Монголчууд
нэгдэн нүүрсний уурхайд орж ажиллахаар идэвхийлэн
хөөцөлдөж байна. Тэд компаниудын холбоо нэгтгэл
байгуулан оролцогч байгууллага бүрээс сая төгрөг цуглуулан их л юм болж байгаа.
Монголчуудын байгуулсан энэ компани нь 11 тэрбум ам.долларын өртөгтэй уурхайд ажиллах
гэж байгаа юм. Дээр дурдсан хэмжээний мөнгө гаргаж байж л уг уурхайг ажиллуулж
чадна гэсэн үг л дээ. Гэвч одоохондоо тэдний цуглуулсан мөнгө тэрбум доллар болтол
өдий байна. Дөнгөж ганц сая доллар болж байгаа юм даг уу. Энэ нь уг уурхайд шаардагдах
мөнгөний арван нэг хуваасных нь мянганы нэг
юм. Одоо энэ л бидний эдийн засгийн чадавхи үнэн нүүр царайгаараа харагдаж
байгаа хэмээн хэлэхэд буруудахгүй.
Монголчуудын
эдийн засгийн чадал мөн ч өчүүхэн юм даа хэмээн халагламаар ажээ. Халаглаад
ч зогсохгүй бүүр гутарч гунимаар байна. Одоо тэгээд нэгэнт техник авч чадахгүй юм
чинь хүрз мөрөндөө үүрсэн хэдэн монгол очоод ухаж эхлэх үү яах вэ. Энэ хэддээ цалин
болгож өгөх мөнгө ч цуглаагүй шахуу байна. Байгаагаа хуваавал нэг жаахан юм
дусал дуслаар өгөх байх. Тэр нь тэгээд аманд ч үгүй, хамарт ч үгүй гэгчээр болох
биз. Түүнийг нь голсон монголчууд хаяад арилах.
Хонхойлоод хаячихсан хэсэг газар л үлдэх. Ийм л танил дүр зураг харагдаад байх
шив дээ.
Харин
үүнийг нь дэлхийгээр нэг шоолон элэглэх тал дээр бол ч хангалттай байх биз. Бүр
одооноос хэдэн монголын нэгтгэлийг шоолоод
эхэлсэн. Эхлээд Манж дараа нь Оросын дарлалд байсаар сүүлийн гурван зуун жил бид
нэгдэж юм хийж, нэгдэж юм бүтээж үзээгүй. Жалга жалгын мухар сахиж, хувиа бодож,
довоо шарлуулсаар ертөнцийн бор хоног шар нарыг элээсээр ирсэн. Монголчууд нүүгээд
зугтаж чадахаас нэгдээд бүтээж чадахгүй гэсэн ойлголт бидэнд бий болжээ. Тийм ч болохоор одооны энэ
нэгдлийг харсан хүмүүс тэдний өмнөөс ичиж
байна. Элэглэн даапаалж юу хийж бүтээхийг нь харж сууна.
Уг
нэгтгэл нь ямар учиртайг судлаачдын зарим
нь юу гэж үзэж байгаа вэ. Тэд энэ талаар нэлээд гутрангуй дүгнэлт гаргаж байна.
Тоймчид:
Энэ үнэхээр бүтэхгүй л дээ. Уг нэгтгэлийн
цаана хэн нэгнийх нь өчүүхэн амин хувийн эрх ашиг л байгаа. Түүнийг мэдэж ядах ч
юм үгүй. Төр Таван толгойн лицензийг зуун хувь өөрийн мэдэлд байлгаж, асуудлыг
бүрмөсөн шийднэ гээд зарлаад байна. Үүнд
л хамаг учир байгаад байх шиг харагдаад байх юм. Уг ордод байгаа жижиг сажиг уурхайн
эзэд хөрөнгөө алдчихгүйн тулд л нэгдэж шуугиан тарьж олон түмнийг татан оролцуулж байна хэмээн дүгнээд
байгаа. Яагаад гэвэл бүх лицензийг төр авна гэхлээр нөгөө хүмүүсийн жижиг уурхайнууд
төрд очих магадлал өндөр байгаа юм гэцгээж байна.
Энэ нэгтгэлийг манай жижиг, дунд компаниуд
маш ихээр дэмжсэн нь харин үнэн. Тэд уг компанид орох гэж дараалал хүртэл
үүсгэж байлаа. Ийм бага мөнгөөр тийм том уурхайн хувьцаа эзэмшигч болчихно хэмээн
баярласан биз. Энийг нь ч муу хэлээд байх юу байхав. Зүгээр байж байгаад их ашиг
олох гэдэг нь хүн төрөлхтний зан юм хойно. Хотоо малтахдаа хориулаа болоосой, хоолоо
идэхдээ хоёулаа байгаасай гэж үг байдаг. Хэн нэгний өчүүхэн эрх ашигт хууртсан ч
байсан хамаагүй тэдний ингэж хурдан зуурт
нэгдэж чадаж байгаа нь л монгол компаниудын нэгтгэлийн гол ач холбогдол юм. Монголчууд
нэгдэн нийлэхийн хүслэн болж байжээ гэдгийг энэ үйл явдал харуулж байна. Үүнийг
төр засаг зохион байгуулаад бүх монголчуудын хүчийг нэгтгэхэд тэд зохион байгуулалттайгаар юу хийхэд ч бэлэн
байгааг харуулж байгаа бус уу.
Эргээд түүхээ
харж байхад бид их гүрнээ бутраан сарниасан жижиг хаадын бусармаг үйлдлээс хойш ер нь нэгдэж байсан юм уу. Манжийн эсрэг,
гамин бароны эсрэг нэгдэн тэмцэж амжилтад хүрч байсан. Сүүлд мөн Оросын хараанаас
гарах гэж нэг нэгдэн тэмцсэн. 1989 оны Ардчилсан хувьсгал явж явж Оросын имперээс гарах л
тэмцэл байсан гэж судлаачид хэлдэг. Энэ хэдээс өөр нэгдэж байсан түүх маш
ховор аж. Одоо эдийн засгийн талаар нэгдэж байгаа дээрх нэгдэл монголчуудад
маш том эерэг сургууль боллоо.
Бид үүн шиг олон юман дээр нэгддэг байх хэрэгтэй байна. Мөн нэгдэж хамтарч сурах
хэрэгтэйг амьдрал өөрөө шаардах боллоо. Монголчууд нэгдэж байж л өрсөлдөөний энэ ширүүн ертөнцөд тэсч үлдэнэ.
Мөн өөрсдөөсөө өөр хүмүүсийг шулж чадна. Монгол монголдоо дургүй гэгчээр энэ хонхортоо
л бие биеэ хэмлээд байхаас дэлхийн дэвжээнд гарч чадалгүй өдий хүргэв.
Энэ удаа Таван толгойн нүүрсэнд орсон байсан ч хамаа алга. Өөр олон юманд яг энэ жишгээр нэгдэн оролцохоор зүтгэж сурах хэрэгтэй байна. Хүмүүсийн шоолох яах вэ. Нэг хоёр хоногийн ажил. Ингэж зүтгэсний үр дүнд үндэсний хэмжээний олон түмэн оролцсон том том нэгтгэлүүдтэй болж үлдэх биш үү.
Month: May 2010
Улс төр ид өрнөж байна, нам гүм байна гэсэн ажиглагчдын хүрээний
яриа байнга явж байдаг ч нийгмийн энэ салбар намжмал болно гэж байдаггүй билээ.
Үнэхээр л ажиглагдам тайван болчих юм бол цаагуураа үйл явдал оволзож л байдаг
эсвэл их улс төрийн өмнөх чимээгүй нүүрлэж байдаг юм.
УЛС ТӨР ӨРНҮҮЛЭЭГҮЙ ТОМИЛГОО
Хамгийн сүүлд Ерөнхий прокурорын томилгоог улс төрийг жинхэнээс
нь өрнүүлнэ, өрдөнө дөө гэж харагсад цөөнгүй байлаа. Гэвч хэвлэлүүдийн таамаглаж
тааварлаад байсан шиг зүйл болсонгүй, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хүрээнд санал
болгосон хүнийг харьяалагдах байнгын хороогоор нь ч, УИХ дээр ч ямар нэг асуудал
болголгүй баталчихсан.
Уг нь Д.Дорлигжавын нэрийг дэвшүүлсний дараагаас МАХН-ын голдуу
гишүүд “Бүлэг хуралдана гэж нэг ажил байгаа ш дээ. Бүлгээр оруулна даа” гээд томхон
дуугарч байсан нь бий. Гэтэл үнэндээ МАХН-ын бүлэг ч энэ талаар ярилцсангүйгээр
асуудал шуударсан. Үүнийг өөр өөрийн өнцгөөс тайлбарлах хүмүүс байна. Зарим
нь манай улс төрийн хүрээнийхний луйвар нь их учраас сүүлд ороолгуулаад байхгүйн
тулд найр тавин бүгд дэмжлээ гэж байна. Нөгөө хэсэг нь “Ерөнхийдөө сүүлийн арав
гаруй жилийн хугацаанд бий болсон ялих шалихгүй шалтгаанаар улс төр хийж төрийн
ажлыг уядаг байдал алга боллоо. Төрд байгаа гурван хүн нэг зүгт харж байна” гэж
эерүүлэх хүн ч байна.
Ямартаа ч УИХ-аас баталж, Ерөнхийлөгч зарлиг гаргаснаар прокурорын
байгууллага ардчилсан үзэлтэй удирдлагатай болов. Ардчиллын замналаар явж ирсэн
20 жилийн хугацаанд энэ байгууллагыг ардчиллын чигийн хүн удирдаж байсан түүх байхгүй
юм. Хаалгаа байтугай хаяагаа ч шууж салхи оруулж үзээгүй энэ байгууллагад ардчилал
шударга ёсыг тунхагладаг Ерөнхийлөгчийн томилсон хүн ирснээр байдал өөр болно
хэмээн ард олон итгэж байгаа. Тэгээд ч тэр хүн нь хар залуугаасаа ардчилсан Монгол
Улсыг байгуулах гэж зүтгэж яваа нэгэн учраас ямартаа ч энэ томилгоо итгэл найдвар
төрүүлж байгаа юм. Сураг дуулах нь ээ шинэ
албанд томилогдож байгаа Улсын ерөнхий прокурор салбартаа халаа сэлгээ хийхгүй
гэдгээ тохирсон сурагтай. Харин хүмүүсийн таамаглаж байснаар өрнөж чадаагүй
энэ улс төрийн томилгооны дараа МАХН-ын залуу голдуу гишүүн гутарсандаа архи уусан
гэх. Гэхдээ тэд “Манай томчууд бүгд асуудалтай учраас Д.Дорлигжавт тал алдахгүй
гэж хичээсэндээ ингэж амархан баталлаа”
гэж гашуудаж байгаа сурагтай.
НАМУУД ТОГЛООМЫН ДҮРМЭЭ НЭГ МӨР БОЛГОХ
ХЭРЭГТЭЙ
АН-ын гишүүд гэдсэндээ хөлөө жийлцсээр удлаа. Өнгөрсөн сард болсон
ротацийн сонгуулийн өмнөөс л эхэлсэн энэ байдал улам бүр дордоод байна. Бүр намынхаа
байран дээр гомдогсдын багийнхан ирцгээн суулт зарлаж байгаа бөгөөд зохион байгуулалтын
байдалд шилжсэн талаар бичиж, ярьсаар удав. Ерөнхийдөө АН-ын ардчилалтайг, хэн
юу хүссэнээ хэлдгийг олон нийт мэдэх ч дүүргүүд дээр бий болсон хоёр намын дарга,
хоёр намын байр, бүр хоёр хувь тамганы асуудал хэрээс хэтрээд байгаа. Гэхдээ үүнийг
хэн нэгэн дарга удирдлагатай нь холбохоос өмнө энэ намын бүтэц, дүрэмтэй нь холбож
үзвэл дээр биз ээ. Угаасаа АН-ын дүрэм нь ийм боломжийг гаргаад өгчихсөн байдаг.
Бүтэц нь хөндлөн тогтолцоотой. Анхан шатны байгууллагадаа дэндүү их эрх мэдлийг
өгчихсөн, бас 1/3-ээ ротациар шинэчилж байдаг нь эл бэрхшээлийг бий болгожээ. Хуучин
МҮДН, Соцдек, МоАХ гэдгээрээ ялгарах боломж байдаг байсан бол одоо уусахын хэрээр
хуучин нам фракцын ялгаа нь ашиг сонирхлын бүлэглэлүүдийнх болсноор хямралыг
илүүтэй мэдрэх болсон байна. Хэдийгээр намынх
нь Хяналтын хороо хэрүүл маргаантай байдлыг авч хэлэлцээд эвлэрлийн нэг сарын хугацаа
өгсөн ч сарын дараа бахь байдгаараа байна гэдэгт нь эргэлзэх ямар ч хэрэггүй. Угаасаа тогтолцоо нь ийм юм чинь.
Гэтэл МАХН-ын хувьд өөр. Архангайн Засаг даргыг тавина гэхэд Удирдах
зөвлөлөөс нь шийдчихнэ. Сая СХД-ийн Засаг дарга, ИТХТ-ийн дарга хоёр нөхөр нэг
нам гэлтгүй дээр дороо ороод байхаар нь Удирдах зөвлөл нь хуралдаад хамтад нь
чөлөөлчихөж байна. Намын бүтцийн ялгаа нэг иймэрхүү. Гэхдээ энэ нь АН, МАХН-даа
ч байгаа юм биш. Ер нь Монголд улс төрийн намуудын тухай хуулиар энэ байдлыг
нэгмөсөн цэгцлэх нь Монголын улс төрд тоглоомын дүрмийг тодорхой болгож байгаа
хэрэг юм. Улс төрийг нэг дүрмээр тоглох нь амар шүү дээ.
ТАНГАРАГ ӨРГӨСӨН НӨХДИЙН ТОНГОРОО
Сүүлийн үед Ц.Нямдорж гишүүнийг бас нэг гишүүн болох Ж.Сүхбаатарыг
боомилсон тухай яриа нэлээдгүй газар авлаа даа. Үүнтэй холбоотой хэвлэл мэдээллийн
хэрэгслүүд өөр, өөрийн үзэл бодлоо уралдуулсны зэрэгцээ хальт цаасанд боосон
чулуунууд зэрэгцүүлээд нүүлгэж байгаа нь анзаарагдам байв. Гэхдээ үүнийг төрийн
түшээд нэгэндээ гар хүрсэн гэдгээсээ илүүтэй Ц.Нямдорж ба Н.Энхбаяр нарын зөрөлдөөнтэй
холбоотой дэгдэж буй үзэгдэл гэж тайлбарлах хүмүүс ч байна. Ц.Нямдоржийн эсрэг
ярилцлага мэдээлэл, бүр түүнд хаягласан хоржоонтой захидал хүртэл экс Ерөнхийлөгчийн
мэдлийн гэгдэх хэвлэлээр тогтмол гарах боллоо. Цагтаа овоон дээр очиж тангараг өргөж
байсан нөхөд одоо нэгэн рүүгээ ийм маягаар тонгорог шидэн, тонгорч унагах нь хэр
жудагтай хэрэг вэ гээд яривал их л зүйл гарах байх. Гэхдээ болж байгаа үйл явдлыг
Ц.Нямдорж дөрөвдүгээр сарын 5-ны жагсаалын найруулагч нь Н.Энхбаярыг гэж зарласантай
холбоотой гомдлын хариу явж байна гэж үзэгсэд бас байгаа юм. Ер нь улс орны харилцаа,
улс төр гэдэг хүмүүсийн харилцаан дээрээс тогтдог учраас ийм маягаар л улс төр
өрнөчих юм даа. Гэхдээ ч түшээд нь муудалцах үедээ нулимс асгаруулагч цацаж,
түүнийг нь багасгахын тулд парламентын танхимдаа усны хоолой оруулдаг Украины
дэргэд манай энэ хоолой боомилсон явдал бага хэрэг юм даа.
УДИРДАХ ЗӨВЛӨЛ ШИНЭЧЛЭГДЭХ ҮҮ?
Нэг хэсэг С.Баяр гэдэг
нэр хүн бүрийн амнаас унаж, түүний зураггүй хэвлэл гэж байдаггүй байлаа. Гэвч
тэр улс төрөөс явснаас хойш (Өвчтэй байгаа болохоос бус УИХ-ын гишүүн хэвээрээ
л дээ) С.Баярын гэсэн бүх зүйл бүдгэрч байна. Өөрийнхөө үгээр байлгах гэсэн түүний
бүрдүүлсэн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонсоод хүмүүс гайхширч байсан үе
саяхан.
МАХН-ын Удирдах зөвлөлд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн
Ц.Нямдорж, У.Хүрэлсүхийг эс тооцвол эрх баригч намын толгой байгууллага гэхэд
намдаа танигдаагүй хүмүүсээр дүүрсэн байдаг. Харин сүүлийн үед МАХН-ын Удирдах
зөвлөлд өөрчлөлт орох тухай ярих боллоо.
Хүүхнүүд голдуу энэ багийнхныг намдаа хүлээн зөвшөөрөгдсөн,
бас төрд төлөөлөл болж сууж буй хүмүүсээр сэлгэх тухай сонсогдох болсон. Уг нь намын
дарга болж, Засгийг тодорхойлж байгаагийн хувьд С.Батболд өөрийн санаа ойлголцох
хүмүүсээр энэ багаа бүрдүүлнэ гэдэг зүй ёсных.
Гэхдээ яг ойрын хугацаанд ийм өөрчлөлт орж ирэхгүй хэмээн эх
сурвалж баталж байгаа юм. Хэрэв энэ байдал үргэлжлэх юм бол Ерөнхий сайд С.Батболдыг
хэвлэлийн албаны даргаасаа өөр холио солио хийдэггүй, ер нь С.Баярт юуг ч өөрчлөхгүй
гэж амлаж байж энэ албан тушаалыг авсан гэдэг нь батлагдах талтай. Тэрбээр Ерөнхий
сайдын албыг авснаасаа хойш уулзалт хийж, газар дээр нь байдалтай танилцах ажлыг
гэртээ ч орох завгүй хийж байгаа харагдах юм. Гэвч уулзаад л яваад байдаг ямар нэгэн
шийдвэр гарахгүй бол гүйцэтгэх засаглалын эрх барих хугацаа бас л хэмжээтэй шүү
дээ. Саяхан Ерөнхий сайд намынхаа дэргэдэх МАСЗХ-ныхонтой уулзсан сурагтай. Тэрбээр
намын дэргэдэх залуучуудын байгууллага намдаа дэм болж явах ёстой байтал дандаа
нэрмээс болж, нэр хүндээс нь татсаар ирсэн гэж энэ байгууллагынхныг шүүмжилсэн
юм байх. Тэгээд өөрсдөөсөө өөрчлөлт хийж, ойрын үед даргынхаа асуудлыг цэгцлэхийг
үүрэгджээ. Тус байгууллагын дарга Г.Занданшатар сонгуульт хугацаа нь дуусч бас
залуучуудын байгууллагад хамаарах нас өнгөрсөн учир ажлаа хүлээлгэх хүсэлтээ гаргасан
боловч МАСЗХ-г тэргүүлэх хүсэлтэй хүмүүсийн хор нь ихдээд марафон нь хэсэгтээ
намжаад байсан билээ.
ЖИЖИГ НАМУУДЫН АМЖИЖ СӨРӨГ ХҮЧИН БОЛОХ ТӨЛӨВЛӨГӨӨ
Монголчуудад шийдэх ёстой эдийн засгийн болоод хөгжлийн томоохон
алхмууд урд байгаа учраас хоёр нам нэг засагт багтаад яваад байгаа. Хэрэв Таван
толгойн асуудал нэг мөр болбол МАХН, АН салахад бэлэн байгаа гэсэн яриа бий. Үнэндээ
ч энэ засгийн шийдэх хамгийн гол асуудал бол ашигт малтмалаа эдийн засгийн эргэлтэд
оруулах явдал билээ. Сүүлийн үед үндэсний компаниуд нийлж, нэгдэл байгуулан ТУЗ-өө
ч байгуулав. Ерөнхийдөө тэд 1500 нинжа ч бай, 1500 ТҮЦ ч бай, үндэсний компаниуд
өөрсдөө үзэл санаагаа нэгтгэж дуугарч байгааг нь том зүйл гэж хүлээн авах ёстой
биз ээ. Энэ мэт хамтдаа байж шийдэх ёстой асуудал байгаа учраас МАХН, АН рейтингээ
шалдаа унаган унаган хамт байж байгааг улс төр судлаачид онцолж байгаа юм. Хэд хэдэн
судалгааны байгууллагын дүнгээс харахад хоёр нам нийлээд 40 хувь орчмын саналыг
авч байгаа нь урьд өмнө байж байгаагүй муу дүн. Тиймээс МАХН, АН гэлтгүй намын гишүүд
хамтарсан Засгийн газар хамгийн удахдаа ирэх хаврыг хүргэнэ гэдгийг онцолж байна.
Тэрнээс цааш ганц жилийн хугацаанд хоёр том нам сонгуульдаа бэлтгэн замаа хөөх
юм байх. Харин сонгууль ойртож, намууд амь амиа бодох тухай ярихтай зэрэгцээд жижиг
намууд идэвхжиж байна. Тэд амжиж сөрөг хүчин
байхгүй байгаа энэ үед гол дүрд тоглоод авахгүй бол АН засгаас гарвал тэдэнд боломж
олдохгүй гэдгийг анзаарчээ. Ингэхийн тулд ИЗН, МНН нэгдэх төлөвлөгөө шуударч байгаа
бөгөөд шинэ сонгуулийн хууль батлагдвал бие даагчаараа үлдэх боломжгүй З.Алтай гишүүн
ч нэгдэх гэнэ. Нэгдсэн намуудын хувьд нэлээд идэвхтэй үйл ажиллагаа явуулж, амлалт
дээр нь багагүй тоглох төлөвлөгөө байгаа аж.
СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ БА ХЭСЭГ БҮЛГҮҮД
Мөн өнөө цагийн гол улс төр бол Сонгуулийн тухай хуулийн эргэн
тойронд өрнөж буй үйл явдал. Нэлээд нарийн гаргасан судалгаа тандалтаар одоогийн
76 гишүүний 46-50 гишүүн нь пропорциональ тогтолцоог дэмжих магадлалтай байгаа
юм. Тухайлбал Д.Лүндээжанцан нарын санаачилсан УИХ-аас гарсан ажлын хэсгийн төслийг
бол улсдаа, намдаа топ улстөрчид хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс дэмжиж байгаа.
Тэдний хувьд Монгол гэдэг нэг тойргийн хувьд өрсөлдөхөд алдах зүйлгүй учраас толгой
бардам байгаа юм. Нөгөө хэсэг нь нэг тойргийг хатуу самар гэж үзэж байгаа. Харин
бүс нутагтаа мөнгөөр чиг өөр юугаар ч юм цохиод гараад ирнэ гэж үзэгсэд бас багтаж
байна. Цөөн хэдэн гишүүд холимогийг дэмжиж байгаа бол залуу голдуу гишүүд хуучин
мажоритар тогтолцоог онцолж байна. Ерөнхийдөө саарал ордонд өрнөж байгаа гол яриа
бол Сонгуулийн тухай хуулийн эргэн тойронд өрнөж байгаа. Гэхдээ өөрийгөө бодож
асуудалд хандахаас илүү шударга, эрүүл сонгуулийг явуулахад аль хувилбар нь алсдаа
ашигтай вэ гэдгийг анхаарах нь хэн бэ гэдгийг ард түмэн нарийн ажиж суугаа билээ.
Улс төр өрнөөгүй гэгдэх
үеийн улс төрийн байдлыг тоймлон өгүүлэхэд ийм байна.
Монголд үндэсний хэмжээний том хөрөнгө мөнгөтэй баян гэгдэх хүмүүс хэдхэн бий. Гэвч энэ хүмүүсийн шунал хэрээс хэтэрч ард түмэнд их хохирол үзүүлэх юм. Тэдний бэрдийн сэтгэлд далай байтугай орчлон ертөнц харам болсон байна. Манай хөрөнгөтнүүд эдийн засгийн бүхий л салбарт мөнгөөр цохин оролцохдоо өөрөөсөө өөр хэнийг ч үл тоодог нь харамсалтай. Монголын толгой капиталистууд барилгын салбар ашигтай байвал булаагаад авчихна. Орон сууц барьж түүнийгээ худалдаж мөнгө босгоод, уг сууцныхаа доод давхарт нь өөрсдийнхөө дэлгүүрийг ажиллуулчихна. Тэгээд болоогүй дээд давхарт нь ресторан байгуулаад мөн л өөрсдөө зүтгэнэ. Хэн нэг нь аль нэгэн салбараас чадан ядан мөнгө зулгааж байгааг харах л юм бол түүнийг хуу хамна. Хэвлэл мэдээлэл ашигтай байвал хэдэн янзаар байгуулаад хуучин ажиллаж байсан компаниудыг нь ажиллахын аргагүй болгож дампууруулчихна.
Хэн хаанаас мөнгө олж байна, тэнд Монголын капиталистууд мөнгөөр зодон хүч түрэн орж ирдэг. Тэгээд уг салбарт нь тэр хэдээс өөр хэн ч орж ирэхийн аргагүй болтол нь тэлдэг. Харин үнэ ханшийг бууруулна гэж үгүй нь сайхан даа. Мань хэдээс өөр өрсөлдөгч байхгүй тул юу гэж ч үнэ буулгах билээ. Иргэдийн ажлын байрыг нь булааж аваад байна уу гэхээс энэ салбарт тэр хэдэн хүн хоолоо олж байгаа юм гэж ер хөөрхийлөхгүй. Манай капиталистууд бий болгосон салбартаа өөрийн үндэстнээ ажиллуулдаггүйгээрээ дэлхийн хөрөнгөтнүүдээс ялгардаг. Ажлын байр бий болгохдоо эхлээд дандаа ах дүү, хамаатан саднаа оруулдаг. Тэд бүгд ажил амьдралтай болбол гадаадаас хүмүүс авч ирээд ажиллуулчихна. Гадаадаас ч юу байхав, хямдаар нь хятад ажилчин авчраад зараад байна. Тэгээд дараа нь нэг нутаг усны хүмүүс өөрийн тойрог, сонгогчдоо гээд явчихна. Тэгж тэгж жирийн иргэдийг ажиллуулах болбол цалин өгч чаддаггүй. Хоёр зуун ам.доллар өгдөг хувийн компани Монголд бараг байхгүй. Зүгээр л шулаад байхыг боддог.
Энэ бүгдийн эцэст Монгол Улс даяар арваадхан компани, хоёр зуугаадхан айл л улам баяжаад байх нь тэр. Харин бусад нь ажил амьдрал гэж юу ч үгүй болж хоосон гиюүрсэн хүмүүс л Монголоор дүүрлээ. Бидэнд их сайндаа “амлалтаа биелүүл” гэж төр засгаас мөнгө нэхэх ажил л үлдсэн. Үүнийг ч бас сайндаа бидэнд үлдээгээд байгаа юм биш. Капиталистууд маань хэн нэгнийгээ төр засгийн зөөлөн сэнтийгээс унагах гэсэндээ бидэнд тэр ажлыг өгөөд хөрөнгө зардлыг нь даагаад байгаа юм. Үүнийг өөрсдийнхөө хамаатнуудаар болон хятадуудаар хийлгэх ч бас хэцүү л дээ. Хэдийгээр ажилгүйгээс өлсөж үхэх гэж байгаа ч бас ард түмэн гудамжинд хэдэн хятад лоозон бариад жагсвал дургүйцэхтэйгээ байна. Хамаатнуудаа гадаа гандааж, хөдөө хөхрөөх ч бас хаашаа юм.
Ийнхүү капиталистууд өнгө орон баяжих тусам нийгэмд ажилгүйдэл бий болгож иргэдийн бухимдлыг төрүүлэхээс өөр улс эх орондоо ямар ч нэмэр болохгүй байна. Ийн хорголоо тоолсон Монголын капиталистууд нийгэмд ад үзэгдэх хэмжээнд очтолоо нүд үзүүрлэгдэх болов. (Хорголоо тоолсон гэж гол нь горойгоод хүндэрч ч чаддаггүй, чадсан ч илүү их байна гэж тоолж суудаг харамчийг хэлдэг) Манай баячууд, том компаниудын талаархи яриа харамч хахир, хүн муутай, дээр нь аархуу сагсуу, дээрэлхүү, хэнийг яаж луйвардсан, тендер яаж булаасан тухай л байдаг. Түүнээс хүн чанар, хайр энэрэл, өрөвч сэтгэл, улс эх орон, ард түмнээ гэсэн халуун сэтгэл гаргасан талаар бараг дуулдахгүй. Уул нь дэлхийн жишгээр бол хамгийн сайн сайхан сэтгэл, хамгийн хүмүүнлэг санаа нийгмийн дээд хэсгээс гарч байх ёстой.
Мөн том компаниуд нь стратегийн том ажилд хөрөнгө оруулалт хийдэг, жижиг компаниуд нь тактикийн жижиг ажлыг нь хийсээр ирсэн билээ. Жишээлэхэд нэг том дэлгүүрийн доторхи хоолны газар, хамгаалалт, үйлчилгээ зэргийг жижиг компаниуд хийж байвал хичнээн хүн ажил амьдралтай болох билээ. Том орон сууц барьж байгаа компани доод давхрынхаа дэлгүүрийг иргэдэд түрээслээд өгчихсөн бол олон айл ажил амьдралтай болох байв. Даанч манай капиталистуудад хүн чанарын наад захын сэтгэл байдаггүй нь харамсалтай. Тэдэнд ердөө булаа, цөлмө гээд л дайраад байхаас өөр сэтгэл суусангүй.
Арга ч үгүй байх даа. Өлссөн хүмүүс ямар аймшигтай байдгийг энэ харамч капиталистууд ямар үзсэн биш. Тэдэнд социализмын үеийн хүнээс нууж тусгай дэлгүүрээс бараа авч, түүнээ олон түмэнд гайхуулдаг үеийн сэтгэлгээ нь л хэвээрээ байгаа. Түүнээс заяаны капиталист байсан орны баячууд бол боломж л гарвал хүмүүсийг ажилтай, амьдралтай, завгүй байлгахыг боддог. Заавал ч үгүй бусдадаа боломж гаргаж өгдөг. Хууль нь ч ийм байхыг шаарддаг. Тэрнээс улсдаа хамгийн том дэлгүүр ажиллуулдаг байж барилга ашигтай юм байна гээд л барилгын ажлыг хуу хамаад, жижиг компаниудаа хийх ажилгүй болгож дампууруулдаггүй. Дэлгүүрээ ажиллуулдаг нь дэлгүүртэй л байна. Барилгаа барьдаг нь тэндээ байх жишээтэй. Тэгэхгүй бүхий л боломжийг нь булааж аваад байвал ядахдаа дэлгүүрт нь орж наймаа хийх мөнгөтэй хүн олдохоо байна шүү дээ. Хөгжилтэй орнуудад ийм байдалд хязгаарлалт хийдэг. Тэнд нэгдүгээрт, хуулиар хязгаар тавьдаг. Хоёрдугаарт, өлөн зэлмэн нөхдүүд түүнийг ганцааранг нь цатгалдуулаад хэхрээд байж байгааг зүгээр хараад суухгүй, хэзээ нэг цагт хоолыг нь булаахаар ирнэ гэдгийг мэдэхийн цаагуур мэднэ. Тэд ийм зовлонгоо удам угсаагаараа туулаад үзсэн байдаг. Дэлхий дахинд болж байсан тэр олон бослого тэмцэл ердөө л цатгалан баячуудын хэхрэхийг хараад сууж тэсэхээргүй өлссөнөөс л улбаатай. Энэ эрсдэлийг орчин үеийн баячууд бүгд мэддэг. Тиймээс хүн бүрийг хийх ажилтай байлгахыг хичээдэг болжээ.
Оюу толгойн монгол манаач нар
Оюу толгой дээр мөн ч их үзэлцлээ. Хардаж сэрдэж, хэрэлдэж, уралцаж, хамгаа дэлгэж байж арайхийн шийдсэн энэ ордын асуудлын араас Монгол талаас хэн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн гишүүн болох нь анхаарлын төвд байлаа. Гаднаас ТУЗ-д орсон нөгөө талын зургаагийн өөдөөс тэнцвэртэй үзэх, Монголын эрх ашгийг тэргүүнд тавих хүн сонгогдож чадах уу, тэр нь хэн байх вэ. Асуултын хариулт ээдрээтэй, эргэлзээтэй байсан ч өнгөрсөн долоо хоногт тодорхой болж, асуултад цэг тавьсан. Оюу толгойд Монгол талаас гал маналцах гурван эрхмийн нэр тодорлоо. Хаа очиж ханатай нэрс сонсогдов.
Арав гаруй хүнээс Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Багабанди нар Оюу толгойн ТУЗ-д өрсөлдөгчдийн хамгийн анхаарал татсан эрхмүүд байлаа. Ингээд Н.Багабанди тодорчээ. Мөн П.Цагаан, Ч.Ганболд нар ТУЗ-д сонгогдов.
Н.Багабанди
МАХН-ын харьяалалтай тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёронтаа сонгогдож байсан. Хийгүй, бас “найраагүй” нэгэн. Гадныханд найр тавих нь байтугай дотооддоо хэн нэгэнд толгойгоо бариулчих хүн биш. Өөрийн бодол өөртөө зөв гээд Монголын эрх ашгийг хамгаалаад зогсож чадах хүн гэдэгт нь эргэлзэх зүйл алга. Түүнийг англи хэлгүй гэж шүүмжлээд байгаа. Монголын Оюу толгойг англиар шийдэх биш дээ. Тэр тийм чухал асуудал биш. Эх орноо төлөөлж ТУЗ-д байхад эх хэлээрээ эх орныхоо байгалийн баялагт эзний үүргээ гүйцэтгэхэд юу нь болохгүй гэж. Монгол Улсыг найман жил удирдахдаа англи хэлгүй ч аятайхан авч яваад гадаад ертөнцтэй хэл амаа ололцоод болоод л ирсэн. Яах аргагүй хүлээн зөвшөөрөгдсөн энэ хүнийг С.Баярын анд гэдгийг бараг бүгд мэднэ дээ. Гэлээ ч С.Баярыг биш эх орноо төлөөлнө. Н.Багабанди Оюу толгойн ТУЗ-ийн хамгийн зөв сонголт байлаа. Хал үзэж, хашир суусан түүнд итгэл хүлээлгэхэд алдах зүйлгүй биз ээ.
П.Цагаан
Үнэн хэрэгтээ МАХН-аас АН-д орж ирсэн гэдэг. Тэр нь ч одоо яая гэхэв. Мөн л С.Баяртай нэр холбогдож л байсан хүн. Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дотны анд ч мөн. Тиймээс ч зөвлөхөөр нь ажиллаж байсан. Мөн Монросцветметийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байв. Хэдийгээр МАХН гаралтай ч АН-ын хүн болсон болохоор түүнийг нь эс тооцвол МАХН-д харьяалалтай Н.Багабандийн нөгөө талд АН-ын төлөөлөл болох П.Цагаан зогсож байх талтай. Монгол Улсын сан хөмрөг хэцүүхэн байх үед П.Цагаан Сангийн сайдаар ажиллаж байсан. Монголын урдаа барьдаг эдийн засагч. Амьдралын туршлага, улс төрчийн зангаргаараа хэнээс ч дутахгүй түүнийг Монголоо гэсэн сэтгэлтэй байна гэдэгт олон нийт эргэлзэхгүй байна. Түүнд дахин нэг удаа томоохон хариуцлага ирлээ.
Ч.Ганболд
Чулууны Ганболдыг “ХАС” банкны ТУЗ-д байдаг болохоор овог нэгт Чулууны Ганхуягтай ах дүүс гэж эндүүрээд байгаа. Үнэн хэрэгтээ энэ нь цэвэр тохиолдлын чанартай. Ч.Ганболд, Ч.Ганхуяг гээд нэр хүртэл ах дүүс байж болохоор сонсогддог нь эндүүрэхэд хүргэсэн биз. Мөн л С.Баяртай анд МАХН-ын гаралтай ч улс төрийн намд харьяалагдахаасаа илүүтэй “Инээмсэглэл” хамтлагийг үүсгэн байгуулагч гэдгээр нь хүмүүс мэдэх нь их. Англи хэлийг эх хэл шигээ эзэмшсэн, эдийн засагч, орчуулагч мэргэжилтэй. Дипломатч удамтай. Сайн менежер гэгдэг. Ямар ч тохилдолд гадны хөрөнгө оруулагчидтай эв зүйгээ олоод явчих хүн.
Дээрх эрхмүүдийг хэн хэнийг нь муугаар бодож хардах шаардлага алга. Хэн нь ч Монголын эрх ашгийн төлөө ноён нуруутай зогсож чадах хүмүүс хэмээн харж байна. Галаа л сайн манах үүрэг тэдэнд оногдлоо. Эх орноо эрдэнэстэй нь гадаадынханд бариад туучихгүй гэж олон нийт харж байна. Монголынхоо баялгийг хаа хаанаа ашигтай хүртэхийг энэ эрхмүүд л мэдэх хэрэг. Оюу толгой бол монголчууд бидний хувьд өмнөө босгож ирсэн том асуудал, том боломж. Өөрсдийнхөө тарьсан асуудлыг зөв сайхнаар шийдэж цаг хугацааг туулж ирсэн өвгөдийн түүх бидэнд бий. Оюу толгойн түүхийг ч ийм замналтай байна гэдэгт итгэж байна. Монгол Улсын хөгжил дэвшилд дорвитой хувь нэмэр авчирна хэмээн итгэж найдаж буй Оюу толгойн энэхүү төсөлд монголчуудыг төлөөлөх эдгээр гурван эрхэмд амжилт хүсье. Мань гурав бол ТУЗ-д цөөхүүлээ. Гэхдээ энэ бол асуудал биш. Манаач ямар үүрэгтэйг маниар хэлүүлэлтгүй мэдэх хойно.
Н.Энхбаярын МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨ
УЛС ТӨР ДЭХ МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨ
Суудлаа олохгүй бужигнаад байгаа хоёр нам Таван толгой, Оюу толгой дээрээ хэрэлдэн улс төрийн ашиг, хонжоо, дотоодын самуун зөрчлөөсөө халихгүй байх зуур хөндлөнгийн ажиглагч хийж, алдааг нь нарийн олж харж байгаа нэг хүчин бий. Дэлхий дээр “бенз ба бусад” хэмээх ангилалд машиныг хувааж ойлгоно гэсэн рекламыг бид олонтаа сонсч байсан шиг Монголын улс төрийг тэд тиймэрхүү хоёр хуваачихаж. Монголын улс төрд “Н.Энхбаяр ба бусад” гэсэн ойлголт бий гэж. Н.Энхбаяр хэдийгээр улс төрийн тавцанд тоглолт хийх албан ёсны боломжоо алдсан ч хөндлөнгийн ажиглагч , оролцогч, найруулагчаар ажилласаар байна. Түүнийг сайн хорчин, том улстөрч гэдгийг анд найз байтугай атаат дайсан нь ч хүлээн зөвшөөрдөг. Тиймдээ ч ингэтлээ ад үзэгдэж байгаа атлаа тэгтлээ бууж өгөхгүй үзэлцэж чадаж байна л даа. Зарим нь хүсээгүй ч нэг л мэдэхэд Н.Энхбаярын тоглоомын хүүхэлдэй болчих нь бий. Одоо ч тэр замаар Н.Энхбаярын дүрмийн бус тоглолт явагдаж л байна. Угаас улс төрд яаж ялсан нь нэг их сонин биш байдгийг олон жишээнээс бид мэдэх хойно.
Тиймээс ч Н.Энхбаяр МАХН-ын хагарал, АН-ын эвдрэлцэлд хуруу гар дүрсээр байгаа. Алдаа бүрийг нь алдалгүй тоглож байна. Хаа байсан Ц.Нямдорж, Ж.Сүхбаатар хоёрын зодооноор дамжуулаад Засгийн газар, УИХ-ыг эвгүй байдалд оруулаад, нэг л биш. Зодоон сайн зүйл биш ч ийм хэмжээнд босгож ирэх нь цаана нь нэг “юм” яваад байгаа хэрэг. Бүдүүлэг ч гэсэн хэнээс ч айхгүй шулуухан үгтэй Ц.Нямдоржид авах ч юм их бий, хаях ч юм их бий. Одоохондоо түүн шиг хэний ч өмнөөс юуг ч хэлчихдэг зоригтой аавын хүү Монголын улс төрд цөөхөн. Тэгээд ч Ц.Нямдоржоос өмнө У.Хүрэлсүх зодооноор асуудал шийддэг хэлбэрийг эхлүүлчихсэн байсан юм чинь. Хааяа дүү нараасаа хэрэггүй юм сурах зан ах нарт нь байдаг л биз.
Н.Энхбаярыг ингэж их улайрахад намын нөхдийн увайгүй түлхэлт, С.Баярын улайм цайм үзэн ядалт шууд нөлөөлсөн л дөө. С.Баяр, Н.Энхбаярыг хань татаж ирээд л намаас хамт явахыг бараг шаардсан. Дараа нь намын даргын албаа С.Батболдод өгөхдөө “nо” гэж хэлж сураарай л гэж захина лээ. Цаадахыгаа нэгмөсөн явуулахгүй өрөвдөөд “yеs” гэчихэв ээ л гэж олны өмнө анхааруулсан хэрэг. Төд удалгүй Хяналтын хороонд Н.Энхбаярыг шалгуулах гэж өргөдөл бичиг өгөөд АНУ руугаа явна лээ. Үүгээрээ С.Баяр яалт ч үгүй Н.Энхбаярыг бүрмөсөн явуулах замыг засаад өглөө. Н.Энхбаяртай хамт МАХН-ын УИХ-д сууж байгаа долоо, найман нөхрийг бас намаас хөөхөөр ярьж байгаа дуулдсан. Бодвол Н.Энхбаярын фракцыг углуургаар нь үгүй хийх санаатай л үйл явц байх.
АН-ын суултыг хэн зохион байгуулж, дээр дурдсан хүн яаж гар дүрсэн тухай манай сонин өмнө нь бичиж байлаа. Нарийн зохион байгуулалттай, ивээн тэтгэгчтэй, намын байрандаа тухалсан энэ суултын зардал мөнгийг тооцвол овоо юм гарна. Манай сэтгүүлчийг сурвалжлахаар очиход нэг нөхөр сонгуулийн ажиглагчдадаа авчирч байгаа мэт албан ёсоор хоол түгээсэн нь хачин юм шүү. Гэтэл АН-ын хэдэн дүүргийн асуудал юунд ингэтлээ газар авч, анхаарал татаад, улс төржиж, намын аппарат нь ч уриалгахан нь аргагүй дүрмийн хүрээнд шийдсэн асуудлыг дахин эсэргүүцээд суугаад нөхдөө зэмлэхгүй, өөгшүүлнэ вэ. Улстөрчдийн хардаж байгаачлан шал өөр хүн гэмгүй царайлаад оролцож байгаа хэрэг биш байгаа. Алтан гадас фракц үүнд нь санаатай санаагүй дэмжлэг болоод л. Ардчилсан намын маргаантай тойргуудын асуудлыг ҮЗХ, Дотоод сонгуулийн хороо нь нэг талд нь шийдчихээд байхад одоо болтол эсэргүүцсэн учир Хяналтын хороогоор дахин авч хэлэлцэхээр болов. Гэвч хэд хэдэн удаагийн оролдлогоор энэ нь бүтсэнгүй. Өчигдөр л гэхэд Хяналтын хороо хуралдах байсан ч “Алтан гадас”-ын гэх гурван гишүүн ирсэнгүй. Фракцын дарга Н.Алтанхуяг гадаадад яваа болохоор ч тэд даалгавраа хүлээгээд ирээгүй байж болох юм. Энэ мэтээр асуудлыг шийдэхгүй удаашруулах нь Н.Энхбаярт л сайн хэрэг болж байгаа.
МАХН-ын зарим УИХ-ын гишүүд ч намын 25 дугаар их хурлын үр дүн, намын болохгүй зүйлийг шүүмжилсэн, УИХ-ын 26 гишүүний гарын үсэгтэй, аль арванхоёрдугаар сард төлөвлөж байсан бичиг яагаад гэнэт дээшээ өргөн баригдаж ил болоод явчихав аа. Энэ бүхнээс үүдэлтэй эрх баригч хоёр намыг самраад, хор хутгаад хожоо олох цаад мастер төлөвлөгөө нь ямар учиртайг эрэн сурвалжиллаа.
Хуучин нэг улсын элчин байсан байранд хэдэн нөхдүүд сэмхэн уулзалджээ. Ардчилсан намын нэг нөхөр (эх сурвалж нэрийг нь хэлэхээс түдгэлзэв), Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан, Н.Энхбаяр, Уламжлалын намын дарга Б.Батболд, М.Энхсайхан нарын хэдэн нөхөд баахан улс төр ярьсан гэнэ. Уламжлалын намын дарга өөрийн мэдлийн хүмүүсээр улс төрийн жагсаал хийлгэж, бужигнуулах санал тавьсан юм байх. Гэтэл Н.Энхбаяр “Цаг нь болоогүй байна” гэж. Тэгээд М.Энхсайханд үүрэг болгохдоо “Ардчилсан намын Их хурал болоход ялагдсан талыг нь өөртөө татаж ав” гэжээ. Нэг үгээр хэлбэл гомдол хорсол дээр нь тоглох гэсэн санаа бололтой. Тэгээд бүр МҮДН, МоАХ, Алтан гадас, аль ч фракц бүлэг хамаагүй, ялагдсан талыг нь өөртөө татаж авах юм байх. Улс төрийн хүчнүүдийн тэмцэл бүрээс гомдогсод, ялагдагсдын Н.Энхбаяр ахлагчтай баг бий болох нөхцөл үүгээр бүрдэх нь.
Н.Энхбаярын хувьд МАХН-д нэгэнт орон зай хумигдаж байгаа болохоор томоохон тоглолт хийх нэг боломж нь ирэх намар хуралдах намын их хурал. Үүнээс нь өмнө намаас нь хөөчихөж ч мэднэ. Намын их хурлаас нь өмнө хөөхгүй бол намыг яаж ч самарч болно. Түүнээс гадна С.Батболдыг унагаж М.Энхболдыг дахин гаргаж ирэх сонирхол бүхий бүлэглэл хүчтэй байна. Энэ талаар ч ордноор жиг жуг хийгээд эхэлсэн байна лээ. Гэтэл намын дарга С.Батболд аппаратын ажилтнуудтай өнгөрсөн даваа гаригт уулзаж ажилтайгаа танилцаад байж байдаг. Тэгээд бас намын дэргэдэх эмэгтэйчүүд, залуучуудын байгууллагууд, жигүүрийнхэнтэй ч уулзахаар төлөвлөөд байгаа аж. Гэтэл ард нь унагах төлөвлөгөө аль аль санаархагчдад байж л байх юм.
Үүний хажуугаар Н.Энхбаярт нэг хүлээлт байгаа аж. Тэр нь Сонгуулийн хууль. Энэ бүхнээс үүдэлтэй шинэ нам байгуулж МАХН-ын хөөгдөгсөд, АН-ын гологдогсдыг дагуулаад нэг нам болж ирэх сонгуульд орох санаа бий аж. Нэг үгээр хэлбэл хоёр намын хагаралдааныг өдөөж, галыг нь өрдөөд, тэр тэмцлээс ашиг олох сонирхол нь шууд л харагдаж эхэллээ. Сонгуулийн хууль пропорционалиар, дээр нь Монгол Улс нэг тойрог гээд, нам бүр далан зургаан хүн дэвшүүлбэл Н.Энхбаяр, М.Энхсайхан, Б.Жаргалсайхан нарыг танихгүй хүн байхгүй учир шууд л дугуйлна. Ингэхээр улс төрийн тавцангаас зайлуулсан гэж улс төрийн хүрээнийхний бодсон нөгөө нөхөр чинь “дахин эргэж ирлээ” болно биз дээ. Хөдөөд “ханд” өгөөд яваад байгаа нь ч учиртай. Даарин дээр нь давс нэмж эрх баригч намуудын нөлөө бүхий залуучууд саяхан уулзаж гар барин өөрсдийг нь тоодоггүй ах нартайгаа зарим зүйл дээр тэмцэхээр ярьсан байдаг. Энэ ч бас Н.Энхбаярт дуулгах сайхан л мэдээ.
БИЗНЕС ДЭХ МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨ
“Их засаг”-ийн Н.Ням-Осороос илүүтэй Чингэс хааныг магтан дуулах болсон Н.Энхбаярыг “Чингэс медиа” группийн цаад хүн гэдэг. Улс төрийн хувьд нэг иймэрхүү байгаа бол бизнесийн хувьд мөн л гар хөлөө сунгаж байна. “Чингэс медиа” группээр дамжуулан улс төр, бизнесийн томоохон арга хэмжээнүүд далдуур зохион байгуулж эхэлжээ. Энэ группт Хятадын талаас оролцож байгаа гэх. Тэд урд хөршид тамхины үйлдвэр байгуулж цаашаа Зүүн өмнөд Ази руу борлуулалт хийх төлөвлөгөөтэй гэнэ. Үйлдвэрийг 200 сая ам.доллараар босгох бөгөөд урд хөршийн зах зээлийн дөрвөн хувийг хангана гэсэн тооцоотой аж. Тэр том зах зээлд Монгол компани дангаараа бизнесээ явуулна гэхэд бэрх л дээ. Тэгэхээр Хятадын талын оролцоо байх магадлал өндөр. Бүр дээд түвшиндээ шүү.
Баялгаа гадаадад өгөөд байна гэж шүүмжилж эсэргүүцсэн Н.Энхбаяр үнэн хэрэгтээ уул уурхай газрын баялгаас хөндий байгаа гэвэл тэрэн шиг худал юм байхгүй. Иймэрхүү төрлийн уулзалтуудыг тэр зүгийн хүмүүс гадныхантай ярьж тохирч байгааг эх сурвалжууд хэлээд байгаа.
“Чингэс медиа” группийн нөхдүүд ч эрээвэр хураавар анхаарал
татмаар. АН-ын гишүүн “Залуу
лидер”-ийн гэх Э.Золбаяр, Д.Амарбаясгалан,
Биеийн тамир, спортын хорооны дарга асан
Эрдэнэ-Өлзий гэх залуус
орчихсон тууж явна лээ. Цаад эзэн нь Н.Энхбаяр байхад АН-ын залуус тэнд бүртгэлтэй, тэгээд бас болоогүй
Ардчилсан намын суултын ард ивээн тэтгэгч, зохион байгуулагч болоод байдаг нь нэг юм хэлээд байгаа юм. Энэ мэтээр
АН, МАХН хоёр дотооддоо учраа олохгүй
толхилцоод байваас тэдний хохирлоос хожоо олох хүчин алгаа дэлгээд хүлээж
сууж байгаа нь тодорхой л байна шүү
дээ.
Ц.Нямдорж, Ж.Сүхбаатар гишүүний хоолой хүзүүг боож гэнэ. Ж.Сүхбаатар гишүүний хүзүү хоолой гэж хүн харахын эцэсгүй улаан эрээн болсон гэх. Төрийн ордонд зодоон болсныг дуулаагүй байсан бол эхнэр нь хардахаар л юм харагдаж байсан гэж гэрчүүд нь ярьсан юм билээ. Ер нь бол халдашгүй эрхтэй хүн хүнд адилхан эрхтэй нь халдаж болно гэсэн хууль байдаггүй байх л даа. Угаас багадаа жүдогоор шаггүй хичээллэж байсан Ц.Нямдорж Путиний гэдгэх жүдогийн мэхийг гарамгай эзэмшсэн болж таарлаа. Яагаав Путиний боож унагаадаг алдарт мэх. МАХН-ын улстөрч нөхдүүдийн байлдаан байсхийгээд л дуулиан тарьж л байдаг. Улайм цайм гэрчтэй юмыг ч “үгүй” гээд л гүрийгээд өнгөрдөг улс. харин МАХН-ын жигүүрийн жирийн нэг гишүүн зодоонд оролцвол заавал ялагддаг жамтай. Тийм ч жишигтэй юм шиг билээ.
Намын удирдлагууд
нь хүн зодохоор зодуулсан хүнээс нь уучлал гуйхыг шаардаад үгэнд орохгүй өрвөлзөөд
байвал нь намаасаа шууд хөөчихөж байгаа юм.
АН-д ч ялгаагүй. Хааяа нударга зөрсөн
сураг чих дэлсдэг. Аль, аль нь л ичмээр юм
даа. Хүн хэлээрээ мал хөлөөрөө байхад юу, юугүй л барьцалдаад авдаг эднийг харахаар
идэр насны ааг омгоо багтааж ядаж нударга зөрүүлчихдэг залуусыг нэг их буруутгамгүй.
Тэртэй тэргүй дээр, дооргүй мал болчихсон юм байна гэж бүгд ойлгохоор байна.
Хууль зүй, дотоод
хэргийн сайд Ц.Нямдоржийн энэ үйлдлийг сайшааж
болохгүй. Хууль зүйн сайд нь хуулиа зөрчөөд туугаад байвал хууль дагах хэн байхав. Захын нэг залуу өөрийнх нь голлон бүтээлцсэн
“хар” хууль гэгддэг Эрүүгийн хуулиар аймаар олон жилийн ял авч байна. Чулууны хэлтэрхий
аваад нэг рүүгээ шидчихсэн чинь нэг нөхрийн толгойд хуруу дарам овойлгож орхисон
хүн хичнээн жилийг авна гээч. Намайг бага байхад хүүхдүүд хоёр талцаад чулуугаар
байлддаг байсан. Аюултай тоглоом ч Ц.Нямдоржийн гүйцэтгэсэн Эрүүгийн хуулиар
бол хүйтэн зэвсэг хэрэглэсэн тэд бүгд л “аавын хаалга” татах байж дээ.
Гэхдээ Ц.Нямдоржийг
өмнө нь одоогийн яамаа толгойлж байх үедээ эрүүгийнхэн гэгдэх нөхдүүдийг нэг сайн
журамлаж өгсөн гавьяатай гэж бас ярьдаг шүү.
Гэлээ гээд яахав. Одоо өөрөө бас л “жүдодлоо” ш дээ. Захын нэг залуу хэрэг тарьчихаад “Та өөрөө яадаг билээ” гээд мад
тавьчихна. За боолгуулж унасан нөхөр ч нэг их цэвэр цэмцгэр гэвэл бас л хэцүү л
дээ. Аавдаа авгай авахыг заана гэгчээр Ц.Нямдорж руу хууль яриад байхаар нөгөөхийнх
нь занг бид ямар мэдэхгүй биш тэсээгүй биз.
Сонгууль будлиантай болоход Сонгуулийн ерөнхий хороо буруутай гээд л байдаг.
Яс юман дээрээ Ж.Сүхбаатар тэр будлианы гал тогоонд шанага бариад л сууж байсан
хүн. Бүр Н.Энхбаярыг ялдаг үед шүү. Тэгээд ширээнийх нь ном Н.Энхбаярын ганцаараа орчуулсан гэж мэлзээд
байдаг “Бурхан багшийн сургаал” байдаг нь ч бас тохиолдол шүү.
Гэхдээ Ц.Нямдоржийн
Ж.Сүхбаатарт хийсэн боох мэх жүдорхуу юм
болсон бол дундуур нь юун боксын бээлий ороод ирэв ээ. Нэг лут бээлийтэй гар орж
ирээд МАХН-ыг тэр чигээр нь , Монголын улс
төрийг хагас дутуу самарч эхэлж байгаа өнгө аяс өчигдрийн хэвлэлүүдээр нэг дэлгэгдлээ.
Дээр нь даарин дээр нь давс нэмж Ж.Баатар Ц.Нямдоржийн хуучныг сөхөж дуулиан
тарив. Энэ үйл явдлыг өдөөх дэвээх сонирхол хаа сайгүй явж байна. Зүгээр хараад
инээд нь хүрээд одоо нэг ингэчихвэл энэ жүдогоос нэг юм унагаж болох нь гээд гараа үрчээд сууж
байх жишээний байж болох уу. Хаа нэг газар сайн дурын найруулагч гарч ирээд асуудлыг
төгөлдөршүүлж сценари бэлдээд гоё төгөлдөршүүлэх арга мэх олчихсон юм биш байгаа.
Улс төржүүлэх өс авах
хэмжээнд энэ дуулиан түгэх янзтай. Ц.Нямдоржийн энэ үйлдэл нь Удирдах зөвлөлийг
огцруулах ноцтой шалтгаан болох гэнэ. Мөн хачин аа. Нэг Ц.Нямдоржийн хэрэг нэлээд
хэдэн Удирдах зөвлөлийн гишүүдийн эврийг доргиодог байна ш дээ. Бүр цаашлаад Засгийн
газрын гишүүд ч доргиод явах аяс бий болох нь ээ. Цаана нь уртаас урт гар хөл ороод
явчихлаа. Бүр хөдөөг хөгжүүлэх гэж яваа хүний хот руу чиглэсэн боксын бээлийтэй
гар шүү. Улс төрийн хал цэрэг, шинэ цэрэг
хоёрын үйл явдлаас хуучин шинийг хагаралдуулж, мөргөлдүүлээд хэн нэгэн хожоо олох
завшаан тохиосон байж болно. Тэр хоёрын зодоон хууль хяналтаараа шийдэгдэх үү, хоорондоо
яриад ойлголцох уу, Ёс зүйн хороогоороо орох уу, нэг юм болох нь болох биз. Дундуур
нь л өөр төрлийн зодоон болгож хувиргах юм явчихгүй бол шүү.
Үйл явдал болмогц
МАХН-ынхан Их тэнгэрт очиж энэ тухай нухацтай
авч хэлэлцээд байдаг нь ч бас сонин. Энэ
зодоонд тээр хол хөдөө орон нутгийн амьдралтай сая л нэг танилцаж яваа Ерөнхийлөгч
асан Н.Энхбаярын оролцоо үнэртэж байна гэж учир мэдэх хүмүүс ярих нь хачин байгаа юм.
Ер нь Ерөнхийлөгч асан маань хотынхонд
их гомджээ. Ойрд үүгээр үзэгдэхээ байсан. Ар нуруугаа харуулаад л хөдөөг
зорьсон. Хотыг дэмжихгүй байгаа бололтой. Хөдөөг бол хөгжүүлнэ гэнэ. Хотыг өрөөсөн нүдээрээ
үзэхээ байсан Н.Энхбаяр экс Ерөнхийлөгч яагаад ингээд байгааг хотынхон бас гадарлаж
байгаа. Хоёр Э үсгээр эхэлсэн хүн байхад очиж очиж нөгөөхийг нь дэмжээд өөрийг
нь унагасан болохоор гомдох нь ч аргагүй биз.
Ямар ч байсан Ерөнхийлөгч асан маань
хөдөөнөөс энд болсон үйл явдалд оролцоод байгаа бол их л урт гар, хөлтэй юм. Хувцас хунар ч бас урт байх магадлал
бий шүү. Тэгээд бас жүдо барилдсан хоёрын дунд боксын бээлий шургуулаад байгаа
нь аатай л эрийн шинж.
Тэр яах вэ, аандаа
энэ хэрэг МАХН-ыг бас л дунд нь хагалж бутаргаад зүг нь өөр тийшээ яваад өгөх вий.
Тэгвэл зодоон эхлүүлсэн хоёрт гомдох уу, зодооныг өдөөсөн цаад хүчинд гомдох уу.
Нэг юм болох л байх даа.