Categories
мэдээ нийгэм

Хур тунадас, нойтон цас орно

Шороон болон цасан шуурга шуурна зурган илэрцүүд

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр ирэх тавдугаар сарын 2-оос тэнгэр аашаа гаргаж, цаг агаар муудах төлөвтэй байна. Тодруулбал, тавдугаар сарын 2-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд ихэнх нутгаар, 4-нд зүүн аймгуудын нутгаар, 5-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно.

Салхи 2, 3-нд ихэнх нутгаар, 4-5-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд түр зуур 20-22 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Мөн 2-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Хүрэн бэлчир, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байх төлөв гарчээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хянан шалгах хороо байгуулбал авлига буурах уу?

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар Анхдугаар зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь өдрийн арга хэмжээ үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах” сэдвээр мэдээлэл хийлээ.

Тэрбээр ”Төрийн сахилга хариуцлагыг сайжруулж, нэр хүндийг дээшлүүлэх асуудал бүх шатанд олон жил яригдаж, тодорхой шийдэл, арга, хэмжээ авдаг хэдий ч үр дүн туйлын хангалтгүй байна. Төрийн өндөр албан тушаалтны үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэн авлигаас ангид байж, тэдгээрийн манлайлах үүргийг бий болгох нь чухлаар тавигдаж байна Хуулийн засаглал, хууль дээдлэх ёс төлөвшиж тогтсон улсуудад иргэний болон нийтийн эрх ашгийг хамгаалах байгууллагууд нь үр дүнтэй ажилладаг бол харин харьцангуй сул хуулийн засаглалтай улсуудад Үндсэн хуулийн байгууллага байгуулах замаар шийдвэрлэх санаачилга гарч байна гэж судлаачид үзжээ.

Парламентын бүтцэд хянан шалгах хороо байгуулснаар Авлигатай тэмцэх газар, бусад хуулийн байгууллагын эрх хэмжээ хүрэхгүй байгаа авлигын болон нийтийн ашиг сонирхол хөндөгдсөн ноцтой асуудлаар парламент мөрдөн шалгалт хийж бодит байдлыг тогтоох, ингэснээр шүүх эрх мэдлийн байгууллагад тухайн асуудлаар гарц нээж өгнө гэж нэг хэсэг нь үздэг бол зарим судлаачид одоо байгаа бүтцийн байгууллагуудын эрх хэмжээг нэмэгдүүлвэл уг асуудлыг шийдэх боломжтой, “Хянан шалгах түр хороо”-ны дүгнэлт нь шүүхэд үүрэг хүлээлгэхгүй тул парламентын мөрдөн шалгах явцад тогтоогдсон байдал бодит үр дүнд хүрэх эсэх нь эргэлзээтэй гэж шүүмжилдэг.

Үндсэн хуулийн бус арга хэрэгслээр засгийн эрх мэдэл хооронд харилцан нөлөөлөх боломжийг хязгаарлана гэж үздэг бол зарим хэсэг нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүхэд үйлчилдэг байгууллага гэдэг статусыг маш тодорхой хуульчлах, шүүгчид, шүүн таслах ажиллагаанд нөлөөлөхгүй байх нөхцөлийг нь сайтар хангахгүй бол мөн л шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх эрсдэлтэй гэсэн байр суурийг илэрхийлдэг” гэв.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Улс төрөөс хараат бус, мэргэшсэн , чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх” сэдвээр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Төрийн албан хаагчдын тоо 2001 оноос хойш аажмаар өссөөр 2012 оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар нийт 162 769 төрийн албан хаагч, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар нийт 186 458 төрийн албан хаагч ажиллаж байгаагаас 3 092 нь улс төрийн, 19 687 нь төрийн захиргааны, 35 736 нь төрийн тусгай албаны, 127 943 нь төрийн үйлчилгээний албанд ажиллаж байна. Дээрх статистик мэдээллээс харахад 4 жилийн хугацаанд төрийн албан хаагчдын нийт тоо 23 689-аар нэмэгдсэн байна. Төрийн албыг тогтвортой, улс төрөөс хараат бус болгохын тулд 2008 онд Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулж улс төрчдөөс бусад бүх төрийн албан хаагчдыг намын харьяалалгүй болгосон. Гэвч, төрийн албан тушаалд томилох, халахдаа улс төрийн намын харьяаллыг харгалзан шийдвэрлэсэн асуудалтай холбоотой гомдол захиргааны хэргийн шүүхэд ихээр ирдэг. Түүнчлэн албаны тоон үзүүлэлтээс харахад сонгуулийн дараа халаа сэлгээ хийх нь их байна. Энэ нь төрийн алба улс төрөөт хараат байсаар байгааг харуулж байна.

Төрийн алба тогтвортой байх нь төрийн албан хаагч мэргэшсэн байхтай салшгүй холбоотой. Төрийн албан хаагч мэргэшсэн байх гэдэгт түүнийг төрийн ажилд дадлагажуулах, туршлага суусны хэрээр түүнийг илүү хариуцлагатай ажилд шат ахиулан ажиллуулахыг ойлгоно. Үүнийг хангах үндсэн арга нь албан тушаал бүрийн зорилго, чиглэл, түүнд ажиллах хүнд тавигдах шалгуур маш тодорхой байх учиртай.

Гэтэл манайд үйлчилж байгаа хууль тогтоомж хэт ерөнхий байгаагаас байгууллагууд албан тушаалд тавих мэдлэг чадварын шаардлагыг ерөнхий байдлаар, нийтлэг үзүүлэлтээр тогтоодог. Сул орон тоо гарсан тохиолдол бүрт ажил олгогч өөрийн сонирхож байгаа хүндээ тохируулан ажлын байранд тавигдах шаардлагыг өөрчлөх, яг ижил албан тушаалуудад өөр өөр шаардлага тавьж төрийн албаны шалгалт зарлах нь элбэг байна. Мөн төрийн албан хаагчдыг хуульд заасан үндэслэлээс гадуур халж, чөлөөлөх нь тасардаггүй. Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэсэн төрийн албатай холбоотой маргаан 2012 онд 133 байсан бол 2015 онд 400 болж өссөн” гэв.

Үүний дараа асуулт, хариултаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Дараа нь УИХ-ын гишүүн М.Оюунчимэг мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Анхдугаар зөвлөлдөх санал асуулга хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 670 иргэн Төрийн ордонд ирээд, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байна уу, үгүй юу гэдгийг хэлэлцэж байна.

Энэхүү санал асуулгад иргэдийн идэвх үнэхээр их байна. Иргэдийн зүгээс УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албан тушаалтыг давхар хаших ёсгүй. УИХ-ын гишүүн хууль тогтоох, сонгогчидтой уулзах, хууль нь хэрэгжиж байна уу, үгүй юу гэдэг дээр хяналт тавих ажилтай байдаг. Харин Засгийн газрын гишүүн бүхэл бүтэн яам удирдаад явдаг тул ажил цалгардах сөрөг тал байна. Тиймээс УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албан тушаалыг давхар хаших хэрэггүй гэдэг байр суурийг илэрхийлж байна. Энэ бол иргэдийн санал бодлын нэг хэсэг нь юм.

Зарим хүмүүст Анхдугаар зөвлөлдөх санал асуулгын үр дүнг эцсийн үр дүн гэж хараад байна. Гэтэл энэ бол шат дараатай явах арга хэмжээнүүдийн эхний хэсэг юм. Өнөөдөр оролцсон иргэн бүрээс тусгайлан санал авна. Ингээд санал авах, баримт бичгийг хураах зэрэг ажиллагааг бүгдийг нь баримтжуулж, камерын бичлэг хийнэ. Хэрэв дараа нь ямар нэгэн маргаантай асуудал гарч ирэх юм бол камерын бичлэгээ баримт болгон ашиглах юм. Бүхий л үйл явц ил тод шударга явж байгаа” гэв.

Ингээд “Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага-Улсын бага хурал гэсэн хоёр танхимтай байх” гэсэн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Сэдвийн хүрээнд ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат танилцуулга хийсний дараа иргэд баг болон хуваагдаж зөвлөлдөв. Улмаар 1.30 цаг зөвлөлдсөний дараа зөвлөлдөх санал асуулга эхэллээ.

Иргэдийн төлөөлөл баг болон хуваагдаж, экспертүүдээс асуулт асуусан юм.

Хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан:

“-Дээд, доод танхим нь гурван янзын шалтгаанаар үүсч гарч ирдэг. Нэгдүгээрт, холбооны улсад мужийн төлөөллийг хангах зорилготой байдаг. Хоёрдугаарт, хууль тогтоох чанарыг сайжруулах зорилготой. Дээд танхим бол хуулийн чанар ямар байна вэ гэдгийг хянах зорилготой. Гуравдугаарт, анх парламент үүссэн цагаас уламжлагдсан шалтгаан байдаг. Энэ нь Монголд тохирох уу гээд харах юм бол манай улс нэгдмэл учраас мужийн төлөөлөл гэж байхгүй. Хоёр танхим бол 20 саяас дээш хүнтэй улсад байдаг. Жижиг улсад хоёр танхимтай парламент бараг байдаггүй. Хуулийн чанарыг сайжруулах тал дээр заавал хоёр танхимтай болохгүйгээр хуулийн чанарыг сайжруулж болно” гэлээ.

Академич Н.Лүндэндорж:

“-Холбооны улс бол үргэлж хоёр танхимтай байдаг. Энэ бол тогтсон уламжлал. Манайх нэгдмэл улс байж хоёр танхимтай болох уу үгүй юу гэж ярьж байна. Нэгдмэл улсад парламентын хөгжил нь нэлээд явсан үед хууль тогтоох үйл ажиллагаагаа чанартай болгохын тулд хоёр танхимтай болдог. Дээд, доод гэж нэрлээд байгааг би бол буруу гэж боддог. Доод танхим нь жинхэнэ ард түмнээс сонгогдсон төлөөлөгчдийн танхим юи. Доод танхимд янз бүрийн хүн сонгогдож болно. Бичиг үсэггүй хүн ч байж болно. Тийм хүмүүс хууль тогтоох нь тиймхэн байдаг. Тэр хүмүүсийн тогтоосон хуулийг мэргэжлийн үүднээс засч сайжруулах танхим нь дээд танхим юм. Одоогийн манай Үндсэн хуулийн төсөлд явж байгаа заалт нь энэ утгаар биш арай өөр утгаар яригдаж байгаа гэдгийг онцолж хэлмээр байна” гэв.

Монгол Улсын гавьяат хуульч, Академич Ж.Амарсанаа:

“-Өнөөдрийн бидний ярих сэдэв бол 12 үгний эхний долоог нь харамч байгаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж. Тэгэхээр бид Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хүрээнд ярих учиртай. Үндсэн хуулийн 7 дугаар зүйлийн 1.1-д Монгол Улсын иргэн Үндсэн хуулийг дээдлэн сахин биелүүлэх үүрэгтэй. Хэрэв хоёр танхимын тухай ярьвал Үндсэн хуулийн 70 зүйл, 99 хэсгийн 50 гаруй зүйл нь өөрчлөгдөнө. Шинэ Үндсэн хууль батлагдахад хүрнэ. Тэгэхээр энэ хүрээнээс халих хэмжээнд хүрэх гээд байна.

Хоёрдугаарт, хүмүүс гадны жишиг яриад байна. Анааш гэхээр тэмээний тухай яриад байх юм. Тийм амьдрал тусдаа. АНУ олон үндэстэнтэй, Швейцар олон хэлээр ярьдаг. Харин Монгол Улс бол өөр. Бид Монгол Улсын доторх асуудлыг шийдэх ёстой. Депутат байсан хүмүүс мэдэж байгаа байх. Өмнө нь дөрвөн удаа хэлэлцүүлэхэд нэг танхимтай байна гээд тогтчихсон. Амьдралын 20 гаруй жил явж ирсэн хэвшлийг одоо өөрчлөнө гэвэл боломжгүй. Яагаад ийм асуудал ороод ирчихсэн нь сонин байна. Одоогийн нэг танхимтай тогтолцоогоо баталгаажуулах гэсэн байх гэж бодож байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Ашиглахаа больсон худгуудыг засварлаж байна

Холбоотой Зураг

Монгол улсын 15 аймаг 128 суманд хэрэгжиж буй “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь (LTS 2)” төслийн хүрээнд Ховд аймгийн Булган, Алтай, Үенч, Дарви, Чандмань гэсэн сумын ашиглагдахгүй байсан таван худгийг засварлаж, мотор, насосоор хангах ажлыг хийж байна. Энэхүү ажлыг зургаадугаар сарын 15 ны дотор бүрэн дуусгаж хүлээлгэн өгөх аж. Уг төсөл нь Ховд аймгийн долоон суманд хэрэгжиж байгаа бөгөөд зуданд өртсөн иргэдийн амьжиргааг хамгаалах, нөхөн сэргээхэд туслах зорилгоор зорилтот сумдад нийтдээ 50 сая төгрөгийн тэтгэлэг олгох төслийн уралдааныг зарласаны нэг нь энэхүү худаг засварлах ажил юм байна.


Categories
гадаад мэдээ

Умард Солонгос ахин пуужин туршив

Умард Солонгос ахин пуужин туршив зурган илэрцүүд

Хойд Солонгос баллистик пуужингийн туршилтыг дахин хийсэн тухай Рёнхап агентлаг мэдээллээ. Өмнөд Солонгосын Рёнхап агентлагийн мэдээлж буйгаар пуужин хөөрч эхлээд хэдхэн секундын дараа дэлбэрч, туршилт амжилтгүй болсон аж.

Баллистик пуужин нь KN-17 загварынх бөгөөд Өмнөд Пхеньян тосгоноос хөөрчээ. “CNN” агентлагийн мэдээлж байгаагаар Хойд Солонгосын баллистик пуужин Японы тэнгист унасан. Мөн баллистик пуужинг гар утаснаас удирдаж хөөргөсөн гэв. Баллистик пуужин нь одоогоор хэр хол замыг туулсан нь тодорхойгүй байгаа юм байна.

Гэхдээ пуужин агаарт хөөрөөд 15 минутын дараа дэлбэрсэн, энэ хугацаанд 40 км замыг туулсан гэж “Fox News” телевизээр мэдээлж байна.

Categories
мэдээ нийгэм

Маргаашнаас нэмэгдэх татваруудтай танилц

ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахын тулд Засгийн газар 2017 оны төсөвт тодотгол хийсэн. Үүний дагуу 7 төрлийн татвар нэмэхээр болсон юм. Эдгээр татваруудын зарим нь тавдугаар сарын 1-нээс буюу маргаашнаас эхлэн хэрэгжих гэж байна. Хэдийгээр зарим татварын хугацааг хойшлуулах асуудлыг бизнес эрхлэгчид болон УИХ дахь АН-ын зүгээс тавьж буй ч тодорхой шийдгүй байгаа юм. Маргаашаас эхэлж дараахь татварууд нэмэгдэнэ.

Хадгаламжийн хүүгийн орлого: таван хувийн татвар ногдуулна

Импортын тамхи: гаалийн албан татварыг 30 хувьд хүргэнэ.

Автомашины онцгой албан татвар: Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины онцгой албан татварыг 100 хувь хөнгөлж байсан бол маргаашаас 50 хувиар хөнгөлнө. Ингэхдээ үйлдвэрлэсэн оноос хойших хугацаа болон хөдөлгүүрийн багтаамжаас хамаарч хөнгөлөх юм байна.

Categories
мэдээ спорт

“Токио-2020” олимпийн Монголын багийн ахлагчаар Б.Баттүшиг ажиллана

Б.Баттүшиг зурган илэрцүүд

МҮОХ-ны шинэчлэн байгуулагдсан Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал болж өнгөрлөө. Тус хуралдаанаар 2017-2021 оны стратеги төлөвлөгөө, 2017 оны ажлын төлөвлөгөө, төсвийг хэлэлцжээ. Мөн “Токио-2020” Зуны олимпийн наадмын Монголын багийн ахлагчаар МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, “Ашгабат-2017” Азийн танхимын болон тулааны спортын наадмын багийн ахлагчаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ж.Түмэн-Аюушийг тус тус сонгов. Түүнчлэн МҮОХ-ны гишүүдийн хурлыг ирэх тавдугаар сарын 26-ны өдөр хуралдуулахаар шийдвэрлэсэн байна.


Categories
мэдээ спорт

Mongolia open-2017: Таван алтан медаль хүртээд байна

“Mongolia open-2017” тэмцээн өчигдөр “Буянт-Ухаа” спортын ордонд эхэлсэн билээ. Тэмцээн өнөөдөр үргэлжилж байна.

Тус тэмцээнд БНХАУ, БНСУ, ОХУ, Канад, Казахстан, Венесуэл, Монгол зэрэг долоон орны бөхчүүд барилдаж байна. Манай улсаас Гавьяат тамирчин Г.Мандахнаран, Э.Бэхбаяр, Б.Номин, Б.Гомбодорж, П.Өнөрбат, Н.Золбоо нарын олон шилдэг тамирчин өрсөлдөж байгаа бол эмэгтэйчүүдээс Э.Сумъяа, Э.Гантуяа, С.Батцэцэг, П.Орхон, О.Насанбурмаа, Ш.Түмэнцэцэг нарын шилдгүүд хүч үзэж байна. Өчигдрийн байдлаар манай улс дөрвөн алтан медаль, хоёр мөнгө, есөн хүрэл медаль хүртсэн. Жин тус бүрийн медальтнуудыг танилцуулж байна.

ЭРЭГТЭЙ

57 КГ

1. (Монгол) Э.БЭХБАЯР
2. (ОХУ) АЛДАР БАЛЖИНИМАЕВ
3. (Монгол) С.БАТБОЛД
4. (Монгол) А.МӨНХ-ЭРДЭНЭ

65КГ
1. (ОХУ) TERESHENKO SEMEN
2. (ОХУ) KUULAR NACHIN
3. (Монгол) Г.ЧОЙГАЖИД
3. (Монгол) Н.ЛХАМГАРМАА

74КГ
1. (Монгол)Д.ГОМБОДОРЖ
2. (Монгол) Б.БЯМБАДОРЖ
3. (Монгол) СУМЪЯАБАЗАР
3. (Монгол) Б.АНХБАЯР

97КГ
1. (Венесуэль) DIAZ JOSE
2. (Монгол) Ө.БАТЗУЛ
3. (ОХУ) BELONOVSKI YURI YURIVICH
3. (Монгол) Л.ТӨРТОГТОХ

ЭМЭГТЭЙ

48КГ
1. (ОХУ) VALERIA CHEPSARAKOVA
2. (Канада) JASMINE MIAN
3. (ОХУ) DERIA LEKSINA (4)
3. (ОХУ) ANZHELIKA VETOSHKINA

Эмэгтэй 55КГ
1. (Монгол) Э.ДАВААЧИМЭГ
2. (ОХУ) NINA MENKENOVA
3. (Монгол) Б.БОЛОР-ЭРДЭНЭ
3. (Монгол) Б.БОЛОРТУЯА

60КГ
1. (Монгол) Э.ГАНТУЯА (3)
2. (ОХУ) YULIA PRONTSEVICH
3. (Монгол) З.БОЛОРТУНГАЛАГ
3. (ОХУ) TUKERENOVE ULIANA

69КГ
1. (Монгол)Ш.ТҮМЭНЦЭЦЭГ
2. (Венесуэль) ACOSTA MARIA
3. (ОХУ) BURAKOVA KSENIYA
3. (Монгол) О.НАСАНБУРМАА

Categories
мэдээ нийгэм

Сонгинохайрханчууд ногоон байгууламжаа тордож байна

Сонгинохайрханчууд ногоон байгууламж зурган илэрцүүд

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд ногоон байгууламжаа хогноос салгах, цэцэрлэгжүүлэх ажлыг эхлүүлээд байна. Дээрх ажилтай холбоотойгоор шинээр мод тарих газрыг мөн бэлтгэж байгаа аж.

Сүүлийн хэдэн жил дараалан нийслэлийн хэмжээнд мод тарих ажил эрчимтэй өрнөсөн ч Сонгинохайрхан дүүргийн хувьд далайцтай ажил хийгдээгүй юм.

Харин энэ удаагийн арчилгаа тордолгоо нэлээд өргөн хүрээг хамарч байна. Тухайлбал, “Драгон” авто вокзалын автобусны буудлаас “Саппоро”-гийн автобусны буудал хүртэл үргэлжлэх авто замын хоёр талын ногоон байгууламжийг арчлах ажил өнөөдрийн байдлаар хийгдэж байна.

Мөн шороогоороо байгаа газрыг боржуураар тохижуулах ажил ч хийгдэж буй юм.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгчийн сонгуулийг гадаадын 24 ажиглагч ажиглана

Ерөнхийлөгчийн сонгууль зурган илэрцүүдМонгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг гадаадын 24 ажиглагч ажиглах нь. Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт хүний эрхийн алба /ЕАБХАБ/-ны Хязгаарлагдмал Сонгууль ажиглах хороо 2017 оны хоёрдугаар сарын 21-нээс 24-ний өдрүүдэд Улаанбаатар хотод ажилласан тухай тайлангаа энэ дөрөвдүгээр сарын 25-ны Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлжээ.

Уг тайландаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг өргөн бүрэлдэхүүнтэйгээр урт хугацаагаар ажиглана гэдгээ онцлон тэмдэглээд, ингэснээр Монгол Улсын сонгуулийн үйл ажиллагаанд итгэх олон нийтийн болон гадаадын улс орнуудын итгэлийг нэмэгдүүлэх, цаашид сонгуулийн үйл ажиллагааг улам боловсронгуй болгон сайжруулахад ЕАБХАБ-ын АИХЭА-ны үнэлгээ, зөвлөмж нь хувь нэмрээ оруулна гэж үзэж байна гэсэн байна.

Үүний дагуу Үндсэн багийн шинжээчид дээр нэмж урт хугацааны 24 ажиглагчийг орон даяар явагдах сонгуулийн үйл ажиллагааг ажиглуулахаар ажиллуулахыг ЕАБХАБ-ын гишүүн орнуудаас хүсэх юм байна. Сонгуулийн санал авах өдөр Сонгууль ажиглах хорооныхон тодорхой хэдэн санал авах байрууд дээр очиж ажиглалт хийх боловч бүрэн гүйцэд, системтэй ажиглалтыг хийнэ. ЕАБХАБ-ын АИХЭА-ны сонгуулийн ажиглалтын арга зүйн стандартын дагуу, ХСАХ нь хэвлэл мэдээллийн хяналтын ажиглалтыг мөн хийнэ гэдгээ Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-ын ШУА-ийн ерөнхийлөгч Монголд айлчилж байна

Монгол Улсын ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэлийн урилгаар БНХАУ-ын Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгч, профессор Бай Чун Ли тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 29-нөөс ирэх сарын 3-нд албан ёсны айлчлал хийж байна.

Энэ удаагийн айлчлал нь 1999 оноос хойш хоёрдахь удаагийн томоохон айлчлал юм. Айлчлалын зорилго нь Монгол, Хятад хоёр орны шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг шинэчлэн баталгаажуулахад оршиж байгаа бөгөөд энэ үеэр БНХАУ-ын ШУА-ийн Ерөнхийлөгч Хятадын Шинжлэх ухаан, технологийн хөгжлийн талаар нээлттэй лекц зохион байгуулах юм.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд БНХАУ-ын Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгчөөс гадна Гадаад хамтын ажиллагааг Удирдах газрын ерөнхий захирал, профессор Жин Хуа Цао, Баруунхойд бүсийн Эко-хүрээлэн буй орчин, нөөцийн судалгааны хүрээлэнгийн ерөнхий захирал, доктор Ванг Тао, Нүүрсний химийн хүрээлэнгийн ерөнхий захирал, профессор Жиан Гуо Ванг, Гадаад хамтын ажиллагааг Удирдах газрын орлогч захирал Бо Лун Нинг нар багтаж байна.

Айлчлалын хүрээнд БНХАУ-ын төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын дарга М.Энхболд нарт бараалхах бөгөөд Монгол Улсын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудад зочилж, байгалийн шинжлэх ухааны хөгжлийн хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, судалгаа хөгжлийн шинэ чиглэлүүд, боломжуудын талаар харилцан санал бодлоо солилцох аж.