Categories
мэдээ нийгэм цаг-үе

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гурван хүүхэд усанд эрсдэж, амь насаа алджээ

Баяр, амралтын өдрүүдэд буюу энэ оны 07 дугаар сарын 11-14-ний өдрүүдэд гол, нуурын усанд нийт 14 хүн амь насаа алдсан ба үүнээс 3 нь хүүхэд эрсэдсэн харамсалтай тохиолдол бүртгэгдлээ. Иймд иргэд Та бүхэн гол, мөрний ойр орчим амарч зугаалах, зорчихдоо өөрсдийн болон үр хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангахад онцгойлон анхаарна уу.

  • Хүүхдийг харгалзах хүнгүйгээр гол мөрөн, тогтоол усны орчимд тоглуулахгүй, ганцаар орхихгүй, тэдэнд усанд осолдох эрсдэлийг энгийн, ойлгомжтой үгээр хэлж ойлгуулах,
  • Хийлдэг гудас, дугуйны хамер, хөвөгч зэргээр хүүхдийг тоглуулахгүй, хараа хяналтгүй орхихгүй байх,
  • Гол, усны эрэг дагуу газар амарч, зугаалахгүй байх,
  • Цаг агаарын мэдээтэй тогтмол танилцаж, аяллын цаг хугацааг зөв сонгон, салхи шуургатай үед болон түргэн урсгалт голын усанд сэлэхээс зайлсхийх
  • Малчид, тээврийн хэрэгслийн жолооч Та бүхэн гол мөрний усны түвшин нэмэгдсэн, бороотой үед баталгаат гүүр, тэмдэглэгээ бүхий гарц, гармаар зорчих
  • Мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг сайтар мөрдөхийг зөвлөж байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хэмжээнд 29 гол, мөрөн, нуурын эрэг дагуу завьт эргүүл ажиллаж байна

ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабаас аймаг, нийслэлийн Шуурхай штабыг мэргэжил, аргазүйгээр ханган ажиллаж байгаа бөгөөд улсын хэмжээнд 513 алба хаагч томилгоожин ажиллаж байна. Мөн 14 аймгийн 29 гол, мөрөн, нуурын эрэг дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 400 орчим алба хаагч завьт эргүүл, морин эргүүл, явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Алба хаагчид гол, усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг өгч, хориглосон тэмдэглэгээ бүхий самбарыг байршуулан, аялагч, амрагчдад зориулсан зөвлөмжийг тухай бүрт хүргэж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ерөнхий сайд Г.Занданшатар тусгай олимпийг бүх талаар дэмжихээ илэрхийллээ

Олон улсын тусгай олимпын бүсийн хурал Монгол Улсад болж байна. Хуралд оролцохоор Олон улсын тусгай олимпын хорооны тэргүүн Мэри Дэвис болон бүсийн захирлууд манай улсад иржээ. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар тус хорооны тэргүүн, бүсийн захирлуудыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд Г.Занданшатар тусгай олимпыг бүх талаар дэмжихээ илэрхийлж, боловсрол, спорт, нийгмийн бүх түвшинд хүртээмжийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэхээ илэрхийллээ.

Тусгай олимп гэдэг нь оюуны өөрчлөлт, онцлогтой хүүхэд, залуусыг спортоор дамжуулан нийгэмшүүлэх хүмүүнлэгийн хөдөлгөөн юм. Энэ хөдөлгөөнд манай улс 2013 онд нэгдсэн. Өнөөдрийн байдлаар тусгай олимпын 1000 гаруй тамирчинтай болжээ. Тусгай олимпын тамирчдыг энгийн тамирчидтай хамт нэг баг болгон оролцуулдаг нь энэ олимпын онцлог. Ингэснээр нэг нэгнээ хүлээн зөвшөөрч, ойлголцож энэ хэрээр тамирчид илүү хөгжиж, нийгэмшдэг байна. Нийгмийн харилцаанд шууд оролцуулахаас илүүтэй спортоор дамжуулан хөгжүүлж, өөрчлөлт гаргах нь энэ олимпын гол зорилго ажээ.

Монголын тусгай олимпын хорооны тэргүүн С.Оюун тусгай сургуулийн хүүхдүүдийг бэлдэж, тэмцээн уралдаанд оруулах боломж хязгаарлагдмал байсан. Харин тусгай олимпын хүрээнд тэдэнд дэм болж, бие бялдрыг нь хөгжүүлж, бусдын адил эрх тэгш иргэн гэдгийг олон нийтэд таниулах болсноор маш олон ахиц гарсан. Засгийн газар бүх талаар дэмждэг нь түлхэц болдог гэв.

Тус хорооны тэргүүн Мэри Дэвис Монгол Улсын Ерөнхий сайдыг хүлээн авч уулзаж буй талархлаа илэрхийллээ. Олон улсын тусгай олимпын хороо 1968 байгуулагдсан, үйл ажиллагаа, хөтөлбөрүүд анх АНУ-д эхэлсэн. Харин одоо тус хорооны гишүүнээр 175 улс нэгдээд байна. Тамирчдыг бэлтгэж, дасгалжуулахаас гадна тамирчдын авьяас, ур чадварыг дэлхий нийтэд таниулах, ойлгуулахыг зорьж уралдаан тэмцээн зохион байгуулдаг талаар ярилаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Халх гол суманд гарсан түймэрийг бүрэн унтраажээ

Дорнод аймгийн Халх гол сумын Ташгай багийн нутагт энэ сарын 13-нд хээрийн түймэр гарсан тухай дуудлага Онцгой байдлын газарт иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халх гол сум дахь 62 дугаар ангийн алба хаагчид хээрийн гал түймрийг өчигдөр орой 19:30 цагт бүрэн унтраажээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 15-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12400 хүрээд байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй – 328 хүн

  • Хөнгөн – 68
  • Дунд – 240
  • Хүнд – 19
  • Нэн хүнд-1 нөхцөл байдалтай байна.

Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн  11753, гэрээр эмчлүүлж буй  328, нас барсан долоо, хавьтал болсон нийт 90824 хүн байна. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 4823-д хүрсэн байна. Мөн 0-4 насны 2653, 5-9 насны 1575 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна

Categories
мэдээ цаг-үе

Зам хаах үеэр нийтийн тээврийн зарим чиглэлийг өөрчилнө

Баянзүрх 3, 15 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө дагуу авто замын засвар, шинэчлэлтийн ажилтай холбоотой авто зам түр хаах үеийн нийтийн тээврийн чиглэлийн зураглалыг танилцуулъя.

2025 оны долоодугаар сарын 18-ны өдрийн орой 23:30 цагт хааж, 2025 оны долоодугаар сарын 20-ны өдрийн өглөө 06:00 цагт нээнэ гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ. 

Categories
мэдээ цаг-үе

Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна

Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл өдөр бүр ажиллаж байна.

Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

Д.Сүхээ: Хүнд үеүд тохиолдож байсан ч “Яах гэж эмч болов оо” гэж бодож байгаагүй

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС……..


 

Монгол Улсын хүний гавьяат эмч, Эх нялхсын эрдэм шинжилгээний тө­вийн эмэгтэйчүүдийн кли­никийн зөвлөх эмч Д.Сүхээ­тэй уулзаж ярилцлаа.


Хүний гавьяат эмч цол хүртсэнд тань баяр хүргэе?

-Их
баярлалаа. Төрийн өндөр шагналыг хүлээж авсан­даа үнэхээр их баяртай байна. Гэхдээ энэ шагнал зөвхөн миний гавьяа биш л дээ. Надтай хамт ажилладаг хамт олон, нэг баг болж ажил­ла­даг эмч нар, миний олон шавь, надаар үйлчлүүлдэг эмэгтэйчүүдийн л буян гэж бодож байна. Би чинь Мон­голын эмэгтэйчүүдийн эмч нарын дийлэнхийнх нь багш гэгддэг болохоор олон шавь­тай хүн л дээ. Тийм учраас энэ шагнал маань нэг талаас хамтын бүтээл юм.

Таныг эмэгтэйчүүдийн эмч. Гэхдээ илүү нарийн мэргэшсэн гэж сонссон юм байна?

-Би
эмэгтэйчүүдийн эмч хүн. Эмэгтэй хүний өндгөвч даавар ялгаруулж байдаг. Жирэмслэлт, зан төрх, гадаад илрэл, сарын тэмдгийн мөч­лөг, нөхөн үржихүй зэрэг энэ бүх үйл ажиллагааг зохи­цуулж байдаг гол дааврууд тэндээс ялгардаг юм. Өнд­гөвчний ажиллагаа жаахан хямрахад л даавруудын тэнц­вэрт байдал алдагддаг. Үүнийг судалж, тод­руулж, даав­рын эмчилгээ хийхийг до­тоод шүүрлийн судлал гэдэг. Би энэ чиглэлээр ажил­ладаг.

Та аль аймгийнх вэ?

-Би
Завхан аймгийн Урга­мал сумын хүн. Мэндэлсэн газар минь Ургамал сум.

Эмчийн ажлын гараа­гаа хаанаас эхэлж байв?

-1969 онд Анагаахын дээдийг төгсөөд Нийслэлийн II амаржих газар буюу одоо­гийн II төрөх эмнэл­гээс л ажлын гараагаа эхэлсэн. Эх барих эмэгтэйчүүдийн эмчээр хуваарилагдаж очсон.

Түүнээс хойш одоог хүр­тэл эмэгтэйчүүдийн эмч гэдэг ажлаасаа ганц ч удаа холдож үзсэнгүй. 44 дэх жилдээ ажиллаж байна.

Анагаах ухаанд олон төрөл чиглэл, салбар бай­хад чухам яагаад эмэгтэй­чүү­дийн эмч болохоор шийдсэн юм бэ?

-Оюутан
байхад хичээл дээр төрөлтийн агшныг үзүүл­нэ, жирэм­сэн эмэгтэйчүүдийг харуул­на. Жирэмсэн эмэгтэй­чүүдийн даралт ихэсч хаваг­наад хүнд­рэлүүд их гардаг. Архаг хууч өвчингүй жирэмсэн эмэгтэйчүүдэд хүртэл иймэр­хүү хүндрэл гардгийг хараад тэр үед “Яахаараа эрүүл бай­сан ч ингээд хүндрээд байдаг юм бол. Эмэгтэйчүүдийг эрүүл байлгаж байж л эдгээр хүндрэлүүдийг багасгаж бо­лох юм байна” гэж боддог байлаа.

Социализмын үед чинь дур зоргоороо “Би тийм, ийм ажил хийнэ” гэж шийдэж бо­лох­гүй. Очиж ажилла гэхээр нь II төрөхөд хуваарилагдсан нь тэр. Би тэнд их л баяртай очиж билээ. Очсон өдрөөсөө л жижүүрээ хийгээд, эх ба­риад ажлаа хийж эхэлсэн дээ.

Та Москвад эмэгтэй­чүү­дийн эмчээр ажиллаж байсан билүү?

-Манайх
гэр бүлээрээ Моск­­­ва руу явсан юм. Тэнд зургаан жил амьдарсан. Моск­­­вад очингуутаа Эрүүл мэндийн яаманд нь “Би нөх­рөө дагаад удаан хугацаа­гаар амьдрахаар ирлээ. Мэр­гэжлээрээ ажиллах хүсэлтэй байна” гэж хүсэлт гаргасан чинь сарын дараа намайг тус хотын Эмэгтэйчүүдийн 51 дүгээр эмнэлэгт ажилд оруул­сан.

Монголд ажиллаж бай­гаад Орост очиж ажиллахад манайд тийм ч юм нь дутуу юм байна, ийм юм нь ч болдоггүй байж гэдгийг сайн ойлгосон. Тэгээд эх орондоо буцаж ирээд Анагаах ухааны дээд сургуулийн Эх барихын тэн­химд багшилсан даа. 1991-1997 он хүртэл дандаа мэр­гэ­жил дээшлүүлэх эмч нарт багшилсан. Би хойноос ирээд Эх нялхсын төвийн Эмэгтэй­чүү­дийн дотоод шүүрлийн тасгийг анх байгуулалцаад тэндээ зөвлөх эмчээр ажил­ласан юм. Тэгэхээр багшаар ажиллахын зэрэгцээ эмчийн ажлаа орхиогүй гэсэн үг л дээ. Эмчийн ажлаасаа би ерөө­сөө салаагүй байгаа юм.

Орос бүсгүйчүүд өв­лийн дүн хүйтнээр нимгэн трикотой л гүйж яваа харагд­даг. Харин манайхан охид, бүсгүйчүүддээ доо­роо­соо даарч болохгүй гэж захидаг шүү дээ?

-Орос,
монгол эмэгтэйчүү­дийн өвчлөл төстэй. Гэхдээ үрэвсэлт өвчний тархалт орос эмэгтэй­чүүдийн дунд бага байдаг юм. Харин ма­найд эмэгтэйчүүдэд үрэвсэлт өвчний тархалт арай их.

Цаг ууртай холбоотой юу?

-Манай
эмэгтэйчүүдийн бөөрний үрэвсэл их шүү дээ, одоо ч гэсэн. Тэр нь цаг уурын байдалтай холбоотой. Бөөр­ний үрэвсэл, эмэгтэйчүүдийн үрэвсэл ойролцоо л яваад байдаг юм. Эрс тэс цаг уурын нөхцөл үүнд нөлөөтэй.

Эмэгтэйчүүдийг ерөнхийд нь авч үзвэл эрүүл байх дүр зураг нь манайд муу л даа. Одоо энэ тал руу нэлээд ажиллаж байгаа.

Намайг залуухан эмч бай­хад эмэгтэйчүүдээ сайн, хэ­вийн төрүүлэх, жирэмсний хянал­тад л бүх анхаарлаа хан­дуулдаг байсан. Эмэгтэй­чүүд судлал манайд нэлээд хоц­рогдолтой байсан шүү. Үрэвслийн талын өвчнүүдийг судалж, энэ талаар хийж бай­сан ажлууд байдаг л юм. Үрэвслийн эмчилгээг л их хий­дэг байж. Харин дотоод шүүр­лийн судлалын салбар манайд байгаагүй. Угаасаа энэ салбар маш залуу салбар шинжлэх ухаан юм байхгүй юу.

ЭмэгтэйчүүдХүүхэд хүсээд байхаар хүүхэдтэй болохгүй байна. Тоохгүй орхичихоор жирэмсэлдэггэж ярьцгаадаг. Энэ ямар учиртай юм бэ?

-Сэтгэлзүйтэй холбоотой. Үргэлж л нэг юманд санаа зовж, тэр зүйл рүүгээ хэтэр­хий хазайгаад байхаар стресс үүсгэдэг. Толгойдоо нэг л юмыг ажиллуулаад бай­хаар нөгөө нарийн удирдлага нь хоцорч үлдээд байдаг. Маш нарийн зохицуулгаар сарын тэмдгийн үйл ажилла­гаа явагддаг юм шүү дээ. Энэ зохицуулга аль нэг түвшиндээ жаахан л алдагдахаар тэр үйл ажиллагаа хямардаг.

-II амаржих газарт очоод анхны хүүхдээ эх барьж авсан тэр мөч таны хувьд мартахын аргагүй дурсамж байдаг байх аа?

-Хүүхэд
ингэж төрдөг юм, анхны хүүхдээ ингэж эх барьж аваарай гэдгийг анх оюутан болж эхэлсэн цагаас минь л толгойд хийж өгдөг. Гардаад хийхгүй ч нүдээрээ харсаар байгаад дасчихдаг юм.

Би анхны хүүхдээ гардаж аваад нэг их сандраагүй. Мэс ажилбар хийх, эхэсийг гараар авах үед сандарна аа, сандарна.

Нэг удаа эх цус алдаад, эхэс нь салдаггүй. Эхэсийг гараараа авахдаа сандраад болдоггүй. Тэгэхээр нь жижүү­рийн ахлах Эрдэнэжав эмчээ дуудсан чинь байдаггүй, гараад явчихаж. Ахлахаа байхгүй байна гээд өнөө хү­нээ орхиод гараад явж болох­гүй. Тэгээд л нэг юм бүхнийг ном ёсоор нь хийгээд дуусга­чихаад байж байтал Эрдэнэ­жав гуай орж ирээд “Чи намайг байсан байгаагүй чадах л байсан юм байна ш дээ” гээд инээж билээ.

Олон жил үр хүүхдийн хүслэн болсон гэр бүлүү­дэд хүүхэдтэй болоход нь тусална гэдэг их буян юм?

-Үргүйдэлтэй гэх эмэгтэй­чүүд миний үзлэгийн дийлэн­хийг эзэлдэг. Хүүхэдтэй бо­лохгүй байна, эхний хүүхдээ төрүүлээд арав гаруй жил боллоо, дахиад жирэмслэх­гүй байна гэх бүсгүйчүүд их байдаг.

Бидэнд хандсан бүсгүй­чүүдийн 63-64 хувь нь жирэм­сэлж байгаа. Түүнээс цааш хувьд нь нарийн технологи шаарддаг.

Одоо үед эмэгтэйчүүд эрүүл мэнд, нөхөн үржи­хүйн талдаа ихэд анхаар­даг болсон шиг санагддаг?

-1970-аад оны үед чинь умайн хүзүүний улайлт, хав­дар болчих эрсдэлтэй хэсгийг л барьж авч эмчилнэ. Түүнээс цаашхийг нь эмчилж чаддаг­гүй л байсан. Одооных шиг эмэгтэйчүүдийн эмнэлэг гэж байсангүй. Өдөржингөө жирэм­сэн эмэгтэйчүүдээ үзээд, хяналтыг нь хийгээд үдээс хойш эмэгтэйчүү­дийн үзлэг хийнэ. Шинжилгээ муу­тай л байлаа. Тэр үед хэцүү л байдаг байсан.

Эх баригч эмч нар жи­рэм­сэн эх, нярайтай хатуу ширүүн харьцахаас эхлүү­лээд элдэв янзын л юм дуулдах болж. Та ахмад, гавьяат эмчийн хувьд энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Эмч
хүн юмны ирмэг дээр л явдаг. Жаахан анхаарал сэрэмж алдахад, нэг асуум­жийг асуулгүй өнгөрөхөд л асуудал үүсдэг. Сүүлийн үед яригдаад байгаа эмч, эм­нэл­гийн ажилтны ёс зүй бол бидэнтэй холбоотой. Хүүх­дийг халуун усанд түлэх, гэм­тэл учруулна гэдэг чинь яах аргагүй хариуцлага суларсан хэрэг. Тэрийг эмч хүн, эмнэл­гийн ажилтнууд ерөөсөө л ингэдэг юм даа гэж ойлгож хүлээн авч  болохгүй.

Эмэгтэйчүүд өндгөв­чөө эрүүл байлгаж, хям­раах­гүйн тулд юунд хам­гийн түрүүнд анхаарах ёстой вэ?

-Сарын
тэмдэг гэж эмэгтэй хүмүүст өвөрмөц нэг юм бий. Сарын тэмдгийн үйл ажилла­гаа хэвийн явагдаж байгаа эсэхийг эмэгтэйчүүд өөрсдөө мэддэг. Сарын тэмдэг тань тогтвортой байвал өндгөвч эхний ээлжинд харьцангуй гайгүй, ажиллаж байна гэж бодож болно.

Эмэгтэйчүүдийн үзлэгт жилдээ хоёр удаа ор гэдэг. Би хүүхнүүддээ “Эрүүл ч бай жилдээ ядаж нэг удаа үзлэгт орж бай” гэж зөвлөдөг. Одоо юм болгон хөгжчихсөн. Нэг удаа ороход бүхий л шин­жилгээ авдаг болчихсон.

Өөрт эргэлзээтэй байвал эмчид ханд. Өөртөө анхаа­рал­тай бай гэж захидаг.

Таныг эх барих эмэг­тэйчүү­дийн эмч нарын хам­гийн том багш нь гэцгээдэг?

-Миний
багш нар гээд том мундаг улсууд байж л байна. Цэвэлмаа, Дамбадаржаа гээд л их эрдэм чадалтай хүмүүс.

Би өдий олон жил ажил­ла­сан ч надад мэдэх, сурах зүйл их байсаар л байдаг. Эмч хүн өдөр болгон хүнээс юм дуулж, ном үзэж өөрийгөө бэлтгэж байхгүй бол энэ шинж­лэх ухаан чинь улам өсч хөгжөөд байна. Өдрөөр, цагаар хөгжиж байна.

Багш гээд хүнд л юм хэлж өгөхөөс биш би боловсор­чих­лоо гэж ерөөсөө бодож болох­гүй. Би өдий настай болсон ч надад эргээд харах юм зөндөө л байдаг.

-“Д.Сүхээ эмчид эмч хүнд байх эелдэг сайхан харьцаа цөм бийгэж ярьж байсан эмэгтэй­чүүдтэй олон таарч байлаа?

-Баярлалаа.

Танаар олон жил үйлч­лүүлж байгаа эмэгтэйчүүд байдаг байх. Тэд охид, ач зээ охидоо танд авчирч үзүүлдэг болов уу?

-Тэгэлгүй
яахав. Би энд ийм хувийн эмнэлэгтэй, ингэж үзлэг хийдэг гэж ганц ч удаа сурталчилгаа хийж үзээгүй л дээ. Манай эмнэлэг хүний хөлөөр тасрахгүй, үргэлж л ийм олон үйлчлүүлэгчтэй байдаг юм.

Үзүүлж байгаа эмэгтэйчүү­дийн 30 гаруй хувь нь хөдөөнөөс ирдэг юм аа.

Хайж сураглаад ирдэг байх нь?

-Ховд,
Завхан, Увсаас хүртэл ирдэг. Одоо чинь ха­рил­цаа холбоо сайхан хөгж­чих­лөө. Хөдөөнийхөнд ийм эмч байдгийг хэн хэлдэг юм бэ гэхээр надаар эмчлүүл­сэн хүмүүс ойр зуурынхандаа дуулгана. Бас миний зарим шавь намайг зорио­рой гэж хэлдэг байх. Үүнээс гадна “Манай ээж танд үзүүлдэг байсан” гээд ороод ирдэг л юм. Гэхдээ би чинь хүн болго­ноос яагаад нааш хүрээд ирэв гэж асуухгүй шүү дээ.

Над руу ирэхгүй газар, айм­гийнхан гэж байхгүй. Хэн­тийнхэн чинь утсаар яриад “Та өнөөдөр эмнэлэг дээр байх уу. Хэдэн цаг хүртэл байх вэ. Би одоо гарлаа” гээд л хэдхэн цагийн дараа хүрээд ирэх жишээтэй.

Охид, бүсгүйчүүдийн хувьд эмэгтэйчүүдийн эмч нь дотнын хүн нь байдаг. Яагаад гэвэл баргийн хүн­тэй хуваалцахгүй нууцаа эмчдээ хэлж, зөвөлгөө авдаг шүү дээ?

-Тэр
бол мэдээжийн хэрэг. Ерөөсөө эмч хүн гэдэг бол өөрийг нь зорьж ирсэн хүний­хээ нууцыг бусдад хэлдэггүй онцлогтой. Анагаахын сур­гуульд орсон цагаас л бидэнд ийм ёс зүй тогтчихдог юм. Өөрийнхөө нууцыг хэлчихээд эмчдээ “Өөр хүнд битгий хэлээрэй” гэж хэлснийг бидэнд задлах эрх байхгүй.

Таны үр хүүхэд ач зээ нараас мэргэжлийг тань өвлөсөн үү?

-Ач
зээ нар олон бий. Яг мэргэжлийн хувьд эмч болсон хүн байдаггүй ээ. АНУ-д сурч байгаа нэг ач маань хүний генетикийн чиглэлээр цааш сурах бодолтой гэж ярьдаг юм. Түүнийг эс тооцвол эмч болсон хүн байхгүй байна.

-44 жилийн турш эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр ажил­ласан гэхээр урт хугацаа шүү. Шантрах, бэрхшээх зүйл тохиолддог л байх даа?

-Эмчийн
ажил хүнд. Тэр дундаа эмэгтэйчүүдийн эм­чээр ажиллахад хүнд үе маш их байдаг. Эмчилчихээд л яваад өгдөггүй юм. Өнөө шөнө яаж хонох бол, дараа нь яах бол гээд л сэтгэл зовних хүнд үе гардаг. Хүндрэлтэй тийм нөхцөл, үеүд тохиолдож байсан ч ганц ч удаа “Яах гэж эмч болов доо. Больдог ч юм уу” гэсэн бодол төрөөгүй шүү. Эмэгтэйчүүдийн эмч байх хүнд хэцүү ч сайхан мэргэжил гэж боддог юм.

Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ямар ч наадам, тоглолтод эхлээд 00-н хүртээмжийг анхаардаг болцгооё

Зуны дэлгэр цагтай давхцаад энд тэнд урлагийн тоглолтууд, хөгжмийн наадмууд ар араасаа цуврах шиг болж байна. Угаасаа зуны дэлгэр цагт л монголчууд том жижиггүй шавайгаа ханатал амарч зугаалдаг даа. Өөр ч арга байхгүй дээ. Бусад үед нь цаг агаар нь ямар билээ. Тэгээд ч зун олж авсан энэ эрчим хүчээрээ хахир хатуу цагийг туулдаг хойно. Хамтлагуудын тоглолт, хөгжмийн наадмууд гоё болдог болжээ. Үзэгч сонсогчийн хувиар оролцдог залуус ч нэг үеэ бодвол харьцангуй соёлтой күүл болсон байна. Гэхдээ бас нэг асуудал байгаа нь тийм арга хэмжээнүүд дээр хутга, бахь, алх зэргийг авч очоод байдаг нь яг ямар учир вэ. Одоо бүүр тэр нь томроод сүх хүртэл нэгжлэгээр гарч ирж. Эрхбиш ороход нь хамгаалалтынхан нэгжиж байгаа болохоор илрээд байгаа бололтой. Хэрэв энэ бүхнийг аваад орлоо гэж бодоход яг яах зорилготой байна вэ. Ямар нэгэн муу зүйл тохиолдоод бусадтай сайдаж муудвал шууд хүйтэн зэвсгээр нэгэн рүүгээ дайрахад бэлэн байна гэсэн үг үү. Тиймээс хойшдоо биеэс нь ямар нэгэн байдлаар зэвсгийн чанартай зүйл гарсан бол тодорхой хугацаанд саатуулдаг, тухайн арга хэмжээ рүү нэвтрэх эрхийг нь шууд хасдаг болох хэрэгтэй болжээ. Хутга сүх агсаад очиж байгаа хүн ямар ч авир гаргаж, бусдад ямар ч хохирол учруулж болно. Нийтийн эрх ашгийг хүндлээгүй хүнд авах арга хэмжээг нь авдаг байх хэрэгтэй болжээ.

Бас нэг асуудал. Тэр бол мэдээж бие засах газрын асуудал байна аа. “Play time” хөгжмийн наадмын 00-н бичлэг сая хэдэн өдөр соошлоор явлаа. Арай л заваан. Заваан гэхэд ч багадна. 00-р үйлчлүүлж байгаа хүмүүст асуудал байгаа хэдий ч зохион байгуулагчид энэ тал дээр сэтгэл гаргахгүй байна аа. Хүний анхдагч хэрэгцээг үл ойшоож байх шиг. Ариун цэврийн газар нь тэр олон хүнд хэтэрхий цөөдсөн, хэт урт дарааллаас залхсан хүмүүс гадуур дотуур “асуудлаа” шийдэх гээд олон сөрөг зүйл бий болжээ. Тиймээс энэ мэт томоохон арга хэмжээг зохион байгуулахдаа хамгийн түрүүнд 00-н хүртээмжийг анхаардаг болцгооё оо. Бид дундад зуунд биш хөгжил дэвшлийн оргил цаг үед амьдарч байгаа шүү дээ.

Я.Баярбаатар

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

З.Ядмаа: Хүний амьдрал гэдэг нүүдлийн шувуу шиг юм

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…….

-ЗОХИОЛЧДЫНХОО ГЭГЭЭН ЦАГААН НАРГИАН ДУНД ЯВЖ ИРЛЭЭ ДЭЭ-

Монголын зохиолчдын эвлэ­лийн шагналт шог зохиолч, яруу найрагч Заяатын Ядмаатай ярилц­­лаа. Тэр бүр олны өмнө ил гарч бүтээл туурвил хийгээд өөрийнхөө тухай яриад байдаг­гүй эл эрхэм Зохиолчдын бай­гуул­лагын гал тогоог дөч ша­хам жил түшихдээ Явуу, Эр­дэнэ, Гайтав, Чимидээс аваад үе үеийн бурхадтай ах дүү, багш шавийн ба­рилдлагатай явсан билээ. Тэ­рээрЗохиолчдын гэ­гээн шог“, “Зохиолчид инээлдсэн он жилүүдзэ­рэг шог хошин зохиол мөнЯн­ги­рын цэнхэр уулс“, “Их үдийн говь“, “Сэт­гэлийн гэрэлт бүс­гүйзэрэг яруу найргийн номууд­тай.


Таныг чинь Зохиолчдын хо­роонд далаад оны эхээс аваад л зүүлттэй байсныг хүмүүс хэл­дэг. Тэгэхээр хэдэн онд анх босгыг нь алхаж байв. Тэрхүү дурсам­жаа­саа хуваалцвал со­нин байх болов уу?

-Далан дөрвөн оны долдугаар сарын найманд юм аа. Би гэдэг хүн Сономын Удвал  даргын тушаа­лаар Зохиолчдын хороонд ирж байлаа шүү дээ, базарваань. Хү­мүүс намайг сүрхий том зохиолч л уригдаж ирсэн мэтээр ойлгож бай­гаа байх. Гэвч би чинь нягтлан бодогч хүн. Хорин­хоё­ругаар авто­баа­зын ахлах нягтлан сөөсгөр залууг Зохиолчдын хороо нягт­лан­гаараа авч байсан түүхтэй.

Ядмаа зохиолчийг бүхий л насаараа зохиолчдын хорооны дансыг барьсныг уншигч олон гадарланаХарин та бол данс барих нэрээр зохиолчдоо шог­лож суусан хүн дээ?  

-Би чинь Санхүүгийн техни­ку­мыг хорин настай залуу төгсөөд Өмнө­говь аймгийн захиргаанд ху­ваа­ри­лаг­д­аж байлаа. Тухайн үедээ бас л утга зохиолд зүрх сэтгэлээ өгч явсны илрэл биз дээ, өмнийн говийн Утга зохиолын нэгдлийн эрхлэгчээр ажиллаж байлаа. Тэгтэл жараад оны дун­дуур Зохиолчдын хороо­ноос зо­хион байгуулсан утга зохио­лын өдрүүд Өмнөговь аймагт зохиог­дохоор болдог юм аа. Хотоос С.Уд­вал дарга, Б.Явуухулан, С.Эр­дэнэ, Д.Пүрэвдорж, Б.Бааст, С.Даш­­дэндэв гээд олон зохиолчид очлоо. Би бол яахав, эхлэн бичигч л байсан. Гэхдээ л Пүдо (Дэн­дэ­вийн Пүрэв­дорж агсныг хэлж бай­на) багшийнхаа хараанд өрт­сөн шиг байгаа юм.  Сүүлд мэдэх нь ээ,  22 дугаар автобааз руу Пүдо багш Удвал даргын гарын үсэгтэй албан тоот хэд хэдэн удаа явуулж байж намайг зохиолч бурхдын  бөө­рөнд авчир­сан түүхтэй. Тухайн автобаазын дарга нь Баясах гэж хүн байлаа. Ц.Лоохууз нарын хэ­рэгт холбогдож байсан хүн л дээ.

Ахлах нягтлангаа тийм ч амар тавьчихаагүй байна даа?

-Үгүй яахав дээ. Намайг Өм­нө­говиос ирээд байхад тэр хүн бааз­даа авсан. Тиймээс явуулах дургүй байж л дээ. Удвал гуайн нэрээр Пүрэвдорж гуай мундагдаж байж л авсан байгаа юм. Зохиолчдын хо­роонд ирэхэд Хайдав­дан­зан­гийн Цэвээн гэж сайхан буриад хөгшин санхүүг нь хариуцаж бай­сан. Тухайн цагт Зохиолчдын хо­роо гэдэг чинь шат дүүрэн цэцэг­тэй, шал дүүрэн хивстэй, өрөө бүрээр нь зохиолчид дүүрсэн ор­дон байлаа шүү дээ. Урьд өмнө нь би тийм газар орж үзсэн биш. Наран тал руугаа харсан цацлын халбага шиг гурван давхар байшин байсан даа. Удвал гуай дарга, Түдэв гуай орлогч, Тарваа гуай “Цог” сэтгүүлийг, Эрдэнэ гуай “Утга зохиол” сонинг, Явуу яруу найр­гийн зөвлөлийг, Пүрэвдорж утга зо­хио­лын фонд, Ц.Мөнх гуай шүүмж судлал, Л.Чойжилсүрэн гуай үргэл­жил­сэн үг, Бааст гуай залуу зохиолч­дыг хариуцаж бай­хад нь би нягтлан­гаар орсон юм. Тэр том том зо­хиол­чид­той нэг дор ажиллана гэдэг бурхнаас өгсөн шагнал юм даа. Анх ороход би хамгийн залуу нь байлаа. Хог цэвэрлэж, туг хатгахаас аваад бүх зүйлд тохоон томилогдоно.  Харин наяад оны дундуур О.Даш­бал­бар, Х.Мэргэн, Н.Энхбаяр, Л.На­ран­гэ­рэл, Р.Нарантуяа, Ц.Энхбат нар ирж хойноос (Горькийн сур­гууль) ирээд би гэдэг хүн өдөр тутмын ажлаас чөлөөлөгдсөн түүхтэй.

Зохиолчдыг шоглодгоо та нэг л ярихгүй байна даа. Илт тойроод байх чинь?

-Би ганцаараа тэр бурхдыг чинь шоглоод байсан юм биш. Зарим нь нэгнээ хэргээр явуул­чи­хаад яалт ч үгүй баригдахдаа “Ядмаа л тэгж байна лээ” гээд намайгаа бариад өгчихдөг шиг байгаа юм.

-“Буурал анчны домоггэж хүн бүгдийг элэглэсэн нэг най­раг­лал бий дээ?

-Түүнийг чинь Пүрэвдорж багш, Дооров хоёр гаргасан юм. Жаран есөн онд шүү дээ. Тэр жил Зохиолч­дын хорооны 40 жилийн ой бол­сон. Өмнөговь аймгийн Утга зохио­лын нэгдлийн эрхлэгчийн хувьд би гэдэг хүн уригдлаа. Дуу­рийн театрт бая­рын хурал болсон санагдана.  Рин­чен гуай, Дамдинсүрэн гуай­гаас аваад бүх л аваргууд байсан үе. Архангайн О.Цэнд бид хоёр “Улаан­баатар” зочид буудалд нэг өрөөнд хамт байлаа. Тухайн үеэр л “Буурал анчны домог”  гарсан даа.

Бямбын Ринчен шиг буурал анчин

Жүгдэрийн Дамдин шиг их буугаа үүрээд

Бабын Ахтаан шиг бүргэд мөрөндөө суулгаж

Бөхийн Бааст шиг хав нохойгоо дагуулаад…” гээд эхэлдэг шүү дээ.

Ахмадуудын тухай дурсаач. Явуу, Эрдэнэ, Гайтавөөр хэн ч байж болно?

-Дурсвал бүгдийг нь л дурсмаар байна. Тэр аваргуудыг чинь мөн­хийн юм шиг л бодож явж дээ. Хүний амьдрал гэдэг нүүдлийн шувуу шиг юм даа. Бид чинь хавар, зуны хэдэн сар ирээд буцаж буй шувууд юм уу даа. Далан дөрвөн онд Удвал гуай эмэгтэйчүүдийн байгууллагын  ажил руу яваад өглөө. Түүний оронд Л.Түдэв гуай дарга боллоо. Нэг өдөр Түдэв даргын үүдэнд Явуу сууж байх юм. “Та энд юу хийж байгаа юм” гэхэд, дарга намайг дуудаад гэж байна. Уучихсан байгаа нь царайнаас нь илт ээ, улаа бутраад л. Гэвч сонин зажилчихсан сууна. Даргадаа үнэр­­түү­лэхгүй гэж тэр шүү дээ. Да­лаад он чинь Явуугийн жинхэнэ мандаж байсан үе биз  дээ. Энгэр­тээ төрийн шагналын тэмдэг гялал­зуу­л­чихсан дорнын их найрагч тийм л жудагтай байсан.  Дарга нараа тэгж л хүндэтгэж байсан. Одоо бол манай зохиолчид ямар болсныг мэдэхгүй юм аа.

Танаас Пүрэвдорж, Дооро­вын тухай асуулгүй өнгөрч бо­лом­гүй л байх юм?

-Дооровыг өнгөрсний дараа Х.Зандраабайдытай хамтарч “Дэл­гэр­хангай уулан дээрээс дэлхий харсан Дооров” гэсэн ном гаргаж байлаа. Миний санаачилсан ном л доо. Хоёр гурван жил хөөцөлдөж байж гаргасан юм даг. Дараа нь Пүрэвдорж гуайн тухай дур­сам­жийн ном хийсэн. “Тэнгэрлэг най­рагч” гэсэн ном. Түүнээ гар­га­чи­хаад Төр­бат, Зандраабайды бид гурав аваа­чиж өгч байв. “Та нар хэдийдээ ийм ном гаргачихав” гэж өвгөн багш минь ихэд баярлаж байсан. Ингэж л би багшийнхаа амьдад номон сувар­га босгосон хүн юм. Үхсэн хойно нь магтаад хэрэггүй, амьд дээр нь баярлуулах шиг сайхан юм үгүй гэдгийг тэгэхэд бие сэтгэлээрээ ойлгож байлаа. Дооров өрөөндөө духайчихаад л пал пал хийтэл  инээ­гээд, ганган трубээрээ тамхиа нэ­рээд, хөдөө гадааны голдуу хүмүүс тойруулаад ихэд баясалтай хөхин сууж байдаг сан. Мань хүн бусдыг явуулах, хошин яриа хөөрөө гаргах­даа цаанаа л нигууртай. Ямар сайндаа Горький төгсөж ирсэн зо­хиолч­доос өөрийнхөө зохиосон изм-ын тухай асуугаад бантанг нь хутгаж байхав дээ. “Цаана чинь “сунтагизм” гэж нэг сүрхий нэр томъёо, утга зохио­лын изм гарчээ” гээд өнөө хэдийгээ байдалд оруул­чих­на. Нэг удаа  Д.Пүрэвдорж гуай­гаас асуудгийн даваан дээр Эрдэнэ гуай “Чи бит­гий нохойтоод бай л даа” гээд болиулсан гэдэг. Сүүлд багш энэ тухай “Дооров хэрвээ надаас тэгж асуусан бол би баараггүй худлаа ярина. Үзсэн юм шиг л гөрөх бай­сан” гээд инээд алдаж байсныг санаж байна.

Зохиолчдынхоо хөгжөөнтэй явдлуудаас ярихгүй юу. Уншигч олон танаас тийм л зүйл хүсэх нь мэдээж?

-Жамсрангийн Лодой гэж үг газар гээдэггүй, егзгөр буриад хөгшин байлаа. Лодой зохиолч нэг удаа бууз хийхээр үхрийн толгой шулсан байгаа юм. Тэр нь өдөр­жин­гийн юм болж л дээ. Оройхон хэрд гэргий нь уурлаад “Лодой минь дээ чи арай л удаж байгаа юм биш үү” гэхэд, идэж байгаа юм биш боло­хоор болохгүй байна ш дээ гэж учирласан удаатай. Бас мань хүн нэг удаа Их дэлгүүрт оочерлож байж. Тэгтэл халаасанд нь гар ороод ирж. Чанга гэгч нь атгаж аваад Лодой гуай “За хүү минь чи байтугай өвгөн би өөрөө мөнгөө олохгүй байна аа. Энэ золигийн халаас нь цоорчихож ээ” гэж үнэ­нээ хэлсэн гэдэг. Одоо Пүрэвдорж багштай холбоотой түүх ярья.  Мань хүн Сэлэнгэ аймагт очиход Хас­ба­зар гэж дарга угтаж авсан байна. Тэр чинь жараад оны сүүл үе. Пүдо багш өнөө даргад “Танай нутгийн тухай нэг аятайхан шүлэг байна. Та сонс­сон уу” гээд ингэж уншсан байгаа юм.

Мохоорын үнэр ханхалсан

Модон байшинд төрсөн би

Моодон сүүлтэй гахайгаа

Морио гэж хайрладаг

Модон торхтой бараашигаа

Эхийнхээ сүү шиг санадаг

Монхор хамартай аавыгаа

Папа гэж дууддаг гэжээ. Сэ­лэн­гийнхнийг олон зүйлээр дайруулж хэлсэн хэрэг шүү. Өнөө дарга “Би огт сонсоогүй юм байна” гэснээ гэнэт  түсхийтэл инээсэн гэдэг шүү. Харин Пүрэвдорж багшийг Горькийн сур­гуульд явахад  Лам­за­вын Ванган гуай “За би чамд сайн сураарай, олон сайхан шүлэг найраглал би­чээ­рэй, утга зохио­лын олон нөхөдтэй болоорой гэж хэлэхгүй. Харин чи Москвад зам хөндлөн гарахдаа хоёр талдаа таван бүдүүн орос авгайтай л гардаг юм шүү” гэж аминчлан захисан байдаг. Пунцагийн Бадар­чаас “Болор цом” наадамд хэн хэн шүлгээ уншив гэж нэг нь асууж л дээ. Тэгэхэд нь буурал найрагч

Өвгөн Дооров халирч уншив

Өндөр Цоодол хөлөрч уншив

Бавуугийн Лхагвасүрэн шатаж уншив

Барнангийн Доржпалам шартаж  уншив

Шаравын Сүрэнжав хөл хальтарч уншив

Шагдарын Уянга хэл хальтирч уншив

Дарьгангын Дашбалбар давшилж уншив

Дэрэнгийн Чимэддорж дэвсэлж уншив

Баргын Дулмаа шил гялалзуулж уншив

Бямбажавын Энхтуяа гуя гялалзуулж уншивхэмээн
тэр дор нь хариулжээ. Энэ мэт зохиолчдын шогийг яривал барахгүй ээ.

П.Пүрэвсүрэн зохиолч угаал­гын машинд бараашиг эс­гэ­сэн гэх яриаг бас л та гаргасан санагда­на?

-Би гаргах юу байхав, болсон явдал юм чинь. Төрийн шагналт зохиолч П.Пүрэвсүрэн, “Тоншуул”-ын зураач Арнайн Гүрсэд хоёр нэг “юм” зохицуулъя гэтэл мөнгө нь дутжээ. Тэр даруй хоёул нэг арга бодож олсон байгаа юм. Байгаа мөнгөөрөө түргэн исгэгч, элсэн саахар аваад Пүрэвсүрэнгийнд очжээ. Тэдний шинэхэн аваад бай­сан угаалгын машинд буцал­сан ус хийгээд саахар, исгэгчээ хий­чи­хэж. Тэгээд цаг орчим нижиг­нүүлж байгаад гайгүйхэн шиг шуу­гиулж аваад өнөөхөө ууж суусан түүхтэй. Ийм л золигийн хүмүүс дээ, ма­най­хан чинь.

Та бол Дундговийн Дэл­гэр­хан­гай сумынх. Олон зохиолч төрсөн нутаг даа?

-Өө тэгэлгүй яахав. Мань мэт шиг амьтад нь багтахгүй л дээ. С.Буян­нэмэх, С.Дашдооров, за тэгээд Дарамын Батбаяр гээд явна. “Ардын элч”-ийн Ариунаа буюу гавьяат Цэвэлсүрэн, “Морьтой ч болоосой”-гийн Гончиг буюу гавьяат Батсүх, мөн алиалагч Батсүх, морины Нан­сал­маа гээд манайхаас чинь хичнээн ч гавьяат төрсөн юм бэ дээ. Сүүлд нь миний бие зохиолч нөхдөө дурсах гэсэн юм. Дэмбээгийн Мягмар гэж агуу хүн байлаа. Түүний “Найрын ши­рээ­ний ууц” гэдэг ганцхан жүжгээр л Улсын драмын театр жилдээ сая төгрөг олсон гэдэг. Мөнгө хатуу цагийн сая төгрөг гээд бодохгүй юу. Тэгтэл өнөөдөр гэргий хүүхэд нь айлын царай харж, бараг гудманд шахуу амьдарч байна. Мөн Жиг­жидийн Бямбааг дурсмаар байх юм . “Үнэний хорвоо”, “Хорвоогийн өнгө” гэх номуудтай хүн. Яг энүү­хэн­дээ хэлэхэд өвгөн ахад нь уулзах зо­хиол­чид өдөр ирэх тусам л ховордоод байх юм аа. Зон-Пай-Жингийн Бат­тул­га гэж бас л сонин зохиолч байсныг манайхан мэднэ. “Хөх тэнгэр” романаас аваад ту­хайн үедээ шуугиантай дедектив зохио­лууд бичиж байсан хүн шүү дээ. Түүнийг далаад оны эхээр Түдэв дарга хороонд дуудаад но­мын санчаар ажиллуулж байсан. Бид хоёр нэг өрөөнд суудаг бай­лаа. Орос авгайтай байсан хүн. Дараа нь түүнээсээ салаад залуу­хан хүүхэн­тэй суугаад Дархан явсан. Тэгээд бараа тасарсан даа. Горький төгсч ирсэн хүн шүү дээ. НАХЯ-нд ажил­лаж байсан. Мөн Нанзадын Надмид гэж сайхан хөгшин байлаа. Түүнийг дурсах нь бүү хэл мэддэг хүн өнөө­дөр ховор болжээ. Тэрээр Зохиолч­дын хо­роонд жижүүр хийж байхдаа “Хү­лээс алдарсан нь” зохио­лоо бичсэн юм шүү дээ. Бид бурхны оронд хэдийнэ одсон бурхдыгаа хаа нэг дурсаж, зохиол бүтээлийг энд тэнд ярьж, гэргий хүүхдүүдтэй нь уулзаж ойр дотно байх хэрэгтэй. Ах нь ингэж л боддог оо.

Ярилцсан Н.ГАНТУЛГА