Categories
булангууд мэдээ нийгэм нэг-ангийнхан

Уламжлалт анагаах ухаан бол миний нэрийн хуудас DNN.mn

Би 1995 онд АУИС-ийн Монголын Уламжлалт Эмчилгээний ангийг төгссөн даруйдаа Монгол Эмнэлэг Сувиллын Төв буюу одоогийн УАУТХүрээлэнд лабораторийн эмчээр орж, 25 жил үр бүтээлтэй, тууштай ажилласан. Тэр үед УАУ-ны тэнхим, сургууль маань манай эмнэлэг дээр байрлаж үйл ажиллагаагаа явуулж байсан. Энэ нь Эрдэмтэн багш нарынхаа хамт ойр байж, ажиллаж хөдөлмөрлөх, сурч хөгжих алтан боломж надад тохиосон билээ. 2006 онд Зөвлөх Д.Цэрэндагва, удирдагч С.Сэдэддулам нарынхаа удирдлагаар “Шээс шинжлэх уламжлалт ба лабораторийн аргуудын үр дүнг харьцуулсан судалгаа” сэдвээр АУ-ны магистрын зэрэг хамгаалсан.

Монгол Улсын Зөвлөх эмч, 2019 оны “Алтан чагнуурын эзэн” , “Монгол Увидас” эмнэлэг, сувиллын захирал Г.Саранцэцэг

Бидний судалгаа нь “Хий, шар, бадганы өвөрчлөлттэй хүний шээсэнд шээг, шээсний хүчил, шүвтэр, болон үлдэгдэл азот үзэж, шээсний биохимийг тоон үзүүлэлтээр гаргаж өгсөнөөрөө онол, практикийн ач холбогдолтой бүтээл болсон билээ. 2009 онд Клиникийн профессор цол, 2019 онд “УАУ судлал төрлөөр “Алтан чагнуурын эзэн”, 2021 онд Монгол Улсын Зөвлөх эмч болсон. Одоо докторантурт сурч, “Монгол Увидас” хувийн эмнэлэг, сувилалдаа захирлаар ажиллаж байна. Эрдэм шинжилгээ, судалгааны 30 гаруй бүтээлтэй, Монгол Улсын Оюуны Өмчийн Зохиогчийн эрхийн гэрчилгээ 3, Ашигтай загварын гэрчилгээ 1.

УАУТХ-ийн Эмнэлэгт ажиллах хугацаандаа 16533 хүнд эмчийн үзлэг, оношилгоо эмчилгээ хийснээс зүү эмчилгээг 7285 хүнд хийсэн байна.

УАУТХ-гийнхээ Сургалтын албанд 12 жил багшаар ажиллаж УАУ, Зүү судлалын хичээл 200 гаруй эмч нарт зааж сургаж төгсгөсөн. 2014 онд ЭМШУИС дээрээ багшлах мэргэшил эзэмшин, 2015 оноос Анагаах ухааны Ёс зүй хичээлийн хоёр кредит лекц орж, Төгсөлтийн дараах сургалтаар резидэнт эмч нарт хувь хүний хөгжил, хандлагын боловсрол олгох шинэлэг арга барилыг эхлүүлсэн. Ажиллах хугацаандаа Эрүүлийг хамгаалахын жуух, Эрүүлийг хамгаалахын Тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн Хүндэт медалиар шагнагдаж байсан.

УАУ-ны гурав дахь төгсөлт, ангийнхныхаа тухай

1992 оны зун Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт дадлага хийж, амарчихаад намар нь хичээлдээ ирэхэд Уламжлалт Эмчилгээний ангид 24 оюутан авч байна гэж сонсоод яаран очиж бүртгүүлэн Эмчилгээний ангиа сольж, шинэ хамт олонтой болж билээ. Энэ бол 1990 онд АУИС -д шинээр нээгдсэн Монголын Уламжлалт Эмчилгээний Тэнхимийн гурав дахь төгсөлтийнхөн бүрдсэн түүх. Хоёр бүлэгт хуваагдан, нэг анги болсон бид бүгдээрээ л гурван жил хамт сурсан найз нөхдөө, анх элссэн Эмчилгээ, Хүүхэд, Шүд, Эмийн ангиа орхин чухамхүү Ардын эмнэлэг сурах хүсэл эрмэлзэлд хөтлөгдөн цугласан оюутнууд байлаа. Тиймээс ч бүгд л анхныхаа хичээлээс эхлэн урам зоригтой, идэвхтэй, баяр хөөртэй суралцацгаасан юм. Бидэнд анхны хичээлийн тус тэнхимийг үүсгэн байгуулагчдын нэг, Академич Ц.Хайдав гуай орж, Уламжлалт эм тангийн түүхий эдийн тухай орж, зааж эхэлсэн нь чухамхүү үлгэрийн мэт сайхан санагдаж, буурал түүхийн жимээр аялах шиг л онцгой санагдаж билээ. Ц.Хайдав багш маань бидэнд уламжлалт эм тангийн найрлагад ордог олон сайхан бодисыг орчин үеийнх нь нэр, олон улсын болон төвд, монгол, нутгийн нэршилтэй нь хэлж тайлбарлан, орлуулан хэрэглэж байсан зарим хэрэглээ, гарч байсан андуу ташаа хэрэглээ болон оновчтой зөв хэрэглээтэй нь тайлбарлан хэлж сэтгэлд хоногштол заасансан. Дэлхийн хэмжээний алдарт эрдэмтэн, тэр том эрдэмтэн судлаач хүн гэхэд найрсаг сайхан зантай, зочломтгой, хүнийг гололгүй мэдсэн, сонссон бүхнээ хуваалцаж, ярилцдаг, оюутан шавь биднийгээ эрдэм номын ажилд уриалан дуудаж, хөтлөн нэн дуртай агуу их хүн байж билээ. Биднийг эрдэм шинжилгээний ажил хийх, илтгэл тавин оролцохыг маш их дэмжиж, байнга урамшуулж, санаа оноо нэмэрлэн, зааж чиглүүлдэгсэн. Манай ангийн Л.Алтанхуяг, Л.Бадрал, Д.Өлзийбаяр гурав Шинжлэх Ухааны Академи дээр очин багшийнхаа ажилд тус нэмэр болон ажиллаж, зун нь зарим эмийн боловсруулалт дээр ч ажиллаж гүйсээр сургууль төгсөх жилээ гурвуул уламжлалт зарим эмийн бодисоор диплом хамгаалж байв. Хэдийгээр диплом заавал хамгаалах шаардлага байгаагүй боловч, сургууль төгсөх тэр олон шалгалтууд болон ачаалал дундуур нэмэлт зүйл хийх сэтгэл зүтгэл гаргатал тийнхүү хүнийг өдөөж, хөгжүүлдэг байж дээ. Багш маань биднийг дагуулан Гачуурт тосгоны цаад талд орших Хуандийн аманд аваачин анхны богино хэмжээний ургамлын дадлагад газарчилж, бамбайн үндэс түүлгэж, дараа нь түүнийг хатаах, боловсруулах, эмийн бодис, ханд гарган авах ажилд сургаж байсан нь одоо ч сэтгэлд тод санагднам. Академич багшийн маань хичээлийг үргэлжлүүлэн зааж, манай курсыг дааж авсан хүн бол Хүрэлчулуун багш минь билээ. 1993 оны зун биднийг дархан цаазат Хөгнө хан ууланд хоёр долоо хоног ургамлын дадлагат авч явж, тааралдсан ургамал, цэцэг навч бүрийг таниулан, хатаамал хийлгэж, дээж бэлдүүлж, мартагдашгүй сайхан дурсамж үлдсэн юм. Чухам л энэ аяллаар манай ангийнхан бие биенийхээ талаар улам сайн мэддэг болж, уламжлалт анагаахын эмч хүний зан чанар, ажил хөдөлмөрт хандах хандлага, тэсвэр хатуужил, нарийн нямбай чанарт суралцаж билээ. Хүрэлчулуун багшийнхаа зааж таниулсан эмийн ургамлуудыг бид монгол орны өнцөг булан бүрд явахдаа олж харж, таньж, хайрлаж, хэрэглэж явдаг бөгөөд тэр бүр тэдгээр сайхан өдрүүдийг дурсан санадаг. Багш маань биднийг эхийн хайр халамжаар ч дутаадаггүй нь бас сайхан. Идэх хоол, өмсөх хувцсыг маань хүртэл анхааран санаа тавьдагсан. Тэр цагаас хойш 30 шахам жилийн дараа уулзахад бидний өмссөн хувцасыг хүртэл санан ярьж байж билээ. Өглөөний цайгаа уучихаад үдийн хоол хүртэл уулаар явж, шинэ өвс ургамал хайн цуглуулж, бичиж тэмдэглэж явах үнэхээр тайван, сайхан байдагсан. Ер нь ангийн хамт олон дунд маань хөгжилтэй зүйл их тохиолдоно. Судас барих, шээсээр оношлох, зүү төөнө хийж сурах гэж бөөн юм болсон доо. Уламжлалт оношилгоо, Дотор заслын хичээл заасан н.Хажидсүрэн багш маань бидэнд өрнө, дорнын анагаах ухааныг хослуулан өвчнийг оношилж, эмчилж сурахад хамгийн их үүрэг гүйцэтгэсэн гэж хэлж болно. Ажил мэргэжлийн асар их туршлагатай, хурц билэг ухаантай, хөгжилтэй сайхан зантай, шулуун шударга багш маань бидэнд юм сургах гэж үнэхээр уйгагүй ажилладаг байсан нь сэтгэлд хоногшжээ. Урд өдөр нь “сархад хүртэн” жаахан наргисан нэг нөхөр /Одоо нууцлахгүй… Төмөр/-ийг маань шээсийг нь үнэрлээд мэдчихэж билээ. Тэгээд бидэнд бүгдэд нь үнэрлүүлэн, судсыг бариулж, “шарын халуун хөөрсөн” үед шээс, судсанд ямар өөрчлөлт гардгийг насааараа мартахгүй болтол үзүүлж билээ.

Зүү төөнүүрийн хичээлийг 5-р курст Тэнхимийн эрхлэгч Н.Төмөрбаатар багш маань бидэнд азтай тохиолдлоор орж, зааж байгаа цэг болгоноо хятад, монгол нэр, утга, ханзтай нь цээжлүүлж, өөр дээрээ болон нэг нэгэн дээрээ цэг олж, тэмдэглэх, зүү тавьж сурахыг шаарддаг, заримдаа ангид маань түгжиж орхидог байж билээ. Тэр өндөр шаардлагад нь хүрэх гэж хэдэн хөвгүүд нь биеэ эрээн цоохор болтол зуруулдагсан. Зураг, үзүүлэн материал маш цөөхөн ховор байсан учраас өөрсөд дээрээ л туршиж, зурж тэмдэглэнэ. Охиддоо айж, өвдөж байгаагаа мэдэгдүүлэхгүйн тулд биеэ барин тэвчиж байгаад ухаан алдаж унах тохиолдол ч /Б.Эрдэнэбилэг/ гарч байж билээ. Хятад хэлээр мэндийн зөрүүгүй хэрнээ аль хэдийн зөндөө ханз тайлж уншдаг, мэддэг болчихсон биднийг хожим нь хятад, япон хэл сурч байгаа хүмүүс хүртэл гайхаж байсан нь санагдана. “Шавийн эрдэм багшаасаа” гэдэгчлэн М.Эрдэнэцэцэг, Т.Рэнцэнханд, Х.Балдансамбуу нар маань АНУ-д амьдарч, Зүү төөнүүрийн чиглэлээр “Олон улсын зүүний эмч”эрхтэйгээр мэргэжлээрээ ажиллаж, монгол эмнэлгийг дэлхий нийтэд таниулан, нэр алдраа дуурсгаж байна. Оюутан цагийн сайхан мөч бүхний дурсамж үлэмж үнэ цэнэтэй, багш нарынхаа тухай бодоход улам сайхан байдаг. Уламжлалт засал хичээл орж байсан Өлзийсайхан, Уламжлалт жорын хичээл заадаг С.Олдох нарын маань амар төвшин сайхан дүр сэтгэлд дурайна. Яаралтай тусламжийн хичээл заасан С.Сэдэддулам, анги хариуцан удирдаж байсан Хишигжаргал багш нар маань биднийг Эмчилгээний ангийн оюутнуудаас ч дутахааргүй мэдлэг чадвар төгс болгохыг хичээж, мэдлэг оюунаа уудлан зааж, өндөр шаардлага тавьдагсан. Бид мөн Төвд хэл ч үзэж, ном цээжилдэг байсан. “Ах нь сургаж, дүү нь сонсдог” гэгчээр манай ангийнханд дээд курсийн ах эгч нар маань багшилдаг байв. Уламжлалтын тэнхим маань шинэ тулгар, мэргэшсэн багш цөөн, тэдний маань цаг зав хүрэлцээ муутай байсан тул дээд курсийн шилдэг оюутнууд түрүүлж үзсэн, мэдсэнээ дүү нартаа заадаг байсан нь тэр. Өнөөдөр АШУҮИС-ийн Монгол Анагаахын Олон Улсын Сургууль хэмээх бие даасан сургууль болтол хөгжүүлсэн нэрт эрдэмтэн багш Д.Цэрэндагва, С.Сээсрэгдорж нар маань тэр үедээ 6-р курсийн оюутнууд байсан ч 4-р курсийн бидэнд хичээл орж, дадлага удирдаж, аль хэдийн мэргэшиж дадсан багш нар шиг буурьтай нь аргагүй хичээл зааж, сургадагсан. Ялангуяа төвд хэл, Уламжлалт анагаах ухааны түүх зааж байсан Л.Цэнд-Аюуш багш маань биднийг эртний судар бичгийг уншдаг, ойлгодог, түүх соёлоо үнэхээр сайн эзэмшсэн оточ маарамбын зэрэгт хүргэхсэн гэж их хичээдэг байсан. Анагаах ухааны язгуурын үндэс номыг бүтэн цээжлүүлж, гараар хуулан бичүүлж, үг бүрчлэн орчуулуулж, утга бүрийг таниулж байсныг нь одоо дурсан санаж багшаараа бахархдаг. Чухам л тийнхүү шахаж, өндөр шаардлага тавьж байсны дүнд хичээлийнхээ амтанд орж, илүү гүнзгий сурч, судлах хүсэл зориг төрж байсансан. Өрнийн Анагаах ухааны түүх соёлоор хүмүүжиж, материаллаг онол сургаал баримталж байсан бидэнд Дорнын философи, онол, хар шар таван махбодийн онолыг нэвтэртэл тусгаж авахад амаргүй байсан ба тэр хэрээрээ тайлагдаагүй нууц ихтэй, ид шидийн ертөнц шиг л санагдаж байсан юм. Манай ангийнхнаас төгссөнийхөө дараа эрдэм номын мөр хөөсөн, өөр нарийн мэргэжил эзэмшин ажилласан хүмүүс цөөнгүй бий. Х.Балдансамбуу, Монгол Улсын зөвлөх эмч асан С.Жаргалсайхан анд нар маань, төгссөн даруйдаа төрсөн нутаг Дархан хот, Дорноговь аймагт очиж, хөдөө орон нутагт анхны Уламжлалт эмчилгээний эмчээр ажиллан, анхны кабинет, тасаг байгуулж, Анагаах ухааны дунд, дээд сургуулиудад багшилж, олон сайхан шавь нар бэлтгэж, нэр хүндтэй ажилласан юм.

Анагаах ухааны доктор, дэд профессор Э.Дэлгэрмаа

Э.Дэлгэрмаа маань төгссөнийхөө дараа гурван жил сурч ажиллаад, 1998 онд Анагаах ухааны магистрийн зэрэг хамгаалж, 2016 онд “Олигомицинээр үүсгэгдсэн эмгэг загвар дээр Шингүн-5 ба Цагаалин хунчирыг судалсан үр дүн” сэдвээр Анагаах ухааны докторын зэрэг хамгаалж эрдмийн замд анги хамт олныхоо бахархал нь болж явна. 2017 онд Боловсролын Тэргүүний ажилтан, 2018 онд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, АУ-ны дэд профессор болж амжилт, алдрын оргил өөд манлайлсан ангийн анд маань одоо Ач Анагаах Ухааны сургуулийн УАУ-ны тэнхимд зөвлөх профессор, эрдмийн зөвлөлийн гишүүн багшаар ажиллаж байна. Э.Дэлгэрмаа нь 40 орчим эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлэл бичиж хэвлүүлэн, 2 магистр удирдан хамгаалуулж, өдгөө 2 магистрант, 2 докторант удирдаж байна.

Биднийг төгсөх үед олонхид маань сургууль, багш нартаа ойр ажиллах боломж олдоогүй, тухайн үед УА-ын эмчийн ажлын байр цөөн, хувиараа ажиллах боломж хомс байсан тул олон сайхан төгсөгч маань тэр үеийн монгол эмнэлгийн мэдлэг чадвар эзэмшсэн эмч нарын адил гадаад орныг зорьсон юм. Энэ нь нэг талдаа харамсалтай мэт боловч, нөгөө талдаа монгол эмнэлгийн тусламж үйлчилгээг олон улсын тавцанд мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэх, таниулан сурталчлах боломж олгосон.

Үүний нэг сайхан жишээ нь Польш улсад ажиллаж амьдарч байгаа манай ангийн тэргүүний төгсөгч Б.Сайнжаргал юм. Тэрбээр 1997 онд “Цөсний хүүдийн дискинезийг зүү төөнүүрээр эмчлэх” сэдвээр АУ-ны магистрын зэрэг, 2020 онд “Томуугийн вирусын халдвар тархалт ба вирусын шинж байдал “ (URN/RDNM/5910/349/D/m; ANZ-5910-59/19/12/2020 Warszawa) сэдвээр Анагаах Ухааны Докторын зэргийг Польш улсад хамгаалсан юм.

Зах зээлийн хүнд үед Польш улсыг зорьсон Б.Сайнжаргал маань Европын холбооны энэ улсад албан ёсоор эмчийн эрх авах, нарийн мэргэжлийн резидентэд суралцах, эмчийн резидэнтурт суралцаж төгсөөд улсын болон хувийн эмнэлгүүдэд амжилттай ажиллаж, аль хэдийн олны танил, нэр хүндтэй эмч болжээ. Монгол эмийн чанар үр дүнг баталсан эрдэм шинжилгээний ажлаараа олны танил болж баталгаажсан тэрээр гадаад дотоодын олон шагнал хүртэж, Польш дахь МУА-ны Эмч Судлаачдын Нийгэмлэг Польшид ажиллаж амьдарч буй эмч нарын зэрэг дээшлүүлэх болон лицeнзийн шалгалтыг Монгол Улсын ЭМЯ, МУА-ны Монгол дахь Төв Нийгэмлэгтэй хамтарч хоёр удаа зохион байгуулсан. МУА-ын олон улсын хамтарсан хурлуудыг МУА-ны Монгол дахь Төв Нийгэмлэгтэй хамтарч Варшав хотноо удаа дараа зохион байгуулцсан байна. Дорнын Уламжлалт Анагаах Ухаан, Зүү төөнүүр засал, Монгол ардын эмчилгээ арга барилын талаар сурталчлан дэлгэрүүлэх зорилгоор Польшийн үндэсний төв тeлeвиз, радио, хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа ярилцлага өгдөг.

Манай ангийнхнаас ОХУ-д Б.Энхбат, Польш улсад Л.Бадрал нар олон жил мэргэжлээрээ нэр хүндтэй ажиллаж амьдарч, монгол эмнэлгийг сурталчлан таниулж, нэр төрийг нь өндөрт өргөж явна. Зарим маань нарийн мэргэшил эзэмшин хөдөө орон нутагт олон жил үр бүтээлтэй ажиллаж байна. Тухайлбал, Увс аймагт Эрүүл мэндийн Төвийн мэдрэлийн эмч Нямжаргал, Баянхонгор аймагт дүрс оношилгооны эмч Л.Батцэцэг нар амжилттай сайхан ажиллаж, хөдөө нутаг орондоо нэр хүндтэй эмч нар болжээ. УБ хотод байгаа Д.Өлзийбаяр, Л.Ариунтунгалаг нар маань бидний дундаас төрсөн гэр бүлийн хос бөгөөд сургууль төгссөнийхөө дараа Баянгол, Сонгинохайрхан дүүргийн эмнэлгүүдэд олон жил, ёстой л мэргэжилдээ үнэнч сайн ажиллаж, ард түмэндээ хүндлэгдсэн, гавьяа зүтгэлтэй, Монгол улсын Тэргүүлэх зэрэгтэй эмч нар болж гурван үр хүүхэдтэй болон сайхан амьдарч байна. Манай ангийнхнаас бизнесийн салбарт хөл тавин амжилттай сайхан ажиллаж байгаа хэд хэдэн хүн бий. Тэдний амжилтын нууц нь мөн л эзэмшсэн мэргэжилд нь байдаг бөгөөд зарим талаараа гүнзгий нарийн холбогдсон байдаг.”FINE ЯПОН ЧАНАР” компанийн захирал Г.Дариймаа маань Япон улсад Хүнсний болон Эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр нарийн мэргэжил эзэмшээд, Эрүүл мэндийн биологийн идэвхит бодис, Хүнсний брэнд нэмэлт бүтээгдэхүүнийг анх удаа Монголд экспортлон оруулж, баталгаатай, дээд зэргийн сайн чанартай бүтээгдэхүүнээр ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө үйлчилж байна.

Г.Ариунжаргал, А.Байгаль, З.Цэцгээ, Б.Эрдэнэбилэг, И.Бүжинлхам, Б.Оюунбилэг нар маань анагаах ухаан болон бусад чиглэлээр бизнес эрхэлж, амжилттай ажиллаж байна. Гадаадад гэр бүлээрээ амьдарч, Монгол орноо зөв сайнаар таниулан, нэр хүндтэй ажиллаж амьдарч яваа Д.Удвал, О.Оюунбилэг, н.Ванчин нар маань ч бас найз нөхөд бидэнтэйгээ байнга холбоотой байж, жаргал зовлонгоо хуваалцаж яваад нь бид баяртай байдаг. Ангийн дарга Л.Алтанхуяг мэргэжлээрээ 16 жил ажиллаж хөдөлмөрлөөд, Хөнгөвчлөх эмчилгээний чиглэлээр мэргэшиж, анхны “Хоспис эмнэлэг”-ийн дөрвөн салбарыг үүсгэн байгуулахад гар бие оролцсонд нь бид бахархдаг. Эрүүл мэндийн Удирдлага, бодлогын чиглэлээр магистрын зэрэг хамгаалж мөн Эмнэлгийн тэргүүний ажилтан болсонд баяр хүргэмүй.

Манай ангийнхан эзэмшсэн мэргэжил, хийсэн ажлаараа дор бүрнээ амжилтад хүрч, өдгөө Эрүүл хамгаалахын тэргүүний ажилтан-10, Клиникийн профессор-4,Монгол Улсын зөвлөх эмч-2, Тэргүүлэх зэргийн эмч-5, магистр зэрэгтэй-5, АУ-ы доктор зэрэгтэй-2, Дэд профессор 1 –тэй болж, төрийн дээд одон медалийг бүгд хүртсэн байна.

Сурсан эрдэм, эзэмшсэн чадвар гэдэг хамгийн сайхан зүйл юм. Хажидсүрэн багшийн маань хэлсэнчлэн “Хэзээ ч мартахгүй мэдлэг, хэнээр ч заалгахгүй чадвар, хүнээс гуйхгүй идэх талх” минь болсон энэ сайхан мэргэжлийг эзэмшүүлсэн төрөлх сургууль, тэнхим, багш нартаа гэгээн дурсамж, гэгэлгэн хайр хүндэтгэлээ илэрхийлье.

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан

Ц.Анударийн ангийнхан || DNN.mn

Үй цай. 2013 оны төгсөлт


Бусдын тойрогт бүү хүр” уриатай “Гар+Дор” контемпорари үзэсгэлэнгээ “Мишээл экспо”-д дэлгэсэн Ц.Анударийн ангийнхныг “барьж авав”. Залуу уран бүтээлчийн үзэсгэлэнгийн нээлтэд ангийнхан нь ирсэн байлаа. Ц.Анударийн үзэсгэлэн гараар баялаг. Нарийхан улаан “гудамжаар” алхахад дунд сургуульд байхад маань хүүхдүүдийн ярьдаг байсан “Хар гар”-нууд амилах шиг л санагдсан. Ханан дундаас сэрийлдсэн тэдгээр гарнууд биед шүргэн долгилно.

Гараар илч дулааныг мэдрүүлж болдог ч бас бас бусдын орон зайд халдаж, айдас хүйдэс төрүүлж ч болдог. Тэрбээр хувь хүний орон зайг хүндлэх, бусдын орон зайд халдахгүй байх нь дэлхийн олон оронд чухалд тооцогдох ч Монголд хувь хүний орон зайн тухай ойлголт ч хомс байна хэмээн уг үзэсгэлэнгээрээ хэлэхийг хүсчээ. Тэр ч байтугай уран бүтээлч бүсгүйн өмссөн хувцас нь хүртэл орон зайгаа зарлан тунхаглаж байлаа. Хиртэй гараар ч хүрэмгүй залуу бүсгүйн бие цогцос бус уу.

Тэд “Үй цай” сургуулийг 2013 онд төгсөгчид. Найзынхаа анхны үзэсгэлэнг зорьж ирсэн ангийн хүү Б.Өлзийхутагтай ярилцлаа. Тэрбээр Шанхайн хятад уламжлалт анагаахын их сургуулийг төгссөн. “Найдан” хувийн эмнэлэгт зүүний эмч хийж байгаа. Түүний багын найз Г. Чинзориг дэргэд нь зогсож байлаа. Тэд 2002 онд “Үй цай” сургуульд элсчээ. Г.Чинзориг дэлхийн топ 30 сургуульд багтдаг Бээжингийн их сургуульд суралцсан. Хүний их эмчээр зургаан жил сурч, 2020 онд төгсчээ. Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгээс ажлын гараагаа эхэлсэн байна. Нэг ангийнхан энэ өдөр олон дурсамж хуваалцсан буй за. Б.Өлзийхутаг “Нэгдүгээр ангид ороод танилцаж байсан үеэ санадаг. Г.Чинзориг яг миний хойно суудаг байсан. “Би ээжтэйгээ хөдөө яваад ирсэн. Тэмээтэй хотод орж ирсэн” гэж ярьж байсан хэмээн хуучлав. Нэгдүгээр ангид байхдаа ингэж яриад, найзууд болж байсан гэнэ. Харин Г.Чинзориг нь “Яах вэ, хөдөө очоод тэмээ унасан. Түүнийгээ л буруу ярьчихсан шиг байгаа юм” хэмээн залруулав. “Би тэр үеэ санадаггүй юм. Өлзий л санаад байдаг” хэмээн тайлбарласан. Тэд багаасаа найзалсан. Одоо ч нөхөрлөдөг гэнэ. Европ, уламжлалтынхан “ном хаялцах уу” гэхэд маань Б.Өлзийхутаг “Манайх хэчнээн уламжлалт ч европ анагаахын үндсэн хичээлүүдийг үздэг байсан. Нэг курс болохоор танайд одоо энэ хичээл яаж орж байна” гэх мэтээр сонирхдог байсан гэнэ.

Г.Чинзориг “Бага ангид байхаасаа эмч болно гэж боддог байсан. Хүссэн сургуульдаа орж, хүссэн мэргэжлээ эзэмшээд явж байна” гэлээ. Өлзий найз нь ч Шанхайн хятад уламжлалт анагаахад сурна гэж боддог байсан. Аав “Гэр бүлд нэг эмч байх хэрэгтэй. Эмчээр сурвал яадаг юм бэ” гэж зөвлөсөн гэнэ. Тэд “Дунд сургуульдаа даруухан сурагчид байсан” хэмээн өөрсдийгөө тодорхойлов. Г.Чинзориг “Авьяас маруухан, зурах гэж оролддог байсан” гэсэн бол Б.Өлзийхутаг жил бүр болдог урлагийн үзлэгийн үеэр “Хоорт зогсдог байсан” гэлээ. “Шанхайд очиход мэргэжлийн хэллэг ороод ирэхээр арай хүнд. Гэхдээ дунд сургуульдаа хятад хэл дээр суралцсан болохоор ойлголцоход ямар ч асуудал байгаагүй. “Үй цай” сургуульд маш сайн сууж сурсан. Ханз цээжилж байсан болохоор ч тэр үү амархан цээжилдэг болчихдог юм билээ” хэмээн сонирхуулав. Үзэсгэлэнгээ дэлгэсэн Ц.Анударьтай тэд багын найзууд. Хятадад сурч байсан хүүхдүүд бүгд холбоотой байсан. Амралтаараа бие бие дээрээ ирж очдог байсан гэнэ. Г.Чинзориг “Ану зорьсондоо тууштай. Багаасаа урлагт дуртай байсан. Таагүй юм болж тавгүйтээд ирэхээрээ Ану дээр очиж ярьдаг” гэлээ.

Харин ангийн охин Б.Энхмаа “Анутай нэг урлагийн сургуульд сурсан. “China Academy of Art”-ийг төгссөн. Найз маань хувцас дизайнаар, би барилгын архитектур интерьерээр төгссөн” хэмээн танилцуулав. Тэрбээр тавилгын дэлгүүрт брэнд менежерээр ажилладаг. Тавилганы байршил, өнгө зохицол гэх мэтээр интерьер дээр нь “тулж ажилладаг” ажээ. Б.Энхмаа Монголд артист хүмүүст зориулсан галерей барихыг хүсдэг. “Шинэ байранд орлоо, дотоод заслыг нь хараад өгөөч” гэсэн хүсэлт гуйлт их хүлээж авдаг гэнэ. “Дунд сургуульд цайны цаг л хамгийн хөгжилтэй байсан” хэмээн дурслаа. “Тухайн үед ороомог алдартай байлаа. Манай ангийн нэг баньд ороомгоо барьчихсан гүйж орж ирээд, тээглэж унахдаа ороомгоо дээш нь бариад унаж байсан” хэмээн хуучилсан. Дунд сургуулийн амаргүй өдрүүдийг тэрбээр “Өглөө эрт хичээл ороод 17-18 цаг гэж тардаг, үзсэн хичээлээ шалгуулж байж харина. Хичээлээ цээжлээгүй тохиолдолд 21 цаг хүртэл суух үе ч байсан. Тэр үедээ хэцүү байсан, уйлах нь уйлаад, ээж аавтайгаа цуг суугаад цээжлэх нь цээжилдэг байсан” хэмээн дурсав.

Найзынхаа анхны үзэсгэлэнд Монголд байгаа ангийн хүүхдүүд нь ихэнх нь ирсэн гэнэ.

Э.Энэрэл дэлхийн дөрвөн том аудитын компанийн нэг болох KPMG аудит ХХК-д монгол салбарт нь ажилладаг. “Дунд сургуулиа төгсөөд манай ангийн хүүхдүүдийн талаас илүү нь Хятадад тэтгэлгээр сурсан. Би Санхүү, эдийн засгийн дээд сургуульд ороод, дараа нь Англи явсан. Бусдаасаа өөр, бараг холбоогүй байсан. Хамтдаа хийдэг зүйлс гэвэл урлагийн үзлэг бодогдож байна. Хичээл тараад бөөнөөрөө хоор дуугаа бэлтгэнэ, нэг ч хүн дутаж болохгүй гэдэг. Бүжиг, хоор дуунд ордог байсан гэв. Ангийнхаа “Хамгийн хамгийн”-аас дурдаач гэвэл “Хамгийн сурлагатай нь гэвэл өөрийгөө хэлнэ. Зарим хүүхэд гэрийн даалгавраа хуулуулаач гэдэг байсан” хэмээн өөрийгөө магтаад авлаа. “Бага ангийн Бо. Туяа хамгийн хайртай багш маань. Манай сургууль нэгээс тавдугаар ангидаа монгол хятад хэлтэй өвөрмонгол багшаар хичээл заалгадаг байсан. Дунд ангиасаа ямар ч монгол хэл мэдэхгүй хятад багш хичээл заадаг байв. “Үй цай” төгсөгчид хүмүүжил, харилцаагаараа ялгардаг” гэж Э.Энэрэл онцолсон шүү.

Харин Э.Жавхлан Шанхайд олон улсын худалдаа, эдийн засгаар төгссөн. Гадаад яаманд ажиллаж байгаад, Засгийн газрын тэтгэлгээр магистрт суралцсан. Тэрбээр дунд сургуульд байхдаа Ану найзынхаа загвар өмсөгч болж байсан удаатай. Ану ахлах ангидаа “Бөртө чоно Гоо марал” загварын уралдаанд түрүүлж байжээ. Эрэгтэй модель нь Э.Жавхлан байв. Ану үндэсний хэв маягтай форм зохион бүтээж байсан түүхтэй. “Анхны үзэсгэлэн дээр нь төслийн менежерээр нь ажиллаж, Анутай их холбоотой яваа юм байна” хэмээн Э.Жавхлан дүгнэж байна. Анугийн хамгийн сайн найз О.Номин. Гэр бүлийн гишүүн шиг болсон найзууд гэнэ. Дүрслэхэд уран зураач мэргэжлээр сурсан чөлөөт уран бүтээлч. Дүрслэх дизайн урлагийн сургуулийн О.Энхтайван багшийн удирдлаганд дөрвөн жил суралцсан гэнэ. Охиныхоо найзын үзэсгэлэнд ирсэн О.Номингийн ээж “Үй цай хүүхдийг сууж сургадаг нь гайхалтай. Энэ хүүхдүүд маань нэгдүгээр ангиасаа орой 19 цаг хүртэл хамтдаа урт хугацаанд хичээл хийж сууж сурсан, тууштай хүмүүс болж хүмүүжсэн. Хүүхдээ асуугдаж гарч ирэхийг нь хүлээгээд, эцэг эхчүүд сургуулийн үүдэнд хүлээгээд сууж байдаг байлаа” хэмээн дурслаа. “Үй цай” сургуулийн захирлууд Д.Цэцэгмаа, Д.Баяраа нар төгсөгчийнхөө үзэсгэлэнг зорин ирж, дурсгалын зүйлс гардуулан, эцэг эхээс нь дутахгүй баярлаж явлаа.

Нэг ангийхны энэ удаагийн гол баатар Ц.Анударьтай ярилцлаа. Тэрбээр “Үй цай” бүрэн дунд сургууль төгсөөд, Ханжоуд байдаг Хятадын урлагийн академийг хувцас дизайны мэргэжлээр төгсөж, Шанхайд хоёр жил ахлах дизайнераар ажилласан. Монголдоо ковидоос болж ирэх хугацаандаа хувцас загвараас контемпорари арт урлаг руу шилжилт хийж, анхны үзэсгэлэнгээ толилуулж байгаа гэлээ.

-“Бусдын тойрогт бүү хүр” гэдэг чухал мессэж. Сэдвээ яаж сонгов?

-Би сэтгэл зүйн эрүүл мэндийг чухалчилдаг. Жилийн өмнө төслийнхөө санааг гаргаж байсан. Надад тулгарч байсан зүйлс бусдад бас тохиолдож байсан эсэхийг мэдэхийг хүсч, сошиалаар судалгаа асуумж явуулсан. Энэ бүхэн зөвхөн надад төдийгүй Монголд өдөр тутам тохиолддог хэвшмэл ойлголт юм байна гэж үзсэн. Энэ сэдвээр үзэсгэлэн гаргах ёстой юм байна гэж ойлгосон. Нидерландын хунтайж Клаусын нэрэмжит соёл урлагийн сангийн тэтгэлэгт төслийн санаагаа илгээж, шагналын эздийн нэгээр тодорсон.

-Бусдын тойрог гэдгийг юу гэж ойлгох вэ?

-Залуу үеийн сэтгэл зүй эрүүл мэндийн асуудлыг урлагаар дамжуулж хөндөж байгаа. Олон нийтийн газар дахь таагүй байдлуудыг гаргаж ирж байгаа юм. Монголд хувь хүний орон зай гэдэг ойлголт байдаггүй. Миний орон зайд яагаад миний зөвшөөрөлгүй халдаад байгаа юм бэ. Зөвхөн биед хүрэхээс гадна үг хэл хандлагаараа бусдын орон зайд халддаг. Энэ бүхэн сэтгэл зүйд сөрөг нөлөөлөх магадлалтай. Хувь хүний орон зайд халдах нь тухгүй мэдрэмж төрүүлдэг ч хүмүүс энэ талаар ярьдаггүй. Энгийн юм шиг хүлээж авсаар тэр нь даамжирч, бусадтай хамаагүй харьцаж болдог юм шиг ойлгодог болсон. Хүн гараараа олон гоё зүйлийг бүтээж болдог. Бас онцгүй зүйлүүдийг ч хийгээд байгаа юм. Олон утгаараа “Гар дор” гэсэн нэрийг өгсөн.

-Өмссөн хувцсаараа энэ санаагаа илтгэхийг хүссэн болов уу, хувцсаа яаж бүтээсэн бэ?

-Баримал хийдэг найзаараа өөрийнхөө биеийн хэвийг авахуулсан, гар нь ч миний гарын хэв. Өөрийнхөө биеийг өөрийнхөө бие дээр өмсч байгаа гэсэн үг. Хувийн орон зайгаа өөрийн гараар хамгаалж байна гэсэн санааг илтгэж байгаа юм.

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан

Ертөнцөд ганцхан 9к ангийнхан…

9к ангийн 35 жилийн уулзалт


Энэ удаагийн “Нэг ангийнхан” буланд Монгол Улсын гавьяат багш Базарын Гомбын нэрэмжит Говь-Алтай аймгийн лаборатори нэгдүгээр сургуулийн 1987 оны 34 дэх төгсөлт “9к” ангийнхан оролцлоо. Тэднийг сурагч байхад Б.Гомбо сургуулийн захирлаар ажилладаг байжээ. Энэ тухай ангийн багш Л.Оюунчимэг “1985 онд Багшийн дээдийн монгол хэл, уран зохиолын ангийг төгсгөөд нутагтаа ирж “9к” ангийг нэг жил дааж байлаа. Тухайн үед есийн “А” бүлгээс эхлээд манай анги 11 дэх буюу “К” бүлэг байсан юм. Алтайн ихэнх сумдын сургууль найман жилтэй байсан учир ийнхүү олон бүлэгтэй байсан билээ. Б.Гомбо захирал эхийн хэвлийд байхдаа нэрээ олж авсан гэдэг, миний хувьд нагац ах минь. Эмээ хүүгээ гэдсэнд байхад аргал түүж яваад нэг “устай” чулуу олсон гэдэг. Түүнийгээ нутгийн мэдлэгтэй ахмад хүнд үзүүлтэл “Энэ их учиртай хүүхэд төрөх нь байна, Гомбо гэдэг нэр хайрлаарай, унаган нутагтаа ээлтэй, эрдэм ном түгээх хүүхэд төрнө өө” гэж хэлсэн гэдэг. Иймээс нутгийнхан түүнийг эхийн хэвлийд байхдаа нэрээ олсон юм гэлцдэг. Түүний нэгэн насны амьдралаа зориулсан эрдмийн өргөө- нэгдүгээр сургууль минь Алтайн үе үеийнхний оюуны боловсролд үнэтэй хөрөнгө оруулсаар түүхэндээ 70-аад удаагийн төгсөлтөөр 100-гаад мянган төгсөгчдөд эрдэм хүртээжээ” хэмээн ярианы эхэнд хуучиллаа. Физикийн багш, сургалтын менежер У.Энхтуяа сургуулийн 70, 80 жилийн ойн номыг өндөр түвшинд эмхэтгэн хэвлүүлжээ. Ялангуяа 80 жилийн ойн номонд сургуулийн бүх төгсөгчдийн нэрийг оруулсан нь мартагдашгүй сайхан үйл явдал болсныг ч хуваалцлаа.

“9к” ангийнхан 32-уулаа суралцаж, аравдугаар ангид дэвшихэд ангийн багш нь шилжиж тэднийг үлдсэн 10 бүлэгт хоёр, гурваар нь хуваасан байна. Тэднээс Я.Тайвантуяа Алтай сумандаа цэцэрлэгийн багш, Г.Гантөмөр аймагтаа, В.Баттулга Тонхил суманд, Ц.Ариунтуяа Сүхбаатар аймагт бизнес эрхэлдэг, Т.Эрдэнэтуяа Халиун суманд, Л.Туяа Гуулин тосгонд сургуулийн тогооч, П.Нарангэрэл Алтай суманд Хязгаарын цэргийн ангид бэлтгэл офицер, Д.Ганчимэг Цээл суманд сургуулийн бичиг хэргийн ажилтан, Ц.Энхцэцэг аймгийн нэгдсэн эмнэлэгт сувилагч, Сономын Тунгалаг Улаанбаатарт “Jobi” төвд барилгын худалдаа эрхэлдэг, Ч.Мөнхөө нүүрс тээврийн туршлагатай жолооч, Б.Бат-Очир Цээл суманд малчин, Д.Дарьрагчаа Улаанбаатарт үзмэрч, Ш.Наранцэцэг Төгрөг сумандаа ажиллаж амьдардаг. Хөдөлмөрийн баатар, Улсын аварга малчин Дорж гуайн охин Долзодмаа нь удам залган Улсын хошой аварга малчин болж нутагтаа амьдарч байгаа. Л.Отгонцэцэг, Д.Эрдэнэчимэг, Б.Алтантуяа, Б.Дэвэрцоо, Т.Нямцэцэг нартаа ангийн андуудын зүгээс мэнд дэвшүүлж байна.


“Манай анги эвтэй, юуг ч бүтээж чадах хамт олон байсан. Ангийнхнаа бодохоор хайр хүрдэг. Бид өөр өөр ангид орсон ч биесээ, багшийгаа их үгүйлдэг байсан. Монгол хэл, уран зохиолын залуухан багш биднээс дөрөвхөн насаар эгч сайхан эмэгтэй ирж байлаа. Багшийг хараад л ямар гоё эмэгтэй вэ гэж гоо сайхны таашаал, үлгэр авдаг байсан. Бидэнд Монголын нууц товчоо, урлаг утга зохиолын тухай их ярьж өгнө. Багшаасаа хүнлэг байх, утга уран сайханд дурлахыг маш сайн суралцсан. Нэг насны амьдралын минь их том “оюуны цэнэг” байсаан” хэмээн ангийн дарга Д.Чимгээ хэлж байлаа.

Ангиараа Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд манжин хураахаар хөдөөг зориход ангийн багш нь, оюутан насны дурсамж, утга уран зохиол гээд олон зүйлийн тухай нээлттэй ярилцаж охидоо “манаад” хонодог байжээ. Энэ ярианаас багш, сурагчдын холбоо ямар ойр дотно, халуун дулаан найзууд шиг байсныг ажигланам.

Ангийн дарга Д.Чимгээ нь Анагаах ухааны сургуульд суралцаж, Хөдөө аж ахуйн их сургуулийн эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн ангийг дүүргэн өнөөг хүртэл 33 жил Монгол Улсынхаа эрүүл мэндийн салбарт зүтгэж байгаа аж. Багшийн “баруун гар” ангийн сайхан бичигтэн Ц.Жавзандулам бичиг хэргийн худалдаа эрхэлж, Чандмань сум нэгдлийн дарга Аварзэдийн хүү Батбаяр Канад улсад 15 дахь жилдээ ажиллаж амьдардаг, Дэлгэр сумын дарга Базарын хүү Цэнгүүнжав аймагтаа аялал жуулчлалын компани байгуулан ажилладаг, ангийн хамгийн даруу хөвгүүн Ж.Ядам Монголын цахилгаан барааны зах зээлд томоохон байр суурь эзлэх бизнесмэн болжээ, Тайшир сум нэгдлийн даргын хүү Ц.Болдбаатар Өвөрхангай нутгийн бүсгүйтэй ханилан хоёр сайхан хүүтэй болж барилгын салбарт, С.Цагаанбаатар аймгийнхаа нийгмийн бодлогын хэлтсийн даргаар олон жил ажиллаж одоогоор Соёлын хэлтсийн даргын албыг ангийнхнаа холбох албатай зэрэгцүүлэн хашдаг. Харин Ц.Баасансүх нь Бугат сумын багийн дарга, буянт сүргээ өсгөн эх нутагтаа сайхан амьдардаг бөгөөд ангийн найзуудаа урьсан мянгат малчин болжээ. Ангийн хөвгүүн Ч.Хүрлээ “Боржигон хийморь”, “Учирсан сэтгэл”, “Монгол заншил”, “Баярлуулж яваарай”, “Өссөн нутаг” зэрэг олон сайхан уран бүтээлээ туурвиж Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч болжээ. “1987 онд “Эхийн сэтгэл” хэмээх анхны дууны үг, аяыг зохиосноос хойш өдгөө урын сандаа 170 орчим дууны шүлэг, 50 гаруй дуутай болжээ. Хамт олноо дурсан “Насан туршийн андууд” дуугаа зохиож сонсогч олонд хүргээд байна. “Боржигон хийморь” хэмээх дууг МУАЖ А.Энхтайван гуайтай хамтарч хийсэн нь одоогоор миний хамгийн оргил бүтээл болоод байна. Саяхан бяцхан авьяастан Б.Бат-Энэрэлээр дуулуулсан “Баярлуулж яваарай” дуу маань нийтэд өргөн түгээд байна” хэмээн Ч.Хүрлээ дурслаа. Эл хамт олноос салбар салбарын шилдгүүд, алтан гадас одонт, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт олноор төржээ. Харин шавь, ангийн анд Т.Цэнгэлмаа, Ц.Батцэнгэл хоёрыгоо арай л эрт хорвоогийн мөнх бусыг үзсэнд харамсаж байгаагаа хэлж, “Батцэнгэлийг гитар дарж байхыг араас нь харсан хэн ч дурлахаар хүү байсан” хэмээн дурсацгааж байсан юм. Ингээд шавь нар нь “Багш аа, та манай ангийг төгсгөсөн бол ангиас хоёр, гурван “хос” төрөх байсан шүү” гээд инээлдэж байлаа.

“Бид 10 жилд байхдаа ийм гоё багштай таарсандаа баярладаг. Хэрвээ оюутан насандаа таарсан бол нэг их ач холбогдол өгөхгүй өнгөрөх байсан байх аа. Яг шохоорхлын насан дээрээ царайлаг, эмэгтэйлэг, чөлөөтэй, гоё багш ороод ирэхээр бүгд үлгэр авч, дуурайж байсан” хэмээн ангийн охид хэлэв. 1986 онд Багш нарын баяраар тэдний урласан ханын сонин нэгдүгээр байранд шалгарч байж. Бөөндөө суугаад ангийн багш зөвлөж, цоо шинэ санаа гаргая гээд л ярилцаж одоогийнхоор комик ном шиг л ханын сонин хийж байсан тухайгаа дурсав. Ангийн хөвгүүн Ц.Болдбаатар маш сайхан зурдаг, С.Цагаанбаатар, ангийн дарга Д.Чимгээ нар ховор шүлгүүдийг цуглуулж бичих даалгаврыг биелүүлж байжээ. Ирэх онд эрдмийн сургуулиа дүүргэсний 35 жилийн ой болно. Ангийн багш нь аравдугаар ангиа төгсгөлгүй явсанд ангийнхан нь “гомдолтой” байдаг учир тэр орон зайгаа нөхөн, хойч үе үр хүүхдүүддээ зориулан ангийн хэмжээнд есөн үеийн ураг удмаа тодотгосон дурсамжит ном гаргах ажилд ханцуй шамлан оржээ. Л.Оюунчимэг багшийнх нь хэлснээр “Энэ ном бол бидний үлдээх цор ганц оюуны өв” гэдгийг онцолж байсан юм.

А.Батбаяр “Бид ямар гайхалтай багш нараар хичээл заалгаж байснаа гадны орноор аялж байхдаа ойлгосон. Атлантын далайн энэ түүхт газар бол Эрнест Хемингуэйн “Өвгөн тэнгис хоёр” зохиолыг бичсэн дурсгалт газар, энэ зохиолоороо Нобелийн шагнал хүртсэн, зохиолын гол санаа нь өвгөн, загас, тэнгис гурав биш, хүн төрөлхтний дотоод оршихуй, амьдралын мөн чанарыг харуулсан… гэдгийг багш маань нүдэнд харагдтал тайлбарладаг байсан сан. Тиймээс бүх зохиолыг эхээр нь өөрийн эрхгүй уншдаг байлаа” гэсэн юм.

“Би хувь заяаны төөргөөр хоёр л анги дааж удирдсан байдаг. Эхнийх нь энэ 9к ангийнхан, дараа нь Дархан-Уул аймгийн Салхит тосгоны сургуулийн наймдугаар анги. Өнгөрсөн жил Салхитын сургуулийн 40 жилийн ой болж, ойн номын редактораар ажилласан. Тэр ангиас төмөр замын мэргэшсэн инженер Тунгалаг, Монголын “Кофены хатан хаан” Л.Дэлгэрмаа, хэлний мэргэжилтэн Д.Энхтуул зэрэг олон сайчууд төрсөн байдаг. Уран зохиолын хичээл дээр гэхэд “Жангар” баатарлагийн туулийг нийтээрээ гурван удаа чанга дуугаар уншаад сурагчид цээжилнэ. Эхлээд харж уншина, хоёрдугаарт нүдэндээ төсөөлж, гуравдугаарт сэтгэлдээ төсөөлж уншина. Ингээд л цээжилнэ дээ. Нийтээрээ гурван удаа уран яруу унших явцад хичээлд идэвхигүй оролцдог хүүхдүүд ч өөрийгөө шинээр нээж урам авдаг. Тэр үед 45 минутаар хичээллэдэг байлаа. Монгол хэлний хичээл дээр тухайн өдрийн цаг агаарыг холбоо үгээр хэлүүлнэ, тэдгээр үгсийг оруулсан долоогоос арван өгүүлбэр бичүүлдэг. Эхлээд хүүхдүүд тулгамддаг ч оюун санааны хувьд маш хурдан өсдөг. Өвлийн өдөр, борооны ус гэж хэлдэг байсан хүүхдүүд тугалган хүнд саарал үүл, борооны нүсэр үүл… гэх зэргээр үг сонголтын хувьд хурдан хөгждөг. Энэ бүхэн таван минутад багтдаг. Олон давтагдах тусам хүүхдүүдийн үгийн сонголт, найруулга сайжирдаг. Орчин үеийн Монгол хэл, уран зохиолын багш нар энэ аргыг дэлгэрүүлэн хэрэглэдэг байгаасай. Хожим шавь нартайгаа галт тэргэнд таараад багш нь сэтгүүлч болсон гэтэл “Та багшаараа ажиллаж байсан бол аль хэдийнэ гавьяат багш болох байсан” гэж хэлэхэд нь омогшиж л суулаа. Одоо бодоход шавь нар маань бүгд бичиг соёл, утга зохиолтой ойр яваа. Утга зохиол, номын амтанд орж, хүн байхын мөн чанарыг ойлгуулж өгсөн та үнэхээр үнэ цэнэтэй гэж ангийн дарга Д.Чимгээгийн маань хэлсэн үг миний нэг бахархал байлаа. Би Монголын утга зохиолд хэд хэдэн сайн яруу найрагч, сэтгүүлчдийг төрүүлсэн юм билээ. Шинэ үеийн соён гэгээрүүлэгчдийн нэг гэж нэрлэгдсэн Баасангийн Номинчимэд бол миний шавь. Есдүгээр ангид байхад нь гадаадын уран зохиолын хичээл дээр билетээр улсын шалгалт авах болов. Номио гаднаас ороод ирэв. “Бүх эх зохиолыг уншсан хүүхэд” гэж хэлтэл, Номио билетээ сугалаад би бэлтгэлгүй ярья аа гэж байсан. Ийм л хүүхэд байсан. Номио маань аравдугаар ангиа онц төгсөөд үеийнхнээ уриалж илгээлтээр гурван жил Бугат суманд мал малласан. Одоо “Цагаан бороо” номыг нь нийгмээрээ шимтэж байгаагийн нэг шалтгаан бол Номио өв соёлыг арван хэдхэн насандаа мэдэрч малчи9к ангийн 35 жилийн уулзалтАд, уламжлал, өвгөдтэй ойрхон амьдарсан гурван жилийнх нь үнэ цэнэ өнөөдөр гарч ирж байгаа байх аа” гэлээ. Бас сэтгүүлч Л.Эрдэнэмаа, яруу найрагч А.Сүглэгмаа нар байна.

А.Батбаяр, ангийн багш болон

“Өргөн Сэлэнгийн давлагаа” номын зохиогчийн хамт

Л.Оюунчимэг багш СХД-ийн 38 дугаар хорооны “Сайн хөрш 53” СӨХ-ны дэргэд хүүхдийн ном уншлагын төвийг санаачилжээ. Дөрвөн зуугаад айлын мянга орчим хүүхэд бужигнаж байх тус хотхонд УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын дэмжлэгээр “Хөх дэвтрүүд- 108 боть”-ийн үргэлжлэл “Эрдэнэсийн сан-50 боть” номтой болсон тус төвийнхөн орой бүр 19:30 цагаас үлгэрийн цаг хичээллүүлдэг. Халиунаа, Энхжин, Номио, Уянга, Г.Түмэнбаяр, Т.Буднямаа зэрэг охид, хөвгүүд болон СӨХ-ийн захирал Н.Амгаа нар үргэлжлүүлэн авч яваа. Нийгмийн соёл, ухамсар муудаж байгааг анзаарч Сэлэнгэ аймгийн Мандал сум Зүүнхараа хотод номын арвин нөөцтэй ордон байгуулсан байна. “Magic box”-оос ч өмнө орон нутагт анх удаа Номын ордондоо хүүхдүүд кофе, цай уунгаа, бүх төрлийн оюуны тоглоомоор тоглоод номоо уншдаг, энэ ажлыг нь “Мөнгөн хараа” чуулгын дарга Б.Дэнсмаа, бизнесмэн Ч.Машбат, сумын Засаг дарга Б.Ганболд зэрэг сайхан сэтгэлт хүмүүс байнга дэмждэгт талархдаг аж.

Орчин үеийн гэр бүл хүүхдийн хүмүүжлийг орхигдуулж байгаад сэтгэл эмзэглэж буй тухайгаа хуваалцсан юм. “Намайг хүүхэд байхад хүн бүр нэг үлгэр ярьж унтдаг, аав, ээжүүд хүүхдээ их хөгжүүлж, урамшуулдаг байсан. Харин бидний тухайд манай гэрийн уламжлал бол хүн бүр гурван онигоо яриад инээлгэсэн нь “супер” болдог байлаа. “Цахим монголчууд” түүхийг сонсохоор хүүхэд эх түүхээрээ бахархаж, шимтдэг юм байна лээ. Тиймээс доктор Д.Өлзийбаатарын 40 цагийн лекцийг орой бүр сонсгож байхыг зөвлөж байна.

Мөн бидний зарим хэсэг нь улс орны амин чухал асуудал яригдаж байхад түүний хажуугаар өнгөрөх мөртлөө сошиалд дэмий зүйлд цаг, сэтгэлээ зарж байна. Үүнээс хол байлгахын тулд бид хүүхдийг багаас нь уншуулж сургах хэрэгтэй. Хүний хөгжил утга зохиолтой холбоотой байдаг, хүүхдийн хүмүүжил, тэр дундаа ном дотоод сэтгэлийн хөгжилд ямар чухал вэ гэдгийг анхаарах шаардлагатайг онцоллоо.

Үүний сацуу бүх зүйл шүтэн барилдлагатай байдгийг, хамт олныг эвсэг, насан туршийн холбоотойгоор удирдаж, зангидаж авч яваа шавь нар, тэр дундаа ангийн дарга Д.Чимгээ, хувьсгалт залуучуудын эвлэлийн дарга С.Цагаанбаатар нартаа талархаж, ном, эрдмээр дамжуулан хүүхдүүдээ ямар сайхан төлөвшүүлж, оюунжуулж байсан юм бэ гэдгийг тэднийхээ ярианаас сонсон талархаж буйгаа мишээл дүүрэн илэрхийлэв.

Эцэст нь монголчууд бид уламжлалаасаа холдож болохгүй. Яг энэ л цаг үед баг, сум, аймаг, хотлоороо Монголчууд минь сэрэх, сэтгэх хэрэгтэй байна. Хүүхдийг зөвхөн аав ээж нь биш хөрш, хороо, гудамж, сумынхан хүмүүжүүлдэг. Ингэж байж шинэ зууны сэхээрсэн, бүтээлч иргэд бий болохыг ИРЭЭДҮЙ хэмээх их өндөрлөг рүү өнөөдрийн замаар тэмүүлж буй үнэ цэнэт хүн бүхэнд хаяглан хэлсэн юм.


Ангийн хөвгүүн МУСТА Ч.Хүрлээгийн үг, ая “Жаргаж амьдрах хорвоо” дууг хүргэж байна.

Өглөө өглөөдөө мандах наран

Өнгөлөг байхад орчлон гэгээлэг

Өөдөсхөн жаахан балчир насандаа

Өхөөрдүүлж өсөх хүүхдүүд жаргалтай

Зөөлнөөс зөөлөн нинжин сэтгэлтэй

Ээжийнхээ хайранд үрс нь жаргалтай

Өгөөж буянтай төгөлдөр аавынхаа

Ивээл буянд гэр бүл жаргалтай…


Шигтгээ

УБДС-ийг багш мэргэжлээр, ТЗУХИнститутийн төрийн удирдлагын ангийг арга зүйчээр, МХХүрээлэнгийн СЗДКурсийг сэтгүүлч мэргэжлээр төгсгөсөн Л.Оюунчимэг багш залуучууд – эвлэл – эмэгтэйчүүдийн байгууллагад олон жил ажиллаж байна. Өдгөө “Номын цагаан хишиг” цуврал номоороо хүүхэд, залуучууд бүхий л насныхны оюуны мэдлэгт хувь нэмрээ оруулсаар явна.

Эхчүүд- хүүхдийн эрх ашгийг хамгаалах “Ирээдүйн хишиг сан” ТББ”-ын Тэргүүний хувьд “хоёр дахь арван жил”-ийн түүхээ бичилцэж байгаа ба улсын хэмжээнд орон нутагт байгуулагдсан хоёр дахь бие даасан ТББ юм. ЛЭОС-ийн Сэлэнгэ аймгийн тэргүүн байхдаа аймгийн хэмжээнд эмэгтэйчүүдийн таван том төслийг хэрэгжүүлсэн нь бидний бахархал билээ.

“Алтай-Гомбо Сан”-гийн тэргүүний хувьд Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 153 тоот тогтоолын хавсралтад зааснаар Говь-Алтайн төвийн нэгдүгээр сургууль Монгол Улсын Гавьяат багш Базарын Гомбын нэрэмжит болсон нь нутийнхны бахархал билээ.

ГАА-ийн Есөнбулаг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрийн 45 тоот тогтоолоор Нэгдсэн эмнэлгийн шүдний тасаг шүдний их эмч Базарын Цэрэндолгорын нэрэмжит болов.

Дарви сумын ЕБС-д төр захиргааны удирдах ажилтан Халтархүү Лхагваагийн нэрэмжит ТҮҮХИЙН ХИЧЭЭЛИЙН КАБИНЕТ 2016 оны арваннэгдүгээр сарын 10-нд нээгдсэн болно.

МБОИЗ-(Монголын байгаль орчны иргэний зөвлөл), “Ногоон парламент”-ын гишүүний хувьд Мандал, Зүүнхараа болон нийт таван сумдад ойн нөхөрлөлийн 200 сая төгрөгийн буцалтгүй төслийг хэрэгжүүлсэн нь байгаль орчныг хамгаалахад оруулсан хувь нэмэр маань байлаа.

Монголын Ураг удам уламжлалын Холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Сэлэнгэ салбарын Тэргүүний хувьд 2018 оны Тэргүүний салбар зөвлөлөөр шалгарсан нь хамт олон болон аймгийн Засаг дарга Ш.Оргил орон нутгийн дэмжлэг байлаа.

“Мандлын ногоон дэлхий” ХХК-ийн захирлын хувьд улсын тэргүүний сум, Мандал, Зүүнхараа хотод хүүхэд залууст зориулсан “Ном-Эрдэм Төв”-ийг барьж байгуулсан нь цаг үеэ олсон ажил байлаа. Үүнд Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат болон аймгийн Иргэдийн хурлын нэр бүхий долоон төлөөлөгч, сумын 30 төлөөлөгчийн дэмжлэг, туслалцаа байлаа.



А.ГАНАА

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан

Монгол Улсын гарьд Ж.Бат-Эрдэнийн ангийнхан

Говь-Алтай аймгийн Цээл сумын найман жилийн дунд сургуулийн 32 дугаар төгсөлтийн хамт олныг “Нэг ангийн”-хан буландаа онцолж байна.

Онцлохын учир нь энэ төгсөлтийн хамт олны дундаас Монгол Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, аймгийн хурц арслан Д.Тангад, сумын заан Ш.Нэмэх, аймгийн алдарт уяач Б.Арал-Эрдэнэ нарын улс бүсэд алдаршсан бөхчүүд, уяачид төрөн гарчээ.

Энэ хамт олны төлөөлөл Ч.Ганзориг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанийн баруун түгээх төвийн ашигт үйлчилгээний хэлтсийн ахлагчаар ажилладаг. Тэрбээр ангийн нөхдийнхөө талаар “Бид 36 уулаа төгссөн. Манай хамт олонд Ц.Гэрэл, Д.Цэцэгмаа, Д.Сэрчмаа, А.Цэнгэлмаа нарын багш нар минь “А” үсэг зааж байсан юм. Тухайн үед Цээл сумынхаа найман жил дотроо урлаг спорт, сурлага бүх юмаараа манлайлдаг хүүхдүүд манай ангид байсан” гэж ангийн нөхдийнхөө талаар дурсаж байна.

Ангийн даргыг Г.Мөнххуяг гэдэг. Тэрбээр Цээл сумынхаа Засаг даргын тамгын газарт ажилладаг юм байна. Харин Цээл сумын Засаг даргаар ангийн найз Н.Болд-Эрдэнэ ажилладаг гэнэ. Өдгөө сум орон нутгийнхаа засаг захиргаанд хүндтэй алба хашиж байгаа тэд бага байхдаа л нийгмийн ажилд идэвх санаачилгатай оролцдог, сурлага сайтай хүүхдүүд байсан гэнэ.

“Дунд ангид ороход А.Цэцэгмаа багш биднийг дааж авсан. Ангийнхан ч харьцангуй том болоод ирэхээр үймүүлээд гүйлдээд байхаа больсон. Цэцэгмаа багш минь биднийг зөв зохион байгуулж, удирдан залж төгсгөсөнд бид талархдаг юм” гэж ангийнхны төлөөлөл хэлж байна.

Багшийнхаа талаар “А.Цэнгэлмаа багш маань бидэнд биологийн хичээл ордог байсан. Биологи гэдэг бол ерөөс хүний бүтэц. Энийг сайн сурч аваарай, ирээдүйд та бүгдэд хэрэг болно гэж захидаг байсан нь мартагддаггүй юм. Жишээ нь, хүн хаана юу өвдөхөд тийм юм өвдөж байна шүү гэж бодогдох үе байна. Багш нар маань бидний төлөө гэсэн сэтгэлтэй биднийг л сайн сайхан яваасай гэсэндээ зөв үлгэр үзүүлж байсан” хэмээн ярьцгаав.

Ангийн онц сурлагатан нь Б.Гэрэлтуяа байжээ. “Үймүүлж гүйгээд хичээл номоо үзэхгүй хүүхдүүд зөндөө. Нэг мэдэхэд л шалгалт тулчихна.

Монгол Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, аймгийн хурц арслан Д. Тангад, сумын заан Ш. Нэмэх нар бөхийн спортоор амжилт үзүүлжээ. Мөн Б.Арал-Эрдэнэ аймгийн алдарт уяачийн болзол хангажээ. Б.Ганбаатар Цээл сумынхаа Хаан банкинд захирлаар ажилладаг гэнэ. Харин Ж.Хүрэлтулга цонхны компанитай хувиараа бизнес эрхэлдэг гэнэ.


ТАМХИ ТАТДАГГҮЙ АНГИЙНХАН

Тэр үеийн хүүхдүүд өнөөдрийнх шиг гар утасны дэлгэц шагайхгүй. Завсарлагаанаар ангидаа цаасаар байлдана, хөөцөлдөж гүйлдэнэ. Мал маллаж байгаад л хичээлийн шинэ жилээс өмнөхөн орж ирнэ. Есдүгээр сарын 1-нд ангийнхантайгаа уулзахад бөөн баяр болж, нэг нэгнийгээ санасан сэтгэлтэйгээр уулзалддаг байсан талаар ангийнхан хүүхэд насаа дурсаж байна.

“Нэг үе чинь тавдугаар ангид мөсөн дээр очиж тоглохдоо охидуудаа дагуулаад л нэгнийгээ түлхэж унагаана, хөөрхөн шоглодог. Цээл суманд дугуйн уралдаан зохиогдоход бүгд оролцож нэг, хоёрдугаар байранд ирдэг тийм хүүхдүүд байлаа.Мөн ангидаа хулгайгаар мотор асааж приставка тавьж кино үздэг байлаа. Нэг удаа баригдаад бүгд цонхоор гарч гүйж байсан хөгтэй явдлаа одоо ч мартдаггүй юм.

Багш үймүүлсэн хүүхдүүд коридорт гараа өргөөд, эсвэл сандал өргөөд суулгадаг байлаа. Тэр маань ч биднийг тууштай хатуужилтай болоход нөлөөлсөн болов уу гэж боддог. Манай ангийнхан үймүүлдэг ч тамхи огт татдаггүй. Одоо татдаг хүн бараг байхгүй. Худлаа хэлдэггүй, хэлсэндээ хүрдэг хүүхдүүд байсан” хэмээн ангийнхан хэлж байна.

Мөн эдний ангийнхан чөлөөт цагаараа дээс, чирта тоглодог байж. Тухайн үеийн трэнд тоглоом нь л тэвэг өшиглөх байж.

Ангийнхан сумандаа сүүлд уулзахдаа наймдугаар анги төгсгөсөн Д.Цэцэгмаа багштайгаа золгожээ. Ирэх 2022 онд найман жилийн төгсөлтийн 20 жилийн ойгоор ангийнхан уулзалдахаар төлөвлөжээ.

“Багш хүн гэдэг гэгээлэг сайхан сэтгэлтэй, уярамтгай хүмүүс байдаг. Тэгэхээр шавь нар нь сайн явж байвал багш нар нь баярлана. Энэ хүүхдийг багаас нь зөв зам руу, зөв зохион байгуулалттай явуулсан байна даа гэж баярладаг. Өнөөдөр биднийг хараад баярладаг байх. Ер нь их сайн багш нартай учирсандаа бид баярладаг” гэж ангийн төлөөлөл дурсаж байлаа.

П.САЙНЖАРГАЛ

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан

Соёлч нөхөрлөлийн 10А ангийнхан

Хүний амьдралын он жилүүдэд нэг ангид ижилдэн суралцсан минь эргээд санахад алтан үсгээр бичигдэх хугацаа байж ээ.Саруул танхимд хамтдаа сууж угтах ирээдүйгээ зөгнөн мөрөөдсөн үеийнхэн маань сургууль соёлоо дүүргэн их амьдралын гараанд дөрөөлж байсан маань өчигдөр мэт санагдавч олон жилийн нүүр үзсэн байна даа.Бид бүхэн өөрсдийгөө залуу мэт бодож явтал үсэнд минь цагийн хяруу унаж он цагийн урсгалаар далан насыг давсан ахмад настнууд болжээ.

Сэтгэл зүрхнээс хөндийрдөггүй олон л дурсамжууд байгаа.Тэр бүхнийг бичих гэвэл барагдахгүй. Ардын уран зохиолч, төрийн соёрхолт Д.Пүрэвдорж агсны зохиосон ДарханУул аймгийн сүлд дуу:

Ахан дүүсийн өлзийтэй гараар

Анхны чулууг нь өргөн тавьсан

Нарлаг Монголын энэ хотыг

Найрамдлын Дархан гэдэг юм… гэсэн энэ сайхан дууны эзэн болсон бид тэртээ 55 жилийн өмнө, Дархан хотынхоо Нэгдүгээр арван жилийн бүрэн дунд сургуулийн анхны 10 дугаар ангийг 34-үүлээ төгсөж байсан нь саяхан мэт санагдана. Анги даасан багш физик, математикийн Сэдбазар, Бямбажав нар байлаа.Багш маань биднийг хичээл сурлагадаа ямагт шамд, залхуурч болохгүй, эзэн хичээвэл заяа хичээнэ, ирээдүйд хэн болох нь өөрсдөөс чинь шалтгаална шүү гэж сургадаг байв. Манай сургуулийн захирал П.Очирбат, хичээлийн эрхлэгч Лажиймар, түүх газар зүйн багш Д.Дамба, математикийн багш Түдэв, химийн багш Дамдинсүрэн, Намжилмаа, хэл уран зохиолын багш Ш.Лувсанжамц, Цэсрэн, биеийн тамирын багш Ваанжил, шугам зургийн багш Чулуунбаатар, хөдөлмөрийн багш Дэмбэрэл нар Дархан хотын анхны багш нар байсан юм. Багш нар маань баялаг мэдлэгтэй, ухаантай, оюунлаг, яриа хөөрөөтэй, хүнийг татах хүчтэй хүмүүс байсан.Анги удирдсан С.Сэдбазар гээд бүх багш нараа бид хүндэтгэн биширдэг ээ.

Биднийг 1965 оны хавар 10 дугаар ангиа төгсөх хүртэл манай сургууль одоогийн Хараагийн ДарьЭхийн гэцэг даржаалин хийдийн дүнзэн байшинд хичээллэж байсан юм.1962 онд манай ангийн бүх хүүхдүүдийн талаас илүүгийн эцэг, эх, ах, эгч нар нь Дархан хотын их бүтээн босголт, байгуулалтад бие сэтгэлээрээ оролцохоор газар газраас зорин ирсэн хүмүүс байв. Ардын армийн 021 дүгээр ангийн дайчдын 19631965 онд барьсан 10 жилийн сургуулийн шинэ хичээлийн байр, шинэ Дарханы нэгдүгээр таван давхар байшин (одоогийн Comfort ресторан) барихад ангиараа очиж тоосго буулгах, зөөж хураах, шуудуу ухах зэрэг ажлыг хийдэг байлаа.

1963 онд Орос клубийн цементэн задгай талбайд шугам жагсаал болж 10 жилийн Нэгдүгээр дунд сургуулийн бүлгэмийн зөвлөлийн анхны хүндэт пионероор Дархан хотын анхны дарга С.Цагаан гуайг элсүүлсэн нь Дарханы анхны хүндэт пионер болсон билээ. Манай ангийн охид, хөвгүүд хэдий өөр өөр газраас шилжиж ирсэн ч гэсэн тунчиг хурдан ижилдэн дасч, их л ойр дотно үерхэж нөхөрлөдөг байжээ.

Ангийнхан маань хоорондоо нэг эхийн хүүхдүүд шиг эв эетэй байсан нь анги дэвших тусам л улам нягтарч сурлага, урлаг, спортоор тэргүүлэгч анги байв. Үүний нэг тод жишээ бол 1964 онд улсын хэмжээний хоёрдогч “Соёлч нөхөрлөлийн анги” болох үүрэг амлалт авч 1965 оны хавар дөрөвдүгээр сард Ц.Жаргалсайхан ахлагчтай 10 дугаар анги ангиараа “Соёлч нөхөрлөлийн анги” болж хотын ХЗЭийн хорооны 1 дүгээр нарийн бичгийн дарга Ж.Цэрэнсодном соёлын ордонд хийсэн баярын хурал дээр мандат гэрчилгээг гардуулан өгч байлаа. Энэ шагнал урамшуулал хүүхэд бидний амьдралынхаа туршид хийж бүтээх, сурч, хөдөлмөрлөх хүсэл эрмэлзэлд ихээхэн түлхэц болсон доо.

8, 9 дүгээр ангид байхдаа мал төллөх үеэр хөдөө явж малчдад туслах, концерт тоглож өгөх, зун намар нь Орхон суман дахь сургуулийн хөдөлмөр зусланд очиж ногооны зэрлэг зулгаах, төмс ногоо хураах, сургуулийн гал тогооны болон хичээлийн байрны галлагааны өвлийн хэрэгцээний түлээний модыг ууланд явж бэлтгэх, татаж оруулах ажлуудыг багшийн оролцоогүй хийж чаддаг байв.

Мөн урлаг, спортын өндөр авьяастай бүжигчин, дуучин, цана, тэшүүр, гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, дугуй, хоккейн мастерууд, сурлагаараа манлайлагчид гээд олон төрлийн авьяастай хүүхдүүдтэй сайхан хамт олон байлаа. Манай ангийнхан багаасаа л их өөдрөг, сэргэлэн авхаалжтай, санаачилгатай хүүхдүүд байж төгсөтлөө энэ зан чанар нь хэвээр үлдсэн.Тухайн үед улс, аймгийн олон төрлийн олимпиад, спортын уралдаан тэмцээнд үргэлж амжилттай оролцож байр эзэлдэг байлаа. Энэ бүхэнд сургуулийн удирдлага, багш маань их баярлаж, бид ч их урамшдаг байжээ.

Тэр үед сургууль, анги танхим маань цэвэр цэмцгэр, өнгөлөг, эрдмийн өргөө, багш нар маань биднийг ирээдүйд эрдэм боловсролтой, мэргэжилтэй сайн иргэн болгохын төлөө бие сэтгэлээ тууштай зориулсан маш оюунлаг, чадварлаг сурган хүмүүжүүлэгчид байсан билээ.Аль тэртээ 60аад жилийн өмнөх бидний амьдрал өөрчлөгдсөн ч бага насны дурсамж сэтгэлээс огтхон ч гараагүй саяхан юм шиг тодхон санагддаг юм.

Энэхэн дурсамжуудын дотроос мартахын аргагүй нь тухайн үеийн ургац хураалт намрын ажилд явах, ер нь хамтдаа ангиараа ямар ч ажилд явах сурагчдын хүсэн хүлээдэг баяр байж. Манай ангийг биеэ даасан ямар ч ажлыг үр дүнтэй, бүтээлтэй хийдэг байсан болохоор сургууль маань бүрэн найдвар өгдөг байсан. Хүүхдүүд маань намар, өвлийн спартакиадад байнга амжилттай оролцож дандаа тэргүүн байр эзэлнэ.Манай Ч.Батдэлгэр, Ж.Батцагаан, Отгон, Ч.Жадамбаа, Сумъяабаатар, Чулуунбат, Ц.Энхтуяа, Чулуун, Ваанчиг, Амараа нар маань цана, тэшүүр, дугуй, волейбол, хөнгөн атлетик, ширээний теннис ганцаарчилсан төрлүүдэд оролцоно. Амралтын өдрүүдэд шинэ, хуучин Дарханы хоорондох Антеннтай толгойн урд ууланд гарч цана, чаргаар гулгаж тоглоно. Мөн 1964 оны хавраас эхлэн манай анги санаачлан сургуулийнхаа орчныг моджуулах, цэцгийн мандал тарих, зүлэгжүүлэх ажлыг хийж эхэлсэн юм. Тэр үед бидний тарьсан улиас моднууд ДарьЭхийн хийдийн хашаан дотор өнөөг хүртэл бүдүүн, саглагар мөчирөө дааж ядан ургасаар байгаа.

1965 оны хавар зургадугаар сарын 9ний өдөр сургуулиа төгсөөд амьдрал хэмээх их далайд хөл тавина, эргэж ангидаа суухгүй гэж бодохоор сэтгэл зүрх маань баяр гунигаар ээлжлэн гэгэлзэн догдолж мөнгөн хонхныхоо баярыг хийсэн юм. Алтан нар ээсэн нарлаг сайхан тэр өдөр бидний амьдралын хамгийн аз жаргалтай өдрийн нэг байв. Тэр өдөр 12 охид, 22 хөвгүүдтэйгээ 34үүлээ төгссөн. Баярын тэр өдөр ангийн багш Сэдбазар, захирал П.Очирбат нар үг хэлж баяр хүргэж, сургамжаа хайрлахад нүдэндээ нулимстай хүүхдүүд цөөнгүй байсан. Дархан хотын АДХГЗ-ны анхны дарга Цагаан гуай ирж бидэнтэй хамт дурсгалын зургаа татуулж байсан нь их хүндэтгэл байсан юм.

Арван жил нэг ангид суралцсан болохоор бидний үерхэл, нөхөрлөл гэгээн дурсамж үнэхээр сайхан байдаг. Олон жил нэг ширээнд хамт суусан, зан аашаараа дотносож, нөхөрлөсөн найзууд тэврэлдэн уйлж байлаа.Хамгийн жаргалтай, хамгийн хөгжилтэй дурсамжаар дүүрэн он жилүүдийг 10А ангидаа л өнгөрөөсөн дөө. Одоо бид сургуулиа төгсөөд хэдийнэ 55 жил болж, цаг хугацаа гэдэг урсах салхи шиг хурдан юм.

Сургуулиа төгссөнөөс хойш өөр өөрийн амьдралын зам мөрөөр алхаж явсан хэдий ч ижилдэн дассан нэг ангийнхан маань таван жил тутамдаа уулзаж бие биенээ үгүйлсэн сэтгэлээ баярлуулж, мөнх бусыг үзүүлэн бурхны оронд байгаа нөхдөө дурсаж, жаргал зовлонгоо ярьж, инээж хөөрдөг, өөриймсөг томоогүй зан нь хэвээрээ байдаг. Биднээс Б.Батчулуун, Янжин, Эрдэнэцэцэг, Чулуунбат, Н.Жадамбаа, Сумъяабаатар, Нацагдорж, Б.Лхагважав, Цэцэнбямба, Ц.Ичинноров, Ц.Жаргалсайхан нар маань төрөлх Дархан нутгийнхаа голомтыг сахин аймаг орон нутагтаа гавьяаныхаа амралтыг эдлэн ач, зээ нараа тойруулан амар түвшин амьдарч байна. Харин Я.Амаржаргал, Давдай, Ваанчиг (Зүүнхараа) нар маань Хувьсгалын өлгий нутаг Сэлэнгэ аймагтаа сайн сайхан аж төрж ажиллаж амьдарч байна. Ц.Энхтуяа, Д.Энхтуяа, Оюунбилэг, Ч.Батдэлгэр, Нина, Уранчимэг, Чулуун, Эрдэнэбилэг нар маань нийслэл Улаанбаатар хотод мөн л үр хүүхэд, ач зээ нартайгаа бужигнан амар түвшин амьдарцгааж байна.

Манай ангийнхан сургуулиа төгсөөд их, дээд сургуульд элсэн орж эмч, багш, цахилгаан, холбооны инженер, жолооч, илчит тэрэгний техник механикч, хуульч, нябо, эдийн засагч, дизайнер, худалдаа, нийтийн хоолны мэргэжилтэн зэрэг төрөл бүрийн ажил мэргэжлийг эзэмшин эх орныхоо олон салбарын бүтээн байгуулалтад идэвхийлэн оролцож тэр дундаа Дарханы хүүхдүүд учир Дархан хотынхоо бүтээн байгуулалтад гар бие, зүрх сэтгэлээрээ зүтгэн үр бүтээлтэй хөдөлмөрлөцгөөсөн.

Бидний дундаас улс, эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад оруулсан ажлын үр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж Б.Батчулуун маань төрийн дээд шагнал Монгол Улсын Гавьяат багш цолоор, мөн Н.Давдай, Чулуунбат, Ч.Батдэлгэр нар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Х.Эрдэнэцэцэг, Ц.Жаргалсайхан, Б.Уранчимэг, Б.Баасандорж, Я.Амаржаргал нар Алтан гадас одонгоор, Ц.Энхтуяа, Ц.Ичинноров, Ч.Батдэлгэр, Г.Нина, Б.Уранчимэг, Г.Цэцэнбямба, Чулуун, Х.Эрдэнэцэцэг нар маань олон хүүхэд төрүүлж өсгөж Алдарт эхийн 1, 2 дугаар одонгоор энгэрээ мялааснаас гадна олонх маань ажилласан салбар, салбарынхаа тэргүүний ажилтан цол тэмдэгээр тус тус шагнагджээ. Манай анги хоёр хурандаатай.Хурандаа Ч.Ванчиг, Н.Жадамбаа нар Алтан гадас болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонтой. Б.Сумъяабазар, Б.Лхагважав нар маань Осолгүй манлай онц тээвэрчин цол тэмдэгтэй.

Өнөөдөр бид нар Дарханыг дархлалцаж явснаараа, анхдагчдын нэг байсандаа ямагт бахархаж байдаг юм.Залуу насны эрч хүчтэй үе, бие сэтгэл зүрхээ эх орондоо зориулж хөдөлмөрлөн зүтгэж явсан амжилт түүхээрээ бахархсан нэг ангийнхан даа, бид.

Анги хамт олноо дурсан сийрүүлсэн Ц.ЖАРГАЛСАЙХАН, Ц.ИЧИННОРОВ

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Орхон голын хөвөөнд өссөн Орхон сумын 1995 оны төгсөлтийнхөн

“Нэг ангийнхан” буланд энэ удаа Сэлэнгэ аймгийн Орхон сумын арван жилийн 1995 оны төгсөлтийнхөн зочноор уригдан оролцлоо. Тус төгсөлтийнхөн “А”, “Б” бүлэг гэж хуваагдахаас илүүтэйгээр төгсөлтөөрөө нэгэн цул болж нэгдэж ирсэн амь нэгтэй ангийнхан гэдгээрээ онцлог юм. Н.Батбаяр, А.Энхболд, С.Мөнхчулуун гурав цэцэрлэгийн найзууд. 1985 онд найзууд сургуулийн босго алхахаар боллоо. Тэдний туйлын хүсэл нь нэг ангид орох.

Ингээд хүүхдүүдийг жагсаагаад нэг, хоёроор тоолуулж бүлэгт хуваахад гурван найз урдаа нэг нэг хүүхэд зогсоон тоолж багахан заль хэрэглэх аятай санасандаа хүрсэн байна. За тэгээд үүнээс хойш ангийн ч тэр, төгсөлтийнхний ч тэр дурсамж, паян энэ гурван найзаас салахгүй. Тухайн үед нэгдүгээр ангид 60 гаруй хүүхэд элсэн орж байсан ч нийгмийн шилжилтийн үе, амьдралын шаардлагаас хамаарч 10 дугаар ангиа 28 хүүхэд төгсчээ. Гэхдээ төгсөх ангийн хонхны баяр дээр 60 хүүхэд бүгд оролцож сургуулиа дүүргэж байсан нандин дурсамжтай аж. Цэцэрлэг, эцэг эхийн халамжаас сургуулийн ширээнд суусан бяцхан сурагч нарыг хөтлөн амьдралтай танилцуулж ирээдүйн гарааг нь тавьж өгсөн ачтан бол бага ангийн багш Доржжавын Уранжаргал юм.

Мөн О.Болдбаатар, Калара, Адъяасүрэн, Д.Бямбаа, Ё.Бямбасүрэн багш нар байна. Боловсролын тэргүүний ажилтан, “Алтан гадас” одонт Д.Уранжаргал багш өдгөө Орхон аймагт багшилж байгаа аж. Ангийн хэсэг нөхөд багш руугаа утас цохив. “Байна уу. Сайн байна уу багшаа, би байна” гэх хариуд “Байна. За сайн уу. Сахилгагүй шар Батаа юу” хэмээн Д.Уранжаргал багш утсаа аван хэлж байна. Тэрээр “Та нар минь миний багш мэргэжлээр төгсөөд бие дааж авсан анхны анги учраас хэзээ ч мартдагддаггүй. Багш хүн олон мянган шавьтай болохоороо хооронд нь бишгүй л сольж холино. Гэхдээ та нарыг бол зүс царай, үйл хөдлөлөөр чинь андахгүй шүү дээ. Багш нь та нараараа бахархаж хайрлаж явдаг шүү. Нэг нэгэндээ их сайхан түшигтэй явдаг. Цаашдаа ч нэгэндээ дэм тустай, хань түшиг болж байгаарай” хэмээн багш сурагчдын холбоо өндөрлөв. Ангийнхан “Манай Уранжаргал багш биднийг сургуульд ч, амьдралд ч маш сайн чиглүүлж өгсөн” гэв. Үнэхээр ч уг төгсөлтийн С.Чулуунтуяа, Р.Энхтуяа, А.Энхболд, Б.Мэндбаяр, П.Баярмаа, С.Мөнхчулуун нар сурлагаараа сургуульдаа тэргүүлдэг тэргүүний сурагчид ихтэй анги байв. Харин спортоор ангиараа жигд манлайлагч байлаа. Учир нь дунд ангийн багшаар гар бөмбөгийн Олон улсын хэмжээний мастер, шигшээ багийн холбон тоглогч Ё.Бямбасүрэн ажиллаж байжээ. Тийм дээ ч спорт зааланд ихэнх чөлөөт цагаа өнгөрүүлнэ. Сургуулийн спорт, тэмцээн уралдаанд уг төгсөлтийнхөн ахлах ангийнхныгаа ч гаргаадаггүй чадварлаг байж. Урлагаар ч мөн тэргүүний сурагч их. Тухайлбал, Сангийн аж ахуйн дарга А.Энхболд хүү хоёр ч удаа сургуулийнхаа бүжгийн аварга болж байжээ.

Түүний ээж Б.Сармандах урлагийн хүн бөгөөд “Адуучин” бүжгийг өвөрмөц байдлаар дэглэж өгч байсантай холбоотой гэнэ. Харин Н.Батбаяр Өсвөрийн уртын дуу дуулаачдын улсын уралдаанд сум, цаашлаад аймгаас шалгарч оролцож “Найрамдал” зусланд 30 хоног амарч байсан удаатай. А.Энхболд өдгөө төрийн албан хаагч болж нэг хэсэг УТЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан бол Н.Батбаяр “ETV” телевизийн шилдэг зураглаачдын нэг болжээ. Мөн төгсөлтийнхнөөс Р.Энхтуяа БНСУ-д гэр бүлийн хамт амьдран суугаа бол А.Баянмөнх Улсын аварга малчин, Аймгийн аварга малчин Г.Мөнхтөмөр, Батбаатар, сумын аварга малчин С.Амарбаясгалан, нягтлан бодогч П.Баярмаа, хувиараа бизнес эрхлэгч Б.Хайдав зэрэг олон хүүхдийг энд онцлох байна. Уг төгсөлтийнхөн газар тариалан, мал аж ахуйн, бизнесийн салбарт ихэвчлэн ажиллаж буй. Өдгөө орон нутаг, улс эх орондоо өөр өөрсдийн ажил хөдөлмөр, мэдлэг оюунаараа хувь нэмрээ оруулж явна. Угаас Орхон сум олон жилийн өмнөөс газар тариалангийн үр шимээр Монголыг тэжээдэг байсан өгөөж баян нутаг билээ.

Манай зочдыг сурагч ахуйд Орхон сумын ард иргэд мал аж ахуй, газар тариалан түлхүү эрхэлдэг байсан болоод ч тэр үү намрын ургац хураалтад дайчлагдах, хонины ноос хяргаж тушаах, зурам агнаж арьс тушаах зэрэг ажилд гар бие оролцож явжээ. Ангийн охин П.Баярмаагийн өвөө Раш тухайн үед анх мах, ноосны чиглэлийн “Орхон хонь” үржүүлж Төрийн соёрхол хүртэж байсан түүхтэй юм байна. Ер нь сурагчдын амьдрал газар тариалан, Орхон голтой салшгүй холбоотой юм. Орхон голын хөвөөнд л өнжсөндөө бага нас минь гэж ангийн хүүхдүүд дуу нэгтэй дурсах аж. Нэг удаа Б.Хайдав дотуур өмдөө магтаж “Даалимбаар урласан дотуур өмд минь урагддаг ч үгүй, усанд урсдаг ч үгүй” хэмээн усан дээр тавьж нөхдөдөө маазарч зогсоод толгойгоо савандаад эргэхдээ савангаа дотуур өмдөн дээрээ тавьсан нь жин дааж усны ёроол руу алга болж.

Хамт байсан ангийнхан нь охид, хөвгүүдгүй шоолж хамаг хувцсыг нь аваад зугтчихжээ. Өдрийн гэгээнээр гол дагасан олон хүнээс ичээд мань хашир уснаас гарч чадахгүй тав, зургаан цаг голын усанд зогсож хөглөсөн түүхтэй. Устай холбоотой өөр нэг дурсамж гэвэл Н.Батбаяр 2015 онд Ламын гэгээний 375 жилийн ойгоор Баянхонгорт ажлаар явахдаа Түйн голд урссан хүүхдийг аварчээ. Энэ хүүхэд түүний уснаас аварсан тав дахь амь гэнэ. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медалиар шагнагджээ. Ангийнхан нь түүнийг “Манай Батаа аргагүй л Орхон голын хөвөөнд өссөн хүүхэд мөн байгаа биз” хэмээн магтана.

А.Энхболд “Манай ангийнхан Орхон голын урсгал шиг дөлгөөн, тайван, сэтгэл сайхантай улс. Нутаг усныхаа аяыг нутгийн зон нь дуурайдаг гэж зүгээр ч нэг үг биш байх шүү” хэмээн ярив. Б.Хайдав “Манай төгсөлтийнхөн их хөдөлгөөнтэй. Юм юманд л авьяастай байсан. Бүх талаараа манлайлагч байсан. Тухайн үед шатсан уурын зууханд орж зодоон цохион хийнэ. Гарч ирээд шалбархай дээрээ шороо түрхчихээд л явна. Хэнд ч хэлэхгүй. Шороо нь ч эко байж. Одоо бол шороо түрхвэл халдвар орж бөөн юм болох байлгүй” хэмээн инээв. Харин П.Баярмаа “Манай ангийнхан манайд их цугларна. Захиа занаа их бичнэ. Би зуучлагч хийхийг яана. Хөвгүүд нэг захиагаа хуулж хэдэн янзаар бичээд л өгнө. Доторх үг нь адилхан. Осолдолгүй нэр нь өөр. Тэгээд хоорондоо хольж хутгалдаж бөөн бужигнаан үүсдэгсэн” хэмээн хөвгүүдээ цаашлуулж хөхөрнө.

Ийн хүүхэд ахуй насныхаа дурсамжийг хуваалцаж нэг нэгэн рүүгээ утас цохиж, хөгтэй явдлыг нь сануулж инээлдэнэ. Энэ мэтчилэн тэдний хөгтэй, хөгжилтэй сайхан дурсамжууд барамгүй. Өнөө жил тус төгсөлтийнхний 25 жилийн ой тохиож байгаа учир нэлээд ажил төлөвлөсөн бололтой.

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан

21 дүгээр сургуулийн 1999 оны төгсөлтийн үлгэр жишээ тэргүүний хамт олон

Энэ удаагийн “Нэг ангийнхан” буланд маань 21 дүгээр сургуулийг 1999 онд төгссөн 10 “А” ангийнхан оролцож байна. 1989 онд энэхүү ангийг Мааяа багш даан авч байжээ. Тавдугаар ангиас нь Монгол хэл, уран зохиолын багш Л.Эрдэнэчимэг багш авав. Нийт 40 сурагчтай. 22 хөвгүүн, 18 охинтой. Уг анги сургуулиас зохиосон бүхий л үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, ангиараа сурлага, урлаг, спортоор тэргүүний шилдэг анги байв. Салаа болгон даргатайгаас гадна ангийн дарга Г.Мөнхзул, охидын зөвлөлд Э.Ариунсанаа, Д.Сайнбилэг, даалгавар шалгагч Ж.Болортуяа, А.Соёмбо, А.Ариунтөгс, ариун цэвэр сахиулагч Э.Бямба, Б.Болор, М.Болортуяа, цэцэг арчлагчаар М.Эрдэмбилэг, С.Наранбаатар нар ажилладаг байжээ. Э.Ариунсанаа зургадугаар ангидаа, Г.Энх-Амгалан долдугаар ангидаа, сургуулийнхаа тэргүүний сурагчаар шалгаран жил дараалан энэ л ангийн сурагчдын зураг сургуулийн “Хүндэт самбар”-т заларчээ. Мөн наймдугаар ангидаа “Сургуулийн 40 жилийн ойн уралдаан”-д түрүүлэн, ангиараа олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд амарч, 6, 7, 10 дугаар ангидаа “Сургуулийн тэргүүний анги”, урлагийн үзлэгийн аварга, Сагсан бөмбөг, волейболын тэмцээний сургуулийн аварга гээд сургуулийнхаа бүхий л үйл ажиллагаанд аваргыг л авдаг адтай анги юм. Ангийн багш Л.Эрдэнэчимэг ярихдаа “Би энэ жил 34 дэх жилдээ багшилж байна. Энэ анги минь 21 дүгээр сургуульд шилжин ирээд авсан анхны анги. Бага ангийн багш нь Мааяа гэж маш сайн багш байсан юм. Сайн багш байсан учир суурийг нь их зөв тавьж өгсөн. Суурь сайтай болохоор хичээлдээ бүгд жигд, идэвх чармайлттай, суугаад сурчихсан. Зөв бичих дүрмийн алдаа маш бага гаргадаг ажиллахад их амар хүүхдүүд байсан. Туршлагатай багш дээр хөгжчихсөн хүүхдүүд орж ирж байлаа. Аливаа зүйлд санаачилгатай, эцэг эхчүүд нь ч сургууль, багшийн ажилд тусалж дэмждэг. Бусад ангиудаа бүх талаараа тэргүүлдэг, сургуулийн соёлч анги байлаа” гэв. Нийслэлийн бүх ерөнхий боловсролын сургуулиудын дунд болдог “Авьяас, чадвар”, Найрал дууны тэмцээнд байнга түрүүлдэг хамт олон байжээ. Ж.Болортуяа ярихдаа “Манай анги сургуулийн бүх л үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог нийтэч, тусч жигд анги байлаа. Энэ бүхнийг ангийн багш минь холбон зангидаж өгнө. Багш маш чанга, ангийнхнаа удирдан чиглүүлэхдээ гарамгай. Хувцас, зангиа, дуу гээд бүхий л зүйлээр жигдрүүлнэ. Багш нар манай ангид орж ирэх дуртай. Ангиа байнга цэвэрлэнэ. Цэцэг их тарина. Ангиа маш гоёор тохижуулна. Анги даасан багш маань Монгол хэл, уран зохиолын багш байсан болохоор дэлхийн болон Монголын алдартай зохиолчдын зургийг ханандаа өлгөнө. Бүх хүүхдүүд цагаан цамц, зангиатай. Сургуулийн үлгэр жишээ анги байлаа” гэв. Наймдугаар ангид байхад нь сургууль дээр “Байгалийн ухааны гүнзгий анги” анх удаа нээгдэж, манай анги тэр чиглэлээр явах болсон. Математик сэтгэлгээ сайтай байсан учир математикийн анги болсон. Математикийн Болормаа багш нь ч тэргүүний ангитай сайн ажилладаг байсан гэнэ. Д.Оюунгэрэл ангийнхаа тухай дурсахдаа “Сургуулийн урлагийн үзлэгт манай ангийнхан өдөр шөнөгүй бэлдэнэ. Шөнийн 00:00-01:00 цаг хүртэл ангидаа давтана. Шөнө эцэг эхчүүд нь сургуулийн үүдэнд ирчихсэн хүүхдүүдээ хүлээгээд сууж байна. Манай ангийн эцэг эхийн хурал сумын клубын лекц шиг болно. Эцэг эхийн хуралд ирдэггүй хүн гэж үгүй. Нөгөө ангиудын эцэг эхийн хуралд хэдхэн хүн сууж байхад манай анги дүүрчихсэн. Хүүхдүүдтэйгээ цуг хийвэл заримд нь суух суудал олдохгүй. Ээж, аавууд маань хүүхэдтэйгээ зэрэг сурдаг тийм л идэвхтэй хүмүүс байв” гэлээ. Ангийн тэргүүний сурагч нь М.Тэмүүжин. Дуулна, бүжиглэнэ, уран уншина, сагсан бөмбөг волейбол тоглоно, бичгийн хэв сайтай бүхий л талаараа өв тэгш байж. Э.Ариунсанаа, Г.Энх-Амгалан сургуулийн шинэ жил болгоноор шинэ, хуучин он болдог, сургуулийн бүх арга хэмжээг хөтөлдөг хөтлөгчид. Ангийн сурагч Д.Баярхүү ярихдаа “Манай ангид хичээл тасална, хоцорно гэдэг ойлголт байхгүй. Хичээлдээ мэриймтгий хүүхдүүдтэй. Манай ангийг төгссөн ихэнх хүүхэд дээд сургуульд орсон. Тухайн үедээ хамгийн олон төгсөгч дээд сургуульд орсон анги болж байлаа. Ц.Цэрэнбат гэж манай ангийн сайхан дуулдаг хөвгүүн сургуулийн дууны аварга байсан юм. Ангийнхан хоорондоо их нөхөрлөнө” гэлээ. Тэр үеийн эрэгтэй хүүхдүүдийн нөхөрлөлийн талаар Т.Эрдэнэхуяг ийнхүү дурсав “Манай ангийнхан хоорондоо их дотно. Зодолдож маргалдаад байдаггүй. Ангийн гурван хүү өөрсдийгөө “Шадар гурван цэрэг” гээд нэрлэчихсэн. Багшийн баруун гар болдог байлаа. Энх-Амгалан, Мөнхзул, Анхбаяр нарын нөлөө ангид их байсан. Тэдний нөлөөгөөр ангийнхан нийтэч байдаг байлаа” гэв. Тэр үеийн хүүхдүүд “Дошны атаман” гэж өөрсдийгөө дөвийлгөх дуртай. Харин энэ ангид атаман гэж байгаагүй ажээ. Д.Отгонбаяр дошны атаман ч ангидаа орохоороо ангийнхаа нэг хэсэг нь болдог. Ангиасаа гараад атаманаа хийнэ. Ангийнхнаа дээрэлхсэн хүүхдүүдээс өмөөрнө. Тиймээс ангид нэгнийгээ ялгаварлах, дээрэлхэх зүйл огт байгаагүй. 21 дүгээр сургууль хавьдаа атаман ч ангидаа маш эелдэг, охидтойгоо зөөлөн харилцаатай хүү байсан гэж ангийнхан дуу нэгтэй ярив. Эрдэнэбилэгт, Цогтсайхан, Мянганбуу нар илүү дотно нөхөрлөдөг найзууд байж. Хоорондоо их эвсэг, элэгтэй хамт олон байсан нь одоо ч сургуулийнхаа үлгэр жишээ ангиар жишээ болгон яригддаг юм. 6 “А” анги байхад нь Ж.Энхсанаа ангид шилжин ирснээр эрэгтэй, эмэгтэйгээрээ ялгардаг асуудал үгүй болжээ. Энэ тухай Г.Намжил ярихдаа “Энхсанаа шилжиж ирээд манай ангийн уур амьсгал нийтэч сайхан болж ирсэн. Яагаад гэвэл тэр үед охид, хөвгүүдээрээ их ялгарна. Санаа хэзээний л охидтой суучихсан, гарнаас нь барьчихсан, тэвэрчихсэн эвсэг найрсаг харилцаатай байж билээ. Тэгээд л манай ангийнхан эр, эм гэж ялгархаа больсон. Тэр үеийн хүүхдүүд одооных шиг нээлттэй биш, заагтай байлаа. Тэр заагийг Санаа маань арилгаж өгсөн юм” гэлээ. Тэрбээр ангийнхаа охидыг “Намайг үнсвэл зайрмаг авч өгнө шүү” гээд ангийн уур амьсгалыг инээдээр чимдэг ангийн нэгэн хэсэг байжээ. Э.Шинэбаяр ангийнхныхаа тухай ярихдаа “Манай багш нийгмийн идэвхтэй бай гэж их хэлдэг байсан. Тиймээс манай ангийнхан одоо ч орсон салбар бүртээ идэвхтэй манлайлагч нь болсон байна. Гадаадад ажиллаж амьдардаг хүүхдүүд маань тэндээ идэвхтэй сайн сурч, тэргүүлэгчид нь болжээ. Энэ бол багшийн тавьж өгсөн суурь байх. Ямар ч зүйлд сэтгэлээсээ ханд, нийгмийн идэвхтэй бай гэж хэлдэг үг нь одоо ч бидний өөртөө хэлдэг үгс юм” гэлээ. Хүнийг анхааралтай сонсох, эгц өөдөөс нь харж ярих, цэгцтэй байх ухааныг ангийнхаа багшаасаа л сурчээ. Ангийн даргын үгнээс хэн ч зөрөхгүй. Ангийн даргын үг ангийн багшийн үг. Багшийн үг хууль гэдэг зарчмаар энэ ангийнхан хүмүүжсэн. 21 дүгээр сургуульд ангийн фондыг анх үүсгэсэн, ангийн засварыг сургуулиас хамгийн түрүүнд хийдэг, хамгийн тохижилттой, сургуульд анх улавч өмсөж ордог, шалаа хулдаасалсан, ангийн хаалгыг анх өөрчлөн солиулсан, ангийнхаа хойд ханыг одоогийнхоор эко болгон байгалийн зураг зуруулж тохижуулж байсан үлгэр жишээ анги байв. Тэр үед шинээр гарсан нийтийн дуу болгоныг ангийнхандаа багш нь зааж өгнө. Хичээлийн дундуур хүүхдүүд нозоорсон, хичээл хийх сонирхолгүй болсон байхыг багш анзаараад “За бүгдээрээ тэр дуугаа дуулъя” гэхэд бүгд босоод дуугаа дуулна. Тэгэхээр хичээл хийх идэвх нь нэмэгддэг байж. 1,2,3 гэсэн командаар ангиас гарч орно. Хагас цэрэгжилтийн байдалтай диктатуртай анги байснаа хүүхэд бүр дурсан сууна. Ангийн сурагч Н.Нарангарав багшийнхаа тухай ярихдаа “Манай багшийн ганц имиж нь улаан уруулын будаг. Одооч улаанаар уруулаа будсан байна. Унтахдаа ч улаанаар уруулаа буддаг байж магадгүй. Би багшийг уруулаа будаагүй байхыг ер харж байгаагүй. Анх анги дааж аваад л бидэнд сургаж байсан. Эмэгтэй хүн өмд өмсөх хэрэггүй гэж. Би багшийг өмдтэй байхыг хараагүй. Би ч бас багаасаа багшийн зааснаар ч тэр юмуу өмд барагтаа л бол өмсдөггүй” гэв. Ангийнхан нэгэндээ маш их тусална. Хэн нь хэнийгээ ялгаж харьцдаггүй. Баян ядуугийн ялгаа байгаагүй анги байсан гэдгийг ангийн багш дахин дахин хэлж байв. Аравдугаар ангиа төгсдөг жил нь ангийн багш нь жижигхэн байшин барихад ангийнхан нь хонхны баярынхаа урьд өдөр багшдаа туслан хөвгүүд нь байшингийнх нь суурийг цутгаж, охид нь ус зөөж, хоолыг нь хийж тусалж байжээ. Ангийнхан төгсөж байгаа болохоор эцэг эхчүүд бэлэг авч өгье гэхэд нь багш бэлэг хэрэггүй гээд байшин барьж байгаагаа дуулган, барилгын материал бага багаар хандивласан байна. Манай байшин ангийнхны минь хүч хөдөлмөрөөр л боссон гэж багш нь хүүхдүүддээ баярлаж явдгаа онцгойлон хэллээ. Сурагч Э.Ууганбаяр ярихдаа “Манай ангийнхан нэг нэгнээ гэсэн сэтгэлтэй, байнга нэгэндээ анхаарал тавьдаг, асууж сурж байдаг хамт олон байлаа. Ангийн маань нэг охин өнчин, эмээтэйгээ л амьдардаг. Түүнд хувцас, хичээлийн хэрэглэл гээд байгаагаа хуваалцана. Бас нэгэн хүүхдийн ээж нь хүнд өвчнөөр өнгөрч, манай ангийнхан байнга эргэж тойрдог байлаа” хэмээн дурсав. Мөн энэ ангид Б.Бадамжав, Д.Чинтамир, Р.Ганхуяг, Ш.Мөнхсүрэн, Б.Бат-Өлзий, Б.Мөнхбат, Ш.Батзориг, Б.Оргилболд, М.Тэмүгэ, З.Ууганбаяр, М.Болортуяа зэрэг шилдэг хүүхдүүд суралцдаг байлаа.

Одоо энэхүү ангиас Г.Мөнхзул, Э.Ариунсанаа, М.Хэрлэнцэцэг, Ч.Ганцэцэг, С.Ариунзаяа, Н.Гаваасүрэн нар гадаадад ажиллаж, амьдардаг. М.Тэмүүжин Гранд мед эмнэлгийн нуруу нугасны мэс заслын эмч, Ачит эх анагаахын дээд сургуулийг төгсөөд дараа жил нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн олгодог “Шилдэг залуу эмч” шагналыг хүртэж байв. Мөн Ц.Цэдэвсүрэн ходоодны эмч болсон. “Алдарт эх”-ийн нэгдүгээр одонтой Ж.Найрамдалмаа, Б.Даваасүрэн нар хоёулаа долоон хүүхэдтэй. Хоёрдугаар одонтой Т.Жавзанпагма, Д.Оюунгэрэл, Э.Бямба, Ч.Батчимэг нар бий. Ж.Энхсанаа үндэсний үйлдвэрлэгч компани байгуулан ажиллаж байгаа. Plus брэндийг үүсгэн байгуулагч. Тэрбээр ярихдаа “Би арван жилд байхдаа ангийнхаа санхүүг барьдаг, санхүүч нь байлаа. Мөнгө хураадаг ажлыг л хийдэг. Манай анги бага ангид байхаасаа л фонд үүсгэсэн. Тэр мөнгөөрөө нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэх, баяр ёслолын арга хэмжээ зохион байгуулах, нэгэндээ тусалж дэмжих бүхий л ажлаа зохион байгуулна. Тэр суурь явсаар байгаад одоо санхүүч болсон байх. Одоо хувийн санхүүгийн зөвлөх хийнэ, байгууллагуудад санхүүгийн зөвлөгөө өгнө. Хувийн санхүүгээ яаж удирдах зэргийг зааж зөвлөх ажил хийдэг” гэв. Сүүлийн жилүүдэд ангийн групп хуудас нээгдэж, харилцаа холбоо байнга тогтоон нэгнийгээ асууж, зовлон жаргалаа хуваалцан байнгын харилцаатай байгаа эргэх холбоо сайтай анги. 21 дүгээр сургуулийн хуучин барилгыг 2017 онд буулгаж, энэ жилийн аравдугаар сард шинээр барин ашиглалтад оруулжээ. Тиймээс анги төгсөлтийн хорин жилийн ойгоо хойшлуулан ирэх жил хийхээр төлөвлөж байгаа юм байна. 21 дүгээр сургуулийг төгссөн 21 жилийн ойгоо 2020 онд хийхээр болсноо манай сониноор дамжуулан ангийнхандаа уламжлав. Тиймээс ирэх жил ангийнхантайгаа уулзах ерөөл тавин ангийн удирдлагын зүгээс урилгаа илгээж буй нь энэ юм.


Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан

Хорин жилийн уулзалтаараа хорин сайн үйлсийг санаачилсан ангийнхан

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Нэг, Хоёр, Гуравдугаар арван жилийг 19881998 онд төгссөн төгсөгчдийг энэ удаагийн “Нэг анги” буландаа оролцууллаа.

Өнгөрсөн онд төгсөлтийнх нь хорин жилийн ой тохиожээ. Тэртээ 1998 онд сургуулиа төгсөөд үеийн найзууд өөр өөрийн сонгосон замаараа салан одоцгоож байжээ. 1998 онд дунд сургууль төгсөгчдийн хувьд их онцлогтой байж. Тухайн үеийн боловсролын системийн туршилттай холбоотойгоор улс даяар 1989 онд нэгдүгээр ангид элсэн орсон сурагчдыг гуравдугаар ангиас нь шууд тавдугаар ангид нь анги алгасуулан оруулж гэнэ. Өмнөх жилийнх нь 1988 оны нэгдүгээр ангийн элсэгчидтэй нь хамт нэг ангид оруулж байсан гэж ангийнхан дурсацгаана. Өөрөөр хэлбэл, 1980 болон 1981 онд төрсөн хүүхдүүд 1998 онд аравдугаар ангиа төгсөж байсан аж.

Ангийн анд Ж.Нямсүрэн нь ардын жүжигчин Д.Ичинхорлоогийн нэрэмжит Архангай аймгийн Хөгжимт драмын театрын даргаар ажилладаг юм байна. Тэрээр “Манай ангийнхан их олуулаа. Бусад оны төгсөгчдөөс хоёр дахин олон гэсэн үг. 1990ээд оны нийгмийн шилжилтийн үед сурч, хоёр өөр нийгмийн үед хоёр өөр боловсролын тогтолцооны бодлогоор суралцацгаасан. Социализмын үед пионерт хүртэл элсээд амжсан хүмүүс. Тухайн үедээ олон хүүхэд байсан учраас сургуулиуд олон бүлэгтэй. Анги дүүргэлт 40-өөс багагүй хүүхдүүдтэй. Аливаа уралдаан тэмцээн их өрсөлдөөнтэй болдог байлаа” хэмээн хуучлав. Архангай аймгийн төв гурван дунд сургууль, нэг бага сургуультай байсан.

Гурван сургуульд тус бүрт нь долоогоос найман бүлэг, аймгийн хэмжээнд арван жилийн сургуультай. Арваад суманд хоёроос гурван бүлгийн 1000 гаруй сурагчид төгссөн байдаг гэв. Ангийнхан сургуулиа төгсөөд элсэлтийн шалгалт өгөхөд л олуулаа төгсчээ гэдэг нь илт мэдрэгдсэн байна. Жил жил ирдэг их, дээд сургуулийн хуваарийн тоо хэвээрээ боловч нэг сургуулийн хуваарь дээр өрсөлдөж байгаа хүүхдийн тоо их олон байсан гэнэ. Харин одоо эдний ангийнхан дундаас салбар бүрт амжилттай явж, нийгэмд манлайлж яваа хүмүүс олон бий. Эргээд бодоход хүүхэд насны олон сайхан дурсамжууд байдаг аж. Хавар намрын цэвэрлэгээ, намар өвсөнд явах, өвөл замын мөс цэвэрлэх гэх зэргээр нийтийн ажилд зохион байгуулалттайгаар их оролцдог байжээ. Энэ хүмүүжил төлөвшил нь ангийнхныг 20 жилийн ойгоороо нийгэмд тустай ажлууд санаачлан хэрэгжүүлэхэд нөлөөлсөн юм болов уу.

Эдний ангийнхан ойн баяраараа олонд тустай, нийгэмд хэрэгтэй, төрөлх нутаг, байгаль орчноо хамгаалах чиглэлээр ажил санаачлан хийж, тэмдэглэн өнгөрүүлжээ. Хорин жилийн ойдоо зориулан хорин сайн үйлсийг санаачлан өнгөрсөн оны хавар дөрөвдүгээр сараас эхлүүлэн он дуустал бүтэн есөн сарын хугацаанд нөр их ажлуудыг хамтран хийж амжилттай дуусгасан байна. Тухайлбал, 98 зорилтот бүлгийн хүүхдүүдэд хүүхдийн баяраар бэлэг гардуулж урам, сэтгэлийн дэмээр бэлэг барьжээ. Тамирын голоо цэвэрлэж амралт зугаалгын бүс болох голын эрэг дагуу гурван километр газрыг хамгаалсан. Тамир зуслангийн хүүхдийн тоглоомын талбайг тохижуулсан аж. Зорилтот бүлгийн гурван айлыг иж бүрэн дулаалгатай өргөө цагаан гэртэй болгож хашааны газартай болгожээ. Нийслэлд нэг айлд өргөө цагаан гэр бэлэглэсэн аж.

Харж хандах хүнгүй дөрвөн хүүхдэд хувцас, хоол хүнс, мөнгөн тусламж үзүүлсэн гэх зэргээр ангийнхан хуучиллаа. Хүнд өвчтэй болон хавдартай гурван хүнд эмчилгээний зардалд нь туслав. Нийт 13 хагас болон бүтэн өнчин хүүхдүүдэд ирээдүйн боловсролд нь зориулж хадгаламжийн дэвтэр нээж өгсөн. Хагас өнчин оюутанд сургалтын тэтгэлэг олгожээ.

Аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурдаг тусгай сургуулийн 25 сурагчид хичээлийн хэрэгсэл бэлэглэж сурах эрмэлзэл, урам зориг бэлэглэсэн гэж ярилаа. Аймгийн төрөх тасагт очин шинээр төрсөн дөрвөн нярайд Монголын үрс маш олон болохыг бэлгэдэн нярайн хэрэгсэл бэлэглэсэн байна. Аймгийн төрөх тасагт нэн яаралтай хэрэгтэй байсан, суурин автомат эмнэлгийн аппарат хоёр ширхэгийг бэлэглэжээ. Мөн аймгийн нэгдсэн эмнэлгийн Мэдрэлийн тасагт тус аппаратыг хоёр ширхэгийг бэлэглэв. ”I Love Arkhan­gai” гэсэн дэлхийн жишиг хотуудад байдаг “Би хотдоо хайртай” хөшөөг нутгийн өнгө аясаа шингээн хийж аймгийн гэрэлт гудамжинд байрлуулан нутгийнхаа өнгө үзэмжинд болон дотоод гадаадын аялагч, жуулчдын нүдийг хужирлах бүтээл болгон хүлээлгэн өгсөн гэж байлаа.

Ахмадын баярыг тохиолдуулан аймгийн 98 ахмад настанд баярын тоглолт хийн гарын бэлэг гардуулсан гэнэ.

Мөн ойн ажлын хүрээнд хийсэн бас нэг томоохон ажил нь МУАЖ Д.Ичинхорлоогийн нэрэмжит Архангай аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийнхээ хийж байгаа шинэ уран бүтээл болох шашин төрийн гурван зулын нэг, нэрт соён гэгээрүүлэгч халхын Зая бандид Лувсанпэрэнлэйн түүхэн бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн төрийн соёрхолт С.Соронзонболдын хөгжим “Зая гэгээнтэн” түүхэн дуулалт жүжгийн санхүүжилт болон энэ түүхэн жүжгийг энэ оны гуравдугаар сард Улаанбаатар хот дахь тоглолтын зохион байгуулалтад ангийн төгсөгчид дэмжиж оролцжээ. Энэ нь ард иргэдэд маш их таалагдсан үйл ажиллагаа болсон гэх зэргээр хорин ажлыг ойдоо зориулан санаачлан хийж гүйцэтгэсэн гэнэ. Нийгмийн сайн сайхны төлөө олон санаачилга гаргаж, хүмүүст эерэг хандлага төлөвшүүлэхийн төлөө сайхан сэтгэл өвөрлөн эдгээр ажлыг хамтдаа хийсэн гэдгээ ангийнхан дурссан юм.


Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан

Төрийн хамаг дээд шагналыг хамсан математикийн ангийнхан

Монголын хөгжил дэвшилд гар бие оролцсон олон гавьяатууд төгссөн нэгэн ангийнхны түүхийг уншигчдадаа хүргэе. Тэд бол Завхан аймгийн Б.Элдэв-Очирын нэрэмжит арван жилийн сургуулийн 1948-1958 оны төгсөлтийнхөн юм. Энэ ангийн сурагчдын ихэнх нь дээд боловсрол эзэмшжээ. Одоо улс төр, нийгэм эдийн засаг гээд олон салбарт доктор профессор гавьяатууд төрөн гарсан байна. Эрдэнэтийн уурхайг анх нээсэн багийн ахлагч геологич Л.Мягмар, социализмын үед Монгол Улсын хэмжээнд баригдсан бүхий л гүүрийг барьсан И.Гүррагчаа нар эл ангийн сурагчид. Бид энэ ангийн хөвгүүн Монголын ахмад эдийн засагч профессор С.Жамьянсүрэнтэй ангийнхных нь талаар хууч хөөрлөө.

Математикийн хичээлд хорхойтой ангийнхан

1948 оны намар. Завхан аймгийн бүхий л сумаас эрдэм мөрийн зам хөөхөөр ирсэн хөдөөний бор жаалууд, бондгор охид Б.Элдэв-Очирийн гэх тодотголтой сургуульд нэг анги болон нэгджээ. Газар газраас ирсэн эл хүүхдүүдийг ирээдүйн доктор, профессор, гавьяатууд болно гэж хэн ч төсөөлөөгүй байх. Тухайн үед Б.Элдэв-Очирын нэрэмжит дунд сургууль Худгийн ам гэх өвөрмөц сонин тогтоцтой нутагт хэдхэн шавар байшин барьж төвхнөж байсан юм. Эл газар нь Хатанбаатар Магсаржав, Ванданов нарын хуарагнаж байсан түүхтэй гэдгийг уншигчид гадарлах байх. Манай булангийн зочин анги энэ сургуулийн зургаа дахь элсэлт нь. Тэгэхээр тухайн үед зургадугаар ангийн сурагчид хамгийн том ах эгч нар нь байсан байгаа юм. Түүнчлэн энэ сургуулийн зургаа дахь төгсөлт гэсэн үг. Зургаагийн тоогоор нөхөрлөсөн тэд эл сургуульд 62-уулаа элсэн оржээ. Эдгээр балчируудыг тэр үед дээд ангийн ах эгч нараас эхлэн багш нар нь хүртэл алган дээрээ тосон хүмүүжүүлжээ. Анги даасан багш нь З.Цэрмаа. Ангиараа математикийн хичээл сонирхон судалж, амьдралынхаа зам мөр болгоход нь түлхэц болсон хүн нь тэр. Сайн багш нарынхаа буянд ангиараа хичээлийн хорхойтнууд болсон талаар С.Жамьянсүрэн ярив. 1953 оны хавар. Зөвлөлтийн агуу удирдагч Сталин нас барлаа гэх мэдээ дуулдсан. Цагт хэдхэн шавар байшинд төвхнөж байсан Б.Элдэв-Очирын нэрэмжит сургууль буурь сэлгэлээ. Нүүх нүүхдээ Завхан аймгийн Улиастай хотын төвд байрлах Хорлоо инженерийн барьсан хоёр давхар “Цагаан ордон”-д оржээ. Аймгийн хамгийн том барилгад сургууль нь нүүж очсон тэр он цаг С.Жамьянсүрэнд тод мөрөө үлдээжээ. Тэрээр энэ цаг үеийн талаар тэмдэглэсэн ангийн хөвгүүн Ц.Цэндээхүүгийн бичвэрийг гаргаж үзүүлсэн юм. Тэнд “Хоёр шургааг сугавчлаад Жавхлант толгойн шилээр цуварцгааж байлаа. Тэр жил боломж муу байснаас сургууль маань цэлгэр том хашаандаа олон гэр ярайлгаж барьсан. Дотуур байрны бид өнгөлсөн эсгий цавган дээр зулцгааж байсан ч ор дэвсгэрээ хаяагаар тэг дөрвөлжин засч, цэвэр нямбай сууцгаадаг байв. Булан талхны яриа ихтэй, Гүррагчаа, Гэлэгбал, Шаалав бид нэг дор бөөрөө нийлүүлж унтацгаана. Ильичийн гэрэл түгж чадаагүй учир аймгийн төв лаагаар орлуулж байв. Лааны гал алдсанаас байрны гэрүүдээс Сантмаргацынхан голдуу байдаг хамгийн шинэ гэр нэгэн шөнө шатчихаж билээ. Хүүхдүүд нь гэмтэлгүй зүгээр, сургуулиас шинель, цэрэг маягийн хувцас иж бүрнээр нь юм хумаа шатаасан хүүхдүүдэд олгосон” гэж тэмдэглэжээ. Сургуулийн сурагчдад байрны гэрүүдийн дэргэд юм юм нь гял цал болсон хоёр давхар шинэ барилга сүндэрлэх нь тун чиг содон байсан нь тодорхой. Эрс ялгаатай хоёр дүр зураг нийгмийн шинэчлэлийн дохиог тэд анх тэр үед мэдэрсэн биз ээ. Сонирхуулахад 1940, 50-иад оны эрэгтэй сурагчид хөх өнгийн дээл, түнжгэр толгойгоор ижилсдэг байж. Харин охид нь хошмоготой ногоон дээл, хоёр салаа гэзгээ өнгийн туузаар гоёж сургуульдаа очдог байжээ.

Бид цай оочлонгоо С.Жамьянсүрэн гуайгаас сурагч үеийнх нь сонирхолтой түүхүүдийг нь яриуллаа. Тэрээр “Биднийг зургадугаар ангид байхад болсон үйл явдал. Газар зүйн багш Төмөрсүх сурагчдын гал тогоонд дежур багшаар ажиллаж байхад манай ангийн Гомбожав гал тогоонд юм идээд сууж байсан байгаа юм. Тэгээд багш “Чи наадах тэшүүрээ надад өгөөч. Би гол дээр очиж гулгаж байгаад өгье” гэж л дээ. Тэгтэл мань Гомбожав “Та яасан хачин багш вэ. Өчнөөн их цалинтай байж тэшүүр дэлгүүрээс худалдаад аваач. Надаас авах гээд байх юм” гэж томорсон байгаа юм. Та нар шиг сахилгагүй сурагчид энд тэнд хамаагүй шээгээд тэрний торгуульд өгөөд цалин маань хүрэлцэхгүй байна гэж багш тэр үед егөөдсөн л дөө. Гоёо маань тийм их зүрхтэй, эрээ цээргүй, нүүрэмгий шогч эр байж билээ гэж одоо бодож инээж суудаг юм. Гоёо бид хоёрын бас нэг түүх байдаг юм. Долдугаар ангид байсан санагдаж байна. Манай гоёо сэргэлэн, овжин, шооч хүүхэд байсан. Сурагч байхдаа хоолонд нугасгүй. Байнга л хоол асууж явна. Биднийг сурагч байх үед гал тогоонд ээлжилж жижүүр хийлгэдэг байсан. Бас нэг сонирхолтой зүйл нь сурагчид бүрээн дуунаар жагсаж хоолонд ордог байв. Намар сонгуулийн өдөр би гал тогооны дежур хийж таарсан юм. Урьд орой нь Гомбосүрэн нэг л зүйлийг үнэн сэтгэлээсээ захиж хэлье, маргааш өглөө найз нь хоол дахимаар байна аа гээд болдоггүй. Өглөө нь аз болж сонгуулийн өдөрт зориулаад зүсэм талх, элсэн чихэр, цагаан тостой өглөөний цай угтав. Мань хашир ч өглөө хамгийн эрт ирэхээр нь өгөөд явууллаа. Бүрээн дууны хамгийн эхний дараалалд ирсэн шүү бүр. Хүүхдүүд өглөө хоолондоо ороод бараг дундаа ороход Гоёо дахин ороод ирлээ. Дахиад л өглөө. Одоо ч болсон байх аа хэмээн бодож байтал хамгийн сүүлд гэмгүй царайлан сээмийтэл дахиад ороод ирдэг байгаа. Дахиад л нөгөөдөхөө өглөө. Өдрийн хоолонд ч дахиад дахисан юм даг. Орой нь ажлаа дуусгаад Чүлтэм тогоочтой тооцоо хийхэд нэг бүтэн талх дутаж мань хүнээр зэмлүүлж билээ. Үүнийг далимдуулан нэлээд хүүхэд өглөөний талхыг дахисан учраас дутсан нь илэрхий болсон. Байрны сурагчид тэгж л өлсдөг байлаа. Голдуу шар будаа л иддэг байсан даа” гээд хөгжилтэй инээв.

1956 оны намар. Зочин анги маань наймдугаар ангид дэвшихэд Завхан аймгийн Нөмрөг, Тосонцэнгэлийн сургуулиас 20 шахам охид, хөвгүүд ирж элсэн суралцжээ. Тэдгээр хүүхдүүд Улиастайн довон дээр сурч, хүмүүжин, өсөцгөөсөн гэнэ. Гэвч ангид хот хөдөөгийн ялгаа ер гардаггүй байж. Нэг зорилготой нэгдмэл анги болжээ. Одоо ч ангийнхан уулзалдаж, хамт олноороо хуучин цагаа дурсдаг байна. Хорвоогийн жам ёсоор ангийн 62 сурагчаас 18 нь л өдгөө эрүүл энх, түвшин амгалан аж төрж байгаа гэнэ.

Эл ангийнхнаас төрсөн төрийн соёрхолтууд, гавьяат, эрдэмтэд, профессоруудын дийлэнх нь оюуны чадавхтай хүмүүс. Тэд Завхан аймгийн Нөмрөг, Түдэвтэй, Цэцэн Уул, Яруу зэрэг хойд сумдаас гаралтай гэнэ. Б.Элдэв-Очир мөн л Нөмрөг сумынх ажээ. Тэр утгаараа ч тэр үү, эл ангийнхан хичээлээс холддоггүй онцгой зуршилтай байж. Энэ талаараа С.Жамьянсүрэн “Тухайн үед зурагт, радио гэх мэт анхаарал сарниулах зүйл байсан биш дээ. Хааяа л нэг нэгдсэн журмаар кино үзнэ. Жилд хоёр, гурван удаа л үзүүлнэ. Ганц хийдэг зүйл нь хичээл, ном л байсан. Тэр үеийн багш нартаа талархаж явдаг. Хосгүй сайн багш нарын гар дээр очсон учраас бидний сурах идэвх тэр хэрээрээ өндөр байлаа. Климов гээд багш орос хэлний ганц нэг үг цээжлүүлдэг. Гэхдээ хөдөөний хүүхдүүд бид тийм ч сайн сурч чадаагүй” хэмээн ярилаа. Үргэлжлүүлэн тэрээр “Биднийг есдүгээр ангид байхад багшаар МУИС-ийн тоо физикийн анги төгссөн, физикийн мэргэжлээр өндөр мэргэшсэн, заах арга сайтай бидэнд мэдлэг олгохын тулд үнэхээр хичээж, зүтгэл гарган ажилладаг багш Баатар ирлээ. 1957 оны тавдугаар сард санагдаж байна. Сургуулийн хичээлийн байр улаан туйпуу байшингийн урд талд Баатар багшийн маань улаан өнгийн унадаг дугуй харагдана. Тэр үед Оросын унадаг дугуй нэлээд ховор байсан. Бэл бэнчин сайтай сэхээтнүүд л ганц нэг унадаг байлаа. Гэтэл манай ангийн сурагч Гэрбиш багшийн дугуйг нууцаар унаад алга боллоо. Багш гарч ирсэн унадаг дугуй нь байхгүй. Тэгсэн мань Гэрбиш дугуйг нь уначихсан чанх урдаас нь гараад ирдэг байгаа. Би ч айгаад таг дуугүй зогсчихсон. Тэгсэн л Баатар багш чангаар “хар хулгайч аа. Хэлээд унахгүй яасан юм бэ” гэж хэлэх нь надад хагас дутуу сонсогдсон доо. Гэрбиш тэр дороо “сүүлээ хавчаад” зугтсан санагдана. Одоогийнхоор бол хэт айснаасаа болж зүрх нь зогсчих дөхсөн дөө, хөөрхий. Хүүхэд нас аа гэж. Аль зүггүйтэхийг тэр гэх вэ дээ” гэж хэлээд зургийн цомгийнхоо урагдаж муудсан сурагч үеийнхээ зургийг илбээд дурсамжаа үргэлжлүүллээ.

1958 оны хавар. Төө орох зайгүй эвсэг эл ангийнхан цаг хугацааны жимээр тарсан будаа шиг цацран оджээ. Бахархууштай нь тэд бүгд дээд сургуульд элсэн орсон. Арга ч үгүй биз. Хичээлийн хэнээтэй гэмээр энэ ангийнхан математик, биологи, физикийн талаар ам булаалдан мэтгэлцэж, тухайн үеийн хүмүүсийн төдий л мэдэхгүй ДНХ, капитализмын талаарх мэдлэгээрээ уралдаж явжээ. Ангийн арав гаруй сурагч гадаад руу явж их сургуульд суралцсан гэдгийг онцлох хэрэгтэй байх. Тухайлбал, М.Мэрэгшир Москва хотын төмөр замын дээд сургууль, Г.Нямжав Москвагийн ХАА-н инженерийн академи, И.Гүррагчаа Москвагийн авто замын дээд сургууль, Ц.Жанчив Ломносовын их сургууль гээд тоочоод байвал урт дараалал үүснэ.

Эл ангиас Монгол Улсын гавьяат хоёр, Монгол Улсын төрийн соёрхолт хоёр, Академич нэг, Шинжлэх ухааны доктор гурав, Дэд докторууд ес, Профессор цолтон арав, Ардын их хурлын депутат хоёр, Монгол Улсын шинэ үндсэн хууль батлалцсан депутат нэг, спортын цолтон дөрөв гээд л дурдаад байвал дуусахгүй их. Гавьяа шагналыг нь цааш үргэлжлүүлбэл, Алтангадас одон 18, Хөдөлмөрийн хүндэт медаль 14, Салбарын тэргүүний ажилтан 28 гээд л цааш үргэлжилнэ. Түүнчлэн олон улсын шагналаар шагнагдсан дөрвөн сурагч байдаг аж. Ангийн Ц.Жанчив, дэлхийн шилдэг 100 эрдэмтдийн жагсаалтад орсон, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн захирал. Б.Бурмаа Герман Улсын физик, математикийн ухааны доктор, МУИС-ийн хүндэт профессор. Ц.Цэндээхүү МУИС-ийн биологийн факультетийн ургамал, судлалын тэнхимд 40 гаруй жил ажилласан, Биологийн ШУ-ны доктор. Ш.Гэрбиш МУИС-ийн цөмийн судалгааны төвийн секторын эрхлэгч, Дубнагийн олон улсын цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн инженер, тасгийн эрхлэгч, Нью-Йоркийн академийн гишүүн. И.Гүррагчаа Монголын зам гүүрийг хөгжүүлэх үйлсэд гавьяа байгуулсан, Монгол Улсын төрийн соёрхолт инженер, Монголын Хүндэт замчин. Я.Бадрал Дархан дахь ургамал газар тариалангийн, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн секторын эрхлэгч, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор. Ч.Бямбаа ШУА-ийн Физик, техникийн хүрээлэнгийн соронзон судлалын тасгийн эрхлэгч, солир судлагч, доктор. Г.Нямжав инженер нийтлэлч, нийгэм улс төрийн ахмад ажилтан. Д.Цагаандорж Эрдэнэт үйлдвэрийг байгуулахад илгээлтээр ажилласан анхны монгол инженер гээд л маш олон алдартай эрдэмтэн судлаачид төрөн гарчээ. Зах цухаас нь дурдахад ийм байна. Улс орондоо хийж бүтээх насандаа зүтгэж, хөгжилд нэмэр болсон буурлууд минь өтөл цагтаа ч зүгээр суулгүй хойч үеэ бэлдэх ариун цагаан мөрийг гаргаж явна.

Б.АМАРТҮВШИН

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан

“Алтан гадас”-тай ангийнхан

Улаанбаатар хотын Салваидор Алендогийн нэрэмжит анагаах ухааны “Соёлч” дунд сургуулийн 1969 оны төгсөгчид энэ удаагийн “Нэг ангийнхан” буланд зочиллоо. Тухайн үед уг сургуулийг “Хүн эмнэлгийн техникум” хэмээн нэрлэдэг байж. Өдгөө Сувилахуйн сургууль нэртэй болжээ.

1965 онд тус ангид 13 хөвгүүн 20 охин элсэж байжээ. Хичээл сурлага, урлаг спорт болоод улсын ажилд нэн тэргүүнд оролцдог байв. Шинэхэн оюутнууд ургац хураахаар Сэлэнгэ аймгийн Цагаантолгойн сангийн аж ахуй Мөнхтолгойн Энх тал тасагт хуваарилагджээ. Энэ талаар Л.Сосорбарам “Бид тал бүрээс цугларсан учраас бие биенээ таньдаггүй байлаа. Гурван сарын турш сангийн аж ахуйд ажиллаж ижил дасал болсон юм. Л.Түдэвийн “Хорвоотой танилцсан түүх” гэдэг шиг анх очиж байхад ногоог ч олигтой мэддэггүй байв. Оюутнууд ногоотой хоол өгөхөөр ургацын далай гэж нэрлээд их дурамжхан. Харин гэрээсээ ирсэн тал талхыг ч болов хуваагаад л идчихдэг. Тийм л дотно болчихсон байсан юм. Өнөөх хүнс маань дуусахад аргагүй эрхэнд бид ногоотой хоол идэж сурсан даа. Даахын аргагүй модон хүрз бариад ажиллахдаа өлсөхөө ч мартчихна. Талбай дээр бид, хоёр ээлжээр ажилладаг байлаа” хэмээн ярьсан юм. Тэд анхны намрын ажлаараа стипентээ авч байжээ. Тухайн үед Лувсангомбо багш маань хүүхэд бүрт 180 төгрөг өгсөн юм. Бид оройн үдэшлэг дээр бүжиглэхээсээ илүү нөгөө мөнгөө байн байн гаргаад л тоолно. Стипент авсан хүүхдүүд ажилдаа шамдсаар нэг л мэдэхэд бидний буцах цаг болсон хэмээн ярьж байв.

Аравдугаар сарын эхээр оюутнууд цэргүүдэд ажлаа хүлээлгэн өгдөг байж. Анхны намрын ажил дуусаад хот руу ирэхдээ ямар зам туулж байснаа тэд дурссан юм. Цас орохоос өмнө буцах байсан оюутнууд замдаа их хэмжээний цаснаас болж машин нь цасанд сууж арай хийн Дарханд очсон гэнэ. Тэр үед машины тэвшин дэх пүүгээнийхээ модон хайрцган дээр суугаад явж байлаа. Дарханаас биднийг цонхгүй таваарын вагоноор хот руу авчирч байсан. Улаанбаатарын вокзал дээр буулгаад “За та нар өнөөдөр амраад маргааш өглөө сургууль дээрээ ирээрэй” гэдэг юм. Манай ангид Увс, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгээс хүүхдүүд ирнэ. Зүүн аймгийн хүүхдүүд Дорноговийн Анагаах ухааны дунд сургуульд очиж суралцдаг. Тухайн үед биднийг намрын ажлаа дуусгаад хотод очиход аймгийнхаа төвийг ч үзээгүй хүүхдүүд Улаанбаатарт ирж байсан. Сумын дунд сургуулиасаа шууд Улаанбаатарт ирдэг байлаа шүү дээ. Манай ангийг анх математикийн багш Банзрагч хүлээн авч байлаа. Тэр багш маань шилжээд Дэмбэрэл багш биднийг төгсгөсөн. Бид хичээл ихтэй. Олон цагаар номын санд сууна. Мэргэжлээ сонгосон л бол маш сайн мэргэжилтэн болох гэж зүтгэдэг байсан хэмээн ярьсан юм. Бид хичээлдээ ч, ажилдаа ч шамдан суралцдаг байсан. Намрын ажилд оролцоогүй хүн тааруухан л нэгэн болж таардаг байсан. Тиймээс бидний чухал ажлын нэг намрын ажил маань байсан гэж ангийнхан ярьж байлаа. Тухайн үед Цэцэрлэгийн техникум, Худалдааны техникум, Анагаахын дунд сургууль охид ихтэй байсан гэнэ. Тухайн үеийн 065 дугаар холбооны ангийн цэргүүдтэй тус сургуулиуд уулзалт зохион байгуулдаг байжээ.

Цэргийн ангийн дарга нар охидуудыг нь ирж хүлээж авна. Цэргүүдтэйгээ хоолонд оруулна, бүжиглүүлдэг байж. Тэр үеэр ангийн охин С.Нарантуяа нь цэргийн ахлагч Н.Баасттай танилцаж гэр бүл болжээ. Ж.Эрэнбуу нь ганцаараа гурван жилийн цэргийн алба хаасан гэнэ. Цэргээс халагдахад нь ангийн охин Ч.Аривдаа шинэ шар дурдан бүс, цагаан шляпан малгай, орос хромтой очиж байсан гэдэг. Хамгийн ганган цэрэг халагдаж байлаа гэж ярьдаг юм. Энэхүү анги маань Анагаахын дунд сургуулийн 40 жилийн ойгоор төгсч байжээ. Төгсөөд бүгд сум, сум руугаа хуваарилагдаад очсон аж. Анх бүгд нутагтаа очоод дуудлаганд явах болоход сумын эмнэлэгт машин гэж байдаггүй байсан хэмээн ярьсан юм. Бид дөнгөж төгсөөд оччихсон арван хэдэн настай хүүхдүүд байлаа. Тухайн үед мотоцикль, тракторын толгой, морь, тэмээгээр явж, дуудлага өгсөн айлдаа очно. Говь тийшээ трактор ч гэж байдаггүй хэмээн тэрхүү цаг үеийнхээ талаар дурсан ярьсан юм. Техникумаа төгсөөд энэ ангиас Л.Сосорбарам, Г.Жаргал, С.Балжин, Б.Санждамба, Ж.Эрэнбүү нар нь Анагаах ухааны их сургуульд элсэн мэргэжлээ дээшлүүлжээ. Харин Б.Нинж эдийн засагчаар, М.Батаев Оросод цэргийн сургууль төгсчээ.

Ангиас М.Батаев, Д.Сэвжидмаа хоёр гэр бүл болжээ. М.Батаев нь хоёр жилийн өмнө гавьяат цол хүртсэн аж. Манай ангиас төрсөн ганц хос нь хэмээн хэлж байв. Ангийнхан төгсөөд тал тал тийшээ салаад алга болчихолгүй захидлаар мэнд усаа мэдэлцдэг байж. Хол сумдад ажилладаг байсан учраас тэд захидлаа хүлээн шуудан ирэхэд тосч гүйдэг байсан гэнэ. Шуудан улсын хэмжээгээр мягмар, баасан гаригт ирдэг байжээ. Тус ангийнхан ихэнх нь ажлын гарагаа эхэлсэн газраасаа гавьяаны амралтандаа гарсан нь бас нэгэн онцлог юм. Д.Цэрэнханд нь дөнгөж сургууль төгсөөд нийслэл хотын түргэн тусламжид ажилласаар тэтгэвэртээ гарсан байна. Мөн Д.Сэвжидмаа нь эх баригч эмчээр ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан аж. Г.Уртнасан нь сургуулиа төгсч Говь-Алтай аймгийн Хөх морьт сумандаа 40 гаруй жил ажиллаж байгаад тэтгэвэрт суусан байна. Тэрээр 8520 гаруй хүүхэд эх барьж авчээ. Харин Б.Базаррагчаа Улсын Нэгдүгээр төрөхөд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан байна. Ч.Аривдаа нь Ховдын Булганд очоод тэндээ насаараа ажиллажээ. Ангийн охидын тал нь алдарт эхийн одонтой хэмээв.

Мөн тэд багш нарынхаа талаар дурсахдаа өдий зэрэгтэй эмч болоход багш нарын минь ач их байсан. Тухайн үед Гипил, эх барих эмэгтэйчүүдийн эмч Дэмид, Наваансандан, Дамдин, хүүхдийн эмч Дуламсүрэн, арьс өнгөний эмч Эрдэнэсан зэрэг багш нар хичээл зааж байв.

Тус ангиас Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Г.Уртнасан, Л.Сосорбарам, Ж.Эрэнбуу нар шагнагджээ. Ажилсаг ангийнхан ангиараа “Алтан гадас” одонгоор шагнуулсан нь бас нэгэн бахархал хэмээн ярьсан юм. Харамсалтай нь тэдний ихэнх нь ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Үлдсэн хэд нь гавьяаны амралтдаа гарсан байна. “Алтан гадас”-тай ангийнхан ирэх онд төрөлх сургуулийнхаа 90 жилийн ойгоор 50 жилийн дараа уулзалдах гэнэ.