Categories
гадаад мэдээ

Дуучин R Kelly-д 30 жилийн хорих ял оноолоо DNN.mn

1996 онд гарсан “I believe I can fly” дуугаараа алдаршсан дуучин R Kelly (Роберт Сильвестр Келли)-д охид эмэгтэйчүүдийг хүчирхийлж, бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр 30 жилийн хорих ял оноолоо. Түүнчлэн тэрээр 100 мянган долларын торгууль төлөхөөр болжээ.

Өдгөө 55 настай тэрээр 2019 оны долоодугаар сараас хойш хоригдож байгаа юм. Шүүхийн шийдвэр гарсны дараа түүнийг Брүүклинээс Чикаго руу шилжүүлэх бөгөөд тус хотод ирэх наймдугаар сард хүүхдийн порнограф бичлэг хийсэн мөн шүүх ажиллагаанд саад учруулсан хэргээр шүүхэд дуудах аж. Дараа нь Иллиноис болон Миннесотагийн шүүхэд дуудагдах гэнэ.

Дуучин R Kelly хүүхэд байхдаа бэлгийн хүчирхийллийн золиос болж байсан бөгөөд энэ нь сэтгэл зүйд нь нөлөөлж, бэлгийн буруу зуршилтай болсон тул түүнд 10-аас дээш жилийн хорих ял өгөхгүй байхыг дуучны өмгөөлөгч Женнифер Бонжан хүсжээ. Тэрээр “Келлигийн үйлдсэн гэмт хэргийн ихэнх хувь нь олон жилийн өмнө болсон учраас үйлчлүүлэгч маань одоо нийгэмд аюулгүй. Доктор Диц, Сорентино нарын дүгнэснээр үйлчлүүлэгч маань педофил эсвэл бэлгийн гаж донтон биш” гэжээ. Харин прокурорууд түүнд доод тал нь 25 жилийн хорих ял оноох ёстой, учир нь хохирогчдоо өөртөө татаж, хүслээ гүйцэлдүүлэхийн тулд тэрээр өөрийн нэр хүндийг ашиглаж байсан бөгөөд огтхон ч харамссан шинжгүй байгаа учраас нийгэмд аюултай гэж үзсэн байна.

Дуучин Алияатай /15 настай байхад нь/ хууль бусаар гэрлэж байжээДууин Алияатай /15 настай байхад нь/ хууль бусаар гэрлэж байжээ

Келли зарим хохирогчдоо шоу бизнест татан оруулах нэрээр хуурч, тархийг нь угааж, түүнд үйлчлэхийг шаарддаг байсан гэж гэрчүүд мэдүүлжээ. Шүүх хурлын явцад яригдсан хамгийн том хэрэг бол дуучин Алияатай 15 настай байхад нь эцэг эхээс нь нууцаар гэрлэсэн явдал байв. Келли түүний анхны “Age Ain’t Nothin’ But A Number” цомгийг продюсерлэсэн байна. Келлигийн менежер тухайн үед Алияагийн төрсний гэрчилгээг хуурамчаар үйлдэхийн тулд хахууль өгч байснаа шүүхэд хүлээн зөвшөөрч байжээ. Хожмоо энэ гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн байна. Дуучин Алияа 2001 онд 22 насандаа онгоцны ослоор амиа алдсан юм.

Categories
гадаад мэдээ

Украин улс Сиритэй дипломат харилцаагаа цуцаллаа DNN.mn

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський Сиритэй дипломат харилцаагаа зогсоож буйгаа зарлажээ. Учир нь Украины зүүн хэсэгт Оросыг дэмжигчдийн тусгаар тогтнолыг Сири хүлээн зөвшөөрсөн байна.

Ингэснээр Луганск болон Донецкийн Бүгд найрамдах ард улсыг Оросоос гадна хүлээн зөвшөөрсөн анхны улс нь Сири болжээ.

Зеленський “Орос ямар ч байсан Сириэр мэдэгдэл хийлгүүлж Донбасс дахь түрэмгийлэгчдийг улс гэж хүлээн зөвшөөрүүлж чадлаа” гэв. Тиймээс Сиритэй ямар ч харилцаа холбоогүй болж, эсрэгээр нь Дамаскийн эсрэг хоригийг улам чангатгана гэжээ.

Сирид болж буй иргэний дайны улмаас Украин улс Элчин сайдын яамаа 2016 онд Ливан руу нүүлгэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Наадмын түрүү бөхийн нэрэмжит шагналаар ЭХЭМҮТ-ийг тохижуулна DNN.mn

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тоёота Сэйлс Монголиа” ХХК болон “Монгол Контент” ХХК-ийн төлөөллүүд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Талууд Үндэсний их баяр наадмын түншээр ажиллах, эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана.

“Тоёота Сэйлс Монголиа” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд 2013 оноос Үндэсний их баяр наадмын түншээр ажиллаж, түрүү бөхийн бай шагнал, тусламжийн ажлуудыг хүмүүнлэг болон улс нийгэмд тустай, шаардлагатай хэсэгт чиглүүлсээр ирсэн.

Тухайлбал, өнгөрсөн жил түрүү бөхийн нэрэмжит TOYOTA HIACE машиныг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд бэлэглэсэн. Хүнд хэцүү цар тахлын үед эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахаар ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад уг автомашин хэрэг болно хэмээн үзэж дээрх шийдвэрийг гаргаж байв.

зураг

Тэгвэл энэ онд Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадамд түрүүлсэн бөхийн нэрэмжит бай шагналын хүрээнд ЭХЭМҮТ-ийн амбулаторийг тохижуулахаар шийдвэрлэлээ. Тус төвийн хүүхдийн амбулаторийн хэсэг нь 283.8 м.кв бөгөөд энэ талбайг тохижуулах юм

“Тоёота Мотор Корпорац” нь Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад хувь нэмрээ оруулахаар ажилладаг бөгөөд үүний гурав дахь үзүүлэлт болох эрүүл мэндийг дэмжих зорилгод үндэслэн ийн шийдвэрлэжээ.

Тодруулбал, эрүүл мэндийг дэмжих тэр дундаа эх хүүхдийн эндэгдлийг бууруулах, хөгжиж буй орнуудын эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, замын хөдөлгөөний ослын улмаас нас барсан, гэмтэж бэртсэн хүний тоог бууруулах зэрэг зорилтуудад тулгуурлан улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг тус эмнэлгийг сонгожээ.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Наадмын зохион байгуулалтын ажилд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар голлох үүрэгтэй. Үндэсний их баяр наадмын түрүү бөхийн нэрэмжит шагналыг нийгмийн хариуцлагын хүрээнд олгодог Тоёота брэндийг нийгэмд сурталчлах, хамтрах боломжтойг иргэдэд таниулах нь биднээс өгч буй дэмжлэг юм. Тоёота Сэйлс Монголиа нийгмийн хариуцлагаа хүлээж энэ жил ЭХЭМҮТ-ийг тохижуулахаар болж байна. Монгол түмний баяр наадмыг хүндэтгэж түншээр оролцож байгаад баяртай байна. Дараагийн ажлуудаа илүү хүртээмжтэй, өргөн цар хүрээтэй зохиоход хамтарна” гэлээ.

зураг

Тоёота Сэйлс Монголиа ХХК-ийн гүйцэтгэх захирал Ясүо Оүчи “Тоёота 2021 оноос эрхэм зорилгоо бүгдэд зориулсан аз жаргалыг үйлдвэрлэх гэж тодорхойлсон. Аюулгүй, амар тайван байдал нь аз жаргалыг бий болгох хамгийн чухал суурь юм. Тоёотагийн аюулгүй автомашиныг нийлүүлэн, ашиглалтын баталгааг хангах замаар аз жаргалтай, эрүүл монгол хүний аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулна гэж үздэг.

“Тоёота Мотор Корпорац” нь дэлхийн олон улсад тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж буй. Энэ урт хугацааны зорилтоор дамжуулан монголчуудын нийгэм, эрүүл мэндэд чиглэсэн ажлуудыг хийх бодолтой байна. Монголчуудын аз жаргалыг нэмэгдүүлэх ажилд хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байна. Хэн бүхэн аюулгүй, аз жаргалтай байгаасай” хэмээв.

зураг

Монгол Контент ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Чинзориг “Тоёота Сэйлс Монголиа” компаниас хэрэгжүүлж буй ажлуудыг зохион байгуулах, олон нийтэд түгээх албан ёсны агентлагаар “Монгол Контент” ХХК ажиллаж байна. Баяр наадмын бай шагнал, тусламжийн ажлуудыг зохион байгуулахаас гадна зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлуудыг хийж байна.

42 мянган хүн хэвтэн эмчлүүлдэг, 215 мянган хүн амбулаторийн үйлчилгээ авч, 12 мянган эх амаржиж, 15 мянган мэс засал хийдэг хамгийн их ачаалалтай ажилладаг ЭХЭМҮТ-ийг олон улсын стандартад нийцүүлэн тохижуулах ТЭЗҮ-г бэлэн болгоод байна” гэв.

зураг

Categories
гадаад мэдээ

Японд сүүлийн 150 орчим жилд тохиолдоогүй халуун өдөр болжээ DNN.mn

зураг

Лхагва гарагт Япон улсын нийслэл Токио хотын агаарын температур тав дахь өдрөө дараалан Цельсийн 35 хэм давсан байна.

Энэ өдөр Токиогоос баруун хойд зүгт оршдог Исесаки хотод Цельсийн 40.2 хэм хүрсэн нь агаарын температурыг тогтмол бүртгэж эхэлсэн 1875 оноос хойш жил бүрийн зургаадугаар сард ажиглагдсан хамгийн өндөр халалт болжээ.

Зургаадугаар сар нь Японд борооны улиралд тооцогддог. Гэвч энэ жилийн борооны улирал Токио орчмын бүс нутагт хугацаанаасаа эрт дууссаныг Японы цаг уурын хүрээлэн Даваа гарагт зарласан юм.

Тухайлбал энэ бүс нутгийн борооны улирал ердийн үеийнхээсээ 22 хоногийн өмнө дууссан нь 1951 оноос хойш ажиглагдаагүй үзэгдэл болжээ.

Агаарын хэт халалт иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхэлсэн байна. Зөвхөн Лхагва гарагт Токиод 76 хүн эмнэлэгт хүргэгдсэн тухай албаныхан мэдээлжээ.

Мягмар гарагт Токио хотын захиргаа эрчим хүчний хэрэглээгээ танахыг иргэдэд уриалсан юм. Хэт халууны улмаас сэрүүцүүлэгчийн хэрэглээ нэмэгдсэн нь эрчим хүчний ачааллыг эрс нэмэгдүүлжээ.

Хэт халалт ойрын өдрүүдэд үргэлжлэх төлөвтэй байгааг Японы эрх баригчид анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Мэргэшсэн нягтлан бодогчид мэргэжлийн ёс зүйг дээдэлж ажиллахаа батлан тангараг өргөлөө DNN.mn

2022 оны эхний хагас жилийн мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтаар 114 шалгуулагч Монголын мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг шинээр авч, мэргэжлийн ёс зүйг дээдэлж ажиллахаа батлан тангараг өргөлөө.

Мэргэшсэн нягтлан бодогч нь мэргэжлийн ур чадвартай, өндөр ёс зүйтэй, ахисан түвшний мэдлэг бүхий нягтлан бодох бүртгэл, санхүүгийн зөвлөх бөгөөд мэргэшсэн нягтлан бодогчийн эрэлт хэрэгцээ нийгэмд улам нэмэгдсээр байна.

“Мэргэшсэн нягтлан бодогч” болсноор нягтлан бодогч, санхүүчид Монголын төдийгүй олон улсын мэргэжлийн байгууллагад элсэж, нэр хүндээ өсгөх, сурч хөгжих, удирдах албан тушаал эрхлэх, үнэ цэнээ нэмэгдүүлэх зэрэг боломжтой.

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт /ММНБИ/ нь Дэлхийн Нягтлан Бодогчдын Холбооны жинхэнэ гишүүн, Ази Номхон Далайн Нягтлан Бодогчдын Холбооны гишүүн, Ази, номхон далайн стандарт тогтоогчдын бүлгийн гишүүн бөгөөд Монгол улсын 21 аймаг, нийслэл дүүрэгт нийт 30 салбартай, 5000 гаруй гишүүн, 150 хараат бус аудитын компанийг эгнээндээ нэгтгэсэн мэргэжлийн байгууллага юм.

Тус институт мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг олгохоос гадна төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж цар хүрээг өргөжүүлэх, хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, арга зүйн удирдлагаар хангах, ёс зүйг мөрдүүлэхээс гадна мэргэжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.

ММНБИ нь мэргэшсэн нягтлан бодогч бэлтгэх хөтөлбөрийн 6 дахь удаагийн шинэчлэлийг хийж, удахгүй хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү хөтөлбөр нь нийгэм, цаг үе, олон улсын хөгжлийн чиг хандлагыг дагаад мэргэшсэн нягтлан бодогчид байвал зохих мэргэжлийн чадамжийн хүрээг тодорхойлсны үндсэн дээр боловсруулагдсанаараа давуу талтай.

Categories
мэдээ нийгэм

Хоёр хүүхэд мориноос унан бэртэж, ухаангүй байна DNN.mn

Улсын баяр наадмын бэлтгэл ажил үргэлжилж, бөхчүүд, харваачид, уяачид бэлтгэлээ базааж байна. Тухайлбал “Найман шарга” амралтын газарт Алдар спорт хороо, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудаас баяр наадамд оролцох бөхчүүд, сурчид, шагайн харваачид бэлтгэлээ хийж байгаа аж.

Үүнтэй холбоотойгоор хурдан морь унаач хүүхдүүд гэмтэх тохиолдол нэмэгдэж байгаа бөгөөд хоёр хоногийн хугацаанд гэхэд хоёр хүүхэд мориноос унаж, гэмтэн, эмнэлэгт ухаангүй эмчлүүлж байна.

Тодруулбал, энэ сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Асгат сумын эмнэлэгт 9 настай хүү ухаангүй хүргэгдэж очсон байна. Хүү тус багийн Жаргалант багт хурдан морь тарлаж байгаад мориноосоо унаж, гэмтжээ.Мөн тус өдөр Төв аймгийн Аргалант суманд хурдан морины үсэргээний үеэр 9 настай унаач хүү унаж гэмтэн, Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэгдэн, эмчлүүлж байгаа аж. Хүүхдүүд одоогоор ухаангүй байгаа аж.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Дисней компани аяллын хөлөг онгоцоо танилцуулав DNN.mn

Уолт Дисней компани анхны аяллын хөлөг онгоцоо өчигдөр /2022.06.29/ албан ёсоор танилцууллаа. Энэ нь 10 жил өнжсөний эцэст танилцуулж буй анхны хөлөг юм. 144 мянган тонн жинтэй, 4000 зорчигчийн багтаамжтай “The Wish” хөлгийг зах зээлд гаргахын тулд зургаан жил зарцуулжээ.

Үйл ажиллагааны орлого нь 2022 оны санхүүгийн жилийн эхний хагаст 4.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны 535 сая ам.долларын алдагдлыг нөхнө гэж тооцоолж байна. Дисней компанийн санхүүгийн жил долдугаар сарын 1-нээс эхлээд дараа оныхоо зургадугаар сарын 30-нд дуусдаг. Усан онгоцны аялал нийт орлогод хэр их хувь нэмэр оруулдаг талаар тодорхой мэдээлээгүй ч гүйцэтгэх захирал Чапекийн мэдэгдсэнээр хөрөнгө оруулалтыг хоёр оронтой тоогоор өсгөсөн гэв.

“The Wish” хөлөг нь Диснейн флотын тав дахь хөлөг онгоц бөгөөд түүхэн дэх хамгийн том өргөтгөл нь ажээ. Тус компани 2025 он гэхэд дахин хоёр хөлөг онгоц нийлүүлнэ. Диснейн хөлөг онгоцнууд цар тахлын үеэр 15 сарын турш аялалд гараагүй байсан.

“Disney cruise line” холбооноос тооцоолсноор, 2023 оны эцэс гэхэд нийт зорчигчдын тоо 29.7 сая хүрнэ гэв. Аялал жуулчлал эргээд сэргэж эхэлсэн тул захиалга нь тогтмол нэмэгдэж байгаа аж. “The Wish” хөлгийн анхны аялал долдугаар сарын 14-нд Флоридагийн Канаверал боомтоос хөдөлнө.

Диснейн хөлгөөр аялснаар “Aqua Mouse” нэртэй далайн хамгийн анхны үзэсгэлэнг үзэх боломжтой. Мөн “Solo: A Star Wars Story” киноны дүрүүдийг харуулсан Оддын дайны сэдэвтэй сансрын амралтын өрөөг бүтээжээ. Усан онгоц бүхэлдээ биет болон дижитал ертөнцийг хослуулсан загвартай.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд шатахууны нөөц хэвийн байна DNN.mn

Улсын хэмжээнд 2022 оны зургаадугаар сарын 27-ны байдлаар нийт 140,575 тонн шатахууны нөөцтэй байна.

Үүнд:

  • А-80 авто бензин 9,773 тонн буюу 59 хоног
  • АИ-92 авто бензин 53,945 тонн буюу 40 хоног
  • АИ-95 авто бензин 5,636 тонн буюу 42 хоног
  • ДТ 68,505 тонн буюу 25 хоног
  • Онгоцны түлшний 37 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна хэмээн УУХҮЯ-наас мэдээллээ.

Харин Улаанбаатар хотын хэмжээнд нийт 65,595 тонн шатахууны үлдэгдэлтэй байна.

Тодруулбал А-80 автобензин 2,520 тонн, АИ-92 автобензин 28,466 тонн, АИ-95 авто бензин 4,047 тонн, ДТ 27,960 тонн байгаа бөгөөд АИ-92 авто бензиний 30, АИ-95 авто бензиний 55, ДТ-ний 25 хоногийн буюу нөөц хэвийн гэв.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“IPhone”, “Android” утаснууд ТикТок ашиглах боломжгүй болно DNN.mn

АНУ-ын Харилцаа холбооны хорооноос “Apple”, “Google” компаниудад уриалга хүргүүлсэн. Тодруулбал, Хятад эзэнтэй ТикТок компани хэрэглэгчийн мэдээлэлд нэвтэрч буй тул энэ үйлдлийг нь зогсоох тухай уриалга юм.

Харилцаа холбооны хорооны комиссар Брендан Карр технологийн акулуудад илгээсэн захидалдаа ТикТокийг яагаад өөрсдийн програмаасаа устгах шаардлагатайг илэрхийлсэн. ТикТок үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй тухай тайлан өнгөрсөн долоо хоногт гарчээ. Уг тайланг Брендан Карр эш татаад, долдугаар сарын 8 гэхэд ТикТокийг устга, үгүй бол яагаад устгаагүйгээ тайлбарлахыг хүсчээ.

ТикТокийн хятад ажилчид АНУ-ийн хэрэглэгчийн мэдээлэлд удаа дараалан нэвтэрч байсныг уг тайланд дурдсан байв. Тухайлбал, 2020 онд гуравдугаар сард ТикТокоор дамжуулан хэрэглэгчийн нууц үг, криптовалютын цахим түрийвчний хаяг, хувийн зурвас зэрэг нууц мэдээлэлд нэвтэрч байсныг илрүүлсэн байна. “Бээжин ТикТокоор дамжуулан их хэмжээний мэдээлэл цуглуулж, нууц мэдээлэлд хяналтгүй нэвтэрч байгаа нь үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж байна” гэж Карр захидалдаа бичсэн байна.

ТикТок АНУ-ын нууц мэдээллийг хадгалах тухай мэдэгдлийг үл харгалзан бүх зүйлд хандах боломжтой мастер админтай байсныг мөн илрүүлжээ.

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп улсдаа ТикТок болон “Wechat”-ыг хориглох тушаалд гарын үсэг зурж байсан. Гэтэл Жо Байден өнгөрсөн жил энэ захирамжийг хүчингүй болгосон ажээ.

Categories
мэдээ нийгэм

2022-2023 онд ЕБС-ийн англи хэлний багш нарын 45 хувийг ахисан дунд түвшинд хүрнэ DNN.mn

“Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээ”-ний хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багшийн хэрэгцээг тодорхойлох, оношлох, үнэлэх судалгааг цахимаар зохион байгууллаа.

Судалгаанд англи хэлний 2,286 багш буюу нийт багш нарын 76.2 хувь нь хамрагдсан байна.

2022-2023 онд ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш нарын 45 хувийг В2 түвшинд хүргэх, ТКТ, CELTA зэрэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгалтуудыг нэвтрүүлж мэргэжлийн ур чадвараа үнэлүүлэх системтэй болох, суралцагсдын англи хэлний түвшинг ахиулах, мэргэшсэн сургагч багш нарын бүлэг бүхий англи хэлний сургалтын танхим байгуулахаар ажиллаж байна гэж Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас мэдээлэв.

В2 түвшин нь ахисан дунд түвшний хэлний мэдлэгийг хэлэх бөгөөд ямар нэг бэрхшээлгүйгээр англиар бусадтай ойлголцож, ярилцах чадвартай байна гэсэн үг юм.