Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Ямар ч үед хүнийг бусадтай харьцуулж сайн, муугаар бүү ярь DNN.mn

Амьдралын маш энгийн юм шиг хэрнээ хүний нэр төр, үйл хэрэг, үзэл бодолтой шууд холбогддог зүйл гэж бий. Түүний бодит нэгэн үзэгдэл нь бидний өдөр тутмын, хүн хоорондын харилцаанд гардаг нэгнийгээ нэгэнтэйгээ жиших, харьцуулах явдал. Ээж аав нар ихэвчлэн бага балчир хүүхдээ урамшуулах зорилгоор “Ахаасаа, эгчээсээ хамаагүй илүү байна” гэж хэлдэг. Энэ бол гэр бүлийн байдаг л нэг үзэгдэл. Гэвч хүүхдүүдээ хооронд нь харьцуулах нь сэтгэл зүйд таагүй нөлөөлдгийг судлаачид хэлж байна.

Яг ийм сэтгэлгээгээр бид хэн нэгний нэр төр, үзэл бодолд маш бүдүүлгээр ханддаг. Нэг хүнийг магтаж, түүнийгээ сайн хүн болгохын тулд заавал өөр нэг хүнийг хавчуулдаг. “Түүний дэргэд наадах чинь юм байгаа юм” гэж ирээд л. Хөндлөнгөөс харсан хүнд маш эвгүй сэтгэгдэл төрөхөөр. Албан газрын удирдлага үйл ажиллагаагаа өөрийнхөө бодсоноор явуулахыг бодно. Түүний санал бусдад 100 хувь таалагдана гэж байхгүй. Тэгээд л өнөө хүнээ өмнөх захиралтайгаа, өмнө нь ажиллаж байсан хүмүүстэйгээ жишиж ирээд мууг нь үздэг. Эсвэл шинэ захирал, шинэ ирсэн хүнтэйгээ өмнөх хүнээ жишиж муу муухайгаар, адгийн шаар мэтээр ярьдаг.

Мөн хөтлөгч нэртэй нөхдүүд тухайн дуучнаа магтах үгээ олж ядахдаа тэр дууг өмнө нь дуулсан дуучныг “будаа” болгох үзэгдэл нийтлэг болсон. Жишээлбэл, Ч.Бат-Эрдэнэ гавьяатын дууг нэг залуу дууллаа гэж бодъё. Тэр залуу сайхан л дуулчихна биз. Гэтэл хөтлөгч нь “Ёстой Бат-Эрдэнийг байхгүй болгочихлоо, ямар мундаг юм” гэж ирээд л огтоос бодлогогүйгээр хэлдэг. Тэгэхээр монголчууд минь, хүний нэр төртэй холбоотой зүйлийг маш бодож ярих хэрэгтэй байна. Нэгийг нь магтах гээд нөгөөг нь муулж харлуулдаг бүдүүлэг зангаа одоо боль. Энэ бол хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа үйлдэл мөн гэдгийг бүх хүнд зөвлөе.

Ө.Манлай

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *