Categories
мэдээ нийгэм

Орон сууц хуваарилах ажлыг зохион байгуулахыг дэмжлээ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар Орон сууц хуваарилах ажлыг зохион байгуулах тухай асуудлыг хэлэлцэв. “Буянт-Ухаа-2” орон сууцны хорооллын 972 айлын орон сууцнаас “Гамшигт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн” ангилалд хуваарилсан квотоос үлдсэн есөн орон сууцыг хуваарилах ажлыг зохион байгуулахыг дэмжив. Тодруулбал, уг бүлэгт хамрагдах хүсэлтээ найман иргэн цахимаар ирүүлснээс зургаан иргэн шалгуур үзүүлэлт хангаж гэрээ байгуулснаар одоогоор байрандаа ороод байгаа юм. Харин нэг иргэн өөрийн хүсэлтээр татгалзаж, нэг иргэн шалгуур үзүүлэлт хангаагүйн улмаас хасагджээ. Эрэмбэ өгсөж орох дараагийн иргэд байхгүй учир үлдсэн есөн байрыг үр ашигтай байлгах, зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах, түрээсээс төвлөрөх орлогыг нэмэгдүүлэх зэрэг шалтгаануудыг харгалзан тус ангиллын квотоос үлдсэн орон сууцыг Нийслэлийн Засаг даргын нөөц санд авахыг ийнхүү дэмжлээ.

Мөн өнөөдрийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газрын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай, Нийтийн эдэлбэр газрын байршил хэмжээг тогтоох тухай, Хөрөнгө бүртгэн авах тухай, Нийслэлийн өмчийн бүртгэлээс хөрөнгө хасах тухай, Төрийн шагналаар шагнах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн дэмжиж, тогтоолын төсөл баталлаа.

Categories
мэдээ нийгэм

Али Баба компаниас сайн үйлсийн тусламж ирүүлэв

БНХАУ-аас Монгол Улсад үзүүлж буй хандив тусламжийн ээлжит арга хэмжээ өнөөдөр ГХЯ-ны “Мутрын түшээ” танхимд болов. Ёслолын ажиллагаанд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, Онцгой байдлын Ерөнхий газрын тэргүүн дэд дарга бригадын генерал Г.Ариунбуян болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньрүй тэргүүтэй БНХАУ-ын ЭСЯ-ны ажилтнууд оролцов.

Энэ удаад БНХАУ-ын “Али Баба”, “Ма-юнь” сайн үйлсийн сангаас Монгол Улсад 500 мянган ширхэг N95 амны хаалт хандивлаж байгаа юм. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн хандив гардуулах ёслолын ажиллагаан дээр хэлсэн үгэндээ, Хятад улс COVID-19 өвчний эсрэг олон улсад хийж буй тэмцэлд идэвхтэй оролцож, эд материалын болон хүн хүч, сэтгэл санааны тусламж дэмжлэг үзүүлж байгааг бид талархан харж байна гээд Хятадын төр засаг, ард түмнээс Монгол Улсад үзүүлж буй эдгээр тусламж дэмжлэг нь нэн дутагдалтай байгаа эмнэлгийн хэрэгслийн хангамж хүрэлцээг нэмэгдүүлж, энэ халдварт өвчний эсрэг явуулж байгаа үйл ажиллагаанд маш чухал ач тус болж байгааг онцлон тэмдэглэв.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньрүй хэлсэн үгэндээ, БНХАУ-д тохиолдсон хүн сорилт бэрхшээлт цаг үед Монгол Улсын төр засаг, байгууллага, иргэд бидэнд бүх талын тусламж дэмжлэг үзүүлснийг бид хэзээ ч мартахгүй. Өнөөдөр Монгол Улсад COVID-19 өвчний эсрэг явуулж буй тэмцэлд тус дэм болгон манай Али Баба компаниас энэ удаагийн хандив тусламжийг ирүүлж байна. Цаашид ч ийм хандивын ажиллагаа үргэлжлэх болно гэв.

Categories
мэдээ нийгэм

Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Делгадо Консепсионыг 2020 оны гуравдугаар сарын 31-нд хүлээн авч уулзаж, Монгол, Кубын харилцаа, хамтын ажиллагаа хийгээд цаг үеийн асуудлаар санал солилцов.

Элчин сайд Р.Делгадо Монгол Улсын Засгийн газар коронавирусний тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй шуурхай зохион байгуулан ажиллаж байгааг сайшаан тэмдэглээд дэлхий нийтийг хамарсан эл цар тахлын эсрэг хамтран ажиллахын төлөө байгаагаа нотлов. Тэрээр коронавирусын тархалтыг хязгаарлах талаар Засгийн газрынхаа хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгч, туршлагаасаа хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Кубын тал Итали, Испани, Андорра, Венесуэл болон Латин Америк, Карибын тэнгисийн хөрш орнуудад 850 гаруй эмч, сувилагч нарыг илгээсэн байна.

2020 онд Монгол, Кубын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгаа бөгөөд Куба нь манай улстай дипломат харилцаа тогтоосон Америк тивийн анхны улс юм.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн есөн дүүрэгт эрэгтэйчүүдийн кабинет байгуулна

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Нийслэлийн жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай” дэд хөтөлбөрийг батлах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. Уг дэд хөтөлбөрийг нийслэлийн хөгжлийн бодлого, хөтөлбөр, эрх зүйн орчинд жендерийн үзэл баримтлал тусгах, жендерийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, төсөвлөлт, хяналт –шинжилгээ, үнэлгээний арга зүйг нэвтрүүлэн хэрэгжүүлэх, бүх түвшинд жендерийн хэвшмэл үзэл буюу сөрөг хандлагыг өөрчлөх замаар жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор боловсруулсан гэдгийг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, нийслэл дэх Жендэрийн салбар хорооны дарга Ш.Анхмаа хэлэв.

Дэд хөтөлбөр нь хоёр үе шаттайгаар 2020-2025 онд хэрэгжих бөгөөд НҮБ-аас батлагдсан дэлхийн тогтвортой хөгжлийн бодлогын баримт бичгийн тавдугаар зорилт, Монгол Улсын Тогтвортой хөгжил-2030, Жендерийн эрэх тэгш байдлыг хангах тухай хууль болон бусад салбарын бодлогын баримт бичгүүдтэй уялдаа холбоотой боловсруулсан аж.

Мөн дэд хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд дөрвөн зорилтын хүрээнд 50 гаруй үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, нийслэл, дүүрэгт жендерийн чиглэлээр мэргэшсэн, жендерийн асуудлыг дангаар хариуцсан орон тооны мэргэжилтэнтэй болох, есөн дүүргийн Эрүүл мэндийн төвд “Эрэгтэйчүүдийн кабинет” байгуулж, эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, мөн тэдний сэтгэц, сэтгэл зүйн эрүүл мэндийн үйлчилгээг нэмэгдүүлэх чиглэлээр төв байгуулан, мэргэшсэн эмч, сэтгэл зүйчдийг бэлтгэх, зорилтот бүлгийн иргэдэд хүрсэн үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг олон талт ажлуудыг тусгасан байна.

Жендэрийн салбар хорооны дарга Ш.Анхмаа “Эрэгтэйчүүдийн насжилт эмэгтэйчүүдээс дутуу байгаа нь архины хэрэглээ, зуурдаар нас баралт их байгаатай холбоотой. Иймээс энэ дэд хөтөлбөрт эрэгтэйчүүдийг хамгаалах чиглэлээр тодорхой зүйлсийг тусгасан. Тухайлбал есөн дүүрэгт эрэгтэйчүүдийн кабинеттай болно. Энэ кабинетаар дамжуулан эрчүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, сургалтад хамруулах гэх мэт үйлчилгээ үлзүүлнэ. Мөн сэтгэлзүйн эмчилгээ хийнэ. Учир нь амиа хорлож буй хүмүүсийн 80-90 хувь нь эрэгтэйчүүд байгаа” гэв. Улмаар Тэргүүлэгчдийн асуулт, санал дууссаны дараа тогтоолын төслийг батлах тухай санал хураалт явуулахад олонх нь дэмжсэнээр “Нийслэлийн жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай” дэд хөтөлбөрийг баталлаа.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдварын тандалт, судалгааны тойм

ЭМЯ-наас Коронавируст халдварын 3-р сарын тандалт, судалгааны тоймыг гаргажээ.

1. БНХАУ-ын эрдэмтдийн судалгаагаар COVID-19-өөр өвчилсөн эрэгтэй хүний үрийн шингэнд коронавирус илэрсэн байна. Тиймээс коронавирус бэлгийн замаар халдварладаг байж болзошгүй гэх дүгнэлтийг эрдэмтэд хийсэн байна.

2. Австралийн Мелбурн хотын Мурдочийн хүрээлэнгийн судлаачид сүрьеэгийн эсрэг БЦЖ вакцин COVID-19-ийн эсрэг хүний дархлааг сэргээдэг эсэхийг тогтоохоор эмнэлгийн байгууллагын 4000 ажилтны дунд судалгаа хийж байгаа тухай зарлалаа. Мөн ийм судалгааг Нидерланд, Герман, Англи улсад хийж байна.

3. Америк, Англи улсад Коронавируст халдвараар өвчилсөн хүмүүсийн 30-40 хувь нь шинж тэмдэггүй вирус тээгчээс халдвар авсан байх магадлалтай гэж үзжээ. Харин БНХАУ-д нийт халдварын 80 орчим хувийг шинж тэмдэггүй өвчтнүүд тараадаг болохыг тогтоосон байна.

4. БНХАУ-ын мэргэжилтнүүд COVID-19-өөр өвдсөн 416 хүнд ажиглалт хийж зүрх судасны өвчлөл нь Коронавируст халдвараар нас барах эрсдэлийг 4,5 дахин нэмэгдүүлж байгааг тогтоосон байна.

5. Канадын Далхаузын их сургуулийн хүүхдийн анагаахын тэнхимийн судлаачид хүүхдүүд коронавируст халдварт мэдрэг хэдий ч өвчний шинж тэмдэг төдийлөн илэрдэггүйг тогтоожээ.

6. Нидерландын Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн судлаачид цэвэрлэх байгууламжийн бохир усанд коронавирус илрүүлжээ.

7. Герман улсын эмч нар өвчний шинж тэмдэг ихэвчлэн 2-14 хоног, зарим тохиолдолд 21 хоногийн дараа илэрч байгааг тогтоожээ.

8. БНХАУ-ын эрдэмтэд COVID-19-ийн халдвар авсан хүн шинж тэмдэг илрэхээс өмнө бусдад халдвар тараадаг бөгөөд зарим хүмүүс халдвар тээгч байгаа тул хүн бүр маск зүүвэл олон нийтийн дунд халдвар дамжих магадлал буурна гэж үзжээ.

Categories
мэдээ нийгэм

ҮАБЗ байгалийн хийн хоолойн асуудлаар хуралдаж, ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргажээ

ҮАБЗ шүүх, прокурор, АТГ-ын удирдлагыг түдгэлзүүлэх нь Үндсэн ...

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2020 оны гуравдугаар сарын 31-ний өдөр хуралдаж Оросын Холбооны улсаас Бүгд Найрамдах Хятад Ард улс руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн хамтын ажиллагааг бодлого, зохион байгуулалтаар хангаж ажиллах зорилго бүхий Ажлын хэсгийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулан Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд байгуулахаар шийдвэрлэв.

Тус Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар багтсан байна.

Ажлын хэсгийн үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж ажиллахыг Ажлын хэсгийн даргад даалгажээ.

Categories
мэдээ нийгэм

Наро Банчэн гэгээнтэн Улсын Онцгой комисст хандив өргөлөө

Өнөөдөр Наро Банчэн хувилгааны 7 дугаар дүрийн гэгээнтэн Данзанлхүндүв гэгээнтний мэндэлсэн өдөр тохиож байна. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад сургуульд суралцаж байгаа гэгээнтэн мэндэлсэн өдрөөрөө хандив өргөж байгааг өнөөдөр Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд хүлээлгэн өглөө.

Наро Банчэн гэгээнтэн “Дэлхий дахинд цар цахлын хэмжээнд хүрээд буй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг манай төр засгийн зүгээс маш сайн хэрэгжүүлж байна. Тиймээс иргэн бүр хувийн сахилга баттай байж, заавар зөвлөгөөг дагаж мөрдөх шаардлагатай байна. Мөн энэ халдварт өвчинтэй тэмцэхэд дархлаа сайн байх ёстойг шинжлэх ухааны эрдэмтэд зөвлөж байна. Дархлаа сайн байх нь сэтгэл зүйгээс их хамааралтай.

Тиймээс бид эрүүл хооллолт, хөдөлгөөнөөр дархлаагаа дэмжихээс гадна нөхцөл байдлыг ухаалгаар харж, гэр бүлдээ цагаа зориулан, бие биенээ энэрэн хайрлаж сэтгэлээ амар амгалан байлгах нь чухал байна. Миний бие Монгол Улсын иргэн хүний хувьд Улсын Онцгой комисст хувиасаа 10 сая төгрөгийн хандив өргөж байна. Монгол түмэн минь эрүүл энх, амар амгалан байх болтугай” гэсэн байна.

Шадар сайд Ө.Энхтүвшин Наро Банчэн гэгээнтэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэн, төрсөн өдрийн мэндчилгээний хамт уламжиллаа.

Categories
мэдээ нийгэм

“Тариан Цацал” ХХК 50 сая төгрөгийн үнэ бүхий хүнсний улаан буудайг УОК-т хандивлалаа

Өнөөдөр “Тариан Цацал” ХХК-ийн зүгээс 50 сая төгрөгийн үнэ бүхий хүнсний улаан буудайг Улсын Онцгой комисст хандивлалаа. Дэлхий дахинаа КОВИД-19 халдварыг тархалттай тэмцэхээс гадна, халдвараас үүдэлтэй эдийн засгийн нөхцөл байдлыг хохирол багатайгаар даван туулахын төлөө ажиллаж байна.

Энэ нөхцөл байдлын үндсэн дээр өнгөрсөн жилийн ургацаас 85 тонн улаан буудайг ард иргэдийнхээ хүнсний хэрэгцээнд зориулан хандивласан тус компанийн захирал Т.Аубакирт Монгол Улсын Шадар сайд талархал илэрхийллээ.

Тэрээр “Чин сэтгэлийн дэмжлэг хэзээд багаддаггүй. Ард түмэн төр засгийн үйл ажиллагааг дэмжин, сэтгэл нэгтэй байгаа цагт хүнд хэцүү бүхний ард гарч чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлон тэмдэглэлээ гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ард Түмний Олонхийн Засаглал намын даргын өөрчлөлтийг бүртгэлээ

Ард Түмний Олонхийн Засаглал нам (АТОЗН)-ын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг Дээд шүүх 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцэв.

Ард Түмний Олонхийн Засаглал нам (АТОЗН)-ын 2020 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн Бага хурлаас гишүүдийн олонхийн саналаар А.Батдоржийг намын даргаар сонгосон үйл ажиллагаа нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон тухайн намын дүрмийг зөрчөөгүй гэж үзэж, намын даргын өөрчлөлтийг бүртгэлээ.

Categories
мэдээ нийгэм

​ Ахмадуудыг тэтгэврийн мөнгөө банкны картаараа авахыг зөвлөж байна

Сар бүрийн эхэнд ахмадуудын өндөр настны тэтгэврийн мөнгөний санхүүжилт банк руу шилждэг. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр нь санхүүжилт дуусах, авч амжихгүй байх зэрэг эрсдэлгүй.

Иймд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс тэтгэвэр авагчид, ахмадууд банкинд очиж дараалал үүсгэхгүйгээр өөрийн нэр дээрх банкны картаараа үйлчилгээ авахыг холбогдох байгууллагуудаас зөвлөж байна.