэнэ, учрыг нь ол” айлган дарамталжээ. Энд байсан Зөвлөлтийн Элчингийнхэн ч хойш нь сүр оруулсан мэдээлж “Монголчууд НҮБ-д элссэнийгээ Зөвлөлтийн ач биш Чингис хааны ач” гэж үзэж байгаа мэтээр нэмж, олихоо мартсангүй. Хрущев үүнд уурлаад Монголд айлчлах гэж байснаа болилоо гэж айлгав.

Ингээд ойгоо тэмдэглүүлэгч, ойг нь тэмдэглэгч хоюуланг ниргэхээс өөр зам үлдсэнгүй. Хэрвээ ниргэхгүй бол өөр дээр нь аянга буухаас гадна, уг ажлыг Цэдэнбалаас дутахгүй хийгээд өгчих хүнийг зөвлөлтүүд олж чадахгүй юм биш.

Дараа нь тэрээр өөрийн төрсөн бууц Давст уулаа Зөвлөлтөд бэлэглэчихсэн асуудалтай. Өдгөө Галдан бошогтын хэлсэн гэх “Миний Монголын газар шорооноос Бурхан гуйсан ч бүү өг” гэсэн уриаг духан дээрээ наасан Гадаадын хөрөнгө оруулагчдын эсрэг хөдөлгөөний өнцгөөс харвал Ю.Цэдэнбал нь нэгийн өмнөх дугаартай “урвагч” шиг харагдана.

Гэтэл хэрэг явдлыг нөгөө нэг талаас нь харахад мөн өөр үнэн гарч ирнэ. Дэлхийн гүрэн Зөвлөлтийн гадаад бодлогын нүүр царай явсан В.Молотов шалдаа буугаад 1957 онд Монголд суух Элчин сайдаар иржээ. Алдагдсан нэр төрөө эргүүлж авах хүсэл нь буцалсан тэрээр сууж байгаа улсынхаа газар нутгаас таслан өөрийн улсдаа бэлэг барих арга сонгожээ. Монголоос ХХ зууны эхээр булааж авсан “Тувагийн газар нутгийн үлдэгдэл” хэмээн баахан нутаг нэхлээ. Нэг өдөр мөн Хрущев дуудаж, хилийн хэлэлцээр хийж байгаа үгэнд ордоггүй (газар нутгаа зүгээр өгөхгүй) нөхдийнхөө учрыг олохгүй бол би айлчлахгүй хэмээн Цэдэнбалыг айлгалаа. Хрущев нэг ч айлчлаагүй мөртлөө хоёр ч удаа айлчлахаа больж байсан нь сонин. Цэдэнбал айлаа, Цэдэнбалын дэлсэн буй зүрх басхүү нийт монголчуудын айдсыг тээн цохилно. Ингээд төрсөн бууцаа, хүйг нь дарсан чулуутай Давс хайрхан уулаа тэдэнд барилаа. Бурханы зүгээс Ю.Цэдэнбал ба түүний БНМАУ-д өөр сонголт өгсөнгүй.

Оросуудын хамгийн их айлгадаг зүйл нь Хятад. “Бидний үгэнд орохгүй бол тэгээд л Хятадаа дагачихаач. Бидэнгүйгээр танай тусгаар тогтнол гэж юу байсан юм бэ, дургүй бол больчих”. Энэ сүрдүүлгээ ил далд байнга ойлгуулна.

Айлгахын хэрээр нь үнэнчээ харуулах гэж Хятадыг улам их үзэн ядна. Зайлуул хөөрхий, нас ахиж яваа удирдагч Ю.Цэдэнбал “Хятадыг хичнээн их үзэн ядна, тэр хэрээрээ Зөвлөлтөд хайртай болж харагдана. Зөвлөлтөд хайртай болж харагдах тусам өөрийнх нь байх суурь бэхжиж, захирч байгаа улсынх нь тусгаар тогтнол баталгаажна” гэж үзнэ. Өнөөдөр бидний дунд эмгэг байдлаар илэрдэг хятадыг үзэн ядах үзлийг уг сурвалж чухам эндээс эхтэй.

Цэдэнбал хэмээх хувь хүний өөрийнх нь мэдлээс нэгэнт холдсон заяа тавилан, доромжлогдсон үндэсний бахархал, харьд бэлэглэсэн, (төрийн тэргүүнийх нь төрсөн) газар энэ бүгд ХХ зууны Монголын тусгаар тогтнолын нэгэн төлөөс байлаа. Үнэгүй юм гэж үгүй.

Ю.Цэдэнбалыг бидэнтэй л адилхан жаргал зовлон, айдас хүйдэстэй хувь хүн, оногдсон хувь заяаныхаа эрхшээлийг дагасан нэгэн гэдэг талаас нь харвал ийм дүр зураг харагдана. Харин үзэл сурталжсан, гуйвсан үнэн дээр бий болсон баатарлаг аугаа жолоодогч гэдэг талаас ярих тусам хийсэн үйлдсэнийхээ хариуцлага бүхнийг өөрөө үүрэх учиртай болж, Чингис хаанаа зүхсэн, сэхээтнээ хавчсан, үүх түүхээ зүхсэн, төрсөн бууцаа харийн оронд бэлэглэсэн гэхчлэнгийн явдлууд нь цэвэр хувийнх нь санаачилга мэт үзэгдэх билээ.

Манайхөн Зөвлөлт-Дагестаны зохиолч Р.Гамзатовын “Миний Дагестан” хэмээх уран нийтлэлийн номд байдаг “Өнгөрсөн үеэ чи гар буугаар буудвал ирээдүй чамайг их буудна” гэсэн үгийг тогтоогоод авчээ. Өнөөдөр түүхэн үнэнийг сэргээхийн эсрэг хамгийн том лоозон бол үг болж байна. Энэ үгийг тэндхийн цэцэн цэлмэг, ардын билигтэн Абуталиб Гафуров гэдэг өвгөн Кавказын босогчдын түүхт удирдагч Шамилыг муулж байгаад эгдүүцэн хэлсэн байдаг. Эзэн Чингис хаанаа муулж, их Монголын баатарлаг түүхийг харлуулж буйд дотроо эгдүүцэж байсан монголчуудад энэ үг их таалагдсан юм. Тэгээд ер нь бол Эзэн Богд Чингис хааны тухайд л ярьдаг, хэлдэг үг байлаа.

Гэтэл өнөөдөр мушгигдсан түүхээ сэргээхийн эсрэг уриа болчихсон тууж явна. Худал хуурмагаар бичигдсэн гуйвсан түүхийг үнэний их буугаар буудаж нураахгүй юм бол саруул ирээдүй үлдэхгүй шүү дээ