Categories
арын-нүүр баннер их-уншсан нүүр-хуудасны-баннер-1 онцлох-нийтлэл томилолт туслах-ангилал улс-төр эрэн-сурвалжлах ярилцлага

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуулганд үг хэллээ DNN.mn

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүхэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын ард иргэд ээ,

УИХ-ын дарга, Ерөнхий сайд, эрхэм төрийн түшээд ээ,

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Та бүхэнд анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Чин зоригт, эх оронч өвөг дээдсийн баатарлаг тэмцлийн үр дүнд 1911 оны Цагаагчин гахай жил Үндэсний эрх чөлөөний хувьсгал гарч, туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн монголын ард түмний чинхүү хүсэл тэмүүлэл биеллээ олж, улмаар тусгаар тогтнолоо бататган бэхжүүлэх Ардын хувьсгалын үндэс суурийг тавьсан түүхтэй билээ.

Энэхүү түүхэн үйл хэрэг бол ноёд язгууртан, лам хувраг, эгэл ард бүх нийтээрээ эх оронч үзлээр эвлэлдэн нэгдсэн үндэсний эв нэгдлийн хүч байсан юм.

Тусгаар тогтнолын төлөөх мохошгүй тэмцэл 13 жилийн туршид зогсолтгүй үргэлжилсний үр дүнд 1921 оны 7 дугаар сарын 11-нд Ардын хувьсгал ялж, хожим 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр буюу Монгол Улсын 14 дүгээр оны модон хулгана жилийн өвлийн дунд сард монгол түмний хувь заяаг эргүүлсэн XX зууны нэгэн сод үйл явдал болсон нь Улсын анхдугаар Их Хурал хуралдаж, Үндсэн Хуулийг батлан, Бүгд Найрамдах засгийг дэлхий дахинд тунхаглан зарласан явдал билээ.

Богд хаант Монгол Улсын үеэс Үндсэн хуулийг боловсруулан батлах бодлогыг хэрэгжүүлж байсан бөгөөд 1914 онд Монгол Улсын Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн даалгавраар Үндсэн хуулийн төслийг боловсруулах ажлыг эхлүүлж байсан түүхтэй.

Энэхүү ажлын хүрээнд Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн тушаалаар эрдэмтэн Жамсрангийн Цэвээн 1914-1915 онд дэлхийн улс орнууд, түүн дотроо өрнөдийн улс орнуудын хууль эрх зүй, төрийн байгууламж, засгийн хэлбэр, улс тус бүрийн онцлогийг үндсэн хуулиар хэрхэн зохицуулж буй харилцааг судалж “Улсын эрх” хэмээх бүтээлийг туурвисан байдаг.

Тэрбээр Герман, Австри-Венгер, Англи, Итали, Бельги, Голланд, Дани, Швейцар, Испани, Португал, Орос, Япон зэрэг улс орны Үндсэн хууль, Үндсэн хуулийн эрх зүйг судалж байсан нь анхдугаар Үндсэн хуулийг боловсруулах үндэс суурь, чухал алхам болсон төдийгүй эдүгээ ч үнэ цэнээ алдаагүй байна.

Хожим 1921 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Ардын түр Засгийн газрыг байгуулсан тогтоол, Засгийн газрын 1921 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолуудад Үндсэн хууль боловсруулах тухай тус тус заасан байдаг.

Мөн 1922 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Засгийн газрын XXI хурлаас Хууль цаазыг зохиох тухай шийдвэрийг гаргаж, урьдын Автономит Засгийн үед зохион төлөвлөж байсан хууль зүйлийн бичгүүдээс авах гээхийг ялган салгаж, Европын олон улсын хууль дүрмийг харгалзан шинэчлэн зохиох комиссыг Шүүх яамны Тэргүүн сайд Магсаржаваар ахлуулан байгуулсан бөгөөд тус комиссыг 8 сар орчим ажиллуулаад үзэл баримтлалын зөрүү гарсан хэмээн үзэж татан буулгасан байна. Энэ хугацаанд уг комисс  дэлхийн улсуудын Үндсэн хуулиуд болох Америк, Англи, Бельги, Голланд, Япон, Зөвлөлт Орос Улсын Үндсэн хуулиудыг орчуулан бэлтгэх зэрэг олон ажлыг хийсэн байжээ.

Түүний дараагаар 1924 оны 9 дүгээр сард Ардын Засгийн газрын Ерөнхий сайд Б.Цэрэндоржоор ахлуулсан Үндсэн хууль боловсруулах комиссыг байгуулан ажиллуулсан байна.

Шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулах, батлах үйл явцад тухай үеийн Зөвлөлт Орос Улс, Коминтерны нөлөө, түүний төлөөлөгч Элбэгдорж Ринчино,  Турар Рыскулов зэрэг хүний шахалт, дарамт орсон нь үнэн хэдий ч анхдугаар Үндсэн хууль бүхэлдээ манай ард түмэн, засаг төрийн бодлогын тусгал болон батлагдсан хэмээн эрдэмтэн судлаачид үздэг билээ.

Эдгээр түүхэн баримтуудаас дүгнэн үзвэл анхдугаар Үндсэн хуулийг Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн төсөлд тулгуурлан, Ерөнхий сайд Д.Бодоо, Жамсрангийн Цэвээн нарын санал, төслийг харгалзан үзэж, тухайн үеийн хувьсгалын удирдагчдын манлайлал дор боловсруулсан болох нь тод харагдаж байдаг.

Эрхэм хүндэт нөхөд өө,

Хүний нийгмийн хөгжил гурван цагийн алтан хэлхээ, амьд шүтэлцээнд үргэлжилдэг. Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй билээ.

Өнгөрснийг үнэлж дүгнэхдээ эдүгээчлэх, нам, улс төр, хувь хүний үзэмжээр хандах, засварлах, гоёчлох, туйлшрах, эсхүл ердөө л бусдад таалагдах үүднээс хандах зэрэг нь нэн осолтойг бид бодууштай.

Буруу замаар орж будилах, алдахын эхлэл чухамхүү эндээс үүддэг гэдгийг өнөө цагийн төрийн түшээд, төрийн албан хаагчид ямагт санаж явах учиртай.

Түүхэн үйл явдлыг тухайн цаг үеийнх нь нөхцөл байдал, онцлог, шалтгаан хийгээд үр дагавар, зайлшгүй ба санамсаргүйн хэлхээ холбоонд авч үзэх нь хамгийн зөв зарчим, арга зүй мөн билээ.

Чухам энэ зарчмаар анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг бид дүгнэн цэгнэх ёстой.

XX зууны эхэн үеийн дэлхий дахины улс төр, геополитикийн нөхцөл байдал, ялангуяа манай хоёр хөршийн зүгээс Монгол Улсын тусгаар байдалд хандах хандлага ихээхэн ээдрээ төвөгтэй байлаа.

Монголын эрх баригчид Зөвлөлт, Хятадын удирдагчидтай уулзахдаа Монгол Улс тусгаар байдлаа ямагт хадгалах бөгөөд Дундад Иргэн Улсын нэг хэсэг болохыг хэзээ ч, хэрхэвч зөвшөөрөхгүй гэдгээ хоёрдмол утгагүйгээр, итгэл төгс эрс шийдэмгий илэрхийлж байсан нь түүхэн үнэн юм. Түүх түүхээрээ л үлддэг.

Ийм эгзэгтэй цаг үед Монгол төрийн удирдагч, зүтгэлтнүүд улс төр, дипломатын уран хурц нүүдэл хийж, тусгаар тогтнолоо баталгаажуулан, улс гэрээ мандуулах арга эвийг эрэлхийлж, энэхүү эрхэм зорилгоо алхам алхмаар бататгасаар байсныг түүх гэрчилдэг.

Дамдины Сүхбаатар, Догсомын Бодоо, Солийн Данзан, Дансранбилэгийн Догсом, Догсомын Лосол, Дамбын Чагдаржав, Хорлоогийн Чойбалсан нарын зоригт хөвгүүд Ардын намыг анх байгуулж, улмаар эх оронч бүх хүчнийг тэмцэлд уриалан дуудаж, Ардын хувьсгалыг ялалтад хүргэсэн нь өөрийн газар нутагтаа эзэн суух гэсэн монголчуудын чин хүслийн биелэл, мөнх тэнгэрийн таалал байлаа.

Гэвч энэ бол их зохиолч Д.Нацагдоржийн өгүүлсэнчлэн “зөвхөн нарыг хэвээр үлдээж, хуучны хэв ёсыг үндсээр нь эвдэх” их өөрчлөлтийн эхлэл байв.

Хуучныг халж, шинэ засаг төрийг эмхлэн байгуулна гэдэг амар бүтэх ажил биш байлаа.

Дэлхийн аль ч улсын түүхэнд ноёрхогч байсан анги сайн дураараа эрх мэдлээсээ татгалзаж байсан түүх байдаггүй. Харин цус урсгасан олон жилийн ширүүн тэмцэл, иргэний дайнаар шийдэгдсэн гашуун түүх, сургамж цөөнгүй бий.

Харин тухайн үеийн манай нам, төрийн зүтгэлтнүүд иргэний дайнд хүргэлгүйгээр “чадвал зөөлөн, ядвал хатуу аргаар бошгыг халах бат журмаар үйлдэнэ” хэмээн түмэн олонд тунхаглан зарлаж, аль болох тайван замаар засаг төрийн эрхийг шилжүүлэхийг хичээсэн нь туйлын ухаалаг бодлого байсан юм.

Нийслэл хүрээг чөлөөлсний дараа Богд хаантай тангаргийн гэрээ байгуулж, төрийн нүсэр албыг Ардын Засгийн газарт, түмэн олон, лам хувраг, шашны хэргийг хэмжээт эрхт хаанд үүрүүлэхээр тохиролцож чадсаны хүчинд 1921-1924 онд томоохон ардчилсан өөрчлөлтүүдийг харьцангуй тайван аргаар хэрэгжүүлсэн юм.

Мөн Ардын Засгийн газар 1923 оны нэгдүгээр сард “Нутгийн захиргааны дүрэм” хэмээх Үндсэн хуулийн шинжтэй баримт бичгийг баталж, нутгийн захиргааг 10 гэр, баг, сум, отог, хошуу, аймаг гэсэн бүтэцтэй болгож, тус бүрд хурал байгуулах, угсаа залгамжлах ёсыг устгаж, аливаа тушаалтныг сонгуулийн журмаар тавих болсон нь одоогийн хэллэгээр эрх зүйн шинэтгэлийн эхлэл болсон юм.

Дээр дурдсан олон чухал арга хэмжээг Ардын Засгийн газар 1921-1924 онд авч хэрэгжүүлж чадаагүй байсан бол Улсын анхдугаар Их Хурлыг зарлан хуралдуулж, анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах засгийг тунхаглан зарлах нөхцөл бүрдэхгүй байсан хэмээн судлаачид дүгнэн үздэг юм.

Эрхэм төрийн түшээд ээ,

Ардын Засаг анхдугаар Үндсэн хуулийг хэлэлцэн батлах Улсын анхдугаар Их Хурлын төлөөлөгчдийг жинхэнэ ардчилсан зарчмаар сонгох, тэдгээрийн бүрэлдэхүүнд халх дөрвөн аймаг, их шавь болон дөрвөд, казах, буриад, алтайн ба Хөвсгөлийн урианхай, Ховдын тариачин хошуу зэрэг ястан угсаатны төлөөллийг заавал оролцуулахад онцгой анхаарч, багагүй хугацаа зарцуулжээ.

Шат шатны хурлын үр дүнгээр, өндөр босгыг давж сонгогдсон төлөөлөгчид Их Хурлын ажилд туйлын идэвхтэй оролцсон бөгөөд төрөө дээдлэх ёс, түмнээ төлөөлөх хариуцлагыг гүнээ ухамсарлан хорин өдөр амралтгүй хуралдан, их үйлсийг бүтээсэн түүхийг өнөөдөр ч эрхэм гишүүд Та бүхэн гүнзгийрүүлэн судлах нь зүйтэй.

Үндсэн хуулийн төслийг Ерөнхий сайд Цэрэндорж 1924 оны 11 дүгээр сарын 25-нд танилцуулж, 77 төлөөлөгч хоёр өдөр зүйл тус бүрээр хэлэлцэн Улсын анхдугаар Их Хурлаар буюу 1924 оны 11 дүгээр сарын 26-ны үдийн хойно 4 цаг 17 минутад 6 бүлэг, 50 зүйл бүхий Үндсэн хуулийг баталж байсан түүхтэй.

Энэ бол төрт ёсны өнө эртний түүхтэй монголчууд бидний хувьд анх удаа бичмэл Үндсэн хуультай болсон гайхамшигт үйл явдал байлаа.

Анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдол, өнөөгийн бидний амьдралд хэрхэн уялдаж буй талаар цөөн хэдэн зүйлээр тэмдэглэн хэлье.

Үүнд:

Нэгдүгээрт, Анхдугаар Үндсэн хуулиар улс орныхоо бүрэн эрхт байдлыг тунхаглан зарлаж, эдийн засаг, аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадлыг бататган бэхжүүлэх эхлэлийг тавьж чадсан юм.

Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлд “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн Эрхт Ард Улс” хэмээж улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэхээр заан, “1921 оны хувьсгалаас өмнө монголын эрх баригчдын гадаадтай байгуулсан гэрээ бичгүүд, зээлсэн мөнгө, өр төлбөр бол гадаадаас хүчирхэн хүлээлгэсэн болох тул цөмийг устгасанд тооцно, мөн гадаад улсуудтай харилцах, улс төрийн ба худалдааны гэрээ бичиг тогтоох, концесс ба монополын эрх олгох, устгах, улсын хил хязгаарыг өөрчлөх, байлдах, найрамдах, цэргийн хүчнийг байрлуулах зэрэг явдлыг улсын дээд эрхийг барих газруудын эрхлэн шийтгэх зүйлс мөн” хэмээн тогтоохын зэрэгцээ, Анхдугаар Үндсэн хуулийн оршил хэсэгт “Богд хааны тамгыг Засгийн газар шилжүүлэн залж хадгалах, Хаант Засгийг халж, цаашид Бүгд Найрамдах Засгийг тогтоон Да жунтан гэдэг ерөнхий даргыг сонгохгүй улсын бүх дээд эрхийг Улсын Их Хурал ба мөн Хурлаар сонгогдсон Засгийн газар хадгалах”-аар заасан байдаг.

Мөн улсын аж ахуй ба эдийн засгийн бодлогыг чухалчлан үзэж байсан бөгөөд Үндсэн хуульд улсын орлого, зарлагыг төсөвлөсөн дансанд нэгтгэж, улсын төсвийг үр ашигтай захиран зарцуулах хатуу чанд сахилгыг тогтоож өгсөн байна.

Түүнчлэн улс орноо батлан хамгаалах өөрийн гэсэн хүчнийг буй болгохыг зорьж Үндсэн хуулиар тогтоож байсан нь өнөөгийн Үндсэн хуульд “Монгол Улс өөрийгөө хамгаалах Зэвсэгт хүчинтэй байна” хэмээх заалтаар уламжлагдан хэрэгжиж ирснээс харж болно.

Хоёрдугаарт, Анхдугаар Үндсэн хуулийн бас нэгэн томоохон ололт нь анх удаа хүний эрх, эрх чөлөөг тунхаглаж, тэдгээрийг хэрэгжүүлэх арга замыг тогтоож өгсөн явдал юм.

Анхдугаар Үндсэн хуульд “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн эрхтэй Ард Улс хэмээнэ” гэж тунхаглан, ард иргэдийнхээ эрх, эрх чөлөөг баталгаажуулахдаа эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийг хангаж, түүн дотроо эрэгтэй, эмэгтэй хүмүүс адил, тэгш эрхийн үндсэн дээр сонгох, сонгогдохоор заасан нь Ази тивдээ анхдагч ардчилсан Үндсэн хууль болсон юм.

Тэгвэл ардчилсан гэгдэх барууны орнуудаас эмэгтэйчүүдийн сонгуульд оролцох эрхийг 1944 онд Франц, 1948 онд Баруун Герман, 1971 онд Швейцар, 1974 онд Португал, 1975 онд Грек, 1976 онд Испани нээж өгсөн бол анхны бичмэл Үндсэн хуулийг баталсан АНУ хүйсээр үл ялгаварлан эмэгтэй, эрэгтэй хүн адил цалин хөлс авах тухай хуулийг 1963 онд баталж байсан түүхтэй.

Анхдугаар Үндсэн хуулийн дээрх үзэл санаа өнөөгийн парламентад ч тусгалаа олж эмэгтэйчүүдийн парламентад сонгогдох боломжийг нэмэгдүүлэх талаар онцгой анхаарсны үр дүнд 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар 32 эмэгтэй сонгогдож, нийт гишүүний 25 хувийг бүрдүүлсэн нь Ази тивдээ парламент дахь эмэгтэй гишүүдийн төлөөллөөр тэргүүлэх үзүүлэлт болсныг энэхүү түүхэн өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Гуравдугаарт, Үндсэн хууль нэгэнт улс төр, эрх зүйн баримт бичиг болохын хувьд анхдугаар Үндсэн хуулиар Монгол Улсын гадаад бодлого, түүний хэтийн чиглэлийг оновчтой тодорхойлж чадсан.

Тухайн үеийн нам, төрийн удирдагчид гадаад, дотоод улс төрийн нөхцөл байдал улам хүндэрч байсан аянгат цагийн амаргүй, эгзэгтэй үед улс төр, дипломат харилцаанд өчүүхэн боловч алдаа гаргахгүйг хичээж туйлын хянуур болгоомжтой хандан анхдугаар Үндсэн хуульдаа “Бүх дэлхийн жинхэнэ ард түмний зорилго нь одоогийн эзэрхэг хөрөнгөтний байдлыг үндсээр устгаж, нийгэм журамт ба эв хамт ёсыг эрмэлзэх тул бидний жинхэнэ ард улсаас гадаадтай харилцах засгийн бодлогыг бүх дэлхийн бага буурай улс ба хувьсгалт ард түмний ашиг тус, үндсэн зорилготой нийцүүлж явуулбал зохино.

Мөн цагийн байдлыг хянаж, ямар ч гадаад улстай харилцан найрамдаж болох боловч бидний улсын бүрэн эрхэд халдах этгээд бий ахул бүхий л хүчээр эсэргүүцнэ” хэмээн энх тайванч гадаад бодлого явуулахаа дэлхийн улс түмэнд анх удаа зарлан тунхаглаж байсан түүхтэй юм.

Энэхүү бодлого нь эдүгээ ч ач холбогдлоо алдаагүйн дээр Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын эх үндэс болон одоо ч өргөжин бэхжиж байна.

Түүнчлэн тусгаар тогтносон Монгол Улсын бүрэн эрхэд хэн нэгэн этгээд халдах аваас шууд эсэргүүцэн тэмцэнэ, ямар нэгэн буулт, яриа хэлцэл хийхгүй гэдэг жанжин шугамаа тууштай илэрхийлж чадсан байдаг.

Тухайн үеийн түгшүүрийн харанга дэлдсэн эгзэгтэй нөхцөл байдалд адгаж бачуурч, сандарч тэвдэлгүй, хийх алхмуудынхаа ээлж дарааллыг нарийн зөв тооцож, алсыг харсан байр сууриа тодорхойлж чадсан энэхүү гадаад бодлого нь цаг хугацааны олон сорилт, шалгуурыг амжилттай даван туулсан бөгөөд үүнийг Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэн 1961 он хүртэлх түүхэн үйл явдлууд нотлон харуулдаг юм.

Хожим “баруунтан” хэмээн буруутсан тэр үеийн удирдагчид Зөвлөлт Орос Улстай харилцаагаа хөгжүүлэхийн зэрэгцээ Монголыг гадаад гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэх боломжийг эрэлхийлж байсан түүхтэй.

Герман, Англи, Америк, Япон зэрэг орны элчин сайд, дипломат төлөөлөгчидтэй уулзаж, харилцаа тогтоох хүсэлтэйгээ илэрхийлж, Германд Монголын худалдааны төлөөлөгчийн газрыг нээж, Франц, Герман улсад Д.Нацагдорж, Д.Пагмадулам нарын 40 орчим хүүхэд, залуусыг сургахаар илгээсэн зэрэг нь тэрхүү бодлогын тод илрэл юм.

Харамсалтай нь, анхдугаар Үндсэн хуулийнхаа заалтуудыг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэж байсан хүмүүс түүхийн ээдрээ, нугачаатай он жилүүдэд хэлмэгдсэнээр бусад улс оронтой харилцаж, тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх гэсэн оролдлого нэг хэсэгтээ зогссон юм.

Дан ганц Зөвлөлт Орос Улсаар хүлээн зөвшөөрөгдсөн байх нь хангалтгүй, бусад улс оронтой ч хэлэлцээр хийх ёстой, үлгэрлэвээс Швейцар лугаа адил төвийг сахисан улс болохыг эрмэлзэх ёстой гэсэн Жамсрангийн Цэвээн, мөн Монгол Улстай харилцахаас татгалзаагүй л бол дэлхийн бүх оронтой ойртон нөхөрлөх гэсэн Догсомын Бодоо, Балингийн Цэрэндорж, Анандын Амар, Цэрэн-Очирын Дамбадорж, Наваандоржийн Жадамба зэрэг тухайн үеийн нам, төрийн зүтгэлтнүүдийн баримталж байсан байр суурь өнөөгийн Монгол Улсын гурав дахь хөршийн бодлогын үндэс суурийг тухайн үед томьёолж байсан гэж үзэж болох юм.

Дөрөвдүгээрт, Манай улс 1924 онд анхны Үндсэн хуулиа баталснаар Ази тивийн Үндсэн хуультай анхны улсууд болох Япон, Иран, Афганистан зэрэг улстай хамт бичигдэж, Ази тивд Үндсэн хуульт ёсыг хөгжүүлж ирсэн тэргүүлэх улс орнуудын дотор зүй ёсоор багтдаг хэмээн Үндсэн хуулийн эрдэмтэн, судлаачид  дүгнэн үздэг.

Энэхүү анхдугаар Үндсэн хуулийг боловсруулахад Зөвлөлт Орос Улсаас туслалцаа, дэмжлэг авсан нь тухайн үеийн нөхцөл байдлаас үүдсэн бодит үнэн бөгөөд энэ нь нэг талаасаа манай орны эрх зүйн тогтолцоо эх газрын эрх зүйн бүлээс улбаатай болсны нэгэн нотолгоо юм.

Анхдугаар Үндсэн хуулиар Хаант засгийг халж, Бүгд Найрамдах засаглалыг тогтоосон нь манай улсын өнгөрсөн зууны хөгжил дэвшлийн үндэс суурь, өнөөгийн ардчилсан Монгол орны төрийн байгууламжийн үндсэн хэлбэр болон хөгжин бэхжиж байна.

Ийнхүү анхдугаар Үндсэн хууль нь үндсэн хуульт ёсны үзэл санааг түүчээлэн хөгжүүлэх зам мөрийг тавьж, нийгмийн өөрчлөлт, цаг үеийн онцлогийг тусгасан 1940, 1960, 1992 оны Үндсэн хуулиудыг батлан гаргах хөрс суурь болсон байна.

Монгол Улсын анхдугаар болон 1940, 1960 оны Үндсэн хуулиуд нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, төрийн байгууллын тогтолцоог хуульчлан бэхжүүлж ирснээрээ онцгой ач холбогдолтой, нийтлэг шинжтэй бөгөөд тухай цаг үеийн улс орны хөгжил дэвшилд өөр өөрийн түүхэн үүргээ зүй ёсоор биелүүлж ирсэн түүхтэй.

Монгол оронд 1980-аад оны сүүл, 1990-ээд оны эхэнд өрнөсөн ардчилсан өөрчлөлт шинэчлэлтийн үр дүнд монголчууд бид үндэсний язгуур эрх ашиг, ардчилсан үзэл санааны төлөө эвлэлдэн нэгдэж, улс төр, нийгэм, эдийн засаг, оюун санааны шинэ тогтолцоонд шилжиж чадсан нь манай улсын түүхийн бас нэгэн онцгой үйл явдал байсан.

Шинэ Үндсэн хуулийг боловсруулж, ард түмнээр хэлэлцүүлж, баталсан үйл явц нь монголчууд бидний үндэсний их зөвшилцөл, үзэл санааны дэвшил байсан юм.

Ардчилсан шинэ Үндсэн хууль нь Монголын ард түмний амьдралд түүхэн шинэ эргэлт болж, тусгаар тогтнол бүрэн эрхт байдлаа бататган бэхжүүлж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх үндэс суурь болсон билээ.

Энэхүү Үндсэн хуулийн үр дүнд хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, иргэний нийгэм, ардчилсан сонгууль, олон намын тогтолцоо, нутгийн өөрөө удирдах ёс зэрэг ардчилсан нийгмийн үндэс суурийг бэхжүүлж чадсан.

Монгол Улсын үндсэн хуульт ёсны 100 жилийн түүхэн хөгжил нь аливаа эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай байх зарчимд суурилан төр, засгийн эрх мэдлийг Үндсэн хуулиар тогтоож, хүний эрх, эрх чөлөөг хамгаалан баталгаажуулж, эрх зүйт төрийг байгуулахын төлөөх нэгэн зууны нөр их хичээл зүтгэл, эрэл хайгуул, сургамж, туршлага, бидний түүх, өв соёл, үнэт зүйл болсон юм.

Монголын ард түмний Үндсэн хуульт ёсны энэхүү баялаг түүх нь зөвхөн манай ард түмний түүх, өв соёл төдийгүй хүн төрөлхтний үндсэн хуульт ёсны түүхийн салшгүй нэг хэсэг юм.

Өнгөрсөн зууны түүхийг товчилж хэлбэл, бидний өвөг дээдэс Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, тусгаар тогтнолоо зарлан, даян дэлхийд улс орноо хүлээн зөвшөөрүүлж, Хүннү гүрэн, Их Монгол Улсын гал голомтыг сэргээн бадрааж, орчин цагийн ардчилсан Монгол Улсыг цогцлоон байгуулсан “Тусгаар тогтнол, хөгжил дэвшил”-ийн агуу зуун байлаа.

1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, 1921 оны Ардын хувьсгал, 1939 оны Халхын голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайн, Тусгаар тогтнолын төлөөх бүх ард түмний санал хураалт, 1961 онд НҮБ-д гишүүнээр элссэн хийгээд 1990-ээд оны ардчилсан өөрчлөлт, шинэчлэлт зэрэг сүүлийн хоёр жаранд тохиосон манай улсын нийгэм, эдийн засаг, улс төр, оюун санааны гайхамшигт өөрчлөлтүүд нь агуу түүхт Монголын ард түмний язгуур эрх ашиг, үндэсний эв нэгдэл, хамтын хүчээр сэргэн мандсан эх оронч үзэл санааны ялалт байсныг энэхүү түүхт ойн баярын өдөр тэмдэглэн хэлэхэд бахдам сайхан байна.

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Эрхэм хүндэт төрийн түшээд ээ,

Одоогоос 100 жилийн өмнө монголчууд бид эрх чөлөө, тусгаар тогтнолоо сонгож, улсынхаа бүрэн эрхт байдлыг Үндсэн хуулиараа баталгаажуулж чадсан бол Монгол Улстай сайн харилцаа тогтоохыг хүссэн бүх оронтой найрамдан нөхөрлөх өвөг дээдсийн чинхүү хүслийг эдүгээ цагт биелүүлж, НҮБ-ын бүх гишүүн орон болох 192 улстай дипломат харилцаа тогтоох зорилтоо бүрэн ханган хэрэгжүүлж чадсан гэдгийг баярын энэ өдөр хэлэхэд таатай байна.

Үе үеийн чин зоригт, эх оронч өвөг дээдсийн халуун амь, бүлээн цусаар дархлагдсан Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хөгжил дэвшлийг өнөө цагт өртөөлөн, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх нь Та бидний эрхэм үүрэг, түүхэн хариуцлага билээ.

Иймд цаашид бид шинэ Үндсэн хуулиар баталгаажуулсан Монголын ард түмний ололт амжилт, үнэт зүйл болсон ардчилсан төр, засаг, парламент ёсоо бэхжүүлж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхийн төлөө төр, засаг, улс төрийн нам, эвсэл, иргэний нийгэм, ард түмнээрээ хамтран хүчин зүтгэх учиртай.

Эрх зүйт төртэй улсад үндэсний эв нэгдлийн хүчээр Үндсэн хуулиа баталж, Үндсэн хуулиараа үндэсний эв нэгдлээ хангадаг жамтай.

Эв нэгдэл үгүй бол улс үндэстэн оршин тогтнож, хөгжин дэвжих боломжгүй юм.

“Хоёр хүн эвтэй бол төмөр хэрэм мэт, хорин хүн эвгүй бол нурсан балгас мэт” хэмээх Их эзэн Чингис хааны билиг сургаалыг ямагт санаж, эрх чөлөө, тусгаар тогтнол, эв нэгдлээ бататган бэхжүүлэн, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэж, ёсыг сахиж амьдрах нь бидний хөгжил дэвшил, мандан бадрахын үндэс байх болно гэдгийг монгол хүн бүр зүрх сэтгэлдээ тээж явах учиртай.

Тиймээс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан энэ өдөр бол монголчууд бидний улс үндэстэн, тусгаар тогтнолоороо бахархах үндэсний их бахархлын өдөр мөн.

Энэ бахархлын эзэн нь эрх чөлөөт Монголын ард түмэн билээ.

Учир иймээс манай ард түмэн эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаагаа гүнээ ухамсарлан, төрт ёсны үнэт зүйл, өв соёл, үүх түүх, Үндсэн хуулиа эрхэмлэн дээдэлж, үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эв эеэ сахин бататгаж, улс Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа хүчин зүтгэхийг төрийн тэргүүн ард түмэндээ уриалж байна.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.

Categories
арын-нүүр баннер их-уншсан нүүр-хуудасны-баннер-1 онцлох-нийтлэл томилолт туслах-ангилал улс-төр эрэн-сурвалжлах ярилцлага

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүллээ DNN.mn

Эрхэм хүндэт туурга тусгаар Монгол Улсын ард иргэд ээ,

Та бүхэнд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, ард түмэн засаглах, эрх чөлөөтэй амьдрах үндсийг бүрдүүлсэн анхдугаар Үндсэн хууль батлагдсан 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

Одоогоос 100 жилийн өмнө монголын аймаг, хошууд, ардын цэргийн ангиудаас сонгогдсон 77 төлөөлөгч Улсын Анхдугаар Их Хурлаар чуулж анхны Үндсэн хуулиа 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж Бүгд Найрамдах Улсыг тунхагласан түүх бол бидний бахархал мөн.

Монголчууд дэлхий дахинаа Бүгд Найрамдах улсаа тунхаглаж анхдугаар Үндсэн хуулиа баталснаар зүүн болон төв Азидаа Япон, Хятад улсын хамт Үндсэн хууль бүхий эхний гурван улс болж, тэргүүлж хөтөлсөн түүхтэй. Ийнхүү Бүгд Найрамдах засаглалыг тогтоож, дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлж, үндсэн хуульт ёсыг нэвтрүүлж, тивдээ түүчээлсэн нь бидний хувьд үнэ цэнэтэй.

ХХ зууны эхэн үеийн дэлхийн улсуудын байдлыг авч үзэхэд өмнөд хөршид Манж Чин улсын уналт, хойд хөршид Октябрын хувьсгал, Европ тивд улс орнуудын зөрчилдөөн, Дэлхийн I дайн, зарим үндэстний тусгаар тогтнолын төлөөх тэмцэл өрнөж, дайн дажины хурцадмал нөхцөлтэй байсныг та бүхэн мэднэ. Дэлхий дахин амар амгалангүй байсан энэ цаг үед Монголчууд жинхэнэ эрх чөлөөнд хүрэх зорилгоо ахиулж, Бүгд Найрамдах засгаа тунхаглаж чадсан нь үнэхээр бахархалтай үйл явдал.

1924 оны Үндсэн хуулийн улс төр, эрх зүйн ач холбогдол нь төрийн эрх мэдлийг ард түмэнд шилжүүлж, төрийг сонгуульт зарчмаар удирдах тогтолцоог бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөөний талаар зарим дэвшил гарган хуульчилж, Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласанд оршино.

Зуун жилийн өмнө Монголчууд ард түмэн засаглах, төлөөллийн зарчмаар төрийг удирдах, байгалийн баялгийг ард түмний мэдэлд харьяалуулах, улсын бэлгэ тэмдгийг тогтоох, хууль тогтоох байгууллага нь гүйцэтгэх засгаа томилох, хүний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулах, нутгийн удирдлагын бүрэн эрхийг тодорхойлох зэрэг олон чухал асуудлыг тунхаглаж байсан нь залгамжлагдаж өнөөгийн ардчилсан Үндсэн хуульд бэхжин төгөлдөржсөөр байна.

Монгол Улс анхдугаар Үндсэн хууль баталснаас хойш 100 жилийн хугацаанд 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулиа бүтэц, бичвэр, агуулгын хувьд улам бүр баяжуулан сайжруулсныг та бүхэн мэднэ. Үндсэн хуульт ёсны энэхүү хөгжлийн үе шатад төрт улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг өчүүхэн ч төдий дордуулаагүй нь Монголчууд бидний бас нэгэн бахархах зүйл мөн юм.

Анхдугаар Үндсэн хуульд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх, төрийн эрх мэдлийн уг сурвалж жинхэнэ ард буюу иргэд байх зарчмыг анх удаа тогтоосон нь дараа дараагийн Үндсэн хуульд бэхжиж, улмаар 1992 оны ардчилсан Үндсэн хуулийн амин чухал зарчмын нэг болсон билээ.

Тиймээс өнөөгийн парламентын засаглал нь геополитик, дотоод улс төрийн нөхцөл байдлын хувьд чухал тогтолцоо бөгөөд үүнийг цаашид улам бүр төгөлдөржүүлэн авч явах ёстой.

2023 онд ардчилсан Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн дүнд таван намын төлөөлөл бүхий 126 гишүүнтэй парламент бүрдэж олон ургалч үзэл санаа хангагдах нөхцөл бий боллоо.

Шинээр бүрдсэн парламент Үндсэн хуулийн эрхэм зорилгод үндэслэн Стратеги төлөвлөгөөгөө баталсан бөгөөд цаашид хууль тогтоох болон хянан шалгах бүх үе шатад хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлага нэн тэргүүнд тавигдана.

Монгол Улсын Их Хурал ардчилсан Үндсэн хуулийн онцгой чухал зарчим болох ард түмэн засаглах Бүгд Найрамдах Улсын эрх зүйн үндсийг тогтоосон анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг тэмдэглэж, ард түмэн бид бүрнээ дагаж мөрдвөл зохих 1992 оны Үндсэн хуулиа дээдлэн залах тухай тогтоолыг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр баталсныг та бүхэнд дуулгахад таатай байна.

Бид өнөөдөр анхдугаар Үндсэн хуулийн зуун жилийн түүхэн ойн өдөрт гүн хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ цаашид Бүгд Найрамдах ёс, ард түмний засаглал, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хойч үедээ уламжлан дамжуулах төрийн байгуулалт, төрт ёсыг бэхжүүлэх эрхэм хүндтэй үүргээ нэр төртэйгээр биелүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

Та бүхэндээ Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн зуун жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Categories
арын-нүүр баннер их-уншсан нүүр-хуудасны-баннер-1 онцлох-нийтлэл томилолт туслах-ангилал улс-төр эрэн-сурвалжлах ярилцлага

“Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” сэдэвт хэлэлцүүлэг боллоо DNN.mn

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс өнөөдөр (2024.11.22) “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Улсын Их Хурлын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх, Ажлын дэд хэсгийн гишүүн Н.Отгончимэг хэлэлцүүлгийг нээж үг хэлсэн.

Тэрбээр Улсын Их Хурлын даргын 2024 оны 74 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт Улсын Их Хурлын Тамгын газрын зөвлөхүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын хуульчид, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яамны болон бусад яамдын хуулийн мэргэжилтнүүд, Монголын хуульчдын холбоо болон бусад мэргэжлийн байгууллагын хуульчид ажиллаж байгааг тодотгосон.

Ажлын дэд хэсгийн гишүүд эхний ээлжинд Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага бий эсэхийг судлан, өөрчлөлт оруулах шаардлагатай бол ямар агуулгаар өөрчлөлтийг хийх талаар судалгаа хийн, үзэл баримтлалыг боловсруулахаар ажиллаж байгааг мэдээлсэн юм.

Энэ өдрийн хэлэлцүүлгээр шүүгч, судлаач Т.Мөнх-Эрдэнээр ахлуулсан баг Хууль тогтоомжийн хууль ба бусад улс орнуудын нийтлэг чиг хандлага, сайн туршлагын талаарх харьцуулсан судалгаагаа танилцуулж, Хууль тогтоомжийн тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтын хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний талаар судлаач Т.Золбоо танилцуулга хийсэн.

Мөн Улсын Их Хурлын Тамгын газрын Хуулийн газрын Хууль зүйн дүн шинжилгээний хэлтсийн ахлах зөвлөх Г.Агар-Эрдэнэ Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар мэдээлэл танилцуулж, хэлэлцүүлэгт оролцогчид асуулт асууж, мэдээлэл солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Categories
америкийн-монголчууд амьдралын-өнгө ардын-цолтон арслан арын-нүүр баннер булангууд видео-мэдээ жинлүүр загас зурхай их-уншсан ихэр матар мэдээ мэлхий нийтлэл нийтлэл нум нүүр-хуудасны-баннер-1 онцлох-нийтлэл охин өд-бэх сав-шимийн-ертөнц танайд-өнжье томилолт туслах-ангилал удам-судар улс-төр үхэр хилэнц хонь хумх эрэн-сурвалжлах эх-орон-сумаас-эхэлнэ ярилцлага

ХЗБХ: Монгол Улсын 2025 оны төсөв, холбогдох хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжив DNN.mn

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2024.11.22) хуралдаан 13 цаг 17 минутад гишүүдийн 59.1 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэв.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг эхлээд хэлэлцсэн бөгөөд энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар танилцууллаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь хориг тавьсан гэв.

Гадаад зах зээлийн төлөв байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзлийг харгалзан, гадаад валютын улсын нөөц, төсвийн хуримтлалыг нэмэгдүүлэх, өрийг бууруулах зэрэг суурь зарчмуудыг анхаарч мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж алдагдалгүй төсөв батлах нь зүйтэй гэжээ. Олон улсын геополитик, гео-стратегийн нөхцөл байдлаас шалтгаалж, гадаад эдийн засгийн төлөв байдал урьдчилан таамаглах боломжгүйгээр хувьсан өөрчлөгдөж, түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнэ ханш өндөр хэлбэлзэлтэй байгааг дурдсан. Энэхүү эгзэгтэй цаг үед мөчлөг сөрсөн эдийн засгийн бодлого хэрэгжүүлж, үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй, хөгжилд хөтөлсөн төсөв төлөвлөж, батлах нь нийт иргэн, улсын ашиг сонирхолд бүрэн нийцнэ хэмээн тэрбээр танилцуулав. Энэ нь эдийн засгийн болзошгүй хүндрэл, бэрхшээлийг хохирол багатай даван туулах нөөц боломж, хуримтлалыг нэмэгдүүлэх, үнэ, ханшийн өсөлтийг хязгаарлах, эдийн засгийн тогтвортой байдал, ард иргэд, аж ахуйн нэгж, татвар төлөгчдийн хэвийн үйл ажиллагааг хангах баталгаа болно гэж үзсэн гэлээ.

Эдийн засгийн тогтвортой байдал, өсөлтийг хангах нь хөгжлийн бодлого, тэргүүлэх зорилт, төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, улсын аюулгүй байдал, тогтвортой хөгжил, ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулах үндэс суурь болохыг ямагт санах учиртай хэмээгээд “Монгол Улсын Их Хурал 2025 оны улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6 4.1-д заасан “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, мөн хуулийн 6.5.1-д заасан “төсөв хэлэлцэх, батлах үйл ажиллагааг нийтэд нээлттэй байлгаж, төсвийн төлөвлөгөө, гүйцэтгэл, тайлагналын талаар тогтоосон хугацаанд нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх”, мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д заасан “төсвийн бодлого, стратегийн зорилт нь макро эдийн засгийн болон татварын тогтвортой орчныг бүрдүүлэх, инфляцийг хязгаарлахад чиглэсэн байх”, 5.1.6-д заасан “төсвийн хөрөнгийн хуваарилалт, байршуулалт, хэрэглээ нь эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдолтой байх” гэсэн заалтуудыг бүрэн хангаагүй бөгөөд энэ байдал нь хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчимд нийцэхгүй байна” гэжээ. Үүний зэрэгцээ Улсын Их Хурлаар саяхан баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан “Төсвийн урсгал зардлын тэлэлтийг хязгаарлаж, төсвийн алдагдал, Засгийн газрын өрийн тусгай шаардлагыг хангана” гэсэн зорилтоо бодитой хэрэгжүүлж ажиллахыг Ерөнхийлөгч сануулжээ.

Мөн ард иргэд, баялаг бүтээгч, татвар төлөгчид болон мэргэжлийн байгууллагуудын зүгээс төсвийн сахилга батыг чангатгах, үр ашигтай, хэмнэлттэй байх зарчимд нийцүүлэн төсвийн зардлыг бууруулах, чиг үүргийн давхардлыг арилгах, улс төрийн нам, эвслүүд сонгуулийн амлалтаа биелүүлэх зэрэг санал, шүүмжийг илэрхийлж байгаа нь зүй ёсны шаардлага хэмээн үзсэн байна.

Түүнчлэн Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль тогтоомжууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэсэн заалтыг зөрчих нөхцөлийг бий болгосон байна. Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 41 дүгээр тогтоолыг баталсан. Энэхүү тогтоолоор Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль нь Төсвийн болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан зарчмуудыг бүрэн хангаагүй, төрийн мөнгөний бодлоготой нийцээгүй, төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж чадаагүй болохоо хүлээн зөвшөөрч, батлагдсан төсвийг тодотгож, дахин засаж сайжруулах шаардлагатай гэсэн агуулгыг илэрхийлсэн байна. Мөн Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Засгийн газар дараах тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголын төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасан.

Гэтэл Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль хүчин төгөлдөр болж, дагаж мөрдөж эхлээгүй, Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан тохиолдол үүсээгүй байхад Улсын Их Хурал төсөвт тодотгол хийхээр тогтоол баталж, чиглэл болгож байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “. . . хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” хэмээх заалтыг зөрчих нөхцөлийг бүрдүүлсэн гэдгийг Г.Занданшатар танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар хоригт дурдсан “мөчлөг сөрсөн төсвийн бодлого” хэмээх агуулгын талаар тодруулж хариулт авсан бол Ц.Сандаг-Очир гишүүн Ерөнхийлөгч хориг тавьсан шалтгаан нь төсвийн алдагдлыг бууруулах уу, эсхүл алдагдалгүй байх уу гэдгийг лавлав. Ерөнхийлөгч Монгол Улсын 2025 оны төсвийг алдагдалгүй төсөв батлах нь зүйтэй хэмээн үзсэн болохыг Г.Занданшатар дарга тодотгоод, холбогдох тайлбарыг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Б.Заяабал, Д.Ганбат нар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн бол П.Сайнзориг гишүүн улсын төсвийг дагаад засаг, захиргааны нэгжүүд дагалдан төсвөө батлахаар хүлээж байгааг дурдав. Улсын төсөвтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьж байгаа нь анхны тохиолдол биш гэдгийг тэрбээр дурдаад Монгол Улсын 2025 оны төсвийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг хангалтгүй ажилласан хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн. Дараа нь хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Дараа нь Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Төслийн талаар Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар танилцуулж, гишүүд холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Иймд санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжин баталлаа. Ингэснээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголын товыг өөрчилж, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлийн газраас мэдээлэв.

Categories
арын-нүүр баннер их-уншсан нийгэм нүүр-хуудасны-баннер-1 онцлох-нийтлэл томилолт туслах-ангилал улс-төр эрэн-сурвалжлах ярилцлага

УИХ дахь АН, МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ DNN.mn

Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хурлаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж бүлгийн нийт гишүүдийн 57.1 хувийн саналаар хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Categories
булангууд мэдээ эрэн-сурвалжлах

Нэхий боодол бохины үнэгүй болсны учир

Сонгуулийн өмнө жүжигчин Амараа “Нэхий боодол бохины үнэгүй боллоо” гэж хэлснийхээ төлөө цагдаад шалгагдлаа гэх шуугиан дэгдэж байлаа. Жүжигчин залуу улс төрийн зорилгоор үг хэлсэн, түүнийг нь бас улс төрийн зорилгоор шалгасан асуудал бий л байх. Гэхдээ өнөөдөр нэхий боодол бохины үнэгүй байгаа нь үнэн. “Эмээлт” түүхий эдийн захад өнгөрсөн долоо хоногт хонины нэхий 300-700 төгрөгийн үнэтэй байлаа. 700 төгрөг нь энэ зуны хамгийн өндөр ханш. Бас нэхий авч байгаа хүн “Эмээлт”-д тун цөөн. Арьсаа тушааж байгаа малчин ч ховор. Хаа холоос 300 төгрөгөөр өгөх гэж хүн царайчилснаас хотондоо хаячихсан нь малчдад гарлагагүй гэх юм билээ.

Зах зээлд арьсан гутал, цүнх үнэтэйд тооцогддог. Тэгвэл гутал, цүнхний түүхий эд яагаад “хог” болов. Хонины нэхий боодол бохины үнэгүй болсон учрыг эх сурвалжийн мэдээллийн мөрөөр сурвалжиллаа.

“ЭМЭЭЛТ” ЭЗГҮЙРСЭН УЧИР

Хэдэн жилийн өмнө “Эмээлт” захыг “Хятадын эмээлт үү, Монголын нутаг уу” гэцгээдэг байлаа. Ерөөсөө л “Эмээлт”-ийг хятад ченжүүд хөдөлгөж байсан учраас тэр. Одоо тэндээс хятад хүн олоход хэцүү. Хятадуудад ажилладаг ченжүүд ч ховор болж. Ноолуур авч байгаа ченжүүд байх боловч хонины арьс, шир авч байгаа нь тун ховор юм. Мал зардаг төвлөрсөн цэгийн гадна хонь, ямааны арьс авч байгаатай таарлаа. Тэдний яриагаар гурваас долдугаар сар хүртэл тарз угаасаа үнэгүй байдаг. Үйлдвэрийн хэрэгцээ, шаардлага хангадаггүй учраас тарз авахгүй, зөвхөн өлөнг нь л үнэлж авдаг. Харин наадмын дараагаас үнэ нь арай өсдөг. Энэ жилийн тухайд ханш өсөөд, өсөөд 700 төгрөг л болж байгаа гэнэ. Сүүлийн хоёр жил хятадууд ирж түүхий эд авах нь ховордсон. Тэгэхээр эрэлт байхгүй, “Эмээлт”-д ажиллах шаардлагагүй болсон талаар тэд ярилаа. “Хятадууд үнэ цохиж түүхий эд авдаг гэж муулдаг, муухайгаар ярьдаг байсан үед бид ажилтай, орлоготой байсан. Түүхий эд авч хядадуудад зарахдаа дундаас нь ашиг гаргана. Ачигч хийж цалин авна. Харин одоо хятад түншүүд ирэхээ больчихсон. Тэд эндээс авсан түүхий эдээ заавал боловсруулж хилээр гаргадаг болсон. Тэр үеэс хятад түншүүд харагдахаа больсон” гэж ярьсан юм.

Энэ зун “Эмээлт”-ийн ченжүүд авсан нэхийнийхээ ноосыг авч, зараад арьсыг нь “Биокомбинат”-ын хогийн цэгт аваачиж шатаах ажил хийсэн гэнэ.

Саяхнаас “Дархан нэхий”, “Дархан минж” компаниуд ченжүүдээс 500-700 төгрөгөөр нэхий авч эхэлжээ. Гэхдээ ялгаж сайн чанарын нэхийг энэ ханшаар авч байгааг ченжүүд ярилаа. Сайн чанарын гэх шалгуурт нийцэх нэхий бараг байхгүйг ч ярьсан.

Харин хятадууд 300-400 төгрөгөөр авч байгаа гэнэ. Түүхий эд авдаг хятадууд бараг байхгүй болсон талаар дээр өгүүлсэн. Гэхдээ сүүхэйтэй хэд нь түүхий эд авч, нутаг руугаа гаргах аргаа өөрчилж, “ажлын байр”-аа сольсон тухай баримт бас олдсон юм.

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛООР ТҮҮХИЙ ЭД УНАСАН УЧИР

Дэлхийн эдийн засгийн хямралаас үүдэж мал, малын гаралтай түүхий эдийн үнэ унасныг эдийн засгийн үзүүлэлт харуулж байгаа. Хямралаас үүдэлтэй үнэтэй арьсан цүнхний эрэлт багасч, тансаг хэрэглээ хумигдсан гэхэд болно. Бас манай гол харилцагч БНХАУ-д цөөнгүй үйлдвэр хаалгаа барьж, түүхий эдийн эрэлт буурсан. Хятадад малын арьснаас илүү сентетик материалаар хийсэн бүтээгдэхүүн борлуулагдаж байгаа нь ч бас нэг шалтгаан.

Өмнөд монголчууд түүхий эдийн үнэ унасныг эсэргүүцэж, хонь ямааныхаа арьсыг шатааж байсан нь ч саяхан. Гэхдээ тэнд арьс, шир огт хэрэггүй болчихсон юм биш. Хамгийн багадаа хонины нэхий 15-17 юань (5200-6000)-ийн үнэтэй байгаа аж. Гэтэл Монголд малчдын нэхий хог болж, зарагдлаа гэхэд бохины үнэ хүрэхээ больчихсон байгаа. Хятадууд Монголоос түүхий эд авах зардал нь хэдэн жилийн өмнөхтэй адил 3800-4200 төгрөг байгаа гэвэл та итгэх үү. Малчнаас зарагдахад боодол бохины үнэ хүрэхгүй нэхийг хятадууд хаанаас дөрвөн мянга гаргаж аваад байна вэ.

Эх сурвалжуудын мэдээлснээр хонины нэхий малчдын хувьд “хог” болсон нь Засгийн газрын хоёр тогтоолтой холбоотой.

Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт үйлдвэрлэлийг дэмжих гол бодлого орсон. Үйлдвэрлэгчдээ дэмжиж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг буруутгах аргагүй. Гэтэл тэр бодлого замаасаа хазайж түүхий эдийн үнийг унагах гол шалтгаан болжээ.

Монгол Улсын Засгийн газар 2013 оны наймдугаар сарын 20-ны өдөр 300 дугаар тогтоол гаргасан. Арьс, ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтыг батлах тухай уг тогтоолд “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 10.2, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “малын гаралтай түүхий эд, ноолуур, ноос, арьс, ширийг боловсруулж, зах зээлд нийлүүлдэг болох” гэсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь, 1. Арьс, ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтыг хавсралт ёсоор баталж, 2013 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. 2. Энэхүү техникийн зохицуулалтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээг шат дараалан авч ажиллахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Гүньбазар, Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Энхтайван, Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат нарт тус тус үүрэг болгож, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд зөвлөсүгэй” гэж заасан байдаг. Н.Алтанхуяг Ерөнхий сайд, Н.Батбаяр Эдийн засгийн хөгжлийн сайд байсан үед энэ тогтоол батлагдсан юм.

Тогтоолд заасны дагуу арьс, ширний үйлдвэрлэл худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт батлагдаж Хонины арьсыг вет-блю техникийн шаардлагын дагуу боловсруулж хилээр гаргахаар болсон билээ. “Вет-блю” гэж химийн аргаар үсийг нь унагасан, үсний угийг нь бүрэн гүйцэд авсан, механик аргаар халимлаж шар махыг авсан, өнгөн болон шар махан тал нь цэвэр толигор, нугалаасгүй, толбогүй, сульфат хромын суурилаг давсаар нэвт идээлэгдсэн, жигд өнгөтэй нойтон хөх арьс, ширийг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ технологийн дагуу боловсруулсан арьсыг л хилээр гаргадаг болсон. Засгийн газрын 300 дугаар тогтоол гарахаас өмнө анхан шатны боловсруулалт хийсэн буюу идээлж, тосолж хатаасан, өнгө засал хийгээгүй арьсыг хилээр гаргадаг байсан.

МАЛЧИНД 400, ҮЙЛДВЭРТ 4000

Уншигчид санаж байгаа бол 2013 оны намраас арьс, ширний үнэ огцом буурсан билээ. Хятадаас ченжүүд Монголд ирэхээ больж, Эмээлтэд ч хөл хөдөлгөөн цөөрсөн.

Үүний дараа Засгийн газар бас нэгэн тогтоол гаргаж адууны ширний үнийг навс унагасан. Тодруулбал, Засгийн газрын 2014 оны аравдугаар сарын 11-ний өдрийн 330 дугаар тогтоолоор Арьс, ширний үйлдвэрлэл худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтад өөрчлөлт орж адуу, тэмээний ширийг бүрэн боловсруулж хилээр гаргахаар болсон. Үр дүнд нь “Эмээлт”-д 200 гаруй мянган адууны шир өмхийрөх болж Засгийн газар сарын хугацаанд энэ тогтоолоо түдгэлзүүлж түр гал унтраасан билээ.

Засгийн газар ийм тогтоол гаргасан нь үндэсний үйлдвэрээ дэмжих, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой байсан. Гэвч гурван жилийн хугацаанд арьс, ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хэр хөгжсөн бэ гэдэг нь бас асуудал. Хангалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ гэхэд экспортод гаргах бараг боломжгүй байгаа. Ченжүүдийн ярьснаар өдийд хэдхэн үйлдвэр л нэхий авч байгаа гэдэг бас л асуудал. Тэгсэн атлаа арьс, шир боловсруулах үйлдвэр ажиллаад байгаа нь сонин биш гэж үү.

“ЭМЭЭЛТ”-ИЙГ ЭЗГҮЙРҮҮЛСЭН ХЯТАДУУД ҮЙЛДВЭРҮҮДЭД НҮҮГЭЭД ОЧЧИХСОН ГЭВ ҮҮ

Малчдаас, ченжүүдээс нэхий бараг авдаггүй үйлдвэрүүд ажиллаад байдаг. Үүний шалтгаан нь “Эмээлт”-д малчдаас түүхий эд аваад нутаг руугаа гаргадаг хятадууд боловсруулах үйлдвэрт нүүгээд оччихож.

Бидэнд мэдээлэл өгсөн эх сурвалжийн ярьснаар Монголд үйл ажиллагаа явуулж байгаа 34 боловсруулах үйлдвэрийн ихэнхийг хятадууд түрээсэлжээ. Юун нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх. Гадныхан үнэгүй шахам авсан түүхий эдээ монгол үйлдвэрүүдэд боловсруулаад нутаг буцаж байна.

Монголын боловсруулах үйлдвэрүүд нэг нэхий боловсруулахад 11-12 юанийн түрээс авдаг гэнэ. Хятадууд “Эмээлт”-ээс 300-400 төгрөгөөр авсан нэхийгээ 3500-4000 төгрөгөөр боловсруулдаг. Ингэхээр Монголд нэг хонины нэхий 3800-4500 төгрөгийн ханштай гэсэн үг. Харин Засгийн газрын 300, 330 дугаар тогтоолын үр дүнд малчинд 400, үйлдвэрт 4000 төгрөг ноогдож байна. Үйлдвэр ашигтай ажиллахад ажлын байр нэмэгдэнэ гэж тайвширч болох талтай. Гэтэл хятадууд боловсруулах технологио өөрсдөө хариуцна гээд тэндээсээ технологичид авчирдаг юм байна. Монголчууд ачигч, угаагч гээд цалин багатай, хар ажил хийх төдийхөн. Мөн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэмжээ бага учраас төдийлөн олон хүн ажилладаггүй. Өнөөх нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гоё зорилготой үйлдвэрүүд байр, тоног төхөөрөмжөө түрээслээд нэг нэхийнээс 4000 төгрөгийн орлоготой сууж байна.

Ийм наймаа хятадуудад ч алдагдалгүй. Угаасаа тэндээ нэхий хамгийн багадаа 5200-6000 төгрөгийн үнэтэй байгаа. Ийм үнээр авсан нэхийгээ зардал гаргаж боловсруулна. Боловсруулах зардал нь тэндээ 20 юань (7000 төгрөг)-иас багагүй Тэгвэл энд 400 төгрөгөөр авсан нэхийгээ 4000 төгрөгөөр боловсруулаад, хилээр татваргүй гаргачихсан нь ашигтай.

Энд бид хятадууд муухай, монголчуудыг ашиглаж байна гэж цоллосонгүй. Тэд л биднээс түүхий эд авдаг гол зах зээл учраас буруутгах ч аргагүй. Харин Монголын төр нэг л тогтоол гаргахад малчдыг үгүйрүүлж, хэдхэн үйлдвэрийн эздэд монцойгоод сууж байх боломжийг олгочихож байгаа нь харамсалтай.

Бид арьс, шир боловсруулах хэд, хэдэн үйлдвэртэй холбогдож нэхий боловсруулах түрээсийн үнэ судлахад 10-12 юань гэх нь ч байсан бол зарим нь үйлдвэртэй танилцсаны дараа үнэ хэлнэ гэцгээж байсан юм.

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Үргэлжлэл бий

Categories
булангууд мэдээ цаг-үе эрэн-сурвалжлах

С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсгийнхэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд мэдээлэл хийжээ

-Б.БУЛГАНЫ БИЕИЙН БАЙДАЛ МУУ БАЙГАА ГЭДГИЙГ ӨМГӨӨЛӨГЧ ХЭЛЭВ-

С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсгийнхэн Б.Булганыг цагдан хориод сар гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд хуулийн байгууллагаас албан ёсоор өнөөдрийг хүртэл тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа. ЦЕГ-аас ”Б.Булганыг баривчилсан нь үнэн. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэж тухайн үед мэдэгдсэн. Б.Булган яллагдагчаар татагдаж, УИХ-ын гишүүн О.Содбилэг “Миний аав Ш.Отгонбилэгийг С.Зориг агсны хэрэгт буруутган хэлмэгдүүлэх гэж байна” гэж твиттер хуудастаа жиргэсний дараа УЕПГ-ын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат “Энэ хэргийн талаар хэвлэлд мэдээлэл гарах нь ямар ашигтай вэ. Харин ч хэргийн явцад сөргөөр нөлөөлнө. С.Зоригийн хэргийг улстөржүүлж байна гэдэг ч улс төрийнхөн энэ тухай асууж байгаа нь өөрсдөө үүнийг улстөржүүлээд байгаа хэрэг. Хэргийг шалгаж дууссаны дараа ганц ч зүйл орхигдуулахгүйгээр мэдээлэх болно” хэмээсэн юм. Дээрх тодорхой бус хоёр хариултыг эс тооцвол С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсгийнхний 17 жилийн дараахь мөрдөн байцаалтын явц, маш нууц гэж хаягласан энэ хэрэг үнэхээр илэрч байна уу.

Чухам юу болоод байна вэ гэсэн асуултад олон нийт анхаарлаа хандуулсаар байна. Хуулийн байгууллагынхны мэдээлэлтэй мэдээлэлгүй С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсгийнхний эргэн тойронд өрнөж буй үйл явдлуудаас хэвлэлийнхэн боломжоороо шүүрдэн мэдээлж байгаа.

МӨРДӨН БАЙЦААЛТЫН АЖИЛ 65 ХУВЬТАЙ ЯВААГ ОНЦОЛСОН БАЙНА

Бидэнд олдсон мэдээллээр тус ажлын хэсгийнхэн Б.Булганыг ямар шалтгаанаар баривчилсан, Орхон-Уул аймгаас баривчилсан гэх хоёр иргэн энэ хэрэгт ямар оролцоотой зэргийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд саяхан танилцуулжээ. Хуулийн байгууллагынхны танилцуулгыг сонсоод зөвлөлийн зарим нь “Энэ хэргийг нягтлан шалгаж, ул суурьтай хандсаны эцэст тодорхой мэдээллийг олон нийтэд хүргэх ёстой” гэсэн байр сууринаас хандсан гэнэ.

Эх сурвалжийн ярьж буйгаар бол энэ хэргийг илрүүлэх мөрдөн байцаалтын ажил 65 хувьтай явааг онцолж, нотлох баримт судалгааны ажлыг цуглуулж байгаа бөгөөд гадаадаас шинжээчид оролцуулж буй гэх мэдээлэл өгсөн байна. Мөн энэ үеэр хэрэгт сэжигтнээр татагдсан хүмүүсийн өмгөөллийн асуудал болон хэргийг бүрэн илрүүлтэл маш нууцын зэрэглэлийг өндөр түвшинд байх ёстойг ажлын хэсгийнхэнд анхааруулсан гэх мэдээлэл байна.

ӨМГӨӨЛӨГЧИД ЮУНААС БОЛЖ ТАТГАЛЗАВ

Харин энэ хэргийн эргэн тойронд үйл явдал багагүй өрнөж байгаа бололтой. Б.Булганыг баривчлагдсаны дараа ар гэрийнхэн нь хоёр өмгөөлөгч авсан боловч ажлын хэсгийнхэн нууцын зэрэглэлтэй хэмээн гарын үсэг зуруулж өндөр шаардлага тавьж байгаа юм байна. Нөгөөтэйгүүр ажлын хэсгийнхний зүгээс үйлчлүүлэгчтэйгээ уулзах боломж бололцоогоор өмгөөлөгч нарыг хангаж өгөхгүй байсан аж. Төв аймгийн цагдан хорих төвд хоригдож буй Б.Булгантай өмгөөлөгч нь уулзахад багагүй бэрхшээл тулгарсан байна. Иймд өмгөөлөгчид нь үйлчлүүлэгчтэйгээ уулзах, өмгөөлөл авах эрхтэй гэдэг асуудлыг холбогдох газруудад тавьсан боловч амжилт олоогүй юм байна. Маш нууцын зэрэглэлтэй хэрэг тул энэ тухай олон нийтэд хандаж үг хэлэх боломж өмгөөлөгч нарт байхгүй учраас тэд Б.Булганыг өмгөөлөхөөсөө татгалзжээ.

Орхон-Уул аймгаас баривчлагдсан хоёр залуу харин өмгөөлөгч авсан байна. Гэхдээ өмгөөлөгчдийг нь ч бас уулзах боломжоор хангахгүй байгаа мэдээлэл бидэнд ирсэн юм. Б.Булганы ар гэрийнхний авсан өмгөөлөгч нар “Энэ хэрэгт ажиллах боломж бололцоо алга” хэмээн татгалзсан хариу өгсний дараа дахин өмгөөлөл үзүүлэх хүн олдоход бэрх болсон гэнэ. Иймд Хууль зүйн яамны дэргэд байдаг улсын өмгөөлөгч нарыг авах асуудал ч яригдсан байна. Улсын гэх тодотголтой өмгөөлөгчид нь төлбөрийн чадваргүй болон өмгөөлөх хүн олдохгүй байгаа сэжигтэнд өмгөөллийн үйл ажиллагааг үнэ төлбөргүйгээр хүргэдэг юм байна. Харин Б.Булганы гадаадад амьдарч байсан охин нь ээжийгээ баривчлагдсаныг дуулаад Монголд ирсэн байна. Тэрбээр өмгөөлөгч авч, ээждээ анхаарал тавьж байгаа гэнэ.

ХЭҮК-ЫНХОН Б.БУЛГАНЫ ХОЛБОГДУУЛАН ШАЛГАГДАЖ БУЙ ХЭРЭГТ ХӨНДЛӨНГӨӨС ОРОЛЦОХ БОЛОМЖГҮЙ ГЭЖЭЭ

С.Зориг агсны амь насыг илрүүлэх ажлын хэсгийнхний баривчилсан хүмүүст өмгөөлөл үзүүлж буй зарим өмгөөлөгч нараас тодруулга авсан юм. Нууцын зэрэглэлтэйгээр хэрэг шалгагдаж буй тул тэдний нэрийг нууцалж мөн мөрдөн байцаалтын нууцад хамаарах зүйлсийг асуугаагүй гэдгээ энд тодруулах нь зөв байх. Нөгөө талаар хуулийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй гэж Монгол Улсын Үндсэн хуульд заасан байдаг. Шүүхээр шийтгэгдэж, ял аваагүй бол сэжигтнүүдийг гэмт хэрэгтэнд тооцдоггүй бөгөөд иргэн бүр өмгөөллийн үйлчилгээ авах эрхтэй гэдгийг энд дурдах нь зөв байх.

Учир нь Хүний эрхийн үндэсний комисс хэд хоногийн өмнө хүний эрх зөрчигдөж буй талаарх судалгааны тайлангаа тавьсан байна. Үүнд хуулийн холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцсон бөгөөд энэ үеэр С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсгийнхний баривчилсан хүмүүст өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх боломж олдохгүй байна. Тэдний эрх зөрчигдөж байна гэсэн зүйл яригджээ. Зарим нэг хүн энэ талаар гомдол гаргасан гэх мэдээлэл байна. Харамсалтай нь тус комиссынхон хуулийнхны шалгагдаж буй хэрэг шүүхээр шийдэгдээгүй л бол хөндлөнгөөс оролцох эрхгүй байдгаа уламжилсан гэнэ. Ингээд өмгөөлөгч нараас авсан тодруулгаа нэгтгэн хүргэе.

Өмгөөлөгч: МАШ НУУЦЫН ЗЭРГИЙГ ХАНГАЖ АЖИЛЛАНА ГЭЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРААД БИДНЭЭС БАТАЛГАА АВСАН

Та үйлчлүүлэгчтэйгээ уулзсан уу?

-Нэг л удаа уулзсан. Тэр болгон уулзуулахгүй байна. Бид чинь маш нууцын зэргийг хангаж ажиллана гээд гарын үсэг зураад баталгаа өгсөн болохоор хамаагүй дэлгэрэнгүй зүйл ярьж болохгүй байна.

Мөрдөн байцаалтын нууцтай холбоогүй энгийн зүйл асууж байгаа болохоор гайгүй байлгүй дээ?

-Тэгсэн ч гэсэн ажил мэргэжлийн онцлогоос шалтгаа­лаад хэрэгт хамааралгүй гээд хэлэх ч боломж алга, хэцүү байна.

Өмгөөлөл явуулах бүрэн боломж олгохгүй байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ хэр үнэний ортой вэ?

-Үнэхээр ажил хийх боломж бололцоо гаргаж өгч чадахгүй байна. Ажлын хэсгийнхнээс зөвшөөрөл аваагүй бол Төв аймгийн цагдан хорих төвийнхөн үйлчлүүлэгчтэйгээ уулзах боломжоор хангахгүй, хэцүү юм. Гэтэл бусдыг ямар байна. Ямар баримт үндэслэн саатуулсан зэргийг лавлаж ч чадахгүй явна. Мэдүүлэг авах үед нь очсон болоод байж байна. Хэлэхэд хэцүү ч үнэн нь тэр. Ийм байдлаар үйлчилгээ явуулж байхаар өмгөөлөхөөсөө татгалздаг ч юм бил үү гэж бодож байна.

Б.Булганы биеийн байдал ямархуу байгаа вэ. Ар гэрийнхнийг нь уулзуулж байна уу?

-Түүний бие муу байгаа. Ядарсан, цонхийсон, даралт нь өндөр байна. Хоригдоод суурь өвчин нь сэдэрч эхэлж байна. Эмчлүүлэх, биеийн байдалд нь анхаарал тавих битгий хэл очоод уулзах боломж алга.

Нөгөө шалгагдаж буй хүмүүст өмгөөлөл үзүүлэх байдал иймэрхүү янзтай байгаа юу?

-Бас л ийм л янзтай байгаа гэлээ.

Дээрх мэдээллүүдээс харвал С.Зориг агсны хэргийг илрүүлэх ажлын хүрээнд үйл явдал ийн өрнөж байгаа бөгөөд хууль зөрчсөн зүйлс ч явж байгааг дээрх тодруулга харуулж байна. Талийгаачийн эхнэрийг барьж, саатуулснаас хойш олон хүн С.Зориг агсныг алсан хэрэгт нэр холбогдож эхэлсэн. Эхлээд УИХ-ын гишүүн О.Содбилэгийн аав Ш.Отгонбилэг агсны нэр дуулдлаа. Түүнийг өөрийн малчин, тогооч нартаа захиалга өгч С.Зориг агсныг хөнөөлгөсөн тухай яриа гарав. Харин үүнд түүний хүү О.Содбилэг тайлбар өгөхдөө “Талийгаач аавыг минь үг хэлж чадахгүй болсон учраас С.Зориг агсны хэрэгт буруутгах гэж байна. Хэдэн сарын өмнө нөлөө бүхий нэг хүн намайг дуудаж, аавыг чинь С.Зориг агсны хэрэгт холбогдуулан хэлмэгдүүлэх гэж байна хэмээн хэлсэн. Хоёулаа учир битүүлгээр амиа алдсан энэ хоёр хүний хэргийг хооронд нь холбох гэсэн улс төрийн зорилготой зохиол явж байна” хэмээн өөрийн бодлоо илэрхийлсэн юм. Чухам 17 жил ахиц гараагүй С.Зориг агсныг хөнөөсөн хэрэг 2016 оны сонгуулийн өмнө ийнхүү гарч ирлээ. Улстөржилт эсвэл үнэхээр хэрэг илэрч байгааг хэлэхэд эрт юм. Учир нь шүүхээр гэм буруутайг нь хэлэлцээгүй энэ үед асуудал хаашаа ч эргэж болох. С.Зоригийг Ш.Отгонбилэг хөнөөсөн хэмээн бичигдэж эхлээд удаагүй байтал түүнийг Э.Бат-Үүл хөнөөсөн, хэргийн эзэн олдлоо гэх мэдээлэл түгэв. Хэрэг гардаг өдөр Э.Бат-Үүл малгайгаа орхисон нь хэргийн гол баримт гэж үзсэн талаарх мэдээлэл “Ноцтой мэдээ” сонинд цацагдсан. Үүнийг шалгуулахаар Хотын дарга Э.Бат-Үүл хуулийн байгууллагад хандсанаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ.

Categories
булангууд мэдээ эрэн-сурвалжлах

Лизингээр авсан утас барьцаалж зээл олгох нэрийдлээр залилдаг болжээ

Үүрэн холбооны “Юнител”,
“Мобиком” группуудээс иргэд гар утас лизингээр авах нь элбэг байдаг. Харин
сүүлийн үед гар утас зээлээр авсан иргэд зээлээ төлөхгүй байх тохиолдол ихэссэн
байна. Зээлээ төлөхийг сануулан ярихад өөдөөс нь “Танайтай гэрээтэй ажилладаг
гэх хүмүүст утас лизингээр авч өгсөн. Надад огт хамаагүй” гэсэн хариулт хэлдэг
гэнэ. Энэ нь тухайн лизингийн зээлийг ашиглан утас авахуулаад алга болдог
луйварчид гарч ирсэнтэй холбоотой аж. Зарын сонин, мэдээллийн сайтууд болоод
гудамж талбайд “Юнител болон Мобикомын дараа төлбөрт дугаар 12 сараас дээш
хугацаагаар ашигласан бол 300-900 мянган төгрөгийн барьцаагүй зээл шуурхай,
найдвартай олгож байна” гэсэн зарлал байх болсон. Ийм зарын дагуу зээл авах
гэсэн хүмүүс нь ч нэлээд яаралтай мөнгөний хэрэгцээ гарсан хүмүүс байдаг аж.
Энэ нь луйварчдад олз болдог байна. Тэд зээл хүссэн хүнтэй уулзаад “Та энэ
дугаараа барьцаалаад утас лизингээр авчих. Бид урьдчилгаа 350 мянган төгрөгийг
нь төлье. Утсаа авч гарч ирээд 500 мянган төгрөг аваарай” гэдэг байна. Ингээд
1.5-1.8 сая төгрөгийн утас зээлээр аваад гарч ирэхэд нь 500 мянган төгрөг өгдөг
аж. Үүний ард утас зээлж аваад өгсөн хүн сая гаруй төгрөгийн гэрээгээр хүлээсэн
төлбөртэй хоцордог гэсэн үг.

Эдгээр зээл өгдөг хүмүүс нь
залилан хийхдээ хэд хэдэн төрлийн арга ашигладаг аж. Нас тогтсон хүмүүст “Бид
сар тутам лизингийнх нь мөнгийг төлнө. Танд бидний дугаар байгаа юм чинь яриад
байж болно. Ямар нэгэн асуудал гарахгүй. Харин биднээс зээлсэн мөнгөө та төлөөрэй”
гэж итгүүлдэг гэнэ. Мөн зарим хүнд шуудхан л “Энэ олон тоо орсон үнэ цэнгүй
дугаараа хаячих. 500 мянган төгрөгөөсөө шинэ дугаар авчихгүй юу. Бид танаас энэ
мөнгөө эргүүлж авахаа байя. Шагнал болгоод өгсөн гээд л ойлгочих” гэдэг байна.
Мөнгөний яаралтай хэрэг гарсан хүмүүс үгэнд нь орох тохиолдол байдаг аж.
Дугаараа барьцаалж зээл аваад дугаараа хэрэглэхээ больсон ч шүүхэд дуудагдаж
тодорхой хариуцлага хүлээх зэм нь хэвээрээ байдаг.

Харин хамгийн олон тохиолдол нь
аль нэг үүрэн телефоны салбарын гадаа уулзаад зээл сонирхож ирсэн хүмүүст “Бид
энэ компанитай гэрээтэй ажилладаг юм. Утас худалдах болгонд хувь авдаг. Та
зүгээр л лизингээр утас аваад бидэнд өгчих. Хамгийн гол нь дугаараа удаан
барьсан тохиолдолд өгдөг болохоор таны дугаар л чухал байна. Бид лизингийн
мөнгийг нь төлөх болохоор та дугаараа барьж болно. Утасны мөнгийг бөөнөөр нь
өгчихдөг юм. Байгуулсан гэрээ ч бий” гэдэг аж. Ингээд уулзсан хүмүүстэй
урьдчилгаа мөнгийг нь өгч оруулаад гарч ирэхэд нь 500 мянган төгрөг өгдөг
байна. Утас лизингээр өгсөн компаниас өрөө нэхэж залгахад нөгөө хүн мэдээж
утсаа өгсөн хүнтэй ярина. Гэвч энэ төрлийн залилан хийдэг хүмүүс нэг дугаарыг
сар орчим бариад л сольдог гэнэ.

Энэ талаар “Мобиком” группын
Олон нийттэй харилцах албаны дарга Э.Чинзориг “Тухайн мөчид мөнгөний хэрэгцээ
гарсан хүн лизингээр утас авч өгөөд ард нь өөрөө өртэй үлдэж байгаа юм. Өөртөө
л утас авч байгаа мэт харагддаг. Тэр үед бидний зүгээс та өөртөө авах гээд
байна уу. Өөр хүнд авах гэж байгаа юм биш биз гэж хэлэх боломж байдаггүй. Ийм
төрлийн залилангийн хэрэг байдаг шүү гэхээр хүмүүс “Бид өөрсдөө учраа олоод явж
байхад та нарт хамаагүй. Би өөрөө зээлж байна. Өөрөө барина уу. Хүүхдэдээ өгнө
үү хамаагүй” гэсэн байдлаар ханддаг. Уг нь хэрэглэгчид маань сэрэмжлэх л
хэрэгтэй байгаа. Өндөр үнэтэй утас аваад дараа нь төлбөрөө хийхгүй авлага
үүссэн тохиолдолд шүүх дээр очих болно. Харин шүүх энэ утсыг гарын үсэг зурж
авсан хүн нь барагдуул гэдэг. Нөгөө утсыг нь аваад мөнгө өгчихсөн хүн дээр ямар
нэгэн эрхзүйн байдал үүсдэггүй гэсэн үг. Нөгөө мөнгө өгч утас авахуулаад байгаа
хүн маш их ашиг олоод байгаа юм. Манайх нэг хэсэг үйлчилгээний зааланд
сэрэмжлүүлэг тавьж үзсэн. Өөртөө авч байгаа хүнд асуулт тавихад дургүйцдэг.
Дэлгүүрээс юм авч байхад өөртөө авч байна уу. Хүнд авч байна уу гэж асуудаггүй
шүү дээ” гэсэн юм.

Харин Юнител группын хуулийн
мэргэжилтэн Б.Ганбат “Хэрэглэгчдийг өрөнд оруулаад алга болдог хүмүүс байна.
Үүнээс шалтгаалж нэлээд их хохирол учраад байгаа. Манай ажилчид тухайн хүн
дугаараа нэг жилээс дээш барьсан бол утас лизингээр олгодог. Иргэдэд хандаж
хэлэхэд сошиал болон интернэтийн үнэгүй заруудад байгаа Мобиком болон Юнителийн
логог тавиад дараа төлбөрт дугаар барьцаалж зээл олгоно гэсэн зараар зээл авч
болохгүй шүү. Ингэвэл залилуулах магадлалтай. Нэг хэсэг салбаруудын гадна
хүмүүс ийм ажил хийж байхад нь мэдээд манай ажилтнууд утас авахаар ирсэн
хүмүүст “Та сар бүр ийм төгрөг төлнө. Танаас өөр хэн ч төлөхгүй шүү” гэж
тайлбарлахад нэлээд хэдэн хүн больсон. Тэгээд гараад нөгөө хүмүүстэйгээ зээл
авахаа болилоо гээд хэрүүл хийгээд буцсан тохиолдол бий” хэмээн ярьж байлаа.

Залилуулсан хүмүүс өөрт нь
мөнгө өгсөн хүний бичиг баримтыг үзээгүй байдаг аж. Тиймээс цагдаагийн
байгууллагад тодорхой мэдээлэл өгдөггүй байна. Мөн өөрсдөө гэрээ хийж утас
аваад дамжуулсан болохоор цагдаад хандах нь битгий хэл зугтаад байдаг гэнэ.
Хохирсон иргэдийн ярьж буйгаар залилагчид ихэнхдээ тухайн компанийн гар утас
зарагдахад хувь хүртдэг тул өөрийнх нь дугаар чухал байна гэж итгүүлдэг. Харин
утсаа авахаар ороход нь “Утсаа битгий задлуулаарай” гэж захьдаг гэнэ. Үүнээс үүдээд
уг хэргийг утас худалдаалдаг ченжүүд ч үйлдэж байх магадлалтай гэж үзэж байгаа
аж. “Теди” төвд зогсдог нэгэн гар утасны худалдаачин “Мөнгө багатай болон
гадуур утас худалддаг ченжүүд бол урагшаа явахгүй байгаа гэх юм билээ. Харин
хот дотор таны яриад байгаа шиг аргаар утас аваад зардаг талаар ярьцгаадаг. Нэг
хүнийг хулхидаад утас авахуулчихлаа гэхэд нэлээд их мөнгөтэй болчихож байгаа
хэрэг л дээ” гэв.

Нэгэнт ийм төрлийн хэрэг гараад
байгаа болохоор үүрэн телефоны компаниуд ч арга хэмжээ авахаар ярилцаж байгаа
гэнэ. Тухайлбал, утас лизингээр аваад гурван сараас дээш хугацаагаар зээлээ
төлөөгүй бол блоклох буюу сим карт хийсэн ч ажилладаггүй болгох аж. Нэг үүрэн
телефоны компани блок хийлээ гэхэд бусад төрлийн сим карт хийгээд ашиглаж
болно. Тиймээс хамтарч ажиллахаар болжээ. Одоогийн байдлаар “Мобиком”,
“Юнител”, “Жи мобайл” компаниуд хамтарч ажиллахаар болжээ. “Скайтел” хараахан
хариу өгөөгүй байгаа юм байна. Хэрэв энэ хэрэгжиж эхэлбэл иргэд утас худалдаж
авахдаа сим картаа хийгээд л буруу гараар олдсон эсэхийг нь мэдэх боломжтой
болох аж.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
булангууд мэдээ цаг-үе эрэн-сурвалжлах

Хуурамч мөнгөн дэвсгэрт хийдэг залуус ТҮЦ, хотын захын дэлгүүрт гүйлгээ хийдэг байжээ

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэнхуурамчаар мөнгөн дэвсгэрт үйлдвэрлэж, гүйлгээнд оруулдаг гурван бүлэг этгээдийг илрүүлжээ. Бүлэг этгээдүүд 17 сая төгрөгийн хуурамч мөнгөн тэмдэгтийггүйлгээнд оруулсан нь тодорхой болоод байгаа гэнэ. Одоогоор У, Г нарын долоон залуу өнгөт принтер ашиглан бичгийн цаасан дээр 10, 20 мянгатын мөнгөн дэвсгэртийг ар өвөргүй хэвлээд галлограмман нууцлал бүхий соёмбо, мөнгөн утас зэргийгсаатай балаар зурдаг байсан гэнэ. Ингээдбэлэн болгосон хуурамч мөнгөө орой үдшийн цагаар такси барьж яваад өгдөг. Эсвэлхүүхэд, өндөр настансуудаг ТҮЦ, гэр хорооллын дэлгүүрээс бага үнийн дүнтэй бараа, утасны нэгж худалдан аваад хариултад нь жинхэнэ мөнгө авдаг байжээ.Эх сурвалжийн хэлж буйгаар хуурамч мөнгөн дэвсгэртээр жинхэнэ мөнгөн тэмдэгт болгохын тулд хэний ч хамаагүй санаанд орсон утасны дугаар луу нэгж явуулаад хариулт авдаг байсан гэнэ. Ингэж хуурамч мөнгөн дэвсгэртүүд арилжааны банкууд дээр очиж хураагддаг байжээ. 2014 оны зургадугаар сард Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газрын даргын хамтарсан захирамж гарсан. Энэхүү захирамжид хуурамч мөнгөн тэмдэгт бүрт Эрүүгийн хэрэг үүсгэж шалгах тушаал гарсан байна.Залуус өнгөрсөн гурван жилд энэхүү хуурамч мөнгийг гүйлгээнд гаргаж байсан гэнэ. Хуурамч мөнгөн тэмдэгт нь гараар тэмтрэхэд болон неон гэрэлд харахад илэрхий хуурамч нь мэдэгддэг ч иргэд санамсар болгоомжгүй хандсанаас гүйлгээнд ашигласан байдаг аж.Тиймээс Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс иргэдэд ханданмөнгөн гүйлгээ хийхдээ анхаарал болгоомжтой байхыг зөвлөжээ. Мэргэжилтнүүд хуурамч мөнгийг харж, барьж үзэхэд мэдэгддэг бөгөөд цаас, нууцлалыг дуурайж чаддаггүйг хэлж байна. Мөн одоогоор Монгол Улсад мөнгөн дэвсгэрт үйлдвэрлэсэн тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд зөвхөн гар аргаар хэвлэсэн тохиолдлууд байдаг аж. Дээрх бүлэг этгээдүүд хэдий хэмжээний хуурамч төгрөг хийсэн нь тодорхой бус байгаа учраас мөрдөн байцаалтын явц удаашран гүйлгээнээс хуурамч мөнгө илрэх тохиолдол нэмж, бүртгэгдэж байгааг албаны эх сурвалж хэлж байв.Хуурамч мөнгөн тэмдэгт байж болзошгүй гэж таамаглавал цагдаагийн хэлтэст шууд хандан шалгуулах хэрэгтэйг албаныхан анхаарууллаа. Хэрэв хуурамч мөнгийг гүйлгээнд ашигласан тохиолдолд гэмт хэрэгтэн гэж үзэх бөгөөд хуурамчаар мөнгө үйлдсэн этгээдийг Эрүүгийн хуулийн дагуу шийтгэх аж. Хуурамч мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийсэн залуусийг Эрүүгийн хуулийн 176 зүйл ангид зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Categories
булангууд мэдээ цаг-үе эрэн-сурвалжлах

ХӨСҮТ-ийн эмч нар буруу оношилсноос зургаан сартай охин амиа алдсан гэв

-УЛААН БУРХАН ӨВЧНИЙ ШИНЖТЭЙ ЭМНЭЛЭГТ ХЭВТСЭН ОХИН ӨЧИГДӨР АМИА АЛДЖЭЭ-

Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-д эмчлүүлж байсан зургаан сартай охин өчигдөр амиа алджээ. Охины биеэр улаан тууралт гарсан учраас өнгөрсөн сарын дундуур ХӨСҮТ-д үзүүлж, эмчлүү­лэхээр хэвтсэн аж. Тус төвийн эмч нар охиныг улаан бурхны халдвар авсан гэж оношилсон байна. Эмнэлэгт хэвтсэнээс хойш охины бие улам бүр хүндэрсээр байжээ. Эмчилгээ хийж эхэлснээс хойш хэд хоногийн дараа дахин шинжилгээ авсан эмч нар “Улаан бурхан биш байсан байна. Гэхдээ өөрчлөлттэй гарсан” гэсэн талаар талийгаачийн ар гэрийнхэн ярьсан. Эмчлэгч эмч нь “Хатгаагүй. Бие нь дээрдэж байна” гэж байсан ч охины бие улам бүр муудаж, таталт өгч, цусаар хүндэрч эхэлсэн гэнэ. Ингээд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс эмч дуудаж үзүүлэхэд “Энэ хүүхэд чинь хоёр уушгиндаа битүү хатгаатай байна” гээд ХӨСҮТ-ийн эмч нарыг загнасан талаар мэдээлэл өгсөн эх сурвалж хэлсэн. Охины бие улам бүр муудаж, цус алдаж эхлэхэд эмч нар “Ходоод нь цоорсон байж болзошгүй” гээд эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлжээ. Тухайн үед эмчлэгч эмч нь “Өнөө шөнийг давчихвал маргааш мэс засал хийнэ” гэж охины ээжид хэлжээ. Гэвч маргааш нь “Ходоод нь цоороогүй юм шиг байна. Нарийн гэдэс нь цоорсон байж магадгүй. Дотуур цус алдаад байна” гэжээ. Энэ мэтээр оношилж чадаагүй гэж ар гэрийнхэн нь гомдолтой байгаа аж. Охиныг эрчимт эмчилгээний тасагт байхад нь “Танай охиноос муу хүүхэд ирлээ” гээд энгийн тасаг руу шилжүүлсэн гэнэ. Энгийн тасагт ирсэн оройгоо охины даралт нь унаж, бие нь муудсан учир дахиад эрчимт эмчилгээний тасагт шилжүүлжээ. Охин эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байхдаа амиа алдсан аж.

Хохирогчдын өгсөн мэдээллээр охин улаан бурхан өвчнийг эмчлэх тасагт байхдаа байнга шахам ханиалгаж, 38.5 хэм хүртэл халуурдаг байжээ. Тэр бүрт тайвшруулах тариа хийж унтуулдаг байсан гэнэ. “Охин минь эмнэлэгт тийм хүнд ирээгүй. Буруу оношилж, буруу эмчилж сэхээнд орсных нь дараа ХӨСҮТ-ийн эмч “Манайх бүх эмчилгээг хийсэн. Улаан бурхны халдварлах хугацаа нь ч дууссан. Тиймээс дүүргийн эмнэлэг рүү юм уу, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв рүү шилжиж болно. Та нарын сонголт” гэж хэлсэн. Эрүүл саруул хүүхэд төрүүлчихээд эмч нарын буруугаас алдсандаа харамсалтай байна. Олон хүн ийм хагацал бүү үзээсэй” гэж талийгаач охины ар гэрийнхэн хэлсэн.

М.ТУНСАГ: ЗУРГААН МЯНГА ГАРУЙ ХҮНИЙ ДУНД ИЙМ ГОМДОЛ ГАРГАХ НЬ БАЙЛГҮЙ Л ЯАХАВ

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс өчигдөр үдээс хойш ХӨСҮТ-д очлоо. Тус эмнэлгийн удирдлагууд салбар яамныхаа хуралд явсан учраас албан ёсоор хариулт өгөх хүн байхгүйг жижүүр нь учирлаж байв. Хэвлэл мэдээллийн албанаас өгсөн мэдээллээр энэ сарын 2-ны байдлаар улаан бурхан өвчний 12458 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Багануур, Налайх дүүрэг болонӨвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий аймагт улаан бурхан өвчин бүртгэгджээ. Тэднээс540 хүн лабораторийн шинжилгээгээр улаан бурхан өвчин туссан нь батлагджээ. Мөн 1984 хүн тархвар судлалынхолбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр улаан бурхнаар өвчилсөн нь тогтоогдсон байна.

Уржигдрын байдлаар ХӨСҮТ-д 549 хүн улаан бурхны хүнд, хүндэвтэр хэлбэр гэсэн оноштой эмчлэгдэж байна. Хүүхдийн баяраар төвийн хүлээн авах тасагт хоногтоо 600 гаруй хүн хандаж үйлчлүүлснээс 100 гаруй нь эмнэлэгт хэвтсэн байна. Зургаан сартайгаас таван настай хүүхдэд улаан бурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын вакцин хийж байгаа. Дээрх насны хүүхдийн 90 орчим хувь нь вакцин хийлгэжээ. Дархлаажуулалт маргааш дуусах юм байна.

Ийм албан мэдээлэл авсны дараа ХӨСҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсагтай утсаар холбогдож ярилцлаа.

-Танай эмнэлэгт эмчлүүлж байсан зургаан сартай охин өнөө өглөө (өчигдөр) амиа алдсан гэдэг мэдээллийн дагуу холбогдож байна.

-Зургаан сартай охин эрчимт эмчилгээний тасагт амиа алдсан нь үнэн. Бидний зүгээс боломжтой гэх бүх эмчилгээг хийж, авах ёстой арга хэмжээг авсан.

-Охин улаан бурхнаар өвдөөгүй. Хатгаатай байсан гэх юм.

-Улаан бурхан биш бол энд юу гэж байлгах вэ дээ. Харъяа эмнэлэг рүү нь шилжүүлнэ шүү дээ. Гэхдээ одоо улаан бурхнаар өвдсөн эсвэл хатгаатай байсан гэж ярих боломж алга. Задлан шинжилгээний хариу 14 хоногийн дараа гарна. Тэгэхээр бүх зүйл тодорхой болно.

-Охины бие өдөр ирэх бүр муудаж, таталт өгч, өндөр хэмтэй халуурсан талаар эх сурвалж бидэнд мэдээлэл өгсөн. Тэр бүрт тайвшруулах тариа хийгээд унтуулдаг байсан. Жижүүр эмч нь хэдэн цагаар тасгаа орхиод явчихдаг гэсэн. Үнэн үү?

-Манай эмч нар өдөр шөнөгүй маш их ачаалалтай ажиллаж байна. Улаан бурхны шинжтэй зургаан мянган хүн хүлээж авсан. Хоногт 700 гаруй хүн хүлээн авч байна. Зургаан мянга гаруй хүний дунд ийм гомдол гаргах нь байлгүй л яахав. Охины аав ээж гомдолтой байгааг сонссон. Хэрвээ гомдолтой байгаа бол манай эмнэлгийн захиргаанд бичгээр, албан ёсоор гомдол гаргах эрхтэй. Тэгж байж бид албан ёсоор хариу өгнө. Яаманд ч хандах эрх нь бий. Одоогоор надад албан ёсоор гомдол ирээгүй байна.

-Охиныг хариуцсан эмч Болормаа улаан бурхны халдварлах хугацаа дууссан. Өөр эмнэлэгт шилжиж болно гэсэн. Мөн давтан шинжилгээгээр улаан бурхнаар өвдсөн гэдэг нь нотлогдоогүй талаар ар гэрийнхэн нь мэдээлэл өгсөн. Анхнаасаа буруу оношилсон юм биш биз?

-Болормаа эмчид гомдолтой байгаа бол албан ёсоор эмнэлгийн захиргаанд хандах ёстой. Тэгж байж бид шалгана шүү дээ.

-Талийгаачийн ходоод нь цоорсон, нарийн гэдэс нь цоорсон гээд хоёр өөр онош тавьсан ч арга хэмжээ авч чадаагүй юм уу?

-Бид байж болох бүхий л арга хэмжээг авсан. Охин гэнэт цус алдсан. Аврах боломж байгаагүй. Эмч нар нойргүй хонож. Эх хүүхдийн эрүүл мэндийн төвөөс ч эмч нар ирсэн. Чухам яагаад цус алдсан нь задлан шинжилгээний хариугаар тодорхой болно. Хүүхдээ алдсан хүмүүс гомдолтой байлгүй яах вэ. Гэхдээ албан ёсны дүгнэлт гарсны дараа ярих асуудал. Түүнээс өмнө дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломж алга гэв.

Ц.ӨРНӨХ

Б.Хүрэлцэцэг